Categories
мэдээ нийгэм

Халх голын ялалтын 80 жилийн ойн баярын арга хэмжээнүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна

Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй хүлээн авалт, баярын арга хэмжээнүүдийн үеэр урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж байна.

Тухайлбал, Халх голын дайнд оролцсон ахмад дайчид, тэдний үр хүүхэд, Дорнод аймгаас төрөн гарсан алдартнууд, ОХУ-аас оролцож буй зочид төлөөлөгчид зэрэг 300 гаруй хүн оролцсон баярын хүлээн авалтын арга хэмжээний үеэр хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл, баталгаажилт, аюулгүй байдал, хоол үйлдвэрлэлийн байрны ариутгал цэвэрлэгээ, халдваргүйтгэл, орчны нөхцөл байдалд хяналт тавьж, бүтээгдэхүүнээс дээж авч, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулжээ.

Мөн баярын арга хэмжээнд дотоодын жуулчид ихээр ирж байгаа бөгөөд хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал алдагдах, хоол, хүнснээс гаралтай хордлого халдвар гарахаас урьдчилан сэргийлж ажиллаж байна.

Categories
булангууд мэдээ нийгэм

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн Инкубатор төв төслийн үнэлгээ хийх багийнхныг хүлээн авч уулзав

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа өнөөдөр КОЙКА-гийн Солонгос дахь төв офисоос ирсэн өргөн бүрэлдэхүүнтэй багийг хүлээн авч уулзлаа. Уулзалтанд Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кэйнг, Койкагийн Солонгос дахь төв оффисоос хүрэлцэн ирсэн төлөөлөгчид, иргэний нийгэм болон иргэдийн төлөөллүүд оролцлоо.

Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа КОЙКА-гийн дэмжлэгтэйгээр олон төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байна. Цаашид хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдэд нийслэлийн удирдлагууд бүх талаар дэмжиж ажиллана гэдгээ онцолж хэлсэн юм.

Солонгосын баг КОЙКА-гийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн “Инкубатор төв” төслийг үнэлэх ажлыг хийхээр ирсэн юм. Үнэлгээний баг эцсийн дүгнэлт хараахан гараагүй байгаа гэдгийг хэлсэн юм. Түүнчлэн энэ төслийг хэрэгжүүлэхэд түншилж оролцсон Азийн сангийн үйл ажиллагаанд ямар дүн тавих, нийслэлийн эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих ямар бодлого хөтөлбөр хэрэгжиж байгаа, төслийг хэрэгжүүлэхэд ямар бэрхшээл тулгарч, туршлага хуримтлуулсан цаашид юуг анхаарах хэрэгтэй байгаа зэргийг лавлан асууж, хариулт авлаа.

Categories
мэдээ нийгэм

Сонгинохайрхан, Багахангай, Налайх дүүргүүдийн Нийгмийн даатгалын хэлтсийн архив цахим системд бүрэн шилжжээ

Нийгмийн даатгалын Ерөнхий газар даатгалын шинэчлэлийн хүрээнд архивын цаасан бичиг баримтуудаа цахимжуулж эхэлжээ. Одоогийн байдлаар Сонгинохайрхан, Багахангай, Налайх дүүргүүдийн Нийгмийн даатгалын хэлтсийн архив цахим системд бүрэн шилжсэн байна. Цаашид 21 аймаг 9 дүүргийн баримт бичгийг цахим бүртгэлд бүрэн шилжүүлэх аж.

Ингэснээр даатгуулагч архивын баримтаа чирэгдэлгүй шуурхай авах боломж бүрдэхээс гадна өөрийн шимтгэл төлж ажилласан жил, цалин орлогын мэдээлэлдээ тулгуурлан тэтгэврийн тооцооллоо хийх нөхцөл бүрдэх юм.

Тэтгэвэр, тэтгэмжээ тогтоолгохын тулд өмнө нь иргэд аймаг, дүүргийн хэлтэс хооронд архивын материалаа өөрсдөө хөөцөлдөн бүрдүүлдэг байсныг шинэчилж, хэлтэс хоорондоо даатгуулагчийн өмнөөс мэдээлэл солилцдог болжээ. Архивын баримт ийнхүү бүрэн цахимжвал энэ ажил улам хялбарших юм.

Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрөлгүй автомашин болон автомашины хэрэгсэл худалдаалж буй газрыг чөлөөлнө

Улаанбаатарт зөвшөөрөлгүй, ил задгай автомашин, түүний дагалдах хэрэгслийн худалдаа эрхэлж буй иргэн, хуулийн этгээдийн газрыг чөлөөлөхөөр болжээ. Энэ талаар НЗДТГ болон нийслэлийн газрын алба, мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдээлэл хийв. НЗДТГ-ын Хууль эрхзүйн хэлтсийн дарга А.Даваажаргалын хэлснээр 15 газрыг чөлөөлсөн байна.

Нийслэлд зориулалтын бусаар эзэмшил газрыг ашиглаж, авто машин ил задгай худалдаалах болон, авто машины дагалдах хэрэгсэл худалдаалахад шалгалт хийж, цэгцлэх асуудал 2014 оноос хойш эхэлсэн. Тухайлбал, МХЕГ-аас нийслэлийн Газрын албатай хамтран өнгөрсөн онд 102 иргэн ААН-д шалгалт хийжээ. Үүнээс 32 иргэн ААН-ийн зөрчлийг арилгуулсан байна. Энэ жил зөрчилтэй 654 иргэн, ААН-д зөрчлөө арилгах шаардлага хүргүүлжээ. Үүний 15 нь зөрчилөө арилгасан аж.

Одоогоор нийслэлд авто худалдаа эрхлэх зөвшөөрөлтэй хоёр л газар байдаг юм. Өөрөөр хэлбэл, Сонгинохайрхан дүүрэгт байрлах Авто худалдааны цогцолбор болон Да хүрээ зах юм.

Categories
мэдээ нийгэм

Оюутнуудад нийтийн тээврийн хөнгөлөлтийн картыг ажлын 3-10 хоногт багтаан олгоно

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан их, дээд сургуулийн оюутнуудын нийтийн тээврийн смарт картыг шинээр олгох болон сунгах асуудлаар нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, “Улаанбаатар смарт карт” компаниас мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Боловсролын газрын Захиргааны хэлтсийн дарга Г.Мөнхбилэг “2019-2020 оны хичээлийн жилд их, дээд сургуулийн оюутнуудад нийтийн тээврийн хөнгөлөлтийн карт авах оюутнуудын хүсэлтийг сургууль тус бүр дээр энэ сарын 26-30-ны хооронд хүлээн авч байна. Сургуулиуд наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 5-ны хооронд карт шинээр болон сунгуулах хүсэлтийг нийслэлийн Боловсролын газарт ирүүлэх ёстой. Есдүгээр сарын 6-наас эхлээд ажлын 3-10 хоногт багтаан сургуулийн хүүхдүүдийн тооноос хамаарч олголтыг хийж эхэлнэ” гэв.

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Г.Ганзориг “Манай газраас мэргэжлийн боловсрол сургалтын төв, политехник коллежийн оюутан залууст автобусны хөнгөлөлтийн карт олгодог. Энэ хичээлийн жилд 14194 оюутанд карт олгохоор төлөвлөж байна. Оюутан залуучууддаа хандаж хэлэхэд “Сонор плаза” төвийн таван давхарт байрлах цагийн ажлын биржээр дамжуулан картыг олгоно” хэмээв.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 26-29-ний өдрүүдэд улсын хэмжээнд зам тээврийн ослоор зургаан хүн амиа алджээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс энэ сарын 26-29-ний өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 892 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулжээ. Бүртгэгдсэн осол хэргийн улмаас нийслэлд 35 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 3, орон нутагт 3 хүний амь нас хохирсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал,

  • Энэ сарын 28-ны өдрийн 14.55 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Рашаант өртөөний буудалд Toyota Landcruiser-200 маркийн автомашины жолооч Э нь Toyota Prius загварын машинтай М гэдэг жолоочтой мөргөлдөж, зорчигч таван настай, эмэгтэй Г, хоёр настай, эмэгтэй Э, 13 настай, эмэгтэй Э нарын гурван хүүхэд гэмтжээ.
  • Наймдугаар сарын 29-ний өдрийн 16.00 цагт Сөүлийн гудамж, “Өгөөж” ХХК-ийн урд замд Toyota Prius автомашины жолооч Б нь Hyundai Porter маркийн Ч жолоочтой автомашинтай мөргөлдсөн байна. Ослын улмаас 23-27 насны дөрвөн хүн гэмтжээ. Авто машины жолооч Б болон Ч нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцсон нь шалгалтын явцад тогтоогдсон байна.
Categories
мэдээ улс-төр

Чуулганы нэгдсэн хуралдаан завсарлалаа

Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.08.30) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 56 минутад ирвэл зохих 75 гишүүний 59 нь буюу 78.8 хувь нь хүрэлцэн ирснээр эхэллээ.

Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.1-д “Үндсэн хуулийн Жаран есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улсын Их Хурлын нийт /76/ гишүүний дөрөвний гурав /57/-аас доошгүйн ирцтэй бол түүнийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг авч хэлэлцэхэд хүчин төгөлдөр гэж үзнэ” гэж заасны дагуу хуралдааны ирц бүрдсэнийг дуулгаад улс орон, ард түмний нийтлэг эрх ашгийн илэрхийлэл, хамтын гэрээ болсон Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэхэд хариуцлагатай хандаж, идэвхтэй оролцохыг гишүүдэд уриалав.

Мөн Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын дэд хэсгийн ахлагч, Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Бага Хурлын гишүүн асан Ц.Товуусүрэн, Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Р.Хатанбаатар, Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан, Үндсэн хууль судлаач Д.Ламжав, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор, профессор О.Мөнхсайхан, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор А.Бямбажаргал, Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн захирал, Үндсэн хууль судлаач О.Машбат, МУИС-ийн багш, хууль зүйн ухааны доктор Д.Гангабаатар нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг болон Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож буйг танилцууллаа.

Ээлжит бус чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгагдсан Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж эхэлсэн. Гэвч зарим гишүүд эрх зүйн үр дагавраас сэргийлэх үүднээс санал хураалтад оролцох хангалттай ирцийг бүрдүүлж байж санал хураалгах горимын санал гаргасны дагуу нэгдсэн хуралдааныг завсарлуулж, санал хураалтыг өнөөдрийн хуралдаанаар үргэлжлүүлэхээр тогтоод байсан юм.

Энэ үндсэн дээр ээлжит бус чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгагдсан Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж эхэллээ. Чуулганы өчигдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын анхдугаар чуулганаар Ерөнхий сайдыг томилохтой холбоотойгоор Улсын Их Хурлын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлд тусгагдсан хоёр заалтыг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжсэн. Иймээс төслийн эдгээр заалттай холбоотойгоор төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалт буюу Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлд “Энэ зүйлийн 2, эсхүл 3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гаргаснаас хойш Улсын Их Хурал арав хоногийн дотор сонгуулийг товлон зарлаж, жар хоногийн дотор явуулна. Шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ хадгална” гэсэн агуулгатай 4 дэх хэсгийг нэмэхээр гишүүдийн төсөлд тусгасныг нэгдсэн хуралдаанд оролцсон 62 гишүүний 59 нь буюу 95.2 хувь нь дэмжив. 2000 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг засаж, илүү тодорхой болгох үүднээс гишүүд энэ заалтыг төсөлдөө тусгажээ.

Мөн төслийн 1 дүгээр зүйлийн 3 дахь заалт буюу Хорин долдугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүд саналаа илээр гаргаж асуудлыг шийдвэрлэнэ. Үндсэн хууль, бусад хуульд заасан, эсхүл хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол нууц санал хураалт явуулна” гэж нэмэх төслийн заалт гишүүдийн дийлэнх олонхын дэмжлэг авсан юм.

Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төслийн 1 дүгээр зүйлийн 4 дэх заалт буюу Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлд “Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал Улсын Их Хурал цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна” гэсэн агуулгатай 2 дахь хэсэг нэмэхээр тусгагдсан. Харин Ерөнхийлөгч төсөл, саналдаа гишүүдийн санаачилсан төслийн энэ заалтыг хөндөөгүй.

