Categories
мэдээ нийгэм

“Naadam night” шоу зохион байгуулна

Баяр наадмын үеэр жуулчдад зориулан зохион байгуулж буй “Naadam night” шоу долоодугаар сарын 11-ний орой 21:00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно. Наадмын нээлтийн соёл урлагийн хөтөлбөрийг орой нь жуулчдад зориулан орчуулгатай хүргэх “Naadam night” шоу арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажил хангагдаж хөтөлбөр бэлэн болсон байна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

АНУ-д үрчлэгдсэн хоёр хүүхэд гэр бүлийн хамтаар Монголд ирж, эх оронтойгоо танилцлаа

АНУ-д үрчлэгдсэн хоёр хүүхэд гэр бүлийн хамтаар Монголд ирж эх оронтойгоо танилцлаа.

Гадаадын иргэн, харьяатын газар нь 2017 оноос эхлэн Монгол Улсаас гадаадын иргэн, гэр бүлд үрчлэгдсэн хүүхдүүдээ хүлээн авч эх оронтой нь танилцуулах аяллыг зохион байгуулж, угуул эх орныхоо зан заншил, өв уламжлал, түүх соёлыг танин мэдэх боломжоор хангаж эхэлсэн. Тэгвэл энэ хүрээнд өнөөдөр АНУ-д үрчлэгдсэн 10 гаруй хүүхэд гэр бүлийнхээ хамт эх орондоо ирж, түүхийн дурсгалт газруудаар аялж, Монгол оронтойгоо танилцлаа.

Энэ удаад АНУ-д үрчлэгдсэн 2 хүүхэд гэр бүлийн хамтаар эх орондоо хүрэлцэн ирээд байна.

Тэднийг Учрал/Katherine Uchral Anderson/, Ганхүү/Chance Gankhuu Anderson/ гэдэг ба одоо 18 настай. Учрал 2002 онд, Ганхүү 2005 онд АНУ-ын Charles Anderson, Kelly Anderson нарын гэр бүлд үрчлэгджээ.

Тэднээс монголд ирсэн сэтгэгдлийг сонсоход “Бид багаасаа монголын түүх, соёл, уламжлалыг аль болох сурч, судлахыг хичээдэг байсан. Энд ирээд үзэхэд Америкт үзэж, судалж байснаас тэс өөр байна. Бас бид Төв аймагт морины сунгаа үзэхэд газар доргиж байгаа юм шиг л байсан. Морь, тэмээ унах, хуушуур, бууз гэх мэт хоол идэх үнэхээр гоё. Мөн хүмүүсийн харилцаа маш их таалагдсан” гэсэн юм. Харин тэдний эцэг эх “Бид энэ удаагаа оролцуулаад 3 дахь удаагаа Монголд ирж байна. Анх хүүхдээ авах гээд ирж байснаас хойш Монгол маш их өөрчлөгджээ. Бид хамгийн сүүлд 2005 онд хүүгээ үрчилж авахдаа ирсэн. Түүнээс хойш маш олон өндөр барилгууд, зоогийн газрууд нээгджээ. Бүгд л ер нь сайжирсан байна” гэв.

Монгол Улс Хүүхэд хамгаалах болон улс хооронд үрчлэх асуудлаархамтран ажиллах тухай Гаагийн конвенцид 1999 онд нэгдэн орсон. Үүнээс хойш өнөөдрийн байдлаар 270 хүүхдийг 17 орны гэр бүлд үрчлүүлсэн байна. Эдгээрээс АНУ-д 156, ХБНГУ-д 34, Францад 20 хүүхэд үрчлэгдэн амьдарч байгаа ажээ.

Гадаадын иргэн, харьяатын газрын дэд дарга Д.Түвшинтөр “Монголоос хүүхэд үрчилж авах хүсэлт их ирж байна. Хамгийн гол нь тэднээс шаардлага, шалгууруудыг гүйцэд хангаж чадаж байгаа эсэхийг харгалзаж байж хүүхэд үрчлүүлдэг. Гэр бүлийн тухай хуулийн 58 дугаар зүйл болон Хууль зүй дотоод хэргийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайднарын баталсан журмын дагуу нэмж гадаадын иргэн бүрдүүлэх материал гэж байдаг. Тогтмол орлого, санхүүжилт, хүүхэд өсгөж хүмүүжүүлэх арга барил, зан байдал, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, ямар нэгэн захиргааны зөрчил гаргаж байгаагүй гэр бүлд үрчлүүлэхээр заасан. Хүүхэд үрчлэх хүсэлтэй байгаа эцэг эхчүүд энэ шалгууруудыг хангасан гэдгийг өөрийнхөө орны эрх бүхий байгууллагуудаар тогтоолгож, хүүхэд үрчлэн авах бүрэн боломжтой гэсэн тодорхойлолтыг авч ирдэг”гэлээ.

