Categories
мэдээ нийгэм

НӨАТ: 10 сая төгрөгийн хоёр азтан тодорчээ

2019 оны долоодугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, хэвлэгдсэн НӨАТ-ын баримтын сугалааны ээлжит тохирол өчигдөр явагдлаа

Энэ удаагийн сугалааны азын дугаар: 48687025

Уг тохирлоор:

  • 30 мянган төгрөгийн азтан 23,241
  • 100 мянган төгрөгийн азтан 2,304
  • Нэг сая төгрөгийн азтан 254
  • 5 сая төгрөгийн азтан 23
  • 10 сая төгрөгийн азтан 2 тодорсон бол Супер шагналын тохирлын дугаар 06375641 гарч, 60 сая төгрөгийн азтан тодорсонгүй.
Categories
гадаад мэдээ

Хонконгод эсэргүүцлийн жагсаалд 1.7 сая хүн оролцжээ

Хонконгод болж буй үйл явдал дэлхийн анхаарлын төвд буй үйл явдлын нэг. Өнгөрсөн Ням гаригт болсон олныг хамарсан эсэргүүцлийн жагсаалд 1.7 сая хүн оролцсон байна. Энэ тоог сэтгүүлчдэд “Хүний эрхийн төлөө иргэний фронт” ардчилсан хөдөлгөөний төлөөлөгч Жимми Шам хэлжээ. “Үнэндээ бид Казуэй-бэй дүүргээс Бизнесийн төв хооронд цугласан хүмүүсийн нарийн тоог хараахан гаргаагүй байна. Тиймээс цугласан хүмүүсийн тоо 1.7 саяас давсан гэж бид үзэж байна” гэж нэгэн ардчилсан үзэлтэй идэвхтэн хэлсэн байна.

Хонконгийн Цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч CNN-д “Ням гаригт Виктория цэцэрлэгт хүрээлэнд болсон жагсаалд 128 мянган хүн оролцсон гэж мэдээлжээ. Тус жагсаалыг зохион байгуулагчид дор хаяж 300 мянган хүн жагсаалд оролцохоор цуглана гэж таамаглажээ. Өнгөрсөн зургадугаар сарын 9-нд Хятадад сэжигтэн шилжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхээс өмнө зохион байгуулагчид жагсаал цуглаанд нэг сая гаруй хүн оролцсон гэж тооцоолсон бол цагдаа нар уг тоог 240 мянга хэмээн мэдэгдсэн байна. Мөн зургадугаар сарын 16-нд болсон жагсаалд зохион байгуулагчид хоёр сая орчим хүн оролцсон гэж тооцоолсон боловч цагдаа нар 338 мянган хүн оролцсон хэмээн мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

Б.Хурц нарт холбогдох шүүх хурал зургаа дахь өдрөө үргэлжилнэ

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан, С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбат зэрэг есөн хүнд холбогдох хэргийг өнөөдөр /2019.08.19/ зургаа дахь өдрөө хэлэлцэх гэж байна. Өнөөдөр шүүх хурал эцэслэн шийдэгдэнэ хэмээн олон хүн найдлага тавьж буй.

Шүүх хуралд Төв аймгийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал шүүгч, Ю.Энхмаа, Ж.Батжаргал нар оролцохоор байгаа бөгөөд өмнөх шүүх хурлын үеэр ялтан Ц.Амгаланбаатарыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасны дагуу эрүүдэн шүүлтийг гардан гүйцэтгэсэн, ялтан Ц.Амгаланбаатар болон Б.Итгэлтөгс нар шүүх хуралд оролцож байна.

Харин өнөөдөр шүүх хурал 09.00 цагт товлогдоод буй. Б.Хурц нарын есөн хүнийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 тус тус зүйл ангиар буруутгаж буй.

133 ДУГААР ЗҮЙЛ.ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧИХ

  • 133.1.Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

251 ДҮГЭЭР ЗҮЙЛ. ЭРҮҮ ШҮҮЛТ ТУЛГАХ

  • 251.1.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Categories
мэдээ нийгэм

Дональд Трампын том хүү Монголд хүрэлцэн иржээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын том хүү болох Дональд Трамп Жр. Монголд хувийн аяллын зорилгоор хүрэлцэн иржээ.

Олон нийтийн сүлжээнд түүнийг Монголд ирсэн даруйдаа “Алтай Таван Богд”-руу авиралт хийхээр хөдөлсөн тухай мэдээлэл гарсан юм.

Энэ тухай Гадаад харилцааны яамнаас тодруулахад албаны эх сурвалж “АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хүү Дональд Трамп Жр. Монгол Улсад хувийн аяллын зорилгоор ирсэн. Тиймээс албаны нэг ч уулзалт товлогдоогүй. Түүнийг ямар хугацаатай, хаагуур аялах талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Давж харилцдаг агуу их Монгол

Аливаа нэг асуудлыг зүгээр л ном журмаар нь шийдчихгүй заавал дарга сайдын нэр барьж, үндсэндээ давж харилцаж байж санаа нь амардаг, ажил нь бүтдэг ийм жишиг Монголд хэдийнэ тогтсон. “Би тэр даргын яриулсан хүн байна”, “Би тэр сайдын дүү нь байна, тэр гишүүний найз нь байна” гээд хэнхэлзээд ороод ирнэ. Ийм архаг өвчтэй хүмүүс Монголын нийгмээр дүүрэн байна. Наад захын жишээ гэхэд төрийн цагдаа руу салаавч гаргаж нохой шиг доромжилсон Баярцогт гэж нөхөр бий. Түүнийг “Ланд-200” машиндаа тээврийн хэрэгслийн тусгай дуут дохио ашиглан урсгал сөрөөд давхиж явахад нь цагдаагийн албан хаагч зогсоосон байдаг. Гэтэл тэрээр машинаасаа үсрэн бууж ирэн “Намайг зогсоодог чи хэн бэ” хэмээн албан үүргээ гүйцэтгэж буй төрийн цагдаа руу салаавч гаргаж эгээтэй л барьж аваад зодчихоогүй.

Тэр даруй өнөө цагдаагийнхаа хажууд “Амрыг эрье” хэмээн мэнд мэдэн “Танай цагдаа бичлэг хийгээд байна, та ярь даа, ах аа” гэж цагдаагийн томоохон албан тушаал бүхий дарга руу утсаар ярьсан. Салаавч Баярцогт тухайн үед Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэж байсан Сэлэнгийн Ж.Эрдэнэбаттай холбоотой гэх яриа хэвлэлээр гарч байсан. Ингэж л захын нэг аархсан хархүү том даргын нэр барьж, төрийн түшээдтэй холбоо сүлбээтэй гэдгээрээ сүр хүчийг үзүүлэн хууль бус үйлдэл гаргаж, дур зоргоороо авирласан. Тэрхүү хууль бус үйлдлийг нь хэн нэгэн зогсоох, эсэргүүцэл үзүүлэх юм бол ааг омог нь багтаж ядсан залуус хэнийг ч хэн гэлгүй, төрийг ч төр гэж тоолгүй уландаа дэвсэлж, гөлөг шиг доромжлон бах таваа хангах болсон. Салаавч Баярцогт бол даргын нэр барьж давж харилцдаг агуу их Монголын тодорхой нэгэн жишээ.

