Categories
мэдээ нийгэм

Налайхын авто замын ажил 40 орчим хувийн гүйцэтгэлтэй байна

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын барилгын ажил өнөөдрийн байдлаар 37 хувийн гүйцэтгэлтэй байна. Үргэлжлэн орсон усархаг борооны улмаас ажил саатаж, төлөвлөгөөнөөсөө 8 хувиар хоцорч явааг албаны хүмүүс Хотын захирагч С.Амахрсайханд мэдээллээ. Тус замын тухайд нийт 38 газарт борооны ус зайлуулах шугам хийхээс 35-ыг нь хийгээд байгаа аж. Авто машин болон мал амьтны гурван нүхэн гарц хийхээс нэг нь 100 хувь, нөгөө хоёр нь 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгааг дурьдлаа. Түүнчлэн асфалтан хучилтыг энэ сарын 20-нд эхлэхээр төлөвлөн ажиллаж байгаа талаараа нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Г.Баттогтох Хотын захирагчид танилцууллаа. Уг замын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын Синохидро компани, туслан гүйцэтгэгчээр Монгол Улсын “Тэгшплант” ХХК, “Гашууны гол”ХХК, “Дарданговь” ХХК гэсэн гурван компани ажиллаж байна. Хотын захирагчийн зүгээс Синохидро болон Дарданговь компаниудын хариуцан ажиллаж байгаа газруудад ажил хангалтгүй явагдаж байгаа, үүнд арга хэмжээ авч, ажлыг түргэн шуурхай явуулах шаардлагатайг дурьдлаа. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Г.Баттогтохоос энэ талаар тодруулахад “Бидний зүгээс ерөнхий гүйцэтгэгч компанид туслан гүйцэтгэгч компанийнхаа тоог нэмж ажиллуулах шаардлагыг тавьж ажиллаж байгаа” хэмээв.

Хотын захирагч С.Амарсайхан “Замын ажлыг түргэн шуурхай хийж, төв зам ашиглалтад ортол түр замын асуудал дээр анхаарч ажилла. Түр замаар том оврын авто машин, нийтийн тээврээс авахуулаад маш их машин зорчиж байгаа. Ойр ойрхон замыг түрж тэгшлэн, усалгааг сайн хийгээд иргэдийг аюулгүй зорчих тал дээр маш сайн анхаар. Үүссэн нүх сүвийг нь бөглөөд аргацаагаад өнгөрч болохгүй. Түүнчлэн хайрга, дайрганы асуудал ярьж байна. Бидний зүгээс та бүхний хүсэлтийн дагуу бүхий л асуудлыг ажил эхлэхэд шийдэж өгсөн. Одоо бидний өмнө ямар нэг тайлбар тавиад зогсож байж таарахгүй. Энэ асуудлаа өөрсдөө шийдэж, ажлаа төлөвлөгөөт хугацаанд нь хүлээлгэж өгөх тал дээр анхаарч ажилла” хэмээв.

Categories
мэдээ соёл-урлаг

”Хуур хөгжмийн наадам” энэ сарын 23,24-нд болно

Олон улсын хөгжмийн наадмын стандартыг Монголдоо нэвтрүүлэх зорилготой Хуур хөгжмийн наадам (ХМF) гурав дахь жилдээ 2019 оны 8-р сарын 23, 24-ний өдрүүдэд “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д зохион байгуулагдах гэж байна.

Монголын хамгийн том цар хүрээтэй хөгжмийн энэхүү наадам нь залуу уран бүтээлчдийн нуугдмал авьяасыг нээн илрүүлэх, дотоод, гадаадын шилдэг хамтлаг, дуучдыг нэг тайзнаа гаргах, нийгэм рүү урлаг соёлоор дамжуулан эерэг үйл ажиллагаанд уриалах, сонсогчдод дэлхийн жишиг бүхий хөгжмийн соёлыг түгээх зорилготой.

Түүнчлэн Хуур хөгжмийн наадам (ХМF) зохион байгуулагч мэргэжлийн баг бүрэлдэхүүн өндөр чанартай, дуу, дүрсний дэвшил болсон хамгийн өргөн, мэргэжлийн тайзыг засна гэдгээрээ онцлогтой. ОУ-ын хөгжмийн фестивалийн жишгээр зохион байгуулагддаг энэхүү наадмаар дамжуулан жил бүр чанар чансаа нь өссөн хамтлаг дуучид, электро хөгжмийн шилдгүүдийн уран бүтээлээс хүргэдэг уламжлалтай.

