Categories
мэдээ цаг-үе

Б.Баттөмөр: Төрийн зохицуулалтуудыг зөв хийж чадвал бид хөгжинө

Эдийн засгийн ухааны доктор, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.


-Таны ярианд “Төрийн зохицуулалт” гэдэг үг их гардаг. Төрийн зохицуулалт гэж юу вэ?

Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг зөв, үр ашигтай, тэнцвэртэй хөгжүүлэх, бизнес эрхлэх, орлого олох, илүү үр дүнд хүрэх таатай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, нөлөөллийг төрийн зохицуулалт гэдэг. Төрийн зохицуулалтгүй улс орон дэлхийд алга. Зохицуулалтууд нь оновчтой, оновчгүй, үр дүнтэй, үр дүнгүй гэдгээрээ ялгардаг. Ухаалаг, зөв хийж байгаа нь хөгжиж, иргэдээ амар тайван амьдруулж, чадахгүй байгаа нь сүүл мушгиж, мөнхийн асуудалтай орчинд амьдарч байна. Ямар ч хүндрэлтэй асуудалд гарц байдаг. Тэр үр ашигтай байх гарцыг л олох асуудал.

-Чөлөөт зах зээлд төрийн зохицуулалт хэрэггүй, “эрэлт нийлүүлэлтээр зохицуулна гэдэггүй бил үү. Манайд үүсээд байгаа хүндрэлүүд зохицуулалтгүйгээс үүдэлтэй юу?

-Төрийн зохицуулалтыг үгүйсгэж, бүхнийг зах зээлийн эрэлт, нийлүүлэлт,”үл үзэгдэгч гар” зохицуулаад явдаг гэдэг онол хуучирсан. Үл үзэгдэгч гарын онолыг төөрөгдөл гэж үздэг хэсэг ч бий. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4-д “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.” гэж заасан байдаг. Харамсалтай нь төр нь зохицуулж чадаагүй өнөөдрийг хүрлээ. Харин төрөөс баримтлах бодлого гэж бий. Энэ нь төрийн зохицуулалтаас илүү өргөн хүрээтэй ойлголт.

-Монголын төр төрийн зохицуулалтыг хэр хийж ирсэн юм бол?

-Хэр хийж ирсэн нь улс орны хөгжил, ард иргэдийн амьдралын түвшин ямар байгаагаар илэрхийлэгдэнэ. Улс орны хөгжил, та бидний амьдрал нэг л болохгүй байгаа нь төрийн бодлого,зохицуулалт муу байсан,байгаагийн илэрхийлэл.

Бидний туулж өнгөрүүлсэн 30 жилийн түүх нь манай нийгэм, эдийн засгийн хөгжилд төрийн зохицуулалт зайлшгүй гэдгийг нотолж байгаа. Зах зээл өөрөө бүхнийг зохицуулдаг гэж эндүүрч, шийдэх ёстой асуудлуудаа тухай бүр нь шийдээд яваагүйгээс асуудлууд улам хүндэрсээр ирлээ. Тухайлбал, 70 сая малтай мөртлөө махны үнийг дийлдэхээ болилоо. Аялал жуулчлалын дэд бүтцийг бий болгож, ачаалал, даацад нь тохирсон менежмэнт хийгээгүйгээс унаган байгалиа талхлуулж, сүйтгүүлэх хэмжээнд хүрч байна. Улаанбаатар хотын утаа, хөрс, ус, үзэгдэх орчны бохирдол нь төрийн бодлого, зохицуулалт байсан бол ийм хэмжээнд хүрэхгүй байсан. Монгол төгрөгний ханшийн уналт, бодлогогүй гадаад худалдаа, үйлдвэрлэлийн дампуурал, үнийн өсөлт, ядуурал, 30 тэрбум ам.долларын гадаад өр, банкны зээлийн өндөр хүү, баялгийн муу менежмэнтээс үүдэлтэй орлогын тэгш бус байдал гээд төрийн бодлого, зохицуулалтгүйгээс үүссэн муу жишээг хэдэн зуугаар нь хэлж болно. Асуудлыг хүндрүүлэхгүйгээр улс орноо төрийн зөв бодлого, зөв зохицуулалтаар аваад явах боломж байсан. Одоо ч, цаашид ч байна. Улс эх орон, иргэдийнхээ төлөө төр байж, төрийг татвар төлөгчид тэжээдэг. Зах зээлийн эдийн засаг хөгжихийн хэрээр нийгэм, эдийн засгийн хүнд асуудлууд гарч ирнэ. Хувийн хэвшил яаж ч чардайгаад үүнийг дангаараа шийдэх боломжгүй. Хувийн хэвшил ашгийн төлөө өрсөлдөх нь гарцаагүй тул зарим асуудлууд орхигддог. Ялангуяа ашиг орлого багатай, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэгтэй салбаруудад дутагдах хөрөнгө оруулалтыг нөхөх, ажлын шинэ байрыг нэмэгдүүлэх, бага орлоготой хүмүүсийг ажлын байраар хангах, өрхийн болон жижиг дунд бизнес эрхлэх гэх мэт олон асуудлыг төрийн зохицуулалтаар шийдвэрлэнэ.

-Төрийн бодлого, төрийн зохицуулалтын хамаарал ямар байх. Төрийн зохицуу-лалтын хийдэг бусад орны туршлага ямар байна вэ?

-Салбар болон эдийн засгийг бүхэлд нь хамарсан хямрал, ажилгүйдэл нэмэгдсэн, мөнгөний эргэлт саарсан, дэлхийн болон өөрийн зах зээлд таагүй байдал үүссэн үед төрийн эдийн засгийн оновчтой бодлого зайлшгүй хэрэгтэй. Төрийн бодлогын хэрэгжилт нь төрийн зохицуулалтын хэлбэрээр илэрхийлэгддэг тул харилцан хамаарал бүхий ойлголт юм. Төрийн зохицуулалт хэзээ илүү хэрэгтэй вэ гэвэл нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдэх, хямралыг даван туулах гэх мэт тодорхой ажлуудыг тодорхой хүрээнд, тодорхой хугацаанд хийхэд хэрэгтэй болдог. Улс орнуудад төрийн зохицуулалт өөрийн гэсэн хэлбэр, зорилго чиглэл, хамрах хүрээтэй байна.

Европын орнууд, Герман, Их Британи, Франц, болон Скандиновын орнууд, мөн Япон, Солонгос, гээд Азийн орнууд, Латин Америкийн хөгжиж буй нэлээд хэдэн оронд төрийн зохицуулалтын сайтар хөгжсөн механизм бүрэлдсэн гэж үздэг. Харин төрийн зохицуулалт нэг их хөгжөөгүй ч эдийн засгийн бүтцэд өөрчлөлт гарах, ажилгүйдэл өсөх болон инфляци нэмэгдэх үед төрийн зохицуулалтын оновчтой арга хэрэгслийг хэрэгжүүлдэг улс орон олон.

-АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын одоогийн явуулж буй бодлого төрийн зохицуулалт гэж үзэж болох уу?

-Америкийг дахин агуу их гүрэн болгох гэсэн Трампын бодлого төрийн зохицуулалтын нэг хэлбэр мөн. Америкийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж, гадаад худалдааны алдагдлыг бууруулах, Америкийн жирийн иргэдэд илүү их ажлын байр бий болгож, гадагшилсан хөрөнгийн урсгалыг буцааж татах зэрэг бодлогын үр дүнд АНУ-ын эдийн засаг түргэн хугацаанд сэргэж, хүчирхэгжиж эхэлснийг эдийн засагчид үнэлж байна.

-Төрийн зохицуулалт хийх шаардлага ямар үед үүсэх вэ?

-Төрийн зохицуулалтыг, Нэгдүгээрт, үүссэн асуудлыг зах зээл өөрөө зохицуулж чадахгүй нөхцөл байдал үүсвэл төрөөс зохицуулах хэрэгцээ гарна. Үүнд, Мөнгөний нийлүүлэлт, эргэлтийг зөв зохицуулах, төрийн үйлчилгээг нийгмийн эмзэг давхаргад хүргэх, ядуурлыг бууруулах, баялгийн хуваарилалтад гарч байгаа тэгш бус байдлыг арилгах гэх мэт. Хоёрдугаарт, чөлөөт зах зээлийн механизм мөнгөөр илэрхийлэгдсэн хэрэгцээг эрэлт нийлүүлэлтээр дамжуулан хангах боломжийг олгодог. Гэтэл мөнгөөр илэрхийлэгддэггүй хэрэгцээ гэж бас байна. Нийтийн үйлчилгээ, үндэсний батлан хамгаалах асуудал, төрийн удирдлага, эрчим хүчний нэгдсэн систем, холбооны үндэсний сүлжээ, нийгмийн дэг журмыг сахиулах, вакцинжуулах, ундны усыг хамгаалах гэх мэт олон асуудлуудад төрийн зохицуулалт шаардагдана.

Гуравдугаарт, гадаад хүчин зүйлсийн нөлөөллийг арилгахад төрийн оролцоо чухал. Зах зээлийн үйлдвэрлэл, хэрэглээнд зах зээл өөрөө зохицуулж чадахгүй, мөнгөөр илэрхийлэгдэхгүй хомсдол гардаг. Энэ нь зах зээлийн тэнцвэрийг алдагдуулж, нөөц баялгийг зохистойгоор хуваарилах боломжийг алдагдуулдаг. Энд төрийн зохицуулалт хэрэгтэй болно.

-Төрийн зохицуулалт, оролцооны хязгаар гэж байх уу. Байвал тэр нь ямар байх?

-Мөнгөний нийлүүлэлтийг зохицуулах, шаардлагатай бараагаар хангах, гадаад нөлөөллийг сулруулах зэрэг нь чөлөөт зах зээлд төрөөс оролцох оролцооны хязгаар гэж ойлгож болно. Гэхдээ төрөөс аж ахуйн ажилд хэт хутгалдан орж, хувийн бизнесийг булаах, шударга бусаар өрсөлдөх явдал байж болохгүй.

-Салбар бүрт зохицуулалтын бодлого байх уу. Аль салбарт илүү байх вэ?

