Categories
мэдээ улс-төр

НҮБ-ын тэргүүн асан Бан Ги Мун Монголд ирнэ

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд Азийн төлөөх Боао форумын Улаанбаатарын бага хурлыг 2019 оны наймдугаар сарын 20-ны өдөр зохион байгуулахаар бэлтгэл хангаж байна.

Тус форум нь бүс нутгийн орнуудын хооронд эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх, бизнес эрхлэгчдийн хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэхийг гол зорилгоо болгодог бөгөөд манай улс уг үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцохыг зорьж ирсэн. Форумын бага хурлыг Монголд анх удаа зохион байгуулах нь БНХАУ зэрэг Азийн орнуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ хэмээн зохион байгуулагчид үзэж байна.

image

Бага хуралд Азийн төлөөх Боао форумын дарга НҮБ-ын тэргүүн асан Бан Ги Мун, НҮБ-ын АНДЭЗНЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Салсиа Алисжахбана зэрэг өндөр албаны хүмүүс болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл өргөнөөр оролцохоо мэдэгджээ. Форумыг Гадаад харилцааны яам болон Бизнесийн зөвлөл хамтран зохион байгуулж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын ерөнхий газар “Оюу толгой” ХХК-тай гамшгийн үед хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Онцгой байдлын ерөнхий газар, “Оюу толгой” ХХК-тай гамшгаас хамгаалах, гамшгийн үед хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес нар гарын үсэг зурсан юм. Хамтын ажиллагааны хүрээнд “Оюу толгой” ХХК-ийн уурхайн талбайд тохиолдож болзошгүй гамшиг, үйлдвэрлэлийн осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшиг, үйлдвэрлэлийн томоохон осол тохиолдсон үед гамшигтай тэмцэх ажиллагааг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, төрийн бусад байгууллагын туслалцаа, дэмжлэгийг шуурхай авах, гамшигтай тэмцэх талаар сургалт зохион байгуулах, харилцан туршлага солилцоно.

Мөн мэргэжлийн анги, аврах багуудын үйл ажиллагааны журмыг хамтран боловсруулж хэрэгжүүлэх юм. Дашрамд дурдахад, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн алба хаагчид, Оюу толгойн гүний уурхайн аврах багтай туршлага солилцох хөтөлбөрийн хүрээнд уурхайн гүнд цуврал сургалтыг зохион байгуулж, харилцан туршлага солилцож байсан. Мөн Оюу толгойн Гэнэтийн ослын багийн хамт олон өөрсдийн санаачилгаар хандив цуглуулж, дунд оврын автомашин худалдан авч, гал унтраах төхөөрөмжөөр тоноглон Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангид хандивласан.

Түүнчлэн “Оюу толгой” компани сайн дурын аврагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зорилготой “Аврагчдаа аваръя” ой, хээрийн гал түймрээс сэргийлэх төсөлд нэгдэж зориулалтын хувцас хэрэгсэл мөн хандивлаж байсан зэргээр Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааг дэмжин, хамтран ажилладаг юм.

Categories
мэдээ нийгэм

Төрийн үйлчилгээг операторын горимд шилжүүлэхтэй холбоотой хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан Засгийн газрын 2019 оны 149 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/510 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Төрийн үйлчилгээг операторын горимд шилжүүлэхтэй холбоотой оролцогч талуудын нээлттэй хэлэлцүүлгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн сан хамтран 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Нийслэлийн Архивын газар, Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар, Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв, дүүрэг, хороодын болон холбогдох нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөл идэвхтэй оролцсон байна.

Хэлэлцүүлгээр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс үзүүлдэг 325 үйлчилгээнээс операторын горимд нэн тэргүүнд шилжих боломжтой 20 үйлчилгээг сонгон авч, багаар ажиллан үйлчилгээний шалгуур үзүүлэлтийг тодорхойлсон.

Үйлчилгээг операторын горимд шилжүүлснээр төрийн үйлчилгээг иргэдэд түргэн, шуурхай үзүүлэх нөхцөл бүрдэх давуу талтай юм.

Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр ангийн сурагчдын дахин бүртгэл энэ сарын 21-30-ны өдрүүдэд явагдана

2019-2020 оны хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах сурагчдыг тавдугаар сарын 13-наас 27-ны өдрүүдэд бүртгэсэн. Дахин бүртгэл энэ сарын 21-30-ны хооронд явагдана гэдгийг Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга мэдээллээ.