Мөн сэлэм Бямбацогт гэж бас бий. Нийслэл хотын Засаг дарга болж мандаж байсан Мөнхчулууны төрсөн дүү тэрээр аанай л ааг омгоо багтааж ядахдаа олон нийтийн газар сэлэм гаргаж хүн амьтны толгой цавчихдаа тулсан. Том даргын дүү, хэмжээлшгүй эрх мэдэлтэй гэдэгтээ эрдэж хүн амьтныг хэл амаар доромжлох энүүхэнд, бүр сэлэмдээ тулсан байх жишээний. “Нийслэл хотыг бол би атгана, ах минь ажил албатай байгаа цагт Улаанбаатар хот бол миний дор шүү дээ, намайг юу ч хийсэн хориглож чадах аавын хүү байна уу” гэж л аархсан байлгүй. Тиймдээ л сэлэм авч явж олон нийтийн газар дургүй хүргэсэн нэгний толгой тас цавчихыг санаархаа биз. Ер нь тэгээд салаавч Баярцогт, сэлэм Бямбацогт гэлгүй монголчууд бүгд л давж харилцах гэсэн өвчтэй. Зам дээр хоёр машин шүргэлцэх төдийд жолоочид нь арслан барс шиг уур омогтой бууж ирэн нэгнээ оросоор баахан харааж зүхэж, ална шудна даа тулснаа бүгд л дор бүрнээ утсаа яриад унана. “Би машинтай мөргөлдчихлөө. Дүүргийн цагдаагийн дарга руу чи таньдгаараа яриадахаач, болохгүй бол би гишүүнд хэлье” гээд л сүрийг бадруулна. Нэг л их том том дарга, сайдууд руу жигтэйхэн ажил болгож ярьсан хүмүүс байдаг. Зүгээр хоорондоо ярилцаад ойлголцчих юман дээр ийш тийшээ баахан ярьж, бусдадаа садаа болж, замын хөдөлгөөнийг хааж лай ланчиг үүсгэдэг. Ном журмаар нь шийдчихнэ гэж ёстой гонж доо.

Аль нэг албан газарт дарга царайлсан цүнх барьсан залуу, эсвэл годгоносон жаахан охин “Би тэр гишүүний явуулсан хүн байна. Танай даргад гишүүн хэлсэн гэсэн. Би тийм ажилд орно” гээд л өөрөө өөртөө ажил, албан тушаал хэдийнэ өгчихсөн нэг нөхөр шуудхан ороод ирнэ. Ялангуяа төрийн алба ийм л даргын чихээсүүдээр дүүрсэн дээ Монгол Улс хөгжихгүй байгаа. Ажлын ямар ч дадлага туршлага гэж байхгүй төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил нь асуудалтай, нам дагаж давхисан, дарга сайдад долгинож нэр төр олсон цагаан гартай залуучууд л яам агентлагийн харьяа газруудаар дүүрэн байгаа. Бүгд л давж харилцаж, дарга сайдуудын яриулсан чихээсүүд. Монголын төр мэргэжлийн бус чихээсийн боловсон хүчинтэй, ном журмаараа ажилд ордог биш ноёдын томилгоогоор ажилтай болдог бичигдээгүй хуулийн дагуу явах болсон.

Давж харилцдаг энэ өвчин Монгол төрийн наадмыг ч гацааж шившгээ дэлгэж байсныг бид мэднэ. Одоо парламентад салаавч гаргаад сууж байгаа нэг бөх монгол төрийн наадмын зүүний магнайд гарах гээд юу болов. Мэргэжлийн албан ёсны байгууллага болох Монголын үндэсний бөхийн холбоо барилдах бөхчүүдийнхээ эрэмбэ чансааг үзүүлсэн амжилтынх нь дагуу гаргадаг. Үүнд ямар нэгэн будлиан байхгүй. Гэтэл тэр жилийн наадмын өмнөхөн төрийн тэргүүнээс дархан аварга хэмээх цол хүртсэн эрхэм гишүүн зүүний магнайд гарна гэж зүтгэсэн. Бөхийн холбооноос гаргасан эрэмбээр бол барууны магнайд гарах байсан. Гэтэл зүүний магнайд гарна гээд дайрчихав. Наадам эхэлдэггүй, өнөө нөхөр чинь бөхийн холбооны нөхдөөсөө даваад бүр Ерөнхийлөгчийн тамгын газрынхан руу ярьсан гэж байгаа. Бараг л Ерөнхийлөгчтэй яриад зүүний магнайдаа гарсан. Ийм шударга бус зүйлийг бид төрийнхөө наадмаар Монгол даяараа хараад сууж л байлаа.

Давж харилцдагийн бас нэг жишээ бол С.Зоригийн хэргийг тойрсон асуудал болчихоод байгаа. Анхан шатны мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгчээс аваад прокурор, цагдаа, тагнуул, дээд шүүх гээд хууль шүүхийн байгууллага бүх шат дамжлагаар хянан хэлэлцээд С.Зоригийг бүлэглэн алсан нь баталгаатай гэж Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын гурван этгээдэд 20-22 жилийн ял оноосон. Бүр гурван шатны шүүхээр хэлэлцээд хамгийн сүүлд улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч нь шүүх хурлыг даргалж явуулаад дээрх гурван этгээд С.Зоригийг алсан нь баталгаатай байна гэж үзэн ял оноосон. Ингэж Зоригийн хэрэг хорь орчим жилийн дараа илэрсэн. Гэтэл гурван шатны шүүхээр тогтоогдоод байсан хэргийг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд нь албан ёсны мэдэгдэл хийж үгүйсгэсэн. “Содномдаржаа, Чимгээ нар Зоригийг алаагүй байна. Тэдэнд хилс хэрэг хүлээлгэсэн байна” хэмээн алуурчин гэх хоёр нөхрийн өмнөөс уучлалт гуйсан. Ингэснээр Монголын шүүх засаглал ямар ч үнэ хүндгүй болж, үндсэндээ Нямдорж гэдэг хүн Монгол Улсын хууль шүүх, прокурор, цагдаа, тагнуулын байгууллагыг давж мэдэгдэл хийн, тэдний илрүүлсэн хэргийг худлаа гэж зарлан, хууль шүүхийн нэр хүндийг шороотой хутгасан. Ц.Нямдоржийн зөв үү, эсвэл хууль шүүхийнхны олон жил мөрдөж мөшгиж тогтоосон зүйл баталгаатай байсан уу гэдэг нь одоогоор тодорхой болоогүй байгаа. Ямар чиг л байсан Хууль зүйн сайд нь хууль, шүүхийнхнийгээ давж ард түмний өмнө алуурчин гэх нөхдөөс уучлалт гуйчихаад байна.

Давж харилцдаг монголчуудын өвчин ийнхүү хууль шүүхээ завхруулаад, Монголд шударга үнэн гэдэг ойлголт байхгүй гэдгээ харуулаад зогсохгүй одоо бүр хэрээс хэтэрч Монголоосоо давж дэлхий рүү халих болсон. Түүний бэлээхэн жишээ гэвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн Америкт хийсэн төрийн айлчлалын үеэр юу болов. Захын нэг товарищ л АНУ-ын Дональд Трамп руу хандаж Монгол Улсын Ерөнхийлөгчөө элдвээр хэлж гутаан доромжилж байх жишээний. Энэ бол арай дэндсэн асуудал. Монголчуудын давж харилцдаг, даргатай нь шууд ярьдаг агуу их зан бүр сүүлдээ ингэж элийрч балайран дэлхий нийтийн шившиг болж гүйцэх нь. Аливаад давж харилцдаг энэ тэнэглэл, сэтгэлгээний ядуурлаасаа нэн даруй салж, бүх зүйлд зүгээр ном журмын дагуу хандаж, стандарт зарчим баримтлахгүй бол улс орон улам л уруудан доройтох нь…

Д.БАТБОЛД

Categories
мэдээ цаг-үе

Улсын аварга Э.Оюунболд: Наадмын өмнө “Чи түрүүлсэн ч бай, түрүүлээгүй ч бай чамаас допинг илрүүлнэ” гэж над руу дайрсан

Допинг тойрсон маргаан үргэлжилж байна. Баяр наадамд шөвгөрсөн 15 бөх “Миний шинжилгээнээс допингийн төрлийн бодис илрээгүй” гэж мэдэгдээд байсан. Харин өнөө жилийн улсын их баяр наадмын түрүү бөх улсын аварга Э.Оюунболд Авто тээврийн 80 жилийн ойд зориулсан барилдааныг дундаас нь орхиж явснаас хойш сураг чимээгүй байсан юм. Допинг хэрэглэж улсын наадамд түрүүлсэн гэх шуугианыг нийгэмд дэгдээгээд байсан тэрбээр өнгөрсөн бямба гаригт мэдэгдэл хийлээ.

