Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн сурагчдыг өвөл, орон нутгийн сурагчдыг хавар урт хугацаагаар амраана

2019-2020 оны хичээлийн жилийг угтаж БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг болон яамны бусад удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тухайлбал, энэ хичээлийн жилд бага анги 32 долоо хоног хичээллэх бол дунд, ахлах анги 33 долоо хоног хичээллэнэ. Сурагчдын амралтын хувьд нийслэл, орон нутагт харилцан адилгүй байх аж. Нийслэлийн сурагчдыг өвлийн улиралд амраах бол хөдөө, орон нутгийн сурагчдыг хавар мал төллөх үеэр урт хугацаатайгаар амраахаар шийдвэрлэжээ.

Categories
мэдээ нийгэм

“Бид мартахгүй” үзэсгэлэнгийн нээлт болно

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан “Бид мартахгүй” үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 22-ны өдрийн 11.00 цагт Цэргийн гавьяаны Улаан тугийн одонт Монгол цэргийн музейд болно.

Энэхүү үзэсгэлэн нь өнөөдрийн бидний энэ эрх жаргалант амьдрал ямар их үнэ цэнээр өвлөгдөн ирснийг таниулах, хүмүүсийг цэрэг, эх оронч үзлээр төлөвшүүлэх зорилготойгоор дэглэгджээ.

Халхын голын байлдааны оршил үе, үндсэн үе, төгсгөл үеийг харуулсан түүх, эрдэм шинжилгээ, лавлагаа, мэдээлэл, танин мэдэхүйн ач холбогдол бүхий баримт, гэрэл зургийн самбарууд, архивын эх баримтууд болон 100 гаруй үзмэр эд өлгийн зүйлүүд дэлгэгджээ. Мөн байлдааны ялалтанд шийдвэрлэх нөлөө үзүүлсэн “Баянцагааны тулалдаан”-ы үйл явдлыг харуулсан орчинг бүрдүүлснээрээ онцлог юм.

Categories
мэдээ нийгэм

Иж бүрэн шалгалтыг зохион байгууллаа

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны А/225 дугаар тушаалаар нийслэлийн Онцгой байдлын газар болон түүний харьяа Багануур, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвд иж бүрэн хяналт, шалгалтыг энэ сарын 15-19-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Хяналт, шалгалтыг ОБЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа Г.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг явуулж, Төрийн албаны тухай хууль, холбогдох хууль тогтоомж, Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 107 дугаар тушаалаар батлагдсан “Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалт зохион байгуулах журам”-ыг хэрэгжүүлэх, дүрэм, журам, стандарт, байгууллагын бодлого, үйл ажиллагааны зорилт, хөтөлбөр, төлөвлөгөө, төсөв, төслийн хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод хяналт шалгалт хийсэн юм.

Мөн бие бүрэлдэхүүний сахилга хариуцлага, дэг журмыг бэхжүүлэх, аюулгүй байдлыг хангуулах зорилгоор мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн автобусны тоог 10 хувиар нэмэгдүүлжээ

Хичээлийн шинэ жил эхэлж иргэд, зорчигчдын зорчих эрэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний ачаалал ихтэй чиглэлүүдэд автобусны тоог нэмэгдүүлжээ.

Тодруулбал, Хайлааст, Баянхошуу, ТЭЦ-3, Сэлх, Тахилт, Баруун салаа, Зүүн салаа, 3, 4 дүгээр хороолол, Зайсан, Алтай хотхон, Дэнжийн 1000, Өвөр согоот, Нисэх, 7 буудал, Зунжин, Шархад, 5 шар, Офицеруудын ордон, Зүүн 4 зам, Улаанхуаран, Мах импексийн суурьшлын цэгүүдэд үйлчлэх автобусны тоог 10 орчим хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Уг ажлыг өнөөдрөөс эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангасан хэмээн нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Батхүү агсны хүү Ганхөлөг: Аав минь шударга бай, хүнд хэлэх зүйлээ шууд хэлж бай гэж сургадаг байсан

УИХ-ын гишүүн,УИХ-н дэд дарга, Засгийн газрын гишүүн асан, Ардчилсан намын дэд дарга, төр нийгмийн зүтгэлтэн Гаваагийн Батхүү агсан Төрийн ордонд амь насаа алдаад багагүй хугацаа өнгөрч байна.

Тэрбээр Монголын хурдан морины соёлд үлэмж гавьяа байгуулсан, бизнесийн салбарт манлайлан цойлж, улс төрд олон түмний хайр хүндэтгэл, итгэлийг хүлээн ажиллаж байсан билээ. Түүний ууган хүү Б.Ганхөлөгтэй ярилцлаа.

-Энэ жил та бүхэн Хүй долоон худагийн дэнжид асар майхан, гэрээ барьж наадмаа хийлээ. Хэчнээн насны морьд сойсон бэ. Морьд хурдан байв уу?

-Хүмүүс баяр наадамд яасан дуртай юм бэ гэж бодсон байж магадгүй. Бидний хариулт энгийн л дээ. Аав маань наадмыг бүтэн жил хүлээдэг. Хамгийн дуртай, хамгийн хайртай баяр нь байлаа. Ялангуяа, аав маань улсын наадамд хурдан хүлгийнхээ тоосыг үзнэ гэдэг маш том хувь заяа гэж ярьдаг байсан.

Төрийн наадамдаа оролцоно гэдэг агуу юм. Дээрээс нь зурагтаар овог, нэрээ дуудуулчихвал тэгээд тэр жил хамгийн сайхан гэдэг сэн. Аав минь өнгөрчихлөө. Бид өөрсдөө баярлаж наадахдаа гол нь биш.

Аавынхаа хүсэж байсан зүйлийг биелүүлж байна гэдэг утгаар нь хайртай морьдыг нь бариад уячихъя, наадмаа хийдгээрээ хийе, хурдан морьдоо сайхан уралдуулчихъя. Хоорондоо ярьж байгаад ингэж шийдсэн.

Аав минь байсан бол ийм л зүйлийг хүсэх байсан. Аав минь дээрээс харж байгаа гэж бодож наадмаа хийсэн. Зургаан насны морьдыг бүгдийг нь уясан. Морьдоо зургаадугаар сарын 6-нд бариад, ёслоод наадмаар уралдууллаа.

Азарга 10 гараад, их нас 20 гараад ирж байна. Дажгүй сайхан наадлаа. Монгол уяач хүн чинь морь бүтэн, хүүхэд бүтэн ирэхэд л сайхан наадам гэж ярьдаг шүү дээ. Энэ жил нар хур тэгширсэн сайхан зуншлага боллоо.

-Монголын морины соёлд тэргүүн төлөөлөл болсон Батхүү агсангүйгээр энэ жилийн наадам боллоо. Олон түмэн, тэр дундаа хурдан хүлэгт хайртай хүн бүр үгүйлэн саналаа. Та бүхний гал дээр аавын тань найз нөхөд, ах дүүс гээд олон хүн ирж байх шиг харагдсан?

-Наадмын нээлт 11-нд болдог. Харин уяачид бид 10-ндаа нээлтээ хийчихдэг. Гурван хоног Хүй долоон худаг дээр, өмнөх жилүүдэд гардаг байсан дэнж дээрээ гэр орон, асар майхнаа барьж наадлаа. Энэ жил аав минь байхгүй, орон зай нь хоосроод их л эвгүй байгаа.

Аавыг минь дэмждэг найз нөхөд.улс төрийн намынхан, нутгийн зон олон гээд бүгд л ирлээ. Манай аав олон холбоог тэргүүлдэг байсан. Тэдгээр холбоодын хүмүүс гээд олон хүн ирсэн.