Үрчлэгдсэн хүүхдүүд нь Монгол Улсын хуулийн дагуу 16 насанд хүртлээ Монгол Улсын харьяат байдаг. 16 насанд хүрмэгц иргэний харьяаллаа өөрсдөө чөлөөтэй сонгох боломжтой болно. Гадаадын иргэн, харьяатын газар нь үрчлэгдсэн хүүхдийг тухайн гэр бүлд хэвийн өсөж, бойжих, аюулгүй орчинд амьдрах,сурч боловсрох, эрхээ хамгаалуулах бүх нөхцөлөөр хангах, уугуул эх орон, ёс заншил, түүх соёл уламжлалыг танин мэдэх боломжоор хангах талаар нарийвчилсан гэрээ байгуулж, үрчлэлтийн дараах хяналтыг тавин ажиллаж байна. Тодруулбал, “Хүний эрхийн тухай” конвенцын 21.1.е-д заасны дагуу үрчлэгч эцэг, эх, зуучлагч байгууллагатай хоёр буюу гурван талт гэрээ байгуулж, үрчлэлтийн дараах тайланг хүүхдийн 1 сартайгаас 3 нас хүртэл хагас жил тутам, 3-8 нас хүртэл жил тутам, 8-16 нас хүртэл хоёр жил тутам тухайн улсын эрх бүхий байгууллагаас томилогдсон нийгмийн ажилтнаар хийлгэж, тогтмол хяналт тавьдаг ажээ.

Н.Саруулдөл

Categories
мэдээ улс-төр

Бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн хоёр шүүгчийг хориогүй гэв

Ерөнхийлөгч Х.Баттулгын захирамжаар бүрэн эрхийг түдгэлзүүлсэн хоёр шүүгчийг дөнгөж сая хорих 461-р ангид таслан сэргийлж цагдан хорилоо гэх мэдээлэл цацагдаад байна. Гэвч энэ мэдээллийг АТГ, ШШГЕГ ба түүний харьяа хорих 461 дүгээр анги байгууллага зэрэг албаны эх сурвалжууд үгүйсгэж байна. Албан бус эх сурвалж Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч Э.Халиунбаяр нарыг хорьсон хэмээн мэдээлэл түгээсэн ч энэ нь худал, ташаа болохыг шүүхийн байгууллагаас мэдэгдлээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Зээлийн багцын чанарыг сайжруулахад анхаарч ажиллана гэв

Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Амартүвшин мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдоод нэг сар болсон байна. Миний бие Засгийн газрын урилгатайгаар энэхүү албан тушаалд томилогдсон. Ажлаа авсан даруйдаа Сангийн сайд болон Монголбанкны Ерөнхийлөгчтэй уулзсан. Тэдний зүгээс Хөгжлийн банкыг дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн. Ажлаа хүлээн авангуутаа зээлийн багцын чанарт анхаарал хандуулсан” гэлээ.

Үргэлжлүүлэн

1.Засгийн газрын шалгалтаар илэрсэн чанаргүй, том зээлүүдийг хэрхэн шийдэх вэ?
2. Хөгжлийн банкны санхүүжилт, төсөл хөтөлбөрт тавигдах шаардлага яаж өөрчлөгдөх вэ?
3. Зээлийн багцын чанарыг яаж сайжруулах вэ? гэдэг гурван асуудалд төвлөрч ажиллаж байгаа гэсэн мэдээллийг өглөө.
Хөгжлийн банкны санхүүгийн үзүүлэлт 2019 оны I улирлын байдлаар нийт актив 4 их наяд 244 тэрбум төгрөг, өөрийн хөрөнгө 1 их наяд 138 тэрбум төгрөг, пассив 3 их наяд 106 тэрбум төгрөг байгаа бол нийт зээлийн үлдэгдэл 2 их наяд 577 тэрбум төгрөг, эрсдлийн сан 336 тэрбум төгрөг байгаа бол чанаргүй зээлийн хэмжээ 292 тэрбум төгрөгтэй тэнцэж байна гэв.

Чанаргүй том зээлүүдийг хэрхэн шийдвэрлэх вэ?

МУ-ын Хөгжлийн банк үйл ажиллагааг чангаасан чанаргүй томоохон зээлдэгчдийг Засгийн газрын ээлжит шалгалт болоод МУ-ын Үндэсний аудитын газрын шалгалтаар тус тус олон нийтэд зарлаж тулгамдаж буй асуудлуудыг яаралтай, үр дүнтэй шийдвэрлэх үүрэг даалгаврыг банкны удирдлагуудад өгсөн байгаа аж. Энэ хүрээнд томоохон чанаргүй зээлүүдэд нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх ажлыг эхлүүлжээ.