Статистик үзүүлэлтээр

  • Баянгол дүүрэг 5577,
  • Баянзүрх дүүрэг 6838,
  • Багануур дүүрэг 465,
  • Багахангай дүүрэг 110,
  • Сүхбаатар дүүрэг 3396,
  • Сонгинохайрхан дүүрэг 5616,
  • Хан-Уул дүүрэг 3883,
  • Чингэлтэй дүүрэгт 2408,
  • Налайх дүүрэгт 676 хүүхэд бүртгүүлжээ.

Харин нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх, үргэлжлүүлэн суралцах хүүхдийн бүртгэлийг долдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн наймдугаар сарын 22-ны өдрийг дуустал цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Цахим бүртгэлд энэ сарын 15-ны өдрийн байдлаар 28181 хүүхэд бүртгүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

УНТЭ-ийн захирлаар Т.Мөнхсайханыг томилжээ

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн захирлаар ажиллаж байсан, гэмтлийн мэс засалч Т.Мөнхсайханыг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн захирлаар томилсон байна. Т.Мөнхсайхан нь гэмтлийн эмнэлгийн захирлаар хоёр жил гаруй хугацаанд ажиллахдаа эмнэлгийн зохион байгуулалт, тусламж үйлчилгээний чанар, нэр төрлийг нэмэгдүүлэх, гадаад харилцааг хөгжүүлэх чиглэлээр үр дүнтэй ажилласан хэмээн салбарынхан үнэлдэг аж. Тэрбээр 2006 оноос хойш ГССҮТ-д ажилласан бөгөөд хиймэл үений мэс засал, үений дурангийн мэс заслын чиглэлээр мэргэшсэн эмч юм. ГССҮТ-ийн ерөнхий захирлаар тус эмнэлгийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ хариуцсан орлогч захирлаар ажиллаж байсан, мэс заслын эмч Э.Галбадрахыг томилсон байна. Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар ажлын хариуцлага алдсан гэж үзэж харьяаны хоёр эмнэлгийн удирдлагыг албан тушаалаас нь чөлөөлсөн. Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батжаргалыг чөлөөлж, уг албан тушаалд Эрүүл мэндийн яаманд ажиллаж байсан Балдандугарыг томилжээ. Мөн Нэгдүгээр амаржих газрын дарга Г.Баясгаланг чөлөөлж, тус амаржих газрын Эмчилгээ эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байсан Дүүрэнгэрэлийг захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна.

Categories
мэдээ нийгэм

Булган аймагт хүчтэй шуурганы улмаас таван айлын гэр нуржээ

Булган аймгийн Сэлэнгэ сумын Сангалтай багийн Цүүц гэдэг газар энэ сарын 17-ны өдрийн 19.10 цагаас 19.30 цагийн хооронд түр зуурын ширүүн бороо, мөндөр оржээ. Борооны өмнө хүчтэй шуурсаны улмаас таван айлын гэр нурж, нэг айлын байшингийн дээврийн төмөр хууларч, 13 ширхэг цахилгааны модон багана унасан байна. Мөн тариан талбай мөндөрт цохиулжээ. Яг одоо газар дээр нь Булган аймгийн онцгой байдлын аврагчид ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 15 хүн гэмтэж, таван хүн амиа алджээ

Амралтын өдрүүд буюу энэ сарын 17-18-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт зам тээврийн ослын шинжтэй 327 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулжээ. Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 15 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд хоёр, орон нутагт гурван хүний амь нас хохирсон байна.

Тухайлбал, ням гаригт орон нутагт 19.20 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Мөрөн сум Ачмаг нуур гэх газар асфальтан замд Mitsubishi Colt маркийн А жолоочтой автомашин онхолдож, зорчигч 18настай, эмэгтэй Ч нас баржээ.

  • 19.40 цагийн орчимд Төв аймгийн Борнуур сумын төв Петровис шатахуун түгээх станцын хойд асфальтан замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклын жолооч М нь амины Dayun Б жолоочтой мотоциклтой мөргөлдөж, зорчигч 33 настай, эмэгтэй У нас барсан байна.
  • 00.57 цагийн үед Төв аймгийн Баян сумын 3-р баг Цавчир гэх газар асфальтан замд Mitsubishi L200 автомашины жолооч А нь Toyota Alphard М жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч 48 настай, эмэгтэй О нас барж, жолооч 35 настай, эрэгтэй А, зорчигч 30 настай, эмэгтэй У, 31 настай, эмэгтэй Д, 12 настай, эрэгтэй Н, 35 настай, эрэгтэй Б нарын таван хүн гэмтсэн
  • Нийслэлд 18.20 цагийн орчимд Сонгинохайрхан 11 дүгээр хороо Баянхошууны Хөтөлийн зам, Пирамид хүнсний дэлгүүрийн урд замд Toyota Lexus H-400 автомашины жолооч Б нь “Нийслэлийн хот тохижилтын газар”-ын M-580 Г жолоочтой механизмтай мөргөлдөж, зорчигч 35 настай, эрэгтэй Г нас баржээ.

