Categories
мэдээ цаг-үе

Х.Батсуурь: Манайх үнэхээр оффшортой тэмцэхийг хүсвэл боломж нь нээлттэй болсон

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчлах үеэр тус улсаас оффшор дансан дахь мөнгө, авлигын мөнгөөр худалдан авсан Америк дахь үл хөдлөх, хөдлөх хөрөнгийг Монголын талд шилжүүлэх, ямар хөрөнгө хаана байгааг илрүүлэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг хүссэн. АНУ-ын зүгээс хүсэлтийн дагуу хүнд сурталгүй хурдан шуурхай ажиллаж Монголын талд туслалцаа үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн билээ. Энэ талаар эдийн засагч, судлаач Х.Батсуурьтай ярилцлаа.


-Ерөнхийлөгч Х.Баттулга оффшорчидтой тэмцэхэд АНУ-аас дэмжлэг хүсч, хамтран ажиллахаар болсон. Тус улсын хувьд энэ чиглэлд хэр арвин туршлагатай вэ?

-Оффшорын асуудал 1950-иад оноос яригдаж эхэлсэн. Олон улсын түвшинд шийдэхэд хүндрэлтэй байсан шалтгаан нь нэгдсэн холбоо байгаагүйтэй холбоотой. АНУ нь 2009 оны эдийн засгийн хямралын үеэр оффшор бүсэд онцгой анхаарал хандуулах болсон. Эдийн засгийн хямрал нүүрлэж, өсөлт нь буурч байгаа шалтгааны нэг нь чинээлэг иргэд оффшорт өөрсдийнхөө хөрөнгийг нууж байгаатай холбоотой гэж олон жил яригдсан. Хямрал үүнээс улбаатай гэсэн эдийн засгийн судалгааг ч хийсэн байдаг. Иймд дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн Америк үүнд анхаарлаа илүүтэй тавьж, оффшорт хөрөнгөө нуусан иргэдийнхээ мөнгийг өөрийнхөө эрх зүйн орчинд оруулж ирэх, татвараа авах ёстой юм байна гэсэн шийдэлд хүрч хөөцөлдөж эхэлсэн. Америк хөдлөөд ирэхээр бусад улс орон болон олон улсын байгууллагууд энэ асуудлыг зориглон тавьж, үр дүнд хүрэх болсон. Олон улсын валютын сан, Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага илүү их анхаарал тавьж ажиллаж байгаа. Европын холбоо, Дэлхийн банк зэрэг санхүү эдийн засгийн хамгийн нөлөө бүхий олон улсын байгууллагууд оффшорын эсрэг тэмцэх ажиллагаанд нэгдэн орж, хамтарч эхэлсэн. Энэ үүднээс өнгөрсөн 10 жилийн хугацаанд маш том дэвшил гарсан. Мөн оффшорын асуудлыг шийдэх эрх зүйн орчин, олон улсын хамтын ажиллагаа бүрэн хэмжээгээр бүрэлдэн тогтоод 2-3 жил болж байна гэж ойлгох хэрэгтэй.

Яагаад энэ асуудал манайх шиг хөгжиж буй орнуудад бүрэн шийдэгдэхгүй яваад байна гэвэл тухайн улс орны удирдлагууд оффшортой тэмцэхийг хүсч байна уу, үгүй юү гэдгээс бүрэн хамааралтай. Мөн оффшорын талаар хэр мэдлэгтэй байна, Засгийн газар нь оффшорын эсрэг тэмцлийн конвенц буюу тодорхой хөдөлгөөнүүдэд нэгдэн орсон уу, тэрийг хүлээн зөвшөөрсөн үү гэдгээс ихээхэн хамаарч байгаа юм. Үнэхээр оффшортой тэмцэхийг хүсэх юм бол ямар ч улс орон оффшорт нуусан хөрөнгийг нутагтаа оруулж ирж, авах ёстой татвараа авч, эргэлдүүлэх ёстой хөрөнгөө эргэлдүүлж, эдийн засагтаа хувь нэмэр оруулах боломж нь нээлттэй байна.

-Оффшортой тэмцэхэд АНУ-ын дэмжлэг зайлшгүй шаардлагатай юу?

-АНУ-ын туслалцаа авах шаардлагагүйгээр өөрсдийн хүсэл сонирхлоор оффшортой тэмцэх боломж манайд байсаар ирсэн. Энэ боломж 2017 оноос бүрдсэн. Яахав, оффшортой тэмцэхэд бусад улс орноос дэмжлэг авах шаардлага байж болно. Гэхдээ дотоодын хууль эрх зүйн орчин нь ажиллаад явах юм бол олон улсын хууль эрх зүйн орчин үндсэндээ бүрэлдсэн. Асуудалгүй болсон. Гол нь дотоодын хууль эрх зүйн орчин хэрхэн ажиллах юм. Тэрийг зохицуулж байгаа эрх бүхий албан тушаалтнууд нь авлигачидтайгаа тэмцэх, оффшорын хөрөнгийг оруулж ирэх, татвар ногдуулах хүсэл эрмэлзэл байна уу гэдэгт асуудал байгаа юм. Нөгөө талаас мэдлэг алга уу. Гадаад эрх зүйн орчин бүрэлдчихээд байхад оффшорчидтой тэмцэхэд яагаад хүндрэлтэй гэж үзээд байгаа юм бол, мэдэхгүй.

Магадгүй Америктай харьцах асуудал дээр тодорхой дэмжлэг туслалцаа хэрэгтэй байсан байж болох юм. Олон улсын туршлага талаас нь судалж өөрсдийн мэдлэгээ нэмэгдүүлж болох байх л даа. Тухайлбал, бүх хэрэг нь илэрсэн авлигач нөхөр АНУ-д очиж нуугдаж болно. Гэтэл тэр нөхрийг авах гэхээр тодорхой хэмжээнд хамгаалах эрхзүйн орчин тэнд байж болно. Хүний эрх талаасаа авч үзэж байна шүү дээ. Энэ талаасаа хамтран ажиллах бололцоотой байх.

-Та манай дарга нарт хүсэл сонирхол нь байвал оффшорчидтой тэмцэх гадаад эрх зүйн орчин бүрэн бүрэлдсэн гэлээ. Энэ боломжуудыг тодруулахгүй юу. Манай улс оффшорын эсрэг олон улсын гэрээ конвенцуудад хэрхэн нэгдсэн байдаг вэ ?