Тухайлбал,

  • “Эрэл” 2015 оноос хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй. “Эрэл” компанид олгосон зээлийг эргэн төлүүлэх хүрээнд Засгийн газрьш хамтарсан комисс байгуулагдаж хамтарсан компани байгуулах асуудлыг судалж байна. Хэрэв төрийн өмчит хамтарсан компани байгуулахгүй гэвэл шүүхийн шугамаар зээлийг төлүүлнэ.
  • “МОН ЛАА” компанийн хувьд шүүхийн шатанд МУХБ-тай эвлэрлийн гэрээ байгуулж 2019 онд зээлээ бүрэн төлөхөөр болж эхний төлөлт хийгдсэн.
  • “Хөтөл” компанийн ашиглалтад орсон үйлдвэрийг улсын комисст хүлээлгэн өгч МУХБ-ны барьцаанд авахаар ажиллаж байна. Хэрэв энэ ажил удаашрах юм бол шүүхийн шугамаар асуудлыг шийдвэрлэнэ.
Мөн Хөгжлийн банк дотоод үйл ажиллагааны хүрээнд зээлийн бодлогыг шинэчлэн, зээлийн үйл ажиллагааг зохицуулах журамд өөрчлөлт оруулсан байна. Энэ хүрээнд чанаргүй зээлтэй ажиллах тусгай активын нэгжийн бүтэц, чиглэлийг шинэчлэх, зөрчилтэй зээл хариуцсан мэргэжилтний орон тоог нэмэгдүүлжээ.
Хөгжлийн банкнаас зээл хусэгчид тавигдах шаардлага Зээл санхүүжилтэд тавигдах хуулийн болон бодлогын шаардлага:
Хөгжлийн банкнаас олгосон зээл эргэн төлөгддөггүй гэдэг нийгэмд үүссэн ташаа ойлголтыг залруулах, зээлийн хариуцлагыг нэмэгдүүлэх хүрээнд хуулийн болоод бодлогын шаардлага хангасан төсөл хөтөлбөрт санхүүжилт олгоно.

Хуулийн шаардлага нь:

  • Экспортын бүтээгдэхүүн үйлчилгээг үйлдвэрлэдэг байх, дунд, урт хугацааны хөгжлийн бодлого, ЗГ-ын Хөгжлийн бодлоготой нийцтэй байх, эдийн засаг, санхүүгийн үр ашигтай, зээлийг эргэн төлөх чадвартай байх, ТЭЗҮ, зураг төсөл, төсөв, хийгдсэн байх, эдийн засаг, байгаль өрчин,нийгмийн үр нөлөөг тооцсон байхыг шаардна. Түүнчлэн төсөл хэрэгжүүлэгчийн туршлагыг давхар харгалзан үзнэ.
Бодлогын шаардлага:
  • 20 тэрбум төгрөг эсхүл түүнтэй тэнцэх гадаад валютын дүнгээс дээш хэмжээтэй санхүүжилтыг Хөгжлийн банк шууд олгоно. 20 тэрбумаас доош зээлийг дамжуулан зээлдэх буюу арилжааны банкуудаар дамжуулан зээлдүүлнэ.
  • ААН-ээс бусад этгээдийн хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт олгох зээлийн дээд хэмжээ нь төслийн нийт өртгийн 85 хувиас хэтрэхгүй.
  • Хуурамч мэдээлэл, баримт бичиг ирүүлсэн, зээл нь эрсдэлийн сангаас хаагдаж байсан харилцагчаас хүсэлт хүлээн авахгүй, хар жагсаалтад оруулан жагсаалтыг мөрдөн ажиллана. Банк санхүүжилт олгохоос татгалзвал 12сар, шаардлагатай материал ирүүлээгүй бол 6 сарын хугацаанд тухайн зээл хүсэгчээс хүсэлт хүлээн авахгүй байх зэрэг шаардлагад нийцсэн аливаа төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх нь нээлттэй байх юм.
  • Бид дунд, урт хугацаанд шаардлага хангасан Эрчим хүчний салбар, ХАА-н салбар, Уул уурхайн бус экспортын төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээс гадна МУ-ын хүн амын амьдралд шууд нөлөө үзүүлэхүйц томооохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлнэ. Тухайлбал Газрын тос боловсруулах үйлдвэр, Агаар, хөрсний бохирдлыг бууруулах төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэн ажиллах юм.
    -”Эрэл” дээр хамтарсан үйлдвэр барих шаардлага, үндэслэл юу вэ?

    -”Эрэл”-тэй холбоотой заавал хамтарсан үйлдвэр байгуул гэсэн үүрэг чиглэл байхгүй. Яагаад бид энэ хувилбарыг судалж буй шалтгаан нь тус үйлдвэр чанартай, герман технологи суурилуулчихсан, стратегийн хувьд хэрэгтэй үйлдвэр гэж үзэж байгаа. Зөвхөн санхүүгийн хувьд ирээдүй нь ямар вэ гэдэг нь чухал. Хөгжлийн банкнаас тус компани 132 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа. Энэ зээлийн үлдэгдлийг ямар байдлаар, хэдий хугацаанд төлүүлэх вэ гэдэг дээр ажиллаж байна. Хэрэв судлаад эргэлзээтэй байвал заавал хамтарсан компани байгуулна гэж зүтгэхгүй. Зээлийн гэрээний дагуу шүүхээр шийдэх бүрэн эрх бидэнд байгаа.

