Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн автобуснуудад оношилгоо хийж байна

Нийтийн тээврийн хэрэгслээс ялгарах утааны тортогжилтын хэмжээг Нийтийн тээврийн үйлчилгээний газраас явуулын оношилгооны багажаар хэмжих шалгалтыг 2019 оны наймдугаар сарын 12-ны өдрөөс шугам замд хийж эхлээд байна. Эхний хоёр өдрийн байдлаар нийтийн тээврийн 13 компанийн их багтаамжийн 69 автобус шалгалтад хамрагдсан бөгөөд утааны тортогжилтын хэмжээ стандартын үзүүлэлтээс их байсан зөрчлүүдэд Автотээврийн хяналтын улсын байцаагч холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага тооцон, тухайн аж ахуйн нэгжүүдэд улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлэхээр ажиллаж байна.

Монгол улсын Засгийн газрын 2016 оны 213 дугаар тогтоолын дагуу нийтийн тээврийн хэрэгсэл жилд хоёр удаа техникийн үзлэг, оношилгоонд хамрагддаг бөгөөд нийтийн тээврийн салбарын 2019 оны намрын нэгдсэн үзлэг оношилгоо есдүгээр сард эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм

Газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлж, албадан буулгалт хийж байна

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн Засаг даргын 2019 оны А/688 дугаар захирамжаар нийслэлийн хэмжээнд 198 байршилд газар чөлөөлөх ажил хийхээр тусгагдсан.

Уг 198 байршлын газарт Баянгол дүүрэгт 39, Баянзүрх дүүрэгт 41, Сүхбаатар дүүрэгт 26, Сонгинохайрхан дүүрэгт 41, Хан-Уул дүүрэгт 24, Чингэлтэй дүүрэгт 27 байршил багтаж байгаа юм.

Нийслэлийн Газар зохион байгуулах албанаас өнөөдрийн байдлаар бүх байршлын газрын газар эзэмшигчдэд газар чөлөөлөх шаардах хуудас хүргүүлснээс 4 байршлын газрыг эзэмшигч иргэн, аж ахуй нэгж нь өөрсдөө чөлөөлсөн бол 20 байршлын газарт албадан буулгалт хийж нийт 24 байршлын явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөөд байна.

Тэгвэл өнөөдөр Сүхбаатар дүүрэгт 3, Баянзүрх дүүрэгт 3, Сонгинохайрхан дүүрэгт 2, Баянгол дүүрэгт 2 байршлын газарт газар чөлөөллөө. Цаашид бүх дүүрэгт газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлж иргэдийн эрүүл, аюулгүй орчин нөхцөлд амьдрах эрхийг ханган ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Хотын Захирагч “Өнөөдрийн Монгол-2019” хөтөлбөрт хамрагдсан гадаадын гэрэл зурагчидтай уулзлаа

Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг санаачлан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний брэндийн бодлогын зөвлөл, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр “Өнөөдрийн Монгол-2019” хөтөлбөрийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна. Энэ жилийн хөтөлбөрт ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Турк, Монголын 20 гаруй гэрэл зурагчин хамрагдаж байгаа бөгөөд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан гадаадын зочдыг хүлээн авч уулзаж, санал бодлоо солилцлоо. Тэрбээр “Монгол орны маань онгон зэлүүд байгаль, нүүдэлчин ард түмний минь аж амьдралын өвөрмөц хэвшлийг, нийслэл хотын маань уламжлал шинэчлэл хосолсон өнгө төрхийг гэрэл зургийн хальсандаа буулгаж, өөр өөрийн улс орныхоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд сурталчлахаар хүрэлцэн ирсэн та бүхний ажил үйлсэд өндөр амжилт хүсэн ерөөе” хэмээсэн юм. Хөтөлбөрийн зорилго нь гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагын гэрэл зурагчдаар дамжуулан өнөө цагийн Монгол орныг болоод нийслэл хотын өнгө төрхийг олон улсад эергээр сурталчлан таниулах, гадны томоохон хэвлэл мэдээллийн агентлагуудын архив дахь Монгол Улсын тухай түүхэн гэрэл зургийг шинэчлэхэд ихээхэн ач холбогдол өгч байгаа аж. Төсөлд оролцогчид энэ сарын 12-21-ны өдрүүдэд Улаанбаатар хот-Төв аймаг-Хэнтий (Их эзэн Чингис хааны өлгий нутаг)- Дорнодын (Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд) чиглэлд ажиллах аж.

Categories
мэдээ нийгэм

Б.Хурц нарын шүүх хурал үргэлжилж байна

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилж байна.

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэргээр ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэнтэй холбоотойгоор Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох анхан шатны шүүх хурал өнгөрсөн сард Төв аймгийн шүүхэд хаалттай болсон. Гэвч шүүгдэгчид болон өмгөөлөгчийн зүгээс шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан учир шүүх хурлыг энэ сарын 12-ныг хүртэл хойшлуулах шийдвэр гаргаад байсан билээ.

Тэгвэл дээрх

Categories
мэдээ нийгэм

Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана

Өнөөдөр буюу 2019 оны наймдугаар сарын 14-ний Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

10:30-20:00 цагт: ЧД 17, 18-р хороо Сурагчийн 1-5, 28-44, 58-65, 71-76, 79-81, 84, 85, Яргайтын 28, 29, 32, Баянхайрханы 1-8-р гудамжууд, Зүрх уул, МОНЦАМЭ-ийн зуслан, Чингэлтэй уул, Мужаан цех, Үйлс нэгтэн өрхийн эмнэлэг, 37-р сургууль, Дэлхийн зөн ОУБ, Иргэн Шижирбаатар, Бумбаа /дэлгүүрүүд/, 103-р цэцэрлэг, Чингэлтэй аз, Элбэг дулаан ХХК-ууд, Иргэн Мягмарсүрэн, Даян, Баярхүү, Сандмаа болон эдгээрийн ойр орчмоор

БАЯНГОЛ ДҮҮРЭГ

11:00-16:00 цагт: БГД 20-р хороо 29-р бааз, Иргэн Нарантуяа, Галхүү, Буянтөгс ББХХ, Монгол экспресс, Биндэр трэйд, Пэг хау сон, Деко, Тээвэр ачлал, Урлаг арт, Автор строй, Мобель, Тайтгар, Сангийн далай сан ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор

ХАН-УУЛ ДҮҮРЭГ

11:00-18:00 цагт: СХД 8, 20-р хороо 5-р бааз, Од-дин, Мон Сүү ХХК-ууд, Савангийн үйлдвэр, Нефтийн байр, ХЦХ-ийн 1-12-р байр болон эдгээрийн ойр орчмоор

СОНГИНО-ХАЙРХАН ДҮҮРЭГ

11:00-18:00 цагт: СХД 8, 20-р хороо 5-р бааз, Од-дин, Мон Сүү ХХК-ууд, Савангийн үйлдвэр, Нефтийн байр, ХЦХ-ийн 1-12-р байр болон эдгээрийн ойр орчмоо

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Энхболд: Хэн нэг нь “матрын нулимс унагангуут” л лиценз цуцлаад эхэлбэл эдийн засаг хэцүүднэ

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн, гүйцэтгэх захирал Д.Энхболдтой ярилцлаа.


-Ямар нэг компанийн ашиглалтын лицензийг Ерөнхий сайд үүрэг өгөөд тэр өдрөө тогтоол гаргаад цуцалчих нь зарчмын хувьд хэр зөв хандлага вэ, эдийн засгийн нөлөө талаас нь асууж байна л даа. Хөрөнгө оруулагчдын тухайд эргэлзээ болгоомжлолтойгоор харж суугаа байх?

-Дан ганц хөрөнгө оруулагчид биш л дээ. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад хүртэл маш ойлгомжгүй байдал үүсгэчихэж байна. Ерөнхий сайд өчигдөр (уржигдар) анхнаасаа хууль бусаар олгогдсон лиценз гэсэн үндэслэл ярина лээ. ЗГХЭГ-аас цуцалсан үндэслэл нь арай ондоо зүйл харагдах шиг болсон.

-Экосистемийн өмнө ямар ч хууль бөхийх ёстой гэсэн үг гүйцэтгэх засаглалын тэргүүний амнаас унасан…?

-Ерөнхий сайд өөр утгатай эшлэл хэлэх гээд халтирсан байж магадгүй. Байгаль дэлхийн өмнө бүгд сөгддөг гэдэг утгаар хэлсэн байхыг үгүйсгэх аргагүй л юм.

-Шууд утгаар нь хууль гэж хэлсэн бол яах вэ?

-Монголд байтугай ер нь дэлхий дээр нийгэм, байгаль орчны харилцааг цорын ганц цаасаар баталгаажуулж байгаа. Тэр нь хууль.

