Categories
мэдээ нийгэм

Оюутан цэргүүд тангараг өргөлөө

Монгол Улсын Засгийн газраас 6 дахь жилдээ зохион байгуулж буй “Оюутан цэрэг” сургалт өндөрлөж, оюутан цэргүүд тангаргаа өргөлөө.

БХЯ-ны харьяа ҮБХИС-ийн Шархад дахь хээрийн сургалтын төвд болсон тангараг өргөх ёслолын ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат, БХЯ-ны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, Ерөнхийлөгчийн тамгын газрын реферант, бригадын генерал Ч.Сайнтөр, Монголын их, дээд сургуулиудын консорциум /МИДСК/-ын ерөнхийлөгч, ХААИС-ийн ректор, профессор Т.Хэрүүга, ҮБХИС-ын захирал, хурандаа П.Жаргалан, МОХ /Монголын оюутны холбоо/-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Жигжид болон албаны бусад хүмүүс, оюутан цэргүүдийн ар гэрийн төлөөллүүд оролцлоо.

“Оюутан цэрэг” сургалт нь их, дээд сургуулийн оюутан залуусыг цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтад хамруулснаар өвөг дээдсийнхээ дайчин өв уламжлал, өнөөгийн цэрэг, армийн ололт амжилтаас суралцсан, эх оронч хүмүүжилтэй, оюунлаг, өндөр боловсролтой өв тэгш монгол хүнийг төлөвшүүлэх зорилготой юм.

Categories
мэдээ нийгэм

Энхтайваны замыг өнөөдөр 14.00 цагаас хойш тодорхойгүй хугацаагаар хаана

Нислэлд өнгөрсөн шөнө орсон усархаг борооны улмаас Энхтайваны гүүрний зорчих хэсэгт эвдрэл гарсан тул өнөөдөр буюу 2019.08.18-ны өдрийн 14:00 цагаас тодорхойгүй хугацаагаар Энхтайваны гүүрний хойноос урагш чиглэлтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээний хөдөлгөөнийг хааж зам засварын ажил хийхээр болжээ.

Тиймээс иргэд та бүхэн бусад чиглэлийн замыг сонгон зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

АЗХ-ны баруун бүсийн чуулган Завхан аймагт болж байна

Ардчилсан залуучуудын холбооны баруун бүсийн чуулган Завхан аймагт болж байна. “Монгол орон даяар залуусын хөгжлийн гарц, шинэ үеийн сэтгэлгээний эерэг хандлагыг илэрхийлэн, хөгжил дэвшил, итгэл найдвар дүүрэн шинэ цагийг эх орондоо бүтээж, эзэн нь байж, хамтдаа мөрөөдөж, шийдлийг олохоор залуус бид чуулна” гэж зохион байгуулагчид онцолж байна.

Энэ удаагийн чуулганд Завхан, Ховд, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, аймгийн болон нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан дүүргийн залуучууд оролцож байгаа юм. Чуулган энэ сарын 21-ныг хүртэл үргэлжилнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ш.Үдэнбор: Ийм олон адуутай Монгол Улсад үе мөч, зүрх судасны өвчин их байгаа нь харамсалтай

Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн “Монхимо” ХХК-ийн Зөвлөх, Монголын Халдваргүйжүүлэлтийн Нийгэмлэгийн хүндэт тэргүүн,эрүүл ахуйч Ш.Үдэнбортой ярилцлаа.


-Би таныг эмч хүн л гэж боддог байлаа.Тэгтэл яагаад химийн том үйлдвэрлэлийн цогцолборын зөвлөх болчихдог билээ. Хоёул эндээс яриагаа эхлэх үү?

-Та зөв л бодож байна. Би чинь Анагаах ухааны дээд сургуулийг 40 жилийн өмнө эрүүл ахуйч эмч мэргэжлээр төгссөн юм шүү дээ. 1998 оны сүүлчээр Засгийн газрын тохируулагч агентлаг, Эрүүл ахуй, халдвар судлалын Улсын хяналтын албанд хилийн эрүүл ахуй, халдваргүйжүүлэлт асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байх үед нэгэн санамсаргүй тохиолдол болж билээ. Нэг өдөр, өөрийгөө МУИС-ийн химийн тэнхимийн багш, химийн ухааны доктор Д.Дэмбэрэлнямба гэж танилцуулсан хүн, эхнэр М.Ариунаагийн хамт ирж уулзан маш нарийн зүйл зөвлөж ярилцаж билээ.

-Яахлаараа энэ уулзалт, таны ажил мэргэжлийг 180 градус эргүүлчихдэг билээ?

-Миний мэргэжил, энэ хүмүүсийн ажил мэргэжил бол салгаж ойлгохын аргагүй, нэг гарын алга, ар хоёр л гэсэн үг. Энэ хоёр залуугийн санаж сэдэж, хийж байгаа зүйл нь зөвхөн эрүүл мэндийн салбар төдийгүй, Монголын шинжлэх ухааны салбарт шинэ дэвшил авчрах зүйл байлаа. Тэгээд би Д.Дэмбэрэлнямба, М.Ариунаа хоёрынхоо санаачлаад, хийж бүтээгээд байгаа зүйлийг хорин жил дэмжиж, өдий хүртэл нөмөр нөөлөгт нь яваагаа их хувь тохиолдол гэж бодож явдаг даа.

-Тийм чухал юу байдаг билээ?

-Дэлхийн улс орнуудад 1960-1980-аад он гэхэд ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис болон антибиотикт тэсвэртэй нянгийн омогууд бий болж, хүйн халдвар, бөөр, шээсний замын өгсөх халдвар, мэс ажилбарын дараахь идээт халдвар, В гепатит зэрэг эмнэлгээс шалтгаалах халдварууд эрс ихэсч, нийгэм, хувь хүний эрүүл мэнд, эдийн засагт ихээхэн хохирол учруулах болсныг та бид бүгдээрээ мэдэж байгаа. Үүний эсрэг юу хийх вэ гэдэг нь эрдэмтдийн толгойны өвчин болоод байлаа. Тэгтэл Япон, Канад, АНУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудад 1980-аад оны эхээр иодын өндөр молекулт нэгдэл повидон иод гэдэг химийн антисептик бодисыг гарган авсан нь эмнэлгийн дотоод халдварыг эрс бууруулсан юм билээ. Тэгээд л Д.Дэмбэрэлнямба, М.Ариунаа хоёр маань энэ бодисыг эх орондоо нутагшуулж, түмэн олондоо буян үйлдэж “Тамедин” цуврал бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн юм. Мөн гар, хөл, амны өвчин зэрэг шинэ халдваруудын үед “санитол”, “ариун” зэрэг бэлдмэлийг хэрэглэснээр сургууль, цэцэрлэгийн хүүхдийн дунд халдвар тархахаас сэргийлж чадсан. Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, олон жил хэрэглэж нян дасал болсон уламжлалт ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисын хэрэглээг багасгаж, импортыг орлох болсон юм. Өнгөрсөн хугацаанд бид хамтарч халдваргүйжүүлэлт, орчны эрүүл мэндийн чиглэлээр 20 гаруй эрх зүйн баримт бичиг дээр ажиллаж батлуулан, 10 гаруй төсөл дээр ажилласан байна.

-Энэ ер нь ямар зориулалттай, яаж гаргаж авдаг бодис юм бэ. Хамгийн энгийн байдлаар хүмүүст хэрхэн ойлгуулах вэ?

-Хоёр чиглэлээр үйлдвэрлэл явуулж байна. Нэг нь тамедин, санитол, ариун зэрэг цуврал бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг эмийн үйлдвэр. Ариутгах, халдваргүйжүүлэх зориулалтаар зөвхөн эмнэлэг эрүүл мэндийн төдийгүй бүхий л байгууллага, хувь хүн аливаа халдвараас сэргийлэх зорилгоор хэрэглэж байна. Одоо хүмүүс санитолыг хөдөө гадаа явахдаа, нийтийн хоолны газар үйлчлүүлэхдээ авч явж гараа ариутгаад хоол ундаа идэж уудаг болсон. Тамединыг биед өчүүхэн шарх шалбархай үүсэхэд түрхээд боох, шүд өвдөх, хомхой долоохоос сэргийлж амаа зайлах зэргээр хэрэглэж байна. Мухар олгойн мэс засал хийлгэсэн хүн эмнэлэгт 7-10 хонож, зарим тохиолдолд шарх нь эдгэхгүй уддаг байсан бол тамедин цувралыг хэрэглэснээр 1-2 хоноод л гардаг болсон. Эмнэлгүүдэд бохирдсон шархны боолтын өрөө гэж байхгүй болсон, хүйн халдвар гарахгүй болсон зэрэг үр дүнг нь үнэлж баршгүй юм. Ийм үр дүн гарахад мэдээж мэс засал вакумжсан, нэг удаагийн хэрэглээ эмнэлгүүдэд нэвтэрсэн зэрэг нь нөлөөлсөн. Нөгөө нь Адуу брэндийн кальци, картил, эконол зэрэг биологийн идэвхит бүтээгдэхүүний үйлдвэрлэл юм. Эдгээр бүтээгдэхүүнийг монгол адууны яс, чөмөг, бүлх, шөрмөс, мөгөөрс зэргээс гарган авч үе мөчний өвчин, яс сийрэгжилтээс сэргийлэх зорилгоор өргөн хэрэглэж байна.

-Тусалж дэмжсэн ямар байгууллага, хүмүүс байдаг юм бол?

-Гол нь БНСУ-ын Шинжлэх Ухаан, Технологийн дэвшлийн Их сургуультай хамтарч ажиллаж байна. Д.Дэмбэрэлнямба доктор энэ сургуульд урилгаар очиж арваад жил ажиллаж, суралцаад нанобиотехнологийн орчин үеийн арга технологийг эзэмшиж, арав гаруй шинэ зэхэц ажлын судалгаа, туршилтыг хийж, заримыг нь үйлдвэрлэлд нэвтрүүлээд байгаа юм.

