Categories
мэдээ нийгэм

Сувилалд сувилуулж байгаад алга болсон иргэнийг эрэн хайж байна

Увс аймгийн харьяат Б /68 настай, эрэгтэй/ нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, “Эрх саран” сувиллын газарт сувилуулж байсан бөгөөд өнгөрсөн сарын 26-ны өдрийн 05:30 цагийн орчим гараад сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг өнгөрсөн сарын 26-ны өдрийн 11:26 цагт хүлээн авсан байна.

Эрэн хайх ажиллагааг зургадугаар сарын 26-наас долдугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулан явуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийн хүсэлтээр түр зогсоожээ. Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, Цагдаагийн байгууллагын 1 алба хаагч, нийт 6 хүн, 1 автомашинтайгаар ажиллаж, энэ сарын 3-ны өдөр “Эрх саран” сувиллаас “Шувуун фабрик” хүртэл 15 км-т явганаар голын салаа бүрээр явж хайсан байна. Энэ үеэр голд унасан зараа модыг уснаас гарган цэвэрлэж, “Туул” голоор 10 км-т урсаж, 4 метрийн гүнд таван удаа шумбалт хийж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 22:20 цагт зогсоожээ. Өнөөдөр эрлийн ажиллагаа үргэлжилж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын баатар П.Шагдарсүрэнгийн өнөөдрийн үнэ цэн

.

Монгол Улсын баатар, Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд, Хурандаа Пунцагийн Шагдарсүрэн 101 насандаа таалал төгсжээ. Тэрээр 1959-1963 онд БНМАУ-ын Гадаад явдлын яамны сайд, 1963-1972 онд МАХН-ын Төв Хорооны Гадаад харилцааны хэлтсийн эрхлэгч, Энэтхэг, БНАСАУ, Унгар, Польш, ХБНГУ, Афганистан, Ардчилсан Герман, БНХАУ-д Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар ажиллаж байсан төр нийгмийн нэрт зүтгэлтэн байлаа. Манай сонины нийтлэлч П.Хашчулууны 2014 онд бичиж байсан “Улсын баатар П.Шагдарсүрэнгийн өнөөдрийн үнэ цэн” нэртэй нийтлэлийг түүнийг дурсан санаж уншигчдадаа хүргэж байна.


Монгол Улсын баатар, хурандаа П.Шагдарсүрэн таалал төгсчээХалхголын байлдаанд Монголын цэргийн удирдах бүрэлдэхүүнд тулалдсан
Пунцагийн Шагдарсүрэнд Монголын төр Улсын баатар цолоо олголоо. Үнэхээр дайн
байлдаанд оролцсон, дайснаа дарж явсан хүмүүст Баатар цол олгодог ёстой юм бол
П.Шагдарсүрэн гуай гарцаагүй баатар хүн мөн юм. Өнөөдрийн хүмүүст үргэж
цочихоор үнэнийг хэлэхэд энэ өвгөн 21 настайдаа 17-р морьт хорооны штабын
даргын албан тушаалтай байлдаанд орж Монгол Улсын дархан хил, бүрэн бүтэн
байдалд халдан түрэмгийлсэн япончуудтай цусаа урсган тулалдсан, амийг амиар
сольж явсан, үүнийхээ төлөө амь насаа бууны исгэрэх суман дунд өнгөрөөсөн хүн
юм. Тэрбээр “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцохдоо “Манай хороон
дарга Дандар зоригтойгоо харуулах гэж байгаа нь тэр юм уу, дайралтанд орохдоо
хуягт тэргэн дээр сандайлж суугаад автоматаар шүршээд явчихдаг байсан…” гэж
ярьсан. Л.Дандарыг тэгж япончуудыг автоматаар шүршиж явсныг харсан хүн дэргэд
нь бас япончуудыг шүршиж явсан байж таарна биз дээ. “Байлдааны эхэн үед хоёр
япон баривчлаад сүүлд нь өнөө хоёрыг чинь хааш нь хийхээ мэддэггүй, жалганд
аваачаад буудчихаж билээ” гэхэд нэвтрүүлгийн хөтлөгч бүсгүй “Яанаа…” хэмээн
нүдээ бүлтийлгэн амаа дарж, үнэн ярьж байна уу гэсэн итгэлгүй харцаар харж
байсныг үзэгчид харсан байх. Тэгж буудах нь наад захын хэрэг явдал байсан он
жилүүд шүү дээ. Тэд эх орныхоо төлөө энэ бүхнийг хийж байсан юм. Ийм үнэнийг
ярих хүн үлдээгүй болохоор, энэ цаг үед ингэж ярих амьд домог өмнө нь сууж
байсан болохоор тэр нэвтрүүлэг үнэхээр гайхамшигтай байсан. Б.Лхагвасүрэнгээс
нэгэнтээ таны нэвтрүүлгийн оролцогчдоос хамгийн содон онцгой хүн хэн байсан бэ
гэж асуухад “Шагдарсүрэн гуай байсан” гэж түвэггүй хариулсан юм. Магадгүй
монголын сэтгүүлчдийн өмнө ийм аймаар үнэн түүхийг ярьж суух амьд гэрч тийм ч
олон тохиохгүй байх. Үүгээрээ П.Шагдарсүрэн гуай үнэ цэнтэй билээ. Түүний
амнаас гарсан үг бүхэн түүхэн баримт. Амнаас гарсан үг бүр нь алтаар үнэлэгдэх
цаг үе урсан өнгөрч байна. “Дивизийн дарга Шаарийбуугийнхаа шарилыг олохын тулд
Олзвой бид хэд Хайлааст манханд хайж явахад…” гэж ярих нь улсын баатар
П.Шагдарсүрэн гуай шүү дээ. 1940 онд Олзвой баатрыг нас барахад Чойбалсан
оршуулганд нь оролцсон юм. Өнөөгийн бидэнд Хүннү Сүннүгийн үед гэдэгтэй бараг
адил алсад сонсогдох ийм л түүхэн домогт хүмүүстэй мөр зэрэгцэж явсан хүн
өнөөдөр бидний дунд байна гэхээр үнэмшимээргүй санагдах. П.Шагдарсүрэн баатар
“100 эрхэмд” өгсөн яриа, бусад сонин хэвлэлд өгсөн яриануудаас гадна сонин
содныг ярьсан нь цөөнгүй. Япончууд манай хайчин галд орж хүнд байдалд орохоороо
хөшгөн утаа татчихна, нэл утаа болоод юу ч харагдахгүй болохоор дэмий буудах
хэрэг гарна, төдөлгүй өнөө утаа замхарсны дараа харахад бидний суманд өртөж
үхсэн, шархдсан цэргүүдээ орхиод ухарчихсан байдагсан, шөнө нь буцаж ирж
цэргүүдийнхээ хүүрийг авах гэж заавал оролддог нь япончуудын зан байлаа,
зэвсгийн хувьд бидний хэрэглэж байсан орос буунууд хамаагүй хол тусгалтай
байсан л даа. Япончуудын бууны тусгал тийм ч хол биш гэж ярих нь яах аргагүй
амь өрсөн тулалдаж явсан цэргийн яриа биздээ. Энэ мэт энгийн тулаанаас эхлээд
цааш ихийг ярьсан байдаг. Цааш ярьсанууд нь ямар гайхамшигтай, ямарч хүн шүлсээ
гоожуулан сонсохоор тийм түүхүүд. Бид дайны баатруудаа нэг талаар огтхон ч
тоодоггүй байж. Үнэхээр Халхголын дайны баатар байсан Жамбаа гуай, чөлөөлөх
дайнаас төрсөн улсын баатар Дүүдэй гуай нар саяханыг болтол амьд байж, сүүлд
буцацгаасан. Сэтгүүл зүйн зах зух руу орж явсан надад тэдэнтэй хальтхан уулзах
аз тохиох үед яг л П.Шагдарсүрэн баатрын ярьж байгаатай нэгэн адил “аймаар”-ыг
ярьсан нь ой тойнд үлгэр домог шиг сонсогддог байсан санагдана. Өнөөдөр тэгж
тулалдаж явсан хүн байгаа гэх нь бүү хэл таван жилийн өмнө Халхголын ялалтын 70
жилийн ойгоор тэгж япончуудыг хядаж явсан хүн олдохгүй болчихсон байж билээ.
Гэтэл үлдсэн байжээ, өнөөдөр бид Баатар цолоо авахыг нь хараад сууж байна.
Түүний залуу нас дайны жилийн цэрэг явсан. Түүний залуу нас дайсан, үхэл хоёрын
дунд өнгөрсөн. Түүний залуу нас маршал, хэлмэгдэл хоёрын дунд манаргасан.
Үүгээрээ П.Шагдарсүрэн гуай үнэ цэнтэй байна

