Categories
мэдээ нийгэм

Б.Хурц нарын шүүх хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ

ТЕГ-ын газрын дарга асан генерал Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал Төв аймгийн сум дундын анхан шатны шүүхэд дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр шүүх хурлаас ямар нэгэн шийдвэр гарах магадлалтай гэсэн хүлээлт нийгэмд байгаа юм. Дашрамд дурдахад, шүүх хуралдаан 49 хүний бүрэлдэхүүнтэй байгаа. Энэ талаар Төв аймгийн сум дундын анхан шатны шүүхийн мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Б.Жавхланбаяр өчигдөр мэдээлэл хийх үеэрээ “Нийслэлийн прокурорын газраас энэ оны зургаадугаар сард нэр бүхий есөн хүний холбогдох маш нууцын зэрэглэлтэй хэрэг Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирсэн. Тус хэргийн шүүх хуралдаан наймдугаар сарын 12-наас эхэлсэн. Шүүх хуралдааны явцын талаар мэдээлвэл, шүүгдэгч болон хохирогчдоос мэдүүлэг аваад дууссан. Одоогоор гэрчүүдээс мэдээлэл авч байна. Шүүх хуралдаанд нийт 49 оролцогч оролцож байна. Энэ хэрэг нь прокурорын байгууллагаас маш нууцын зэрэглэлтэй ирсэн. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 17.1.2-т заасанчлан 20 жилийн хугацаанд нууцална. Тиймээс шүүх хурал хаалттай үргэлжилж байна” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулав

НОБГ-ын харьяа Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу 1-4 дүгээр хороодод Гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийлээ.

Гамшгийн эрсдэлийн тойм судалгааг хийхэд НОБГ болон Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ, дотоод ажил хариуцсан мэргэжилтнүүд болон 1-4 хороодын зохион байгуулагч, хэсгийн ахлагчаас бүрдсэн нийт 30 хүн оролцсон юм. Энэ үеэр дээрх хороодод тохиолддог болон тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдалд тулгуурлан эрсдэлийн түвшинг тодорхойлж, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсрууллаа гэж НОБГ-ын харьяа Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Төслийн хаалтын ажиллагаа боллоо

Онцгой байдлын ерөнхий газраас Азийн хөгжлийн банктай хамтран Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх” төслийг 2016-2019 онд амжилттай хэрэгжүүлээд байна. Төсөл Дорнод, Сүхбаатар, Говь-Алтай, Хөвсгөл аймгийн 12 суманд хэрэгжсэн бөгөөд Сүхбаатар аймгийн Мөнххаан , Түмэнцогт, Сүхбаатар суманд хэрэгжсэн тус төслийн хаалтын ажиллагаа боллоо. Хаалтын ажиллагаанд Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Т.Энхбаатар, Төслийн зохицуулагч, доктор Д.Нямдорж, дэд зохицуулагч Р.Ганбат болон Сүхбаатар, Түмэнцогт, Мөнххаан сумын зохицуулагч, сайн дурын бүлгэмийн гишүүд оролцож, төслийн үр дүн, хэрэгжилтийг танилцуулсан юм. Төсөл хэрэгжсэн Мөнххаан , Түмэнцогт, Сүхбаатар сумдад олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах зорилгоор “Багийн хөршийн бүлэг”-ийг байгуулан, гал унтраах тусгай хувцас хэрэглэл, тоног төхөөрөмжөөр хангаад байна. Мөн орон нутгийн онцлогт тохируулан гамшгийн эрсдэл, эмзэг байдлын үнэлгээ хийх арга зүйг иргэдэд зааж сурган, тэдний оролцоотойгоор гамшгийн эрсдэлийн үнэлгээний тайлан боловсрууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бахархал vs Ялархал

Авснаасаа эсэн юм болдог тус гэж бий. Чамайг гал, уснаас аварсан хүн эхэн үедээ амьд бурхан мэт санагдана. Ер нь үхсэн бурхан гэсэн ойлголт байхгүй болохоор амьд бурхан гэдэг бас жаахан учир дутагдалтай хэллэг л дээ. Бодвол, амьгүй зураг хөрөг амилаад ирсэн гэдгээс л үүссэн нэр байх. Энэ ч яахав, өнөө амьд бурхан чинь нэг удаа ач авралаа сануулахад үнэхээр тийм санагдана. Хэрвээ байн байн орж ирээ л “ээдээ би байгаагүй бол чи ч орчлонгийн тоос хөдөлгөхгүй байсаан” гээд ирвэл ердөө л айлган сүрдүүлэлт болоод явчихна. Цаашлаад ирвэл “энэ гайгаар авруулж байхаар тэр чигээрээ шатаад живээд явчихсан бол сэтгэл амар байх байж шүү” гэж бодогдох болно. Үзэн ядаж эхлэх ч энүүхэнд. Хүний амь аварсандаа сэтгэл дүүрэн амьдарч “би гэдэг хүн бас ч гэж хүний алтан амь аварч буян хураасан завшаантай. Тоост хорвоод хамгийн үнэтэй юмыг эзэнд нь эргүүлж өгсөн гавьяатай юм шүү” гэж уужим амьсгаа авсаар хорвоог элээх нэг хэрэг.

Харин “Энэ муу шаарын алтан амийг аварчихаад надад юу наалдав аа? За даа хүнд туслаад хэрэг алга юм шив дээ. Эртүүд дахиад мөнгө зээлэх гэтэл дургүйцэх царайтай байдаг шүү. Би амийг аварсан юм чинь энэнээс юм салгах л ёстой” хэмээн шунан тарчилж, өөр өрөөл хоёрын амар амгалан амьдралыг мэрсээр хорвоогийн бор хоногийг холтлох шал өөр хэрэг ээ.

Ноён хутагт Равжаа “Там там гэнэ, там хаа байх вэ? Тамтаггүй явбал там чинь тэр биз ээ” хэмээн чухам иймэрхүү хоёр хандлагыг л хэлсэн бололтой.

Дайны дараахь энх цагийн өдрүүдийн нэгэн дарамт төсөөлөгддөг юм. Тийм байгаагүй ч байж мэднэ лээ. Мэдээж ялсан ард түмэн баатруудаа угтаж баяр хөөр болно. Үнэхээр баатрууд ч тэнд бишгүй. Гэхдээ л хамгийн сүүлд цэрэгт татагдаад бараг буун дуу гаргаж амжаагүй хүмүүс л амьд ирэгчдийн ихэнх байж таарна аа даа. Тэдний нэлээд нь айл хэсээд л архи уугаа л, ажил хийж өгөхгүй бөөн гавьяа ярьсан амьтас. “Би тулалдаагүй бол та нар үхэх байсан муусайн юмнуудыг яасан ч миний дур” гэж дультран агсамнаад л. Эхэн үедээ “аргагүй хөөрхий, сайн ч муу ч дайнд яваад дарийн утаа үнэрлэсэн амьтан. Ингэж л байг” гэлцдэг байсан байх. Харин сүүлдээ “Муу шаар. Ямар сохор гермаан, японтойгоо таараад оногдолгүй ирдэг байна аа” хэмээн залхаж эхэлсэн нь дамжиггүй. Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын дараахан И.Сталин дахин томоохон аллагад бэлтгэж байжээ. Түүний ээлжит аллага,цөллөгийн гол бай нь чухамхүү “бахархахаас өөр юмгүй” энэхүү баатрууд байсан гэдэг.

