Categories
мэдээ нийгэм

Хичээлийн шинэ жил угтсан өргөтгөсөн худалдааг 33 байршилд зохион байгуулж байна

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг хангах ажлын багийн хуралдаан өнөөдөр Хангарди ордонд боллоо.

Ажлын баг 2019-2020 оны хичээлийн шинэ жилд холбогдох албаныхны бэлтгэл ажлын талаарх танилцуулга болон элсэлт, бүртгэлийн ажлын явц, замын хөдөлгөөний нягтралыг сааруулах чиглэлээр хийгдэх ажлын төлөвлөгөөг ярилцаж санал солилцлоо.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “2019-2020 оны хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах сурагчдыг тавдугаар сарын 13-27-нд бүртгэсэн. Дахин бүртгэл энэ сарын 21-30-нд болно. Статистик үзүүлэлтээр Баянгол дүүрэг 5577, Баянзүрх дүүрэг 6838, Багануур дүүрэг 465, Багахангай дүүрэг 110, Сүхбаатар дүүрэг 3396, Сонгинохайрхан дүүрэг 5616, Хан-Уул дүүрэг 3883, Чингэлтэй дүүрэгт 2408, Налайх дүүрэгт 676 хүүхэд бүртгүүлжээ. Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх, үргэлжлүүлэн суралцах хүүхдийн бүртгэлийг долдугаар сарын 22-ноос энэ сарын 22-ны өдрийг дуустал цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Цахим бүртгэлд энэ сарын 15-ны өдрийн байдлаар 28181 хүүхэд бүртгэгдсэн байна. 2019-2020 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт шаардлагатай байгаа 1088 сул ажлын байрны мэдээллийг байгууллагын цахим хуудсаар олон нийтэд мэдээлсэн. Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудад сургалтын байгууллагын барилга байгууламж, сургалтын орчны зохион байгуулалт, эрсдэл үүсч болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлсэн эсэх, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага хангагдсан эсэх, удирдах ажилтан, багшлах болон мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан байдал, сургалтын цөм хөтөлбөр, түүний хэрэгжилт, сургалтын орчин бүрдүүлсэн байдал болон холбогдох дүгнэлтийн дагуу БСШУСЯ, НМХГ-т санал, дүгнэлтийг хүргүүлж, дүүргүүдийн Боловсролын хэлтэс, ЕБС-иудад цаашид хийх ажлын чиглэл, үүрэг даалгаврыг өгч ажилласан” гэв.

2019-2020 оны хичээлийн жилд гурван ээлжээр хичээллэж болзошгүй 18 сургууль байна. Түүнчлэн энэ хичээлийн жилд 23 сурах бичиг шинээр хэвлэгдэх аж. Эдгээр сурах бичгүүд есдүгээр сарын 15-нд сурагчдын гарт очино. Дүрэмт хувцасны дундаж үнийн хувьд бага анги 60-70 мянга, дунд анги 90-100 мянга, ахлах ангийн сурагчдынх 120-130 мянган төгрөг байна. Сургалтын хөтөлбөр төлөвлөгөөний бүтцийг батлан бүх сургуульд тараасан бөгөөд шинэ хөтөлбөр төлөвлөгөөний дагуу 44000 мянган багшид энэ сарын 27-30-нд сургалт явуулах аж. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд он дамжин 92 сургууль, цэцэрлэгийн барилга баригдаж байна. Улс, нийслэл, дүүрэг, орон нутгийн хөгжлийн сан, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр 2019 онд нийслэлийн нийт 83 сургууль, цэцэрлэгт 5,3 тэрбум төгрөгийн их засварын ажил хийгдэх төлөвлөгөө батлагдан хэрэгжиж байгаа талаар мэдээллээ.

