Categories
мэдээ нийгэм

“Халхын голын дайн-80 жил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ

“Халхын голын дайн-80 жил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Дорнод аймгийн Халхгол суманд өнөөдөр эхэлжээ.

Хуралд ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн захирал, академич С.Чулуун, ОХУ-ын Өвөр Байгалийн их сургуулийн захирал доктор, профессор В.В.Кузнецов тэргүүтэй 20 гаруй эрдэмтэн, судлаачаас гадна 80 гаруй зочид төлөөлөгчид иржээ.

Эрдэмтэн, судлаачид хурлын үеэр түүхт ялалтын олон улсын ач холбогдол, Халх голын дайны эхлэл, төгсгөлийн учир шалтгаан, түүхэн баримтуудын хүрээнд илтгэл тавих аж.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Онцгой байдлын газарт иж бүрэн шалгалт хийж байна

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны А/225 дугаар тушаалаар Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа Г.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг нийслэлийн Онцгой байдлын газарт иж бүрэн шалгалтыг зохион байгуулж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн иж бүрэн шалгалтыг НОБГ-ын харьяа Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв, Багануур, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэст энэ сарын 19-нийг хүртэл зохион байгуулах юм.

Шалгалтаар Төрийн албаны тухай хууль, холбогдох хууль тогтоомж, Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 107 дугаар тушаалаар батлагдсан “Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалт зохион байгуулах журам”-ыг хэрэгжүүлэх, дүрэм, журам, стандарт, байгууллагын бодлого, үйл ажиллагааны зорилт, хөтөлбөр, төлөвлөгөө, төсөв, төслийн хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод хяналт шалгалт хийх юм.

Categories
мэдээ нийгэм

“Буянт Ухаа-2” орон сууцны цахим бүртгэлд тэнцсэн иргэдийн анхааралд

“Буянт Ухаа-2” 972 айлын орон сууцны цахим бүртгэлд хамрагдсан иргэдэд дараах зүйлсийг анхаарууллаа. Үүнд:

Цахим бүртгэлд тэнцсэн иргэд бүрдүүлэх материалын жагсаалтын дагуу бичиг баримтаа бүрдүүлэн 2019 оны наймдугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны наймдугаар сарын 23-ны өдрийн хооронд Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвийн “Мишээл” болон “Дүнжингарав”-ийн салбаруудад ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бусад иргэд өөрийн биеэр авчирч өгнө.

Заасан хугацаанд материалаа бүрдүүлэн авчирч өгөөгүй, дутуу материал болон хуурамч материал авчран өгсөн тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасан дараагийн иргэн эрэмбийн дагуу орохыг анхаарна уу!

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээвэрт 1200 гаруй том оврын автобус үйлчилгээнд явж байна

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор энэ сарын 15-наас нийслэл хотод А,В,С бүсчлэл тогтоож зохицуулалт хийхээр төлөвлөсөн. Гэвч иргэдийн дунд явуулсан санал асуулгаар 64 хувь нь дэмжихгүй, 36 хувь нь дэмжсэн санал өгсөн тул иргэдийн саналыг харгалзан төлөвлөж байсан ажлыг тодорхой хугацаагаар хойшлуулаад байгаа. Энэ талаар нийслэлийн Замын хөдөлгөөн, төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх”Нийслэлийн Засаг дарга 2019 оныг “Иргэдээ сонсох жил” болгон зарласан. Энэхүү уриалгын хүрээнд аливаа бодлого, шийдвэр гаргахдаа иргэдээ сонсож, санал авах ажлыг эхлүүлээд байгаа. Замын хөдөлгөөнийг А, В, С бүсчлэлд хуваах зохицуулалтын талаар иргэдээс эхлээд твиттер хуудсаар санал асуулга авсан. Энэ асуулгад хамрагдсан иргэдийн 60 хувь нь дэмжсэн. Дараа нь томоохон вэбсайт, олон нийтийн цахим хуудас болох фэйсбүүкээр санал авахад 60 хувь нь дэмжсэн ч, 40 хувь нь дэмжээгүй. Иймд наймдугаар сарын 15-наас хэрэгжих байсан бүсчлэлийг түр хугацаагаар хойшуулж байгааг мэдэгдэж байна” гэлээ .