-Эрдэмтэн мэргэд ийм дэвшилтэт шинэ арга технологийг нэвтрүүлээд байхад та юуг нь голлож хариуцдаг хүн бэ?

-Бидний ажил чинь дан дардан цагаан замаар явсангүй. Шинээр орчин үеийн антисептик бодисыг монгол хүн Монголдоо үйлдвэрлэнэ гэдгийг тухайн үед эрх мэдэл бүхий хүмүүс, тэр дундаа манай эмнэлэг, эрүүл мэндийн салбарын удирдлагууд ойшоохгүй, ойлгохгүй байсан юм шүү дээ. Үүнийг хүмүүст ойлгуулах, эрх зүйн орчныг нь бүрдүүлэхэд миний оролцоо нэмэр болсон байх. 1997 онд санаачилж байгуулсан Монголын Халдваргүйжүүлэлтийн Нийгэмлэгийн тэргүүний сонгуульт ажил, 1990-1994 онд ЭМЯ-ны харьяа Халдваргүйжүүлэлтийн төвийн захирлаар томилогдон ажилласан туршлага маань энэ хүмүүстэй ажиллахад дөхөм байлаа. Анх бид хэд тамедин цувралыг хэрэглэх зааврыг боловсруулснаар ажлаа эхэлсэн. Мөн ахуйн шавьж, мэрэгч устгах, халдваргүйжүүлэх үйлчилгээ эрхэлдэг байгууллагын дагаж мөрдөх, халдваргүйжүүлэх химийн бодисыг худалдах, хэрэглэхэд дүгнэлт олгох, импортлох, экспортлох, үйлдвэрлэх зөвшөөрөл олгох, улсын бүртгэлд бүртгэх журмуудыг боловсруулж 1999 онд Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлуулж мөрдүүлсэн юм. Энэ тушаал 2013 он хүртэл мөрдөгдсөн. Мөн тамедин, химодин, ариун бэлдмэлийг эмнэлэг, хүнс, худалдааны байгууллагад хэрэглэх зургаан зааврыг ХӨСҮТ-ийн захирлын тушаалаар 2000 онд батлуулж мөрдсөн. Энэ бүхэн бол бидний хамтын ажиллагаа байсан. Ингэж Эрүүл мэндийн салбарт ахуйн шавьж мэрэгч устгал, ариутгал, халдваргүйжүүлэлтийн эрх зүйн орчинг боловсронгуй болгож өгсөн юм. Одоо “Монхимо” ХХК-ийн бүх цуврал бүтээгдэхүүн бүрийн стандартыг энэ хоёр судлаач батлуулсан байгаа. Эх орон, ард түмнийхээ төлөө хийж бүтээе гэсэн чин эрмэлзэлтэй эдгээр залуусын хүчээр өнөөдөр “Монхимо” эрдэм шинжилгээ, туршилтын төв, үндэсний үйлдвэр буй болж, ямар амжилтад хүрээд байгааг бүтээгдэхүүнийг хэрэглэгч олон түмэн мэдэж байгаа. Эдний бүт-ээгдэхүүнүүд олон түмний өдөр тутмын хэрэглээ болсон байна. Энэ компанид ажилласан олон залуучууд гадаад дотоодод магистр, докторантурт сурсан, мөн сурч байна. Ер нь үйлдвэрлэл, практик дээр олон жил ажилласан хүмүүс, эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагаа ийм үр дүнд хүрч байна.Үүнээс ч илүү үр дүн хүлээж байгаа гэдэгт бид итгэл төгс байдаг.

-Ийм оюунлаг залуучуудыг төр засгийн зүгээс яаж дэмждэг юм бэ?

-Би нэг зүйлийг та нарт сонирхуулъя. Хэдэн жилийн өмнө Д.Дэмбэрэлнямба доктор олон улсын нэр хүндтэй эрдэмтдийн бүтээл нийтлэгддэг “Молекуляр сайн” сэтгүүлд нано мөнгөний тухай өгүүлэл явуулсан нь нийтлэгдсэн юм билээ. Энэ сэтгүүлийн редакци таван жил тутамд тухайн сэтгүүлд гарсан бүтээлүүдийг тусгай шалгуур үзүүлэлтээр эрэмбэлдэг юм. Тэр шалгуураар илтгэл нь дэд байранд орж, батламж нь ирсэн юмдаг. БНСУ-ын Технологийн дэвшлийн их сургуульд уригдаж ажиллах нөхцөл, боломж эндээс нээгдсэн байх. Энэ мэтээр Дэлхийн шинжлэх ухааны тэргүүлэх олон сэтгүүлүүдэд бүтээлээ нийтлүүлснээс олон эрдэмтэд эшлэл авчээ. Энэ нь монгол хүний оюун ухаан дэлхийд гайхагдаж байна гэсэн үг л дээ. Жил жилийн үзэсгэлэн яармагуудад оролцож олон удаа тэргүүн байр эзэлж, ШУА-ийн алтан медаль, дэлхийн оюуны өмчийн алтан медаль, Засгийн газрын шилдэг эрдэмтний шагнал зэргийг энэ хүмүүс хүртэж байсан.

-Энэ чухал үйлдвэрлэлийг явуулах нөхцөл бололцоо ямар байдаг юм бол?

-Улаанбаатарын утаанаас хол Багануур дүүрэгт хоёр үйлдвэр нь байдаг. Төр засгийн туслалцаа хангалтгүй шүү дээ. Анх түрээсийн гурван өрөө байранд ажлаа эхэлж байсан бол одоо өөрийн гэх үйлдвэрлэлийн байртай болоод байгаа. Нийт 100 шахам ажиллагсадтай. Ерөнхий захирал М.Ариунаагийн удирдлагад захиргаа, санхүү, маркетингийн хэсэг, технологи дамжуулах хэсэг, үйлчилгээ, сургалтын төв, яс сийрэгжилтийн зөвлөгөө, мэдээллийн төв, туршилт судалгаа явуулдаг вивар зэрэг нь Улаанбаатар хотод түрээсийн байранд, “Монхимо” эрдэм шинжилгээ, судалгаа, эмийн үйлдвэрийн цогцолбор нь Багануурт Д.Дэмбэрэлнямба доктор удирдаад явж байна. Одоо хүүхдүүд нь гадаад дотоодод суралцаж түрүүч нь компанийнхаа менежмэнтийн зарим хэсгийг аваад явж байна. Хуучин хими цэвэрлэгээ, нийтийн хоолны газар байсан хоёр байрыг засч тохижуулан Солонгос, Япон улсаас орчин үеийн вакумжсан тоног төхөөрөмжөө авч суурилуулан, үйлдвэрлэлээ явуулаад 20 гаруй жил ажиллаж байна. Мэдээж банкны өндөр хүүтэй зээлээр байр, тоног төхөөрөмжийг худалдан авч бор зүрхээрээ зүтгэж өдий хүрсэн эрдэмтэд юм. Нийтийн эрүүл мэндийн эрх ашгийн үүднээс шинэ байр бариад өгдөггүй юм гэхэд элдэв татвар, хяналтын дарамтаа багасгаж, үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас хөнгөлөх, зээлийн хүүг бууруулах зэрэг дэмжлэг өгвөл энэ хамт олонд том дэмжлэг болно. Нийтийн эрүүл мэндэд ч их тустай зүйл болно.

-Одоо та нар цаашид ямар зорилт тавьж байна вэ?

-Засгийн газар Багануурт Шинжлэх ухаан технологийн парк байгуулах тухай маш олон жил ярьсан. Парк байгуулах төслийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд манай хоёр судлаач оролцож, нанобиотехнологийн паркийн техник эдийн засгийн үндэслэл, тооцоог нь хийхэд голлох үүрэг гүйцэтгэсэн. Хэрэв энэ төсөл хэрэгжиж эхэлбэл энэ баг хамт олон өөрийн бааз суурь дээрээ тулгуурлан нанобиотехнологийн паркийг хариуцан ажиллах төлөвлөгөө, мөрөөдөлтэй байгаа. Мэдээж хоёр үйлдвэрийнхээ технологи хүчин чадлыг улам сайжруулж, боловсронгуй болгож, мал амьтны гаралтай түүхий эдийг эрүүл мэндийн бүтээгдэхүүн болгох сорил, туршилтын олон ажлыг хийж байна. Ийм олон адуутай Монгол Улсад үе мөч, зүрх судасны өвчин их байгаа нь харамсалтай. Адуу брэндийн бүтээгдэхүүн гэхэд дэлхийд өөр хаана ч байхгүй биологийн өндөр идэвхтэй бүтээгдэхүүн шүү дээ. Малынхаа түүхий эдийг боловсруулж, эрүүл мэндийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж буй үндэсний анхны үйлдвэр гэж би хувьдаа үздэг юм. Тэгэхэд адуугаа хамгийн хямдаар гадагш гаргаад байгаад харамсахаас өөр арга алга.

Г.ЖАМЬЯН (МУСГЗ)

Categories
мэдээ нийгэм

Голд суусан машин доторх хүмүүст туслах гэж байгаад амиа алджээ

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Хүйх” багт байрлах Жаргалант голд “Хонда сивик” загварын суудлын автомашин суужээ. Энэ үеэр машин дотор байсан хоёр хүнд туслах гэж ус гаталсан тус багийн иргэн Л /43 настай эрэгтэй/, Э /46 настай эмэгтэй/ нар усанд живж, амиа алджээ.

Уг ослын дуудлагыг Аймгийн Онцгой байдлын газар наймдугаар сарын 15-ны 14:55 минутад хүлээн авч, 13 алба хаагч, нэг завьтай, хоёр автомашинтайгаар эрлийн ажиллагааг зохион байгуулсан байна.

