Categories
мэдээ нийгэм

Таван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийнэ

Өнөөдөр буюу 2019 оны наймдугаар сарын 21-ний Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

СҮХБААТАР:

10:30-20:00 цагт: СБД 5-р хороо Доктор авто сүлжээ ХХК, Орбита эмнэлэг болон эдгээрийн ойр орчмоор,

ЧИНГЭЛТЭЙ:

10:30-20:00 цагт: ЧД 19-р хороо Ар хустайн зуслан, Шинэ тавилга, Канвон широб ХХК-ууд, Зөөлөн эрдэнэ дэлгүүр болон эдгээрийн ойр орчмоор,

ХАН-УУЛ ДҮҮРЭГ:

11:00-18:00 цагт: ХУД 7, 10-р хороо Яармагийн 15-22-р гудамж, Хантуул, Ази фарма, Түшээ дунд гол, УСУГ-ын худгууд,

СОНГИНОХАЙРХАН:

11:00-18:00 цагт: СХД 8, 20-р хороо 5-р бааз, Од-дин, Мон Сүү ХХК-ууд, Савангийн үйлдвэр, Нефтийн байр, ХЦХ-ийн 1-12-р байр болон эдгээрийн ойр орчмоор,

НАЛАЙХ:

10:00-18:00 цагт: Налайх дүүргийн 4-р хороо Нисэхийн хорооны 4-10-р гудамж, Нисэхийн хорооны 17-21-р гудамжны айл өрх,

10:00-18:00 цагт: НД Горхи-Тэрэлжийн БЦГ Тэрэлж, Шижирээгийн ам, Цагаан бар нүүдэлчин ХХК

ТӨВ АЙМАГ:

09:00-18:00 цагт: Зуунмод сум.

Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Мөнхийн дайсан ЯПОН


БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

НИКСОН, ТАНАКА

1968 онд “Вьетнамын дайныг зогсооно” гэсэн уриатайгаар Ричард Никсон АНУ-ын -рөнхийлөгч боллоо. Гэвч халдвар нь бараг хавдар болчихсон энэ хүнд шархыг эмчилнэ гэдэг нэн хүнд хэрэг юм. Профессор Хэнри Киссинжэрийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр урьж авчирснаар энэ хоёр улстөрч тухайн үеийн эмзэг болсон олон улсын төвөгтэй байдалд маш том засвар хийж чаджээ. Вьетнамын дайныг зогсоохын тулд ард нь тулах хүчин болсон СССР, Хятад гэсэн хоёр коммунист аваргатай ямар нэг хэмжээгээр зохицох тактик хэрэглэжээ. Энэ хоёр гүрэн биенийхээ эсрэг АНУ-ыг холбоотноо болгох сонирхолтой байв.

1971 онд Никсон гэнэт Хятадад айлчилж Маотой уулзсан нь ёстой санаанд ороогүй цочрол боллоо. Хойтон жил нь Никсон Москвад айлчиллаа. СССР-тэй стратегийн зэвсэглэлийг хязгаарлах хэлэлцээ хийж SALT-1 гэрээг хоёр тал үзэглэв. Никсоны хийсэн энэ хоёр айлчлал цөмийн аюулд тулгарчихаад байсан дэлхийг зөөлрүүлж намжмал байдал буй болгосон юм. Никсон үнэхээр 1973 онд Парисийн энх тайвны гэрээгээр Вьетнамын дайныг зогсоож чадсан билээ.

Зүүн Азид Никсонтой хоршин тоглогч нь Японы ерөнхий сайд Какүэй Танака байлаа. Тэрээр Никсоны дараагаар Хятадад айлчилж Мао болон Жоу Эньлайтай уулзан хоёр орны харилцааг хэвийн болгоход чухал алхам хийв. Дэлхийн II дайнд ялагдан хүнд шарх авсан Японы нэр нүүрийг сэргээхэд тэр их үүрэг гүйцэтгэсэн. Дайны дараа бүх хөршүүдтэйгээ хүйтэн харилцаатай болсон Япон бүс нутагтаа ганцаардаж байлаа. Никсоны мөрөөр Танака СССР-т айлчиллаа. Зүүн Өмнөд Азийн орнуудаар айлчилж Индонезтэй дотносов. Зүүн Герман, Монголтой 1972 онд, Хойд Вьетнамтай 1973 онд дипломат харилцаа тогтоож чадлаа.

МОНГОЛЫГ ЭЗЭЛБЭЛ ДЭЛХИЙГ ЭЗЭЛНЭ

Түүхэнд гарсан хамгийн алдартай, олон жил амь бөхтэй явсан, ингэснээрээ улс хоорондын үзэл суртлын хүчирхэг зэвсэг болсон хуурамч бичиг баримт бол “Танака меморандум” юм. Япончууд дэлхийд ноёрхох маш нууц төлөвлөгөөг Японы 26 дахь ерөнхий сайд Танака Гиити 1927 онд боловсруулаад Эзэн хаан Хирохитод өргөн барьсныг илчиллээ хэмээсэн шуугиан гарлаа. Энэхүү нууц төлөвлөгөө гэгчийг Наньжин дахь Гоминданы нэг сонин анхлан “илрүүлжээ”. Төлөвлөгөөний үндсэн санаа нь:

-Хятадыг эзлэхийн тулд эхлээд япончууд Манжуур, Монголыг эзлэх хэрэгтэй;

-Дэлхийд ноёрхохын тулд эхлээд Хятадыг эзлэх хэрэгтэй;

-Хэрвээ Хятадыг эзэлж чадвал Өмнөд Ази, Энэтхэг, Номхон далайн орнууд Японоос айж хар аяндаа бууж өгнө;

-Зүүн Ази тэр чигээрээ Японы гарт орчихвол бүх дэлхий үүнийг ойлгож, ямар ч засвар өөрчлөлт хийхээс татгалзах болно.

Энэ нууц төлөвлөгөө хуурамч баримт байна гэж япончууд хичнээн эсэргүүцсэн ч цаашлах тутам болох үйл явдал меморандумыг үнэн болгож харагдуулж байлаа. 1931 оны Мүгдэнгийн мөргөлдөөн, 1934 оны Манжуурыг эзэлсэн явдал, 1937 оноос эхэлсэн Япон-Хятадын дайн, 1939 оны Халх голын тулалдаан, 1941 оны Пөрл Харбор дахь гэнэтийн довтолгоон зэрэг нь Танака меморандумыг бүх талаар баталж байв.

Дайны дараа Японыг олон улсын шүүхээр буруутгахын тулд Танака меморандиумыг шуурхай хайсан боловч тийм бичиг баримт огт олдоогүй. Бичиг баримт хуурамчаар үйлдэгдсэн нь тодорхой болсон ч хэн хийснийг олон жил хайсан юм. Японы эсрэг үзэл санааг АНУ, Европт дэлгэрүүлж, Азид үзэн ядсан хийрхэл буй болгохын тулд СССР-ийн НКВД-ээс энэ меморандиумыг хуурамчаар үйлдэн тараасан болох нь дөнгөж 1995 онд тодорхой болжээ. Хэдийгээр дайны дараагаас л энэ баримт хуурамч болох нь илэрхий болсон авч үйлдсэн эзэн нь мэдэгдэхээс өмнө олон жилийн турш Танака меморандум Японы эсрэг үзэл суртлын хүчтэй зэвсэг болон ашиглагдсаар ирэв. Азийн олон орон, түүний дотор БНХАУ, Монголд энэ “баримт” сургуулийн сурах бичигт хүртэл орж, түүхийн элдэв номд ягшмал ойлголт болон төлөвшсөн байна. Монголд энэ “баримт” 1990 он өнгөртөл хүчин төгөлдөр байлаа.

ХАЛХ ГОЛООС ЦААШ ЯЛАЛТ ГЭЖ ҮГҮЙ

Монголын шинэ үеийнхэн Японыг үзэн ядах хүмүүжлээр өсч бойжсон юм. Ерөөс алив дарангуйллын нийгэм өөрийн сонгосон дайсантай, түүнийхээ эсрэг хүчтэй суртал нэвтрүүлэг тогтмол явуулж байх нь тогтолцоогоо бат авч явах нэг арга нь байдаг.

Их хядлагын үеэр хэдэн арван мянган хүнийг чухам Японы тагнуул, Японтой холбоотой байсан хэргээр хядан устгасан болохоор хэдийгээр нам, төрийн олон хүнийг хилс хэрэгт гүтгэсэн боловч үнэхээр улс орны тусгаар тогтнолд Японы аюул заналхийлж байсан гэдгийг батлахын тулд Японы эсрэг үзэл суртлыг тасралтгүй хүчтэй явуулж байлаа.

Дайны дараа Сталины “бэлэглэсэн” 12 мянган япон олзлогсод Монголын бүтээн байгуулалтад чамгүй хувь нэмрээ оруулсан. Ялангуяа тэд Улаанбаатарын барилгажуулалтад гол ажиллах хүчин болж оролцжээ. Барилга байшин барих туршлагагүй, тэгээд ч ийм ажлыг олзлогсод, боолчуудын хөдөлмөр гэж үзэх нэн эртний уламжлалтай монголчууд япон олзлогсдыг чухамдаа үйлдсэн нүглийнхээ зохих хариуцлагыг хүлээж байна гэж харж байлаа. Улаанбаатарын төв талбайд барьсан кино театрын үүдний асар том заалын шалыг Японы төрийн далбаагаар зураглан хийлгээд тэнд нийтийн бүжиг байнга зохиодог байв.