Таны үеийн цэргийн дарга нарын дийлэнх нь хэлмэгдэлд өртөж нас барцгаасан. Та хаагуур нь үлдсэн юм бэ гэхэд “Азаар маршалтай ойр, нарийн бичгийн даргаар нь ажиллаж байсан болохоор оролдоогүй байх” гэж хэлсэн юм. Тэр үеийн тэмтэрч мэдрэгдэх нь хэцүү болсон ороо бусгаа цаг үеэс үлдсэн үнэн үг гэвэл энэ л байх. Тэр яг үнэнийг хэлсэн. Маршал Х.Чойбалсангийн дэргэд 9 жил яс тас байсандаа тэр хэлмэгдлийн хар шуурганд өртөөгүй юм. Тийм болохоор тэр маршалдаа хайртай. Түүний тухай түүхийн үнэнийг хэлэхэд хэл нь ээдэрдэг байхыг зөвтгөх учиртай. Улсын баатар П.Шагдарсүрэн гуай ихийг мэдэж байгаа. Гэхдээ өөртэй нь хамт дуусах үнэн гэж хүнд байдаг. Энэ хуучны хүмүүст байдаг зан чанар. Тийм цөөхөн хүний нэг бол П.Шагдарсүрэн. Х.Чойбалсан нас барахынхаа өмнөх агшинд ямархан байдалтай байгаад амьсгал хураасныг өнөөдөр амьд байгаагаас ганц энэ хүн л мэднэ. Маршалыг нас барах тэр агшинд дэргэд нь байсан гурван монгол хүний нэг нь. Өнөөдрийн монголчууд юу мэдэхийг хүсч байна гэвэл нэгэн үеийн Монголын удирдагч Х.Чойбалсангийн сүүлчийн үг, үйлдэл юу байсныг. Барин тавин баримтаар бол Х.Чойбалсан нас барахынхаа өмнөх агшинд Сталиныг зургийг авчруулан мөргөсөн байдаг. Үүнийг өнөө хоёр монголын нэг нь баталсан, нөгөөх нь үгүйсгээгүй, тэгэхдээ “тийм” гэж хэлээгүй. Харин П.Шагдарсүрэн гуай “Москвад сурч байсан над руу Маршалын комиссар Бат-Очир утасдаж яаралтай ир хэмээн машин явуулсан. Намайг ороход маршал…” гээд үгээ залгичихаад байгаа юм. БавуугийнЛхагвасүрэн хэлүүлэх гэж их хичээсэн. Саяхан Б.Лхагвасүрэн гуайгаас миний бие хэрэг болгож асуусан. 100 эрхэм нэвтрүүлэгч тэгээд өнгөрсөн. Хоёулахнаа байхдаа үнэнийг хэлсэн үү гэж. Б.Лхагвасүрэн гуай “Хуучны хүмүүс гэдэг өөр байдаг бололтой. Надад үнэнийг хэлбэл хэлэх л хүн. Бид хоёр нэг нутаг, эртний танилууд, юу ч дуугараагүй шүү” гэсэн билээ. Зарим түүхийн содон үнэнийг өөртэйгээ үлдээгээд дуусах хүмүүсийн нэг нь П.Шагдарсүрэн юм байна. Баабарын гаргалгаагаар бол Х.Чойбалсангийн тэр үйлдэл нь Сталинаас амь гуйсан сүүлчийн арга байсан гэж хэлдэг. Энэ мэт ээдрээт олон түүхийн учгийг тайлж хэлэх ганц хүн нь хэдий ч хэлэхгүй гүрийсээр байгаагаараа П.Шагдарсүрэн үнэ цэнтэй байна.

Монгол Улс дайн байлдаантай, хэлмэгдүүлэлтэй, тусгаар тогтнолоо олж ядаж байсан он жилүүдэд түүхэн үйл явдлуудын дунд, түүхэн үүрэг гүйцэтгэж явсан хүмүүсийн дэргэд гэрэл зургийн аппараттай ганцхан хүн байсан нь П.Шагдарсүрэн гуай юм шүү дээ. Үүнийг хүмүүс төдийлөн анзаарахгүй байгаа юм. Өнөөдөр бидэнд үлдсэн түүхэн гэрэл зургуудийн ихэнхийг П.Шагдарсүрэн гуай авчээ. Халхголын дайны үеийн Х.Чойбалсан, Г.К.Жуков нарын зургууд, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал болон бусад нам төр, цэргийн удирдагчдын гэрэл зургууд, Маршалын амьдралын сүүлийн үеийн зургууд, тэрбүү хэл хүн бүрийн мэдэх тухайн үеийн үндэсний бөхийн аваргууд болох Их монгол Шаравжамц, Буянтоо аварга, “молиг бүргэд” хэмээх Бат-Очир, “буур” хэмээх Жамьян аварга нарын маршал Х.Чойбалсантай авахуулсан гэрэл зураг хүртэл П.Шагдарсүрэнгийн дарсан зураг юм. Түүний авдарт олонд дэлгээгүй үүнээс ч гайхамшигтай гэрэл зургийн хальснууд байж магад. Энэ мөн л түүнд байгаа үнэ цэн.

Нэгэн үед нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцаж явсан Япон улсдаа Гадаад харилцааны сайд болчихсон ажлын айлчлал хийж явсан хувь зохиол хүн бүрт тохиох уу. Буудалцаж явсан дайсантайгаа гар барин дипломат харилцаа тогтоосон түүх монголын дипломатчдын хэдийнх нь амьдралын замналд байгаа бол. Түүний улсынхаа гадаад харилцааны салбарт гүйцэтгэсэн үүрэг роль нь тусдаа сэдэв болно.

Монгол Улсын баатар П.Шагдарсүрэн эр хүний л амьдралаар амьдарч ирсэн эр хүн. Сүхбаатар жанжны хоёр гэргийтэй суусан хүн шүү дээ. “Сүхбаатар” киноны Сүхбаатар жанжны гэргийд тоглосон Ө.Рэнцэнноров хатагтай, “Өглөө”, “Тэмцэл” киноны Сүхбаатар жанжны гэргийд тоглосон Д.Нямаа хатагтай нарыг гэргийгээ болгож явсан үнэн түүх түүнд бий. Тэр үеийн сайхан хүүхнүүд гэвэл тэд нар. Маршалын нарийн бичиг гэсэн мандат байсан л биз, Халхголын дайнд оролцсон цэргийн даргын сүр хүч байсан л биз. Цэргийн амьдралын төлөвшил, биеэ авч явах чадвар, мэдлэг боловсрол… юм юм нь түүнийг дутуу юмгүй сайхан амьдруулж явна. Өнөөдөр П.Шагдарсүрэн гуай 97 настай. Ярьж хөөрч, явж гишгэж байгаагаараа бол 70 настай хүн шиг харагдана. Ингэж наслана гэдэг эрүүл саруул явахын том дэг сургууль, амьдралын зөв хэмнэл, сайхан үлгэр дууриал, бас л үнэ цэн.

