Categories
мэдээ улс-төр

Худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн болон бусад салбарт өргөжүүлэх талаар ярилцав

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг 2019 оны 8 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд БНСВУ-д ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Монгол, Вьетнамын Гадаад харилцааны яамд хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалт 8 дугаар сарын 29-ний өдөр болов. Уулзалтыг Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, БНСВУ-ын Гадаад хэргийн дэд сайд То Ань Зунг нар хоёр талаас тэргүүлэн оролцож, манай төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газар, Консулын газар, Монгол Улсын ҮАБЗ-ийн ажлын алба, Ханой дахь ЭСЯ-ны холбогдох албан тушаалтнууд орж ажиллав.

Уулзалтын үеэр Монгол Улс, БНСВУ-ын уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, улс төрийн яриа хэлэлцээ, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хамтын ажиллагааны цар хүрээг худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн болон бусад салбарт өргөжүүлэн, харилцааг дараагийн түвшинд дэвшүүлэн гаргах талаар ярилцав.

Мөн Монгол, Вьетнамын хооронд дээд, өндөр түвшинд харилцан айлчлал, яриа хэлэлцээ тогтмолжиж буйд хоёр тал сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, энэ оны сүүлийн хагаст хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар санал солилцов.

Манай улс БНСВУ-ыг Зүүн Өмнөд Ази дахь гол түнш орнуудын нэг хэмээн үзэж, харилцаагаа бүх талаар гүнзгийрүүлэхэд ач холбогдол өгч ирснийг дэд сайд Б.Батцэцэг тэмдэглээд цаашид хоёр орны ард түмний найрамдлыг бэхжүүлэх үүднээс түүх, соёл урлагаа харилцан сурталчилж, боловсролын солилцоог дэмжиж, орон нутгууд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн ач холбогдлыг цохон тэмдэглэв.

Хоёр улсын хооронд иргэд хоорондын солилцоо өргөжиж байгаатай холбогдуулан ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалтын хүрээнд Консулын газар хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалт энэ сарын 28-ны өдөр болсныг талууд сайшааж, тус уулзалтыг тогтмолжуулахад нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.

Талууд хоёр улсын ГХЯ-д хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтын давтамжийг хадгалах, олон улс, бүс нутаг болон НҮБ, олон улсын байгууллагуудын хүрээн дэх хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал, мэдээлэл солилцов.

Мөн өдөр Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Вьетнамын Аж үйлдвэр, Худалдааны дэд сайд Чан Куок Хань-тай уулзаж, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд нөөц, боломжоо сайтар ашиглаж, хамтарсан бизнес форум зохион байгуулах, худалдааны асуудал эрхэлсэн яам хооронд хамтын ажиллагааны баримт бичиг байгуулан, шууд хамтын ажиллагааг хөгжүүлж ажиллахаар ярилцав. Талууд энэ оны 9 дүгээр сард хоёр улсын ЗГХК-ийн ээлжит хуралдааныг зохион байгуулах чиглэлд бэлтгэл ажлыг хангаж ажиллахаар тохиров.

Categories
мэдээ нийгэм

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт тарваган тахал өвчний байгалийн голомт идэвхжиж байгааг тогтоолоо

Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвөөс төлөвлөгөөний дагуу Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 9 секторын нийт 81.0 мянган га талбайд байгалийн голомт хяналтын тандалт, хайгуул хэлбэрийн шинжилгээг хийж гүйцэтгэлээ.

Лабораторийн шинжилгээгээр Сэргэлэн сумын нутаг “Шар худаг” /3224713342/ гэдэг газраас олзворлосон үлийн цагаан оготно (Lasiopodomys brandtii)-оос дээжилсэн сорьцонд ийлдэс судлалын аргаар шинжилгээ хийхэд тарваган тахал өвчний үүсгэгч /Y.Pestis/ илэрсэн ба сорьцыг ЗӨСҮТ-ийн лавлагаа лабораториор баталгаажуулж, тухайн нутагт тарваган тахал өвчний байгалийн голомт идэвхжиж байгааг тогтоолоо.

Өмнө нь Сэргэлэн сумын нутагт 2002, 2007, 2008, 2010 онуудад хийсэн байгалийн голомт хяналтын шинжилгээгээр олзворлосон үлийн цагаан оготно, түүний бүүрэгнээс өсгөвөр, 2011 онд хийсэн шинжилгээгээр эерэг материал илрүүлж, тус сумын нутагт тарваган тахал өвчний байгалийн голомт идэвхтэй явагдаж байгааг тогтоож байсан билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-ыхон сэтгүүлч М.Уянгад нэг өдрийн цалингаа хандивлалаа

“ETV” телевизийн мэдээний албаны сэтгүүлч М.Уянга бөөрний архаг дутагдалд оржээ. Энэ нь дотоод эрхтэнүүддээ нөлөөлж амь нас нь дээсэн дөрөөн дээр ирээд байгаа тухай бид өмнө нь мэдээлж, сэтгүүлч бүсгүйн нөхрөөс ярилцлага авч сониндоо нийтэлсэн билээ. Мөн М.Уянгын ажлын хамт олон, найз нөхөд, гэр бүл нь хамтран хэвлэлийн хурал хийж эмчилгээний зардалд хандив өргөхийг уриалсан юм. Энэ тухай мэдээлэл гарснаас хойш албан байгууллага, улстөрчдийн төлөөлөл, хувь хүмүүс М.Уянгад туслах аянд нэгдээд байгаа юм. “Өдрийн сонин”-ы хамт олон энэ аянд нэгдэж нэг өдрийн цалингаа хандивлалаа. Сэтгүүлч М.Уянгын БНСУ-д хийгдэх бөөр солиулах мэс ажилбарт 120 сая төгрөг шаардлагатай байгаа юм. М.Уянга ойрын хугацаанд бөөр солиулах мэс ажилбарт орсон тохиолдолд амь нас нь аврагдах бөгөөд нэгэн залуу гэр бүл элэг бүтэн үлдэх бүрэн боломжтой байгаа билээ. Энэ аянд нэгдэх албан байгууллага, хувь хүмүүс 94699363 , 99122471 дугаарт холбогдох боломжтой юм. Мөн Хаан банкны 5429322222 (М.УЯНГА) тоот дасанд сэтгэлийн хандив өгч болно.

О.ДАШ

Categories
мэдээ нийгэм

“Гамшгийн эрсдлийн үнэлгээний мэргэжлийн зөвлөл”-ийн хуралдаан болж байна

“Гамшгийн эрсдлийн үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн анхдугаар хуралдаан”-ыг Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж байна.

Хуралдааны нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал “Монгол Улсад өнөөдөр салбар бүрийн онцлогт нийцүүлсэн эрсдэлийн үнэлгээний тогтолцоог хэрэгжүүлж, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, хөдөлмөрийн аюулгүй байдлын үнэлгээ, барилга байгууламжийн тэсвэржилтийн үнэлгээ зэргийг холбогдох мэргэжлийн байгууллагууд эрхлэн хэрэгжүүлж байгаа хэдий ч тухайн аймаг, орон нутаг, хот суурин, эмнэлэг сургууль, дэд бүтцэд тохиолдож болзошгүй гамшгийн эрсдэлийг өргөн цар хүрээнд тооцож, нарийвчилсан үнэлгээ хийх боломж гарахгүй байна. Тиймээс Онцгой байдлын ерөнхий газраас гамшгийн эрсдэлийн үнэлгээний асуудал эрхэлсэн мэргэжилтнүүдийг бэлтгэж, 21 аймаг, 9 дүүрэгт томилон ажиллуулж байна. Мөн “Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх сургалт”-ыг Гамшиг судлалын хүрээлэнд зохион байгуулж, 30 гаруй мэргэжилтнийг бэлтгэж, гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээ хийх мэдлэгийг эзэмшүүллээ. Өнөөдрийн хуралдаанаар Гамшгаас хамгаалах тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасан шаардлагыг хангаж гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл хүссэн нийт 24 аж ахуйн нэгж, байгууллага, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг нээлттэй хэлэлцэнэ” гэлээ.

Анхдугаар хуралдаанд ОБЕГ, ЭМЯ, БХБЯ, УУХҮЯ, ЗТХЯ, БОАЯЖЯ, МХЕГ, ДХИС-ийн 20 гаруй төлөөлөл оролцож байна.

Оролцогчид “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл олгох/ хүсэхэд тавигдах шаардлага, анхаарах асуудлууд, “Гамшгийн эрсдлийн үнэлгээ хийх эрх олгох” сургалтын үр дүнгийн талаар болон хуулийн этгээд, байгууллага, аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хэлэлцэх юм.

Categories
мэдээ нийгэм

Э.Оюунболд аварга шүүхэд нэхэмжлэл гаргажээ

Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооноос О.Оюунболд аваргын шээснээс дөрвөн төрлийн сэргээшийн төрлийн бодис илэрснийг зарлаад байгаа. Гэвч Э.Оюунболд аваргын зүгээс шээс солигдсон хэмээн мэдэгдсэн. Тэгвэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 30-ны өдөр буюу өнөөдөр Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдох нэхэмжлэл хүргүүлсэн байна. Уг нэхэмжлэлийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 55.1-т зааснаар захиргааны хэрэг үүсгэх эсэхийг 7 хоногийн хугацаанд шийдвэрлэх ёстой аж.

Categories
мэдээ нийгэм

Загас барихаар яваад амиа алджээ

Архангай аймгийн Булган сум, Тамир голоос 60 настай эрэгтэй загас барихаар яваад амь насаа алджээ.

Тодруулбал, тус сумын Тамир багийн Сангийн толгой гэдэг газарт зургаан хүн зугаалж явснаас иргэн Г нь загас барих гэж яваад сураггүй болсон байна. Энэ тухай дуудлага өчигдөр /2019.08.29/ 22:55 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын дөрвөн алба хаагч, нэг автомашин, ар гэрийн хоёр хүний хамт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 23:51 цагт Сангийн толгой гэдэг газраас баруун зүгт 2 км-т голын эрэг дагуух бургаснаас цогцсыг олж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж байна. Өчигдрийн хуралдаанаар намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, санхүүжилттэй холбоотой асуудлыг хэлэлцэж, дээрх саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан. Намын дотоод зохион байгуулалт, намын үйл ажиллагааны журам, санхүүжилттэй холбоотой заалтуудаар санал хураалт явуулахад өргөн мэдүүлсэн төслийн заалтыг “Намын дотоод зохион байгуулалт нь ардчилсан зарчимд нийцэж, хөрөнгө, орлогын эх үүсвэр болон зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, санхүүжилт, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтооно.” хэмээн өөрчлөн найруулах саналыг гишүүдийн олонх дэмжсэн юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан заалт тус бүр дээр гишүүд 10 минут үг хэлнэ.

Categories
мэдээ нийгэм

Япон, Монголын Эдийн засгийн хорооны дарга Х.Цүбай тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон, Монголын Эдийн засгийн хорооны дарга Х.Цүбай тэргүүтэй төлөөлөгчдийг 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч уулзав.

Д.Цогтбаатар сайд Япон, Монголын Эдийн засгийн хорооны даргаар томилогдсонд нь Х.Цүбайд баяр хүргээд, Монгол, Японы худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны түвшинг ахиулахад тус хорооны зүгээс илүү идэвх санаачилгатай ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Цаашид улс төрийн өндөр итгэлцэлд суурилсан, харилцан ашигтай эдийн засгийн түншлэлийг хөгжүүлж, хоёр орны хувийн хэвшлийн хэлхээ холбоог улам гүнзгийрүүлэн батжуулахын төлөө хамтран ажиллах шаардлагатайг талууд онцлов.

Монгол Улсын Засгийн газар уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх талаар бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа бөгөөд дэвшилтэт техник, технологийг Монголд нутагшуулан экспортын чадавхийг дээшлүүлэхэд Японы хөрөнгө оруулалтыг илүү татах сонирхолтой байгаагаа Д.Цогтбаатар сайд илэрхийлэв.

Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дээрх чиглэл болон мэдээллийн технологийн салбарт гүнзгийрүүлэхэд анхаарч ажиллахаа Х.Цүбай илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм

Хятад улсад зорчих виз мэдүүлэхэд АНХААРАХ зүйлс

Сүүлийн өдрүүдэд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд виз мэдүүлэгчдийн тоо тасралтгүй нэмэгдэж, бичиг баримт мэдүүлэгчид дугаарлан хүлээх хэрэгтэй болсныг бид анзаарсан билээ. Энэ жилээс эхлэн бичиг баримт мэдүүлэгчдэд илүү шуурхай, тааламжтай үйлчилгээ үзүүлэхийн тулд манай ЭСЯ нь Даваа, Лхагва, Баасан гаригаас гадна Мягмар гариг бүр тусгай хуваарь гарган 9.30-13.30 цагийн хооронд бичиг баримтыг урьдчилан хянаж, цаг товлож байгаа болно.

Мөн түүнчлэн бид хүмүүнлэгийн талаас нь бодолцож, бичиг баримт мэдүүлэгчдийн дугаарлан хүлээлтийг багасгахын тулд нийт ажилчид цаг сунган их ачаалалтай ажиллаж байгаа бөгөөд бичиг баримт хүлээн авах ажлын өдрийн цагийн хуваарийг 9.30-12.00 цаг байсныг 9.30-13.30 цаг хүртэл, материал тараах цагийн хуваарийг 16.00-17.00 цаг байсныг 16.00-19.00 цаг хүртэл тус тус сунгаж, өдөр бүрийн ажлын цагийг дунджаар 3.5 цагаар сунган ажиллаж байна.

Дээрх зохицуулалтын дагуу бичиг баримт мэдүүлэгч нь долоо хоног бүрийн Мягмар гаригт ирж материалаа урьдчилан хянуулж, материал нь бүрэн гүйцэд бэлтгэгдэж байх тохиолдолд Лхагва, Баасан, эсвэл дараа долоо хоногийнхоо Даваа гаригийн бичиг баримт мэдүүлэх баримтыг авах бөгөөд тухайн өдрөө ЭСЯ дээр ирж мэдүүлгээ өгнө.

Манай яамнаас долоо хоног бүр бичиг баримт мэдүүлэх баримтын тоог хангалттай олгож байгаа болно.

Энэ 2019 оны зургадугаар сараас эхлэн материалыг урьдчилан хянаж, бичиг баримт мэдүүлэх баримт олгосноор ЭСЯ дээр ирж хүлээх хугацаа илт багасч, эмх замбараатай болсон нь урьдчилан цаг товлох тогтолцооны ажлын үр дүнг харуулж байна.

Гэвч сүүлийн үед бидний анзаарснаар хэсэг бүлэг “дугаар наймаалагч” этгээд нь урт хугацааны турш ЭСЯ-ны ойр орчимд байршиж, давтан оочерлох арга замыг ашиглан виз мэдүүлэх дарааллыг дамлан худалдаж үүнээсээ өндөр хэмжээний ашиг олж байна. Бидний олж мэдсэнээр ойролцоогоор 20 гаруй “дугаар наймаалагч” этгээд ЭСЯ-ны ойр майхан барин хоноглож байна. Эдгээр “дугаар наймаалагч” этгээдүүдээс шалтгаалж олон тооны бичиг баримт мэдүүлэгчид саадгүйгээр тухайн долоо хоногийн бичиг баримт мэдүүлэх баримтыг авч чадахгүйд хүрээд байна. Эдгээр үйлдэл нь Монгол иргэд болон бусад орны бичиг баримт мэдүүлэгч иргэдийн эрх ашгийг ноцтой хохироож байгаагаас гадна ЭСЯ-ны хэвийн үйл ажиллагаанд саад учруулж, мөн түүнчлэн Хятад-Монгол хоёр улсын найрсаг харилцаанд сөрөг нөлөө үзүүлж байна.

Бид дээрх байдлын талаар Монгол Улсын цагдаагийн байгууллагад дахин мэдэгдэж уг үйлдлийг таслан зогсоох, ЭСЯ-ны ойр орчмыг сахин хамгаалах арга хэмжээ авч өгөхийг хүссэн байгаа юм.

Үүнтэй холбогдуулан БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ нь доорх мэдэгдлийг дахин гаргаж байна.Үүнд:

  1. БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ нь бичиг баримт мэдүүлэх, эсвэл бичиг баримт мэдүүлэх баримт олгох асуудлаар аливаа хувь хүн болон байгууллагыг хэзээ ч итгэмжилж байгаагүй тул бичиг баримт мэдүүлэгчид нь хуурч мэхлэгдэн, өөрийн ашиг сонирхлоо хохироохоос болгоомжлон аливаа зуучлалын газар эсхүл байгууллагад итгэхгүй байхыг анхааруулж байна.
  2. Бичиг баримт мэдүүлэгч нь заавал өөрийн биеэр манай ЭСЯ-нд ирж материалаа урьдчилан хянуулж, бичиг баримт мэдүүлэх баримт авах бөгөөд тухайн бичиг баримт мэдүүлэх баримтыг бусдад шилжүүлэх, өөрчлөх эсвэл хуурамчаар үйлдэхийг хориглоно. Аливаа байгууллага болон хувь хүн бичиг баримт мэдүүлэх баримтыг дамлан худалдах үйл ажиллагаа нь хууль бус үйлдэл бөгөөд тухайн үйлдэл илрүүлвэл манай ЭСЯ цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэж хуулийн дагуу шийдвэрлүүлэх болно. Хэрвээ “дугаар наймаалагч” этгээдээр дамжин дугаар авч виз мэдүүлсэн тохиолдолд Хятад улсад зорчих виз авах боломжгүй болно.
  3. Бичиг баримт мэдүүлэгч нь аливаа бичиг баримт бүрдүүлэхдээ ЭСЯ-ны хэвийн дэг журмыг даган мөрдөх, өөрийн ухамсраар эмх замбараатай байх, ЭСЯ-тай идэвхтэй зохицон ажиллаж хамтдаа “Дугаар наймаалагчид”-ын үйлдлийг таслан зогсоох үүрэгтэй.

Монголын нийгмийн бүхий л салбарынхан манай ЭСЯ-ны ажилд анхаарал халамж тавихыг хүсч буй бөгөөд хэрэв “дугаар наймаалагч”-ийн мэдээлэлтэй байх тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдэж шуурхай арга хэмжээ авахуулна уу. Мөн түүнчлэн хэвлэл мэдээллийн найз нөхөд маань өөрийн салбарын үүрэг хариуцлага, ухамсраар “дугаар наймаалагч”-ийн нөхцөл байдлыг үнэн бодитоор мэдээлэх, ЭСЯ-ны өнөөг хүртэлх чармайлт зүтгэлийг үнэн бодитоор сурталчилж, бичиг баримт мэдүүлэгчдийг хэвийн дэг журмын дагуу ирж виз мэдүүлэхэд нь хөтөлж өгнө үү. Манай ЭСЯ нь урьдын адил Хятад-Монгол хоёр улсын найрсаг харилцааны үүднээс үргэлжлүүлэн ажлын цагийг сунган ажиллаж, визны ажлыг чанарын өндөр түвшинд үр бүтээмжтэйгээр гүйцэтгэж, Хятад-Монголын харилцааны хөгжилд хувь нэмэрээ хичээнгүйлэн оруулах болно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

В.Путин Монголд байх өдрийг Засгийн газраас бүх нийтийн амралтын өдөр болгов

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины ирэх өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгох шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас албан ёсоор зарлалаа.

Амарч зугаалах дуртай ард түмэнд сайн хэрэг боллоо. Хувьдаа В.Путин гуайг олон дахин ирээсэй гэж бодож байна. Ирэх бүрт нь бид нийтээрээ амарч байх магадлалтай болсон учраас.

Урьд бол Сталин ирсэн ч ингэж баярлаж хөөрөхөөргүй байсан байх. Орой дээр маань Оросын онгоцууд нүжигнээд, төв талбай дээр ялалтын дуугаа Оросын чуулгынхан цуурайтуулаад, социализмын бүрэн төгс ялалтын төлөө гэдэг шиг өдрүүд үргэлжилж байна шүү.

В.Путин хундага тулган Монголын зүүн хязгаар Сүмбэр суман дахь 200 өрхөд зориулан 10 сая еврогоор шинэ сум байгуулж өгөв. Цаашид ямар тусламж үзүүлэх бол гэж горьдох үлдлээ. Халх голын байлдааны 80 жилийн ой урьд урьдынхаас ийнхүү сүрлэг өрнөж байна.

Бараг ЗХУ-ын үеийнхээс илүүтэйгээр Халхголын ойг тэмдэглэж буй энэ их хөөр баярынх нь шарталт дууссаны дараа хэдэн үг хэлхвэл дээр байсан байх. Гэхдээ төрийнх нь ордон дээгүүр өөр орны байлдааны онгоцууд шүргэх шахан нислэг үйлдэж байхад баярлалдан, гар утсаараа зураг авч, “Ямар гоё юм бэ” хэмээн хөөрөх монголчуудаа хараад уур хүрээд байх юм.

