Categories
мэдээ нийгэм

Гашуун сухайт боомтоор 509 кг чулуу нуун гаргах гэж байсныг илрүүлжээ

Гаалийн ерөнхий газар 2019 оны наймдугаар сарын 08-ны өдрийн 14.30 цагт Гашуун сухайт дахь гаалийн газрын хяналтын бүсээр Монгол улсын иргэн А “Т” ХХК-ны 2302 ӨМҮ улсын дугаартай Фотон маркын авто машиныг жолоодон улсын хилээр нэвтрэхдээ их хэмжээний чулуу гаргахыг завдсан байна.

Чулуунуудыг чиргүүлэн дэх нүүрсэн дундаа нуусан байжээ. Нийтдээ 17 шуудайнд 509 кг чулуу бэлтгэн нуун гаргах гэж байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлэн Цагдаагийн байгууллагатай хамтран хойшлуулшгүй ажиллагаа явуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Архив албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийг зохион байгуулах ажлын хэсгүүдийн арга зүйн сургалт боллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн хэмжээнд Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн Улсын үзлэг зохион байгуулах тухай 2019 оны тавдугаар сарын 30-ны өдрийн А/518 тоот захирамж гаргасан. Уг захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор өнөөдөр Хангарди ордонд “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-ийг зохион байгуулах салбар комиссын ажлын хэсгийн гишүүдийг нэгдсэн арга зүйгээр хангах сургалт боллоо.

Энэхүү сургалтаар “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлт”-ийн шалгуур үзүүлэлтийг орон нутгийн хэмжээнд хэрхэн хангаж, хэрэгжилтийг тооцон, хүрсэн үр дүн болон биелэлтийг үнэлүүлж шалгуулахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж арга зүй, зохион байгуулалтаар хангаж ажиллахаар Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Архивын газраас заавар, зөвлөгөө өгч, зөвлөмж хүргүүлж байна.

“Нийслэлийн хэмжээнд улсын үзлэгээр 230 хүн салбар комиссын ажилд ажиллана. Эдгээр ажлын хэсгийн хүмүүст хэсэгчилсэн байдлаар таван удаа сургалт зохион байгуулна. Дөрвөн жилд нэг удаа болдог улсын үзлэг учраас салбар хорооны ажлын хэсгийн гишүүдэд нэгдсэн нэг мэдээлэл заавар зөвөлгөөг өгөх нь чухал” хэмээн нийслэлийн Архивын газрын мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга Н.Оргилболд хэллээ.

“Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архи албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-ийг зохион байгуулах ажлын хэсгийн гишүүдийг нэгдсэн арга зүйгээр хангах сургалтанд нийслэлийн зургаан дүүргийн 100 гаруй албан хаагчид оролцож байна. Маргааш алсмагдал гурван дүүргийн албан хаагчдын дунд сургалтыг зохион байгуулах аж.

Categories
мэдээ нийгэм

Гал унтраах тактикийн сургуулилтад 185 ажилтан, алба хаагч хамрагдлаа

НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид хамтран ‘’Бльюмон’’ ХХК-д аюулт үзэгдэл, үйлдвэрлэлийн болон техникийн холбогдолтой осол гарсан үед гал унтраах тактикийн сургуулийг зохион байгууллаа.

Мэргэжлийн ангийн бэлтгэл бэлэн байдлыг хангуулах, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулсан тус дадлага сургуульд “Бльюмон” ХХК-ийн штаб, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, гал түймэр унтраах, аврах 34, 10 дугаар анги болон нийслэлийн аврах анги 105-ын нийт 185 ажилтан, алба хаагч, 5 автомашин, техник хэрэгсэлтэйгээр оролцсон юм.

Гал түймэр унтраах тактикийн дадлага сургуулийг тус барилгын 4 болон 7 давхарт зохион байгуулж, аврах зам гарц хаагдсан болон утаанд хордсон иргэдийг өндрөөс аюулгүй буулгах дадлага сургуулийг хийсэн бол “Бльюмон’’ ХХК-ийн ажилтнуудаар гал унтраах дадлагыг хийлгэлээ.

