Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Харанга” хамтлагийн 30 жилийн ойн тоглолт болно

Монголын рок попын домог “Харанга” хамтлагийн 30 жилийн ойн тоглолт аравдугаар сарын 19-нд “Буянт-Ухаа” спортын ордонд болно.

Тус хамтлагийнхан 30 жилийн ойдоо зориулж шинэ цомгоо худалдаанд гаргахад бэлэн болгосон төдийгүй, “Эрин зууны хөг” (1997), “Best of Haranga” (1997), “Бодлын тэнгис” (2000), “Ертөнцийн өнгө” (2003) цомгуудаа дахин хэвлүүлэх юм байна. Шинэ цомогт нь багтсан шинэ дууны нэг нь “Никитон” хамтлагийн 25 жилийн ойн тоглолтод зориулсан дуу нь аж. Мөн яруу найрагч Л.Өлзийтөгсийн “Шүлэгч” шүлгэнд “Харанга” хамтлагийн гишүүн, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат аялгуу зохиосон

“…Одод надад инээгээд байх шиг харагддаг
Модод зөвхөн дуулаад байх шиг сонсогддог
Надад мэдрэгдсэнийг мэдэрсэн хүн үгүй ч
Нартад би ганцаардсан удаа үгүй

Өвс бүрийн үнэрийг ялгаж чаддагтаа л
Өвдөлт бүрийнхээ шархыг анагааж эдгэсэн
Үг бүрийн гэрлэн биеийг хардагтаа л
Өдөн бийрийн нулимсыг амилааж сурсан

Загас надад залбираад л байх шиг санагддаг
Зам бүхэн саранд хүргэх шиг бодогддог
Уйлж байхыг минь харсан хүн үгүй ч

Унахын цагт минь хайрлахгүй хүн үгүй…” гэсэн дуу нь бэлэн болсныг тус хамтлагийнхан ойн тоглолтынхоо тухай мэдээлэхдээ дуулгалаа.

Categories
мэдээ улс-төр

У.Хүрэлсүх: Олон талт хамтын ажиллагаанаас зай барих хандлага ажиглагдаж байна

“Шинэ эрин үе дэх хамтын хөгжил дэвшлийн төлөөх уялдаатай үйл ажиллагаа” ерөнхий сэдэвт Азийн төлөөх Боао форумын Улаанбаатарын Бага хурал өнөөдөр болж байна. Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд болж буй уг хурлын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Азийн төлөөх Боао форумын бага хурлыг Монгол Улсад зохион байгуулж байгаа нь хоёр орны бизнес эрхлэгчдийн холбоог улам бэхжүүлж, бусад түнш орон, олон улсын байгууллагатай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтойг онцолсон юм.

Тэрбээр “Өнөө үед бүс нутаг, дэлхий дахинд тулгарч буй сорилтуудыг даван туулах гарц нь гагцхүү улс орнуудын уялдаатай үйл ажиллагаа байх юм. Мэдээлэл харилцаа холбоо, аж үйлдвэрлэлийн технологийн дэвшил тэдгээрийн хурдацтай тархалтын нөлөөгөөр дэлхий дахин, бүс нутгийн байдал түргэн өөрчлөгдөж байна. Энэ бол бидний амьдарч буй цаг үеийн нэгэн онцлог юм. Байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхий нийтийн өмнө тулгарч буй асуудлуудыг даван туулах зорилготой, 2030 он хүртэлх дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн зорилтуудыг дэвшүүлж, ногоон тогтвортой хөгжлийг хамтын зорилгоо болгож байна. Гэвч олон улсын хамтын нийгэмлэгийн хүч, нөөц боломжид эргэлзэх, олон талт хамтын ажиллагаанаас зай барих хандлага ажиглагдаж байна. Тиймээс хөрш зэргэлдээ орнууд давуу талаа ашиглан, бие биенийхээ хөгжлийг дэмжиж, хамтын хөгжил дэвшилд тэмүүлж байгаагаа нотлох нь өнөөдрийн хурлын гол санаа байна гэдэгт итгэлтэй байна. Монгол Улс хөрш зэргэлдээ орнуудтайгаа харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, бүс нутгийн интеграцад идэвхтэй хамрагдах, бүс нутаг, дэлхий нийтийн өмнө тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэхэд өөрийн хэмжээнд хувь нэмэр оруулахыг эрмэлзсээр ирсэн. Манай өмнөд хөрш БНХАУ ч мөн өөрийн хөгжлийн үр өгөөжийг хөрш зэргэлдээ орнуудтай хуваалцан, хамтдаа хөгжих бодлогыг тууштай хэрэгжүүлж буйг бид өндрөөр үнэлж байна” хэмээв.

Түүнчлэн түнш орнууд олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байгаагийн хүрээнд Монгол Улсын эдийн засгийн өсөлт сэргэж, тогтворжиж байгааг тэмдэглээд Засгийн газар эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх, тэдгээрийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахад чиглэсэн арга хэмжээг цаашид үргэлжлүүлэн авч хэрэгжүүлэхийг Ерөнхий сайд онцоллоо.

Бага хуралд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УУХҮ-ийн сайд Д.Сумъябазар, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, Азийн төлөөх Боао форумын дарга Бан Ги Мүн, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Салсиа Алисжахбана нар оролцож үг хэллээ. Азийн төлөөх форумын Улаанбаатрын Бага хуралд Монгол, Хятад, Өмнөд Солонгос, Пакистан зэрэг 10 гаруй орны 300 орчим Засгийн газрын болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцож байна.

Categories
мэдээ спорт

Монгол туургатны үндэсний бөхийн олон улсын тэмцээн Г.Ганжад түрүүллээ

Монгол туургатны үндэсний бөхийн олон улсын тэмцээн саяхан ОХУ-ын Буриадын Иволгад болжээ. Тус тэмцээн Монгол Улс, Буриад, Өвөр Монголын хүчтэнүүд оролцож, тус тусын барилдаанаар өрсөлдсөн байна.

Манай улсаас улсын заан Б.Батмөнх, улсын начин Г.Ганжад тэргүүтэй Төв аймгийн уугуул бөхчүүд оролцлоо.

Тэмцээний дүнгээс сонирхуулъя.

Буриад бөх:

1. Максаров Цыбик (Буриад)

2. Г.Ганжад (Монгол)

3. Санжиев Ринчин (Буриад), Жимбеев Баин (Буриад)

Монгол бөх:

1. Г.Ганжад (Монгол)

2. Б.Батмөнх (Монгол)

3. Жимбеев Баин (Буриад), Ш.Алтангэрэл (Монгол)

Өвөр Монгол бөх:

1. Чулуун (Өвөр Монгол)

2. Цэрэнноров (Өвөр Монгол)

3. Б.Батмөнх (Монгол), Цыжипов Балдан (Буриад)

Categories
мэдээ нийгэм

Хадлан бэлтгэх ажил хойшлох төлөвтэй байна

2019 онд улсын хэмжээнд 361.0 мянган га-д үр тариа, үүнээс 337.0 мянган га-д улаанбуудай, 14.6 мянган га-д төмс, 7.9 мянган га-д хүнсний ногоо, 82.0 мянган га-д тосны, 36.0 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 502.0 мянган га-д тариалалт хийсэн байна.

Энэ оны 5 дугаар сард хүйтэн сэрүүн, хүчтэй салхи шуургатай байсан нь хаврын тариалалтын явц болон чийгийн хадгалалт, таримлын соёололтод сөрөг нөлөөлөлтэй байсан.

Мөн 6 дугаар сар бүхэлдээ хуурай халуун, олон хоног үргэлжилсэн нарны хэт халалттай байж, зуны бороо 6 дугаар сарын 25-ны өдрөөс, зарим бүс нутагт 07 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн орсон нь буудайн өсөлт хөгжилтөд нөлөөлж, бутлалт буурах, товчин түрүү үүсэх хүчин зүйл болоод байна.