Энэ жилийн тухайд 8-р сарын 23-нд ХИП ХОП,
8-р сарын 24-нд ЭЛЕКТРОНИК хөгжмөөр оролцох
нийт уран бүтээлчдийн нэрс тодорхой болжээ

Наадмын ерөнхий зохион байгуулагчаар ВRВ компани, хамтран зохион байгуулагчаар Монгол Телевиз, Shoppy.mn, ерөнхий ивээн тэтгэгчээр Голомт банк оролцож байна. Энэ жилийн тухайд #LetTheMusicSpeak уриатайгаар сонсогчдоо Хуур хөгжмийн наадам (ХМF) хүлээн авахад бэлэн болжээ.

Маш олон XMF-чдынхаа хүсэлтийг хүндэтгэж 8-р сарын 13-ны өдөр 00:00 цагаас 23:59 цаг хүртэл “SPECIAL” багцыг сунгах гэж байна!

– Хэрхэн худалдан авах вэ?
1. Гар утаснаасаа SocialPay-ээр худалдан авах
https://digital.golomtbank.com/product/

2. Shoppy.mn-ээс онлайнаар худалдан авах
https://shoppy.mn/products/xmf-2019-shoppy

3. XMF Ticket office дээр ирж худалдан авах

Холбоо барих утас: 8301 7777
Fасеbоок хуудас: https://www.facebook.com/xyypmusicfestival/

Categories
мэдээ нийгэм

Цахимаар хүүхдээ бүртгүүлэх боломжгүй иргэд өнөөдрөөс цэцэрлэгт өөрийн биеэр очиж бүртгүүлээрэй

Төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй, ил тод, түргэн шуурхай, чирэгдэлгүй үзүүлэх зорилгоор нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх, үргэлжлүүлэн суралцах хүүхдийн бүртгэлийн үйл ажиллагааг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд зохион байгуулж байгаа бөгөөд бүртгэл ирэх сарын 22-ны өдрийн 23 цаг 59 минутанд дуусах юм.

Шинээр цэцэрлэгт элсэж буй хүүхдийг https://tsetserleg.ulaanbaatar.mn/ системд хандан дараах зааврын дагуу бүртгүүлж баталгаажуулна.

Өнөөдөр буюу наймдугаар сарын 12-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 26,976 хүүхэд цахимаар бүртгүүлээд байна. “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа 2019 оны 08 дугаар сарын 23-ны БААСАН гарагт явагдах бөгөөд нийслэлийн хэмжээнд шинээр элсэх хүүхдийн бүртгэлийн тоо нь хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд тухайн цэцэрлэгийн элсэлтийн комисс систем дээр санамсаргүй түүврийн аргаар иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулна.

Өмнөх хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхдийн бүртгэлийг цахимаар баталгаажуулах шаардлагагагүй бөгөөд наймдугаар сарын 26-28-ны хооронд цэцэрлэг дээрээ очиж гэрээ байгуулах юм.

Харин Цахим системд бүртгүүлэх боломжгүй иргэд долдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд тухайн дүүргийн Боловсролын хэлтэст, наймдугаар сарын 12-ны өдрөөс хамран сургах тойргийн цэцэрлэгт өөрийн биеэр очиж бүртгүүлнэ.

“Цахим элсэлт”-ийн дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалаагчдын системд бүртгүүлсэн гар утсанд мессэжээр илгээнэ. Мөн https://tsetserleg.ulaanbaatar.mn/ системийн “Шалгах” цэснээс хүүхдийнхээ бүртгэлийн дугаарыг оруулж, цэцэрлэгт элссэн эсэхийг шалгах боломжтой.

Мэдээлэл авах: https://tsetserleg.ulaanbaatar.mn/, http://www.edub.edu.mn/

Холбогдох утасны дугаар:

Нийслэлийн Боловсролын газар 70113032;

БГД-ийн Боловсролын хэлтэс 70120351;

СБД-ийн Боловсролын хэлтэс 70111606;

ЧД-ийн Боловсролын хэлтэс 315442;

НД-ийн Боловсролын хэлтэс 70233008.

Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар 330844;

БЗД-ийн Боловсролын хэлтэс 70104005;

СХД-ийн Боловсролын хэлтэс 99254156;

ХУД-ийн Боловсролын хэлтэс 342472;

БНД-ийн Боловсролын хэлтэс 70213815;

БХД-ийн Боловсролын хэлтэс 70491017.

Categories
мэдээ нийгэм

“Нийгмийг өөрчлөх боловсрол” залуусын хөгжлийн сарын аян эхлүүллээ

“Нийгмийг өөрчлөх боловсрол” Залуусын хөгжлийн сарын аяныг энэ сарын 12-ноос ирэх сарын 25- хүртэл зохион байгуулах тухай Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өнөөдөр мэдээлэв.

