Categories
мэдээ нийгэм

АНУ-ын Энхтайвны корпусын сайн дурын ажилтнуудын тангараг өргөх ёслол боллоо

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Монгол Улсад ажиллахаар ирсэн АНУ-ын Энхтайвны корпусын сайн дурын ажилтнуудын 30 дугаар багийн тангараг өргөх ёслолын арга хэмжээнд оролцож, үг хэлэв. Тэрбээр Энхтайвны корпус нь 30 шахам жилийн өмнө манай улсад анх үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш сайн дурын ажилтнуудаа илгээн ажиллуулж, Монгол Улсын нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулж, ялангуяа эрүүл мэнд, боловсролын салбарт чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцлов.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн сайн дурын ажилтнуудын урам зориг, ажлын үр бүтээл нь Монгол, АНУ-ын хоёр талын харилцаанд томоохон хувь нэмэр оруулж буйг сайшаан тэмдэглээд, шинээр тангараг өргөж буй сайн дурын ажилтнуудад баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. Тангараг өргөх ёслолын арга хэмжээнд АНУ-аас Монголд суугаа Элчин сайд М.Клечески, Монгол дахь Энх тайвны корпусын захирал К.Мансарай, Энхтайвны корпусын сайн дурын ажилтнууд, зочид оролцов.

Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар алт олборлосон хятад иргэдийг холбогдох байгууллагад нь шилжүүлжээ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумийн нутагт хууль бусаар, хятад иргэд алт олборлож байна гэх мэдээллийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Прокурор, Цагдаагийн байгууллага хамтран 2019 оны долоодугаар сарын 19-ний өдөр газар дээр нь очиж хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар Ерөө сумын Бугант тосгонд “Сэлэнгэ Эрдэнэ вангийн хошуу” нөхөрлөл нь 3.96 га талбайд АМГТГ-аас олгосон дүгнэлт, сумын Засаг даргатай байгуулсан гэрээний үндсэн дээр бичил уурхайн үйл ажиллагааг явуулахаар хөрс хуулалтын ажил хийж байсан. Мөн БНХАУ-ын 8 иргэн алт угаах тоног төхөөрөмжийг угсрах ажил гүйцэтгэж байсныг шалгахад ямар нэг бичиг баримтгүй ажиллаж байв.

Иймд тус нөхөрлөлийн тоног төхөөрөмж, техник хэрэгслийг битүүмжлэн Цагдаагийн байгууллагад шилжүүлж, гадаадын иргэдтэй холбоотой асуудлыг аймгийн Гадаадын иргэн харъяатын газраас шалгаж байна. Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Ерөө сумын нутагт ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг үргэлжлүүлэн хийж байна гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хүлээн авалтад хэрэглэсэн бүтээгдэхүүнээс эмгэг төрөгч нян илэрчээ

Энэ сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “Даянхаан” зоогийн газарт зохион байгуулагдсан хүлээн авалтад орсон хүмүүс хоолны хордлогод өртсөн бөгөөд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус зоогийн газарт хяналт шалгалт хийж, хүлээн авалтад хэрэглэсэн хүнсний түүхий эд материал, хоолны дээж, унд ахуйн ус, орчны арчдас, мөн хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг худалдаалж байсан дэлгүүрүүдээс хүнсний бүтээгдэхүүний дээж зэрэг нийт 28 нэр төрлийн сорьцийг авч лабораторид шинжлүүлсэн юм.

Шинжилгээний дүнгээр тухайн хүлээн авалтад бэлтгэсэн зууш, 2-р хоол, мөн үлдэгдэл тахианы мах, өндөг, хиам, гахайн утсан мах зэрэг бүтээгдэхүүнээс гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян /Salmonella/, мөн өвчтөнүүдээс авсан шинжилгээгээр тухайн хоолны хордлого үүсгэгч нян илэрч, Салмонела нянгаар үүсгэгдсэн хоолны хордлогын дэгдэлт болох нь тогтоогдов.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас БОЭТ-ийн халдвартын тасаг болон шинээр дэлгэсэн тасагт халдвар хамгааллын дэглэм хангуулах, эмчилгээ, оношилгооны чанарт хяналт тавин, зөвлөгөө зөвлөмжөөр хангаж ажиллаж байна.