Categories
мэдээ нийгэм

Түрээсийн орон сууцны 200 квотыг багш нарт өгөхийг шаардлаа

“Буянт-Ухаа” 972 айлын орон сууцны 30 хувийг худалдан борлуулахгүйгээр түрээслэх, 30 хувийг түрээслэх замаар иргэдэд өмчлүүлэх, 40 хувийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд ашиглах тухай журмыг нийслэлийн Орон сууцны коркораци боловсруулсан. Түүнийг НИТХ-ын тэргүүлэгчид өнөөдөр хэлэлцэв. Энэ үйл явдалтай зэрэгцэн багш нар түрээсийн орон сууцны 200 квот өгөхийг шаардлаа. Тэдний хэлснээр нийслэлд 10 мянган орчим багш байгаа. Түүний 10 хувь нь л байртай байна. Үлдсэн нь хашаа, байшин, гэр түрээслэн амьдарч байгаа. Цалин бага тул ипотекийн зээлийн нөхцөл ч хангахгүй байна гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

​812 төрлийн эмийг хөнгөлөлттэй үнээр олгож байна

Ѳнгѳрсѳн онд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зѳвлѳлийн 24 дүгээр тогтоолоор “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хѳнгѳлѳлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр тѳрѳл, үнийн дээд хязгаар, хѳнгѳлѳх хэмжээг” шинэчлэн баталсныг энэ оны нэгдүгээр сарын 15-наас мѳрдѳж эхэлсэн байна.

Тодруулбал, насанд хүрэгчдийн 638 нэрийн эмэнд 20%-92%, 0-5 насны хүүхдийн 174 эмэнд 50%-80% хүртэл, нийт 812 эмэнд хѳнгѳлѳлт үзүүлж байгаа хэмээн “Эрүүл мэндийн даатгалын сан”-гаас мэдээллээ. Мѳн 2019 онд даатгуулагчдад олгох эмийн үнийн хѳнгѳлѳлтѳнд эрүүл мэндийн даатгалын сангаас 33,9 тэрбум тѳгрѳгийг зарцуулахаар тѳсѳвлѳсѳн бѳгѳѳд улсын хэмжээнд одоогоор 1026 эмийн сан эмийн үнэ дээр хѳнгѳлѳлт үзүүлж байгаа гэв. Түүнчлэн 70101128 дугаарын утсаар холбогдож, хѳнгѳлѳлттэй эмээрүйлчилж байгаа эмийн сангийн хаяг байршил, утасны дугаар зэрэг мэдээллийг бүрэн авах боломжтой юм.

Т. Лхамсүрэн

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Яруу найрагч Ц.Дэлгэрмаа: Намайг “шүлэгч” гэвэл тохирно

Аяа!

Гэнэн хүмүүс…

Мэхлүүлэгсэд…

Мэхлэгсэд…

Мэхлэгсдийг мэхлэгсэд…

Ув улаан зүрхтэй гэнэн хүмүүст би хайртай

Уур омоггүй, цайлган мэхлүүлэгсдэд бас хайртай

Аргатай, овтой, заль мэхтэй мэхлэгсдэд илүү хайртай

Аяа, зэвүүн хүйтэн, мэхлэгсдийг мэхлэгсдэд бүр ч илүү хайртай…

Ийм л энгүүн мөрүүдийг бичсэн даруухан нэгэн уран бүтээлч болох Утга зохиолын “Хөх мэдрэхүй” бүлгэмийн гишүүн, яруу найрагч Цагаанчулуугийн Дэлгэрмаатай ярилцсан юм. Тэрээр яруу найргийн “А тэмдэглэл”, “Хөх мэдрэхүй шүлгийн цоморлиг” /хамтын/, “Дотоод тэнгис” номуудыг хэвлүүлээд буй юм.


Сайн байна уу. Таныг анх яруу найрагт хөл тавихад тусалсан багшийнх нь талаарх дурсамж яриагаар ярилцлагаа эхэлье гэж бодлоо?

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн монгол хэл, уран зохиолын багш, манай анги удирдсан багш байсан Пагмажав багш маань 9, 10 дугаар ангид байхад зохиол уншуулаад задлал хийлгэдэг байсан. Мөн тус сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Д.Чулуунбаатар багш жил болгон аймгийн “Хүрэл тулга” наадамд сургуулиасаа хүүхдүүд бэлдэж оролцуулдаг байлаа. Энэ хоёр багш маань л намайг шүлэг бичихэд их нөлөөлсөн дөө. Д.Чулуунбаатар багш намайг хичээлд суулгадаггүй байсан. Хичээл орж байхад хаалга тогшоод “Дэлгэрмаатай уулзъя” гээд дуудна. Тэгээд намайг авч яваад сургуулийн нэг жигүүрт байдаг жижигхэн өрөөндөө оруулж суулгаад ном уншуулна бас өдрийн тэмдэглэл бичүүлж, түүнийгээ уншуулдаг байсан. Тэдгээр дотроос аятайхан найруулаад бичсэн өгүүлбэр байвал зураад л, гоё санаа байвал энийгээ шүлэг болго гэж хэлдэг байсан.

Ямар мэргэжлээр аль сургуульд суралцаж төгссөн юм бэ?

Би Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийг 2006 онд утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжлээр төгссөн.

Та хэр их сэтгэл хөдлөлтэй хүн бэ?

Сэтгэл хөдлөл ихтэй хүмүүс л шүлэг бичдэг. Яруу найргийг үгийн урлагаас гадна сэтгэлийн урлаг гэж боддог. Би нэлээн сэтгэл хөдлөлтэй хүн байх аа /инээв/.

