Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын байгууллага эрэн хайх ажиллагаанд эрэлч нохой ашиглах боломжтой боллоо

Онцгой байдлын ерөнхий газраас албаны нохойг эрэн хайх, аврах чиглэлээр сургах, алба хаагчдыг бэлтгэх “АНС-19” сургалтыг зохион байгууллаа.

Нохойг эрэн хайх, аврах чиглэлээр сургах, алба хаагчдыг нохойн хөтлөгчөөр бэлтгэх тус сургалт зургаан сарын турш үргэлжилжээ.

Энэ хугацаанд НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Завхан, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 15 алба хаагч, албаны 15 эрэлч нохойг батлагдсан хөтөлбөрийн дагуу эрэн хайх, аврах чиглэлээр сурган, алба хаагчид нохой хөтлөгчөөр бэлтгэгдээд байна.

Ингэснээр 21 аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар эрэлч нохойтой болж, аливаа гамшиг ослын үед улсын хэмжээнд эрэлч нохойг ашиглан эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах боломж бүрдлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улсаараа нэг тойрог болбол сонгуульд нэр дэвшигчид сонинтой нөхөрлөхөөс өөр аргагүй

Эрх баригч Ардын намын бүлэг Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцээд улсаараа нэг тойрог болох заалт дээр санал нэгдээд байгаа. Энэ талаар ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан бүлгийнхээ хуралд танилцуулсан. Тэрээр “Сонгуулийн ажлын хэсэгт УИХ-д суудалтай намууд болон бие даагчдын төлөөлөл багтсан. 2015 онд Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгууль, Орон нутгийн сонгуулийг нэгтгэсэн байсныг тусад нь зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Ерөнхийлөгчийн сонгууль нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар, УИХ-ын сонгууль нь УИХ-ын сонгуулийн тухай хуулиар, Орон нутаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн хурал нь тусдаа сонгуулийн хуулиар явах зайлшгүй шаардлага байна гэх үндэслэл гарсан учир өөрчлөлт хийсэн.

Цаашдаа Монгол Улс тогтвортой хөгжихийн тулд нэр хүндтэй хүмүүсээр УИХ-ыг бүрдүүлэх шаардлагатай гэж үзэн Монгол Улсад ашигтай хувилбарыг сонгосон. Бид дөрвөн хувилбар боловсруулсан. Нэгдүгээрт, одоогийн байгаа жижиг 76 тойрог, хоёрдугаарт, томсгосон мажоритар буюу олон мандаттай, гуравдугаарт, бүсчилсэн, дөрөвдүгээрт, улс нэг тойрог гэсэн хувилбар боловсруулаад байна. Эдгээрээс улс орны нийтлэг эрх ашигт нийцэх хувилбараар Монгол Улс нэг тойрог гэсэн тогтолцоо нь зөв зүйтэй гэж үзсэн” гэдгээ тодорхой мэдэгдсэн. Мөн өнгөрсөн хугацаанд явж ирсэн сонгуулиуд улс орны эдийн засгийн чадавхыг сулруулж байсан. Тойрог, жалгын сэтгэлгээнд үндэслэж байсан. Иймээс улс орны эдийн засгийн байдал, ард иргэдийн ажилгүйдэл, ядуурлын асуудалд УИХ-д сонгогдсон 76 гишүүн нэг тойргийн сэтгэлгээгээр ажиллах учиртайг ажлын хэсгийн гишүүд дор бүрнээ хэлж байсан.

Ийнхүү эрх баригч улс төрийн хүчин “Монгол Улс нэг тойрог” гэсэн сонгуулийн хуулийн заалттай дээр буух магадлал өндөр байна. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд мөн л улсаараа нэг тойрог гэх хувилбарыг санал болгоод байгаа. Тодруулбал, Ерөнхийлөгч одоо байгаа 76 гишүүний тоог 108 болгох, УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байгааг таван жил болгох, УИХ-ын 108 гишүүний 54-ийг нь мажоритар буюу өнөөгийн сонгуулийн системээр, гэхдээ улсаараа нэг тойрог болгож сонгох. Харин үлдсэн 54-ийг нь пропорциональ буюу намын жагсаалт бүхий хувь тэнцүүлсэн хувилбараар сонгоно гэж санал өгсөн. Их хурлын гишүүний тоог 108 болгох болон сонгуулийн тогтолцоотой холбоотой Ерөнхийлөгчийн уг саналыг парламентын гишүүдийн дийлэнх олонх нь буюу 60 орчим хувь нь дэмжиж байна гэсэн судалгаа гарсан.

Сонгуулийн тогтолцоо, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулж мэргэжлийн хуульч, судлаач эрдэмтэд өөрсдийн байр суурийг илэрхийлж байгаа. Монгол Улсын их сургуулийн багш доктор, профессор Д.Гангабаатар “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Одоо 76 гишүүнтэй байгаа боловч 20 гишүүн хууль батлах боломжтой. Гурван сая иргэн, улс даяараа дагаж мөрдөх хуулийг 20 гишүүн гар өргөөд батлах боломжтой байгаа. УИХ-ын гишүүдэд нөлөөлж, лоббидож өөртөө, өөрсдөдөө, бизнестээ, бүлэглэлдээ ашигтай шийдвэр гаргуулах ашиг сонирхолтой этгээдүүд байгаа л байх. Тэгэхээр ийм цөөн тооны гишүүд лоббид автахгүй, хувийн компанийнхаа эрх ашгийг урьтал болголгүй, гадна, дотны нөлөөнд оролгүй бүх ард түмнийг төлөөлж чадахуйц тоо гэж үзэхэд хангалтгүй санагддаг юм. УИХ ард иргэдээ бүрэн төлөөлж, гадна дотны нөлөөллөөс ангид тасралтгүй үйл ажиллагаа явуулж чадахуйц тооны гишүүнтэй байх нь Монгол Улсын тусгаар тогтнолын нэг баталгаа юм” гэж хэлсэн байна лээ.

Энэ бүгдээс харахад ирэх оны УИХ-ын ээлжит сонгууль улсаараа нэг тойрог гэсэн хууль, заалтын дагуу болох өнгөтэй байна. Сонгуульд нэр дэвшихээр бэлдэж байгаа, улс төрд өөрийгөө сойж байгаа нөхөд ерөөсөө сонинтой нөхөрлөхөөс өөр замгүй болжээ. Учир нь иргэн таныг улс орны хэмжээнд бүрэн бүтэн таниулж өгөх ганц зүйл бол сонин хэвлэл гээд хэлчихэд буруудахгүй. Ялангуяа Монголын ард түмний дунд нэр хүндээ хадгалсан, мэргэжлийн редакцитай, олон жилийн туршид уншигчдынхаа итгэлийг алдаж, урмыг нь хугалж байгаагүй нэр төртэй өдөр тутмын сонин гол тулгуур нь болно. Тэгэхээр улс орны нэр нүүр болсон нөлөө бүхий өдөр тутмын сонинд та ярилцлага өгч, нийтлэлээ гаргуулж өөрийгөө таниулах хэрэгтэй. Таны удам судар, ижий аав, ус нутаг, төгссөн сургууль, эзэмшсэн боловсрол, туулж өнгөрүүлсэн зам мөр, хийж бүтээсэн ажил, үзэл бодол, баримталдаг зарчим өөр юу байна тэр бүгд чинь өдөр тутмын сонины хуудсанд мэргэжлийн сэтгүүлч, мэргэжлийн редакцийн бэлтгэснээр Монголын мянга мянган уншигчдын хүртээл болно. Ингэж иргэн та Монголын ард түмэнд өөрийгөө таниулах боломжтой.

Улс төрийн нөхцөл байдлын үүднээс Сонгуулийн хууль, Үндсэн хуулийн зүйл заалт өөрчлөгдөхөд дагаад бүх зүйл өөрчлөгддөг. Та тухайн нутаг усандаа нэртэй, танигдсан, багагүй хөрөнгө мөнгө зарцуулсан нэгэн байж болно л доо. Сонгуулийн хуулиа дагаад тийм л байдлаар явж ирсэн хойно. Харин сонгуулийн хууль өөрчлөгдвөл иргэн таны ганц аймгийн таван сумын иргэдэд өөрийгөө таниулж, тэднийг тойглож суугаа чинь ямар ч үр нөлөөгүй болж хувирах нь мэдээж. Бүхэл бүтэн улс орны хэмжээнд, 21 аймгийн 335 суманд өөрийгөө таниулах ийм л нөхцөл байдал үүснэ. Улсаараа нэг тойрог байх сонгуулийн тогтолцоог олонд танигдсан улстөрчид, популистууд олны танил хүмүүст ашигтай гэдэг. Яг өнөөдрийн улс төрийн өнгө аясыг харахад хэрвээ яригдаад байгаа энэ тогтолцоогоор сонгууль явбал Монголын ард түмэнд өөрийгөө таниулж, ойлгуулж чадсан, боловсролтой, тухайн салбартаа нэр хүндтэй, цахим ертөнцийн баатар болж нэр нүүрээ бараагүй, эрүүл саруул ийм хүмүүс төрийн түшээгээр сонгогдох магадлал өндөр байгаа. Судлаач ажиглагчдын байр суурь ч ийм байна.