Нийслэлийн хэмжээнд 500 гаруй мянган автомашин хөдөлгөөнд оролцож байна. Нэг жолооч жилд 45 хоног зам дээр түгжирдэг гэх судалгаа гарчээ. Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилгоор бүсчлэлийн ажлыг эхлүүлэхийг зорьсон ч иргэд дэмжээгүй тул цаашид түгжрэлийг бууруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Тухайлбал нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг төлөвлөсөн байна. Өнөөдрийн байдлаар нийтийн тээвэрт 1200 гаруй том оврын автобус үйлчилгээнд явж байна. Цаашид нийтийн тээврийн парк шинэчлэлтийг үе шаттайгаар хэрэгжүүлж “Cabel Car” буюу агаарын дүүжин замыг нэвтрүүлэх, “Sky real” зэрэг үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Агаарын дүүжин замыг нэвтрүүлэх ажлын ТЭЗҮ бүрэн боловсруулагдаж дууссан аж.

Ийнхүү эвдэрдэггүй, дэлбэрдэггүй, бие биентэйгээ уралддаггүй жолоочтой нийтийн тээвэртэй болсны дараагаар бүсчлэлийн ажлыг эхлүүлнэ гэдгийг албаныхан онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

Э.Оюунболдын цолны мялаалгын наадам хойшилжээ

Баяр наадмын зохион байгуулах хорооны Бөхийн салбар хорооны өнөөдрийн хурлаар Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын түрүү бөх Улсын аварга Э.Оюунболдод хүндэтгэл үзүүлэх, цолны мялаалгын наадмын товыг цуцалжээ. Цолны мялаалгын наадам энэ сарын 18-ны өдөр Хэнтийн аймагт зохион байгуулагдахаар товлогдсон байсан юм.

Баяр наадмын зохион байгуулах хорооноос хориотой бодис хэрэглэсэн хоёр бөх байгаа гэдгийг олон нийтэд мэдэгдсэн. Хориотой бодис хэрэглэсэн хоёр бөхийн нэр одоогоор тодроогүй байгаа учир баяр наадмын зохион байгуулах хорооны Бөхийн салбар комиссоос Улсын аварга Э.Оюунболдын цолны мялаалгын наадмыг ийнхүү түр хугацаагаар хойшлуулжээ.

Хэрвээ хориотой бодис хэрэглэсэн гэх хоёр бөх “В” сорьцийг шинжлүүлнэ гэж Допингийн эсрэг үндэсний төвд хандвал шинжилгээний хариу ахин 10-аас дээш хоногоор сунгагдах юм. Харин тус хоёр бөх “В” сорьцыг шинжлүүлэхгүй гэвэл албан ёсоор наймдугаар сарын 19-нд нийтэд зарлах юм.

Categories
мэдээ улс-төр

МАН Үндсэн хуулийг хэлэлцэж байна

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна. Тус бүлгийн хуралдаан даваа гаригаас өнөөдрийг хүртэл дөрөв дэх өдрөө Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, байр сууриа нэгтгэж байгаа юм.

Энэ долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулган хуралдах байсан ч МАН-ын бүлэг Үндсэн хуулийн өөрчлөлтөд нэгдсэн байр суурьт хүрээгүйгээс хойшилж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Буянбат: Бид төсөөлшгүй хүнд байдалд ороод байна


Засгийн газрын тогтоолоор Өмнөговь аймгийн Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулж байсан “Сауд гоби коал транс” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлаад байна. Энэ үйл явцын талаар “Сауд гоби коал транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Буянбаттай ярилцлаа.


-Засгийн газраас “Сауд гоби коал транс” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах үе шаттай арга хэмжээг энэ өдрүүдэд авч байна. Энэ үйл явцад ямар байр суурьтай байна вэ?