-Г.Батхүү агсан моринд үнэнхүү хорхойтой. Амьдрал нь байсан гэж хэлэхэд буруудахгүй болов уу. Ер нь аав тань наадам дөхөхөөр их хөөрнө биз. Хөл нь хөнгөрөөд явчихдаг байсан уу?

-Тэгэлгүй яах вэ. Морь барих өдрөө тэсэн ядан хүлээнэ. Өдрөө харна. Заавал бар өдөр барина. Ихэвчлэн зургаадугаар сарын эхээр л барьдаг юм даа. Ер нь их баярлаж хөөрнө шүү дээ. Өмнөх өдөр нь бэлтгэлээ базаана.

Морь барина гэдэг нь морь ёсолно гэсэн үг. Лам хувраг аваачиж ном уншуулж сайхан ёсолно. Тэр өдөр их сайхан даа.

Тухайн өдрөөс хойш морио уяад эхэлчихнэ. Морины ажлаа хийнэ. Дундуур нь сунгаанууд явна. Бага, дунд? их сунгаа гэж явдаг. Тэндээс морьдын маань хурд, хүч харагдана. Ингээд алийг нь улс, алийг нь бүсэд уралдуулах уу гэж харж байгаад шийднэ дээ.

Энэ мэтээр зун бол манай аавын хувьд хамгийн сайхан улирал нь байсан. Морь бол миний аавын хувьд амь, амьдрал нь байлаа.

-Г.Батхүү агсныг өвөө, эмээгийн хүүхэд байсан гэж сонссон. Энэ талаар дурсахгүй юу?

-Аав маань хөдөөний хүүхэд. Адуу мал дунд өссөн. Манай эмээ, өвөө оюутан байсан. Тиймээс аавыг эмээ, өвөө дээр нь орхиод сургуульдаа явчихдаг байсан гэдэг. Миний хувьд хөгшин аав, ээж шүү дээ. Аав маань эмээ, өвөө хоёр дээрээ өссөн дөө.

Гаваа өвөө бол “Монгол транс” компанийн анхны таван жолоочийн нэг байсан юм билээ. Манай аав хөгшин аавын кабин дотор байнга л явна. Тэгж л өссөн дөө. Ер аавыг дагаад ч тэр үү бид техникт их дуртай, энэ чигийн хүмүүс дээ.

Аав маань Гаваа өвөө, Ханд хөгшин ээжийн хүмүүжлээр хүмүүжсэн. Багаасаа адуу мал дээр өссөн. Гэрт орж эм, гадаа гарч эр болно гэж ярьдаг шүү дээ. Тэрэнтэй ижил их ажилсаг хүүхэд байсан гэдэг.

Тэрийг дүү нартаа өгөөд ундыг нь уулгачихаад гарч үнээгээ саана, сүүгээ хөөрүүлнэ гэх зэргээр гэрийн бүхий л хар бор ажлыг хийдэг байсан байгаа юм. Тэгээд хичээлдээ явдаг. Орой ирэхэд аавын ажил овоорчихсон хүлээж байдаг байсан гэдэг. Ер нь аав минь ясны ажилсаг хүн байсан. Манай хөгшин аав мөн тийм зан чанартай хүн байсан тул тэгж хүмүүжсэн байх. Аав маань нэг юм эхлүүлбэл заавал дуусгаж байж санаа нь амардаг байлаа. Заавал үр дүнг нь үздэг хүн байсан.

-Танай адуу мал хаагуур байна вэ. Ямар хүмүүс адгуулж маллаж байна вэ?

-Манай их адуу Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд бий. Тэнд бас монгол үхрийн суурь 100 гаруй үхэртэй. Мөн халимаг үйлдвэрийн 100 гаруй үхэр бий. Ер нь Дорнод руу мал маань байна. Манай адууг Нийслэлийн алдарт уяач н.Батболд гэж хүн маллаж, уядаг. Манайхантай 20 гаруй жил нөхөрлөж байна.

-Г.Батхүү агсны үүсгэсэн Шунхлай угшлын талаар тодруулахгүй юу?

-Аав маань амьдралынхаа 20 гаруй жилийг Шунхлай угшлын адууг бий болгоход зориулж зүтгэсэн. Бий болсон. Анх 1995 онд Уртын Дамдинжав гэж хүнээс Толин хул азаргыг авч байсан. Тэр үеэс хойш өдгөө 1,000 гаруй адуутай болжээ.

Энэ дунд соёмбо хүрэн, шарга азарга гэх зэргээр олон хурдтай адуунууд маань байлаа. Тэдний цусыг хооронд нь сэлбэж угшил бий болгосон. Түүнийг бид Шунхлай угшил гэж нэрлэж байгаа юм.

Мэдээж нэг ийм угшил гаргахад маш их хөдөлмөр, цаг хугацаа зарцуулна. Үүнийг манай аав бий болгож чадсан. Аав маань Өвөрхангай аймгийн Хужирт сум, Шунхлай хайрханы өвөрт төрсөн юм.

-Алдарт Толин хулын талаар дэлгэрүүлэхгүй юу. Одоо бий юу. Үр төл нь олон болсон уу?

-Дээр өгүүлсэнчлэн, Толин хул азаргыг 1995 онд Уртын Дамдинжав гуайгаас авч байсан. Улсын баяр наадамд уяад 1996 онд түрүүлсэн байдаг. Мөн 1997 онд айрагдсан. Их хурдад дөрвөлсөн гэх зэргээр амжилтууд нь жил дараалан ирдэг байсан.

Мундаг хурдан буян бидэнд заяасан юм болов уу гэж боддог. Их бэлгэшээдэг. Их буян юм даа гэж боддог. Толин хул азарга одоо байхгүй. Харин үр төлүүд нь олон бий. Манай адууг очоод харвал ихэнх нь хул зүсмийнх байгаа, Толин хул хул зүсмийн сайхан адуу байсан. Яс, цус сайтай адуу чинь өөрийн зүсээ хадгалж үлддэг юм байна. Ямар ч зүсмийн гүүтэй үржүүлэхэд ген нь өөрийгөө авч гарч ирж, зүсээ хадгалдаг нь харагдаж байна.

-Үр төл нь сайхан давхиж байна уу?

-Улс, бүсийн наадамд нэлээн хэд сайхан давхисан. Аав маань их өглөгч хүн байсан. Өөрийнхөө адууг хүнд их бэлэглэнэ. Бэлэглэсэн адуу нь дандаа хурдалдаг онцлогтой. Өвөрхангай, Хэнтий зэрэг олон газар хурдалж байгаа шүү. Бүсийн наадамд түрүүллээ, айрагдлаа. Улсын наадамд тэдэд орлоо гэх зэргээр олон сонсогдож байдаг.

-Та уяач удмаа үргэлжлүүлэн авч яваа хүн. Аймгийн алдарт уяач цолтой. Аавынхаа морь уях арга ухаанаас хэрхэн суралцсан бэ. Ер нь багаасаа л аавыгаа дагаж адуу мал хэмээн явдаг байсан байх?

-Тэгэлгүй яах вэ. 10, 11 настай байхад хичээл дуусаад маргааш нь аав бидэнд эмээл, бакаль, дээлийг нь боож өгөөд хөдөө явуулчихдаг байсан.

Зуны гурван cap ерөөсөө л адуун дээрээ байна. Хичээл эхлэхээс долоо хоногийн өмнө орж ирнэ. Тас хар царайтай. Усанд орж, гар, нүүрэндээ тос нялж сайраа арилгасан болоод хичээлдээ ордог байлаа. Сайраа ч бараг гүйцэд арилгаж чаддаггүй байсан байх аа.

