Categories
мэдээ нийгэм

“Хуралдайн наадам” шонхорын баяр болж байна

ӨнөөдөрХуралдай наадам” шонхорын баярын арга хэмжээг “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулж байна.

Монголчууд эрт дээр үеэс эхлэн шонхор шувууг туг сүлдэндээ тахин шүтэж, ахуй амьдралдаа гаршуулан, түүгээр ан ав хийж байсан түүхэн уламжлалтай. Шувуулахуй нь Юнескогийн Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны хэлтсээс Хүн Төрөлхтний Биет бус соёлын өвийн жагсаалтад 2009 оны 12-р сарын 21-ний өдөр бүртгэгдсэн байдаг.

Эртний Монголын түүх, соёлтой шууд холбогддог үндэсний бахархалт шонхор шувууны талаар олон нийтэд сурталчлан таниулах, шонхорын наадгайг Аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн болгох, биет бус соёлын өвийг сэргээх зорилгоор “Цагаан Шонхор Гэрэгэ” ТББ, Монгол шувуулахуйн клуб, Монголын этноспортын холбоо, Монголын шувуулахуйн холбоо зэрэг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.

“Хуралдайн наадам” шонхорын баярын хөтөлбөрт:

  • Морь харвааны тэмцээн
  • Шонхор шувуу, Тайга ноход, Морьт харваачдын парад
  • Ардын урлагийн их театрын тоглолт
  • Морьтны гайхамшигт шоу тоглолт
  • Шонхор шувууны үзүүлбэр, тэмцээн
  • Шонхор шувуугаар хиймэл ан бариулах үзүүлбэр
  • Агаарт нисэх, олз бариулах үзүүлбэр зэрэг багтаж байна.
Categories
мэдээ нийгэм

Голууд үерийн түвшинг даван хүчтэй үерлэж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр Орхон гол, Сэлэнгэ мөрний адаг болон Туул гол, Алтанбулаг сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгдсэн байна. Хэнтий нуруунаас эхтэй Хараа, Онон, Туул болон Хэрлэн голын нийт уртын дагууд мөн түүнчлэн Алтай нурууны Ховд, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см, Туул гол Лүн сум орчимд үерийн аюултай түвшинг 35 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Иймээс голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх, мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг анхааруулж байна.

Categories
мэдээ цаг-үе

Манай гаригийн хамгийн үнэтэй зарагдсан уран зургууд

Сальвадор Мунди

Уншигчдадаа бүх цаг үеийн туршид хамгийн өндөр үнээр зарагдсан зургуудаас хамгийн сор гэгддэг гурвыг нь танилцуулахаар бэлтгэлээ. Гэхдээ эдгээр зургуудыг дэлхийн хамгийн үнэтэй зургууд гэж шууд ойлгож болохгүй. Зөвхөн зарагдсан байдлаар нь авч үзсэн гэдгийг анзаарна биз ээ. Дэлхий дахинаа шагшин магтаж, шүтэж буй эдгээр зургуудын түүх болон илэрхийлэмжийн талаар уншигчдадаа хүргэхээр урлаг судлаач Эсүд хандлаа.

“САЛЬВАДОР МУНДИ” – ЛЕОНАРДО ДА ВИНЧИ

Манай эриний 1500-гаад оны үед амьдарч уран бүтээлээ туурвиж байсан Сэргэн мандалтын үеийн зохион бүтээгч, агуу сэтгэгч, зураач Леонардо Да Винчигийн бүтээл болох “Сальвадор Мунди” 450.3 сая ам.доллараар зарагдсанаараа дэлхийн хамгийн өндөр үнэтэй уран зургуудыг тэргүүлж байна. Да Винчиг агуу уран зураач гэдгээр нь хүн төрөлхтөн андахгүй ч таван зууны өмнө амьдарч байсан тэр сод хүн зохион бүтээх ажилдаа илүү их цаг зарцуулсан байдаг юм. Амьдралдаа 30-аадхан уран зураг зурснаас 20 хүрэхгүй нь л дэлхийн хүмүүст өвлөгдөн үлджээ.

Цөөхөн бүтээл үлдээсэн учраас Да Винчигийн зургийг зах зээл дээрээс олж авна гэдэг бараг л боломжгүй зүйл. Нэг уран бүтээл дээр маш удаан ажилладаг, зурж байх явцдаа техникээ үргэлж өөрчлөн, эрэл хайгуул хийдэг байсан гэдэг. Тэгж удаан зурдаг болохоор нь хүмүүс захиалга өгөх дургүй байсан ч гэлцдэг. Урлаг судлаач Эсү “Да Винчигийн нэг онцлог нь маш нарийн өнгөний давхраануудыг давхарлан зурсан байдаг. Өөрөөр хэлбэл ингэж байж зурааснаас салдаг. Бидний нүдэнд харагдаж буй бүхэнд зураас гэж байхгүй. Бүгд л гэрэл сүүдэр, өнгөний шилжилт. Бүр энгийнээр хэлбэл, Да Винчи өнгөний цаанаас өнгө гаргаж ирснээр зурааснаас салж чадсан юм. Цэвэр гэрэл сүүдрийн тоглолт хийж байна гэсэн үг” гэлээ. Түүн шиг байгалийн өнгийг ингэж “амьдруулсан” хүн бараг байхгүй гэнэ.

Да Винчигийн гайхамшиг ингээд зогсохгүй. Бурхны зургууд нь зөвхөн түүнийх гэх том онцлогтой. Түүнээс өмнөх зураачид бурхныг жишээ нь, Христийг дүрсэллээ гэхэд эзэн, их хаан гэх зэрэг хэвшмэл тодорхой утга дотор, тигийн дагуу бүтээдэг байж. Харин Да Винчи бурхдын дүрд хүний шинж чанаруудыг оруулж ирсэн гэх тодотголоороо уран зургийн ертөнцөд тод гялалздаг. Ганц Да Винчи ч гэлтгүй сэргэн мандалтын үеийн зураачид бурхад, дарь эхүүд хүмүүс бидэнтэй л адил энэлдэг, шаналдаг, эргэлздэг, ухаардаг гэдгийг харуулахыг зорьж эхэлжээ. Да Винчигийн хувьд бурхан, дарь эхийн хөргийг бүтээхдээ ухаалаг шинж чанаруудыг “сийлж” өгснөөрөө дүрслэх урлагт нэр, мөрөө үлдээж чадсан суутан.

Түүний энэ ялгарлыг “Сальвадор Мунди”-гээс харж болно. Христ баруун гараараа загалмайг дүрсэлсэн байгаа нь бүгдийн эзэн хаан гэсэн илэрхийлэл. Царайнд нь хүчирхэг ухаарал тодорно. Гэхдээ энэрэл нигүүлслийн зөөлөн ухаалаг төрх биш. Сэтгэл хөдлөлөөс нэгэнт ангид оршиж, гэгээрэлд хүрсэн бурхны төрх “Сальвадор Мунди”-гаас харагдана. Зурагт дүрсэлсэн бурхны баруун гарын хөдөлгөөн нь загалмайг илэрхийлсэн, адислаж ивээж байна гэсэн утга, бэлгэдэлтэй. Энэ хөдөлгөөн нь гэмтэй хүн төрөлхтнийг адислаж байгаа пантакратар гэх христийн шашны тиг юм. Зүүн гартаа болор шилэн бөмбөлөг барьсан нь ч цаанаа гүн утгатай. Ертөнцийн эрх мэдлийг илэрхийлж байгаа дүрслэл. Энэ дүрслэл нь үзэгдэх, үл үзэгдэх ертөнцийн хаан гэсэн санааг илэрхийлнэ. Да Винчигийн “Сальвадор Мунди”-д дүрсэлсэн Христ уран зургийн олон бүтээлд туссан цовдлуулж харгислуулсан шаналант нэгэн биш. Тэр Христийн үхлийнхээ дараа амилсан төрхийг нь урлагт мөнхөлсөн юм. Гэхдээ ухаалаг, бясалгасан, нугаршгүй цэгц хааны дүрээр.