Гайхамшигтай үйл явдлын дунд байж, гайхалтай түүхэн хүмүүстэй хамт ажиллаж, гайхамшигтай монгол эрчүүд-тэй мөр зэрэгцэн тулалдаж, гайхамшигтай сайхан хүүхнүүдийг эхнэрээ болгож, гайхалтай сайхан үр хүүхэд, ач зээсээ тойруулан, урт наслан, удаан жаргаж суугаа Улсын баатар П.Шагдарсүрэнд хүргэх урилга байна. Халхголын ялалтын 80 жилийн ойн баярын парад дээр уулзацгаая.

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 842 хүний амь насыг авран хамгааллаа

Улсын хэмжээнд он гарсаар эхний 6 сард нийт 2957 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдэж, үүний улмаас 112 хүн амь насаа алдаж, 38 хүн гэмтэж бэртэн, 24.763 толгой мал, амьтан хорогдож, 6.4 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан байна.

Дээрх аюулт үзэгдэл, ослоос Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 842 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 35.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Харин гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Онцгой байдлын байгууллага болон орон нутгаас 1.0 тэрбум төгрөг зарцуулсан байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гамшиг, аюулт үзэгдэл, ослоос аварсан эд хөрөнгө 9.3 тэрбум төгрөгөөр өсчээ. Нийт тохиолдсон аюулт үзэгдэл, ослын 89 хувь буюу 2634 нь гал түймэр, 6 хувь буюу 71 нь хүний буруутай үйл ажиллагаанаас, 3 хувь буюу 87 нь биологийн гаралтай үйл ажиллагаанаас, 2 хувь буюу 56 нь ус, цаг уурын гаралтай аюулт үэзгдэл тус тус эзэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 07 дугаар сарын 03-нд Хөвсгөл, Булганы нутгаар 04-нд баруун, төв болон зүүн, говийн аймгуудын нутгаар, 5-нд нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай бороо орно.

Иймд:

-Голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх,

Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авах,

-Хөдөө орон нутгийг зорих иргэд бэлтгэл бэлэн байдлаа сайн хангаж, болгоомжтой зорчих,

-Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх,

-Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих,

-Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

-Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх,

-Гэр, хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байх,

Үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна

Categories
мэдээ нийгэм

Цолгүй 32 бөхийн барилдаан зохион байгуулж цол олгоно

Завхан аймгийн баяр наадам Засгийн газрын тогтоолын дагуу 07 дугаар сарын 10,11 нд болно.Энэ жилийн баяр наадмаар Улиастай суманд анх удаа цолгүй 32 бөхийн барилдаан зохион байгуулж, сумын начин цол олгохоор болжээ.

Мөн Завхан аймгийн баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд зориулж 200 хүүхдийн гимнастик, 90 сурагчийн уран уншлага, сумдын цэцэрлэгийн багш нарын бүжгийн тоглолт зэрэг сонирхолтой үзүүлбэрүүдийг үзүүлэхээр бэлтгэж байна.

Тус аймгийн наадмын комиссоос “Миний Монгол 2025” төслийн хүрээнд бийрэн бичлэгийн сургалтад хамрагдсан багш нарын бичвэрүүдээр баяр наадмын талбайгаа чимж, наадамчдыг хоггүй цэвэр наадан, гялгар уут хэрэглэхгүй байхыг уриалжээ.

Categories
мэдээ нийгэм

Өмнөх онтой харьцуулахад гал түймрийн тоо өссөн ч учирсан хохирлын хэмжээ буурчээ

Оны эхний 6 сарын байдлаар 2561 удаагийн ахуйн гал түймэр гарч, 5.9 тэрбум төгрөгийн хохирол учирч, 37 хүн нас барж, 16 хүн түлэгдэж гэмтэн, 578 толгой мал хорогдож, 985 гэр, орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 626 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 35.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 18.3 хувиар өсч, учирсан хохирлын хэмжээ 1.1 дахин буурсан байна.

Нийслэл хотод нийт 1755 удаагийн гал түймэр гарч, 2.8 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 806 удаагийн гал түймэр гарч, 3.1 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирчээ.

Энэ хугацаанд 8879 байгууллага, аж ахуйн нэгж, 62264 айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 40.458 зөрчил дутагдлыг илрүүлсэн байна. Илэрсэн зөрчил дутагдлын 20.158 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 2747 заавал биелүүлэх албан шаардлага, 1974 мэдэгдэл, 165 танилцуулга, 332 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 19 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоосон. Мөн Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 125.9 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт, дадлагыг 1712 удаа, сэрэмжлүүлэг мэдээг 657 удаа явууллаа.


Гарсан гал түймрийг шалтгаанаар нь авч үзвэл:

  • Ил гал – 1474 58%
  • Цахилгаан ашиглалт – 358 14%
  • Яндангийн цонолт – 431 17%
  • Технологийн горим зөрчигдсөн – 140 6%
  • Байгалийн нөлөө – 1 0% Санаатай үйлдэл – 6 0.2%
  • Шалтгаан тогтоогдоогүй – 119 5%
  • Бусад – 32 1%
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үндэстэн ба хууль

Манайхан Үндсэн хуулиа шинэчлэх гэж байх шиг байна. Байх шигээр барахгүй ер нь шинэчилж таарлаа. Шинэчлэх ч юу байхав, нэмэлт өөрчлөлт оруулах аж.

Энд хот орон нутгийн удирдлагыг шууд сонгож, ИТХ-ын барьцаа, депутатуудын шантаажаас чөлөөлөх, Гүйцэтгэх засаглалын тэргүүнд өөрийнхөөрөө ажиллах, хийе гэснээ хийх боломж олгох гэхчлэнгийн өнөөдөр үгүйлэгдсэн боломжууд яригдаж байгаа юм байна.

Энэ дашрамд дурдахад “Хуулийг үл хүндэтгэх хандлага, шүүхийн “хараат байдал” зэрэг нь манай Үндсэн хуулийн доголдол гэхээсээ илүү нийт үндэстний “Хуулийг үзэх үзэл” (Ертөнцийг үзэх үзэл гэдэг шиг)-тэй их төлөв холбогддох шиг санагддаг. Тиймээс ч “хуучин хандлага хэвээрээ байх юм бол ямар ч сайн хууль тус болохгүй” гэсэн байр суурьтай хэсэг ч бас байна. Тэдний үзэж байгаагаар бараг л “Хууль биелүүлэх тухай хууль” гаргаж мөрдвөл дээр юм шиг.

Үе үеийн турш байгалийн бэрхшээлийн сиймхийгээр шурган амиа аварч сурсан монголчууд хууль дүрмийн цоорхой, буруугаар ашиглаж болох эргүүлэг, өөртөө ашигтайгаар тайлбарлаж болох хоёрдмол санааг олж харахдаа гарамгай гэдэг. Ийм учраас, ямар амбицтай сэргэлэн этгээд хаана сууж байгаагаас хамааран тэр албан тушаал төрийг жолоодох “мээст” болсоор ирсэн байдаг.

Монголчууд угаасаа толгой толгойгоо даан “бэлчиж явах” амбицтай учраас нийтээр хатуу дагаж мөрддөг хуулиас болгоомжилдог, түүнээс болоод хэн нэгнийгээ үүрд толгой дээрээ залчихаас айдаг ч байж магадгүй. Төрөлхийн энэ зөн совин нь өнөөгийн манайд байгаа, засаглалыг хүчгүйдүүлдэг, хуулийг сулруулдаг хандлага, сонирхлыг өдөөдөг ч байж мэднэ.