Тэр өдрөө эрлийн ажиллагаа үр дүнд хүрээгүй учир маргааш нь үргэлжлүүлж 08:00 минутад осолдсон газраас зүүн зүгт 3.5 км Чандмань толгой гэдэг газраас цогцсуудыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Categories
мэдээ цаг-үе

Аялал жуулчлалын улсын олимпиад “Grand tour”-ийг санаачлагч ангийнхан

Энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа Хөдөө аж ахуйн их сургуулийн Байгалийн аялал жуулчлалын менежмэнтийн 2005 оны төгсөлтийн С-2 ангийг онцолж байна. Энэ мэргэжил сургуульдаа гурван бүлэгтэй. Анх энэ мэргэжлээр 154 хүүхэд элссэн байдаг. С-2 анги 33 оюутантай. Нэгдүгээр курст анх анги даасан багш нь Д.Хашинчулуун байв. Хашинчулуун компьютерийн багш. Тиймдээ ч хөдөөнөөс дөнгөж оюутан болж ирсэн хүүхдүүдэд компьютер гээчийг таниулжээ. Тэдэнд ч их сонин харагддаг байж. Кэйбоард, маусаа ялгахгүй, старт цэсээ мэдэхгүй хүүхдүүд компьютер судалсан нь өдгөө тун ч хэрэг болж байна хэмээн ангийнхан ярина. Удалгүй ангийн багш нь солигдож, доктор профессор, Д.Түмэнжаргалын удирдлагад очжээ. Д.Түмэнжаргал ургамал судлалын багш учраас байгалийн аялал жуучлалыг таних эхлэлийг тавьсан гэж ангийнхан хуучлав. С-2 анги сургуульдаа идэвхтэй, санаачилгатай манлайлагч анги байж. Сурлага, урлаг, спортоор сургуульдаа дээгүүрт бичигдэнэ. Ангидаа бүгд л нэгэн жигд. Тэр нь муу, энэ нь сайн гэх нэг ч оюутан байгаагүй гэнэ. “Анх ангидаа ороход компьютерийн ард нэг чухал царайтай, халзандуу, овортой хүн юм хийгээд сууж байна. Үе, үе муухай хараад байхаар нь багш юм байна гэж бодсон л доо. Багшийн ширээн дээр суугаад, компьютер мэдээд байгааг бодвол их л мундаг хүн байх гэж бодоод “Орж болох уу” гэтэл ор ор л гэж байна. Их л завгүй суугаад л байна. Дугарах ч үгүй. Хэсэг сууж байтал нэг хүн орж ирсэн нь жинхэнэ багш байж билээ. Тэр компьютерийн ард чухал царайлаад юм хийгээд байсан нөхөр манай ангийн Т.Ганхуяг гэдэг хүү байсан. Хотынх болохоор биднээс илүү компьютер мэддэг. Сүүлд бодоод байхад их чухал юм хийгээд байна даа гэсэн нь хөзөр тоглоод сууж байсан юм билээ” хэмээн Т.Золжаргал ярьж, тэд инээлдэв.

Ангид сурлагаараа манлайлдаг нь Д.Алтангэрэл. Бүх хичээлдээ жигд сайн. Доод тал нь 98 л гардаг байсан гэж ангийнхан нь магтана. Д.Алтангэрэл ангийнхнаасаа таван насаар ах байжээ. Тиймээс дөнгөж арван жилээ төгсөөд орсон хүүхдүүдийг бодвол илүү төлөвшсөн. Зорилгоо тодорхойлчихсон болохоор хичээлдээ шамдан суралцдаг үлгэр жишээ оюутан байжээ. С.Одбаяр ч сурлагаар манлайлагчдын нэг. Орос хэлний хичээл тэр үед хүндхэн санагддаг байж. Ангийнхныгаа авардаг нь С.Одбаяр, Д.Алтангэрэл. Бүх л зүйлдээ жигд сайн байсан учир доод курсийн оюутнууддаа хичээл номыг нь заадаг, дүү нар нь ч их ирж асуудаг сургуульдаа үлгэр жишээ анги байсан аж. Хоёр Гантулга спортдоо тун сайн. Д.Гантулга, Ш.Гантулга. Нэг нь том биетэй, нөгөөх нь арай жижигхэн. Тиймээс Томоо, Жижигээ гэж дуудна. Батбаяр сургуулийн цэнгээнт бүжгийн хамтлаг “Хатан туул”-д бүжиглэдэг. Уг хамтлагт ангийн хэд хэдэн хүүхэд бүжиглэнэ. Сургуулийн урлагийн үзлэгийн цэнгээнт бүжгийг энэ анги авдаг байсан гэсэн шүү. “Анх би саарал өнгийн пиджактай, дипломат хар цүнх барьсаар Төв аймгаас ирж, тус ангид орж байлаа. Ангид хамгийн анх бүгд цуглаад нүдэнд содон туссан нэг нөхөр байлаа. Тэрээр урт хар үстэй, эрүү нь ялимгүй урт, туранхайдуу. Судалтай хар хөх пиджактай. Хараад байхаар харгисдуу царайтай гэж хэлж болохоор. Энэ их эвгүй нөхөр байна даа гэж бодогдохоор. Тэр бол ангийн дарга Д.Батболд. Түүнийг дагалдаад хоёр нөхөр явдаг. Тэр хоёр Сүхбаатар дүүргийн Дөрөвдүгээр арван жилийг төгссөн. Телевизийн гаралтай гурван нөхөр хамт орж ирсэн шиг байгаа юм. Нэг нь туранхай өндөр хар. “Зэрэг нэмэхийн өмнө” киноны Долдой шиг. Түүнийг С.Лхагвадорж гэдэг. Нөгөөх нь тас халзан толгойтой. Айхавтар барзгар нүүртэй. Тэр нь С.Одбаяр. Баруун зүүн гар болж гурвуулаа хамт явдаг. ХААИС-ийн гурван давхрын зүүн талын коридороор сүрийг үзүүлсэн байдалтай их алхдаг байж билээ. Ийм сүрийг үзүүлсэн нөхдөд зодуулчих вий гэж боддог байсан ч ангийнхан дотроосоо хамгийн илүү нөхөрлөсөн, миний дотны найзууд болсон” гэж Э.Мөнхбаяр дурслаа.

С-2 анги бүтээлч хамт олон байсан аж. Анги дотроо номын сантай. Өөр анги хичээл ордоггүй. Нэг ёсондоо багшийн өрөө байж. Ангийнхан нь ихэвчлэн ангидаа л байцгаана. Орой болтол сууж хичээлээ хийнэ. Тэр үед Зайсан чиглэл рүү ганцхан автобус явдаг болохоор оройтвол нийтийн тээвэр олдохгүй. Ирэхээрээ хүн ихтэй учир нэг бол буудлаас өмнө эсвэл өнгөрч зогсоно. Оюутнууд үүнийг мэддэг болсон тул автобус ирэхийг мэдвэл нэг газар нуугддаг. Ирээд зогсохоор нь хурдхан очиж суудаг. Автобусны нэг л бариулаас зүүгдчихвэл цааш явах нь тодорхой шүү дээ хэмээн дурсан инээлдэнэ. “Хотод ирээд ангийнхнаасаа хамгийн түрүүнд утас барьсан хүн нь би. Тухайн үедээ скайтел дөнгөж ороод ирчихсэн байсан. Манай үеэл ах элентра авсан юм. Би тэрийг нь унаж хичээлдээ очдог. Тэр үед хотод эксел, элентра, аксент л байлаа. Санота-2 тансаг унаандаа орно. 2003 онд би жолооны курс төгсөж, ангийнхан дотроо ганц машинтай, утастай нь байсан л даа. Хааяа халтуур хийгээд хэд гурван төгрөг олно. 1000 төгрөгөнд бензин хийгээд нөгөөх нь дорхноо дуусчихна. Ангийнхан ч машиныг маань их түрсэн дээ. Сүүлдээ ч машин түрэх гэж ядаргаа гээд надтай явахаа больсон” хэмээн Б.Оюунбилэг дурслаа.

Ангийн дарга нь Д.Батболд. Тэрээр удирдан зохион байгуулах, чиглүүлэх авьяастай гэж ангийнхан нь нэгэн зэрэг хэлнэ. Аялал жуучлалын анги болохоор хамт ийш тийшээ их аялна. 2003 онд “Grand tour” аялал жуулчлалын арга хэмжээг анх энэ анги санаачлан зохион байгуулжээ. Сургуулийнхаа аялал жуулчлалын ангийн 1-4 дүгээр курсийн бүх оюутныг хамруулж спорт, урлаг, явган аялал, буухиа гээд олон зүйлээр өрсөлддөг байж. 2006 оноос тус арга хэмжээгээ бусад их дээд сургуулиудын дунд зохиох болж. 2007 оноос Аялал жуулчлалын улсын олимпиад нэртэй болж, өдгөө 16 дахь жилдээ зохиохоор төлөвлөж байна. Есдүгээр сарын 27-ны Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан тус сарын 17-нд зохиодог байна. Одоо уг тэмцээнд бүх их дээд сургууль оролцдог. Ангийн дарга тэмцээний зохион байгуулах багт өдгөө хүртэл ажиллаж, 20 дахь удаагийн тэмцээнээ маш өргөн хүрээтэй далайцтай хийхээр төлөвлөж байгаагаа хэлэв. “Манай ангийнхан Богины ам руу тэмцээнд явахаар болоод шорлог хийхээр хонины гуяны мах авсан юм. Түүнийгээ уксоус хийхээр гоё зөөлөрдөг гээд хоёр шилийг үлдээсэн. Өөрсдөө ч яах гэж тийм их уксоус авч өгсөн юм. Махан дээрээ хоёр шил уксоусаа хийгээд таглаад тавьчихсан. Маргааш нь Богины ам ороод шорлогоо хийх гээд нөгөө махаа гаргатал юун идэх үнэрлэх ч аргагүй юм болсон байсан. Түүнийгээ ил хаячихвал амьтан хорлоно гээд газар булж орхиод явсан” хэмээн Ц.Мөнхтулга хуучлан инээв. Эдний ангийнхнаар захиа бичдэг, зөөдөг үе улирсан гэж хэлж болно. Учир нь анх үүрэн холбоо, гар утас нэвтэрч, мессэжний үе залгамжилсан байна. Нэгдүгээр курсийн сургалтын төлбөр нь 175 мянган төгрөг байжээ. Анхны утаснууд ч багагүй үнэтэй. Бараг л сургуулийн нэг жилийн төлбөр. Ангид хоёр хүүхэд утастай. Утсаа гайхуулахын тулд сэрүүлэг тавина. Худлаа ярьж байхад чихэн дээр нь утас нь дугардаг байсан гэх үеийнхэн юм. Хичээл ордог байсан Б.Баасаннамжий, А.Сайнбуян, Ө.Амгалан, М.Уянга, Б.Гантулга, Болд, Туул багш нар сэтгэлд тодхон үлджээ. Энэ ангид нэр ижил хэд хэдэн оюутан байсан. Гурван Уянга, хоёр Оюунбилэг, Ганхуяг, Эрдэнэчимэг гэх мэт. Бас Э.Мөнхбаяр, Г.Золжаргал, С.Лхагвадорж, Ж.Ганбат, н.Алдарсайхан Д.Алтангэрэл, Ч.Амарзаяа, Б.Энхболор, Г.Энхтуяа, Д.Дариймаа, Н.Мөнхмандах, Ё.Амаржаргал, Д.Гэрэлтуяа, н.Ариун, н.Нармандах, С.Одбаяр н.Хүрэлчулуун, н.Хүрэлзандан, Ч.Дашдэмбэрэл, Очгэрэл, Ариунжаргал нарын оюутнууд байлаа.