НҮБ-аас жил бүрийн энэ өдрийг “Олон улсын залуусын өдөр” болгон тэмдэглэдэг аж. Тус өдрийг тохиолдуулан энэ жил Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам /ХНХЯ/, НҮБ-ын Хүн амын сан, Монголын залуусын эвсэл зэрэг залууст чиглэсэн ажил явуулдаг байгууллагууд хамтран тус аяныг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Тус аяны хүрээнд 10 гаруй томоохон ажил зохион байгуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, “Хүчээ нэгтгэе” залуучуудын манлайлал, залуусын хөгжлийн үндэсний тав дугаар чуулганыг энэ сарын 20-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулах юм. Мөн “Боломж” хэмээн залуусын яармаг худалдааг зохион байгуулахаар төлөвлөжээ. Түүчнлэн оюутнуудын эрүүл мэндийн даатгалд хамруулах “Эрүүл оюутан” хөтөлбөр, өсвөр насныхан болон, ахлах ангийханд зориулсан “Мэргэжил сонголтын аян” өрнүүлэхээр төлөвлөжээ.

Бүх нийтэд тэгш, хүртээмжтэй, чанартай боловсролыг бүгдэд, ялангуяа залуучуудад хүргэж, насан туршдаа суралцах боломжыг бүрдүүлэх, ингэхдээ тэдгээр залуучуудын оролцоо, хүчин чармайлтыг дэмжихийг чухалчлан тус аяныг зохион байгуулж буйг ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир онцлов. Тэрбээр хэлэхдээ, “2018 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хүн амын 34 хувийг залуус эзэлж байна. Тэдгээрийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин 48 хувьтай ба ажилгүйдлийн түвшин 15.3 хувьтай байсан. Монгол Улсын болон Олон улсын залуусын өдрийн хүрээнд залуусын хөгжлийг дэмжих олон талт ажлыг жил бүр зохион байгуулж ирсэн. Энэ жилийн хувьд ХНХЯ-ны сайдын тушаалаар тус аяны төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна. Залуусын хөгжлийн сарын аяны хүрээнд эрүүл мэндийн өдөрлөг, танилцуулах болох цуврал ажлыг ирэх сарын 25 хүртэл хийх юм. Эдгээр нь залуусын оролцоог дэмжиж, тэдний идэвх санаачилгад суурилсан байна” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

МАН Үндсэн хуулийг хэлэлцэж байна

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна. Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж байгаа юм. Уг хуулийн төсөлд Ерөнхийлөгч хуулийн төсөл өргөн бариад байгаа. Мөн сөрөг хүчин АН саналаа хүргүүлсэн бол 14 улс төрйин хүчин шаардлага хүргүүлээд байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Б.Хурц нарын шүүх хурал завсарлалаа

С.Зориг агсны хэрэгт гэмгүй иргэдийг буруутган эрүүдэн шүүж ял оногдуулах ажлыг зохион байгуулсан гэх ТЕГ-ын дарга асан Б.Хурцад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2019.08.12/ 10.00 цагт Төв аймгийн анхан шатны шүүхийн танхимд эхэлсэн.

Шүүх хуралдаан 14.30 цаг хүртэл түр завсарлалаа.

Өмнө нь шүүх хуралдаан /2019.07.23/ 10.00 цагт Төв аймгийн анхан шатны шүүхийн танхимд болсон ч шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тул наймдугаар сарын 12-ныг хүртэл хойшилсон билээ.

Categories
мэдээ улс-төр

Тост, Тосон бумбын нуруунд ашигт малтмал олборлож буй компанийн лицензийг цуцлах үүрэг өглөө

Тост, Тосон бумбын нуруунд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж буйтай холбоотой асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БОАЖ-ын сайд, УУХҮ-ийн сайд хууль хяналтын байгууллагуудын удирдлагуудыг дуудаж шуурхай хуралдаан хийлээ.

Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Байгаль орчны сайдад Тост, Тосон бумбын нуруунд ашигт малтмал олборлож буй компанийн лицензийг өнөөдөр цуцлах үүрэг өглөө. Түүнчлэн Тост, Тосон бумбын нурууг бүхэлд нь улсын тусгай хамгаалалтад авах талаар хэлэв.

Categories
мэдээ нийгэм

“Дэлхийн ур чадвар-2019” тэмцээнд оролцох залууст Төрийн далбаагаа мандуулан ирэхийг ерөөлөө

“Дэлхийн ур чадвар-2019” тэмцээн ОХУ-ын Казань хотноо энэ сарын 22-28-нд болно. Манай улсаас найман мэргэжлээр найман залуу оролцоно.

“Дэлхий ур чадвар” 45 дахь удаагийн энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүлээн авч уулзан тэмцээнд нь амжилт хүслээ. Тэрбээр,

Монгол Улсад мэргэжлийн боловсрол, сургалтын салбараар бэлтгэгдэн гарсан мянга мянган мэргэжилтэй ажилтнууд эх орныхоо хөгжлийн түүхэн үе бүрт бодитой хувь нэмэр оруулсаар ирсэн.

