Categories
мэдээ нийгэм

Долоон уут мансууруулах төрлийн ургамал тээвэрлэсэн зөрчлийг илрүүлжээ

2019 оны наймдугаар сарын 11-ний өдөр Гүнтийн автотээврийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгээр Төв аймгийн Борнуур сумаас долоон уут мансууруулах төрлийн ургамал тээвэрлэсэн зөрчлийг илрүүлэн Эрүүгийн тухай хуулийн дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд малын яс их хэмжээгээр хаясан зөрчлийг шалган шийдвэрлэж байна

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байрлах айл малын толгой шулж орчныг бохирдуулж байна хэмээн иргэдээс ирсэн гомдлын дагуу Дүүргийн худалдаа, үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэстэй хамтран хяналт шалгалт хийжээ.

Хяналт шалгалтаар иргэн О нь ажилчдын ажлын байрны эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангаагүй, гадна орчинд малын яс их хэмжээгээр хаяж орчныг бохирдуулсан зөрчлийг илрүүлсэн аж.

Илэрсэн зөрчилд мэргэжлийн байгууллагууд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл ноогдуулж, зөрчийн үр дагаврыг арилгуулах талаар эрх бүхий албан тушаалтны албан даалгавар өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 92 сургууль, цэцэрлэгийн барилга баригдаж байгаагаас 20 нь есдүгээр сарын 1-нд ашиглалтад орно

Хичээлийн шинэ жил хаяанд ирлээ. Хүүхэд багачууд, оюутан залуус, эцэг эхчүүд есөн сарын 1-дээ бэлтгээд эхэлчихжээ. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн бэлтгэл ажил ямар түвшинд байгаа болон сурах бичиг, хичээлийн хэрэгслийн үнэ ханшийн талаар сурвалжиллаа.

ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ДУУСНА

Төрийн өмчийн цэцэрлэгт цахим бүртгэлд бүртгүүлж шинээр 18,849 хүүхэд элсэх боломжтой бөгөөд шинээр хоёр настай 11,913 хүүхэд элсүүлэх юм. “Цахим бүртгэл” 2019 оны долдугаар сарын 22-ны өдрөөс наймдугаар сарын 22-ны өдрийг дуустал 30 хоног үргэлжилнэ. “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа 2019 оны наймдугаар сарын 23-ны өдрийн баасан гаригийн 09:00 цагт нийслэлийн хэмжээнд нэгэн зэрэг явагдана.

Шинээр элсэх хүүхдийн бүртгэлийн тоо нь хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд тухайн цэцэрлэгийн элсэлтийн комисс систем дээр санамсаргүй түүврийн аргаар “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагааг иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулна. Өмнөх хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхдийн бүртгэлийг хийхдээ 2019 оны наймдугаар сарын 26-30-ны өдрүүдэд харьяа цэцэрлэг дээр очиж гэрээгээ сунгуулах юм байна.

Цахим системд бүртгүүлэх боломжгүй иргэд зөвхөн ажлын өдрүүдэд тухайн дүүргийн тойргийн цэцэрлэгт өөрийн биеэр очиж бүртгүүлэх боломжтой. “Цахим элсэлт”-ийн дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагчдын системд бүртгүүлсэн гар утсанд мессэжээр илгээнэ. Мөн tsetserleg.ulaanbaatar.mn системийн “Шалгах”цэс рүү орж хүүхдийнхээ бүртгэлийн дугаарыг оруулж, цэцэрлэгтээ элссэн эсэхийг шалгах боломжтой.

Тусгай, сувиллын, 24 цагийн цэцэрлэгт элсэж байгаа болон зорилтот бүлгийн хүүхдийн бүртгэлийг цахимаар зохион байгуулахгүй аж. Эцэг эх, асран хамгаалагчид холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн цэцэрлэг дээр өөрийн биеэр очиж бүртгүүлнэ. Бүртгүүлэх цахим хаяг: tsetserleg.ulaan­baatar.mn, www.edub.edu.mn. Цэцэрлэгийн хүүхдийн хичээлийн хэрэгсэл, ариун цэврийн хэрэглэл нь багцаар худалдаалагддаг. Харин энэ жилийн цэцэрлэгийн хүүхдийн багц хараахан худалдаанд гараагүй байна.