Манай голд нэг ах байсан юм, миний багад. Зайлуул архи уучихаараа “Би та нарын цустай толгой, сэвстэй гүзээг чинь манаж яваад ирсэн хүн” гээ л агсам тавьдаг сан. Гэхдээ гэмгүй ээ хөөрхий, ямар ч байсан хамт манаанд гарсан хань нөхдөө хядчихалгүй албаа номоор нь хаагаад ирсэн ба эрүүл үедээ ярьснаасаа жигтэйхэн ичдэг байсаан зайлуул.

Нэг талаасаа бахархал хүнийг чимж байдаг ч хэр хэмжээнээсээ хэтэрвэл эргээд алж байдаг ажгуу.

Хорьдугаар зуунд тусгаар тогтнон иргэншсэн Монгол оронд орчин цагийн мэргэжил, мэргэшил үүсч эхэлжээ. Ер нь бол ХХ зууны эхэн үеийн Монголын ажил мэргэжлийн жагсаалт: ноён, түшмэл, хамжлага албат, лам багш ба шавь …ингэсгээд болох байх.

Харин тусгаар тогтнон соёлжиж ирсэн монголчууд шинээр бий болсон, эзэмшсэн мэргэжлээ сурталчилж бахархах болсон байна. Энэ нь мэргэжлээ гэхээсээ илүү шинэ амьдрал, цоо шинэ соёл, эргүүлж олсон тусгаар тогтнолоо бахархсан утгатай байлаа.

Мэдээж нам засгаас тодорхой мэргэжил, кампанит ажлыг сурталчлах ажлыг ч зохион байгуулж л байлаа. Сургууль соёлоо орхиод малчин болох нь сайхан хэмээн доргиож, хоньчин барилгачин хоёрыг хуримлуулах мэтээр дуулалдах жишээний.

Үүнтэй зэрэгцээд “ эхийн ачтай зүйрлэн хэлмээр эмч (эх баригч биш) хүний алдар”, “…ыг тайлан үүдийг нээсэн багш”, “…ардын санхүүч гайхам алдар” гэхчлэнгийн нарийн мэргэжлийн олон арван дуу төрлөө. Уул нь тухайн үеийн нам төрөөс шинэ шинэ ажил мэргэжлийг сурталчлах, шинэ үеийг түүнд дурлуулах, хажуугаар нь социалист ололт амжилтаараа бахархах гэж л байгаа хэрэг шүү дээ.

Гэтэл ард түмний нэлээд нь үүнд бүр үнэмшээд явчихжээ. Бахархаад бай гэсэн ялархаад эхэлдэг байгаа. Улсын зардлаар сураад, насаараа цалингаа хэвийн авчихаад “түмний хүүхдийг насаараа л сургалаа. Одоо надад юу алга” гэх багш нар гараад ирэх нь тэр. Хүний амийг аварсандаа бахарах гэсэн биш “амь авраад хэрэг алга, юу наалдав” гэх маягийн доктор ч дуулдах л болов. Насаараа тариа тарьж олон амьтныг тэжээлээ. Насаараа барилга барьж олон амьтныг оронтой болголоо.Насаараа ард түмнийг урлагаар цэнгүүллээ. Насаараа ингэлээ, тэглээ… одоо надад орон байр аль…

Харин “насаараа чөтгөр дарж биегүй боллоо, Одоо надад…” гэх лам л арай дуулдахгүй юм.

1945 оны чөлөөлөх дайнд монголын талаас 21.000 цэрэг орсон гэдэг. Энэ бол их хядлагын дараа үлдсэн насанд хүрсэн бүх эрчүүдийг л дайчилсан хэрэг. Өнөө “ардын засаг гэж хаа байлаа, авдаг өгдөг нь юу байлаа” гэлээ гэдэг шиг тэр үеийн Монгол хэдэн хүнтэй байлаа, хэдий нь их аллагаар хүйс тэмтэрлээ, хэд үлдлээ… энэ тэрийг нэг бодоод үз л дээ. Одоо ч манай улс энэ хэмжээний цэрэгтэй байнгын арми байгуулахад хүчиртэй.

Зөвлөлтүүд өчигдрийн малчин, өнөөдрийн цэрэг хувцастанг дайнд оруулахдаа байлдуулах гэсэнгүй. Тэднийг үе дамжсан мэргэжжлийн малчин, жинчний хувьд их говиор их буу, зэвсэг техник зөөхөд ашигласан байна. Монголчууд цэрэг хувцас өмсөөд жин тээсэн хэрэг. Тийм ч учраас чөлөөлөх дайнд мордсон Монголын 21 мянган цэргээс 78 нь эндсэн, тэр 78-ын 60 гаруй нь харангадсан байх ба дайнаас төрсөн улсын баатруудын бараг ганцхан нь бууны суманд амь алдсан нь Л.Аюуш байх жишээний. Мэдээж тэнд оролцож иргэний үүргээ биелүүлсэн нь л бахархал л даа. Тэгсэн чинь зарим нэг нь “Бид байгаагүй бол та нар байхгүй байсан” гэж ирээд зурагтаар ялархдаг байгаа. Бидний байх эсэхийг тэнд жин тээж алба хаасан улс биш, харин Тегеранд, Ялта-д, Подстамд огт өөр хүмүүс шийдчихсэн байсан юм шүү дээ.

Бас дээхнэ хэсэг ахмад тамирчид “олон улсын тэмцээнд оролцож гийгүүлснийхээ төлөөх” чамгүй нөхөн төлбөрийг татвар төлөгчдөөс нэхэж харагдана билээ. Тэд л байгаагүй бол ХХ зуун, тусгаар тогтнол энэ дээр хог дээр хаягдах байсан юм байх аа. Мөн ч хөгийн ялихгүй юман дээр тогтож байж дээ энэ эх орон чинь гэмээр.

Ахмад болох, өтлөх нь жам ёс ба түүнийг дагасан зохих ёсны хүндлэл, асрамж, ачлал яах аргагүй мөн. Хэдийгээр 3000 жилийн тэртээх бичиг үсгийн дурсгалаар дамжуулан “Одооны хүүхдүүд хүн болох нь өнгөрлөө” хэмээн харууссаар ирсэн боловч шинэ үе нь урьдахаасаа тохой илүү төрсөөр иржээ. Хэрэв эртний египетчүүдийн халаглал үнэн байсансан бол хүний хөгжил тувт ухарсаар бич энэ тэр дээрээ очиж тулах байсан буй заа.

Өнгөрсөн нийгмийн үлдэгдэл гэсэн хэллэг социализмын үед их хэрэглэгдэж, түүнтэй тэмцэх талаар их ярьдаг байлаа. Ганц социализм ч биш, хүний түүхийн үе бүхэн үлдэгдэлтэй байдаг. Манай үеийнхний нэг үлдэгдэл бол энэхүү бахархал, ялархлын зааг нь алдагдсан хил болоод байна.

Бахархал солигдоод ялархал болчихыг харах зэвүүтэй. Ажил амьдрал, мэргэжил гэдэг бол хувь хүний өөрийн сонголт байдаг, тэрийг хэлэхээр ам асуулаа гэх. Уул нь бид өөрөөр амьдарч чадахгүй, чадмаар байсан ч хүсээгүй учраас тухайн мэргэжлийг сонгож, тэр хэрээрээ нийгэмдээ хариуцлага хүлээдэг.

Төрийн албан хаагчдын цалин багадаж болно. Гэхдээ татвар төлөгчдийнх нь олж байгаа л энэ шүү дээ. Ямартаа, хүний бүхий орлогыг хуу хамж татварт аваад цалин нэмэлтэй биш. Харин энэ хөрөнгөөс авлигадан луйвардах нь үнэн гашуудалтай.