Яруу найраг хүний сэтгэл хөдлөлөөс ихэвчлэн төрдөг гэсэн үг байдаг. Энэ хэр үнэн үг юм болоо?

Хүний сэтгэл хөдөлж байж тэр долгион дундаас шүлэг төрдөг болов уу. Ямар нэгэн мэдрэмжтэй холбогдож хүний сэтгэл хөдөлдөг. Аливаа нэг зүйлийг хүчтэй мэдэрснээс үүдэн сэтгэл хөдөлнө. Сэтгэл ямар төлөв байдалд орж яаж хөдөлж байна, түүнээс шалтгаалаад тухайн хүнээс шүлэг төрдөг болов уу. Тэгэхээр шүлэг бол яалт ч үгүй сэтгэлийн урлаг юм. Сэтгэл, мэдрэмж, ухааны цогц нийлж шүлэг төрдөг.

Уран зохиол, философи хоёрын хамаарал хэр их байдаг гэж та боддог вэ?

Уран зохиол, философи хоёрыг салгаж ойлгох боломжгүй. Уран зохиол гэдэг сэтгэлгээний урлаг. Хүн орчлон ертөнцийг яаж таньж ухаараад, юуг сэрж мэдрээд түүнийгээ яаж эргэцүүлж, бясалгаад, хэрхэн илэрхийлж байна вэ гэдэг чухал. Орчин үеийн дорвитойхон романууд дандаа философийн асуудалтай сүлэлдсэн байдаг. Уран зохиол зөвхөн зохиомол зүйл биш. Зохиолчид гэдэг гүн сэтгэгчид, бясалгагчид, гүн эргэцүүлэгчид байдаг.

Орчин үеийн зохиолчид монгол хэлнийхээ яруу тансаг үгсийг хэрэглэх нь багасчээ?

Би багаасаа монгол хэлнийхээ яруу сайхан охь шимийг шимж өссөн хүүхэд. Социализмын үед төрийн бодлогоор сонгодог зохиолуудыг уламжлалт сайхан монгол хэлтэй хүмүүс чанартай орчуулж байлаа. Эдгээр номнуудыг уншиж, баялаг монгол хэлээрээ угжуулж өссөн дөө. Хэл бол монгол хүний язгуур мөн чанартай холбогдсон зүйл. Хэлийг ашиглаж, хэлээр туурвиж, бүтээж байгаа учраас шүлэг бичиж, орчуулга хийж, ном бичиж буй хүмүүс хэлнийхээ өмнө үүрэг хариуцлага хүлээдэг. Би нэгэнт л яруу найрагтай холбогдсон, ирээдүйд хүүрнэл зохиол бичнэ гэж боддог болохоор ашиглах боломж гарвал аль болох эртний яруу сайхан монгол хэлээ хэрэглэнэ. Шүлгийг яруу тансаг үгсээр холбож бичнэ гэхээр хэт албадмал байдалтай болчихож магадгүй. Монгол яруу найрагч гэдэг нь хэлээрээ харагдаж байвал гоё л доо. Манай дээд үеийн ах, эгч нар “Танайхаас доошоо үеийнхний шүлгийг уншихаар ашиглаж байгаа үгийн сан нь ядмаг, хэдхэн үгэнд эргэлдүүлж, ижил мэдрэмжээр бичээд байх юм аа. Тийм байдлаар яруу найраг хөгжихгүй ээ” гэж хэлдэг л дээ. Яруу найрагч хэрэглэж буй хэлээрээ танигддаг. “Зүс бүгэг андууд” бүлгэмийн Г.Бадамсамбуу ах сонгодог хэлээр шүлэг бичдэг. Зохиогч хүн өөрийн хэл, найруулгатай байдаг. Зохиогчийн хэл найруулга бусдаасаа ялгарч байвал сайхан шүү дээ.

Уран зохиолын бүтээл орчуулахын тулд гагц гадаад хэл сайн мэддэг байх хангалтгүй юм шиг санагддаг?

“Тагтаа паблишин”-гийнхан маань “сайн орчуулагч олдохгүй байна аа” гэдэг. Уг нь англи хэл мэддэг хүмүүс олон бий л дээ. Гэхдээ орчуулга хийх гэхээр тэдгээр залуус монгол хэлээ сайн мэддэггүй. Монгол хэлийг бичгийн болон уран зохиолын хэлний түвшинд ашиглах хэмжээнд боловсорч чадаагүй байдаг.

Редактор гэдэг номны хамгийн чухал зүйлсийг хийдэг ч чимээгүй үлддэг хүн байдаг?

Редактор бол хамгийн нарийн чимхлүүр ажил. Хамгийн сүүлд би Итало Кальвиногийн “Үл үзэгдэх хотууд” номны редактороор ажилласан. Энэ номонд би монгол хэлнийхээ бядыг гаргаж ажилласандаа ихэд олзуурхаж байгаа. Редактор зохиолын уур амьсгалыг эвдэж болохгүй. Тэгэхээр тухайн зохиолынхоо уур амьсгалыг мэдэрч, аль болох монгол хэлнийхээ яруу сайхныг шингээхийг л хичээж ажилладаг даа.