Сонгуульд өрсөлдөгчид Сонгуулийн тухай хуулийн хориглосон заалттай нүүр тулдаг. Мөнгө, эд зүйл тараах, хөнгөлөлттэй үнээр худалдаалах, нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэхийг хориглосон. Мөн сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт сувилалд амраах, аливаа шашны зан үйл ашиглах, сонгогчдын саналыг татах зорилгоор өөрөө болон бусдаар дамжуулан, эсхүл хүмүүнлэгийн, буяны, шашны байгууллага болон төрийн бус байгууллага, сангийн нэрээр халхавчлан сонгогч, түүний гэр бүлийн гишүүн, насанд хүрээгүй хүн, байгууллага, хамт олонд техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, эм тариа, хүнсний болон бусад эд бараа төлбөргүй тараах, цалин хөлс, урамшуулал олгохыг хуулиар хатуу хориглодог. Харин эл бүх хориотой жагсаалтад сонгуульд өрсөлдөхөөр бэлдэж байгаа этгээд сонин хэвлэлд ярилцлага өгөх хийгээд мэдээ материал нийлүүлж болохгүй гэсэн үг өгүүлбэр байхгүйг анхаарах хэрэгтэй. Гэхдээ улс төрийн ямар нэгэн акц үзүүлэх, хэн нэгэн хүний нэр төрд халдах, гутаан доромжлох зэрэг нь мэдээж хууль бус үйлдэл болно. “Сонгуульд өрсөлдье л гэж байгаа бол сонинтой нөхөрлө” гэж бид өмнө нь олон удаа сануулж байсан. Ирэх жилийн сонгууль “Улсаараа нэг тойрог” гэх зүйл заалтаар явах магадлалтай байгаа учир дахин дахин сануулж байгаа минь энэ л дээ. Ер нь өдөр тутмын сонинд нийтлэгдсэн материал тэр чигээрээ түүх болж, тухайн сонины хуудсыг ураад шатаачихдаггүй л юм бол хичнээн мянган жил оюуны бүтээл болон хадгалагддаг. Мэдээллийн энэ эрин зуунд, цахим ертөнц хүчээ авч буй нийгэмд сонин хэвлэлийн гол үнэ цэнэ үүнд оршдог. “Нью-Йорк таймс”, “Вашингтон пост”, “Asahi Shimbun”, “China Daily”, “Daily Mail” гэхчлэн олон сониныг дэлхий нийт албан ёсны эх сурвалжаа болгосоор ирсэн нь ч үүнтэй холбоотой.

Сониноос гадна зурагт, мөн цахим сайтуудаар гараад ард түмэнд амархан танигдчихна гэсэн бодол олон хүнд байгаа байх. Мэдээж танигдана, гэхдээ учир дутагдалтай. Өнөөдөр зурагтын хэдэн зуун сувгийг нэг бүрчлэн үзээд суух завтай хүн бий юу. Дээрээс нь телевизийн сувгийг ухрааж болдог болсноос хойш хүмүүс дуртай зүйлээ дараа нь нөхөөд үзчихдэг болсон. Өөрт хамааралгүй реклам, нэвтрүүлэг, шоу цэнгүүнийг үзэхээ больсон. Мөн Сонгуулийн тухай хуулинд “Сурталчилгааны төлбөртэй нэвтрүүлгийн хоногт гарах нийт хугацаа (60 минут)-ны хоногт хорин таваас илүү хувь (15 минут) нь нэг нам, эвсэл түүнчлэн нэг нэр дэвшигчид ногдоно. Тухайн радио, телевиз мэдээллийн хөтөлбөрөөр нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар гаргасан мэдээ нь сонгуулийн сурталчилгаанд хамаарахгүй боловч нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар гаргасан мэдээг хоногт таван минутаас хэтрүүлэхийг хориглоно” гэж заасан байгаа. Ийм мөчидхөн хугацаанд эрхэм нэр дэвшигч та сонгогч олондоо танигдах уу гэдэг бас асуудал. Цахим сайтын тухайд бол өнөөдөр үнэндээ баталгаагүй. Ихэнх сайт мэргэжлийн редакци гэж байхгүй, тухайн мэдээ мэдээлэлд үүрэг хариуцлага гэж байхгүй, юуг ч хамаагүй гаргадаг. Таван төгрөг өгвөл хэнийг юу ч гэж бичиж болдог, ийм айхавтар эрсдэлтэйг бид сайн мэднэ. Өмнөх сонгуулиудаар цахим ертөнц үнэн нүүр царайгаа ард түмэнд хангалттай харуулсан. Ялангуяа 2016 оны Ерөнхийлөгчийн сонгууль юу болов. Ганц ч гэгээтэй мэдээ байхгүй, дан хар пиараар нийгмээ будсан сонгууль болсон. Өнөөдрийн үй түмэн сайт, цахим жиргээчид, нүүрээ нуусан хүмүүст хэн итгэж, тэдний мэдээллээр сонголтоо хийхэв дээ.

Сонины хуудсанд гарсан материал наад зах нь зуун жилд хадгалагддаг бол цахим сайтын мэдээлэл хэдхэн секундэд хүнд харагдаад л урсаад л өнгөрдөг. Сайтад тавигдсан мэдээ материал усны урсгал шиг тэр даруйдаа урсаад өнгөрдгийг хүн бүгд мэдэж байгаа. Мэдээллийн хэрэгслүүдийн үнэн бодит байдал ийм учир сонгуульд нэр дэвшихээр бэлдэж байгаа хүмүүс сонинтой нөхөрлөж өөрийгөө бүрэн бүтэн танилцуулахаас өөр гарцгүй гэж бардам хэлээд байгаа юм. Тэгээд ч шинэ хуулиар улсаараа нэг тойрог болчих юм бол таныг өдөр тутмын нэр хүндтэй сонин л Монголын ард түмэнд таниулна, өөр гарц байхгүй.


Categories
мэдээ цаг-үе

Б.Чойжилсүрэн: Тэр лицензийг өөр нэг хүн эзэмшиж байсан бол ийм асуудал гарахгүй, улс төрд орсны минь л үр дагавар байх

-ЛИЦЕНЗИЙГ НАДААС ШИЛЖҮҮЛЖ АВАХ ҮЕД НӨХӨН ОЛГОВОР НЬ 50 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГ БАЙСАН. ТЭР ЗАСГИЙН ГАЗАРТ ӨГӨХ МӨНГӨ БАЙСАН УУ-

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг өөрчлөн баталсан. Ингэснээр УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн хувь эзэмшдэг гэгддэг “Сауд гоби коал транс” компани Тост, Тосон бумын нуруунд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Мөн АМГТГ-ын Кадастрын даргын шийдвэрээр “Сауд гоби коал транс” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлаад байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнтэй ярилцлаа.


-“Сауд гоби коал транс” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсан. Уг зөвшөөрөлд хууль бус зүйл байсан уу. Таны хувьд нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Одоо шалгах юм гэсэн. Сайн шалгаад хууль зөрчсөн үйлдэл байгаа эсэхийг тогтоох биз. Тогтоогдохгүй бол шийдвэрээ нягталж үзвэл зүгээр л байх. Би хэвлэл мэдээлэл, сошиалын хэмжээнд л мэдээлэлтэй байна. Цуцалсан л гэнэ, тусгай хамгаалалтад авсан л юм гэнэ. Эдгээр зүйлсийн талаар бичгээр мэдээлэл авмаар байна. Яг юу болоод байгааг нь гүйцэт ойлгоё. Үнэнийг хэлэхэд ойлгож байгаа ч юм алга.

-“Сауд гоби коал транс” компанид өгсөн ашигт малтмалын лицензийн бичиг баримт чинь хуурамчаар үйлдэгдсэн байна. Багийн иргэдийн нийтийн хурал хуралдаж байж тогтоол шийдвэр гарах ёстой. Гэтэл хуралдуулахгүйгээр албан тоот бичээд, БОАЖЯ-руу явуулчихсан” гэж Ерөнхий сайд хэлсэн л дээ. Ингэж хууль зөрчсөн зүйл байгаа юу?

-Яг үнэнийг хэлэхэд би 2010 оны төгсгөлөөр энэ лицензийг худалдаж авсан юм. Тэгээд 2016 оны долдугаар сард зарсан. Надаас өмнө буюу 2004 онд олгогдсон лиценз юм байна лээ. Есөн жилийн хугацаатай шүү дээ. Миний хувьд долоон жил гарантай болчихсон байхад нь худалдаж авсан юм. Түүний дараагаар хайгуул хийгээд ашиглалтын зөвшөөрлийг нь аваад, шилжүүлсэн.