-Төрийн бодлого, зохицуулалтаар зайлшгүй хийгддэг олон асуудлууд бий. Тухайлбал, Хөгжлийн бодлогыг тодорхойлох, орлогыг төлөвлөж хуримтлуулах, зарлагыг оновчтой хуваарилах, зах зээлийн тэнцвэрийг хадгалах, хяналтын механизмыг ажиллуулах гэх мэт. Чөлөөт зах зээлийн өрсөлдөөний үр дүнд олсон орлогыг зах зээл шударга гэж үздэг. Олох орлого, ашгийн хэмжээ нь оруулсан хөрөнгө, хөрөнгө оруулалтаас хамаардаг. Мөн нийгэмд өөрийн гэсэн өмч хөрөнгөгүй, ажил хийх чадваргүй хүмүүс олон байна. Ажлын чадвартай ч зах зээлд өөрийн байр сууриа олж чадахгүй хүмүүс ч бас байна. Мөн төрийн албаныхан байна. Тэд зах зээлийн өрсөлдөөнд орж, ашиг, орлого олж чадахгүй. Эдгээр хүмүүсийг бодлогоор орлоготой болгох нь төрийн ажил. Зах зээлийнх биш. Зах зээлийн эдийн засаг оршин тогтноход зайлшгүй шаардлагатай үйлчилгээ эрхлэх, эрх зүйн үндсийг бүрдүүлэх үүргийг төр өөртөө авна. Харамсалтай нь манай төр ийм үүргээ өнгөрсөн хугацаанд оновчтой, бодлоготой зөв хийж чадсангүй. Бизнес эрхлэгчдээ аливаа эрсдэлээс хамгаалж, зөвлөх үүрэг төрд бий. Монгол Улс 3,2 сая хүнтэй. Зах зээлд шилжсэн эхний жилүүдэд их,дээд сургууль,коллеж байгуулж ажиллах зөвшөөрөл 200-аад ийг олгожээ. Ашигт малтмал хайх, олборлох лиценз 7000-ыг олгосон байна. Элдэв сонин, сэтгүүл, кабелийн телевиз, сайтууд, дэлгүүр, хоолны газар, шөнийн цэнгээний газар, караоке, жуулны баазууд ББСБ, ХЗХ гээд зах зээлийн багтаамжаасаа давсан үйлчилгээний эрхийг төр тооцоо, судалгаагүй олгож иргэдээ хохироож байгаа нь харамсалтай. Түүнийг хүсч авсан иргэд буруугүй. Яагаад гэвэл тэд ажил, хөдөлмөр эрхлэж сайн, сайхан амьдрахыг хүсч байгаа. Буруу зүйлд оруулсан энэ хөрөнгө оруулалт зөв зүйлд орсон бол хувь хүндээ, төрдөө ч ашигтай байх байсан. Хувийн хэвшилд эрхзүйн статус олгох, хувийн өмч эзэмших эрх олгох, байгуулсан гэрээ хэлцлийг дагаж мөрдөх, эрх зүйн үндсийг төр тогтооно. Эдгээр нь төрийн зохицуулалтын хэлбэрүүд юм. Энэ утгаараа төр эдийн засгийн харилцаанд арбитрын үүрэг гүйцэтгэнэ. Өрсөлдөөн бол эдийн засгийг хөдөлгөгч хүч. Үйлдвэрлэгч, нийлүүлэгчид хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн бараа, үйлчилгээгээр өрсөлддөг. Харин монополь энэхүү нөхцөлийг өөрчилдөг. Төр монополын эсрэг хууль гаргаж хэрэгжүүлнэ. Төрөөс инфляцийн эсрэг арга хэмжээг авч, хямралын үед бараа үйлдвэрлэл, үйлчилгээний хэрэгцээг урамшуулах, хөрөнгө оруулах, ажлын байраар хангах бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Үүний тулд хувийн хэвшилд санхүүгийн дэмжлэг, хөнгөлөлт үзүүлэх, төрөөс нэмэлт зардал гаргах, хөрөнгө оруулах зэрэг арга хэмжээ авдаг.

Улс орны эдийн засаг эрчимтэй хөгжих үед барааны нөөц барагдах, импорт нэмэгдэх, төлбөрийн тэнцэл муудах, ажиллах хүчин хомсдох, цалин хөлс нэмэгдэж, үүнийг дагаад бараа үйлчилгээний үнэ өсөх зэрэг сөрөг нөхцөл байдал үүсдэг. Ийм тохиолдолд төрөөс зохицуулалт хийж, хэрэгцээний өсөлт, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийг тодорхой хэмжээгээр хязгаарлаж, барааны хэт үйлдвэрлэл, хөрөнгийн хэт хуримтлалыг сааруулж, ирээдүйд үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, ажлын байр багасах эрсдэлийг бууруулдаг.

Төрийн зохицуулалтыг хийхэд шинэ дадал хэрэггүй. Харин шинэ түвшин дэх мэдлэг чадвар, төр, ард түмэндээ үнэнч зүтгэх зүтгэл, ёс зүй, сахилга хариуцлага хэрэгтэй.

-Төрийн зохицуулалтад хамрах зүйлийг нэмж тайлбарлаж өгнө үү?

Төрийн зохицуулалтад хамаарах зүйлсэд эдийн засгийн мөчлөгийг удирдах, салбарын болон орон нутгийн бүтэц, орлого хуримтлуулах, ажил эрхлэлт, ажилгүйдэл, мөнгөний бодлого, төлбөрийн тэнцэл, үнэ болон үнийн хэлбэлзэл, өрсөлдөөний нөхцөл, нийгмийн харилцаа, нийгмийн халамж, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, байгаль орчин, экологийн зохицуулалт, гадаад эдийн засгийн болон улс төрийн харилцаа холбоо орно.

Манай зарим бүс нутагт хөгжил удааширч, төвөөс алслагдсан бүс нутаг эзгүйрэх, хөдөөнөөс хот руу шилжих хөдөлгөөн нэмэгдсээр байна. Иймд төрийн зохицуулалтаар үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт хэт төвлөрөхөөс сэргийлж, бүс нутгийг жинхэнэ утгаар нь төрөлжүүлж хөгжүүлж, үндэсний болон дэлхийн хэмжээнд өрсөлдөх монгол брэнд бүтээгдэхүүнийг бий болгож болно. Үндэсний эрх ашгаа дэлхийд хамгаалах, өрсөлдөх чадвараа дээшлүүлэхийн тулд төрөөс гадаад худалдааны зохистой бодлогыг хэрэгжүүлж, газрын баялгийн үр ашиг муутай урсгал, ажиллах хүчин гадагшлах үйл явцад хяналт тавьж, валютын ханшид нөлөөлөх, төлбөрийн тэнцлийг удирдах зэрэгт төрийн зохицуулалт маш чухал үүрэгтэй. Төрийн оновчтой, зөв зохицуулалтаар хүндрэлтэй асуудлын шийдлийг өөрөөс нь олж болно.

-Төрийн зохицуулалтын хязгаар гэж байх уу?

-Тодорхой хязгаарын хүрээнд төрөөс зах зээлд оролцох оролцоог тодорхойлж, ухаалгаар зохицуулах нь нийгэм, эдийн засгийн олон тулгамдсан асуудлыг шийдэхэд тусална. Харин хязгаар хүрээнээс давж, зах зээлийн эдийн засгийг бүхэлд нь зохицуулах гэж оролдох, үйлдвэрлэлийн нөөцийг хуваарилж, үнийг захиргааны аргаар барих, үйлдвэр аж ахуйн газруудын өрийг төлөх, технологийн хувьд хоцрогдсон салбарт ажлын байрыг хадгалж, төсөв бүрдүүлэх зорилгоор татварын бодлого хэрэгжүүлэх, санхүүгийн бололцооноос хэтэрсэн нийгмийн халамж явуулах нь буруу зохицуулалт болно. Төрийн зохицуулалтыг зөв хийснээр эдийн засгийн өсөлтийг хурдасгаж, бүтцийг зөв болгож, төлбөрийн тэнцлийг эрүүүлжүүлж, инфляцийг зорилтот түвшинд хадгалж болно. Мөн ажилгүйдлийг бууруулж, иргэдийнхээ амьжиргааны түвшинг дээшлүүлж болно. Ийм үр дүнд хүрвэл нийгмийн бухимдал арилж, олон түмэн төр засагтаа итгэх итгэл нь сэргэж, төрийн нэр хүнд дээшилж, эе эв,амар амгалан тогтоно. Орчин үеийн нийгэм эдийн засгийн хөгжилд үүссэн олон тулгамдсан асуудлыг дан ганц зах зээлийн механизмаар зохицуулаад явах боломжгүй.

-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд гэх мэт салбаруудад төрийн зохицуулалтыг оновчтой хэрэгжүүлэх арга зам?

-Эдийн засгийн хөгжилд боловсрол, соёл, шинжлэх ухааны асуудал чухал үүрэгтэй. Боловсролтой, мэдлэгтэй, ур чадвартай ажиллах хүчин улс орны хөгжлийг эрчимжүүлж, хөгжлийг хурдасгана. Хөдөлмөрийн бүтээмж, эдийн засгийн өсөлтийн чанарт онцгой нөлөөлөх салбарууд бол эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, байгаль орчныг хамгаалах салбарууд юм.

Иргэдийн оюуны болон материаллаг хэрэгцээ хангагдаж, дундаж давхарга нийгэмд зонхилох байр суурьтай болсноор нийгмийн түншлэлийн зарчмууд, улс орны хэтийн хөгжлийн ирээдүйг тодорхойлж, нийгэм, улс төрийн тогтвортой байдал хангагдана.

Хөгжлийн бодлого, хэтийн төлөвийг зөв тодорхойлж, төлөвлөснөөр зах зээлийн алдааг илрүүлж, түүний хязгаарлагдмал боломжийг даван туулах арга зам нээгдэнэ. Хөгжлийн зөв төлөвлөлт, түүний сөрөг нөлөөллийг арилгах замаар хөгжлийн тэнцвэрийг хангах нь төр зохицуулах үндсэн ажлуудын нэг мөн. Зах зээл өөрөө тэнцвэрээ олно гэдэг нь төөрөгдөл. Олдог юм гэхэд хохирол их амсана.