Тиймээс жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, бусдад аюул осолтой байдал үүсгэхгүйгээр зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна

Нийслэлд байгалийн голомтот болон хүн, мал, амьтны гоц халдварт өвчний халдвар зөөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/772 дугаар захирамж гарсан.

Захирамжийн хүрээнд 2019 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс аравдугаар сарын 30-ны өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Замын цагдаагийн албан хаагчид хамтран 24 цаг, 3 ээлжээр шалган нэвтрүүлэх товчоодод үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн Эмээлт, Баруун турууны авто тээврийн Шалган нэвтрүүлэх товчоо, Налайх дүүргийн Тэрэлж, төмөр замын 4-р зөрлөгийн авто тээврийн шалган бүртгэх товчоо, Баянзүрх дүүргийн авто тээврийн шалган бүртгэх товчоо, Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүрний авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, Багахангай дүүргийн Замын цагдаагийн пост, Хан-Уул дүүргийн Яармаг, Нисэх, Биокомбинатын шалган нэвтрүүлэх товчоодод байнгын үүрэг гүйцэтгэн ажиллах юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дархан аварга Б.Бат-Эрдэнэ: Миний шавь Э.Оюунболд элдэв төрлийн нэмэлт бүтээгдэхүүн шаардагдахааргүй байгалиас заяасан бяр чадалтай бөх

Өнөө жилийн наадмын түрүү бөх улсын аварга Э.Оюунболд допинг хэрэглэсэн гэх асуудал нийгэмд дуулиан дэгдээгээд байна. Энэ талаар Э.Оюунболдын багш Монгол Улсын дархан аварга Б.Бат-Эрдэнээс тодруулга ярилцлага авлаа.


-Та сайхан намаржиж байна уу.Танай нутгийн хүү, таны шавь Э.Оюунболд аварга допинг хэрэглэсэн тухай яригдаж байна. Таныг утсаа салгаад зугтсан, залгахаар утсаа таслаад байна, шавьтайгаа хамт Солонгос улсад очиж шинжилгээнийх нь хариуг өөрчлүүлэхээр допингийн лабораториор хөөцөлдөж явна гэсэн мэдээ зарим сайтад гарлаа. Эдгээр асуултад хариу өгнө үү?

-Цэвэр гүтгэлэг байна. Тийм юм гэж юу байхав дээ. Миний хувьд утсаа хаагаад зугтсан, залгахаар утсаа таслаад байгаа асуудал ердөө байхгүй. Мөн Э.Оюунболд шавийнхаа шинжилгээнийх нь хариуг өөрчлүүлэхээр БНСУ-д явна гэдэг нь хэн нэгэн зориуд санаатайгаар тараасан худал мэдээлэл бололтой. Учир нь энэ сарын 7-ны өдрөөс эхлээд би орон нутагт томилолттой ажиллаж байгаад үргэлжлүүлээд цөөн хэд хоног биеэ сувилуулж амарлаа.

-Э.Оюунболд аварга сэргээш хэрэглэсэн эсэх тухайд та юу хэлэх вэ?

-Хөдөө холбоогүй газар явсан тул энэ талаар сумын төвд орж ирж байгаад сонслоо. Сэргээшийн асуудлыг хуулийн дагуу төрийн их баяр наадмыг зохион байгуулах хороо хариуцан явуулдаг. Бөхийн салбар комисст өмнө нь Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн, дэд тэргүүн нар орж ажилладаг байсан юм билээ. Сүүлийн хоёр жил Монголын үндэсний бөхийн холбооны асуудал маргаантай, шүүх дээр эцэслэн шийдэгдээгүй байгаа тул бөхийн холбооноос хүн орж ажиллахгүй байгаа. Тиймээс би сэргээшийн талаар ямар ч мэдээлэлгүй байна. Монголын үндэсний олимпийн хорооны дэргэдэх Допингийн эсрэг үндэсний төвөөс хуулийн дагуу баяр наадмын шөвгийн 16-д үлдсэн бөхөөс допингийн шинжилгээ авч БНСУ-д байдаг олон улсын итгэмжлэгдсэн лабораторид явуулж шинжлүүлээд журмынхаа дагуу хариуг нь баяр наадмыг зохион байгуулах хороонд ирүүлж, тэндээс л зарлаж мэдээлдэг учиртай. Тэгэхээр одоо баяр наадмыг зохион байгуулах хороо л юмаа мэднэ, бидэнд огт хамаа байхгүй. Солонгост шавиа дагуулаад шинжилгээнийх нь хариуг өөрчлүүлэхээр явах нь бүү хэл, би чинь хэл амнаас хол байх нь амар гэж бодоод улсын баяр наадмын бөхийн барилдааныг тавын даваанаас хойш л Төв цэнгэлдэхэд очиж үздэг хүн шүү дээ. Наадмаар утсаа бүр салгадаг. Төв асарт сууж байхдаа нэг ч удаа утсаар ярьдаггүй. Олон түмний хэл амны нэмэр, хардаж сэрдэхийн нэмэр гээд утсаар ярьдаггүй. Тэр нь амар байдаг юм. Өнөө жилийн хувьд би бүр долоогийн даваа эхэлсэн байхад очсон хүн.