Манжийн вассал байх үеийн Гадаад Монголыг өнөөгийн нүдээр харвал бас л сонин, Чин гүрний дотоод хууль үйлчлэхгүй, энэ нутагт монгол хүн хэрэг хийвэл нэг янзаар, хятад хүн зөрчил гаргавал өөр дүрмээр шийтгэнэ. Төрүүлсэн ойлголт нь:“Хүнээсээ хамаараад үйлчлэх хууль нь ондоо байна”.

Дараа нь Зөвлөлтийн сателлит БНМАУ-д Үндсэн хууль гэж байвч, Москвагийн заавар, Намын төв хорооны шийдвэр түүнийг давамгайлна. Мораль нь: “Хууль ч яахав дээ, гол нь намын төв хороо юу гэж үзэж байгаагаас хамаарна”.

Сүм хийдээ нурааж, шашингүй нийгмийг байгуулсан, улсын ажилчин албан хаагчид (Улсынхаас өөр ажил алба байхгүй) шашингүй байх дүрэмтэй БНМАУ-ын Үндсэн хуульд “ иргэд шашин шүтэх эрхтэй” гэсэн заалт байсан юм шүү.

Харин чи Үндсэн хуулиа бариад шашин шүтнэ гэж зүтгэвэл бүхий л ажил албанаасаа хагацаж, үндсэн хуулийн хэвлэлттэй л үлдэнэ. Эндээс үлдсэн сургамж нь: “Үндсэн хууль бол яахав дээ, юм юм л бичсэн байдаг. Тэнд хэрэгжүүлэх гэвэл аюулд орох зүйлс ч бий”.

Сонирхуулж хэлэхэд, өдгөө Үндсэн хуулийн шинэчлэлийн ажлыг гардаж байгаа улс төрчийн нэг Д.Лундаажанцан багш маань намайг оюутан байхад МУИС-ийн Нийгмийн ухааны факультетийн Монголын Хувьсгалт залуучуудын Эвлэлийн хороон дарга байв. МХЗЭ-ийн гол ажил бол шашинтай тэмцэх явдал. Одоо мэдэхнээ яасан гэхээр, манай хүн хар багаасаа маш их шүтлэгтэй, бараг л хэн нэгэн хутагтын хойд дүр мүр байсан юм биш үү?

Кинонд гардаг “Гурван найз яасан байхнуу” гэгчээр манай хүн өдөр нь шашинтай тэмцээд, орой хариад хэдэн эрхи маань уншчихаад унтдаг байсан байх гээд байна. Би ч гэж би. Эмээтэй багаасаа зул барьж, мөргөж өсчихөөд, Эвлэлийн даргынхаа өмнө “Тийш дээ, Бурхан гэж ёстой байхгүй” гэж нүд нь дальдахгүй бүлтрээд явсан байх юм.

Хэрвээ би МХЗЭ-ийн даргадаа “Тэгж ярих юм бол Бурхан байдаг” гээд хэлчихвэл, сонгодог зохиолд “Гэсгээхдээ хүртэл ивээж байдаг Бурхан тэнгэр шиг, уйлан хайлан цаазлана” гэж гардаг шиг харамсан харамсан сургуулиас хөөлгөөд, араас минь “Хийморийн сан” тавих байсан бол уу, Төв хороо ажиг сэжиг авчихвал бөөн лай гээд жимийгээд өнгөрөх байсан болов уу? Бурхан л мэдэх байх даа.

За энэ ч яахав, гол нь монголчуудын “Хуулийг үзэх үзэл” гэж юу болохыг хамтдаа эргэцүүлэх гэж татсан жишээ юм.

1919 онд Монголд ирсэн И.А. Майский бичсэн байдаг юм. Монголчууд хуулиа шинэчлээд дэвтэрлэн хэвлэж байхтай тэрээр таарчээ. Хууль хэвлэсэн, шинэчилсэн зэргээс илүү гайхшруулсан нь: Уг хууль нууц бөгөөд хэн дуртай нь үзэх эрхгүй гэсэн тайлбар ажээ. Зарим судлаачдын үзэж байгаагаар, нүүдэлчдийн хууль цааз нь нийтэд зориулагдаагүй бөгөөд ихэнхдээ түүнийг хэрэгжүүлэх, мөрдүүлэх эрх бүхий этгээд л үзэж танилцах эрхтэй байсан бололтой юм. Энгийн ардууд хэрэгт орсон хойноо л ямар зүйл анги зөрчснөө мэддэг байсан болов уу?

Манайхан хуулчийн мэргэжил эзэмших сонирхолтой, энэ салбар “3000 орон тоотой, 30.000 хүний нөөцтэй” гэдэг онигоо бий. Энэ нь цөмөөрөө шүүгч, прокурор болоод хүн амьтан байцааж, хориод явах “ин”-тэй гэхээсээ илүү өөр зөн совин байж магадгүй. Хэдэн зууны өмнөөс улбаатай, хуультай танилцах хэмжээний эрх мэдэлтэй болчихвол, юуг хориглож, хэрхэхийг зөвшөөрдгийг мэдэж аваад, гэмт хэргүүдийг тойроод явчихаж болно гэдэг далд эрмэлзэлтэй холбоотой ч байж мэднэ, үгүй ч байж болно. Угаасаа ч нүүдэлчид бэрхшээлийг буурин дээрээ орхиж шийддэг аргатайгаа нэгэн адил хуулийг тойрч шийдэх эрмэлзэлтэй хойно.

Хууль дүрэм нь хүмүүс хотшин айлсаж хамтаараа амьдрах хэрэгцээнээс урган гарсан зүйл. Олон жил хотшсон байхын хэрээр олон жилийн хуулийн уламжлалтай. Суурьшаад цөөн жил болсон байхын хэрээр хуулийн туршлага багатай. Монголчууд нэн эртний төр улс, хууль цаазын уламжлалтай боловч тэр нь нийтээрээ дагаж мөрдөх сахилган дээр бус, орой дээр суусан хүнийхээ сүр хүчээр хэрэгжих нь үлэмж байжээ. Монголын эзэнт гүрний түүхийг судлаачид, Монголын их хаад хуулийн засаглал тогтоож өвлүүлээгүйгээс болоод их удирдагч нас бармагц улс нь бутарч байсан тухай өгүүлсэн нь ч бий.

Чухам ийм учраас, эх орондоо хууль дүрэм хэрэгжүүлэх явдлыг өөр дээрээ бүх эрх мэдлийг төвлөрүүлэх замаар хийх оролдлого үргэлж манайд байсаар ирсэн юм.

ХХ зууны эхний хагасын үлэмж амбицтай улстөрч П.Гэндэн 1928 онд Намын Төв хороог удирдаж эхлэхдээ улс орны удирдлагыг эрх баригч нам дээр төвлөрүүлсэн гэдэг. Дараа нь 1932 оноос Ерөнхий сайд болонгуутаа “Нам бол төрийн улаан булан л юм” гээд бүхий л эрх мэдлийг Засгийн газар дээр аваачсан байдаг. Уг нь 1924 онд батлагдсан Үндсэн хууль тэр үед мөрдөгдөж л байсан хэрэг шүү дээ.

Бүүр саяхны жишээ хэлэхэд Н.Энхбаяр дарга Ерөнхий сайд байхад улсын гол эрх мэдэл Засгийн газарт төвлөрч байв. Удсан ч түүнийг спикер болсны дараа төрийн эрх мэдэл УИХ-д очсон гэж болно. Гэтэл тэрээр Ерөнхийлөгч болсны дараа гол мэдэл ҮАБЗ- очсон байдлаар түүний гарт төвлөрч эхэлсэн гэдэг.