Улсын аварга Э.Оюунболд “Хоёр бөхийн холбооны маргаан эцэстээ тулж түрүү бөхөөрөө оролдож бусармаг явдал хийж байна. Энэ нь монгол бөхийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа учраас мэдэгдэл хийж байгаа юм. Миний хувьд 14 наснаасаа хойш л аварга багш (дархан аварга Б.Бат-Эрдэнэ) дээрээ бэлтгэл хийгээд явж байна. Багш надад “Архи ууж болохгүй, допинг хэрэглэж болохгүй” гэж захиж сургасан. Би допинг хэрэглэж үзээгүй. Миний шээс солигдсон байна. Энэ хэргийг шалгаж үнэн зөвөөр шийдвэрлэхийг хууль хяналтын байгууллагуудаас хүсч байна. Допингийн эсрэг үндэсний төвийнхөн тавуулаа байж гарын үсэг зурж байж задлах ёстой шинжилгээний хариуг хоёулахнаа задлаад нийгмийн сүлжээнд цацчихсан байгаа юм. Ингээд л над руу бөхчүүдээр зохион байгуулалттайгаар дайралт хийлгэсэн. Үүнийг би зохион байгуулалттай гэмт хэрэг гэж үзэж байна. Би допинг хэрэглээгүй. Дахин онцлоход миний шээсийг сольсон байна. Би хууль хүчний харьяа байгууллагуудын хараа хяналтан дор гуравдагч орон руу шинжилгээ өгмөөр байна. Мөн ДНК-ийн шинжилгээг ч өгье. Бөхчүүдийн нутгархдаг зүйлээс л ийм аймаар юм гарч байна. Бид чинь нэг улсад, нэг төр дор л амьдарч байгаа улс шүү дээ. Бүгдээрээ л Монголчууд. Наадмын өмнө “Чи түрүүлсэн ч бай, түрүүлээгүй ч бай чамаас допингийн төрлийн бодис илрүүлнэ” гэж нэг биш удаа давшилж байсан удаатай. Мөн “Тэрбум 300 сая төгрөг бэлдсэн. Оюунболд түрүүлэх нь ойлгомжтой боллоо” гэж гутаан доромжиллоо. Энэ бүхнээр намайг хилс хэрэгт гүтгэж байна. Нэгэн цагт барилдаж явсан улсын аварга Д.Хадбаатарыг дийлэхгүй болохоор хэрэг тохож шоронд оруулж байсан. Өнөө цагт Оюунболд гэж хүнийг “Бяртай байна, дийлэхгүй байна, ийм зүйлээр далимдуулаад унагачихъя” гэсэн зорилготой нь илэрхий байна. Монголын ард түмэн зөвөөр ойлгох байх. Би өөрийгөө өмгөөлөх гээд байгаа юм биш. Монголын их өв соёлоо хамгаалахын тулд эцсээ хүртэл тэмцэхээ илэрхийлж байна” гэж дурдсан юм.

Улсын их баяр наадмын түрүү бөх Э.Оюунболд допингийн шинжилгээнд бүдэрсэн нь олонд ил боллоо. Дэлхийн томоохон тамирчид ч допингийн асуудалд холбогдоход ийм жишгийн тайлбар хийдэг. Саяхан дэлхийн аварга, гавьяат тамирчин П.Орхон допингийн шинжилгээнд бүдэрчихээд “Миний хоолонд допинг хийчихсэн байна” гэх тайлбар хийгээд дөрвөн жилээр эрхээ хасуулж байсан. Шинэ аваргын тайлбар ч үүнтэй агаар нэг.

Ямартаа ч Э.Оюунболд аварга өчигдөр баяр наадмын зохион байгуулах коммист хандаж өмнөх жилийн баяр наадмуудын бөхийн барилдааны допингийн шинжилгээний хариуг нийтэд ил болгохыг шаардсан бичиг хүргүүлсэн байна.

БӨХЧҮҮДИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ШЭЭСИЙГ СОЛЬЖ, ХОЛИХ БОЛОМЖТОЙ ЮУ

Бөхчүүдийн допингийн шинжилгээний үйл явц нүднээс далд байдаг нь бөхчүүдийн шинжилгээний хариунд “но” ордог гэх хардлагыг спортын хүрээнийхэнд төрүүлдэг. Бид энэ талаар Допингийн эсрэг үндэсний төвийн эх сурвалжаас тодрууллаа.


-Баяр наадамд шөвгөрсөн 16 бөхийг допингийн шинжилгээнд хамруулдаг. өнөө жилийн улсын их баяр наадмын түрүү бөх допингийн асуудалд холбогдсон нь том шуугиан тариад байна. Улсын аварга Э.Оюунболд “Миний шээсийг сольсон байна” гэж мэдэгдсэн байсан. шинжилгээний явцад шээс солигдох боломжтой юу?

-Тийм тайлбар хийсэн байна лээ. Шээс солигдох үндэслэлгүй. Шээсний савны дээд хэсэгт улаан гогцоо байдаг. Түүнийг нь аваад таглахад шилийг дахин гараар онгойлгох боломжгүй болдог. Лаборатори дээр тусгай аппаратаар л нээнэ. Сав болон хайрцаг нь ижил дугаартай байдаг. Сав шээс солигдох ямар ч боломжгүй.

-Бнсу-аас ирсэн шинжилгээний хариуг таван хүн байлцаж задалдаг гэсэн. Энэ жил хоёр хүн л өөд өөдөөсөө харж байгаад задалчихсан юм уу?

-Үгүй. Бүх үйл явц ном журмын дагуу болж өнгөрсөн.

-Допингийн шинжилгээнд бөхчүүд бүдрэх нь хэвийн үзэгдэл болжээ. Баяр наадмын бус үеийн шинжилгээнд ч хэд хэдээрээ унаж байна. Энэ юутай холбоотой вэ?

-2003 оноос хойш баяр наадамд шөвгөрсөн 16 бөхийг допингийн шинжилгээнд хамруулж эхэлсэн. Допингийн эсрэг үндэсний төвөөс тамирчдад зориулж допингийн эсрэг сургалтыг долоо хоног бүр зохион байгуулдаг. Тамирчид ч танхим дүүрэн ирж идэвхтэй оролцдог. Харин үндэсний бөхийн тамирчид сургалтад оролцохдоо их хойрго ханддаг. Тав зургаахан л хүн ирнэ. Өөрсдөө мэдлэггүй байна л даа” гэж хэлсэн юм.

Баяр наадмын тухай хуульд допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхийн барилдах эрхийг хоёр хүртэлх жилээр хасах юм уу тухайн баяр наадамд үзүүлсэн амжилтыг хүчингүй болгох гэсэн заалт бий. Тухайн бөхийн хэрэглэсэн бодисын үйлчлэл, нөлөөллөөс шалтгаалж шийтгэл өөр хоорондоо харилцан адилгүй байдаг. Цол хураах болон нөхөж олгох асуудал нь Баяр наадмын комисс болон Ерөнхийлөгчийн эрхийн хүрээнд шийддэг асуудал юм.

Улсын арслан Х.Мөнхбаатар шинжилгээнд бүдрэхэд зөвхөн шөвгөрсөн амжилтыг нь хүчингүй болгож байсан бол улсын начин Б.Сугаржаргалын барилдах эрхийг зөвхөн зургаан сараар хасч байсан. Н.Адьяабат, Б.Суманчулуун нар шинжилгээнд бүдрэхэд шууд цолыг нь хурааж байсан удаатай.