Эмч хүний амь аварч байгаа нь, цагдаа гэмт этгээдийг газар дээр барьж чадсан нь, цэрэг эрс эх орноо хамгаалж байгаа нь сайхаан сайхан. Тэхдээ тэр бүгдийн төлөө олсон, долсноосоо илүүчлэн төсөв болгосон ард түмэн бас л авралцаж, баривчлалцаж, байлдалцаж яваа билээ. Бодоход сайхан боловч яриад эхлэхээр тусгүй харагддаг юм гэж бас байна аа.

2009.11.27

Categories
мэдээ цаг-үе

Б.Баттөмөр: Энэ долоо хоногт Үндсэн хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үү, үгүй юу гэдэг шийдэгдэнэ

УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.


-Эцэг хууль болох Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах торгон үе бидний өмнө ирээд байна. Таны хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр байр сууриа илэрхийлээгүй байсан. Энэ өөрчлөлтийг дэмжиж байгаа юу?

-Манай улс 1992 онд ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталсан. Үүнээс хойш бид аль хэдийнэ 27 жилийг өнгөрүүлжээ. Өмнө нь буюу 2000 онд энэ шинэ хуульд нэмэлт оруулж байлаа. Эдүгээ түүнийг дордуулсан долоон өөрчлөлт гэж нэрлээд сурчихжээ. Үндсэн хуулийн дээрх нэмэлтийг уг нь 1999 оны арванхоёрдугаар сард оруулсан юм. Харин хууль баталсны дараа Үндсэн хуулийн цэцийн саналыг аваагүй гэдэг шалтгаанаар цэц Үндсэн хуулийн нэмэлтийг хүчингүй болгож байлаа. Гэвч УИХ-ын ээлжит 2000 оны сонгуулийн дүнгээр байгуулсан парламент, Үндсэн хуулийн 1999 оны нэмэлтийг процедурын алдааг нь засч яг тэр хэлбэрээр үг, үсэг, цэг, таслалын засваргүйгээр дахин УИХ-д өргөн барьж баталсан юм. Түүнээс хойш 19 жил өнгөрчээ. харин өдгөө буюу энэ жил УИХ-ын 62 гишүүн санал нэгдэж, үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн барьж хэлэлцэж байна.

-Та УИХ-ын гишүүнийхээ хувьд энэхүү нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэрхэн харж байна вэ?

-Яахав, энэ удаа цаг хугацаа бага байгаа учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийгээд явах нь зүйтэй байх. Тэгэхдээ шинэ Үндсэн хуулийг бид ярих ёстой. Манай улсын Үндсэн хуулинд тогтоосон өнөөдрийн төрийн тогтолцоо Монголын нөхцөлд таарахгүй байна. Яагаад гэвэл аливаа Үндсэн хуулийн үр дүн гэдэг чухал зүйл бий шүү дээ. 1992 оноос өдийг хүртэлх 27 жилийн хугацаанд энэ хууль маань ямар үр дүнд хүрсэн бэ. Эрүүл ухаанаар дүгнээд үзэхэд оносноосоо алдсан нь их байгаа байхгүй юу.

-Оносноосоо алдсан нь их гэлээ. Тэгвэл 1992 оны Үндсэн хуулийн алдааны үр дүн нь хэрхэн нийгэмд илэрч байна?

-Бодоод үзье. Өдгөө дэлхийн 140 орчим орны дунд хийсэн судалгаагаар манай улсын эдийн засгийн гол үзүүлэлтүүд 100-гаас хойш байна. Ийм л нөхцөл байдалд орсон байна шүү дээ. Зөвхөн эдийн засаг гэлтгүй нийгмийн үзүүлэлтүүд ч дэлхийн ихэнх улс, орнуудаас сул байна. Ажилгүйдэл маш их, тэр хэрээрээ ядуурлын түвшин нэмэгдчихсэн. Монгол хүний дундаж цалин бол 350-400 ам.доллар хүрэхүйтэй, үгүйтэй л байна.

Энэхүү гучаад жилийн хугацаанд 400 ам.доллар байтугай дундаж цалингийн хэмжээ 1500-2000 ам.доллар болчих боломж байсан уу гэвэл байсан. Энэ 1992 оны Үндсэн хууль сайн хууль байж болно. Хэрэгжүүлэх дээ муу байсан байх. Гэхдээ хуулинд бас учир бий шүү дээ. Хуулиндаа маш тодорхой зааж өгөөд төрийн тогтолцоогоо зөв болгох хэрэгтэй. Сахилга, хариуцлагын тогтолцоо ч тэр. Сахилга, хариуцлагын тогтолцоо гэдэг хүний эрхтэйгээ зөв уялдсан байх ёстой. Мөн төр, улс, хамт олон, гэр бүл, хүний өмнө хүлээх иргэдийн үүрэг хариуцлагыг маш тодорхой болгодог хяналтын сайн механизмтай болох ёстой байсан. Ингэсэн бол манай улс ийм хүнд нөхцөлд байдалд орохгүй байлаа. Тиймээс өргөн хүрээнд харж, шинэ Үндсэн хуулийг батлах хэрэгтэй. Одооны УИХ-ын 62 гишүүний өргөн барьж буй Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл хийх ёстой ажлынхаа 20 хувийг л хийж гүйцэтгэсэн гэж миний хувьд үзэж байгаа. Үлдэж буй 80 хувийг шинэ Үндсэн хууль гаргаж байж засч сайжруулж, батлах ёстой.

-Таны ярьж байгаагаар шинэ Үндсэн хуулийг батлах ёстой юм байна. Тэгвэл бид шинэ Үндсэн хуулиндаа хамгийн түрүүнд ямар өөрчлөлтийг оруулж өгөх нь зүйтэй вэ?

-Мэдээж хамгийн эхэнд төрийн тогтолцоо шүү дээ. Үүнийг л нэн тэргүүнд өөрчлөх хэрэгтэй. Өнөөгийн нөхцөлд төрийн тогтолцоог өөрчлөх маш олон хувилбарууд бий.

-Ямар хувилбарууд?

-Өнөөдрийн Монголын төрийн тогтолцоо нэгэнт манай улсад тохирохгүй юм байна гэдэг нь үр дүнгээрээ батлагдчихаад байна. Тиймээс төрийн тогтолцооны олон хувилбарууд дээр судалгаа хийх нь зүйтэй. Жишээ нь, парламентын засаглалтай, хоёр танхимтай байж болно шүү дээ. Ерөнхийлөгчийн засаглалтай байх ч боломж бий. Хүчтэй ерөнхий сайдын засаглалтай ч байж болно. Эдгээр хувилбарууд дээр судалгаа хийгээд хамгийн нэгдүгээрт Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж, шийдэх ёстой. Хоёрдугаарт, манай Үндсэн хуулинд хүний эрхтэй холбоотой 22 заалт байдаг. Харин эсрэгээрээ хүний үүргийг зааж өгсөн дөрвөн заалт бий. Уг нь эрх, үүрэг хоёр маань уялдаж явах ёстой биз дээ. Тиймээс хүний үүрэг гэдгийг Үндсэн хуулиндаа нарийвчлан оруулах ёстой. Хүний үүрэг гэдэг маань нэг үгээр хариуцлага гэсэн үг. Үндсэндээ хариуцлагын тогтолцоо манай улсад алдагдчихжээ.