Хууль гэдэг нь нийгмийн түвшинд хүн хооронд яаж харилцах, хүн байгальтайгаа хэрхэн харилцах гэх мэт бүх харилцааг зохицуулсан зүйл.

Ярилцаж хэлэлцээд санал нэгдэж баталсан шийдвэр шүү дээ. Хуулийнхаа дагуу явбал тухайн газар үйл ажиллагаа явуулж эхэлсэн уурхайн лицензийг цуцлуулахад хуульд заасан шат дараалал гэж бий. Үндэслэл ч гэж байх ёстой.

Түүнээс биш хэн нэг нь “матрын нулимс унагахаар” лиценз болгоныг цуцлаад байвал хэцүү л дээ. Эдийн засаг хэцүүднэ. Ер нь хуулийн дагуу явахгүй бол анархи гэдэг зүйл л бий болно.

-400 лиценз хураана гэсэн мэдэгдэл дээр танай салбарынхан ямархуу байр суурь, реакцитай хандсан бэ?

-Яг үүн дээр гэвэл Тосон бумба гэх мэт бусад кейсүүдтэй адил зарчим руу орчихоод байгаа юм.

Хуулийнх нь дагуу яваад хураана гэвэл мэдээж улсын эрх мэдэл. Хүлээн зөвшөөрнө. Бүх зүйл хуулийн дагуу өрнөсөн учраас асуудал байхгүй.

Харин хуулийн дагуу процедур явахгүй шууд хураана гэвэл хэт өрөөсгөл хэрэг. Тухайн компанийн зөв буруу ямар байх нь гучдугаар асуудал.

Ямар нэг компанийн зөв бурууг та бид хоёр суугаад шүүх эрхгүй хүмүүс. Хамгийн гол нь явагдаж буй процесс хуулийн дагуу эсэх дээр эмзэглэж байна.

Шүүх хуулийнхан буруу, гэмийг нь тогтоогоод гаргаад ирсэн тохиолдолд ямар ч асуудал байхгүй. Яг өнөөдөр өрнөж буй үйл явдлуудыг анзаарахад хоёр бүлэг ч юм уу, хоёр хүний хоорондын асуудлыг шийдвэрлэсэн мэт харагдаж байгаа ч үзүүлэх нөлөө нь нийт салбартаа хүнд тусах гээд байна. Хамгийн том эрсдэл нь энэ.

-Лицензийг ганцхан өдрийн дотор Ерөнхий сайдын үүрэг болгосноор цуцлах нь гадаадын хөрөнгө оруулагчдад том эрсдэл гэж харагдах уу?

-Тодорхой асуудал шүү дээ. Хуулийн дагуу, тодорхой үе шаттай ямар нэгэн процессгүйгээр лиценз цуцалчихаж байгаа улсад мөнгөө оруулахыг хэн ч хүсэхгүй. Хөрөнгө оруулагчдын тухайд Австрали, Канад, Дундад Ази гээд сонголт өчнөөн бий.

-Ганц энэ долоо хоногт өрнөсөн үйл явдал ч биш, өнгөрсөн өдрүүдийг ухраагаад харахаар үндэсний том компанийн лицензийг хураана гэсэн мэдэгдэл бий. Салхит дээр тусгай ажиллагаа явуулсан, төр 400 лиценз хураана гэсэн. Энэ кейсүүдийг том зургаар нь харахаар шил дарсан эвгүй мессэж явчихав уу?

-Мессэжүүдийг нэгтгээд харахаар нэг нэгээр нь намнаад уул уурхайг унагаж авъя гэсэн бодлого бариад яваа юм шиг зураг харагдаж байна л даа. Тийм хардлага төрөхөөр байгааг үгүйсгэхгүй.

-Иймэрхүү үйл явдал урт хугацаанд үргэлжилбэл яах бол?

-Хөндлөнгөөс ажиглавал маш энгийн гаргалгаа харагдаж байна. Гуравдагч орны хөрөнгө оруулалтыг бүрмөсөн хаагаад, зөвхөн урд хөрштэй хамтран ажиллах замыг бэлдээд байна уу гэж хараад байгаа. Урт хугацаагаар нь харвал тийм л үр дүн гарч ирнэ.

-Гуравдагч орны хөрөнгө оруулалтыг зориудаар үргээж байна гэснээс Бороогийн алтны орд дээр “Сентерра гоулд”-ыг Монголоос гартал нь шахсан. Өмнө нь өрнөсөн явдлуудыг анзаарахаар “Хан ресурс” гэх мэт утга ижил кейсүүд ч бий…?

-Таны хэлснийг ерөнхийд нь хүлээн зөвшөөрнө. Сүүлийн үед өрнөж байгаа үйл явдлуудын тухайд хааж, цуцалж буй кейсүүдийг буруутгах аргагүй. Хамгийн гол нь хийж буй арга нь буруу байна. Шүүх, хуультай улс ингэж болохгүй л дээ.

-Оюу толгойг эс тооцвол уул уурхайн салбарт аль улсын хөрөнгө оруулалт жин дарж байна?

-Том төсөл гэвэл Оюу толгойгоос өөр байхгүй. Дунд зэргийн гэвэл хайгуулын хэдэн төсөл бий.

Гэхдээ өнөө төслүүд нь гацсан, гарч ч болдоггүй, орж ч болдоггүй тийм нөхцөлд хүлэгдчихсэн. Хэрэгжиж урагшилж яваа төсөл гэвэл Хятадын хөрөнгө оруулалттай хэдэн компани байх шиг байна.

Төмрийн хүдэр дээр түмэн хятад байгаа нь тодорхой. Жоншин дээр хятадууд Монголын компаниудаа шахаад, ер нь эзэлчихсэн сурагтай байна. Хятадын хувьд нэг өнцгөөс нь тэртэй тэргүй залгиад эхэлчихсэн. Өнгөт металл буюу нөгөө өнцөг дээр нь гуравдагч хөршөө авч үлдэх эсэх нь бидний цаашид хийх алхмаас шалтгаалах байх.

-Оюу толгойг тойргийн гадна үлдээгээд харвал гуравдагч хөршийн орон зайг тооцож үзэхээс аргагүй болж гэж ойлголоо, зөв үү?

-Ер нь бол тийм. Гуравдагч хөрш гэдгийг харилцан айлчлал хийж, үзэсгэлэн зохион байгуулж, ах дүү хот болж, урлаг соёлын хөтөлбөр солилцох гэж ойлгож хараад байдаг. Тийм биш шүү дээ.

Хэн хөрөнгө оруулсан нь л гуравдагч хөрш болно. Хэн нь манай улсад ашиг сонирхлоо оруулж байна, тэр л хөрш. Түүнээс биш мянга бүжигчин, оюутан солилцоод үр дүн, нөлөө жин бага.

-Хөрөнгө оруулалтын орчноо дэмжээд өгвөл уул уурхай тэр дороо сэвхийгээд ирэх боломжтой салбар мөн үү?

-Тааж таамаглаж хэлэхэд хэцүү. Хайгуулын салбарыг “булшлаад” бараг есөн жил болж байна. Сэргээх гэж арав, хорин жил болох байх. Тэгсний дараа ярилцсан нь дээр болов уу даа.

-Уул уурхайн салбарын эдийн засагт нөлөөлдөг тоо баримтуудыг харахаар голлох салбартаа ингэж хайнга хандаж болмооргүй санагдах юм. Та юу гэж бодож байна?

-Наад захын энгийн тоо хэлье. Уул уурхайн салбар бүтэн жилийн экспортын 80-90 хувийг бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл Монголд орж ирж буй валютын 80-90 хувийг ганцхан уул уурхайн салбар бүрдүүлдэг гэсэн үг. Ийм салбараараа зогсоо зайгүй оролдож, хэцүүдүүлчихээд валютын ханш өслөө гэж өндөр дуугарах нь утгагүй л асуудал.

-Уул уурхайн компаниудад хандсан хатуу мэдэгдлүүдийн урд ард түмнээ сонсоно гэсэн тайлбар дагалдах юм. Сая нэг иргэн уйлаад гүйцэтгэх засаглалын тэргүүн үүрэг өгсөн юм шиг зураг харагдлаа. Ард түмэн гэх тайлбарын тухайд таны байр суурийг сонсъё?

-Ард түмнээ сонсоно гэдгийг орон нутгаа сонсох юм байна гэж ойлгосон. Ард түмэн гэдэг харьцангуй ойлголт. Та ч, би ч ард түмний нэг хэсэг.

Ард түмнийг хэзээ сонсдог вэ гэвэл өөр хэрэг. Ард түмнийг төлөөлж сонгогдсон байгууллагын 50-иас илүү хувь нь толгой дохисон асуудлын тухайд яригдах зүйл. Тэгж байж ард түмний нэгдсэн дуу хоолой гэж хүлээн зөвшөөрөгдөнө. Түүнээс биш гурван сая хүний эрх ашгийг 300 хүний эрх ашгаар төлөөлүүлэх аргагүй.