Энэ сарын 19-ний өдөр Баяр наадмыг зохион байгуулах комисс, бөхийн салбар хорооноос баяр допингийн шинжилгээн хэн бүдэрснийг зарлах учиртай. Шинжилгээнд бүдэрсэн бөхчүүд “А” сорьцын шинжилгээний хариуг зөвшөөрсөн тохиолдолд тэр шүү дээ. Хэрэв татгалзсан тохиолдолд зарлах тов дахин нэг сараар хойшилно гэсэн үг.

Нэг бөхийнх нь шинжилгээнээс допингийн төрлийн дөрвөн төрлийн бодис илэрсэн талаар бөхийн салбар хорооноос мэдэгдсэн. Хэрэв шинэ аваргын шинжилгээнээс ийм олон төрлийн бодис илэрсэн тохиолдолд барилдах эрхийг хоёр жил хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж, аварга цолыг нь хураах магадлалтай.

О.ДАШНЯМ

Categories
мэдээ цаг-үе

Инээдмийн лаборатори буюу Comedy Lab-ынхан

“Stand up comedy” гэдэг нь ерөөсөө үзэгчдийн өмнө хошин шог, онигоо ярьж хүмүүсийг инээлгэдэг урлаг юм. Stand up гэдэг нь зогсоогоороо номероо үзүүлнэ гэсэн утгатай ч зарим нь суучихсан ярьж байдаг. Энэ урлаг амархан эд биш ээ.

Үзэгчдээ зогсоо зайгүй инээлгэж, “элгийг нь хөшөөнө” гэдэг хэр баргийн хүний хийгээд байдаг ажил биш. Ялангуяа тайзан дээрээс. “Stand up сomedy”-г зарим хүмүүс дуу хөгжимтэй адилтгадаг. Тэр дундаа жазз хөгжимтэй зүйрлэдэг. Тус урлаг баруунд үүсээд, ялангуяа Англид хүчтэй хөгжиж Орос, Америкт тархсан. Сүүлийн үед Азид ихээр хөгжиж байгаа юм. Монгол Улсад “Stand up com­edy” 2014 оноос орж ирээд өдгөө асар хурдацтай хөгжиж байна. Ази тивдээ манай улс хөгжлөөрөө хамгийн хурдацтай нь байгаа юм. Тэгвэл бид энэ удаагийн “Танайд өнжье” булангаа “Stand up сomedy”-гийн шинэхэн клуб болох “Comedy Lab”-аас бэлтгэлээ. Тэд Монголын анхны комеди клуб болох UB Comedy-гаас өрх тусгаарлан шинэ клубээ нээгээд хагас жил ч болоогүй байна. Одоогийн байдлаар комедиан Хану буюу ч.Хантүмэн, Б.Гантулга, хар төөгөө буюу Б.Төгөлдөр, Ганга, Амартүвшин, н.Амаржин нарын бүрэлдэхүүнтэй байна. Хүмүүсийг инээлгэж баяр баясал өгдөг буянтай залуус маань Peace Tower-ийн 15 давхарт шинэ байранд оржээ. Биднийг клубийн захирал Д.Амартүвшин угтаж авсан юм. Клубийн шатаар өгсөж байхад улаан хөшгөөр хана таазаа тохижуулсан харагдана. Энэ нь “Stand up comedy”-гийн хуучны хэв загвар аж. Энд үргэлж эерэг энерги ялгарч байдаг учраас цаанаасаа л дотно мэдрэмж угтаж авсныг нуугаад яахав. Залуучууд нь ч нээлттэй, зөв бодолтой юм билээ.

Биднийг хөшигний арын өрөөнд ороход комедиан Амартүшин “Өрөө маань бүрэн тохижиж амжаагүй байгаа шүү” хэмээн учирлаад буйдан дээр суухыг урив. Бид тус клубийн хэтийн төлөв болоод өөр олон сэдвийг хөндөж суув. “Comedy Lab”-ын Лаб гэдэг нь лаборатори гэсэн үгний товчлол юм байна. Тэгэхээр энэ клуб инээдмийн лаборатори байх нь. Тийм ч биз. Клубийн хаалган дээр тус клубийн залуусын цагаан халаттай зураг томоос том өлгөөтэй харагдана. Түүнчлэн “Бид инээдийг найруулна” гэх уриатай. Мөн барны цэс нь д.Менделеевийн үелэх системийг дуурайлган кодолчихсон харагдав.

Te гэдэг нь Tequila, Be нь Beer гэх мэт. Энэ мэт өвөрмөц сэтгэдэг залуус энэ клубт байдаг. Нойлын өрөөнд нь алдарт Мэрилин Монро-гийн зураг өлгөөтэй байх жишээний. Утга нь учир битүүлэг. Тэдний анхны тоглолтын баннер нэлээдгүй шуугиан болж, сошиалаар тэд шуугианы эзэд болсон. Re­born гэх нэртэй нүцгэн зургаа сошиалд тавьж маркетинг хийсэн нь тэдний сэтгэхүй хэр задгай вэ гэдгийг харуулж байгаа юм. Хандалт авч чадсан уу, чадсан. Гол санаагаа 1990-ээд оны Америкийн “Next top model” тэмцээнд оролцогч эмэгтэйчүүдийн зургаас санаа авсан байгаа юм. Биднийг ийн ярилцаж суухад комедиан Б.Гантулга орж ирсэн юм. Олноо Тулгаа гэж танигдсан тэрээр Оюу толгойд цахилгааны инженер хийдэг гэнэ. Үргэлжлүүлэн бид комеди урлагийн талаар хөөрөлдлөө.