Энэ зуны хувьд үе үе орсон гэнэтийн хүчтэй мөндрийн уршгаар Сэлэнгэ, Хэнтий, Сүхбаатар аймгийн 2,500 гаруй га талбайгаас ургац хураах боломжгүй болсон ба 7 дугаар сарын 20-ноос эхлэн орсон үргэжилсэн их борооны улмаас тариалангийн талбайн хог ургамал нэмэгдэж байгаа нь ургац хураалтад хүндрэл учруулж болзошгүй байгаа юм.

Одоогийн төлөв байдлаас урьдчилан харахад Булган, Хөвсгөл, Орхон, Архангай, Сэлэнгэ аймгийн зарим бүс нутгаар ургац олон жилийн дундаж буюу хэвийн байхаар байна.

Харин Төв, Дархан-Уул, Дорнод, Хэнтий, Өвөрхангай, Увс болон Сэлэнгэ аймгийн хойд хэсгийн зарим сумдад тохиолдсон нарны хэт халалт, гангийн улмаас тухайн бүс нутгуудад ургац бага зэрэг буурах төлөвтэй байна.

Ойрын хугацаанд, 8 дугаар сарын 25-ны өдөрт багтаан ургацын урьдчилсан балансыг нарийвчлан гаргаж, үр дүнд суурилан холбогдох арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал нийт нутгийн 70 орчим хувьд сайн байна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан сүүлийн мэдээллээр бэлчээрийн ургамлын ургалтын байдал нийт нутгийн 70 орчим хувьд сайн, харин 5 орчим хувьд муу, 25 гаруй хувьд дунд зэрэг байна.

8 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар Архангай, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Завхан, Орхон, Сүхбаатар, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймагт зуншлага сайн, гантай сум байхгүй байна.

Харин Дархан-Уул аймгийн Шарын гол, Баянхонгор аймгийн Шинэжинст, Баянлиг, Баян-Өндөр сумын говь хэсгээр гандуу, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын урд хэсэг, Баянгол, Сант, Баян-Өндөр, Баруунбаян-Улаан, Богд, Хайрхандулаан, Нарийн тээл, Баян-Өлгий аймгийн Булган сум, Дэлүүн сумын 4 багийн нутаг, Өмнөговь аймгийн Ханбогд, Мандал-Овоо, Манлай, Баян-Овоо сумын урд тал, Номгон сумын урд говь, Гурвантэсийн баруун хэсэг, Говь-Алтай аймгийн Шарга, Тонхил, Төгрөг сумдын нутгаар гантай байна.

Гангийн уршгийн улмаас Дундговь аймгийн Сайнцагаан, Дэлгэрцогт, Дэрэн, Өндөршил, Баянжаргалан, Хулд, Эрдэнэдалай, Цагаандэлгэр, Гурвансайхан, Өлзийт сумдын малчид бусад аймаг, сумдын нутагт отор нүүдэл хийж байна.

Иймд аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газарт отор, нүүдэл хийх зам, маршрутыг төлөвлөх, отроор явах малыг мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамруулах ажлыг оновчтой зохион байгуулах талаар чиглэл, зөвлөгөө өгч, хамтран ажиллаж байна.

Одоогийн байдлаар аймаг дундын отрын 9 бүс нутгаас Завхан аймгийн Багахайрхан, Увс аймгийн Ачитнуур, Ховд аймгийн Баяннуруу, Говь-Алтай аймгийн Аргалант, Дорнод аймгийн Чойбалсан, Говьсүмбэр аймгийн Малахын гэсэн 6 отрын бүс нутгийг малын хөлөөс бүрэн чөлөөлсөн. Харин Өвөрхангай аймгийн Хөхдэл, Булган, Төв, Өвөрхангай аймгуудын заагт орших Чилэн, Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан гэсэн отрын 3 бүс нутгийг малын хөлөөс бүрэн чөлөөлөөгүй байгаа бөгөөд тэнд 92 малчин өрх байсаар байна. Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмших гэрчилгээг олгохгүй ба мал эмнэлгийн үйлчилгээнд бүрэн хамрагдаагүй малыг аймаг дундын отрын бүс нутагт оруулахгүй байх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Сүүлийн 3 жилийн дунджаар Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын 9 бүс нутагт жилдээ хонин толгойд шилжүүлснээр 600-700 мянган толгой мал өвөлжсөн. Энэ оноос эхлэн өвөл, хаврын бэлчээрийн даацыг нэгдсэн аргачлалаар тооцох боломжийг бүрдүүлж, Үндэсний статистикийн хороо, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтарч “Малын бэлчээрийн даац тооцох нэгдсэн аргачлал”-ыг баталж, мөрдөхөөр болсон. Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт 2019-2020 онд өвөлжүүлэх малын тоог бэлчээрийн даац багтаамжтай уялдуулан шинэ аргачлалын дагуу тодорхойлох ажлыг энэ 8 дугаар сардаа багтаан дуусгана.

Отрын бүс нутгийн бэлчээрийн төлөв байдал доройтож байгаа тул тодорхой хугацаанд өнжөөх замаар сэргээх шаардлагыг харгалзан отрын бүс нутгийн зэргэлдээ аймаг, сумдаас бэлчээрийн даацаас хэтэрсэн малын санал ирүүлэхгүй байхыг анхааруулж байна. Аймаг дундын отрын бүс нутагт 2019-2020 оны өвөл малчин өрхөө өвөлжүүлэх аймаг, сумдад Отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас тодорхой зөвлөмж, чиглэлийг хүргүүлэх болно.

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангахад хадлан, тэжээлийн асуудал хамгийн чухал ч олон аймаг, сум үргэлжилсэн бороотой, зарим нутагт ургамал хадлан авах хэмжээнд хангалттай ургаагүйн улмаас энэ жилийн хадлан бэлтгэх ажил хойшлогдон, 8 дугаар сарын дунд үеэс эхлэх төлөвтэй байна.

21 аймгаас авсан мэдээллээс дүгнэн үзэхэд хадлангийн нөөц багатай болон говийн бүсийн аймгууд бусад боломжит аймгуудтай гэрээ байгуулж, хадлан бэлтгүүлэх ажлыг зохион байгуулах, хадлангийн талбайг оновчтой хуваарилах, хадлан, гар тэжээл бэлтгэх ажлыг технологит хугацаанд нь чанартай гүйцэтгэх ажлыг бүх талаар дэмжих шаардлагатай байна. Мөн зарим хадлангийн бүс нутгийн аймгуудад техник, хэрэгслийн бэлэн байдал хангалтгүй байгаа тул бэлэн байдлыг хангуулах чиглэлээр үүрэг, даалгавар өгөөд байна.

“Хөдөө аж ахуйн салбарын 2019-2020 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 285 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахтай холбогдуулан 2019-2020 онд өвөлжих болон хүнсэнд хэрэглэх, зах зээлд нийлүүлэх малын тоог гаргах, орон нутагт мал, мах бэлтгэх ажлыг зохион байгуулах, борлуулах тухай мэдээллийг аймгуудаас авч нэгтгэж байна. Дүнг 8 дугаар сарын сүүлчээр гаргаснаар энэ жилийн намар, өвлийн мал, мах бэлтгэх ажлын хэрэгжилтийг оновчтой зохион байгуулах чиглэл, тоо хэмжээг тодорхой болгоно.

