Categories
мэдээ нийгэм

Сайжруулсан түлш худалдан авах картыг ирэх сарын 1-нээс өрхүүдэд тараана

Нийслэлийн зургаан дүүрэгт ашиглах сайжруулсан түлшийг жигд хуваарилах зорилгоор “Сайн түлш” нэртэй картыг ирэх сарын 1-нээс айл, өрхөд үнэгүй тараахаар болжээ.

“Тавантолгой түлш” компани сайжруулсан түлшээ 40 дундын хангамжийн төв, 500 гэрээт борлуулагчаар дамжуулан иргэдэд нийлүүлнэ. Иргэд гэрээт борлуулагчаас дээрх картаар нэг удаад 3-4 тонн түлш худалдан авах боломжтой.

“Тавантолгой түлш” компани одоогоор нийслэлчүүдийн нэг сар гаруйн хэрэглээ болох 150 мянган тонн сайжруулсан түлш нөөцөлсөн байна. Үүнээс гадна сайжруулсан түлш бэлдэх 500 мянган тонн түүний эд нөөцөлжээ. Мөн үйлдвэр тасралтгүй ажиллаж байгаа учраас сайжруулсан нүүрсний хомстол үүсэх, үнэ нэмэгдэх эрсдэлгүй гэж холбогдох албаныхан үзэж байна.

Мөн сайжруулсан түлш борлуулах цэгийн байршил, хэрэглэх, хадгалах заавар зэрэг мэдээллийг иргэдэд хүргэх зорилгоор гар утасны аппликейшн хөгжүүлж буй аж.

Categories
мэдээ нийгэм

Ирэх ням гаригт НӨАТ-ын сугалааны тохирол явагдана

НӨАТ-ын урамшууллын наймдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг наймдугаар сарын 18-ны ням гарагт “Боловсрол” телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2019 оны долоодугаар сарын 01-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2019 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Вокзалын ойролцоо зөвшөөрөлгүй баригдсан цагаан идээний асрыг албадан буулгалаа

Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Вокзалын автобусны буудлын ойролцоо байрлах ТОСА худалдааны төвийн өмнөх нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй баригдсан цагаан идээний асрыг албадан буулгалаа.

Баянгол дүүргийн хүнс худалдаа үйлчилгээний хэлтсээс 2019.08.05нд уг худалдааны төвд шаардах хуудас хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэг арга хэмжээ авч ажиллаагүй байна. Тиймээс тус дүүргийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх “Шуурхай баг” газар дээр нь очиж, холбогдох арга хэмжээг шуурхай авч ажилалаа. ОНӨТҮГ-ын мэргэжилтнүүд асрыг буулган ачиж, тухайн газрыг бүрэн цэвэрлэжээ.

Мөн энэ үеэр ТОСА худалдааны төв нь хог цуглуулах цэг байгуулаагүй байсан тус Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсээс мэдэгдэх хуудас өгч зөрчлийг арилгуулах шаардлага тавилаа.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын дарга Г.Занданшатар Стэнфордын их сургуулийн профессор Жеффри С.Гленн-д элэгний хорт хавдрыг эмчлэх чиглэлээр хамтран ажиллах санал тавив

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар АНУ-ын Стэнфордын их сургуулийн профессор, Стэнфордын хепатит болон элэгний эдийн инженерчлэлийн төвийн захирал Жеффри С.Гленн болон Монголын элэгний эмч нарын нийгэмлэгийн ерөнхийлөгч, анагаах ухааны доктор, профессор, хүний их эмч Я.Дагвадорж, “Оном” сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд “Оном” сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар элэгний өвчлөлийн тархалт болон “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажлын талаар товч танилцуулсан юм. Тэрбээр, “ДЭМБ-аас “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлгээ хийх баг энэ долоо хоногт ирж байна. Клиникийн гурван судалгааны ажил эхлэхээр бэлтгэл ажлаа дуусгасан. Элэгний С вирусийн архаг халдвартай хүний тоо Улаанбаатар хотод 2018 оны нэгдүгээр сарын байдлаар 2.3 дахин буурсан. Нийт тоогоор авч үзвэл 62 орчим мянган хүн эдгэсэн байна. Харин элэгний В, Д вирусийн шинэ эмчилгээ 23 улсад хийгдэж байна. Манай улсад клиникийн эмнэл зүйн судалгааны ажил эхлэх гэж байгаа. Мөн элэгний хорт хавдрын эмчилгээний талаар өнөөдөр салбарын сайдад танилцууллаа. Олон улсад манай улс жишиг болохуйц үзүүлэлттэй байгаа. Энэ эрчээ алдахгүй ажиллавал 2020 оны сүүлээр элэгний С вирусийн голомтыг 80-90 хувь хүртэл бууруулах боломжтой” гээд, энэ хөтөлбөрийг цаашид тогтвортой үргэлжлүүлэх, улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт тусгуулах тал дээр дэмжлэг үзүүлэхийг УИХ-ын даргаас хүсэв.