-Ямар нэг уурхайг хөөж гаргасны дараа дахиад нэгэнд нь зөвшөөрөл өгчихсөн байдаг нийтлэг зураг харагддаг гэвэл та хүлээн зөвшөөрөх үү?

-Нийтлэг гэдгийг хүлээн зөвшөөрнө. Ном ёсоороо ажлаа хийгээд явж байгаа уурхайг ямар нэг байдлаар попорч яваад хаалгачихдаг, дараа нь орон нутаг нь өөр компани оруулчихдаг тал анзаарагддаг.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн үеэр хүртэл яригдаж байна л даа. Орон нутгийн засаг захиргааг илүү хараа г бус, бие даасан байлгах ёстой гэж их ярьж байна.

Орон нутаг өөрсдөө мэдэх ёстой гэх мэтчилэн янз бүрийн популист уриан дор өөрчлөлтүүд хийх сэнхрүүлэг явагдаад байгаа. Энэ бол аюултай зүйл.

Орон нутагт эрх мэдэл олгоно гэдэг холбооны улсын шинж рүү орж байна гэсэн үг. Холбооны улсын тухайд манайхаас тэс өөр ойлголт. Манай улсын аймгууд засаг захиргааны л нэгж. Түүнээс биш холбооны улс шиг тухайн газар нь хэдэн мянган жил хэсэг бүлэг хүмүүс амьдарч байхад нь эзэлж нэгтгэсэн түүх бидэнд байхгүй.

Холбооны улсад нийтлэг анзаарагддаг тийм түүх Монголын хувьд хол, тэс өөр зураг. Дахиад хэлэхэд манай аймгууд засаг захиргааны л нэгж. Бүр тодруулж хэлбэл Засгийн газраас гаргаж буй шийдвэрүүдийг гүйцэтгэх ёстой нэгжүүд.

Categories
мэдээ улс-төр

Г.Занданшатар: Зөвшилцлөөр асуудлыг шийдэхийг эрмэлзэж, тавьж байгаа саналыг оруулах талаар ярилцаж байна

УИХ-ын дарга Г.Занданшатар Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатыг өчигдөр (2019.08.13) хүлээн авч уулзаж, тус намын зөвлөлөөс Улсын Их Хурлын даргад хандаж албан бичгээр ирүүлсэн саналын хариуг өгч, ярилцав.

Улсын Их Хурал дахь АН-ын зөвлөлөөс 2019 оны наймдугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хурлын даргад хандаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгад оруулах тухай саналаа энэ талаарх тогтоолын төслийн хамт албан бичгээр ирүүлсэн юм.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд хэлэхдээ, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17.1 дэх заасны дагуу ард нийтийн санал асуулга явуулах эсэхийг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа шийдвэрлэх хуультай. Энэ саналыг холбогдох хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Ийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2019 оны 07 дугаар 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, саналын түвшинд харгалзан үзэх, зөвшилцөх үүрэг бүхий Улсын Их Хурлын 72 дугаар тогтоолоор байгуулагдсан. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ахлуулсан ажлын хэсэгт Та бүхэн ч бас оролцсон.

Иймээс Та бүхнийг техникийн ажлын хэсэг буюу төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсгийн хуралдаан, мөн Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаануудын хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохыг хүсэж, албан бичгийн хариуг хүргүүлж байна гэдгийг хэллээ.

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Ард нийтийн санал асуулгаар оруулах саналыг хүргүүлээд, өнөөдөр албан ёсоор хариу өгч байгаад талархаж байна.

АН-ын байр суурь тодорхой байгаа. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь эцсийн дүндээ ард нийттэй хийж буй гэрээ учраас ард нийтийн санал асуулга заавал явуулах ёстой гэсэн зарчмын байр суурийг манай нам илэрхийлсэн. Энэ байр суурь дээрээ ч бид хэвээрээ байгаа гэдгийг баталж байна. Улсын Их Хурал зөвшилцлийн хүрээнд ард нийтийн санал асуулга явуулах талаар Улсын Их Хурлын чуулганаар санал хураалт явуулахыг зөв зүйтэй алхам болов уу гэж бодож байна. Энэ нь бидний цаашдын зөвшилцөл, ойлголцол руу явахад нэг алхам болно гэж харж байна. Ер нь бид байр сууриа тодорхой илэрхийлж байгаа. Ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшинд ч энэ зарчмын байр сууриа гурван зүйл дээр илэрхийлсэн.

Үндсэн хуулийн өөрчлөлт бол Үндсэн хуулийн үр дагавраас үүдэлтэйгээр болж бүтэхгүй байгаа зүйл, Монгол Улсын хөгжил, иргэдийнхээ ахуй амьдралтай уялдуулан зайлшгүй цоо шинээр харах шаардлага үүссэн гэдэгтэй бид санал нэгдэж байгаа. Гэхдээ үүнийг хийхдээ харилцан зөвшилцөл ойлголцол, үнэмлэхүй олонх, цөөнх гэхгүйгээр бүхий л нийгмийнхээ хүрээнд, улс төрийн намуудын хүрээнд ойлголцож батлагдах ёстой гэдэгт би Таныг санал нэгдэнэ байх гэж бодож байна. Ерөнхийлөгчийн өргөн барьсан өөрчлөлтийн хувьд бид өөрсдийн саналыг илэрхийлээд, ажлын хэсэгт оруулаад явуулж байгаа. Ерөнхийлөгчийн саналыг зарчмын хувьд бид дэмжиж байгаа. Өнөөдөр ч байр суурь хэвээр байгаа.

АН-аас энэ гурван зүйл дээр байр суурь илэрхийлсэн. Энэ асуудлыг ард нийтийн санал асуулгаар явуулах нь зүйтэй гэж шийдвэрлэх юм бол цаашдаа зөвшилцөл, ойлголцолд бэлэн байна гэлээ.

Харин Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Ерөнхийлөгчийн өргөн барьсан Улсын Их Хурал 108 гишүүнтэй байх, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох, сонгуулийн холимог тогтолцооны талаарх саналуудыг АН-ын зөвлөл дэмжиж, санал нэгдэж байгаа гэж ойлгож болох уу гэдгийг АН-ын зөвлөлийн даргаас тодруулахад тэрбээр, ер нь сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудал дээр үнэхээр сонгодог парламентаа төлөвшүүлье гэвэл сонгуулийн тогтолцоо, сонгуулийн хэлбэр дээр Ерөнхийлөгчтэй санал нэг байгаа. Мэдээж, хэдэн гишүүнтэй байх, цаашдаа улс орны хөгжил ямар байх, 20-30 жилийн цаадахыг харъя гэвэл энэ тоон дээрээ тулгуурлаж, Улсын Их Хурал өөрөө ярилцах байх. Ажлын хэсэг дээрээ ч юмуу, зөвшилцийн ажлын хэсэг дээрээ ч юмуу, сайн нягталж ярилцаж байж шийдвэрээ гаргах хэрэгтэй.

Хамгийн гол нь энэ хэлэлцүүлгийн явцад явагдаж байгаа зүйлийн талаар иргэд ойлголт, мэдээлэл муутай байгаа болохоор эерэг, сөрөг янз бүрийн мэдээлэл гарч байгааг бид анхаарч, зөвшилцлөөр нэг талдаа зайлшгүй гарч, ард иргэдэд зөв мэдээлэл өгөх хэрэгтэй байна гэсэн байр суурьтай байгаагаа хэлэв.

Эцэст нь Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар: Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг аль болох олон талын оролцоотой, улс төрийн намуудын өргөн хэлэлцүүлэг зохион байгуулж, эрдэмтэн судлаачдыг оролцуулж, багагүй хугацаанд хэлэлцүүлж, ярилцаж байна.

2000 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг гурав дөрөвхөн цагийн хооронд баталсан гэж ярьдаг. Харин түүнтэй харьцуулахад энэ удаад ихээхэн ул суурьтай, нухацтай няхуур хандаж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ардчилсан намын саналыг тусгаж оруулсан. Хамтарч энэ ажлын хэсэг дээр ажилласан бүх процесс аль болох ойлголцол, зөвшилцлөөр асуудлыг шийдэхийг эрмэлзэж, тавьж байгаа саналыг оруулах талаар ярилцаж байна.

Тийм учраас бүх ард түмнээс сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ахлуулсан Зөвшилцлийн ажлын хэсгийн түвшинд саналаа нэгтгэж, ярилцаж, идэвхтэй оролцох нь зүйтэй гэж бодож байгаа.