Тээврийн цагдаагийн албаны ЗЦГ-ын замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга Б.Батболд “Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчимд шаардлагатай тэмдэг тэмдэглэгээний судалгааг гаргаж холбогдох албаныханд өгсөн. Замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг учраас зарим хөдөлгөөнийг нэг чигийн урсгалтай болгосон. Цаашид замын хөдөлгөөн ихтэй байршлуудад судалгаа хийж байна ” гэлээ.
Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга Х.Булгаа “Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан есдүгээр сарын 1-нээс өмнө хүүхдийн автобусны үзлэг оношилгоог хийж байна. Энэ сарын 20-ноос нийтийн тээврийн тоог нэмэх ажлыг хийхээр судалж байна” гэв.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэцэцэг “Шинэ хичээлийн жил эхлэхтэй холбогдуулж 33 байршилд сурагчийн дүрэмт хувцас, үзэсгэлэн худалдаа, бичиг хэргийн өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна” гэж мэдээлэв.
НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын ахлах мэргэжилтэн Т.Улзмаа “ Боловсролын хяналтын чиглэлээр хоёр үе шаттай хяналт шалгалт хийнэ. Энэ сарын 16-наас ирэх сарын 03-нд боловсролын байгууллагын барилга байгууламжийн засвар үйлчилгээ, гадна талбайг тохижуулсан байдал, багшийн хүрэлцээ хангамж, хамран сургах хүүхдийн тоо н хувь, анги дүүргэлтийн урьдчилсан төлөв байдал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцах нөхцөл боломж бүрдсэн эсэхийг шалгана. Дараагийн шалгалт нь энэ сарын 26-наас ирэх сарын 16-нд сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийн хоол хүнсний хангамж, нийлүүлэлт болон Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлсэн байдалд хяналт шалгалт хийнэ” гэлээ.
Хуралдааны төгсгөлд нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт сургууль, цэцэрлэгийн барилга шинээр барих, өргөтгөх ажлын гүйцэтгэлд тогтмол хяналт тавьж хугацаанд нь бүрэн дуусгах, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш ажилтнуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд бүрэн хамруулахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар болон дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Мөн сургууль, цэцэрлэгүүдийн орчны аюулгүй байдал хангагдсан эсэхэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын албаныханд үүрэг болгож” дараагийн хуралдаанд дүүргүүдийн Засаг дарга нарыг хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл хийхийг үүрэг болголоо.
Categories
мэдээ нийгэм

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилд МХЕГ хяналт тавьж байна

Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсрол, сургалтын 485 байгууллагад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж байна.

Урьдчилан сэргийлэх шалгалтаар:

  • Боловсролын байгууллагуудын барилга байгууламжийн засвар үйлчилгээ, эдэлбэр газрын тохижилт, ногоон байгууламж, цардсан талбай, биеийн тамир, тоглоомын талбайг тохижуулсан байдал, сургууль, цэцэрлэгийн унд ахуйн хэрэгцээний усны чанар, аюулгүй байдал, багшийн хүрэлцээ хангамж, сургалтад хэрэглэх гарын авлага, сургалтын хэрэглэгдэхүүний хүрэлцээ хангамж, хамран сургах хүүхдийн тоо хамрагдалтын хувь, анги дүүргэлтийн урьдчилсан төлөв байдал, хүүхдийн аюулгүй байдал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцах нөхцөл боломж бүрдсэн эсэх,
  • Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол хүнсний хангамж, нийлүүлэлт, үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байдал, гэрээгээр нийлүүлж буй хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын баталгаажилт, дотоод хяналтын тогтолцоо бүрдсэн байдалд хяналт шалгалт хийнэ гэж МХЕГ-аас мэдээллээ.
Categories
мэдээ улс-төр

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Армида Алисжабана Монгол Улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Армида Алисжабана Монгол Улсад энэ сарын 19-20-нд албан ёсны айлчлал хийнэ.

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга 9 жилийн дараа манай улсад айлчлах гэж байгаа бөгөөд тэрээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхаж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Зам тээврийн дэд сайд Л.Халтар, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан нартай тус тус уулзалт хийж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох аж. Мөн хатагтай А.Алисжабана Азийн төлөөх Боао форумын Улаанбаатарын бага хуралд тусгай зочноор оролцож, үг хэлнэ. Хатагтай А.Алисжабана өнгөрсөн оны есдүгээр сард АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар томилогдсон, Индонези Улсын иргэн юм.