НЭГДҮГЭЭР АНГИЙН СУРАГЧДЫН ДАХИН БҮРТГЭЛ ЭНЭ САРЫН 21-30-НЫ ӨДРҮҮДЭД ЯВАГДАНА

2019-2020 оны хичээлийн жилд нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах сурагчдыг тавдугаар сарын 13-наас 27-ны өдрүүдэд бүртгэсэн. Дахин бүртгэл энэ сарын 21-30-ны хооронд явагдана гэдгийг Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга мэдээллээ.

Статистик үзүүлэлтээр

• Баянгол дүүрэг 5577,

• Баянзүрх дүүрэг 6838,

• Багануур дүүрэг 465,

• Багахангай дүүрэг 110,

• Сүхбаатар дүүрэг 3396,

• Сонгинохайрхан дүүрэг 5616,

• Хан-Уул дүүрэг 3883,

• Чингэлтэй дүүрэгт 2408,

• Налайх дүүрэгт 676 хүүхэд бүртгүүлжээ.

Харин нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх, үргэлжлүүлэн суралцах хүүхдийн бүртгэлийг долдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн наймдугаар сарын 22-ны өдрийг дуустал цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Цахим бүртгэлд энэ сарын 15-ны өдрийн байдлаар 28181 хүүхэд бүртгүүлсэн байна.

2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ГУРВАН ЭЭЛЖЭЭР ХИЧЭЭЛЛЭЖ БОЛЗОШГҮЙ 18 СУРГУУЛЬ БАЙНА

Энэ хичээлийн жилд 23 сурах бичиг шинээр хэвлэгдэх аж. Эдгээр сурах бичгүүдийг есдүгээр сарын 15-нд сурагчдын гарт хүргэхээр ажиллаж байна. Дүрэмт хувцасны дундаж үнийн хувьд бага анги 60-70 мянга, дунд анги 90-100 мянга, ахлах ангийн сурагчдынх 120-130 мянган төгрөг байна. Дүнжингарав худалдааны төвд үзэг бал 600-3000 төгрөг, цүнх бага дунд анги 20000-60000 төгрөг, ахлах анги 60000-90000 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. Дэвтэр 12 хуудастайгаас 96 хуудас хүртэл 250-1550 төгрөгөөр худалдаалж байгаа юм.

Сургалтын хөтөлбөр төлөвлөгөөний бүтэц батлагдаж бүх сургуулиудад тараагдсан бөгөөд шинэ хөтөлбөр төлөвлөгөөний дагуу 44,000 мянган багшид энэ сарын 27-30 -ны хооронд сургалт явуулах аж. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд он дамжин 92 сургууль, цэцэрлэгийн барилга баригдаж байна. Түүнээс 13 цэцэрлэг, долоон сургуулийн барилга есдүгээр сарын 1-нд ашиглалтад орно. Улс, нийслэл, дүүрэг, орон нутгийн хөгжлийн сан, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр 2019 онд нийслэлийн нийт 83 сургууль, цэцэрлэгт 5.3 тэрбум төгрөгийн их засварын ажил хийгдэх төлөвлөгөө батлагдан хэрэгжиж байгаа талаар нийслэлийн боловсролын газраас мэдээллээ.

Тээврийн цагдаагийн албаны ЗЦГ-ын замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга Б.Батболд “Нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчимд шаардлагатай тэмдэг тэмдэглэгээний судалгааг гаргаж холбогдох албаныханд өгсөн. Замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг учраас зарим хөдөлгөөнийг нэг чигийн урсгалтай болгосон. Цаашид замын хөдөлгөөн ихтэй байршлуудад судалгаа хийж байна ” гэлээ.


ӨНӨӨДРӨӨС НИЙТИЙН ТЭЭВРИЙН ТООГ НЭМЭГДҮҮЛНЭ

Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга Х.Булгаа “Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан есдүгээр сарын 1-нээс өмнө хүүхдийн автобусны үзлэг оношлогоог хийж байна. Өнөөдрөөс нийтийн тээврийн тоог нэмэгдүүлэх ажлыг хийхээр судалж байна” гэв.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэцэцэг “Шинэ хичээлийн жил эхлэхтэй холбогдуулж 33 байршилд сурагчийн дүрэмт хувцас, үзэсгэлэн худалдаа, бичиг хэргийн өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна” гэж мэдээлэв.