Монголын нийт ард түмний хүсэл эрмэлзлийг төлөөлөх эрх, үүрэгтэй ганц хүн бол Монгол Улсын Ерөнхийлөгч, бас Монгол Улсын Их Хурал. Энэ түвшиндээ асуудлыг хэлэлцэн, сайтар ярилцах хэрэгтэй гэж бодож байна гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Монголын талын саналыг дэмжин ажиллана

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ-ын Төрийн Департаментын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан туслах Төрийн нарийн бичгийн дарга Хатагтай Маниша Сингх тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Монгол Улсад өрнөсөн ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн үйл явц, шилжилтийн үеийн хүндрэл бэрхшээлийг даван туулахад АНУ-ын зүгээс үнэтэй хувь нэмэр оруулсныг Гадаад харилцааны сайд онцлоод, хоёр улсын харилцаа, худалдаа, эдийн засгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Түүнчлэн, АНУ-ын Конгресс “Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хууль”-ийг хэлэлцэн батлах нь Монгол Улсын хувьд эдийн засгаа төрөлжүүлэх, экспортын бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэгдүүлэх, улмаар боловсруулах үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг дурдав. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д хийсэн айлчлалын үеэр хоёр орны харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг тунхаглан зарласныг тэмдэглэж,, цаашид АНУ нь манай улсын худалдааны чухал түнш, томоохон хөрөнгө оруулагч байхын ач холбогдлыг тэмдэглэв.

АНУ-ын Төрийн Департаментийн туслах Төрийн нарийн бичгийн дарга Хатагтай Маниша Сингх хоёр орны харилцаа, худалдаа, эдийн засгийн асуудлаарх Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын байр суурьтай санал нэг байгаагаа илэрхийлж, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Монголын талын санал санаачилгыг дэмжин ажиллахаа тэмдэглэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Халх голд хэн хохиров?

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

Халх гол дахь дайны аугаа ялалтын 80 жилийн ой болох гэж байна. Урьд нь хэзээ ч ингэж дуулиантай тэмдэглэж байгаагүй, энэ баярыг! Орос, Монголын эрдэмтэд хамтарсан эрдэм шинжилгээний хурал хийнэ. Японы милитаристуудыг хэрхэн даран сөнөөсөн тактик стратегийн талаар шинжлэх ухааны дүгнэлт өгөх болно. Баярыг тохиолдуулж Орос, Монголын цэргийн хамтарсан сургууль болно. Цэргийн парад болно, тэнд дэлхийд гайхагдаж байгаа Оросын шинэ үеийн байлдааны онгоцнууд өнгө өнгийн утаа гарган нисч Монголын тэнгэрийг чимэглэнэ. Аймээр гоё! Энэ нь өвөлдөө Улаанбаатарыг дардаг нүүрсхүчлийн давхар ислээс шал өөр, ямар ч хоргүй утаа. Мөн Оросын цэргийн дуу хөгжмийн алдарт ансамбель Александрийн чуулга зочлон тоглолт хийнэ. Тэд лав дэлхийг цочоосон “Хотят ли русские войны?” болон “День победы”, хэмээх суут дуунуудаа дуулж сонирхуулах байх. Гайхалтай! Моисеевын ардын бүжгийн чуулга гэж алдар суу нь дэлхийг доргиосон ансамбель бий. Саяхан байгуулагдсаныхаа 80 жилийн ойг тэмдэглэсэн, Халх голын түүхэн байлдаантай нас чацуу. Цэргийн чуулга маягтай тэд дайны үед гол тоглолтоо Байгалийн чанад, Алс Дорнод, Монголд үзүүлж байсан. Тэд бидэнд танил болоод удаж байгаа ”Ка-калин-ка” бүжгээ үзүүлж, “Катюша” зэрэг цэргийн сэдэвт дууны аянд бүжих байх. Энэ тухай Оросын элчин сайд тодорхой ярьсан. Энэ бүх үзүүлэн тоглолтын дараа нь хүндэт нөхөр Владимир Владимирович Монголд зочлон ирэх болно. Магадгүй цэргийн онгоцоор?

Саяхан манай Ерөнхийлөгч Вашингтонд айлчлан АНУ-тай стратегийн түншлэлийн тунхаглалаа зарлах үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нь хүндэт нөхөр Владимир Владимирович ирээд яах тухай тодорхой хэлсэн, түүний ярьснаар Вашингтонтой стратегийн холбоо тогтоож буй нь байдаг нэг арга хэмжээ, харин одоо Оростой үүнээс хамаагүй том гэрээ-иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ байгуулах гэнэ. Энэ нь 80 жилийн ойн баярыг тохиолдуулсан ёслол бололтой.

Халх голын байлдааны 80 жилийн ойн арга хэмжээнд зориулж хүндэт нөхөр Владимир Владимирович дайн болсон газрын бяцхан суманд 10 сая доллар бэлэглэсэн. Газар нутгийн хэмжээгээр Монголдоо хоёрт ордог ч ердөө мянга гаруйхан оршин суугчтай эл суманд энэ нь төсвөөс хуваарилдаг олон жилийн мөнгөнөөс нь хол давна, (Жижиг сум улсын төсвөөс жилд 100 сая төгрөг буюу 40 мянган доллар хүртдэг гээд бодохоор 250 жилийнх нь хөрөнгө болохнээ?). Дайн болсон газарт 80 жилийн өмнө ухаж байсан гэх авч одоо бүрэн эдгэсэн окоовны мөрийг дахин ухаж битүү цементэлснийг мөнгө өгөгч өөрийн биеэр ирж үзэн танилцах байх. Энэ нь нэг талаас энх цагийн бүтээн байгуулалт юм даа. Ойн арга хэмжээнд манай талаас идэвх гарган урлаг уран сайхны зүтгэлтнүүд хамаг чадал эрдмээ шавхах болно. Мөн хөшөө дурсгал хэд хэдийг шинээр босгож баярын үеэр ёслол төгөлдөр нээнэ. Эрдэмтэд, түүхчид, улстөрчдийн оролцоо ч нүсэр байх болно. 10 сая доллар манай авлигачдын хувьд тийм их баялаг биш авч бас ч хөөрхөн мөнгө л дөө. Анхнаасаа Халх голын тулалдаан, мөргөлдөөн гэх цэргийн шинжлэх ухааны тогтсон ангилал бүхий нэршилтэй байсныг тэд энэ удаа дэндүү багаар үнэлж байна гэж голоод “дайн” гэж нэрлэхээр болжээ. Хүний түүхэнд тохиосон хамгийн хүнд, хамгийн том байлдааныг Сталинградын тулалдаан гэдэг болохоос Сталинградын дайн гэдэггүй нь цаанаасаа учиртай байх аа, уг нь. Гэтэл япончууд болохоор Халх голын тулалдааныг “Номунханы хэрэг явдал”, “Номунханы будилаан” гэж нэрлэдэг.

Халх голын ялалтын ойн арга хэмжээ гэдгийг 1969 оноос өмнө тэмдэглэдэггүй байсан. ЗХУ Эх орны дайны ялалт гэдгийг анх удаа 1965 онд л хүндэт нөхөр Леонид Ильичийн санаачилгаар сүр дуулиантай тэмдэглэжээ. Сталин ч, Хрущёв ч тэмдэглэж байгаагүй. Цэдэнбалд ийм төстэй тэмдэглэлт ойн баяр гэнэт хэрэгтэй болсон тул 1969 онд Халх голын 30 жилийн баяр хийв. Эхнийх нь ч даруувтар байсан, жил өнгөрөх тутам далайц, сүр дуулиан нь тэлсээр, 45 жилийн яруу алдарт ойг мундаг тэмдэглэдгийн даваан дээр “өвчний учир” Москва түүнийг албан тушаалаас нь болиулсан. Үүнээс хойш ойн арга хэмжээний зэрэг зиндаа доошлон доошилсоор 1990 оноос хойш япончууд хүртэл өөрснөө оролцох болсон эрдэм шинжилгээний хурал, хэвлэлийн бага хурлын хэмжээнд очин бараг мартагдах шахсан билээ. Сонирхолтой нь үзүүлэн тоглолтыг судалгаа шинжилгээ орлох болсны ачаар түүхэн баримтууд үзэл суртлын хөшигний араас ил гарч, Халх голын хэрэг явдлын жинхэнэ учир шалтгаан тодорсоор ирсэн юм. Харин энэ жилээс дахиад л ёслолын өнгө өнгийн хөшиг Халх голын түүхийн наагуур татагдах бололтой. Өнөөгийн Монгол Улсад төрийн мэдлийн мэдээллийн хэрэгслэл байдаггүй, бүгд хувийнх, олон нийтийнх. Гэтэл Халх голын 1939 оны хэрэг явдлын тухай зарим телевизүүд өдөр алгасалгүй үзүүлэхдээ социализмын үеийн үзэл сурталжсан, үнэнээс гадуур суртал нэвтрүүлгийг давтах нь юуны хүч нөлөө юм бол?