КОМЕДИАНЧУУДЫН ХАМГИЙН ТОМ АЙДАС НЬ ХҮМҮҮСИЙГ ИНЭЭЛГЭЖ ЧАДАХГҮЙ БАЙХ ЯВДАЛ

Комедианчуудыг нэг үгээр зохиолчид гэж хэлж болохоор. Ярих зүйлээ эхлээд цаасан дээр буулгаж, цэгцэлдэг. Тэгээд хошигнолоо төгөлдөржүүлэх ажилдаа ордог байна. Шинэ инээдтэй санаа, хошигнолууд олсон үедээ цаасан дээрээ тэмдэглэнэ. Өмнөх тоглолтын бичлэгээ үзнэ. Бүрэн болсон хошигнолынхоо бичлэгийг нийгмийн сүлжээнд цацаж, тухайн түүхээ дахиж тайзан дээрээс ярьдаггүй аж. Комедианчуудын хамгийн том айдас нь хүмүүсийг инээлгэж чадахгүй байх явдал. Тайзан дээр гараад хошигнол ярихад үзэгчид нь гөлрөөд суучихвал хариу үйлдэл үзүүлэх чадвар хамгийн чухал гэнэ. Ер нь комедиан хүн олон удаа тайзан дээр гарах тусам илүү чадварлаг болдог аж. Дээр дурдсанчлан Stand up Comedy бол хөгжимтэй тун төстэй. Учир нь та поп хөгжим сонсдог байж болно, таны найз улаан рок байж болно. Үүнтэй ижил комедиан бүр өөр, өөрийн төрлийн дуучид, хөгжимчидтэй адилхан өөрсдийн гэсэн өнгө аястай. Тэр нь тухайн комедианы ямар амьдралтай, амьдралынхаа ямар үе мөч дээр явж байгаагаас ч мөн шалтгаалдаг байна. Тийм учраас он жил хувьсах тусам комедианы ярьдаг хошигнолууд дагаад өөрчлөгддөг байна. Гэхдээ нийтдээ тэдний ярьдаг сэдэв насанд хүрээгүй хүмүүст зориулагдаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Тэд өнөөгийн нийгэмд болж бүтэхгүй байгаа хар бараан асуудлыг хошин маягаар илэрхийлдэг. Гэр бүл, улс төр, нийгмийн аж амьдрал уур уцаар, стресс гээд тэр бүгдийг хөнддөг. Гэхдээ хошноор. Тийм ч учраас хүн бүрийн тембер өөр. Комедиан Н.Амаржин гэхэд морь тайлбарлах урлагийг гаргууд эзэмшсэн. Комедиан Д.Ганга хүмүүсийг эерэг байх тал дээр болон жендерийн эрх тэгш байдлыг хөндөж ярьдаг гэх мэт. Энэ талаар комедиан Д.Ганга “Хүн инээлгэсний дараахь тэр таашаал, алдсаны дараахь тэр сэтгэлийн хямрал давтагдашгүй мэдрэмж төрүүлдэг. Тайзан дээр гарах нь өөрөө маш их том зориг. Тийм учраас манай залуучуудыг тайзнаас элдвээр хэлдэг хүмүүст хэлэхэд энэ их зоригийг нь бас үнэлэх хэрэгтэй шүү” гэсэн юм. Комедианчууд өөр өөрсдийн ажил төрөл, гэр бүлтэй хүмүүс. Үүнийхээ хажуугаар комедиан хийнэ гэдэг ихээхэн хэмжээний энерги, цаг зав, нерв шаардах нь мэдээж. Тус урлаг манайд өдий хүртэл хөгжихөд их түүхийг үзсэн гэдэг. Тайзнаас хөөгдөх, элдвээр хэлүүлэх, бүр эд зүйлс шидүүлж явсан залуус өдгөө Улаанбаатар хотод хоёр том салбар болон өргөжжээ. Бууж өгөлгүй мөрөөдөлдөө хөтлөгдөөд явж байсан залуус одоо нийгэмд тодорхой байр суурь эзлээд, хэлсэн үг нь олон хүнд хүрдэг болсон байна. Тэд “Мэдээж бидэнд дургүй хүмүүс маш их байгаа. Тэр хүмүүс байгаа учраас стэнд ап урсгал цаашаа хөгжинө гэж боддог шүү. Ялангуяа бид “доллар” биш тул бүх хүнд таалагдах албагүй гэж боддог” хэмээсэн юм. Тус клубийн Н.Амаржин энэ сарын эхээр хуримаа хийсэн байна. Д.Амартүвшин “Ингээд найз маань өөрөөсөө асар их мөнгө гарган байж нэг хүний мэдэлд очлоо доо” гэж хөхрөөд “Монгол хүн байна даа дутахгүй мөнгө гаргаж, хуримаа хийх хэрэгтэй дээ манай клубийн залуус” гээд нөгөө хэд рүүгээ ёжилсон байдлаар ширтэв. Биднийг ийн хуучилж суухад аль хэдийнэ тоглолт эхлэх цаг болсон байлаа. Өнгөрсөн лхагва гаригт Ladies Laughing буюу эмэгтэйчүүддээ зориулсан комеди үзүүлбэрийг тайзан дээрээс толилуулахаар бэлджээ. Долоо хоног бүр энэ арга хэмжээ болдог гэнэ. Тэд энэ өдрийг зөвхөн эмэгтэй комедианууд тайзан дээр гардаг өдөр байлгахыг зорьж байгаа аж. Гэвч одоохондоо эмэгтэй комедиануудын чадвар нь бүрэн гүйцээгүй, нялхаараа байгаа учраас туршлагатай комедианчидтай хамтран шоугаа хийж байгаа аж. Монголд өдгөө эмэгтэй комедиан бараг л байхгүй шахуу гэнэ. Комеди, хошигнол бүр эрэгтэй хүний өнцгөөс байгаа болохоор нэг хэвийн болоод байгааг Д.Амартүвшин учирласан юм. Тийм учраас Монголын Stand up Comedy-гийн салбарт эмэгтэй хүн ус агаар шиг хэрэгэй байна гэж хэлээд цонх руугаа ширтэн “Комедиан болох хүсэлтэй, хошин шогийн мэдрэмжтэй бүсгүйчүүд минь манай клуб дээр ирж бидэнтэй холбогдоорой” гэж хэлэн санаа алдсан юм. Тэрбээр үргэлжлүүлэн “Арга ч үгүй биз. Эмэгтэй хүн тайзан дээр гарч ирээд янз бүрийн зүйлс ярихаар хүмүүс шүүмжилнэ гэж айгаад байгаа бололтой” гэлээ.

ХҮМҮҮС ӨӨРИЙНХ НЬ АМЬДРАЛТАЙ ОЙРХОН ЗҮЙЛ ЯРИХ ТУСАМ ИЛҮҮ ИХ ИНЭЭДЭГ

Энэ талбар бол хүмүүс өөрийгөө хөгжүүлж, комедигоо туршиж үзэх, хүмүүсийг инээлгэх, хэн бүхэнд нээлттэй газар юм. Тиймээс энэ клубийнхан шинэ комедиануудыг төрүүлэхээр хайж эхэлсэн. Комедиан болох хүсэлтэй залууст зориулан тэд мягмар гариг бүр “Vergion Mic” шоуг зохион байгуулж эхэлжээ. Тэр өдөр тайзан дээр дан залуу комедианууд гарч комеди хийдэг юм байна. Түүнчлэн нэг сая төгрөгийн төлөө Stand Up Comedy хийдэг залуусыг хооронд нь өрсөлдүүлэх “Нэг саяын инээд” гэх уралдааныг зарлаж байгаа аж. Тус тэмцээн маргаашнаас эхлэх бөгөөд гурван долоо хоног үргэлжлэх аж. 21 залуу оролцохоор болсон бөгөөд оролцож чадаагүй 20 гаруй залуус үлдсэн гэнэ. Эндээс харахад комедиан болох хүсэл эрмэлзэлтэй залуус хэр их байгааг дүгнэж болох байх. “Нэг сая инээд” шоуны дараа тэд дахин таван хүн элсүүлж цусаа сэлбэх хүсэлтэй гэнэ. Энэ мэтээр ярилцаж суухад хөгжим явж, тоглолт эхлэх болжээ. Бид үзэгчдийн суудал руу шилжлээ. Тайзан дээр интро бичлэг явав. Комедиан болгоныг тайзан дээр гарахын өмнө ийнхүү өөрийг нь танилцуулсан бичлэг явдаг юм байна. Тоглолтын заал 200 гаруй хүний суудалтай бөгөөд бараг дүүрсэн харагдана. Сүүл рүүгээ зарим нь баранд орж чадалгүй буцаж байлаа. Нэг оройны шоу дор хаяж хоёр цаг үргэлжилдэг бөгөөд нэг хүнд дунджаар 30 минут ногддог юм байна. Эхний комедиан Д.Амартүвшин байлаа. Тэрээр “Хэт мэдрэмтгий, эмзэг, тоглоом даадаггүй хүмүүст эвгүй сэтгэгдэл төрж магадгүй” хэмээн сануулаад нэг нэгэндээ саад учруулахгүй байхыг хүслээ. Тэрбээр ихэвчлэн улс төр, философийн чиглэлээр ярьдаг. Харин энэ удаа бэлгийн боловсролын талаар ихээхэн хуучлав. Үзэгчид ч сэтгэл хангалуун амаа чилтэл инээнэ. Зарим нь нулимсаа арчингаа амаа даран нөгөө “савж унана” гэдэг л боллоо. Түүний 30 минут нүд ирмэхийн зуур өнгөрсний дараа Б.Төгөлдөр гарч ирсэн юм. Үзэгчидтэйгээ харьцаж, заримыг нь шоглож, үлдсэнийг нь зоригжуулж, сургаал айлдаж буй ангийн багш шиг л дүртэй хөгжөөж байгаад дуусав. Үзэгчид элгээ хөштөл инээж, зарим нь амаа даран хөхөрсөөр нойлын өрөө чиглэнэ. Ийнхүү тоглолтын уур амьсгал халуухан болоод ирэв. Комедианчуудтай зарим нь үг хаялцаж, үлдсэн нь зүгээр л “татаж унатлаа” инээнэ. Анхны эмэгтэй комедиан ч тайзан дээр гараад ирлээ. Гэрэлтүүлэг тодорч туранхай бүсгүй гарч ирэн бүтэлгүй хайрын романсаа ярьж гарав. Тэгэхдээ бүсгүйчүүдэд зөвлөнө. “Болзоонд явахдаа хэт их гоёод хэрэггүй, заримтай нь долоо хоног усанд оролгүй уулзсан ч болно” гэх мэтээр хошигнож, бүсгүйчүүдийн инээдийг барж, эрчүүдийн хамрыг сартайлгаж орхив. “Тайзан дээрх туршлага, амьдралын хөгжилтэй түүхүүдээ ярих нь комедианчуудын хамгийн том чадвар. Хүмүүс өөрийнх нь амьдралтай ойрхон зүйл ярих тусам илүү инээдэг юм” гэж Д.Амартүвшин бидний хажууд ирж зогсоод зөвлөсөн юм. Түүнийг ийнхүү ярихтай зэрэгцэн Б.Гантулга тайзан дээр гарч ирэн өөрийн амьдралын түүхээ ярьж гарав. Тэрээр өөрийг нь комедиан Ханутай андуурдаг талаар хошуугаа цорвойлгон ярихад л хүмүүс нирхийтэл инээлдээд эхлэв. Хурц үг хэллэг, үгийн баялгаа ашиглан баранд цугласан үзэгчдийг байлдан дагуулах шиг болоод л суудалдаа суусан даа. Дараагийн эмэгтэй комедиан бол Зулаа. Царайлаг гэж жигтэйхэн. Өмнөх долоо хоногт нэлээдгүй алдаа гаргаж, хүн инээлгэж чадаагүйгээ нэлээн гэмшингүй хэлэхэд үзэгчид дэмжин алга ташив. Шинэхэн комедиан маань ч зориг орон үзэгчдээ инээлгэж чадсан юм. Цаашдаа мундаг сайн комедиан болоорой хэмээн үзэгчид урам хайрлан түүнийг үдлээ. Энэ мэтчилэн комедианууд үзэгчдээ инээлгэж, хөгжөөн энэ өдрийн тоглолт дууссан юм.