“Даянхаан” зоогийн газар нь байнгын үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд одоогоор үйл ажиллагааг зогсоож, Зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагааг үргэлжлүүлэн хийж байна. Мөн хүлээн авалтад хэрэглэсэн хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг худалдаалсан дэлгүүрүүдэд хяналт шалгалтын ажил үргэлжлэн хийгдэж байна.

Categories
мэдээ нийгэм

Б.Индра: Налайхын зам аравдугаар сарын сүүлээр ашиглалтад орно

Улаанбаатар хотын авто замын ачаалал, зам тээврийн ослыг бууруулах, иргэдийг ая тухтай орчинд амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор Засгийн газрын болон Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгасан авто зам, гүүрийн бүтээн байгуулалтын ажил нийслэлд ид өрнөж байна. Тухайлбал, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам засварын ажил өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-ны өдөр эхэлсэн. Тус авто зам тавих ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын төрийн өмчийн компани ажиллаж буй. Налайхын зам нь олон улсын стандартад нийцсэн дөрвөн эгнээтэй, бүрэн гэрэлтүүлэг, явган хүний болон дугуйн замтай болох юм.

Өнгөрсөн хугацаанд дээрх замыг заасан хугацаандаа ашиглалтад орохгүй гэх яриа гарах болсон. Тэгвэл Нийслэлийн Автозамын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра хэлэхдээ “Усархаг бороо орж буй өдрүүдэд технологийн горимыг алдуулахгүйн тулд замын ажлыг зогсоодог. Бусад өдрүүдэд бороотой өдрийн ажлуудыг нөхөж хийхийг хичээж байна. Иймээс бороо орж байгаатай холбоотойгоор тодорхой хэмжээний хоцрогдол бий. Гэхдээ Налайхын замыг аравдугаар сарын сүүлээр нээнэ. Шинээр барьж буй Баянзүрхийн гүүртэйгээ уялдуулж, ашиглалтад оруулна” гэв.

Бүтээн байгуулалтад 36.5 сая ам.доллар зарцуулах бөгөөд Налайх дүүргийн малчин өрхүүдийн мал, Горхи, Тэрэлжийн зэрлэг ан амьтан зам гарч байхдаа автомашинд мөргүүлэх тохиолдол их гардаг учраас гол зам дагуу, амьтны нүхэн гарц барихаар төлөвлөсөн нь онцлог аж.

Categories
мэдээ спорт

Казах курес бөхийн ААШТ Монгол бөхийн өргөөнд эхэллээ

Казах курес бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Монгол бөхийн өргөөнд эрэгтэйчүүдийн 82кг, 100кг-ийн жингийн барилдаануудаар эхэллээ. Өнөөдөр таван жингийн барилдаанууд болж, аваргууд тодорно.

Энэ удаагийн тэмцээний хамгийн эхний ялалтыг 82кг-ийн жинд барилдсан Монголын тамирчин Б.Гаажадамба өрсөлдөгч Энэтхэг улсын тамирчныг ялж, авлаа. Мөн Монгол улсын тамирчин Б.Серик өрсөлдөгч Узбекстан улсын тамирчныг ялж эхний ялалтаа авлаа.

Тэмцээнийн барилдаанууд хоёр дэвжээнд болж байгаа бөгөөд Б дэвжээнд +100кг-ийн жингийн барилдаанууд үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга “Оюутан цэрэг” сургалтын үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штаб болон Үндэсний Батлан хамгаалахын их сургууль хамтран зургаа дахь жилдээ зохион байгуулж буй “Оюутан цэрэг” сургалтын үйл ажиллагаатай Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр танилцлаа.

Цэргийн насны залуусын цэргийн алба хаах хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлэх боломжийг нэмэгдүүлэх шаардлага тулгарсны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 92 дугаар зарлиг гарснаар 2014 оноос эхлэн “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн юм.

