Categories
мэдээ нийгэм

Допинг хэрэглэсэн бөхчүүдийн нэрийг зарлах боломжгүй

Сүүлийн өдрүүдэд нэр бүхий бөхчүүд допинг хэрэглэсэн гэх мэдээлэл цацагдах болсонтой холбоотойгоор Үндэсний бөхийн салбар хорооноос албан ёсны мэдээлэл хийж байна.

Үндэсний бөхийн салбар хорооны дарга Г.Билгүүн: “Энэ жилийн баяр наадмаар тав буюу түүнээс дээш давсан 16 бөхөөс допингийн шинжилгээ авсан. Допингийн үндэсний төвөөс шинжилгээг Солонгос улс руу явуулдаг. Шинжилгээний хариуг Үндэсний бөхийн салбар хороонд наймдугаар сарын 7-нд ирүүлсэн. 16 бөх хамрагдсанаас хоёр бөхөд допингийн төрлийн бодис илэрсэн. Нэгээс нь дөрвөн төрөл, нөгөөгөөс нь нэг төрлийн бодис илэрсэн. Зүгээр гарсан бөхчүүдэд утсаар мэдэгдсэн.

Харин допинг илэрсэн хоёр бөхөд утсаар мэдэгдэх гэсэн боловч утас нь холбогдоогүй учир мэссэж бичсэн. Хоёр бөхийн нэг нь наймдугаар сарын 9-нд, нөгөө нь 10-нд ирж шинжилгээний хариутай танилцсан. Хуулийн дагуу шинжилгээний хариутай танилцсанаас хойш 10 хоногийн дотор Б сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлтээ гаргадаг. Одоогоор Б сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлтээ гаргаагүй байна.

Допинг хэрэглэсэн бөхчүүдийн нэрийг зарлах боломжгүй. Энэ бол хувь хүний нууц. Хуульд Б сорьцын шинжилгээ өгсөн бол хариуг нь иртэл допинг хэрэглэсэн гэх бөхчүүдийн нэрийг зарлах хориотой.

Тухайн бөхчүүд Б сорьцын шинжилгээ хийлгэх эсэх нь өөрсдийнх нь шийдэх асуудал гэлээ.

Допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бөхөд хоёр төрлийн хариуцлага тооцдог. Нэгдүгээрт, олгосон цол, бай шагналыг хураах. Хоёрдугаарт, хоёр хүртэл жилээр барилдах эрхийг хасдаг юм байна.

Тав болон түүнээс дээш давсан 16 бөхийн нэр

  1. Улсын аварга Ч.Санжаадамба
  2. Улсын аварга Н.Батсуурь
  3. Улсын аварга С.Мөнхбат
  4. Улсын арслан П.Бүрэнтөгс
  5. Улсын арслан Э.Оюунболд
  6. Улсын арслан Ц.Содномдорж
  7. Улсын гарьд Б.Гончигдамба
  8. Улсын харцага Б.Бат-Өлзий
  9. Аймгийн арслан А.Давааням
  10. Аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ
  11. Аймгийн арслан Н.Баярбаатар
  12. Улсын начин Э.Энхбат
  13. Аймгийн арслан Б.Цэдэнсодном
  14. Аймгийн арслан Б.Орхонбаяр
  15. Улсын начин Д.Цэрэнтогтох
  16. Улсын начин Д.Анар
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Х.Баттулга Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн амралтын өдрүүдээр Дорноговь аймагт ажиллаж, тус аймгийн Мандах сумын нутагт баригдаж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.

Энэ төмөр зам нь “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-д тусгагдсаны дагуу Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгойн нүүрсний ордоос Дорноговь аймгийн Зүүнбаян чиглэлд нийт 414.6 км тавигдах юм.

Бүтээн байгуулалт өрнүүлснээр Тавантолгойн коксжих нүүрсний нэг зах зээлээс хамаарсан байдал арилж, төмөр замын трасс дагуух ашиглаагүй байгаа 40 орчим орд газрыг ашиглан олон улсын үнэ тарифаар худалдан авагчдад нийлүүлэх боломжтой болж байгаа юм.

Төмөр замын дэд бүтэц хөгжсөнөөр бэлчээр сүйтгэлт, тоосжилт, хөрсний бохирдлын асуудал үлэмж хэмжээгээр багасаж, хүнс, мал аж ахуйн салбар, арьс ширний үйлдвэрлэл, тэдгээрийн логистикт чухал нөлөө үзүүлэх нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад холбогдох албан тушаалтнуудын танилцуулснаар төмөр замын ажил эхэлснээс хойш замын доод бүтцийн газар шорооны ажил болон бусад дагалдах ажлууд саадгүй үргэлжилж байна гэв.