Одоогоор уурхай дээр нь цагдаа нар очоод бөөн л асуудал үүсгэж байгаа юм билээ. “Сауд гоби коэл транс” компанийн хүмүүс ирэх байх. Тэгэхээр нь уулзъя. энэ яригдаад байгаа зүйлийн талаар цаасаар авъя.

-Тань дээр албан бичгээр ямар нэгэн мэдэгдэл, шийдвэр ирээгүй байгаа юм байна, тийм үү?

-Надад цаасаар авсан мэдэгдэл алга. Тэр компанийн залуучууд мэдэгдэл зэргийг авсан бол юу болсон, ямар учиртай талаар нарийн мэдээлэл авмаар байна.

-Энэ асуудалд улс төр ороод байгаа юм биш үү?

-Шууд тэгж дүгнэж болохоор байгаа биз дээ. хэдэн хүн авчраад л зохиомлоор, тавилттайгаар орилуулчихдаг. Ард түмний нэр бариад л.

-Таныг энэ асуудлаар дарж авах гэсэн юм биш үү. Түүний хоморгонд хувийн хэвшлийг хэлмэгдүүлээд байна гэж харагдхаар байна л даа.

-Тэр лицензийг шилжүүлж авсан залуус надтай холбогдсоноороо үнэхээр хэлмэгдчихлээ, хөөрхий. Тэнд урьд нь есөн уурхай байсан. 10 дахь нь болж орсон. Зэрэгцээ уурхайнууд гэсэн үг шүү дээ. Дахиад ч дөрөв, таван уурхай хүсэлтээ өгчихсөн байгаа юм билээ. Гэтэл ганцханыг нь л яриад байгаа биз дээ.

-Одоо бүгдийнх нь лицензийг цуцлахаар болж байх шиг байна.

-Үгүй байлгүй дээ. Тэгээд МАК-аас эхлээд бүгдийг нь хаах юм уу.

-Тийм шийдвэр гаргасныг бодоход хаах л болж таарах нь.

-Энэ улс чинь валют олох шаардлагатай шүү дээ. Би цаасаар мэдээлэл аваагүй болохоор тодорхой зүйл хэлж чадахгүй байна.

-Байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, байгаль орчинд хохирол учруулсан үндэслэлээр лицензийг цуцалсан тул нөхөн олговор олгохгүй гэж байна л даа. “Сауд гоби коэл транс” компаниас хичнээн хэмжээний хөрөнгө зарцуулсан бол?

-Ойролцоогоор 130 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орсон гэсэн сурагтай байна лээ. Гэхдээ яг нарийн тоог нь би мэдэхгүй. Над дээр байх үедээ 50 хэдэн тэрбум буюу 20 гаруй сая ам.доллар болчихсон байсан юм. Би энэ лицензийг тухайн үед 3.600 мянган ам.доллараар буюу хоёр тэрбум төгрөгөөр худалдаж авсан байх. Түүний дараа өөрийнхөө эх үүсвэрээр 6-7 сая ам.долларын хайгуул хийгээд, компанийн мөнгө хүрэлцэхгүй болохоор нь банкнаас зээл авч оруулаад 20 хэдэн сая ам.доллар болсон байх. Нарийн тоонууд нь балансан дээр бүгд байгаа.

-Нөхөн олговор олгохгүй гэх нөхцөл байдал үнэхээр үүсчихвэл яах вэ?

-харъя. Ардчилсан нийгэмд амьдардаг л гэж бодож байгаа. Улс төр байлгүй дээ. Улс төр хөрөөд бодит амьдрал дээр тулахаар одоо яах юм байгаа.

-Ерөнхий сайд тантай уулзаж Тост, Тосон бумбын нурууг битгий ух гэж сануулсан юм уу. Та тэр үед ямар байр суурь илэрхийлж байсан юм бэ?

-Өнгөрсөн жил нэг уулзсан. “чойжилсүрэн чи ашиглахгүй байж болдоггүй юм уу” гэж хэлсэн. Би нэгэнт 2016 онд шилжүүлчихсэн байсан болохоор миний эрх хэмжээнээс давчихсан байсан асуудал.

-Таны дүү, эсвэл ойрын хамаатан дээр чинь “Сауд гоби коэл транс” компани байдаг юм биш үү?

-Тэр миний дүү биш ээ.

-Ашиглаж байгаа ордын нөөц хэр хэмжээтэй вэ?

-Нөөц холбоотой мэдээлэл тэр хайгуулынх нь тайлан дээр байгаа. Бодит нөөц, таамаг нөөц, А, B, C гээд байдаг. Тайланг нь харж байж хэлэхгүй бол, олон түмэнд буруу ташаа мэдээлэл өгчих байх.

-Таныг Сангийн сайд байхдаа Засгийн газарт нөлөөлөөд тусгай хамгаалалтад авах газрынх нь хэмжээг өөрчилсөн гэдэг зүйл яригддаг. Засгийн газар тусгай хамгаалалтад авах газар нутгийн хэмжээг тогтоохдоо тэрхүү уурхайг тойруулсан гэдэг. Энэ тухайд?

-Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар хэрвээ улсын тусгай хамгаалалтад авах гэж байгаа бол нөхөн олговор өгөх хуультай. ийм хуулийн заалтууд бий. Лицензийг надаас шилжүүлж авах үед нөхөн олговор нь тухайн үеийн ханшаар 50 гаруй тэрбум төгрөг байгаа юм. Тэр үед засгийн газарт өгөх мөнгө байсан юм уу.

Хэрвээ би Сангийн сайд хэрнээ өөртөө нөхөн олговор авчихвал ард түмэнд хэр зөв харагдах уу. Надтай холбогдож байгаа учраас гэх мэтээр яригдана. 2016 оны хүртэл надад байсан нь үнэн. Хэрэв авчихсан байсан бол юу гэх байсан бол.

-Өөртөө нөхөн олговор авлаа гэж шүүмжилнэ л дээ.

-Тэгнэ биз. Ийм л юм.

-Ерөнхий сайд Цагдаагийн даргад машин, техник хэрэгслийг нь журамла гэсэн үүрэг өгсөн. Журамласан болов уу?

-Мэдэхгүй байна. Хураасан юм байлгүй. Би мэдээлэлгүй байна.

-Хүмүүс таныг л эзэмшиж байгаа гэж ойлгож байна л даа.

-Уг нь би хэд хэдэн удаа тайлбарласан. Албаар нөгөө тийш нь мушгиад байгаа юм. Тус компани 130 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт алдаж байгаа нь Монголын хувийн хэвшлийн түүхэн дэх хамгийн том алдагдал байх. Уг нь бол мөнчгөрөөрөө л яваа юм шүү дээ. Хэдэн зуун биш, хэдэн мянган шөнийн нойр хугасласан хөдөлмөр байгаа даа, яг үнэндээ. Хүний бүхэл бүтэн амьдрал, нэг компани. Одоо 700 гаруй хүн ажилгүй болж байгаа сурагтай байна.

Тэдгээрийн цалинг яаж өгөх үү. Нийгмийн даатгалаа яаж төлөх үү. Урьдчилгаа болгоод авчихсан төлбөр мөнгө гэж байдаг тэрнийгээ яаж төлөх үү. Асуудал их л хүнд байгаа байх.

-Та энэ асуудлын ард хэн байгаа гэж бодож байна вэ. Ерөнхий сайд байгаа нь үнэн юм уу?

-Нотлоогүй учраас нотолгоогүй юм ярьж чадахгүй байна. Таамаг төдий зүйлээр нийгмийг шуугиулаад байх нь ёс зүйгүй зүйл. Би нотолгоотой, цаасан дээр буусан, харсан зүйлээ яримаар байна. Ер нь бол 2004 онд гадаадын компанид олгогдсон лиценз юм байна лээ. Олон талбайтай байсан. Хайгуул хийх төсвөө баталж байхдаа энэ талбайд цаашид хайгуулаа үргэлжлүүлэх нь утга муутай байна гээд л заръя гэж шийдсэн юм билээ. Гадаадын компани Монголд татвар төлөгч биш учраас худалдан авагч талд нь 20 хувийг нь суутгадаг хуультай. Тэр 3.600 мянган ам.доллараас 720 мянган ам.долларыг нь Монгол Улс суутгаж авсан. Ингээд 2.880 мянган ам.долларыг нь байна уу даа цаад эздэд нь шилжүүлээд өгч байсан юмдаг.

Түүнээс би гишүүн болчихоод Ашигт малтмалын газар, орон нутгийнхантай хувилдаж бичүүлээд авчихсан бол хардана шүү дээ. Хууль зөрчсөн байна но бий гээд л. Ийм л түүхтэй юм. Тиймээс эргэж цааснуудаа гаргая, түүхүүдээ харъя, цаастай ярья. Монголын нийгэмд баялгийн хуваарилалт гэж юм бий. Нэг хэсэг нь хэт их баяжчихлаа, хэтэрхий их шуналтай байна гэдэг. Тэр дотор нь би тун тохиромжтой дүр байгаа юм. УИХ-ын гишүүн дээрээс нь бизнестэй учраас. Мань мэтийн хүмүүсийг ардын дайсан болгож нэг хэсэг хүмүүс ардын баатар болж байна. Ийм л амьдрал юм.