Японы эсрэг бас нэг том үзүүлбэр бол Халх голын байлдааны ялалтын баярыг жил бүр дуулиантай зохиож байсан явдал юм. Энэ нь нэг талаас СССР-т нацист Германыг ялсны ойг үндэсний хамгийн том арга хэмжээ болгох болсны хуулбар, нөгөө талаас Халх голын тулалдаанд удирдалцан оролцож байсан гэгдэх Цэдэнбалын нэр хүндийг улам өсгөх нэг шалгуур байлаа. Гэтэл Халх голын байлдааны цаад шалтгаан, түүхэн үнэн, тэр үеийн хүчирхэг гүрнүүдийн геополитик, Японы болон СССР, Хятадын ашиг сонирхлын тухай Цэдэнбалын өөрийнх нь ойлголт тун ядмаг, туйлширсан, өнгөц байсан нь түүний хувийн тэмдэглэл, дурсамж, ойр дотныхонтойгоо хэлэлцсэн яриа зэргээс тодорхой харагддаг. Үнэндээ Халх голд байлдсан СССР, Япон хоёр аль нь ч ялалт байгуулаагүй атал Үзэл суртлын зорилгоор түүхэн үнэнийг гуйвуулсан, туйлширсан илтгэл, албан ёсны ярилцлага, өгүүлэл зэрэгтээ тэр өөрөө үнэхээр бат итгэдэг байжээ. Нэг үгэндээ тэр худлаа яриагүй, өөрийн бат итгэл үнэмшилдээ л хөтлөгдөж байсан байх юм. Зөвлөлтийн генерал офицеруудтай уулзах, тэдэнтэй ярьж хөөрөх, одон тэмдгээр шагнах, энэ талын ном товхимол уншин түүнээ эшлэх зэрэг нь Цэдэнбалын амьдралын хамгийн том баяр баясгалан нь байлаа. Тэрээр Танака меморандумыг хамгийн их сурталчлагчийн нэг байсан юм.

ЗӨВЛӨЛ ТАХ “ГОВЬД” ДУРГҮЙЦЭЖ БАЙНА

1972 онд Монгол, Япон хоёр дипломат харилцаа тогтоосон нь биенээ ойлголцох эхлэл боллоо. Тэртэй тэргүй дайны дараахь Японы хөгжил, техник технологийн дэвшил нь алгаар хаахын аргагүй, хорвоогийн аль ч бөглүү мухарт илт харагдаж, мэдрэгдэж байлаа.

Монголын удирдлагууд Японтой юун түрүүн эдийн засгийн харилцаа тогтоохыг сонирхож байлаа. Хамгийн түрүүн 7-8 тэрбум тоннын нөөцтэй Таван толгойн коксжих нүүрсний уурхайг хамтран ашиглах санал Японд тавихаар ярилцжээ. Гэвч ийм том ордыг ашиглая гэвэл мэдээж Зөвлөлтөөс асуух хэрэгтэй. Цэдэнбал үүнийг Москвагаас асууж өгье гэсэн байна. Социалист системийн алсдаа хэрэглэхээр төлөвлөж буй ийм том нөөцийг хөрөнгөт оронтой хувааж болохгүй гэсэн Брежневийн татгалзлыг удирдагч Москвагаас тээж ирлээ. Тэгэхээр нь Цагаансуваргын зэсийн ордыг хамтарч ашиглах тухай санааг япончуудтай ярилцжээ. Үүний ашиглах өртөг нь ойролцоогоор 2,3 тэрбум доллар гэсэн урьдчилсан тооцоо гарсан байна. Энэ асуудлыг УТТ-оор оруулжээ. Гадаад худалдааны яамны орлогч сайд, Цэдэнбалын хүргэн дүү Ө.Доржийн гэрчилж байгаагаар энэ асуудлыг Цэдэнбал шууд эсэргүүцсэн гэнэ. “2,3 тэрбум доллар гэдэг чинь Монголын ард түмнийг барууны гял цал бараагаар хучна гэсэн үг үү!” хэмээн тэрээр санал дэвшүүлэгчдийг загнасан гэх[i][1].

Ингээд хамтын ажиллагааны тухай мөрөөдөл багасан багассаар ямааны ноолуур, тэмээний ноос боловсруулах үйлдвэр Японоос авах болж үүнийгээ “Говь” гэж нэрлэлээ. Энэ нь хоёр орны хамтын ажиллагааны бэлгэдэл болох ёстой. Юутай ч энэ төслийг Улс төрийн товчоогоор батлуулж дөнгөжээ.

Үйлдвэр барих, ажилчин, мэргэжилтэн бэлтгэх ажиллагаа эхнээсээ л тун базаахгүй явлаа. Японоос нийлүүлсэн тоног төхөөрөмж учир үл олдох шалтгаанаар алдагдах боллоо. СССР-ийн Находка боомтод ирсэн ачаа ор сураггүй алга болно. Ирсэн нэг нь хэмхэрсэн, эргэж засахын аргагүй болтол зориудаар эвдсэн байдалтай орж ирнэ. Үйлдвэрийг босгоход зориулсан асар том 40 орчим төмөр хийцийг зориудаар тахийлган эвдсэн байхыг харсан Японы Элчин сайд Н.Цүгэ “Ийм том төмөр хийцийг тахийлгах тоног танайд байхгүйг би сайн мэднэ. Хэн замд нь зориудаар эвдэн сүйтгэдэг байнаа!” хэмээн ёжтойгоор шогширч байв[ii][2].

Үйлдвэр ч яахав түмэн бэрхшээлээс болоод төлөвлөснөөсөө нэлээд хожуу ашиглалтад орлоо. Үүнээс гадна япончууд Жайкагийн шугамаар хөдөө аж ахуйн болон эрүүл мэндийн тоног төхөөрөмж бэлгийн журмаар өгөх болжээ. Энэ нь зөвлөлтүүдийн дургүйг хүргэх боллоо. ГЯЯ-ны сайд болон орлогч сайд, МАХН-ын холбогдох тушаалтнуудад Зөвлөлтийн Элчин сайдын яамнаас байнга сануулга өгөх болжээ. “Япон танайд тусламж үзүүлж байгаа юм болоод нэвтрэхээр оролдож байна. Хуруугаа сарвайж байгаад гараа тас хазуулах гэж байна, та нар. Япон ингэж бага багаар ахисаар байгаад хэдхэн жилийн дараа эдийн засгийн цөмрөлт болбол та нар яах болж байна!” гэх мэтээр аашлах болжээ.

ГЯЯ-ны дэд сайд Д.Ёндон Японд урилгаар айлчлах болоход Цэдэнбал дуудаж авчраад япончуудтай эдийн засгийн хамтын ажиллагааны тухай ганц ч үг хэлэлцэлгүй зөвхөн үзүүлснийг нь харчихаад ирэх үүрэг өгсөн аж. Түүнийг Токиод очиход нь тэнд суух Зөвлөлтийн Элчин сайд Д.С.Полянский Монголын Элчин сайдын яаманд өөрийн биеэр ирэн япончуудтай эдийн засгийн талаар ярихдаа болгоомжтой байхыг үүрэгдэв. Төлөөлөгчдийг Улаанбаатарт ирэхэд нь Улаанбаатар дахь Зөвлөлтийн Элчин сайдын яамныхан Японд чухам юун талаар хэнтэй хэрхэн ярьсныг нь тулган асуусан байна[iii][3].

“Говь” үйлдвэрээ ашиглалтад өгчихсөн монгол дарга нар улам цааш ахиж Монгол-Японы хооронд худалдааны хэлэлцээр байгуулах, зарим бараа, техникийн үзэсгэлэнг нь Улаанбаатарт үзүүлэх, үйлдвэр соёлын байгууламж хамтран байгуулах зэрэг санал гаргах боллоо. Бүр цаашлаад Японоор металлургийн жижиг оврын үйлдвэр бариулахаар төсөл хийжээ.

Энэ даварсан байдлыг Москва нэлээд том цохилтоор няцаав. СССР-ийн ГЯЯ-ны Зүүн Ази хариуцсан орлогч сайд М. С. Капица монголчуудыг хүлээж авахдаа “Танай нөхөд, ялангуяа хөдөө аж ахуй хариуцсан хүмүүс Японтой эдийн засгийн салбарт хамтарч ажиллах гэж хэт улайрч байна. Манай намын ТХ-ноос энэ асуудлаар танай намын ТХ-нд захидал бичихээр төлөвлөж байна… Японтой эдийн засгийн талаар харилцахдаа тун болгоомжтой байгаарай гэдгийг намынхаа удирдлагад заавал уламжлаарай”[iv][4]. Нэг л зүйл ойлгомжтой: 1939 онд япончууд Монголыг тэр чигээр нь колонио болгон дарлах гэж Халх голд дайн хийсэн, гагцхүү СССР тусалж байж л энэ аюулаас авран хамгаалсан. Монголын нүүдэлчин ардуудын энэ ягшмал болсон ойлголтод завсар оруулахыг зөвлөлтүүд хүсэхгүй байлаа.

[i] Дорж, Ө. Дурсамж. (Улаанбаатар 2013 он) [Dorj, U. Memory]

[ii] Ёндон, Д. Үнэн учрыг өгүүлбээс (Улаанбаатар 2016) х-82 [Yondon, D. An accant of true reasons]

[iii] Ёндон, Д. Үнэн учрыг өгүүлбээс (Улаанбаатар 2016) х-83-88 [Yondon, D. An accant of true reasons]

[iv] Ёндон, Д. Үнэн учрыг өгүүлбээс (Улаанбаатар 2016) х-97 [Yondon, D. An accant of true reasons]

Categories
мэдээ цаг-үе

О.Баасанхүү: Үндсэн хууль дээр тохироо хийж чадахгүй болохоор У.Хүрэлсүх аргаа баран сөхөрч байна

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс зарим зүйлсийг тодрууллаа.