ҮДИЙН ЦАЙ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙНЭ

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын ахлах мэргэжилтэн Т.Улзмаа “Боловсролын хяналтын чиглэлээр хоёр үе шаттай хяналт шалгалтыг гүйцэтгэнэ. Энэ сарын 16-наас ирэх сарын 03-ны өдрүүдэд боловсролын байгууллагын барилга байгууламжийн засвар үйлчилгээ, гадна талбайг тохижуулсан байдал, багшийн хүрэлцээ хангамж, хамран сургах хүүхдийн тоо хамрагдалтын хувь, анги дүүргэлтийн урьдчилсан төлөв байдал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцах нөхцөл боломж бүрдсэн эсэх шалгалтыг эхний ээлжинд хийнэ. Дараагийн шалгалт нь энэ сарын 26-наас ирэх сарын 16-ны өдрүүдэд сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийн хоол хүнсний хангамж, нийлүүлэлт болон Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байдалд хяналт шалгалт хийнэ” гэлээ. Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт сургууль, цэцэрлэгийн барилга шинээр барих, өргөтгөх ажлын гүйцэтгэлд тогтмол хяналт тавьж хугацаанд нь бүрэн дуусгах, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш ажилтнуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд бүрэн хамруулахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар болон дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Мөн сургууль, цэцэрлэгүүдийн орчны аюулгүй байдал хангагдсан эсэхэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын албаныханд үүрэг болгож, дараагийн хуралдаанд дүүргүүдийн Засаг дарга нарыг хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл хийхийг үүрэг болголоо” гэв.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАХ БИЧГИЙГ ТҮРЭЭСЭЭР ХЭРЭГЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Сурах бичиг хүрэлцдэггүйн улмаас өндөр үнээр ном худалдан авах шаардлага тулгардаг. Харин энэ жил бага ангийн сурагчдыг сурах бичгээр үнэ төлбөргүй хангана. Харин VI-XII ангийн сурагчид сурах бичгээ худалдаж авахгүй түрээсээр ашиглах боломжтой боллоо. БСШУСЯ-наас VI-XII ангийн сурагчдын сурах бичгийг сургуулийн номын сангаар нь дамжуулан түрээсээр олгох аж. Өнгөрсөн жилүүдэд бага ангийн сурах бичгийг үнэгүй тарааж, VI-XII ангийн сурах бичгийн 40 хувийг төрөөс, 60 хувийг өөрсдөө худалдан авдаг байсан. Ийнхүү сурах бичгийг худалдахгүй түрээслэх болж буй нь зохиомол хомсдол үүсгэхээс сэргийлж байгаа хэрэг юм. Сурах бичиг 1,200-5,000 төгрөгийн үнэтэй зарагддаг ч зарим хэвлэлийн компани, дамлан худалдаалагчид замаас нь их хэмжээгээр хомсдол үүсгэн, үнийг 2-3 дахин нэмж худалддаг. Түрээсийн сурах бичгийн үйлчилгээ нь цаашид сурах бичиг худалдаалахыг зогсоож байна. Ирэх сарын эхний хагас гэхэд бүх сургуульд сурагчдын тоогоор сурах бичиг тараагдана. Жилийн эцэст сурагчдаас сурах бичиг ашигласны мөнгийг авах юм. Энэ нь сурах бичгийн үнийн 20-40 хувиас хэтрэхгүй байхаар төлөвлөжээ. Энэ мөнгө нь дараа жилийн сурах бичгийн дахин хэвлэлт болон нөхөн олголтод зарцуулагдах юм. Харин энэ хичээлийн жилд шинээр хэвлэх шаардлагатай бүх сурах бичгийг хэвлэн нийлүүлэх ажил 80 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа аж. Энэ жил Ерөнхий боловсролын сургуулийн 95 төрлийн 2.5 сая сурах бичиг, 65 төрлийн 100 гаруй багшийн ном шинээр хэвлэгдэж байна.

Ц.ЧИМЭДЦЭЕЭ

Categories
мэдээ нийгэм

Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг орон нутгийн түвшинд боловсруулна

Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн стратеги боловсруулах сэдэвт” сургалтыг 2019 оны 8 дугаар сарын 20-21 өдрүүдэд Орхон аймагт зохион байгуулж байна.

Сургалтад Архангай, Булган, Дархан-Уул, Дорнод, Орхон, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар болон аймгуудын Засаг даргын тамгын газар, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн нийт 50 гаруй мэргэжилтнүүд хамрагдаж байгаа юм.

Сургалтын хүрээнд аймаг, орон нутгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар харилцан туршлага солилцож, гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг орон нутгийн түвшинд боловсруулах арга зүйд суралцан, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа тодорхойлно.