Өнөөдөр манай нийгэмд юу юунаас илүү чухал байгаа зүйл бол ард түмний “Хуулийг үзэх үзэл”-ийн шинэчлэл юм. Дээрх шинэчлэл, хувьсгалгүйгээр бидэнд сайн байтугай, муу хууль ч нэмэргүй бололтой.

Ийм онцлог үед манай хэд Үндсэн хуулиндаа шинэчлэл хийх гэж байна. Нэг талаасаа ард түмэн нь хууль бол ямар нэгэн бичиг, тэр бол цас зуд, байгалийн бэрхшээлтэй төстэй бөгөөд өртвөл маш аюултай, бас эвийг нь олоод тойрох, сиймхийгээр нь нэвтрэх боломжтой гэсэн итгэл үнэмшлээсээ салж яваа үе юм.

Нөгөө талаасаа, өөр дээрээ хүч хуралдуулж чадсан тодорхой албан тушаалтан “Хуулийг өөр дээрээ төвлөрүүлж болно” гэсэн итгэл үнэмшлээсээ салж чадаагүй, тэгэх боломж нь ч шавхагдаагүй байна.

Үндсэн хуулиа шинээр баяжуулахдаа ард түмэн болон төр засаг нь хотшил-иргэншлийн түүхээр баялаг биш, бөөгнөрөн суугаад нэгэн хуулийн үг үсгээр амьсгалан ижилссэн туршлагаар бусад үндэстнээс дутуу гэдгээ бодолцох, эх хуулийн сүр жавхлан нэр төрийг өргөх ажлыг хамт хийгүүштэй.

Ер нь бол өөрчлөх цаг болсон гэдэг нь Үндсэн хуулиндаа хамааралтай, үндсэндээ хуулинд хандах хандлагандаа бүүр илүү хамаатай гэж бодогдож байх юм.

Ингээд бодохоор “Манай хэнд ч их учир байна” гэлээ гэгчээр, Үндсэн хуулинд ч, улс төрчдөд ч, ард түмэнд ч их учир байна гэснээр Үндсэн хуулийг шинэчлэх нь зөв буруу эсэх талаар ганц ч үг ганхийгүй эл өгүүллээ дуусгая даа.

Categories
мэдээ нийгэм

Долоодугаар сарын 04-нд болох үйл явдал

09.00 цагт НМХГ-т тус газрын даргын дэргэдэх зөвлөл хуралдана.

09.00 цагт НЗДТГ-т НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болно. Утас: 70119921, 86863998

09.00 цагт ШУТИС-ын Номын санд Олон улсын Геологийн хөтөлбөрийн 662 дугаар төслийн II эрдэм шинжилгээний бага хурал эхэлнэ.

09.00 цагт Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд Улаанбаатар хотод ажиллаж буй автомашин угаалгын газруудын удирдлагуудад ус хэмнэх, дахин ашиглах болон саарал усны стандартыг танилцуулах уулзалт, семинар болно. Утас: 99057029

11.00 цагт АНУ-ын гэр бүлд үрчлүүлсэн Монгол хүүхдүүдийг Гадаадын иргэн, харьяатын газрын удирдлагууд өөрийн байрандаа хүлээн авна. Утас: 88020633

11.00 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

11.00 цагт “Шангри Ла” зочид буудалд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн VI конгрессын үр дүнг танилцуулна. Утас: 91915340, 99935115, 99047423

11.00 цагт ЭМЯ-нд Эрүүл мэндийн даатгалын сангаас иргэдийн зонхилон хэрэглэдэг эмийн үнийг 80 хүртэл хувиар хөнгөлсөн талаар мэдээлнэ. Утас: 99179899, 86885060

12.00 цагт МҮЭХ-ноос Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар өөрийн байрандаа мэдээлнэ. Утас: 99027019

16.00 цагт “Холидэй Инн” зочид буудалд Экспортын олон улсын худалдааны төвөөс Монголын бараа бүтээгдэхүүнийг АНУ, Канад, Японы зах зээлд гаргах боломжийн талаарх хэлэлцүүлэг зохион байгуулна. Мөн үеэр Чикаго хотноо байгуулж буй Монгол брэндийн худалдааны төвийг танилцуулна.

17.00 цагт Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн “ОРД” галерейд “Уулсын өнгө” үзэсгэлэнгий нээлт болно. Утас: 89110244

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт “Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн”, “Түгээмэл эрх хөгжил”, “Дөрөв дэх өнцөг”, “Захиргааны шинэ санаачлага” ТББ-аас Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-ийн Хүн ба Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгүүлэх зорилго бүхий “Эко соёлын аян”-ы талаар мэдээлнэ.

12.00 цагт Монголын залуучуудын холбоог шинэчлэх хөдөлгөөнөөс тус холбооны өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлнэ.

Categories
мэдээ цаг-үе

Н.Хүрэлбаатар: Үндсэн хуульд Засгийн газрын бүтцийг нэр заан тусгаснаар гүйцэтгэх засаглал тогтвортой ажиллах нөхцөл бүрдэнэ

Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, анагаах ухааны доктор, профессор Н.Хүрэлбаатартай Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотой асуудлаар ярилцлаа.


Та 2018 онд Төр засгийн бүтцийг загварчилсан эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлжээ. Төр засгийн бүтэц ямар байх ёстой юм бэ?

-Өнөөдөр бид аливаа зүйлийг шүүмжлэх, ярихаасаа илүү хэрхэн засч залруулах арга зам, шийдлийг гаргаж хэрэгжүүлэх нь чухал болоод байна. Дэлхийн олон улс орнуудад төрийн байгуулалтынхаа зөв бүтэц, тогтолцоог бий болгох, засаглалын эрх мэдлийг зохистой хуваарилах, төрийг тогтвортой, хяналттай, шударга зарчимтай ажиллуулах нь чухал асуудал юм. Иймээс хүн өөрөө өөрийгөө удирддаг тогтолцооны зарчимд үндэслэн засаглалын оновчтой бүтэц, зохион байгуулалтыг загварчлах оролдлого хийсэн.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ хэлэлцэж байна. Та Үндсэн хуульд Засгийн газрын бүтцийг нэр заан оруулах нь зөв гэж үздэг талаараа хэлж байсан. Ингэж үзэж буйн гол шалтгаан нь юу вэ?

-Шинэ Үндсэн хууль батлагдсан 1992 оноос хойш УИХ-ын долоон удаагийн сонгууль зохион байгуулж, 15 Засгийн газар байгуулагдан 13 хүн Ерөнхий сайдаар томилогдон ажилласан байдаг. Засгийн газрууд 9-16 яам, 10-19 сайдын бүрэлдэхүүнтэйгээр дунджаар 642 хоног буюу 1.7 жилийн хугацаатай ажилласан байна. Дээр нь өнгөрсөн хугацаанд Монгол улс 214 хоног Ерөнхий сайдгүй байжээ. Гэтэл дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд тухайлбал, Герман улсад 1949 оноос хойш найман Засгийн газар байгуулагдсан. Бүрэн эрхийн хугацаа нь дунджаар 8.6 жил байна. Сингапур улсад 1955 оноос хойш таван Засгийн газар байгуулагдаж, дунджаар 12.6 жил ажилласан байх юм. Дээрх улсуудтай харьцуулан үзвэл Монгол улсын Засгийн газрын ажиллах хугацаа хэт богино, тогтворгүй байгаа нь харагдаж байна. Энэ нь төрийн бодлогын залгамж чанар алдагдах, олон түмний төрдөө итгэх итгэл сулрахад хүргэж, хөгжлийг хойш татсан үндсэн шалтгаан болсон нь тодорхой. Иймээс өнгөрсөн хугацаанд Засгийн газрын бүтэц, бүрэлдtхүүнийг ойр ойрхон сольж, өөрчилж байсан алдаагаа дахин давтахгүйн тулд Үндсэн хуульдаа гүйцэтгэх засаглалыг тогтвортой ажиллуулах, нэн ялангуяа Засгийн газрын бүтцийг нэр заан тодорхой тусгах нь зүйтэй. Бид одоо л засаж авахгүй бол хэдий болтол ийм байдлаар цааш явах вэ. Хэрэв бид энэ алдаагаа засахгүй бол дараагийн Засгийн газар байгуулагдахад дахиад л бүтэцээ өөрчилнө.