-Цэвэр улс төрийн шийдвэр гэж харж байна. Хувийн аж ахуйн нэгж рүүгээ дайрдаг төр засагтай байгаадаа үнэхээр харамсаж сууна. Засгийн газраас ийм шийдвэр гарна гэж төсөөлсөнгүй. Үүнийг олон нийтэд таалагдах гэсэн популист шийдвэр гаргалаа гэж компанийн зүгээс харж байна.

-Тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг Ерөнхий сайд тайлбарлахдаа танай компанийг хууль зөрчсөн гэсэн. Эсэргүүцэл тэмцэл өрнүүлж байгаа хүмүүс ч үүнийг хэлдэг?

-Үнэндээ нутгийн иргэд эсэргүүцэж босоод байгаа юм байдаггүй юм. Манай компанийн зүгээс нутгийн иргэдтэй ойлголцоод ажлаа үргэлжлүүлж ирсэн.

Тэнд манайхаас гадна найм, есөн уурхай үйл ажиллагаа явуулж байгаа. Одоо ч хэвийн явуулж л байна. “Чинхуа Мак”, “SGS”, “Өсөх зоос”, “Жавхлант орд”, “Хайрхан толгой”, “АГМ майнинг” гээд бүгд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани байгаа. Манайх бол тэнд үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний хоёрхон компанийн нэг.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд болсон үйл явдлыг харахад гүтгэлэг, доромжлол, худал мэдээлэл зөвхөн манай компанийг л онилж байлаа.

2016 оны сонгуулийн өмнө энэ сэдвийг ярьж байсан. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр бас орон нутгийн улс төр болгож явуулсан. Ирэх жил сонгууль болох гэж байна. Ийм циклээр нэлээд мөлжүүртэй томоохон сэдэв болчихоод байх шиг байна даа, манайх.

Манайх руу босоод байгаа хүн бол Х.Мандахбаяр гэж хүн. Одоо ингээд харахад Х.Мандахбаяр гэдэг нөхөр шууд улс төрийн бодлого шийдвэртэй холбож шантаажилж эхэлсэн.

-Булаг шанд ширгэж, ирвэс үхсэн асуудлыг тэмцэгчид яриад байгаа. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Манай лицензийн талбайд уул нуруу, булаг шанд байдаггүй тал газар. Хууль зөрчсөн асуудал манайд байхгүй. Сүүлийн үед манай улсад нийтээрээ нэг тийм үзэлтэй болчихлоо. Уул уурхай ажиллуулж байгаа хүн хамгийн муухай гэдэг ойлголттой болчихоод байна.

Манайх руу Х.Мандахбаяр гэж хүн дайрахдаа анх “Улсын тусгай хамгаалалттай газар үйл ажиллагаа явуулж байна” гэж гарч ирсэн. Нэгэнт улс тусгай хамгаалалтад авчихсан газарт хэн ч үйл ажиллагаа явуулах боломжгүй. Үүнийг бид хэлсэн, тайлбарласан, үзүүлсэн.

Гэтэл дараа нь Тост, Тосон бумбын ай савд үйл ажиллагаа явуулж байна гэх болсон. Ай сав гэвэл харьцангуй ойлголт болчихно. Бас л тайлбарласан. Ус булаг сүйтгээд байна гэлээ.

Манай тусгай зөвшөөрлийн талбайд булаг шанд, гол горхи байдаггүй. Бас л газар дээр нь тайлбарлаж егөөд, хүмүүс ч ойлгож эхлэхээр “Энэ компаниас болоод ирвэс үхчихлээ” гээд унтуулчихсан ирвэсийн зургийг олон нийтэд түгээж эхэлсэн.

Та сая ирвэс үхсэн талаар зөөлрүүлж асуулаа. Энэ тэмцэгч гээд байгаа нөхдүүд ирвэс хамгаалагч Лхагвасүмбэрэл агсны үхэлд хүртэл буруутай мэтээр гүтгэж байгаа шүү дээ. Энэ асуудлаар нь бид холбогдох хуулийн байгууллагад хандаж, үнэн мөнөө тогтоолгох болно гэдгийг хэлье.