-Нийгмийн анхаарлын төвд байгаа Б.Хурцын шүүх хурал зургаан өдрийн турш үргэлжилж байна. Шүүх хурлын талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

-Би хөндлөнгөөс шүүх хурлын явцад дүгнэлт хийх эрхгүй хүн. Миний мэдэж байгаагаар 1990 оноос хойш олон жагсаал болж байсан. Ихэвчлэн хүнийг шоронгоос сулла гэж жагсаж байсан. Тухайлбал, миний санаж байгаагаар Н.Энхбаяр даргын жагсаал байна. Үхлийн шар цэцгийг шүүх рүү шидэж байсан жагсаал. Харин энэ удаагийн Төв аймагт болж байгаа жагсаалыг харахад хамгийн их гайхаж байгаа нь хүнийг шоронд хий гэдэг жагсаал байна. Хохирогчдын хоёр хөгшин энийг мэдэж байгаа юм уу, үгүй юу мэдэх юм алга. Үнэндээ Содномдаржаа, Чимгээ нарыг суллах шүүх хурал биш. Зөвхан мөрдөн байцаалтын явцад алдаа гарсан уу, үгүй юу гэдгийг шалгаж байгаа. Үнэхээр суллуулахыг хүсч байгаа бол Ерөнхийлөгч Х.Баттулгын гадаа жагсах хэрэгтэй. Яагаад гэвэл Ерөнхийлөгч ямар ч асуудлаар уучлал үзүүлдэг Үндсэн хуулийн бүрэн эрхтэй. Тэгээд ч гэмт хэрэг хийгээгүй хүнийг шоронд хорьж болохгүй. Сулласны дараа гэм буруутай үгүй, цагаатгах ёстой үгүйг, эсвэл эрүүдсэн эрүүдээгүйг ярих ёстой. Энийг Батзандан маш сайн мэдэж байгаа. Ж.Батзандан хэвлэлийн хурлаа Ерөнхийлөгч рүү яагаад хаяглахгүй байгаа юм. Зөвхөн Тагнуулын ерөнхий газрын дарга байсан хүнийг шоронд хийхгүй бол жагсана гээд байх юм. Гэм буруутай, үгүйг шүүх шийднэ. Шоронд оруулахгүй бол тэмцэнэ гэдэг ямар ардчилсан нийгэм байх вэ. Үндсэн хуульд хүмүүнлэг, энэрэнгүй гэдэг үг байдаг биз дээ. Ямар ч Их хурлын гишүүн хүн хүмүүнлэг, энэрэнгүй зарчмыг дагаж бүх хүмүүст тэгш хандана гэсэн тангараг өргөдөг. Энэ үүднээс жагсаалын утгыг харахаар бухимдмаар санагдаж байна.

-Та тэр хүмүүсийг гэмт хэрэг хийсэн гэж бодож байна уу. Эрүүдэн шүүх нь буруу биз дээ?

-Та наад асуултаа ҮАБЗ-ийн гурван гишүүнээс асуусан нь зөв байх. Гүйцэтгэх ажлын материал гэж юм бий. Маш нууц хурал учраас гүйцэтгэх ажлын материалыг харсан гурван хүн хэрэг хийсэн, үгүй дээр багцаа байгаа. Мэдээж энэ хүмүүс хэрэг хийчихсэн байгаасай гэж би бодохгүй байна. Хамгийн инээдэмтэй нь энэ жагсаж байгаа нөхдүүд бүгд миний таньдаг хүмүүс. Бүгд ардаа эзэдтэй. Н.Алтанхуяг, Н.Энхбаяр дарга, Х.Баттулгын цэргүүд байна лээ. Би тэдэнд битгий хүн амины хэргээр улс төр хийгээч гэж зөвлөмөөр байна. Харамсаад байгаа зүйл нь мөрдөн байцаах нууц ажилтнаар зургаан сар хамт амьдарсан нууц тагнуулын ажилтанг шүүх хуралд оруулсан тухай сонслоо. Энэ үнэн бол жинхэнэ Монгол төрийн эмгэнэл. Цаашдаа энэ асуудал одоогийн тагнуулын даргаас эхлээд нэлээд олон хүнийг хамарсан юм дуулгах биз дээ. Өнөөдөр Монгол төрийн системд их санаа зовж байна. Монгол төр өөрийн гэсэн түүхтэй. Дэлхийн ямар ч оронд тагнуулын байгууллагаараа шоу хийж бүхэл бүтэн системээ шүүх хурал гэдэг нэрээр далимдуулан Хятад болон томоохон улс оронд тайлбарлаж, тайлагнаж байгаад харамсаж байна. Магадгүй шүүх хурал хаалттай болж байна гэж бодож байгаа. Гэтэл хаалттай шүүх хурал чинь дотоод мэдээллээ задлаад байгаа биз дээ. Төрийн маш нууц мэдээллээр шүүх хурал хийнэ гэдэг тоглоом биш.

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөөр Шүүх засаглалыг өөрчлөх боломж бий юу?

-Үндсэн хуульд оруулах, нэмэлт өөрчлөлт бараг бүтэхгүй байх.

-Яагаад?

-Гишүүд ганцхан зүйл дээр санал нэг байсан. Харамсалтай нь МАН бүлэг зургаан өдөр хуралдахад яаж ч чадахгүй байгаа биз дээ. Цаашдаа ямар нэгэн гацаа гарахыг мэдэхгүй байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх сүр болоод л мэдэгдэл хийдэг. Мэдэгдэл хийх болгонд нэг зүйл болчихсон байдаг. Миний бодож байгаагаар дотроо Үндсэн хуулийнхаа тохироог хийж чадахгүй байгаа учраас Ерөнхийлөгчийн хэл гэсэн үгийг дамжуулж байгаа биз. Түүнийгээ олон нийтэд гаргадаг. Сонсоход их гоё. Олигархуудтай тэмцэх ёстой гэдэг нь үнэн. Тост, Тосон бумбыг анх тусгай хэрэгцээнд авсан хүн нь би. 2014 онд энэ сэдвээ гаргаж тавиад тусгай хэрэгцээнд авсан. Үүний уршгаар нь төрөөс өндөр албан тушаал хаших эрхгүй болчихсон. Яагаад гэвэл олигархууд байгаа. Өнөөдөр /өчигдөр/ Ерөнхий сайдын ам нь халаад нэлээн юм ярьсан. Энэ хүний хэлснээр сайдууд нь толгойгүй болчихсон. Эхлээд өмхийгөө арилга гээд Баделханд хэлсэн. Одоо гэтэл өмхий нь ч байна. Толгой нь ч байна. Улаан сайдыг махны үнэ буулга, үгүй бол толгойтой чинь ярина л гэсэн. Улааны толгойгоор бид яах юм. Махны үнэ буурахгүй. 21 аймагт махны үйлдвэр байгуулчихсан. Махны үйлдвэр ажилчдаа цалинжуулах ёстой учраас янз бүрийн аргаар мах худалдаж авна. Нэг хүний толгой байтугай нэг ялааг бяц цохиж чадахгүй хүн шүү дээ. Хоосон ам. Гэтэл хэлснийг нь харанхуй масс нь алга ташиж хүлээж авч сохроор итгэж буй жишээтэй.

-МАНАН, мафитай тэмцэж байна гэдэг. Уул уурхайн олборлолттой ч тэмцэж байгаад ард түмний дэмжлэг хэрэгтэй байх?

-За яахав. МАНАН, мафитай тэмцэж байна л гэдэг. Ингэж хэлэхээр нь инээд хүрдэг юм. Өөрөө өөрсөдтэйгөө тэмцэнэ гэж юу яриад байгаа юм. Анх МАНАН-г Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр байгуулсан. Ерөнхий менежерээр нь АН-аас Х.Баттулгыг, МАН-аас Бадамжунай байсан. Нэг нь одоо МАН дотроо нөлөө бүхий менежерээ хийгээд явж байна. Нөгөө нь Ерөнхийлөгч болчихсон. Ерөнхийлөгч болохоор МАНАН-гийн зарчмаар хүчтэй толгойлогч болох ёстой учраас нөгөө хэддээ хамаг муу муухайгаа үүрүүлэх гэж байгаа жүжиг. Жишээлбэл, Сайханбилэг, Баяр, Баярцогт эдэндээ хамаг муухайгаа үүрүүлж байгаа. Хамгийн хошин шог нь шоронд тохиролцож орсон гэж боддог. Хамгийн сүүлийн жишээ хэлэхэд ЕТГ-ын дарга З.Энхболд нээх том шүүгч болоод том том ярьсан. Ядаж байхад С.Баярын Жаран бутархай номын араас шүү. Гэтэл ганцхан тайлбар өгөөд цаадах чинь юу болов. Иймээс хулгайч хүмүүс хувьсгал хийдэггүй юм гэж би яриад байгаа юм. Тиймээс 2020 онд зөв сонголт хийх ёстой. Өөрөөр хэлбэл 2020 онд одоогийн төрд байгаа хулгай хийсэн хүмүүс, тэдний гарт барьцаалагдсан хүмүүсээс нэн яаралтай салах хэрэгтэй. Өнөөдөр У.Хүрэлсүх хүн амины хэрэгт холбогдсон, хүчин хэрэгт холбогдсон, концесс, 49 ЖДҮ-гийн хулгайчдыг хүлээн зөвшөөрч зарлалаа. Зарлуулсан хүмүүс өөрт нь дуртай байхгүй нь ойлгомжтой. Магадгүй Засаг огцрох ч юм бил үү. Үүнийгээ мэдээд тэр хүн цурам тавьсан төдий болохоос биш хэзээ ч бохир зүйлээ засах гэж яваагүй, явах ч үгүй. Би МАН-ыг маш сайн мэднэ. 2016 онд М.Энхболд ялчихаад өрөөнд нь уулзах гээд хүлээгээд зогсож байхад одоо том дуугардаг жоохон хүүхдүүд үүднээс нь эхлээд сөгдөн мөргөж ах аа гэж гүйдэг байлаа.