Categories
мэдээ нийгэм

“Солонгосын 7 хоног” арга хэмжээ үргэлжилж байна

Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 29 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Солонгосын 7 хоног” арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдаж байна. Арга хэмжээ нь солонгос үндэсний хөгжмийн тоглолт, солонгос үндэсний хувцасны загварын шоу, үндэсний хоолны фестиваль, үндэсний тоглоом, цаасан урлал, гоо сайхны бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, Гоо даамны тэмцээн, “К-Поп” бүжгийн тэмцээн Солонгос, Монгол залуу хамтлаг дуучдын тоглолт, Нийслэлийн Улаанбаатар чуулгын тоглолт гэсэн баялаг хөтөлбөртэй 4 дэх өдрөө үргэлжилж байна. Мөн арга хэмжээний үеэр сугалаа сугалах, вааранд сум шидэх, шаараар бүтээл урлах, нүүр будах, багаараа дээс тоглох зэрэг төрөл бүрийн сонирхолтой арга хэмжээнүүд үзэгч олон нийтийн дунд зохион байгуулагдана. Арга хэмжээ энэ сарын 18-ныг дуустал үргэлжилнэ гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Б.Хурц нарт холбогдох хэргийн нотлох баримт болох бичлэгийг судалж дуусчээ

ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тав дахь өдрөө үргэлжилж байна. Шүүх Б.Хурц нарт холбогдох хэргийн нотлох баримт болох бичлэгийг шинжлэн, судалж дуусчээ. Үргэлжлүүлэн хавтаст хэргээс шаардлагатай баримт материалыг шинжлэн, судлах ажлыг үргэлжлүүлнэ. Шүүх хурал түр завсарлаад яг одоо үргэлжлэх гэж байна.

Categories
мэдээ улс-төр

Ө.Энхтүвшин: Н.К.Рерих бол Монгол судлаачдын дундаас Монгол орны түүх, байгалийн дүрслэлийг бүтээлийнхээ нэгэн чухал сэдэв болгодогоороо онцлогтой

“Рерих нар ба Монгол” Олон улсын эрдэм шинжилгээний II их хурал Улаанбаатар хотноо Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн Монгол Зургийн танхимд өнөөдөр эхэллээ. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин тус хуралд оролцож, нээж үг хэлэв. Энэхүү эрдэм шинжилгээний их хурал энэ сарын 16-18-ны өдрүүдэд “Тэнгэрийн үзэл ба Космизмын онол” сэдвийн дор болж өндөрлөх юм. Тус хурлыг Шамбала музейгээс Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейтэй хамтран Монгол Улсын Засгийн газар, БСШУЯ, ГХЯ, ОХУ-ын Монгол Улс дахь Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна. Эрдэм шинжилгээний хуралд орос, итали зэрэг хорь гаруй улс орны эрдэмтэн судлаачид оролцож, судалгааныхаа илтгэлийг тавьж, хэлэлцүүлэх юм.

Хурлын үеэр Дүрслэх урлагийн музейн судлаачид өөрийн сан хөмрөгт хадгалагдаж, олонд танилцуулж байдаг Н.К.Рерихийн зурж бүтээн 1927 онд Монгол Улсын Ерөнхий сайд Цэрэндоржид бэлэглэж байсан “Улаан хөлөгт баатар” уран зургийн талаарх химийн шинжилгээний танилцуулга илтгэлийг тавих юм байна. Н.К. Рерих нь Монгол орноор тойрон аялсныхаа дараа энэхүү бүтээлээ туурвисан бөгөөд “Шамбалын хаан Рэгдэндагва ирж байна, монгол эх оронд шамбалын эрин үе ирж, ард иргэд нь олноор жарган суух сайн цаг болно” хэмээн бэлгэдэн зурсан гэж үздэг байна. Улмаар уг зургийн нэрээр нийслэл хотоо Улаанбаатар хэмээн өгсөн ч гэж зарим эрдэмтэд нотлон тайлбарладаг байна. Мөн энэ үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол Улсын Засгийн газраас Н.К.Рерихийн гэр музейн үйл ажиллагааг дэмжиж санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэснийг мэдэгдэж, “Улаан хөлөгт баатар” зургийн эх хуулбарыг “Шамбала” музейн удирдлагад гардуулан өглөө.