Есдүгээр сарын нэгэнд хичээл ороход багш зуны амралтаар юу хийсэн тухайгаа зохион бичлэгээр бич гэнэ. Ангийн хүүхдүүд тийм ч зусланд явсан, тэгж ч амарсан гэх зэргээр бичдэг байсан. Харин би гурван cap адуу маллаад, морины баас арилгалаа гэж бичилтээ биш. Тухайн үед хүүхэд байсан болохоор тиймэрхүү санагддаг байлаа.

Одоо ингээд бодоход мундаг том ухааныг бидэнд өвлүүлж байжээ. Монгол өв соёлыг боловсролын системд хийгээд тэрийг нь бид багшаар заалгаж сурдаг эрдэм биш юм. Монгол ухааныг хүн амьдрал дээр, хажууд нь байж, очиж үзэж, өөрөө хийж байж ойлгодог, мэддэг, сурдаг юм байна гэж боддог.

Морины уяа сойлго гэдэг бол маш том шинжлэх ухаан. Бурхны номны оргилд хүрнэ гэж байдаггүйтэй ижил морь уях шинжлэх ухааны оргилд хүрнэ гэж байхгүй хэмээн нэг эрхэм хүн хэлж байсныг сонссон. Би бол аавынхаа хажууд сурагч.

Аавын минь морь уях ухааныг 10 дугаар анги төгсөж, оюутан болоод амьдрал дээр гарч байгаатай зүйрлэвэл би хажууд нь дөнгөж нэгдүгээр ангид орж байгаа хүүхэд. Өөрөөр хэлбэл, аавынхаа эрдэм ухааныг өөрийнхөө багахан сурч мэдсэн зүйлтэй зүйрлэвэл ийм ялгаатай гэж хэлэх гэсэн юм. Аав минь их мундаг хүн байлаа. Аавынхаа бараг салхин дор нь зогсоход юмыг ойлгодог.

Хэлж ярьж байгаа бүхнээс нь шамдан суралцах хичээдэг байлаа. Мэдээж ааваас минь үлдсэн эрдэм ухаан байлгүй л яах вэ. Гэхдээ би тэгж, ингэж морь уядаг гэж ярих дургүй. Ичдэг юм. Хөдөлмөрийг минь улсаас үнэлээд аймгийн алдарт уяач цол өгсөн. Би маш их бэлгэшээж байгаа.

-Таны эмээ Оюун гуайн бие сайн уу. Саяхан гарсан Ш.Гүрбазар гуайн нэвтрүүлэг дээр ануухан сайхан харагдаж байна лээ. Гэхдээ үрээ алдсан эхийн сэтгэл ямар хүнд байгааг бид бүрэн ойлгож чадахгүй шүү дээ?

-Манай эмээ чинь хар залуугаасаа Өвөрхангай аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргын ажлыг олон жил хийсэн хүн байдаг. Удвал гуайг Монголын эмэгтэйчүүдийн хорооны дарга байхад эмээ маань Өвөрхангай хариуцсан эмэгтэйчүүдийн даргаар ажиллаж байсан юм.

Удвал гуайн удирдлага дор ажиллаж байсан гэсэн үг л дээ. Мөн МАХН-ын үед Өвөрхангай аймгийн намын дарга хийж байсан. Манай эмээ орос хэлний багш мэргэжилтэй. Ер нь сэтгэлийн хаттай, хатуужилтай хүн. Хэр баргийн нулимс унагахгүй дээ.

Гэхдээ дотроо маш хэцүү байгаа. Тэрийг бид нүднээс нь хараад мэддэг. Шүдээ зуугаад эмээ минь хөөрхий байж байна. Бид ч гэсэн дотроо эмтрээд, гаднаа тэрийгээ харуулж болдоггүй. Эмээгийн бие хаа дажгүй ээ. Гэхдээ сэтгэл санаа нь мэдээж их хүнд байгаа.

-Ээжийн тань бие сайн уу?

-Сэтгэл санаа хямралтай байгаа. Биеийн байдал, эрүүл мэндийн хувьд гайгүй.

-Г.Батхүү агсан айлын том. Доороо гурван дүүтэй бил үү?

-Аав айлын том нь. Манай аавын доод дүү нь Батчимэг. Дараа нь Батсайхан, Бат-Эрдэнэ гэж бий. Эхээс дөрвүүлээ.

-Бүгд тус тусын бизнес, ажил амьдралаа залгуулаад явж байна уу?

-Тийм ээ. Тус тусын бизнес, ажил төрөлтэй явж байгаа.

-Та өөрийнхөө талаар товч танилцуулахгүй юу?

-Би 1986 онд төрсөн. Арван жилээ АНУ-ын Флорида мужид 2005 онд төгссөн. Швейцарын Женевийн олон улсын их сургуулийг 2011 онд дүүргэсэн. Тэгээд Монголдоо ирж ажиллах болсон.

Тухайн ондоо би “Эрдэнэс Таван толгой” компанид гадаад харилцаа хариуцсан мэргэжилтнээр орж ажлын гараагаа эхлүүлсэн. Тус компанид таван жил ажилласан. 2015 онд Эрчим хүчний яаманд Санхүү хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байгаад ажлаа өгсөн.

-Аав тань та бүхнийг хэрхэн хүмүүжүүлж ирсэн бэ. Эцэг бүр харилцан адилгүй байдаг шүү дээ. Зарим нь хатуу гараар хүмүүжүүлдэг байхад үг дуугарахгүй хэр нь зөв үйлдлээрээ үлгэрлэж хүмүүжүүлдэг аав ч байдаг шүү дээ?

-Манай аав бидэнд гар хүрч байсныг санадаггүй юм. Ер нь бусадтай гap зөрүүлж байсан тохиолдол байхгүй дээ. Буруу зүйлийг тайлбарлаж өгдөг. Засаж, залруулж өгдөг. Болохгүй шүү гэж ухааруулж хэлдэг. Харахад их сүрлэг, том хүн байсан шүү дээ. Хэн ч харсан сүрдмээр.

Магадгүй би буруу юм хийчихээд аавд загнуулж байхад ээж намайг өмөөрч дундуур орж ирдэггүй. Энэ бол хүүхдийн хүмүүжилд маш хортой гэж үздэг байсан. Мөн өөрийнхөө хүүхдийг өмөөрдөггүй. Дандаа өөрийн хүүхдийн буруу байдаг. Жишээ нь, би жаахан байхдаа нэг хүүхэдтэй муудалцаад ороод ирэхэд чамаас болсон байх, чи тэрүүгээр яваагүй, байгаагүй байсан бол гэх зэргээр өөрийнхөө хүүхдийг зэмлэж, хэзээ ч өмөөрдөггүй байсан. Энэ бүхнээс үүдээд бага байхдаа заримдаа өргөмөл ч юм болов уу гэж бодож байх шиг.

Манай аав хүнийг барагтай бол загнахгүй дээ. Ер нь юмыг сайн хэлж өгдөг. Алдааг нь засаж залруулах талаас нь сайн хэлж өгнө. Хэлээд байхад дахин алдаад байвал мэдээж чангаар хэлнэ шүү дээ. Тийм л сурган хүмүүжүүлэгч байсан даа.

Г.Батзориг

Үргэлжлэл бий…

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр МАН-ын бүлэг хуралдана

Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх юм. Тус бүлэг Ерөнхийлөгчөөс өргөн барьсан төсөлд байр сууриа нэгтгэж чадахгүй өнөөдрийг хүрч байгаа. МАН-ын бүлгийн хурлын дараагаар байнгын хороод хуралдах товтой юм.