-Оффшор руу чиглэсэн олон улсын байгууллага, гэрээ, конвенцууд бий болсон. Тухайлбал, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын татварын танхимаас санаачлан хэрэгжүүлж буй хоёр төсөл бий. Эхнийх нь BEPS буюу татварын суурийг багасгах замаар татвараас зайлсхийхийн эсрэг ажиллагаа гэж орчуулж байна. Улс орнууд үүнд нэгдсэнээр татварын олон улсын дүрэм журманд нийцсэн хуультай болно. Нөгөөх нь “Глобал форум” гэж байгаа юм. Энэ форумд жил гаруйн өмнө 140 гаруй улс нэгдэн орсон байсан. Түүнээс хойш нэгдэж орсон улсын тоо өссөн нь гарцаагүй. Үүнд манай ойрын улсуудаас Орос, Хятад, Казахстан нэгдэн орсон. Мөн оффшор гэдэг улсууд, жижиг арлууд, Арабын нэгдсэн Эмират улс гэх зэргээр нэгдсэн. Уг форумд нэгдсэнээр банкны мэдээллийг чөлөөтэй солилцох боломжтой юм. Ямар улсын, хэн гэж иргэн аль банкинд ямар данс эзэмшиж байгааг чөлөөтэй шалгаж болно гэсэн үг. Жишээ нь Монгол Улсын иргэн Кайманы арлын аль нэг банкинд данстай байгаа эсэхийг мэдэхийг хүсвэл тус арлын засаг захиргаа “Глобал форум”-ын дүрэм журмын дагуу интернэтээр шууд гаргаж өгөх боломжтой. Өмнө нь Монголын Засгийн газар хүсэлт явуулж гаргуулж авдаг байсан. Харин одоо интернэтээр банкны системд холбогдоод маш богино хугацаанд мэдээллийг гаргаж авах эрх зүйн болоод техникийн шийдлийг гаргаж тавьсан байгаа.

Манай улсыг “Глобул форум”, BEPS-д нэгдэн орохыг аль 2011-2012 оноос шаардаж ирсэн байдаг. 2017 онд орох ёстой гэсэн тодорхой шаардлага тавьсан. Өөрөөр хэлбэл, эдгээр форумд орохгүй явж байгаа цөөн улсын нэг нь Монгол байна. Энэ нь терроризмын эсрэг ажиллагааг дэмжихгүй, оффшор мөнгийг нуух эрмэлзэлтэй, олон улсын санхүүгийн байгууллагуудын стандартад нийцэхгүй үйл ажиллагаа явуулж байна гэсэн үг гэж шахсан. Гэтэл 2017 онд Сангийн яамнаас “Глобал форум”, BEPS-д нэгдэж татвараас зайлсхийхтэй тэмцэх асуудал манайд хамааралгүй. Бид үүнд нэгдэн орох шаардлагагүй гэсэн хариу өгсөн байдаг. Үүний дараа манай улсыг саарал жагсаалт руу оруулж, хар жагсаалтад ороход бэлэн байгааг анхааруулсан. Нэг үгээр хэлбэл, Монгол Улс мөнгө угаах, татвараас зайлсхийх асуудалтай тэмцэх эрмэлзэлгүй байна, ийм ажиллагааг дэмжсэн гэсэн 10 гаруй орны жагсаалтад оруулсан гэсэн үг. Хэрэв тодорхой хугацаанд энэ асуудлаа цэгцлэхгүй бол хар жагсаалтад оруулна гэж мэдэгдсэн. Ийм шахалтаас үүдэж манайх нэгдэж орсон байгаа.

-Манай улс анх дээрх конвенцуудад нэгдэж орохоос татгалзсан шалтгааныг та юу гэж үзэж байна вэ?

-Манайхаас яагаад ийм хариу өгснийг мэдэхгүй. Ач холбогдлыг нь ойлгоогүй байсан уу. Эсвэл оффшорчид, авлигачдынхаа мөнгийг нуух, тэднийгээ хамгаалах Засгийн газрын бодлого явуулах гэж оролдсон юм уу. Ямар ч байсан хар жагсаалтад орохын өмнө “Глобал форум”, BEPS-д нэгдэн орохыг зөвшөөрсөн.

-Тэгвэл манай улс олон улсын гэрээ конвенцид нэгдсэн. Оффшорчидтой тэмцэх бүрэн боломж байхад тэр боломжоо ашиглахгүй байгаа юм биш үү?

-Манайх оффшортой тэмцэх тал дээр бодит санаачилга үнэндээ гаргаагүй. Яахав Ж.Батзандан гишүүн оффшортой тэмцэх хуулийн төсөл боловсруулаад явж байсан. Тэр нь УИХ дээр унасан. Оффшортой тэмцэх асуудал дээр олон улсын байгууллага, нөлөө бүхий улс орнуудын шахалт шаардлага, дарамтан дор л хөдөлж эхэлж байгаа болохоос биш Монгол Улсын Засгийн газар, эрх баригчид оффшор дээр ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Тэр бүү хэл хамгаалах гэж оролдсон гэдэг нь 2017 онд Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын тавьсан шаардлагад өгсөн хариунаас харагдаж байгаа юм. Тухайн үед Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар, дэд сайдаар Х.Булгантуяа байсан, одоо ч байгаа. Харин иргэд, төрийн бус байгууллагуудын зүгээс оффшортой тэмцэх асуудал дээр нэлээн санаачлага гаргаж ажиллаж ирсэн. Зарим нь оффшорын эсрэг жагсаал хийсэн, тодорхой мэдээллийг олон түмэнд ил болгосон асуудал байгаа.

-“Глобал форум”, BEPS-д нэгдээд жил гаруйн хугацаа өнгөрч байгаа юм байна. Ингэснээр оффшорчдынхоо мэдээллийг хянах бүрэн боломжтой болжээ. Гэхдээ олон улс шаардаад байсан учир элсчихсэн. Яг хэрэгжүүлэх тал дээр хойрго байна уу даа?