Энэ зарчмаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд тэр хүндлэлийг авч байгаа байлгүй дээ. Харамсалтай нь тэд хэнийг ч унагаадаггүй, унаж байгаа дээр нь өшиглөдөг хүмүүс. Би ийм зүйлд дургүй.

Categories
мэдээ цаг-үе

МУГЖ М.Бадамгаравын том хүү П.Батчимэг: Ээжийг минь “Аман хуур” киноны Дарийнх нь дүрээр төсөөлж болно

Аман хуур киноны хэсгээс…

Монголын урлагийн алтан үеийн бурхдын нэг МУГЖ М.Бадамгаравын мэндэлсний 100 жилийн ой тохиож байна. Түүний том хүү П.Батчимэгтэй ярилцсан ярилцлагынхаа үргэлжлэлийг хүргэе.


-МУГЖ М.Бадамгарав гуайн шавь нарынх нь талаар дурсахгүй юу?

-Ээжийг мундаг нүдтэй гэж “Кино үйлдвэрийнхэн” ярьдаг байсан гэнэ лээ. Кино үйлдвэрийнхэн кино бүтээхдээ, тоглох дүрүүдээ их хайж, сорчилдог байж. Ээж ч гэсэн дүрүүдээ хайгаад гадуур явж байхдаа МУИС-ийн гадаад хэлний нэгдүгээр ангийн оюутан Н.Батцэцэг дээр очоод “дуулж бүжиглэдэг үү” гэж асууж л дээ. Тэгсэн чинь Н.Батцэцэг гуай ээжийг хараад “таг ангайгаад гайхчихсан” гэнэ. Жүжигчин хүн чинь бас “хөдөлж, ярьдаг” юм байна гээд./инээв/ Тэгээд кинонд тоглох дүр хайж яваагаа хэлж, гэхдээ яг чамайг авч байгаа юм биш. Хэд хоногийн дараа чам руу утасдана. Очоод шалгуулаарай гэж хэлсэн байгаа юм. Н.Батцэцэг кино үйлдвэрт очоод хорин хэдэн хүүхнүүдтэй цуг шалгуулсан. “Эх бүрдийн домог” киноны Нарангаравын дүрд шалгарсан. Ээжийн сонгосон Н.Батцэцэг Нарангаравын дүрд тэнцсэн. Эндээс Н.Батцэцэг гуайн жүжигчний карьер эхэлсэн гэж ярьдаг. МУГЖ Н.Батцэцэг ярихдаа “Намайг кино урлагт хөтөлж оруулсан хүн бол М.Бадамгарав гуай юм шүү дээ” хэмээн ээжийг хүндэтгэн дурсдаг юм. “Өөрийнх нь багш” гэж үздэг тухайгаа ч хуучилдаг. Ээжийг бурхан шиг шүтдэг хүн дээ. Төд удалгүй “Өглөө” киноны Сүхбаатарын дүрд тоглох хүн олддоггүй. Энэ киноны Сүхбаатарын дүрд Ц.Дашнамжил гуай тоглосон шүү дээ. Ц.Дашнамжил гуайн эхнэр манай эгч Уранчимэгтэй найзууд байхгүй юу. Манайхаар ирдэг. Нэг удаа нөхөртэйгөө цуг манайд ирсэн юм шиг байна. Энэ үед ээж хараад ажиглаж байснаа “Дашнамжил аа, миний хүү маргааш кино үйлдвэр дээр яваад очоорой” гэж хэлж. Ирэхэд нь ээж “Өглөө” киноны найруулагч Д.Жигжид гуайд “Сүхбаатарын дүрд нэг хүн аваад ирлээ” гэж хэлсэн байна. Д.Жигжид гуай харж байснаа жанжны хувцас өмсгөөд нааш цааш алхуулж үзээд шууд авсан гэдэг. Сүхбаатарын дүрийг манай Бадамгарав олсон шүү гээд Д.Жигжид найруулагч их сүйд болдог байсан гэнэ лээ. Ээж минь ийм л “нүдтэй хүн” байсан.

“Аман хуур” киноны Төмөрийн дүрд тоглодог Д.Элбэгсайхан гуай, Н.Батцэцэг хоёр ээжийн албан ёсны шавь нь. Тэр үед кино үйлдвэрт жүжигчдийг дагалдангаар хуваарилаад өгчихдөг. Хуваарилалтаар Д.Элбэгсайхан, Н.Батцэцэг хоёр ээж дээр хуваарилагдсан байна. Тухайн үед халамжлан хүмүүжүүлэгч гэж нэрлэж байсан юм билээ. “Мандухай сэцэн хатан” киноны Алтжингийн дүрд тоглодог СТА жүжигчин Н.Отгонтогос Дарханы 10 жилийг төгсөж ирээд заавал жүжигчин болно гэдэг жил нь манайх хүнсний дөрөвдүгээр дэлгүүртэй байранд байдаг байсан юм. Нэг өрөөгөө Анагаахын оюутан охинд түрээслүүлдэг. Тэр оюутан охины дүү нь Н.Отгонтогос байж таарсан. Эгч дээрээ хааяа ирдэг. Ирэхдээ жүжигчин Бадамгарав гуайнх энэ юм байна гэдгийг мэдсэн байж таараа. Ээжтэй уулзаад драмын ангид орох гэж байгаагаа хэлж, та надад зөвлөж шавиа болгон бэлтгэж өгөөч гэж хэлсэн байна. Ээж ч зааж зөвлөж, жүжигчин болоход нь тусалсан. Энэ тухайгаа Н.Отгонтогос гуай өөрийнхөө дурсамжинд бичсэн байдаг.

-Аавын тань тухай асуумаар байна л даа. Урлагийн хүний амьдрал хатуу гэдэг шүү дээ. Тэр дундаа урлагийн хүнтэй амьдрах хэцүү гэж ярьдаг. Гавьяат жүжигчний хань ижил, өөрийнхөө аавын талаар ярихгүй юу?

-Аав минь улс хоршооллын байгууллагад ажилладаг байсан. Гадаад явдлын яамны орлогч сайд, үйлдвэр хоршооллын төв зөвлөлийн орлогч дарга, үйлдвэрчний төв зөвлөл, нийгмийн даатгал, рашаан амралтын газрын даргаар ажилладаг. Улс хоршооллын төрийн алба хашиж байсан хүн л дээ. Ажил төрлөөр хөдөө орон нутаг их явна. Энэ хооронд аав, ээж хоёр минь бие биенээ нөхөж ар гэрийнхээ амьдралыг зохицуулчихдаг л байж. Нэмж хэлэхэд, манай аав өндөр хоршооны өндөр Г.Пунцаг гэдэг өндөр нуруутай хүн байсан.

-Хань ижилтэйгээ анх яаж танилцаж байсан тухайгаа хуучилдаг уу?

-Аав минь жүжиг үзэх дуртай хүн байсан тухайгаа ярьдаг юм. Жүжиг үзэж явж байгаад нэг өдөр ээжийн тоглосон жүжгийг үзэж л дээ. Жүжиг үзээд Бадамгарав гэдэг жүжигчин бүсгүй таалагдсан гэнэ. Тэгээд Бадамгарав гэдэг жүжигчнийг судалсан чинь нөхөргүй эмэгтэй байсан гэнэ шүү. Тэгэнгүүт нь яаж танилцах талаар бодож эхэлж. Тэр үед аав Гадаад явдлын яаманд ажилладаг байсан. Гадаад харилцааны сайд асан П.Шагдарсүрэн гуай аав хоёр найзууд байсан гэсэн. П.Шагдарсүрэн гуайн эхнэр нь МУГЖ Ө.Рэнцэнноров шүү дээ. Тэгээд хоёр найз хоорондоо ярьж “Чи Ө.Рэнцэнноровоороо дамжуулж намайг Бадамгаравтай танилцуулж өг” гэж хэлсэн байна. Тэр үед хоорондоо захиа өгч хайр дурлалаа илчилдэг, танилцдаг байсан үе. Тэгээд бичсэн захидалаа П.Шагдарсүрэн гуайд Ө.Рэнцэнноровд өгөөрэй гэж өгнө. Ө.Рэнцэнноров нь Бадамгарав гуайд захиаг нь өгөөд буцаад энэ дамжлагаараа хариу захиа өгч авдаг байж. /инээв/ Ингэж нэг жилийн хугацаанд захиагаар танилцаж байгаад бие биендээ таалагдаж гэр бүл болцгоосон гэдэг. Гэхдээ суухаасаа өмнө нэг сонин тохиолдол болсон гэж байгаа юм.

1945 онд манай ээжийн ээж Хоролхүү бурхан болсон байдаг. Тэр үед ээжийг хоёр залуу эргүүлж “сууя, гэрлэе” гэдэг байж л дээ. Хоёулаа л сайхан хүмүүс байсан. Ээж алийг нь сонгохоо мэддэггүй, эргэлзэж байж. Тэгсэн нэг шөнө зүүдэнд нь ээж нь орж ирээд “Миний охин тэр хоёр хүнийхээ өндөр биетэй, монхор царайтай, бор хүнтэй суу” гэж хэлсэн гэдэг. Тэр өндөр биетэй, бор царайтай хүн нь манай аавын дүр төрх байсан. Ээж минь зүүдэндээ орж ирсэн ээжийнхээ зөвлөгөөний дагуу тэр хоёр хүнээсээ манай аав Г.Пунцагийг сонгосон гэж ярьдаг байлаа. Энэ их сонин тохиодол байгаа биз.

– Ээж тань өөрийнхөө бага насны талаар дурсдаг байв уу. Өөр сонин содон түүх байдаг болов уу?