Халх голын дайнд (Будилаан? Мөргөлдөөн? Тулалдаан? Байлдаан?) оролцохгүй, өөрийн нутагт ийм үйлдэл хийлгэхгүй гэж Ерөнхий сайд Гэндэн, Ерөнхий сайд Амар, Бүх цэргийн жанжин Дэмид нар Сталинтай зөрөлдсөнийхөө шанг амиараа төлсөн юм. Ийм байлдааны урьдчилсан бэлтгэл ажиллагаанд дор хаяхад 30 мянган монголчууд амиа өргөсөн юм. Жинхэнэ байлдааны талбарт 237 цэрэг эрс үрэгдсэн, үүний гуравны нэгийг нь Зөвлөлтийн улаан цэргийн онгоц эндүүрч бөмбөгдөн араас нь пулемётоор шүршсэн, гуравны нэгийг нь Японы тагнуул гэж хардан гүтгэж өөрийнхөн нь хороосон.

Японы төрийн эрхийг Араки тэргүүтэй цэргийнхэн толгойлж Зүүн Хойд Хятадын Манжуурыг эзлэн Манж Го хэмээх өөрийн тоглоомын улсыг 1932 онд байгуулав. Оросууд ч гэсэн БНМАУ хэмээн өөрийн тоглоомын улстай. Эдгээр нутгийг 1907 оны Орос-Японы нууц гэрээгээр энэ хоёр гүрэн эзэмших болсон. Япон 1905 онд Оросыг дайнд ялсан, 1920 онд Оросын иргэний дайныг далимдуулан Алс Дорнодыг тэр чигээр нь эзэлж байсан. Төрийн эрхэнд гарсан цэргийнхэн “Өмнөдийнхөн” гэх далайгаар дамжин өмнө тийш Австрали хүртэл нутгаа тэлэх, “Умардынхан” хэмээх Алс Дорнодоор дамжин Ураал хүртэл нутгаа тэлэх хоёр чиглэлийн стратеги бодолтны бүлэгт хуваагдчихаад байв. Иймээс Японы СССР-т халдах магадлал үнэхээр байсан юм.

Монголчууд нийгэм журмыг эсэргүүцэж 1932 онд бослого гарган улмаар тэр нь иргэний дайнд хүргэсний дараа Сталин Монголыг Коминтернээс хураан авч өөрөө хариуцахаар болов. Гээд 1929 онд Улаанбаатарт ирж төрийн эргэлт зохион байгуулсан коментерний төлөөлөгчдийн бичсэн дүгнэлт маш прагматик ач холбогдлыг тодорхойлсон нь “800 мянган хүн амтай энэ бүдүүлэг ард түмний хүн нь гэхээсээ газар нутаг нь маш ач холбогдолтой юм” гэсэн анхааруулга Сталинд маш таалагджээ. БНМАУ-ын газар нутаг бол СССР-ийг Япон ба Хятадаас тусгаарлах жийргэвч бүс, Япон Хятад хоёрын дунд яс хаяхад хэрэглэгдэх зөөврийн гарц, Япон болон Хятадтай мөргөлдөх болон байлдахад нэн тохиромжтой полигон. Энэ полигон юун түрүүн Япон болон Хятадын эсрэг бүрэн дүүрэн цэнэглэгдсэн байх ёстой. Гэтэл Японд эзлэгдсэн өвөрмонголчууд болон баргууд япончуудад нэн элэгтэй хандан тэднийг чөлөөлөгчөө гэж үзэн хүндэтгэж байна. Япончууд ч тэдэнд онцгой эрх олгон халамжилж, хүн амыг нь орчин үежүүлж соёлжуулж иргэншүүлэхэд бүх талаар дэмжин тусалж байна. Гадаад Монголд ийм явдал гаргуулж болохгүй.

Нийгмийг дагуулдаг хэсэг нь сэхээтнүүд, язгууртнууд. Тэднийг 1934 оноос нэг бүрчлэн бүртгэж аваад 1937-38 онд бүгдийг нь хороов. Бүгд Японы тагнуул! Чойбалсангийн тэмдэглэлд 56 мянга 938 хүнийг баривчилсан гэж бий. Шүүх гэгчээр орж буудуулсан бүртгэлтэй нь 27 мянга гэж байгаа. Гэвч ямар ч шүүхгүй бүртгэлгүй хэд алуулсныг хэн ч мэдэхгүй. Ял ердөө буудан хороох, 10 жилийн гяндан гэсэн хоёрхон төрөл байсан. 10 жилийн ял авбал тэнгэрийн умдаг атгалаа гэсэн үг. Ямар ч байсан 30 мянган хүн 10 жилийн ял аваагүй, ийм тооны хоригдол багтаах сав Монголд байгаагүй. Өршөөсөн, гэмгүй нь батлагдаж суллагдсан хүн хуруу дарам. Японы тагнуул гэгдвэл өчиггүй буудуулдаг учир нэг баривчлагдагч ”Би Японы биш Германы тагнуул. Сая Тэрэлжид Гитлер өөрөө онгоцоор ирээд надад даалгавар өгчөөд буцлаа” гэж зүтгэсээр байгаад 10 жилийн ял авсан тохиолдол ч бий. Ийнхүү амьд хоцорсон монголчуудад зөвхөн хязгааргүй айдас л үлдлээ.

Барга, халх хоёрын хооронд хилийн маргаан гэх юм байсангүй, адилхан монголчууд, ялгаатай нь 1907 оны нууц гэрээгээр нэг нь Японы, нөгөө нь Оросын мэдлийн бүс болсон. Сталин гэнэт хилийн маргаан гэгчийг санаачлав. Ингээд Манж Го, Япон, БНМАУ-ын гурвалсан хэлэлцээ Манжуур сууринд олон удаа болж тохиролцоонд хүрчээ. Японы зүгээс БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөд бэлнээ илэрхийлсэн нь хоёр хөршөөс яагаад ч зөвшөөрөхгүй алхам болов. Хэлэлцээрийг Ерөнхий сайдын орлогч Самбуу толгойлсон, харин түүнийг эргээд ирэнгүүт Москвад аваачиж буудан хороосон. Хилийн асуудлыг тохиролцож болохгүй, зөвхөн маргалдаад л гөжөөд байх ёстой аж.

Монголд улаан цэрэг оруулж байрлуулахыг Сталин Гэндэнгээс шаардав. Юу руу тэмүүлээд байгааг нь мэдсэн Гэндэн Дэмид нар татгалзсан төдийгүй зэвсэг өгчих өөрснөө аргалъя гэж гуйжээ. “Орос, Япон хоёр манай нутагт байлдах гээд байна, дуртайгаараа тэд байлдаг, энэ нь Монгол, Манж Го хоёрт ямар хамаа байна!” гэж Гэндэн ярьсан байдаг. Дэмидийг хордуулж алаад, Гэндэнг баривчлан Хар далайд цөлснөө удалгүй түүнийг БНМАУ-ыг тунхаглаж төрийн тэргүүн болсон огноо арваннэгдүгээр сарын 26-нд нь буудан хороосон. Өөрснийгөө тусгаар улс гэж итгээд байлуу? Ерөнхий сайд Амарыг ч Монгол наадмын өдрийг тохиолдуулан хороосон.

Монголын Засгийн газраас асуулгүйгээр нэлээд том цэргийн хүчин 1936-37 онд орж ирэн байрлалаа. Хожим маршал болсон Иван Конев Москва руу бичихдээ “Цэрэг байрлах байшин сав олдохгүй учир Чойр хэмээх томоохон хийдэд суудаг 5 мянган лам нарыг хөөж гаргаад тэнд суурьшив”.

Эдгээр баримт 1990 оноос хойш ил болсон юм. Япон, Хятад, Зөвлөлт, Тайвань, АНУ, Монголын олон баримт Халх голын түүхэн ялалтын ойгоо баяр баясгалантайгаар тэмдэглэсээр ирсэн монголчуудын хувьд алхам алхамаар хүртээлтэй ил болж эхэллээ. Халх голын тулалдаанд хэдхэн цэрэг зэвсгээр хохирсон зөвлөлтүүд Японыг хиар цохиж 60 мянган цэргийн хохирол учруулсан тухай, Япончууд БНМАУ-ыг эзлээд улам цаашлан транссибирийн төмөр замд хяналт тогтоох гэж байсан тухай, Монголыг колоничлон хүн ардыг нь боолчлохоор зорьж байсан тухай суртал нэвтрүүлгүүд бүгд худал болох нь архивын шинэ баримтаас улам тод болж эхлэв. Читагийн цэргийн архивыг ухсан хурандаа генерал Г.Кривошеев “Орос болон Зөвлөлтийн ХХ зуун дахь дайны хохирол” эмхтгэл ном хэвлүүлсэнд Халх голд Зөвлөлтийн хохирол Японыхоос хэд дахин их байсныг баримтаар нотолжээ. Дийлж л байвал хүн хүчний хохирлыг огт тоодоггүй Жуковын арга техник энд анх хэрэглэгдсэн гэнэ. Мөн хилийн зориудын маргааныг дэгдээж энэ тулалдааныг эхнээс нь Сталин зохиомлоор үүсгэн дэвэргэсэн гэжээ. Монголчуудын хохирлыг тэнд “1921 морь тэмээ” гэж тэмдэглэсэн байх юм. Факт үнэнээс чухал (Fact is more important than truth) шалгуур үг байдаг юм билээ.