-Манай хууль хүчний байгууллагууд, нөгөө талд тэднийг чиглүүлж зохицуулж байгаа төр засгийн эрх мэдэлтнүүд үүн дээр санаачлагатай ажиллахгүй болохоор явахгүй байна. Манайх оффшортой тэмцэх асуудал дээр сүүл барьж байгаа улс боллоо. Тодорхой бус байна. Яахав, BEPS-ын хэрэгжилт нь тодорхой цаг хугацааны дараа, нэг жил ч юм уу явдаг. BEPS-д ороод жил хагас боллоо шүү дээ. Одоо л бүрэн хэрэгжих хэмжээнд очиж байна. “Глобал форум”-ын хувьд яг оффшорын эсрэг ажиллагаа юм. Энэ нь аль хэдийн үр дүнгээ өгөөд явж байх ёстой. Гэтэл элсэж орсон л гэсэн. Тэрнээс хойш чимээгүй болчихлоо. Энэ талаар тодорхой мэдээллийг Татварын ерөнхий газар, Сангийн яам, Монголбанк өгөх ёстой. Асуувал хариулна. Үгүй бол тэгээд л явж байдаг байдалтай байна. Дээрх конвенцуудын дагуу үйл ажиллагаагаа явуулсан бол манайд оффшорын асуудал үндсэндээ шийдэгдсэн байх ёстой. Нөгөө талдаа Монголд хууль эрх зүйн орчин боломжийн хэмжээнд бүрэлдсэн. Хууль бус мөнгө угаалттай тэмцэх, авлигатай тэмцэх гэх зэргээр. Энэ чинь оффшортой холбогдож байгаа шүү дээ. Энэ мэтээр эрх зүйн орчин нь бүрэлдчихсэн байхад яагаад ажиллахгүй байна вэ гэсэн асуулт гарч байна.

-Ерөнхийлөгч оффшортой тэмцэхэд АНУ-аас дэмжлэг хүсэх нь зүйн хэрэг. Манай улсыг туйлдуулж буй шударга бус явдалтай тэмцэх санал санаачилга байгаа нь сайн үйлдэл. Гэхдээ айлаас эрхээр авдраа уудал гэдэг шиг дотоод нөөц боломжоо ашиглавал оффшорчдыг илрүүлж, хариуцлага тооцох, гадаадад байгаа хууль бус мөнгийг татаж, зохих татвараа авах боломж бүрэн байгааг олж харахгүй байна уу?

-Ерөнхийлөгч ямар мэдээлэлтэй байгааг мэдэхгүй. Ерөнхийлөгчийн албаныхан буруу зөрүү мэдээлэл гаргах тохиолдол байдаг гэх шүүмж явдаг шүү дээ. Тэрэнтэй нь холбоотой юм уу. Эсвэл Сангийн яам, Монголбанк зэрэг нь тодорхой мэдээлэл өгдөггүй юм уу. Монгол Улс ямар орчин бүрдүүлчихээд юу хийгээд яваад байгааг аль аль талдаа ойлгохгүй, мэдэхгүй яваад байх шиг. Мэдсэн нэг нь төдийлөн ярьдаггүй. Олон түмэнд сурталчилдаггүй юм болов уу гэж харж байна. Манайд оффшорчидтой тэмцэхэд болохгүй зүйл үндсэндээ байхгүй. Гэтэл олон улсад маш үр дүнтэй тэмцлүүд өрнөж байна.

ОХУ гэхэд “ФЗ-79” буюу төрийн албан хаагчид, тэдний гэр бүлийн гишүүдэд оффшор данс эзэмшихийг хориглох хуулийг аль дээр гаргасан. Мөн иргэдийнхээ оффшорт нуусан хөрөнгийг авчирах тусгай заалт гаргаж, хэрхэн авчирах бүх зүйлээ тодорхой болгоод явж байна. Үүний үр дүнд Орост маш их хэмжээний хөрөнгө орж ирж байгаа. Хятадад “Үнэгний ав” гээд оффшорт хөрөнгөө нуусан нөхдийг илрүүлж баривчилж байна. Бүр хил даваад явсан нөхдийг ч бариад ирж байх жишээтэй. Би Швейцарьт очсон. Хүмүүстэй нь уулзсан. Манайхны яриад байгаа шиг нууцлал тэнд байхгүй гэж байна. Эрх зүйн орчин нь маш тодорхой болчихсон. Монголын Засгийн газар хүсэх юм бол бүх мэдээллийг авч болно. Нуусан хөрөнгө мөнгийг нь шилжүүлж өгнө гэж байсан. Түүнээс биш жирийн иргэн очиж хэлээд гаргаж өгөхгүй шүү дээ. Монголчуудын дунд хамгийн алдартай оффшор бүс нь Швейцарь улс. Гэтэл ийм боломж байхад Швейцарьт хөрөнгө нуусан нөхдүүдийг яагаад ил болгохгүй байгааг ойлгохгүй байна. яагаад хариуцлага тооцохгүй байгааг мэдэхгүй байна. Швейцарийн ерөнхий прокурор, Засгийн газар, хуулийн фермүүд нь хамтран ажиллах боломжтой гэдгийг бүрэн илэрхийлээд байхад шүү дээ. Ер нь манайх оффшортой тэмцэхэд өөр юун дээр гацаад байгааг ойлгохгүй байна. Швейцарь гэлтгүй бусад орнуудын хувьд ч боломжтой байгаа шүү дээ. Олон улсын авлигатай болоод оффшортой тэмцэх гэрээ конвенцид нэгдсэн улс орнууд тэр үүргийнхээ дагуу ажиллаж байгаа. америк ч ялгаагүй. Яахав, тухайн улс орны хууль эрх зүйн орчны онцлогоос хамаарсан ганц хоёр асуудал байж мэднэ. Гэхдээ бараг үгүй байх. яагаад гэвэл олон улсын гэрээ конвенцыг хүлээн зөвшөөрсөн бол тухайн улс орны хууль эрх зүйн орчноос давуу байдлаар хэрэгжих ёстой.

Саяхан МХЕГ ажиллаж дарга нар их хэмжээний авлига авсан бичлэг цацагдсан. үүнээс улбаатайгаар ер нь төрийн албан хаагч нарын дунд авлига авах явдал түгээмэл байна. Мөнгөн дүн нь их юм. Цаашлаад энэ мөнгөө оффшор бүс рүү гаргаад байна гэх хардлага улам лавширсан. Манайд энэ чигийн судалгаа бий юу?

