Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэс Монгол” ХХК Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг судаллаа

Засгийн газраас “Монголросцветмет” ТӨҮГ-ын мэдэлд байсан Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлсний дагуу өнгөрсөн зургаадугаар сард ашигт малтмал, газрын тосны газраас уг ордын ашиглалтын дөрвөн тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн юм.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн төлөөлөл Ашигт малтмал, газрын тосны газар болон Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчидтай хамтран Асгатын мөнгөний ордын өнөөгийн нөхцөл байдалтай танилцаж, уг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг судаллаа.

Энэ үеэр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Уул уурхай, техник, технологийн газрын захирал Б.Элбэгзаяа тэргүүтэй төлөөлөл Баян-Өлгий аймгийн удирдлагуудтай уулзаж, уг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар санал бодлоо солилцов.

Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан уг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар орон нутгийн төсөвт дэмжлэг болж, иргэдийг ажлын байраар хангах боломжтой болж буйг дурдаад аймгийн удирдлага бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.

Categories
гадаад мэдээ

Хонконгт өрнөж буй нөхцөл байдлын эргэн тойронд

Хонконгт гэмт хэрэгтнийг Хятадад шилжүүлэн өгөх хуулийн төслийг эсэргүүцэн, Засгийн газрын тэргүүн Керри Ламыг огцрохыг шаардсан жагсаал гурав дахь сардаа үргэлжилж байна. Гэмт хэрэгтэн шилжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудлыг хойшлуулсан байгаа ч жагсагчид бүрмөсөн зогсоохыг шаардсаар байгаа юм.

Өөрөөр хэлбэл, тэд Хонконгийн Бээжингээс хараат бус, бие даасан байдлыг хадгалах хүсэлтэй байгаа аж. Хятадын эрх баригчид тэмцэгчдэд “галаар наадахгүй байх” төв засгийн газрын тэвчээрийг барахгүй байхыг анхааруулсаар байгаа юм. Одоогийн байдлаар Лантау аралд оршдог дэлхийн хамгийн өндөр ачаалалтай нисэх буудлуудын нэгт тэмцэгчид дөрөв дэх өдрөө суулт зарлаад байна. Өнгөрсөн даваа гаригийн үдээс хойш олон мянган тэмцэгчид нисэх буудалд нэмэгдэж ирснээр зорчигчдыг үдэн гаргах танхим дүүрсэн аж. Улмаар бүх нислэгийг цуцлахад хүргэжээ. Дэлхийн худалдаа, эдийн засгийн гол төвүүдийн нэг болох олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа саатсанаар бүс нутагт төдийгүй олон улсад сөрөг үр дагавартай хэмээн шинжээчид үзэж байна. Тус нисэх буудал дэлхийн 200 гаруй чиглэлд хоногт зорчигч болон ачаа тээврийн 1100 нислэг үйлддэг аж. Үүнтэй зэрэгцэн 20 гаруй орны зүгээс ард иргэддээ тус газар луу зорчихгүй байхыг сэрэмжлүүлээд байна. Мөн Хонконгт аялж байгаа иргэддээ олон хүн цугларсан газарт очихгүй байхыг зөвлөжээ.

Өнгөрсөн ням гаригт Хонконгт болсон жагсаалын үеэр тэмцэгчид болон цагдаа нар хоорондоо мөргөлджээ. Энэ үеэр 40 орчим хүн бэртэж эмнэлэгт хүргэгдсэн юм. Хууль сахиулагчид жагсаалыг хүчээр тараах үүднээс жагсагчдын эсрэг нулимс асгаруулах хий, бороохой ашигласан байна. Энэ нь сүүлийн арван жилийн хугацаанд тохиогоогүй хамгийн ноцтой хямралд хүргэж байгаа жагсаал аж. Учир нь жагсаалд оролцогчид худалдааны томоохон хорооллын замуудыг хааж, автобус, метро, галт тэрэг зэрэг нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориод буй юм. Өнгөрсөн онд Хонконгт гадаадын 65 сая жуулчин зорчсон гэх судалгаа бий. Жуулчдын дийлэнх нь Азийн орнуудын иргэд аж. Өнгөрсөн оныхтой харьцуулахад энэ удаад жуулчдын урсгал 8.5 хувиар буурчээ. Ялангуяа өнгөрсөн долдугаар сард буурсан үзүүлэлттэй гарсныг шинжээчид онцолсон байна.