Эртний Грекийн үеийн туурвигчид сэтгэл хөдлөлийг байх ёсгүй зүйл хэмээн үзсээр ирсэн нь сэргэн мандалтын үед ч хэвээрээ байжээ. Ихэмсэг хүйтэн, сэргэлэн ухаантай, аливаа зүйлийг бодитойгоор харж, элдэв янзын сэтгэл хөдлөлгүй орших ёстой, тийм дүрийг урлагт үлдээх ёстой гэж үздэг байж. Да Винчи ч мөн адил хөрөг зураг зурахдаа энэ зарчмаас хазайдаггүй байсныг “Сальвадор Мунди”-гаас харж болно. “Сальвадор Мунди”-д дүрсэлсэн Христийн өмсгөл сэргэн мандалтын үеийнхний өмсч байсан хувцас. Бурханд өөрийнхөө цаг үеийн хувцсыг өмгөсөн нь Да Винчигийн бүтээлийн бас нэг онцлог. Ухаандаа өнөөгийн цаг үед хэн нэг зураач Христийг дүрслэхдээ хослол өмсүүлж зурахтай ялгаагүй л дээ. Христийг өөрийнхөө өмсдөг өмсгөлтэйгөөр зурсан нь бид бурхадтай эн зэрэгцэнэ гэсэн санааг илэрхийлнэ. Цэнхэр өнгө нь мэдээж тэнгэрийн бэлгэдэл.

“Сальвадор Мунди”-г 1505 оноос хойш зурсан хэмээн шинжээчид үздэг. 1958 онд уг зураг Лондонгийн нэгэн дуудлага худалдаан дээр 60 ам.доллараар зарагдаж байж. Тухайн үед зургийг Леонардо да Винчигийнх биш, түүний дагалдагчийн зурсан хувилбар гэж дүгнэцгээж байжээ. Улмаар 2011 онд Да Винчигийн зураг мөн юм хэмээн баталсан байдаг. Зургийн нэр нь латин хэлээр “Ертөнцийг аврагч” гэсэн утгатай. Уг зургийг 2017 оны арваннэгдүгээр сарын 15-нд Нью-Йорк хотод байрлах Кристигийн дуудлага худалдаанаас Саудын Арабын анхны Соёлын сайд, хунтайж Бадр бин Абдулла утсаар холбогдон худалдан авч байжээ. Сонирхуулахад, өмнөх эзэмшигч нь Оросын бизнесмэн, хөрөнгө оруулагч Дмитрий Рыболовлев. Тэрээр 2019 онд “Форбес” сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 224 дүгээрт бичигдсэн байна.


Хөзөрчид

“ХӨЗӨРЧИД”- ПОЛ ЦЕЗАННИ

Францын пост-импрессионист зураач Пол Цезанни ид туурвиж байсан он жилүүдийнхээ төгсгөлд буюу 1890-ээд оны эхээр “The card players” буюу “Хөзөрчид гэсэн таван цуврал зураг зурсан байдаг. Хувилбар бүрийн хэмжээ болон зургийн өгөгдлүүд өөр өөр. Тухайлбал хөзөрчдийн тоо, тоглож буй газар гэх мэт. Цезанни нь уг цуврал зургуудаа бүтээхийн тулд маш их судалгаа хийсэн гэдэг. Түүнийг урлагийн ертөнцийнхөн модернист урлагийн эцэг гэдгээр нь анддаггүй. Малгайны худалдаачны хүү угсаа гарвалгүй тариачны охинд дурлаж гэр бүл болсон гэдэг. Модель авчирч студид суулгах мөнгөгүй байсан тул зургийнх нь натур алим, жүрж төдийхөн байсан үе бий. Гэхдээ түүний энэ төрлийн бүтээлүүд уран зургийн ертөнцөд алдартай.

Урлаг судлаач Эсү “XVI зуунаас авахуулаад уран зургийн үүсэл хөгжлийг ажиглахад тодорхой зарчмын дагуу явж ирсэн. Тэрэн дундаа өгүүлэх түүх өгүүлэхгүй түүх гэж байсан. Баатарлаг шинж чанартай зураг зурах ёстой. Зүгээр нэг энгийн амьдралын хэв маягийг, жишээ нь архи уугаад хөзөр тоглож байгаа хүмүүсийг зурахгүй гэдэг ч юм уу. Улс орны онцгой үйл явдлын түүхэн зураг, Христийн хөрөг, уран зохиолын түүх гэх зэрэг дүрүүдийг илэрхийлэх ёстой гэж үздэг байсан л даа. Энэ хэв шинжийг импрессионистууд эвдэж, өдөр тутмын амьдралын гоо зүйг олж харсан юм. Өөрөөр хэлбэл тэд бүтээлдээ энгийн амьдралыг дүрслэх болсон. Академик түвшний зураачид дандаа студид, өөрийн санаандаа байгааг дүрслэн зурдаг байсан бол импрессионистууд анх удаагаа байгалийн зураглалыг маш хүчтэйгээр гаргаж ирсэн байдаг. Ерөнхийдөө импрессионистууд болон нео-импрессионистууд харж байгаа зүйлээ зурдаг бол пост-импрессионистууд харахыг хүсч байгаа зүйлээ зурдгаараа онцлог. Жишээ нь Ван Гогийн “Одот шөнө”-ийг авч үзэхэд амьдрал дээрх одтой шөнө хэзээ ч тийм байдаггүй. Тэр харахыг хүссэн, мэдэрч байгаа зүйлээ л зурсан хэрэг” гэж ярилаа.

Цезаннигийн зургууд дээрх хүний дүрүүд нь баримал шиг шинж чанартай, хөдөлгөөнгүй, нэлээн бүхэлдүүлсэн хэв маягтай. Да Винчи гэхэд л нарийн гэрэл сүүдэр ашигладаг байсан бол Цезанни том том бүхэл цэг болон өнгөний хавтгайгаар тоглодог байж. Энэ нь аажмаар кубизм, абстракт шинж чанар руу оржээ. Юмыг заавал бодитоор дүрслээд байх албагүй юм байна гэдгийг Цезанни гаргаж иржээ.

“Хөзөрчид” зураг нь зохиомжийн хувьд тэгш зохиомжтой. Энгийн ажилчин хүмүүс нэг орой суугаад хөзөр тоглон алжаалаа тайлж буй эгэл амьдралын агшныг энэ зургаас харж болно. Зураг дээрх эрс сэтгэл хөдлөл багатай, чулуун баримлууд шиг харагдах боловч яг тэдний хөзөр тоглож суугаа орчинд аваачиж чаддаг нь Цезаннигийн онцлог.