-Манайд асар их мөнгө хөрөнгө байна. Баялагаа экспортолж байна. Тооцоод үзэхээр эдийн засгийн өсөлт, орж ирж байгаа мөнгө хоёрын хооронд их зөрүү гарч байна. Тэр зөрүүнд гарч байгаа их мөнгө хаашаа явсан нь тодорхойгүй байгаа л даа. Тэртэй тэргүй манайд олон тооны оффшорч байна гэдэг нь тодорхой болсон. 4-5 жилийн өмнөөс ил болж, зарлагдсан. Гэхдээ энэ бол зөвхөн зах зух нь. Ингээд бодоод үзвэл Монголын хууль эрх зүйн орчин чангарч, авлигачидтай тэмцэхтэй зэрэгцээд авлигачид оффшорт л мөнгөө оруулж байна гэж хардаж байгаа юм. Судалгаа байхгүй учир ийн хардаж байна. Ер нь олон улсад энэ чигийн судалгаа байдаг. Тодруулбал, оффшорт байгаа хөрөнгийг тооцож үзвэл дэлхийн эдийн засгийн хөрөнгийн 10-15 хувь нь байна гэж үздэг. Энэ нь 8-12 их наяд ам.доллартай тэнцэх хөрөнгө байна. Манайд харин ямар ч судалгаа алга.

Г.БАТЗОРИГ

Categories
мэдээ цаг-үе

Улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Э.Энхбат: Уран сайхан барилдаж олон хүнийг үндэсний бөх рүү татах нь бидний үүрэг

Булган аймгийн Могод сумын харьяат “Хангарьд” спорт хорооны бөх улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Эрдэнэбилэгийн Энхбаттай ярилцлаа. Тэрбээр өнөө жилийн наадмаар улсын начин Баатарын Амарзаяагаар тав давж улсын наадамд дөрөв дэх удаагаа шөвгөрсөн юм. Энэ амжилтаараа өнөө цагт барилдаж буй улсын начингуудын манлайд гараад байгаа юм.


-Сайхан наадсан уу. Наадмаас хойш хаагуур явж барилдав?

-Сайхан наадлаа. Баяр наадмаас хойш ийшээ тийшээ явж зодоглосонгүй ээ. Эндээ л байлаа. Маргаашнаас хөдөө гадаа явахаар төлөвлөөд сууж байна.

-Таван жилийн дараа улсын наадамдаа дахин шөвгөрлөө. Шөвгийн давааны ам тань олон хүний сонирхол татсан шүү дээ. Аралтай начин Амарзаяагаас ямар хий, зай харж амласан бэ?

-Энэ жилийн тухайд бэлтгэл сайн байсан. Тавын даваанд би таван хүнээс ам авахаар нэр сонссон. Д.Амарсайхан начингаа амлачих юм бол нутгийнхан муу хэлээд унах биз. Б.Амарзаяа, аймгийн арслан Ц.Сандагдорж хоёрын нэгийг амлаад барилдъя гэсэн бодол толгойд бууж байгаа юм. Өмнөх даваанд Амарзаяагийн алхаа гишгээг анзаарахад давхар аччихаж болох юм шиг санагдаад болдоггүй. Ингээд л шийдсэн дээ. Барилдаан яг л миний төлөвлөж байснаар болсон. Анарын тухайд энэ жил онцгой сайн байсан. Б.Орхонбаяр гэж хүүгийн од нь гүйчихсэн байсан шүү дээ. Юу ч хийж мэднэ. Осолтой.

-Дөрвийн даваанд сайн найзтайгаа оноолт таарсан. Чанга гэхээс илүү барилдахад халгамаар оноолт басан болов уу. Г.Отгонбаатар арслангийн тухайд олон жил улсын цолны тааварт сайн барилдаж байгаа шүү дээ?

-Хэцүү байсан шүү. Бид хоёрын тухайд наадмын дэвжээнд хоёр дахь удаагаа оноолт таарч байгаа маань энэ. Отгоо олон жил тууштай хөдөлмөрлөж байгаа бөх. Улсын цол авах байх аа.

-Та 2012 оны наадмаар начин цолоо батлаад П.Бүрэнтөгс арсланд өвдөг шороодож байсан. Энэ жил харцага цолны даваанд дахиад л уналаа. Ямар барилдаан төлөвлөж гарсан бэ?

-П.Бүрэнтөгс арслангийн барилдаан надад эвгүй байдаг юм. Илүү хөдөлгөөн хийхгүй, хий зай гаргадаггүй онцлогтой сайн бөх. Энэ жилийн тухайд төлөвлөсөн барилдаанаа гаргаж чадахгүй зогсож байгаад өвдөг шороодсон доо. Бүрэнтөгс намайг амлах болов уу гэсэн тооцоо надад байсан нь зөрөөгүй. Болохгүй юм болдоггүй л юм байна шүү дээ. Наадам сайхан боллоо. Э.Оюунболдын тухайд энэ жил онцгой сайн байсан. Хүн болгон л хэлж байна.

-Таны нас 30 гараад явчихлаа. Цолоо ахиулчих боломж хэр байсан бэ?

-Надад начин цолтой дуусахад харамсаад байх зүйл алга. Хэн ч намайг муу начин гэж хэлэхгүй байх. Цолондоо дүүрэн байх сайхан шүү дээ. Том цол авч түрүүлж, үзүүрлэх сайхан л байх. Гэхдээ хүн сайн барилдах нь чухал. Нэг их том цол авчихдаг, унаад байж болохгүй биз дээ. Томдчихсон дээлтэй хүүхэд шиг онцгүй. Би ч өөрийгөө 30 гарчихлаа, хөгширлөө гэж санаад байдаг. Сая наадмаар дунд шөвөгт шалгарсан найман бөхийн зургаа нь манай үеийнхэн байсан шүү. Бас ч гэж юу юугүй зайгаа тавиад өгчих болоогүй ээ, манайхан (инээв).

-Ер нь ямар зорилго өвөртөлж бөхийн ертөнцөд орж ирэв. Зорилгодоо хүрч чадсан уу та?