МУГЖ М.Бадамгарав хүү, ач зээ нарын хамт

-Бага байхдаа дуу дуулж, бүжиглэх дуртай, хөдөлгөөнтэй хүүхэд байсан гэж ярьдаг. Дандаа гүйж, шогшиж явдаг. Гэрийн гадна байгаа моднуудаас уртыг нь ятга болгож тавиад, өөрөө ятга дарж байгаа юм шиг дараад, дуулж өгдөг байсан гэж хуучилдаг юм. Багаасаа өөрийгөө урлагийн хүн гэдгээ мэдэрдэг байсан болов уу. Ээжийн нагац ах, эмэг эхийн ах нь Нацагдорж гээд мундаг оточ хүн байсан. Ээжийг бага байхад эмийн ургамал их түүлгэдэг. Бадамгарав их сэргэлэн. Хэрвээ эрэгтэй хүн байсан бол манрамба болгоно гэж хэлж байсан гэнэ лээ. Нэг өдөр найруулагч Б.Нагнайдоржийн ээж өвдөөд европ эмчилгээ хийгээд болохгүй болохоор нь Бадамгарав гуай нууцаар хүмүүст эмчилгээ хийдэг гэсэн, очиж гуйя гээд ирж байж. Учир байдлаа хэлтэл ээж зөвлөөд, уух эмийг нь бэлдэж өгөөд явуулжээ. Найруулагч Б.Нагнайдорж ээждээ, ээжийн зөвлөгөөний дагуу эмээ өгөөд байсан чинь дорхноо эдгэрчихсэн гэсэн. Бас манай аав элэгний циррозтой болоод Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн эмч нар ээжийг нууцаар дуудаж “Та Пунцаг гуайд битгий хэлээрэй. Пунцаг гуай нэг сарын настай боллоо. Та нар ч гэсэн сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай. Ямар ч эмчилгээгүй” гэж хэлж. Тэгэхээр нь ээж гайгүй байлгүй гэж хэлээд тэр үеийн Алтангэрэл гэдэг мундаг оточ лам хүн дээр очиж, учир байдлаа хэлж зөвлөлдөөд ямар эмчилгээ хийх талаар ярьж л дээ. Тэгэхэд нь зарим хэрэгтэй эмийн ургамлыг гадаадаас авчирах шаардлагатай байж. Энэ үед аав ээжээсээ хураагдсан шижир алтан бөгжөө гадаад явах хүнд өгч явуулаад хэрэгтэй эмийн ургамлыг нь авч ирэхийг захисан байна. Тэр хүн нь ч хэрэгтэй эмийн ургамлыг авч ирснээр оточ Алтангэрэлтэй нийлж эм бариад аавыг эмчилсэн. Тэр цагаас хойш нэг сар л амьдрах настай байсан хүн чинь 17 жил амьдарсан юм даа. Сүүлд эмч нар элгийг нь шалгаж үзэхэд хүүхдийн элэг шиг болсон байхыг нь хараад гайхаж байсан гэдэг.

-“Аман хуур” киноны Дарь авгайн дүр бол ааштай, ширүүн дүр. Нөгөөтэйгүүр хар буруу санаагүй, хэлэх гэснээ шударгаар хэлчихдэг хүний дүр л дээ. Бодит байдал дээр хувь хүнийх нь зан араншин ямархуу хүн байсан нь сонирхолтой санагддаг юм?

-Манай ээж Завхан аймгийн Алдархаан сумын хүн. Энэ нутгийг хутагт хувилгаадын нутаг гэж ярьдаг шүү дээ. Эмэг эхийн минь хоёр ах нь мундаг хувилгаад, оточ хүн байсан гэнэ лээ. Эмэг эх маань ч өөрөө юм үздэг хардаг авьяастай, шашин шүтлэг талаасаа хувилгаад хүмүүсийн шинж төрхийг агуулсан хүн байсан гэдэг. Айхавтар ёжтой мөртлөө цэцэн цэлмэг үгтэй байсан гэж эмэг эхийг минь ярьдаг юм. Гэхдээ хүнд атаач зан гаргахгүй ч хүний байр байдлыг ёжтойгоор хэлчихдэг байж. Ээжийн ээж болох эмэг эх Хоролхүүтэй “Аман хуур” киноны Дарь гуайн дүр, зан аашийн хувьд их төстэй гэж ярьдаг байсан юм билээ. Завхан аймагт эмэг эхтэй хамт амьдарч байсан хүмүүс “Аман хуур” киног үзчихээд М.Бадамгарав ерөөсөө ээжийнхээ дүрийг гаргачихаж. Ээж нь яг ийм ааштай хүн байсан гэж ярьдаг байсан гэсэн. Ээж ярихдаа “Аман хуур” киноны Дарь бол өөрийнх нь зан араншингаас эсрэг дүр гэж ярьдаг. Харин үр хүүхэд бид ээжийнхээ тухай ярихдаа “Дарь авгайрхуу зантай” гэж ярьцгаадаг юм. /инээв/. Ээжийг маань “Аман хуур” киноны Дарь гуайн дүрээр төсөөлж болно. Хүнийг командална. Нөхрөө ч командална. Ардын жүжигчин Цогзолмаа гуайн дурсамжинд “Манай Бадамгарав гуай ер нь их эрэмгий эршүүд зантай. Хэлэх үгээ түс тас хэлчихдэг. Эрчүүдийг их удирдаж командална. Хөзөр, даалуу тоглохдоо бид нарыг зад хождог. Намын хуралд хэнээс ч айхгүй хэлэх үгээ хэлчихдэг. Тэр үед ийм хүн ховор байсан” гэж хэлдэг.

-М.Бадамгарав гуай тоглосон киноныхоо дүрийг хүмүүсийн зүрх сэтгэлд хоногштол үлдээж чадсан. Энэ сайхан дурсамжуудаасаа юу гэж хуучилдаг байв?

-Ээжийн тоглосон дүрүүдэд хэлсэн үг нь ард олны дунд хэлц үг болтлоо хүмүүсийн зүрх сэтгэлд нь хоногшсон. Тоглож байгаа жүжгэн дээрээ хэлсэн үг нь ард түмний дунд хэлц болтлоо хөгжинө гэдэг тухайн жүжигчний дүрээ сайн гаргасны шинж гэж үздэг шүү дээ.

“Өнөр бүл” кинонд үйлдвэрийн даргын эхнэрийн дүрд тоглохдоо “Хөгшин болсон гэж бодож болдоггүй юм байна. Хөгшин азарга жороо сурна гэгчээр өвгөн хүн бас хүүхэнтэй болздог байх нь ээ” гэж хэлдэг хэсэг нь ард олны дунд хэлц үг болон тод үлджээ. Түүнчлэн энэ кинон дээрээ парк дээр нөхөртэйгөө цуг явж байхдаа нөхөр нь “Бид нэг эмэгтэйг эрээд байгаа юм аа” гэхэд нь “Ямар эмэгтэй, алдуул юм уу” гэж хэлдэг дээ. Энэ үгийг ээж өөрөө “зохиож” хэлсэн гэдэг.

Сүүлд “Өнөр бүл” киног “Өнөр бүл өнөө цагт” гээд орчин үеийн хувилбараар гаргасан. “Өнөр бүл” киноны үйлдвэрийн даргын эхнэрийн дүрд жүжигчин Ш.Алтанцэцэг тоглосон. Энэ талаар Алтанцэцэг ярихдаа “Энэ дүрийг бүр төгс болтол нь гаргасан Бадамгарав гуайн дүрийг олон түмэнд гаргаж харуулна гэхээс үнэхээр айж байсан. Тэр “Алдуул юм уу” гэж төгс хэлсэн үгийг би яаж хэлэх юм гэж айж байсан” гэсэн. Мөн “Хүлээлт” гээд телевизийн жүжиг дээр Найдан гуайтай хамтарч тоглосон дүр нь хүмүүсийн зүрх сэтгэлд маш их хүрсэн байдаг. Хоёулаа Өвөө, эмээ. Хоёр өөр хүүхдүүдтэй. Энэ хоёр хамт амьдарч байгаад өөр өөрсдийнхөө хүүхдийн ач гучыг харна гээд салаад явчихдаг. Энэхүү хугацаандаа нэг нэгнээ санаад, гудамжинд уулзаад ярилцдаг даа. Энэ жүжгийг хүмүүсийн зүрх сэтгэлд хоногштол, дотор нь ороод яг тэр дүрээрээ амьдарч байгаа юм шиг жүжиглэсэн дээ.

-Зууны манлай жүжигчин Т.Цэвээнжав гуайтай М.Бадамгарав гуайг их андуурдаг. Амьдрал дээр андуурах тохиолдол байсан болов уу?

-Одоо болтол хүмүүс андуурдаг. Дүү бид хоёр сая Завхан аймагт ээжийнхээ 100 насны ойн бэлтгэл ажлаар очиж ээжийгээ танилцуулсан. Нутгийн улсууд нь энэ М.Бадамгарав гуай чинь манай нутгийн хүн юм уу. Бид нар энэ хүнийг Цэвээнжав гуай гэж боддог байсан шүү дээ гээд нутгийн улсууд нь мэдэхгүй байсан. Т.Цэвээнжав гуай бол Дорнод аймгийн Матад сумын хүн шүү дээ. Тэр битгий хэл, ээжийн үеэл ах Дамдин гэдэг хүн хүртэл андуураад “Аман хуур” дээр Т.Цэвээнжав гуай гүй ээ мөн айхавтар тоглож байна шүү гэж бид нарт ярьж инээлгэж байсан юм. Гэхдээ ээж Т.Цэвээнжав бид хоёр шал өөр шүү дээ гэж ярьдаг. Т.Цэвээнжав бол бор, дугуйдуу царайтай. Би бол шардуу царайтай шүү дээ. Хүмүүс биднийг их андуурах юм гэж хэлж байсан.

Заримдаа ээжийг амралт, сувиллын газраар явж байхад хүмүүс “Энэ нөгөө Цэвээнжав гуай байна шүү дээ. Цэвээнжав гуай, сайн байна уу гэхэд нь “уучлаарай Бадамгарав нь байна аа” гэж хэлсэн тохиодол байдаг гэсэн.