Categories
мэдээ нийгэм

Энхийг сахиулагчид дүрвэгсдийн хуаранд хамгаалалтын цэг барив

Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны VIII ээлжийн бие бүрэлдэхүүн БНӨСУ-д НҮБ-ын UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа. Тус багийн үлээвэр найрал хөгжмийн хамтлаг “Дэлхийн хүмүүнлэгийн өдөр” Бентью хотод үйл ажиллагаа явуулдаг НҮБ болон бусад хүмүүнлэгийн байгууллагуудын хамтран зохион байгуулсан арга хэмжээнд оролцсон.

Энэ өдөр нь дэлхийн өнцөг булан бүрт бусдын төлөө гэсэн хоёргүй сэтгэлээр амь биеэ үл хайрлан зүтгэсэн хүмүүнлэгийн үйлстэнгүүдийг эргэн дурсах, тэднээр бахархахыг уриалсан арга хэмжээ болдог аж. Уг арга хэмжээнд НҮБ-ын мужийн зохицуулагчийн даргын орлогч, “Бентью” хотод үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн багийн удирдлагууд оролцсон бөгөөд батальоны зүгээс тус арга хэмжээнд хөгжим, аппаратур хэрэгслээр дэмжлэг үзүүлж, хамгаалалтын ажлыг зохион байгуулжээ.

Мөн манай улсын цэнхэр дуулгатнууд дүрвэгсдийн хуаранд хамгаалалтын гурван цэг барьж шинэчлэн завсарласан байна. НҮБ-ын UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа мотобуудлагын батальоны VIII ээлжийн бие бүрэлдэхүүн Зэвсэгт хүчинд Инженерийн цэрэг үүсэн байгуулагдсаны 75 жилийн ойн баяр мөн “Дэлхийн хүмүүнлэгийн өдөр”-ийг тохиолдуулан “Хубилай, Арвай, Дельта, Эко” тэргүүний ажиллагааны баазууд харуул, хамгаалалтынхаа байр, инженерийн төхөөрөмжлөлөө сэргээн засварлаж, үүрэг гүйцэтгэх аюулгүй байдал, орчин нөхцлийг сайжруулжээ.

Үүнд батальоны бэлэн байдал, харуул хамгаалалт, үүрэг гүйцэтгэх нөхцлийг нэмэгдүүлэх зорилгоор “Бентью” бааз болон дотоодын дүрвэгсдийн хуаранд хамгаалалтын шинэ 3 цэг барьж, 2км газар шороон далан, 4км газарт торон хашааг шинэчлэн засварласан байна. Мөн “Эко” тэргүүний ажиллагааны бааз, “Арвай” баазад газрын торон саадыг, “Дельта” бааз буу шалгах цэг, харуулын цэгүүдийн хяналтын секторыг халхалсан модыг тайрах, харуулын цэгийн дээврийг шинэчлэх, хамгаалалтын тасарсан тор, ус зайлуулах шуудууг нөхөн сэргээж засварласан.

Түүнчлэн Монгол Улсын Зэвсэгт хүчинд “Инженерийн цэрэг” үүсэн байгуулагдсаны 75 жилийн ойн баяр, “Дэлхийн хүмүүнлэгийн өдөр”-ийг тохиолдуулан дотоодын дүрвэгсдийн хуарангийн харуул хамгаалалтыг сайжруулах, бие бүрэлдэхүүний аюулгүй байдлыг дээшлүүлэх, хамгаалалтын тороор орон нутгийн хүүхдүүд давах асуудлыг таслан зогсоох ач холбогдолтой ажлыг хийж гүйцэтгэжээ.

Categories
мэдээ нийгэм

Монголчууд чадлаараа тусалж байхад миний эх орон яагаад ингэж хатуурхаж байгаа юм бэ гэсэн хүүхдүүдийн асуулт л хамгийн хэцүү байдаг

-ТУРК БАГШ НАРЫГ КАНАДУЛС ХҮЛЭЭН АВАХ БОЛСНОО МЭДЭГДЖЭЭ-


Олон жилийн турш Монголд ажиллаж, амьдарч ирсэн турк багш нар ЭСЯ нь паспортыг нь хүчингүй болгосноос Монголын хилээр гарч чадахгүй, энд оршин суух эрх нь дуусч байгаа талаар мэдээлж байсан билээ. Тэд төр засгийн удирдлагуудад хүртэл хандаж асуудлыг шийдэж өгөхийг хүсч байсан удаатай. Тэдний асуудлыг НҮБ-ын Хүний эрхийн хорооноос анхааралдаа авч, орогнол хүсэгч болохыг нь баталсан баталгаа гаргаж өгч байв. Улмаар НҮБ гадны улс орнуудад хандан тэдэнд туслахыг уриалснаар Канад улс хүлээн авах боломжтойгоо мэдэгджээ. Монголд олон жил ажиллаж, монгол хүүхдүүдэд хичээл зааж байсан турк багш нар өнгөрсөн ням гаригаас эхлэн хуваагдан Канадыг зорьсон бөгөөд сүүлийн багш нар урьд шөнө явсан юм. Тэднийг явахаас нь өмнө уулзаж дараахь ярилцлагыг хийлээ.


-Та бүхнээс сайхан мэдээ сонсч байгаад таатай байна. Паспорт хүчингүй гээд хилээр гаргахгүй, визийн хугацаа дууслаа гээд албадан Турк руу хүргэгдвэл шоронд орж, эрүүдэн шүүлт амсах эрсдэлтэй байсан. Харин одоо Канад руу явахаар болжээ?

Исхак Илык:-Бид өмнө нь ярилцлага өгч байхдаа асар их айдас түгшүүртэй, итгэл найдваргүй, бас гомдол гунигтай байсан. Хамгийн гол нь ямар ч гэмтэй буруу зүйл хийгээгүй эгэл жирийн багш нар байж аюултай гэмт хэрэгтнүүд болж буруутгагдаж хэлмэгдэж байсандаа шаналж байсан. Харин одоо асуудал өөрөөр шийдэгдэж, бүх зүйл өөрчлөгдсөнд үгээр илэрхийлэхийн аргагүй баяртай байна.

Энэс Узун:-Сүүлийн гурван жил, тэр дундаа сүүлийн гурван сард бидний мэдэрсэн, үзэж туулсныг төсөөлөхөд бэрх. Гэв гэнэт буруутнууд болж, бидний ирээдүй хааш эргэх нь тодорхойгүй болж ирсэн. Зургадугаар сарын 30-н гэдэг бидний хувьд аймшгийн өдөр байсан.

Энэ өдөр визний хугацаа дуусахаар биднийг албадан нутаг буцаах уу, тэнд очвол яах бол гэсэн үй түмэн бодол эргэлдэж байсан. Гэхдээ буруу зүйл хийгээгүй учраас үнэн зөв нь ялгарна, хүүхдэд эрдэм ном заадаг биднийг хүүхдийн буян заяа харна гэсэн найдлага байсан. Бидний асуудал шийдэгдэж, Канад улс хүлээн авах болсон мэдээг дуулгахын өмнө бөөнд нь дуудсан юм. Тэр үед сайхан мэдээ дуулна гэхээсээ муу нь байх вий гэж бүгд айдастай байсан. Хүн ер нь зовлон туулаад ирэхээрээ, хэцүү мэдээ хүлээж авахдаа бэлтгэгдээд ирдэг юм билээ. Хэрэв тэр үед бидний бичлэгийг хийж авсан байсан бол яаж хөөрч, яаж баярлаж байсан гээч. Энэ шийдвэрийг гаргахад нөлөөлсөн олон улсын байгууллага, төр засгийн байгууллага, хүлээж авах болсон орон, олон нийт, бүхий л сэтгэл гаргаж байсан бүх хүнд талархлаа илэрхийлмээр байна. Энэ дашрамд хэвлэл мэдээллийн байгууллагууд, тэр дундаа “Өдрийн сонин”-ы хамт олонд талархаж байгаагаа илэрхийлье.