Би л тэнэгтээ ингэж байгаа байх даа. Хууль зөрчиж байна шүү дээ, наад оросууд чинь гэсэн үг аман дээр гарч ирээд болохгүй юм. Манай нутаг дээр өөрсдийн нутагт байгаа юм шиг дураараа байгаа нь сонин л санагдаад байх юм. Санал нийлэх хүн олдохгүй л байх даа.

Тэр бүү хэл “Энэ чинь үнэхээр буруу жишиг болж байна” гэж орилмоор. Удахгүй хятадууд чөлөөлөх дайны ойг ингэж тэмдэглэнэ хэмээн Монгол Улсад цэрэг зэвсэгтэй орж ирэх нь нээлттэй хэрэг үү. Си Жиньпиний ирэх өдрийг бүх нийтээрээ амрах тэмдэглэлт баярын өдөр болгох юм уу, өнөөдрийн Засгийн газар. Адилхан л манай хөршүүд, дайн байлдааны түүх нэг шүү дээ.

Гэтэл өнөөдөр сошиалд Халхын гол, чөлөөлөх дайн хоёроо ялгахгүй, Аюуш баатар чинь Халхголд үнэхээр баатарлагаар амь үрэгдсэн юм билээ гэж ярьдаг бичээч нар “Орос ах нартайгаа хамтран өвөг дээдэс минь хамгаалж үлдсэн газар шороо …” гэж ирээд худлаа цэцэрхэхийг нь харахаар инээд хүрээд байх юм. Ядаж Л.Аюуш нь 1945 оны чөлөөлөх дайны үеийн дүр гэдгийг гадарладаг болчихоод бурдаг баймаар.

Өнөөдрийн 76 гишүүн дотор Оросын хэвлэлээр бичигдэж буй “Дургүй колони”, “Филатовогийн атган дахь Монгол”… гэхчлэн сүүлийн үед эрчимжиж буй олон нийтлэлийг орос хэлээс нь ойлгоод уншдаг хүн байгаа болов уу. Уншдаг бол Засгийн газрын амралтын өдөр болгох шийдвэрийн эсрэг үг дуугарах л ёстой. Одоо нөхдүүд Халхголд очиж оросуудтай хундага тулгахаар цувцгааж байгаа биз.

Ийм цаг үед эрүүл саруул Монголын сэхээтнүүд эр зориг гаргаж Монголын нийгмийн оюун санааны хөтчөө хиймээр байна даа. Өнөөдөр Орост олон аймаар асуудал шил шилээ даран босож В.Путиныг нойргүй хонуулж байгаа. Сибирийн түймрээс дутахгүй гал түймэр Ростовт дэгдэж хуйхалж байна. Хойд хязгаар Северодвинскт цөмийн эх үүсвэр дэлбэрч сүйд боллоо.

Цацраг идэвх нь Европ руу биш, нутгийн гүн рүү чиглэсэн учраас Олон улсад төдийлөн анхаарахгүй байх шиг. Тэрнээс энэ бол дотоод дахь аймшиг. Красноярскид зэвсгийн том агуулах дэлбэрч сүйд болж байгааг манайхан дуулсан уу. Энэ бүх асуудал В.Путины ширээн дээр овоорчихсон, Орос даяар эсэргүүцлийн жагсаал цуглаанууд эрчимжчихсэн ийм л цаг үед ерөнхийлөгч нь Монголд ирж байх юм…

Ер нь бол Халхголын байлдааны 80 жилийн ойг тайван тэмдэглэе л дээ. Энэ байлдаанд оролцсон Орос-Япон-Монгол гурван улсын эрдэмтэн судлаачдыг оролцуулсан эрдэм шинжилгээний хурлыг сайн хийе.

Орос, Монгол хоёр л орилоод байхаас хамгийн том оролцогч Японы талаас ер юм дуулдахгүй юм. Сонин санагдахгүй байна уу. Эндээс үүдээд хэлэхэд аль ч цаг үед улс төр, үзэл суртал ордоггүй ганц газар бол архив юм байна. Аль ч улсын архивт ер нь үнэн л үлдсэн байдаг. Архиваас гарсан тэмдэглэлүүдийг харж байхад, архив түшиглэсэн томоохон нийтлэлчдийн бичсэн туурвисныг харж байхад эцэстээ Орос-Япон хоёрын зөрчилдөөний талбар нь Монгол Улсын зүүн хил Халхгол байсныг тодорхойлсон байдаг.