Дараа нь Стэнфордын их сургуулийн профессор, Стэнфордын хепатит болон элэгний эдийн инженерчлэлийн төвийн захирал Жеффри С.Глен элэгний хорт хавдрын эсрэг нээсэн эмчилгээнийхээ талаар товч мэдээлэл өгөв. Тэрбээр, сүүлийн 30 жилийн турш элэгний В, Д вирус, элэгний хорт хавдрыг эмчлэх талаар клиникийн судалгаа хийж байгаа аж.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт элэгний өвчлөлийг бууруулахаар тусгасны үндсэн дээр “Элэг бүтэн Монгол хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа ажлуудын явц, үр дүн сайн байгаа” гээд Стэнфордын их сургууль болон ноён Жеффри С.Гленнтэй элэгний өвчлөл, элэгний хорт хавдрыг бууруулах, эмчлэх чиглэлээр бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Манай улсад халдварт бус өвчин, тэр дундаа элэгний өвчлөлийн суурь шалтгаануудын нэг нь архи, тамхи, чихэрлэг бүтээгдэхүүний зохисгүй хэрэглээ байдаг учраас хууль, эрх зүйн орчны хүрээнд тодорхой зохицуулалт хийх шаардлагатайг эмч нар уулзалтын үеэр хэлэв. УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-аас архи, тамхины асуудлыг зохицуулах хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг ажиллаж байна. Та бүхэн бидэнтэй энэ чиглэлд хамтран ажиллах боломжтой” гэлээ. 1992 оноос хойш төрсөн бүх нярайг вакцинжуулж эхэлснээр элэгний В вирусийн халдвартай хүний тоо эрс буурсан. Харин 40-өөс дээш насныхны дундах өвчлөл их байгаад анхаарлаа хандуулж, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог сайжруулах тал дээр парламентын зүгээс ойрын үед анхаарч ажиллана гэлээ.

Уулзалтад Монгол Улсын Их Хурлын даргын Нийгмийн бодлогын зөвлөх Д.Бадарч, Монголын элэгний эмч нарын нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч, Анагаах ухааны доктор, дэд профессор, хүний их эмч Г.Зулхүү, Монголын гастроентрелогийн холбооны ерөнхийлөгч, анагаах ухааны доктор, профессор, хүний их эмч Д.Даваадорж, Монголын элэгний эмч нарын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, анагаах ухааны доктор, хүний их эмч Д.Наранжаргал нар байлцав.

Categories
мэдээ нийгэм

Иргэд байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг баримтжуулан гар утсаараа мэдээлэх боломжтой боллоо

Нийслэлийн Байгаль орчны газраас хотын ногоон бүс, зусланд гарч буй байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг хүлээн авах, иргэд, аж ахуйн нэгжид зөвлөмж, мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор “Зуслан” нэртэй аппликэйшнийг ашиглаж эхэллээ.

Уг аппликэйшнийг Андройд, iOS үйлдлийн системтэй ухаалаг төхөөрөмжид “Зуслан” гэсэн түлхүүр үгээр хайлт хийн суулгах юм. “Мэдээ, мэдээлэл” цэснээс байгалийн нөөц ашиглалттай холбоотой сүүлийн үеийн мэдээллүүдийг авч болох бол “Санал гомдол” цэсэд 3 хүртэл гэрэл зургийг хавсарган хүрээлэн буй орчны эсрэг хууль, журам зөрчсөн үйлдлийн талаарх мэдээлэл, санал, гомдлыг ирүүлэх боломжтой юм байна. Таны ирүүлсэн мэдээлэл тус газрын эрхлэх асуудлын хүрээнд хамаарч байвал шалгаж нягтлан, авсан арга хэмжээний талаар хариу мэдэгдэх гэнэ. Видео бичлэг болон илүү олон зураг илгээх бол аппликэйшний зүүн дээд буланд байх нийгмийн сүлжээний хаягуудаар холбогдоорой.

Мөн “Зуслан” аппликэйшн нь зусланд амьдарч, түр оршин сууж, зорчиж буй иргэдэд зориулсан байгаль орчныг хамгаалах чиглэлийн мэдээлэл, зөвлөмжүүд бүхий Зуслан, Төрийн үйлчилгээ, Ногоон хөгжил зэрэг туслах цэсүүдтэй аж. Үндсэн хуульд заасан байгаль орчныг хамгаалах иргэн бүрийн журамт үүргээ биелүүлэхэд тань туслах “Зуслан” аппликэйшнийг ашиглахыг нийслэлийн Байгаль орчны газраас уриалж байна.

Categories
мэдээ нийгэм

Тарваган тахлын тохиолдол 14 хувиар нэмэгджээ

Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналт, Байгаль орчны газар болон Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 540 мянган га талбайд мод бэлтгэх, хориглосон ан амьтан агнах зэрэгт шалгалт хийсэн талаараа танилцуулав. Шалгалтаар иргэний зориулалтаар тусгай зориулалттай ан амьтан агнах зэрэг зөрчил их илэрчээ. Тухайлбал, саарал чоно, хярс зэргийг агнасан байна. Мөн гарал үүсэл нь тодорхойгүй цагаан загас зарсан зэрэг зөрчил илэрчээ. Түүнчлэн иргэдийн тарвага агнах эрчимтэй цаг үе эхэлж байгаатай холбоотойгоор наймдугаар сарын 15-наас тарваган тахлаас урьдчилан сэргийлэх постууд ажиллуулахаар болжээ. Энэ ажил аравдугаар сарын 31 хүртэл үргэлжлэх юм байна. Мэргэжлийн хяналтын газраас өгсөн мэдээллээр тарваганы 23 нойтон тулам хотруу оруулах гэж байсныг илрүүлжээ. Тэгвэл Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн мэдээлснээр энэ онд тарваган тахлын тохиолдол 14 хувиар нэмэгдсэн аж.