“Рерих нар ба Монгол” Олон улсын эрдэм шинжилгээний II их хурлыг нээж Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт судлаачид аа,

Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид, хатагтай ноёд оо!

“Рерих нар ба Монгол” олон улсын эрдэм шинжилгээний II хуралд оролцож байгаа Та бүхний амгаланг айлтгахын сацуу хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Монголчууд бид эртний түүхтэй, бүтээсэн соёлтой ард түмэн бөгөөд тэдгээрийг судалж илрүүлэх нь монголыг судлагч эрдэмтдийн өмнөө тавьсан гол зорилго байдаг юм. Монголын түүх, соёлыг судалсан ажлынхаа үр дүнг нийтийн хүртээл болгох нь манай Монгол эх орныг танин мэдэх нийтийн оюуны эрэлт хэрэгцээг хангаад зогсохгүй бидний түүх, соёлыг хилийн чанадад сурталчилдаг чухал арга мөн учир Монгол Улсын Засгийн газар ямагт дэмждэг.

Монголыг тал бүрээр судалж бүтээл туурвисан гадаад, дотоодын ялангуяа Оросын судлаач, уран бүтээлчид олон бөгөөд Оросын эрдэмтдийн Монгол судлалын хөгжилд гүйцэтгэсэн, одоо гүйцэтгэж байгаа үүрэг их юм. Тухайлбал, Монголчуудын түүхийг дэлгэрэнгүй өгүүлсэн содон бүтээл “Монголын нууц товчоо” зохиолыг оросын нэрт судлаач Питер Иванович Кафаров (Архимандарит Палладий) шинжлэх ухааны судалгааны эргэлтэнд анх оруулж “Чингис хааны тухай эртний монгол түүх”нэрээр орос хэлнээ орчуулсан нь тус алдарт зохиолыг анх удаа европод төдийгүй дэлхий дахинд танилцуулж нээсэн ажил болсон юм. Энэ ажлыг манай баатарлаг өвөг дээдсийн түүхэнд холбогдох ховор нандин эх сурвалжийг дэлхий нийтэд монголчуудынх гэж нотолсон судалгаа болсон гэж бид үнэлдэг.

Өнөөдрийн эрдэм шинжилгээний хурлын гол сэдэв болсон Рерих бол монгол судлаачдын дундаас монгол орны түүх, байгалийн дүслэлийг бүтээлийнхээ нэгэн чухал сэдэв болгодог онцлогтойг монголчууд сайн мэддэг.

Монголчууд бэлгэдэгч сэтгэлгээтэй дорно дахины ард түмэн болох хувьдаа Н.К. Рерихийн “Улаан хөлөгт баатар” бүтээлийн агуулгыг сайшаан хүндэтгэдэг. Тус бүтээл Монгол орон, Монголчуудын ирээдүйг өөдрөгөөр дүрсэлсэн хамгийн сайхан бүтээлүүдийн тоонд зүй ёсоор орно. Монгол орноо энхжин, жаргалангийн орон болгон хөгжүүлэх нь монгол хүний чин эрмэлзэл мөн бөгөөд түүнийг монголчуудын соёлын амьдралын 2000 жилийн түүхтэй холбоотой Буддын соёлын агуулгаар баяжуулан бүтээсэн энэ бүтээл манай монгол музейн сан хөмрөгт байгаа хосгүй үнэт соёлын өвийн тоонд ордог м. Манай нийслэл “Улаанбаатар” хотын нэрийг энэ бүтээлтэй холбох нь бий. Ингэж үзвэл Рерих авгайг монголчууд, манай нийслэлчүүд хүндэтгэхгүй байхын аргагүй бөгөөд агуу судлаачийг, зураачийг мэддэг байх нь зүй ёсны хэрэг болно.