Төслийн дээрх заалттай холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан олон орны парламентад ийм эрх мэдэл бүхий бүтцийн байгууллага ажилладаг юм байна. Тиймээс хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар цөөнхийн төлөөллийг оролцуулан хянан шалгах түр хороог байгуулж ажиллуулах шаардлагатай гэж төсөл санаачлагч гишүүд үзсэн. Харин энэ томьёоллыг төслийн дараагийн заалтаар өөрчлөхөөр тусгасан, түүнчлэн хянан шалгах түр хороо нь холбогдох хууль тогтоомжийн дагуу мэргэжлийн, хараат бус шинжээч томилох, гэрч дуудах, тайлбар, мэдүүлэг авах, нотлох баримт гаргуулах бүрэн эрхтэй байх, дүгнэлт гаргаж, шаардлагатай бол тухайн асуудлыг эрх бүхий байгууллагад шалгуулахаар шилжүүлж болохоор тусгасныг гишүүдээс гаргасан саналын дагуу хэлэлцүүлгийн явцад хасахыг Байнгын хороо дэмжсэн гэдгийг хэллээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, Ж.Мөнхбат, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Ц.Нямдорж нар төслийн заалттай холбогдуулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь төслийн энэ заалтыг дэмжсэнгүй.

Харин төслийн 1 дүгээр зүйлийн 4 дэх заалт буюу Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал Улсын Их Хурал цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна. Байнгын болон бусад хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэж өөрчлөн найруулахаар Ажлын хэсэг, Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжсэн саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 93.7 хувь нь дэмжив. Төслийн энэ заалттай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, М.Билэгт нар үг хэлж, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт тайлбар тодруулга өгсөн юм.

Мөн төслийн 1 дүгээр зүйлийн 4 дэх заалт буюу Хорин наймдугаар зүйлд “Хянан шалгах түр хороо нь холбогдох хууль тогтоомжийн дагуу мэргэжлийн, хараат бус шинжээч томилох, гэрч дуудах, тайлбар, мэдүүлэг авах, нотлох баримт гаргуулах бүрэн эрхтэй. Түр хороо дүгнэлт гаргаж, шаардлагатай бол тухайн асуудлыг эрх бүхий байгууллагад шалгуулахаар шилжүүлж болно. Түр хорооны дүгнэлт шүүхэд үүрэг хүлээлгэхгүй. Хорооны хэлэлцсэн баримтыг нотлох баримтад тооцох эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэсэн агуулгатай 3 дахь хэсгийг нэмэхээр гишүүдийн төсөлд тусгагдсан. Энэ заалттай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Ц.Нямдорж, С.Бямбацогт нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд энэ саналын томьёоллоор хоёр удаа санал хураалгахад гишүүдийн дийлэн олонхын дэмжлэг авсангүй. Нэгэнт төслийн заалт дэмжигдээгүй учраас төслийн 1 дүгээр зүйлийн 4 дэх заалт буюу Хорин наймдугаар зүйлийн 3 дахь хэсгийг хасах санал гаргасан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Г.Тэмүүлэн нарын саналаар санал хураалт явуулах шаардлагагүй гэж үзсэн юм.

Дараа нь төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлоготой холбоотойгоор Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгагдсан саналын томьёоллуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, гишүүд төслийн заалтуудтай холбогдуулан үг хэлж байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва өнгөрсөн 30 жилд хөгжлийн тодорхой бодлого, төлөвлөлтгүй явж ирснээс улс орон ч хөгжсөнгүй, ард иргэдийн амьдрал ч дээшилсэнгүй. Иймээс бидний хэдэн гишүүн Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг урт, дунд хугацааны хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлттэй хөгжүүлэх. Энэхүү бодлого, төлөвлөлтийг тогтвортой залгамж чанартай хэрэгжүүлэх төрийн захиргааны төв байгууллагатай байх санал гаргасан гээд энэ саналыг дэмжихийг гишүүдээс хүсэв.

Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Батболд төсвийн сахилгыг дээшлүүлэх үүднээс төсөв батлахад Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хааж өгөх нь зүйтэй гэж үзэж байгаагаа хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа эдийн засгийн бодлого, төлөвлөлттэй холбоотой энэ томьёоллыг хоёр дахь хэлэлцүүлгийн дараа дахин авч үзэж, Үндсэн хуулийн Тавдугаар зүйлд улсын төсөв, санхүү гэсэн шинэ зүйл нэмж оруулаад төсвийн сахилгыг дээшлүүлэх, төсвийн хөрөнгийн хуваарилалтын зарчмыг суулгаж өгөх шаардлагатай байна гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Эрдэнэбат, Б.Баттөмөр нар үг хэлж байр сууриа илэрхийлснээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа.

