Categories
мэдээ улс-төр

“Улаанбаатарын тунхаг”-ийг баталжээ

Монгол Улсын Засгийн газар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн IV конгрессыг зохион байгууллаа. Конгресст гадаад, дотоодын 700 төлөөлөгч оролцов. Нийт оролцогчдын 40-өөс илүү хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байжээ. Конгрессын зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх замаар тогтвортой нийгмийн хөгжил болон эдийн засгийн өсөлтөд хүрэхэд тэднийг эдийн засгийн хувьд чадавхижуулах талаар сайн туршлага, сургамжуудаа хуваалцах, түүнийг хэрэгжүүлэх бүс нутгийн нэгдсэн загварыг бий болгоход оршиж байсан бөгөөд хэлэлцсэн асуудлаар “Улаанбаатарын тунхаг”-ыг батлан гаргасан. Энэ нь 2023 он хүртэл Ази, Номхон далайн бүсийн орнууд “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмаар хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ хандах, тэдэнд хүртээмжтэй нийгмийг бий болгоход чухал ач холбогдолтой төдийгүй Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлага нь Тогтвортой хөгжлийн зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал дэмжлэг болох бичиг баримт юм. Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлага нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бусдын адил нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах боломжтойг нийтээр хүлээн зөвшөөрөх шаардлага бийг ч энэхүү тунхагт тусгажээ.

Categories
мэдээ нийгэм

Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байхыг сэрэмжлүүллээ

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай усархаг бороо орно.

Иймд:

-Голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх,

Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авах,

-Хөдөө орон нутгийг зорих иргэд бэлтгэл бэлэн байдлаа сайн хангаж, болгоомжтой зорчих,

-Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх,

-Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих,

-Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

-Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх,

-Гэр, хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байх,

Үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг ОБЕГ анхаарууллаа.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган Сар нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган Сар нийгэмлэгүүдийн холбооны Ерөнхийлөгч Францеско Рокка тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ онд Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны 100 жил, Монголын улаан загалмай нийгэмлэгийн 80 жилийн ой тохиож буй явдалд баяр хүргэлээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо нь байгалийн гамшгийн үед Монголын улаан загалмай нийгэмлэгээр дамжуулан хүмүүнлэгийн тусламж үзүүлж ирсэнд талархлаа илэрхийлээд, цаашид гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Монгол Улстай нягт хамтран ажиллах асуудлаар ярилцав. Тухайлбал, Монгол Улсад газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж байгаа болоод уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай зуд, үер, ган, ой хээрийн түймэр зэргийг хор хохирол багатай даван туулах асуудалд анхаарал хандуулах асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов. Ноён Францеско Рокка дээрх асуудлаар Монгол Улсын Шадар сайдтай үргэлжлүүлэн ярилцаж, цаашдын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн санал, санаачлагуудыг тусган ажиллахаа илэрхийллээ. Мөн Монголын улаан загалмай нийгэмлэгийн Эрх зүйн байдлын тухай хууль батлагдсан нь тус холбооны гишүүн орнуудын дунд үлгэр жишээ болохуйц хууль болсонд талархал илэрхийлэв.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав нар өнөөдөр (2019.07.04) Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн гишүүн Жон Хэ Сүг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дэд дарга Б.Пүрэвдорж төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг уриад хоёр улсын эртний найрсаг харилцаа улам өргөжиж байгаад баяртай байдгаа илэрхийлэв.

“Эдийн засгийн болон иргэд хоорондын харилцаа эрчимтэй хөгжиж, 40 гаруй мянган Монгол иргэн тус улсад ажиллаж, амьдарч байна. Нэг хэсэг нь хууль бусаар ажиллаж байгаа ч тодорхой хэмжээнд Солонгос, Монголын хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа гэж боддог. Ард түмний итгэлцэл манай хоёр улсын хамтын ажиллагаанд эерэг нөлөө үзүүлдэг. УИХ-ын гишүүн болохоосоо өмнө Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа солонгос иргэдийн асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж ажиллаж байсан. Манай улсын иргэдэд ч та бүхний бодлого, шийдвэрүүд энэ маягаар хүрч үйлчилдэг байгаасай гэж хүсэж байна” хэмээн тэрбээр хэлсэн үгэндээ тэмдэглэлээ.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн гишүүн Жон Хэ Сүг цаг гарган, найрсаг дотноор хүлээн авч уулзаж байгаа эрхэм гишүүдэд талархал илэрхийлээд айлчлалын бүрэлдэхүүнээ товч танилцуулав.