-Бодлоготойгоо төрийн зохицуулалт яаж хэрхэн уялдах вэ?

-Сайтар төлөвлөсөн хөгжлийн бодлогыг салбаруудад хэрэгжүүлэх нь төрийн зохицуулалт мөн. Эдийн засгийн идэвхижил, сулрал, түүний мөчлөгийг тооцоолж, холбогдох арга хэмжээг авах, төсөв, мөнгөний бодлогыг зөв хэрэгжүүлэх, шударга өрсөлдөх орчныг бий болгох, ажил эрхлэлтийг дэмжих гэх мэт асуудлууд нь нийгмийн түншлэлийн таатай орчин бий болох хөрс нь болно.

Зах зээлийн үр ашигтай орчныг бий болгож, оролцогч талуудын эрх зүйн орчинг тогтвортой байлгахад төр анхаарах ёстой. Үнийг тогтворжуулах нэрийдлээр бизнесийнхнийг үнээ буулгахыг шахах, эсвэл бизнесийнхэнтэй төр өрсөлдөх зэрэг нь зах зээлд харш юм. Үндэсний компаниудаа дэмжиж, тэдэнд дэлхийн зах зээл дээр өрсөлдөх таатай боломж олгох, шинэ технологи, инновацийг дэмжих, мэдлэг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлоход төрийн зохицуулалт онцгой чухал үүрэгтэй.

-Манайд энэ чиглэлд ямар төрийн зохицуулалтын хэлбэрүүд байж болох вэ?

-Тухайлбал, эх орныхоо бараа бүтээгдэхүүнийг худалдан авахыг урамшуулах, үндэсний агаарын тээврийн компанийг дэмжиж, гадаадад зорчихдоо түүгээр үйлчлүүлэх, төрийн худалдан авалтад үндэсний бүтээгдэхүүнийг түлхүү ашиглах, үнэ тарифыг үндэсний үйлдвэрлэгчээ дэмжиж тогтоох, үндэсний брэнд бүтээгдхүүн худалдан авсан жуулчдад дотоодын татварыг буцаан олгох үйлчилгээ /TAX FREE/ нэвтрүүлэх, экспортын бүтээгдхүүн үйлдвэрлэгчдэд тодорхой урамшуулал олгох гээд олон ажил байж болно. Эдгээр нь зах зээл дэх төрийн зохицуулалтын хэлбэрүүд юм.

Бизнесийн ашиг, орлого олоход шаардагдах мэдээллээр аж ахуйн нэгжүүдийг төрөөс үнэгүй хангах үүрэгтэй. Тухайлбал, тариа ногооны болц, ургац хураалтад цаг агаарын байдал хэрхэн нөлөөлж болохыг мэдээлэх нь төрийн үүрэг. Эцэст нь хэлэхэд, төр зохицуулалтаа хэчнээн сайн хийнэ, тэр чинээгээр бизнесийн байгууллагууд зах зээл дээр шударга өрсөлдөж, ашиг орлого нь нэмэгдэж, улс орны эдийн засгийн өсөлтийг түргэсгэдэг зүй тогтолтой. Төрийн оновчтой, зөв зохицуулалт өнөөгийн Монголын хөгжилд маш чухал асуудал.

Б.ТӨГӨЛДӨР

Categories
мэдээ цаг-үе

Улсын наадмын их шөвөг, улсын гарьд Б.Гончигдамба: Миний шинжилгээ эерэг гарсныг мэдэгдсэн. Допинг хэнээс илэрсэн нь тодорхой байгаа шүү дээ

Үндэсний их баяр наадмын дунд шөвөгт шалгарсан 16 бөхөөс допингийн шинжилгээ авдаг уламжлал 2002 оноос хойш тогтсон. Энэ цагаас хойш өнөөдрийг хүртэл баяр наадмын үеийн допингийн шинжилгээнд 19 бөх бүдэрсэн байдаг. Дийлэнх нь шинээр улсын цолонд хүрсэн, татаас багатай, залуу бөхчүүд өртдөг нь нууц биш.

Баяр наадмаар шөвгөрсөн бөхчүүдийн допингийн шинжилгээны хариуг эрх бүхий албан тушаалтнууд нуун дарагдуулдаг, тэр битгий хэл допингийн шинжилгээний хариугаар шантаажилж бөхчүүдээс их хэмжээний мөнгө нэхдэг гэх мэт барьцгүй яриа бөхийн хүрээнийхэн дунд тасралтгүй хөвөрч ирлээ.

Өнөө жилийн баяр наадмын шинжилгээний хариу БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораториос иржээ. Үүнийг допингийн эсрэг үндэсний төвөөс баяр наадмыг зохион байгуулах комисс, бөхийн салбар хороонд 8-ны өдөр хүлээлгэж өгсөн байна.

Допингийн шинжилгээний хариу ирсэн мэдээтэй зэрэгцээд шахуу шинжилгээнд хамрагдсан бөхчүүд фэйсбүүк хаягнаасаа мэдэгдэл хийж эхэлсэн юм. Тэд баяр наадмын зохион байгуулах комисс, бөхийн салбар хороог допингийн шинжилгээний хариуг нэн даруй яаралтай зарлахыг шаардсан юм. Энэ нь зохион байгуулалттай шинжтэй ч юм шиг. Баяр наадмын зохион байгуулах хорооны нарийн ерөнхий бичгийн дарга Э.Содномжамц сэтгүүлчдэд “Манайд допингийн шинжилгээний хариуны талаарх албан ёсны мэдээлэл одоогоор ирээгүй байна” гэж илт худал мэдээлэл тараасан нь шинжилгээний хариуг нуун дарагдуулах гэж байна гэх хардлагыг эдгээр бөхчүүдэд төрүүлсэн байх.

Бүр тодорхой хэлбэл, улсын аварга Н.Батсуурь, С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс, Ц.Содномдорж нарын 15 бөх бидний шинжилгээний хариунаас хориотой бодис илрээгүй талаараа хувийн цахим хуудсаар дамжуулж мэдэгдсэн юм. Олны өмнө гарч төдийлөн нээлттэй байдаггүй улсын арслан Цэдэвийн Содомдорж “Хоёр бөх допингийн асуудалд холбогдсон байна. Үүнийг яаралтай зарлах шаардлагатай байна” гэж хамгийн эхэнд Монгол Улсын шадар сайдад хандаж мэдэгдсэн нь олныг шуугиулсан. Үүнд шахагдсан баяр наадмыг зохион байгуулах комисс, бөхийн салбар хорооноос өчигдөр мэдээлэл хийлээ.

Бөхийн салбар хорооны дарга Г.Билгүүн “Энэ жилийн баяр наадмаар тав буюу түүнээс дээш давсан 16 бөхөөс допингийн шинжилгээ авсан. Допингийн шинжилгээний хариу Үндэсний бөхийн салбар хороонд наймдугаар сарын 8-нд ирсэн. Шинжилгээнд хамрагдсан бөхчүүдийн хоёроос нь допингийн төрлийн бодис илэрсэн. Нэгээс нь дөрвөн төрөл, нөгөөгөөс нь нэг төрлийн бодис илэрсэн байгаа. Бид допингийн шинжилгээний хариуг бөхчүүдэд утсаар мэдэгдсэн. Харин допинг илэрсэн хоёр бөхийн хувьд нэг нь энэ сарын 9-нд, нөгөө нь 11-нд ирж шинжилгээний хариутайгаа албан ёсоор танилцсан. Хэрвээ “А” сорьцын хариутай санал нийлэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд “Б” сорьцын шинжилгээ өгөх хүсэлтээ 10 хоногийн дотор гаргаж болдог. Одоогоор “Б” сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаагүй байна. Олон нийтийн зүгээс нэрийг нь зарлахыг шаардаж байна. Бид ямар нэгэн байдлаар бөхчүүдийн нэрийг нууцлаад байгаа юм биш. Дүрмэндээ “А” сорьцын хариуг шууд зарлах боломжгүй байдаг. Хэрэв допинг илэрсэн хоёр бөх энэ сарын 19-ний дотор “Б” сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлтээ гаргахгүй, допингийн шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрвөл нэрийг нь шууд зарлана.

Хэрэв дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргавал “В” сорьцын шинжилгээний хариу гарсны дараа нэрийг нь зарлана” гэв.

Бөхийн салбар хорооны зүгээс хоёр бөхөөс допингийн төрлийн бодис илэрснийг албан ёсоор мэдэгдлээ. Допингийн эсрэг үндэсний төвөөс бол хэдэн бөх допингийн шинжилгээнд бүдэрсэн талаарх мэдээллийг өгөхөөс татгалзаад байсан юм. Хуулийн дагуу тус мэдээллийг бөхийн салбар хороо хийх үүрэгтэй ажээ.

УЛСЫНГАРЬДБ.ГОНЧИГДАМБА: МИНИЙ ШИНЖИЛГЭЭ ЭЕРЭГ ГАРСНЫГ МЭДЭГДСЭН. ДОПИНГ ХЭНЭЭС ИЛЭРСЭН НЬ ТОДОРХОЙ БАЙГАА ШҮҮ ДЭЭ

Улсын наадамд шөвгөрсөн 16 бөхийн 14 нь бөхийн салбар хорооноос “Допингийн шинжилгээгээр ямар нэгэн хориотой бодис илрээгүй” гэх мэдэгдлийг утсаар хүлээж авснаа цахим хуудсаараа дамжуулаад танилцуулчихсан. Харин улсын наадмын түрүү бөх шинэ аварга Э.Оюунболд, энэ жилийн улсын их баяр наадмын их шөвөгт шалгарсан улсын гарьд Б.Гончигдамба нар ямар нэгэн мэдээлэл хийлгүй тунаж үлдээд байсан юм. Бид улсын гарьд Батнасангийн Гончигдамбаас тодруулга авлаа.