Эдгээр зургийн нэг хувилбарыг 2011 онд Катарын хааны удмын гэр бүл 250 сая ам.доллараар худалдаж авчээ. Энэ зураг уг нь АНУ-ын Флорида мужаас гаралтай Дэвисийн гэр бүлд 225 саяар зарагдах гэж байсан гэдэг.


Хурим хэзээ вэ

“ХУРИМ ХЭЗЭЭ ВЭ”- ПОЛ ГОГЕН

Францын пост-импроссионист уран зураач Пол Гогений “When will you marry” буюу монголчилбол “Хурим хэзээ вэ” нэртэй тосон зураг дэлхийн хамгийн үнэтэй зургуудын тоонд зүй ёсоор багтана.

Импроссионист урлагийн гол төлөөлөгч Гоген 1891 онд Номхон далайн төв хэсэгт байрладаг, Францын Полинезийн арлуудын хамгийн том нь болох Таити арлыг зорьсон байдаг. Ингэхдээ тэрээр хуурамч, дүр эсгэсэн, хэлбэрийн урлагийг бус цэвэр, энгийн, өөрөөр хэлбэл балар эртний урлагийг бүтээх онгод олж авна хэмээн найдаж байж. Гэсэн ч Таити төсөөлж байсан шиг нь биш байсан юм. XVIII зуунд колоничлогдсон тус арлын уугуул иргэдийн гуравны хоёр нь европчуудын авчирсан өвчний улмаас амиа алдсан байж. Эртний, энгийн урлаг тэнд нэгэнт үгүй болсон байсан ч зураач тэнд амьдрах хугацаандаа нутгийн бүсгүйчүүдийн маш олон зургийг зурсны нэг нь “Хурим хэзээ вэ” зураг нь юм. Тэнд очихоосоо өмнө символист буюу бэлгэдлийн чанартай уран зургууд их зурдаг байж. Таитид зурсан зургуудад нь ч бэлгэдэл ихээхэн шингэсэн гэж судлаачид үздэг. Гогеныг тэнд байхдаа домог, шүтлэг гэх мэтийн зүйлсийг нутгийн иргэдээс шингээж авсан гэдэг юм билээ. Гогены зураг зурах техник нь Цезаннитай тун төстэй, бүхэл бүхэл өнгөний толбонууд ашиглан зурдаг байж. “Хурим хэзээ вэ” зэргийг авч үзэхэд л таити эмэгтэйчүүдийг бурханчилж, ерөнхийлөн зурсан хэлбэртэй хэмээн уран зураг судлаачид онцолдог. Харин урлаг судлаач Эсү “Зураг дээрх хоёр эмэгтэйн суусан байдал, үсэндээ хатгасан цэцэг гэх зэрэг нь бэлгэдлийн шинж чанартай гэж судлаачид хэлдэг. Харин би хувьдаа заавал тийм байх ёстой гэж үздэггүй. Бүх зүйл бэлгэдэлтэй байх ёстой гэдэгтэй санал нийлдэггүй юм. Наана сууж буй эмэгтэй сониуч, хэрэгт дурлагч, аз жаргалтай эмэгтэй л гэж харагддаг. Тэрнээс биш зарим судлаачдын хэлдэг шиг бурханлаг шинж чанар нэг их мэдрэгддэггүй. Цаад талын эмэгтэйн хувьд мутрын байрлал зэрэг нь бэлгэдлийн чанартай байх магадлал өндөртэй” хэмээн урлаг судлаач Эсү хэлж байна. “Хурим хэзээ вэ” зургийн тухайд 2014 оны есдүгээр сард Швейцарийн бизнесмэн Рудольф 210 сая ам.доллараар худалдан авсан түүхтэй. Дашрамд онцлоход энэ зураг дэлхий дээрх хамгийн үнэтэй зарагдсан уран зургийн жагсаалтын дөрөвдүгээрт жагсдаг.

Төгсгөлд нь хэлэхэд Гоген, Цезанни, Ван Гог зэрэг уран зураачид өнгийг маш зоригтойгоор өөрчилж эхэлсэн юм. Тэдний энэ шийдэл модернист буюу орчин үеийн урлаг хөгжихийн үндэс болжээ. Өөрөөр хэлбэл тэд бол XX зуунд гарч ирсэн олон изм буюу үзэл онолуудын анхдагчид, хүн төрөлхтний дүрслэлийн сэтгэлгээг задалсан суутнууд.

А.МӨНХЗУЛ

Categories
мэдээ цаг-үе

С.Чинзориг: Алтран шаргалтах элс нь зүмбэртсэн ариухан дөлгөөн Эрээн нуур манай Жаргалангийн сүлд дуу юм

“Эх орон сумаас эхэлнэ” буландаа цагдаагийн хурандаа Содномцэрэнгийн Чинзоригийг урьж ярилцлаа.


-Та бид хоёр таны унаган нутаг Говь-Алтай аймгийн Жаргалан сумын тухай ярилцаж байна. Эхлээд сумынхаа үүх түүхийн талаар ярихгүй юу?

– Манай сум хуучнаар Засагт хан аймгийн Үйзэн түшээ гүний хошуу гэж нэрлэгдэж байгаад, 1924 онд Хантайшир уулын аймгийн Мөнх Өлзийдэлгэр уулын хошууны бүрэлдэхүүнд Жаргалан сум гэж байгуулагдсан түүхтэй. Сум маань аймгийнхаа Тайшир, Шарга, Баян-Уул сумдтай, Завхан аймгийн Алдархаан, Цагаан чулуут зэрэг сумуудтай хил залган Алтай хотоод хойш 100 км-т баруун талаараа Дархан цаазат Хасагт хайрхан уул, хойгуураа Жаргалан уул, Монголын их элс, зүүн талаараа Завхан гол, урдууруу долоон тогооны аарагаар хүрээлэгддэг. Алтай хангай, тал хээр, говийн бүсийн төгс багтаасан байгалийн хосгүй үзэсгэлэнтэй сайхан нутаг. Жаргалан сум бол домог түүх, дуу шүлэгт мөнхөрч олонд танигдсан үзэсгэлэнт сайхан байгалтайгаас гадна улс эх орон, тив, дэлхийд алдар нэрээ дуурсгасан олон сайхан алдарнуудын өлгий нутаг гэдгээрээ алдартай. Жаргалан сумын тухай тэр дундаа Дархан цаазат Хасагт хайрхан уул, Хүнхэр зуслангийн рашаан амралтын үзэсгэлэнт байгалийн тухай телевизээр олонтаа гарсан. Мөн интернетэд ч тавигдсан байгаа. Монголчууд маань төдийгүй дэлхий нийт үзсэн байх аа.

-Жаргалан сум бол байгалийн үзэсгэлэн бүрдсэн онцгой нутаг. Далай ламын шүншиглэсэн Хүнхэрийн рашаан, дуунд мөнхөрсөн Эрээн нуур гээд монгол хүн бүрийн нүд сэтгэлийг татсан ийм нутаг билээ.