Улмаар 2016 оны есдүгээр сарын 1-ний өдөр Улсын Их Хурлаас баталсан “Цэргийн албаны тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт “Оюутан цэрэг” хөтөлбөрийг тусгаж, эрх зүйн орчин нь тодорхой болсноор өдгөө цэргийн албаны шинэ төрөл болон хэрэгжих нөхцөл бүрджээ.

Энэ хугацаанд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургуулиудад суралцаж буй 5500 орчим залуу сургалтад хамрагдаж, дайчилгааны нөөц, нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн болж бэлтгэгдээд байна.

Оюутан цэргийн сургалтын онцлог нь нэг жилийн хугацаат цэргийн алба хаагчдын сургалтын агуулгыг багтаасан, ачаалал нягтрал сайтай, шахуу сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлдэгт оршдог юм. Хөтөлбөрийн хүрээнд оюутнууд дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн хоёр сарын хугацаанд Улаанбаатар хотод Цэргийн ерөнхий бэлтгэл сургалтад, зургадугаар сарын 15-наас эхлэн мөн хоёр сарын хугацаанд Цэргийн мэргэжлийн хээрийн бэлтгэл сургалтад хамрагддаг байна.

Энэ жилийн хувьд “Оюутан цэрэг” сургалтад орон даяар 1000 орчим оюутныг сонгон авснаас нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 60 гаруй их, дээд сургуулийн 700 орчим оюутан Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн хээрийн сургалтын төвд цэргийн мэргэжлийн хээрийн бэлтгэлд гарчээ. Харин орон нутгийн их, дээд сургуулиудын оюутнууд Ховд, Орхон, Өвөрхангай, Дорнод аймгуудын нутагт буй цэргийн ангиудыг түшиглэн хээрийн бэлтгэл сургалтад хамрагджээ.

2014 онд анхны “Оюутан цэрэг” сургалтаар 500 оюутныг буудагч мэргэжлээр сургаж байсан бол сургалтын хөтөлбөрийн чанар, цар хүрээ жил бүр өргөжин тэлсээр энэ жилийн оюутан цэргүүд буудагч, пулемётчин, грантомётчин, инженерийн тагнуулчин-байлдагч, химичин-ариутгагч-байлдагч, химичин-тагнуулчин-байлдагч, артиллерийн тагнуулчин-байлдагч, артиллерийн тооцоочин-байлдагч, радиотелефончин-байлдагч, холбооны-хянагч-байлдагч, ариун цэврийн зааварлагч-байлдагч зэрэг цэргийн 11 бага мэргэжлийг эзэмшээд байна.

Их, дээд сургуулийн оюутнууд суралцах хугацаандаа “Оюутан цэрэг” сургалтад хамрагдсанаар Монгол Улсын Зэвсэгт хүчний дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөц нэмэгдэх, улс орны батлан хамгаалах чадвар сайжрах, их, дээд сургуулийн төгсөгчид төрийн албанд ажиллах нөхцөл бүрдэх зэрэг чухал үр дүн гардаг.

Мөн хугацаат цэргийн албатай харьцуулахад “Оюутан цэрэг” сургалт нь нэг цэргийн жилийн зардлыг 3 дахин багасгаснаараа эдийн засгийн хэмнэлт дагуулж байгаа юм.

Сургалтад хамрагдсан оюутнууд хичээл сурлагын ахиц үзүүлж, цэрэг эх оронч үзэлтэй, ёс суртахууны зөв төлөвшилтэй болж, бие бялдар, эрүүл мэндийн хувьд сайжирдаг байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдыг Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн Хээрийн сургалтын төвд ажиллах үеэр оюутан цэргүүд энэ талаар ярьж, сургалтын үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байв.

Оюутан цэргүүдийн тав тухыг хангах, сайжруулахын тулд 2018 онд Хээрийн сургалтын төвд цэргийн байр барих дэд бүтцийн асуудлыг шийдэж, олон улсын жишигт нийцсэн байр барьсан байна. Харин энэ жил цэргийн байрыг өргөтгөн, нэмж 7 байр барьснаар тус төв нь 1000 хүний багтаамжтай болжээ. Ирэх жилийн сургалтаас өмнө Хээрийн сургалтын төвд буудлагын иж бүрэн талбай ашиглалтад орох юм байна.