-Баяр наадмын шөвгийн 16 бөхийн допингийн шинжилгээний хариу гарчээ. шөвгөрсөн бөхчүүд тус тусын цахим хаягаар дамжуулж шинжилгээгээр ямар нэгэн хориотой бодис илрээгүйгээ мэдэгдчихлээ. Таны хувьд чимээгүй байгаа нь допингийн асуудалд холбогдсон гэх хардлагыг олонд төрүүлээд байна?

-Надад санаа зовох асуудал огт байхгүй. Би ойрын өдрүүдэд сүлжээгүй газар явж байгаад нөхдүүдээс жаахан сүүлдэж мэдэгдлээ. Энэ нь хардлага төрүүлээд байх шиг байна.

-Бөхийн салбар хорооноос тан руу шинжилгээний хариуг тань албан ёсоор мэдэгдсэн үү?

-Бөхийн салбар хорооноос над руу мессэж илгээж мэдэгдсэн байсан. Хоёр хүн зарлах нь тодорхой болчихлоо . Ер нь хэн гэдэг нь ойлгомжтой байна шүү дээ. Энэ хоёр “Б” сорьцоо өгнө гэвэл хууль дүрмийн дагуу харах ёстой. Зарлах нь цаг хугацааны л асуудал болжээ. Энэ сарын 19-20 гээд л хэн гэдэг нь тодорхой болох биз.

-Та бүхэнд шинжилгээний хариуг бөхийн салбар хорооноос утасдаж мэдэгддэг юм уу. Ямар нэгэн тамгатай, бичиг цаас хүлээлгэж өгөхгүй юу?

-Бидэнд ямар нэгэн цаас өгдөггүй. “Шинжилгээнийх нь хариу чинь эерэг гарсан шүү” гэж утсаар мэдэгддэг. Надад ийм маягаар мэдэгдсэн гэв.

Харин бид шинэ аварга Э.Оюунболдтой холбогдох оролдлого хийсэн ч утаснууд нь салгаатай байлаа. Багш, дасгалжуулагч ойр тойрныхонтой холбоо барих оролдлого хийсэн ч тоймтой мэдээлэл өгөх хүн нэг ч гарсангүй. Утсаа салгасан юм. Баяр наадмаас хойш олны анхаарлын төвд буй залуу аварга одоогоор хаана юу хийж яваа нь мэдэгдэхгүй байна. Энэ нь ойлгомжгүй байдал үүсгээд байна.

Хэрэв түрүүлсэн бөхөөс допинг илэрсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар бөхийн салбар хорооноос тодруулахад “Журмандаа хоёр арга хэмжээ авна гэж заасан байдаг . Баяр наадмын комиссоос барилдах эрхийг нь хоёр хүртэлх жилээр хасна. Хоёрдугаарт, түрүү бөхөд олгосон бай, шагнал, цолыг нь хураана. Гэхдээ цол, чимгийг Ерөнхийлөгч олгодог учраас Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд шийдэх асуудал” гэж хариулсан юм.

БӨХЧҮҮДИЙН ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АКТ ХААНА ХАВ ДАРАГДААД БАЙНА ВЭ

Баяр наадмаар допингийн шинжилгээнд хамрагдсан бөхчүүдийн хариуг мэдэгдэхдээ илрээгүй бөхчүүд рүү “Таны шинжилгээ цэвэр гарсан” гэж утас цохиж байгаа нь хорин нэгдүгээр зуунд инээдэмтэй асуудал. Өнөө хэд нь ямар ч баримт сэлт байхгүй улаан нүүрээрээ лайв хийж “Миний шинжилгээний хариу цэвэр гарсан” гэж хэлж байгаа нь хэний ч эргэлзээг төрүүлж байна. Ядаж л лабораторийн тамгатай цаасыг нь бөхчүүдэд хүлээлгэж өгөх хэрэгтэй шүү дээ. Өнөөдөр захын эмнэлэгт очоод шээсний шинжилгээ өгөхөд актаар баталгаажуулдгийг бид бүгдээрээ мэднэ. Дэлхийн допингийн эсрэг агентлагт итгэмжлэгдсэн БНсУ-ын лабораторийнхон допингийн эсрэг үндэсний төв рүү орчуулагч ашиглаж утас цохиж хариу хэлдэггүй л байлтай.

Бид өнөө жилийн улсын баяр наадмын үзүүр бөх, улсын аварга Н.Батсууриас мөн тодруулга авлаа.

-Таны шинжилгээний хариунаас ямар нэгэн допингийн төрлийн бодис илрээгүйг хувийн цахим хуудсаараа мэдэгдэж байсан. энэ талаараа та ярихгүй юу?

-Одоохондоо яриа өгөх болоогүй байна. Харзнаад л сууж байна.

-Бөхийн салбар комиссоос шинжилгээний хариуг танд яаж мэдэгдсэн бэ?

-Шинжилгээнд хамрагдсан бүх бөхчүүдэд утсаар л мэдэгдсэн байна лээ. Энэ жил ч ялгаагүй надад утсаар мэдэгдсэн.

-бнсУ дахь лабораториос допингийн эсрэг үндэсний төв рүү шинжилгээний хариу ирүүлэхдээ арай ч утас цохидоггүй байлгүй дээ. энэ талаар та ямар мэдээлэлтэй байна вэ?

-Мэдээж цаасаар л ирнэ шүү дээ. Үүнийг нь яг хааш нь хийдэг юм, би мэдэхгүй байна гэж хэлсэн юм.

Наадмын үзүүр бөх улсын аварга Н.Батсуурийн тухайд бүх бөхчүүдэд допингийн шинжилгээний хариуг утсаар мэдэгдсэнийг мэдэж байгаа юм. Үүнээс үзэхэд мэдэгдэл хийсэн бөхчүүд өөр хоорондоо харилцаа холбоотой байсан нь анзаарагдаж байна. Н.Батсуурь аваргын тухайд одоохондоо байдлыг харзнаад сууж байгаа аж. Харин допинг хэрэглэсэн бөхчүүдийн шинжилгээний хариуг хольж солих асуудал байвал бөхчүүд бөөнөөрөө чангахан дуугарахаар зэхэж байгаа бололтой.

Допинг илэрсэн бөхчүүдийн шинжилгээний хариу тамга, тэмдэгтэй цаасаар ирдэг юм байна. Үүнийг нь бөхийн салбар хорооноос допинг хэрэглэсэн бөхчүүдэд хүлээлгэж өгдөг ажээ. Тухайн бөх 10 хоногийн хугацаанд “Б” сорьцын шинжилгээнд хамрагдах эсэхээ шийддэг журамтай аж. Анх шинжилгээ авахдаа шээсийг хоёр саванд хувааж хийдэг учраас “А”, “Б” шинжилгээний хариу зөрөх магадлал 0 хувь гэж мэргэжилтнүүд үздэг юм байна. Допингийн төрлийн бодис илрээгүй тамирчны хариуг танилцуулахад ямар нэгэн баримтгүй утсаар танилцуулж байгаа нь бөх сонирхогчдод эргэлзээ төрүүлж, хэн нэгнийг хардахад хүргэж байна. 2002 оноос эхэлсэн допингийн шинжилгээний бүх хариу допингийн эсрэг үндэсний төвийн архивт байж л таараа. Үүнийг бүгдийг нь л ил гаргаж бөх сонирхогчдын эргэлзээг тайлмаар байна. Хэн хэн цэвэр, хэн ямар бодис хэрэглэснээ нуун дарагдуулсан нь олонд ил байг л дээ.

Бөхийн салбар хорооноос допингийн шинжилгээний хариуг мэдэгдсэн даруйд бөхчүүд өөр хоорондоо тохиролцож бараг нэг цагт тус тусынхаа цахим хуудсаараа шинжилгээний хариугаа зарлалаа. Допингийн шинжилгээний эргэлзээтэй хариунаас хаширсан бөхчүүд энэ удаа бөхийн салбар хороонд шахалт үзүүлсэн нь өчигдрийн хэвлэлийн хурлаас тодорхой болж байна. Энэ жилийн допингийн шинжилгээнийн хариунд өмнөх жилүүдийнх шиг ямар нэгэн “но” орохгүй нь бололтой. Хэн хэрэглэсэн нь бараг л тодорхой болж байна даа. Цахим хуудсаараа мэдээлэл хийсэн 14 бөхийн дунд худлаа ярьсан байх магадлалтай нэг л нөхөр бий. Бөхийн хүрээнийхэн ч үүнийг гадарлаж байгаа гэж эх сурвалж мэдээллээ.


Categories
мэдээ цаг-үе

МУГЖ М.Бадамгаравын хүү П.Батчимэг: “Өглөө” киноны сэлэм Тогмидын ээжийн дүрдээ их хайртай байсан


Өглөө киноны хэсгээс

“Аман хуур” киноны Дарь авгай, “Өнөр бүл”-ийн үйлдвэрийн даргын эхнэр зэрэг дүрээр монголчуудын зүрх сэтгэлд хоногшсон МУГЖ М.Бадамгарав гуайн мэндэлсний 100 жилийн ой тохиож байна. Түүний том хүү П.Батчимэгтэй ярилцсанаа хүргэе.


-МУГЖ М.Бадамгаравыг дэлгэцэнд мөнхөлсөн дүрүүдээр нь бид сайн мэднэ. Харин ээж хүн, хувь хүнийхээ хувьд ямар хүн байсныг бид сайн мэдэхгүй юм. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Жүжигчин байтугай найруулагч хүн байсан даа. Ээж минь Монголд хамгийн анхны хөгжмийн зэмсгийн үйлдвэрийг санаачлан байгуулсан. Дундговь аймагт анхны сүлд театр болсон сумын клубийг 10 ханатай гэрээр байгуулж байсан гэдэг. Энэ бүхнээс харахад сэргэлэн, бүтээлч, юмыг сайн талаас нь олж хардаг манлайлах чадвартай хүн харагддаг. Жүжигчин Лха.Долгор эгч, ээжийг буруу цагт төрчихсөн юм. Өдийд төрсөн бол компани байтугай корпораци удирдаад явж байх байсан юм гэж ярьдаг байлаа. Ээж минь гүйлгээ ухаан сайтай, манлайлах чадвартай, асуудлын цөмийг олж хардаг, хүмүүстэй эвсэг харьцдаг, гярхай, ноён нуруутай, цөөн үгтэй хүн. Асуудлын голыг олж хэлдэг учраас үеийнхэн нь байтугай өөрөөс нь ахмад хүмүүс хүртэл зөвлөгөө авдаг. Мэдээж амьдралд нөхөртэйгээ маргалдаж байсан үе байсан байх. Бидний дэргэд маргалдаж байсныг лав хараагүй.