Монгол эх орныг маань судалж, уран бүтээлийнхээ гол сэдэв болгож байсан дэлхийн нэрт уран зураач, монгол судлаач Н.К.Рерихийн бүтээлийн судалгааг идэвхижуулэх зорилгоор эрдэм шинжилгээний хурлыг тогтмолжуулахад анхаарч ажиллаж байгаа Санктпетербург хотын Рерихийн гэр бүлийн музей институт, мөн хотын Гүнзэчойнэй дацан, Улаанбаатар хот дахь Рерих Шамбала музей болон Дүрслэх урлагийн музей зэрэг ОХУ болон Монгол Улсын соёлын байгууллагуудад, мөн хурлыг дэмжин оролцож байгаа Монгол Улсын Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд тус тус гүн талархал илэрхийлье.

Та бүхнийг эрдэм шинжилгээний ажлын үр дүнгээ тавтай хэлэлцэж шинэ санаа, судалгааны шинэ сэдвийг энэ удаагийн хурлаас олж авна гэдэгт итгэлтэй байна.

Хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье гэв.

Categories
мэдээ улс-төр

Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа

Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр /2019.08.16/ Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Соёлын тухай хуулийг 1996 онд баталснаас хойш нийт 14 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хууль нь Монгол Улсад соёлын үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн үндэслэл, соёлын удирдлагын тогтолцоо, соёлын үйл ажиллагаанд оролцогчдын эрх, үүрэг, тэдгээрийн хооронд үүсэх харилцааг түлхүү зохицуулж байгаа аж. Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоол, 2017 оны 11 дүгээр тогтоолд “Соёлын тухай хууль 1996 онд батлагдсанаас хойш шинэчлэгдээгүй бөгөөд уг хуулийн зохицуулалт нь соёл, урлагийн өнөөгийн харилцааг зохицуулах, цаг үеийн шаардлагыг хангахгүй болсон тул хуулийн зохицуулалтыг шинэчилж боловсронгуй болгох”-оор төсөл санаачлагчид зорьжээ.

Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 6 бүлэг 25 зүйлтэй бөгөөд хуулийн төсөлд дараахь зохицуулалтыг тусгасан байна. Тухайлбал, хуулийн нийтлэг үндэслэл болох хэсэгт хуулийн зорилтыг тодорхойлж, соёлын тухай хууль тогтоомж, соёлын үйл ажиллагаанд баримтлах зарчмыг тогтоож, зарим нэр томъёог жигдэлжээ. Соёлын үйл ажиллагаа эрхлэх, соёлын байгууллагын чиг үүрэг, удирдлага, үндэсний соёлын байгууллага, соёлынбайгууллага, соёлын ажилтны эрх, үүргийг зааж, соёл, судлал, соёлын боловсрол олгох зохицуулалтыг тусгасан байна. Соёлын салбарын удирдлага, зохион байгуулалт, төрийн болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, үндэсний зөвлөлийн эрх, үүргийг тодорхойлжээ. Мөн соёлын байгууллагуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд анхаарч соёлын эдийн засаг, соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, мэргэжлийн урлагийн байгууллагуудыг уран бүтээл туурвих, түүнээс олсон нийт орлого нь санхүүжилтийн гол эх үүсвэр болгох нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн. Соёлын үнэт зүйлийн загвараар бүтээгдэхүүн үйлдвэрлэхтэй холбоотойгоор мерчандайзын гэрээний зохицуулалтыг тусгаж өгсөн байна. Соёлын агентын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, соёлын үйл ажиллагаан дахь хязгаарлалт, соёлын тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналт, хариуцлагын асуудлыгтус тус тусгажээ.

Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар иргэдийн соёл, урлагийн боловсрол дээшлэх, үндэсний соёл уламжлалаа дээдлэх, хөгжүүлэх дархлаа бий болж, соёлын үйл ажиллагаан дахь төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоо нэмэгдэнэ. Соёлын үйлчилгээ, хүртээмж сайжирч, уран бүтээл хийх сэдэл бий болгох, соёл, урлагийн үйл ажиллагааны санхүүжилт нэмэгдэх, үндэснийсоёлыг хадгалах, хамгаалах, судлах, соёлын олон улсын хамтын ажиллагааг дэмжих, соёл урлагийн салбар дахь мэргэжлийн болон шинжлэх ухааны судалгааг нэвтрүүлэх, шинэ техник, технологи нэвтрүүлэх нөхцөл бүрдэнэ. Түүнчлэн иргэдэд үзүүлэх соёлын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн театр, чуулгын урын санг үндэстэн, ястны онцлогтой уялдуулан хөгжүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ. Уран бүтээлийг бодитойгоор урт хугацаанд дэмжих, соёлын харилцаанд оролцогчдын хөдөлмөрийг зүй зохистой үнэлж, хөгжүүлэх нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

Categories
мэдээ улс-төр

Ж.Батзандан: Б.Хурц хуучин Эрүүгийн хуулийг хэрэглэх заль хэрэглэж байна

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Л.Болд нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “МАН Үндсэн хуулийг хэлэлцүүлгийг хийж байна. Тав дахь хоног дээрээ гацаанд орчихлоо. Б.Хурцын шүүх хурал тав дахь хоног дээрээ гацаж байна. Монголын төр, Монголын парламент, эрх баригч хүчин энэ долоо хоногийн турш гацаанд орчхоод зогсож байна. Улстөрийн нөхцөл байдал үнэлэлт дүгнэлт өгөх ёстой.
Яагаад эрх баригч хүчин гацаанд оров, Б.Хурцын шүүх хурал яагаад гацаан оров гэдгийг харьцуулж бодох ёстой гэж харж байна. Б.Хурцын шүүх хурал дээр шүүгдэж байгаа 9 этгээдийг 21.12 дугаар зүйл, 21.13 дугаар зүйлээр яллагдагчаар татагдсан байна.

Эрүүгийн шинэ хуулийн 21.12 дугаар зүйл.Эрүү шүүлт тулгах заалт

1.Төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял, шийтгэл оногдуулах, ялгаварлах зорилгоор өөрөө, эсхүл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Б.Хурц гэдэг этгээд бусдыг хатгаж, бусдад зөвшөөрөл олгож Амгаланбаатар, Итгэл гэдэг ялтнуудыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтнуудыг Содномдаржаа Чимгээ нарын өрөөнд оруулж яаж яргалж тамласныг монголын ард түмэн харсан. Одоо Б.Хурц гэдэг этгээд Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйл заалтаар Эрүүгийн хариуцлагад татагдах ёстой байгаа. Б.Хурцын зүгээс 2017 онд батлагдсан хуульд нэлээд тодорхой заачихсан учраас хуучин хуулийг хэрэглье гэдэг заль гаргаж байгаа. Хуучин 2002 оны Эрүүгийн хуульд хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч хүч хэрэглэсэн бол бусыдг тохуурхан даажигнаж хуурч мэхлэх замаар мэдүүлэг өгөхийг албадан шахсан бол эрүү шүүлт тулгасан бол ял хүлээлгэхээр байгаа.

Шинэ эрүүгийн хуульд Төрийн албан хаагч гэж өргөн бүрэлдэхүүнээр оруулж өгсөн байгаа. Төрийн албан хаагч бусдыг хатгаж, зөвшөөрөл олгож гэж шинэ зүйлчлэлийг оруулж өгсөн. Энэ шинэ зүйлчлэлээр Б.Хурц, Г.Эрдэнэбат гэдэг хоёр хүн хуулийг хариуцлага хүлээх ёстой.
Шүүх хурал тэнцвэргүй болж байна, чөлөөтэй мэтгэлцэх зарчим алдагдаж байна гэсэн мэдээлэл мэдээлэл бидэнд ирж байна. Тухайлбал, Содномдаржаа, Чимгээ нар дээр хоёр, гуравхан өмгөөлөгч, бусад 9 хүнд 17 өмгөөлөгч ажиллаж байна. Гурвын эсрэг 17. Б.Хурцын шүүх хурлыг даргалж байгаа хүн нь Ц.Элбэгдоржийн хамаатан шахуу хүн. Төв аймгийн шүүх МАНАН мафийн талд үйлчлэх нь үү, Монголын ард түмний шударга ёсны талд үйлчлэх үү