-Бүүр бага байхад юм даа, өвөө маань орсон гарсан хүмүүст миний өвдгийг бариулж үзүүлээд л “Миний хүү улсын цолтой том бөх болно” гэж хэлдэг байсан нь миний санаанд тод үлджээ. Б.Бат-Эрдэнэ аварга манайхаар буугаад мордоход өвөө маань өнөөх үг л хэлж байсан. Хожим аваргын үүсгэн багуулсан “Аварга” дээд сургуульд элсч амжилтын гараагаа эхэлж байсан юм даа. Өвөө маань хүүгийнхээ сумын заан болохыг л харчих юмсан гэж хэлдэг байж билээ. Жаахан хүү байхад л би бөх болно гэсэн сэтгэхүй миний ой тойнд суучихсан байсан. Бөхийн спортоор оргилд нь гарна гээд л бэлтгэл хийж эхэлсэн дээ.

-Сумын наадам гэснээс энэ тухай дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Гэр бүлийнхэнтэйгээ сумын наадам үзээд явж байсан олон дурсамж надад бий. Наадмын өглөө аавыгаа дагаад гарна гэдэг аз жаргал шүү дээ. Бага байхдаа хурдны морь их унана. Арай хүнддээд ирэхээрээ бөх үзээд суучихдаг болсон. Ноцолддог болоод ирэхээр наадам илүү гоё. Үеийнхээ залуусаас онцгойрч түрүүлнэ гэдэг амаргүй даваа. Түрүүлчхээд зогсож байх ч дэндүү сайхан шүү дээ. Наадамчид бүчээд л баяр хүргээд.

-“Бөхийн өргөөн”-ний барилдаануудад хэзээнээс гарч эхэлсэн бэ. Анх ямар бөхийг өвдөг шороодуулж байв?

-Жүдогийн бэлтгэл хийнэ. Завсар зайгаар нь заалны барилдаанд гарна. Бүтэн жил аманд гарч унасан байдаг юм. Ёстой нэмэргүй. Том бөхчүүдэд түлхүүлээд л унана. Гэхдээ тэр бүртээ хүн чинь чангараад л байдаг юм билээ. 2003 онд юм уу даа. Хаврын улирлын хаалтын барилдаанд Увсын Эрдэнээгийн Батбаатар харцагыг аймгийн арслан байхад нь өвдөг шороодуулж байлаа. Батбаатар чинь аймаг цэргийн цолтнуудын барилдаанд таван удаа түрүүлчихээд байсан босоо үе нь шүү дээ. Тэр жилээ улсын харцага цол хүртэж байсан санагдаж байна. Аймгийн арслан болж ирчихээд гайгүй үзсэн шүү. Өмнөговийн С.Идэрсүрэн арслантай үлдэж анх удаагаа аймаг цэргийн цолтнуулын барилдаанд түрүүлж байлаа.

-Булганы Энхбат гэж туранхай, нарийхан залуу И.Доржсамуу гардиар тав давж улсын начин болж байсныг тань санаж байна. Та начин болохдоо хэдэн кг-ын жинтэй байсан бэ?

-2009 онд шүү дээ. 80 гаруй кг жинтэй залуу улсын начин болж байлаа. Одоо бол захын сумын заан 80 гаруй кг жинтэй болсон. Тэр жил дөрвийн даваанд Г.Элбэг харцагатай оноолт таарч их хүнд барилдаан хийж туг тойрч байлаа. Элбэг харцага ч жин ихтэй, мэдрэмжтэй, биеэ сайн сулладгийг хэлэх үү. Амаргүй байсан шүү.

-Шинэ начин бөхийн өргөөнд бас л шуугиулж байсан шүү дээ?

-Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шалгарч оролцдог, ачаалалтай бэлтгэл хийдэг, өндөр формтой байлаа шүү дээ. Анх улсын арслан До.Ганхуягийг өвдөг шороодуулж дөрвөн уулын хишиг барилдаанд түрүүлж байлаа.

-Ажиглаад байхад таныг улсын наадмын зургаагийн даваанд өвдөг шороодуулсан бөхчүүд түрүүлж үзүүрлэсэн зүй тогтол харагдаж байна?

-Зургаагийн даваанд их сайн бөхтэй л таараад байсан юм байлгүй дээ. 2012 онд Бүрэнтөгстэй тунаж барилдаанд унасан. Өнөөх маань тэр чигээрээ яваад түрүүлчихэж билээ. Сүүлд Б.Гончигдамбад унасан. Тэр жил үзүүрлэсэн байдаг байх аа.

-Жүдо бөхийн арга барил, мэх техникийг монгол үндэсний бөхөд ашиглаж өндөр амжилт үзүүлсэн хүн бол та. Энэ арга барилыг танд хэн суулгаж өгөв?

-Хөдөөнөөс орж ирээд “Аварга” биеийн тамирын дээд сургуульд элсч гавьяат тамирчин Халиуны Болдбаатарын удирдлагад бэлтгэл хийдэг байлаа. Энд л миний барилдааны суурь тавигдсан болов уу гэж ойлгодог юм. Миний ур чадвар өдрөөс өдөрт өсч удсан ч гүй улсын аварга шалгаруулах барилдаанаас медаль хүртэж үндэсний шигшээ багт багтсан даа. Ардын багш Ч.Насантогтохын удирдлагад бэлтгэл сургуулилт хийх болсон. Хүүхэд байхдаа бол Булганы Эрдэнэ-Очир багшийн удирдлагад улсын заан Н.Түвшинбаяр бид хоёр хамтдаа бэлтгэл хийдэг байлаа. Наймдугаар ангиасаа л хамтдаа явсан даа.

-Та Н.Түвшинбаяр аваргын бэлтгэл хангагчаар хоёр ч олимпийн наадамд оролцсон шүү дээ. Багын найзынхаа олимпийн аварга болох баярт мөчийг дэргэдээс хуваалцсан хүн бол та?

-Одоо бодоход дэндүү сайхан шүү дээ. 2008 онд аймгийн арслан цолтой хоёр залуу олимпийн наадмыг зорьж байлаа. Найз маань хэнтэй ч таарсан дайраад гардаг. Сэтгэл зүйн асар өндөр бэлтгэлтэй. Сэтгэл зүйгээрээ л бусдаасаа онцгойрч чаддаг. 2008 онд чинь эхний даваанд Кейжи Сузуки гэж домог болсон бөхтэй сугалаа таарч байлаа шүү дээ. Гараад л давхар хамаад чулуудчихсан. Ингээд түрүүлэх замаа зассан юм даа. 2012 онд бол медаль зүүх хамгийн өндөр магадлалтай нь л Түвшинбаяр байлаа. Манай хүн ч найдвар алдаагүй.