Өдөр шөнөгүй ажилладаг уран бүтээлийнхээ хажуугаар үр хүүхдээ гаргуунд гаргаагүй. Өглөө гараад орой ирдэг ч үр хүүхдийнхээ хүмүүжил, боловсролд ямагт анхаарал тавьдаг. Ээж минь зүйр цэцэн үг их хэлдэг. Шүлэг гоё зохиодог байсан. Бас шатар сайн тоглодог. Эсгэж оёхдоо ч уран. Бид нарт дээл оёж өгнө. Ажлаа дуусгаад гэртээ ирээд гэрийн эзэгтэй шиг л байдаг. Ерөөсөө жүжигчин биш юм шиг. Гэртээ жүжгээ давтаж, толинд хараад тачигнатал уншиж харагддаггүй. Ажил дээрээ давтдаг байсан юм болов уу. Харин их боддог байсан. Бодвол дүрээ бодоод өөрийн болгож авдаг байсан юм шиг байгаа юм. Энэ үед л дүр нь бүтдэг байх. Аав төрийн ажилтай. Заримдаа ажлаар хөдөө явчихна. Энэ тохиолдолд ар гэрт үр хүүхдүүд хэцүүдлээ гэж аав ээж хоёр ярилцаад “Хятад тогооч” хөлслөн ажиллуулсан гэсэн. Бүр байшингийнхаа нэг өрөөнд суулгаад. Манай дүүгийн ангийнхан ирж мантуу иддэг тухайгаа ярьдаг гэнэ лээ./ инээв/ Хятад тогооч маань янз бүрийн гоё, амттай хоол хийдэг. Харин аав, гурилтай шөл цөөхөн хийж байна гэж дургүйлхдэг байсан./инээв/

1938 онд Бөмбөгөр ногоон театрт жүжигчнээр орсноос хойш 1959 он хүртэл театртаа ажилласан. Дараа нь Соёлын яам, Урлагийн хорооноос Ардын дуу бүжгийн чуулгын дарга, уран сайхны удирдагчаар хоёр жил ажиллуулахаар шийдвэрлэсэн гэдэг.

-Та эцэг эхээс хэдүүлээ вэ?

-Би эхээс дөрвүүлээ. Хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй хүүхэдтэй айл. Манай эгч Уранчимэг уран барилгач мэргэжилтэй. Айлын ууган нь. Би хоёр дахь хүүхэд нь. Дүү П.Амар, П.Одончимэг хоёр хоёулаа эдийн засагч мэргэжилтэй.

-Таныг “Инээмсэглэл” хамтлагийн гитарчин гэдгээр хүмүүс мэднэ?

– Би Хүнс нийтийн хоолны инженер технологичийн мэргэжлээр Их сургууль төгссөн. Төгсөөд худалдаа бэлтгэлийн яаманд гадаад харилцааны ажил хийж байсан. “Инээмсэглэл” хамтлаг, дуу хөгжмийн хамтлагуудад орж байсан нь тухайн үед сайн дурын уран сайханч гэдэг утгаар ажлынхаа чөлөөт цагаар хөгжмийн хамтлагуудад тоглож үзэж байсан үе. Мэргэжлийн урлагийн хүн бол биш.


Монгол Улсын гавьяат жүжигчин М.Бадамгарав нөхөр, хүүхдүүдийн хамт

-Таны дүү Одончимэг өөрийг тань урлагийн авьяастай, ээжийн авьяас хамгийн их өвлөгдсөн гэж ярьсан. 20 гаруй дуутай. Үг, аяыг нь өөрөө зохиосон. Үүнээс гадна гайхамшигтай сайхан зурах авьяастай гэж хэлж байна лээ?

-Ээж маань хүүхэд ямар авьяастай болохыг багаас нь их ажигладаг. Би бага байхдаа зураг зураад орон дээрээ суучихдаг байж л дээ. Энэ байдлыг ээж ажиглаад зурах авьяастай юм шиг байна гээд пионерын ордонд 1958 онд төрийн шагналт, ардын зураач Цэвэгжав гуайн шавь болгож уран зургийн дугуйланд явуулсан. Сүүлд хөгжим бүжгийн коллежид шалгалт өгөөд тэнцэж байлаа. Гэхдээ цаг хугацааны асуудлаас болоод уран зургийг орхисон.

Заримдаа ээж театр руу дагуулж явна. Энэ үеэр төрийн шагналт Лувсаншарав гуайд “Энэ хүүхдийг шалгаад өгөөч” гээд өгч байсан. Лувсаншарав гуай төгөлдөр хуурынхаа даралтыг дуурайлгаж хийлгээд, ширээн дээрээ хэмнэл цохиод дуурайгаарай гэдэг. Энэ бүгдийг дагаж хийгээд гайгүй шалгагдсан юм шиг байгаа юм. Түүнээс хойш ээж хөгжмийн жаахан авьяастай юм байна гээд гитар, баян хуур хөгжим гэрт авч ирж тавьсан. Эдгээр хөгжмүүдээр тоглож өссөн дөө. Ингэж явсаар дуулж хуурддаг хөөрүү “бацаан” хамгийн сүүлд “Инээмсэглэл” хамтлагт ороод 20 гаруй дуу зохиосон сайн дурын уран сайхан ч болсон доо. Тухайн үеийн сониноос яривал, манай аав пянз тоглуулагч авч ирсэн байсан. 40 мянгатын хөгжимд дуртай нөхдүүд болох Бат-Үүл, Батхүү нар манайхыг зорьж хөгжим сонсохоор ирдэг байсан тухайгаа ярьдаг юм. Тэр үед пянз тоглуулагч ховор байсан цаг.

-Та ээжийнхээ ажил, амьдралын замналыг өгүүлэх ном бичиж байгаа гэсэн. Энэ талаар?

-Энэ жил ээжийн маань мэндэлсний 100 жилийн ой тохиож байгаа болохоор үр хүүхэд бид дурсгалыг нь мөнхжүүлэн ээжийгээ алдаршуулах зорилгоор таван гол ажил төлөвлөсөн. Нэгдүгээрт “Аман хуур” киноных нь сэдвээр Соном өвгөн, ээж хоёрын дүрээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хөшөөг нь босгох гээд төрийн шагналт, уран барималч Ц.Амгалан гуайгаар эх загварыг хийлгэхэд төсөв нь 100 гаруй сая төгрөг болсон. Тэтгэврийн хөгшчүүл бид хандивын аян өрнүүлсэн. Хэд гурван төгрөг цугларвал тэр үед хөшөөг нь босгох санаатай. 100 насных нь ойгоор арай л амжихгүй бололтой. Шинэ байранд орчихоод Соном өвгөнийхөө толгойг илдэг хэсэг байдаг даа. Тэр зургаас нь сэдэвлээд хөшөөг нь босгоно.

Одоогоор ээжийнхээ тухай бичсэн номоо эх бэлтгэлд нь өгчихөөд байна. 180 хуудастай 300-гаад зурагтай ном бий. МУГЖ М.Бадамгарав гуай уран бүтээлүүдээрээ улс нийгэмд юу бүтээж үлдээв. Үүнийг хамаатан садан, урлагийн хүмүүс нь хэрхэн үнэлж дүгнэсэн талаар бичигдсэн. Түүнчлэн удам угсаа, түүх намтар, үр хүүхэд, хань ижлийнх нь тухай тусгасан. “Бидний эх Бадамгарав” хэмээх нэртэйгээр хэвлүүлэх бодолтой байна. Тоглосон кино, драмын жүжиг зэрэг уран бүтээлийн ажил үйлс нь ямар байсан талаарх баримтат киног нь бас хийх гэж байна. Номоороо үндэслээд кино зохиолыг нь бичнэ. Завхан аймгийн Соёлын төвийг саяхан ээжийн нэрэмжит болгосон. Энэ төв дотроо 300-гаад хүний багтаамжтай кино үзвэрийн танхимтай. Материал баазын хувьд гоё барилга. 1989 онд баригдсан барилга учраас нэлээд элэгдэлд орчихсон. Үүнийг засварлаад дотор нь ээжийн нэрэмжит музей байгуулъя гэж бодож байна. Сүүлд бид нар ээждээ зориулаад “Ижийдээн би” хэмээх дуу гаргасан. Үгийг АУЗ П.Бадарч гуай, аяыг УГЗ Т.Сэр-Од гуай зохиосон. Дуучин Ч.Бадрал энэ дууг дуулсан байдаг. Одоогоор музей, хөшөө хоёр дээр л гацчихаад байна. Энэ хоёрын санхүү нь шийдэгдчихвэл төлөвлөгөө биелэх гээд байдаг.

-М.Бадамгарав гуай хамгийн сүүлд “Эзэнгүй айл” олон ангит кинонд Н.Дугарсанжаа гуйтай хамт тоглосон. Энэ талын дурсамжаа юу гэж ярьдаг байсан бол?

-Ээж “Эзэнгүй айл”-ын эмгэн Хандын дүр, “Аман хуур”-ын Дарь авгайн дүр хоорондоо өдөр шөнө шиг ялгаатай гэж ярьдаг байсан. “Аман хуур”-ын Дарь авгай өвгөнийгөө бариад зодчих шахаад байдаг. Харин “Эзэнгүй айл”-ын авгай бол өвгөнөө дээдэлж, та, та гээд шүтэх нь холгүй хүндлэн дээдэлдэг шүү дээ. Энэ кинонд өвгөнийх нь дүрд тоглосон МУГЖ Н.Дугарсанжаа гуай өөрийнхөө дүрд дуу оруулж чадахгүй будлиад байсан болохоор “Аман хуур” киноны Төмөрийн дүрд тоглодог Элбэгсайхан гуай Н.Дугарсанж гуайд дуу оруулж байсан. Ээж энэ кинонд 87 настайдаа тоглосон. Хүмүүс та ядарч байгаа бол Цээпил гуай гэсэн хүмүүсээр дууг тань оруулчихъя гэхэд нь үгүй би өөрөө дуугаа оруулна гэсээр байгаад оруулсан.