Categories
мэдээ нийгэм

Э.Оюунболдод хариуцлага тооцох талаар шаардлага хүргүүлжээ

Монголын Үндэсний бөхийн холбооноос Үндэсний Их Баяр Наадам Зохион Байгуулах Хороонд хүргүүлсэн шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Шаардлага хүргүүлэх нь:

“Ардын Хувьсгалын 98 Жилийн Ойн Баяр Наадмын Үндэсний Бөхийн Барилдааны шөвгийн 16 бөхөөс допингийн шинжилгээ авснаас 2 бөхөөс допинг буюу хориотой бодис илэрсэний нэг нь ес давж Монгол Улсын аварга цол хүртсэн Энхтөгс овогтой Оюунболд болох нь БНСУ-аас ирүүлсэн допингийн шинжилгээний хариугаар тогтоогдсон байна.

Үндэсний Их Баяр Наадам Зохион Байгуулах Хороо, хорооны дарга Ө.Энхтүвшин, нарийн бичгийн дарга Э.Содномжамц, ашиг сонирхлын зөрчил бүхий дархан аварга, МҮБХ-г төлөөлөх эрхгүй хэсэг бүлэг этгээдүүд тодорхой зорилготойгоор БНСУ-аас ирсэн допингийн шинжилгээний хариуг нуун дарагдуулж, өөрчлөхөөр санаархаж, Монголын Үндэсний Их Баяр Наадмын тухай хууль, Монголын Үндэсний Бөхийн Холбооны дүрэмд байхгүй “…Б сорьцын шинжилгээний хариуг иртэл допинг хэрэглэсэн бөхийн нэрийг зарлаж болохгүй…” гэж илт үндэслэлгүй худал тайлбар хийж нийт бөхчүүд, бөх сонирхогчид, наадамчин олон, ард түмнийг хууран мэхэлж, хууль бус үйл ажиллагаа явуулж байгааг Монголын Үндэсний Бөхийн Холбоо эсэргүүцэж байна.

Бөхчүүд, бөх сонирхогчид, наадамчин олон, ард түмнийг хууран мэхэлж, допинг буюу хориотой бодис хэрэглэсэн Э.Оюунболдод дараах хариуцлага тооцох саналыг Монголын Үндэсний Бөхийн Холбооноос хүргүүлж байна.

  1. Э.Оюунболдыг нийт бөхчүүд, бөх сонирхогчид, наадамчин олон, ард түмнээс уулчлалт гуйлгуулах
  2. Э.Оюунболдын ес давсныг хүчингүй болгож, аварга цолыг хурааж, улсын аварга Н.Батсуурийг ес давсанд тооцож ДАЯН АВАРГА цол олгох
  3. Э.Оюунболдын найм давсныг хүчингүй болгож, Улсын арслан Ц.Содномдоржийг найм давсанд тооцож, ҮЛЭМЖ БАДРАХ чимэг олгох
  4. Э.Оюунболдын долоо давсныг хүчингүй болгож, улсын харцага Д.Анарыг долоо давсанд тооцож, УЛСЫН ЗААН цол олгох
  5. Э.Оюунболдын зургаа давсныг хүчингүй болгож, улсын начин Б.Цэрэнсодномыг зургаа давсанд тооцож, УЛСЫН ХАРЦАГА цол олгох
  6. Э.Оюунболдын тав давсныг хүчингүй болгож, аймгийн арслан Н.Мустафаг тав давсанд тооцож УЛСЫН НАЧИН цол олгох
  7. Э.Оюунболдын нэг, хоёр, гурав, дөрвийн даваануудыг хүчингүй болгож, унасан бөхчүүдийг давсанд тооцох
  8. Э.Оюунболдын түрүү бөхийн бай, шагналуудын хураан авах
  9. Э.Оюунболдын барилдах эрхийг 2 жилээр хасах

Үндэсний Их Баяр Наадмыг Зохион Байгуулах Комиссын дарга допинг буюу хориотой бодис хэрэглэн барилдаж, ард түмнийг хууран мэхэлж, шударгаар барилдсан олон бөхчүүдийг хичээл зүтгэлийг үгүй хийсэн Э.Оюунболдын нэрийг ард түмэнд зарлахгүй байгааг шударга бус гэж үзэж байна. Мөн Улсын Бүртгэлийн байгууллагаас хүчингүй болгосон тамга, гэрчилгээ ашиглан өөрийгөө МҮБХ-ны тэргүүн гэж бөхчүүд, бөх сонирхогчид, ард түмнийг хууран мэхэлж, дургүй бөхөө допингчин болгодог, хүссэн бөхийнхөө шинжилгээг өөрчилдөг Э.Оюунболдын багш, дархан аварга гэх эрхмээс Үндэсний Их Баяр Наадам Зохион Байгуулах Хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүдтэй уулзаж, тэдэнд нөлөөлж, Э.Оюунболдын допингийн шинжилгээний дээж, хариуг өөрчлөхөөр завдаж байгаа хууль бус ажиллагаа, олон жилийн турш хийсэн допингийн хууль бус бизнесээ зогсоохыг шаардаж байна.