“Зургаан жилийн өмнө Монгол Улсад айлчилж, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд Ховд аймагт Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд шаардлагатай тоног төхөөрөмжийг өгч, эмч мэргэжилтнүүдийг сургасан. Иргэн бүр эмнэлгийн тусламж, үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, чанартай авах нь чухал учраас эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулах нь чухал юм. Зөв оношилж, эмчилснээр хүн амын насжилтыг уртасгах боломжтой” гээд хоёр орны хамтын ажиллагааг өргжүүлэхэд бүхий л талаар дэмжин ажиллаж байгаагаа хатагтай Жон Хэ Сүг хэллээ.

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав “Эрүүл иргэнтэй байвал улсын хөгжил хурдацтай байна. Тиймээс эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт бол хамгийн чухал хөрөнгө оруулалт юм. Монголчууд хамгийн ихээр зорин очдог улсын нэг нь БНСУ. Хувь хүн, хуулийн этгээдүүдийн хамтын ажиллагаа жил ирэх тутам улам өргөжиж байна. Цаашид технологид суурилсан хамтын ажиллагааг хөгжүүлэх хэрэгтэй. Эртний уламжлалт найрсаг харилцаатай хоёр улсын иргэд бие биенээ дотночилж хүлээн авдаг. БНСУ-ын ард түмэнд сайн сайхныг хүсье” гэв

Categories
мэдээ спорт

МҮБХ-оос допингийн улмаас барилдах эрхээ хасуулсан таван бөхийн эрхийг сэргээсэн тогтоолоо цуцалсныг мэдэгдлээ

МҮБХ-оос допингийн улмаас барилдах эрхээ хасуулсан таван бөхийн эрхийг сэргээсэн тогтоолоо цуцалсныг мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

Наро Банчэн Гэгээн “Өргөө” амаржих газарт ариутгалын аппрат хандивлалаа

“Наро Банчэн Хутагт” сангийн зүгээс Өргөө амаржих газарт 150 сая төгрөгийн үнэ бүхий автоклав буюу ариутгалын аппаратыг хүлээлгэн өглөө.

Эмнэлгийн зүгээс ариутгалын аппарат доголдож эхэлсэн сүүлийн хоёр жилийн хугацаанд холбогдох газруудад хүсэлт тавьсан ч шийдэгдэлгүй өнөөг хүрчээ. Тиймээс эмч, эмнэлгийн ажилтнууд “Наро Банчэн хутагт” санд хандаж, ариутгалын шинэ аппараттай боллоо.

Аппаратыг хүлээлгэн өгөх үеэр Халхын тамгатай 13 хутагтын нэг Наро Банчэн Гэгээн Данзанлхүндэв “Наро Банчэн хутагт сангийн зүгээс нийгмийг соён гэгээрүүлэх сургалт болон хүмүүнлэгийн ажлыг чадах чинээгээрээ хийхийг зорьж байгаа юм. Өмнө нь манай сангийн зүгээс зарим эмнэлэг, цэцэрлэгүүдэд шаардлагатай аппаратууд хандивлан өгч байсан. Энэ удаа “Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг нь хүлээлгэн өгч байна. Тус эмнэлгийн зүгээс хүсэлт тавьсны дагуу бид судалсан. Үнэхээр, зайлшгүй шаардлагатай аппарат байсан. Тиймээс өнөөдөр ийн хүлээлгэн өгч байна” гэв.

Наро Банчэн Гэгээн Данзанлхүндэв өөрт нь олон түмний өргөсөн өргөл хандивыг ийн “Наро Банчэн Хутагт” сангаар дамжуулан нийгмийн сайн, сайхны төлөөх буяны ажилд зарцуулдаг. Энэ удаа ч мөн олон нийтийн өргөл, хандиваар цугларсан 150 сая төгрөгөөр ариутгалын багаж, тоног төхөөрөмж авч өгч буй юм.

Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц хэлэхдээ “Манай залуу үе, хувилгаад бусдыг бодсон сайхан сэтгэлтэй, буян үйлдэж, дагуулж байгаад би их баяртай байна. Би өнөөдөр Монголын Бурхан шашинтны тэргүүний хувьд энэ сайхан буяны үйл ажиллагаа хийж байгаад нь даган баясах, хутагтынхаа ямар ажил хийж, туурвиж байгааг үзэх гэж ирсэн. Нэлээд өндөр үнэтэй аппарат хэрэгслийг монголын олон үрсэд оновчтой газар өгч байгаад нь баяртай байна” гэлээ.