-Танд энэ хэр их асуудал учруулж байна?

-Хууль зүйн хувьд надад асуудал алга. Лиценз шилжүүлж авсан залуус надтай холбогдсоноороо хохирчихлоо. Хэрвээ Чойжилсүрэн бус өөр нэг хүн бүр гадны хүн байсан бол асуудалгүй байх. Тэгэхээр би тэр залуусын өмнө ёс зүйн хувьд том цохилтод орж байгаа нь үнэн. Мөрөөрөө амьдарч байсан хүмүүст гай болж байна. Хууль зүйн хувьд шалгаж тогтоогоод нэг талдаа гарсан нь дээр.

-Эхлээд шалгаж тогтоогоогүй хэрэг үү?

-Дөнгөж нээж байгаа уурхайг нөхөн сэргээлтээ хийгээгүй гэж дүгнэсэн байна гэсэн. Логикоор бол нөөцөө олборлоод авсны дараа нөхөн сэргээлт хийнэ биз дээ.

Шилжүүлж авсан залуус тооцоолшгүй л алдагдал руу унасан байх. Яг ямар бэрхшээлүүд гарсан талаар тэдгээр залуустай уулзаж асуух болно. Дахин хэлэхэд, хэрвээ тэр лицензийг өөр нэг хүн, гадны иргэн эзэмшиж байсан бол ямар ч асуудалгүй. Асуудал надад байгаа байх. Миний улс төрд орсны л үр дагавар. Түүнээс залуучуудын асуудал биш байх гэж бодож байна. Тэртэй тэргүй л зэрэгцээ байгаа уурхайнууд шүү дээ. Өмнө нь ирсэн уурхай ч ажиллаад явж байгаа. Бүр Тостын нуруун дотроо ороод олборлолт явуулж байгаа компани ч бий. Тэр компаниудын техник хэрэгслээс ирвэс, ан амьтан нь айдаггүй, бүр дасчихсан юм шиг байна лээ. Ганцхан миний нэр холбогдсон “Сауд гоби коал транс” компанийнх л аюултай байгаа юм байлгүй. “МАК”, “Эс Чи Эс” гээд өчнөөн л компаниуд бий. Тэд бүгд л Тосон бумба биш, Тостын нуруун дотроо байгаа. Миний хувьд тэр талбай дээр хоёр удаа очиж үзсэн.

Ер нь сэтгэгдлүүдийг хараад байхад 70-80 хувь нь намайг гишүүн, хоёрдугаарт, барилгын бизнес эрхэлдэг гэдгээр нь “Ямар шуналтай юм бэ” л гэсэн мессэжийг л ард түмэнд өгч байна.

-Таныг Ерөнхий сайд хүртэл “Яасан ханаж цаддаггүй шуналтай хүн бэ” гэсэн байна лээ.

-Шуналын тухай бол ярина аа, ярина. Юуг шунал гэдэг вэ гэдгийг задалж ярья гэж бодож байгаа.

-Манай улс хувийн хэвшил, бизнес эрхлэгчдэдээ ямархуу ханддаг гэж та хардаг вэ. Орчин нөхцөл нь таатай байж чаддаг уу?

-Миний хувьд зүгээр л хөдөлмөрөөрөө амьдаръя гэсэн бодол, зорилготой яваа шүү дээ. Би ОХУ-д сурч байсан. Гуравдугаар курсдээ оюутнууд өвлийн амралтаар Монгол руу буцдаг. Тэр үед буюу 1991 оны хоёрдугаар сарын 21-нд би хамтарсан компаниа байгуулаад явсан. Тэр өдөр, тэр үед надад би эргэж ирээд улс төрд орно, гишүүн болно гэх асуудал зүүдэнд ч байгаагүй зүйл л дээ. Түүнээс хойш л бизнест орсон. Хурд гэсэн дөрвөн үсгийг магнайн дээрээ тамгалж авсан нь үнэн. Харин 2005 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын орлогчоор ажиллах болсон.

Ерөнхийдөө бизнес эрхлээд явахад хүнд шүү дээ. Зөндөө л асуудлууд байдаг. Гэхдээ энэ бол миний 20 настай, гуравдугаар курсийн оюутан байхдаа сонгочихсон амьдрал. Тэр үед 20, 30 жилийн дараа ийм зүйл болохыг тааварлачихаж ч чадаагүй байсан. Би Увс аймгийн төв дээр төрж өссөн, жирийн л сэхээтэн айлын хүү. Аав минь малын эмч, ээж минь хүний эмч. Аравдугаар ангиа төгсөөд л ОХУ-руу сурахаар явсан.


Categories
мэдээ цаг-үе

Ч.Ганхуяг: Би Ерөнхий сайдад хөгшчүүлээ тэтгэвэрт нь гаргаач ээ гэж хэлдэг

МАН өнгөрсөн УИХ-ын сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулж 65 суудал авсан. Өнөөдөр тус намын өмнө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Оюу толгойн гэрээг эргэн хянах, сонгуульд орсон амлалтаа биелүүлэх зэрэг цөөнгүй асуудал тулгарч байна. Ч.Ганхуяг нь МАН-ын бага хурлын гишүүн, С.Батболдын Засгийн газрын үед Сангийн дэд сайдаар ажиллаж байсан. Тэрээр өнөөгийн улс орны эдийн засаг, нийгэм, улс төрийн талаар өөрийн байр сууриа илэрхийлж байна.


-Хувийн бизнес чинь амжилттай явж байна. харин улс орны эдийн засгийг хэрхэн харж байна?

-Монголын эдийн засаг хөршүүдээс хараат, их савлагаатай байдаг. Одоо яригдаж байгаа дэлхийн худалдааны дайнаас ч хараат. Ийм цаг үед маш нарийн ухаан гаргаж байж эдийн засгаа тогтвортой авч үлдэх хэрэгтэй болж байна.

-Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлал хэр нөлөөтэй вэ?

-Сайн нөлөөтэй. Стратегийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурна гэдэг маш том амжилт. Манай улс таван улстай стратегийн түншлэлийн гэрээтэй болсон. Түүн дээр ирэх есдүгээр сард батлагдах манай ноолууран бүтээгдэхүүнд хөнгөлөлт үзүүлэх хууль батлагдаад бүр таатай нөхцөл бүрдэнэ.

-Есдүгээр сард батлагдах уу?

-Тэр хуулийг батлах магадлал 99 хувьтай гэж бодож байна. Учир нь эрх баригч хоёр намын аль алинаас гишүүд оролцож өргөн барьсан хууль. АНУ манайд ашиг сонирхолтой байгаа нь харагдаж байгаа юм.

-Манайд аНУ-ын ямар ашиг сонирхол байна?

-Эхний ээлжинд геополитик, геостратеги. Манай хоёр хөршийн хувьд АНУ-тай томоохон ашиг сонирхлын зөрчил байдаг. Өмнөд хөрштэй АНУ худалдааны дайн хийж байгаа бол хойд хөршид эдийн засгийн хориг тавьж, цөмийн зэвсгийн маргаантай. ОХУ бол хамгийн их цөмийн зэвсэгтэй улс. Хятад улс далайд ноёрхолоо тогтоох санаархалтай байгаа нь манайд сайнаар нөлөөлж байгаа юм.

-Яагаад?

-Сая манайд айлчилсан Болтон бол АНУ-ын цэрэг, дайны зөвлөх. Манай үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд нарын хүсэл байсан АНУ-тай харилцаагаа өргөжүүлэх үйл ажиллагааны үр дүнд стратегийн түншлэл зарлагдсан. Хоёр хөршийн АНУ-тай зөрчилдөх асуудал ч АНУ-ын эрх ашгийг манайд бий болгож байгаа юм. Дэлхийн номер нэг супер гүрэн манайд зориулж хууль гаргана гэдэг нь үнэхээр манай улстай өндөр түвшинд харьцах сонирхолтой байна гэдгээ илэрхийлж байгаа хэрэг шүү дээ. Энэ том хүндэтгэл үзүүлнэ гэдэг чинь нэг талаасаа бидний 30 жилийн замналыг үнэлж байгаа юм. Нөгөө талаасаа бас буруу зам руу орчих вий, ардчиллаас ухрах вий гэсэн болгоомжлол байгаа байх.

-Манай улс буруу зам руу орох ямар нэгэн шинж тэмдэг олж харсан юм болов уу?

-Өнөөгийн нөхцөлд Үндсэн хуулийн шинэчлэл, хоёр хөршөөсөө хараат болох вий гэсэн болгоомжлол байж болно л доо.

-АНУ үүдээ нээлээ, бид тэр хаалгаар ороход бэлэн үү?

-АНУ биднийг алдах вий гэж болгоомжлохоос гадна бас өөрсдийн нөлөөнөөс гарах вий гэсэн болгоомжлол байгаа юм. Шүүхийн шинэчлэл бас асуудал. Транспреси интернэшнл бас сая америкуудад хэлж байна. Монголчуудад хэл гэх мэтээр ч шахсан.