-Бөхийн дэвжээ рүү хамт алхаж орсон найзтайгаа наадмын дэвжээнд хоёр ч удаа оноолт таарч барилдаж байсан санагдаж байна. Амар биш биз?

-Хэцүү хэцүү. Бие биенийхээ барилдааныг сайн мэднэ. Анх 2007 онд билүү дээ аймгийн арслан цолтой байхдаа улсын наадмын гурвын даванд нугарч барилдаанд Түшинбаяр давж байлаа. Сүүлд тавын даваанд Түвшээ намайг амлаад даваа ахисан байдаг.

-Бөх хүн ямар байх ёстой вэ. Танаас үлгэрлэж өгсөж яваа олон залуус бий дээ?

-Энэ их соёлыг өвлөж дараа үедээ залгамжилж үлдээж байгаа. Бидний ах нар зөв үлгэрлэж бидэнд үлдээсэн. Иймээс бид хазгай гишгэх эрхгүй юм даа. Залуу үеийн хүчтэнүүдэд зөв үлгэр дуурайл өвлүүлэх ёстой. Ингэж байж л төгөлдөр их монгол бөх мөнх оршино шүү дээ. Биеэ зөв авч явж уран сайхан барилдаж олон хүмүүсийг үндэсний бөхрүү татах нь бидний үүрэг гэж боддог. Бөх хүн “Би ингээд дуусч байна, маргааш монгол бөх ямар байх нь надад хамаагүй” гэж сэтгэж болохгүй. Энэ замаар явж энэ зэрэгт хүрсэн болохоор сайхнаар нь авч явж дараа үедээ үлдээх ёстой гэж боддог юм.

-Залуу үе гэснээс таны дүү Э.Энх-Амгалан гэж залуу шаггүй барилдаж байна?

-Тийм. Сая аймгийн арслан болчих болов уу гэж харж байсан болсонгүй. Хоёр ч аймгийн наадамд барилдаж Өмнөговьд үзүүрлээд, Дундговьд их шөвөгт шалгарсан байсан. Би улсын наадмын өмнө “Чи энэ жил аймгийн арслан болохгүй юм байна, улсын наадамдаа барилдаад аймгийн наадмаа нэг удаа өнжчих” гэж зөвлөсөн юм. Улсын цол авчих болов уу гэж харсан болохоор тэр лээ. Дөрвийн даваанд Г.Эрхэмбаяр аваргад унасан. Энэ жилдээ аймгийн заанаараа үлдэх байсан юм болов уу даа.

-Бөхөөр хичээллээд та юу хожив. Амьдралд хэрэгтэй ямар чанарыг өөртөө суулгаж авсан бэ?

-Үндэсний бөх хүн хүндлэх ухаан, тэвчээр хатуужил гээд амьдралд хэрэгтэй бүх л зүйлийг хүнд суулгаж өгдөг дөө. Энэ бүгдийг би үндэсний бөхөөс суралцсан.

-Одоо нөгөө допингийн шинжилгээний хариу ирэх дөхөж байгаа байх. Энэ тал дээр та ямар байр суурьтай явдаг вэ?

-Байж болохгүй зүйл. Өнөөдөр допинг хэрэглээд барилдаж буй цөөхөн хүмүүс байгаа. Гэхдээ манай үзэгчид бөхчүүд бүгд хэрэглэж байгаа юм шиг ойлголттой болчихжээ. Хий хоосон хардаад л. Тэр тийм хэрэглэдэг. Тэдэн төгрөг өгөөд хариуг нь аргалчихсан ч гэх шиг. Монгол бөх өнөөдөр арай ийм дээрээ тулаагүй ээ. Бэлтгэлийн сайнаар цол чимэг аваад явж байгаа залуус олон бий. Халуун гал тогоонд нь байгаа хүний хувьд сайн мэднэ.

-Гарч ирсэн цагаасаа л “Хангарьд” спорт хороогоор зарлуулж байсан. Одоо хэвээрээ юу?

-Тийм ээ. Одоо ч хэвээрээ. Удирдлагууд нь солигдоод цалин мөнгөө өгөхгүй үе байсан л даа. Бусад спорт хороодоос надад санал тавьж байсан. Би зөвшөөрөөргүй. Залуу бөх Энхбатыг тоож дэмжиж байсан болохоор Хангарьддаа хайртай байдаг юм. Би дөрөв таван компани, байгууллагын нэр дээрээс зэрэг барилдаад байгаа бөхчүүдийг нэг их таашаадаггүй юм. Миний хувьд “UFC” группийн нэр дээрээс барилддаг.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Халх голд хэн хохиров?​” нийтлэл хэвлэгдлээ


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өчигдөр Санхүүгийн
зохицуулах хорооноос
II улирлын тайланг танилцууллаа. Энэ тухай нэг, зургадугаар нүүрэнд нийтэллээ.

УИХ-ын гишүүн
Б.Б аттөмөртэй
ярилцсаныг нэг, хоёрдугаар нүүрнээс уншаарай.

МҮБХ-ны дэд тэргүүн Ц.Магалжав “Допингийн шинжилгээний хариуг бөхийн
салбар хорооноос зарлаагүй байхад
Э.Оюунболд аваргын цолыг хураана гэж
байгаа нь ёс зүйгүй үйлдэл” хэмээсэн байна. Энэ тухай нийтлэл, тодруулгыг нэг, долдугаар нүүрнээс дэлгэрүүлэн уншаарай.

Манай сонины нийтлэлийн бодлогыг тодорхойлогч алдарт гуравдугаар нүүрэнд нийтлэлч Баабарын “Халх голд хэн хохиров?” нийтлэл хэвлэгдлээ.

МУГЖ М.Бадамгаравын том хүү П.Батчимэгтэй хийсэн ярилцлагын үргэлжлэлийг 12 дугаар нүүрнээс уншиж сонирхоорой.