Categories
мэдээ нийгэм

Дөрвөн вагон хөгцөрсөн цагаан будааг экспортлогч оронд нь буцаалаа

Энэ сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор Вьетнам улсаас Монгол Улсын нэр бүхий компанийн импортолсон 290 тонн буюу дөрвөн вагон цагаан будаа нь тээвэрлэлтийн горим зөрчигдсөний улмаас чанар, аюулгүй байдал алдагдаж хөгцөрсөн байсныг мэргэжлийн хяналтын байгууллагаас илрүүлэн, экспортлогч оронд нь буцаалаа.

Өнгөрөгч 06, 07 дугаар саруудад мөн энэ төрлийн зөрчлийг илрүүлж, будааг экспортлогч улсад буцааж байсан бөгөөд хамгийн сүүлд энэ сарын 05-ны өдөр 60 тонн будааг хилээр нэвтрүүлэлгүй буцаасан талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ач охиноо удаа дараа хүчирхийлсэн этгээдэд 12 жилийн хорих ял оноолоо

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хооронд иргэн М.Т нь 10 настай ач охиноо эсэргүүцэл үзүүлэх чадваргүйг нь мэдсээр байж удаа дараа хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэрэг гарсан байна.

Дээрх гэмт хэрэгт тус дүүргийн прокурорын газраас хяналт тавьж, Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч М.Т-д 12 жилийн хорих ял оногдуулж, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Харин хохирогчид “Гэрч хохирогчийг хамгаалах тухай” хуульд заасны дагуу түр хамгаалах байранд байлгаж, биечилсэн хамгаалтад авах арга хэмжээг авсан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Улаан: Атар IV аяныг эхлүүлснээр энэ салбар эрчимжсэн хөгжлийнхөө үе рүү орно

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаантай ярилцлаа.


-Энэ жилийн тариалалтыг хугацаанд нь хийж чадсан уу. Нийтдээ хэдэн мянган га-д тариалалт хийсэн бэ?

-Энэ жилийн тариалалтыг бид агротехникийн оновчтой хугацаанд нь хийж чадсан. Энэ нь богино хугацаанд буюу 14 хоногийн хугацаанд тариалалтаа хийж чадсан гэсэн үг. Нийтдээ Монгол Улсын хэмжээнд 500 гаруй мянган гад энэ жил тариалалт хийлээ. Энэ дунд үр тариа, улаанбуудай, төмс хүнсний ногоо, тосны ургамал багтана. Үүнээс онцгой анхаарал татдаг ургамал бол үр тариа, ялангуяа улаанбуудай юм. Улаанбуудайг 340 орчим мянган гад тариалсан. Түүнчлэн төмс, хүнсний ногоог боломжийн түвшинд тариаллаа. Өмнөх жилүүдийн хэмжээнд тариалалтыг хийж чадсан.

-Тариалалтаа хийсний дараа онцгой анхаарах асуудал бол тарьсан ургамлаа хамгаалах асуудал шүү дээ. Үүнд хэрхэн анхаарч байна…

-Энэ жил бид өнгөрсөн жилийн түвшиндээ хүргэж ургац авах зорилго тавьсан. Тариалалтын дараа цаг агаарын байдал харьцангуй ялгаатай өөр байлаа. Зарим аймгуудаар бороо нэлээд оройтож орсон. Ялангуяа Сэлэнгэ аймаг, тэр дундаа манай улсын үр тарианы голлох аж ахуйнууд байдаг хэсгээр бороо үл ялиг оройтсон. Үүнээс улбаалан анхны соёолт, ургалтын байдалд харьцангуй ялгаатай нөхцөл үүссэн. Азаар долдугаар сарын дундаас бороо нэлээд орж, ихэнх нутгаар зуншлага тааламжтай боллоо. Гэвч цаг агаарын байдлын нөлөөллөөс болж, зарим нэг газруудад анхаарал татмаар асуудлууд гарч байна. Жишээ нь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв аймгуудад цаг агаарын гэнэтийн өөрчлөлт явагдсан. Тодруулбал, мөндөр орж 2500 гаруй гагийн ургацыг хураан авах боломжгүй боллоо.

-Бусад талбайд ургацын байдал тогтвортой байна уу?

-Яамнаас ургацын байдалд онцгой анхаарч явц дунд нь хяналт тавьж, 10аад аймгийн хорь гаруй сумын 30 гаруй аж ахуйн нэгжийн талбайгаар явж, газар дээр нь үзэж танилцлаа. Ургацын байдал алаг цоог байна. Бороо ялигүй оройтсон газарт ургацын түвшин сийрэг, намхан, болц нь нэлээд түргэссэн шинжтэй, ихэнх талбайд үр тарианы сүүн болц дуусч байна. Тиймээс энэ жил хоёр асуудалд онцгой анхаарахаар болсон. Нэгдүгээрт, тариалсан тариандаа мал оруулчихгүй хамгаалах асуудал. Энэ асуудалд малчин, тариаланчдын хоорондын хамтын ажиллагааны асуудал онцгой анхаарал татаж байгаа. Энэ жил бидний зүгээс тариалангийн талбайг хашихаар хөрөнгө дайчилж ажилласан. Тиймээс 450 гаруй км хашаа барих ажил зохион байгуулагдаж байна.

-Ургац хураалтын үе эхлэх дөхлөө. Энэ асуудалд танай яамны зүгээс хэрхэн анхаарал хандуулж байгаа вэ?

-Энэ жилийн ургац онцлогтой байна. Нэлээд таруу, сийрэг. Алаг цоог, өндөр, нам болцын түвшин харьцангуй ялгаатай, зарим нь аарцан болцондоо орчихсон байхад, нөгөө хэсэг нь дөнгөж сүүн болц нь дуусч байх жишээтэй. Ерөнхийдөө тариа өөрөө намхан байгаа учраас энэ жилийн тариа хураалтад онцгой анхаарах, тариалалтын технологи, техникээ зөв сонгох асуудалд анхаарах шаардлага тулгарлаа. Бид орон нутагт газар дээр нь мэргэжлийн хүмүүсээ ажиллуулж, болж өгвөл тодорхой тариалангийн талбайнуудад таарсан ургац хураалтын оновчтой горимыг зөв сонгох зөвлөмж гаргаж хүргүүлэхээр болсон. Наймдугаар сардаа багтаагаад урьдчилсан байдлаар ургацын балансаа гаргах санаатай байна. Үүндээ үндэслэн ургац хураалтын ажилдаа шуурхайлан орно. Энэ жилийн онцлог байдалтай холбогдуулаад техникийн бэлэн байдлыг онцгой анхаарч байна. Одоогийн нөхцөлд ОХУ-ын техник илүү тохиромжтой юм билээ. Яагаад гэвэл орос техник намхан тариаг хадна, мөн газартаа тохируулсан өөрийн гэсэн тохируулгатай байдаг. Тиймээс ОХУ-ын техникийн хэрэгцээ илүүтэй гарч байгаа учраас манай яамны зүгээс хөөцөлдөж, Оросоос хөнгөлөлттэй зээлийн шугамаар Хөгжлийн банкны охин компаниар дамжуулж, 30 гаруй ургац хураах комбайн авахаар болсон. Одоо наашаа ачигдчихсан байгаа. Ургац хураалтаас өмнө бүгд ороод ирнэ. Ер нь энэ жил тарьсан ургацаа хаягдал багатай бүрэн хураахын төлөө л анхаарч ажиллаж байна даа.

-Энэ жил дотоодын хэрэгцээг хангах улаанбуудай хураан авах боломжтой юу?