-Яг юу гэж хэлсэн юм бол?

-Энэ байгууллага Трампад нээлттэй уриалга явуулсан. Түүндээ “Шүүгчдийн хараат байдалд халдахгүй байхыг монголчуудад хэлж өгөөч” гэсэн байгаа юм. Тийм байхад америкууд гэрээ байгуулж байна гэдэг чинь бидэнд итгэж байгаа хэрэг байхгүй юу. Харин америкууд тэнэг улс биш болохоор “Та нар буруу замаар будаа тээж болохгүй шүү” гэсэн дохио өгч байна гэж ойлгох хэрэгтэй. Харин бид энэ боломжийг ашиглахад бэлэн үү гэвэл харамсалтай нь бэлэн биш байгаа.

-Яг юу саад болж байна?

-Байгууллагуудад сайн засаглал байхгүй, төлөвшөөгүй, улс төрийн тогтвортой байдал алга. Намын санхүүжилт, авлига, томоохон дуулиантай асуудлыг шийдэхгүй байна. Түншлэлийн гэрээ байгуулахдаа үүнийгээ шийдээрэй гэдэг л дээ. Бас уул уурхайн бодлого тогтвортой, тэнцвэртэй байх ёстой. Наймаа, зах зээл, гэрээ гэдгээ зөв ойлгож явуулах хэрэгтэй байна.

-Оюу толгойг хэлж байна уу?

-Тийм. Нэгэнт гэрээ байгуулчихаад, популист улстөрчдийн явцуу эрх ашигт хөтлөгдөөд савлуулаад байж болохгүй. Манай хөрөнгө оруулалтыг хамгаалаарай. Битгий булааж аваарай гэх мэтийн зүйлсийг америкууд хүсч байгаа л даа. Стратегийн гэрээ байгуулчихаад хөрөнгө оруулалт хийхээр Оюу толгой шиг шатаагаад байхгүй биз гэх мэт олон асуудал байна л даа. Нэг хувьцааг нь 50 цент болтол унагах юм бол ямар хөрөнгө оруулалт орж ирэх вэ дээ.

-Оюу толгойд биржээс мэдэгдэл хүргүүлсэн, энэ ямар учиртай вэ?

-Нью-Йоркийн хөрөнгийн бирж бол дэлхийн хамгийн нэр төртэй, том бирж. Хэрэв хувьцаа нь нэг ам.доллараас доош ороод нэг сар болоход тухайн компанийг биржийн бүртгэлээс хасна.

-Оюу толгойн хувьцаа биржээс хасагдвал бидэнд ямар аюул нүүрлэх вэ?

-Оюу толгойд итгэж хувьцаа авсан иргэд, зээл олгосон банкууд, хөрөнгө оруулалтын сангууд бүгд хохирно. Тэд өөр л газар амьдарч байгаа болохоос бидэнтэй адил хүмүүс. Бидний дунд Рио Тинтогийн хувьцаа эзэмшигчид байгаа шүү дээ.

-Өмнө нь бас томоохон компаниуд хаяж гарсан биз дээ?

-Тийм. Үүнээс болж гадны улсууд дахин наашаа харах ч үгүй. “Монголчууд бол новшийн хүмүүс. Гэрээ хийж хуурч, оруулчихаад хөрөнгийг нь шатаадаг байхгүй юу” гэсэн ойлголт төрнө. Тэд гараад зогсохгүй бүх холбоотондоо “Харав уу, Монголд хөрөнгө оруулбал ингээд шатна шүү” гэж хэлнэ.

-Энэ тухай Ерөнхий сайдад хэлсэн үү?

-Хэлсэн.

-Юу гэж?

-“Бүгдээрээ жаахан ухаантай байя. Нэг үндэстэн шиг байх хэрэгтэй байна. Байхгүй байсан баялгийг ухаж гаргаад баялаг болгосон хүмүүсийг буруутгаж болохгүй” гэж хэлсэн.

-Болохгүй бол хойч үедээ үлдээх тухай санал байдаг шүү дээ.

-Балайрал байхгүй юу. Өнөөдөр бид мөнгө босгож байж хойч үе ирээдүйгээ эрүүл, боловсролтой болгож өсгөнө. Боловсролтой, эрүүл хүүхдүүд сайхан амьдардаг болохоос утаанд өссөн, боловсролгүй иргэд сайхан амьдарч чадах уу.

-Та намын бага хурал дээрээ мэдэгдэл гаргасан юм уу?

-Тийм. Таван толгойн хувьцаа яриад хоёр жил болж байсан. Би МАН-ын бага хурлын гишүүн. Намын гишүүдийн дунд хоёр том санхүүгийн нэгдэл, банк байгуулсан. Гадны томоохон хөрөнгө оруулалт татсан. Таван толгой анхдагч хувьцаа, 1072 ширхэг гэх гэх мэтийн зүйл ярихдаа яагаад намайг оруулахгүй байгаа юм гэж хэлсэн юм. Үнэндээ би нам дотроо хамгийн том санхүүч. Би ямар нэгэн албан тушаал гуйгаагүй.

-Оюу толгойг л шүүх ажиллагаа яваад байна.

-Буруутгаж болохгүй. Бизнес хийж үзээгүй, эсвэл хулгайгаар баяжсан улсууд л буруутгаж байгаа юм.

-Яагаад?

-Бизнес гэдэг чинь эрсдэлтэй байдаг. Маш тооцоололтой байдаг. Тэр бүхэнд алдаа гарч болно. Бизнесийн үйл ажиллагааны явцад өртөг нэмэгдэх явдал их гардаг. Харин энэ бүх буруутныг өөрсдөөсөө хайх хэрэгтэй.

-Юу гэсэн үг вэ?

-Залах засварлах юм байж болно. Тийм л юм бол тэр ТУЗ-д нь юу ч мэдэхгүй мануухайнууд яах гэж суулгасан юм бэ. Орчин цагийн наад захын мэдлэггүй өвгөдөд өндөр цалин өгөх гэж тэнд очуулдаг. Гэтэл тэнд санхүү, бизнесийн өндөр мэдлэгтэй байсан бол удирдлагын зардлаас эхлээд танах, хасах зүйл дээр дуугарах ёстой байхгүй юу.

-Танай намын хийж байгаа ажил биз дээ?

-Би дарга нартаа хэлдэг. Хүний өөрийн нам гэлтгүй. Хэдэн хөгшчүүлийг тэтгэвэрт гаргаач гэж Ерөнхий сайдад ч хэлдэг. Орчиндоо зохицож амьдарч чадахгүй байна шүү дээ.

-Танай намын хөтөлбөр биелж байгаа юу?

-Биелж байгаа.

-Үндсэн хуульд танай намынхны оруулах гэж байгаа өөрчлөлт зөв үү?

-Алдаа, оноотой олон зүйл байгаа. Гэхдээ зөв. Дахиад ийм боломж гарахгүй байх. Би Ерөнхий сайдад “Үндсэн хууль өөрчлөх, авлигатай тэмцэх асуудал дээр зоригтойхон цавчаад өгөөч” гэж хэлдэг.

Б.АЛТАНТУЯА

Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын баатар Жамбаагийн Загас: Түүхчид аавыг минь Монгол Улсын гурван дайнд оролцсон цорын ганц хүн гэдэг

Аугаа Халхголын ялалтын түүхт 80 жилийн ой ч тун удахгүй болох гэж байна. Халхголын байлдаанаас төрөн гарсан баатруудын нэг бол Норпилийн Жамбаа юм. Н.Жамбаа баатар 2007 онд бурхны оронд заларсан байдаг. Тэмдэглэлт энэ өдрүүдэд зориулж Н.Жамбаа агсны найм дахь охин Загастай Монгол Улсын баатар аавынх нь тухай хөөрөлдлөө.


-Аавуудаа баярлуулж, алдаршуулдаг өдөр тохиож байна. Бас тун удахгүй Халхголын ялалтын түүхт ойг Монгол Улс өргөн дэлгэр тэмдэглэнэ. Ийм цаг үед баатар аавынхаа талаар та юу дурсахсан бол?

-Миний аав Норпилийн Жамбаа 1918 оны наймдугаар сарын 20-нд Баянхонгор аймгийн Богд сумын Ичээтийн толгой гэдэг газар төрсөн. Аав минь эгэл жирийн ядуу ардын гэр бүлд төрж, өссөн. 19 насандаа цэргийн албанд мордож 21 насандаа 1939 оны Халхголын дайнд орж байсан түүхэн хүн.

Дараа нь 1945 оны чөлөөлөх дайн, 1947-1948 оны баруун хязгаарын тулгаралтад оролцсон. Түүх судлаачид миний аавыг ярихдаа Монгол Улсад болсон гурван дайнд ажил хэрэгчээр оролцсон хүн бол ганц Жамбаа гуай байдаг гэж байсан.