-Тийм шүү. Хүн болгонд л төрж өсөн нутаг ус нь хамгийн сайхан байдаг. Манай нутгийн хувьд үгээр илэрхийлэхийн аргагүй хосгүй сайхан байгалийн үзэсгэлэнт тогтоцтой баян тансаг нутаг. Би төрсөн нутгаа хаань ч явсан магтаж “Нэгэн цаг дор нэг цэг дээр зогсоод өвөл, хавар, зун, намарыг, Монгол орны хангай, говь, тал хээр гурван бүслүүрийг нэгэн зэрэг харж, мэдэрч болдог өвөрмөц байгалтай нутаг” гэж тодорхойлох дуртай.

Эх дэлхийн хамгийн үзэсгэлэн төгс газар оронтой зүйрлэж “Говийн сайхан Алтай нутгийн Швецарь” гэж ч ярьдаг. Дархан цаазат хасагт хайрхан уулын байгалийн өвөрмөц зүй тогтоцыг одоо хэр бүрэн гүйцэт судлаагүй. Энэ ууланд элдэв төрлийн ан амьтад, жигүүртэн шувууд, эмийн шидэт өвс ургамал, рашаан ус гээд юм юм бий. Үүний нэг нь Хүнхэрийн рашаан амралт яах аргагүй мөн. Нэгэнтээ Далай лам Хүнхэрт морилон саатахдаа “Ар гүмбэн” гэж тодорхойлсон гэдэг. Тэр их хүмүүн зөвхөн байгалийн төгс үзэсгэлэнг нь хараад биш, сүрлэг уулс, рашаан ус эмийн шидэт ургамлынх нь эрч хүч, энергийг нь мэдэрч ийнхүү айлдсан байх аа гэж боддог юм. Хасагт хайрхан уул, Хүнхэрийн амралтад очиход хүн эрч хүч энергээр цэнэглэгдэж, нас нь уртасдаг гэдэг. Ийм үгтэй дуу ч байдаг. Зун цагт оройдоо цасан дуулгатай дархан цаазат Хасагт уулын зүүн суганд байрлах Хүнхэр амралтад очиж хоноод өглөө жиндүүхэн босож, түрүүтэй гутал, давхар дээл өмсөж, шүд хага ташуулсан хүйтэн рашаант голын уснаас нь хүртэж байсан хүн хэдхэн километр давхиад л аагим говийн их элсэнд дунд цэлэлзэн байх дуунд мөнхөрсөн домогт Эрээн нуур дээр хүрч очиж болно. Тэр цагт л миний яриад байгаа манай нутгийн тодорхойлолтыг хүлээн зөвшөөрнө дөө. Товчхондоо Говь-Алтай аймгаас Жаргалан сумын байгалийн үзэсгэлэнт газруудыг аялал жуулчлалын нэг номерын бүс гэж албан ёсоор зарласан байдаг юм. Энэ маршрутад Хасагт хайрхан, Хүнхэрийн амралт, Эрээн нуураас гадна Хатанбаатар Магсаржавын нэрийг нь хайрласан домогтой Бүрэн хайрхан, Долоон түмэн адуутай Доной баяны гүүн зэлний чулуун гадас, Завхан голын сав газрын байгалийн сайхан гээд үзэж харах зүйл их ээ. Мөн Хонгорзул дуунд гардаг Эрдэнэ уул, Майхан уулаас эхлээд л Сүлжээ Хорго, Цахиуртайн голууд, Тээл, Цахирын талын услалтын систем, Цахиуртын нүүрний уурхай, Дөрөөний нуурын давс, Их бага улаан хайрхааны рашаан гээд маш олон газрын тухай ярьж болно.

– “Сулхирын сугсраа шугуйран найгуулсан Эрээн нуур”-аа танай нутгийнхан сэтгэлдээ тээж дуундаа мөнхөлж ирсэн. Энэ тухай та олон гоё дурсамж хэлдэг дээ?

-Монголын их элсний нүдэн болон мэлтэлзсэн Эрээн нуур бол элсэн уулсын дунд тогтсон маш сайхан цэнгэг устай нуур. Загас жараахай цэнгэн наадсан, төрөл зүйлийн усны шувууд чуулсан, хөвөөгөөр нь зэгс, бургас, суль, сульхар ургасан, адуу мал нь идээшин бэлчсэн гайхамшигт сайхан тогтоцоороо нүд мялаам нуур юм. Эргэн тойрны элсэн манхануудын хүнгэнэсэн чимээ сонор мялаасан, гадаад дотоодын аялагч, жуулчдын сэтгэлийг татсан Монгол орны байгалийн тусгай хагаалалттай газруудын нэг. Эрээн нуур дууг сонсоогүй, мэдэхгүй хүн гэж үгүй биз. Монголддоо төдийгүй Лондонгийн радиогоор дуулагдсан сайхан дуу. Жаргаланчууд маань 2014 онд түүхт 90 жилийнхээ ойгоор сүлд дуу болсон Эрээн нуурыхаа хөшөөг үг, ноттой нь байгалийн хадан дээр сийлж, сумын төвдөө дээдлэн залсан.

Сулхирын сугсраа шугуйран найгаад

Сэтгэлд чамин үзэмжээ гайхуулсан

Алтран шаргатах элс нь сүмбэртээд

Ариухан дөлгөөн Эрээн нуураа

Миний нутгийн сүлдэнд өргөсөн

Мэндийн цэнхэр хадаг юу даа… гэж. Аргагүй л монгол хүн амдралдаа заавал очиж үзэх ёстой газруудын нэг мөн дөө. Энэ дууны шүлгийн 1978 онд тухайн үед сум нэгдлийн даргын жолоочоор ажиллаж байсан, өдгөө Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Дагшинжавын Лхагвасүрэн ах зохиож, Ардын армийн цэргийн ансамбелийн гоцлол хөгжимчин, өдгөө Монгол Улсын гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч Гончигийн Тэрбиш аяыг хийж, Жаргалан сумын Батнайрамдал нэгдлийн 40 жилийн ойн концертод уран сайханч Б.Лайханжав ах анх дуулж байсан түүхтэй. Зөвхөн жаргалчуудын дунд бараг 20 жил дуулагдсан юм. Улмаар Цэргийн ансамбелийн гоцлол дуучин МУГЖ В.Жанчив гуай Монголын радиогийн Цагаан лавай уралдаанд дуулж тэргүүн байр эзэлснээр монгол түмний хүртээл болсон. Дараа нь Лондонгийн радиогийн “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлгээр МУГЖ Д.Банзрагч дуулснаар дэлхийд цуурайтсан түүхтэй. Мөн ОХУ-ын Буриад улсын Ардын жүжигчин Дугар Дашиев буриад түмэнд алдаршуулсан. Зураач Ц.Шонхооров 1990 “Бурхантай нуур буюу Тайван амирлангуйн эгшиглэн” гэсэн нэрээр дүрслэн зурсан нь ч байдаг. Уг зураг дүрслэх урлагийн музейд бий.

МУГЖ С.Жавхлан, С.Ганзориг, МУСТА Х.Мөнгөнцэцэг нарын дуулж дүрсжүүлснээр өдгөө ч дуулагдсаар байна. “Эрээн нуур” дуу нь телевизийн “Үл тасрах аялгуу” нэврүүлэгт орж, хойч үедээ өвлүүлэх дуугаар шалгарч, өргөмжлөгдсөн байдаг. Хойт хөршид буриад халимагууд, Өмнөд Монголд бараг хүн бүр мэднэ, дуулна.

-Жаргалан сумаас Халхын хүчит их аварга Шаравын Батсууриас аваад олон алдар суутнууд төрсөн. Домогт их аваргынхаа хөшөөг ч нутагтаа босгосон нь бий. Нутгаасаа төрж гарсан алдартнуудын тухай ярихгүй юу.

-Тэгэлгүй яахав. Ардын засгийн жилүүдэд үндэсний бөхөөр төрөн гарсан их хүчтэнүүдийн нэг Монгол Улсын дархан аварга Ш.Батсуурийн төрсөн нутаг гэдгээр нь манай Жаргалан сумыг монголчууд тэр дундаа бөхийн хортойтнууд маш сайн мэднэ. Энэ их аварга чинь манай аавын нагац нь. Дархан аварга Шаравын Батсуурь гэж энэ их хүн 1922 онд Жаргалан сумын Завхан гол бригадын нутагт төрсөн. Анх 16-17 насандаа нутагтаа Цахирын овооны тахилга наадамд түрүүлж байсан гэдэг. Улмаар цэрэгт татагдан Ховдын хязгаарт алба хаах үедээ эр бяр нь задарч тодрон, Улаанбаатарт татагдан очиж 1945 оны Улсын баяр наадамд барилдсан. Түүнээс хойш 1947, 1948 онуудад дараалан ес давж түрүүлэн БНМАУ-ын арслан, аварга цолуудыг байлдагчийн мөрдөстэйгөө хүртэж байсан гэдэг. Намайг багад хотоос амралтаараа нутагтаа ирэхдээ цэргийн хувцастай энгэртээ одон, тэмдэг зүүсэн их том биетэй хүн хоймор эзлэн тухлаад л аавтай минь хол ойрын сонин сайханг ярилцдаг байсан нь сэтгэлд үлдэж дээ. Жаргаланчууд домогт их аваргынхаа дэвж буй хөшөөг сумынхаа төвд босгож мөнхжүүлсэн. Жаргалан суманд бөхийн удам тасраагүй. Олон сайхан хүчтэнүүд төрөн гарсан, бөхийн өлгий нутаг. Өнөө цагт Монгол Улсын ах, дүү хоёр начин Ш.Тогтохбар, Ш.Шинэбаяр нарын тэргүүтэй Жаргалан сумаар овоглосон залуучууд үндэсний бөхөөр хичээллэж улс, аймаг сумандаа барилдаж байна.

-Монголын Улс төр нийгэм соёлын нэртэй зүтгэлтнүүдийн туулж өнгөрүүлсэн зам мөр, түүхэнд бүтээсэн онцгой гавьяаны тухай та юу хэлэхсэн бол. Мэдээж Жаргалангаар овоглодог эрхмүүдийн тухай?

-Хөдөлмөрийн баатар Ө. Даанжуур, Үйлчилгээний гавьяат ажилтан Г.Отгон, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Даринхүү, Шинжлэх ухааны гавьяат ажилтан, академич Д.Бадгаа. Гавьяат барилгачин А.Чүлтэм, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Даваасамбуу, Дархан аварга Ш.Батсуурь гээд л Жаргалангаар овоглосон алдартнуудын буухай хөвөрч өгнө дөө. Дагвын Бадгаа доктор л гэхэд Монголын шинжлэх ухааны ноён оргилд хүрч Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчөөр олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан агуу их эрдэмтэн. Өнөө цагт ч төрийн шагналт, доктор, профессор Б.Лайхансүрэн тэргүүтэй нийт 18 гавьяат, тэдний араас шинжлэх ухаан, соёл, урлаг, спорт, бизнесийн салбарт хэдэн арван залуус алдар гавьяагаа цуурайтуулж, сум нутгийнхаа нэрийг өндөрт өргөж явна.

-Та нутаг оронтойгоо нарийн нягт холбоотой хүн. Танай аав ч нутгийнхныхаа бахархал болсон нэгэн байжээ. Тухайлбал, Гал гуайгаар нутгийнхаа бүх ургамлыг тогтоолгож байсан гэдэг. Та ч мөн ялгаагүй гавьяа байгуулж яваа. Энэ талаар?

-Миний бие цагдаагийн албанд ажиллаж байхдаа ч, одоо ч албан өрөөндөө Дархан цаазат Хасагт хайрхан уулынхаа зургийг хүндэтгэн залаад өглөө бүр сүслэн адислаж байдаг. Тэгэхээр ажил үйлс маань аяндаа л бүтээд байдаг юм. Сэтгэл дагаад ч тэр үү. Хүнд хүчир ажил үйлийн өмнө Хасагт богдоосоо адис аваад л гарахад илрэхгүй хэрэг, бүтэхгүй ажил гэж үгүй юм шиг байдаг байлаа.

Нутгийн олны итгэлийг хүлээж 1999-2003 онд Говь-Алтай аймаг дахь, 2003-2019 онд Улаанбаатар хот дах Жаргалан сумынхаа нутгийн зөвлөлийн даргаар сонгогдон ажиллаа. Сумын нутгийн зөвлөл гэдэг бол тухайн сум орныхоо хөгжил дэвшилд байнга санаа сэтгэлээ зориулж, орон нутгийнхаа удирдлагатай нягт хамтран ажиллаж байх учиртай төрийн бус байгууллага. Сум орон маань жилээс жилд хөгжин цэцэглэж байгаад баяртай байдаг.

Аав минь Гозгорын Содномцэрэн гэж нутаг орондоо “Өндөр ах “ гэж авгайлагдсан хүндтэй нэгэн байсан. Ижий, аав хоёр минь есөн хүүхэд төрүүлж өсгөхийн зэрэгцээ төрдөө үнэнчээр хөдөлмөрлөж, биднийг хүний дайтай хүн болгон хүмүүжүүлсэн ачтанууд. Аав маань Жаргалан сумандаа мал маллаж байгаад бичиг үсгийн чадвар сайтай тул 1954 онд сумын худалдаа бэлтгэлийн ангид агентаар томиогдсон. Улмаар түүхий эдийн эрхлэгч, худалдаа бэлтгэлийн ангийн даргаар ажиллаж байсан. Харин 1967 онд илгээлтээр мал дээр гарах хүсэлт гарган сум нэгдлийн 2000 толгой мал авсан юм. Ээж, том эгч, дунд ах нарын маань хамтаар мянга, мянгаар нь хоёр суурь болгон хариулж онд мэнд оруулсан. Ийнхүү Энх сүрэгтэн гэсэн улаан халзтай гэрээс эхлээд л сумын хошой аврага, аймгийн аврага малчин болсон түүхтэй. Тав, зургадугаар таван жилийн гавшгайч, Монгол Улсын Засгийн газрын хүндэт жуух, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдаж, улсын зардлаар ЗХУ болон европын социалист орнуудаар аялаж байсан хүн дээ.