Монгол цэргийн архивт монгол цэргийн алагдсан тоог 237 гэж бичсэн байдаг. Зөвлөлтийн бөмбөгдөгч онгоц Хамар даваанд морьтой жагсаж явсан Монголын ардын журамт цэргийг Баргын морин хороотой эндүүрэн бөмбөгдөж, зугтаасныг нь дээрээс пулемётоор шүршин 90 орчим байлдагчийг хөнөөсөн аж. Гэвч энэ эндүүрлийг цагаатгахын тулд Халх голын тулалдаан дахь Монгол талыг удирдаж байсан корпус хамаандлагч Лувсандоной, жанжин штабын дарга Цэрэн нарыг Японы онгоцыг дуудан авчирч өөрийн цэргийг бөмбөгдүүлсэн гэж гүтгээд Москвад аваачин буудан хороов. Үүнээс үүдэн Халх голд байлдаж байсан олон цэрэг даргыг Японы тагнуул хэмээн хядсан ба яс тоо нь олдохгүй ч нийт үрэгдэгсдийн гуравны нэг нь гэсэн дам мэдээ байдаг. (Лувсандонойг СССР-ийн Дээд зөвлөл 1957 онд яаралтай цагаатган буруугаа хүлээсэн боловч Монголын тал үүнийг тас нуун дарсан төдийгүй, Халх голын ялалтын 30 жилийн ойд зориулсан 1969 оны товхимолд түүнийг урвагч байсан хэмээн хараан зүхсэн байдаг). Яг тулалдаанд орж байлдсан хэдэн хүн дайны талбарт үрэгдсэн нь мэдэгддэггүй, учир нь Монголын талаас тулалдаанд 6 ба 8 дугаар морьт хороог оруулсан ба тэд орчин үеийн техник зэвсэгтэй япончуудтай байлдаагүй, Манж Го-гийн талынх гэх барга монголчуудын морин хороотой тулгарсан. Баргууд Японд туслах битгий хэл гай болж байсан аж, учир нь тулалдааны үед ах дүү халх түмэнтэйгээ байлдахгүй, Японы төлөө үхэхгүй гэсэн суртал нэвтрүүлэг уриа лоозон Баргын морин хороонд нэлэнхий тарсан байсан гэдэг.

Хайлаарт төвлөрч байсан Квантуны армийн хил харгалзан хариуцах цэргийн хүч нь юун БНМАУ-ыг эзлээд цааш давшин Алс Дорнодыг байлдан дагуулах битгий хэл ядруу зэвсэгтэй, томоохон хилийн мөргөлдөөн ч даахааргүй жижиг хүчин байжээ. Тэдэнд Токиогоос ирсэн тушаалд Манж Го ба БНМАУ-ын хилийн зурвас маргааныг шийдвэрлэх үүрэг өгсний зэрэгцээ Гадаад Монголын хилийн газар нутагт нэг ч алхам зөрчин халдахыг хатуу хориглосон байдаг. Түүнээс гадна Халх голын тулалдаанд Японы талыг удирдаж байсан генерал Комацубара нь Зөвлөлтийн агент байсан нь илэрч байна. Энэ мэтчилэн олон баримтыг түүх судлаач Равдангийн Болд Америкийн болон Тайванийн архиваас илрүүлж хэд хэдэн товхимол хэвлүүлсэн. Баримт үнэнээс илүү чухал.

Халх голын тулалдааны үр дүнд хилийн ямар ч будилааны асуудалд холбогдоогүй байсан Нөмрөг голын зүүн тал дахь Мана хэмээх уулаа монголчууд бүрмөсөн алдсан юм. СССР, Япон хоёр Москвад эвлэрэх хэлэлцээ эхлүүлчихээд байсан есдүгээр сарын 12-нд Японы тал гэнэт довтлон “дүрмээс гадуур” үйлдэл хийсэн гэдэг. Үүнээс болж Монголын армийн 22 дугаар морьт хороог одоо болтол буруутган урвасан, айсан, ухарсан гэх мэтээр дайрч давшилдаг, тус хорооны цэргүүд ч Халх голд дайтсаныгаа нуух болсон юм. Хэргийн мөрөөр хөөвөл Мана уулыг баргууд эзэлсэн бололтой. Учир нь Халх голд яагаад байлдаад байгаа, ямар бүсд байлдах, дайтах газрын хязгаар хаа хүрээд зогсохыг Монголын ч, Баргын ч морин цэргүүд огт мэдэхгүй байж. Тэдэнд энэ талаар зөвлөлтүүд ч, япончууд ч хэлж өгөөгүй. Монголын ардын арми Японтой биш, Баргын морин хороотой тулалдах оноолттой байсан болохоор Мана уул эзлэгдсэн юм бол түүнийг япончуудаас биш, баргуудаас чөлөөлөх үүрэг л Монголын морин цэрэгт ноогдох учиртай. Москвад эвлэрлийн хэлэлцээ хийж байгаа учир талууд одоо байгаа газраасаа хөдөлж болохгүй гэсэн тушаал гэнэт ирсэн учраас 22 дугаар хорооныхон яаж ч чадаагүй байдаг.

Саявтархан Москвагийн Түүх архивын дээд сургуулийн профессор А.Крушнельницкий болон түүхч В.Воронов, Е.Трифонов нарын зэрэг судлаачид Халх голын тулалдааны тухай шинэ шинэ баримт гаргаж ирлээ. Эдний бүтээлийн заримыг эмхтгэн “Халх голын тулалдаан: Хэний ялалт вэ?” гэсэн товхимлыг НЭПКО хэвлэлийн газар эмхтгэн гаргав. Энд урьд мэдэгдээгүй байсан маш олон тун хачирхалтай зөндөө факт илэрч байна. Халх голын тулалдаан эхлэхээс хавьгүй өмнө зөвлөлтүүд байлдаанд бэлтгээд Монголын нутагт 32 мянган цэрэг болон арвин техник бэлэн байдалд сойж байсан юм байна. Япон-Манж Го-гийн цэрэг эхэлж хил зөрчөөгүй, тэднийг хөдөлж өгөхгүй болохоор нь монгол цэргийн хувцастай Зөвлөлтийн тагнуулынхан Манж Го-гийн хил зөрчин тийш нэвтрээд хилийн хамгаалалтынхныг нь буудан самарч өдөөн хатгасан юм байна. Буйр нуурын хавьцаа Монголын хилийн застаавыг япончууд зөрчин орж ирснээр байлдаан эхэлсэн гэж олон жил түүх бичлэгт давтдаг байсан нь худал төдийгүй ерөөсөө тийм застаав огт байгаагүй юм байна. Зөвлөлтүүд Хасан нуурт япон офицерийг буудан өдөөн хатгаж тулалдаан эхлүүлсэн боловч тэндээ нарим цохиулсан учир дараагийн өдөөн хатгалгыг Монголын хүн амьтангүй зэлүүд полигонд хийхээр эртнээс төлөвлөсөн юм байна. Хилийн маргаантай зурвас гэдгийг Зөвлөлтийн цэргийн тагнуулын топографи, картографи хариуцсан газраас зориуд хуурамчаар зохиосон юм байна. Гэх мэт, гэх мэт. Fact is more important than truth. Сталин түүхэнд төрсөн аугаа мундаг стратегчийн нэг. Тэрээр Халх голын тулалдааны хүчээр дэлхийн II дайны үе дахь Алс Дорнод дахь аюулгүй байдлаа баталгаатай болгож авсан. Халх голын тулалдааны хүчээр өмнөд хөрш БНМАУ-ыг бүрнээ номхоруулж, гадна ч, дотно ч талдаа ямар ч эсрэгүүцэлгүй үнэнч боол болгож чадсан. Халх голын тулалдааны хүчээр Японтой байлдаж байсан Хятадын коммунистууд болон гоминданыхны итгэлийг хүлээж чадсан. Хэдийгээр Молотов Риббонтропын гэрээгээр нэр нүүрээ алдсан ч гэсэн Халх голын тулалдааны хүчээр хожим нь холбоотнуудтай түншлэх бололцоогоо нээсэн.