Подвалиас эхэлсэн “Stand up Comedy” өдгөө Монголын хамгийн их үзэгчтэй урлагийн нэг болжээ. Дуртай зүйлээ сонирхлоороо хийж буй залуус өдгөө улам илүү хөгжлийн төлөө зорьж явна. Тэдний дараагийн бай бол гадны улс руу гарч англи хэлээр комеди хийх. Ингэснээр гадны зах зээл нээгдэх бүрэн боломж энэ салбарт байгаа юм. Түүнчлэн тус клубийн Н.Амаржин англи хэл дээр бүрэн хошигнож чаддаг аж. Комедиан залуучууд өөрсдийн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн ийнхүү амьдарч явна. Тэдний нэг өдрийг сонирхуулахад ийм байна.


Categories
мэдээ цаг-үе

Нямын Баттөмөр: Төрж өссөн нутгаа зарлуулж, улсад гурван адуу айрагдууллаа. Сайхан байна.


Айрагдана чинээ санаагүй хүрэн хязаалангийнхаа хамт

Өнөө жилийн наадмаар Баянхонгорын Бууцагаан сумынхан одтой сайхан наадаж улсын алдарт уяачаа угтаж авсан. Нямын Баттөмөр гэх залуу улсын наадамд гурван адуу айрагдуулж өндөр амжилт гаргасныг наадамчид өнөө хэр нь ярьцгааж байна. Сартай хонгор азаргаа аман хүзүүнд давхиулж, хар морио айргийн дөрвөөр хурдлуулсан нь наадамчдын баяр бахдалыг төрүүлсэн. Унаган адуу хүрэн хязаалан нь айргийн гуравт хурдалсан нь Н.Баттөмөрийн баяр дээр баяр нэмж өгсөн. Эдгээр хүлгүүдийн уяач аймгийн алдарт уяач Галсангийн Болдбаатар тааруулдаг аж. Нутгийнхаа бахархал болсон хоёр залуугаа нутгийн зөвлөлийн дарга М.Хүрэлсүх тэргүүтэй хүмүүс хүндэтгэл үзүүлж байхад нь таарч Н.Баттөмөртөй хөөрөлдлөө.


-Улсын алдарт уяачийн болзол хангасан танд баяр хүргэе. Малд ойр өссөн үү. Хэзээнээс моринд оров?

-Баярлалаа. Бууцагаан сумаас Б.Цэдэв, И.Золбоо нар улсын алдарт уяачийн болзол биелүүлж байсан. Энэ нутгаас төрсөн гурав дахь алдарт уяачаар би тодорч байна. Өвөө, эмээ ойр тойрныхон малчин улс. Ах нь сумандаа малын дэргэд өсч хүмүүжсэн хүүхэд. Тийм учраас л малд хайртай байдаг юм.

-19 жилийн дараа Бууцагаан сумаас улсын наадамд морь айрагдлаа?

-2000 онд Б.Цэдэв ахын алаг морь улсын наадамд аман хүзүүдэж байсан юм билээ. Тэр цагаас хойш 19 жил өнгөрчээ. Сая төрж өссөн нутгаараа зарлуулж гурван ч насны морь айрагдууллаа. Их баяртай байна. Нутаг орныхон маань ч огшсон байлгүй. Бууцагаанд маань хүн малын зоо тэнэгэр, дэлгэр сайхан зун болж байна лээ.

-Г.Болдбаатар ах та хоёр багын найзууд уу. Хэзээнээс хамтран ажиллах болов?

-Бид хоёр чинь дунд сургуулийн нэг ангийн хүүхдүүд. Сургуулиа төгсөөд л зах зээлийн шилжилтийн үед Улаанбаатар луу орж ирсэн. Сүүлийн таван жил хамтарч ажиллаж байна даа.

-Өнгөрсөн жил та Хангайн бүсийн даншигт сайхан наадсан даа. Хар морь тань түрүүлсэн бил үү?

-Тийм ээ, Булганд их том наадам болсон. Олон ч том уяачид цугласан. Хар морь маань түрүүлээд, хонгор азарга аман хүзүүнд давхисан. Эрдэнэтийн даншигт өөр нэг үрээ айрагдуулж ганзага дүүрэн буцаж байлаа, бид хоёр.

-Таны гол зөвлөхийг би тод манлай уяач Д.Онон гэж ойлгож байна. Энэ их уяачтай яаж танилцаж байв?

-Улсын алдарт уяач Цэндийн Бямбадорж ах бид хоёр адуугаа Өлзийт хороолол руу авчирч байлаа. Хамар хашаа нь Онон ахынх. Энэ цагаас хойш л “Түмэн эх” галд айлсч морь уях болсон доо.

-“Түмэн эх” гал өнөө жил сайхан наадлаа. Дээд гурван насанд энэ галын л морьд давхилаа шүү дээ?

-Үнэхээр сайхан наадлаа. Нэг уяаны гурван азарга дараалж орлоо шүү дээ. Их хурдад бас “Түмэн эх” галын гурван азарга цувж орсон. Эрлийз дээд насанд бас эхний байранд энэ галаас морьд орсон байгаа.

-Улсын наадамд гурван адуу оруулчихна чинээ санаж байв уу?

-Ер нь бол уяа нь эвлэг сайхан таарсан. Болдбаатар маань ч наадмын өмнө “Энэ жил айргаас мултрахгүй байх аа. Сайн байна” гэж хэлж л байсан. Гэхдээ арай ч гурав дөрвөөрөө орчихно чинээ санаж байсангүй ээ. Хязаалангаа айрагдахад их баярласан.

-Хүрэн хязаалан таны унаган адуу байх аа?

-Тийм ээ. Морь уяна гэдэг чинь давхар үржүүлгийн ажил явагдаж байдаг шүү дээ. Үржүүлгийн ажил хийж гаргаж авсан унаган адуу маань айргийн дөрвөөр хурдалсан.