Аялал жуулчлалын менежмэнт нь хөрвөх чадвартай мэргэжил ажээ. Энэ ангийн төгсөгчдөөс хөтөч, орчуулагч, менежер, аялал жуулчлалын компанийн эзэн, зочид буудлын эзэн олон төржээ. Ангийнхны тал нь гадаадад амьдардаг. Тухайлбал, Д.Гэрэлтуяа АНУ-д, Ш.Гантулга Англид, Д.Гантулга Австри зэрэг улсад ажиллаж амьдарч байгаа гэнэ. Нэг зовлон нь Монголдоо, сургууль, төгсөлтийн ой гээд уулзах гэхээр цөөн хүн цугладаг гэлцэнэ. Мэргэжлээрээ ажиллаж буй хүн ч цөөнгүй. Ангийн дарга Д.Батболд МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн спортын тэнхимийн эрхлэгч, Живаанбилэг аялал жуулчлалын компанийн захирал Б.Оюунбилэг, Э.Мөнхтулга Баянхонгор Баянгол сумын Байгаль орчны байцаагчаар ажиллаж байгааг дурдаж болно. Аялал жуулчлалаар ажиллахын давуу тал нь олон танилтай болно. Нэг орны жуулчин авлаа гэхэд тэр орныхоо бахархал, хоол, зан харилцаа нь юу болох зэрэг олон судалгаа хийх болдог. Яагаад гэвэл тухайн үйлчлүүлэгчдэд юу хэрэгтэйг мэдэж байж тэр хүнд үйлчилнэ. Жуулчдаа хөдөөгүүр нэг гэр бүл, найз нөхөд шиг дотно болтлоо дагуулж явдаг. Эргээд энэ бүхнээс Монголдоо ирэх үр өгөөж нь их. Жуулчид дотроос Монголыг сонирхоод, Монгол руу хөрөнгө оруулах олон жишээ бий хэмээн ангийнхан нэгэн дуугаар хэлж байсан юм.

Ц.ЧИМЭДЦЭЕЭ

Categories
мэдээ цаг-үе

Б.Наранхүү: Гадаадад амьдардаг монгол хүүхдүүдэд багаас нь эх хэлийг заахад зовохгүй сурдаг

“Багш” буландаа хилийн чанадад монгол хүүхдүүдэд багшилдаг нэгэн бүсгүйг онцоллоо. Япон дахь “Миний Монгол сургууль Токио” ТББ-ыг үүсгэн байгуулагч, багш Б.Наранхүүтэй ярилцсан юм.


-“Миний Монгол сургууль Токио” сургуулиа танилцуулахгүй юу. Хилийн чанадад амьдардаг монголчуудад хүүхдээ сургах асуудал бэрхшээлтэй байдаг. Үүнийг Япон дахь монголчууд шийдэж чаджээ?

-Би Японд 10 жил амьдарч байна. 2009 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн график дизайнер, англи хэлний ангийг төгсөөд Японыг зорьсон. Тэнд нөхөр маань ажиллаж, амьдардаг учир гэр бүлээрээ суурьшсан. Гадаадад амьдарч байгаа монголчуудын хамгийн том асуудал бол үр хүүхэд нь өсч том болохоор хэлний асуудал дээр зайлшгүй санаа зовдог юм байна. Хүүхдүүд маань аав, ээжтэйгээ монголоор ярьж чадахгүй байх вий, Монголдоо очоод хүмүүстэй харилцаж чадахгүй болчих вий гэдэг айдас байдаг. Үүнээс улбаалаад Японд амьдардаг найзуудтайгаа нийлээд монгол сургууль байгуулахаар шийдсэн. Тэгээд ч хүүхдээ монгол хэлтэй болгох сонирхолтой эцэг, эх олон байгаа нь ажиглагдсан.Монгол хүн болсон хойно эх хэлээрээ уншуулж, бичүүлээд сургачихъя гэсэн санаа хүн бүрт бий. Би ч гэсэн ийм бодолтойгоор 2014 онд охиноо хичээлд орохоос нь өмнө гэрээр монгол хэл зааж, уншуулж бичүүлж сургасан. Үүнээс улбаалаад Японд амьдардаг найз Бүжин маань санал тавьж сургууль байгуулахаар шийдсэн. Албан ёсны сургуулиа үндсэн мэргэжлийн багш Дэнсмаатайгаа анхны элсэлтээ авч ажиллуулж эхэлсэн. Энэ жил дөрөв дэх жилийнхээ эрдмийн баярыг хийж байна. Идэвхтэй, тууштай эцэг эхчүүд маань үргэлж тусалж дэмжиж байдагт нь маш их баярлаж явдаг.

Ер нь хүүхдийг сургуульд орохоос өмнө монгол хэл сургачих юм бол япон хэлтэй холилдоод байхгүй. Тухайн үед бидэнд өөрийн гэсэн сургуулийн байр байхгүй болохоор нэгнийхээ орон сууцны хүлээн авалт хийдэг танхимыг долоо хоногийн нэг өдөр түрээслээд хичээлээ зааж эхэлсэн.

-Анх хэчнээн хүүхэд элсүүлэв. Хөтөлбөрөө яаж боловсруулсан бол?

-Анх бид 20 гаруй хүүхэдтэй байсан. Ямартаа ч хүүхдийн хэрэгцээ өндөр байна. Байрны асуудал зайлшгүй шийдэх ёстой гэж багш нартайгаа ярилцлаа. Японд оффис түрээслэхэд өндөр үнэтэй. Долоо хоногийн амралтын өдөр л монгол хүүхдэд зориулсан үйл ажиллагаа явуулах боломжтой. Бусад өдөр нь хүүхдүүд Японыхоо сургууль, цэцэрлэгт явах болдог. Хэдийгээр долоон хоногийн нэг өдөр хичээллэдэг ч сургуулийн орчин бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай болсон. Гэр бүлийн хүн маань сумо бөх, Макучи зиндаанд барилддаг С.Тодбилэг. Нөхөртөө энэ тухайгаа хэллээ. “Сургуулиа өргөжүүлмээр байна. Дэмжлэг туслалцаа хэрэгтэй байна” гэхэд Тодоо “Манай сумочдын хурал болно. Түүн дээр танилцуулаад үзээч” гэлээ. Би ч баярлаад, нэг жилийнхээ ажлын тайлангаар жижиг төсөл бичээд монгол сумочдынхоо хурал дээр орлоо. Танилцуулгыг маань Хакухо, Харамафүжи, Ананд аваргууд маш сайхан хүлээж авсан. Тодоогийн маань эхнэр монгол хүүхдүүдийнхээ төлөө сайхан зүйл хийхийг зорьж байгаа юм байна. Туслалгүй яахав” гээд Хакухо аварга өөрийн оффис дээрээ долоо хоногийн хоёр өдөрт бидэнд сургуулийн танхим гаргаж өгсөн. Харумафүжи, Ананд аварга хоёр сургуулийн маань сандал ширээг бэлдэж, номын санг янзалж өгсөн. Ингээд хоёр дахь жилээсээ бодож мөрөөдөж байсан сургууль маань бий болж, хүүхдүүддээ урамтайгаар хичээл орох болсон. Монгол ээжүүдийнхээ дэмжлэгтэйгээр сургуульдаа жижиг номын сан байгуулсан. Сургууль маань одоогоор дөрвөн ангитай. Хэлний болон насны түвшингээр нь ангилдаг. 2-14 хүртэлх насны хүүхдүүдийн элсэлт авдаг.

-Хоёр настнуудыг авдаг байх нь ээ. Ийм багаас нь сургахад ямар ач холбогдолтой гэж үзэв?