Фатих Авшар:-Ийм шийдвэр гарснаар биднийг гэм буруугүй хүмүүс байсан гэдгийг албан ёсоор баталж өглөө гэж бодож байна. Бид Монгол нутагт ирээд олон жил ажиллаж амьдарч байгаа. Би гэхэд залуухан багш ирээд хорь шахам жил ажиллаж амьдарч байгаад буцаж байна. Амьдралын маань сайхан үе энд өнгөрч, олон сайхан анд нөхөр, шавь нартай болсон. Тэднийхээ өмнө террорист гээд цоллуулж явахад ямар олиг байхав дээ. Гэхдээ тэд маань, Монголын олон түмэн биднийг хэзээ ч эх орон нэгтнүүдийн маань тодорхойлсноор террорист гэж бодож байгаагүй ээ. Олон улсын байгууллагын шийдвэрүүд ч биднийг террорист биш гэдгийг баталж байгаа юм.

-Та нар хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг газар очих гэж байгаа ч гэсэн шинэ газар очихоор яах бол гэсэн зовнил байна уу?

Хажи Өмэр Аййлдыз:-Бид үүсээд буй нөхцөл байдлыг мэдэрч байсан болохоор гуравдагч улс руу гарах талаар өнгөрсөн хавраас судалж байсан. Би хувьдаа Испани руу явахаар төлөвлөж, тэнд байгаа адилхан нөхцөлтэй хүмүүстэй холбогдож байсан л даа. Эхний жилдээ хэлний асуудал үүсдэг, дасан зохицох гэж янз бүрийн л ажил хийдэг гэж дуулдсан. Хөл дээрээ тогтохын тулд зөөгч үйлчлэгч хийх, барилга дээр ажиллахаас эхлээд янз янзын ажил хийдэг гэж байсан. Бид бол анхнаасаа багшийн ажил хийж ирсэн, хүүхдүүдтэй ажилладаг хүмүүс. Эхэндээ барьц алддаг ч амь амьжиргаагаа залгуулахын тулд бүгдийг хийж сурдаг гэдгийг тэднээс дуулсан байсан. Тиймээс сэтгэл зүйн хувьд бэлдэж байсан. Гэхдээ л гадны улсад очоод яах бол гэж төсөөлнө гэхээр чаддаггүй байлаа. Өнөөдөр бидний нөхцөл байдлыг ойлгоод Канад улс хүлээж авч байна. Бид өмнөх найз нөхдөө бодвол илүү итгэл үнэмшил, ойлголттойгоор шинэ газар хөл тавих гэж байна.

Энэс Узун:-Хүний эрх, эрх чөлөө гэдэг юугаар ч үнэлэх аргагүй үнэт зүйл байдаг юм байна. Хүн яг өөрт нь тулаад ирэхэд үүний мөн чанар, үнэ цэнийг ойлгодог юм байна. Сүүлийн жилүүдэд олон турк багш гуравдагч орон руу увж цувсаар явсан. Бид тэдний сүүлч нь. Сүүлдэж байгаа бидэнд нэг ийм хэмжээний ачаа ирэх байх гэсэн хүлээлт ч байсан, үнэхээр ч ирсэн. Тэр хэмжээгээрээ өнөөдөр эрх, эрх чөлөөний үнэ цэнийг илүү мэдэрч, ойлгож байна. Бидний хувьд очоод шууд мэргэжлээрээ ажиллаж чадахгүй байх. Тодорхой хугацаанд хэлний болоод бусад сургалтуудад сууж сертификат зөвшөөрлөө автлаа хар бор ажлууд хийж таарах байх. Гэхдээ бид багшийн мэргэжлийг хамгийн буянтай, хамгийн сайхан ажил гэж боддог болохоороо эргээд багшийнхаа ажлыг хийнэ гэж бодож байгаа. Тодорхой хугацааны дараа мэргэжлийн зөвшөөрөл сертификатаа авсны дараа багшаараа ажиллах байх аа.

Мустафа Варол:-Бидэнд Канадад нэвтрэх аяллын баримт бичиг өгсөн. Бид үүгээрээ хил нэвтрээд цаашдаа зохих журмын дагуу оршин суух бичиг баримтаа авах байх. Бүх гэр бүлийн гишүүд, үр хүүхдүүдэд нь өгсөн байгаа. Харин нэг багшийн маань оршин суух хугацаа дуусаагүй, мөн энд гэр бүлтэй учраас үлдэж, бусад нь дасч ээнэгшсэн Монгол орноо орхиж, шинэ газар хөл тавих гэж байна. Хүний эрхийг дээдэлдэг улс оронд очиж байгаа болохоор санаа зовохгүй байна.

-Та бүхэнтэй холбоотой үйл явдал өрнөх үеэр сошиал медиад “Турк багш нар Монголын ардчиллыг шалгадаг боллоо” гэсэн жиргээ явж байсан л даа. Үнэхээр ч та нарт хандаж байгаа олон нийт, төр засгийн бодлого нь Монголын ардчиллын томоохон шалгалт боллоо…

Хажи Өмэр Аййлдыз:-Аливаа улс орон гадаад харилцаа, түншийн бодлогодоо анхаарч ажиллах нь мэдээж. Харилцан туслалцаж, зээл тусламж өгч, улс хооронд, байгууллага хооронд ч хамтран ажилладаг. Гэхдээ ямар ч тохиолдолд хүний эрх, эрх чөлөө, шударга үнэнийг гол тулгуураа болгож ажиллах хэрэгтэй болов уу. Өнгөрсөн хугацаанд бидний паспортыг хүчингүй болгож, үүнийг дагаад хилээр гаргахгүй хориг тавих үед бидэнд олон бодол төрж, хардаж сэрдэх ч явдал гарч байсан. Олон хүн дотор янз янзын л хүн бий. Гэхдээ Монголын нийгмийг бүхэлд нь харахад ардчиллын үнэт зүйлийг бүрэн утгаар нь мэддэг, ач холбогдол өгдөг нь харагдсан. Өнгөрсөн жил Вэйсэл багшийг хулгайлагдах үед Монголын төр засаг, олон нийт авраад хамгаалаад үлдсэн. Тэндээс бид харсан, итгэсэн. Өнөөдөр ч бидэнд хандсан хандлагаас нь энэ бүхэн батлагдаж байгаа юм. Монголчуудын ардчилал, хүний эрх, эрх чөлөөний тухай хандлага үнэхээр өөр байна. Төр засгийн байгууллага ч, хэвлэл мэдээллийн байгууллага, сошиал орчин, олон нийт ч ардчиллын шалгуур шалгалтад бидний хэрэг явдлаар орсон байлаа гэхэд үнэхээр 100 хувь давж чадсан. Биднийг гэж байсан бүх монголчууддаа баярлалаа.

Фатих Авшар:-Би Монголд 2002 оноос хойш амьдарч ирсэн. Өнгөрсөн хугацаанд Монголын эдийн засаг, хөгжил дэвшлийн тодорхой хугацааны гэрч байсан гэхэд болно. Гэхдээ монголчуудын хамгийн гол хөгжил нь хүний хөгжил байжээ гэдгийг би харж байна. Ардчиллын үнэт зүйл хүмүүсийн мөн чанарт сууж өгчээ. Цаашид ч монголчууд маань зам, барилга байгууламжинд хөрөнгө оруулахаасаа хүний хөгжил, боловсрол, ардчиллыг бэхжүүлэхэд илүү анхаарвал улс орны хөгжил цэцэглэлтийн баталгаа болох болов уу гэж санаж байна.

Энэс Узун:-Бидний энэ асуудал саяхнаас ч босч ирсэн зүйл биш л дээ. Сүүлийн гурав, дөрвөн жилийн өмнөөс турк багш нартай холбоотой асуудлыг манай улсын удирдлагын зүгээс босгож тавьдаг, улс орнуудад шахалт үзүүлдэг болсон байсан. Өнгөрсөн бүх цаг хугацаанд Монголын төрийг, төр засгийн удирдлагад байсан хүмүүсийг маш их ухаан гаргаж ажилласан гэж боддог. Мэдээж өнөөдөр эдийн засгийн чадавхтай, 80 сая хүн амтай Турк улстай харилцаагаа улам бүр бэхжүүлж ажиллах бодол ямар ч улс орны удирдлагад байж таарна. Дипломат харилцаагаа муутгаж, харилцаагаа хөндөхгүй мөртлөө зарим нэг хүний хэлснээр зам зуурын хэдэн нөхдийн эрх ашгийг шударга бусаар хөндчихгүйгээр, энгийн хэдэн багш нарын амь амьдралыг нухчин гишгүүлчихэлгүй урт хугацаанд зохицуулна гэдэг бас том ухаан гэж бодож байна. Энэ бол яах аргагүй олон зуун жилийн төрт ёсны ухаантай, том гүрний уламжлалт бодлого гэж би хувьдаа ойлгож байгаа юм. Яах аргагүй олон зууны турш улс гүрнүүдтэй харилцаж, ойлголцож ирсэн гадаад бодлоготой улс юм. Төрт улсын түүх, уламжлал ухаан аргагүй өөр байдаг юм байна. Тиймээс Монголын төрд, монголчуудад талархаж байгаагаа хэлмээр байна.

-Та бүхэн Монголын боловсролд, монгол хүүхдүүдийн эрдэм мэдлэгт өөрсдийн хувь нэмрээ оруулсан хүмүүс. Боловсролын тогтолцоо өөрчлөгдөж, хувийн сургуулиуд нээгдэж байх тэр үед турк сургуулиуд байгуулагдаж, шинэ жишиг тогтоож байсан. Эргээд харахад та бүхэн монгол хүүхдүүдэд юу зааж сургасан байна вэ?

Фатих Авшар:-Бид юуг зааж, юуг сургасан талаараа өөрсдөө хэлэхээсээ илүү шавь нар, эцэг эхчүүд маань хэлэх биз ээ. Миний хувьд ажлаа л сайн хийхийг хичээж ирсэн. Олон сайхан шавь нар маань амжилтад хүрч, дараа дараагийн сайн сургуулиудад элсэн орж байгааг харах надад аз жаргал мэдрүүлдэг байсан. Ямартаа ч монгол хүүхэд хамгийн анх химийн төрлөөр олон улсын олимпиадаас медаль хүртэхэд хамт байсандаа баяртай байдаг. Сургууль маань зөвхөн монгол хүүхдүүд биш олон орны хүүхдүүд,багш нар нэг дор суралцаж амьдрах боломжийг өгдөг байсан. Бас зөвхөн мэдлэг боловсролд суурилахаас илүүтэй хувь хүний төлөвшил, өөрийн үнэт зүйлтэй төлөвшсөн иргэнийг бий болгохын төлөө ажилладаг, сургалтын хөтөлбөр ч тэгж хийгдсэн байдаг. Сургууль маань эцэг эхчүүд, сурагч шавь нартайгаа эргэх холбоо маш сайн ажилладаг онцлогтой. Гэхдээ юуг өгсөн гэхээсээ авснаа онцлох нь зөв байх. Энд ирээд сурсан зүйлсээ яривал зөв байх. Монгол хүн нэгэндээ хутга өгөхдөө хүртэл ирийг нь өөр лүүгээ харуулж өгдөг нь гэмтэл бэртлээс сэргийлсэн том ухаан байдаг юм байна гэдгийг сүүлд ойлгосон.

Мустафа Варол:-Тийм ээ. Бид шавь нараасаа ч сурах зүйлс их байсан шүү. Шалгалтын материал тараахдаа бид чинь шидлээд шидлээд явчихдаг. Үүндээ юм боддог ч үгүй. Гэтэл хүүхдүүд маань үүнд багагүй эгдүүцэж байгаа харагддаг байсан. Эргээд харах нь ээ хүн хүнээ хүндлэх ёсонд хүртэл тэднээсээ сурч байсан байгаа юм. Монголчуудын хүн хүнтэйгээ харилцах харилцаа, ёслох хүндлэх соёл гайхалтай. Бид зааж сургасан гэхээсээ бидний сурч мэдсэн нь их ээ.

Хажи Өмэр Аййлдыз: -Анхандаа монгол хүнтэй харилцахад нэг тийм хүйтэн хөндий юм шиг санагддаг байсан. Шууд хүнтэй саймшраад сүйд болоод байдаггүй. Гэхдээ удаан харилцаад ирэхээрээ мөн чанарыг нь ойлгодог. Сурагч хүүхдүүд, эцэг эхчүүд, хамтран ажилладаг бүх хүмүүсээсээ үүнийг мэдэрсэн. Хэр хайрлаж, яаж хүндэтгэж байгаагаа эхлээд харуулдаггүй яваандаа илэрхийлдэг хүмүүс. Нөхөрлөөд ирэхээр маш зочломтгой, маш тусч хүмүүс гэдгийг би энд ажиллаж амьдрахдаа ойлгосон.

-Та бүхэн даруухан улсууд юм. Монгол хүүхдүүдэд юу заасан бэ гэхээр монголчуудаас юу сурснаа хэлэх юм. Гэхдээ турк багш нар хөдөө орон нутаг, хотод эн тэнцүү ажиллаж, магадгүй монгол багш нараас ч илүү манай хүүхдүүдийн ялгааг мэдэрдэг болсон байх. Орон нутаг, хот суурин газрын хүүхдүүдийн ялгааны талаар хэлж өгөхгүй юу?

Энэс Унус:-Манай сургууль хотын ч, хөдөө орон нутгийн сургуулиуд маань чанарын хувьд ямар ч ялгаагүй байх ёстой гэсэн зарчмыг баримталж ирсэн. Бүх багш маань орон нутаг, хотын сургуулиудаар ээлжлээд багшилж ирсэн. Исхак багш маань хоёр жил хотод таван жил Баян-Өлгийд, Фатих багш таван сургуульд бүгдэд нь, би гэхэд нэг жил Баян-Өлгийд, долоон жил Дархан-Уулд, дөрвөн жил Улаанбаатарт багшилсан байх жишээтэй. Хөдөөгийн хүүхдүүдийн дэргэд хотын хүүхдүүд боломж ихтэй байдаг л даа. Мэдээлэл сайтай учраас илүү боломжтой байдаг. Нөгөө талаасаа энэ боломжууд нь тэдэнд сөрөг тал ч болж байдаг. Сатаарах зүйл ихтэй. Харин хөдөөний хүүхдүүд маш том зорилго эрмэлзэлтэй байдаг. Энэ бол амжилтын маш том хүчин зүйл. Засч янзлаагүй алмааз чулуутай зүйрлэж болохоор. Бид орон нутагт ажиллаж байхдаа тэр зорилго эрмэлзлийг нь өдөөж, байгаа потенциалыг нь нээж өгөхийг хичээж ажилладаг. Олимпиадад 15 хүүхэд амжилт үзүүллээ гэхэд 12 нь орон нутгийн хүүхдүүд байх жишээтэй. Хот хөдөөгийн боловсролын ялгааг арилгахын төлөө хичээж ажиллавал тун сайн даа. Ер нь монгол хүүхдүүд жигд бие даах чадвар өндөртэй. Багаасаа л дүү нараа асарч, тэдэндээ хоол хийж өгч, халамжилж сурсан байдаг нь бусад улс орны хүүхдүүдээс ялгагддаг.