-Улаан буудай, төмсний хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой. Харин хүнсний ногооны 80-аас дээш хувийг өөрийнхөө ургацаар хангана. Дээрээс нь энэ жил тэжээлийн ургамлыг нэлээд ахиу тариалсан. Тиймээс энэ жил өвс хадлан, ногоон тэжээлийн бэлтгэл дээр ахиц гаргах зорилготой байна. Өнгөрсөн жил 430 орчим мянган тонн улаанбуудай хурааж авсан шүү дээ. Үүгээрээ бид улсын хэрэгцээгээ бүрэн хангаад, цаана нь боломжийн нөөцтэй байсан. Энэ жил манай улс хамгийн багаар бодоход 400 гаруй мянган тн ургац хураачих бололцоотой байгаа. Ингэвэл бид дотоодынхоо гурилын хэрэгцээг бүрэн хангана. Дээрээс нь үрийнхээ нөөцийг чанарын өндөр түвшинд нөөцлөөд авчих бололцоотой. Энэ жил үрийн чанарт онцгой анхаарна. Нэлээд сайн чанарын нутагшсан үрийн нөөцтэй болъё. Ингэснээр дараа жилийн ургац илүү баталгаатай болно шүү дээ. Сүүлийн жилүүдэд үрийн бодлого их хэмжээгээр алдагджээ. Тиймээс яам өөртөө үр сортын бий даасан хэлтэстэй болсон. Энэ чиглэлээр ургацын баланс тогтоох чиглэлээр талбайнууд дээр чанарын үнэлгээ өгч, улсын нөөцөд чанартай үр бэлдэх, мөн аж ахуйнууд өөрийн бэлдсэн ураншиндаа хүрэлцэхүйц хэмжээний үрээ өөрсдөө нөөцөлж авъя гэдэг чиглэлтэй ажиллаж байна.

-Хураасан ургацаа хаягдал, алдагдал багатай хадгалах асуудал мөн үүсэх байх даа?

-Бид зоорь, агуулах, үтрэмийн бэлэн байдлыг хангах чиглэлээр судалгаа гаргаж, мэргэжлийн хүмүүсээ явуулж байна. Хураан авсан будаа, хүнсний ногоогоо алдагдал багатай хадгалах дээр анхаарч байна. Үүнийг дагаад нэг асуудал урган гарч ирлээ. Тодруулбал, ургац тээврийн замын асуудал. Энэ жил бороо хур ихтэй, дээрээс нь ургац тээвэрлэдэг гол засмал замууд засвартай байгаа. Жишээ нь, Дархан-Улаанбаатарын зам. Энэ замаар манай газар тариалангийн бүс болох Сэлэнгэ, Булган, Дархан, Төв аймгийн хойд сумуудаас үр тариаг тээвэрлэх хэрэг гарна. Гэтэл зам нь засвартай байж байдаг. Тиймээс орон нутгийн замаа засч тордох, дээрээс нь ургацыг төмөр замаар тээвэрлэх бэлтгэлийг одооноос хангаж эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар орон нутгийн зам засах ажлын хөрөнгө, санхүүгийн асуудлыг үндсэндээ шийдсэн. Ингээд Зам, тээврийн яамтайгаа хамтраад зам засварын ажлыг эхлүүлж байна.

-Газар тариалангийн салбарыг хөгжүүлэхэд яамны зүгээс ямар ажил хийхээр төлөвлөж байна. Газар тариалангийн салбар яг одоо ямар түвшинд явж байна вэ?

-Манай улсын газар тариалангийн салбар сэргэлтийнхээ түвшинд яваа гэж хэлье. Бид атар газар эзэмшээд 60 жил болчихжээ. Энэ 60 жилийг дотор нь аваад үзвэл хэд хэдэн онцлог үеүүдийг туулсан байна. Анхны Атрын аянг өрнүүлэхэд хоёр үндсэн зорилт дэвшүүлсэн байдаг. Нэгдүгээрт, Атар газрыг эзэмшсэнээр хүн амаа үр тариа хүнсний ногоогоор бүрэн хангах, хоёрдугаарт, малаа чанар сайтай тэжээлээр хангах, өөрөөр хэлбэл бэлчээрийн мал ахуйгаа байгалийн эрсдэлээс хамгаалах зорилт юм. Бид одоо төмс хүнсний ногоо, улаан буудайгаар дотоодын хэрэгцээгээ хангах зорилтоо амжилттай хэрэгжүүлж чадлаа. 2007 онд Атар III аяныг эхлүүлэх үед зах зээлийн нийгэмд шилжсэн хэцүү үе байсан. Хувьчлалд орсон учраас газар тариалангийн салбар уналт задралын байдалд байсан. Өдгөө харин газар тариалангийн салбар маань бэхжиж, нэгдсэн зохион байгуулалтад орж, сүүлийн таван жилд тогтвортой газар тариалангаа эрхэлж байна. Нэг үгээр сэргэж байна гэсэн үг. Энэ жил бид Атар III аяныхаа хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгнө гэж бодож байгаа. Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг арваннэгдүгээр сард тэмдэглэнэ. Манай газар тариалангийн салбарын эрдэмтэн судлаачид, үйлдвэрлэгчид Атар гурав аянаа дүгнээд Атар дөрөв аяныг эхлүүлье гэдэг санал тавьж байгаа. Ер нь онол практикийн хувьд ч гэсэн эхлүүлэх цаг нь болсон байна. Өөрөөр хэлбэл Атар IV аяныг эхлүүлснээр газар тариалангийн салбар эрчимжсэн хөгжлийнхөө үе рүү орно.

-Газар тариалангийн салбарт мэргэшсэн боловсон хүчин дутагдалтай байна гэдэг. Таны хувьд энэ асуудал дээр анхаарал хандуулах уу?

-Нөгөө л зах зээлийн харилцаанд шилжсэн задралын үед боловсон хүчнийг бэлтгэх, сургах асуудал орхигдож, энэ салбар нарийн мэргэжлийн мэргэшсэн боловсон хүчний хомстолд орсон байна. Цаашдаа мэргэжлийн боловсон хүчний хангамжийг сайжруулах асуудал дээр онцгой анхаарна. Үүнийг Атар IV аяны гол зорилтын нэг гэж хэлж болно.

-Танай яаманд өдөр тутмын тасралтгүй олон асуудлууд ундарч байдаг. Өвөл ч ойртлоо. Ер нь хөдөө аж ахуйн салбарт хэрхэн анхаарч байна…

-Өдгөө бид 80 сая малтай болчихжээ. Энэ 80 сая малыг адгуулах бэлчээр, усан хангамж, мал эмнэлэг, ариун цэврийн ажлууд урьд өмнөх жилүүдээс илүү ачаалалтай байгаа. Өвөлжилт, хаваржилтийн бэлтгэлийг сайн хангах асуудал дээр анхаарч Засгийн газрын өвөлжилтийн бэлтгэлийг хангах 285 дугаар тогтоолыг гаргасан. Бүх аймгуудад чиглэл өгөгдсөн. Өнөөдөр 20 аймгийн Засаг дарга тухайн аймагтаа өвөлжилтийг хангах асуудлаар захирамж гаргаад аймаг сумдууд ажилдаа жигдрээд ороод явж байна. Энэ дээр мэдээж бэлчээр талбайг оновчтой зөв хуваарилах, худаг гаргах, өвс хадлан бэлтгэхэд анхаарна. Тиймээс өвөлжилтийн бэлтгэл хангах ажилд нэлээд эртнээс тодорхой хөөцөлдөж, энэ өвлийг өнтэй давахын төлөө ажиллана даа.

-Яг энэ сэдвээр Улсын онцгой комисс өнөөдөр хуралдана биз дээ?

-Энэ хуралдаанд оролцохоор бүх аймгийн Засаг дарга нар ирчихсэн байгаа. Эндээс өвөлжилтийн бэлтгэлийг хангах, ургац хураалтыг зохион байгуулах ажлын явц ямар байна гэдэг талаар дэлгэрэнгүй ярилцана.