Categories
мэдээ нийгэм

Бан Ги Мүн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Азийн төлөөх Боао форумын дарга, НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улс нь “Азийн төлөөх Боао форум”-ын Улаанбаатарын Бага хуралд төр засаг, хувийн хэвшил болон олон улсын байгууллагуудын төлөөлөл идэвхтэй оролцож, өндөр ач холбогдол өгч буйд баяртай байгаагаа илэрхийлж, цаашид залуучууд, эрдэмтэн судлаачид болон бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэн Монгол Улсын форумын үйл ажиллагаан дахь оролцоог өргөжүүлэхийн чухлыг тэмдэглэсэн юм.

Мөн Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд болж буй энэхүү Бага хурал нь хоёр орны бизнес эрхлэгчдийн хэлхээ холбоог улам бэхжүүлэх, бусад түнш орон, олон улсын байгууллагатай харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийг эрэлхийлэхэд дэм болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Ноён Бан Ги Мүн тус Бага хурлын нээлтийн ажиллагаанд оролцон үг хэлж буйд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд талархал илэрхийлээд ирэх онд тохиох форумын 20 жилийн ойн арга хэмжээнд Монгол Улсаас өндөр түвшний төлөөлөгч оролцохыг урив.

Мөн Монгол Улс нь бүс нутгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх нөөц боломжтой гэж үзэж буйгаа илэрхийлэн Монгол Улсын Засгийн газрын зүгээс уур амьсгалын өөрчлөлт, агаарын чанарын асуудлаарх хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Categories
мэдээ нийгэм

“Од”, “Болор”, “GMG” дэн буудлын үйл ажиллагаанд шалгалт хийж байна

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч дэд бөгөөд Эрүүгийн Цагдаагийн тасгийн дарга цагдаагийн хошууч М.Цэдэн-ишийн баталсан тус хэлтсийн хариуцсан хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Зочид болон дэн буудлын үйл ажиллагааг шалгаж, архидан согтуурах явдлыг таслан зогсоох, согтууруулах ундаанаас үүдэлтэй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг шалгах шалгалтын удирдамжийн” дагуу Мэргэжлийн хяналт, дүүргийн Худалдаа, үйлдвэр үйлчилгээний хэлтэс, хэвлэл мэдээллийн алба, Цагдаагийн хоёрдугаар хэлтэстэй хамтарсан шалгалтыг 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулж 13:30-21:30 цаг хүртэл ажиллалаа.

Шалгалтаар тус дүүргийн 6,9-р хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байгаа “Од” дэн буудал, “Болор” дэн буудал, “GMG” дэн буудлын үйл ажиллагаанд зөрчлийн хэрэг нээн ажиллаж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Дуучин Ж.Алтанцэцэг, С.Сэрчмаа нарын аялан тоглолт баруун аймгуудаас эхэлнэ

Поп дива, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэг, Соёлын тэргүүний ажилтан дуучин С.Сэрчмаа нар “Altaa & Sally-21” нэртэй аялан тоглолт хийхээр бэлтгэлдээ ороод байна.

Хүчтэй хоолой, байгалиас заяасан авьяас, мэргэжлийн ур чадвар зэргээрээ бусдаас эрс ялгардаг МУГЖ дуучин Ж.Алтанцэцэг, гоо үзэсгэлэн, уянгалаг дуу хоолойгоороо залуучуудын анхаарлыг байнга татаж байдаг дуучин С.Сэрчмаа нар ирэх есдүгээр сарын 20-ноос аялан тоглолтоо Монгол орны баруун хязгаар Увс, Ховд, Баян-Өлгий аймгаас эхлэх юм байна.

Монгол орныхоо өнцөг булан бүрт хүрч дуунд дуртай ард түмэндээ зориулан тоглолт хийхээр бэлтгэж байгаа хоёр поп дива хатагтай өөрсдийнхөө шилдэг уран бүтээлээс дээжлэн хүргэх бөгөөд тоглолтын үеэр үзэгч олонд зориулсан олон сюрприз барихаар шийджээ. “Altaa & Sally-21” аялан тоглолтын Мэдээллийн ивээн тэтгэгчээр энэ жил 10 жилийнхээ ойтой золгож байгаа Монголын сайтын холбоо ажиллах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Арвайхээр сумын иргэд нийтийн тээврээр зорчдог болно