-Хонгор азарга ч энэ цагт тодорч байна даа. Та хаанаас авсан бэ, энэ адууг?

-Азарга маань сайхан уралдаж байна аа. Би дархан аварга А.Сүхбатын дүү Төгсбатаас авч байсан. Сүхбаатарын Халзангийн адуу л даа. Хүүгийн Түмэнбаяр ахын хонгор азарганы төл. Эх нь Төв аймгийн Эрдэнэ сумын хонгор гүү бий.

-Том уяачид том морьдоороо л нааддаг шүү дээ. Аман хүзүүнд ороод ирэхэд нь ямар сэтгэгдэл төрж байх юм?

-Тийм ээ. Их морь, азаргандаа хүч хаядаг. Миний хонгор азарга ч битүү адуу л даа. Төрийн наадамд азарга аман хүзүүдүүлнэ гэдэг чинь тэр бүр заяахгүй, том хувь заяа шүү дээ. Их баярладаг юм билээ.

-Та хар мориныхоо талаар ярихгүй юу. Сүхбаатарын Халзангийн адуу бил үү?

-Тийм ээ. Халзан сумын Дулмаагийн Эрдэнэбулган гэж хурдан адуутай хүн бий. Түүний дүү Энхтайван гэж залуугаас авч байсан юм. Сайхан хурдалж байна аа.

-Улсын наадамд айрагдаж түрүүлсэн 30 адуунд цэвэр монгол адуу хоёр гуравхан л байна гэх яриа яваад байна. Нэг нь таны хар морь?

-Яах аргагүй цэвэр монгол адуу л даа. Болдбаатар бид хоёр зөвлөж их олон адуунаас сонгож авч байлаа. Авч ирэх гэж их ч хол замыг туулж билээ. Болдбаатар маань жилийн дөрвөн улиралд л тулж ажилладаг юм.

-Таны адуун сүргээс гурван адуу төрийн наадамд орчихлоо. Үнэ цэнэ нь ч өсч байгаа биз?

-Үнэ цэнэ ч юу байх вэ дээ. Магнайгаа хагартал баярлаад л явж байна.

-Адууны орчинд та хэдэн айлын аж амьдралыг залгуулж явна вэ?

-Морь уяна гэдэг бүтэн багийн ажил. Цаана нь олон хүний хичээл зүтгэл хөдөлмөр бий. Бүгд хичээж байж л морь хурдаж байна гэж ойлгодог. Ах нь адууны орчинд 10 гаруй айл өрхийн амьжиргаанд тус нэмрээ өгч яваа болов уу гэж боддог юм.

-Адуу уях таны дуртай ажил байх. Нөгөө талаас нь харвал адууны аж ахуй, бизнес гэж ойлгож болох уу?

-Бизнес гэхээс илүү ахынх нь дуртай ажил, хобби юм даа.

-Ламын гэгээний наадамд та одтой сайхан наадсан шүү дээ. Улсын алдартын болзлоо энэ наадамд хангасан?

-Нутгийнхаа том гэгээнтний наадамд эртнээс зорьж байгаад очиж наадсан даа. Хар морь маань түрүүлсэн. Хонгор азарга маань аман хүзүүнд давхисан. Өөр нэг даага айргийн таваар давхилаа. Нутгийн гэгээнтний наадамд хийморьтой сайхан наадаад ирсээн, бид хоёр. Хонгор нутгийн зон олноо баярлуулъя гээд энэ жилдээ Их хурдаа өнжчихсөн юм.

-Адуу өөрөө их хөлийн мал. Гарын дор амьтан биш. Хэрхэн хариулж байна?

-Арыг минь хариуцаж дааж явдаг хүмүүс бий. Тэр хэд маань л аваад явдаг юм. Адуу маань Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд бий.

-Жилийн 365 хоногийн хэдэн өдрийг адууны дэргэд өнгөрүүлж байна вэ, та?

-Би ч тусдаа ажилтай хүн. Болдбаатар маань жилийн турш л адуутайгаа тулж ажилладаг юм. Энэ их ажлын үр дүнд л өнөөдрийн амжилт ирж байна шүү дээ. Сайхан байна аа.

-Та хурдан моринд, ер нь адуунд хэр зардал гаргаж байна?

-Нүдэнд туссан адуунд нэг их гар татддагүй. Сонирхож байгаа хойно, боломж гарвал авахыг л боддог юм.

-Унаач хүүхдийн асуудлыг яаж шийдэж байна?

-Хүүхэд чухал шүү. Сайн моринд, туршлагатай сайн унаач байж л сая нэг амжилт ирнэ. Чухал асуудал.

ГАЛСАНГИЙН БОЛДБААТАР: Д.ОНОН МАНЛАЙ ХОНГОР АЗАРГЫГ ХАРЧИХААД “ДАВХИЛ НЬ ТОГТСОН БАЙНА, САЙН ДАВХИХ ДЭЭ” ГЭЖ ХЭЛСЭН

Бид энэ үеэр нохой жилийн шилдэг уяачаар шалгарч байсан аймгийн алдарт уяач Галсангийн Болдбаатартай хөөрөлдлөө.


-Таны хувьд нохой жилийн шилдэг уяачаар шалгарч байсан. Сая наадмаар шилдгээ баталлаа. Ер хэзээнээс улсын наадамдаа морь уях болов?

-Баттөмөр бид хоёр багын найзууд. 2015 оноос хойш тууштай морьж уяж байна даа, би. Өөрөө хэдэн адуутай, дээрээс нь найзынхаа адууны уяа сойлгыг нь тааруулаад явна. 2016 оноос эхлээд улсын наадамд морьдоо сойж эхэлсэн дээ. Тэр жил соёолонгоо 11-т хурдлуулчхаад “Болох юм байна шүү” гэж урам авч байлаа. Дараа жил нь хавчиг морь, улсын наадамд айрагдуулна гэж бэлдээд хасуулсан. Тэр жил чинь их олон морь хассан шүү дээ. Эрлийз адуу ч хасагдсан, сайн байсан монгол адуунууд ч хэлмэгдсэн. Гурван сунгаандаа түрүүлчихсэн, уяа сойлго нь эвлэгхэн сайхан морио хасуулж билээ.

-Өнгөрсөн жилийн наадмаар таны морьд их хурдан байсан. Айргийн архан талаар давхиад байсан санагдана?

-Уяа эвлэг сайхан байсан ч айрагдуулж хараахан чадаагүй. 20 дотор гурван адуу давхиулаад буцсан даа.

-Ер нь морь уяна гэдэг бүтэн жилийн ажил биз. Одоо морьдынхоо хариу уяаг тааруулж байна уу?

-Ах нь 365 хоногийн 330 өдөр л адууны ажил хийдэг юм. Уралдуулсны маргаашнаас л дараа жилийн наадмын ажил эхэлдэг юм даа. Тавил ажил, хариу уяагаа хийгээд явж байна. Үүнийгээ сайн хийж тавихгүй бол өвөл мах, муутай, дал шил нь годойсон юмнууд л орж ирнэ. Уяа буруу болно гэсэн үг л дээ. Одоо 20-доор адуугаа тавиад хадлан тэжээлийн ажилдаа гарна даа. Арваннэгдүээр сард л жаахан амарна.

– Хар морины уяа сойлгыг та гардаж хийдэг. Шинэ цагийн монгол адуунууд цээжинд давхиж байгаа энэ цагт монгол адуугаар ийм хэмжээний амжилт үзүүлж байгаа тань олны талархал хүлээж байна. Уяа сойлгыг нь яаж тааруулж байна вэ?

-Хар морь ч их хурдан адуу л даа. Ямар ч бариа татаа байхгүй, хөнгөхөн адуу. Зөөлөн уяагаар уядаг. Доогуураа суга цавины зай томтой, их хурдтай. Цуцаалтыг нь гүйцэд аваад л биеийн амраараа байж байгаад л уралдчихдаг онцлогтой.