Үнэхээр аавыгаа Монгол Улсад болсон гурван дайнд эх орныхоо төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж явсныг нь бодохоор үр хүүхэд бид бахархахгүй яах юм бэ. Аав бол Халхголын байлдаанаас төрсөн таван баатрын нэг. Тиймээс Дорнод аймгийн Халхгол сумын Дэгээ голын заставыг 2014 онд аавын минь нэрэмжит болгосон байдаг. Мөн тэнд 2018 оны наймдугаар сарын 20-нд аавын мэндэлсний 100 жилийн ойгоор цэрэг хувцастай цээж баримал нь сүндэрлэсэн. Түүхэн хүн учраас бид аавыгаа мөнхжүүлэхийг хүсдэг. Дайны жилүүдээс хойш аав маань энх цагийн хөдөлмөрт ч нэр төртэй хүчин зүтгэсэн юм шүү дээ. Цэргийн 026 дугаар ангид 46 жил “Зил-130”-ын жолооч хийлээ. 2018 онд бид аавынхаа 100 жилийн ойг тэмдэглэж, гэр музейг нь Гачууртад байгуулсан юм.

-Аавынхаа Халхголын дайнд оролцсон үеийн түүхээс дэлгэрүүлж ярихгүй юу?

-Аав 19 насандаа Дорнодын Матадын VIII дивизийн 23 дугаар морьт хороонд алба хаасан юм билээ. Тэндээсээ хилийн цэргийн Сүмбэрийн VII заставт шилжиж, тасгийн дарга болсон байгаа юм. Ингээд 1938 оны арванхоёрдугаар сард Заставын дарга П.Чогдонгийн тушаалаарТалын манханд манааны үүрэг гүйцэтгэж байхдаа харанхуйд бүсэлж ирсэн дайсны түрүүч 30-40 метрт ойртож ирэхэд хоёр удаа гранатаа шидэж, хилчин Даший, Намбар хоёр буугаа онилон галлаж энэ тулалдаанаар дайсны 40 гаруй буу зэвсэг устган, бичиг баримт олзлон, 60 гаруй дайсныг устгасан гэдэг. Аав маань Сүмбэрийн VII заставдаа тасгийн даргаас эхлээд заставын дарга, тусгай бүлгийн дарга, тусгай хороонд салаан дарга хүртэл хийж явсан хүн. Сүмбэрийн заставдаа дайсны давуу хүчний эсрэг 30 гаруй удаа тулалдаж дайсны гүнд үүрэг гүйцэтгэж байгаа заставаа хоол хүнсээр тасарч 10-аад хоноход мэргэн буудагч Д.Гуулин баатрын хамт фронт нэвтэрч ар талаасаа хоол хүнс авчирсан. 1939 оны тавдугаар сарын эхээр гэхэд Хайлааст манханд манаа ахалж байхдаа дайсны 400 орчим цэрэгтэй тулалдаж явсан. Тэр бүү хэл Бойтогт манханд дайсныг заставын хүчээр гурван талаас нь бүслэн устгахад нэг хэсгийг нь аав маань удирдаж орсон. Зургадугаар сарын сүүлчээр Хулд ууланд дайсны ар тал, бэлтгэл хүчийг нөхдийнхөө хамтаар устган чөлөөлсөн гээд олон сайхан гавьяаг нь нэрлэж болох юм.

-Бас нэг удаа Японы нэлээд олон цэрэгтэй халз тулгарсан эгзэгтэй үеийг амьд ахуйдаа дурсан ярьсан байдаг шүү дээ?

-Халхголын дайн эхэлсэн үе нь 1938 он гэж аав ярьдаг. Тэр үеэс л хилийн байдал тvгшvvртэй болж, дайснууд тагнуул туршуулаа илгээж, хил vймvvлэх, өдөөн хатгах ээргээр авирладаг байсан гэдэг. Нэг удаа би отрядын комиссартойгоо хил дээр харуулд гарч байхад нь дайсны 10 орчим цэрэгтэй гэнэт таарч. Тэр үед манай тал ялж байсан болохоор япончууд нь гараа өргөөд зогсчихсон гэсэн. Буу зэвсгийг нь хурааж байтал нэг дарга нь буугаа тайлах гэж байгаад эвгүй хөдөлчихсөн чинь комиссар нь шууд ноцолдоод эхэлсэн. Муугаар л бодоо биз. Цохих гэхээр өөрийнхөө хүнийг оночих гээд болдоггүй. Гэтэл өөрийнх нь барьж байсан буу нь гацчихаж. Харж байгаад хоёуланг нь цохиод унагачихсан гэж байгаа. Мэдээж дайснууд илт олон. Аз болж комиссар босч ирээд олзолсон цэргүүдээ застав дээрээ хүргэж байсан гэдэг юм билээ. Аав маань бас заставтаа мэргэн бууч гэдгээрээ алдартай байсан гэдэг. Бага байхдаа ан гөрөө хийдэг байсан нь дайны үеэр их тус болсон гэдэг дээ. Түүнээс гадна зоригтой дайчдынхаа шарилыг дайсны галын дундуур авч гарч байсан удаатай. Тагнуул хийх, холбоо барих, мэдээ дамжуулах, амьд хэл барьж ирэх үүргийг маш амжилттай гүйцэтгэдэг байсныг нь бид түүхэн баримтаас болон хамт үүрэг гүйцэтгэж байсан хилчин баатруудаас нь сонсож, ааваараа улам их бахархдаг байлаа.


-Н.Жамбаа агсан сайн тагнуул байсан гэдэг юм билээ?

-Улсын баатар Чогдоны хэлснээр аав маань 30 гаруй удаа тагнуулд явж үүргээ амжилттай биелүүлээд ирж байсан гэдэг. Халхголын дайн дуусаад 1941 онд Өмнөговь явсан байгаа юм. Өмнөговийн Сэгс цагаан богдод очиж Замын бэлх гэдэг газар очиж тагнуул болсон гэж хуучилдаг. Хилээр явж цааш нааш гарч хэдэн ч хоногоор хамаагүй үүрэг гүйцэтгэж хилийн байдал ямар байна, айл амьтан хаашаа нүүж байна гэх зэргээр ажиглалт хийдэг байсан гэх юм билээ. Аавын ярьснаар тэндээс амьд хэл олох, Хятадуудын байдал ямар байна, амьд хэл барьж чадахгүй бол хүчээр олж авах мэдэх заавартай 16 удаа хил давсан гэсэн.

-Дайны үеийн уур амьсгалыг та бүхэнд юу гэж дурсдаг байв даа?

-Тасаг удирдаж яваа дарга дайсны эсрэг байлдахдаа цэргүүдээ яаж олон болгож, сүртэй харагдуулах вэ гэдгийг ихэд бодож төлөвлөж, амжилттай дуусгадаг байсан гэж их ярьдаг байлаа. Тасгийн 10 цэргээ 20, 30, 50, 100 хүнтэй юм шиг харагдуулж, сүр хүчийг үзүүлж, дэмжлэг ирэх хүртэл хилээ хамгаалахыг л чухалчилдаг байж. Дээр хэлснээр аав их сайн бууддаг байсан болохоор дайсны гол объектыг устгахдаа гарамгай байсныг нь сонссон. Аавын маань тэр чадвар үр хойчид нь үлдсэн юм уу, хүү маань Францад цэргийн алба хаадаг юм. Бас мэргэн бууч. Францууд гайхдаг гэсэн. Асуухаар нь “Өвөө маань Монгол Улсын баатар хүн байсан, мэргэн бууч байсан” гэж хэлдэг гэсэн. Зөвхөн 1939 оны Халхголын байлдаанаар тогтохгүй 1949 оны чөлөөлөх дайн, 1947-1948 оны баруун хязгаарын тулгаралтын үед ч эгзэгтэй, амь насанд нь халтай үе зөндөө байсан байж таараа. 1947 оны тулгаралтаар хасгууд их хэрцгий байсан гэдэг. Монгол цэргүүдийг олзлоод чих, хэлийг нь тасдах мэтээр их яргалдаг. Аав хасгуудад цэргээ олзлуулахгүй юмсан гэж их ч тэмцдэг байж. Тэр бүү хэл тэр үеэр ээж маань аавыг хамгаалдаг байсан гэдэг шүү.

-Ямар сонин хэрэг вэ. Ээж тань хилийн тулгаралтад оролцож явсан хэрэг үү?

-Миний ээж Увс аймгийн Хяргас сумын хүн. Аавтай маань 16 насандаа гэр бүл болсон. Тийм болохоор 1945 оны чөлөөлөх дайн, 1947-1948 оны тулгаралтад хоёр дайнд оролцсон хүн юм шүү. Хилчдийн ар талыг эмэгтэйчүүд дааж хариуцдаг байсан. Цэргүүдийн хоол хүнснээс эхлээд хувцас хунарыг нь угааж бэлтгэх олон чухал ажлыг хариуцдаг байж шүү. Тиймээс ээж аавтай хил дээр цуг амьдардаг байсан гэсэн. Тэр үед хасгууд хүн олзлоод аваад явчихдаг байхад аав бие засах зэрэг ганцаар байх үед нь ээж буу бариад манаад зогсчихдог гэнэ. Аав “Чи яах гэж байгаа юм бэ, цаашаа ор” гэхээр “Үгүй ээ, чамайг хасгууд аваад явчихвал яах вэ, би хамгаалж байя” гээд огт хөдөлдөггүй байсан гэнэ лээ. Ээж маань ингэж л эх орныхоо хоёр дайнд оролцсон, 10 сайхан хүүхэд төрүүлж өсгөсөн, ахмад хилчин байлаа.