Харин “Өргөө” амаржих газрын эмчилгээ эрхэлсэн орлогч дарга А.Дүүрэнбилэг “Манай амаржих газрын хувьд 450 гаруй ажилтан, 360 ортой үйл ажиллагаагаа явуулдаг. Жилдээ 12 мянга гаруй эхийг амаржуулдаг ууган байгууллагын нэг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд манай байгууллагын хамгийн том цөм болсон ариутгалын хэсэгт техникийн үйлчилгээ хийгдсэн боловч ашиглалтын хугацаа нь нэгэнт дуусчихсан болохоор доголдол гарах зэргээр хүндрэлтэй нөхцөлүүд үүссэн. “Наро банчэн хутагт” сангийн зүгээс эмнэлгийн тоног төхөөрөмжийн ариутгалын аппаратыг хандивлаж байгаа нь эх үрсийн эрүүл мэндийн төлөө үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байгаа хэрэг. Эх, нярайтай холбоотой бүхий л багаж, тоног төхөөрөмж, мэс засал, ариун зөөлөн эдүүд бүгд ариутгалын аппаратаар ариутгагдсан байх шаардлагатай байдаг. Тиймээс энэ автоклав манай эмнэлэгийн нэн тэргүүнд шаардлагатай төхөөрөмж байсан. Монголын олон мянган эх, үрс, ирээдүйн төлөө буяны гараа сунгаж, бидний хүсэлтийг хүлээн авсан “Наро Банчэн Хутагт” сангийн хамт олонд гүнээ талархаж байна” гэлээ.

Нийслэлийн “Өргөө” амаржих газар өдөртөө зөвхөн амаржихаар 40-50 эх хэвтдэг. Тиймээс ариутгал, халдваргүйжилтийн ажил хамгийн чухал. Өнгөрсөн жилүүдэд автаклав нь ажиллахгүй тохиолдолд тус эмнэлгийнхэн бусад төрөх болон эмнэлэгт багаж, тоног төхөөрөмжөө ариутгадаг байжээ.

Categories
мэдээ нийгэм

Хурдан морины уралдааны зохион байгуулалтын талаар мэдээллээ

Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооноос хурдан морины уралдааныг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ.

Хурлын эхэнд Хурдан морины салбар хорооны дарга, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Хурандаа Ж.Болдбаатар “Хурдан морины уралдааныг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос 2015 оны долдугаар сарын 1-нд гаргасан эрлийз морьдыг монгол морьдоос тусад нь уралдуулах журмын хүрээнд зохион байгуулна. Унаач хүүхдүүдийн аюулгүй байдал, дэг журам зэргийг анхааран ажиллана. Долдугаар сарын 10-ны өдөр Хязаалан, Шүдлэн, 11-ний өдөр Азарга, Их нас, 12-нд Соёолон, даага уралдана.

Энэ сарын 13-нд уяачдын наадам болно. Эрлийз гурван нас болоод жороо морины уралдаан болно. Хурдан морь үзэхээр хүлээж буй иргэд, наадамчин олондоо зориулан “Морьтон монголчууд” үзүүлэх тоглолт, хос морины уралдаан, шүхрийн буултын үзүүлбэр зэргийг зохион байгуулна. Тухайн жилийн нөхцөл байдлаас хамаараад нас насны ангилалд уралдах замыг зааж өгдөг. Энэ жилийн хувьд даага 11 км, шүдлэн 15 км, хязаалан 17 км, соёолон, азарга 22 км, их нас 25 км-ээс уралдана” гэж хэллээ.

Нийслэлийн гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын орлогч дарга Н.Мандуул “Хурдан морь унаач хүүхдүүдийн эрхийг хамгаалах асуудллаар хуульд заасан бүх үйлчилгээг үзүүлнэ. Хүүхдийн хамгааллын хувцас хэрэглэлийг стандартад заасны дагуу шаардана. Бэлтгэлгүй ирсэн, хамгаалах хэрэгслээ мартсан, орхисон зэрэг уяач, унаач хүүхдүүдэд боломж олгох үүднээс Хүй долоон худагт хамгаалалтын хувцас хэрэглэл борлуулдаг ААН-үүдийг ажиллуулахаар болж байгаа. Уяачид бүртгүүлэх гэж ирэхдээ унаач хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, эцэг эхээс нь зөвөөрөл авсан хуудас, даатгалын гэрээ зэргийг бүрэн байлгах хэрэгтэй” гэв. Мөн “Манай ажлын хэсэг уралдах морьдын үйлдвэрлэг байдлыг ялгах үүрэг хүлээн ажиллаж байна. Холбогдох хууль, дүрэмд заасны дагуу Азарга, Соёолон 140 см, Их нас 141 см, Хязаалан 137 см, Шүдлэн 132 см, Даага 127 см өндөр байх заалтыг нарийн баримталж ажиллана. Баяр наадмын үеэр эрлийз морьдыг уралдааны талбайд оруулах, хэл ам гаргах зэрэг асуудлыг хурдан морины салбар комисс хүлээн авахгүй. Бид шуурхай, шударга ажиллана” гэдгийг Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл хэлж байв.