-Улсын наадамд гурван адуу оруулчихаад сууж байхад юу бодогдож байх юм?

-Уяач хүний мөрөөдөл чинь улсын наадамд морь айрагдуулах байдаг шүү дээ. Өнгөрсөн жил бүсийн наадамд морио түрүүлгэсэн хүн чинь улсын наадмын айраг авчих юм сан гэж зорьж байгаа юм. Өнгөрсөн жилийн наадмаас хойш л өнөө жилийн наадамдаа бэлдсэн дээ. Их ч хөдөлмөрлөсөн.

-Ер нь сартай хонгор азаргаа айрагдуулна гэж санаж байв уу?

-Горьдлого байсан. Азарга уяна гэдэг өөрөө их ухаан, мэдрэмж шаарддаг л даа. Жаахан чангалаад уячихвал давчих гээд, дутуудвал дутчих гээд, эцэг малын уяа эмзэгхэн байдаг. Тэр утгаараа азарган дээрээ их анхаарч ажилласан даа.

Морь уяна гэдэг их ухаан. Та хэнээс өвлөж авсан бэ?

-Миний аав өөрөө уяач хүн. Одоо байхгүй л дээ. Ах нь 13 нас хүртлээ хурдны морь унаад л томдсон. Тэгээд өөрөө морь уяад л энд тэндхийн наадам хэсээд явдаг болсон доо. 20 гартлаа ингэж явж байгаад л хэсэг завсарласан. Эргээд морь луу орохдоо шинэ цагийн төв халхын ханагар уяаг тод манлай уяач Д.Онон, О.Батбилэг нараас л сурч явна даа. Онон ах “Ахтайгаа ойрхон яв. Юм сур” гэж хэлдэг юм.

-Их уяачийн эрдэм аугаа биз?

-Их шүү. Дан ганц морь уях ч биш, амьдралын ухаан, төлөв түвшин байж өрх гэрээ авч явахаас авахуулаад их юмыг Онон ахаасаа сурч явна даа.

-Онон уяач наадмын өмнө таны морийг хараад юу гэж байв?

-Хонгор азаргыг хараад “Давхил нь тогтсон байна, энэ жил наадах чинь сайн уралдана” гэж хэлсэн. Сунгаанд бүгд л тархинд давхиж байсан. Би ч азаргаа мордуулчихаад “Ямар ч байсан айрагдчих байх аа” гэж Баттөмөртөө хэлсэн. Харин хязаалангаа айрагдахад огшоод хачин болсон шүү. Нэг их найдаагүй, мордуулсан юм.

-Ногоо эрт идсэн адуу хурдалдаг гэх туршлагатай уяачдын яриа байдаг. Энэ жил та хаана адуугаа барив?

-Төв аймгийн Цээл суманд ногоо эрт гарсан шүү дээ. Хаврын Дүнжингаравын уралдаанд оролцчихоод тийшээ гарсан. Наадам дөхөөд ирэхээр Налайхын ойролцоо Буурлын давааны өвөр лүү ирсэн. Ногоо эрт идсэнээрээ уяач ажилдаа эрт орно гэсэн үг л дээ. Тэр хэрээрээ морь эрт онгойдог сайн талтай.

-Бууцагааны наадамд сүүлд хэзээ очиж наадав. Нутгийн наадам сайхан биз?

-Сайхан шүү. 2015 онд адуугаа цуглуулаад хамгийн түрүүнд сумын наадмаа зорьж байлаа. Тэр жил нутагт маань жаахан гантай байсан. Соёолонгоо айрагдуулчихаад л эргэж байсан даа.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Монгол Улсын хөгжил 30 их наядаар өссөн нь зөвхөн уул уурхайн хаялга” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин” тэргүүн нүүрт долоо хоног болгоны даваа гаригт хүргэдэг “Танайд өнжье” булан хүрч байна. Өнөөдөр энэхүү буландаа Элчин сайд Я.Дашнямынд өнжлөө. Мөн Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаантай хийсэн ярилцлага, Эдийн засгийн ухааны доктор, УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн ярилцлага нийтлэгджээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Монгол Улсын хөгжил 30 их наядаар өссөн нь зөвхөн уул уурхайн хаялга” хэмээн өгүүлжээ.

Улсын аварга Э.Оюунболд: Наадмын өмнө “Чи түрүүлсэн ч бай, түрүүлээгүй ч бай чамаас допинг илрүүлнэ” гэж надруу дайрсан” гэлээ. Мөн түүний багш Дархан аварга Б.Бат-Эрдэнээс асуудлын талаар тодруулсан “Баримт, үйл явдал” нүүрнээс уншаарай.

Миний аав буланд “Аман хуур” киноны Соном өвгөн дүрээр мөнхөрсөн жүжигчин Т.Цэрэнлхүндэвийн охин Ц.Цэцэгээтэй хөөрөлджээ.

Гэр бүлийн хос дуучин, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Б.Оюунбат, Р.Бадралмаа нартай амьдрал, уран бүтээлийн талаар нь ярилцжээ

Энэ удаад “Эдийн засаг” буландаа Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Б.Бямбасайхантай ярилцлаа.

Түүнчлэн “Дэлхийн мэдээ”, “Энэ өдөр” булангаас өнөөдрийн шинэхэн дугаарыг хүлээн авч уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Маргааш цахилгаан хязгаарлах хуваарь

Маргааш буюу 2019 оны наймдугаар сарын 19-ний даваа гаригт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

  • 10:30-17:00 цагт: БЗД 10, 26-р хороо УСУГ 1, 12, 13-27, 36, 40, 49, С.2, N3-р худаг болон эдгээрийн ойр орчмоор
  • 11:00-16:00 цагт: БЗД 5-р хороо 15-р хороолол, 9/А, Б, 203, 204-р байрууд, Иргэн Нанжиддорж /гутал засвар/, ЖМБО ХХК, УБИС, Ингэт сүү, Стандарт ньюс ХХК-ууд, Баян өргөө СӨХ болон эдгээрийн ойр орчмоор
  • 12:00-17:00 цагт: БЗД 20-р хороо УСУГ-ын худгууд, Удирдлагын төв

СҮХБААТАР ДҮҮРЭГ

  • 11:00-16:00 цагт: СБД 9-р хороо Өсөх СӨХ, Өөдөө байгаль, Иргэн Эрдэнэбат, Батмөнх, Сайнзаяа, Сонинцэцэг, Юнител, Ган эрдэнэ СӨХ, Сангийн яамны 60 айл, Олон түмэн, Чинбат, Өнгөт фасад, Хас гоёл ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

  • 10:30-20:00 цагт: ЧД 19-р хороо Ар хустайн зуслан, Шинэ тавилга, Канвон широб ХХК-ууд, Зөөлөн эрдэнэ дэлгүүр болон эдгээрийн ойр орчмоор

ХАН-УУЛ ДҮҮРЭГ

  • 11:00-18:00 цагт: ХУД 4-р хороо Арцатын 18-ын задгай, Чинбулаг, Эс Би констракшн, Ойн бирж ШТС болон эдгээрийн ойр орчмоор

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

  • 11:00-18:00 цагт: СХД 8, 20-р хороо 5-р бааз, Од-дин, Мон Сүү ХХК-ууд, Савангийн үйлдвэр, Нефтийн байр, ХЦХ-ийн 1-12-р байр болон эдгээрийн ойр орчмоор

НАЛАЙХ ДҮҮРЭГ

  • 10:00-18:00 цагт: НД 1, 2-р хороо Модны зах, Хаан Ус, Халуун Ус, Шилний үйлдвэрийн урд талын гэр хороолол, 40, 41-р байр ЭМН, Мэргэжлийн хяналтын алба, Онцгой байдлын алба болон эдгээрийн ойр орчмоор

ТӨВ АЙМАГ

  • 09:00-18:00 цагт: Зуунмод сум.

Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.