-Ер нь хилийн чанад дахь монголчуудыг харахаар хүүхдийг хоёр наснаас авдаггүй юм байна. Зургаан наснаас дээш сургаж эхэлдэг. Миний харснаар зургаан нас хүртэлх хүүхдэд тухайн орны хэл нэгэнт суурьшчихдаг. Тэгэхээр бид монгол хэл заахад оройтно. Бид бол хүүхдийг хоёр настайд нь яг сонсгол, хэлний чадвар суугаад эхлэх үед нь унаган хэлийг нь өгөх ёстой гэж хөтөлбөрөө зохиосон. Хоёр настнуудын хичээл “Төрийн дуулал”-аас эхэлдэг. Манай “Төрийн дуулал” чинь их хүнд үгтэй шүү дээ. Монгол хэл ч өөрөө хүнд хэлд ордог. Ингээд “Төрийн дуулал”-ыг сонсгоод эхлэхээр хүүхдүүд эхлээд гайхдаг юм. Гараа цээжин дээрээ тавих ёстой юм байна гэдгийг олж харна, бас бидний амны хөдөлгөөнийг уншина. Багшийнхаа амыг хараарай, сайн сонсоорой гэхээр эхний хоёр хичээл дээр гайхаж байснаа гурав дахь хичээл дээрээс дуулж чадахгүй ч амаа хөдөлгөж байдаг. Хоёр, гурван сарын дараа бол “Төрийн дуулал”-ын эхний бадгийг сурчихсан байдаг шүү. Ёстой мундаг. Бид дандаа гар ажиллагаатай хичээл ордог. Хайчилна, өнгө ялгуулна, дүрс ялгуулна, тоглуулна. Тэр болгоныг монгол хэл дээр. Монгол хэлээр ярьж, ойлгохгүй хүүхдүүдтэй жаахан ажиллаад өгөхөд л бусдыгаа дагаад явчихдаг. Харин хоёр дахь жилээс танхимжуулж өгдөг. Ширээн дээр суулгаж, хичээл хийлгэнэ, шатыг нь ахиулна. Сургуулийнхаа дөрвөн жилийн туршлагыг харахад хүүхдүүдийн чадвар мундаг хөгжсөн байдаг.

-Тэгвэл хүүхдэд багаас нь хэл сургахад хамгийн таатай байх нь ээ?

-Жишээ нь, ээж нь монгол, аав нь энэтхэг, Японд амьдардаг гэр бүл. Тэдний хоёр хүүхэд манай сургуульд сурсан. Тэд гэртээ англи хэл сонсдог. Япон хэлийг цэцэрлэг дээр сонсчихдог. Ээж нь монголоор халти мөлт ярьдаг. Хоёр охин нь гурван жил манай сургуульд сураад монгол хэлний чадвар нь маш сайн дээшилсэн. Монгол, англи хэлтэй, япон хэлтэй болж байна. Хүүхдийг багаас нь сургахаар зовлонгүйгээр сурчихдаг. Мэргэжлийн хувьд манай Дэнсмаа, Одонтуяа гээд монгол хэлний заах арга зүйн мундаг багш нар байдаг. Манай сургуулийг төгссөн хүүхдүүд монгол хэл дээр уран сайхан бичдэг, цээжээр алдаагүй бичиж, унших хэмжээнд хүрчихсэн байдаг.

-Сургалтын хөтөлбөртөө Монголоосоо тусламж хэр авдаг вэ?

-Дээр нь Багш хөгжлийн төвөөс жил бүр гаргадаг сурах бичгийг авдаг. Гэхдээ тэр сурах бичгийг 100 хувь удиртгал болгоод заана гэвэл хүүхэд хүлээж авдаггүй. Тиймээс бид сурах бичиг, практикаа хослуулж хөтөлбөрөө өөрсдөө зохиож байна. Мэдээж Монголоос хөтөлбөр авахгүйгээр явна гэвэл хэцүү. Онол практик хослох ёстой. Охин маань гэхэд манай сургуульд дөрвөн жил сураад олон монгол дуу сурсан. Дагаад хүүгийн маань ч монгол хэлний дуудлага сайжирсан. Гол нь гадаадад монгол хүүхдүүдийг сургана гэдэг дэлхийн олон монголчууд тухайн улсдаа нэг бүхэл бүтэн үеийг бий болгож байдаг. Орчин үеийн хүүхдүүд дэлхийгээр амьдрах болчихлоо. Том, том мөрөөдөл ярьж байна. Нэгэнт дэлхийгээр аялж, амьдрах хүүхдүүд том болоод “Японд “Миний Монгол” сургуульд сурч байсан найз маань байна” гээд элгэмсгээр уулзах, монгол үндэстнийг хооронд холбож байгаа нэг гүүр гэж би энэ ажлаа хардаг.

-Япон сургуулийн сургалтын онцлогийг боловсролын салбарт жишээлэх нь бий. Маш их хөдөлмөрч хүмүүс гэдгээр нь бид мэднэ. Тэд хүүхдүүдээ яаж бэлтгэдэг юм бол. Сонирхуулаач?

-Японд бол хүүхдийг зүгээр л хүн болгоход анхаардаг. Хэтэрхий их хичээлээр зоддоггүй. Жишээ нь асагао цэцэг байна. Маш гоё цэцэглэдэг, мөлхөө ургамал. Нэг зуны хичээлийн гурван сард зөвхөн тэр цэцгийн тухай бүхэл бүтэн нэг номонд дээр оруулчихсан байдаг. Тэр цэцгийг деталь бүрээр нь, үр байхад ийм байлаа, тэдэн грамм шороотой хөрсөнд суулгаад услахад ийм боллоо. Зуны турш хүүхэд сургууль дээрээ тэр номын заавраар цэцэг тарина. Яаж арчлах талаар бодитой хийдэг гэсэн үг. Цэцэгний ургалт, хөрс, амьд харьцааг нарийвчилж харуулдгаараа хүүхдийг илүү сониуч болгодог. Ном унших өөр, шороонд суулгаад хийх шал өөр. Манай сургууль ч үүнээс санаа авч, хүүхдүүдээ гадуур цэцэг, ногоо тариулдаг. Музей үзүүлдэг хөтөлбөртэй. Гэхдээ япон хүүхдүүдийг монгол хүүхэдтэй харьцуулахад их сонин.

-Юугаараа сонин гэж вэ?

-Монголчууд бид хар багадаа найзалж байсан хүнтэйгээ хэдэн жилийн дараа таарсан ч “Хүүе ээ найз минь” гээд л элгэмсэг байдаг даа. Японд зургаан жил хамт найзалчихаад дараа нь барагтай буцаж тэр минь, энэ минь гэдэггүй. Нэг багш нэг ангийг хоёрхон жил хариуцдаг. Заримдаа нэг жил болоод солигддог. Сургуулиудын систем өөр байдаг байж магадгүй. Бага анги гэхэд зургаан бүлэгтэй, дунд анги гурав, ахлах анги гурав гээд төгсдөг. Нэгдүгээр ангийг 120 хүүхэд төгслөө гэхэд хоёрдугаар ангид тэр хүүхдүүдээ хольчихдог. Нэгдүгээр бүлэгт байсан хүүхэд дараа жил шал өөр бүлэгт орох жишээтэй. Манайд бараг сургууль төгстлөө хамт хичээллээд найз болсон байдаг шүү дээ. Японд 120 хүүхэд тэр зургаан жил 3-4 удаа солигддог. Тэгэхээр дотно найз гэдэг маш цөөхөн. Энэ бол эмзэглэмээр асуудал гэж боддог. Манай охин сургуульд орчихоод “Ээж ээ, би түүнтэй найзалж байтал хоёрдугаар ангид тэр нөгөө ангид ороод намайг тоохгүй байна” гэж байсан. Гуравдугаар ангид бол “Гэхдээ яах вэ, угаасаа ингэдэг юм байна” гэж байгаа юм. Нөгөө талаар тэр 120 хүүхдэд хаана ч очоод бие дааж амьдрахын чадварыг нь өгчихөж байна. Энэ систем бол хаана ч япон хүнийг амьдрах чадвартай болгодог юм байна гэж ойлгосон.

-Хилийн чанадад монгол хүүхдүүдийг сургаж байгаа багш нарт тулгамддаг асуудал бий юу. Монголын талаас гадаадад байгаа монгол хүүхдүүдийн боловсролын асуудалд хэр анхаарах юм?

-Үнэндээ сүүлийн гурван жил анхааралдаа авч байна. Яагаад гэвэл хилийн чанад дахь монголчууд нэмэгдсээр байна. 180 мянган монголчууд бүртгэлтэй байна. Японд гэхэд 10 мянга орчим болсон. Оюутнууд маш их ирж байгаа. Гэр бүлээрээ ч амьдрахаар зорьж ирж байгаа хүмүүс олон байна. Тэдгээр гэр бүлийн хүмүүсийн гол асуудал хүүхдийн боловсрол. Улсаас бидэнд туслах зүйл бага шүү. Тиймээс хилийн чанад дахь монгол багш нарт заах арга зүйн сургалтуудыг зохион байгуулдаг болсонд үнэхээр их олзуурхаж байна.

-Гадаадад байгаа монгол хүүхдүүдэд багшилна гэдэг хэл сургахаас гадна монгол соёл уламжлалыг үлдээж байгаа чухал ач холбогдолтой, хариуцлагатай ажил байх шүү?

-Жишээ нь, манай төрийн бус байгууллага ашгийн төлөө бус. Бид гол нь үр хүүхдэдээ монгол хүрээлэл үүсгэж, монгол нэг үеийг бий болгохыг хүсдэг. Ялангуяа монгол хэлтэй, устай, монгол соёлоо хаана ч ярьж, бахархахаар үеийг бий болгохыг мөрөөддөг. Тэр л миний хамгийн том зорилго. Мэдээж монголчууд гадаадад ямар зорилгоор амьдарч байгаа нь ойлгомжтой. Эрчүүд бол амьдралаа авч явахын тулд мах ястайгаа хатталаа ажиллаж байна. Эмэгтэйчүүдийн хувьд үр хүүхдээ өсгөж байгаа бол тэдэндээ монгол соёл уламжлалаа алдахгүй, өвлүүлэхийг хичээж байдаг.Гэхдээ нэг асуудалд би эмзэглэдэг. Ээж аавын аль нэг нь япон, магадгүй гадаадын эрлийз байж болно. Нөгөө нь монгол байлаа гэхэд хүүхэд ээж аавтайгаа хамт байх үедээ япон аавтай бол хүндэтгээд японоор ярилгүй яахав. Эхнэрүүд минь гэртээ монгол хэлээр ярь, нөхөртөө ойлгуул. Япон хүнтэй суусан бол япон заншлыг нь ойлгож байна. Харин эсргэээрээ чи ч бас монгол хүнтэй суусан юм чинь ойлгох ёстой, хүүхэд хоёр хэлийг хоёуланг нь сурах ёстой гэдгийг анхнаасаа ярилцаж ойлголцох ёстой болов уу. Гэртээ монгол хэлний дүрэмтэй байх хэрэгтэй. Хүүхдийг сонсголоор хөгжүүлж байж дуудлагыг зөв өгч мэргэжлийн багш монгол үг заадаг.