Тэр эрдэмтэн Ж.Гал гэж хүнийг албан ажлаар ирэхэд сум нэгдлийн дарга З.Чимэд манайд авч ирж аавтай танилцуулсан юм. Дархан уулын өвс ургамлыг судлах эрдмийн ажлаар яваа хүн учир унаа мориор тусалж, газарчилж өгөөрэй гэх үүрэг өгсөн юм. Аав маань тэр хүнд өөрийн мэддэг чаддаг бүхнээрээ тусалсан гэдэг. Хожим аав энэ тухай “Ж.Гал эрдэмтэн удаан хугацаагаар судалгаа шинжилгээ хийж, Хасагт хайрхан ууланд 200 гаруй төрлийн эмийн ургамал ургадаг болохыг тогтоон, судлаад буцсан. Мөн Хүнхэрийн рашааны элдэв өвчин анагаах чанарын шинжлэх ухааны үндэслэлээр тайлбарласан. Уг рашааны дээд эх уулс Тэмээн хүзүү, Жонштын хөтлөөс эхлээд өндөр асгат хүртэл хэрж тогтсон эмийн жонш бүхий эмийн ургамлаар асар баялаг хөрс, хад чулуун дундуур нэвчиж хадан агуй дотор дусаал хэлбэрээр гарч ирдэгт байна” гэж дүгнэлт хийсэн гэдгийг ярьсан байсан юм.

-Нутагтайгаа холбоотой олон сайхан дурсамж, нутгийнхаа эгэл жирийн олон сайхан өвгөд хөгшид тэдний хэлж ярьж байсан бүгдийг эргэн нэг санавал.

-Намайг Говь-Алтай аймагт нутгийн зөвлөлийн даргаар ажиллаж байхад буюу 2000 оны үед манай сум хөдөлмөр бүтээлээрээ аймагтаа тэргүүлж УАЗ-469 машинаар шагнуулж байлаа. Энэ мэтчилэн сайхан дурсамж их бий. Миний багад манай нутагт сайхан буурлууд олон байлаа. Сум орон нутагт чинь бие биенээ танихгүй хүн гэж үгүй. Ах аа, эгч ээ гээд л бүгд л садан төрөл мэт эв найртай аж төрдөг. Манайд нутгийн хөгшчүүл их ирдэг байсан. Ээж маань орсон гарсанг дайлж цайлан, ирсэн хүн бүрийг л авгайлж дууддагсан. Намайг багад манайд ойроос Гочоо ах, Чойжилжав Оожоо, Чуван ах, холоос Буян-Өлзий жаал ах, Батсуурь аварга, Махзана ахжий гээд садан төрлийн хүмүүс айлчлан ирнэ. Тэд аавтай сонирхолтой яриа өрнүүлж хуучилна. Хүүхдүүд бидэнд их л сонин сайхан байдаг байж билээ. Ингэхэд өнөө цагт монголчууд бид хуучилна гэдэг үгийг хэрэглэх нь цөөдөөд байгаа юм биш үү. Хот суурин газар бол айл саахалтайгаа хуучилж суух нь байтугаа хөршөө ч танихгүй шахуу болоод байх шиг. Аав, ээж минь нутгийнхаа хүн бүрийн үүх түүхийг маш сайн мэднэ. Хэдэн үеэр нь л мэддэг, ярьдаг ёстой л нутгийн амьд архив гэгддэг хүмүүс байлаа. Жаргаланчууд дуу хууртай сайхан ард түмэн шүү дээ. Монголын бүх ард түмний урлагын үзлэгийн тэргүүн байрыг эзэлж, одоогийн Ардын цолтон болсон Ш.Чимэдцэеэ нарын уртын дуучдыг ардаа орхиж явсан Цоодол ах маань одоо ч сайхан дуулж л явна. Авга ах Дорждагва маш сайхан дуучин, найр ахлаач байлаа. Манай нагац нараас эмэгтэйчүүд нь бүгд уртын дуучид. Тэдний маань хурим найрын уртын дууг тун сайхан дуулдаг байсан нь сэтгэлд хоногшжээ.

Categories
мэдээ цаг-үе

“The Wasabies”: Манай хамтлагийн анхны цомог 253 орны платформд худалдаанд гараад эхэлчихсэн

“Оддын академи” шоунаас төрөн гарсан “The Wasa­bies” хамтлагийнхантай ярилцлаа.


-Анх “The Wasabies” хамтлаг гарч ирсэн үеийг өнөөдөртэй харьцуулахад байр суурийн хувьд хэр өөрчлөгдсөн бэ. Бас сонсогчдын хандлага хэрхэн өөрчлөгдсөн бол?

-“Оддын академи” шоуг 2017-2018 оны хооронд зохион байгуулсан. Тус шоу хоёр сарын турш үргэлжлэх хугацаанд охид маань хамт амьдарч, багш нараасаа суралцсан. Өнөөдрийг хүртэл жил гаруйн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд хамтлагийн гишүүд маань нэгнээсээ суралцан олон уран бүтээлийн ард гарч, цомгийнхоо нээлтийг өнгөрсөн тавдугаар сард хийсэн. Уран бүтээлээ туурвиад явж байгаа болохоор тодорхой хэмжээнд ахиц дэвшил гарсан. Тэр үеийн “Wasabies”-ээс өнөөдрийн “Wasabies” нэг хүн шиг болж, уран бүтээлээ хамтарч гаргаж чаддаг болсон. Анх тал талаас цугларсан таван охин юу хийхээ мэдэхгүй, эхэндээ жаахан эвгүй байлаа. Анхны дугаар гарч байхад сонсогчдын сөрөг сэтгэгдэл давамгайлж байсан. Бид охидын шинэ эрин үе, шинэ охидын хамтлаг төрж байна утгаар өнгөлөг шинэлэг байх үүднээс “Girl Generation” гэдэг дууг гаргаж байсан. Энэ дууг маань их шүүмжилсэн сонсогчид к-поп хамтлагийг дуурайсан гэдэг байлаа. Харин одоо бол арай багасаад эерэг сэтгэгдэл их сонсох болсон.

-Хамтлагаа яагаад “Wasa­bies” гэж нэрлэсэн юм бэ?

-“Wasabies”гэдэг нь Японы амтлагчийн нэр. Исгэлэн амттай мөртлөө аманд ороод тэсэрдэг. Тийм тэсрэлтийг бэлгэдсэн нэр. Продюсер маань Б.Наранзун ах. Мөн манай хамтлаг Азид танигдах хүсэлтэй.

-Аливаа зүйлийг эхлэхэд бэрхшээл тулгардаг. Анх нэг хамтлаг болоод уран бүтээлээ эхлэхэд хэцүү сорилтууд хэр байсан бэ?

-Ерөнхийдөө бол бие биетэйгээ сайн ойлголцдог учраас хүнд хэцүү асуудал гардаггүй байсан. Гэр орны асуудал ч юм уу, өвчин зовлон гэх мэт асуудлууд хүнд хэцүү бэрхшээл байсан.

-Өөрсдийн дуугаараа хүмүүст юу хүргэхийг зорьдог вэ?

-Манай продюсер бидэнд “Оддын академи”-ийн үеэр хэлж байсан. Яах гэж дуу байдаг, дуу хүнд юу хүргэх ёстой вэ гэдгийг ойлгуулсан. Хүнд аз жаргал бэлэглэхийн тулд дуу хийх хэрэгтэй. Та нарын дуулсан дууг сонсоод аз жаргалыг мэдэрч чадаж байвал, эсвэл ямар нэг утга санааг тэр дуунаас авч чадаж байвал тэр бол жинхэнэ хүртээмжтэй дуу гэж хэлдэг байсан.

-Танай хамтлагийн хамгийн их хандалттай бүтээл бол “Үгүй” байх аа?

-Энэ дууны хувьд үг, аяыг нь Б.Наранзун ах маань бичсэн. Клипийг нь “Hulegu pictures” хийж байсан. Ер нь нэг уран бүтээл бүтэх гэж нэлээн хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулдаг.