Ээлжит бус чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төрийн санхүү, зээл, албан татвар, улсын төсвийг хэлэлцэж батлах, төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэхтэй холбогдсон төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэнэ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

АНЭУ-ын угсаа залгамжлах ханхүү Монголд амрахаар дахин иржээ

Арабын Нэгдсэн Эмират Улсын Угсаа залгамжлах ханхүү, Дубайн Гүйцэтгэх зөвлөлийн дарга Шейх Хамдан бин Мохаммед бин Рашид Аль Мактум Монголд амрахаар иржээ.

Тэрбээр өнгөрсөн жил Монголд амралтаараа ирж зургуудаа өөрийн Инстаграмд хуваалцсан байсан билээ.

Угсаа залгамжлагч ханхүү өнөөдөр Монгол Улсад хүрэлцэн ирсэн бөгөөд түүнийг Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх Б.Мөнхжин угтан авчээ.

Монголд дэлхийн улс орнуудын тэргүүдийн хүүхдүүд амрахаар ирж байгаа нь монголыг сурталчилж буй томоохон сурталчилгаа болж байна. Тухайлбал, энэ сард ирээд буцсан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын том хүү Дональд Трамп Жр. гэхэд өөрийн 1.9 сая дагагчтай Инстаграм хуудастаа монголоор аялсан зураг, сэтгэгдлээ хуваалцаад байгаа билээ.

АНЭУ-ын ханхүү Шейх Хамдан бин Мохаммед бин Рашид Аль Мактум мөн өнгөрсөн жил ийнхүү зургаа нийтэлж байжээ. Түүний Инстаграм дахь дагагчийн тоо 8.4 саяд хүрсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Ц.Нямдорж: Хөрөнгөндөө аархаад байгаа баян, тарган гишүүдээ дууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байгаа юм. “Хянан шалгах, хуулийн биелэлттэй холбоотой нийтийн эрх ашгийн төлөө Хянан шалгах хороо байгуулахыг гишүүдийн 4/1-ээс доошгүй нь хүсэлт тавьбал УИХ цөөнхийн төлөөлөлтэй байгуулна “ гэсэн заалтыг нэр бүхий 62 гишүүн өргөн мэдүүлснийг дэмжлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Энэ заалтыг тусгаснаар нийгэмд эргэлзээ төрүүлсэн асуудалд 19 гишүүн асуудал тавьсан заавал цөөнхийн төлөөллөөс бүрдүүлэн байгуулах юм. Дэлхийн олон улс оронд үүнийг хэрэгжүүлдэг. Байнгын болон бусад хорооны бүрэн эрхийг хуулиар тогтооно.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Энэ заалтыг дэмжихтэй холбоотой дараагийн заалтыг дэмжих хэрэгтэй. Ингэж байж ёс зүй төлөвшинэ. Үндсэн хуульд тодорхой заалт байх хэрэгтэй. Түүнээс биш тунхаг байж болохгүй.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хэд хэдэн заалт хийж өгч байна. УИХ-ын гишүүнийг эргүүлэн татдаг, хариуцлага тооцдог заалтыг оруулж байгаа. Ерөнхий сайдыг УИХ-аас томилж, бусад гишүүд дан дээлтэй байхаар зохицуулалт хийж байгаа энэ үед Хяналтын хороо байгуулах нь зөв. Цөөнхөө хүндэтгэж, төлөөллийг нь оруулж байгаа. Хариуцлагатай асуудлыг ярьж байгаа энэ үед манай УИХ-ын гишүүд хариуцлагатай баймаар байна. Ц.Нямдорж сайдын бухимдаж байгаа нь зөв. Үүнд цөөнхийн буруу байхгүй, О.Баасанхүүгийн буруу ч байхгүй. Ялангуяа үүнийг бүлгийн даргад хандаж хэлмээр байна.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-Үндсэн хуулийн хэлэлцүүлэг хийгдэж байгаа ажлыг 4 дэх удаагаа харж байна. 1992 онд Д.Лүндээжанцан нар Бага хурлаар хэлэлцэж байхад харж л байсан. 1999 онд, 2000 онд хэлэлцүүлэг хийхийг харж байсан. Миний санал нийлэхгүй зүйл энэ дотор байгаа. Олон гишүүд санал нийлж байгаа учир хүндэтгэлтэй хандаад өнөөдрийг хүрч байна. Би гол нь байхгүй гишүүдээ ирүүлээч гэж байгаа. Ард түмэн энэ өөрчлөлтийг туйлын анхааралтай харж байгаа. Амьдралд садаа болоод байгаа зүйлийг өөрчлөөсэй гэж залбираад харж байгаа. О.Баасанхүү, Б.Пүрэвдорж нарын, АН-ын тавьж байгаа шаардлагатай би 100 хувь санал нэг байна. Ардын намын харьяалалтай, албан тушаал авах болохоороо ганц удаа гишүүн болчихоод Ерөнхий сайд болчихдог, бараг гишүүн болоогүй байж сайд болчихдог атлаа Үндсэн хуулийн улс орны амин чухал асуудал ярьж байгаад яагаад энэ хүмүүс ирдэггүй юм. Хэн болчихсон юм. Юу болчихсон юм. Жаргалтулгын Эрдэнэбат ганц сонгогдоод Ерөнхий сайд болсон. Нямтайширын Номтойбаяр ганц удаа сонгогдоод хоёр дахиа сайд болсон. Отгонбилэгийн Содбилэг хаана байна. Аав нь УИХ-ын гишүүн, ээж нь УИХ-ын гишүүн байсан, өөрөө бас. Монголын төр, МАН энэ хүнд чадах чингээрээ тусалсан. Яагаад та нар улс орны амин чухал зүйл болохоор ирдэггүй юм. Та нар яагаад 10:00 цагт хуралдаа ирж болдоггүй юм. Чингэлтэйн Д.Ганболд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг мэдсээр байж онгоцонд суугаад алга болсон гэж байна. Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд, Ч.Хүрэлбаатар нар шалтгаантай байгааг ойлгож байна. Гишүүдээ дууд.