“Залуу жанжин” хэмээн
олноо өргөмжлөгдсөн
Монгол Улсын
баатар Жамъянгийн Лхагвасүрэнгийн том хүү
ШУТИС-ийн харъяа Механик
инженерийн сургуулийн
Аэрогидромеханикийн
багийн профессор, доктор
Л.Лхагваатай ярилцлаа. 13 дугаар нүүрнээс уншаарай.

“Татар” хамтлагийн
ахлагч Д.Батзаяатай хийсэн ярилцлагыг 17 дугаар нүүрэнд хэвлэн нийтэллээ.

Түүнчлэн “Өд бэх”, “Хэлэх эрхийн индэр” булангууд хэвлэгдэн уншигчдадаа хүрч байна.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Тэмбүүгийн тархалт буурч эхэлжээ

Тэмбүүгийн халдвар нь хүний дархлал хомсдлын вирус /ХДХВ/-ийн халдвар авах эрсдлийг гурав дахин нэмэгдүүлэхийн зэрэгцээ эхээс урагт дамжиж амьгүй төрөх, дутуу төрөх, бага жинтэй төрөх болон нярай цусан үжил, уушгины хатгалгаа, нүдний үрэвслээр өвдөх, төрөлхийн гаж хөгжилтэй төрөх, нярай эндэх зэрэг үр дагавар үүсгэдэг.

Монгол улсын хувьд бэлгийн замаар дамжих халдвар дотор тэмбүүгийн өвчлөл 38.2 хувьтай байна. Энэ ноцтой асуудлыг гурван ч төрийн тэргүүн бүрэн эрхийн хугацаандаа хөндөж, УИХ-д мэдээлсэн байдаг. Тэгвэл Эрүүл Мэндийн Яамнаас хэрэгжүүлж байгаа ажлууд үр дүнгээ өгч, тэмбүүгийн халдвар, тархалт буурч эхэлсэн байна.

Тодруулбал, 2018 онтой харьцуулахад халдварт өвчин 2226 тохиолдлоор, тэмбүүгийн өвчлөл 507 тохиолдлоор буурсан байна. Харин энэ оны эхний таван сарын байдлаар тэмбүүгийн 2727 тохиолдол бүртгэгдэж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 245 тохиолдлоор буурчээ.

Гэвч 15-24 насны хүн амын дунд өвчлөл харьцангуй өндөр байна. Төрөлхийн тэмбүүгийн тохиолдлуудад үнэлгээ хийхэд 40 хувь нь жирэмсний хяналтад хамрагдаагүй байжээ. Тиймээс ЭМЯ төрөлхийн тэмбүү, хүн амын дундах тэмбүүгийн халдварыг бууруулж улмаар устгах зорилт тавин ажиллаж байна. Уг ажлын хүрээнд гурван чиглэлээр 31 үйл ажиллагаа төлөвлөснөөс эрүүл мэндийн салбарын хэмжээнд 23, бусад салбартай хамтран дөрөв, урьдчилан сэргийлэх, мэдээлэл сурталчилгааны дөрвөн ажил төлөвлөсөн. Эрүүл мэндийн салбарын хэмжээнд жирэмсний хяналтыг сайжруулах, эрсдэлт бүлгийн хүн амд илрүүлэг үзлэг хийх, тэмбүүтэй өвчтний бэлгийн хавьтагчийг илрүүлэн, тусламж үйлчилгээнд хамруулах ажил зохион байгуулж байна.

Тэмбүү богино хугацаанд бүрэн эдгэдэг өвчин бөгөөд халдвар авсан хэн боловч өрх, сум, аймаг, нийслэлийн аль ч эмнэлэгт хандан түргэвчилсэн оношлогоо хийлгэж, эмчилгээг газар дээр нь хийлгэх боломжтой. Ингэснээр 2.4 сая единицийн Пенициллин-G гурван удаа буюу долоо хоногт нэг удаа тариулсанаар бүрэн эдгэнэ гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна.

Эрүүл мэндийн байгууллагууд иргэний нэр, хаягийг бүрэн нууцалж үнэ төлбөргүй эмчилнэ. Бэлгийн хавьтагчаа мөн эмчлүүлэх нь халдвар дахин авахгүй байх боломж учраас эмчилгээ хамт хийлгэх нь чухал юм. Тэмбүүгээр өвдсөн жирэмсэн эх хяналтдаа эрт орж өвчнөө оношлуулж эмчлүүлсэн тохиолдолд эх, хүүхэд аль аль нь эрүүлжих боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 70 гаруй хувьтай байна

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр эрчим хүчний байгууллагуудын 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа.

Одоогоор Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК, “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн 2019-2020 оны өвлийн бэлтгэл ажил 66-86 хувийн гүйцэтгэлтэй байна. Улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 70 гаруй хувьтай байна.

Ирэх есдүгээр сарын 15-нд айл өрх, цэцэрлэг сургуулиудын халаалтыг холбохоос өмнө өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангаж дууссан байх ёстой гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон салбарын сайд Ц.Даваасүрэн, Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан нар дээрх эрчим хүчний байгууллагуудад үүрэг өглөө.

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөл хэрэгжинэ

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 350 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөл хэрэгжинэ. Төсөл хэрэгжүүлэх хэлэлцээрийг Барилга, хот байгуулалтын яам, БНХАУ-ын тал үзэглэж, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдаад байгаа юм.

Ингэснээр Монголын тал өөрийн хариуцсан газар чөлөөлөх, зураг төслийг бэлэн болгох, шаардлагатай дэд бүтцийг бүрэн гүйцэтгэх зэрэг үүрэг хүлээж буй бөгөөд төслийнбарилгажих талбайг бэлтгэх ажлын хүрээнд хийгдэх газар чөлөөлөлт, түр суурьшуулах болон инженерийн хангамжийн асуудлыг шийдвэрлэх, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлыг хэсгийг Нийслэлийн засаг даргын захирамжаар байгуулаад байна.

Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай ахалж, Нийслэлийн засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Нийслэлийн орон сууцны дэд бүтцийн газар, Нийслэлийн Хот байгуулалтын хөгжлийн газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн орон сууцны корпорац, Улаанбаатар Дулааны Сүлжээ ТӨХК, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Ус сувгийн удирдах газар, “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөл зэрэг бүрэлдэхүүнтэйгээр байгуулагджээ.

