Categories
мэдээ нийгэм

Нарантуул худалдааны төвийн хойд талын автозамын хөдөлгөөнийг түр хаана

Нийслэлийн хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний түгээлтийн найдвартай ажиллагааг дээшлүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, хүчин чадлыг нэмэгдүүлэх, аюулгүй ажиллагааг хангах зорилгоор 35000В-н агаарын шугамын цахилгааны утсыг 2019 оны 08 дугаар сарын 1-ны өдрийн 06 цагаас 18-ны өдрийн 00 цаг хүртэл, 23-ны өдрийн 06 цагаас 24-ний өдрийн 00 цаг хүртэл шинэчлэн солих ажлын хүрээнд БЗД-ийн 14 дүгээр хороо Нарантуул худалдааны төвийн хойд талын автозамын хөдөлгөөнийг түр хаана.

Categories
мэдээ нийгэм

Долоон вагон замаасаа гарчээ

Хятад улс руу олон улсын ачаа тээвэрлэж явсан долоон вагон замаасаа гарчээ.

Төв аймгийн Баян сумын Мааньт өртөөний орчимд энэ яьдал болсон байна. “Улаанбаатар төмөр зам”-ын удирдлагууд нөхцөл байдлыг тогтоохоор газар дээр нь ажиллаж байгаа юм байна. “Улаанбаатар төмөр зам”-аас энэ талаар тодруулахад вагон осолдоогүй, замаас гарсан. Иймд хүн бэртэж гэмтээгүй гэлээ. Тус вагонууд нь ачааных байжээ.

Categories
мэдээ нийгэм

Замын бүсчлэлийг хэрэгжүүлэхгүй гэв

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг сааруулах зорилгоор замыг гурван бүсчлэлд хуваах зохицуулалтыг үе шаттайгаар наймдугаар сарын 15-наас хэрэгжүүлнэ гэдгийг албаныхан мэдээлж байсан. Ингэснээр хотын “А”, “В” бүсэд зөрчилтэй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар, нэвтэрсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх ажлыг төлөвлөж байсан юм. Гэвч энэ зохицуулалтыг хэрэгжүүлэхээ больсон гэдгийг нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ё.Баатарбилэг: 13 мянган хүний сургалтын төлбөрийн зээлийг төрөөс чөлөөлнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг сургалтын төлбөрийн зээл чөлөөлөлт зэрэг багц асуудлыг хурлаар хэлэлцүүлэн батлуулсан байна. Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ. Тэрбээр:

-Боловсролын зээлийн сангаас дотоод, гадаад их, дээд сургуульд суралцагчдад зээл олгодог. Энэ арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг салбарын сайдад үүрэг өгсний дагуу асуудлуудыг орууллаа. 2004-2016 оны хооронд дотоодын их, дээд сургууль суралцаж төгссөн, Боловсролын зээлийн сангаас зээл авч суралцсан, зээлийнхээ гэрээний үүргээ биелүүлсэн иргэдийг төрөөс чөлөөлөх шийдвэртэй холбоотой асуудал яригдлаа. Засгийн газраас Дээд боловсролын тухай хуульд заасны дагуу УИХ-д энэ асуудлын журмыг өргөн барихаар тогтлоо.

Ингэснээр дээд боловсролын салбарт боловсролын зээлийн салбарт хадгалагдаж байгаа 13 мянга гаруй диплом нь байдаг. Барьцаанаас чөлөөлөгдөж чаддаггүй хүмүүсийн асуудал шийдвэрлэгдэнэ. Гэрээний үүргээ биелүүлсэн, ажилладаг, НД төлж байгаа хүмүүсийн асуудал шийдэгдэнэ хэмээлээ.

Мөн шинжлэх ухааны тоог цөөлөх үүднээс чиг үүргийн бус салбаруудыг нэгтгэж, байгууллагуудын бүтцийг алдагдуулсан шийдвэр 2015 онд гарсан. Энэ шийдвэрийг засч залруулж, менежментийг боловсронгуй болгохоор шийдвэрлэжээ.

Categories
мэдээ улс-төр

Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг улсын тусгай хамгаалалтад бүрэн авлаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 08 дугаар сарын 14-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг өөрчлөн баталлаа.

Энэ тогтоолоор Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт өөрчлөлт оруулан 153482,37 га газар өргөтгөн нийт 896540,37 га газрын байгалийн нөөцийн ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар болж байна.

Энэхүү шийдвэртэй холбогдуулан Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 15-ны 91 дүгээр “Байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоох тухай” тогтоолыг хүчингүй болголоо.

Улсын тусгай хамгаалалтад авсан газрын хилийн заагийг тогтоож буй газартай хэсэгчилсэн болон бүрэн давхцалтай ашигт малтмалын хайгуулын долоон тусгай зөвшөөрөл байна.

Засгийн газрын хуралдаанаас Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан ЗГХЭГ-ын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болон хууль хяналтын байгууллагын удирдлагууд бүхий ажлын хэсэг байгууллаа. Энэ ажлын хэсэг нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лицензийн олголтод дахин хяналт тавих, лиценз олгохдоо хууль зөрчсөн байх магадлалыг шалгах юм.

Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах үндэсний хөтөлбөр баталлаа

Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах үндэсний хөтөлбөр баталлаа. Хөрсний нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, газрын бохирдол доройтлоос урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, урт хугацааны тогтвортой менежментийг бий болгон нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх зорилтын хүрээнд таван зорилт, 55 үйл ажиллагааны чиглэл, арга хэмжээг 2019-2023 онд хэрэгжүүлэхээр тусгажээ.

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эрүүл хөрсийг хамгаалах, бохирдож доройтсон хөрсний 30 хувь буурах, хот суурин газрын хөрсийг бохирдуулагч эх үүсвэрийн 20 гаруй хувийг устгаж, бохирдож доройтсон хөрсийг цэвэрлэн хөрсний бохирдлоос шалтгаантай өвчлөлтийг бууруулах нөхцөл бүрдэнэ гэж үэзж байна.

Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнгийн ТЭЗҮ боловсруулах зардлыг Засгийн газрын нөөцөөс гаргана

Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнг Нийслэлийн Хан-Уул дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт Нисэх, Яармагийн аюулгүйн тойргийн зүүн урд хэсэгт барихаар тогтлоо. Тус хүрээлэнгийн техник эдийн засгийн үндэслэл, эх загвар зураг боловсруулахад шаардагдах зардлыг гаргана.

Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнгийн иж бүрэн зураг төслийг боловсруулах, барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах хөрөнгийг 2020 оны улсын төсөвт тусгуулах болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх асуудлыг судалж, зохих арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нарт даалгалаа.

Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнг үндэсний онцлог хэв шинжийг агуулсан, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн дэвшилтэд технологийн шийдэл бүхий, Үндэсний их баяр наадмаас гадна олон улсын спортын төрөл бүрийн тэмцээн, урлаг, уран сайхны арга хэмжээ зохион байгуулах бололцоо нөхцөл хангагдсан байх ёстой гэж төлөвлөж байна.

Шинжлэх ухаан, технологийн салбарт дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ

Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд тусгагдсан зорилго, зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор шинжлэх ухаан, технологийн салбарт дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

-Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд зарцуулах санхүүжилтийн зорилтод түвшинг хангаж, төлөвлөлтийн дагуу жил бүрийн улсын төсөвт тусгах

-Шинжлэх ухаан, технологи, инновацийн хүний нөөцийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад шаардагдах зардлыг улсын төсөвт тусган хэрэгжүүлэх

-Шинжлэх ухааны парк байгуулах ажлыг эрчимжүүлж, шаардагдах хөрөнгийг гадаадын зээл тусламжид хамруулах

-Эрдэм шинжилгээний хүрээлэн, төвийн үйл ажиллагааны үр дүн, үр ашгийг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах зэрэг арга хэмжээг зохих журмын дагуу авч хэрэгжүүлэхийг даалгалаа.

Товч мэдээ

– Засгийн газрын 2000, 2008 оны тогтоолын дагуу хөнгөлөлттэй зээлээр суралцагчид эзэмшсэн мэргэжлээрээ төрийн байгууллагад ажилласан, хөдөлмөрийн чадвараа алдсан, нас барсан тохиолдолд зээлийн төлбөрөөс чөлөөлөх зохицуулалт байсан ч 2012 онд батлагдсан Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд заасны дагуу “Сургалтын төлбөрийн зээлийг чөлөөлөх журам”-ыг УИХ-аас тогтоохоор хуульчилсан боловч тус журам батлагдаагүй тул 2004-2016 онд төгссөн иргэд журам болон гэрээнд заасан үүргээ биелүүлсэн боловч дипломоо авч чадаагүй байна. Сургалтын зээлийн төлбөрөөс чөлөөлөх энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

– Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

-Стратегийн хүнс экспортлох, импортлох зөвшөөрөл олгох журмыг баталлаа. Журам батлагдсанаар хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

​Монгол Солонгосын соёлын долоо хоног эхэллээ

“Монгол Солонгосын соёлын долоо хоног” арга хэмжээг БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэг хамтран зохион байгуулж, наймдугаар сарын 13-нд нээлээ. Энэ жил БНСУ болон Монгол Улс хоорондын дипломат харилцаа тогтоосны 29 жилийн ой тохиож буй юм. Тус арга хэмжээний талаар Монголд суугаа солонгос иргэдийн нийгэмлэгийн тэргүүн Kook jung yeol “Жил болгон энэхүү арга хэмжээгээр дамжуулан харахад монгол залуус маш их сэргэлэн цовоо, гэрэл гэгээтэй байдаг. Дээрээс нь бидний зүгээс маш их талархууштай нэг зүйл бол БНСУ-ын талаар маш сайн мэддэг монгол залуус олширсон” хэмээн онцолсон юм. Монгол дахь солонгос иргэдийн нийгэмлэгийн менежер Б.Ууганзаяагаас зарим зүйлийг тодрууллаа.