-Засгийн газрын бүтцийг Үндсэн хуульд нэр заан тусгасны давуу талыг тодруулаач?

-Нэгдүгээрт, ирэх 25-30 жилд Монгол Улс ямар бодлого баримтлах нь яамдын тоо, нэршлээс тодорхой харагдана. Жишээ нь, Спорт, аялал жуулчлалын асуудал нь хаана, аль яамандаа харьяалагдах вэ, хөгжлийн болон соёлын яамтай байх уу, үгүй юу гэдэг нь тодорхой болж ирнэ гэсэн үг. Хоёрдугаарт, Засгийн газрын бүтэц буюу яамдын тоо, нэршил өөрчлөгдөхгүй байх нь төрийн залгамж чанар алдагдахгүй, төрийн албан хаагчид тогтвортой ажиллах нөхцөл бүрдэнэ. Энэ нь Монгол Улс тогтвортой хөгжих нэг үндэс болох юм. Иймээс Засгийн газрын бүтцийг нэр заан Үндсэн хуульд тусгаж оруулъя гэж санал гаргаж байгаа.

-Таны зүгээс Засгийн газар хэдэн яамтай байх нь тохиромжтой гэж үзэж байгаа вэ?

-Сүүлийн 27 жилийн хугацаанд байгуулагдсан Засгийн газруудын бүтэц хэт их хэлбэлзэж байгаа. Жишээ нь, 1996 онд байгуулагдсан Засгийн газар есөн яамтай байсан бол 2012 онд байгуулагдсан Засгийн газар 16 яамтай байсан. Хэдэн яамтай байх нь хамгийн зохистой вэ гэдэг дээр судлаачид, улстөрчид, ард иргэд санаа бодлоо хэлж ярьцгааж байна. Маш олон хүчин зүйлээс хамаардаг учраас улс орон болгоны Засгийн газрын бүтэц харилцан адилгүй байдаг. Гэхдээ судлаач хүнийхээ хувьд хүн өөрөө өөрийгөө удирдах эрхтэн тогтолцооны зарчимд үндэслэн Pасгийн газрын бүтцийг загварчилсан юм. Хүнд илүүдсэн эсвэл дутуудсан эд, эрхтэн гэх ойлголт огт байдаггүй. Өөрөөр хэлбэл, хүн хоёр тархитай, эсвэл зүрхгүй байх боломжгүйг бүгдээрээ мэддэг шүү дээ. Хүн мэдрэл, зүрх судас, амьсгал, хоол боловсруулах гэх мэт нийт 12 эрхтэн тогтолцоонуудын нэгдсэн үйл ажиллагааны тусламжтайгаар амьд оршин тогтнож байдаг. Энэ зарчимд тулгуурлавал Засгийн газар нь Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Хөгжлийн болон бусад асуудлуудыг хариуцсан нийт 12 яамдтай байж болох юм.

Ер нь бол эрдэмтэд хүнийг олон талаас нь маш сайн судалсан байдаг. Маш товчхон, энгийнээр тайлбарлая. Хүн мэдрэхүйн эрхтнүүдийнхээ тусламжтай мэдээллийг хүлээн авч, тархи руу дамжуулж байдаг. Ирсэн мэдээллийг тархи боловсруулж, шийдвэр гаргадаг. Гаргасан шийдвэрийн дагуу чиглэсэн зорилготой үйлдэл хийдэг. Дээрх зүй тогтол аль нэг шатандаа алдагдвал өвчин эмгэг үүсч, эрүүл мэнд амь насанд аюул учирдаг. Мэдээллийг хүлээн авах, боловсруулж шийдвэр гаргах, шийдвэрийн дагуу чиглэсэн зорилготой үйлдэл хийх эрхтэн тогтолцоонууд нь бүтцийн хувьд харьцангуй биеэ даасан, үйл ажиллагааны хувьд нэгдмэл зохион байгуулалттай ажиллаж байдаг. Үүнийг төрийн байгуулалт, засаглалын хэлбэрүүдтэй жишиж үзвэл хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалтай дүйцүүлэх боломжтой юм. Өөрөөр хэлбэл, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалуудын бие даасан хараат бус тодорхой чиг үүрэгтэй байж, харилцан хяналттай, нэгдмэл үйл ажиллагаа явуулах зарчимтай адилтгаж болно.

-Гүйцэтгэх засаглалыг тогтвортой, үр дүнтэй ажиллуулахын тулд бүтцээс гадна өөр ямар зүйлүүд дээр анхаарах вэ?

-Монголчууд бид хэт улстөржиж, хэт их талцан хийрхэж, Засгийн газраа ойр ойрхон огцруулахаа зогсоох хэрэгтэй. Мөн гүйцэтгэх засаглалд нөлөөлөх парламентын нөлөөллийг бууруулж, Засгийн газрын бие даасан үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрынхаа бүрэлдхүүнээ өөрөө бүрдүүлдэг байх, хариуцлагаа тооцдог эрхийг олгох, Засгийн газрыг огцруулахдаа дараагийн Ерөнхий сайдыг зэрэг хэлэлцэн шууд баталж байх нь зүйтэй. Парламентын засаглалтай Герман, Япон, Их Британид Ерөнхий сайд кабинетаа бүрдүүлдэг төдийгүй сайд нар нь хариуцлага алдсан, бодлогын өөр байр суурьтай тохиолдолд Ерөнхий сайдыг шууд огцруулдаг жишиг бий. Зарим оронд тогтвортой, хүчтэй засаглалтай байхын тулд Ерөнхий сайдад парламентыг тараах эрх ч олгосон байдаг. Мөн хууль тогтоох эрх мэдлийг гүйцэтгэх засаглалд төлөөлүүлэх явдал ч бий.

-Таны боловсруулсан төрийн байгуулалтын бүтцийн загварын дагуу парламентын тогтолцоог аль эрхтэн тогтолцоотой харьцуулж үзэх боломжтой вэ?

-Парламент ард түмний төлөөлөл болохын зэрэгцээ хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдэг. Тиймдээ ч би хувьдаа парламентын засаглалтай байх нь зүйтэй гэж үздэг. Монгол Улсын хувьд дэлхий нийтийн чиг хандлага, улс төрийн нөхцөл байдал, өөрийн улсын түүхэн уламжлал, газар зүйн байрлал, сургамж зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үзэж, Үндсэн хуульд “Парламентын бүгд найрамдах улс” гэсэн хэлбэрийг сонгож, төрийн эрх мэдэл нэг гарт хэт төвлөрөхийг хязгаарласан, тэнцвэртэй байдлыг хангахаар тусгасан. Энэ нь хүн өөрийгөө удирдан зохион байгуулах үйл ажиллагааны зарчимтай ерөнхийдөө тохирч байна. Эрхтэн тогтолцооны хувьд хүний тархийг парламенттай адилтгаж болно.

-Яагаад?