Хоёр дахь зүйл анги нь 21.13 дугаар зүйл.Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчихтэй холбоотой заалт

1.Гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь гүйцэтгэх ажлын тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Нэг хэргийн хоёр холбогдогч этгээдийг нэг өрөөнд оруулдаггүй. Үүнийг Гүйцэтгэх ажлын болоод Эрүүгийн хууль, Хүний эрхийн конвенц, Шүүхийн эсрэг конвенц ч хүлээн зөвшөөрдөггүй.

УИХ-ын гишүүн Л.Болд “Өнөөдрөөс эхлээд ШИНЭ нам Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх процесст оролцох бололцоогүй болж байна.

1 дүгээрт: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт барьцаанд орсон. Үндсэн хуулийг сайжруулах, улс оронд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх биш Монголын төрийг гацааг барьцалдуулж, Монголын төрийг хууль тогтоох хамгийн тулгамдсан асуудлаас нь холдуулж, Засгийн газрыг ажиллах нөхцөл бололцоог нь хумьсан хэлэлцүүлэг байсан гэдэг нь тодорхой болж байна.

2 дугаарт: Үндсэн хууль наймааны хэрэгсэл боллоо. Гэмт хэргээ нуун дарагдуулах, өршөөгдөх наймаа явагдаж байна. Мөн баялагтай холбоотой заалтыг Ерөнхийлөгчийн өргөн барьсан “Монголын ард түмэн стратегийн ордынхоо 51 дээш хувийн үр ашгийг шууд хүртдэг байх” гэх энэ заалтаас ухралт хийж байгаа хийж байгаа нь тодорхой боллоо. Иймээс ШИНЭ нам ийм гэмт хэргийн Үндсэн хуулийн өөрчлөлтөд оролцож болохгүй.

Categories
мэдээ спорт

Дэлхийн спортын наадмаас хоёр алтан медаль хүртлээ

БНХАУ-ын Ченгду хотноо зохион байгуулагдаж байгаа “Chengdu China 2019 World Police & Fire Games” буюу Онцгой болон Цагдаагийн алба хаагчдын дэлхийн спортын наадмаас ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны тамирчин, ОУХМ Ш.Баянмөнх 125 кг-ийн жинд алт, ОУХМ Х.Нямдорж 70 кг-ийн жинд мөн алтан медалийг хүртлээ. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн МУГТ О.Насанбурмаа тэргүүтэй зургаан тамирчин оролцож байгаа бөгөөд чөлөөт бөхийн төрөлд 4 алт, 2 мөнгөн медаль хүртээд байна. Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг Онцгой, Цагдаагийн алба хаагчдын дэлхийн спортын наадамд энэ жил 79 орны 10 мянга гаруй тамирчин, спортын 47 төрлөөр өрсөлдөж байна.

Categories
мэдээ нийгэм

Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна

Онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер ус, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлэн ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг зохион байгуулан ажиллаж байгаа юм.

Мөн гол, мөрөн, нуурын дагуу усанд орохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ байрлуулах, голын эрэг дагууд амарч зугаалж байгаа иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх зэрэг ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Тухайлбал, НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл” арга хэмжээг 06 дугаар сарын 10-аас зохион байгуулан ажиллаж байна. “Завьт эргүүлийнхэн” өнөөдрийг хүртэл 35 иргэний амь насыг авран хамгаалж, усанд суусан долоон автомашиныг татан гаргасан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.