Categories
мэдээ нийгэм

Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудлыг Улаанбаатартай холбосон хурдны замыг нээлээ

Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудлаас Улаанбатартай холбосон хурдны замыг нээлээ. Уг зам 32.5 метр зорчих хэсгийн өргөнтэй, хоёр урсгал, зургаан эгнээтэй. Мөн аваарын 10 гарц, 49 үер усны хоолойтой, хурдны зам тул автобусны зогсоол байхгүй, эргэлтийн цэггүй, гялбаанаас хамгаалсан хаалттай аж. Замын гүйцэтгэгч компаниар БНХАУ-ын Төмөр замын IV групп ажилласан юм. Энэ нь манай улсын анхны хурдны зам гэдгийг салбарын сайд онцлов. Замын нээлтэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНХАУ-аас Монгол Усад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин оролцлоо. Элчин сайд шинэ зам хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоор нээгдэж байгааг билэгшээгээд энэ зам нийслэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн юм. Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын цогцолборыг Японы хөнгөлттэй зээл барьж буй. Төслийн нийт өртөг 36.9 тэрбум иен. Харин авто замын төслийг БНХАУ-ын зээлээр бүтээж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Усанд урсаж байсан хоёр хүүхдийн амийг аварчээ

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой Нийслэлийн цагдаагийн газраас урин дулаан цагт морьт эргүүл гаргаж ажилуулдаг билээ.Өнгөрсөн сарын 1-нд гарсан морьт эргүүлүүд өнөөдрийн байдлаар 18 хүн эрүүлжүүлж, 32 хүүхдийг ар гэрт нь хүлээлгэж өгч, хоёр хүүхдийг усанд урсаж байхад амийг нь аварчээ.Морьт эргүүлүүд машин хүрч очих боломжгүй газруудад эргүүл хийдэг бөгөөд өглөө 08 цагаас орой 22.00 цаг хүртэл Туул гол дагуу явдаг байна.Өдөр бүр таван чиглэлд 10 морьт эргүүл үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд есдүгээр сар хүртэл ажиллах юм байна. Морьт эргүүл ажилласнаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэргийн гаралт тодорхой хувиар буурч байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн бүрдүүлэх материал

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнгөрсөн Пүрэв гаригт болж, иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмыг батлав. Энэхүү журамд түрээсийн орон сууцанд залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, гачигдалтай иргэн, төрийн албан хаагч, хувийн хэвшилд ажиллагсад, өрх толгойлсон эцэг, эх, 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрхүүдийг хамруулахаар тусгажээ.

Тус журамд зааснаар, нэг ам.метрийн үнийг сарын 6000 төгрөгөөр тооцож, гурав хүртэлх жилээр түрээслүүлэх юм байна. Иргэд түрээслэн суугаа орон сууцаа нийт тав хүртэлх жилийн дараа өмчлөх боломжтой ажээ.

Иргэд түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлт гаргахдаа “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн цахим мэдээллийн санд хүсэлтээ дараах бичиг баримтын хамт ирүүлнэ. Үүнд:

-Иргэний үнэмлэхийн хуулбар,

-Гэр бүлийн гишүүний хамт ТҮЦ машины тодорхойлолт,

-Орлого тодорхойлох баримт бичиг зэргийг хавсаргах /нийгмийн даатгалын болон тэтгэвэр тэтгэмжийн дэвтэр, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн орлого нотлох баримт/

Мөн өөрийн өмчлөлийн инженерийн хангамжтай, эсхүл нийтийн зориулалттай орон сууцгүй болохыг тодорхойлсон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, залуу гэр бол гэрлэлтийн лавлагаа, ахмад настан бол тэтгэврийн дэвтрийн хуулбар, гачигдалтай иргэн бол гамшгаас хамгаалах төрийн захиргааны байгууллагын дүгнэлт, акт, тухайн дүүргийн тодорхойлолт зэргийг бүрдүүлэх ёстой аж. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тухайд халамжийн дэвтэр, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоосон акт бүрдүүлэх бол өрх толгойлсон эцэг, эхийн тухайд өрх толгойлсон болохыг нотлох баримт бүрдүүлэх бол 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш насны хүүхэдтэй гэр бүлийн тухайд хүүхдүүдийн гэрчилгээ холбогдох баримт бичгийг бүрдүүлнэ.

Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтээ ирүүлсэн иргэдийн сонгон шалгаруулалтыг явуулахдаа Нийслэлийн засаг даргын захирамжаар сонгон шалгаруулах комисс байгуулж, тус комисс нь сугалаа болон эрэмбэлэх хэлбэрээр шаардлага хангасан иргэдийг сонгон шалгаруулахаар журамд тусгажээ. Сонгон шалгаруулах комиссын шийдвэрийг үндэслэн орон сууц түрээслэх эрх нь баталгаажсан иргэдэд НОСК-аас түрээсийн батламж олгох ажээ. Батламж авах эрхтэй болсон иргэн эхний сарын түрээсийн төлбөр, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, элэгдлийн санг тооцсон гурван сарын түрээсийн зардалтай тэнцэх хэмжээний барьцаа төлбөр төлснөөр төлбөр төлсөн иргэн, НОСК хоёр түрээсийн гэрээ байгуулж, эрх нь баталгаажих юм.

Түрээсийн орон сууцыг тодорхой хуваарилалтын дагуу олгох ажээ. Тодруулбал:

-залуу гэр бүлд 20 хувь,

-төрийн албан хаагчдад 25 хувь,

-хувийн байгууллагын ажилтнуудад 20 хувь,

-18 хүртэлх 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд 5 хувь,

-өрх толгойлсон эцэг эхэд 5 хувь,

-өндөр настан тэтгэвэр тогтоолгосон ахмадуудад 5 хувь,

-хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүлд 50 хувь,

-гамшигт аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэдэд 5 хувийг олгохоор квот тогтоожээ.

Categories
мэдээ нийгэм

Алба хаагчид “Сургагч багш”-аар бэлтгэгдлээ

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын “Хүүхдийн төлөөх орон нутгийн төсөл”-тэй хамтран төрийн байгууллагуудын ажилтан, алба хаагчид болон ард, иргэдийг гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх аргад суралцуулах, гамшгаас хамгаалах мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор “Сургагч багш” бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна. Энэ удаагийн сургалтад Гал түймэр унтраах, аврах 22, 54, 55 дугаар ангийн 25 алба хаагчийг хамрууллаа. Алба хаагчдыг “Бэлэн бай” сургалтын модулийг иргэд, олон нийтийн идэвх оролцоонд тулгуурлан хэрхэн зохион байгуулах талаарх сургалтын арга барилд сургаж, сургагч багшаар бэлтгэлээ гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

НОБГ-т шуурхай албаны автомашин олголоо

Нийслэлийн Онцгой байдлын газарт БНСУ-ын Сөүл хотын Гал, гамшгийн удирдлагын газрын дарга, галын комиссар И Жа-Ёл тэргүүтэй төлөөлөгчид айлчилж, Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төв, нийслэлийн Аврах анги-105 болон Гал түймэр унтраах, аврах ангиудын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр шуурхай албаны 4 ширхэг автомашиныг олгохоор шийдвэрлэснээ илэрхийлж, түлхүүрийг нь НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнд гардуулан өглөө.

Categories
мэдээ нийгэм

Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв байгуулагдлаа

Жижиг, дунд үйлдвэрлэл тэр дундаа өрхийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж ажлын байр бий болгож иргэдийг орлогоо нэмэгдүүлэхэд туслах, дэмжлэг үзүүлэх зорилгоор бизнес инкубатор төвийг нийслэлийн бүх дүүрэг, аймаг орон нутагт байгуулах ажлыг салбарын яам зохион байгуулан ажиллаж байна. Одоогийн байдлаар Багахангай, Багануур дүүрэгт энэхүү төвийг байгуулах ажлыг эхлүүлснээр нийслэлийн бүх дүүрэгт жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төвтэй болж байгаа юм.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн санаачилгаар “Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв өнөөдөр \2019.07.04\ Чингэлтэй дүүрэгт байгуулагдлаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд байгуулагдсан энэхүү төв нь 4 давхар 864м.кв талбайтай юм. Тус дүүрэг 160 мянган хүн амтай, өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг олон иргэн аж ахуй нэгж байдаг учраас үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих зайлшгүй шаардлага байгааг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг ХХААХҮ-ийн сайдад онцлон хэллээ.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидээ дэмжихээр төсөвт хөрөнгийг нь суулгуулж богино хугацаанд ашиглалтад оруулж санаачилга гарган ажиллаж байгаа М.Оюунчимэг гишүүндээ талархаж байна. Цаашдаа энэ төвийн үйл ажиллагаа иргэд, үйлдвэрлэгчиддээ өгөөжөө өгч өрхийн үйлдвэрлэлээс дунд, том аж ахуй нэгжүүд төрөн гарна гэдэгт итгэж байна. Гол нь төвийн үйл ажиллагаагаа тасралтгүй, идэвхитэй явуулах тал дээр салбар яам, дүүрэг, иргэд хамтраад ажиллах нь чухал гэлээ . Чингэлтэй дүүрэг дэх Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн нээлтэд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан, ЖДҮХСангийн Захирал Б.Батцэцэг болон бусад албаны хүмүүс оролцож Чингэлтэй дүүргийн өрхийн үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж санал бодлыг нь сонслоо .