-Хүний тархи нийтдээ 120 гаруй тэрбум мэдрэлийн эсээс бүрддэг. Мэдээллийг хүлээн авч задлан шинжилж, шийдвэр гаргах мэдрэлийн дээд төв, эрхтэн тогтолцооны автомат байнгын үйл ажиллагааг хариуцдаг мэдрэлийн доод төв гэсэн хоёр түвшинд удирдан тохируулдаг. Мэдрэлийн дээд төв буюу их тархины гадар нь аливаа мэдээлэл, үр дүнг үнэлэн дүгнэж, задлан шинжилж, сэтгэн бодож ухамсарлан чиглэсэн зорилготой үйлдэл хийх шийдвэр гаргадаг. Тиймээс парламентын дээд танхимын хууль тогтоох, бодлого батлах, хуулийн хүрээнд ерөнхий хяналт тавих үүргүүдтэй дүйцүүлэн үзэх боломжтой.

Харин Мэдрэлийн доод төвүүд нь хүний дотор эрхтэн тогтолцоонуудын байнгын найдвартай үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг. Тиймээс байнгын үйл ажиллагаатай парламентын доод танхимтай адилтгаж загварчилсан юм. Нөгөө талаас хүнийг нэгдмэл цогц байдлаар удирдан зохион байгуулах үүрэгтэй тархины автомат үйл ажиллагааны төвүүд мөч, хором бүрд тасралтгүй ажиллаж байдаг. Энэ төвүүдийн үйл ажиллагаа алдагдахад хүний амь насанд шууд эрсдэлтэй байдал үүсэх зүй тогтолтой. Тархины автомат үйл ажиллагааг хариуцдаг энэ бүтцийг Засгийн газрын тэргүүнтэй зүйрлүүлж авч үзэж болно.

Эндээс дүгнэвэл парламентын дээд танхимыг шинээр байгуулж, одоо ажиллаж буй УИХ-ыг байнгын үйл ажиллагаатай парламентын доод танхим болгон зохион байгуулах боломжтой юм. Товчхондоо бол хоёр танхимтай парламентын тогтолцоотой байна гэсэн үг. Их Британи, Австрали зэрэг дэлхийн 80 гаруй орны хууль тогтоох засаглал хоёр танхим бүхий парламентын тогтолцоотой байдаг. Хоёр танхим бүхий парламент нь яс үндэс, нийгмийн гарал, боловсрол, соёлын хувьд цөөнхийн төлөөллийг хамруулах, орон нутгийн төлөөллүүдийн оролцоог хангах, нийгэм, эдийн засгийн ашиг сонирхлуудыг тусгах, төрийн үйл ажиллагаа тасралтгүй, хяналттай, хариуцлагатай, тогтвортой ажиллахад нэн чухал юм. Түүнчлэн хоёр танхим бүхий парламент хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, хууль тогтоох үйл ажиллагаанд тэнцвэрт байдлыг үүсгэх давуу талтай байдаг. Тиймээс манай улс дээрх тогтолцоо руу шилжих бүрэн боломжтой.

-Та давхар дээл гэх ойлголтын талаар ямар байр суурьтай байдаг вэ?

-Хүний тархины эсүүд ба захын эрхтэний эсүүд бүтэц, үйл ажиллагаа, үүргийн хувьд эрс ялгаатай байдаг. Энэ зүй тогтлыг харгалзан үзвэл парламентын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллах нь зарчмын хувьд тохиромжгүй юм. Парламентын засаглалтай Австри, Бельги, Тайланд зэрэг олон оронд Засгийн газрын гишүүдийг парламентын гишүүн байхыг Үндсэн хуулиараа шууд хориглосон байдаг. Энэ нь хууль тогтоох эрх мэдлийг гүйцэтгэх эрх мэдлээс хараат бус байлгах давуу талтай юм.

Categories
мэдээ цаг-үе

Доктор Х.Мөнхбаяр: Төрийн их баяр наадам Монгол хэмээх үндэсний ижилсэл омогшлыг бий болгодог

1921 оны наадам

“Монгол Улсын Үндэсний их баяр наадмын түүхийн судалгаа” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан түүхийн ухааны доктор Халтарын Мөнхбаяртай уулзаж ярилцлаа.


-Монгол түмний энгүй их цэнгэл бол эрийн гурван наадам. Энэ сэдвээр дагнан судалж эрдмийн зэрэг хамгаалсанд баяр хүргэе!

-Баярлалаа. Жил бүрийн зуны дэлгэр сард монголчуудыг нэгтгэн нягтруулдаг сайхан зүйл бол яах аргагүй үндэсний их баяр наадам байдаг. Хууль зүйн утгаараа ч, бодит агуулгаараа ч, түүхэн үндсээрээ ч Үндэсний их баяр наадам бол төр улс байгуулагдсан, тусгаар тогтносон өдрийн баяр. Энэ нь улсын баяр, нийтийн их баяр цэнгэл Улсын наадам гэсэн Монголын төрт ёсны онцгой хоёр зан үйлийн нэгдэл юм. Монголчууд төр улсаа сэргээн байгуулсан 1911 оноос Монгол хэмээх төрт улсын тусгаар тогтнолыг батлан илэрхийлэх эрэлт шаардлагаас үүдсэн урт удаан хугацааны үйл явцын үр дүнд буй болжээ. Монгол Улсыг, монгол үндэстнийг дэлхий дахинд тунхаглан зарладаг учир монголчууд үндэсний их баяр наадмаараа төрт ёс, соёл, шашин шүтлэг, бэлгэдэл, зан заншил, идээ ундаа, худалдаа арилжаа, зугаа цэнгэл, хувцас, гоёл зүүсгэл зэрэг өв соёлынхоо охь дээжийг цогцлоон харуулдаг. Наадмыг 2011 онд ЮНЕСКО дэлхийн соёлын өвд бүртгэж авсан.

-Монголчуудын баяр наадам хэзээнээс бий болсон юм бол?

-Баяр наадмын үүслийн тухайд НТӨ 6.000-НТ 1698 онд хамаарах найман өөр саналыг судлаачид дэвшүүлсэн жишээгээр судалгаа гүнзгийрч, цэгцэрч чадаагүй байгааг харж болно. Баяр наадмын түүх, соёл, уламжлалын талаар шинжлэх ухааны үндэстэй судалгаа байхгүй байгаа нь монгол наадмын талаар хуурамч мэдлэг, эргэлзээ бүхий түүх бий болоход нөлөөлсөөр ирснээс гадна сүүлийн үед монгол наадмыг орчин үежүүлэх нэрийн дор санаатай, санаандгүйгээр үндсэн уламжлалыг нь эвдэн бусниулах оролдлого гарахад хүргэж байгаа. Энэ нь Монгол Улсын тусгаар тогтнол, монгол үндэстний оршихуйд аюул учруулж байна. Тиймээс миний бие “Монгол Улсын үндэсний их баяр наадмын түүхийн судалгаа. 1911-2018 он” сэдвээр эрдэм шинжилгээний бүтээл хийхээр шийдсэн. Баяр наадмын түүх, үнэ цэнийг нь бодитоор тодруулахыг хичээсэн энэхүү бүтээлийг маань Монгол Улсын Түүх, антропологи, археологийн эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөл хэлэлцээд зуун хувийн саналаар түүхийн ухааны докторын зэрэг олгосонд залуу судлаачийн хувьд маш их баяртай байна. Би энэ судалгаанд бүтэн арван жилийг зориулсан. Судалгаа маань шинжлэх ухааны зэрэгт нийцэх бүтээл болоход удирдагч багш, түүхийн ухааны доктор, академич Ж.Болдбаатар, албан ёсны шүүмжлэгч түүхч, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор З.Лонжид, нэрт эрдэмтэн, угсаатны зүйч, доктор, профессор Г.Цэрэнханд болон МУИС-ийн Түүхийн тэнхим, Антропологи-Археологийн тэнхим болон МУБИС-ийн Түүхийн тэнхимийн эрдэмтэн багш нар, ШУА-ийн Түүх-Археологийн хүрээлэнгийн эрдэмт судлаачдын санал зөвлөгөө хамгийн чухал байлаа.