Т.Цэвээнжав гуай ээжтэй дотнын сайн найзууд байсан юм. Цэвээнжав гуайн нөхөр Батзундуй гэж хүн байсан. Энэ хүн цэрэгт татагдаад Дорнод аймагт яваад ирэхдээ Цэвээнжав гуайтай танилцаад түүнийг авьяаслаг болохоор нь хотод авч ирсэн юм байна лээ. Ийнхүү Т.Цэвээнжав гуай театрт ороод явсан. Ээжээс театрт сүүлд ирсэн ч найзууд бие биенээ олж дотно найзалсан түүх эхэлжээ. Ээж заримдаа тэднийд очиж хонодог. Унтаж байхад нь Батзундуй гуай түрүүлж босоод, хөөе хоёр дамшиг минь босооч, цаана чинь ажилдаа явах цаг болчихлоо, хоолоо идчихээд ажилдаа яв гэдэг байсан гэнэ. Хоол сайхан хийдэг. Орой болохоор залуу хүмүүс бүжиг танцанд явах гэхээр Батзундуй гуай их л дургүй байдаг байж. Харин ээж ирээд хамт явъя гэхээр ер татгалзалгүй, тэр хоёрыг явуулчихдаг байсан гэнэ лээ. Батзундуй гуай энэ хоёр хүний үерхлийг хүндэтгэдэг байснаас гадна ээжид их итгэдэг байсан юм шиг ээ.

-Дарь гуайн дүрд тоглож байх үеийн нийгэм намын хатуу хяналтан дор байсан цаг. Кинон дээрээ “Хот тохижилтын газрыг хот бусниулагч газар” гэж хэлдэг шүү дээ. Энэ үгийг тэр үеийн нийгэмд хэлж жүжиглэнэ гэдэг “Их зориг” гэж боддог юм?

– Нэг Дипломатч “Аман хуур” киног тухайн социализмын үед найруулсан Жамсран гуай, түүнд тоглосон Бадамгарав гуай нар бол тэрсүү үзэлтэй хүмүүс гэж хэлэгдэхээр үгнүүд хэлдэг. Хот тохижилтын газрыг хот бусниулагч газар гэж хэлчихээд ингэлээ гээд гэмгүй цагаан ардыг шоронд хийхгүй нь лав гэж хэлж байна гэдэг тэр үедээ тэрсүү үзэлтэй үг. М.Бадамгарав гуай тэр үед би намын гишүүн хүн ийм дүрд ийм үг хэлэхгүй гэж хэлэх эрхтэй байсан мөртлөө ингэж зүрхэлж тоглосон. Кино зохиол бичсэн Дожоодорж, найруулагч Жамсран гуай, МУГЖ Бадамгарав гуай нарыг биширмээр гэж бичсэн байсан. Ээж минь энэ дүрийг миний эсрэг дүр. Би жүжигчин хүн юм чинь сайн дүрийг ч, муу дүрийг ч бүтээх ёстой гэж хэлдэг байсан юм. “Дарь” авгайн дүрд Т.Цэвээнжав гуай, Сономын дүрд Цагааны Цэгмид гуай тоглох ёстой байсан юм байна лээ. Энэ үед хоёр жүжигчний бие нь муу байсан учраас тоглоогүй юм билээ.

-“Аман хуур”-ын Соном өвгөн алдартай дүр. Энэ дүрд тоглосон Т.Цэрэнлхүндэв ямар мэргэжилтэй хүн бэ. Хэдий хугацаанд сэрүүн тунгалаг байсан бол. Энэ хүнтэй Бадамгарав гуай хэр дотно байсан бэ?

-Т.Цэрэнлхүндэв гуай СТА, мэргэжлийн жүжигчин хүн биш. Тухайн цаг үед Т.Цэрэнлхүндэв гуай урлагийн клубүүдээр сайн дурын уран сайханчаар ажиллаж, жүжиглэх авьяас нь олон түмэнд танигдсан төрөлхийн авьяастай хүн. Ийм болохоор Цагааны Цэгмид гуай бие нь өвдөөд Соном өвгөний дүрд тоглож чадахаа болих үедээ “Соном өвгөний дүрд тоглох хүнээ өөрөө олж өгнө” гээд Цэрэнлхүндэв гуайг олж өгсөн байдаг юм. Т.Цэрэнлхүндэв гуай театрын кассчин, автобусны кондуктор хийдэг байсан. Ээжийг “чи мэргэжлийн мундаг жүжигчин. Би энэ дүрийг яаж гаргах талаар надад хэлж өг гээд шалаад суучихдаг байсан гэсэн. “Аман хуур” кинон дээр Дарь гуай Соном өвгөн рүүгээ халбагаар далайдаг хэсэг гардаг даа. Тэр хэсэг дээр Цэрэнлхүндэв гуай тоохгүй байгаад байж. Тэгэхээр ээж “Үгүй ээ, би чам руу далайхаар чи дальдчаа морь шиг дальдчих ёстой шүү дээ” гэх мэтээр зааж зөвлөдөг байж. Цэрэнлхүндэв гуайн хүүхдүүд нь “Аман хуур” киног үзчихээд манай ээжид жаахан дургүйлхдэг. Аавыг нь кинон дээр дээрэлхээд байдаг болохоор дургүйцэж. Харахаараа муухай ааштай эмээ гэдэг. Аав нь “болохгүй шүү хүүхдүүд ээ, Бадамгарав гуай их том хүн шүү” гэж хэлсэн юм байна л даа. Тэгэхэд нь авдар өргөөд явдаг дүрээр нь чадалтай гээд том гэж байгаа юм уу гэж асууж л дээ. Тэгэхэд нь Цэрэнлхүндэв гуай “Биш биш хүү минь. Авьяас чадвар нь их том хүн шүү” гэж хэлсэн гэдэг.

Б.ОЮУНЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын баатар Лхагвасүрэнгийн хүү Лхагваа: Ахмад дайчид “Жанжин Лхагвасүрэнд баатрыг нь өгчихгүй юм байх даа” гэдэг байсан

ЗХУ-ын маршал Г.К.Жуковын хамт. 1969 он.

“Залуу жанжин” хэмээн олноо өргөмжлөгдсөн Монгол Улсын баатар Жамъянгийн Лхагвасүрэнгийн том хүү ШУТИС-ийн харъяа Механик инженерийн сургуулийн Аэрогидромеханикийн багийн профессор, доктор Л.Лхагваатай ярилцлаа.


-Халхголын ялалтын түүхт 80 жилийн ойн баярын уур амьсгал орсон энэ өдрүүдэд баатар аавынхаа талаар үр хүүхдүүд нь хэрхэн дурсдаг юм бол. Монголын түүхэнд 27-хон насандаа арми командалж, хоёр дайнд оролцож явсан бахархам түүхийн удам болсон хүн шүү дээ, та?

-Аав 1912 онд төрсөн хүн. Ихрийн өрөөсөн. Аавыг найман нас хүрэх үед Жамъян өвөө ихэр хүүхдүүдээ нэгийг лам болгоно, нөгөөг нь хар болгоно гэсэн байгаа юм. Тэгж л авга ах Зундуйг лам болгож, аавыг сургуульд өгсөн. Аав сургуульд сураад аймагт Тамгын бичээчээр хүртэл ажиллаж байсан хүн. Тэр үед боловсролтой хүн бараг байсангүй. 19 настай байхдаа сайн дураар цэрэгт явах гэж насаа нэмээд 20-той гэж мэдүүлээд Монгол ардын хувьсгалт цэргийн Тамсагбулаг дахь 15 дугаар морьт дивизэд хуваарилагдсан байдаг. Цэрэгт оччихоод эхний үед өөрийгөө бичиг үсэгтэй гэдгээ нуусан. Цэргийн амьдралд оруулахгүйгээр штабын бичиг хэргийн ажилд хуваарилчихна гэж эмээсэн хэрэг. Яваандаа баригдсан. Гурван жилийн дотор бага дарга болж ангийн штабад эх зохиогчийн алба хааж байхдаа офицерын бүрэлдэхүүнд Зөвлөлтийн Цэрэг улс төрийн академийн дэргэдэх улс төрийн ажилтнуудын хоёр жилийн курст суралцахаар Москвад очсон. Хоёр жил суралцаад төгсч ирэхэд нь маршал Чойбалсан аавыг армийн улс төрийн газрын орлогчоор томилсон. Тэр үед хил дээр будилаан гарч, Халхголын дайн эхэлж байсан үе. Явцын дунд аавыг маршал Чойбалсангийн тушаалаар ЗХУ-ын маршал Жуковын орлогчоор томилсон гэж байгаа. Халхголд баатар болсон хүмүүс бүгд мэднэ. Ойдов, Дандар, Нянтайсүрэн нарыг амьд ахуйд нь Халхголын байлдааны тухай хүмүүс асуухаар “Би мэдэхгүй. Би байлдаж байсан хэсгээ л мэднэ. Анги, дивизээ л мэднэ. Үүнийг мэддэг хүн нь Лхагвасүрэн” гэдэг гэж байсан. Би тэднийг хэлж байхыг нь сонссон амьд гэрч нь байна.

-Ж.Лхагвасүрэн генерал дараа нь чөлөөлөх дайнд армиа удирдаж оролцсон шүү дээ. Энэ тухай юу гэж дурсдаг байв?