-Манай улсын хөдөө аж ахуйн салбар нь эдийн засгийг төрөлжүүлэх, экспортын нэр төрлийг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй. Энэхүү салбарыг удирдаж байгаа сайдын хувьд үлдсэн хугацаанд ямар онцлох бодлого хэрэгжүүлэх вэ?

-Манай Засгийн газрын гол зорилго бол Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх. Зөвхөн уул уурхай гэдэг нэг салбараас хамааралтай байдлыг арилгах явдал юм. Энэ арга зам бол хүнс, хөдөө аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх юм. Яагаад гэвэл энэ салбарууд нөхөн сэргээгддэг, шавхагдашгүй баялаг.Үеийн үед уул уурхайн салбартаа түшиглэж хөгжинө гэдэг өөрөө эрсдэлтэй, нөгөө талдаа үр ашиггүй. Харин байнга өсөн нэмэгдэж, өсч төлжиж байдаг энэ баялаг дээрээ суурилсан салбарын хөгжил манай эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах гол үндэс суурь болох ёстой. Тиймээс бид мал аж ахуйн салбарынхаа тогтвортой хөгжлийг хангая. Мал аж ахуйгаас үйлдвэрлэж байгаа бүтээгдхүүний хэмжээгээ нэмэгдүүлье гэдэг дээр төвлөрч байна. Өнөөдөр 80 гаруй сая мал бидэнд байна. Гэтэл нэгж малаас ашиглаж байгаа бүтээгдэхүүн, түүний өгөөж хуучин системийнхээ үеэс хэд дахин доогуур болчихсон. Тоо нь өсөөд байдаг нэгжээс авах үр өгөөж нь багасчихсан. Тиймээс энэ аж ахуйгаа эрчимжүүлье. Энэ замыг сонгох бодит шаардлага ч бидэнд байна. Жил ирэх тусам манай улсын хөдөө аж ахуйн эдэлбэр газрын хэмжээ маш хурдацтай буурч байна. Тиймээс тоо толгойгоо хязгааргүй өсгөх биш, нэгжээс авах үр өгөөжөө нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Хоёрдугаарт, мал аж ахуйн салбар маань өөрөө эрүүлжих ёстой. Тэгж байж, бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулна. Малын эрүүл мэндийн асуудлыг онцгой анхаарч, мал аж ахуйн түүхий эдийг боловсруулах үйлдвэрүүдийг бий болгож, аль болохоор түүхий эдийг бүрэн боловсруулах ёстой. Мах, сүү, арьс шир, ноос ноолуурыг дотооддоо боловсруулах хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлагатай.

-Газар тариалангийн салбарт хэрхэн анхаарах вэ?

-Байгаа талбайгаа оновчтой зөв ашиглаж, үр өгөөжийг нь нэмэгдүүлж, хөрсөө хамгаалах эрчимжсэн технологиор явна. Мөн хүнс, хөнгөн үйлдвэрийн салбартаа мал аж ахуй, газар тариалангаас гарч байгаа түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүнийг болгож боловсруулах асуудал байна. Ингэж байж бид ХАА-н салбарыг тэргүүлэх салбар болгох зорилгоо биелүүлнэ. Засгийн газраас есөн төрөлжсөн хөтөлбөр гаргаж, батлуулаад явж байна.

-Мах, махан бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэх үед тулгарч буй хүндрэл юу байна…

-Мах экспортлоход тавигдаж байгаа гол шалгуур нь эрүүл ахуйн шаардлага. Мал эрүүл гэдгийг баталж байж, нөгөө тал нь хүлээн зөвшөөрч байж мах экспортод гаргадаг. Ингэхийн тулд мал, сүргээ эрүүлжүүлэх ёстой. Гарал үүслийг нь тодорхой болгох хэрэгтэй. Энэ чиглэлд нэлээд том, үе шаттай хөтөлбөр хэрэгжиж байна. Нөгөө талдаа үйлдвэрийн аргаар боловсруулах хүчин чадлаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Өдгөө манай улсад махны 100 гаруй үйлдвэр тоологдож байгаа боловч, тэдний хүчин чадал бидний хэрэгцээ шаардлагыг хангахгүй байна. Эдгээр үйлдвэрүүд жилд долоо сая мал эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой. Харин бид жилд 20-иос доошгүй сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгцээ шаардлага байна. Тэгэхээр боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, цаашдаа аймаг, сум бүрт мал нядалгааны жижиг үйлдвэрүүдийг бий болгоно. Үүнийг ажил хэрэг болгохоор төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр туршилтын байдлаар 20 суманд мал нядалгааны үйлдвэр байгуулахаар хөөцөлдөж байна. Ингэснээр нэгдсэн системд орж, ченжийн оролцоогүйгээр малыг эдийн засгийн эргэлтэд нийлүүлэх боломжтой болно.

-АНУ болон Европын холбооны Франц зэрэг улсууд манай улсаас ноос, ноолуур экспортлох асуудал ойрын үед нэлээд яригдаж байгаа. Энэ асуудалд танай яамны зүгээс хэрхэн анхаарах вэ?

-Экспортын чадавхыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд хийгдэж байгаа ажил шүү дээ. Европын холбоотой тодорхой бүтээгдэхүүнүүдийг газар зүйн заалттай болгох, чөлөөтэй экспортод хөнгөлөлттэй нөхцөлөөр гарч байх боломжийг нэмэгдүүлэхээр зорьж байна. Энд хамрагдах бүтээгдэхүүний тоо хэмжээгээ нэмэгдүүлэхийг зорьж байна. Энэ чиглэлд гэрээ хэлцлүүд хийгдэж байна. АНУ-тай хөнгөн үйлдвэр, ноос ноолуурын салбарт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр борлуулахаар ярьж байна. АНУ-д энэ асуудлаар хууль хэлэлцэгдэж байна.

-Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулж байгаа. Энэ асуудлыг нээлттэй шударга, зохион байгуулах тал дээр хэрхэн анхаарч байна..

-Урьд өмнө ямар нөхцөл байдал үүссэнийг бид бүгдээрээ мэдэж байгаа. Энэ байдлыг засах ёстой. Энэ хүрээнд журмаа үндсэнд нь шинэчиллээ. Өнөөдрийн байдлаар ЖДҮХС-гаас зээл олгох хоёр үе шатны сонгон шалгаруулалт яваад дуусч байна. Эхний ээлжинд 300 саяас тэрбум төгрөг хүртэлх хэмжээтэй банкаар дамжиж хэрэгжих төслүүдийг шалгаруулсан. Энэ төслүүдийг шалгаруулахад цоо шинэ журам мөрдсөн. Ийм журмаар ил тодоор олон нийтийн хяналттайгаар, тодорхой албан тушаалтнуудын нөлөө орохгүй байхаар журам баталсан. Энэ зээлийг шалгаруулж байгаа зээлийн хороо гэхэд дийлэнх нь мэргэжлийн холбоод, үйлдвэрлэгчдийн төлөөлөл орсон байгаа. Төрийн байгууллагууд тэнд цөөнх болсон. Бид энэ төслийг ил тод, олон түмний нүдэн дээр шударгаар шалгаруулахыг зорилоо. Төслийг шаларуулах даа телевизийн шоу болох “Шарк Танк”-тай төстэй маягаар шалгаруулсан. Түүнчлэн бид өнгөрсөн долоо хоногт 20-100 сая төгрөгийн санхүүжилт хүссэн төслүүдийг шалгаруулж дууссан. Үүнийг мөн л сонгон шалгаруулалтаар явуулж, зээлийн хорооны гишүүд төсөл болгоныг газар дээр нь очиж танилцсан. Энэ асуудалд өмнө нь байсан алдаа дутагдал, албан тушаалтны нөлөөлөл одоо байхгүй болсон.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дэлхийн улсууд авлигын эсрэг блокчейн ашиглаад эхэллээ, гэтэл бид хууль ч үгүй сууж байна