-БНСУ-аас Монгол улсад суух 12 дахь Элчин сайд нутаг буцсан. Шинээр элчин сайд томилогдсон уу?

Одоогоор томилогдоогүй байгаа. Энэ асуудлыг нарийн сайн мэдэхгүй байна.

-Солонгос руу зорчих виз гарах хугацаа сунгагдсан учир шалтгааныг тайлбарлахгүй юу?

Иргэдийн зүгээс Солонгос улс руу зорчих визний хүсэлт нэмэгдэж байгаа. Үүний зэрэгцээ маш олон хүмүүс хуурамч бичиг баримт бүрдүүлсэн зөрчил гарсан. Үр дүнд нь Солонгосын ЭСЯ-наас монгол иргэдэд итгэх итгэл алдарч, виз шалгах хугацааг 3-4 сар болгон сунгасан.

Ц.Чимэдцэеэ

Categories
мэдээ нийгэм

“Сауд гоби коэл транс” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоолоо

Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ажлын хэсгийн алба хаагчид Өмнөговь аймгийн Гурван тэс сумд өчигдөр очиж “Сауд гоби коэл транс” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг танилцуулж, үйл ажиллагааг зогсоолоо.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019.08.12-ны өдөр шуурхай хуралдаан зарлаж, Уул уурхайн сайд Д.Сумъяабазар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, ЦЕГ-ын дарга С.Баатаржав, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн болон бусад холбогдох албаны хүмүүстэй Өмнөговь аймаг дахь Гурван тэс сумын Тост, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж буй “Сауд гоби коэл транс” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах үүрэг өгсөн юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 01/5640 тоот дүгнэлт, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 01/2291 дугаартай албан бичгийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газар кадастрын хэлтсийн даргын 405 дугаартай шийдвэрээр “Сауд гоби коэл транс” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцаллаа.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар тус байгууллагад ашиглаж байсан тоног төхөөрөмж, хэрэгслийг битүүмжилж, лацдаж, цагдаагийн байгууллага уурхайн амыг хааж, тусгай зөвшөөрлийн талбайг хамгаалалтад авч ажиллаж байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“XMF 2019” наадмын тайзнаа дуулах монгол уран бүтээлчид

2019.08.23-ны өдрийн Монгол уран бүтээлчид:

Жил бүр зохион байгуулагддаг XMF 2019 олон улсын хөгжмийн наадамд оролцох Монгол, хип хоп артистуудын нэрс тодорсоор байна. Бидэнтэй хамт нэг үдшийг доргио өнгөрөөх болсон эхний артистууд бол бидний Rapper big gee нэрээр нь сайн мэдэх Т.Мөнх-Эрдэнэ.

Тэрээр анх Click click boom нэртэй бүлгэм байгуулж нөхдийн хамтаар уран бүтээл туурвиж эхэлжээ. Тэр цагаас хойш 13 жилийн турш тасралтгүйгээр тус урсгалд зүтгэж Монголын хип хоп-д томоохон хувь нэмэрээ оруулаад байгаа юм. Сүүлийн жилүүдэд тэрээр Real label, Enthusiast gym-г үүсгэн байгуулж, шинэ залуу үеийнхэнийг дэмжин тэдэнд үлгэр дуурайлал болон ажиллаж байна.

Олон талаараа үзэгчдийн хайр хүндэтгэлийг татсан дараагийн уран бүтээлч бол реппер, продюсер Одонгийн Баярсайхан буюу Rokit bay. Тэрээр анх уран бүтээлчийнхээ гарааг 2007 онд “Асуулт форум” – аас Nevalast нэртэйгээр эхэлж байжээ. Тэрээр студийн гурван цомог гаргаж байсан ба 2011 онд Пуужин баяраа, 2013 онд Эвдэрхий хүмүүс, 2016 онд Хариуцлага цомгуудаа олон нийтэд цацжээ. Мөн тэрээр реппэр гэдгээсээ гадна хэд хэдэн киноны гол дүрийг бүтээсэн. Сүүлийн жилүүдэд Rokitbay репперийнхаа карьериас түр завсарлаад байсан бөгөөд энэ хооронд Авъяаслаг Монголчууд шоуны гурван улирлыг шүүгээд зогсохгүй өөрийн “Онцц Дүмд” цуврал хүүхэлдэйн киноны хоёр улирлыг гаргаж олны хүртээл болгосон.

Тэгвэл үндсэн карьераасаа завсарлаад байсан уран бүтээлч маань энэ жил XMF 2019 олон улсын хөгжмийн наадмын тайзнаа эргэн үзэгч түмэнтэйгээ уулзхаар болсон байна. Мөн Дэлхийн 38 орноос цугларсан 50 гаруй шүүгчтэй АНУ-ын CBS телевизийн уран бүтээл болох “Дэлхийн шилдгийн шилдэг” буюу “The Worlds best” шоу нэвтрүүлгийн шүүгчээр ажиллаж шүүн тунгаасан билээ.