Үндэсний Их Баяр Наадмыг Зохион Байгуулах Хороо нь бөхчүүд, бөх сонирхогчид, наадамчин олон, ард түмнийг хуурч допинг буюу хориотой бодис хэрэглэж барилдсан Э.Оюунболдод шударгаар хариуцлага тооцохгүй хууль бус эс үйлдэхүй гаргаж, хохирсон бөхчүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тохиолдолд Захиргааны Хэргийн Шүүх, Авилгатай Тэмцэх Газарт хандах болохыг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Солонгосын 7 хоног” арга хэмжээг зохион байгуулна

Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 29 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, БНСУ-ын Элчин сайдын яам хамтран “Солонгосын 7 хоног” арга хэмжээг энэ сарын 13-18-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна. Арга хэмжээний хөтөлбөрт солонгос үндэсний хөгжмийн тоглолт, үндэсний хувцасны загварын шоу, үндэсний тоглоом, цаасан урлал, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, солонгос хоолны фестиваль, Гоо даамны тэмцээн, “К-Поп” бүжгийн тэмцээн болон солонгос, монгол залуу хамтлаг дуучдын хамтарсан тоглолт, нийслэлийн “Улаанбаатар” чуулгын тоглолт багтжээ. Мөн арга хэмжээний үеэр сугалаа сугалах, вааранд сум шидэх, шаараар бүтээл урлах, нүүр будах, багаараа дээс тоглох зэрэг олон нийтэд зориулсан төрөл бүрийн сонирхолтой арга хэмжээнүүд зохион байгуулагдах аж.



Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Зориг агсны эхнэр Б.Булган: Миний тэвчээр үнэхээр алдагдаж байна

Тагнуулын ерөнхий газрын дарга, хошууч генерал Б.Хурц, УЕПГ-ын орлогч прокурор асан Г.Эрдэнэбат, тагнуулын мөрдөгч О.Бархасбадь, Ч.Мөнхгал, С.Баяр, Ч.Отгонбаяр, С.Эрдэнэбат, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаяр, О.Бямбажав нарын есөн хүнд холбогдох шүүх хурал өчигдөр Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:10 цагт эхлэв. Шүүх хуралд шүүгдэгчид, тэдний өмгөөлөгч нар болон хохирогчоор Б.Содномдаржаа, Т.Чимгээ, С.Зориг агсны эхнэр Б.Булган, гэрчээр Д.Амгаланбаатар нар оролцсон юм.

Харин шүүхийн гадна Б.Хурц, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн, өөр бусад хүмүүс ирсэн байлаа. Тэдний зарим нь шүүх хурлыг нээлттэй явуулах, шударга ёсыг тогтоохыг шаардсан утга бүхий уриа лоозон барьсан байв.

Шүүх бүрэлдэхүүн хурлын эхэнд УИХ-ын тогтоолоор байгуулагдсан Түр хорооны гишүүд шүүх хуралд ажиглагчаар оролцох хүсэлтийг хэлэлцээд хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн хүлээж авахаас татгалзсан юм.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 3-т зааснаар хэрэгт гэрч, хохирогчоор тогтоогдоогүй, оролцоогүй этгээдүүдийг шүүх хуралдаанд оролцуулах нь Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2 дахь зүйлийг зөрчинө гэж үзжээ.

Түүнээс гадна “Түр хороо нь УИХ-ын тухай хуульд зааснаар Байнгын хорооны эрх эдэлдэг, Байнгын хороонд хаалттай шүүх хуралдаанд оролцох эрх байхгүй. Мөн УИХ-ын гишүүний эрхэд хаалттай шүүх хуралдаанд ажиглагчаар оролцох эрх байхгүй байна.

Иймд С.Зоригийн амь нас хохирсон хэрэгт Түр хороо байгуулагдан ажиллаж байгаа гэх үндэслэлээр Б.Хурц нарт холбогдох хаалттай шүүх хуралдаанд оролцуулах үндэслэл байхгүй байна” гэсэн үндэслэлийг шүүхийн зүгээс гаргасан байлаа.

Нийслэлийн Прокурорын газраас Б.Хурц нарын есөн хүнийг эрүү шүүлт тулгахтай холбоотой 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.3,36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлээд байсан юм.

Түр хорооны гишүүдийг ажиглагчаар оролцуулахыг татгалзсанаар шүүх хурал үргэлжилж 13:00 цагийн үед завсарлав. Шүүх танхимаас хамгийн түрүүнд Б.Хурц хэсэг залуусаар хамгаалуулан гарч ирж, хэвлэлийнхнээс зугтах шахам машинд суугаад явж одлоо.

Түүний араас зарим шүүгдэгч, өмгөөлөгч нар, Б.Булган нарын хүмүүс гарч ирэн өдрийн цайнд орцгоов.

Б.БУЛГАН: БИ ЭНЭ ХЭРЭГТ ХОХИРОГЧООР Ч, ЯЛЛАГДАГЧААР Ч ТАТАГДААД БАЙГАА
Энэ үеэр С.Зориг агсны эхнэр Б.Булгантай цөөн хором ярилцсан юм.

-Сайн байна уу, та. Сайхан намаржиж байна уу?

-Сайн, сайн байна уу.

-Ширээнд тань түр сууж болох уу?

-За.

-Танаас ганц зүйлийг л тодруулах гэсэн юм. Та одоо ер нь энэ хэрэгт гэрч болоод байна уу, эсвэл хохирогч уу, яллагдагч уу?