Бид нар та нараас ичиж байна. Энэ этгээдүүдээс болж О.Баасанхүү гишүүнээр өдөр бүр бичлэг хийлгэж, Б.Пүрэвдорж гишүүнээр өдөр бүр загнуулж байна. Энэ зөв. Хүний өмнөөс ичих шиг адгийн зүйл байдаггүй юм байна. Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд л тааллаараа ирнэ гэж Үндсэн хуульд бичсэн байдаг. Сая нэр дуудсан баян, тарган гишүүдээ дууд. Хөрөнгө чинээгээр нь ялгаварлан гадуурхахгүй гэж Үндсэн хуульд бичсэн байдаг. Хөрөнгөндөө аархаад байгаа юм уу. Хэзээ энэ хурал чинь сахилгатай болох юм. Ардын намын харъяалалтай 40 шинэ гишүүн бий. Та нар хэзээ бид нарын дараа төрийг төр шиг аваад явах юм бэ. 2016 онд та нарыг нэр дэвшиж байхад мань мэт цагаан магтаалаар магтаад явж байсан. Мань мэтийн сэтгэл рүү ус хийж, сонгосон ард түмний сэтгэл рүү битгий ус хий.

Албан тушаал мөнгөнөөс өөр бодох юм байхгүй. Бараг л цэцэрлэгийн хүүхдээс дор. Баардаад яваад байдаг юм уу. Цалгар, назгар байдал чинь ард түмний амьдралыг шийдвэрлэхэд нөлөөлж байгаа. УИХ-ын дарга шаардлага тавиач. Тэр тусмаа Үндсэн хууль хэлэлцэж байхад. Намайг загнаж байна гэх байх. Би жирийн гишүүнийг загнаагүй. Би УИХ-ын гишүүнийг загнаж байна. Надад тийм ёс суртахууны эрх байгаа байх.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Би өглөө онцлон хэлсэн. Нийгмийн захиалгыг бид хүндэтгэх үзэх ёстой. Нэр дурдсан гишүүд яагаад чуулгандаа оролцдоггүй юм гэлээ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулах саналыг дэмжлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн ажлын баг, Байнгын хорооноос гарсан 150 орчим саналын томьёоллоор санал хураах ажлыг үргэлжлүүлж байна. Одоо УИХ-ын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төслийн “28.2.Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал Улсын Их Хурал цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна.” гэсэн саналтай холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлж байна.

Төслийн заалттай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, “Одоогийн хуулиар, УИХ санал хурааж Түр хороо байгуулна гэж жил гаруй хугацаа зарцуулдаг. Энэ заалт орж ирснээр, дуулиантай том хэргийг хууль хяналтын байгууллага анхаарч байгаа эсэх асуудал гарвад УИХ-ын 19 гишүүн асуудал дэвшүүлээд, цөөнхийн төлөөлөл оролцуулж Хянан шалгах түр хороо байгуулах ач холбогдолтой чухал заалт юм. Дэлхийн олон оронд энэ зохицуулалт байдаг. Харин төслийн энэ хэсэгт хамаарах сүүлийн заалтад гэрч дуудах, шинжээч томилох зэргийг хасах саналтай байгаа. Байнгын болон бусад түр хорооны бүрэн эрхийг хуулиар зохицуулна гэж хамтатгаад, хууль зүйн техникийн хувьд зассан” гэлээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, “Энэ заалтыг зөв гэж үзэж байна. Хуулийн хэрэгжилтийн хяналтын хамгийн дээд тогтолцоо нь УИХ байх ёстой. Энэ тогтолцоо гажуудсанаас хуулийн байгууллагууд хяналтгүй болж, парламентын нэр хүнд унасан. Тиймээс УИХ-д бүх институц байх ёстой. Ингэхдээ хуулийн мэргэшлээр нь дэмжүүлсэн хянан шалгах хороогоо байгуулаад явах нь зүй. Одоогийн хуулиар ажлын баг байгуулаад ажиллаад үр дүн гарахгүй байгаа” хэмээв.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, “Одоогийн хуулиар Түр хороо байгуулж болж байна. Тиймээс энэ заалт байх хэрэгтэй, эсэхийг дахин нягтлаарай. Энэ хэсэгт хамаарах гурван заалтад Түр хороо нь шинжээч томилно, гэрч дуудна, нотлох баримт цуглуулна гэсэн зохицуулалт орсонд шүүмжилж байна. Хууль хяналтын байгууллага хуулийн хүрээнд ажиллаж байгаа эсэхийг дүгнэх л үүрэгтэй байх ёстой. Ер нь Үндсэн хуулийн амин сүнс нь шүүхийн хараат бус байдалтай холбоотой заалтыг сайжруулахад оршино. Ард түмэнтэй уулзсан гишүүдийн ярьснаар, шударга шүүхтэй, хуулийн байгууллагатай байхыг эрмэлзэл байна. Хэрвээ бид хараат бус шүүхтэй байх, түүнийг улс төрөөс ангид байлгахыг хуулиар шийдэж чадахгүй бол мянган түр хороо байгуулаад үр дүн гарахгүй. Энэ зохицуулалтыг оруулснаар, шүүхийн хараат бус байдлыг хангаж чадахгүй.

Гэрч дуудах, нотлох баримт цуглуулах саналыг эсэргүүцэж байгаа нь улс төрийн амьдралд харахад юу ч хийж болохоор сул тал байна. Учир нь бидэнд улс төрийн төлөвшил сул байгаа юм. Дуулиантай том хэрэгт хяналт тавиад буруу зөрүү ажлыг хянахад сайн ч “цэгийн чинээ харыг уулын чинээ болгож, уулын чинээг цэгийн чинээ хар болгох” асуудал гарна” хэмээв.

Ингээд санал хураахад гишүүдийн олонх төслийн “28.2.Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал Улсын Их Хурал цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна.” гэсэн саналыг дэмжлээ.

Дараа нь төслийн “28.3.Хянан шалгах түр хороо нь холбогдох хууль тогтоомжийн дагуу мэргэжлийн, хараат бус шинжээч томилох, гэрч дуудах, тайлбар, мэдүүлэг авах, нотлох баримт гаргуулах бүрэн эрхтэй. Түр хороо дүгнэлт гаргаж, шаардлагатай бол тухайн асуудлыг эрх бүхий байгууллагад шалгуулахаар шилжүүлж болно. Түр хорооны дүгнэлт шүүхэд үүрэг хүлээлгэхгүй. Хорооны хэлэлцсэн баримтыг нотлох баримтад тооцох эсэхийг шүүх шийдвэрлэнэ.” гэсэн заалттай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат үг хэлэв.