-Та бүхний гэр бүлийн хүмүүсээс асуумаар байна. Мэдээж хэцүү зүйл ард өнгөрсөн болохоор дурсаж ярьж болох байх. Нөхрүүдийн чинь паспортыг хүчингүй болгосон мэдээг аваад, хилээр та бүгдийг гаргахгүй нөхцөл байдал үүсэхэд ямар байсан бэ?

Айхан Алтындаг:-Эр нөхрөө өглөө гараад оройд эргэж ирэхгүй бол яана гэж хүлээж цонхон дээр өдрийг өнгөрүүлэх ямар аймшигтай гээч. Өнгөрсөн жил Вэйсэл Акчай багшийг гэрээсээ гарч яваад хулгайлагдсан тэр хэргийн дараагаас бид байнга айдастай байх болсон. Нэг өглөө ажилдаа гараад ирэхгүй байж ч магадгүй юм байна шүү гэж бодогдох болсон. Гэр орон маань шорон мэт санагдах тэр мэдрэмж бас их хэцүү. Хүүхдүүд болсон хойно гарч тоглохыг хүснэ. Гэвч хүүхдүүдийнхээ тэр хүслийг нүднээс нь харсаар байж үгүй гэж хэлэх хэцүү. Гэхдээ хүн аажмаар өөрийгөө бэлтгэж хатуужсаар байдаг. Эр нөхөр минь ирэхгүй байх, хүүхдүүдээ өөрөө өсгөх хэрэг гарч магад шүү гэж сэтгэлдээ хэлж сурдаг. Хүн болсон хойно цаанаа том итгэл найдвар тээгээстэй.

Дөндү Айлдыз:-Бид эх орондоо болж байгаа үйл явдлуудыг дуулж сонсч байсан ч бие сэтгэлээрээ туулаагүй болохоор бас мэдэрдэггүй л байсан байна лээ. Гэхдээ сүүлд болж өнгөрсөн үйл явдлууд бидэнд бүгдийг ойлгуулсан. Нэг өдөр ачигдаад явсан бол ямар байдалд орох байсныг сүүлийн хэдэн сар бие сэтгэлээрээ мэдэрсэн. Хүүхдүүд хүртэл аандаа мэдрээд эхэлдэг. Бид эхэндээ тэднийгээ зовоохгүй гэж хэлэхгүйг хичээж байсан ч том болсон хүүхдүүд мэдэрч ойлгож байсан. Баригдаад явах хүмүүсийн жагсаалтад аав нарынх нь нэр байсан ч эргээд бодох нь ээ илүүтэй шаналж байсан хүмүүс эхнэр, хүүхдүүд нь байжээ гэж санагдаж байна. Хүүхдүүд яагаад гэдэг асуултыг байнга тавьдаг. Ангийнхаа хүүхдүүдээс элдэв зүйл сонсч ирээд “Аав маань буруугүй байхад яагаад шоронд оруулах гээд байгаа юм бэ, Аавыг маань аваад явчихвал яах юм бэ. Харь хамаагүй хүмүүс бидэнд ингэж хандаж байхад эх орон маань яагаад ингэж хандаж байгаа юм бэ” гээд олон асуулт тавьдаг байсан. Хамгийн хэцүү нь эх орон маань яагаад ингэж хандаж байгаа юм бэ гэдэг асуулт байлаа. Ямар ч хүний хувьд эх орон эрхэм. Тэднийхээ сэтгэл дэх тэр орон зайг нь үгүй болгочихгүй юмсан гэж хичээх хамгийн хэцүү байсан.

Айхан Алтындаг:-Айл бүр аавыгаа алдчих вий гэсэн айдастай байсан ч бүгдээрээ Фатих багшийн гэр бүлд илүү санаа зовж байсан. Хүүхдүүд өөрсдийнхөө аав нарын төлөө бас Мэриэм эгчийг аварч үлдээгээч гэж залбирдаг байсан. Яагаад гэвэл Мэриэм Авшар эгчийг бас тэр жагсаалтад оруулчихсан байсан болохоор хүүхдүүд тэдний хоёр хүүхдийг аав ч үгүй, ээж ч үгүй үлдэх вий гэж айж залбирдаг байсан. Үнэндээ бүх айлын хүүхдүүд насандаа ахадсан сорилт шалгуурыг тууллаа. Хүүхэд болсон хойно баярлаж наадаад гүйх ч сүүлийн гурван сард мэдэрсэн хэцүү мэдрэмж, шаналан нь насан туршид нь үлдэнэ гэдэг нь мэдрэгддэг.

Мунэввэр Илык:-Хүүхдүүд хоорондоо тоглохдоо хүртэл “Паспортгүй болсон чамайг баривчилна даа” гэж тоглож байна гэхээр хүүхдүүд наанаа анзаарахгүй байгаа мэт боловч цаанаа асар их шаналж байдаг нь мэдэгдсэн.

Мэриэм Авшар:-Миний хувьд бүх зүйл сайнаар төгсөнө гэдэгт итгэж байсан ч муу зүйл болоход бэлтгэлтэй байсан. Том хүүдээ ямар ч юм болсон дүүгээ хэзээ ч орхиж болохгүй шүү гэж дандаа захидаг байсан. Аргаа бараад харанхуй буланд нулимсаа дуслуулаад сууж байхад хүүхдүүд маань нулимсыг маань арчин, хүч өгдөг байлаа. Үнэхээр хүүхдийн сэтгэл томчуудынхаас илүү хүчтэй юм билээ. Бидний хэцүү өдрүүдэд үргэлж хамт байсан анд найз, шавь нар, эцэг эхчүүдэд бид үргэлж талархаж явна. Биднийг хэзээ ч орхиогүй. Үргэлж утсаар ярьж, дэмжиж хамт байгаагаа илэрхийлж байсан. Хэн ч туслахгүй мэт, эх орон минь ч хаячихсан байгаа мэт санагдаж байсан тэр өдрүүдэд та нарын маань дэм маш их хэрэгтэй байсан шүү.

Сэмра Узун: -Үнэхээр амаргүй үеийг туулсан. Хүн тайван амгалан байж чадахгүй байх нь ажил амьдралд нөлөөлөхөөс гадна эрүүл мэндэд ч нөлөөлдөг. Бид өнгөрсөн хугацаанд стресс дарамтаасаа болоод тэр үү бүгд өвдсөн, өвчин хууч ороосон. Хүүхдүүд дуугаа хурааж, сэтгэлдээ юу бодож байгаа нь мэдэгдэхгүй байх үе зөндөө. Охин хүүхдүүд аавдаа илүү амь учраас бүр ч шанална. Машинтай явж байгаад аав нь буух болохоор хажууд нь машин зогсож байвал битгий буугаарай аав аа гээд гуйна. Тэр машинаас хэн нэгэн гарч ирээд хүчээр суулгаад аваад явчихна гэж айж байгаа учраас тэр. Бид одоо л бүтэн амьсгаа авч баяр хөөртэй байгаа ч нөгөө талдаа үр хүүхдүүдийнхээ төрж өссөн, бид бүгдээрээ хоёр дахь эх орноо гэж боддог Монгол Улсаас явах гэж байгаадаа гунигтай байна. Тэр дундаа ийм байдалтайгаар орхиж явах болсон нь илүү харамсалтай. Гэхдээ нэг сайхан өдөр бид эргээд ажил төрлөөр, амралтаараа энэ сайхан орондоо эргэж ирнэ гэж итгэж байна. Үр хүүхдүүд маань ч төрсөн Монгол газартаа, ээлээ өгсөн энэ сайхан нутагтаа эргэж ирэхийг хүсэх байх аа.