Categories
мэдээ нийгэм

Төслийн хүрээнд гэр хорооллын 600 өрхөд соруулдаг жорлонг суурилуулжээ

Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр Азийн хөгжлийн банк, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хамтран хэрэгжүүлж буй “Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах замаар хөрсний бохирдлыг бууруулах” МОН-9189 төслийн хүрээнд нүхэн жорлонгоос татгалзах ажлыг эхлүүлээд байна.

МОН-9189 төслөөр Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд буюу Сонгинохайрхан дүүргийн 6, 7 дугаар хороонд, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд нийтдээ 1,500 ширхэг сайжруулсан ариун цэврийн байгууламжийг (САЦБ) барьж суурилуулан, хуучин доторлогоогүй нүхэн жорлонг халж, иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах орчинг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой. Ингэхдээ зөвхөн нүхэн жорлонг сайжруулсан ариун цэврийн байгууламжаар солиод орхих бус, хаягдлын зохистой менежментийн циклийг хийж туршин, хүний хаягдал ялгадсыг эдийн засгийн эргэлтэд оруулах, шинэ дэвшилтэт технологи туршлагыг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байгаа юм.

Төслөөр стандарт хангасан ариун цэврийн байгууламжийг төсөлд хамрагдсан өрхүүдэд үнэ төлбөргүй барьж өгчээ.

Ингээд эхний ээлжийн нийт 600 ширхэг нэвчилтгүй суурийн нүхтэй САЦБ буюу бидний хэлж заншсанаар соруулдаг жорлонг барьж суурилуулах ажил бүрэн хийгдэж дуусчээ.

Дараагийн үе шатанд барьж байгуулах 900 ширхэг экологид ээлтэй ариун цэврийн байгууламж (Экосан)-ийг барьж турших ажил эрчимтэй явагдаж байна.

Урт хугацаанд гарах төслийн үр нөлөө нь гэр хорооллын бүсэд нийгмийн эрүүл мэндийн нөхцөл сайжирч, хөрсний бохирдол буурна. Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг бууруулахын тулд иргэдэд зөв дадал, ухамсар хандлагыг төлөвшүүлж, олон нийтийг соён гэгээрүүлэх ажлыг төсөл хэрэгжиж буй хороодод тогтмол хэрэгжүүлж, хүний хаягдал ялгадсаас үүдэлтэй хөрсний бохирдлыг бууруулах загвар үйл ажиллагаануудыг туршин цаашид тогтвортой ажиллах нийгэм эдийн засгийн орчинг бүрдүүлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Соёлын үнэт зүйл байх магадлалтай эд зүйлсийг нууцаар хил давуулахыг завджээ

Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн хяналтын бүсэд 2019 оны наймдугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар-Эрээн чиглэлийн суудлын галт тэргээр зорчиж явсан Монгол Улсын иргэн М хөөрөг, гуутай бурхан, суумал бурхан гэх мэт 24 нэр төрлийн түүх, соёлын үнэт дурсгалт зүйл байж болох эд зүйлсийг гялгар уутанд боож, хүнсний зүйлсээр далдлан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг гаалийн байгууллага илрүүлжээ.

Одоогийн байдлаар сум дундын прокурорт харъяалал тогтоолгон шалгуулахаар шилжүүлсэн байна.


Categories
мэдээ нийгэм

Явган зорчигчийг мөргөж гэмтээх осол ихсэж байгааг анхаарууллаа

2019 оны наймдугаар сарын 12-ны 17:50 цагийн орчимд Баянзүрх дүүргийн “Мандала” хотхоны урд замд Тоёото Приус маркийн автомашины жолооч С нь унадаг дугуй унаж явсан 15 настай, эрэгтэй Б-тэй мөргөлдсөн осол гарчээ.

Унадаг дугуй унаж явсан Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь цагдаагийн байгууллагын шалгалтын явцад тогтоогдсон байна.