-Анх яллагдагч байсан. Одоо хохирогчоор орж байна. Гэхдээ одоо ч яллагдагч хэвээрээ байгаа шүү. Ер нь явж, явж өөрөө ч хэн болчихоод байгаагаа мэдэхгүй байна. Нарийн зүйлийг манай өмгөөлөгчөөс асуусан нь дээр.

Яллагдагчаар татсан учир нь захиалагчтай холбоотой хэрэгт татсан, хуралд оруулахгүйгээр. Энд бол хохирогчоор явж байна.

-Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн болохоор уу?

-Би ч бас шүүгдчихсэн байна шүү дээ.

-Таны бие зүгээр үү?/ гараа гипсдчихсэн байв/

-Муу, муу. Надад сайн юм байхгүй /инээв/. Би нэг баахан гарын үсэг зурчихсан байгаа юм. Амаа нээгээд л хэрэгт орчих гээд байдаг.

-Тийм ээ, мэдэж байна…

-Гэхдээ миний тэвчээр үнэхээр алдагдаж байна. Тэвчиж л байна. Ямартаа ч энэ асуудал дуусаг.

-С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт эрүүдэн шүүсэн шинэ нөхцөл байдал үүслээ. Та ямар байр суурьтай байгаа вэ?

-Хууль зөрчсөн асуудал байгаа.

Биднийг ийнхүү ярилцах зуур түүний өмгөөлөгч Ц.Гүенбат ирлээ. Б.Булган ярилцлагаа өмгөөлөгчтэйгөө үргэлжлүүлэхийг хүсэв.

Ц.ГҮЕНБАТ: БУЛГАНЫГ ЗАХИАЛАГЧТАЙ ХОЛБООТОЙ ХЭРЭГТ ЯЛЛАГДАГЧААР ТАТСАН НЬ ХУУЛЬ ЗҮЙН АЛДААТА

-Танай үйлчлүүлэгч шүүх хуралд хохирогчоор оролцож буй үндэслэлийг тайлбарлахгүй юу?

-Энэ бол эрүүдэн шүүсэн асуудал. Эрүүдэн шүүж байгаа асуудал дээр хамгийн анх Амгаланбаатар, Содномдаржаа, Чимгээ нарыг байцаах үед манай үйлчлүүлэгчийг нүүрэлдүүлсэн. Энэ үед манай үйлчлүүлэгч “Энэ хүн биш байх аа.

Ийм хүн байгаагүй. Ийм хүмүүс биш шүү” гэдэг асуудал ярьсан байдаг. Ингээд манай үйлчлүүлэгч 2015 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр хоригддог. Олон нийтэд ил болсон бичлэгээр бол эрүүдэн шүүсэн үйл явц 2015 оны есдүгээр сард болсон. Түүнтэй улбаатай манай хүнийг хорьсон байж таараа.

-Хэрэв эрүүдэн шүүсэн нь үнэн болж таарвал Б.Булганыг хорьсон нь хууль бус болох уу?

-Ер нь эхнээсээ эрүүдэн шүүгээд хорьж байгаа бол хууль бус. Тиймээс үнэхээр эрүүдэн шүүсэн асуудал нь нотлогдвол бидний хувьд туйлын их гомдолтой л болж таарна.

-Өмнө нь товлогдсон шүүх хурлын явцаас харахад шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн байр суурь шүүх хурлыг хойшлуулах сонирхолтой байсан. Дээр нь Д.Амгаланбаатар гэрчээр орж ирсэн нь олон хүний гайхширлыг төрүүллээ. Тэр хүн гэрч байх үндэслэлтэй юу?

-Яагаад гэрч болгосныг тухайн үеийн мөрдөж байгаа ажлын хэсэг шийдэж байгаа. Миний бодлоор Амгаланбаатар дээрээс өгсөн дарамт, даалгавраар ийм ажиллагаа хийсэн учраас гэрч болж байна гэж ойлгож байгаа. Яах вэ, бичлэгэн дээр гүйцэтгээд байгаа юм шиг харагдаад байгаа.

Гэтэл сайн дураараа гүйцэтгээд байгаа юм уу, эсвэл дээрээс ямар нэгэн дарамт шахалтаар гүйцэтгээд байна уу. Үүнийг мөрдөн байцаах байгууллага нь тогтоогоод шүүх рүү шилжүүлж байгаа учраас би тэр хүнийг гэрч байх нь зөв гэж гэж үзэж байна.

-Гэхдээ Д.Амгаланбаатарын үг өөрөө хэр үнэний ортой байх вэ. Өмнө нь хэдэнтээ мэдүүлгээсээ буцаж, мэлзэж байсан хүн гэсэн эргэлзээ хуульчдын дунд байгаа?

-Амгаланбаатарын яриа-гаар л бид энд бас ирчихсэн байна шүү дээ. Өмнөх хурал дээр шүүгдэгчдийн өмгөөлөгч шүүгчээс татгалзсан асуудал дээр бол Амгаланбаатарыг гэрчээр оролцуулъя гэдэг хүсэлтийг тэд өөрсдөө гаргасан. Түүнийг нь шүүх хүлээгээд авсан. Тэгсэн чинь энэ хүсэлтийг хүлээж авлаа гээд шүүх бүрэлдэхүүнээс татгалзчихсан.