6 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаад буй “Оюутан цэрэг” сургалтын үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцсаныхаа дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оюутан цэргүүдэд хандан “Та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Цаашид сургалтад оролцож буй оюутнуудын тоог нэмэх, хамрагдахыг хүссэн оюутан бүрт боломж олгох нь зүйтэй гэж үзэж байна. Одоо батлагдсан төсвөөр 1000 орчим оюутан цэргийг сургаж байгаа бол энэ тоог хоёр, гурав дахин нэмэх хэрэгцээ байна гэж харж байгаа. Албаа сайн хааж, маргааш тангаргаа өргөөд, есдүгээр сарын 1-нд хичээлдээ орж, сурлагын амжилт гаргахыг хүсье. Энд өнгөрүүлсэн дөрвөн сар та бүхний амьдралдаа өнгөрүүлсэн хамгийн үр дүнтэй, цэгцтэй, үр ашигтай дөрвөн сар болно гэдэгт итгээрэй. Удахгүй мэдрэх байх. Энэ ажлыг санаачилж, амжилттай хэрэгжүүлж яваа хүмүүст баяр хүргэж, амжилт хүсье” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Хөгцөрсөн йогурт худалдаж байсан зөрчил илэрчээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шуурхай албанд ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу БЗД-ийн 14-р хорооны Номин тав трейд ХХК-ний Номин all mart дэлгүүрт 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар Альпенгурт йогуртын гадна талаар хөгц мөөгөнцөр үүсэж тогтсон байдалтай худалдаж байсан зөрчил илэрлээ.

Гомдол гаргагчийн өгсөн йогурттай ижил нэрийн, ижил огноотой 15 ширхэг тарагийг НМХГ-ын төв лабораторит шинжилгээнд өгч зөрчлийн хэрэг нээн ажиллаж байна.


Categories
мэдээ нийгэм

​”Рерих нар ба Монгол” олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ

“Рерих нар ба Монгол” Олон улсын эрдэм шинжилгээний II Их хурал Улаанбаатар хотноо Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн Монгол Зургийн танхимд эхэллээ.

Энэ үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол Улсын Засгийн газраас Санктпетербург хот дахь Н.К.Рерихийн гэр музей институтын үйл ажиллагааг дэмжин санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэснийг албан ёсоор мэдэгдлээ.

Эрдэм шинжилгээний хуралд ОХУ, Израйль, БНХАУ, Австрали зэрэг улс орны эрдэмтэн судлаачид оролцож, судалгааныхаа илтгэлийг тавьж, хэлэлцүүлнэ.

Хурлын үеэр Дүрслэх урлагийн музейн судлаачид өөрийн сан хөмрөгт хадгалагдаж байдаг Н.К.Рерихийн бүтээж, 1927 онд Монгол Улсын Ерөнхий сайд Б.Цэрэндоржид бэлэглэж байсан “Улаан хөлөгт баатар” уран зургийн химийн шинжилгээний талаар сонирхолтой мэдээлэл өгөх юм.

Рерих нь Монгол орноор тойрон аялсныхаа дараа энэхүү бүтээлээ туурвисан бөгөөд “Шамбалын хаан Рэгдэндагва ирж байна, монгол эх оронд шамбалын эрин үе ирж, ард иргэд нь олноор жарган суух сайн цаг болно” хэмээн бэлгэдэн зурсан гэж үздэг байна.

Categories
мэдээ нийгэм

Агаарын чанарыг сайжруулах журмыг шинэчлэн баталлаа

Агаарын тухай хууль, Засгийн газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хорих тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг Нийслэлийн хэмжээнд зохион байгуулах зорилгоор оролцогч талуудын эрх, үүргийг нарийвчлан тогтоож, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль эрх зүйн хүрээнд Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2019 оны наймдугаар сарын 14-ний хамтарсан А/433-А/820 дугаар тушаал захирамжаар шинэчлэн баталлаа.