Ээж киноныхоо зохиолыг уншчихаад яг кино зураг авахын өмнө “Энэ үгийг ингэж биш тэгж хэлмээр байна” гээд өөрөө өөрчлөөд найруулагч дээрээ хүрээд ирдэг байж л дээ. Найруулагчийнх нь санаа зовоод зохиолчоо дуудаж Бадамгарав гуай ингэж хэлмээр байна гээд байна гэхэд зохиолч нь нээрээ тэгж хэлмээр юм байна гэдэг байсан гэж хүмүүс ярьдаг юм. Ер нь зураг авахын өмнө нэг газар суучихаад монгол бичгээр юм бичээд суугаад байдаг хүн байсан даа. Хамт кинонд тоглож байсан С.Батсүрэн гуай Бадамгарав гуайн жүжиглэж байгааг хараад, эмгэн ээж ийм байдаг гэж үү гээд очоод илээд авмаар санагддаг гэж ярьж билээ. Ингэж л бодитой жүжиглэдэг байсан. Эзэнгүй айлын эмгэн, өвгөн хоёрын дүрд Бадамгарав, Дугарсанжаа хоёроос өөр тохирох хүн олдохгүй байсан тухай найруулагч нь дурсдаг юм.

– Ээж тань Оросын “Серёжа хүү” кинонд хүүхдийн дүрд дуу оруулж байсан гэсэн?

-Тийм. Энэ киноны хүү нь 7-8 насны хүүхэд байсан.Тус кино нь гэр бүлийн амьдралыг харуулсан кино. Тухайн үед хүүхдийн дуунд дуу оруулахаар Гуравдугаар 10 жилээс Бат-Очир гэдэг хүүг авчирсан байгаа юм. Энэ хүү хичээлийн завсар зайгаараа дуу оруулчихаад яваад өгдөг. Зарим үед дуу нь гологдож, яачихав аа гээд хайхаар олдож өгдөггүй. За яршиг, Бадамгарав гуайгаар дууг нь оруулуулъя гээд оруулж байсан гэдэг. Ээж ямар ч дүрийн дууг тохируулж гаргадаг байсан. Гадаад киноноос дуу оруулж байхдаа, герман хүн монголоор ярьж байгаа юм шиг л ам зөрөхгүй дуу оруулдаг байсан гэж эргэн тойрных нь хүмүүс гайхан шагшицгаадаг. Найруулагч, жүжигчин Н.Нямдаваа, Ц.Цэнд-Аюуш, Т.Цэнпилмаа гуай нар ээжийг гайхдаг байсан гэсэн. Нэг бол жаахан хүүхдийн дуу, нэг бол хөгшин хүний дуу гаргаад байхаар нь яаж ингээд байна аа гэж. Анх 1947 онд гадаадын киног өөрийн хэлэнд хөрвүүлэхэд оролцсон хамгийн туршлагатай жүжигчний нэг л дээ. Түүнээс хойш орчуулгын 200 гаруй кинонд дуу оруулсан байдаг.

-“Өглөө” киноны сэлэм Тогмидын ээж Бадамын дүр бас л содон дүр. Энэ киноныхоо талаар хэр хуучилдаг байв?

-Ээжийн маань хамгийн дуртай дүр нь энэ дүр байсан. Эх хүн гэдэг чинь эх л хүн байдаг юм байна. Ийм учраас хүүгийнхээ төлөө санаа тавьж зовниж байгаа эх хүний энэхүү дүрдээ дуртай гэдгээ хуучлах ч дуртай. Кинон дээрээ хүү нь төрийн яаман дотор хүн буудаж ална гэж сахилга алдаад, жанжин нь шоронд хийнэ гэж байхад нь “хэцүү үед хамт байлдаж явсан хүнээ шоронд хийж болдог юмуу. Хүүг минь өршөөж өгөөч ээ” гэж уйлж гуйдаг. Хүүхэд нь буруу юм хийсэн ч хүүгээ өршөөхийг гуйдаг эх хүний дүрийг гаргасан учраас “Өглөө” киноны сэлэм Тогмидын ээж Бадамын дүрдээ хамгийн их хайртай гэж хэлдэгсэн. Ээж хутагт хувилгаадын газар төрсөн хүн болохоор маани мэгзэм сайн мэддэг. Тиймдээ ч энэ кинонд тоглохдоо лам дээр очоод олон хүний толгойг авсан сэлэм юм байна лээ гээд ариутгуулдаг. Энэ хэсгээ ямар ч шүтлэгтэй хүнээс дутахааргүй мундаг гаргасан гэж урлагийнхан үнэлдэг. Амьдрал дээрээ шашингүй үзэлтэй хүн байсан л даа. Өглөө кинонд “Эх хүн”-ий, “Сүсэг бишрэлтэй хүн”-ий дүрийг маш сайн гаргасан гэж үнэлэгддэг юм шүү дээ.

-Алтан үеийхнийхээ талаар юу гэж хуучилдаг байв. Хэнтэй нь ойр дотно байсан бол?

-Цагааны Цэгмид, Д.Ичинхорлоо, Д.Цэрэндулам, З.Цэндээхүү, Д.Чимид-Осор, Ё.Шаравдоо, Т.Хандсүрэн, Т.Цэвээнжав гуай, Долгорсүрэн, Бат-Очир нар яах аргагүй алтан үеийн жүжигчид. Энэ алтан үеийнхэнтэй хамтарч ажиллаж байсан учир амьд сэрүүндээ “Алтан үеийнхэн”-ийхээ тухай дурсамж, ном бичнэ гэж ярьдаг байсан. Хамгийн анх 1938 онд театрт шалгалт өгөх гэж байхад Э.Оюун, Д.Бат-Очир, Г.Долгорсүрэн,Т.Хандсүрэн гуай нарыг хамтад нь шалгалт авч оруулж байсан гэнэ лээ. Тиймдээ ч намайг кино урлагт хөтөлж, хамтарч ажиллаж байсан Д.Чимид-Осор гуай нарын алтан үеийнхнийхээ тухай ном бичнэ гэдэг. Ингээд Цагааны Цэгмид гуайн тухай дурсамжаа бичиж дуусгачихаад Д.Чимид-Осор гуайн тухай бичиж эхэлж байсан. Энэ үеэр аав минь бурхан болчихсон юм. Ээж үргэлжлүүлэн бичнэ гэж байсан ч цаг хугацаа хүрээгүй. Цагааны Цэгмид гуайн тухай дурсамжийг бид номондоо оруулж байгаа.

-Ардын жүжигчин Цагааны Цэгмид гуайн тухай дурсамждаа юу гэж өгүүлсэн байх юм?

– Та амгалан байна уу? Та амар тайван нойрсов уу гэж тэр их хүн хүмүүстэй үргэлж мэндэлдэг. Ээж тэр үед залуухан байсан болохоор их гайхдаг байж. Хүний хувьд харьцааны өндөр соёлтой, гоц хүн байсан. Жүжигчнийхээ хувьд ч гоц авьяастай. Тийм мөртлөө их эгэл даруу. Би энэ дүрд ингэж тоглох нь зөв үү, энэ үгийг ингээд хэлчихвэл яах уу гэж хамтарч байгаа дагалдан жүжигчдээсээ хүртэл нэрэлхэлгүй асуучихдаг. Нэгэн удаа “Шидэт лимбэ” жүжигт Ц.Цэгмид гуай ээжтэй хамтарч хаан хатны дүрд тоглож л дээ. Тэгээд Цэгмид гуай ээж дээр ирээд “Би чиний хаан, нөхөр чинь болох нь байна. Нэг иймэрхүү хаан байвал яаж байна, чи хатан нь юм чинь хэлээдэх” гэж асуудаг байсан гэнэ. Цагааны Цэгмид гуай тэр дотроо толгой өндөр авьяастай ч гэсэн эгэл даруу, хүн чанар сайтай, зөвлөгөө авдаг ч, өгдөг ч хүн байсан хэмээн дурссан байсан.

-Д.Чимид-Осор гуайн тухайд?

-Манай ээжийн ээж 1945 онд нас барахад Д.Чимид-Осор гуай ясыг нь барьсан гэнэ лээ. Энэ утгаараа ээж минь Д.Чимид-Осор гуайд их хайртай байсан. Тэгээд Д.Чимид-Осороогийнхоо тухай сайхан дурсамж бичнэ гэж ярьдаг. Дээр өгүүлсэн дээ, Д.Чимид-Осор гуайн тухай дөнгөж эхлүүлээд гүйцээж чадалгүй тасалдчихсан гэж. Бичиж эхлэхдээ “Манай Д.Чимид-Осор гуай их авьяастай, хөдөлмөрч, шударга” гэж эхлүүлсэн байдаг юм.

-“Сүхбаатар” киноны талаар дурсдаг байв уу?

-Монголд нэг кинонд дөрвөн дүр бүтээсэн хоёр л жүжигчин байдаг. Нэг нь манай ээж. Нөгөөх нь Цагааны Цэгмид гуай. “Сүхбаатар” киног 1941-1942 онд ЗХУ-д хийсэн. Монголоос цөөхөн жүжигчид явсан учраас олон хэсгүүд дээр нэг хүнээ тоглуулсан байдаг. Энэ кинонд ээж дөрвөн дүр бүтээсэн. Сүхбаатар хил давж шархдаад малчин айлд ирж шархаа эмчлүүлдэг дээ. Энэ малчин айлын охин Долгорын дүрд тоглодог шүү дээ. Сүхбаатар хятад гуанзанд Сумъяа бэйс гэгчтэй тоглоом тоглодог хэсэг дээр цаад талын аальгүй хоёр хүүхний дүрд Ардын жүжигчин Д.Цэрэндулам гуайтай хамтарч тоглодог. Дараа нь Богд хаан гудамжаар боорцог цацаад явдаг хэсэг дээр Сүхбаатар босоогоороо зогсчихсон байхад эхнэр Янжмаа нь суугаач ээ гэж хэлдэг дээ. Энэ дүрийн хажуу талд ээж суугаад мөргөж байдаг юм. Сумъяа бэйс хиагтыг дайрч ороод баахан торго дурдан дээрэмдчихсэн байхад нь Сүхбаатар ирээд дээрэм хийлээ гэж загнаад дээрэмдсэн торго дурданг нь энгийн ард руу та нар авцгаа гэж шиддэг хэсэг дээр хамгийн түрүүнд нэг эмэгтэй гүйж ирээд инээгээд авдаг дүрд тоглосон. Харин Цагааны Цэгмид гуай энэ кинонд Хятадын Сюй Шү Жан генерал, Сумъяа бэйсийн дүрд тоглосон.