Шүлэг бичих нь заримдаа дотор буй уйтгар гунигаасаа хагацах хамгийн сайн арга байх шүү?

Надад ямар нэгэн мэдрэмж төрөхөд түүнийгээ би үгээр илэрхийлээд буулгачихаж байна. Зураачид ч гэсэн адилхан. Ямар нэгэн мэдрэмж төрөхөд түүнийгээ өнгө будгаар илэрхийлдэг. Найз нөхөд маань намайг “хэт хувийнхаа мэдрэмжийг шүлгэндээ илэрхийлдэг” гэж хэлдэг. Тэр үнэн л дээ. Ямар нэгэн байдлаар миний дотор шаналал байсан бол би тэрийгээ шүлэг болгоод гаргачихдаг. Тэгж өөрийгөө сулладаг. Хэрвээ би шүлэг бичдэггүй байсан бол уйлах, хашгирах гэх мэт механик байдлаар дотоод шаналлаа илэрхийлэх байсан байх даа. Миний дотор байсан хар бараан зүйлс заримдаа шүлэг болоод гарахаар нөгөө муухай уйтгар гуниг маань яруу сайхан болчихсон байх ч үе бий.

Чамтай ярилцахдаа би дандаа гэрэлтдэг

Дараа нь гуньдаг

Чам руу очихдоо үргэлж инээмсэглэдэг,

Буцахдаа уйлдаг

“Хэзээ ч минийх байгаагүй чи

Хэзээ ч чинийх болохгүй би”

Гутмаар ийм өмчлөлөөс татгалзаж

Гунигаан л мэдрэх гэж чамтай би…

Инээмсэглэсэн уруул,

Инээмсэглэсэн нүд,

Инээмсэглэсэн яриа,

Инээмсэглэсэн…

Цамцан дороос бөмбөлзөх зүрхнийхээ

Эмзэглэлийг нуух гэж би дандаа инээмсэглэдэг

Царай төрхний минь цаанаас чиний

Харж чадаагүй гуниг шүлэг болдог

Шүлэг бичсэний дараа таньд ямар мэдрэмж үлддэг вэ?

Би ээж хүн л дээ. Хөх чинэж байгаад хүүхдээ хөхүүлэхээр цээж сулраад нээх сайхан болчихдог мэдрэмжтэй маань төстэй. Дотор буглаад байсан зүйлээ гадагшлуулахаар маш сайхан уужирдаг. Өөрийгөө суллаад байгаа хэрнээ түүнээсээ таашаал авч, аз жаргал мэдэрдэг дээ.

Та нар яагаад “Хөх мэдрэхүй” гэж бүлгэмээ нэрлэсэн юм бэ?

Яруу найраг бол мэдрэмжийн урлаг юм. Сэрэл, мэдрэхүйгээс үүдэж шүлэг бичигддэг. Тийм учраас мэдрэмжтэй холбоотой нэр өгье гээд “Мэдрэхүй” гэж нэрлэсэн. Монголчууд тэнгэр шүтлэгтэй, хөх өнгийг бэлэгддэг гэдэг утгаар нь мөн бид Монголын яруу найргийн ирээдүй болж байгаа яруу найрагч, залуучууд учраас Монголоо бэлэгдэж “Хөх” гэдэг нэрийг өгч анх бүлгэмээ “Хөх мэдрэхүй” гэж нэрлэж байлаа. Бид яруу найргийн чөлөөт уншлагыг сэргээсэн болов уу гэж боддог.

Та номыг хэрхэн уншдаг вэ?

Би зохиолын хэл найруулгад нь автаж уншдаг. Достоевский “Гэм зэм”, Орхан Памук “Хар судар”, Г.Гарсиа Маркес “Зуун жилийн ганцаардал” гэх мэт зохиолуудыг би хэд дахин уншсан. Энэ зохиолууд нэгэнт дархлагдчихсан бүтээлүүд. Одоо бол эдгээр зохиолуудыг бүтэн уншдаггүй. Хааяа нэг гансрахаараа, эсвэл гацаад ирэхээрээ эдгээр зохиолуудаас аль нэгийг нь шүүрч аваад хаа нэгтэйгээс нь хэдэн мөр уншаад тавьдаг. Би өөрийгөө зохиолын хэл найруулга, текстээс таашаал авдаг уншигч гэдгээ л мэдэрсэн /инээв/.

Бага байхдаа хэр их ном уншдаг хүүхэд байв?

Манай аав цэргийн хүн. 1990 онд Цэргийн албан тушаалтнууд хөдөө орон нутагт очиж ажиллах давалгаа явагдахад аав маань дэмжиж хөдөө очиж ажиллана гээд манайх Хөвсгөл аймгийн Түнэл суманд нүүж очиж байлаа. Социализмын үед идэх хоол, өмсөх хувцсаар хомс байсан ч бидэнд унших ном элбэг байлаа. Аав маань сонирхлоороо шүлэг, найруулал бичдэг байсан. Манай номын санд “Дөлгөөн Дон”, “Элс цас”, “Манан будан”, “Зүрхний хилэн” гэхчилэн зузаан романууд байдаг байлаа. Хөдөө тог цахилгаан, үзэх телевиз байхгүй учир гэртээ байгаа номнуудыг л уншдаг байсан. Би таван нас хүрэхдээ уншаад сурчихсан учраас их эрт ном уншиж эхэлсэн л дээ. 9, 10 нас хүрэхдээ гэртээ байсан зузаан романуудыг бүгдийг нь уншаад дуусчихсан. Багаасаа л номын хорхойтой хүүхэд байсан даа.