-Э.Оюунболд аваргын сэргээштэй холбоотой асуудлыг дахиад лавлан асууя. Монголын ард түмэн таны амыг л харж байна?

-Манай шавьд бяр чадал, бие бялдар барилдах ур мэх, авьяас байгалиас заяасан. Бяр хүчний хувьд аргагүй тамиртай бөх. Элдэв төрлийн нэмэлт бүтээгдэхүүн шаардагдахааргүй ийм л хүн. Сэргээшийн тухайд бол санаанд ч орж байгаагүй юм байна. 20 настай хүүхэд улсад зургаа давж харцага цол хүртсэнээсээ хойш дандаа л сэргээшийн шинжилгээ өгч байсан. Энэ талын мэдэгдэхүүн өндөр байх ёстой. Тийм болохоор би сэргээшийн хувьд огт санаа зовохгүй байсан. Харин Э.Оюунболдыг улсад түрүүлж арслан болсноос хойш үнэн худал нь мэдэгдэхгүй уулаа, идлээ гэсэн яриа гарсан тул түүнд нь багшийн хувьд санаа зовж сүүлийн жил гаруйн хугацаанд утсаар ярьж, мессэжээр харилцаж, байнга хэлж, ярьж зөвлөж ирсэн. Ер нь энэ шавь нарыг чинь шөнө болгон өвөртөлж унтаж байлтай нь биш дээ. Өөрсдөө л ухамсартай хариуцлагатай биеэ зөв аваад явах учиртай юм л даа. Э.Оюунболд надтай нэг ч удаа согтуу таарч байгаагүй хүн шүү дээ. Тиймийн учир үнэн худал нь мэдэгдэхгүй гэж хэлж байгаа юм.

-Та ер нь сүүлд хэзээ уулзав. Холбоо барьсан уу?

-Холбоо бариагүй. Утас руу нь залгаад ямар ч холбоогүй байна. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумандаа Жонон ханчин гэгээнийг урьж залсан ёслол дээр таарсан. Түүнээс хойш уулзаагүй.

Жич: Б.Бат-Эрдэнэ аваргаас ийнхүү тодруулга ярилцлага авсны дараахан Э.Оюунболд “Би сэргээш хэрэглээгүй. Миний шээсийг сольсон байна. Үүнийг хуулийн байгууллагаар шалгуулна” гэж мэдэгдсэн. Энэ тухай Бат-Эрдэнэ аваргаас дахин тодруулахад Э.Оюунболдын мэдэгдэл хийснийг мэдээгүй, интернэтийн сүлжээгүй газар яваагаа учирласан юм.


Categories
мэдээ улс-төр

​Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан үргэлжилж байна

Төрийн ордонд болж байгаа Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанд Ерөнхий сайд У. Хүрэлсүх болон Шадар сайд нар оролцож байна.

Хуралдаанаар 21 аймгийн засаг дарга нар болон яам, агентлагийн дарга нар оролцож зуншлагын нөхцөл байдалд анализ хийж өвөлжилтийн бэлтгэлийн явцыг ярилцаж байна.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан илтгэлдээ 2019 онд аймгуудын Засаг дарга нартай байгуулсан эхний хагас жилийн гэрээний биелэлт зохих түвшинд хугацаандаа хэрэгжиж байна. Гэхдээ цаашид идэвхжүүлэх шаардлагатай байна” гэдгийг онцоллоо. Мөн бороо хур ихтэй байгаа учраас мал угаалгын ажил удаашралтай байна. Иймд есдүгээр сарын 15-г гэхэд бүх ажлыг бүрэн дуусгахыг үүрэг болгожээ.

Хуралдаан одоо Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгийн илтгэлээр үргэлжилж байна. Түүний мэдээлснээр “Салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 70 хувьтай явагдаж байна. Орон сууцны айл өрхүүдийг дулаанаар хангахаар үүрэг чиглэлийн дагуу дулууны станцууд ажиллаж байна. 9-р сарын 15-наас дулаанаар хангаж эхэлнэ” гэв.