Ердийн нэг түүх сонирхогчийн хувьд хэлэхэд 1969 оны Халхголын байлдааны 30 жилийн ойгоос өмнө Л .Дандар баатрын ярьж хэлж байсан, 30 жилийн ойн дараах жилүүдэд энэ алдартай хүний ярьж хэлж байсан нь газар, тэнгэр хоёр шиг зөрүүтэй болчихсон байдаг юм.

Бараг өмнөх ярианууд нь ямар ч үзэл сурталгүй үнэн түүх байх. Дээр нь Монголын радиогийн нэрт сэтгүүлч, яруу найрагч Зундуйн Дорж гуай сэрүүн тунгалаг ахуйдаа аминчлан хэлсэн “Чи радиогийн фондод миний хадгалуулсан Ардын хувьсгалын партизанууд, Халхголд байлдаж явсан баатруудын бичлэгийг бохироор нь нэг сонсох юм бол түүхийн мен ч олон үнэнийг мэднэ.

Бид дандаа л засварлаж, монтажлан, үзэл сурталтай хийж байсан юм. Тэрнээс цаад өвгөчүүл чинь ам нь халахаараа бас л түвэгтэй юмс ярина шүү дээ” гэж хэлж байсны дагуу ганц нэг партизан, Халхголын дайчдын засваргүй яриаг нь савааргүйхэн чагнаж байлаа.

Радиогийн архивын тэр бүх яриаг яг оргиналаар нь сонсвол соц нийгмийн үед сонсож байсан хувьсгал, дайн байлдааны түүх орвонгоороо өөрөөр ойлгогдох байх. Халхголын байлдааны тухайд Японы талд ахмад дайчдынх нь дурсамж тэмдэглэл архивт нь нэлээн байдаг. Энэ талаар түүхийн ухааны доктор Р.Болд ярьдаг.

Жишээ нь, Баянтүмэний бөмбөгдөлт хэрэг дээрээ яг юу болсон, Мана уулан дахь 22 дугаар морьт хорооны хориглолтыг япончууд алган дээрээ байгаа юм шиг харж байсан гэхчлэн тэнд байлдаж явсан япон цэрэг, офицеруудын сонин дурсамжууд архиваас нь гарч ирдэг.

Өнөөдөр улсын баатар цол нэхэн олгоё гээд байгаа нэр бүхий хүмүүс ч хэрэг дээрээ байлдааны талбар дээр юу ч хийж чадалгүй, штабынхаа байранд оросуудын их бууны гал, онгоцны бөмбөдөлтөд өртөн амь алдсан түүхийн үнэн бий. Япончууд яг үнэндээ Монголыг эзлэхээр олон тооны цэрэг хил дээр хуралдуулсан ч юм байхгүй, монголын хилээс даруй 200 км-ийн алс Хайлаарт квантуны армийн нэг дивизион л байсан… гээд архивын материал, үзэл суртал, улс төр ороогүй шарласан хуудаснаас их олон үнэнийг мэдэж болно.

Харин эсрэгээрээ энэ байлдаан эхлэх үед Монголын зүүн хязгаар оросын цэргээр дүүрсэн байсан газрын зургууд одоо олдсоор байгаа. Энэ мэтчилэн цухас дурдаж буй архивын материалуудыг гүнзгий судалбал Халхголын байлдааны ялалтын 80 жилийн ой бол улс орон даяар амарч баясан тэмдэглэх тийм чухал өдөр мөн үү, биш үү. Харин өнөөдрийн тухайд бол В.Путины Монголд айлчилж буй өдрийг ийнхүү бүх нийтийн баяр, амралтын өдөр болгож байгаа юм байна гэж ойлголоо. Ямар нарийн учир жанцантайг үнэндээ мэдэхгүй байна аа.

Халхголын байлдааны ойнуудад хамгийн их хүндэтгэлтэй хандаж ирсэн, цаашид хандсаар байх, Матадын 8 дугаар дивизийн дайчин өвгөний хойч, Халхголоос зүүж ирсэн байлдааны гавьяаны улаан тугийн одонг нь гэрийнхээ хойморт өнөөдөр ч хүндэтгэлтэйгээр залан байдаг хүн үүнийг бичлээ шүү.

Б.НЯМАА