Монгол Улс 2014 онд Дэлхийн ур чадварын олон улсын байгууллагын 69 дэх гишүүн орноор элсэн орж, хоёр жил тутам зохион байгуулагддаг энэхүү тэмцээнд анх удаа 2015 онд оролцсон. Хоёр дахь удаагаа 2017 онд оролцохдоо гагнуурын мэргэжлийн оролцогч “ТУСГАЙ БАЙР”-ын шагнал хүртсэн амжилтыг Ерөнхий сайд тэмдэглээд Мэргэжлийн боловсролын салбарын шилдгийн шилдэг оролцогч та бүхэн мэргэжлийн ур чадвар, мэдлэг, туршлагаа солилцон, өөрийгөө харуулах, өөрийгөө сорьж нээх энэхүү боломжоо ашиглан 2017 оны амжилтаа бататган, ахиулна гэдэгт найдаж итгэж байна гэлээ.

Монгол Улсын Засгийн газраас “Дэлхийн ур чадвар-2019” тэмцээний бэлтгэл ажлыг хангах зорилгоор дараах ажлуудыг хамтран хийж гүйцэтгэлээ. Үүнд:

1. Оросын Холбооны Улс, Монгол Улсын хамтын ажиллагааны санамж бичгийн дагуу Дэлхийн ур чадварын тэмцээнтэй холбоотой Харилцан ойлголцлын санамж бичиг солилцсон.

2. Монгол Улсын Засгийн Газар болон Бүгд Найрамдах Солонгос улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны харьяа “Хүний нөөцийг чадавхжуулах төв”-тэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан, санамж бичигт гарын үсэг зурсан. Энэхүү ажлын хүрээнд К-STAR буюу зорилтод орнуудад Солонгосын ур чадварын туршлагыг хуваалцах хөтөлбөрийг 2018-2020 оны хооронд 3 жилийн хугацаатайгаар хэрэгжүүлж байна.

3. Монгол Улсын Засгийн газрын зүгээс энэхүү тэмцээнд оролцох зардал, бэлтгэл хангахад нэлээдгүй дэмжлэг үзүүлж байна.

Бүтээн байгуулалтын баялгийн эзэд болсон эдгээр залуусыг Монгол Улсынхаа туг далбаан дор нэг баг болж, нэг зорилгын төлөө улсынхаа нэрийг дуурсган тэмцээндээ амжилттай оролцоод ирэхийг бэлгэдэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төрийн далбаа гардуулан өглөө. Мөн үүрэг хариуцлагаа ухамсарлан, атгасан гар шиг хүчтэй байж, ухааны самбаатай, ур чадвараараа өрсөлдөж амжилт гарган, эх орныхоо нэрийг дуудуулан, ээж аав, ачит багш нар, ард олныхоо сэтгэлийг баярлуулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

ОХУ-ын Казань хотноо болох “Дэлхийн ур чадвар-2019” тэмцээнд ур чадвараа сорихоор 60 гаруй улс орны 1300-гаад оролцогч 50 гаруй мэргэжлийн төрлөөр өрсөлдөнө. Монгол Улсаа төлөөлөн,

Токарь – Налайх, МСҮТ-ийн Т.Цогтсайхан

Цахилгаан – Налайх, МСҮТ-ийн Э.Рэнчин-Очир

Сантехник – Ховд, Хөгжил политехник коллежийн С.Дашдэрэм

Үсчин – Үйлдвэрлэл-Урлалын политехник коллежийн Н.Гэрэлт-Од

Өрөг угсрагч – Барилгын политехник коллежийн Г.Анх-Учрал

Мужаан – Техник технологийн политехник коллежийн Н.Батбуян

Гагнуур – Герман-Монгол МСҮТ-ийн Т.Оюун-Эрдэнэ

Тогооч – Хүнс, технологийн политехник коллежийн Л.Чибаяр нар оролцоно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

О.Дөлгөөнийг сүүлчийн замд нь үдлээ

Сагсчин О.Дөлгөөнийг өнөөдөр өглөө 05.40 цагт ах дүүс, найз нөхөд, эцэг эх, найз нөхөд нь эцсийн замд нь үдлээ.

Тэрээр бага наснаасаа эхлэн спортод дурлаж, улмаар 2008 онд Спортын Төв Ордны дэргэдэх Спортын дунд сургуулийн сагсан бөмбөгийн ангид 7-р ангиасаа элсэн орж сагсан бөмбөгийн спортоор шаргуу хичээллэн 2013 онд төгсжээ.