Б.ОЮУНЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

​“Өдрийн сонин”-д“МАН шинэ хонгилтой болох гээд дуншиж байна уу” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “МАН шинэ хонгилтой болох гээд дуншиж байна уу” хэмээн өгүүлжээ.

“УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Үндсэн хууль дээр тохироо хийж чадахгүй болохоор У.Хүрэлсүх аргаа баран сөхөрч байна” хэмээн “Улс төр” нүүрт өгүүлэв.

“Өдрийн сурвалжлага” нүүрт “Улсын хэмжээнд 92 сургууль, цэцэрлэгийн барилга баригдаж байгаагаас 20 нь есдүгээр сарын 1-нд ашиглалтад орно” хэмээн бичсэн байна.

“Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Хэнээс нь ч айхгүй, хэнд ч худалдагдахгүй” хэмээн “Улс төр” нүүрт ярив.

“Жүжигчин Т.Цэрэнлхүндэвийн охин Ц.Цэцэгээ: Аав бид хоёр Элдэв-Очир, Ард кино нэрийг зарласангүй. Тэд “B” сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлтээ хүргүүлсэн бололтой”хэмээн “Нэг сэдвээр” нүүрт өгүүлжээ.

“Хуучин ном цуглуулж, гольф тоглох дуртай ДИПЛОМАТЧ” хэмээн “Дэлхийн хүн” нүүрт өгүүлжээ.

“Г.Батхүү агсны хүү Ганхөлөг: Аав минь шударга бай, хүнд хэлэх зүйлээ шууд хэлж бай гэж сургадаг байсан” гэж “Миний аав” нүүрт ярив.

““Даяар Монгол” хөдөлгөөний тэргүүн Хон хэрэйдийн Б.Энхбат: Эрүү шүүлт хэрэглэсэн нууцаа алдсан генерал Хурцын хохь” хэмээн “Өөрөөс нь” нүүрт ярьжээ.

“Нийслэлийн цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга дэд ху р а н д а а Л.Амармөрөн: Гэр бүлийн хүчирхийллийг мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хариуцлага хүлээнэ” хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт ярьсан байна.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Булган аймагт сүрьеэгийн 30 ортой эмнэлэг ашиглалтад орно

Булган аймгийн халдвартын тасаг нь ЭМЯ болон АХБанкны санхүүжилтээр төсөл хөтөлбөрөөс 43 сая төгрөгний эмнэлгийн тоног төхөөрөмж болох өвчтөний амин үзүүлэлт хянах монитор, амьсгалын аппарат, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, утлагын аппарат, дуслын болон тариурын шахуургын аппараттай болсон. Мөн өнгөрсөн 2018 онд халдварт сүрьеэгийн 30 ортой барилга 2 тэрбум төгрөгөөр баригдаад ашиглалтанд ороход бэлэн болоод байна. Булган аймгийн нэгдсэн эмнэлэг байгуулагдсан цагаасаа эхлэн иргэдийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэн эдгэрүүлэх үйлчилгээг явуулж эхэлсэн.1961 онд тус аймагт халдварт шар өвчиний дэгдэлт их гарсан. Энэ үед дотрын тасгаас тусгаарлан 10 ортойгоор тусгай тасаг болж их эмчээр Баасанлхүндэв, сувилагчаар Д.Чойжамц, н.Дашцэрэн, Ш.Должинсүрэн, н.Дашзэвэг нар 2 гэрт үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй. 1975 онд шинээр барьсан 2 давхар байранд орж, 20 ортойгоор эмчилгээ, үйлчилгээнийхээ ажиллагаагаа өргөжүүлсэн. Халдварт өвчний өвчлөл ихтэй халдварт шар өвчин голомтлон гарч халдварт өвчний голомтонд үзлэг хийх, балнад өвчин гарч гэдэс тайрах хагалгааг тасагтаа мэс заслын эмч нартай хамтран хийн эмчилдэг байсан. 1980-2000 онд хүүхдүүдийн дунд халдварт шар өвчин их гарч сахиургүй хүүхдүүдийг авч 2 ээлжийн сувилагчтай ажиллаж байв. 2001-2010 онуудад урьдчилан сэргийлэх вакцин олон нийтэд хэрэглэж зарим халдварт өвчний гаралт багассан боловч байгалийн голомтот, шинэ болон дахин сэргэж буй хачигт халдвар, зоонозын халдварт өвчин боом гэх зэрэг өвчин тухайн он жилүүдэд гарч байсан байна.

Categories
мэдээ нийгэм

Улсын Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан боллоо

Улсын Онцгой комиссын хуралдаан өнөөдөр болж, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонсч, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин үүрэг даалгавар өглөө. Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан “2019 онд Улсын хэмжээнд 502 мянган га-д үр тариалалт хийсэн. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл, Булган, Орхон, Архангай, Сэлэнгэ аймгийн зарим бүс нутгаар ургац хураалт олон жилийн дундаж буюу хэвийн. Харин Төв, Хэнтий, Дархан-Уул, Өвөрхангай, Увс, Сэлэнгэ аймгийн зарим сумдад ургац бага байх төлөв ажиглагдаж байна гэлээ.

Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар “Өвлийн бэлтгэл ажил зам тээврийн хөгжлийн яамны хэмжээнд 34.28 хувийн биелэлттэй байна. Энэ эрчээрээ ажиллавал ирэх арваннэгдүгээр сарын 20 гэхэд өвлийн бэлтгэл ажлаа бүрэн хангаж дуусна” хэмээн мэдээллээ.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “2019-2020 онд нийслэлд нийт 1,311 ажил төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс одоогийн байдлаар 67 хувьтай байна. Үүнийг 2018 оны мөн үетэй харьцуулбал 2.3 хувиар давуу биелүүлжээ. Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэлийн хангахад анхаарч байгаа гол асуудал нь сайжруулсан түлшийг нийлүүлэх тээвэрлэх, иргэдэд хүргэх асуудал юм. Үүнээс гадна шаардлагатай хяналтуудыг тавих хэрэгтэй учраас энэхүү ажлыг нийслэлийн хэмжээнд ажил хариуцсан байгууллагуудын оролцоотойгоор бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна” гэв.

Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин “2019 оны долдугаар сарын сүүлийн хагас, наймдугаар сарын эхний 10 хоногт нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу хур тунадас орлоо. Тунадасны нийлбэр хэмжээг авч үзвэл, хамгийн их тунадас Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий, Булганы хойд, Хөвсгөлийн зүүн хойд, Архангай Өвөрхангайн зааг нутгаар, Дорнодын зарим сумдад 105-181 мм хур тунадас орсон. Энэ хугацаанд ихэнх нутгийг хамарсан 14 удаагийн мөндөр орсон байна. Наймдугаар сарын 24-26 болон 28-31-нд ихэнх нутгаар бороо орох төлөвтэй байна. Энэ сарын эцсээр уулархаг нутгаар нойтон цас орж, нутгийн хойд хэсгээр агаар хөрсөнд цочир хүйтрэх төлөвтэй байна. Есдүгээр сард Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг олон жилийн дунджаас сэрүүн, Дорнодын өмнөд хэсэг, Сүхбаатарын нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим температуртай байна” хэмээн мэдээлсэн юм.

Харин Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар “Он гарсаар улсын хэмжээнд долдугаар сарын байдлаар нийт 3692 удаагийн аюулт үзэгдэл тохиолдож, нийт 160 хүн амь насаа алдаж, 54 хүн бэртэж гэмтэн, 26.050 толгой мал, амьтан хоргодож, 30,8 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Гамшгийн хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд зориулж Засгийн газрын гурван удаагийн хуралдаанаар нийт 11,1 тэрбум төгрөгийн шийдвэрлүүлсэн. Харин аймаг, нийслэлийн Засаг даргын нөөц сангаас нийт 2,6 тэрбум төгрөгийг зарцуулсан байна” хэмээн танилцууллаа.

Мэдээллийн дараа Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өгсөн юм.