Энэхүү журмаар:

  • Сайжруулсан хатуу түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, борлуулалтыг иргэдэд хүргэх зохицуулалт, тухайлбал агаарын чанарыг сайжруулах бүсийн иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хэрэгцээнд шаардлагатай сайжруулсан хатуу түлшний үйлдвэрлэлийн асуудлыг Эрчим хүчний яам, түүний нийлүүлэлт, борлуулалтын сүлжээг нийслэлийн Засаг даргын Тамгын газар хариуцахаар томъёолж өгсөн.
  • Мөн дулаан үйдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн өөрөөр хэлбэл халаалтын зуух эрхлэгчдийн үйлдвэрийн нормативын дагуу түлшний хэрэглээг нь тооцож түүхий нүүрс тээвэрлэх зөвшөөрлийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, түүхий нүүрс хэрэглэхийг зөвшөөрсөн хороодын хэрэглээг сар бүрээр тооцож, тухайн нутаг дэвсгэрт байгаа иргэн, хуулийн этгээдийн хэрэгцээт түлшний тээвэрлэлтийн зөвшөөрлийг тухайд хороодын Засаг дарга нарын тодорхойлолтыг үндэслэн нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар олгохоор тус тус заасан.

Хяналтын арга хэмжээний зохион байгуулалтыг төрийн захиргааны төв байгууллага, бүх шатны Засаг дарга, холбогдох чиглэлийн улсын байцаагч, цагдаагийн байгууллагын эрх бүхий албан хаагч нар иргэд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны орон тооны бус ажилтан, хэсгийн ахлагч нартай хамтран хяналт тавьж гэм буруутай этгээдэд Агаарын тухай хууль болон Зөрчлийн тухай хуулиар хариуцлага ногдуулна.

Агаарын чанарыг сайжруулах журам нь иргэн, хуулийн этгээдийн дагаж мөрдөх хэм хэмжээг тогтоох, хариуцлага ногдуулах, хэрэгжүүлэх арга хэмжээг нарийвчлан тодорхойлох, оролцогч талуудын эрх, үүргийг тогтоох улмаар агаарын тухай болон бусад холбогдох хууль, Засгийн газрын шийдвэрийг нийслэлд хэрэгжүүлэхэд оршино.

Categories
мэдээ улс-төр

​Д.Тогтохсүрэн: Парламентын гишүүдийн тоог 108 болгохыг гишүүд дэмжихгүй байгаа

Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дээр МАН-ын бүлэг энэ даваа гарагаас эхлэн бүтэн дөрвөн өдөр хуралдаад байна. Бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар МАН-ын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс мэдээлэл авлаа.

Д.Тогтохсүрэн “УИХ-ын 62 гишүүнээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн барьсан. Дээр нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой төсөл өргөн баригдсан. Энэ хоёр төслийг нэгтгэх, цэгцлэх, зөвшилцөх асуудал яригдаж байна. Хоёр ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Нэг нь Ө.Энхтүвшин даргаар ахлуулсан ажлын хэсэг нөгөө нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ахлуулсан Үндэсний зөвшилцлийн Ажлын хэсэг ажиллаж байна. Эдгээр ажлын хэсгийн санал, хуулийн төсөл дээр МАН-ын бүлэг дөрвөн өдөр хуралдлаа. Эцсийн шийдэл гараагүй. Хэдэн зүйл дээр тогтоогүй байгаа.

Парламентын гишүүдийг 108 болгох заалтыг тоо нь олон байна гэж гишүүд үзэж, дэмжихгүй гэдэг саналтай байгаа. Гишүүдийн тоог нэмэх дээр олон нийт шүүмжлэлтэй хандах байх. МАН-ын бүлгээс өчигдөр, өнөөдөр Ерөнхийлөгч болон АН-тай зөвшилцөх ажил хийгдэж байна. АН-ын хувьд ирэх нэг дэх өдөр хуралдаж, шийдвэрээ гаргая гэж байгаа” гэлээ.