Уран бүтээлч хүний сайхан хийгээд сөрөг тал нь юу байдаг вэ?

Үгийн урлаг хүнийг хүн байлгадаг. Хүн гэдэг сэрэл мэдрэмж, оюун ухаантай ухаарч сэхээрдэг ухаант бодьгалийг илүү хөгжүүлж нарийвчлан яривал сэтгэлийн түвшинд улам хөгжүүлэн хүний сэтгэлийг тэлж, багтаамжтай болгодог гэдгээрээ урлагийн шид хязгааргүй. Тэр талаасаа надад маш их нөлөөлсөн л гэж боддог. Хүнийг ямар нэгэн ялгаатай байдлаар нь шүүж чичлээд байхгүй. Хүнийг хүн гэдэг үүднээс нь харах уужим сэтгэлтэй болгодог. Намайг 21, 22 настай байхад дээд үеийн ах, эгч нар маань “Эмэгтэй хүн яруу найрагч байна гэдэг хэцүү” гэж гүн дарамтанд ортол хэлдэг байсан. Яагаад гэхээр эмэгтэй хүнийг уран бүтээлч гэдэг талаас нь хараад ханилах хүн олоход хэцүү гэж хэлдэг байлаа. Эмэгтэй хүн гэхээр л гал тогоондоо байж байх ёстой юм шиг боддог бидний уламжлалт тогтсон ойлголт хэцүү шүү дээ. Эмэгтэй хүн уран бүтээлч байна гэхээр энэ уламжлалт ойлголтыг сөрөхийн нэр. Сөрөхгүй юмаа гэхэд гэр бүл зохиож, үр хүүхэд төрүүлээд түүнийхээ хажуугаар уран бүтээл туурвиад явна гэдэг тийм ч амар зүйл биш байдаг. Хувийн амьдралаа нууж хаалгүйгээр уран бүтээлдээ биччихээд дараа нь эрэгтэй хүнтэй ямар нэгэн харилцаа үүсгэхэд тэр хүн чиний уран бүтээлээр чамайг шүүгээд байвал хэцүү /инээв/.

Монголын уран зохиол дэлхийн хэмжээнд яг хаахна явна вэ гэдэг асуулт уран зохиолд ойр байдаг хүмүүст их ирдэг байх?

Монголчууд бүхий л салбарт дэлхийтэй хөл нийлүүлчих гээд л хичээж яваа. Яруу найргийн хувьд үзэл суртлын зорилгоор бичигдсэн шүлгүүдийг эс тооцвол дэлхийн түвшнээс хоцрогдохооргүй гэж боддог. Хүүрнэл зохиолын тухайд дэлхийн түвшнээс хойно яваа л даа. Гэхдээ хэдий тийм ч гэсэн бидэнд сайн зохиол байхгүй гэсэн үг биш. Монгол зохиолчид дэлхийд танигдахаар хангалттай орчуулагдаагүй байна. Түүнээс биш бидэнд хангалттай уран зохиолын өвүүд байгаа. Бид л өөрсдийгөө хэт дутуу үнэлдэг.

Уран зохиолыг яагаад сонгох болов?

Би сургуулиа төгссөнөөс хойш сэтгүүлч мэргэжлээрээ ажилласан. Тэгээд одоогоос хоёр, гурван жилийн өмнөөс эргэцүүлж байгаад уран зохиолтой л миний амьдрал холбогдчихсон учраас эрх чөлөөг хүссэн. Бүх цаг заваа ажилдаа зориулчихаар уран зохиолд зарцуулах цаг бага болчихдог байлаа. Мөн хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэх хажуугаар нь сургуульд нь зөөх ажилтай байдаг учраас ийм их ажлын хажуугаар уран зохиолд зарцуулах цаг олддоггүй. Аль болох уран зохиолоос үзэг салгахгүй бас сэтгэл салгахгүй байхыг л бодож байна даа.

Сэтгүүлчээр ажиллаж байсан тань зохиол бичихэд хэрэг болох чухал өгөгдлүүдийг суулгаж өгсөн байх л даа?

Тогтмол юм бичих дадлыг суулгаж өгсөн. Г.Гарсиа Маркес: “Сэтгүүлзүйн бүтээлд ганц л худал мэдээлэл байхад итгэл төрүүлэхээ больчихдог. Гэтэл уран зохиолын бүтээлд нэг л үнэн баримт байхад зохиол бүхэлдээ үнэмшилтэй болдог” гэж хэлсэн байдаг шүү дээ.

Номны нэр өгөхөд хэцүү байдаг байх?