Түүний гаргасан амжилтаас дурдвал 2012 онд Улаанбаатар хотод “U18 насны Азийн АШТ” 2013 онд ОХУ-д зохион байгуулагдсан Бүх Оросын нэрэмжит “КЭС БАСКЕТ” 2015 онд Бээжин хотод зохион байгуулагдсан Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах 3*3 тэмцээнд шагналт V байр 2015 онд Монгол улсын мэргэжлийн сагсан бөмбөгийн дээд лигийн аваргын алтан цом 2016 онд АНУ-ын Кливленд хотод зохион байгуулагдсан “Continental Cup” 2017 онд “Nissan Дээд Лиг”-ийн дэд байр 2018 онд Индонезийн Жакарта хотод зохион байгуулагдсан “Азийн их наадам”-д Монгол улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж амжилттай оролцсон. 2018-2019 оны Монгол улсын Оюутны аварга шалгаруулах тэмцээний аваргын алтан цом, 2019 оны хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор шалгарсан гээд бахдам амжилтуудыг ар араасаа гаргасаар ирсэн билээ. О.Дөлгөөний амжилтыг төр засгаас үнэлж 2016 онд “Спортын мастер” цолоор шагнасан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Даваасамбуу: Малчдын малаа таргалуулж байгаад хилээр гаргах сонирхлыг хязгаарлаж болохгүй

-МАЛЫН ЭКСПОРТЫГ ЧӨЛӨӨЛӨХӨД ТЭР ЖИЛ 180 САЯ ДОЛЛАРЫН АШИГ ОЛЖ БАЙСАН-

Монголбанкны дэргэдэх Хяналтын зөвлөлийн дарга, Сангийн сайд, Элчин сайд асан Д.Даваасамбуутай мал аж ахуйн салбарын экспортын асуудлаар ярилцлаа.


-Монгол Улсын гадаад худалдааг нэмэгдүүлэх чиглэлд хэд, хэдэн төрлийн судалгаа хийж байгааг дууллаа. Ямар зорилготой судалгаанаас ямар үр дүн гарч байгаа талаар ярилцлагаа эхэлье?

-Бид Монгол Улсынхаа төгрөгийн тогтвортой байдлыг дунд ба урт хугацаанд хангахад нөлөө бүхий голлох салбар зарим бүтээгдэхүүн дээр өнгөрсөн жилээс судалгаа хийж эхэлсэн. Энэ бол нэгдүгээрт, мал аж ахуйн бүтээгдэхүүн. Юуны өмнө хамгийн таваарлаг бүтээгдэхүүн болох ноолуур, мах, арьс шир, ноос. Дээрээс нь байгалийн баялаг. Монголд хамгийн их нөөцтэй гэгдэж байгаа нүүрс, зэс. Тэгээд эдгээрийг олон улсын зах зээлд хүргэхэд манай гадаад худалдааны хөрөнгө оруулалтын орчин маань ямар байна вэ гэсэн 10 орчим судалгаа хийсэн. Энэ судалгаагаа гүнзгийрүүлж төр түмэн олонд, судлаачдад хэрэгтэй зүйлийг нийгэмд өгөх, мөн бас хэлэлцүүлэг явуулахаар ажиллаж байна.

-Мал аж ахуйн салбарыг чиглэсэн судалгаа анхаарал татлаа. Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д хийсэн айлчлалын гол сэдэв энэ асуудал байлаа шүү дээ. Мөн энэ цаг үед малыг амьдаар нь экспортлох асуудал хөндөгдөөд байгаа. Засгийн газраас хэд, хэдэн удаагийн тогтоол гарчихаад байна. Та энэ асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Манайд мал аж ахуйн боловсруулах аж үйлдвэр дөнгөж 10-хан хувьтай байгаа. Ийм салбар дээр хязгаарлалт тавьж болдоггүй юм. Өрсөлдөөний зарчим нэг номерт байдаг. Хоёрдугаарт, малчин хүнээ бодох ёстой. Хилийн ойрхон сумдын малчид малаа таргалуулж байгаад зарах маш их сонирхолтой. Түүнийг нь хязгаарлаж ерөөсөө болохгүй. Хоёр, гурван жилийн өмнө баахан агт хилээр гаргасан даа. Тэр үед мал цөөрчихлөө гэлцэж байсан. Гэтэл яг үнэндээ гурван жил агт гадагшаа гарч байхад малчин бүр адуугаа олон удаа хээлтүүлэгт оруулж, мал нь өсчихсөн харагдаж байсан гэж хүмүүс хэлдэг. Би хэлж байгаа юм биш. Малчид өөрсдөө хэлж байсан. Жишээ нь, Ховдын Булган сумын малчин 1600 км явж ирж Улаанбаатарт малаа авчирч зарахаас илүү цааш нь хилээр гаргах нь ашигтай. Үнэхээр тийм. Тийм болохоор зах зээлд оролцож байгаа хүнийхээ араншингаар явдаг юм. Тэд чинь надаас, бид нараас илүү мэдэж байгаа.

-Социализмын үед яг ийм шийдвэр гарч байсан гэдэг. Үр ашиг нь хэр байв?