Хамгийн харамсалтай нь ээж, аав хоёр нь хоёулаа монгол байж гэртээ японоор ярьж байна. Тэгэхээр хүүхэд нь монгол хэлний ямар ч чадваргүй болж өсч байна. Нэгэнт монгол хэлний ямар ч ойлголтгүй том болчихсон хүүхдэд монгол хэлийг хүчээр сургах гэж зарим эцэг эх хичээж байна. Миний хувьд бол үр хүүхдээ битгий зовоо. Хүүхэд орчинд нь байгаа болохоор зовохгүй сурчихна. 100-ны 90 хувь нь гадаад орчинд байхад тэр хэлийг заах шаардлагагүй. Гол нь эцэг, эх өөрөө эх хэлээ эрхэмлэж, гэр орондоо хүүхэдтэйгээ монголоор ярилцаж байгаарай гэж хүсмээр санагддаг. Монгол Улс гуравхан сая хүн амтай. Цөөнгүй монгол хүн дэлхийгээр тарчихлаа. Тэдний үр хүүхдүүдэд монгол хэлийг сургахгүй л бол монгол цустай хэрнээ гадаад хүн бий болсоор байна.

Б.ЭНХЗАЯА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Товуудорж: Геологийн фондыг устгасан явдал маш том алдаа

Геологи-менералогийн шинжлэх ухааны доктор, профессор ахмад геологич Д.Товуудоржтой геологийн салбарын асуудлаар ярилцлаа.


-Монгол Улсад геологийн салбарын хөгжлийн оргил үе 1960-1990 онд өрнөсөн гэдэг. Та ч энэ үед ид ажиллаж байсан геологич. Одоо эргээд геологийн салбараа харахад ямар сэтгэгдэл төрөх юм?

-Ч.Хурц гуайн ангиллаар бол геологийг гурав хуваасан. Хурцын өмнөх үе, Хурцын үе, Хурцаас хойших үе гэж. Энэ үнэн юм. Хурцын өмнөх үед тойм судалгаа хийгдсэн байдаг. Дараагийнх нь жинхэнэ геологийн ажил ид өрнөсөн үе. Чиний хэлдгээр 1960-1990 онд гэсэн үг. Одоо бол геологийн дампуурлын үе үргэлжилж байна. 1960-1990 оныг хэлэх юм байхгүй, сайхан. Дэлхийн бусад улс оронд байдаг юм уу бүү мэд. Геологийн судалгаанд айхавтар ухаантай бэлтгэж төлөвлөж хийсэн судалгааны нэг үе юм. Эхлээд Сайд нарын зөвлөлийн дэргэд Геологи шинжилгээний газар гэж байгуулагдсан. Дээр нь аймгуудад Геологийн товчоо байгуулсан. Геологи шинжилгээний газрын дарга М.Цэрэндорж гэж мундаг хүн байлаа. М.Цэрэндорж гуай хамгийн түрүүнд боловсон хүчинд анхаарсан. ЗХУ руу уул уурхайн инженерээр сурахаар явсан оюутнуудыг геологийн инженер болгосон. Мэргэжилтэй боловсон хүчнээ эхний ээлжинд бэлтгээд авсан. Геологи шинжилгээний газар нь томроод Геологи уул уурхайн яам болсон. Аймгуудад байгаа Геологийн товчоо экспедици буюу удирдах газар болгож томруулсан. Тэгж л геологийн салбарын хөгжил эхэлсэн байгаа юм.

-Том том ордууд ч тэр үед нээгдсэн биз?

-Одоо бидний яриад байгаа орд газруудыг тэр үед нээж, нөөцийг нь бодож, ашигтай юу, ашиггүй юу, үйлдвэрийн ач холбогдолтой эсэхийг тогтоосон юм шүү дээ. Жишээ нь, Хөвсгөлийн удирдах газар хоёр том гавьяа байгуулсан. Нэгдүгээрт, фосфоритын сав газрыг нээсэн. Нөөцийг нь бодож зураглал хийж, хайгуул, эрлийг явуулсан. Хоёр дахь том гавьяа нь Эрдэнэтийн овооны хайгуулыг хийсэн. Эрдэнэтийн хайгуул хийж байсан тэр үеийн чехүүд Хөвсгөлийн удирдах газарт хамаардаг байлаа. Түүнээс гадна Хөвсгөлийн удирдах газрынхан Монголын геологийн зураглалыг хариуцаж хийдэг байсан. Одоо ч хийж байгаа. Баруун Монголд Польшийн геологиуд их гавьяатай. Ер нь орд газар гэж ярихаас өмнө геологийн судалгааг энэ дунд шатанд маш сайн хийсэн. Тэр үеийн ялангуяа оросуудын тусламжтай хийсэн геологийн судалгааг одоо ч өөрчилж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, одоо манайхан түүнийг давсан судалгааг хийж чадахгүй байна гэсэн үг.

Одоо бол геологийн салбарын дампуурлын үе гэлээ. Яагаад та тэгж хэлэх болов?

-Яагаад вэ гэхээр, нэгдүгээрт боловсон хүчин бэлтгэж байгаа мөртлөө ажил байхгүй болсон. Энэ бол засаг төрийн буруу. 1990 оноос хойш зөвхөн уул уурхай дээрээ л улстөрчид зодолдлоо. Хуучин бол хүн төгсөж ирлээ, хаашаа явж юу хийхийг томилдог байсан. Төгссөн боловсон хүчнийг авах газар, ажиллуулах байгууллага байхгүй байна. Яам нь байхгүй болсон. Уг нь төр засаг бол энэ салбарыг төлөвлөгөөтэй удирдах ёстой юм. Одоо бол 1960-1990 оны хоорондох үеийн геологийн том амжилтын үр дүнд олсон хэдэн орд газруудыг мэргэжлийн бус хүн авч, улс төр хийдэг болсон. Үүнээс л зодоон хэрэлдээн гардаг юм. Тухайлбал, Таван толгойн орд байна. Бүхэл бүтэн геологийн том биет. Пермийн галавт үүссэн, коксжих нүүрсний орд. Ийм том геологийн биетийг 20, 30 хуваачихсан. Хуваасан хэсэг бүрт нь нэг хүн “Энэ минийх гэдэг”. Ингээд л хэрүүл үүсдэг. Үндсэн хуульд зааснаар газрын доорх баялаг төрийн өмч юм бол төр мэдээж нэг л толгойтой байх ёстой.

Манай оронд газрын ховор элемент зөндөө бий. Мэргэжлийн сургуульд уурхайн мэргэжилтэн, баяжуулагч, цахилгаан механик гээд бэлтгэж байгаа. Түүн дотор уурхайн геологи гэж нэг ч мэргэжил байхгүй. Геологи нэг тусдаа, уул уурхай тусдаа. Энэ хоёрыг уурхайн геологи гэдэг мэргэжил холбодог юм. Манайд энэ мэргэжлийн ганц хүн л байсан, бурхан болчихсон.

-Тэгэхээр геологи бол уул уурхайн салбарын өмнө хөгжих ёстой. Манайх энэ салбарын хөгжлийг орхигдуулсан гэж та хэлэх гээд байна уу?

-Шууд хэлэхэд уул уурхайн хийх ажил геологийн судалгаа хийгдээгүй байхад тодорхой биш. Эхний ээлжинд геологи шинжилгээний ажлыг хийх ёстой юм. Эхлээд геологийн судалгаа хийхгүйгээр уул уурхайн ажил байхгүй, хэтийн төлөв мэдэгдэхгүй. Ямар орд газар юм, ямар ашигт малтмал юм, түүнээс юу гаргаж авах гэдгийг шийдсэний дараа уул уурхай орох ёстой юм. Би бол геологийн зураглалын хүн. 2011 онд тэтгэвэрт гарсан. Намайг тэтгэвэрт гарахад геологи хариуцсан ганц байгууллага байсан. Геологийн төв лаборатори, Ашигт малтмалын газар гэсэн хуруу дарам цөөн байгууллага л байна. Үйл ажиллагаа, статус нь хоорондоо өөр, зөрчилдөөнтэй. Би чамд нэг хачин юм ярих уу?

-Тэг л дээ…?