Categories
мэдээ нийгэм

“Дээлтэй Монгол наадам” зохион байгуулна

Монголчуудын уламжлалт соёл түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет бус өвийг гадаад дотоодод сурталчлан таниулах, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор “Дээлтэй Монгол наадам” арга хэмжээг долоодугаар сарын 10-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд 13 дахь жилдээ зохион байгуулна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баяр наадмын өдрүүдээр орон байрны хулгай ихэсдэгийг анхааруулав

Баяр наадам, амралт, аялал зугаалгын цаг эхэлж байгаа энэ үед иргэд, жуулчид хулгайд эд зүйлсээ алдах, амралт зугаалгаар явахдаа орон байраа удаан хугацаагаар хараа хяналтгүй орхисноос хулгайн гэмт хэргийн хохирогч болох тохиолдол их.

Иймд Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран хулгайлах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, гаралтыг бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хариуцлага, сонор сэрэмжийг дээшлүүлэх зорилгоор “Зогс-Шалга-Боломж бүү олго” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав нар өнөөдөр (2019.07.04) Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн гишүүн Жон Хэ Сүг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дэд дарга Б.Пүрэвдорж төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг уриад хоёр улсын эртний найрсаг харилцаа улам өргөжиж байгаад баяртай байдгаа илэрхийлэв.

“Эдийн засгийн болон иргэд хоорондын харилцаа эрчимтэй хөгжиж, 40 гаруй мянган Монгол иргэн тус улсад ажиллаж, амьдарч байна. Нэг хэсэг нь хууль бусаар ажиллаж байгаа ч тодорхой хэмжээнд Солонгос, Монголын хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа гэж боддог. Ард түмний итгэлцэл манай хоёр улсын хамтын ажиллагаанд эерэг нөлөө үзүүлдэг. УИХ-ын гишүүн болохоосоо өмнө Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа солонгос иргэдийн асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж ажиллаж байсан. Манай улсын иргэдэд ч та бүхний бодлого, шийдвэрүүд энэ маягаар хүрч үйлчилдэг байгаасай гэж хүсэж байна” хэмээн тэрбээр хэлсэн үгэндээ тэмдэглэлээ.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн гишүүн Жон Хэ Сүг цаг гарган, найрсаг дотноор хүлээн авч уулзаж байгаа эрхэм гишүүдэд талархал илэрхийлээд айлчлалын бүрэлдэхүүнээ товч танилцуулав.

“Зургаан жилийн өмнө Монгол Улсад айлчилж, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд Ховд аймагт Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн барилгыг барьсан. Иргэн бүр эмнэлгийн тусламж, үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, чанартай авах нь чухал учраас эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулах нь чухал юм. Зөв оношилж, эмчилснээр хүн амын насжилтыг уртасгах боломжтой” гээд хоёр орны хамтын ажиллагааг өргжүүлэхэд бүхий л талаар дэмжин ажиллаж байгаагаа хатагтай Жон Хэ Сүг хэллээ.

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав “Эрүүл иргэнтэй байвал улсын хөгжил хурдацтай байна. Тиймээс эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт бол хамгийн чухал хөрөнгө оруулалт юм. Монголчууд хамгийн ихээр зорин очдог улсын нэг нь БНСУ. Хувь хүн, хуулийн этгээдүүдийн хамтын ажиллагаа жил ирэх тутам улам өргөжиж байна. Цаашид технологид суурилсан хамтын ажиллагааг хөгжүүлэх хэрэгтэй. Эртний уламжлалт найрсаг харилцаатай хоёр улсын иргэд бие биенээ дотночилж хүлээн авдаг. БНСУ-ын ард түмэнд сайн сайхныг хүсье” гэв