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрийн 21 цэгт автобусны буудал барьж эхэлснийг тус аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Өвөрхангай аймгийн удирдлага энэ оныг тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил болгон зарласны хүрээнд нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулахаар болжээ. Үүний хүрээнд Сонирхуулахад, Арвайхээр суманд өмнө нь нийтийн тээвэр явдаггүй байсан аж. Иргэдийнхээ нийтийн тээврээр хямд зорчих боломжийг бодлогоор дэмжиж ажиллана гэдгээ тус аймгийн Засаг дарга онцолжээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн сурагчид утааны улиралд, орон нутгийнх мал төллөх үеэр уртаар амарна

БСШУСЯ-аас мэдээлэл хийлээ. 2019-2020 оны хичээлийн жилд ЕБС-ийн 850 гаруй сургуульд нийт 644 мянган хүүхэд суралцах бол цэцэрлэгт 275 мянган хүүхэд хүмүүжих юм байна.

ЕБС-д 40 мянга, цэцэрлэгт 10 мянга, их дээд сургуулиудад 7 мянга орчим багш ажиллах бол 140 орчим мянган оюутан суралцах аж. Их дээд сургуульд жилд 30-40 мянган оюутан элсдэг байсан бол энэ жил 10 мянган оюутан элсэж байгаа юм. Учир нь хичээлийн хөтөлбөр өөрчлөгдсөн жилтэй холбоотойгоор маш цөөхөн сурагч ЕБС-ийг төгссөн тул их, дээд сургуулийн элсэлт цөөн байгаа аж.

Хичээлийн жилийн бүтэц батлагдсан байна. Энэ хичээлийн жилд бага анги 32 долоо хоног, дунд анги 33 долоо хоногоор хичээллэнэ. Харин амралтын хувьд нийслэл, орон нутагт ялгаатай байхаар батласан байна. Тухайлбал, нийслэлийн сурагчид утааны улиралд урт амарна. Харин орон нутгийн сургуулийн сурагчид мал төллөх үеэр урт амраахаар зохицуулалт хийжээ. 2019-2020 оны хичээлийн жилийн зуны амралт зургадугаар сарын 6-нд эхлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Электрон тамхи уушгины өвчний шалтгаан болжээ

Америкийн 14 мужид эмч нар уушгины үл мэдэгдэх өвчнөөр өвдсөн 94 тохиолдол бүртгэсэн бөгөөд үүний шалтгаан нь электрон тамхи гэж мэдэгджээ.

The Washington Post сонины мэдээлснээр электрон тамхи татдаг өвчтнүүд дээрх өвчнөөр өвдөн, эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд зарим нь эрчимт эмчилгээний тасаг, уушгины хиймэл амьсгалын аппаратад орсон гэнэ.

Энэ өвчний 94 тохиолдол Калифорни, Иллинойс зэрэг 14 мужид бүргтгэгдсэн бөгөөд амьсгалахад хүндрэлтэй болох, цээж хөндүүрлэх, зүрхний цохилт хурдсах, ханиалгах зэрэг шинж тэмдгүүд илэрч байгаа гэнэ. Өвчтнүүд эмнэлэгт хандахаас өмнө электрон тамхи хэрэглэж байсан учир энэ нь уушгины ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн байж болзошгүй гэж эмч нар таамаглаж байгаа аж.

Энэ нь электрон тамхины аюулгүй байдалд эргэлзэхүйц дүгнэлт гарсан анхны тохиолдол биш юм. Зургаадугаар сард Канзассын их сургуулийн эрдэмтэн Маттиас Салатегийн удирдсан судалгааны багийнхан судалгаа хийгээд электрон тамхианас гардаг уур нь амьсгалын замаас чийг гарахад саад болж улмаар уушгины ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг байж болзошгүй гэж мэдэгдэж байлаа.

Үүнээс өмнө ч электрон тамхины хор уршгийн талаарх судалгаанууд гарч байсан бөгөөд никотин агуулдаг электрон тамхинуудын зүрх судасны системд үзүүлдэг хор нь энгийн тамхинаас гурав дахин их гэдгийг Германы эрдэмтэд тогтоож байлаа. Мөн үүнээс хоёр жилийн өмнө Грекийн эрдэмтэд никотингүй электрон тамхи зүрх судсанд муу нөлөөтэй гэж мэдэгдэж ыайсан бол Америкийн Рочестерийн их сургуулийн эрдэмтэд электрон тамхины уур шүдэнд үрэвсэл үүсгэдэг хэмээн мэдэгдэж байсан юм.