-“Үгүй” дуу “Азийн шилдэг 50 дуу”-наас 20-т орсон. Чамлахааргүй их амжилт байх?

-Өнгөрсөн жилийн наймдугаар сард “Asian music chart”-д бидний дуу орсон. Тийм учраас бид илүү урам зориг орж цаашаа явах боломж байна хэмээн харж бүр илүү хүсэл тэмүүлэлтэй болсон.

-Нэг клип хийхэд хэр их хугацаа зарцуулдаг вэ?

-Нэг клип хийхийн тулд хамгийн багадаа хоёр сар болдог. Уран бүтээлийн ард ганц манай хамтлагаас гадна дуу зохион бүтээх, хоолой бичлэг дээр ажиллах гээд маш олон хүний хүч хөдөлмөр ордог.

-Танай хамтлагийн дуунууд дотор англи, солонгос дуу олон байдаг. Хамтлагийн гишүүд гадаад хэлтэй юу?

-Манай хамтлаг дуугаа дан ганц монгол гэхээс илүү англи хэлээр дуулдаг. Хамтлагийн гишүүдийн хувьд бид хамтлагаараа хэлний сургалтын төвд явж эхэлсэн. Зарим нь хятад, солонгос хэлтэй.

-Хамтлагийнхаа өнгө төрхийг үргэлж шинэлэг, эрч хүчтэй байлгахыг хүсдэг санагдсан…

-Манай хамтлаг таван гишүүнтэй. 16-19 насны өсвөр насны охид. Мэдээж хэрэг гал цогтой, бусдаас өөр, өвөрмөц байхыг хичээдэг. Эхний цомгийн маань ажил дуусах явцдаа орсон байгаа. Хамгийн сүүлийн уран бүтээлээ клипжүүлэх гээд ажиллаж байна. Уран бүтээлийн хувьд яг нэг хэвшмэл байдлыг баримтлахгүйгээр аль болох олон талаас нь өөрсдийгөө харуулахыг хичээдэг. Дараагийн шинэ цомгийн ажил эхэлсэн. Энэ цомогтоо ч залуусын сонсохыг хүсдэг дуунуудыг багтаахыг эрмэлзэж, эрэл хайгуулаа хийсэн. Бид хөгжмийн нэг урсгал, төрөлд баригдахгүйгээр олон төрлөөр уран бүтээлээ туурвиж үзэж байгаа. Манай хамтлагийн анхны цомог 253 орны платформд худалдаанд гараад эхэлчихсэн.

-Өнгөрсөн хоёрдугаар сард “Шарк Танк” нэвтрүүлэгт ороод 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авсан. Энэ мөнгөө юунд зарцуулж байна вэ?

-Анх удаа “Шарк Танк” нэвтрүүлэгт хамтлагаараа урлагийн салбараас орсонд магтах хүмүүс ч байсан, шүүмжилсэн ч хүмүүс байсан. “Юугаа ч мэдэхгүй хүүхдүүд хөрөнгө оруулалт авчихлаа” гэдэг байдлаар шүүмжилсэн хүмүүс ч бий. Бид хөрөнгө оруулалтаа цэвэр уран бүтээлдээ зарцуулна гэж авсан. Тийм ч учраас хоёр дахь цомгийнхоо уран бүтээлд зарцуулна гэж төлөвлөсөн. Эхний цомог дээр “Жи мобайл” компани хамтарч ажилласан. “Шарк Танк”-аас Д.Энхтүвшин шарк маань бидэнд бэлтгэлийн байр гаргаж өгсөн. Бид өмнө нь бэлтгэлийн байргүй байсан бол одоо хүссэн цагтаа бэлтгэлээ хийж чадахаар болсон.

-Өнөө үеийн залуу хамтлагийн хувьд цаашдын зорилго, төлөвлөгөө юу байгаа вэ?

-Мэдээж хэрэг бидний зорилго бол Азид танигдах. Гэхдээ хүмүүс Азид гарна гэдгийг буруугаар ойлгоод байдаг. “Wassabies” хамтлаг онлайн орчинд өөрсдөөрөө дамжуулаад Монгол Улсыг сурталчлахыг хүсч байгаа. Энэ бол бидний мөрөөдөл, зорилго. Үүнд хүрэхийн тулд хичээж ажиллаж байна. Үүний тулд байнгын бэлтгэл сургуулилт шаардлагатай.

-Танай хамтлагийн уран бүтээлийг удирддаг продюсерийнхаа талаар яриач?

-Б.Наранзун продюсер маань “Оддын академи” шоунаас эхлээд биднийг удирдсан. Манай анхны “Girl Generation” цомгийн таван дууг зохиож өгсөн.

-Танай хамтлагийн хувьд дуу клип хийхээсээ илүү өөр кинонд ч юм уу тоглох сонирхол бий юү?

-Бид хоорондоо мөн продюсертайгаа ярилцаад залууст зориулсан богино хэмжээний цуврал кино хийе гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Харин кинонд тоглох талаар бодсон зүйл байхгүй.

Ц.ШИНЭЦЭЦЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Бүсгүйн код

Эмэгтэй хүн хүчирхэг байх тухай асуудал энэ нийгмийн хамгийн чухал асуудал болоод байна. Эмэгтэйчүүд яаж хүчирхэг болж, нийгэмд хөлөө хэрхэн олох тухай эрэлд хатсан олон сая эмэгтэй энэ дэлхий дээр бий. Тэднээс мөрөөдөлдөө хүрдэг нь ч олон. Хорь гаруйхан настай зөөгч бүсгүй өөрийн найз залуугаасаа 1000 ам.доллар зээлж өөрийн бизнесээ эхлүүлж, Нью-Йоркийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хамгийн өндөр байр суурь эзэлдэг нэгэн болж хувирсан өөрийн түүхийг ном болгосон “Бүсгүйн код” хэмээх ном монгол бүсгүйчүүдийн дунд эрэлттэй байгаа гэдэгт итгэлтэй байна. Хорьхон настай Барбара Коркоран өөрийн хүсэл зорилгодоо хөтлөгдөж олон эрсдэлийг даван туулсан гайхалтай түүхүүд нь олон сая эмэгтэйчүүдэд урам болсон нь гарцаагүй.