Дашрамд хэлэхэд, дээрх жагсаалтай дүйцэхүйц хэмжээний өөр нэг жагсаал 2014 оны намар болж байв. Тухайн үед оюутнууд сонгуулийн тогтолцоог ардчилсан болгохыг шаардан, 79 өдрийн турш эсэргүүцлээ илэрхийлсэн агаад дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Шүхэрт хөдөлгөөн” гэж нэрлэж байв.

Categories
мэдээ нийгэм

Хотын захирагч Налайхын авто замын бүтээн байгуулалттай танилцаж, үүрэг чиглэл өглөө

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын барилгын ажил өнөөдрийн байдлаар 37 хувийн гүйцэтгэлтэй байна. Үргэлжлэн орсон усархаг борооны улмаас ажил саатаж, төлөвлөгөөнөөсөө 8 хувиар хоцорч явааг албаны хүмүүс Хотын захирагч с.Амахрсайханд мэдээллээ.

Тус замд нийт 38 газарт борооны ус зайлуулах шугам хийхээс 35-ыг нь хийгээд байна. Авто машин болон мал амьтны гурван нүхэн гарц хийхээс нэг нь 100 хувь, нөгөө хоёр нь 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгааг дурьдлаа. Түүнчлэн асфалтан хучилтыг энэ сарын 20-нд эхлэхээр төлөвлөн ажиллаж байгаа талаараа нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Г.Баттогтох Хотын захирагчид танилцууллаа.

Уг замын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын Синохидро компани, туслан гүйцэтгэгчээр Монгол Улсын “Тэгшплант” ХХК, “Гашууны гол”ХХК, “Дарданговь” ХХК гэсэн гурван компани ажиллаж байна. Хотын захирагчийн зүгээс Синохидро болон Дарданговь комданиудын хариуцан ажиллаж байгаа газруудад ажил хангалтгүй явагдаж байгаа, үүнд арга хэмжээ авч, ажлыг түргэн шуурхай явуулах шаардлагатайг дурьдлаа. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Г.Баттогтохоос энэ талаар тодруулахад “Бидний зүгээс ерөнхий гүйцэтгэгч компанид туслан гүйцэтгэгч компанийнхаа тоог нэмж ажиллуулах шаардлагыг тавьж ажиллаж байгаа” хэмээв.

Хотын захирагч С.Амарсайхан “Замын ажлыг түргэн шуурхай хийж, төв зам ашиглалтад ортол түр замын асуудал дээр анхаарч ажилла. Түр замаар том оврын авто машин, нийтийн тээврээс авахуулаад маш их машин зорчиж байгаа. Ойр ойрхон замыг түрж тэгшлэн, усалгааг сайн хийгээд иргэдийг аюулгүй зорчих тал дээр маш сайн анхаар. Үүссэн нүх сүвийг нь бөглөөд аргацаагаад өнгөрч болохгүй. Түүнчлэн хайрга, дайрганы асуудал ярьж байна. Бидний зүгээс та бүхний хүсэлтийн дагуу бүхий л асуудлыг ажил эхлэхэд шийдэж өгсөн. Одоо бидний өмнө ямар нэг тайлбар тавиад зогсож байж таарахгүй. Энэ асуудлаа өөрсдөө шийдэж, ажлаа төлөвлөгөөт хугацаанд нь хүлээлгэж өгөх тал дээр анхаарч ажилла” хэмээв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Эрдэнэбат: Үндсэн хуулийн өөрчлөлтийг хүчээр баталж болохгүй

УИХ дахь АН-ын зөвлөл хуралдлаа. Хуралдаанаар ЗТХ-ийн сайдын мэдээллийг сонсож, замын ажлын талаар мэдээлэл сонссон байна. Дараагаар нь ХХААҮЯ, ЭХЯ-наас цаг үеийн мэдээлэл сонсох юм байна. УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:

-Улаанбаатар-Дарханы чиглэлийн түр зам иргэдийг их бухимдуулж байгаа. Иргэдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж байгаа учраас анхаарах ёстой. Энэ автозамын ажил хангалтай явагдаж байгаа нь яамны зүгээс өгч байгаа мэдээллээс харагдаж байна. Салбарын сайд энэ асуудалд онцгой анхаарах хэрэгтэй. 11 дүгээр сард автозамын ажлыг тавьж дуусгана гэнэ. Ажлын явцын асуудалд онцгой анхаарах ёстой гэдгийг хэллээ.