-Нийгэмд хэрхэн хариуцлагын тогтолцоо алдагдав. Энэ нь хэрхэн илэрч байна вэ?

-Нийгэмд ил тодоор илэрч байгаа. Наад зах нь боловсон хүчний томилгоо дээр хариуцлага гэдэг зүйл алга. Монголын төрийн шийдвэрийг гаргаж байгаа эрх бүхий хүмүүсийн шийдвэрт хариуцлага гэдэг зүйл алга. Тийм учраас хариуцлагын тогтолцооны талаар шинэ Үндсэн хуулинд маш сайн зааж өгөх ёстой. Түүнчлэн баялгийн менежмэнтийг асуудлыг хөндмөөр байна. Монгол ядуу буурай жижиг орон. Тэгэхээр баялгийн менежмэнтийг Монгол Улс, ард түмэнд ашигтайгаар эцэг хуулинд оруулж өгөх нь зөв. Жишээ нь нэг хүн Монголын стратегийн бүлэг ордуудыг ганцаараа авч, газрын доорх ашигт малтмалыг хятадуудтай нийлээд урагшаа гаргачихаж байна шүү дээ. Ийм менежмэнт Монгол Улсад хэрэггүй. Үүнээс үүдэж орлогын тэгш бус хуваарилалт Монголд үүсчихсэн. Энийг одоогийн мөрдөгдөж байгаа Үндсэн хуулиар зохицуулж өгөөгүй. Энэ мэтчилэн олон зүйл заалтыг шинэ Үндсэн хуулиар засах хэрэгтэй. Тиймээс би шинэ Үндсэн хуулийг батлахын төлөө байгаа.

-Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд өөрийн төсөл, саналаа хүргүүлсэн. Тэнд УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох санал мөн орж ирсэн байгаа. 1992 оноос хойш манай улсын хүн амын тоо нэг саяар нэмэгдэж, УИХ-ын гишүүдийн тоо хүн амын тоотой харьцуулахад цөөн хэвээр байгаа нь төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналт-тэнцэл алдагдахад нөлөөлж, парламентад зүй бус нөлөөлөл орох эрсдэлийг нэмэгдүүлж байгаа гэсэн. Үнэхээр парламентын гишүүдийн тоог нэмэх шаардлага Монгол Улсад үүссэн үү?

-Би Дархан-Уул аймгаас сонгогдсон хүн. Тэгээд Дарханы иргэдтэйгээ Үндсэн хуулийн талаар уулзсан. Ганц Дархан ч гэлтгүй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар олон газраар иргэдтэй уулзаж, ярилцлаа. Тэдний зүгээс Их хурлын гишүүдийн тоог нэмэх нь үнэхээр илүү зохицуулалт, ийм байх боломжгүй ээ, хүн амын тоо ихэслээ гээд парламентын гишүүдийг тоог нэмдэг практик дэлхийн хаана ч байхгүй ээ гэж ярьж байна. Нэг жишээ татахад Хятад улс 1.3 тэрбум хүн амтай шүү дээ. Гэтэл Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурлын чуулган байнгын 3000 гаруй төлөөлөгчтэй. Яг манай нэг гишүүн 40 мянга гаруй хүнийг төлөөлж буй харьцаагаар бол 30, 40 мянган төлөөлөгчтэй байх ёстой юм шиг байна лээ. Тэдний нэг нь л гэхэд бараг хагас сая хүнийг төлөөлж байна. Тэгэхээр гурван сая хүн амтай манай улс 10 хүрэхгүй гишүүнтэй байна гэсэн үг үү. Тэгэхээр хүнийхээ тоонд энэ асуудлууд байдаггүй юм аа. Парламентын гишүүдийн тоог нэмэх нь гол асуудал биш ээ. Өөрөөр хэлбэл тогтолцоогоо өөрчлөөд хариуцлагатай хүмүүсийг сонгох ёстой. Энэ утгаараа 76 гэдэг тоо хивэндээ байсан нь зүйтэй.

-Сонгуулиар 108 гишүүнийг сонгох доо 50 хувийг мажоритар тогтолцоогоор, 50 хувийг жагсаалтаар оруулж ирнэ гэж байгаа шүү дээ. Хэр зөв бэ?

-Ийм зүйл байж болохгүй. Сонгууль бол шударга, олон нийтийн хяналт дор явагдах ёстой гэдгийг л Үндсэн хуульд зааж өгөх ёстой. Тэрнээс сонгуулийг яаж явуулах вэ гэдэг нь сонгуулийн хуулиараа зохицуулагдана шүү дээ. Тиймээс эдгээр заалтуудтай би санал нэгдэхгүй байгаа. Үндсэн хууль бол улс төрийн баримт бичиг. Нэг ёсондоо нийгэмтэйгээ хийсэн гэрээ. Энгийнээр бол ерөнхий заалтууд орж ирдэг. Тиймээс учир зүггүй нарийвчилж, намын гишүүдийн тоо, сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульд оруулах шаардлагагүй. Салбар хуулиудаар нь зохицуулаад өгч болно шүү дээ. Тухайлбал, Сонгуулийн тухай хууль, Орон нутгийн сонгуулийн тухай хууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Сонгуулийн төв байгууллагын тухай хууль гэх мэтийн салбар хуулиудаараа л нарийвчлан зохицуулах хэрэгтэй.

-Түүнчлэн Ерөнхийлөгчийн оруулж ирсэн төсөл, санал дээр УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацааг таван жил болгох санал орж ирсэн..

-Өөрчлөх шаардлага байхгүй. Дөрвөн жил гэдэг хамгийн боломжит хугацаа. Таван жил болгохгүйгээс болоод хуучин гишүүд нь ажлаа хийж чадалгүй тараад явчихсан юм алга.

-Өнөөдөр(өчигдөр) МАН-ын бүлгийн хуралдаан болсон. Ерөнхийлөгчийн оруулж ирж буй төсөл, санал дээр ямар байр суурьтай оролцохоор тогтов?

-Бүлгийн хуралдаанаар бид Ерөнхийлөгчийн оруулж ирж буй төсөл, саналын заалт бүр дээр тулж ажиллаж, маш тодорхой ярьцгаасан. Энэ асуудалд нэлээд нухацтай хандсан. Ерөнхийлөгчийн зарим саналууд дээр зөвшилцлийн ажлын хэсэг дахин хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн. Зөвшилцлийн ажлын хэсэг хуралдсаны дараа маргааш(өнөөдөр) өглөө 10:00 цагаас дахин үргэлжлэн хуралдана. Энэ долоо хоногт үндсэндээ Үндсэн хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үү, үгүй юу гэдэг шийдэгдэнэ дээ.


Categories
мэдээ цаг-үе

Ч.Ганхуяг: Би Хятад барааны үнийг хэд дахин хямдруулж, зээлийн хүүг бууруулна

Олон нийтэд “ХАС”-ын нэрээр танигдаж, “Талх” нэрээр хочлогдсон Ч.Ганхуяг өнөөдөр Монголын хөрөнгийн биржид хувьцаагаа гаргана. Тэрээр Ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирлын албыг хашдаг. Бусад компаниуд эхлээд нэрлэсэн үнэтэй, анхдагч хувьцаагаа гаргадаг бол тус компани шууд хоёрдогч хувьцаагаа гаргана. Мөн тус компани цахим дэлгүүр нээж БНХАУ-ын барааг агуулахын үнээр зарах гэж байна. Ингэснээр дотоодод зарагдаж байгаа хятад барааны үнэ 2-6 дахин хямдрах тооцоо гарчээ. Түүнтэй ярилцлаа.


Цаасан мөнгө устаж эхэлсэн

-нэгдэл цахим мөнгөний талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулсан үр дүн гарсан уу?

-2016 онд анх биткойны тухай олж мэдээд, мэдээллийг олон түмэнд хүргэх хэрэгтэй гэж үзсэн. Судалгаа хийж биткойн, крипто валют, блокчейны учрыг олохыг хичээсэн. Энэ талаар “Цахим алт” нэртэй ном гаргасан. “Крипто үндэстэн” нэртэй хурал зохион байгуулсан. Блокчейн гэдгийг төвлөрсөн бус бүртгэлийн систем гэж ойлгож болно. Энэ хаа нэгэн газар төвлөрөөгүй, хаа байгаа нь мэдэгдэхгүй бүртгэл. Жишээлбэл, Номингоор үйлчлүүлсэн хүний бүртгэл тухайн компанийн сервер дээр бүртгүүлдэг. Харин блокчейны бүртгэл үүлэн технологиор явна. Номин серверт байгаа мэдээллээ өөрчлөх боломжтой бол блокчейн үйлдлийг засварлах ямар ч боломжгүй. Биткойн гэдэг нь төвлөрсөн бус үйлчлгээний гүйлгээг урамшуулахын тулд гарч ирсэн зүйл.

-Яаж?

-Хэн нэг нь гүйлгээ хийнэ. Тэр гүйлгээг хэд хэдэн хүн баталгаажуулна. Дараа нь гүйлгээ хийсэн нөхөр “Би ямар ч гүйлгээ хийгээгүй” гэж гүрийвэл, нөгөө баталгаажуулсан хүмүүс гэрч болж үлдэнэ. Үүнд урамшуулал хүртэнэ. Тэр нь биткойн нэртэй.

-Ямар цахим мөнгө манайд хэрэглэсэн бэ?

-Цахим мөнгө, крипто валют гэдэг хоёр өөр зүйл л дээ.

Цахим мөнгө гэдэг нь тухайн байгууллага зөвхөн өөртөө зориулан цахимаар урамшуулж байгаа хэлбэр. “Номин”, Петровис”, Юнител” компаниуд цөм урамшуулал өгдөг. Энэ чинь цахим мөнгө шүү дээ. Нэр урамшууллын оноо боловч түүгээрээ төлбөр хийж болох учраас цахим мөнгө гэж тооцож байгаа юм. Банкууд гүйлгээгээ гар утсаар хийж байгаа. Бас л цахим мөнгөний нэг хэлбэр. Цаасан мөнгөөр хийхгүй байгаа бол цахим мөнгө гэхээс өөр аргагүй.

-Цаашдаа цаасан мөнгө устах уу?

-Одоо устаад эхэлсэн. Өмнөд хөршид маш эрчимтэй явж байна. Хүмүүс кредит картаараа гүйлгээ хийснийгээ цахим мөнгөөр хийж байна гэдгээ ойлгодогүй. Крипто нь үүлэн дээр бүртгүүлнэ.

-Үүлэнд бүртгүүлсэн мөнгөөр юу хийж болох вэ?

-Крипто мөнгийг орлоод эхэлсэн. Жишээлбэл, доллар худалдан авч болно. Криптог хүлээн зөвшөөрсөн байгууллагуудаар үйлчлүүлж болно. Манай Ард санхүүгийн нэгдэл “Ард койн” гаргасан. Энэ нь Монголын анхны үндэсний крипто.

-Түүгээр ямар үйлчилгээ авч болох вэ?

-Энэ миний хийсэн инноваци. Иргэд банкнаас үйлчилгээ авчихаад урамшуулал авдаггүй биз дээ. Харин манайхаас үйлчилгээ авбал “Ард койн”-оо урамшуулал болгож өгнө. “Ард шоп”-оос худалдан авалт хийвэл 1000 төгрөгөнд нь “Ард койн” өгнө. “Ард даатгал”-аар үйлчлүүлбэл бас авна.

-Бусдаас юугаараа ялгаатай вэ?

-Үүлэн технологиор баталгаажсан учраас гүйлгээ бүрэн баталгаажина. Буцаах ямар ч боломжгүй.

Хиймэл оюун ухаан зээл олгоно

-Би 100 ширхэг “ард койн” цуглуулаад яаж ашиглах вэ?

-Утсандаа “Ард апп” суулгах хэрэгтэй. Тэгээд манай бүх үйлчилгээг авч болно. Дэлхийн түүхэнд анх удаагаа банкны үйлчилгээг шууд гар утсаар үзүүлж байна. Зээл шууд авч болно. Зээлийг ямар, хугацаагаар, хэр хэмжээтэй авахыг та өөрөө шийдээд шууд авч болно.

-Банкуудаас юугаараа ялгаатай юм бэ?

-Банкинд хүн үйлчилдэг. Манай энэ үйлчилгээнд хиймэл оюун ухаан үйлчилж байна.

-Барьцаагүй хиймэл оюун ухаан зээл өгнө гэдэг ойлгомжгүй сонсогдоод байна л даа.

-Та хүсэлт явуулна. Монголбанкны зээлийн сангийн мэдээллээс зээлийн түүхийг чинь хараад л асуудал шийдэгдэнэ.

-Үүрээр зээл авах хэрэг гарвал яах вэ?

-Асуудалгүй. Энэ программ интернэт шиг л ажиллана. Хиймэл оюун ухаан амрахгүй бас хүнд суртал гэж мэдэхгүй.

-Дэлхийд байхгүй үйлчилгээ юу?

-Одоохондоо ийм үйлчилгээ дэлхийд байхгүй. Манай аппликэйшнээр хувьцаа худалдан авч ч болно. Банкуудад банкны л мөнгө байдаг. Харин энэ аппликэйшний ард “Ард санхүүгийн нэгдэл” гэдэг хүчирхэг байгууллага байна.

-Танай зээлийн хүү хэд байх бол?

-Манайх ББСБ. ББСБ-ын зээл банкуудаас өндөр байдаг. Харин манайх одоохондоо банкуудын түвшинд байна. Удахгүй түүнээс бага болно.

-Тийм боломж бий юу?

-Бий. Бид шинэ технологи ашигласнаар үйл ажиллагааны зардлыг маш их бууруулж чадна. Хиймэл оюун ухаан хэдэн зуун хүн ажиллаж хэдэн мянган хүнд үйлчилдэг ажиллагааг хөнгөвчилж хязгааргүй үйлчилгээ үзүүлнэ. Эндээс маш их зардал хэмнэгдэнэ. Энэ бүхнийг бид хэрэглэгчиддээ бэлэглэж байгаа юм.

-Банкинд дэлгүүр нээсэн гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Монголд хийсэн бас л анхны үйлчилгээ. “Ард шоп”-оос та Хятадын барааг агуулахын үнээр худалдаж авч болно. Ингэснээр барааны үнэ багаар тооцоход 2-6 дахин буурна. Жишээлбэл, (утсаа харуулаад) чихэвч Хятадын энэ агуулахад тавхан мянган төгрөг байна. Үүнийг захиалаад авч болно. Зарим бараа агуулахын үнээсээ арав дахин их байдаг. Бид судалгаа хийхэд том захуудад зардаг ханш нь агуулахын үнээсээ 5-10 дахин их байсан.

-Тийм их нэмдэг гэж үү?

-Наймаачдын буруу биш л дээ. Шат дамжлага нь дэндүү их. Дамжлага бүр ашгаа нэмсээр байгаад хэрэглэгчийн гар дээр очихдоо тийм үнэтэй болчихоод байгаа юм.

-Хямд үнийн баталгаа нь юу вэ?

-Хятадууд өөрийн агуулахын ижил барааны үнээс хямд бараа өөр газар бүр хямд байвал өөр газрын хямд үнээр манайхаас ав гэдэг зарчим барьдаг.

ЕсДҮгээр сарД Цахим ДэлгҮҮр нээгДэнэ

-цахим дэлгүүрт юаниар наймаа хийх үү?

-Төгрөгөөр хийнэ.

-Хүргэлтийг хэн хариуцах вэ?

-“Монгол шуудан” компани.

-Тээврийн зардал нэмэгдэх үү?

-Ямар ч бараанд 4000 төгрөг нэмэгдэнэ. Гурван барааг нийлүүлээд багц болгосон ч 4000 төгрөг.

-Сая төгрөгийн бараа захиалахад хүргэлтийн үнэ хэд болох бол?

-4000 төгрөг.

-Овор хэмжээ хамаарахгүй гэж үү?

-Хамаарахгүй.

-Хугацаа хэд хоног вэ?

-Одоохондоо долоо гэж тооцож байна. Эцсийн шийд удахгүй гарна.

-Яагаад олон нийтэд зарлахгүй байна?

-Технологийн асуудал шийдэгдсэн. Одоо хүргэлтийн асуудлыг зохицуулах жаахан ажил байгаа. Бид туршилт хийгээд одоо ч бараа авч байна. Есдүгээр сард олон нийтэд зарлана.

-Ямар ч бараа захиалж болох уу?

-Одоохондоо Хятадын агуулахад байгаа барааны үйлчилгээ үзүүлнэ. Удахгүй БНСУ, Турк-ын агуулахын барааны үйлчилгээ үзүүлнэ. Үнэ нь ч агуулахын үнээр.

-Их л том асуудлууд байна даа.

-Үнэн шүү. Би зээлийн хүүг бууруулна. Манайхны олонх хэрэглэдэг хятад барааны үнийг хэд дахин буулгана. Иргэддээ хямд, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлээд зогсохгүй, хувьцаа эзэмшигчддээ өндөр ашиг өгнө. Манай үйлчилгээнд оролцож байгаа бүх талууд ашиг хүртэнэ. Энэ миний нийгэмд барьж байгаа бэлэг. Гадагшаа урсаж байгаа валютын урсгал буурна. Дээр нь инфляци буурна. Манай үйлчилгээг авсан хэн бүх сэтгэл ханамжтай байх болно.

50 саятөгрөгөө 200 саяболгосон үйлчлүүлэгч бий

-Амлаж байна уу?

– Удахгүй батална.

-“ард койн” анх нэг төгрөг байсан. одоо хэд болсон бэ?

-Дөрвөн төгрөг болсон. Надад итгээд нэг хүн өнгөрсөн дөрөвдүгээр сард 50 сая төгрөгөөр “Ард койн” авсан. Тэр хүн өнөөдөр 200 сая төгрөгтэй болсон.

-Танай хувьцаа ямар ханштай байна?

-Анх “Хөрөнгө оруулагч үндэстэн” чуулган хийснээс хойш таван жил боллоо. Анхны даатгалын хувьцаат компани “Ард даатгал” гэдэг хувьцаат компани байгуулсан.

-Бусад даатгалаас ямар ялгаатай вэ?

– Иргэд зөвхөн машинаа даатгуулаад зогсохгүй даатгуулсан байгууллагаасаа ашиг хүртэх боломжтой болсон. Энэ онд “Ард кредит” хувьцаагаа гаргасан. Зургаан тэрбум төгрөг босгосон. Оны эхэнд мянган зээлдэгчтэй байсан бол өнөөдөр 20 мянга болсон. Мөн мянган харилцагчтай байсан бол өнөөдөр 170 мянга хүрсэн. Удахгүй сая харилцагчтай болно.

-Та банкуудыг түйвээх нь ээ?

-Банкууд хэдэн мянган хүн, олон салбар ажиллуулж байгаа. Гэтэл манайх салбар байхгүй. Энд 30 хүрэхгүй хүн л ажиллаж байна.

-“монгол шуудан” алдагдалтай ажилладаг байсан, танайх хувьцааг нь аваад хэр өөрчлөгдсөн бэ?

-Ашиг тэрбум таван сая төгрөгөөс буухгүй байгаа.

-Танай том нэгдэл хувьцаа гаргах уу?

-Маргааш хувьцаа гаргах нээлтээ МХБ-д хийнэ.

-Нэрлэсэн үнэ хэд вэ?

-Шууд хоёрдогч зах зээлд гарна.

-Яагаад?

-Бид үйл ажиллагаа нь доголдсон нэг хувьцаат компанийг худалдаж авсан. Тиймээс (өнөөдөр) хоёр дахь зах зээлд шууд гарна.

-Танай хоёр охин компани хувьцаа гаргахдаа хэдэн төгрөг босгосон бэ?

-11 гаруй тэрбум төгрөг босгосон.

-Маргааш би хувьцаа худалдан авч болох уу?

– Болохгүй. Бид хувьцаа арилжихгүй. Зөвхөн бүртгэлээ хийлгэж байгаа юм.

Б.АЛТАНТУЯА

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

Г.Ганчимэг: Керамик бараг л бясалгал

“Чимэг керамикийн холбоо” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал, “Чимэг керамикийн урлан”-гийн багш Г.Ганчимэгтэй ярилцлаа.


-Танай урланд ямар насныхан илүү ханддаг вэ?

-Гол төлөв хүүхдүүд ханддаг. Ихэвчлэн 4-18 насныхан. Насанд хүрэгчдийн анги бас тусдаа бий.

-Анхан шат нь ямар хичээлээс эхлэх үү?

-Хүүхдүүд эхний ээлжинд шавартайгаа танилцана. Керамикийн хоёр арга байдаг л даа. Гар арга, хүрдний техник гэсэн хувилбар бий. Гар техник нь дотроо гурван аргатай. Цул шаврын, элдүүрийн, ороомгын арга гэж ангилдаг. Хүрд нь ажиллагаа ихтэй. Тиймээс хүрдний техник илүү тусдаа, гүнзгийрүүлсэн аргаар заадаг.

-Керамикэн урлаг хүүхдэд ямар өгөөжтэй вэ. Харж байхад хүүхэд сууж сурах юм шиг байна?

-Керамикаар юм хийж байгаа хүүхдийн хувьд суурь нь зураг байдаг. Тиймээс зурж сурна. Түүнээс гадна баримлаар юм хийж сурдаг. Тэгэхээр төсөөлөн бодох чадвар нь дагаад хөгжинө. Бүтээлч сэтгэлгээтэй болно. Юмыг олон талаас харна гээд үр өгөөж их шүү.

-Анх ирсэн хүүхдүүд ямар сэтгэгдэлтэй гардаг вэ?

-Их өндөр сэтгэгдэлтэй байдаг. Учир нь хоёр цагт юм хийгээд суухад ихэнхдээ амждаггүй. Хонох гэж зүтгэдэг. Цаг нь дуусчихаад байхад явахгүй суугаад л байдаг. Шаврандаа дурлаад гардаг гэж хэлж болно. Дахиж ирье, ирмээр байна гэж ээж ааваасаа гуйдаг.

-Шавраар юу хийж болох вэ. Аяга, тавга гээд хэрэглээний зүйл хийдэг үү?

-Эхний ээлжинд хэрэглээний юм хийнэ л дээ. Шүгэл, ханын чимэглэл гээд. Тухайлбал, гарынхаа алгыг ханын чимэг болгоод үлдээчихдэг. Зургийн жааз, аяга, сувенир гээд хийх зүйл их. Хийсэн зүйлсээ өөрсдөө авч явдаг. Өөрсдөд нь дурсгал болж үлддэг юм.


Цэнхэр цахирмаа

-Шавар аяга хийлээ гэхэд түүндээ шингэн зүйл хийгээд ууж болох уу?

-Болно. Хэрэглээний паалангаар пааландчихдаг юм. Тиймээс юуг ч хийгээд ууж болно гэсэн үг. Өөрийн гараар хийсэн юм чинь огт өөр л дөө. Өөрт нь их кайфтай, миний хийсэн бүтээл гэж бодохоор урам авдаг. Би хийсэн шүү дээ, мөнгө зарж худалдаж аваагүй гээд анхандаа их л зүйл бодогддог юм. Аав ээж нь ч их дуртай байдаг. Хүүхдүүд ч ээж ааваасаа байнга нэхээстэй. Би багшдаа очъё, дахиад өөр гоё зүйл хийж суръя гэж нэхдэг гэсэн. “Маршал таун”-д амьдардаг Анима гэдэг хүүхэд бий. Манай зургийн дугуйланд явдаг юм. Морь зурах дуртай. Саяхан Маргал-Эрдэнэ гээд нэг хүүхдэд туслах аян явсан даа. Тэр аяны үеэр таарсан юм. Тэгээд ээж ааваасаа багш дээр очъё гэж гуйсаар байгаад ирсэн дээ. Охин тэр өдөр суугаад аягаа хийж, аяган дээрээ морь зураад ээждээ бэлэг болгоод өгсөн. Хандив өргөнгөө өөртөө бас бэлэг болгох жишээтэй. Сэтгэл хангалуун буцсан. Дахиад шавраар юм хиймээр байна гэж гуйгаад л гарч байна лээ. Өөрөөр хэлбэл, зураг зурж байсан хүүхэд керамик руу татагдаад орчихсон.

-Ер нь зураг зурах дуртай хүүхэд ирэх үү?

-Голдуу тэгдэг. Ер нь бол керамикээр юм хийж сурснаар илүү тайвширал, бясалгал маягийн нэг цэгт төвлөрдөг. Бүх юмнаас тусгаарлаад ганцхан юманд төвлөрүүлдэг тул хүүхэд задраад их тайван болдог.

-Танай урлан долоо хоногт хэдэн удаа хичээллэдэг вэ?

-Ажлын таван өдөртэй. Нэг удаа найман хүүхэд хүлээж авдаг. Анги дүүргэлт найман хүүхэд бүрдэхгүй бол эцэг, эхчүүд яриад одоо очмоор байна гэдэг. Захиалгаа өгч цаг авах маягаар суудаг юм.

-Сарын анги байдаг уу?

-Байгаа. Сарын найман оролт нь 280 мянган төгрөг. Нэг орохдоо хоёр цаг. Долоо хоногт хоёр удаа хичээллэнэ.

-Танайх хэзээ нээгдсэн бэ?

-Өнгөрсөн нэгдүгээр сарын 9-нд нээлтээ хийсэн. Тэр цагаас хойш олон хүүхэд мэддэг болж байна.

-Таны үндсэн мэргэжил юу вэ?

-Керамикч. Дүрслэх урлагийн дээд сургуулийн ваар урлалын ангийг 2003 онд төгссөн. Сэрээтэр багшийн шавь л даа.

-Өөрийнхөө хийсэн бүтээлээс танилцуулахгүй юу?

-Бүтээл гэвэл нэлээд юм хийсэн. Би сургуулиа төгсөөд Зураг урлал компанид барималчаар ажиллаж байсан. Том том хөшөө дурсгал, хотын чимэглэл хийнэ. Тухайн үед фото студи, хулдаасан хэвлэл байгаагүй. Бид даавуугаа араамандаа татаж байгаад шрифтээр бичдэг байлаа. Тэнд гурван жил ажиллаад, давхар бүтээлээ хийнэ. 2009 онд урчуудын эвлэлийн гишүүн болсон. Хавар, намартаа уламжлалт үзэсгэлэнгүүд гарна. Хавар “Алтан бийр”, намар “Шилдэг бүтээл”-үүдэд зогсолтгүй оролцоно. Их Майдар сан төсөл хэрэгжих үеэр эх загваруудыг баримлаар хийсэн. Мөн Ховд аймгийн Булган суманд баригдсан Увш хааны хөшөөний төсөлд ажилласан. Ер нь том том хөшөө дурсгал хийх ажилд их оролцсон. Хажуугаар нь уран бүтээлийнхээ ажлыг орхиогүй.

-Том хөшөө дурсгал босгоход гардаг хүндрэлтэй тал бий юу?

-Өөрөө дуртай юм болохоор хэцүү байсан ч даваад гардаг. Яг ажилдаа орчихоор дурлаад хийнэ. Нойр хоолгүй байсан ч хамаагүй. Цаг нар ч гэхгүй улайрч зүтгэнэ шүү дээ.

-Хамгийн сэтгэлд хүрсэн бүтээлээ нэрлэбэл?

– Миний өөрийн Цахирмаа гээд жижиг бүтээл бий. Цэнхэр цахирмаа. Цахирмаа гэдэг нь эмэгтэй хүнийг төлөөлсөн дэлгэрдэг цэцэг л дээ. Ногоон, дарь эхийн суудал, хөдөлгөөнөөс санаа авч хийсэн. Кайфтай байсан. Эмэгтэй хүний гоо сайхныг харуулсан бүтээл л ээ. Мөн “Ээж минь миний эхлэл” гэсэн баримал бий. Мөөмөө хөхөж байгаа. Учир нь бүр нэг миллметр бүрээр совьж хийсэн баримал л даа.

-Совино гэж юу гэсэн үг вэ?

-Совино гэдэг нь баримлын шавраа урт нарийхан элдэх.Товгор, хатуу маягаар хийхийг хэлдэг. Өөрөө бүтээлдээ дурлаж хийх сайхан. Гоё бүтээл гарна гэж бодоод хийхээр урам, эрч хүч авдаг.

-Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна. Цаашдаа ямар уран бүтээл хийхээр төлөвлөж байна вэ?

-Одоо сургалт тал руугаа орсон болохоор бүтээлээ жаахан хойшлуулаад байгаа. Гэхдээ бүтээлийн олон санаа бий. Эскизээ зураад үлдээгээд байгаа. Цаг зав гарахаар хийнэ. Урьд нь гол төлөв жижгэвтэр юм хийж байсан бол цаашдаа монументаль гээд нэлээд том керамик эхэлье гэж бодож байгаа.

-Дэлхийд хүний нүд булаасан гоё баримлууд зөндөө. Монголдоо тийм бүтээл хийчих юмсан гэж боддог уу?

-Санаа их л төрдөг. Би Хотын баримал гэдэг уралдаанд оролцож байсан л даа. Цэцэрлэгт хүрээлэнд байгаа “Үнсэлт” гэдэг баримлаараа оролцсон юм.