Хоёр өдрийн байдлаар Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс зам тээврийн ослын шинжтэй 177 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулахад осол, хэргийн улмаас нийслэлд есөн хүн гэмтэж бэртсэний дөрөв нь хүүхэд байжээ.

Сүүлийн үед явган хүний гарцаар гарч буй явган зорчигч нарыг мөргөж гэмтээх зам тээврийн осол ихсэж байгаа тул иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Categories
мэдээ улс-төр

Тост, Тосон бумбын нурууны хилийн заагийг өргөтгөлөө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар Хуралдаанаар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах Тост, Тосон бумбын нурууны хилийн заагийг өргөтгөн улсын тусгай хамгаалалтад авах тогтоолыг баталлаа. Үүнтэй холбогдуулан БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийв. Тэрбээр “Засгийн газрын хуралдаанаар Байгалийн нөөц газрын хилийн цэсийг тогтоох тухай Засгийн газрын 2017 оны 91 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцож,Тост, тосон бумбын хилийн заагт өөрчлөлт оруулж 153,4 мянган га газрыг өртгөлөө. Ингэснээр нийт 896.5 мянган га газрыг байгалийн нөөцийн ангилалд авсан Засгийн газрын тогтоол батлагдлаа. Үүнтэй холбогдуулах холбогдох сайд нараар ахлуулсан хайгуулын болон ашиглалтын лицензид олгогдсон ажлын хэсэг байгуулагдахаар боллоо” хэмээлээ.

Categories
мэдээ нийгэм

Хоёр настай хүү гэрийнхнээ малд явсан хойгуур алга болжээ

Гэртээ ганцаараа үлдсэн хоёр настай хүүхэд сураггүй алга болсон хэрэг Ховд аймгийн Ховд суманд энэ сарын 13-ны өдөр буюу өчигдөр гарчээ.

Тодруулбал, тус сумын харьяат Н-ийн хоёр настай хүү гэрийнхэн нь малдаа явсан хойгуур алга болсон байна. Хүүг эрэн хайх ажиллагааг аймгийн онцгой байдлын эрэн хайх, аврах баг, цагдаагийн бүрэлдэхүүн, Засаг даргын тамгын газрын алба хаагчид эхлүүлээд байна.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах Тост, Тосон бумбын нурууны хилийн заагийг өргөтгөн улсын тусгай хамгаалалтад авах тогтоолыг баталлаа.

Тогтоол батлагдсанаар Байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоох тухай Засгийн газрын 2017 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн 91-р тогтоолыг хүчингүй болгож, Тост, Тосон бумбын байгалийн нөөц газрын хилийн заагт өөрчлөлт оруулсан байна. Ингэснээр Тост, Тосон бумбын байгалийн нөөц газрын хилийн заагийг 153.4 мянган га газраар өргөтгөн нийт 896.5 мянган га газрыг улсын тусгай хамгаалалтад авсан байна. Үүнтэй холбогдуулан БОАЖ-ын сайд мэдээлэл хийсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Эрүүлжүүлэх байранд эмнэлгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

Эрүүлжүүлэх байрны үйл ажиллагаанд ашиглах эмнэлгийн тоног төхөөрөмжийг хүлээн авлаа. Үүнд эмнэлгийн хэрэгсэл ариутгагч автоклав, эмийн хөргөгч, ариутгалын дизкамер, даралтын аппарат, сахарын аппарат, сахарын оношлуурын тест зэрэг 6 нэр төрлийн 191 ширхэг тоног төхөөрөмж багтжээ.

Үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн Б.Болормаа, Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн алба, Нийслэлийн цагдаагийн газар, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбат, “Еврофарм” ХХК-ий ажилтан, алба хаагчид оролцлоо.

Тоног төхөөрөмжүүдийг Хууль зүй, дотоод хэргийн яамны “Архидан согтуурахтай тэмцэх сан”-гийн хөрөнгөөр санхүүжүүлсэн бөгөөд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын эрүүлжүүлэх байрны үйл ажиллагаанд ашиглах юм.