Одоо танилцуулах артист бол Шоо хамтлагаас гараагаа эхэлж Opozit нэрийн доор сонсогчдийг байлдан дагуулж байсан нэгэн. Тийм ээ энэ бол реппер Энэрэл. Тэрээр анх шоо хамтлагаас гараагаа эхэлсэн цагаасаа хойш мөн л тасралтгүй урлагт зүтгэж яваа. Opozit хамтлагийн хамтрагч Гантулгатай тааламжгүй харилцаатай болсон тул соло уран бүтээлч хийх болсон ч тэд эргээд сайн найзууд болсон байдаг. Одоогийн байдлаар Энэрэл Belluci records-г ажиллуулдаг бөгөөд түүний гаргасан хамгийн алдартай дуэт репперүүд бол бидний мэдэх Vandebo хамтлаг юм. Мөн тэдний хамтран бүтээсэн “У на на” дууг мэдэхгүй хүн байхгүй байх. Учир нь цацагдаад хоёрхон сар болж байгаа ч аль хэдийн 4 сая үзэгчийн хандалт Youtube сайтад аваад байгаа юм.

Харин одоо Монголын хамгийн халуухан реппер болох Mrs.M –ийн талаар өгүүлэх нь зүйтэй байх. Тэрээр өөрийн гэсэн хэв маяг, тачаангүй үглэлт, төрхөөрөө олон охид, залуусын зүрх сэтгэлийг татдаг нэгэн. Түүний youtube сувагдахь хамгийн олон үзэлттэй дуунуудад “Цор ганц”, “Bang”, “Ядаргаа” зэрэг дуунууд нь багтаж байна. Түүний тухай бас нэгэн сонирхолтой зүйл бол тэр хэзээ ч том хар нарны шилгүйгээр үзэгчдийн өмнө гардаггүй гэхэд болно.

Тиймээс энэ нь түүний image –ийг тодорхойлох нэг хэсэг болж чаддаг байна. Мөн чадварлаг реппер бүсгүй маань саяхнаас Хонг конгийн B2 talent asia LLC тэй хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн таван сард хамтран бүтээсэн уран бүтээлээ олон нийтэд цацсан билээ.

XMF –ийн тайзнаа бидэнтэй цуг байх дараагийн уран бүтээлч бол реппер Thunder. Түүнийг хүүхэд залуус анх Реп дэмбээ хэмээх гудамжны дисс тэмцээнээс нь мэдэх биз ээ.Хожим нь тэрээр Backyard хэмээх тэмцээний ялагчаар тодорч уран бүтээлийнх нь гараа эхэлсэн гэхэд болох юм.

Тэрээр үгэлж залуучуудыг сайнд уриалсан, эерэг хандлага бэлэглэсэн уран бүтээлүүдээрээ түүчээлдэг нэгэн. Тиймээс ч залуучуудын дунд нилээд ритинг өндөртэй репперүүдийн нэг болон гарч ирээд байгаа юм.

Шинэ цаг үеийн реп урсгалд хүч түрэн гарч ирээд байгаа артис бол нисдэг чоно WOlfizm. Тэрээр анх 2014 онд анхныхаа дууг хийж байсан бөгөөд Rapper big gee-ийн label-тай хамтран ажилладаг байсан.

Нэгэн ёсондоо wolfizm нь Big Gee- гийн гарын шавь түүний үргэлжлэл гэж хэлж болохуйц нэгэн юм.

Уншигчдын маань XMF 2019 олон улсын хөгжмийн наадмын тайзнаа харахыг хүсч байгаа залуус бол Энхжамц, Эрдэнэболд нар юм. Гэхдээ тэднийг Vandebo гэдгээр нь сонсогчид нь илүүтэй мэдэх биз ээ. Тэд дархан хотоос гаралтай бөгөөд одоогоор хоёул ШУТИС-д суралцдаг.

Тэд эхэлсэн цагаасаа хойш дууныхаа үг, ая, мастерингийг өөрсдийн биеэр хийж гүйцэтгэдэг байсан гэж ярилцдаг. Тэд Реппер энэрэлийг шүтдэг хэмээн нэг дуундаа хэлсэн бөгөөд хэсэг хугацаанд Belucci records-д гэрээтэй ажиллаж байсан. Тэдний Youtube сувагдахь бараг бүх л дуу нь хит болдог гэхэд илүүдэхгүй хамгийн актив уран бүтээлчдийн нэг юм.

XMF олон улсын хөгжмийн наадмын тайзнаа хамгийн он удаан жил гарч буй XMF – ийн ахмад артист бол Roockie. Тэрээр наадмын хамгийн залуу реппер боловч тасралтгүй XMF –ийн тайзнаа гарсан гэдгээрээ онцлогтой.

Мөн тэрээр охидын дунд нилээд цуутай нэгэн. Арга ч үгүй залуухан царайлаг уран бүтээлчийн хувьд байх л зүйл.

Rap dembee, backyard гээд олон уралдаанаар шалгаран цойлж гарч ирсэн нэгэн реппэр бол Mabberant буюу Мийгаа. Мөн адил залуу хип хопын үеийг нуруун дээрээ үүрч яваа артистын нэг юм.Түүний дууны үгэнд гүн утга учир, найраглал оршдог тул түүнийг сонсох залуучууд их байдаг биз ээ.

Тэгвэл энэ жил тэрээр XMF 2019 олон улсын хөгжмийн наадмын тайзнаас та бүхэнтэй өөрийн уран бүтээлээрээ мэндчилхээр болоод байгаа юм байна.

Шинэ цагийн реп, трап хип хоп урсгал зонхилоод байгаа өнөө үед Oldschool хэв маягийн үглэлтээрээ түрэн гарч ирсэн залуучууд бол O.G Mob. Тэд хуучны хип хопын сэргээхийн хажуугаар шинэ үеийн хип хопыг ч мөн чадварлаг хийдэг ээ.

Тэдний дуунд хурц нийгмийн шүүмжлэл хэл ихээр зонхилдог гэдгээрээ онцлогтой.Тэгвэл чадварлаг залуус маань энэ удаад мөн л адил ХMF – ийн тайзнаас та бүхэнд хонхны дуу сонсгох нь

2019.08.24-ний өдрийн Монгол уран бүтээлчид:

Тэгвэл бидний дараагийн дурдахь артист бол Rapper Тsetse. Vanquish хамтлагтайгаа уран бүтээлээ туурвиж ирсэн тэрээр хэсэг завсарлага авсан ч сүүлийн жилүүдэд эргэн ирэлт хийгээд байгаа.

Түүний сүүлийн саруудад гаргасан дуунууд нь маш их хандалттай байгаа. Мөн тэрээр амжилттай яваа бизнесмен юм. Учир нь тэрээр саяхан өөрийн гэсэн шинэ хувцасны SOYO брэндийг нээсэн, мөн Fibonacci хэмээх студийг удирдан ажиллуулж залуу шинэ үеийн уран бүтээлчдийг дэмжсээр байгаа билээ.

Өнгөрсөн долоо хоногт шинээр XMF 2019 олон улсын хөгжмийн наадмын артист листэнд багтсан нэгэн уран бүтээлч бол Don dior нэрээр залуучуудын дунд алдартай Мөнхтүлга юм. Don dior өөрийн гэсэн өвөрмөц төрхөөрөө залуучуудыг хэзээд байлдан дагуулж ирсэн нэг билээ.

Түүний биений 50 хувь шивээстэй гэж нэгэн ярилцлаганд дурьдсан байсан ба эдгээр шивээснүүд нь түүний хувьд амьдралынх нь салшгүй нэгэн хэсэг гэж ээ.

Харин хамгийн сүүлд онцлох уран бүтээлч бол Данди. Тэрээр анх Vanquish хамтлагаас уран бүтээлийн гараагаа хийж байсан.

Сонсогчид нь түүний Dandi 27 гэдэг дуугаар нь бүр илүү мэдэх бизээ. Нэгэн үе дуучин Хишигдалайгийн найз залуу байсан тэрээр уран бүтээлийн хувьд нам гүм байна. гэхдээ Түүний сэтгэлд хоногшсон сайхан дууг XMF 2019 олон улсын хөгжмийн наадмын тайзнаа сонсоно гэдэг юутай сайхан.

Харин наадмын хоёр дахь өдөр бидэнтэй хамт дуулж бүжиглэх нэгэн артист бол мэдээж Ука. Укагийн эрч хүч, үзэсгэлэн төгөлдөр байдал, содон стил гээд бүх зүйлс нь төгс гэж хэлэхэд хэлсдэхгүй.

Монголын урлагийн ертөнцийн Үзэсгэлэнт дагина гайхалтай бүсгүй маань XMF 2019 олон улсын хөгжмийн наадмын тайзнаа олон хит дуунуудаасаа алийг нь бидэнд хүргэх бол оо.

Ийнхүү энэ жил үзэгч түмэн XMF 2019 олон улсын хөгжмийн наадмын тайзнаа дээрхи артистуудын хамт 2019 оны 08-р сарын 23,24-ний өдрүүдийг хөгжмийн хэмнэлийг мэдэрч өнгөрөөхөөр болоод байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

В.Путинтэй үзэлцэж байгаа ганц хүн

Хойд хөршийн сөрөг хүчний удирдагч, Кремлийн шүүмжлэгч, “Ирээдүйн Орос” намын тэргүүн Алексей Навальныйг В.Путинтэй үзэлцэж байгаа ганц хүн гэдгээр нь дэлхий андахгүй болжээ. Тэр Нэгдмэл Орос намын бодлогыг эрс буруушаагч. Нэг удирдагчийн дарангуйллаас Орос орон гарах ёстой гэж үздэг улс төрийн зүтгэлтэн. Маш олон жагсаал зохион байгуулж, баривчлагдаж байгаа намтартай. Саяхан гэхэд л тэр москвачуудыг эсэргүүцлийн жагсаалд уриалсан гэх шалтгаанаар 30 хоногийн хугацаатай баривчлагдсан юм. Москва хотын сонгуульд сөрөг хүчний улстөрчдийг бүртгэж аваагүй гэсэн шалтгаанаар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсныг уншигчид санаж байгаа байх. Хоригдож байх хугацаанд Навальныйгийн нүүрээр тууралт гарч, эмнэлэгт хүргэгдсэн. Хэвлэлийн төлөөлөгчид нь түүнийг ямар нэгэн бодист хордсон байж болзошгүй хэмээн мэдэгдээд байгаа юм.

2012 онд түүнийг “Wall Street Journal” В.Путины хамгийн их айдаг хүн гэж тодорхойлсон байдаг. Тэр 1976 оны зургадугаар сарын 4-нд ОХУ-ын Москва хотын Одинцовийн дүүрэгт байрлах Бутинь хэмээх цэргийн хотхонд төржээ. Москвагаас 100 бээрийн зайд орших Обнинск хотод өссөн боловч зуны амралтаараа Украинд байх эмээгийндээ очдог байж. Тиймээс түүнийг Украинтай салшгүй холбоотой хэмээдэг. Хуульч мэргэжилтэй. ОХУ-ын Улс түмний эв найрамдлын сургуулийн хуулийн факультетийн төгсөгч. ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн академид сурч санхүүгийн мэргэжил эзэмшиж байжээ. “Yale World Fellows” хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын Йелийн их сургуульд зургаан сарын курст сурч байж.

Эхнэр, хоёр хүүхэдтэй. Түүний аав, ээж Анатолий Навальный, Людмила Навальная нар Москва мужийн Кобяково тосгонд 1994 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй сагс нэхэх үйлдвэрийн эзэд. Навальныйгийн хувьд дампуурлаа зарласан маш олон үйлдвэр, аж ахуйн нэгжийг хөл дээр нь босгосон туршлагатай. Энэ түүх нь Оросын сөрөг хүчний удирдагчийг мөнгө угаах гэмт хэрэгт хардах шалтгаан болсон нь бий. Тэр 2008 онд “Транснефть”, “Сургутнефть”, “Роснефть”, “Газпромнефть” зэрэг томоохон компаниудын хувьцааг худалдаж авч, компанийн удирдлагын түвшинд эрх мэдлийг гартаа авахаар шаргуу оролдож байжээ.

Невальный улс төрийн гараагаа ОХУ-ын ардчилсан үзэлт нам болох Оросын “Яблоко” намаас эхлүүлж 2000-2007 он хүртэл тус намын удирдагч байж. Дараа нь намаасаа гарч үндэсний ардчилсан хөдөлгөөн “Народ”-ыг үүсгэн байгуулжээ. 2009 оны гуравдугаар сараас авлигын эсрэг хүчтэй тэмцэн жагсаал цуглаан зохион байгуулж эхэлснээр хэвлэл мэдээллийнхний хараанд өртөж, улс төрийн хүрээлэл дундаа зартай нэгэн болж. Тэрээр шинэчлэлийг дэмжиж, улс төрийн авлигыг эсэргүүцэн ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин болон холбоотнуудыг нь ил цагаан шүүмжилдэг. Оросын сөрөг хүчний удирдагч байгаад буудуулж нас барсан Борис Немцовын үхлийг Оросын эрх баригчидтай холбохоос ч айдаггүй. Немцовоос хойш Оросын төр засгийн тогтолцоог хайр найргүй шүүмжлэгч болсон юм.

Түүнийг интернэт орчинд youtube-ээр хоёр сая гаруй хүн тогтмол үздэг бол твиттер хуудсандаа мөн л хоёр сая гаруй дагагчтай. Навальный Оросын төрийн албан тушаалтнуудын авлигын талаарх видео бичлэг, баримт бичгийг нийтлэх, улс төрийн жагсаал зохион байгуулах, албан тушаалын төлөөх кампанит ажлаа сурталчлах зорилгоор блогоо идэвхтэй хөтөлдөг. YouTube, твиттерийг ч ашигладаг. Тэрээр бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч идэвхтэй ажилладаг. 2011 онд радиод өгсөн ярилцлагадаа Оросын эрх баригч нам болох Нэгдсэн Оросыг “хууран мэхлэлт, хулгайч нарын нам” хэмээн тодорхойлсон нь Невальныйг олны хараанд оруулсан юм. Тэрээр мөн ондоо “Авлигатай тэмцэх сан”-гаа байгуулсан байдаг. Тус сан нь Оросын нутаг дэвсгэр дээрх хамгийн нөлөө бүхий томоохон байгууллага болоод буй. Санхүүжилтийн хувьд шилэн гэж зарладаг ч өнөөг хүртэл хаанаас санхүүжилтээ авдаг нь тодорхойгүй байдаг аж.