-Аавыг тань түүхт гурван дайнд оролцож эх орноо хамгаалж явсныг монголчууд дуурссаар байх нь гарцаагүй?

-Аав ээж маань залуу сайхан насаа эх орныхоо төлөө зориулсан. Эх орон гэдэг ямар үнэтэй зүйл вэ гэдгийг бидний 10 эгч дүүс нэг насаараа мэдэрч явна даа. Гэтэл өнөөдөр эх орны алга дарам газрын талаар маргаан гарахаар “Олон монгол хөвгүүд амиараа эх орноо хамгаалж байсан. Өнөөдөр миний эх орон ямар үнэ цэнэгүй байна вэ” гэж баатруудын хүүхдүүд бид маш их эмзэглэдэг.

-Н.Жамбаа гуай Баянхонгор нутгийн хүн гэл үү. Ижий аавынх нь тухай та хэр мэдэх вэ?

-Миний аав эмэг эх дээрээ өссөн. Эмэг эх нь Норпил гэж хүн байсан юм билээ. Төрүүлсэн ээж, аав нь аавыг багад нь өөд болжээ. Тиймээс эмэг эх дээрээ өсч, Норпилийн Жамбаа гэж овоглодог болж. Аав ганц дүүтэй.

-Улсын баатар Н.Жамбаагаас гадна 10 хүүхдийн аав Жамбаа ямар хүн байв. Аавынхаа талаар сайхан дурсамжийг та хөөрөхгүй юу?

-Аав маань маш сайн бөх барилддаг байлаа шүү дээ. Аймгийн заан цолтой. Нас ахиад бөхөө барилдахаа болиод ирэхээр зүгээр бөхийн хоббитой болсон. Зурагтыг эцэс дээр нь чангалчихаад л бөхөө үзнэ. 80 гарчихаад л Бөхийн өргөөнд очиж бөх үзнэ. Буцаж ирэхдээ автобусаар явчихна. Хамаг залуу насаа хил дээр өнгөрөөсөн аав маань энх цагийн бүтээн байгуулалтад оролцсон хүн. Хаана ган гачиг болно аав тэнд машинаа бариад явж байдаг. Нэг удаа Увс аймагт болсон нэг ган гачигаар аав явж таарсан байгаа юм. Тэр үед ээж эгч нарт “Энэ хүн ямар их үйлийн үртэй хүн бэ. Гурвын гурван дайнд орчихоод одоо ган гачигт явж байдаг. Энэ хүн амьд эргэж ирэхгүй ч байж мэднэ” гээд уйлж байсан гэнэ лээ. Ямар сайндаа л маршал Ю.Цэдэнбал гуай аавд Улсын баатар цол энгэрт нь зүүхдээ “За Жамбаа чи эх орны ч баатар, энх цагийн ч баатар шүү” гэж байсан гэдэг. Яагаад гэвэл аав 026 дугаар цэргийн ангидаа олон шавьтай. Бас олон таван жилийн гавшгайч байлаа. Үүнээс үзэхэд аав бол ерөөсөө зүрх сэтгэлээрээ эх орны хүү гэсэн эрмэлзэлтэй байсныг харуулж байгаа юм. Бид ч аавынхаа зарчимч, шаргуу, дайчин чанарыг авч үлдэхийг хичээдэг байв.

-Та нарт юу гэж сургадаг байсан бол. Юуг захиж байв?

-Аав тээвэрт явахаараа нэг сар болно. Тэр хугацаанд ард үлдсэн хэдэн эмэгтэй хүмүүст хэцүү байдаг нь ойлгомжтой. Биднийг охид болохоор нэг ч ширүүн үг хэлдэггүй байсан. Гэхдээ олон юм нуршихгүй, шалдар булдар юм ярихгүй. Зарчимтай, хэлэх үг нь яс тийм л хүн байсан.

Бидний эгч дүүс бүгд хоёр, хоёр насны зайтай. Ээж бол тэр хүний алдар гавьяаг мөнхжүүлж, үр удмыг нь үлдээхийн төлөө амьдарч явсан хүн. Удам залгах хүүтэй болгохын төлөө найман охин төрүүлсэн. Сүүлд нь ес дэх төрөлт дээр их л сонин юм болж байсан түүхтэй. Манай хамгийн бага хоёр дүү ихэр. Гэхдээ дээр үед ихэр хүүхдийг төрөхөөс нааш мэддэггүй байж. Ээж ес дэх хүүхдээ төрүүлэх гээд Улсын хоёрдугаар төрөхөд очоод төрсөн байгаа юм. Эхлээд охин нь түрүүлж гарчээ. Эмч нар ч ихэр гэдгийг мэдэхгүй аавд охин төрлөө гэж. Аав “Дахиад л охин” гээд урамгүй гараад машинаа асаасан гэж байгаа. Миний аав бодохдоо “Дайны үеэр олон цэргийг цааш харуулж явсан. Тийм болохоор удам залгах хүүтэй болох хувьгүй болгочихож” гэж л бодож байсан гэдэг. Гэтэл араас нь цагаан халаадтай эмч цонхны цаанаас даллаад гүйсэн гэнэ. Аав бодохдоо ээжийн бие муудсан юм болов уу гэж санаа зовоод эргэтэл “Жамбаа гуай дахиад нэг хүүхэд. Та хүүтэй боллоо” гэсэн гэнэ лээ. Тэр үед аав 50 настай байсан. Баяртай мэдээг сонсоод шууд Төв шуудан дээр явж очиж. Шуудангийн ажилчид гээд хоёр жаахан охин сууж байсан бололтой. Аав “За хүүхдүүдээ ах нь Баянхонгор аймгийн Богд сум руу мэндчилгээ хүргүүлэх гэсэн юм. Би хүүтэй болсон” гэсэн чинь тэр хоёр охин нэгнийгээ чичлээд ийм хөгшин хүн хүүхэдтэй боллоо гэж хөөрч байдаг гээд шоолох маягтай аашилж байсныг хожим яриад инээдэг байж билээ.


-Дэрсхэн олон охид ээж аавдаа их нэмэртэй байв уу?

-Нэг сайхан нь тэр байлаа шүү дээ. Олон охидтой айл бол цэвэрч нямбай гэдэг нь хэлэх үггүй. Гэр орон гялтгар байна. Тийм болохоор манайх байнга л цэвэрч өрхөөр тодорно. Очсон газар бүртээ “Жамбаа гуай танайх соёлч өрх боллоо”, “Тэргүүний цэвэрч айл боллоо” гээд л шагнуулж байх жишээтэй. Мэдээж дэрсхэн олон хүүхдийг ээж, аав маань өсгөх гэж их зүтгэсэн. Бидний хувцас бол эрээн даавуу. Эрээн даавуугаар нарны малгай, палааж, дотуур хувцас бүхий л юмыг ээж хийж өгнө. Эгчийнх багадахаар дүүд ирнэ. Хөрөнгө мөнгө байхгүй ч элэг бүтэн сайхан амьдралыг тууллаа даа, бид.

Өөр сонин зүйл гэвэл бидний эгч дүүс бүгд гол усны нэртэй. Аав Халхголыг хамгаалж явсан бэлгэдлээ бодож биднийг тэгж нэрлэсэн. Манай эгч нар Сэлэнгэ, Туул, Булган, Онон гэдэг нэртэй. Бас Орхон, Хэрлэн гээд нэрлэтэл нэр нь хүнддээд гурван эгчийн голын нэрийг Янжмаа,Янжинчимэг, Уртнасан гэж өөрчилсөн. Бусад нь бол бүгд голын нэртэй. Намайг тэр олон голын дунд нэг загас байг гээд Загас гэж нэрлэсэн гэдэг. Загас бол хэзээ ч нүдээ цавчдаггүй, мөнхийн хараатай учир тэгж нэрлэсэн бололтой.

-Н.Жамбаа баатрын 10 хүүхэд яажшуухан амьдарч байна даа?