Нэрт эдийн засагч Эрнандо де Сото аль есөн жилийн өмнө “Улаанбаатарын гэр хороололд иргэдийн өмчийн бүртгэлийг сайжруулбал их боломж байна даа. Газар хашааг бүртгэлжүүлж өмчлөх эрхийг нь баталгаажуулаад өгчихвөл долоон тэрбум ам.долларын үхмэл хөрөнгө амилна. Энэ хэмжээний мөнгө эдийн засаг, санхүүгийн эргэлтэд ороход асуудал алга” гэж хэлчихээд буцсаныг тод санаж байна. Харамсалтай нь мань эрийг явснаас хойш өнөөг хүртэлх Засгийн газрууд гэр хорооллын иргэдийн өмчлөлийг бүртгэх тал дээр ямар ч ахицтай, гэгээтэй ажил хийсэнгүй. Эрнандо де Сотогийн толгой сэгсэрч хэлсэн долоон тэрбум ам.доллар өнөөг хүртэл амь ороогүй байна. Хэрвээ иргэд газраа өмчлөөд авчихвал банкинд барьцаанд тавиад зээл авна. Зээл авсан иргэд эдийн засгийг жинхэнэ тэтгэж эхэлнэ. Хувийн бизнес эрхэлнэ, адаглаад байрны урьдчилгаа хийж ипотект хамрагдана. Үр дүнд нь барилгын салбар сэргээд ирнэ. Барилгын салбар сэргээд ирвэл ажлын байр нэмэгдэнэ, ажлын байр нэмэгдвэл орлоготой айлын тоо өснө, орлоготой айлууд нэмэгдэх хэрээр хэрэглээ өснө, хэрэглээ өсөх тусам эдийн засаг тэлнэ. Эдийн засгийн тэлэлт ийм энгийн уялдаа, гаргалгаатай. Гэр хорооллын иргэд газраа өмчлөхөд л түрүүн хэлсэн гинжин холбоогоор эдийн засаг сэвхийгээд ирэх зураг харагдаж байна.

Гэр хорооллоо үнэ оруул гэж зөвлөөд буцсан Эрнандо де Сото өнөөдөр Америкийн хувийн том хөрөнгө оруулагчидтай хамтраад нэг төсөл эхлүүлжээ. Тэр төслийн өгөөжөөр захын хорооллын ядуу иргэд блокчейн ашиглаж хөдлөх, үл хөдлөх хөрөнгөө бүртгүүлээд эхэлчихэж. Блокчейнийг энэ мэтээр эдийн засгаа сэргээхэд ашиглаж буй өчнөөн жишээ дуулдаж байна. Товчхондоо хүн төрөлхтөн блокчейнийг ядуурлын эсрэг тэмцэх хүчирхэг зэвсэг болгох нь тов тодорхой болжээ. Жишээ дурдахаас өмнө блокчейн гэж юу вэ гэсэн асуултад энгийн хариу өгье. Хүмүүсийн ихэнх нь блокчейнийг биткойн гэж төсөөлөөд яваа. Яг үнэндээ хамаагүй өргөн ойлголт л доо. Хар ухаанаар зүйрлэвэл блокчейнийг интернэт гэж сэтгэвэл биткойн ердөө л и-мэйл. Яахоо, жи-мэйл гээд и-мэйлийн төрөл бол өчнөөн янз. Өдгөө хүн төрөлхтөн интернэтээр дамжин фэйсбүүк, твиттер, элдэв и-мэйлээр мэдээлэл дамжуулж байна. Блокчейн ч ялгаагүй. Блокчейнийг ашиглаад төрийн, эмнэлгийн үйлчилгээ, хөрөнгийн бүртгэл, тэр бүү хэл зээл авах боломжтой.

Наад захын жишээ гэхэд л Швед улс жижиг хэмжээний үл хөдлөх хөрөнгийн худалдаа, шилжүүлгийг блокчейн ашиглан хийж байна. Банк ашиглаж төлбөр гүйлгээ хийх нь өндөр зарлагатай гэсэн сул талтай. Энэ шалтгаан цахим валют руу шуурахад хүргэж байгааг нэг тоогоор нотолъё. Хөгжил муутай улсууд орлогын хувьд гадаадад ажилладаг цагаач иргэдийнхээ гуйвуулгаас хамааралтай гэсэн нийтлэг зураг ажиглагддаг. 2016 онд дэлхий даяар нийтдээ 430 тэрбум ам.долларын гадаад гуйвуулга хийгдсэн статистик бий. Манай улсын эдийн засагтай харьцуулбал 43-аар үржүүлэхтэй тэнцэхээр том тоо. Энэ том мөнгөний 7.5 хувийг банкууд авдаг гээд төсөөл дөө. Ийм үнэтэй, өртөг зардлын дундын оролцогчдыг хасч, шууд гуйвуулга хийх боломжийг олгодгоороо блокчейн онцгойрч байна. Блокчейнийг ийм гүйлгээнд ашиглаад эхэлбэл ядуу цагаач ажиллагсдад маш том боломж нээгдэнэ гэж дэлхийн улс орнуудын учир мэдэх улс хараад эхэлчихлээ. Блокчейн ядууралтай тэмцэх хүчтэй зэвсэг гээд байгаагийн нэг том шалтгаан нь энэ.

Хүн төрөлхтний амьдралын хэв маягийг өөрчлөх гээд байгаа блокчейн гэдэг технологи яг юугаараа тийм онцгой билээ гэсэн асуулт ургаж таарна. Товчхондоо блокчейнийг хэн бүхэнд нээлттэй ил байх журналын бичилт, бүртгэл хөтлөлт гээд ойлгочихож болно. Бүр энгийнчилбэл хоёр талын хийсэн аливаа хэлцлийг баталгаажуулсан асар том цахим нягтлан бодох бүртгэлийн баримт бичиг. Хувь хүмүүсийн хооронд хийсэн бүх хэлцэл, мөнгөн ба мөнгөн бус арилжааны бүх мэдээллийг цахимжуулж хадгалах боломжтой хүчирхэг эд. Яг НӨАТ-ийн бүртгэл шиг.

Гэхдээ цаасан дээрх журнал бичилттэй харьцуулбал маш том нэг ялгаа бий. Блокчейнд суурилсан цахим санг хэн ч өөрчилж барахгүй, ямар ч тоог нь дураараа засч чадахгүй гэсэн давуу талтай. Учир нь мэдээллийг хадгалж буй блок бүр нь өөрийн гэсэн нууцлалын системтэй. Ямар нэг байдлаар хакердаж өөрчилье гэвэл мэдээллийн блок бүрийг хакердах шаардлага гарна.

Яг энэ давуу талыг нь олж харсан улсууд блокчейнийг авлигын эсрэг тэмцэлдээ бас ашиглаад эхэлчихэж. Яг нарийндаа ядуурал, авлига хоёр нэг зүйлийн хоёр тал. Авлига их улсад ядуурал өндөр байдаг. Шалтгаан нь ч их энгийн. Хятадын төр засаг жил бүр 300 тэрбум юань буюу бараг 46 тэрбум ам.долларыг Гуйжоу мужийн ядууралтай тэмцэхэд төсөвлөдөг ч багагүй хэсэг нь авлигаар алга болчихдог гэнэ. Манайд мөн л ялгаагүй. Ядууралтай тэмцэхэд зориулж төсөвлөдөг мөнгөний багагүй хувь нь авлигачдын халаасанд ордог. Наад захын ойрын жишээ нь ЖДҮ байна. Хятадын хамгийн том банкнуудын нэг болох ICBC өнгөрсөн жил Гүйжоу мужид анх удаа ядуурлын эсрэг блокчейн талбар үүсгээд амжилттай туршиж эхэлжээ. Ингэснээр ядуусыг аятай амьдрахад хаягласан мөнгө эзэддээ очиж эхэлсэн гэж урд хөршийн хэвлэлүүд онцолж байна. ICBC “Баячуудаас авсан татвар төрөөр дамжиж ядууст хүрэхдээ ихэнх нь авлигачдын халаасанд ордог бол блокчейнийг ашигласнаар энэ мөнгө шууд эзэндээ очно” гэсэн философиор блокчейн флатформаа хөгжүүлж байгаа юм билээ.