Ер нь үе шаттай зохион байгуулалттай илт гүтгэлгийн чанартай мэдээллүүдийг давтамжтай өгөхөөр ард иргэд “Энэ үнэхээр болохгүй бүтэхгүй компани юм байна. Дээрээс нь улстөрчтэй холбогдчихсон” гэдэг ойлголттой болчихдог юм байна. Эцэст нь ийм л байдалд хүрч байна.

-Үүнээс гадна бас нэг асуудал үүсгээд байгаа зүйл бол улсын тусгай хамгаалалттай газрын хилийн цэсийн маргаан байдаг?

-Олон улсын “TNC” байгууллагаас говьд хамгаалах шаардлагатай газруудыг судалж нэрлэж өгсөн байдаг. Тэрхүү нэрлэсэн талбай нь манай лицензийн талбайд хамаардаггүй юм. Засгийн газраас “TNC”-ийн саналаар Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авсан гэж ярьдаг.

Бүр тодруулбал, олон улсын байгууллагын гаргасан хилийн цэсийн дагуу мөн Засгийн газрын 2015 оны арванхоёрдугаар сарын 512 дугаар тогтоолыг харгалзан үзэж улсын тусгай хамгаалалтад авсан болов уу гэж бодож байна. Үүний дагуу ч УИХ, Засгийн газар ч шийдвэрээ гаргасан байх.

-Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах шийдвэр УИХ-аар гарахдаа хилийн цэсийг багасгаж баталсан. Өөрөөр хэлбэл, танай компанийн талбайг тусгай хамгаалалтад авах ёстой талбайгаас авч үлдлээ гэж тухайн үед нэр бүхий улстөрчид хэлж байсан. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?

-Тост, Тосон бумбын нурууг хамгаалахыг зөвлөсөн байгууллага тухайн үед өөрсдөө УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороон дээр танилцуулга хийсэн байдаг. Тэр үед уурхай эхлээгүй, хээр талаараа байсан. Энэ бол 2016 оны асуудал. Тэр үед нүүрсний зах зээл уначихсан байлаа.

Харин тэр хурал дээр яригдсан зүйл гэвэл манайхыг “Нүүрсний үнэ уначихсан. Ашиггүй болсон бизнесээ улсад шахах гэж байна” гэсэн яриа гарч байсан юм шүү. Байнгын хорооны протокол дээр ч бий. Бидний хувьд тухайн үед улс хамгаална гээд авчих юм бол хэлээд байх юм байхгүй байсан. Яах вэ, бидний зүгээс “Олон улсын судалгааны үр дүнг харгалзаж үзэж шийдвэр гаргаач” гэдэг тайлбар хийсэн.

Хэрэв авчих юм бол нөхөн төлбөр яригдах байсан. Энэ мэт олон хүчин зүйлээс шалтгаалж хилийн цэсийг тогтоосон болов уу гэж үздэг. Түүнээс биш улсын тусгай хамгаалалтын талбайд манай лицензийн талбай орж, дараа нь бид гаргасан бол өөр шүү дээ. Тэгэх ч боломж байхгүй.

-Төслийнхөө талаар танилцуулаач. Тус тусгай зөвшөөрлийг хэнээс яаж авч байв. Нөөц нь хэд гэж тогтоогдсон байдаг юм?

-Манай компани 2010 онд байгуулагдсан. 2011 онд “SGS” компаниас лицензийг худалдаж аваад хайгуулын ажлыг хийж эхэлсэн. 2018 оноос олборлолтын ажлыг эхлүүлсэн байдаг. Уурхай эхэлж байхад 390 гаруй ажилчинтай байлаа.

Сүүлийн үеийн нөхцөл байдлаас болж ажилчид маань арай цөөрсөн. Өнгөрсөн найман жилийн хугацаанд бид зардал, зам, кемп зэрэгт 130 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд байсан юм. Ажлаа дөнгөж эхэлж байсан уурхай учраас зардлаа нөхөх боломжгүй. Ордын нөөц бол ТЭЗҮ дээр 55 сая тонн нүүрс гэж тогтоосон байдаг.

-Одоо танай нөхцөл байдал ямархуу байна вэ?

-Уурхайг хаасан, лацадсан. Ийм л байдалтай байна. Ер нь бол Засгийн газрын энэ шийдвэрээс болж бид төсөөлшгүй хүнд байдалд орлоо.

Манай компани 130 гаруй тэрбум төгрөгийн өртэй. Нүүрсний урьдчилгаа болгоод авчихсан гадны компаниудын өр, дотоодын компаниудаас авсан зээл, нефтийн компаниудад өгөх ёстой өр овоорчихоод байна. Цаашид ч зээлийн хүү, гэрээний алдангиуд гээд өр төлбөр нэмэгдэх нь ойлгомжтой болчихлоо.

-Энэ 130 гаруй тэрбум төгрөгийг ашиг болгоод компани авчихсан гэсэн үг үү?

-Юу гэж дээ. Энэ мөнгөөр хөрөнгө оруулалт хийнэ шүү дээ. Кэмп байгуулах, зам тавих, хөрс хуулалтын ажил эхлүүлэхэд энэ мөнгийг зарцуулсан. Дээр нь орон нутагт төлөх татвар, ажилчдын цалин, нийгмийн даатгалын шимтгэл гээд зардлууд гардаг. Одоо ч бид ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй сууна. Уурхай хаагдах бол улс төрийн шийдвэр.

Харин туслан гүйцэтгэгч компаниуд, тэнд ажиллаж байсан манай уурхайчид бүгд цалингүй боллоо. Ойролцоогоор 350 гаруй хүн, тэдний ард байгаа 350 айл амьжиргааны эх үүсвэргүй болж байна шүү дээ.

-Лицензийн асуудал 2003 оноос үүдэлтэй гэв үү?

-2003 онд тухайн үед “Айвенхоу майнз” компанийн охин компани “Саус гоби сэндс” гэж компани Өмнөговьд нүүрсний төслийн 100 гаруй лицензтэй байсан. Үүнийх нь нэг. “SGS”-ээс 2011 онд манайх худалдаж авч байсан. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн тэр үед хувьцаа эзэмшдэг байсан нь үнэн.

2011 онд хайгуулын ажил хийж 2012 онд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр нөөцөө оруулаад нэг хэсгийг нь А болгож байв. 2014 онд дахин хайгуул хийж үлдсэн хэсгийг нь А болгож ингээд хоёр ашиглалтын лицензтэй болсон түүхтэй. Явц дунд 2016 онд эзэмшигч нь солигдож 100 хувь өөр эзэмшигчтэй болсон.

-Б.Чойжилсүрэн гишүүнээс тусгай зөвшөөрлийг хэдэн төгрөгөөр худалдаж авсан бэ?

-Нарийн ширийн гэрээний асуудал бий. Манайх компанийг худалдаж авахад багагүй хэмжээний зээлтэй байсан. Одоо ч зээлтэй байгаа. Уурхайн үйл ажиллагаа явуулаад эхлээд энэ өрийг дарах, оруулсан хөрөнгө оруулалтыг нөхөх, үүний дараагаар төлбөр тооцооны асуудал яригдах ёстой юм. Өөрөөр хэлбэл, оруулсан хөрөнгийг нь гаргаж өгөх гэрээтэй ажиллаж байсан.

-Тухайн үед худалдаж авч байхдаа лицензийн хувьд хууль ёсных эсэхийг та бүхэн шалгасан уу. Учир нь одоо хөндөгддөг нэг асуудал нь тусгай зөвшөөрлийг хууль бусаар авсан гэж байгаа?

-“Саус гоби сэндс”-ээс манайх авахаас өмнө хайгуулын ажлаа бүрэн хийж гүйцэтгэж байсан уу, жилд хийх ёстой хөрөнгө оруулалтын нэг гa-д оногдох хөрөнгө оруулалтыг хийж байсан уу, нөхөн сэргээлтийнхээ ажлыг хийж байсан уу гэх мэт бичиг баримттай нь танилцаад шилжүүлж авч байсан.

Би өөрсдийнхөө хэмжээнд лицензийг шилжүүлж авахдаа шаардлагатай шалгах ёстой юмыг бүгдийг нь шалгаад тухайн үед хууль ёсных юм байна гэж ойлгож л авсан шүү дээ. Төрийн байгууллагууд ч энэ бүх зүйлс нь хууль ёсных гээд шилжүүлж өгсөн байх.

-Уг төсөлд 130 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэлээ. Засгийн газрын зүгээс нөхөн төлбөрийн асуудлыг ярих боломжгүй гэсэн?

-Маш их харамсалтай байна. Бидэнд их хүнд байна. Шүүхийн байгууллагад хандахаар материалаа бэлдээд эхэлж байна. Хандаж болох бүх газарт хандана. МҮХАҮТ ч бас аж ахуйн нэгжүүдээ хамгаалж дуугармаар байна. Хувийн хэвшлээ ингэж дээрэмдээд байж болох уу. Өнөөдөр биднийг, маргааш хэн нэгнийг дээрэмдэх үйл ажиллагаа зогсохгүй юм шиг байна.

-Б.Чойжилсүрэн гишүүн та бүхэнтэй холбогдсон уу?

-Өнөөдөр /өчигдөр/ ярьсан. Уулзаж нөхцөл байдлыг сонсмоор байна гэсэн.

-Тусгай зөвшөөрлийг Б.Чойжилсүрэн гишүүнээс 2016 онд худалдаж авсан гэлээ. Одоо танай компани Б.Чойжилсүрэн гишүүнтэй холбоо бий юу?

-Холбоо байхгүй. Энэ үйл явдлаас болж бид нараас бас мэдээлэл авахыг хүсэж байна. Нөхцөл байдлаа танилцуулъя гэж ярилцаад байж байна.

Үнэндээ бид ингэж хэлмэгдэж байгаадаа бухимдалтай байна. Манайх бол дотоодын компани. Тэгвэл гадны компанийг ингэж чадах байсан уу. Ингэж чадах байсан ч, үгүй байсан ч энэ үйлдэл нь өөрөө хөрөнгө оруулалт хийх, Монголд бизнесийн үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бараг 100 хувь хаачихлаа.

-Тэгвэл одоо танай хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгч ямар хүн. компани байна вэ. 130 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэхээр нөлөө бүхий хүн байна уу гэж харагдаж байна?

-Бид бол зээлээр явж байгаагаа дээр хэлсэн. Бүтээгдэхүүнийхээ урьдчилгаагаар үйл ажиллагааны зардлаа нөхөх зарчмаар л явдаг.

Ер нь бол үйл ажиллагаа танилцуулаад зээл аваад хийж байсан төсөл. Эцэст нь хэлэхэд, хөрөнгө оруулалт бол маш олон хүний хүч хөдөлмөр ордог.

Гэтэл ингээд л дээрэмдэж болох уу. Тиймээс бид энэ асуудлаар шүүхэд хандана. ҮАБЗ-д ч хандана. Бүр болохгүй бол ажилчдаа авч гараад талбай дээр жагсах ёстой юм уу, яах ёстой вэ. Хувийн хэвшлийг ингэж дээрэмддэгийг ойлгохгүй байна.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Төслийн хүрээнд дахин баригдаж буй барилгуудын ажлын явцтай танилцлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй холбогдох албаныхан өнөөдөр ашиглалтын шаардлага хангахгүй хуучин байрыг дахин төлөвлөж шинээр барих төслийн хүрээнд баригдаж байгаа барилгуудын ажлын явцыг шалгаж, газар дээр нь очиж ажиллалаа.