Дэлхийн дайны үеийн Япон нь энхийн цагаан тагтаа байгаагүй. Дэлхийг нураах шахсан дөрвөн гол буруутны (Япон, Герман, СССР, Итали) нэг. Харгис дэглэмээр удирдуулсан Япон нь Хятадтай найман жил байлдаж, Австралийг бөмбөгдөж, Пөрл Харборт гэнэдүүлэн довтолж, Бирмийг сүйтгэж, Тайвань, Солонгосыг колоничилж байсан. Тэд Нанжинд бузар хядлага зохион байгуулж, Манжуурт хүний санаанд багтамгүй яргалал үйлдэх лаборатори ажиллуулж, олзлогдсон цэргүүдийг хорих лагерьтаа тамлан зовоож байсан. Тэдний өдөөсөн дайнд хүний өөрийн хэдэн сая хүн үрэгдсэн. Хэдийгээр дайнаас хойш 70-80 жил өнгөрчихөөд байгаа ч ялангуяа хятад, солонгос хүмүүсийн гомдол тасраагүй л байна.

Гэвч тэд БНМАУ-ыг эзлэн түрэмгийлэх бодлого агуулж байгаагүй төдийгүй тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрөхөд ч бэлэн байсан. Тэд Хятадын бүгд найрамдах улсад хамаарах нутагт амьдардаг монгол үндэстэнд онцгой дотно найрсаг хандаж байсан. Тэднийг соёлжуулах иргэншүүлэхэд төдийгүй хятадуудаас хамгаалах өмгөөлөхөд онцгой анхаарал тавьж байсан. Эртний түүхтэй, хүчирхэг явсан намтартай монгол үндэстнийг япончууд шулуухан хэлэхэд хүндэтгэдэг байжээ. Тэр үед япончууд ялангуяа Гадаад Монголтой ямар ч холбоогүй байсан ч тэнд Монгол судлал сүрхий дэвшингүй хөгжсөн байсан юм шүү.

Өнөөдөр яагаад хүндэт нөхөр Владимир Владимирович гэнэт Халхын голд “дайн” зарлах болов? Биднийг дахиад л яах гэж хааш нь чирээд, юу рүү түлхээд байгаа юм бол? Солонгос Япон хоёрын зөрчил урьдын хэв хэмжээнээсээ халин Ерөнхийлөгчийн оролцоотой хэрүүл болон дэгдлээ. Хятад, Япон хоёр муудалцаад хэдэн жил болж буй нь газар нутгийн маргаан руу орлоо. Малакийн хоолойг хяналтдаа авахын төлөө олон орон өрсөлдөж байна. Подстам, Ялтын гэрээнд тусгагдаагүй мөртөө шударга бусаар булаагдсан дөрвөн арлын асуудлаа яриа хэлэлцээрийн аргаар шийдэх гэсэн Японы Ерөнхий сайдын ээлжит оролдлого өдөөн хатгасан муухай доромжлолд өртөв. ШХАБ нэрийн доорх холбоо улам улам цэргийн эвсэл шинж рүүгээ гулсаж байна, магадгүй НАТО-ын эсрэг шинэ Варшавын гэрээ болж хувирах ч юм билүү? Ойрын болон дунд тусгалын пуужинг хязгаарлах Зөвлөлт АНУ-ын гэрээнээс татгалзан гарч буйгаа Трамп зарлав. Олон улсын хоригт орон эдийн засгийн хямралтай болсон Орос улс Хүйтэн дайнаас үлдэж хоцорсон цөмийн зэвсгийн асар их нөөцөөрөө гайхуулах болов. Нэг талаас, цэрэг армийн салбар нь тодорхой утгаар хоцрогдсон, гэтэл нөгөө талаас энэ хоцрогдлыг яаралтай арилгахын тулд маш их түргэн түүхий алхмуудыг ямар ч золиосыг үл харгалзан хийж байгаа, эсвэл цэрэг зэвсгээ гэнэтийн ямар нэгэн юманд шургуу бэлтгэж байгаа гэсэн таамаглалыг ч зарим мэргэжилтнүүд дэвшүүлж байна. Дотоодын дэмжлэгээ өдөр өдрөөр алдаж байгаа хүндэт нөхөр Владимир Владимирович ямар нэгэн барьцаалах зүйлтэй болох, тэр нь Крымээс илүү том далайцтай, түүнийг нь дэлхий ертөнц зөвшөөрөн хэлэлцээ хийхээс өөр аргагүй байдалд хүргэх тийм алхам ч төлөвлөсөн байж болох шүү дээ. Юутай ч дотно гаднаасаа шахуулаад эхэлсэн тэрээр одоо ёс суртахуунтай ямар нэг алхам хийхээсээ өнгөрсөн байх аа? Одоо өнөөгийн Оростой харьцуулахад хавьгүй эрх чөлөөтэй ардчилсан Монгол нутагт Халх голын тулалдааны ойн баяр гэгчээр халхавчилсан ямар илбэ дэлхий нийтэд харуулахаар төлөвлөсөн юм бол, дорогой товарищ Владимир Владимирович?

2019.8.11

Categories
мэдээ цаг-үе

Л.Болд: Ард иргэд хууль, шүүхийн байгууллагад итгэх итгэл бүрэн унтарчихлаа

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.


-Б. Хурцын шүүх хуралд гишүүд оролцох хүсэлтээ илэрхийлсэн ч хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн тайлбар өглөө.

-Түр хороо энэ шүүх хурлаас мэдээлэл авах шаардлагатай. Уг хэргийг нууцын зэргээс гаргачихаад байхад шүүх хурлыг нууцаар явуулна гэж хуйвалдаад байна. Ингээд цаад хэргээ ч нууцаас нь бүрэн гаргаж өгөхгүй, Засгийн газраас хийсэн тогтоол, хууль зөрчөөд байгаа юм. Энгийн хоёр иргэнийг улайм цайм тамлан зовоож эрүүдэн шүүчихээд, хариуцлагыг үүрэх болохоор хөшигний цаана нуугдаж жүжиглээд, шүүх хурлыг нааш цааш болгож хойшлуулаад байна. Угтаа энэ шүүх хурлын шийдвэрээс хоёр хүний хувь заяа шалтгаална. Энэ бүх шүүх хурал дээр бид ард түмнээ төлөөлж оролцмоор байгаагаа илэрхийлсэн. Хэвлэл мэдээллийнхэнд ил тод, ард түмний өмнө шууд явуулах хэрэгтэй. Ард түмэнд үнэнийг мэдээлмээр байна. Энэ шаардлагыг бид өнөөдөр хатуу тавьж байгаа. Тэр үүднээс энэ бүх шүүх хуралд оролцож, олон түмнийг үнэн бодитой мэдээллээр хангахыг зорьж байгаа юм. Үндсэндээ ард иргэд хууль, шүүхийн байгууллагад итгэх итгэл бүрэн унтарчихлаа.

-Гадаад харилцааны сайдаар олон жил ажилласны хувьд Ерөнхийлөгчийн Америкт хийсэн айлчлалын талаар дүгнэж хэлэхгүй юу?

-Ерөнхийлөгчийн айлчлал түүхэн айлчлал болсон. Монголын ноос ноолууран бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх нь айлчлалын гол үр дүн байсан. Эдийн засгийн үр дүн бодитоор гарч, үүнийгээ дагаад хөрөнгө оруулалт нэмэгдэж, ажлын байр олноор бий болох боломжтой. Мөн манай улс 15, 16 жил энхийг сахиулахад АНУ-тай хамтарч ажиллахаас эхлэн Батлан хамгаалахын салбар өндөр түвшинд хөгжсөөр ирсэн. Монголчууд МАНАН дэглэм, шударга бус явдалтай тэмцэж байгаа. Энэ цаг үед шударга ёсны хувьсал өрнөж байна. Энэ үед бид баялагтаа эзэн болохоос гадна баялгийг хулгайлсан, Монголын ард түмний баялагт хууль бусаар гараа дүрсэн хүмүүст хариуцлага хүлээлгэх хэрэгтэй.

Гэтэл энэ бүх баялаг маань оффшорт байна шүү дээ. Дэлхий дахинд оффшортой тэмцэж байгаа гол улс бол АНУ. Оффшорчдыг гишгэх газаргүй болгох нөхцөлийг АНУ-тай хамтарч хийж чадна. Энэ хүрээнд айлчлалын гурав дахь хамгийн чухал ач холбогдол энэ юм. Цаашдаа хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин тэлж, олон зүйлийг тодорхой болгох байх гэж найдаж байна. Өмнө нь хүн хулгайлж авчирсан шиг С.Төмөрбатын шүүгчийг авчирч болохгүй л дээ. Хуулийн процесс нь явна, цаг орно. Гэмт хэрэг үйлдсэн этгээд бүр хуулийн өмнө хариуцлага хүлээх нь чухал. Ямартаа ч энэ процессийг эхлүүлээд явж байгаа гэж бодож байна.