Уг ажлын хэсэг өчигдөр анхны хуралдаанаа хийж газар чөлөөлөх, түр суурьшуулах болон инженерийн хангамжийн асуудлыг хэлэлцлээ. Тухайн хэсэгт одоогоор 10 айл газраа чөлөөлөөгүй байгаа бөгөөд ойрын хугацаанд оршин суугч, иргэдтэй уулзаж, зөвшилцөх замаар газар чөлөөлөх, тухайн өрхүүдийг түр суурьшуулах асуудлыг яаралтай шийдвэрлэх, дэд бүтцийн ажлыг эхлүүлэхэд шаардагдах талбайг бэлэн болгож, шуурхайлахыг ажлын хэсгээс үүрэг болголоо.

Ажлын хэсгийн анхны хуралдаан олон асуудлыг шийдвэрлэсэн ажил хэрэгч хуралдаан болсон бол дараагийн хуралдааныг ирэх долоо хоногт хуралдуулах тов гаргалаа.

Төсөл хэрэгжүүлэх байршилд 2012-2013 онд газар чөлөөлөлт хийгдсэн бөгөөд Нийслэлийн засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/617 дугаар захирамжаар 3.8 га газар эзэмших эрхийг хуучин нэрээр Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газарт шилжүүлээд байна. Батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсанаар 1.9 га газар буюу 36 нэгж талбарыг чөлөөлөх шаардлага бий бөгөөд эдгээр байршилд авто зам, авто зогсоол, ногоон байгууламж, 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөл 36 сарын хугацаанд хэрэгжих бөгөөд 21 давхар, зоорьтой, 8 блок барилга баригдах юм.


Categories
мэдээ улс-төр

Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өргөн мэдүүлэв.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.70-д заасан зорилтыг хэрэгжүүлэхээр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийн төслийг хариуцан ажиллаж байна.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажлыг 2018 оны 2 дугаар сараас эхлүүлсэн бөгөөд төмөр зам, авто зам болон цахилгаан дамжуулах агаарын шугам барьж байгуулах төслүүдийг энэ оны 09 дүгээр сард бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Үйлдвэрийн барилга-угсралтын ажилд 2020 онд 1000, 2021 онд 2000, 2022 онд 2000, 2023 онд 2000 орчим инженер, техникийн болон туслах ажилтан оролцоно хэмээн тооцоолсон бөгөөд тэдгээрийг ажиллаж, амьдрах нөхцөлөөр хангах үүргийг Монголын тал хүлээгээд байгаа. Иймд Дорноговь аймгийн Сайншанд суманд 550 айлын орон сууц бүхий газрын тосны үйлдвэрийн ажилчдын хотхоныг энэ оны III улиралд эхлүүлэн 2022 онд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.

Хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийн төслийн нийт төсөвт өртгөөс хэмнэсэн хөрөнгөөр газрын тосны үйлдвэрийн ажилчдын хотхоны бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх юм. “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 129 дүгээр тогтоолоор хотхоны бүтээн байгуулалтын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд шаардагдах бараа материал, тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөхөөр хуулийн төслийг боловсруулсан байна.

Дорноговь аймгийн Сайншанд суманд баригдах 550 айлын орон сууц бүхий газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны төсөлд шаардагдах арматур, цемент, тоосго гэх мэт барилгын материалыг дотоодын аж ахуйн нэгжээс худалдан авах бөгөөд бүтээн байгуулалтын үндсэн хөрөнгө бий болгоход шаардагдах, өөр бусад зорилгоор ашиглах боломжгүй бараа материалд төлсөн гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох нь газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд төрөөс үзүүлж байгаа бодит дэмжлэг болно хэмээн үзжээ. Түүнчлэн хотхоны бүтээн байгуулалтад шаардлагатай импортоор оруулах бараа материалыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Наймдугаар сарын 16-наас ихэнх нутгаар дулаарна

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо орж, сэрүүхэн байна.

2019 оны 08 дугаар сарын 13-ны 20:00 цагаас 08 дугаар сарын 14-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшиж, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 19-24 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө бүх нутгаар 19-24 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө Дорноговийн зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна.

2019 оны 08 дугаар сарын 15-19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Наймдугаар сарын 15-нд нутгийн зүүн хагаст, 16-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. 17-18-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 15-16-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Нутгийн зүүн хагаст сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим болон Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан.

Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

Наймдугаар сарын 16-наас ихэнх нутгаар дулаарна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар-Дархан чиглэлийн зам засварын ажил хэсэгчлэн хийгдэж байна

Улаанбаатар-Дархан чиглэлийн зам засварын ажил хэсэгчлэн явагдаж байна. Архангай аймаг руу салдаг уулзвараас 361-ийн гарам хүртэл, 361-ийн гармаас хойш 3 км, Баянчандмань сумын нутаг Хар усны үзүүр гэх газраас хойш 3 км хүртэл үндсэн замыг хэсэгчлэн хааж, хажуугийн туслах замаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлж байна.

Замын нөхцөл байдал тээврийн хэрэгсэл нэвтрэхэд саадгүй, хөдөлгөөн бага зэргийн удаашралтай, хэвийн зорчиж байгаа тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Түүнчлэн Улаанбаатар-Дархан чиглэлд үндсэн зам дээр огцом эргэлт, тойрууг багасгах зорилгоор авто замын өргөтгөлийн ажил хийгдэж байна. Тухайлбал, 52-ын давааны огцом эргэлтийг багасгах зорилгоор нэмэлт даланг шинээр хийж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зөвлөмж гаргана

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн ээлжит хурал өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд зохион байгуулагдлаа.

Хуралдаанаар Австрали Улсад 2019 оны 8 дугаар сард зохион байгуулагдах Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх байгууллагын 22 дах удаагийн уулзалтад Монгол Улсыг төлөөлөн оролцох бүрэлдэхүүнтэй уулзаж, Монгол Улсын тайланг амжилттай хамгаалах зөвлөмж, чиглэл өглөө.

Мөн холбогдох байгууллагуудаас 2019 оны эхний хагас жилд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээтэй танилцаж, цаашид авах шаардлагатай арга хэмжээг тусгасан зөвлөмж гаргахаар шийдвэрлэв.