Ердөө жилийн дараа ядуурлаас сална гэсэн том амбицтай яваа Хятадын бас нэг жишээг сонирхуулъя. Хятадын ядуурлын эсрэг сан “Алибаба” группийн охин компани болох “Шоргоолжин санхүүжилт” сантай хамтарч 2020 он гэхэд 10 сая нэн ядуу иргэдийн эрүүл мэндийн даатгалыг өмнөөс нь санхүүжүүлэх сайн дурын санаачилга гарган төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Ийм төсөл хэрэгжүүлэх болсон нь цаанаа нарийн учиртай. Хятадын төрийн эрүүл мэндийн сангаас хийсэн сонирхолтой судалгаа энэ төслийн эхлэл шалтгаан болсон юм билээ. Өндөр өртөгтэй эмчилгээ шаардсан хүнд өвчин тусах нь ядуусыг улам эмзэг байдалд оруулдаг, өвчин-ядуурал-өвчин-ядуурал гэсэн чөтгөрийн тойрог үүсгэдгийг өнөө судалгаагаараа баталчихаж. Яг энэ шалтгаанаар урд хөрш гурван жилийн өмнө нийгмийн сайн үйлсийн талаар тусгай хууль баталж байж. Энэ хууль батлагдсанаар чинээлэг иргэд ядуу иргэдэд шууд хандив өгөх боломж нээгджээ. Төрийн халамж үйлчилгээ, төрийн албан хаагчдын элдэв хахууль гэх мэт ядууст очих мөнгийг дундаас нь завшдаг байдлыг халах том хууль гэж урд хөршийн эрх баригчид үзэж байгаа юм билээ. Сая дурдсан ядууст чиглэсэн сангийн санхүүжилт мэдээж блокчейн дээр суурилна. Хэн хэнд хэдэн юань, ямар зорилгоор зарцуулсныг блокчейн ашиглаж бүртгэнэ гэсэн үг. Тэр бүртгэлийг нь хэн ч хакердах аргагүй, ямар ч эрх мэдэлтэн дундаас нь мөнгө завших боломжгүй. Ганц Хятад ч биш Перу, Америк, Швед зэрэг улс ийм давуу талтай блокчейнийг ашиглаж ядуурлаас гарахаар урагшилж, ядуурлын том шалтгаан болсон өвчлөл, хээл хахуультай тэмцэж байна.

Блокчейн ашиглаж ядууралтай тэмцэх санаачилгуудын тухайд Bill and Melinda Gates Foundation, World Bank, Alibaba болонI ndustrial and Commercial Bank of China (ICBC) зэрэг нэр хүндтэй байгууллагууд асар их судалгаа хийж, шинэ төслүүдийг дэмжих чиглэлээр их хэмжээний хөрөнгө оруулалт хийж ажиллаж байгааг энэ дашрамд онцолъё.

Дэлхий даяар авлига, хээл хахууль, ядуурал, ядуурлын том шалтгаан болсон өвчлөлтэй блокчейн ашиглаж тэмцэж эхэлсэн энэ үед бид юу хийж байна вэ. Хөндөж тавихаас аргагүй том асуулт. Блокчейн ашиглаж боломжийн дажгүй аж төрөх эхлэл бол тавигдчихсан. Саяхны жишээ хэлье, олон залуус “Ид шидийн орон” төсөлд Мобиком, Скайтел-ийн candy, epoint-ийг ашиглаж хандив өгч байсныг уншигчид санаж байгаа байх. Энэ мэтчилэнгээр биткойн, блокчейн гэх мэт орчин үеийн технологиуд ашиглаж ядуурлын эсрэг олон ажил хийж болно. Наанадаж л гэр хороолод амьдарч байгаа өрх толгойлсон эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн даатгалд зориулж ашигладаггүй candy оноогоо хандивлах олон хүн бий. Гол нь энэ хандив ил тод, эзэндээ шууд хүрэх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Гар утасгүй, фэйсбүүк хэрэглэдэггүй хүн ховор болсон ийм үед өмчийн бүртгэл, газар хувьчлал, банк санхүүгийн үйлчилгээ гээд ер ямар ч чиглэлээр том төсөл эхлүүлэх боломж бий.

Эцэст нь давтан онцлоход дэлхийн том сангууд, өндөр хөгжилтэй улсууд биткойнд суурилсан аварга төслүүдэд хөрөнгө оруулж дэмжээд эхэлчихсэн. Блокчейнд суурилсан шинэ төрлийн бизнесүүд цэцэглэж буй энэ үед бидэнд ч боломж бий. Дор хаяж л Эрнандо де Сотогийн зөвлөсөн шиг гэр хорооллын иргэдийнхээ газар өмчлөлийг блокчейн ашиглаад хийчих бололцоотой. Ингэнэ гэвэл мөнгөө атгасан том хөрөнгө оруулагчид эгнэж байгаа. Тэдний мөнгийг татах нэг л арга бий. Тэр нь хууль эрх зүйн орчин бүрдүүлэх. Наад зах нь л бид биткойныг хуулийн хүрээнд хүлээн зөвшөөрөөд ч суугаа юм шиг, зөвшөөрөхгүй ч яваа юм шиг тодорхойгүй орчинд амьдарч байна.

Ер нь шинэ бизнзес эхлэхэд хуулийн орчноороо хоцроод байдаг гэм нийтлэг л дээ, Монголд. Захын жишээ хэлэхэд газрын ховор элементийн төслүүд яг ийм шалтгаанаар явж өгдөггүй. Газрын ховор элементийн нийт нөөцийн 70 хувь нь урд хөршид бий, урд хөршийн хамгийн том орд манай хилийн цаахна оршдог. Энэ өнцгөөс харвал Азийн Монголд газрын ховор элементийн дажгүй нөөцтэй орд нэг биш нэжгээд байх магадлал өндөр. Хаалга тогшоод ороод ирчихсэн аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын эринд гол хэрэглээ болох газрын ховор элементийн хайгуулд мөнгөө оруулах хөрөнгө оруулагч олон бий. Тэд хууль эрх зүйн тодорхойгүй орчноос болоод энэ салбарт зориглож ордоггүй. Газрын ховор элементийн хайгуул, олборлолт эхэлье гэхээр хатуу ашигт малтмалын хуулиар уу, ураныг зохицуулсан хуулиар уу гэдэг нь өнөөг хүртэл тодорхой биш байгаа юм. Давтаад хэлэхэд дэлхий даяараа авлига, ядуурлын эсрэг ашиглаж буй блокчейнийг эдийн засгийн хөрсөн дээр буулгая гэвэл хэрэгжих боломжтой том төслүүд өчнөөн байна. Хөрөнгө оруулалт ч дэлхийгээр нэг байна. Гэвч эдгээр том төслүүдийг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин өнөөхөндөө алга. УИХ-д Цахим бодлогын түр хороо гэж ажилладаг. Н.Учрал гишүүний ахалдаг энэ хороо өдийд ийм утгатай яриа хөөрөө, хэлэлцүүлэг, судалгаа өрнүүлээд суувал илүү ажил хэрэгч, ухаалаг харагдах гээд байдаг.