-Төгсгөлд нь асуухад танайд ирсэн хүүхдүүдийн аав ээжүүд сэтгэгдлээ хэлнэ биз…

-Тийм тохиолдол их бий. Орчлон сургуульд багшилж байхад есдүгээр ангийн эрэгтэй хүүхэд ирсэн юм. Их сахилгагүй, гүйж харайгаад, хэрэг төвөгт орчих төлөвтэй. Эхэндээ суухгүй тогтож өгдөггүй байлаа. 2-3 дахь оролтоос ойлгоод ирсэн. Тэгээд шавраа бариад суучихдаг болсон. Босохоо чбайсан шүү. Ээж нь бүр гайхаад “Миний хүү сууж чаддаг юм байна” гэж магтсан (инээв). Ойр зуурын жижиг сажиг юмаа өөрөө хийхгүй хүнээр хийлгэдэг хүүхэд ч их ирнэ. Наймдугаар анги хэрнээ гутлаа үдэж чадахгүй хүүхэд ирсэн удаатай. Гурил элдэж чадахгүй нэг хүүхэд ирлээ. Тэгвэл манай керамикийн сургалтад хамрагдаад элдүүрийн аргаар шавраа элддэг юм. Гэртээ очоод гурил элдье гээд элдсэн гэсэн. Амьдралд хэрэгжиж, эерэг өөрчлөлт гарсан тохиолдол энэ мэт жишээ бий.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Бахархал vs Ялархал” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Бахархал vs Ялархал” хэмээн өгүүлжээ.

“Улс төр” нүүрээс ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж-ийн өдрийн тэмдэглэл -Ардчилалд хүрсэн зам-бодит түүх- (1990/05/02-05/04-ний өдрийн тэмдэглэл)-ийг уншаарай.

“Авлига, албан тушаалын дуулиант хэргүүд хэзээ шийдэгдэх вэ” хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт өгүүлжээ.

“УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: Тэр лицензийг өөр нэг хүн эзэмшиж байсан бол ийм асуудал гарахгүй, улс төрд орсны минь л үр дагавар байх” хэмээн “Улс төр” нүүрт ярив.

“Нийслэлийн түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг зарлалаа” хэмээн “Өдрийн сурвалжлага” нүүрт өгүүлжээ.

“МУИС-ийн Биеийн тамирын тэнхимийн багш, боловсролын тэргүүний ажилтан, воллейбол болон хөнгөн атлетикийн спортын мастер Н.Галбадрах: Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Н.Түвшинбаяр нарт хичээл зааж байлаа” хэмээн “Багш” нүүрт ярив.

“Сауд гоби коал транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Буянбат: Бид төсөөлшгүй хүнд байдалд ороод байна гэж “Үйл явдал” нүүрт ярьжээ.

“Дэлхий мэдээ” нүүрт “Хятадын тусгаар тогтнолын аюулгүй байдлыг дэлхийн загварын агентлагууд үл хүндэтгэсэн үү”, “Хятадын тусгаар тогтнолын аюулгүй байдлыг дэлхийн загварын агентлагууд үл хүндэтгэсэн үү” гэж бичжээ.

“Сураг алдарсан хүн” нүүрт “Номин” хамтлагийн дуучин П.Гантөгс: Манай хамтлагаас “Номин талст” үүссэн түүхтэй юм” хэмээн ярилаа.

“Монголын Үндэсний Ардчилсан намын дарга Б.Цогтгэрэл: Манай нам цаг үргэлж сонгуулийн циклийг уртасгахын төлөө байсан” хэмээн “Улс төр” нүүрт ярьсан байна.

“Монголбанкны Ерөнхийлөгч: Н.Баяртсайхан: Төлбөрийн систем дэлхийн шилдэг түвшинд хүрнэ” гэж “Банк,санхүү” нүүрт ярилаа.

“Энэ тухай” нүүрт “Профессор П.Лхагвасүрэн: Бага боловсролын сургалтын хөтөлбөрт 35.3 хувийн тохируулга хийгдэж, сурагчдын ачааллыг буурууллаа” хэмээн ярьсан байна.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Монголын уран бүтээлчид Локарно олон улсын кино наадамд оролцож байна

Швейцарын Холбооны Улсын Локарно хотноо энэ сарын 7-17-нд зохион байгуулж буй 72 дахь удаагийн Локарно олон улсын кино наадамд Монголын кино уран бүтээлчид оролцож байна.

Локарно кино наадмын “Нээлттэй хаалга” хөтөлбөрийн захирал хатагтай Софи Бурдон нь өнгөрсөн оны 10 дугаар сард болсон “Улаанбаатар” олон улсын кино наадамд оролцож, манай кино уран бүтээлчдэд зориулсан сургалтыг удирдан явуулах үеэрээ 2019-2021 онд тус хөтөлбөр нь Зүүн Өмнөд Ази болон Монгол Улсыг онцлон дэмжих болсноо зарласан юм.

Өнгөрсөн онд Швейцар Улсын Фрибург хотноо Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдсан 32 дахь удаагийн Фрибургийн олон улсын кино наадмын “Шинэ газар нутаг” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс мөн онцлох улсаар тодорч байсан билээ.

Энэ удаагийн Локарно кино наадмаар “Нээлттэй хаалга” хөтөлбөр нь “Open doors hub”, “Open doors lab” болон “Open doors screening” гэсэн гурван хэсгээс бүрдсэн бөгөөд манай кино уран бүтээлчид С.Бямбын “Алсын удирдлага” (2013), У.Зулаагийн “Захиа” (2019), “Улаанбаатаржилт” (2017), П.Золжаргалын “Үл заяагдагсад” (2017) болон Л.Бат-Амгалангийн “Гайхамшигт нислэг” (2016) киногоор оролцож байна.

Локарно кино наадмын хүрээнд Монголын кино уран бүтээлчид тус наадмын Ерөнхийлөгч Марко Соларитай уулзаж, “Нээлттэй хаалга” хөтөлбөрийн дугуй ширээний ярилцлагад Монголын урлагийн зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн, продюсер Ц.Ариунаа оролцов.

Манай кино уран бүтээлчдийг Локарно кино наадамд оролцохыг Швейцарын хөгжлийн агентлаг дэмжсэн бөгөөд энэ оны 10 дугаар сард болох “Улаанбаатар” олон улсын кино наадмыг мөн дэмжин оролцохоо мэдэгдээд байна.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн үйлчилгээний автобуснуудад явуулын оношилгоо хийж байна

Нийтийн тээврийн хэрэгслээс ялгарах утааны тортогжилтын хэмжээг Нийтийн тээврийн үйлчилгээний газраас явуулын оношилгооны багажаар хэмжих шалгалтыг 2019 оны наймдугаар сарын 12-ны өдрөөс шугам замд хийж эхлээд байна. Эхний хоёр өдрийн байдлаар нийтийн тээврийн 13 компанийн их багтаамжийн 69 автобус шалгалтад хамрагдсан бөгөөд утааны тортогжилтын хэмжээ стандартын үзүүлэлтээс их байсан зөрчлүүдэд Автотээврийн хяналтын улсын байцаагч холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага тооцон, тухайн аж ахуйн нэгжүүдэд улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлэхээр ажиллаж байна.

Монгол улсын Засгийн газрын 2016 оны 213 дугаар тогтоолын дагуу нийтийн тээврийн хэрэгсэл жилд хоёр удаа техникийн үзлэг, оношилгоонд хамрагддаг бөгөөд нийтийн тээврийн салбарын 2019 оны намрын нэгдсэн үзлэг оношилгоо есдүгээр сард эхэлнэ.