-Хамгийн том эгч маань бурхан болсон. Үлдсэн найман охин, нэг хүү нь өнөөдөр энх тунх сайхан амьдарч байна. Улс орондоо хийдгээ хийгээд олонх нь гавьяаныхаа амралтад гараад байгаа. Би гэхэд найм дахь охин нь. Энэ жил 55 нас хүрэх гэж байна. ХААИС-ийн биеийн тамирын багшийн ажилтай. Миний хоёр ихэр дүү одоо 51-тэй хүмүүс байна.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Археологчид мөнх цэвдэгт тэс хөлдүү хадгалагдсан өрөм, шар тос олжээ

Монголын Үндэсний музей, АНУ-ын Питсбургийн их сургууль, Америкийн Монгол Судлалын төвтэй хамтран Дархадын хотгорын сав нутагт археологийн судалгааны “Умард Монгол” төслийг хамтран хэрэгжүүлдэг. Төслийн багийн эрдэмтдийн энэ зуны малтлагын үр дүнд дэлхийн археологийн шинжлэх ухаанд нээлт болохуйц, Монголын эзэнт гүрний язгууртнуудад холбогдох цоо шинэ олдворуудыг нээжээ.

Уг судалгааны баг 2018, 2019 онд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн нутаг “Хориг” хэмээх газарт тонож сүйтгэгдсэн Монголын эзэнт гүрний үед холбогдох бүлэг булшийг авран хамгаалах, үлдэж хоцорсон эд өлгийн зүйлсийг цуглуулах ажлыг хийсэн байна. Эдгээр тоногдсон булшны шороо, ухсан нүхийг нягтлан шалгах явцад Эзэнт гүрний үед холбогдох судалгаа болон үзмэрийн маш өндөр ач холбогдолтой олон тооны олдворууд илэрчээ.

Эдгээрийн дотор 700-800 жилийн тэртээ мөнх цэвдэгт тэс хөлдүү хадгалагдсан гурван ваар дүүрэн өрөм, нэг ваар дүүрэн шар тос нь Монголын төдийгүй дэлхийн археологийн судалгаанд нэн ховор нээлт болж буй олдворууд аж.

Түүнчлэн алт, мөнгө, торго, төмөр, яс, шир, үйсээр хийсэн олдворууд болон хүн, малын яс зэрэг Монголын эзэнт гүрний үед холбогдох олон тооны маш чухал хэрэглэгдэхүүнийг авран хамгаалж, цуглуулаад байгаа юм. Ялангуяа, алтан нар, сарны дүрс, мөнгөн сарны дүрс, бурханы дүрстэй нимгэн алтан эдлэл, алтан ээмэгнүүд, бүсний алтан чимэглэл, дотроо торгонд баринтаглаж боосон эд зүйл агуулсан ширэн хавтага, алтан утастай, хас, луу болон домгийн амьтдын дүрс хээтэй олон төрлийн торгон дээл хувцасны хэсгүүд, ширэн гутлын хэсгүүд, нум, сумны зэв, саадаг, хоромсого, шаазан болон шавар ваарнууд, ясан сойз, адуу малын тоног хэрэгсэл гэх мэт хэдэн зуун олдворууд олджээ.

Тус судалгааны багийг Монголын талаас Монголын Үндэсний Музейн Эрдэм шинжилгээний төвийн дарга, доктор Ж.Баярсайхан, АНУ-ын талаас доктор Жулиа Кларк нар удирдан ажилласан байна.

Categories
мэдээ нийгэм

Филиппиний гоо бүсгүй Катриона Грэй Монголд ирнэ

67 дахь удаагийн “Miss Universe” тэмцээний ялагч Филиппин улсын гоо бүсгүй КАТРИОНА ГРЭЙ энэ сарын сүүлээр Монгол улсад хүрэлцэн ирэхээр болжээ.

Тэрээр дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн жагсаалтыг тэргүүлж эхэлсэн бөгөөд богино хугацаанд Инстаграм хуудас нь 6.4 сая, Фэйсбүүк хуудас нь 1.6 сая дагагчтай болж нэр алдар нь олон улсад түгээд байна.

Чансаагаараа тэргүүлэгч “MISS UNIVERSE” тэмцээнд өнгөрсөн жилээс Монгол улс оролцож эхэлсэн. Тэгвэл эх орноо төлөөлөх хоёрдахь гоо бүсгүйг тодруулах ёслолын ажиллагаанд КАТРИОНА ГРЭЙ зочноор оролцох гэнэ.

Мөн JCI Progress байгууллагаас хэрэгжүүлж буй “Тэргэнцэртэй баатрууд” төслийн хүмүүнлэгийн ажилд гар бие оролцохоор болжээ. Энэ төсөл нь 2020 оны Токиогийн паралимпийн наадамд оролцох тэргэнцэртэй туялзуур сэлэмний спортын тамирчдыг дэмжих зорилготой юм байна. Энэ тухай “Miss Universe Mongolia” тэмцээний Үндэсний захирал Ж.Анхбаяр тун удахгүй албан ёсны мэдэгдэл хийхээр төлөвлөжээ.

Өдгөө 25 настай Катриона Грэй нь “Ертөнцийн мисс” цолыг хүртсэн дөрөв дэх Филиппин бүсгүй юм. Одоо тэрээр бие хамгаалагч, хувийн туслахтай болж Нью-Йорк хотноо тансаг зэрэглэлийн орон сууцанд амьдарч байна. Мөн “Miss Universe” байгууллагаас 250 мянган ам.долларын шагнал хүртэж, шоу бизнесийн бүхий л томоохон үйл ажиллагаанд урилгаар оролцож байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Казахстаны Элчин сайд К.И.Кобландиныг хүлээн авч, уулзав

Уул уурхай,хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Бүгд Найрамдах Казахстан улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд К.И.Кобландиныг нутаг буцаж байгаатай холбогдуулан хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Элчин сайдын томилолтын үеэр хамтран хэрэгжүүлсэн ажлууд болон ирээдүйн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Элчин сайд К.И.Кобландин энэ үеэр Монгол Улсын Засгийн газар болон Уул уурхайн салбарт үргэлжлүүлэн хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм

ГХЯ-ны Консулын газраас сэрэмжлүүлж байна

БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт өрнөж буй эсэргүүцлийн тэмцэлтэй холбогдуулан Хонгконгт аялахдаа сонор сэрэмжтэй байх, дамжин өнгөрөх бол нислэгээ өөр газраар зохицуулахыг ГХЯ-ны Консулын газраас зөвлөж байна.

Хонгконгийн олон улсын нисэх буудалд наймдугаар сарын 12-ны өдөр тэмцэгчид эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж, бүртгэлийн ажиллагааг саатуулснаас нислэгүүд цуцлагдаж, эмх замбараагүй байдал үүссэн тул цагдаагийн тусгай хүчин ажиллагаа явуулж, наймдугаар сарын 14-ний өглөө нисэх буудлын үйл ажиллагааг хэвийн байдалд оруулсныг зарлаад байна.

Консулын газраас иргэдэд хандаж дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Үүнд:

  • Нисэх онгоцны буудал руу очихоосоо өмнө нисэхийн вэб сайт руу орж хуваариа нягтлах. “HKG My Flight application”-ыг гар утсандаа татан авч нислэгийн мэдээлэлтэй танилцах,
  • Олон хүн цугласан газраас хол байх.

2019 оны наймдугаар сарын 15-нд “Wan Chai”,
2019 оны наймдугаар сарын 17-нд “Central, Admiralty, Hung Hom, Kowloon”,
2019 оны наймдугаар сарын 18-нд “Causeway Bay, Central”,
2019 оны наймдугаар сарын 19-нд “MTR” метроны буудал,
2019 оны наймдугаар сарын 25-нд “Kwai Chung to Tsuen Wan” зэрэг газруудад жагсаал цуглаан болох магадлалтай байгаа тул эдгээр газраар аль болох зорчихгүй байхыг анхааруулж байна.

Шаардлагатай тохиолдолд дараах хаягаар холбоо барина уу.

Хаяг/Address: Монгол Улсаас Хонконг ЗЗОБ-д суугаа ЕКГ,
Hong Kong Unit 1203, 12/F, Tower 2, Lippo Centre 89 Queensway Road Admiralty
Цахим хуудас: www.hongkong.consul.mn
Цахим шуудан: hongkong@mfa.gov.mn
Facebook: www.facebook.com/ConsulateGeneralofMongoliaHK/
Утас: +852 25222400, 93057096

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд хадлан бэлтгэх ажил эхэллээ

Улсын хэмжээнд хадлан бэлтгэлийн ажил өнөөдрөөс эхэлж байна.

Энэ онд улсын хэмжээнд нэг сая тонноос дээш хадлан бэлтгэх төлөвтэй байна. Говийн аймгуудад хадлангийн талбай багатай байдаг тул аймаг хооронд хадлан бэлтгэх ажлыг зохицуулж ажиллах талаар ХХААХҮЯ-наас мэдээлж байна. Энэ жил ихэнх нутгаар зуншлага сайн байсан учир хадлан бэлтгэлийг 100 авах боломжтой хэмээн үзэж байгаа юм. Улсын хэмжээнд энэ наймдугаар сарын 1-ний байдлаар морин хадуурын 84.7, морин тармуурын 91.5, тракторын тармуурын 9.5, хаман боогчийн 93.3, тракторын хадуурын 93.1, дугуйт тракторын 94.2 хувь нь хадлан авахад бэлэн болоод байгаа аж.