Амжилт олно гэдэг эмэгтэй хүний хувьд эрчүүдээс тал хувиар дутуу. Царай зүс өнгө тод биш бол бүр ч илүү “хохиролтой”. Барбара Коркоран яг л ийм амьдралыг туулсан. Түүний номонд буй онцлох эшлэлүүдийг хүргэе.

l“Миний текний урд нэг ч хүн ирэхгүй байхад том хөхтэй Глориягийн текний өмнөх суудлууд эрчүүдээр дүүрэн чигжээстэй байх юм. Би Глориятай өрсөлдөх ямар ч боломжгүй юм байна” гэж хэлэхэд ээж минь “Гомдоллохоо больж үз охин минь. Хэрвээ чи хэн нэгэнд үнэмлэхүй ялагдаж байгаа бол чиний арга барил бүхэлдээ буруу байна гэсэн үг. Юуны түрүүнд өөртөө ямар давуу тал байгааг сайтар эргэцүүл. Миний охинд эрчүүдийн нүдийг хужирлахаар том хөх байхгүй. Гэхдээ чамд эрчүүдийг татах эрх хонгор ааль, эвдрээгүй зан араншин, охинлог төрх байна. Үүнийгээ тодотгохын тулд үсэндээ гоёмсог зүүлт зүүгээд үзэж яагаад болохгүй гэж”.

l“Ширээ бүчин суусан бидний шүлсээ залгих дуунаар ээж бялуугаа 12 хэсэгт хуваав. Хүүхдүүд ээлж ээлжээрээ өөрсдийн зүсмийг сонгосны дараа хоёрхон зүсэм бялуу үлдсэн ба Эдди арай том руу нь сарвайлаа. Ээж түүнийг болиулаад “Эхлээд эгч Эллен чинь сонгох ёстой” гэж хэлмэгц Эллен өнөөх томыг хормын төдийд шүүрч авав. “Битгий санаа зов хүү минь. Бялууны жижиг хэрчим хамгийн амттай нь байдаг. Учир нь бялууны хамгийн жижиг хэсэг оногдсон хүн хамгийн их хийж бүтээх хүсэлтэй үлддэг юм шүү, хүү минь”.

l“Хангалттай, Барбара. Толгойгоо өндийлгө. Тэр тэмцээнд чиний түрүүлэх эсэх нь тийм ч чухал биш. Хамгийн гол нь оролцох нь чухал. Өрсөлдөөнийг мэдэр. Өөрийнхөө хүрээнээс гар. Өөрөөсөө илүү бүсгүйчүүд байдгийг мэдэж ав. Энэ л чухал. Харин утга учиргүй илүү зүйл ургуулан бодох нь хоолны дуршил бууруулж, эрүүл мэнд муутгахаас өөр ямар ч шидгүй.”

l“Эрчүүд эргэлздэг болов уу, гэж үү? Мэдээж тийм. Гэвч эрэгтэй хүн эргэлзээнийхээ эс ширхэг бүрийг нарийвчлан онгичиж, удаан шаналдаггүй”.

l“Би байгалиасаа л бизнесийн хүн биш”, “Би угаасаа л улс төрд дургүй” гэх мэт тархины түгжээнүүдээ мултлах хэрэгтэй. Өөрчлөгд эсвэл мөх”.

l“Үйл ажиллагаагаа түргэн эхлээд алдах ёстой бол алд. Хэрвээ бэлтгэлээ 100 хувь хангачихаад зорилгоо эхлүүлнэ гэвэл та хэзээ ч эхлэхгүй”.

Үүнээс илүү олон олон гайхалтай санаа, сэтгэл сэвхийгээд л өөд нь татах эшлэлүүд нь “Бүсгүйн код” номтой уншигч таныг уяхаас аргагүй.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Чингэлтэй дүүрэгт байрлах задгай театр маргааш нээлтээ хийнэ

. Чингэлтэй дүүргийн Дээд салхит, Чингэлтэй уулын өвөрт амралт чөлөөт цагаа ая тухтай өнгөрөөх боломж бүхий задгай театр байгуулжээ. Байгалийн сайханд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэнгээ, соёл урлагийн үйлчилгээ авах боломжтой чулуун задгай театр маргааш нээлтээ хийх аж.

Categories
мэдээ улс-төр

Сайд Д.Цогтбаатар БНКазУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.И.Кобландиныг үүрэгт ажил нь дуусгавар болж, бүрмөсөн нутаг буцах болсонтой нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзав.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Элчин сайд К.И.Кобландины оруулсан хучин зүтгэл ихээхэн байгааг онцлон тэмдэглээд, Монгол Улсын төрийн дээд шагнал “Найрамдал” медалиар шагнуулсанд Элчин сайд К.И.Кобландинд баяр хүргэв.

Улаанбаатар-Нур-Султаны чиглэлийн шууд нислэг 2019 оны 6 дугаар сараас үйлдэж эхэлсэн бөгөөд чингэснээр иргэд хоорондын солилцоо нэмэгдэж, улмаар хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд ахиц гарна гэж итгэж буйгаа манай тал нотлов.

Элчин сайд К.И.Кобландин Монгол Улсад ажиллах хугацаанд нь ГХЯ-ны зүгээс дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж ирсэнд талархаж, Монгол, Казахстаны найрсаг харилцааг бэхжүүлэх чиглэлээр цаашид ч өөрийн хувь нэмрийг оруулахаа илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм

Герман улсад их хэмжээний эм тээвэрлэж яваад баригдсан Монгол иргэдийн шүүх хурал болж байна

Будапештаас Берлин рүү их хэмжээний эм тээвэрлэж яваад баригдсан Монгол улсын хоёр иргэний шүүх хурал явагдаж байна. Шүүхийн шийдвэр ирэх долоо хоногт гарах ажээ.

Хэргийг тодруулбал, 2018 оны арванхоёрдугаар сард нэг бүр нь дөрвөн еврогийн үнэтэй 150,000 ширхэг өвчин намдаах эмийг 53 настай Т.Мөнхбат, 38 настай Э.Оргил нар дипломат дугаартай автомашинаар тээвэрлэж яваад Дрезден хотын ойролцоо хурдны зам дээр саатуулагдсан байна. Т.Мөнхбат нь ОХУ-ын Улаан Үүд хот дахь Монгол улсын ерөнхий консулын газрын худалдааны атташе гэнэ. Харин машиныг жолоодож явсан Э.Оргил нь дипломат албанд ажилладаггүй, бөө хүн болохыг мэдээлжээ.

Тэд Будапештаас таньдаг хүнийхээ илгээмжийг Берлинд хүргэхээр авч явсан, дотор нь юу байгааг мэдээгүй гэж мэдүүлсэн байна.

Мөн өнгөрсөн тавдугаар сард Монгол улсын хоёр дипломат ажилтан 70 кг героин тээвэрлэж яваад баригдсан хэрэг гарсан. “Дээрх хоёр хэргийн хооронд ямар нэг хэлхээ холбоо илрээгүй” гэж хэргийг мөрдөн шалгаж байгаа прокурор мэдэгджээ. Героин тээвэрлэж явсан Истанбулын консулын хоёр ажилтны хэргийг шалгаж дууссан бөгөөд шүүх хурлын тов гараагүй байгаа гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын бодибилдингийн тэмцээнд Sweetymotion хамтлагийн дуучид оролцоно

Улаанбаатар хотод наймдугаар сарын 24-нд зохион байгуулагдах “Mr.Olympia Pro Qualifier Mongolia” тэмцээнд Sweetymotion хамтлагийн дуучид болох Ц.Сарнай, Г.Сүндэрээ нар оролцохоор бэлтгэж байна. Тэд тус тэмцээний Bikini ангилалд өрсөлдөх бөгөөд МУГТ Г.Угалзцэцэгийн багт бэлтгэлээ хангаж байгаа ажээ.

“IFBB Professional League” холбооноос “Mr.Olympia Pro Qualifier Mongolia” тэмцээнийг Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоонд зохион байгуулах эрхийг олгосон юм. Энэхүү тэмцээнд нийт 200-300 гаруй тамирчдыг оролцуулахаар төлөвлөж байгаа бөгөөд мэргэжлийн таван шүүгч хүрэлцэн ирэх ажээ. Одоогийн байдлаар 30 гаруй улсын тамирчид тэмцээнд оролцох мэдүүлгээ өгөөд байна.