Навальныйг Оросын эрх баригчид олон удаа баривчилж байжээ. 2011 онд түүнийг залилангийн аргаар хөрөнгө оруулалт олсон хэмээн буруутгаж, таван жилийн хорих ял оногдуулсан ч хэлэлцээ хийж ялаас мултарч чаджээ. Тухайн үед Оросын ард түмэн болон дэлхий нийт энэхүү хэлэлцээрийг улс төрийн тохироо гэж шүүмжилж байлаа. Энэ хандлагын дараа ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин “ойлгомжгүй хэрэг” гэсэн үг унагаж байжээ.

2012 оны долдугаар сарын 30-ны өдөр Мөрдөн байцаах хорооноос Навальныйг хөрөнгө мөнгө шамшигдуулсан хэрэгт буруутгав. Түүнийг Киров мужийн захирагч Никита Белыхын зөвлөхөөр ажиллах үедээ тус мужийн төрийн өмчит компани болох Кировлесээс мод хулгайлахаар хуйвалдсан гэж буруутгаж байсан юм. Гэвч нотлох баримт хангалтгүй гэх үндэслэлээр хэргийг хаажээ. Гэсэн ч тухайн үед түүнийг Москвагаас гарахыг хориглосон шийдвэр гаргаж байж. Энэ хэргийг Навальный өөрөө “хачин ойлгомжгүй зүйл” хэмээн тодорхойлсон нь бий. Түүнийг дэмжигчид цагдаагийн газрын гадаа уг шийдвэрийг эсэргүүцэн жагсаж байсан түүх бас байгаа.

2008-2012 оны хооронд Францын “Ив Роше” компанийн охин компани болох “Ив Роше Восток”-ийг төрсөн дүү Олег Навальныйтайгаа хамтран ажиллуулах гэрээ хийжээ. 2012 оны арваннэг, арванхоёрдугаар сард Мөрдөн байцаах хороо “Ив Роше Восток”-ийг байцааж, Навальныйг дүүтэйгээ хамтарч мөнгө угаасан хэрэгт буруутгав. Түүнийг шүүх хурал хүртэл гэрийн хорионд оруулж байв. Тухайн үед Навальный Европын хүний эрхийн хороонд хүсэлт илгээсэн боловч үр дүнгүй байсаар 2014 оны арванхоёрдугаар сарын 30-нд шүүх хурал нь зарлагджээ. Ах дүү хоёрыг тус тус 3.5 жил хорих ялаар шийтгэн, 4.8 сая рублиэр торгож байлаа. Шүүх хурал болсон орой нь Москва хотын төвд хэдэн мянган эсэргүүцэгчид цугларсан нь томоохон шуугиан тарьсан юм. Давж заалдах шатны шүүхээр орсны дараа зөвхөн Алексейг торгуулийн ялаас мулталжээ. 2017 оны аравдугаар сард Европын хүний эрхийн хорооноос Оросын шүүхийн шийдвэрийг Хүний эрхийн тухай Европын конвенцын 6,7 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзжээ.

Тэр 2013 онд Москва хотын захирагчийн сонгуульд өрсөлдөж Сергей Собянинд ялагдаж байжээ. Навальный болон түүний дэмжигчид сонгуулийн дүнтэй санал нийлсэнгүй. Луйвар орсон хэмээн мэдэгдэж Москва хотын Чистопруд өргөн чөлөөний орчимд жагсаал зохион байгуулж байв. Ингэж эсэргүүцсэнийхээ төлөө тэрээр 15 хоног хоригдох ялаар шийтгүүлж байлаа.

2016 оны арванхоёрдугаар сарын 13-нд Навальный Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдэв. “Экономист” сэтгүүлд “Алексей Навальный сонгуульд өрсөлдөх нь В.Путины хувьд маш том эрсдэл болно” хэмээн бичиж байж. Навальный ба түүний “Авлигатай тэмцэх сан”-гаас ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевийн их хэмжээний эд хөрөнгийн тухай баримтыг олсон талаар өгүүлэх “Он нам не Димон” нэртэй баримтат киног 2017 оны гуравдугаар сард олон нийтэд цацжээ. Энэ явдлын дараа Медведевийн нэр хүнд огцом унаж, сөрөг хүчин болон Оросын эрх баригчдын дундах тэмцэл улам хурцадсан юм. Үүний дараахан буюу дөрөвдүгээр сарын 27-ны өдөр “Авлигатай тэмцэх сан”-гийнх нь байрны гадаа үл таних этгээдүүд Навальный руу халдаж, ногоон өнгийн бодис нүүр рүү нь цацсанаар нэг нүд нь 80 хувийн хараагаа алджээ. Тэрээр энэ халдлагыг Кремлийн зүгээс ирсэн гэж мэдэгдэж байж.