-Бас л фронт дээр армиа командалж, Зөвлөлтийн цэрэгтэй хооронд нь зохицуулалт хийгээд явж байсан. Чөлөөлөх дайн дууссаны дараа дайнд оролцсон хүмүүсийг, ялангуяа генералуудыг бүгдийг нь дээд боловсролтой болгоё гэж дээрээс шийдвэрлээд ЗХУ руу Ерөнхий цэргийн академид сургахаар явуулчихсан. 1951 онд тэднээс хоёр хүн онц төгсч ирсэн. Нэг нь аав, нөгөө нь Халхголд дивизийн дарга байсан хурандаа Дорж. Тэднийг төгсч ирэхэд маршал Чойбалсан нас барж, Юмжаагийн Цэдэнбал төр удирдаж байсан. 1949 онд Мао Зэдун ялж БНХАУ байгуулагдаж эхэлсэн. “Монгол Улс хоёр том гүрний дунд байна. Арми хэрэггүй” гээд армиа татан буулгасан байдаг. Түүнийг зохион байгуулах ажлыг аавд даалгасан юм билээ. Аав тэр үед Жанжин штабын дарга байсан.

-Тэгээд удалгүй Монгол Улс армиа буцааж байгуулах хэрэг гарсан гэл үү. Бүхэл бүтэн улсын армийг дахин босгох нүсэр их ажлыг гардан хийж байх үеийг нь та санадаг уу?

-1959 он гэхэд Хрущёв, Мао Зэдун хоёр муудалцаж, манай Монголд эргээд арми хэрэгтэй болсон. 1959 онд дахиад армиа байгуулахад аав бас л удирдсан. Ингээд 1959-1969 онд 10 жил Батлан хамгаалах сайд хийсэн хүн дээ, аав минь. Яг тэр үед Квантуны армийг ялаад Хятадад байлдаж явсан фронтын найз маршал Малиновский ЗХУ-ын Батлан хамгаалах сайд болсон байгаа юм. Фронтын хоёр найз хоёр улсын Батлан хамгаалахын хамтын ажиллагааг өрнүүлж 1959 он гэхэд манайх орчин үеийн арми болох эхлэл тавигдсан. Арми татан буулгасны дараа боловсон хүчнийг буцааж бэлдэхээс эхлээд хугацаа хэрэгтэй биз. Жишээ нь, цэргийн ансамбль байна. Арми буухад цэргийн ансамблийн уран бүтээлчид аймгийн сайн дурын уран сайханчидтай адилхан болчихсон байсан үе. Тэр үед Хаянхярваа нарыг аав академид явуулж, таван жил сургахаар болсон. Тэд төгсч ирээд ажлаа эмхэлж жинхэнэ цэргийн ансамбаль болгоход хугацаа орно. Гэтэл одоо Лхагвасүрэнгийн үед цэргийн ансамбль гэж юу байсан юм гэж ярих хүмүүс бий. Аав бас 1956 онд Биеийн тамир спортын хэрэг эрхлэх хорооны даргаар томилогдсон хүн. Гуравхан жил тэнд ажиллахдаа Улаанбаатарт спортын төв ордон, Төв цэнгэлдэх хүрээлэнг санаачлан бариулсан юм шүү дээ. Тэр том ажлыг орлогч жанжин гэдэг нэр хүндээрээ бүтээж явсан.

-Аав тань өөрөө хэр спортлог хүн байв?

-Бөх барилддаг байсан. Сүүлдээ зодог шуудгаа жолоочдоо бэлэглэчихсэн.

-ЗХУ-ын маршал Жуковтой тун ойр явсан цөөн хүний нэг. Та тэр хоёр хүний нөхөрлөлийн талаар дурсахгүй юу?

-ЗХУ Олон улсын залуучууд, оюутны фестиваль хийдэг байсан юм. Нэгдүгээр фестивалийг дайны дараа Прагад хийсэн. “Алтан Праг” гэдэг дуу хүртэл байдаг. Зургадугаар фестивалийг Октябрийн хувьсгалын 40 жилийн ойгоор Хрущёв Москвад зохион байгуулсан. Түүнд Монголын талаас хүмүүс оролцох болж, тэднийг даргалж аавыг явахыг үүрэг болгосон байдаг. Тэр үед бол маршал Жуковтой 1939 онд хамт байлдаж явснаас хойш дахиж уулзаагүй байсан. Дайны дараа ЗХУ-д Академид суралцаж байхдаа ч уулзаагүй. Би энэ тухай нэг удаа асуусан юм. “Та яагаад маршал Жуковтой уулздаггүй юм бэ” гэж. Аав “Муухай шүү дээ. Надад эвгүй, түүнд ч эвгүй. Академийн багш нарт ч эвгүй” гэж байсан.

-Ямар учиртайг тайлбарласан уу?

-Аав Академийн сонсогч явсан хүн. Тэр үед Жуков Батлан хамгаалахын сайд байсан. Тийм болохоор л эмээсэн хэрэг. Гэтэл 1957 онд Монголын төлөөлөгчид Оросод ирлээ. Даргалж байгаа хүн нь Лхагвасүрэн гээд сонин хэвлэл дээр мэдээлэл гарсныг Жуков олж уншчихаад аавын байрлаж байсан зочид буудалд нь хүрээд ирсэн гэдэг. Хоёулаа уулзаж, гэрт очиж дайлуулсан байгаа юм. Түүнээс хойш аав Батлан хамгаалахын сайд байхдаа ЗХУ-д очих бүрт Жуковтой уулздаг болсон. Хамгийн сүүлд 1969 онд ЗХУ-д очиход Жуков нас өндөр гарч, хүнд өвчтэй байсан. Эмч нар Жуковыг аавтай уулзахыг хорьж чадаагүй. Тэгээд хэдхэн минут уулзах зөвшөөрөл өгөхөд тэр хоёрын уулзалт бүтэн цаг болсон гэдэг. Уулзалтын төгсгөлд нь Жуков өөрийн номоо аавд бэлэглэсэн байдаг.

Халхголд байлдаж байгаад маршал болсон Зөвлөлтийн гурван хүн байдаг. Тэд бол Жуков, Конев, Рокоссовский гурав. Халхголд баатар болсон тэр гурвыг улаан армийнхан“Монголууд” гэж нэрлэдэг байсан. Тэгээд Берлинийг гурван монгол авсан гэдэг. Халхголд баатар болсон тэр гурван генерал Берлинийг гурван талаас нь эзэлж байсан юм шүү дээ.

-Халхголын ялалтын 30 жилийн ойн жил, үндэсний баяр наадмын өмнөхөн цэргийн парадын бэлтгэл ид хийж байх үед Лхагвасүрэн баатрыг Намын төв хорооноос дуудсанаар Батлан хамгаалахын сайдын албаа өгсөн байдаг. Тэр чухам ямар хурал болж, юу яригдсанаар аав тань ажлаа өгөх болсон юм бэ?

-Тэр бол 1969 оны долдугаар сарын 3-ны өдөр байсан. Өглөө нь аав Халхголд байлдаж яваад баатар болсон Зөвлөлтийн 12 офицерийг угтаж аваад орой нь зоог барихаар төлөвлөөд байсан. Өдөр нь Намын төв хороо дуудсан. Тэгээд ажлаа өгсөн.

-Хурлаар чухам юу яригдсан байдаг юм бол?

-Тэр тухай надад яриагүй. Одоо материалуудаас олж үзэж болох байх. Бичлэг ч бий. МАХН-ын архивт ч бий байх. Гэнэт дуудаад л, аав очоод Батлан хамгаалахын сайдаа больё гэсэн юм шиг байгаа юм. Гурван өргөдөл бичсэн. Эхлээд нэг удаа “Би больё” гээд бичээд өгөхөөр хүлээж аваагүй. Дахиад бичсэн. Гурав дахь дээр нь хүлээж авсан гэж ярьдаг.

-Аавд тань Монгол Улсын баатар цолыг 1989 онд нэхэн олгосон. Үүнээс хойш Монгол Улсын баатар цолыг нэхэн олгохыг хуулиар хориглосон байдаг. Нэг талаар энэ бол маш сайхан хэрэг. Нөгөө талаар баатрыг амьд ахуй цагт нь олгох ёстой байсан гэж дайны үеийн партизан, түүхч, судлаачид хэлдэг?

-XX зууны манлай цэргийн гавьяат зүтгэлтэн хэн бэ гэсэн ард түмний санал асуулгаар Хатанбаатар Магсаржаваас эхлээд Сүхбаатар жанжин, маршал Чойбалсан нар бүгдээрээ байсан. Тэр дундаас аав тасархай гарч ирсэн шүү дээ. Учир мэдэх хүмүүсээс асуухад “Бид нар хүлээчихсэн байсан” гэж байсан. Тэр үед чинь би залуу байсан. Дайнд оролцож явсан ахмадууд, партизануудыг бүгдийг нь мэднэ. Амьд ахуйд нь уулзаж байсан. Тэр үед тэд ч бас ингэж хэлдэг байсан. “Энэ жилийн Халхголын ойгоор жанжин Лхагвасүрэнд баатрыг нь өгчихгүй юм байх даа” гэж. Надад биш, хоорондоо ярьдаг байсан шүү. “Баатар өгчихгүй юм байх даа биш, баатрыг нь өгчихгүй юм байх даа” гэж байсан. Тэгэхээр аавыг аль эрт нөхөд нь баатар болгочихсон байгаа биз. Бас нэг сонин зүйл. Тэр үед хөдөө айлд яваад очихоор маршал Чойбалсангийн зураг, аавын зураг хоёрыг зургийнхаа жаазанд хийчихсэн байдаг байв. Ард түмэн тэгж л шүтэж байсан юм.

-Залуу жанжин хоёр дайнд оролцсон хүн. Дайны үеийн байдлыг та бүхэнд хэрхэн дурсдаг байсан бол?

-1945 оны чөлөөлөх дайны үеэр авсан шархныхаа талаар ярьдаг байсан. Задгай машинд суугаад явж байхад нь урд дугуйных нь дор мини дэлбэрч, шидэгдэхдээ баруун хавирга нь зөрчихсөн. Харин 1939 оны дайны тухай ярьдаг зүйл гэвэл дайн дууссан хойно нас барсан хүнийг манай, танайхаар нь ялгаж оршуулдаг. Тэр олон хүний дотор хамгийн сайн байлдагч, дарга нар нь байдаг. Тэр л их хүнд байсан гэдэг.