-Мэргэжлийн байгууллагуудыг 1990 оноос эхлээд мэргэжлийн бус хүн удирдаж эхэлсэн. Энэ бол маш том алдаа. Геологийн уналтын нэг шалтгаан нь энэ юм. Мэргэжлийн бус хүн хүрч ирээд толгой дээр суучихаад мэргэжлийн хүний үгийг сонсоод ойлгохгүй. Ойлгосон ч хийж чадахгүй. Одоо ч гэсэн ийм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд бөх байна уу. Уурхай мэдэх юм уу. Асуу л даа, чи. Жишээ нь энэ шүү дээ. 1990-ээд оны үед геологийн фонд гэж тусдаа байлаа. Тэр үед геологийн ашигт малтмалын газарт Иргэний нисэхийн орлогч дарга хүрч ирсэн. Би тэгэхэд ид ажиллаж байлаа. Д.Батхуяг гээд,Кадастрын албаны даргатайгаа шоронд ордог нөхрийг санаж байна уу. Д.Батхуяг даргаар ирээд нөгөө фондыг татан буулгасан. Байшинг нь хотын захиргаа булааж авсан. Нөгөө фондыг архив болгосон. Уг нь фонд бол нууц байдаг юм. Зөвхөн геологийн мэргэжлийн инженерүүд л орж үзнэ. Өөр хүн орохгүй. Гэтэл архив найман настай хүүхдээс эхлээд сайд хүртэл чөлөөтэй орох эрхтэй болгочихсон. Фондын материалууд бүгд орос хэл дээр бичигдсэн. Ингээд л орос хэл мэдэхгүй захын хүн над дээр хүрч ирээд л ашигт малтмалын бүлэг нь аль вэ гэж байх жишээтэй. Геологийн фондыг устгасан явдал маш том алдаа. Уналтад орох нэг шалтгаан бас энэ.

-Уул уурхайтай холбоотой төр засаг, ард иргэдийн дунд олон янзын ойлголт байдаг. Уул уурхайн талбай нийт нутаг дэвсгэртэй харьцуулахад хэр хэмжээтэй байна вэ?

-Иргэд олон нийт бүх газар уул уурхайн лицензээр дүүрлээ гээд байдаг. Лицензээр олгогддог талбай бол том. Тэр талбайг тооцоод л Монголын газар нутгийн төчнөөн хувь нь уул уурхайд нэрвэгдлээ, болохоо байлаа гээд байгаа юм. Яг хайгуул хийх цэгээ компани өөрөө олно.Уул уурхайг ярих юм бол нутаг дэвсгэрийн эзлэх хувийг ярихад хэцүү. Уул уурхай чинь нэг цэг дээр л эвхэрч буугаад байдаг юм. Талбай эзэлнэ гэж байхгүй. Явцуу ойлголт. Гэтэл одоо байгаа нөхцөл байдал, хүн ард, төр захиргааны байр байдлаас болж геологийн судалгаа хийхэд ч хүнд болоод байна. Геологийн судалгаа хийх гэхээр орон нутгийн засаг захиргаанаас эхлээд эсэргүүцэл илэрхийлээд ажил явуулдаггүй. Энэ бол уул урхайг буруу ойлгосноос, геологийг ойлгоогүйгээс болж байгаа юм. Ард түмэн ч тийм байна. Геологи бол судалгааны байгууллага. Судалгаа хийхэд хөрс шороо онгичиж, өрөмдөх юм байлгүй яахав.

-Геологийн салбарын хөгжлийг урагшлуулахын тулд ямар алхам дутагдаж байна вэ?

-Монголын геологи дэлхийд байхгүй 4.6 миллярд жилийн настай. Дэлхийд таван эрин, 10 гаруй галав байдаг юм. Дэлхийн ямар ч орноос галавуудын улс хаана байна, олоод ир гэвэл Монголд л байгаа. Бүх галавт үүссэн хурдас чулуулаг амьтан ургамал Монголд л байна. Баруун Монголд гэхэд Хан хөхий тэр чигээрээ ашигт малтмалын ордууд байна. Тэнд уран ч байгаа. Цагаан алт ч бий. Тэгэхээр газрын хэвлийг судлах хэрэгтэй. Социализмын үед бид судалсан ч дутагдалтай тал бий. Зөвхөн өнгөн талаас нь судлаад бйасан. Тэр үед бидний гарт өрөм байсангүй, шинжилгээний технологи лаборатори байсангүй.

Америкт гэхэд Геологийн товчоо гэж байдаг. Түүн шиг байгууллага Монголд байх хэрэгтэй. Зөв зохион байгуулалт хийе гэвэл бүгдийг нэгтгэж нэг толгойтой, технологитой, техник тоног төхөөрөмжтэй, мэдлэгтэй боловсон хүчнээр хангаад өгөхөд геологи хөгжинө. Уул уурхайд өгөх юм улам нарийн болно. Эцсийн бүлэгт энэ олон уурхай хэрэггүй. Монголын эдийн засагт, ирээдүйд юу хэрэгтэй байна вэ, ямар орд илүү нөөцтэй байна вэ гэдгийг харгалзаж үзээд нэг юм уу хоёр ордыг л ашигламаар байгаа юм. “Эрдэнэт”, “Оюу толгой”, ингээд л болоо. Цагаан суваргыг нэгэнтээ алдчихсан даа. Гэх мэтчилэн цөөхөн тооны уурхай байх хэрэгтэй. Бусад нь бол нөөцөд авч, судалдаг байхад болно.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ цаг-үе

Сэлэнгийн Пүрэврэнцэн

Сэлэнгийн Базарсад, Сэлэнгийн Сүхдорж, Сэлэнгийн Доржсүрэн гээд хэдэн сайхан найрагчдыг бид мэднэ. Миний бие Сүхдорж ахтай ойр, Доржсүрэн найрагчтай мэндтэй устай явдаг нэгэн. Утга зохиолын сургуулийн оюутан ахуй цагтаа Базарсад найрагчийг Ширсэдийн Цэнд-Аюуш захирлын урилгаар манай сургуульд ирээд байхад нь харж байсан. Оюутнуудтай уулзаж, шүлэг найргаа уншиж байв. Маш гоё костьюмтай жигтэйхэн цэмцгэр, өндөр соёлтой, дотроосоо оргилсон сайхан хүн байлаа. Ёстой л яруу найргийн одонд төрсөн нэгэн байсан нь мэдээж. Эдгээр найрагчдын, өргөн Сэлэнгээрээ овоглосон эрхмүүдийн үргэлжлэл нь яруу найрагч Бямбадоржийн Пүрэврэнцэн юм.

Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн тэрээр Хараа голын тунгалаг хөвөөнд өсч, Сэлэнгийн хэмээх тодотголыг хүртэн, тэр л зүгийн найрагчдын дунд өсөн өндийж, анхны шүлгүүдээ бичиж, утга зохиолын зам мөрөө эхэлсэн байдаг. Шүлэг найрагт дуртай, ном уншихын өвчтэй, “Элс цас”-аас аваад хуучны бүхий л зохиолуудыг толгой дараалан уншсан нөхөр хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн Монгол Улсын их сургуулийн уран зохиолын ангид оров. Их утга зохиол, хэл шинжлэлийн үе үеийн эрдэмтэн мэргэдийг төрүүлсэн, оюуны их уурхайд Чойжилжавын Билигсайхан, Дашлхүмбийн Галбаатар хэмээх хоёр аварга ханайж угтсан нь мэдээж. “Намайг шүлэг зохиол бичихэд хамгийн их дэмжиж, халуун сэтгэлээр хүлээж авсан хүн бол Билигсайхан багш маань юм. Утга зохиол судлалын нэртэй эрдэмтэн тэрээр яруу найргийн шинэ урсгал, орчин цагийн өнгө аясыг надад мэдрүүлж, уран зохиолын мөн чанарыг таниулж ойлгуулахын төлөө зүтгэсэн. Галаа багшийн гавьяа ч мөн их байсныг би мартах учиргүй” гэж нэгэнтээ өгүүлсэн.

Их сургуулийн монгол хэл, уран зохиолын танхимаас зохион явуулдаг “Чөлөөт сэтгэлгээний дуулал” яруу найргийн наадам олон ч залуусын авьяасыг нээн, урам зоригийг бадраасан нь бий. Уг наадамд “Ганцаардал” шүлгээ уншин тусгай байр эзлээд бөөн баяр болов. Ямар сайндаа шагналынхаа мөнгөөр найз нөхөдтэйгөө дарвиж яваад захирлынхаа нарийн бичигт баригдан загнуулж байхав дээ. Оюутан ахуй цагийн шуугиант он жилүүдийнх нь нэгэн сайхан мөч тэрхүү найргийн наадам байжээ. Сургуулиа дүүргэж Сэлэнгэ нутгаа зорин, “Сүхбаатарын туг” сонины гал тогоо бараадаж бүтээл туурвилын ажилдаа шамдах нь тэр. Яруу найрагт өөрийн гэх ертөнцийг бий болгож, тэрхүү ертөнцийнхөө буйд аглагт цаг улирлын дотоод дуу чимээг анирдсан шүлгүүдээ бичиж, аймгийн утга зохиолын нэгдлийнхэнд уншиж, зэмлэл магтаал хоёрыг зэрэгцүүлж явсан нь мэдээж. Ийм л үедээ буюу хоёр мянга нэгэн онд “Цэнхэр хөг” нэртэй яруу найргийн анхны номоо уншигчдын хүртээл болгов. Анхны гэгээн тунгалаг шүлгүүдийг нь Билигсайхан багш нь эх барин эрхэм шавийнхаа номыг ариутган шүүж, элгэн халуун сэтгэлээр найргийнх нь зам мөрийг мялаажээ.Билгээ багш бол яруу найраг үнэндээ өөр зүйл гэдгийг шавь нартай даанч тодорхой хэлсэн хүн. Билгээ багшийн “Ухаарахуй” номыг уншсан хэн бүхэн уран зохиолын мөн чанарыг ухаарна. Яруу сайхны сэтгэлгээ нэг л өөр болоод ирдэг. Сүүлд Галсансүх, Өлзийтөгс, Уянсүх, Баяржаргал нарын шүлгүүдэд хийсэн задаргаа, судлал шинжлэл нь онцгой. Аюурзана, Цэвээний Цэнд гээд яруу найргийн шинэчлэлийн төлөө яваа олон найрагчдад талархалтай байсан. Яруу найраг чухамдаа өөр зүйл гэдгийг шулуун шударга хэлж байсан. Монголын их утга зохиолын судлал шүүмжлэлийн ийм л ноён оргил Билигсайхан багшийн халуун талархлыг хүлээсэн шавь нарынх нь нэг Пүрэврэнцэн найрагч. Юм гэдэг сонин. Өнгөрөгч жил тэрээр “Үзэг мөрлөхүй…” яруу найргийн номоо уншигч олны гар дээр тавив. Уг номын өмнөтгөлийг Билигсайхан багшийг гүнээ хүндэтгэн хайрладаг эрхэм нэгэн, утга зохиолын шилдэг бүтээлийн “Алтан-Өд”-ийн эзэн яруу найрагч судлаач Гомбожавын Бямбажав бичсэн байх юм. Мөн “Бөхийн ам” хэмээх өгүүллэгийнх нь өмнөтгөлийг эдүгээ цагийн сонгодог найрагчдын төлөөлөл Д.Нацагдоржийн шагналт Мулцангийн Уянсүх бичсэн байна. Уянсүх бол Билгээ багшийн “агуу” хэмээн дуун алдсан хайрт шавь нь юм. Тэгэхээр Пүрэврэнцэн найрагч эрхэм багшийн зааж сургасныг чиг шугамаа болгож, халуун дотно хүмүүстэй нь утга зохиолын агаар нэг яваа нь сайхан.