-1990-1992 онд манай улс мал аж ауйн түүхий эдээ хязгаарлаж, Монголд аж үйлдвэрийн хувьсгал хийнэ гээд зүтгэв ээ, бид нар. Би тэр үед Сангийн дэд сайд байсан. Үнэхээр дийлдээгүй. Манай хийсэн бүтээгдэхүүнийг ерөөсөө аваагүй. Бид чинь тэр үед мал аж ахуйн бүх түүхий эдийг боловсруулдаг байлаа. Нэгдүгээрт, технологийн хоцрогдолд орчихсон. Хоёрт, загвараараа хоцрогдчихсон. Тэгээд бүр балраад Хятадад ялагдсан юм шүү. Үүний дараа 1993 онд мал аж ахуйн үйлдвэрлэлд бүгдийг нь чөлөөтэй болгож, хөлөөрөө гаргах нь гаргаж, мах болгох нь болгох чөлөөтэй болгож шийдвэрлэлээ. Гэтэл тэр жил турсага хүртэл юу ч үгүй урагшаа ачигдаж, 180 сая ам.долларын ашиг олсон байдаг юм. Цаашид манайх бүгдийг боловсруулаад олон улсын зах зээл дээр гаргадаг болчихсон цагт бол арай өөр бодлого байх ёстой.

Одоо бол манай хоёр хөрш, ялангуяа БНХАУ-ын худалдан авах чадвар маш их сайжирсан байгаа энэ үед бид аж үйлдвэрйин хувьсгал хийгээд энэ хэдэн бүтээгдэхүүнээ зарах боломж гараад байна.

-Малыг хөлөөр нь гаргавал монгол малын генетик алдагдана гэх зэргээр эсэргүүцэх хэсэг бий. Үнэхээр тийм эрсдэл байдаг уу?

-Мэдэхгүй юм. Их сургуулийн багш Түмэн гэж хүн байсан юм. Тэр хүний 100 жилийн ой болж би үг хэлэхээр бэлдэж байхдаа өөрийнх нь бичсэн номыг уншихад 1911, 1921 онд Хятад руу малыг амьдаар нь гаргаж байсан. Гадагшаа гаргаж байхад малын өвчин гараад хашлаа гэсэн утгатай мэдээлэл бичигдсэн байсан. Үнэхээр монгол малын ген алдагдана гэж байгаа бол тэр үед алдчихсан юм биш биз дээ. Мөн социализмын үед Бургалдайн баазаар хойшоо адуу гаргадаг байсан. Манайх адуу хариулдаг, агт өгнө. Үйлдвэр угсаагаа алдсан бол аль эрт алдсан биз. Гэхдээ манай малаас хавь илүү үр шимтэй малаар дэлхий дүүрчихсэн.

Малыг бас хэрцгийгээр гаргаж байна гэсэн санаа харагддаг. Хэрцгий гэдэг бол бид нар харин 200, 300 малыг дөрвөн давхар ачаад орж ирж байна, нийслэлд. Тэр дотор хэчнээн мал боож үхэж байгааг мэдэх үү. Би Англид Элчин сайд байсан хүн. Тэнд малыг нядлах маш том хууль байдаг. Би чинь малчин гаралтайгаараа хөдөө давхиад очно. Ганц хонь гаргаад өгчих гэхээр “Болохгүй. Би энэ малыг мах комбинатад өгнө. Тэгээд би махаа худалдаж авдаг” гэж тэндхийн хүмүүс хэлдэг. Яаж байгаа юм гэхэд нэгд, баталгаатай гэсэн ариун цэврийн сертификат өгдөг. Мөн үүнээс болж хулгай байхгүй болсон. Мах комбинат нь ойрхон. Тэр махны агуулах руу ортол баахан гуя байна. Хаанахынх вэ гэтэл “Францын захиалгатай” гэнэ. Бас хэдэн шувтгар гуя байсан. Асуухаар “Испанийн захиалгатай” гэж байлаа. Яг л манайд 20 жилийн дараа ийм болох ёстой. Мах комбинатууд нь малчидтайгаа ойрхон байрлах ёстой. Лондонд шөнө 04:00 цагт махны зах дээр мах орж ирдэг. Бүх газруудаас нядалгааны мах шөнөдөө вагон машинаар орж ирнэ. 04:00-08:00 цаг хүртэл цоо шинэ мах худалдаанд гарчихдаг. Ийм л байх ёстой. Би нүдээрээ үзсэн зүйлээ л ярьж байна.

-Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх бодлогыг та бүхэн юу гэж харж байгаа вэ?