Айхан Алтындаг:-Хүүхдүүд маань сайхан улс оронд очиж өсч том болно. Магадгүй энд өнгөрүүлсэн өдрүүд, энэ сайхан улс орны талаар санахгүй том болж ч болох юм. Гэхдээ бид зовлонт энэ өдрүүдэд тусалсан монголчуудыг, сэтгэлээрээ дэмжиж байсан тэр олон хүний тусыг үр хүүхдэдээ үргэлж хэлж, сануулж байх болно оо. Та бүгдийг нэрээр нь санахгүй байж болох ч, аавтайгаа ээжтэйгээ хамт өсч торних боломжийг өгсөн та бүгдийн ачийг мартуулалгүй өсгөж хүмүүжүүлэх нь бидний үүрэг байх болно оо гэдгийг хэлмээр байна.

-Та бүхэн дасч ээнэгшсэн Монгол орноос явахад амаргүй байна гэж байна. Гэхдээ төрөлх эх орон Турктээ хэзээ нэгэн цагт очно гэж боддог уу?

Фатих Авшар:-Энэ олон хэцүүгийн дундаас хүүхдүүд “Бидний эх орон бидэнд яагаад ингэж хандаж байгаа юм бэ” гэдэгт хариулах л хамгийн хэцүү байсан даа. Тэдний сэтгэлд байгаа эх орон гэсэн тэр итгэл үнэмшил, хайр хүндлэлийг нь үгүй хийчихгүй юм сан гэж дандаа бодож байсан учраас “Ямар ч газар сайнтай муутай хүмүүс байдаг. Энэ удаад жаахан муу хүмүүс төр засгийн толгойд байна” гэж тайлбарладаг байсан. Хүүхдийн сэтгэл сайхан. Сайн муу тал байлаа гэхэд дандаа сайн нь ялна гэж гэгээнээр боддог байсан нь бидэнд хүч өгдөг байлаа. Гэхдээ хүүхэд гэлтгүй бид ч гэсэн эх орондоо итгэж, эх орон руугаа яаран тэмүүлж очих сэтгэл алга болсон.

Хажи Өмэр Аййлдыз:-Эхний жил Турк явахаа больж байна гэхэд эхэр татан уйлдаг байсан хүүхдүүд маань сүүлдээ явахаас айдаг болсон. Хүүхдүүд маань эх оронгүй болж байгааг мэдрэх хэцүү. Гэхдээ бид эх орон маань муу биш гэхээсээ тэнд байгаа муу хүмүүсийн буруу гэж л ойлгуулахыг хичээдэг. Өмнө нь ЭСЯ-ныхаа дэргэдүүр явахад хүүхдүүд маань “Туркийн далбаа, манай эх орон” гэж хөөрдөг байсан бол сүүлдээ машинтай тэр хавиар явж таарахад дургүй байгаа нь мэдрэгддэг болсон. Бид хүүхдүүдийнхээ эх орны тухай ойлголтыг үгүй хийчихгүй юмсан хичээж байгаа ч өөрсдийн маань хувьд үнэндээ амаргүй болсон. Амралтаараа яаран очдог байсан бол одоо очихоос ч айж байна. Хүн гэдэг сэтгэлийн амьтан учраас тэр улс орон, тэнд байгаа сэхээрэлтэй, сэтгэлтэй хүмүүс нь хаачив гэж гуниглан бодож байна. Урлаг спорт, нийгэм улс төр, хэвлэл мэдээллийн чадалтай чансаатай тэр олон хүмүүс шударга бус явдал нүүрлээд, хүний эрх эрх чөлөө зөрчигдөөд байхад хаана байв. Өөрсдийнхөө өчүүхэн эрх ашгийн төлөө дуугүй болсонд гомдож байна, харуусч байна. Үнэт зүйлтэй, үнэн сэтгэлтэй хүмүүс миний эх оронд үлдээгүй санагдаж байна. Миний хувьд Турк улс төрж өссөн газар, аав ээж, ах дүү хамаатан садан маань амьдарч байгаа газар, өөрөөр санагдахгүй байна, үнэндээ. Магадгүй хэдэн жилийн дараа очих л байх. Гэхдээ тэнд байгаа хүмүүсийг хараад өмнөх шигээ байж чадахгүй л болов уу.

Энэс Узун:-Их дэлгүүрт хүүхдүүдтэйгээ явж байхад турк хүмүүс явж байгаатай таарсан. Хүүхдүүд болсон хойно та яриач, эх хэлээрээ яриач гээд хоргоож, харин би тэднээс айж эмээж байгаагаа мэдэрсэн. Би тэдэнтэй юу ч яриагүй холдож явсан. Энэ үйл явдал миний сэтгэлд маш хүнд цохилт өгсөн. Биднийг ингэж өөрчилсөн байна.

Мустафа Фарол:-Эх орон гэдэг амар амгалан, аж төрж болох тийм газрыг хэлэх юм байна гэдгийг би өнгөрсөн хугацаанд ойлголоо. Түүнээс төрж өссөн байлаа гээд тэндээ айдастай, шаналантай байх юм бол эх орон мөн үү. Би өнөөдөр Туркийг миний эх орон гэж хэлж чадахгүй, ирээдүйдээ ч хэлэхэд хэцүү байх болов уу. Бидэнд үзүүлсэн зовлон шаналан эх орноо эх орон ч гэж хэлж чадахгүйд хүргэжээ. Харин Туркийн дэргэд Монгол орон надад илүү ойрхон санагдаж байна. Тэнд байгаа хүмүүс энгийн иргэдийнхээ төлөө байж чадахгүй, эрх мэдэлтэй хүчний өмнөөс айдас, эсвэл ашиг сонирхлоосоо болоод дуугарч чадахгүй байгаа бол эх орон тэнд байхгүй байна гэж би хэлнэ. Гэтэл бидэнтэй огт хамааралгүй, цусан төрөл ч биш атлаа монгол хүмүүс бидэнтэй хамт байж, бидний төлөө тэмцэж эдийн засгийн хувьд хүчтэй тэр улсын өмнөөс бидэнтэй хамт байж чадаж байна. Тиймээс би Монгол эх орон минь надад илүү ойр байна, Турк яахав төрсөн газар минь юм даа. Турк хэлэнд “Надад хүрээгүй могой мянга наслаг” гэсэн үг бий. Надад л хүрээгүй бол, миний эрх ашгийг л хөндөөгүй бол хамаагүй гэсэн утгатай. Яг ийм үзэл санаагаар бусдадаа хандсан тийм хүмүүстэй дахин уулзана гэдэгтээ итгэлтгүй байна. Тийм нийгэм миний хувьд нэгэнт дууссан. Бидний паспортыг хүчингүй болгосон талаар манай ЭСЯ-наас албан бичиг илгээхдээ “…доор дурдсан турк иргэдийн паспортыг хүчингүй болсныг үүгээр мэдэгдэх завшаан тохиолдов” гэснийг сүүлд хараад маш их гутарч байсан даа. Яахаараа иргэдийнхээ паспортыг хүчингүй болгосноо мэдэгдэх нь завшаантай хэрэг байдаг юм.

-Ямар ч байсан хэрэг сайхнаар шийдэгдлээ. Төрөөд аль ч улсын иргэн болж чадаагүй байсан Туана охины түүхийг монголчууд сайн мэддэг болсон. Одоо Туана маань аав, ээжтэйгээ хамт явах нь байна?