-АНУ-тай манай орон стратегийн түншлэлтэй болж байгаад хоёр хөрш ямар байр суурьтай байгаа бол?

-Дэлхий гэдэг чинь хуультай, олон улсын дүрэмтэй, аль ч улс бүрэн эрхийн хүрээнд аль ч улстай хамтын харилцаагаа хөгжүүлэхийн тулд гуравдагч, дөрөвдэгч улсуудтай харилцахад бусад улсын хувьд ямар нэг байдлаар, арга хэрэгслээр шахалт, дарамт үзүүлэх үндэслэл байхгүй. Бид бүрэн эрхтэй улс. Бүрэн эрхээ л хэрэгжүүлж байгаа. Орос, Хятад хоёр улстай хамтын харилцааны хамгийн дээд түвшинд байгаа. Энэ хоёр улс руу дөхөж очих ямар ч харилцаа байхгүй.

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл хэлэлцэгдээд явж байна. Таны хувьд нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор ямар байр суурьтай байна вэ?

-Одоогийн манай Үндсэн хууль маш сайн Үндсэн хууль. Дордуулсан гэх долоон өөрчлөлтөө хүчингүй болгочиход үндсэндээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэггүй. Үндсэн хуулиа ягштал хэрэгжүүлэлгүй 30 орчим жил болчихлоо. Үндсэн хуулийн философийг бага ч болов хэрэгжүүлээд явбал Монголын төр огт зовохгүй. Дордуулсан долоон өөрчлөлт өнөөдөр хамгийн их гай авчраад байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлтөд дордуулсан долоог өнөөдөр хүчингүй болгож чадахгүй бол түүнтэй холбоотой зарим нэг заалтуудыг зайлшгүй залруулах шаардлагатай. Манай намын зүгээс баялгийн заалтыг өргөн барьсан. Байгалийн баялгийг иргэн бүрийн өмч байх нь зөв гэж үзсэн. Стратегийн ордуудаасаа ард түмэн, иргэн бүр шууд үр ашгаа хүртдэг болох асуудал руу нэлээн ойртсон заалт. Гэтэл одоогийн нөхцөл байдлыг харахаар МАНАН хумсаа нуугаад Шүүхийн процесс, шинэ жил, наадам, цагаан сар гээд хэдэн сар улс орныг унтуулдаг. Тэгээд сонгуулиар саналаа луйвардана, дээрэмдэнэ, хулгайлна, хүч хэрэглэнэ, бүх аргаа хэрэглэж байгаад дахиад нэг сонгуулиар ялна. Түүний маргааш энэ бүх процессоо буцаагаад авах тооцоотой ажиллаж байгаа. Хэрвээ бид өнөөдөр Үндсэн хуулиараа хаалт хийж байгаа бол МАНАН зорилтоо 100 хувь хэрэгжүүлэх нөхцөлийг хүндрүүлэх бололцоо байгаа юм. МАНАН хэвлэл мэдээлэл, хөрөнгө мөнгө, хуулийн байгууллага зэрэг бүх шатанд барьцааны сүлжээгээрээ Монголын төрийг хэрчихсэн байгаа шүү дээ. 30 жилийн турш бэхэжсэн энэ зүйлийг бид гуравхан жилийн дотор ялна гэж байхгүй. Тэр тусмаа гурван сарын дотор бүр ч дийлэхгүй. Иймээс бид дахиад баялгаа алдах, Монголд бүр аймшигтай дэглэм тогтох тийм нөхцөл байдал бий болохыг үгүйсгэхгүй. Энийг хаахын тулд баялгаа ядаж ард түмэндээ аваад өгчихье гэж байгаа юм. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг зөвхөн үүний төлөө хийж болно гэж үзэж байгаа юм.

-Парламентын засаглалыг бэхжүүлэх, Засгийн газрыг тогтвортой байлгах үүднээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа гэж гишүүд тайлбарлаад байгаа?

-Дордуулсан долоон өөрчлөлтөөр Ерөнхийлөгч санал оруулдаг эрхийг нь хасчихсан. Тэгэхээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтайгаа эрх мэдлээ булаацалдахаас өөр аргагүй болж байгаа юм. Гэтэл Ард түмэн Ерөнхийлөгчийг сонгочихсон байдаг. Тэгэхээр хуулийн эрх мэдлийн хүрээнд Засгийн газартайгаа ойлголцоод ажиллах бололцоо байх ёстой. Хоорондоо эрх мэдэл булаацалдах тогтолцоо руу дордуулсан долоон өөрчлөлтөөр оруулчихсан. Нууцаар санал хураадаг байсныг ил болгочихсон шүү дээ. Тэгэхээр хүний барьцаанд орчихож байгаа. Ингээд монгол ардчиллаа алдчихсан. Дээрээс нь Ерөнхийлөгч ямар ч үүрэггүй болгосон. Улмаар Ерөнхийлөгч зөвхөн засагтайгаа байлддаг хөндлөнгийн этгээд болчихсон. Ийм замбараагүйтлийн ард Монголын баялаг л үрэн таран болж байгаа юм. Бид баялгаа ард түмэндээ авчихсан байхад, баялагтай ард түмэн төрөө засаад явчихна. Том баялгаа ард түмэн өмчилсөн байхад цаашаа бүх юм зөв голдрилоороо явчих байх. Явж явж аливаа өвчин эмгэг чинь нэг эх үүсвэртэй байдаг шүү дээ. Тэрийг нь эмчлэхгүй бол алийг нь ч эмчлээд нэмэргүй. Тийм учраас тэр өвчний голомт өнөөдөр баялаг болчихоод байна.

-Ерөнхийлөгчийн зүгээс гишүүдийн тоог 108 болгож, таван жилийн хугацаатай ажиллах санал оруулж ирсэн. Манайд хэр зөв шийдэл вэ?

-Олон түмнээс сонсдог шийдвэр. Ард түмэн үндэс-лэлийг нь хүлээн зөвшөөрч гишүүдийн тоог нэмэх гэж байгаа бол нэг хэрэг. Гэтэл өөрсдийн төлөөллийг УИХ-д оруулах тоо нь цөөдөөд УИХ-д гишүүн нэмэгдүүлэх бүлэглэлүүдийн бодлого явж байгаа бол өөр хэрэг. Гол нь сонгуулийн тогтолцоотойгоо холбоотой асуудал үүснэ.

-108 гишүүдийнхээ 50 хувийг нь нэг мандат бүхий сонгуулийн тойргоос мажоритар, мөн 50 хувийг сонгуулийн нэгдсэн нэг тойргоос пропорциональ тогтолцоогоор сонгоно гэж байна. Энэ нь хэр зөв шийдэл юм бэ?

-Манай Үндсэн хуулийн өөрийнх нь үзэл баримтлалд иргэн хүн УИХ-ын гишүүнээ сонгох ёстой гэж заасан. Хүн сонгох ёстой. Одоо нам сонгодог тогтолцоонд орно гэж байгаа бол Монголын төрийг маш том аюулд оруулна. Учир нь нам хэний гарт байгаа билээ. Ингэхээр ард түмэн өнөөдөр төрөө байгуулах, төрдөө итгэх итгэл тэг заана шүү дээ.

-Танай эвсэлийн зүгээс Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд санал өгсөн үү?

-Бид таван үндсэн санал өгсөн. Энэ ажил нааштай явж байгаа учраас Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн ажлын хэсэгт оролцож байна.

-Үндсэн хуулийг баталж амжих болов уу?

-МАНАН бүлэглэлийнхэн сонгуулийн тогтолцоог пропорциональ буюу нам сонгодог тогтолцоог дэмжиж байснаа, байгалийн баялгийг ард түмэнд өгөх асуудал ороод ирэхээр Үндсэн хуульд өөрчлөлт хийхээс буцах гэдэг. Яагаад гэхээр сонгуулийн маргааш бүх баялгаа буцааж авах гээд байна. Үүнийг нь Үндсэн хуулиар хаах гээд байна шүү дээ. Тэгэхээр одоо Үндсэн хуульд тэр заалт нь байхгүй. Зөвхөн “сонгуулийн тогтолцоо” гэсэн заалт байсан. Өөрөөр хэлбэл намаараа сонгогдох тэр замаа нээх гэж байсныг нь Цэцийн шийдвэрээр бүрэн хаачихсан. Одоо хэрхэн Үндсэн хуулийг унагаах вэ гэсэн том хуйвалдаан явж байна.