-Төрт ёсны хоёр гурван мянган жилийн түүхтэй ард түмэн маань зургаа, долоон мянган жилийн өмнөөс наадамдаж байсан байх нь ээ?

-Монгол оронд бэлчээрийн нүүдлийн мал аж ахуй төгөлдөржин тогтсон үеэс малчин түмэн урин дулаан цагт тайлга тахилгын ёслолын үеэр цуглан, баярлан цэнгэж ирсэн нь монголчуудын баяр наадмын уг сурвалж болсон. Бэлчээрийн нүүдэлч малчдын эрэмгий дайчин чанар, сүр жавхлан, баяр бахдлыг илэрхийлэгч бөх, харваа, хурдан морины уралдааныг багтаасан онцлог нь баяр наадмыг олон түмнийг татагч онцгой чанартай болгосон байна. Энэ давуу талыг Хүннү гүрний үеэс төрийн засаглалыг батжуулах, засаглалыг тэлэх, хүлээн зөвшөөрүүлэх төрийн арга хэрэгсэл болгон ашиглах болсон нь цаашид монгол нутаг дахь удаа дараагийн төр улсуудад ч уламжлагдсан. Төрийн дээрх хүсэл зориг эргээд баяр наадмыг үндэсний ижилслийг бүтээх замаар үндэстний төр, үндэстэн байгуулалд чухалд түлхэц үзүүлэгч болгосон нь төр улсаа сэргэн тогтоосон 1911 оноос хойших Монгол төрийн түүх гэрчилж байгаа юм. Төрийн тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан 1911 оноос Монголд орчин цагийн төрт ёсны баяр болох тусгаар тогтносон өдрийн баяр “Улсын баяр ёслол”-ыг ёслон тэмдэглэх болсон нь эдүгээгийн Үндэсний их баяр наадам төлөвшин тогтохын эхлэл болсон.

-Өмнө нь наадам тэгтлээ хэлбэршиж тогтоогүй байсан гэсэн үг үү?

-Улсын баяр шинээр үүсэн буй болохын сацуу монголчуудын уламжлалт баяр цэнгэл наадам мөн 1911 оноос хойш төрт ёсны агуулгаар шинэчлэгдэж, хожим нэгдэн нийлж, Үндэсний их баяр наадам болсон. Монгол Улсын Үндэсний их баяр наадам өнгөрсөн зуугаад жилд Улсын баяр ба Улсын наадмыг тус тусад нь тэмдэглэж эхэлсэн үе 1911-1930 он, Улсын баяр, Улсын наадмыг хамтатган тэмдэглэсэн үе 1931-1953 он, Баяр наадмыг нэгтгэн нийлүүлсэн үе 1954-2018 он гэсэн үндсэн гурван хэлбэрээр шат дараалан хөгжиж, монголчуудын эв нэгдэл, харилцан ойлголцолд чухал нөлөө үзүүлсэн. Төрийн ашиг сонирхлын дүнд баяр наадам монгол үндэсний ижилслийг бүтээх, бататгах үүрэгтэй нийгмийн бие даасан институц болсон байдаг. Тиймээс, социализмын жилүүдэд бүх ард түмнийг хувьсгалт үзэл санаагаар нэгтгэн нягтруулах зорилтын хүрээнд баяр наадмыг “Ард түмний их баяр наадам” гэсэн агуулгатай зохион байгуулж байсан нь “Монгол хүн”, “Би монгол хүн”, “Монгол” гэсэн үндэсний ижилсэл шинээр тогтож, үндэстний төр хийгээд үндэстэн байгууллын чухал суурь болсон. 1992 оноос хойших үндэсний их баяр наадам монгол төрийн түүхэн уламжлалыг онцгойлон тэмдэглэж, Чингис хааны өвлүүлсэн үнэт зүйлийг сэргээн босгох замаар үндэсний шинэ ижилсэл бүтээхэд чиглүүлж байна.

-Олноо өргөгдсөн оноос өмнө наадам тэмдэглэдэг байсан даа?

-Долоон хошуу даншүг наадам 1700 оноос үүсэн хөгжсөн л дөө. 1922 оноос билгийн улирлын зуны адаг сарын шинийн 6-нд ёслон тэмдэглэх болсон Улсын баяр нь 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд анх тэмдэглэж, 1921 он хүртэл жил бүрийн өвлийн адаг сарын шинийн 9-нд Монгол Улс даяар ёслон тэмдэглэж байсан Улсын баяр ёслолын залгамж болсон юм. 1922 оноос билгийн тооллыг баримтлан ёсолж байсан Улсын баярыг 1925 оноос аргын долдугаар сарын 11-нд тэмдэглэж эхэлсэн нь өнөөгийн журам болон тогтсон. Улсын баярыг 1911 оноос улсын нийслэлд, 1931 оноос улс нийтээр нэгэн өдөрт, төрт ёсны наадмыг 1911 оноос Нийслэл хүрээнд, 1931 оноос орон нутагт өөр цаг үед хийж байгаад 1960-аад оны эхнээс улс нийтээр нэгдсэн журмаар нааддаг болсон.

-Ардын засгийн анхны наадам гэж ном зохиол, кинонд хүртэл гарч байдаг. Тэр наадмыг Хиагтад хийсэн юм уу, Хүрээнд хийв үү?

-1921 оны долдугаар сарын 11-нд Хиагтад Салдааз овоог тайж хийсэн наадмыг судлаачид Ардын цэргийн анхны баяр наадам, орон нутгийн овоо тахилгын наадам, зөвхөн тухайн ёслолын наадам, Монголын анхны хувьсгалт шинэ баяр ёслол гэх зэргээр тодорхойлсон байдаг. Түүхэн баримтыг шинжлэхэд, Цэрэг овооны 1921 оны долдугаар сарын 11-ний наадмын хүрээ хэмжээ орон нутгийн чанартай, зохион байгуулалтын хэлбэр нь овоо тахилгын наадмын шинжтэй боловч Ардын түр Засгийн газраас томилсон Хиагтын сайд С.Билэгсайхан тэргүүлэн тус сайдын яамны ажлын алба наадмыг удирдан зохион байгуулсны дээр наадмын зорилго нь Ардын Нам төрийн эрх авч, Ардын засгийг байгуулсан хувьсгалын ялалтыг тунхаглан тэмдэглэхэд чиглэж байсан нь уг наадмыг Ардын засгийн анхны наадам болохыг тодосгодог. 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын ялалтад зориулсан анхны наадам 1921 оны долдугаар сарын 11-нд тус улсын хойд хилийн Хиагт боомтын орчимд Салдааз овооны тахилгын үеэр болсон гэж хэлж болно.

-Та эрдмийн зэрэг хамгаалсан хүний хувьд монгол наадмыг цаашид ямар байгаасай гэж боддог вэ?

-Үндэсний их баяр наадмын хамгийн гол амин сүнс нь бол сэтгэлийн их цэнгэлээс гадна ард түмний эв нэгдлийг хангах юм. Тэрнээс биш нутаг усаараа ч юм уу талцан хагарах зүй бус үзэгдэл яавч биш байх учиртай. Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг бататгах өнөөгийн бодит эрэлт шаардлагад нийцүүлэн баяр наадмын өөрчлөлт, шинэчлэлтийг үндсэн мөн чанарыг нь сэргээн төгөлдөршүүлэх замаар монголчуудын үнэт зүйлсийн тогтолцоог бат болгож, үндэсний ижилсэлд дөтлүүлэх хамгийн чухал зангидагч нь монгол наадам байсаар байх болно доо.