Өөрөөр хэлбэл, шүүх энэ хэргийг шударгаар шийдвэрлэнэ гэдэг үндэслэл бүхий эргэлзээ байх ёстой. Гэтэл өөрсдийнх нь гаргасан хүсэлтийг хүлээж авч байгаа нь эргэлзээ мөн үү биш үү гэдэг асуудал байгаа юм. Ямартаа ч шүүх бүрэлдэхүүн тэдний хүсэлтийг хүлээж аваагүй, шүүх хурал үргэлжилж байна.

-Шүүх хурлыг ямар нэгэн аргаар хойшлуулж байгаад хөөн хэлэлцэх хугацааг нь гүйцээе гэсэн хардлага байж болох уу?

-Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өөрөө таван жил. Энэ хэрэг үйлдэгдсэн он cap бол 2015 оны есдүгээр cap гэж байгаа. Тэгэхээр одоо хэргийг шийдвэрлэхэд жил орчмын хугацаа л үлдээд байна.

-Түр хорооны гишүүдийг ажиглагчаар оролцуулахыг зөвшөөрсөнгүй. Шүүх хурлын уур амьсгал ямархуу байна вэ?

-Шүүх хурал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Шийдвэр яаж гарахыг мэдэхгүй. Өмгөөлөгч нарын зүгээс мөрдөн байцаах шатанд бусад шаардлагатай нотлох баримтууд байхгүй байна. Мөрдөн байцаах шатанд бас хүний эрх зөрчигдсөн байна. Үүнийг шийдүүлчихье. Дараа нь нэгмөсөн хурлаа хийе гэсэн хүсэлтийг гаргаад байгаа.

Эрүүгийн хэргийн шүүх хурал хоёр үе шаттай байдаг. Нэгдүгээрт, урьдчилсан хэлэлцүүлэг болно.

Дараа нь гэм буруугийн асуудлыг хэлэлцэнэ. Өмгөөлөгч нарын зүгээс урьдчилсан хэлэлцүүлэг дээр гаргах ёстой хүсэлтээ гэм буруугийн хурал дээр гаргаж байгаа нь хачирхалтай. Мэдээж гэм буруутай холбоотой гаргаж байгаа хүсэлтийг шүүх шийднэ.

Хамгийн эцсийн байдлаар шүүгдэгч нарыг гэм буруутай гэж үзэх үү. Эсвэл гэм буруутай гэж үзэхэд шүүгдэгч, өмгөөлөгч нарын яриад байгаа нотлох баримтууд шаардлагатай гэж үзэх үү. Үүнээс улбаалж нэг бол хурал хойшилно, нэг бол шууд шийднэ гэсэн үг.

-Таны үйлчлүүлэгч Б.Булганыг энэ хэрэгт хохирогч гэж үзэж байна. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт дахин яллагдагчаар татсан байдаг?

-Тэр чинь их сонин юм байгаа. Олон нийт бол ойлгож байгаа. 2015 оны арваннэгдүгээр сард манай үйлчлүүлэгчийг цагдан хорьж 2016 оны есдүгээр сард сулласан байдаг. Энэ үеэс эхлээд Зориг агсныг хөнөөсөн хэрэгт Содномдаржаа нарыг шүүх хурлууд явагдаж эхэлдэг. Тэгээд удалгүй 2016 оны аравдугаар сард Булганд холбогдох хэрэг хэрэгсэхгүй болдог. Тэгэхээр манай хүний хувьд энэ хэрэгт хэн ч биш болчихож байгаа биз.

-Тэгээд…

-Гурван шатны шүүх хурал үргэлжилсээр Содномдаржаа, Чимгээ нар ял аваад дууссан. Тэгэхээр одоо Улсын Дээд шүүхээс нэгэнт гарчихсан тогтоол дээр давж заалдах юм уу, дахиад хэрэг шийдэх ямар ч эрх байхгүй болчихож байгаа юм.

Гэтэл энэ үйл явц дууссаны дараа манай үйлчлүүлэгчийг дахиад яллагдагчаар татдаг. Өөрөөр хэлбэл, Зориг агсныг хөнөөсөн хэргийн захиалагчтай холбоотой хэрэгт холбогдуулсан. Тэр нь хууль зүйн их алдаатай байсан. Энэ талаар холбогдох байгууллагад хандаад байгаа.

-Хохирогчид, тэдний өмгөөлөгчдийн зүгээс шүүх хурлын явцад ямар нэгэн тайлбар, байр суурь хэлэх боломжтой байгаа юу?

-Бид нар бол шаардлагатай байр сууриа илэрхийлсэн гэв.

Шүүхийн гадна цугласан олны дунд ТЕГ -ын дарга асан, шүүгдэгч Б.Хурцын авга ах, үеэл, найз нөхөд хэмээн өөрийгөө танилцуулсан хүмүүс ч байсан юм. Өөрийгөө Б.Хурцын авга ах хэмээн танилцуулсан иргэн “Энэ бол жижиг хэрэг биш. Нийгэм даяараа талцаж байна.

Бидний дүү энд ямар хэрэг хийсэн, алдаа оноо гаргасан эсэхийг шүүх шийднэ. Бидний хувьд энэ хэрэг аль, аль талд нь нээлттэй явагдаасай гэж хүсэж байгаа. Нууцын зэрэглэлтэй гэх материалуудыг ил болгох ёстой.