АН-ын зөвлөлийн хурлаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг мөн хэлэлцлээ. АН-ын зөвлөлөөс шаардлага хүргүүлээд байгаа. Энэ улс орон парламентын засаглалтай байх юм бол Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог байх ёстой. Орон нутгийн төвлөрлийг анхаарч, төрийн эдийн засаг, санхүү, хариуцлагыг тодорхой болгох хэрэгтэй. Ард түмний засаглах эрхийг хангах, парламентын хариуцлагыг дээшлүүлэх шаардлагатай. Энэ гурван асуудалд АН-ын зөвлөл саналын томъёолол хүргүүлсэн.

Эдийн засагтай холбоотой “Улсын өрийн хэмжээ ДНБ-ний 60 хувиас хэтрэхгүй байна” гэсэн заалтыг тусгаж өгөх хэрэгтэй. Төвлөрлийг сааруулахын тулд орон нутагт эдийн засгийн эрх мэдлийг өгөх ёстой. Тэгж байгаа энэ төвлөрөл, түгжрэлээс гарна.

УИХ-ын гишүүн Үндсэн хуулиар заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд УИХ-ын гишүүнээс чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах ёстой.

Үндсэн хуульд өөрчлөх эрх ард түмэн байгаа. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард түмнээс батлуулах шаардлагыг бид хүргүүлсэн

Categories
мэдээ нийгэм

Үер, усны ослоос урьдчилан сэрэмжлүүлж байна

Онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлэн ажиллаж байна.

Тухайлбал, голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг зохион байгуулж, гол, мөрөн, нуурын дагуу усанд орохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ байрлуулах, голын эрэг дагууд амарч зугаалж байгаа иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх зэрэг ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа юм.

Он гарсаар улсын хэмжээнд 13 аймгийн 37 сум, нийслэлийн зургаан дүүрэгт усны ослын нийт 72 тохиолдол бүртгэгдэж, 64 хүн амь насаа алдсан байна. Үүний 55 нь том хүн, 9 хүүхэд байгаа юм.

Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна.

Мөн Хэнтий нуруунаас усжих Туул, Тэрэлж, Сэлбэ, Улиастай, Сөгнөгөр, Онон, өврийн Богд, Чигэстэй, Хангай нурууны арын Идэр, Орхон зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-40 см нэмэгдсэн байна. Хэнтий нурууны баруун хажуугийн Хараа, Сэлбэ, Сөгнөгөр зүүн хажуугийн Хэрлэн, Онон, Хангайн нуруунаас эхтэй Байдраг, Алтай нурууны Ховд, Увс нуурын савын Хархираа, Хариг зэрэг голууд үерийн түвшинг 5-25 см, Туул гол, Лүн орчимд үерийн аюултай түвшинг 15 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Иймд:

  • Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
  • Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,
  • Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
  • Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Categories
мэдээ нийгэм

“Цэцээ гүн”-д төөрсөн БНСУ-ын иргэн эсэн мэнд иржээ

.“Цэцээ гүн”-ий оргил өөд явган аялал хийх явцдаа төөрч сураггүй алга болсон БНСУ-ын иргэн эсэн мэнд ирсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоожээ.

Тодруулбал Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн “Манзуширын-Ам” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 21 км-т/ “Билгүүн туул” ХХК-ийн зохион байгуулсан Богд-Хан ууланд “Цэцээ гүн”-ний оргил өөд явган аялал хийж явсан БНСУ-ын иргэн Л /61 настай, эмэгтэй/ 08.11-ний өдрийн 17:00 цагийн орчим сураггүй болсон тухай дуудлага 2019.08.11-ний өдрийн 17:05 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу Үндэсний аврах бригадын 39 алба хаагч, 12 нохой, 3 автомашин, НОБГ-ын 32 алба хаагч 1 нохой, 5 автомашин, Төв аймгийн Онцгой байдлын газрын 19 алба хаагч, 3 автомашин, Төв аймаг дахь Цагдаагийн газрын 10 алба хаагч, 1 нохой, 2 автомашин, Баянзүрх дүүргийн Цагаагийн 3 дугаар хэлтсийн 11 алба хаагч, 2 автомашин, нийт 111 хүн, 14 нохой, 15 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.