Би “Дотоод тэнгис” номоо гаргах гэж байхдаа номныхоо нэрийг олох гэж их удаан бодсон. Тэгээд нэг шүлгийнхээ мөрийг харж байгаад “Дотоод тэнгис” гэж нэрлэж байлаа.

Анхны номоо яагаад “А тэмдэглэл” гэж нэрлэсэн бэ гэдэг сонирхолтой байна л даа?

“А тэмдэглэл” маань яруу найргийн ном гэхэд яруу биш нэр шиг зарим хүмүүст санагддаг юм билээ. Намайг “хэт модерн байх гэж хичээсэн юм уу” гэж шүүмжилдэг байсан. Зарим хүн наргиан болгож үргэлжлүүлээд “Б тэмдэглэл”, “В тэмдэглэл…” гээд “Я” хүртэл 35 үсгээр ном гаргах юм уу гэж намайг шоглодог байсан /инээв/. “А тэмдэглэл” миний анхны ном. Би өөрийгөө “яруу найрагч” гэж хэлүүлэх дургүй. Хэтэрхий сүржин цол шиг санагддаг. Монголчууд яруу найрагч гэхээр л гайхалтай авьяастай, цэцэн үгтэй хүн байдаг гэсэн нийтлэг төсөөлөлтэй байдаг. “Шүлэгч” гэвэл илүү даруухан нэр. Намайг “шүлэгч охин” гэвэл яг л тохирох юм шиг санагддаг. Харин бичсэн шүлгийг минь яруу найраг гэх үү, үгүй юү гэдэг өөр асуудал. Би анхныхаа номыг гаргаж байгаа гэдэг утгаараа “А” гэж нэрлэсэн. Шүлэг минь миний сэтгэлийн, мэдрэмжийн тэмдэглэл юмаа гэдэг утгаараа “Тэмдэглэл” гэж нэр өгсөн.

Ярилцсанд баярлалаа.

Анд байж чадсангүй

Амраг ч болж чадсангүй

Алс холдоо төөрсөн

Гуниг л юм шиг амьдарлаа

Хэлгүй мэт явж

Чихгүй мэт сууж

Хэт ганцаардлын манан дунд

Чулуу л юм шиг хөшингөртлөө

Ядарч хоосорсон сэтгэлээ

Одоо л нээюү гэтэл

Яг л навчис шиг гунигууд

Намраар нэг хөглөрчих гээд…

Уйтгар гэдэг бараан хэвнэгийг

Өөртөө л нөмөрч суухын тул

Урсан гарах нулимсаа ч

Өрц рүүгээ буцаагаад л сорчихно

Ажин түжин ийм уйтгараар

Амь зогоож нууцхан бүгэвч

Алдарч, нэг л өдөр наранд бүхнээ илчлээд

Амьдралтай огт өөр нүдээр ширтэлцэнэ гэж итгэнэ.

У.ЧИНЗОРИГ

Categories
мэдээ спорт

МҮБХ-оос мэдэгдэл гаргажээ

Допингийн жагсаалтад орсон хориотой бодис илэрсний улмаас барилдах эрхээ хасуулаад байсан нэр бүхий бөхчүүд шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж, улмаар шүүх тэдний нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн байдаг. Дээрх асуудалтай холбогдуулан МҮБХ-оос мэдэгдэл гаргажээ.



Categories
мэдээ нийгэм

​Төв цэнгэлдэх хүрээлэн, морь барианы газруудаас хөрсний дээж авч шинжилгээнд хамруулжээ

Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газраас аймгийн баяр наадмыг угтан ерөнхий газрын даргын 01/04 дугаартай урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын удирдамжийн дагуу цэнгэлдэх хүрээлэн, морь барианы газруудаас хөрсний 5 дээж авч Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн нэгдсэн сорилтын лабораторид шинжилгээнд хамруулжээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Эрхүү мужид их хэмжээний үер болсонтой холбогдуулан эмгэнэл илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Эрхүү мужид их хэмжээний үер болсонтой холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинд эмгэнэл илэрхийлсэн захидал илгээлээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭМГЭНЭЛД:

“ОХУ-ын Эрхүү мужид болсон их хэмжээний үерийн улмаас хохирол амссан иргэдэд чин сэтгэлийн эмгэнэл болон сэтгэл санааны дэмжлэгээ илэрхийлж байгааг хүлээн авна уу.

Үүнтэй холбогдуулан Монголын ард түмэн Эрхүү муж дахь үерт автагсдад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилгоор мөнгө, нэн шаардлагатай зүйлс, хоол хүнс, дулаан хувцас хэрэгсэл, эм, эмийн бүтээгдэхүүн цуглуулж эхэлсэн. Мөн Монгол Улсын хүүхдийн амралтын төвүүд Эрхүү мужийн үерт автсан дүүргүүдээс 100 хүртэлх хүүхдийг хүлээн авахад бэлэн байна” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас байгалийн гамшигт өртсөн Эрхүү мужийн иргэдэд туслах уриалга гаргаж, аж ахуйн нэгжүүдээс тусламжийн бараа материал цуглуулах ажлыг үргэлжлүүлж байна.