Доод бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний жанжин штаб, Зэвсэгт хүчний 7781 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн цалинтайгаар, туслан гүйцэтгэгчээр 8 компани, геологи, геодезийн хяналтын чиг үүргийг дөрвөн компани, нийт 210 орчим техник, тоног төхөөрөмж ашиглан барилга угсралтын ажлыг үргэлжлүүлж байна.

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, энэ төмөр замаар зөвхөн Тавантолгойн нүүрсийг зөөнө гэж бодож болохгүй. Учир нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын трассын дагуух 30 км-ийн бүсэд зөвхөн Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын 37 орд газар байдаг. Үүнд нь, Тавантолгойн нүүрсний орд, Хармагтайн зэс алтны орд, Манлайн нүүрсний орд, Хараат уул, Төхөм, Дадын хар уул, Дулаан уул, зэрэг нүүрс, зэс, алт, гөлтгөний томоохон ордууд байршиж байгаа бөгөөд 6 орчим тэрбум тоннын нөөц бүхий баялаг байгаа гэв.

Төмөр зам баригдсанаар эдгээр ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой болох юм.

Төслийн нийт хугацаанд төмөр зам барьж байгуулахад 3700 орчим хүн ажилтай орлоготой болох бөгөөд, 1352 машин механизм ажиллана. Шууд бусаар буюу материал, техник хангамж, ус, хүнс хангамж зэргээр 10 мянга орчим хүн, тэдгээрийн гэр бүл төслийн барилга угсралтын бүтээн байгуулалтын үед орлоготой болох юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мөн Дорноговь аймагт ажиллах үеэрээ Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын нэг хэсэг нь өрнөж буй Зүүнбаян дахь 15 км төмөр зам болоод тус өртөөний өргөтгөлийн ажлын явцтай танилсан юм.

Зүүнхараа өртөөний 49.4 дэх километрт Тавантолгой чиглэлийн төмөр зам холбогдох тул хүчин чадлыг нэмэгдүүлэх үүднээс өртөөнд зайлшгүй өргөтгөл хийх шаардлагатай болсон юм. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаагийн танилцуулснаар Сайншанд-Зүүнбаян чиглэлийн 47км төмөр замын дагуу хийгдэх бөгөөд үе угсрах баазын засвар, шинэчлэлийг ирэх сарын 20-ноос эхлэхээр төлөвлөсөн байна.

Эдгээр ажил эхэлмэгц мөн 100 орчим ажлын байр шинээр нэмэгдэх юм байна.

Зүүнбаян өртөө орчимд мөн Зэвсэгт хүчний 7781 дүгээр ангийн алба хаагчид төмөр замын газар шорооны ажлыг гүйцэтгэж байна. Тус ангийн захирагч Бригадын генерал П.Доржсүрэнгийн танилцуулснаар өнгөрсөн сарын 25-ны өдрөөс тус ангийн алба хаагчид ул шорооны ажилдаа оржээ.

Зэвсэгт хүчнийхэн 59040 м3 газар шорооны ажил хийж, хуваарьт ажлаа 127 хувьтай биелүүлсэн нь энэхүү бүтээн байгуулалтад дотоодын цэргийн хүчээ ашигласан нь маш их үр дүнтэй байна хэмээн тус ангийнхан ярьсан юм.

Мөн Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Зэвсэгт хүчний давуу тал нь хариуцлагатай, энгийн ардуудаас илүү зохион байгуулалттай байдаг явдал. Зэвсэгт хүчнийхэн гарт баригдаж нүдэнд баригдахаар ажил хийсэн байна. Энэ гурав дахь өдрийн Засгийн газрын хуралдаанаар шаардлагатай зарим техникийн асуудлыг хэлэлцүүлнэ” гэсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцсаныхаа дараа бүтээн байгуулалтад оролцож буй хүн бүрт талархал илэрхийлж, төслийг цаг хугацаанд нь дуусгахад анхаарал хандуулахыг хичээнгүйлэн хүслээ.

Categories
мэдээ нийгэм

“Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургуулийн талаар санал солилцов

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно-2019” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийг ирэх 09 дүгээр сарын 09-21-ний өдрүүдэд Дорноговь аймагт зохион байгуулахаар бэлтгэлийг ханган ажиллаж байна. Бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд ОБЕГ, АНУ-ын Цэргийн атташе болон холбогдох албаны төлөөллүүдийн уулзаж, сургалт дадлагын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар санал солилцоо.

Энэ жил “Говийн чоно” олон улсын сургалт, дадлагыг Өмнөд бүсийн Онцгой байдлын газруудыг хамруулан танхимын сургалт болон болзошгүй гамшгийн хор уршгийг арилгах чиглэлээр бодит нөхцөл байдлыг дууриалган үзүүлэх дадлага сургууль гэсэн хоёр үе шаттайгаар зохион байгуулах юм.