Хууль зүйн сайд Нямдорж нарын хүмүүс ажиглагчаар оролцох хүсэлтээ гаргасан гэсэн. Тэр хүний нэр С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгасан энэ олон жилийн хугацаанд байнга давтагдлаа.

Энэ хэргийн захиалагчийг олно гэж олон жил ярьсан. Одоо сүүлд нь шүүхийн өмнүүр орж Содномдаржаа, Чимгээ хоёроос уучлалт гуйж, хорих ангиас хөтөлж гаргаад суллах юм ярьж байгаа. Үнэхээр тэр хүн шударга хүн бол олон жил ярьсан захиалагчийн нэрийг гэрчийн хувиар хэлэх ёстой” гэв.

Г.БАТБАЯР: МАНАЙ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ “ЗОД, ДАРАМТАЛ” ГЭСЭН ҮҮРЭГ ӨГӨӨГҮЙ

Шүүх хурал 14:30 цагт үргэлжлэхээр товлоод байсан юм. 14:40 цагийн үед Б.Хурцын өмгөөлөгч Г.Батбаяр шүүх хурлыг үргэлжлүүлэхээр ирсэн. Тэрээр шүүх танхим руу орохын өмнө сэтгүүлчдийн асуултад ийн хариуллаа.

-Б.Хурц нарын хүмүүс гэм буруугүй гэдгийг та ямар үндэслэлээр тайлбарлах вэ?

-Хуулиа баримтлах юм бол манай үйлчлүүлэгч ямар ч ялгүй, цагаадах ёстой. Эрүүгийн хуулийг ижил төстэйгөөр хэрэглэхийг хориглодог. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч мэдүүлэг авахын тулд мөрдөн байцаах үйл ажиллагаа тэнд явагдаагүй.

Гэтэл миний үйлчлүүлэгч нарыг яллаад байгаа энэ зүйл анги нь Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны эсрэг гэмт хэрэгт хэрэглэдэг. Мөрдөн шалгах ажиллагааны үед хэрэг бүртгэгч мэдүүлэг өгөхийг албадаж хүнийг зодсон бол ялладаг зүйл анги. Гэтэл хоригдол хоригдлоо зодсон үйл явдал болсон. Тэдний хүн зодсон үйлдэл нь эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээр явах учиртай.

-Гэхдээ Ц.Амгаланбаатар Б.Содномдаржааг “Хэргээ хүлээ” гэж зодсон байсан шүү дээ?

-Энд тагнуулын тагнан турших ажиллагаа буюу гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Нууц камер байршуулж, хамгаалагчаар Итгэлтөгсийг оруулж аюулгүй байдлыг хангасан. Энэ бол нэгэнт олон нийтэд ил болсон зүйл. Тагнан турших үйл ажиллагаа явагдаж байхад нэгнийгээ алгадлаа гэхэд тагнаж байгаа тагнуулын ажилтан нь гүйж ороод одоо боль гэж салгах ямар ч боломжгүй. Манай үйлчлүүлэгч нар зод, дарамтал гэсэн үүрэг даалгавар өгөөгүй. Энэ нь ямар нэг байдлаар нотлогдохгүй.

-Танай үйлчлүүлэгч Ц.Амгаланбаатар, Итгэлтөгс нарыг дотогш оруулж зодож, дарамтлах боломжоор хангаж өгсөн юм биш үү?

-Амгаланбаатарын хүн алсан гэсэн ярианы үнэн, худлыг шалгах зорилгоор Содномдаржаатай нүүрэлдүүлсэн. Сүүлдээ мэдүүлгээ нотлуулах гээд “Чи яаж алсан билээ” гээд нэг алгадчихаж байгаа нь эрүүдэн шүүлт биш.

Миний үйлчлүүлэгч тухайн асуудлыг мэдэхгүй. Хэзээ хойно хэдэн сарын дараа ганц, хоёр алгадсан, цохисон, зодсон байна гэдэг нь мэдэгдсэн. Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Батзандангийн хэлж байгаачлан олон хоног зодсон гэх яриа худал. Байсан бүх бичлэгийг Үндэсний телевизээр цацсан. Энэ нь эрүүдэн шүүлт биш. Эрүүдэн шүүлтийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч явуулдаг. Хоригдлуудын хоорондоо зодолдож байгаа үйлдлийг танхайрах гэдэг юм гэв.

Ж.БАТЗАНДАН: ХЭРГИЙН МАТЕРИАЛЫН 90 ХУВИЙГ УЛСЫН НУУЦААС ГАРГАЧИХСАН

Түүнчлэн УИХ-ын Түр хорооны гишүүдийг шүүх хуралд ажиглагчаар оролцохыг татгалзсан асуудлын тухайд УИХ-ын гишүүн Ж.Батзандан байр сууриа илэрхийлсэн байна.

Тэрээр “Шүүгдэгчдийн зүгээс шүүх хурлыг явуулахгүй байх зорилгоор шалтаг шалтгаан гаргаж, аль болох хойшлуулахыг оролдож байна. Түр хорооны зүгээс Олон улсын парламентын холбооноос тавьсан хүсэлтийн дагуу шүүх хуралд ажиглагчаар оролцож, хуулийн дагуу шүүх үйл ажиллагаа явж байгаа эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөх зорилготой байсан.

Монгол Улсын Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4-т шүүх хуралдааныг бүхэлд нь, эсвэл хэсэгчлэн хаалттай явуулж болно гэж заасан. Уг шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай явуулах шаардлагагүй.

Яагаад гэвэл хэргийн материалын 90 хувь нь улсын нууцаас гарчихсан. Хаалттай шүүх гэдэг нэрийн дор гэмт хэрэгтэн, эрүүдэн шүүгчдийг хамгаалах оролцогч битгий гараасай гэж хүсэж байна. Иргэд олон нийт, УИХ-ын гишүүд бид нар энэ хэрэгт онцгой анхаарал тавьж ажиглаж байгаа” гэв.

Л.ЖАВЗМАА: Б.БУЛГАН НАДТАЙ МЭНДЭЛСЭН

Эрүүдэн шүүсэн гэх бичлэгийн асуудал яригдаж эхлэх үед Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг өнгөрсөн гуравдугаар сард эмнэлэгт хэвтүүлсэн байдаг.

Одоо ч тэд 401 дүгээр хаалттай хорих ангийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсээр байгаа аж. Шүүх хуралд хохирогчоор оролцож байгаа тэднийг ар гэрийнхэн нь мөдхөн суллагдана гэсэн итгэл найдвартай байгаагаа хэвлэлийнхэнд хэлж байлаа.

Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат “Чимгээ маань суллагдана гэдэг итгэл найдвартай, сэтгэл санаа нь өндөр байгаа. Анх тэднийг эрүүдэн шүүж байх үед нь би уулзаж байсан. Тэр үед Чимгээ “Манай өрөөнд Амгаланбаатар орж ирж хашхирч, бархирсан” гэж хэлсэн. Би тэр үед хэвлэлд ярьж л байсан. ХЭҮК-т ч хандсан. Тэд прокурорт ханд гэсэн.

Гэтэл прокурор нь “Цензургүй яриа”-гаар “Эрүүдэн шүүлт байхгүй. Нүд цавчихгүй харж байгаа” гэсэн. Бичлэг ил болоход “Бид тэр бүр харж чадахгүй” гэж худал хэлсэн. Ийм л үйл явц өрнөөд байгаа. Шүүх байгууллага үүнийг шударгаар шийдээсэй гэж хүсэж байна” гэв.

Тэгвэл Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа ч байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр өмнөх шүүх хурлын үеэр Б.Булгантай уулзаж харагдсан.

Тэр хоёр юу ярилцсан талаар Л.Жавзмаа гуайгаас лавлахад “Булган надтай ирж мэндэлсэн. Өөрөө хүрч ирээд “Таны бие сайн уу” гээд мэндлээд яваад өгсөн. Өөр зүйл яриагүй. Уг нь ярьж хөөрөх зүйл их л байх юм. Нэг л уулзах боломж олдохгүй байна. Шүүх хуралд Амгаланбаатар юу хэлэх бол гэж л хүлээж байна. Үнэнээ яривал сайн л байна.

Гол нь өөр зорилготой орж ирсэн үү, ямар үгтэй орж ирэв гэдэг нь эргэлзээтэй. Хүүтэйгээ нэг сар орчмын өмнө уулзсан. Зодуур дарамт гайгүй болохоор түүнийгээ дагаад бие нь ч гайгүй харагдсан.

Гэхдээ ямар өөдтэй байх вэ, “Түргэн гарчихмаар байна” гэж байсан. Тэднийг гаргах талаар хүмүүс хөөцөлдөж л байгаа бололтой байсан. Шүүхийн шийдвэрийг л хүлээж байна” гэсэн юм. Шүүх хурал өчигдөр 20:00 цагийн үед завсарлаж өнөөдөр үргэлжлэхээр боллоо.

Categories
мэдээ нийгэм

Хонконг дахь эсэргүүцлийн жагсаалын улмаас МИАТ компанийн нислэгүүд хойшлогдов

БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс /ЗЗОБ/ Хонконгт өрнөж буй эсэргүүцлийн үйл ажиллагаа улам идэвхжиж, эмх замбараагүй байдал үүсч, үймэн самуун дэгдэн, цагдаа, жагсагчид болон жагсагчдын эсрэг бүлэглэлүүдийн хооронд тогтмол мөргөлдөөн гарч байна. Наймдугаар сарын 12-ны өдөр Хонконгийн олон улсын нисэх буудалд олон мянган хүн цуглаж, нислэгийн бүртгэлийн ажиллагаа саатсан тул 16.00 цагаас хойшхи бүх гарах нислэгийг цуцлажээ.

Үүний улмаас МИАТ-ын онгоц өчигдөр Хонконгод газардаж чадаагүй байна. Хонконгийн олон улсын нисэх онгоцны буудал гадагшаа чиглэсэн бүх нислэгээ зогсоож, түр хугацаанд нислэг хүлээж авах боломжгүй болсон тухай мэдэгдэл Улаанбаатар-Хонконг чиглэлийн нислэг хөөрсний дараа МИАТ-д иржээ.

Улмаар Улаанбаатар-Хонконг чиглэлийн ОМ2971 аяллын нислэг зэргэлдээх Гуанжоу хотод 17:52 цагт газардаж, түлш болон хоолны үйлчилгээ аван, 20:15 цагт Улаанбаатарын чиглэлд хөөрсөн байна.

Тиймээс дээрх чиглэлд нислэг үйлддэг МИАТ компанийн хуваарьт нислэгүүд хойшлогдоод байгаа юм.