-Мал аж ахуйн хувьд бид 60 гаруй сая малтай. Мал өөрөө байнга үржиж байдаг. Байгалийн баялаг шиг биш. Тийм учраас монгол түмнийг үеийн үед, ирээдүйд та бидний амьдралыг залгуулах зүйл. Өнөөдөр 170 мянган малчин байна. Малчид олон хүүхэдтэй, нэг малчин дөрвөн хүүхэдтэй гэж бодоход 700 мянган хүн ам болж байгаа юм. Малчдыг харж амьдардаг хот суурин газрынхан бий. Тэгэхээр хүн амын тал хувийн амьдралыг залгуулдаг мал аж ахуйн хувьд тавааржуулж, дэлхийн зах зээл дээр үнэд хүргэх явдал бол стратеги зорилт. Энэ стратеги зорилт бол бидний хэдэн бор төгрөгийн цаад баталгаа. Ийм учраас бид үүнийг яаж үнэд хүргэх вэ. Монголчууд гуравхан сая. Жилд 10 мянган тонн ноолуур авдаг. Гэтэл түүнээс үсрээд 1000 тонныг дотооддоо хэрэглэнэ. Бусад 9000 тонныг олон улсыг зах зээлд хүргэхээс өөр аргагүй. Монголын хэрэглээ угаас импортон дээр тогтдог. Тийм учраас ноолуур ч дээр адилхан, ер нь бүхий л бүтээгдэхүүн дээр бид яаж гадны хүнээс мөнгө салгаж авах вэ. Энэ бол төрийн, түмэн олны бодлого байдаг. Хятад, Солонгос, Япон, Германд бүгд ийм. Тиймээс эд нар гадаад валютын нөөц ихтэй, дэлхийн гол гол баян гүрнүүд болсон. Монгол дутахгүй баялагтай болохоор эднийгээ чулуу болгоё гэсэн үг. Тухайлбал, махны хувьд жилд Монголд нядалгааны жингээр 400 мянган тонн мах үйлдвэржих боломж байна. Эндээс 200 гаруй мянган тонныг дотооддоо өөрсдөө хэрэглэдэг. Бусдыг яаж ийгээд ил далд ямар ч хамаагүй аргаар гадаадад зарна гэсэн үг. Тиймээс энэ хамгийн чухал зүйл. Гэхдээ нэг зарчмыг хэзээ ч алдаж болохгүй. Орж байгаа мөнгө нь эхний ээлжинд малчин, үйлдвэрлэгчдэдээ илүү байх ёстой. Ямар нэгэн хязгаарлалт хийгээд ирэхээр л болдоггүй. Жишээ нь арьс. Үхрийн арьс 20.000 байж гэж бодъё. Энэ жил гаргахгүй гэвэл 20.000 төгрөгийн арьс 10.000 болчихно. Нэг сая ширхэг арьсны дөнгөж 30 хүрэхгүй хувийг манайх дотооддоо хэрэглэж магадгүй. Үлдсэн 70 хувийг гадаадынхан 10.000 төгрөгөөр авчихна. Өөрөөр хэлбэл, малчинд очиж байгаа ашиг л багасч байгаа хэрэг.

-Тэгвэл мал аж ахуйн салбарт ч өрсөлдөөн байх ёстой гэсэн үг үү?

-Мал аж ахуйн бүтээгдэхүүн байнга сэргээгддэг учраас өрсөлдөөн нэг номер. Төрийн бодлого өрсөлдөөнийг хэзээ ч хязгаарлаж болохгүй. Үүгээрээ малчинд очиж байгаа мөнгө илүү байх ёстой. Яагаад гэвэл нэг сая хүнийг тэжээж, 600 мянга орчим хүний ажлын байр бий болгож байгаа. Хоёрдугаарт, манайхан ярьдаг. Үйлдвэрүүд яагаад байгаа юм бэ гэж. Гэхдээ үүнийг хангахын тулд бид юу хийж болох вэ гэдгийг судалж байгаа. Энгийнээр нь ноолуурыг хэлж өгье л дөө. 10.000 тонн ноолуур энэ жил дунждаар 100.000 байсан гэж бодъё. 1.2 их наяд төгрөг болно. 170.000 малчинд хуваахад нэг малчны энэ жил охиноо сургуульд сургах мөнгө, гурилынхаа мөнгө гээд 15 сая төгрөг олно доо. Үүн дээр хязгаарлалт тогтоочихоор чадахаа байчихна. Энэ жил ноолуур сайн байснаас эдийн засаг өсч байна. Дээрээс нь малчид маань нүд нь сэргэг явж байна. Хаан банкны машин ирэхэд зугтаж уулын орой дээр гарах шаардлагагүй болсон.

Яагаад гэвэл энэ нөхөд ноолуур, махныхаа мөнгөөр зээлээ төлнө. Ингэхээр эдийн засгийн цус нь амархан эргэнэ. Тийм болохоор өрсөлдөөний орчныг сайжруулах ёстой гэдэг зүйлийг хэлээд байна. Махан дээр тогтож ярья. Жилд 400 мянган тонн мах боловсруулдаг гэж дээр хэлсэн. Түүний 100 гаруй мянган тонныг дотооддоо өдөр тутамдаа хэрэглэнэ. Их хэмжээгээр нөөцөлж авдаг үе нь 9-11 дүгээр сар. Энэ үед 300 мянган тонн махыг бэлдье гэж бодъё. Малчнаас бол кг тутмыг нь 6000 төгрөгөөр авчих болов уу гэж бодож байна.