Үүнд:

Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт:

-Орон нутгийн хүч бололцоогоо бүрэн дайчлан, тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах чиглэлээр холбогдох арга хэмжээг шуурхай зохион байгуулж, нийслэл, аймаг, сум, дүүргийн авбал зохих хадлан тэжээлийг заасан хэмжээнд бэлтгэх, Засгийн газрын “Маш нууц” тогтоолоор улсын нөөцөд өвс худалдан авах, зарцуулах асуудалд өөрчлөлт оруулсан тул энэ жилээс эхлэн аймаг, сумдын аюулгүйн нөөцөд өвс бэлтгэх ажлыг өөрсдийн хөрөнгөөр зохион байгуулах;

– Намрын ургац хураалтын ажлыг сайтар зохион байгуулж, тариаланчдад дэмжлэг үзүүлэх;

-Аймгуудын төвлөрсөн дулаан хангамж болон барилга байгууламжийн цахилгаан, сантехник, уурын зуух, дулаан хангамжийн бэлэн байдлыг хангах;

– Аймаг, сумдын барилга байгууламжийн цахилгаан, сантехник, уурын зуух, дулаан хангамжийн бэлэн байдлыг хангах;

– Авто замын аюулгүй байдлыг хангах үүднээс Авто зам засвар, арчлалтын компаниудад давс, үнс, хайрга, дайргыг зардал багатай, шуурхай татан нөөцлөх ажилд дэмжлэг үзүүлэх;

-Усан замаар зорчиж буй тээврийн хэрэгсэл, ачаа тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах;

– Аймаг, сумдын хэмжээнд мал мах бэлтгэх, нийлүүлэх ажлыг эрчимжүүлэх;

-Мал сүргийг өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын үржүүлэг, технологийн ажил үйлчилгээ, малын дархлаажуулалт, угаалга, боловсруулалт, туулгалт, ариутгал, халдваргүйжүүлэлтийг далайцтай явуулах;

-Малчдыг малаа даатгалд хамруулах ажлыг идэвхтэй зохион байгуулах;

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаанд:

-Хүнс, хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл, мах, гурил зэрэг өргөн хэрэглээний барааны үнийн тогтвортой байдлыг хангах, орон нутагт мал, махны бэлтгэл, экспорт, ургац хураалтын ажлын явцыг шалган туслах ажил зохион байгуулах Ажлын хэсгийг томилон ажиллуулах;

-2019-2020 оны өвөл, хавар отор нүүдэл хийх малчдын судалгаа, оторлох малын тоо, толгойг аймаг, орон нутгаар нэгтгэж гаргах;

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнд:

Эрчим хүчний эх үүсвэр, нэгдсэн сүлжээний тасралтгүй, найдвартай байдлыг ханган ажиллуулах, гамшгийн үед хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тодотгол хийх;

-Дулааны цахилгаан станцуудын шугам сүлжээний шинэчлэл, их болон урсгал засварыг тогтоосон хугацаанд горимын дагуу хийж дуусгах;

-Сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэлт, түгээлтийн явцад байнгын хяналт тавих;

-Сум бүрийг дизель станцтай болгох ажлыг эрчимжүүлж, шаардагдах хөрөнгийн асуудлыг холбогдох сайдын багц болон орон нутгийн хөрөнгөөр шийдвэрлэх;

Батлан хамгаалахын сайд Н.Энхболдод:

-Шаардлагатай тохиолдолд намрын ургац хураалтын ажилд цэргийн алба хаагчдыг дайчлан оролцуулах бэлтгэлийг хангах;

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд:

-Зам, тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг төлөвлөгөөт хугацаанд чанартай хийж гүйцэтгэх;

-Улаанбаатар-Дархан, Улаанбаатар-Налайхын чиглэлийн авто замын ажлын гүйцэтгэлд онцгой анхаарч, удирдлагаар хангаж ажиллах;

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд:

-Эмнэлгийн барилга байгууламжуудын засварыг яаралтай дуусгах;

-Гэнэтийн осол аваарын үед ажиллуулах цахилгааны нөөц эх үүсвэрийг бэлэн байлгаж, онцгой байдлын үед ажиллах эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудыг томилгоожуулан дадлагажуулах;

-Томуу, томуу төст өвчний дархлаажуулалтад шаардагдах хөрөнгийг Сангийн яамтай хамтран шийдвэрлэж, вакцинжуулалтыг 2019 оны 10 дугаар сарын 15-нд эхлүүлэх,

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт:

-Боловсролын салбарын сургууль, цэцэрлэгүүдийн их засварын ажлыг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө төлөвлөсөн хугацаанд чанартай хийж гүйцэтгэх;

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад:

-Цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч урьдчилан сэрэмжлүүлэх болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээг ард иргэдэд шуурхай, хүртээмжтэй хүргэх ажлыг зохион байгуулах;

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд:

-Засгийн газрын 2019 оны 270, 285 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд улсын хэмжээнд зохион байгуулж буй ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж, дэмжлэг, туслалцаа үзүүлж ажиллахыг тус тус үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм

Япон улсын иргэнийг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнав

Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын түншлэлийн харилцааг эдийн засгийн салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Япон улсын иргэн Аюүми Конишийг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнах тухай зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гаргалаа.

Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр гардуулав.

Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгчийн Ахлах зөвлөх Аюүми Кониши нь 1991 оноос Монголын эдийн засгийн шинэчлэлтийн төслүүд дээр ажиллажээ. Тэрээр Монгол Улс, Азийн хөгжлийн банкны 2017-2020 онд хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегийг батлуулан, эдийн засгийн хүндрэлтэй үед Монгол Улсын өмнө тулгарч буй хөгжлийн чухал асуудлуудыг шийдвэрлэх, тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтөд суурилсан, төрөлжсөн эдийн засгийг хөгжүүлэх замаар макро эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгох нөхцөлийг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан юм.

Categories
мэдээ нийгэм

Гэрэлт гудамжинд “Hobby street” цуврал өдөрлөг зохион байгуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрсөн гуравдугаар сарын 5-ны өдөр Соёлын төв өргөөнд болсон нийслэлийн удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөний үеэр “Шөнийн гудамж”-ийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах боломжгүй талаар байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр “Гэрэлт гудамж байж болно. Харин шөнийн гудамж нэртэй, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, архидан согтуурдаг зүй бус газар байж болохгүй” гэдгийг онцолж хэлсэн юм.

Шөнийн “Гэрэлт гудамж” нь долоо хоног бүрийн Баасан гарагийн 22:00 цагаас Даваа гарагийн 06:00 цаг хүртэл ажиллаж, энэ үеэр автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарладаг байв. Энэ үеэр шөнийн гэрэлт гудамжийг дагаад гэмт хэрэг, архидан согтуурах, элдэв зөрчлүүд ихээр нэмэгдэж байсан тул ийм байдлаар ашиглахгүй, иргэд, олон нийт цуглаж чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөдөг газар болгох тухай нийслэлийн Засаг даргын санаачилга бодит ажил болж хэрэгжиж эхэллээ.

Улаанбаатар хотын 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Инноваци хөгжлийн газрын зүгээс олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Монголын маркетингийн холбоо” болон “Левел Ап” ХХК-тай хамтран “Hobby Street” цуврал өдөрлөгийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Уг арга хэмжээ нь Сөүлийн гудамжинд энэ сарын 24-ний өдрөөс эхлэн цуврал хэлбэрээр зохион байгуулагдах аж. Үүнд:

  • 08.24-нд Авто хобби өдөрлөг;
  • 09.07-нд Гэр бүлийн өдөрлөг;
  • 09.14-нд Спорт хобби өдөрлөг;
  • 09.21-нд Аялал хобби өдөрлөг

Тодруулбал, энэ сарын 24-нд болох “Авто хобби” өдөрлөгт ховор машины цуглуулга, үнэтэй машины цуглуулга, хуучин машины цуглуулга, Монголын авто диллерүүдийн шинэ машины үзэсгэлэн, тоноглосон машинууд, тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, тоглоомон машины цуглуулга зэрэг авто машин, авто хоббитой холбоотой мэдээлэл, зөвлөгөө өгөх, хөгжөөнт тэмцээнд оролцох, урлаг соёлын тоглолт зэрэг болох аж.

Дээрх дөрвөн өдөрлөг болох үеэр иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор тухайн хэсгийн замыг баасан гарагийн орой 18:00 цагаас бямба гарагийг дуустал хугацаанд хааж, ням гарагт шилжих шөнийн 24:00 цагаас нээх юм.

Түүнчлэн, авто, спорт, аялалд сонирхолтой хувь хүн, групп, холбоо болон тус чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хамт олон та бүхэн “Hobby Street” цуврал өдөрлөгийг зохион байгуулагч “Левел Ап” ХХК-тай хамтран ажиллах боломжтой аж.

Categories
мэдээ нийгэм

Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх танхимд оржээ

ТЕГ-ын дарга асан Б.Хурц УЕП ийн орлогч асан Г.Эрдэнэбат нарын 9 хүнд холбогдох хэргийн шүүх хурал зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Шүүх хурал одоогоор завсарласан бөгөөд шүүхийн процесс дуусч, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх танхимд орсон талаар эх сурвалж мэдээллээ. Хэрэв Б.Хурц болон Г.Эрдэнэбат хууль бусаад Б.Содномдаржээ, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн нь тогтоогдвол хамгийн багадаа торгуулийн ял, эсвэл албан тушаал хаших эрхийг хоёр жилээр хасах , дээд тал нь 5 жил хүртэл хорих ялаар шийтгүүлэх юм байна. Хэрэв эрүүдэн шүүгээгүй гэж үзвэл Б.Хурц нарыг цагаатгах бөгөөд мөн хэргийг шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаах боломжтой аж.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн автобусны нэгдсэн үзлэг, шалгалт эхэллээ

Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдийг нэгдсэн зохион байгуулалтаар техникийн шаардлага хангасан автобусаар тав тухтай, аюулгүй тээвэрлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Тээврийн Цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Нийслэлийн боловсролын газартай хамтарсан нэгдсэн үзлэг, шалгалтыг тус газрын Техникийн хяналтын үзлэгийн төвд эхлүүлээд байна.

Автотээврийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, “Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавигдах шаардлага” MNS 6440:2014, “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS 4598:2011 улсын стандартууд, түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм журмын хэрэгжилтийг хангаж буй эсэхэд Замын цагдаагийн газрын Техник, замын хяналтын хэлтсийн техникийн хяналт хариуцсан зохицуулагч, Автотээврийн хяналтын улсын байцаагч, холбогдох мэргэжилтнүүд хяналт тавин ажиллаж байна.

“Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавигдах шаардлага” MNS 6440:2014 улсын стандартад хүүхдийн автобус нь 12-оос доош жилийн насжилттай, зүүн гар талдаа жолооны хүрдтэй, хүүхдийг баруун гар тал руугаа буулгаж, суулгах нөхцөлийг хангасан, шар өнгөтэй, суудал бүр нь хамгаалалтын бүстэй, жолооч нь тухайн ангиллын, мэргэшсэн жолооч байх зэрэг шаардлагуудыг зааж өгсөн байдаг.

Уг үзлэг, шалгалт 2019 оны 08 дугаар сарын 30-ныг дуустал хугацаанд үргэлжлэх тул нийт сургууль, цэцэрлэгүүд тээврийн хэрэгслүүдээ идэвхтэй хамруулна уу гэж нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээллээ.