Categories
мэдээ нийгэм

Автомашин угаалгын газруудад саарал усаа дахин ашиглах төхөөрөмж суурилуулах тухай албан шаардлагыг хүргүүллээ

Прокурорын байгууллагаас 2019 онд Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан ажиллуулах зорилт тавьсан. Зорилтын хүрээнд Баянгол дүүргийн прокурорын газар тус дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн газартай хамтран автомашин угаалгын үйлчилгээний ангилал, Ерөнхий шаардлага MNS 5347:2003 стандарт болон Засгийн газрын 2018 оны 73 дугаар тогтоолын 2 дахь заалтын хэрэгжилтэнд хамтарсан хяналт, шалгалт хийсэн байна.

Тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Автомашин угаалгын үйлчилгээ эрхлэх 15 аж ахуйн нэгж, байгууллагуудад шалгалт хийхэд авто угаалгын газрууд үйлчилгээний явцад гарсан бохир усаа төвлөрсөн шугамд нийлүүлж байсан нь илэрчээ. Иймд саарал усаа дахин ашиглах төхөөрөмж суурилуулах тухай Улсын байцаагчийн хугацаатай албан шаардлагыг хүргүүлсэн байна.

Засгийн газрын 2018 оны 73 дугаар тогтоолын 2-т “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэх бохир усны стандартын шаардлагыг хангуулах зорилгоор шаардлагатай үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагуудыг урьдчилан цэвэрлэх байгууламжтай болгож, цэвэршүүлсэн усыг эргүүлэн ашиглах технологи нэвтрүүлэх” гэж заажээ.

Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голууд үерийн түвшинг 5-50 см давсан байдалтай байна

Долоодугаар сарын 3-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны зүүн хажуугаас эхтэй Балж, Онон, Алтай нуруунаас усжих Ховд, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-50 см давсан байдалтай байна. Иймд дээр дурьдсан голуудын сав, эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Ойрын өдрүүдэд түр зуурын бороо элбэг тул хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх боломжтой ба хуурай сайр, гуу жалгын ойролцоо болон ам тосох зэргээр бууж суурьшихгүй байхыг зөвлөж байна.

Categories
мэдээ спорт

“Торгоны зам” раллид оролцох тамирчдыг гарааны зурвас руу үдэх ёслол боллоо

Энэ сарын 6-16-ны өдрүүдэд ОХУ-Монгол-БНХАУ-ыг дамнан зохион байгуулагдах “Торгоны зам” автомашин, мотоциклын холын зайн раллид оролцох Монгол тамирчдыг гарааны зурвас буюу ОХУ-ын Эрхүү хот руу үдэх ёслол Хөшигийн хөндийн Нисэх онгоцны буудалд болж өндөрлөлөө. Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, “Торгоны зам” олон улсын раллиг зохион байгуулах улсын ажлын хэсгийн дарга З.Энхболд нарын албаны хүмүүс оролцов.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Та бүхэнд энэ өглөөний мэнд хүргэе. “Торгоны зам”-2019 уралдаанд оролцох Монголын тамирчдаа үдэн гаргах ёслолд хүрэлцэн ирсэн Та бүхэнд баярлалаа. ОХУ-Монгол-БНХАУ-ын нутгаар 5,000 км уралдах уралдаанд Монгол Улсын баг, тамирчид анх удаагаа 15 хүний бүрэлдэхүүнтэй буюу олуулаа оролцох гэж байна. Нутагтаа болж байгаа уралдаанд амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна. Амжилт гаргахын ерөөл дэвшүүлье” гэлээ.

Энэхүү олон улсын Раллигийн маршрутад Монгол Улс анх удаагаа орж бөгөөд манай улсаас Олон улсын хэмжээний мастер Ш.Гансүх -Спортын дэд мастер Э.Оргил -Спортын дэд мастер Б.Сайнбаяр -Спортын дэд мастер А.Бүрэнтогтох -Спортын мастер Г.Эрдэнэсүрэн -Спортын мастер С.Ариунболд Олон улсын хэмжээний мастер Д.Болдбаатар -Олон улсын хэмжээний мастер Б.Баттөр -Олон улсын хэмжээний мастер Э.Амгалан -Спортын мастер Б.Өнөрбаяр -Спортын мастер Б.Бат-Ундрал -Спортын дэд мастер Д.Энхсаруул нар эх орноо төлөөлөн оролцох юм.

Энэ жилийн уралдааны нийт урт 5007.96 км бөгөөд тусгай үе шатуудын нийт зай 2593.15 км байх юм. Мөн энэ оны хамгийн урт зам нь Монгол Улсын нутаг дэвсгэрээр үргэлжлэх юм. Уралдааны бүс нутгийг ийнхүү өөрчилснөөр тамирчид уур, амьсгалын таван өөр бүсээр дайрч өнгөрөх бөгөөд Монгол дахь хэсэгт элсэн манхан хийгээд хайрга, чулуутай замын сорилт болох болно хэмээн тодорхойлж байна. Энэ удаагийн тэмцээнд нийт 40 улсын 97 тамирчин, 54 автомашин, 16 том оврын ачааны автомашин, 24 мотоцикл оролцохоор бүртгүүлсэн нь тэмцээний түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа юм байна. Тэмцээнд оролцогчдыг дагалдан 394 техник, 1,400 гаруй хүн, 120 улсын сэтгүүлч Монголын хилээр нэвтэрч тэмцээнийг зохион байгуулж, оролцож, сурвалжлахаар мэдүүлсэн байна. “Торгоны зам” авто ралли-2019 нь өмнөх жилүүдийн раллиг бодвол тамирчдаас асар их тэвчээр, ур чадвар шаардсан сорилт болно гэж мэргэжлийн уралдаанчид хүлээж байна. Учир нь, энэ жил шинэ нутгаар буюу Зүүн Сибир, Оросын тайга, Монголын тал, говийг дайран өнгөрөхөөр маршрутад өөрчлөлт оруулсан нь мотоциклчдын хувьд ур чадвар шаардсан хамгийн урт замд тооцогдож байгаа юм. Тэмцээн Монгол Улсын газар нутгаар дайрч өнгөрөх үед үзэж, сонирхох бүрэн боломжтой бөгөөд тусгайлан зассан хэсгүүдэд үзэгчид үнэ төлбөргүй үзэх боломжтой юм байна

Categories
мэдээ нийгэм

Наадмаар НОБГ алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, НМХГ, НОБГ-аас Үндэсний их баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн талаар хэвлэлийн хурал хийж байна.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан: “Үндэсний баяр наадмын өдрүүдээр буюу долоодугаар сарын 9-15-нд онцгой байдлын 16 анги салбарын 130 алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Хяналт шалгалтыг долоодугаар сарын 9-10-нд зохион байгуулна. Долоодугаар сарын 11-13-ны өдрүүдэд эргүүлийн ажил хийгдэнэ. Мөн 55 албан хаагч Туул голын сав газраар завьтай болон автомашинтай эргүүл хийнэ” гэж мэдээллээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш: “Баяр наадмын үеэр 400 орчим байцаагч хяналт шалгалт хийж ажиллана. Мал эмнэлгийн лаборатори болон НМХГ-ын Төв лабораториос явуулын лаборатори ажиллуулж шалгалтын үеэр дээж авч шалгана. Мөн өгсөн зөвлөмжийнхөө дагуу аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавина” гэдгийг хэллээ.

Categories
мэдээ нийгэм

“УИД” ХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ

Санхүүгийн зохицуулах хорооноос “УИД” ХК-ийн 2016-2018 оны үйл ажиллагаанд Хорооны даргын баталсан удирдамжийн дагуу 2019 оны 3 дугаар сараас 5 дугаар сарын хооронд газар дээрх хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

Хороо нь “УИД” ХК-тай 2017 онд “УИД ХК-ийн үйл ажиллагааг сайжруулах, бие даасан байдлыг хангуулах гэрээ”-г байгуулж тус гэрээнд “УИД ХК-ийн барилгыг түрээслэх гэрээний үнийн дүнг тухайн үеийн зах зээлийн ханштай дүйцүүлэх…” гэж заасан. Гэвч “УИД” ХК нь “Номин реалтор” ХХК-тай түрээсийн гэрээг зах зээлийн үнээс хэт бага үнээр хийж дээрх гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй байна.

Үүний улмаас “УИД” ХК нь 2016 онд 3.9 тэрбум, 2017 онд 2.4 тэрбум, 2018 онд 2.6 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажиллах, нэгж хувьцаанд 2016 онд 106 төгрөг, 2017 онд 65 төгрөг, 2018 онд 71 төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр хуваарилах боломжийг тус тус алдсан байна гэж шалгалтын ажлын хэсгээс дүгнэлээ.

Түүнчлэн “УИД” ХК нь “Номин холдинг” ХХК-тай зээлийн гэрээг гадаад валютаар байгуулж, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн тул Санхүүгийн зохицуулах хорооноос Улсын ерөнхий прокурорын газарт хандан зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагааг эхлүүлээд байна.

Мөн шалгалтын ажлын хэсгээс “УИД” ХК-ийн холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн бусад үйл ажиллагаанд торгууль оногдуулж, улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр холбогдох хууль тогтоомжид заасны дагуу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж ажиллахаар боллоо.

Categories
мэдээ нийгэм

Хонг Конг дахь Ерөнхий консул С.Эрдэнийг хууль бус бараа тээвэрлэсэн хэргээр эгүүлэн татлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар БНХАУ-ын Хонг Конг хотод суугаа Ерөнхий консул С.Эрдэнийг эгүүлэн татлаа. Түүнийг хууль бус бараа тээвэрлэлт, наймаа болон хэрэг зөрчилд нэр холбогдсон гэх шалтгаанаар эгүүлэн татсан байна.

С.Эрдэнэ нь Вена дахь Элчин сайдын яаманд атташегаар ажиллаж байхдаа тамхи тээвэрлэсэн хэргээр 2004 оны есдүгээр сард ХБНГУ-ын Лейпциг хотын Гаалийн байгууллагад саатуулагдан шалгагдаж байжээ.

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн олон улсын тэмцээнээс манай баг тамирчид найман медаль хүртлээ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн “Баргын цом” олон улсын тэмцээн зургаадугаар сарын 29-30-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ын Хөлөнбуйрт боллоо. Тэмцээнд Монгол, БНХАУ, БНАСАУ, ОХУ-ын 200 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн олимпийн жинд өрсөлдөв.

Манай улсаас 20 тамирчин эх орноо төлөөлөн оролцож нэг алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл, нийт найман медаль хүртлээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд ОУХМ З.Болортунгалаг алт, эрэгтэйчүүдийн 65 кг-д ОУХМ Б.Нямдорж, 97 кг-д спортын мастер М.Цогтгэрэл, эмэгтэйчүүдийн 76 кг-д спортын мастер Н.Загардулам нар мөнгө, эрэгтэйчүүдийн 74 кг-д спортын мастер Б.Батсүх, спортын мастер Б.Намхай, эмэгтэйчүүдийн 62 кг-д спортын мастер Д.Түмэнхүслэн, 68 кг-д ОУХМ Э.Цэвэгмид нар хүрэл медалийн эзэн болсон юм.

Categories
мэдээ нийгэм

Хуульзүйн байнгын хороо хуралдаж байна

Хуульзүйн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байгаа юм. Ажлын хэсэг төслийг танилцуулж, байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн асуултад хариулж байна.

УИХ-ын гишүүд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн танилцуулгыг иргэдэд хийж, иргэдээс ирүүлсэн саналыг нэгтгэн, 15 саналыг төсөлд тусгахаар болсон талаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан онцолж байсан юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Баатар: Ж.Болтон бол гадаад бодлогын “мангас” хочтой дипломатч

АНУ-ын ерөнхийлөгчийн Аюулгүй байдлын зөвлөх Жон Роберт Болтон Монголд айлчлаад буцсан. Энэ айлчлалын хүрээнд олон нийтийн дунд гарсан зарим асуултад хариулт авахаар Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн ажилтан, Sc.D, профессор Ц.Баатартай ярилцлаа.


-АНУ-ын ерөнхийлөгчийн Аюулгүй байдлын зөвлөх Жон Роберт Болтон Монголд айлчиллаа. Та судлаач хүний хувьд түүний айлчлалын зорилго юу байсан бол гэж харж байна вэ?

-Тэрбээр Монгол Улсын эдийн засгийн болон аюулгүй байдлын зорилтуудыг дэмжих, Монгол Улсын чадавхыг бэхжүүлэх цаашдын хөтөлбөрийг тодорхойлох нь айлчлалын гол зорилго байлаа гэсэн байна лээ. Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулах зорилго ч байсан. Нөгөө талаар бүс нутгийн асуудлууд ч энд хамаарах байх.

-АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп цэрэггүй бүсэд уулзалт хийх үеэрээ яагаад Жон Роберт Болтоныг байлцуулаагүй юм бол. Үүнд ямар нэг улс төрийн учир холбогдол байсан юм биш биз. Ж.Болтон Хойд Солонгос, Куба, Иран, ОХУ-тай холбоотой асуудалд хатуу байр суурьтай байдаг болохоор айлчлалынхаа үеэр Монгол руу явуулжээ гэж таамаглаж болох уу?

-Тийм ээ, энэ хүний талаар эрс хурц байр суурийг янз бүрээр л хэлдэг. Уулзалтыг аль болох хүссэн зорилгодоо хүргэх үүднээс тэр хүнийг байлцуулаагүй л болов уу. Тэд ч энэ хүнд дургүй шүү дээ.

Жон Роберт Болтоныг дэлхийн олон улс оронд дайн дажин, үймээн, зөрчилдөөн дэгдээсэн хүн гэж буруутгах хэсэг байна. Юунаас улбаалж түүнийг ингэж шүүмжилдэг юм бэ?

-Тэрбээр 2005 онд Иракийн дайн дэгдээж байхдаа НҮБ-д суугаа АНУ-ын Элчин сайдын албыг хашиж байсан.

Дипломат яриа хэлэлцээ гэхээс илүүтэйгээр хүч хэрэглэх, түрэмгийлэх бодлогыг уриалдаг хүн.

-Түүний Монголд айлчилж, төрийн өндөрлөгүүдтэй уулзсаныг ямар нэг үйл явдлын дохио гэж харж болох уу?

-Хоёр улсын төрийн өндөрлөгүүд дээд түвшинд уулзах, эдийн засгийн хамтын ажиллагаанд бага ч болов ахиц өөрчлөлт гарахын дохио гэж харж байна. Оюу толгойн ээдрээтэй асуудал, тогтворгүй бодлогогүй үйл ажиллагаа тэдэнд нэгийг сануулсан байх.

-Жон Роберт Болтон гэж чухам ямар онцлогтой, улстөрчийнхөө хувьд хэр чансаатай хүн бэ?

-Жон Роберт Болтон өдгөө 71 настай. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас АНУ-ын 27 дахь Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр ажиллаж байгаа туршлагатай, үндсэрхэг, хуучин дипломат ажилтан юм.

Болтон нь 2005 оны наймдугаар сараас 2006 оны арванхоёрдугаар сар хүртэл АНУ-аас НҮБ-д суух Элчин сайдын алба хашиж байсан. Болтон нь гадаад бодлогын “мангас” хочтой бөгөөд Иран, Сири, Ливи, Венесуэл, Куба, Йемен, Хойд Солонгост дэглэмийн өөрчлөлтийг дэмжигч. Тэрбээр мөн Ираны цөмийн асуудлыг шийдэж дуусгахыг уриалдаг. Иракийн дайныг дэмжигч байсан бөгөөд Ирак руу довтлох шийдвэрийг үргэлжлүүлэн дэмждэг. Мөн Сири, Ливи, Иран дахь цэргийн ажиллагааг явуулахыг дэмждэг. Үзэл бодлын хувьд “neoconserva­tive” гэж тодорхойлолтод ордог олон улсын анхааралд өртсөн дипломатч юм.

-Иракийн дайныг эхлүүлэхэд хатуу байр суурь баримталж, дэмжиж байсан, ер нь дайн хийхийг дэмждэг хүнийг ирээд явсанд манай зарим иргэд болгоомжилсон байр суурьтай байна?

-Энэтхэг, Номхон далайн бүс нутагт хүчний тэнцвэрийг хангах, бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд Монгол Улсын хувь оролцоог ахиулахад бага ч болов ахиц дөхөм үзүүлсэн чухал айлчлал боллоо гэж харж байна. Түүнээс болгоомжлох шалтаг шалтгаан Монголд байхгүй. АНУ Орос, Хятадтай учраа ололцож байгаа нь бидэнд л нааштай тусна.

Categories
мэдээ нийгэм

ТАНИЛЦ: Наадмаар ажиллах нийтийн тээврийн хэрэгслийн чиглэл

Баяр наадмын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ дараах байдлаар зохион байгуулахаар төлөвлөөд байна. Үүнд:

-Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 93 чиглэлд их багтаамжийн 612, туслах 4 чиглэлд бага багтаамжийн 10, зуслангийн 3 чиглэлд 5, шөнийн тээврийн үйлчилгээний 3 чиглэлд 10 автобус нийт 637 автобус үйлчилгээнд ажиллана.

-Долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орох наадамчдад зориулж “Мишээл экспо төв” рүү нийт 13 чиглэлийн 76 автобус, “Дүнжингарав худалдааны төв” рүү 22 чиглэлийн 135 автобус үйлчилнэ.

-“Мишээл экспо төв” болон “Дүнжингарав худалдааны төв”-өөс “Төв цэнгэлдэх хүрээлэн” рүү 20 автобус 3 минут тутам, Рейлбусын зогсоол буюу “Урбанек”-ын урд талын “Дунд гол”-ын зогсоолоос Төв цэнгэлдэх хүрээлэн” рүү 5 автобус 6 минут тутамд, Хүй 7 худгийн Рейлбусны зогсоол буюу “Давааны зөрлөг”-өөс Морь барианы газар руу 5 автобус 4 минут тутамд тус тус богино эргэлтээр наадамчдад үнэ төлбөргүй үйлчилнэ.

-Долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Гандийн гудамжны автобусны зогсоолоос, долдугаар сарын 13-ны өдөр хотын төв буюу “МУБИС”-ийн баруун тал буюу “Улаанбаатар зочид буудал”-ын автобусны зогсоолоос 08:00 цагаас 20 их багтаамжийн автобус 10 минут тутамд “Хүй 7 худаг” руу 1000 төгрөгийн тарифаар үйлчилнэ.

-“Төв цэнгэлдэх хүрээлэн” орчмын 3 түр зогсоолоос таксийн үйлчилгээг Нийслэлийн тээврийн газартай гэрээтэй ажилладаг 11 аж ахуйн нэгжийн 380 такси иргэдэд хүргэнэ. Үүнд: 1. “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн урд тал: Нийслэлийн гудамж, Хурд хорооллын урд зогсоол; “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн хойд тал: Махатма Гандийн гудамж, ХАҮТ-ын арын зогсоол; 3. “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн баруун тал: Чингисийн өргөн чөлөө, KH apartment баруун талын зогсоол.

-Баяр наадмын өдрүүд буюу долдугаар сарын 10, 11, 12, 13-ны өдрүүдэд “Амгалан”-гаас “Давааны өртөө” хүртэл Рейлбус 2000 төгрөгийн тарифаар үйлчилнэ гэж Нийтийн Тээврийн үйлчилгээний газраас мэдээлэв.

image

image

image

image

image