Тэгэхэд л 1.8 их наяд төгрөг хэрэгтэй. Мал аж ахуй бол экологийн цэвэр бүтээгдэхүүн. Мал аж ахуйн түүхий эдийг Монголд боловсруулахын тулд дор хаяж гурван их наяд төгрөг хэрэгтэй байна. Гурван их наяд төгрөгийг өнөөдрийн банкны 16 хувийн хүүтэйгээр жил орчим ашиглуулах эрсдэл хийдэг хөрөнгө оруулагч алга. Тиймээс том хөрөнгө оруулагчид, гадаадынханд хандаж энэ асуудлаа шийдэх ёстой. Энэ бол үндсэн асуудал. Хэрэв үүнийг бэлдвэл хоёр дахь том асуудал үүснэ.

-За ингээд бэлдээд авчихлаа гэж бодъё. Зах зээл хангалттай байж чадах уу?

-Аль ч юмыг зах зээл дээр зарж чадаж байна уу, үгүй юу гэдгээр шийддэг. Түүхий эд бол хэзээ ч зарагдана. Гэхдээ ямар бүтээгдэхүүнийг гарцаагүй борлуулж болохоор байна вэ гэдэг чухал. Энэ тал дээр бид бас судалсан. Махан дээр бол махны хэрэглээ хаана байна вэ. Хүн амын 50 хувь нь сууж байгаа Улаанбаатарт байна. Мах комбинатууд нь ч энд байна. Харин малыг малчны хотноос туугаад ирдэг хүн байхгүй болсон. Маш их эрсдэлтэй. Зардал өндөртэй Улаанбаатар хотын арьс ширний үйлдвэрүүд тэр чигээр өмхий үнэртэй. Тиймээс эклологийн цэвэр малыг тайван аргаар нядалгаанд оруулах ёстой гэсэн шийдэлд хүрээд байгаа. Мах нь хүртэл амттай. Малыг нядалгаа хийдэг газрыг малчдад ойртуулж, авто замтай, цахилгаантай газруудад байршуулахаас өөр аргагүй гэсэн стратеги том зорилт гарч ирсэн.

-Мах комбинатуудыг орон нутагт байгуулна гэсэн үг үү?

-Эхний ээлжинд зөвхөн үйлдвэрлэлийн аргаар гаргасан махыг экспортод гаргая. Өнөө шөнө би малаа хөдөө суманд нядаллаа. Сайхан загсааж хагас хөлдөөгөөд Улаанбаатарт маргааш өглөө нь том зах дээр авч ирнэ. Ингэхэд хөдөөд нэг жижигхэн нядалгааны цехийн дундаж тооцоо 80 орчим хүн ажлын байртай болно. 150 км-ийн радиустай 100 мах комбинат орон нутагт байгуулъя. Тэгвэл 8000 хүн ажлын байртай болчихно. Үүнийг дагаад арьс ширний анхан шатны үйлдвэр гараад ирнэ. Бас бүх дайвар бүтээгдэхүүн цэвэрлээд явуулна. Цаашид “Номин” гэх мэт том сүлжээ дэлгүүрүүдээс захиалга ирж эхэлнэ, дэлхийн жишгийн дагуу. Ангилан гаргах ажил 10 жилийн дараа эхэлчихнэ. Дээрээс нь мал эмнэлгийн асуудал ч шийдэгдэх юм. Монголын номер нэг асуудал болох хөдөлмөрийн бүтээмжтэй ажлын байр бий болно. Дээр нь шилжилт хөдөлгөөн цэгцэрнэ. Арьс ширний анхан шатны тордолт хийнэ. Тэгээд боловсруулах үйлдвэрүүдтэй Дархан, Эрдэнэт хот руу зөөнө. Энэ том асуудлыг зөвхөн судалгаа хийгээд хаяхгүй. Хэдхэн хоногийн өмнө би Эрдэнэт яваад ирлээ. Эрдэнэтээс маш том олзтой. Мал аж ахуйн бүтээгдэхүүн, арьс ширэн дээр маш чухал асуудал цэвэрлэх байгууламж байдаг. Тэнд 24000 м.куб, 25000 м.куб ус цэвэрлэх байгууламж байна. Нэг нь ашиглалтгүй байна. Яг ийм 30.000 м.куб ус цэвэрлэх бас нэг байгууламж Дарханд байна. Эдгээрийг ажил хэрэг болгохоор цаашид бүх салбарынхтай хэлэлцэж, ярилцаж өргөн хэмжээний хэлэлцүүлэг хийхээр төлөвлөж байна.

Б.ЭНХЗАЯА