-Халхголын байлдааны талаар олон нийт янз бүрийн ойлголттой явдаг. Та энэ талаар ярих дургүй гэлээ. Яагаад ингэх болов?

-Японууд Монголыг эзлээд дэлхийн II дайн болоход Урал хүртэл эзэлнэ гэж түшиц газар бэлдэж байсан гэж би ойлгодог юм. Гэтэл япон, орос, монголчууд шал зөрүүтэй юм гаргаж ирж хоорондоо маргалддаг. Япончууд бол Монголын морин цэргүүд хил зөрчсөөр байгаад дайн болсон гэж байх жишээтэй.

-Та яриандаа Халхголын баатрууд дайны талаар гэхээс илүү өөрсдийн байлдаж явсан застав, дивизийн тухай мэддэг. Дайны тухай хамгийн сайн мэдэх хүн бол Лхагвасүрэн гэж онцолдог байсан гэлээ. Армийг удирдана гэдэг дайсантай нүүр тулахаас дутахгүй хүнд нөхцөл байсан болов уудаа?

-Тэгж л бодоод хүмүүс “Хэзээ баатрыг нь өгөх юм бэ” хэлж байсан байна шүү дээ. Аавын командад байлдаж явсан хүмүүсийг би сайн мэднэ. Би хүүхэд байхад тэр баатрууд аавынд их ирнэ. Гэхдээ тэдэн дунд янз бүрийн зан ааштай хүмүүс ирнэ. Жишээ нь, 1945 онд баатар болсон Данзанваанчиг гуай манайд тэр бүр ирэхгүй. Харин Ойдов гуай бол байнга ирнэ.

-Аавын тань хашиж байсан Монгол ардын хувьсгалт цэргийн Улс төрийн газрын даргын албан тушаалд өмнө нь байсан Лувсандоной гэж мундаг удирдагч хэлмэгдэж амь үрэгдсэн. Энэ хүний тухай аав тань дурсдаг байв уу?

-Лувсандоной гэдэг хүний тухай мэдэхгүй юм. Аавын 60 насных нь ой болоход хүмүүс ирж байв. Тэдэн дотор таних ч хүн байна, танихгүй ч хүн байна. Тэдний нэг монгол дээлтэй нэгэн ирээд аавд “1939 онд дайн дажин болоогүй бол чи ч гэсэн шоронд орох байсан шүү дээ” гэж хэлж байсан удаатай.

-Ээжийг тань энэ үед дурсахгүй өнгөрч болохгүй. Богд хаан Жавзундамбын төрсөн дүү Чойжин лам Лувсанхайдавын охин гэгддэг шүү дээ. Энэ хоёр том хүний үр хүүхэд хэдүүлээ вэ?

-Эмээ ээжийг Богд хаанд мөргүүлнэ гээд Дундговиос хоёр гурван настайд нь авч ирсэн байгаа юм. Богд хаан дараа нь ээжийг эмээгээс аваад дүү Чойжин ламд өгсөн гэдэг. Уг нь төрсөн аав нь Галсанжав, ээж нь Цэнд гэж хүн байсан. Тэгж л ээж Чойжин ламын сүм дотор өссөн юм билээ. Бид бол аав ээжээс гурвуулаа. Хоёр дүү бий, би хамгийн том нь. Дүү Лхагвадулам сэтгүүлч хүн. Аавын тухай энэ бүх юмыг бичдэг хүн бол тэр. Лхагважав бол эдийн засгийн мэргэжилтэй хүн л дээ. Сурвалжлагч, сонин сэтгүүлийнхэн том хүү нь гээд над дээр голдуу ирдэг.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм

​“Өдрийн сонин”-д “Мөнхийн дайсан ЯПОН” хэмээн өгүүлэв

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Мөнхийн дайсан ЯПОН” хэмээн өгүүлжээ.

Хон Хэрээдийн Б.Энхбат: Хамгийн хэцүү сэтгэл зүйн эрүү шүүлтийг Чимгээ дээр хэрэглэсэн байдаг хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт өгүүлжээ.

Н.Оюундарь: Шүүхийн ерөнхий зөвлөлийн эрх мэдэлд дахин хуваарилалт хийж төвлөрлийг сааруулбал эрх ашгийн зөрчил гарахгүй гэж “Улс төр” нүүрт ярьжээ.

Г.Чинзориг: CU өдөр бүр гучин мянган эерэг уур амьсгал түгээж байна хэмээн “Энэ тухай” нүүрт ярьжээ.

Д.Тогтохсүрэн: Ерөнхийлөгчийг парламентаас сонгох саналыг хүлээж авах боломжгүй гэж “Улс төр” нүүрт өгүүлжээ.

Азийн эдийн засгийн форум Боао Монголд анх удаа болсон талаарх мэдээллийг “Өдрийн сурвалжлага” нүүрээс уншаарай.

Г.Батхүү агсны хүү Ганхөлөг: Аавын минь хэргийг хаах гэж байгаа гэх мэдээллийг сошиалаар явдаг зүгээр л нэг шар мэдээ гэж ойлгосон хэмээн “Миний аав” нүүрт ярьжээ.

Ардчилсан Үндсэн хуулийг минь“сэглэчих вий!” хэмээн “Үзэл бодол” нүүрт бичжээ.

Зохиолчдын хачиргүй яриаг “Өд, бэх” нүүрээс уншаарай.

Түүнчлэн “Дэлхийн мэдээ”, “Энэ өдөр” булангаас өнөөдрийн шинэхэн дугаарыг хүлээн авч уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Сэргээш хэрэглэсэн харваач охины шагналыг буцааж, эрхийг нь хасна

Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмаар таваас дээш давсан 16 бөхөөс гадна эхний тавд багтсан харваачдаас сэргээшийн шинжилгээ авдаг. Энэ дагуу шинжилгээ авахад хоёр бөхөөс гадна нэг харваачаас сэргээш илэрчээ.

Энэ талаар Сурын холбооны Нарийн бичгийн дарга Б.Наранбаяраас тодруулахад “Өнгөрсөн долоо хоногт нэг сур харваач охиноос хориотой бодис илэрч, шинжилгээний хариу эерэг гарсан талаар бидэнд албан ёсоор мэдэгдсэн. Бид өчигдөр холбооны Ёс зүйн хороогоор энэ асуудлыг авч хэлэлцээд, уг харваачийн шагналыг буцааж, нэг жил харвах эрхийг нь хасах шийдвэр гаргасан” гэв.

Уг харваач Үндэсний баяр наадмаар дөрөвдүгээр байранд оржээ. Сэргээшийн шинжилгээ авдаг болсноос хойш анх удаа харваачаас допинг илэрсэн нь энэ юм.

Categories
мэдээ нийгэм

Маргааш хуульчид жагсана

УИХ-аар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан хуульчид жагсаал хийхээр болжээ. Жагсаал наймдугаар сарын 21-ны өдөр 12:00-15:00 цагийн хооронд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн гаднах Хуульчдын талбайд болно.

“Хуульчдын нийгэмлэг” ТББ-аас зохион байгуулж буй тус жагсаалын зорилго олон нийтэд Үндсэн хуулийн ач холбогдлыг ойлгуулан таниулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлж,анхаарлыг Үндсэн хуулийн өөрчлөлтөд хандуулахад чиглэжээ.

Жагсаал зохион байгуулагчдын хэлснээр, Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгасан шүүх эрх мэдэлтэй холбоотой заалтууд маш эмзэг, хаашаа ч эргэж болзошгүй байгаа учир хууль, эрх зүйчид нэгдэн иргэдийг энэ чиглэлд анхаарлаа хандуулж, хяналт тавихыг уриалах аж.

Categories
мэдээ нийгэм

Орон сууцанд үйл ажиллагаа явуулж буй хивс угаалгын газарт шалгалт хийлээ

Баянгол дүүргийн хоёрдугаар хороо, хоёрдугаар хороолол 73 дугаар байрны “Алтан Өргөө” СӨХ-өөс ирүүлсэн гомдлын дагуу тус байрны 5 дугаар орцонд иргэн Г.О-ийн ажиллуулж буй хивс угаалгын газарт хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар нийтийн эзэмшлийн орон сууцанд хориглосон үйл ажиллагаа эрхэлсэн, механик агааржуулалтын системгүй, халаалтын сэнсний дуу шуугиан эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээнээс их зэрэг зөрчлүүд илэрчээ.

Нийтийн эзэмшлийн орон сууцанд хориглосон үйл ажиллагаа эрхэлсэн хивс угаалгын газарт зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

Тээвэрлэлтийн горим зөрчсөний улмаас үхсэн зургаан ямааг устгалд орууллаа

Баянхонгор аймгийн Бууцагаан сумаас 0310/0032146 дугаар мал амьтны эрүүл мэндийн гарал үүслийн гэрчилгээтэй 470 толгой ямааг зориулалтын бус таван давхар бүхий хоорондын зай нь 52 см өндөртэй төмөр сараалжин төхөөрөмжид ачиж тээвэрлэн СХД-ийн 32 дугаар хороо, Дунфан интернэшнл трейд ХХК-ийн хашаанд ирсэн иргэн Б.А-д хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар 470 ямаанаас 6 нь тээвэрлэлтийн горим зөрчсөний улмаас үхсэн байжээ. Мөн 45 ямаа дарагдаж тамиргүй болж босч чадахгүй байдалтай байсан. Үхсэн зургаан ямааг СХД-ийн мал эмнэлгийн тасгийн эрхлэгчийг байлцуулан шатааж булж устгах явцад хяналт тавьж ажиллалаа. Иргэн Б.А-д холбогдох зөрчлийг үндэслэн зөрчлийн хэрэг нээн үргэлжлүүлэн шалгаж байна.