Эрлийн явцад тухайн иргэн 08.12-ны өдрийн 08:00 цагт эсэн мэнд байгаа тухайгаа нөхрийнхөө гар утсанд цахим захидал илгээсэн бөгөөд 12:40 цагт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Скай Ресорт” цанын баазад өөрөө эсэн мэнд ирсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоожээ.

Categories
мэдээ улс-төр

Зөвшилцлийн ажлын хэсэг хуралдсаны дараа МАН-ын бүлэг дахин хуралдана

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажлын хэсгүүдийн болон зөвшилцлийн ажлын хэсгүүдийн саналуудыг хэлэлцжээ.

Өчигдрөөс хойш хуралдсан бүлгийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн зарим саналууд дээр зөвшилцлийн ажлын хэсэг дахин хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн байна.

Тиймээс Зөвшилцлийн ажлын хэсэг өнөөдөр хуралдсаны дараа МАН-ын бүлэг дахин хуралдахаар боллоо.

Categories
мэдээ нийгэм

Он гарсаар 2293 удаагийн дуудлага ирж, 900 гаруй иргэний амь насыг авран хамгаалжээ

Он гарсаар гамшиг, аюулт үзэгдэл, ослын 2293 удаагийн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу нийслэлийн харьяа анги, байгууллагуудын алба хаагчид ажиллан, 900 гаруй иргэний амь нас, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 27 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.

Мөн Туул гол дагуу усны осол, үерийн аюулаас урдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулж байгаа завьт эргүүл арга хэмжээнд 1650 ажилтан, алба хаагч, 176 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 17-нд Баянзүрхчүүд шарилж, хогийн ургамлаа цэвэрлэнэ

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны 5-р сарын 20-ны өдрийн А/145 дугаар тушаалын дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Харшлын эсрэг хамтдаа” уриатай “Шарилжгүй Улаанбаатар-4” аяныг дүүргийн нутаг дэвсгэрт амжилттай зохион байгуулж байгаа билээ. Тус аяны зорилго нь хөл газрын ургамлын тоосноос үүдэх харшлын өвчлөлөөс сэргийлэх, өвчлөлийн тоог бууруулах, хөл газрын ургамлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайрах, хадах, ногоон масс болон малын тэжээл болгон ашиглах, иргэдэд нэгдсэн мэдлэг, зөв ойлголтыг өгөх, цэвэрлэгээний үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх юм. Аяны эхний шатны цэвэрлэгээ 2019 оны 06 дугаар сарын 29-ны өдөр зохион байгуулагдсан бол хоёрдугаар шатны цэвэрлэгээ энэ сарын 17-ны өдөр болох гэж байна. Иймд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгж байгууллагууд хөл газрын ургамал, шарилжны их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас уриалж байна.

Categories
мэдээ нийгэм

“Халх гол, Ялалтын 80 жил” үзэсгэлэн нээлтээ хийлээ

“Халх гол, Ялалтын 80 жил” үзэсгэлэн өчигдөр Үндэсний музейд нээлтээ хийлээ.

Үзэсгэлэнд тус музейн сан хөмрөгөөс 80 орчим биет үзмэр, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын Үндэсний музейгээс гэрэл зураг, архивын баримтыг зургаар харуулсан тайлбар бичвэр бүхий үзүүлэнт самбарууд үзмэрт дэлгэгдэв. Нээлтэнд БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамны Элчин Зөвлөх Ракшаев Рыгзын Ракшаевич, Монголын Үндэсний музейн захирал Д.Сүхбаатар, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын Үндэсний музейн захирал Татъяна Анатолывна Бороноева болон Дотоодын цэргийн 805 дугаар ангийн ажилтан албан хаагчид, бусад олон зочид хүрэлцэн ирж, үзэж сонирхлоо. “Халх гол, Ялалтын 80 жил” үзэсгэлэн наймдугаар сарын 12-25-ны өдрүүдэд Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд олон нийтэд нээлттэй гарна. Эрхэм хүндэт үзэгчид та бүхнийг урьж байна.