Тэр жилийнх нь зургадугаар сард түүнийг Москва хотод эсэргүүцлийн жагсаал зохиосон гэх үндэслэлээр 30 хоног баривчлаад, 25 хоног хорьсны эцэст суллажээ. Гэсэн ч аравдугаар сарын 2-нд Навальный муж улсын эрх баригчдын зөвшөөрөлгүйгээр эсэргүүцлийн жагсаалд оролцохыг ард иргэдэд уриалсан хэргээр дахин 20 хоног хоригдов. Түүнийг Киров мужийн хэргээр дахин буруутгасан нь сонгуульд өрсөлдүүлэхгүй гэх олон аргынх нь нэг байсан гэдэг. Ингээд арванхоёрдугаар сард Сонгуулийн хорооноос түүнийг авлигын хэрэгт буруутган Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй байх шийдвэр гаргажээ.

2018 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр Оросын Дээд шүүхийн шийдвэрийг давж заалдсан ч 6-ны өдөр нь ОХУ-ын Дээд шүүх түүний давж заалдах хүсэлтээс татгалзав. Тэр уг шийдвэрийг эсэргүүцэн сонгуулийг бойкотолъё хэмээн иргэдийг уриалсан ч баривчлагдаж, орон даяар 257 хүн мөн л баривчлагдсан гэх мэдээ бий. Тавдугаар сарын 5-нд В.Путины тангараг өргөх ёслолыг эсэргүүцэн жагсагчдын дунд тэрээр бас л байсан юм. Яг тэр өдрөө баривчлагдаж 30 хоног хоригдсон юм. 2018 оны есдүгээр сарын 25-нд суллагдсан даруйдаа хууль бус жагсаал зохион байгуулсан хэргээр дахин баривчлагдаж, 20 хоног шоронд хоригдов.

2019 оны Москва хотын Думын сонгуулийн үеэр Навальный бие даан нэр дэвшигчдийг дэмжиж байсан ч тэдний ихэнхийг сонгуульд оролцохыг хориглосон нь олон нийтийн гудамжны эсэргүүцлийг үүсгэсэн юм.

Дэлхий нийт В.Путин, А.Навальный хоёрын тэмцлийг ажиглаж байгаа эдгээр өдрүүдэд тэр шоронгоос гарч орсоор байна. Түүнийг өрнөдийнхний дэмжлэгийг авдаг гэх хардлага одоо нууц биш болчихсон. Америкийн тагнуул гэж үзэх хэсэг ч байдаг. АНУ-ын Йелийн их сургуульд сурахад нь л ийм яриа газар авч байв. Кремлийн шүүмжлэгч, авлигын эсрэг тууштай тэмцэгч Алексей Навальный олон удаа халдлага баривчилгаанд өртөж, гүтгүүлж хоригдож торгуулсан ч бууж өгөхгүй цаашид ч кампанит ажлаа үргэлжлүүлэх болно хэмээн дэмжигчдээ уриалдаг. Оросууд түүнийг ард түмнээс төрсөн удирдагч гэж хүндэлж дэмждэг. Хойд хөршид сөрөг хүчний үйл ажиллагаа газар аван идэвхжиж, өдөр ирэх тусам дэмжигчид мянга мянгаараа нэмэгдэж буй нь В.Путины толгойны өвчин болоод байгаа юм. Кремлийг эсэргүүцэгчдийн жагсаал тасрахгүй, сөрөг хүчний удирдагч Навальный ч бууж өгөх янзгүй байна.

А.МӨНХЗУЛ

Categories
мэдээ нийгэм

Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийн зохион байгуулах нэгдсэн сургалт болж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн хэмжээнд Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн Улсын үзлэг зохион байгуулах тухай 2019 оны тавдугаар сарын 30-ны өдрийн А/518 тоот захирамж гаргасан. Уг захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор өнөөдөр Хангарди ордонд “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архи албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-ийг зохион байгуулах салбар комиссын ажлын хэсгийн гишүүдийг нэгдсэн арга зүйгээр хангах сургалт боллоо.

Энэхүү сургалтаар “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлт”-ийн шалгуур үзүүлэлтийг орон нутгийн хэмжээнд хэрхэн хангаж, хэрэгжилтийг тооцон, хүрсэн үр дүн болон биелэлтийг үнэлүүлж шалгуулахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж арга зүй, зохион байгуулалтаар хангаж ажиллахаар Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Архивын газраас заавар, зөвлөгөө өгч, зөвлөмж хүргүүлж байна.

“Нийслэлийн хэмжээнд улсын үзлэгээр 230 хүн салбар комиссын ажилд ажиллана. Эдгээр ажлын хэсгийн хүмүүст хэсэгчилсэн байдлаар таван удаа сургалт зохион байгуулна. Дөрвөн жилд нэг удаа болдог улсын үзлэг учраас салбар хорооны ажлын хэсгийн гишүүдэд нэгдсэн нэг мэдээлэл заавар зөвөлгөөг өгөх нь чухал” хэмээн нийслэлийн Архивын газрын мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга Н.Оргилболд хэллээ.

“Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архи албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-ийг зохион байгуулах ажлын хэсгийн гишүүдийг нэгдсэн арга зүйгээр хангах сургалтанд нийслэлийн зургаан дүүргийн 100 гаруй албан хаагчид оролцож байна. Маргааш алсмагдал гурван дүүргийн албан хаагчдын дунд сургалтыг зохион байгуулах аж.