Баянгол дүүргийн нэгдүгээр хороо, тээвэрчдийн гудамжны хойно, давхрын 17,18,20-дугаар байрны төсөл хэрэгжүүлж буй “Тэргүүн чансаа” ХХК болон тус байршилд 13,14,15,16-р байрны төсөл хэрэгжүүлэгч “Алтан Трейд” ХХК-ны барилгын ажил дуусах шатандаа орж, улсын комисст ирэх есдүгээр сард хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна.

Барилгын компаниудын удирдлагуудын зүгээс хотын даргад хандаж, дахин төлөвлөлтийн журмыг тодорхой болгож өгөхийг хүссэн юм. Мөн барилгад ашиглагддаг том оврын автомашинууд өглөө 07.00 цагаас оройн 21.00 цаг хүртэл хотын төвөөр зорчихыг хориглосон. Шөнийн цагаар том оврын автомашинуудаар барилгын материалуудыг буулгаж, зөөх ажил нь зөрчлийн хуулиар торгуулиад байгааг хэллээ. Барилгын ажлын явц 95 хувьтай байгааг дуулгаад зөвшөөрөлгүй өргөтгөл хийж үйл ажиллагаа явуулж байсан иргэдийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хэлэхдээ “Дахин төлөвлөлтийн журмыг тодорхой болгох асуудлыг холбогдох албаныханд үүрэг өгнө. Зөвшөөрөлгүй өргөтгөл хийж үйл ажиллагаа явуулсан иргэдэд мэдэгдэл шаардлагыг албаныхан өгсөн. Удахгүй шийдэгдэнэ. Нийслэлийн зүгээс төслийг хэрэгжүүлэх ажлыг хуулийн хүрээнд бүрэн дэмжиж ажиллана. Иргэд, аж ахуй нэгжүүдтэй ойлголцолд хүрч барилгын ажлыг цаг хугацаанд нь дуусгах нь чухал” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Замын өргөтгөл, шинэчлэлтийн ажилтай холбогдуулан дараах авто замыг хэсэгчлэн хаана

Зам, тээврийн хөгжлийн яамны захиалгаар Хан-Уул дүүргийн 9-р хороо, Нисэхийн эцсийн автобусны буудлаас Буянт–Ухаа 21 дүгээр гудамж хүртэлх хатуу хучилттай 2,8 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил эхэлж байгаатай холбогдуулан 2019 оны 08-р сарын 15-26-ний хооронд тус авто замыг хэсэгчлэн хааж, эхлэл хэсэг болох Буянт-Ухаа-1 орон сууцны хорооллын баруун талын гэрлэн дохиогоор хойш Нисэхийн эцсийн автобусны буудал хүртэлх 1 км авто замд резайклер, өнгө болон суурь асфальтбетон хучилтын ажлыг хийж гүйцэтгэнэ.

Тус чиглэлд зорчих жолооч та бүхэн бусад авто замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

“Сауд гоби коэл транс” компанийн уурхайн үйл ажиллагааг зогсоолоо

МХЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг “Сауд гоби коэл транс” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсантай холбогдуулан тус компанийн уурхайд ажиллаж, улсын ахлах байцаагчийн актаар 2019 наймдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн уурхайн үйл ажиллагааг зогсоолоо.

Улмаар уурхайн ам, техникийг лацдаж, ордын нөөцийн хөдөлгөөний тооцоо, бусад мэдээ тайланг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгөхийг даалгав.

Тусгай зөвшөөрөл дуусгавар болсон хэдий ч “Ашигт малтмалын тухай” хуульд зааснаар тус компани байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн дагуу хүлээх үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд уурхайн хаалт, нөхөн сэргээлтийг холбогдох дүрэм, журам, стандартын дагуу хийж орон нутагт хүлээлгэн өгөхийг мөн даалгалаа.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг, Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг өөрчлөн баталсантай холбогдуулан МХЕГ-аас Тост, Тосон бумбын нуруу орчимд олборлолт явуулдаг компаниудын үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг үргэлжлүүлэн хийж байна.