Исхак Илык:-Бид угаасаа олны хараанаас хол байж, олон нийтийн газраар явахгүй, нэг дороо бөөгнөрөөд элдэв эрсдэлээс хол байх гэж хичээж байсан. Аль болох хүмүүсийн хараанаас хол байхыг хичээж байсан ч охины болоод манай гэр бүлийн түүх сошиалд их түгж олон хүний сэтгэлд хүрч, уярч хүлээж авсан юм билээ. Ер нь тэр түүхээс ч гадна бидний талаар монголчууд маш их мэдэж, биднийг дэмжиж байгааг мэдэрсэн. Таксинд суух, дэлгүүрт ороход шууд турк хүн үү гээд, тийм гэхээр нөгөө 8-ын нэг үү гээд шууд ярьж эхэлдэг. Дэмжиж байгаагаа илэрхийлж байгааг нь харах маш их дэм болдог байсан.

Охины маань түүхийг уншсан танилынх маань “Хэрэв элдэв явдал тохиолдоход манай гэр бүл Туанаг үрчилж авч өсгөхөд бэлэн шүү” гэж хэлсэн. Бага насны охидтой учраас ямар ч асуудалгүй гэж сэтгэлээ илэрхийлсэн. Ер нь хүн чанартай, хүнлэг олон хүнд тэр мэдээлэл хүрчээ. Бид өөрсдөө гадуур явж бичиг баримт хөөцөлдөж чадахгүй үед бусад багш нар маань тусалдаг байсан юм. Тэгэхэд орчуулгын товчооны ажилтан хүртэл Туанагийн гэр бүлд дэмжлэг гээд хувиасаа мөнгө өгсөн байсан. Ийм олон сайхан сэтгэлийн хүчээр бид өнөөдөр элэг бүтэн амьдрах боломжтой боллоо. Та бүхэндээ баярлалаа.

-Мустафа багш өмнөх ярилцлагадаа гэрлэлтээ батлуулахаар явах гэсэн боловч Монголын хилээр гаргаагүй талаар ярьж байсан. Одоо хуримаа хийх өдөр ойртож байна уу?

Мустафа Фарол:-Би өнөөдөр Канад руу явах болж байгаа нь алхам урагшилж байгаа ч асуудал шийдэгдэхэд бас амаргүй л байгаа. Одоог хүртэл бид уулзаж чадаагүй байгаа нь ойлгомжтой. Бид хоёр албан ёсны гэр бүл болж чадаагүй болохоор Канад руу нэвтрэх зөвшөөрөл сүйт бүсгүйд маань олдоогүй. Ямар ч байсан хайртай бүсгүй маань Туркээс гарсан. Мэдээж, эрсдэлтэй асуудал үүсч байгаа болохоор тэндээс явж Македонид очсон. Тэгээд намайг ирэхийг хүлээж байтал тэнд амьдрах гурван сарын виз нь дуусч байгаа. Энэ мэт асуудлууд бол байна. Ямар ч байсан хурим маань хойшилж байгаа ч байдал өмнөхөөсөө дээрдэж байна. Би өөрөө эхлээд асуудлаа шийдчихэж байгаа юм чинь хаа байгаа газар нь очоод гэрлэлтээ батлуулна даа.

-Бидний яриа нулимстай, гунигтай, бас баяр хөөртэй байлаа. Хэдийгээр энэ удаад ингээд явж байгаа ч эргээд Монгол оронд зочлон ирээрэй. Та бүхэндээ аз жаргал хүсье.

Багш нар:-Бидний хүнд хэцүү цаг үед үргэлж хамт байсан сайхан сэтгэлт монголчууддаа баярлалаа. Монгол бол бидний хоёр дахь эх орон шүү. Энд байгаа олон сайхан анд нөхөд, хамтрагчид, шавь нар, төгсөгчид, эцэг эхчүүддээ баярлалаа. Өнөөдөр ийм нэгэн байдлаар бид уулзаж ч чадахгүй явж байна. Уг нь зочломтгой хоёр үндэстний хувьд сайхан идээ будаагаа засаад салах ёс гүйцэтгэх учиртай. Гэхдээ энэ удаад чадсангүй. Хэвлэлийн хуудсаар дамжуулж бүгдэд нь баяртай гэж хэлье. Эргээд сайхан уулзахын ерөөл тавья.

Г.БАТЗОРИГ

Categories
мэдээ нийгэм

Дагавар охиноо хүчирхийлсэн этгээдэд 12 жил 06 сарын хорих ял оноолоо

Багануур дүүрэгт 2019 оны нэгдүгээр сарын 20-21-нд шилжих шөнө иргэн Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 13 настай дагавар охиноо хүчирхийлсэн гэмт хэрэг гарсан.

ус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг Багануур дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд, шүүгдэгч Т-г бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 12 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн байгуулах төслийн уралдаанд 24295 иргэн саналаа өгчээ

“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаанд нийт есөн бүтээл иржээ. Уралдаан зохион байгуулах удирдамжид заасны дагуу ирүүлсэн бүтээлүүдийг энэ сарын 16,17,18,19-ны өдрүүдэд нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын вэб сайтад байршуулж олон нийтийн саналыг цахимаар хүлээн авчээ.

Энэ талаар нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас мэдээлэл хийлээ. Шинээр үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн байгуулах төслийн уралдаанд нийт 24295 иргэн саналаа өгсөн байна.

Уралдааныг дүгнэх үүрэг бүхий комиссын гишүүд уралдаанд ирүүлсэн бүтээлийг төслийн үзэл санаа, шинэлэг байдал, үндэсний онцлог, түүх, соёлын хэв шинжийг тусгасан байдал, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн технологийн шийдэл тусгасан байдал болон ажлын гүйцэтгэл, иж бүрдлийн шаардлагыг хангаж байгаа эсэх, олон нийтийн санал зэргээр нь оноо өгч дүгнэнэ” гэж нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга Ц.Тулга хэллээ.

1-р багийн бүтээлд 256 иргэн

2-р багийн бүтээлд 5959 иргэн

3-р багийн бүтээлд 2210 иргэн

4-р багийн бүтээлд 5485 иргэн

5-р багийн бүтээлд 260 иргэн

6-р багийн бүтээлд 7791 иргэн

7-р багийн бүтээлд 163 иргэн

8-р багийн бүтээлд 367 иргэн

9-р багийн бүтээлд 1804 иргэн тус тус саналаа өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Хоёр бөхөөс гадна нэг харваачаас допинг илэрчээ

Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмаар таваас дээш давсан 16 бөхөөс гадна эхний тавд багтсан харваачдаас сэргээшийн шинжилгээ авдаг.

Үүний дагуу шинжилгээ авахад хоёр бөхөөс хориотой бодис илэрсэн талаар баяр наадмын комисс мэдээлэл өгсөн. Эдгээр бөхчүүдээс гадна нэг харваачаас сэргээш илэрчээ. Эх сурвалжуудын мэдээлснээр уг харваач нь өөрөө мэдэлгүй хориотой эм бэлдмэл хэрэглэсэн буюу ханиадны төрлийн эм, эмийн бодис хэрэглэснээс ийнхүү шинжилгээний хариу эерэг гарсан гэнэ.

Сэргээшийн шинжилгээ авдаг болсноос хойш анх удаа харваачаас допинг илэрч байгаа нь энэ бөгөөд энэ талаар баяр наадмын комисс удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгөх гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр сургалт зохион байгуулж байна

Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн стратеги боловсруулах сэдэвт” сургалтыг 2019 оны 8 дугаар сарын 20-21 өдрүүдэд Орхон аймагт зохион байгуулж байна.

Сургалтад Архангай, Булган, Дархан-Уул, Дорнод, Орхон, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар болон аймгуудын Засаг даргын тамгын газар, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн нийт 50 гаруй мэргэжилтнүүд хамрагдаж байгаа юм.

Сургалтын хүрээнд аймаг, орон нутгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар харилцан туршлага солилцож, гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг орон нутгийн түвшинд боловсруулах арга зүйд суралцан, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа тодорхойлно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.