Categories
мэдээ нийгэм

Шороон зам дээр бухимдаж яваад хатуу хучилттай зам руу гарангуут хурд хэтрүүлдэг нь осол гарах шалтгаан болж байна

Хөдөө орон нутгийн замууд дунд хамгийн их хөдөлгөөний ачаалалтай, осол их гарч байгаа нь Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам боллоо. Энэ чиглэлийн замд осол их гараад байгаа шалтгааныг тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн гэрээт цагдаагийн хэлтсийн ахлах зохицуулагч, хошууч Д.Бат-Эрдэнээс тодруулга авахад “Дархан-Улаанбаатарын зам засварыг таван компани гүйцэтгэж байгаа. Эдгээр компани түр буюу сайжруулсан шороон замыг байгуулсан. Хайрга асгасан боловч зарим хэсэгтээ намаг, шавар ихтэй газруудад машин суух, хөрвөөж унах тохиолдол бороо ихтэй үед олон гарсан. Ер нь ослын бүртгэл судалгааг харахад зам засварын ажил эхэлснээс хойш ихэвчлэн хоорондын зайг буруу барьснаас үүдэлтэй осол их байна. Тоосжилт ихтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал тул өмнөх машинаа харахгүй араас нь мөргөж байна. Түүнчлэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил их гарч байгаа. Аймаг, сумдын тэмдэглэлт ой их тохиож байна. Баяр наадамд оролцож, согтууруулах ундаа хэрэглээд хөдөө газар намайг хэн зогсоох юм хэмээн жолоо барьдаг. Үүнээс гадна хаагдаагүй хэсгүүд буюу хатуу хучилттай зам дээр хурд хэтрүүлж байна. Шороон зам дээр бухимдаж явж байгаад хатуу хучилттай зам руу гарангуут хурд хэтрүүлдэг. Ингэж давхиж байгаад өмнөх машинаа мөргөх, эсрэг урсгал руу орж аваар гаргах, гүйцэж түрүүлж байгаад гэнэт огцом дарж урдуур нь орж байна. Гэхдээ өмнөх жилүүдтэй харьцуулахад Дарханы замд хүн нас барсан осол буурсан. Энэ нь 24 цагийн турш хөдөлгөөнт эргүүл хийж байгаатай холбоотой. Жолооч нарын хамгийн их бухимдаж байгаа нэг зүйл нь борооны усанд түр тавьсан зам амархан эвдэрч, том нүхнүүд гардаг. Үүн дээр машиныхаа дугуйг хагалах, эвдэх тохиолдол маш их бүртгэгдэж байгаа. Өмнөх машины дугуйнаас чулуу үсэрч салхины шилээ их хагалж байна” гэсэн юм.

Тус замуудын засварын ажилтай холбоотойгоор тавьсан шороон замаас болж осол их гарч байгаа тул гүйцэтгэгч таван компанид мэдэгдэж, засахыг шаардаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Төслийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа дүгнэлээ

Онцгой байдлын ерөнхий газраас Азийн хөгжлийн банктай хамтран ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Зуд болон ой хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх төсөл” Дорнод аймгийн Матад, Хөлөнбуйр, Цагаан-овоо, Булган сумдад амжилттай хэрэгжиж, хаалтаа хийлээ.

Хаалтын ажиллагаанд Дорнод аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Нармандах, Төслийн зохицуулагч, доктор Д.Нямдорж, дэд зохицуулагч Р.Ганбат болон Матад, Хөлөнбуйр, Цагаан-овоо, Булган сумын зохицуулагч, сайн дурын бүлгэмийн гишүүд оролцож, төслийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа дүгнэн, санал сэтгэгдлээ хуваалцсан юм.

Төсөл хэрэгжсэн Матад, Хөлөнбуйр, Цагаан-овоо, Булган сумдад олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах зорилгоор “Багийн хөршийн бүлэг”-ийг байгуулан, гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөг сайжруулан шинэчилсэн байна.

Түүнчлэн төсөл хэрэгжсэн сумдад Онцгой байдлын газартай хамтран “Сайн дурын аврагч бэлтгэх, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх” сургалтыг зохион байгуулж, гамшигтай тэмцэх үйл ажилллагаанд иргэдийг сурган, гэрчилгээ олгож, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасан зэрэг олон талт ажлуудыг зохион байгуулсан юм.

Мөн энэ үеэр Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төв болон албанд ашиглагдаж байгаа багаж хэрэгсэлтэй танилцлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ долоо хоногт ихэнх нутгаар сэрүүн байна

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. 13-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, 15-нд нутгийн зарим газраар, 16-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүвтэр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим болон Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус дулаан байх төлөвтэй байна. Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг сонор сэрэмжтэй байж, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөл бүрдүүлэхийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад зөвлөж байна. Голуудын усны түвшин буураагүй байгаа тул голын усанд орох, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Төв аймгийн шүүхийн гадна иргэд 10 мянган төгрөгөөр жагссан уу

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хэрэгт гэмтгүй иргэдийг эрүүдэн шүүж ял оноосон хэргээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарт хэрэг үүсгэн шалгаж буй. Өнөөдөр энэ хэргийн шүүх хурал Төв аймагт үргэжлжилж байна. Шүүх хуралтай холбоотойгоор шүүхийн гадна иргэд жагсаж байгаа мэдээлэл байна. Эдгээр иргэдийг хөлслөн жагсаал зохион байгуулсан гэх мэдээллийг зарим эх сурвалж хэлж байна.

Одоогоор хөлсөлж, жагсаасан тухай мэдээлэл баттай бус байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

​“Цэцээ гүн”-ий оргил өөд явган аялал хийж явсан БНСУ-ын иргэн сураггүй алга болжээ.

Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн “Манзуширын-Ам” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 21 км-т/ “Билгүүн туул” ХХК-ийн зохион байгуулсан Богд-Хан уулнаас Цэцээ гүний өөд авирах явган аялалын гишүүн Л /61 настай, эмэгтэй/ 2019.08.11-ний өдрийн 17:00 цагийн орчим сураггүй болжээ.

Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашин, тус аймгийн Онцгой байдлын газрын 17 алба хаагч, 2 автомашин тус аймгийн цагдаагийн газрын 10 алба хаагч, 1 автомашин, нийт 32 алба хаагч, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн ДАШТ Эстонийн нийслэлд эхэллээ

Чөлөөт бөхийн 2019 оны залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Эстонийн нийслэл Таллинд эхэлнэ. Тэмцээн энэ сарын 18-ныг дуустал үргэлжлэх юм.

Монгол Улсаас тус тэмцээнд 61 кг-ын жинд Э.Төгсжаргал, 65 кг-д Д.Тэнгис (хоёул Хасу-Мегастарс), 70 кг-д Э.Бямбадорж (Баянхонгор), 74 кг-д Б.Бат-Эрдэнэ (Орхон аймаг, Ирээдүйн одод), 86 кг-д Б.Билгүүн (Хасу-Мегастарс), 92 кг-д Э.Батмагнай (Баянхонгор), 125 кг-д С.Ган-Эрдэнэ (Хангай хүчтэн), эмэгтэйчүүдийн 50 кг-д Ч.Отгонтуяа (Алдар), 53 кг-д Н.Анударь, 55 кг-д Б.Энхцэцэг (хоёул Хилчин), 62 кг-д Ө.Пүрэвсүрэн (Баянхонгор), 68 кг-д Э.Дэлгэрмаа (Хасу-Мегастарс), 72 кг-д Ц.Хулан (Сэлэнгэ) гэсэн 14 тамирчин, Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клубын дасгалжуулагч, спортын мастер Ё.Батдарханы удирдлага дор зодоглож байна.

Монгол бөхчүүдээс залуучуудын дэлхийн аваргад гавьяат тамирчин А.Баатархүү “Улаанбаатар-1979”, ОУХМ С.Эрдэнэбаяр “Улаанбаатар-1989”, Т.Даваахуяг “Бээжин-2007”, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Э.Даваачимэг “Паттая-2012”, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд “Софи-2013”, ОУХМ А.Батцэцэг “Загреб-2014”-д тус тус аваргалж байсан юм.

Categories
мэдээ улс-төр

Ц.Нямдорж, Ж.Батзандан нарын таван гишүүнийг Б.Хурц нарын шүүх хуралд оролцуулахгүй

Б.Хурц нарт холбогдох хаалттай шүүх хурлыг хөндлөнгөөс ажиглах хүсэлтээ Хуульзүйн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын таван гишүүн өгөөд байсан билээ. Тэгвэл уг хүсэлтийг Шүүгчид хэлэлцээд хөндлөнгөөс ажиглах шаардлагагүй хэмээн үзэж хүсэлтээс нь татгалзжээ. Энэ талаар түр хорооны нарийн бичиг н.Хишигбаяр “Хөндлөнгийн оролцогчоор оролцуулах боломжгүй гэдэг шийдвэрийг өгсөн. Шүүхээс энэ талаар мэдээлэл өгөх байх” гэсэн юм.

Шүүх хуралдаан үргэлжилж байна.