Тэрбээр, “Ижил заалтыг хамтатган хэлэлцэж болохгүй. Тус тусдаа хэлэлцэх ёстой. Учир нь энд хоёр өөр заалтыг хамтатгаад оруулсан байна. Хянан шалгах түр хороо нь бусад түр хороотой ижил статустай. Гэтэл яагаад Үндсэн хуульд онцолж оруулж байгаа вэ. Нэг зүйл заалтад “Байнгын хороо болон бусад хорооны үүргийг хуулиар тогтооно” гэж оруулсан байна. Байнгын хороод болон бусад түр хорооны үйл ажиллагааны журмыг хуулиар тогтоохыг органик хуулиар зохицуулахад л болно” гэлээ.

УИХ-ын гишүүн М.Билэгт, “Хуучин Ардын хянан шалгах хороо гэж байсан. Төрийн хэмжээнд байгаа бүх хууль хяналтын байгууллагыг зангидаж атгадаг газар байсан гэж боддог. Өнөөдөр АТГ-ын гаргасан шийдвэр прокурор дээр очоод сулардаг. Прокуорын шийдвэрийг шүүх шийдэхгүй өнждөг. Төрийн эрх мэдэлтэй өндөр албан тушаалтны хууль зөрчсөн шийдвэрт арга хэмжээ авах гэхээр эргээд хууль хүчний байгууллагын хүч нь дутаад байдаг. Тиймээс УИХ-ын дэргэдэх хянан шалгах хороо байгуулбал тэр хуулийн байгууллагыг хянаж шийдвэр гаргахад шахаж ажиллах, дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой. Тиймээс энэ саналыг дэмжиж байна” гэлээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, “Шүүх эрх мэдэл рүү халдаад төрийн өндөр албан тушаалтныг ялладаг зорилгоор энэ хороог байгуулах биш юм. УИХ төрийн бодлого тодорхойлж, Засгийн газар хэрэгжүүлнэ. Ингэхдээ бодлогыг зөв, буруу хэрэгжүүлж байгаа эсэхийг хянах түр хороо байгуулж, түүгээрээ шийдвэрлье гэж байгаа юм. Давхар дээлтэй гишүүд хууль хяналтынханд нөлөөлж байсан. Энэ эрхийг нь энэ хуулийн төслөөр хязгаарлаж байгаа. УИХ-ын гишүүнийг сайдаар томилохгүй юм. Төсөлд тусгасан 28.2, 28.3 гэсэн хоёр заалтыг хэлэлцэх явцад, мэргэжлийн шинжээч томилох, гэрч дуудах, нотлох баримт цуглуулах саналыг хасахаар шийдвэрлэсэн. Учир нь энэ түр хороо нь шүүхийн байгууллагын ажлыг давхар гүйцэтгэх болоод байгаа юм. Тиймээс 28.3 заалтыг хасъя гэдэг санал гаргасан. 28.2 дээр нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлыг уг хороогоор шийддэг байхаар тусгасан. Бусад байнгын болон бусад хорооны журмыг хуулиар тогооно гэдэг нь түр хороо байнгын хороодын эрх үүргийг органик хуулиар тодорхой заагад, хянан шагах түр хороог ялгамжтай байлгахаар тохирсон” хэмээв.

Ингээд санал хураахад 93,7 хувийн саналаар, “28.3.Хянан шалгах түр хороо нь холбогдох хууль тогтоомжийн дагуу мэргэжлийн, хараат бус шинжээч томилох, гэрч дуудах, тайлбар, мэдүүлэг авах, нотлох баримт гаргуулах бүрэн эрхтэй. Түр хороо дүгнэлт гаргаж, шаардлагатай бол тухайн асуудлыг эрх бүхий байгууллагад шалгуулахаар шилжүүлж болно. Түр хорооны дүгнэлт шүүхэд үүрэг хүлээлгэхгүй. Хорооны хэлэлцсэн баримтыг нотлох баримтад тооцох эсэхийг шүүх шийдвэрлэнэ.” гэсэн заалтыг хасах саналыг дэмжлээ.