“Үзэг мөрлөхүй…” яруу найргийн бүтээл бол найрагчийн өнөө л дэврүүн омголон чөлөөт сэтгэл, мөнхүү орчлон ертөнцийн аяг аашийг сэтгэлдээ тунгаан бодлогоширсон ухаарал зэрэг нь багтсан нь “Аясын салхи хацрыг минь илбэхэд

Аандаа л хүн эрх чөлөөний баяслыг мэдэрнэм

Талын салхийг амтлан зогсохуйд

Цаанаа л нэг эрх чөлөөний үнэр амтагдана…” (“Эрх чөлөө минь”),

“…Тэртээх модын цаг хугацааны эхлэл надтай адил

Тэндээ үүрд юм шиг байдаг нь биднээс ондоо

Тэгэхдээ ганцаар ургасан модонд насны хязгаар үгүй мэт

Тэр чигээрээ л бусдыг хүлээн мөнхөд оршдог мэт ээ

…Салхинд туугдсан үүлс

Санаа бодлыг минь уншин

Ертөнцийн хаа нэгтээ очин

Ерөөл айлтгах мэт дамжуулдаг юм шиг

Энэ дэлхий тэр чигээрээ нүүж яваа мэт…” (“Ертөнцийн тухай бодлогошрол”) хэмээх мөр бадгуудаас тодорхой мэдрэгднэм.

Бага балчир цагийн л омголон дэврүүн зан нь олон сайхан найрагчтай нөхөрлүүлсэн болов уу гэж санахаар. Сэлэнгийн Баянгол сум буюу Баруун хараад “Наранд наадсан алтанхан буудай, намраа дуулсан Сэлэнгийн буудай” хэмээн эгшиглүүлсэн Сүндэвцэрэнгийн Базарсад найрагчтай нэгэн сууринд аж төрж, Хараа голын хөвөөнд намрын алтан шаргал наран дор шүлгээ уншиж явсан. Мөн хорин гуравхан настай хорвоог орхисон ч “Алтан сэрлийн найрагч” хэмээн үеийн үед хэлэгдсэн Гомбын Сэр-Одоос улбаатай авьяас билэгтнүүдийн өлгий Сэлэнгийн утга зохиолын нэгдлийг нэгэн үе даргалж, Сүхдорж, Доржсүрэн, Цэвээнгэрэл, Цогтгэрэл гээд өнөө л хэдтэйгээ дөрөө харшуулан, Алтанбулагаар цааш одон буриадын найрагч нөхөдтэйгөө нийлж утга зохиолын өдөрлөг хийж, Хөөдөөгийн Эрдэнэбаатар, Жамсрангийн Баяржаргал гээд “Болор цом”-ын эздийг аваачин шүлгийг нь уншуулж, буриад нөхдийгөө мөн л нутагтаа урин Амарбаясгалант хийд, Сайханы хөтөлөө үзүүн дарвиж, даргиж явсан өдрүүд бий.

Сэлэнгээр овоглосон эл найрагчийг энгийн олон байтугай утга зохиолын хүрээнийхэн ч тэр бүр сайн мэдэхгүй. Гэхдээ мэдэх нэг нь мэднэ. Манайхны хэлдгээр “нохой шуугиулдаг” нөхдийн нэг тэр мөн. Мань мэтийг оюутан ахуй цагт Сүхбаатар хотоос галт тэргээр Улаанбаатарт ирж яруу найргийн ганц нэг наадамд шүлгээ уншиж явсан. Ялангуяа “Адуу байхад гэр байна” гэх шүлэг уншаад л, омголон чөлөөлт зан ханхлуулсан, тийм нэг гудиггүй нөхөр таардаг байлаа. “Үзэг мөрлөхүй…” номыг нь саяхан хүлээн авч, түүний тухай цөөн хэдэн мөр хэлхэж суугаа минь энэ л дээ. “Адуу байхад гэр байна” шүлгээс нь улбаалаад энэ тэрхэнийг хөөрөлдөж суухуйд “Шүлэгч байна гэдэг нэг талаас сайхан, нөгөө талаас бас зовлонтой. Амьдралд хандах хандлага нь яруу найргаар илрэх гээд байдаг. Энд тэнд шүлэг уншихад урмын үгээр мялаалгах ч басхүү шүүмжлэл дагуулах үе ч бий. Анхны номоо гаргаснаас хойш би хаа нэгэн газар шүлэг уншихдаа

Адуу байхад гэр байнам

Гэр байхад адуу байнам

Уул шигээ уртын дуунд морьд үүрсэж

Тал шигээ туульсад морин хуур хөглөгднөм

Жингийн цуваанд үүл эцэж

Жим дагасан үнэг андуурч будилан

Малын хөлийн тоос мэт

Мэндийн цэнхэр хадаг

Миний нутаг ардын дуу эгшиглэнэ…гээд уншина. Нэлээд олон хүн энэ шүлгийг сайшааж урам өгч байсан. Зарим нэг нь өөгчлөн шоглон “Ширээ байхад сандал байна” гэх зэргээр цаашлуулж, энэ бол шүлэг гэхээсээ зүгээр энгийн ойлголт гэж хэлэх гээд байдаг. Уг шүлгээ бол би философийн шүлэг гэж боддог. Эрдэмт багш нарынхаа нөлөөгөөр бичсэн гэж боддог. Хүмүүсийн зэмлэлд би гомдож гудийх хүн биш ээ” гэж ил цагаанаар сэтгэлээ хуваалцсан юм.

Тэрээр 2001-2003 онд Германд олон улсын маркетинг менежмэнтийн чиглэлээр суралцаж боловсрол эзэмшсэн залуучуудын нэгэн. Германы Карл Дуйсбергийн нийгэмлэг Монголын мянга орчим залуучуудаас 22-ыг нь шигшиж авахад тэр дунд мань эр багтсан байдаг. Тэр тухайгаа “Бид-бидний суралцсан Герман орон” хэмээн тэмдэглэлийн сайхан ном гаргасан байна лээ. Уг номыг МУИС-ийнх нь ангийн нөхөр буюу Европын холбооноос Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Лауренцю Христеа хэвлүүлж өгсөн байна. Их Нацагдоржийн маань сурч асан Берлиний тэнгэр дор онгод цалгиан явахдаа “Уянгатайхан юм шиг Берлиний амьдрал

Уйтайхан ч юм шиг Берлиний тэнгэр

Ус мөрөн, уул толгод, урсах цаг хугацаа

Урьдынхаараа л энд байна

Орь залуу насны ааг омгоор

Олон хотуудаар чинь аялахдаа

Чулуун гудамж, тариан талбай, эртний байшингууд

Чухам үүнд л сэтгэл минь дурлалаа гэж үү

Шуугьсан их моддын чинь дундуур

Шулганан ганганах шувуудтай чинь цуг

Тэнгис далайн эрэг

Тэр их усны чимээ яг л хөгжим мэт

Өглөө бүр амрыг эрэх герман жолооч

Үнэндээ сэтгэлийн минь тайтгарал…” хэмээн бичиж байсан удаатай.

“…Үүлс уруудуулж, уул амарч

Усыг эргүүлж тал тухлан

Эхийн минь сэтгэл шиг ингэний буйлаан

Элсэн ширхэгт бүрдний аяз дуулна

Айраг исэхэд голио царцаа баярлаж

Ам хүрэхэд эх орон минь санагдаж

Ховоон дахь ус цэлмэг тэнгэрээ эгшнээ мөнхөлж

Хуурын намуухан аянд сэтгэлийн морьд тургилна

Хүүхдийн гийнгоотой уухайн дуу хөг нийлж

Хөмсөг шиг боссон тоос наранд мэнд хүргэх нь

Холоос над руу ирэх дагина мэт ээ

Өнгийх тэнгэрийн өөдөөс морьд харайж

Өлмий гишгэх дөрөөнд нь нар найган

Орчлонг бөмбөрдөж салхиар аргадуулан

Олон зуун хүлэг давхиж тал уухайлна

Адуу байхад гэр байнам

Гэр байхад адуу байнам

Адуу байхад тал байнам

Тал байхад морьд байнам

Морьд байхад

Монгол байнам” хэмээх шүлгийнх нь мөрүүдээр хашилт болгож бадрангуй найрагчийн тухай бичил туурвилаа өндөрлөе.


Categories
мэдээ нийгэм

Сарлаг үржүүлэгчдийн улсын зөвлөгөөн боллоо

Сарлаг үржүүлэгчдийн улсын зөвлөгөөн Архангай аймгийн Эрдэнбулган суманд боллоо. “Сарлаг-Үндэсний нөөц баялаг” сэдэвтэй тус зөвлөгөөнийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас санаачлан Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, “Нэг Архангай шинэ хөгжлийн тэмүүлэл” НҮТББ-тай хамтран зохион байгуулсан юм.