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн АЗХГ-ын дарга Ж.Тогтохбаяр:Бороо орохгүй бол ажилаа хугацаандаа дуусгах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан долоодугаар сарын 4-нд Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлын явцтай танилцаж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өглөө.

Нийт 20.9 км энэхүү авто замын далангийн ажил одоогоор 60 хувьтай, шинэчлэл, өргөтгөлийн ажил 25 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд 37 хоолой хийхээс 15 нь бэлэн болсон талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр мэдээлэл өгөөд “Хоолойны ажлууд төлөвлөсөн графикийн дагуу явж байгаа. Харин ойрын үед бороо хур ихтэй, уулархаг газар үер их бууж байгаа учраас ганц, хоёр өдөр хүлээх асуудал гарч байна. Цаашдаа бороо хур гайгүй байвал алдсан цагаа нөхөөд, хугацаандаа ажлаа дуусгах бүрэн боломжтой” гэв. Хотын дарга замын ажлыг хугацаандаа чанартай гүйцэтгэхээс гадна аюулгүй байдлыг хангаж, ажлын гүйцэтгэлд хяналт тавихыг онцлон захилаа.

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх энэхүү замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилнээр алслагдсан дүүргийг нийслэлтэй холбох, Монгол Улсын төвийн бүсийн авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, зорчигч тээврийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг хангах зэрэг олон талын давуу талууд бий болох юм.

Categories
мэдээ спорт

Триатлоны дасгалжуулагчид сургалтад хамрагдлаа

Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны Олимпын эв санааны нэгдлийн шугамаар зохион байгуулж буй Триатлоны дасгалжуулагчдын сургалт өнөөдөр буюу долоодугаар сарын 5-ны баасан гарагт эхэллээ. МҮОХ-ноос эрхлэн 2019 онд ОУОХ-ны Олимпийн эв санааны нэгдлийн санхүүжилттэй дөрвөн курс хичээллүүлэх бөгөөд эхнийх нь триатлоны багш дасгалжуулагчдын тус сургалт аж. Хорват, Латви улсын эксперт багш нар удирдаж буй энэ удаагийн сургалтад Монголын 15 дасгалжуулагч оролцож байгаа юм. Сургалт долоодугаар сарын 5-9-нд Улаанбаатар хотноо үргэлжлэх бөгөөд онол болон практикийн хичээлээс бүрдэнэ.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын анхны хурдны замыг нээх ёслол боллоо

Төв аймгийн Сэргэлэн суман дахь Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажил дуусч өнөөдөр тус буудлын менежментийг эхлүүлэх ёслол боллоо. Мөн нийслэлээс нисэх буудал хүртэлх 32.2 км Монголын анхны хурдны авто замыг нээв.

Энэ зам 32.5 метр зорчих хэсгийн өргөнтэй, хоёр урсгал, зургаан эгнээтэй. Зорчих хэсэг нь зааглагдсан, тус бүр нь гурван зорчих зурвастай. Замын дээд хурд 100 км/цаг байх аж. Замын ажил 2016 оны тавдугаар сард эхэлсэн бөгөөд гүйцэтгэгч компаниар БНХАУ-ын Төмөр замын IV групп ажилласан билээ.

хурдны зам зурган илэрцүүд

Аваарын 10 гарц, 49 үер усны хоолойтой, хурдны зам тул автобусны зогсоол байхгүй, эргэлтийн цэггүй, гялбаанаас хамгаалсан хаалттай. Манай улсад барьсан, олон улсын стандартад нийцсэн анхны зам юм. Хэдийгээр замын дээд хурд 100 км/цаг боловч иргэд хурдалж болох зам гэж битгий бодоорой гэж Зам тээврийн хөгжлийн сайд онцолж байлаа.

Замын хөдөлгөөнийг нээж Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНХАУ-аас Монгол Усад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Зам тээврийн хөгжлийн сайд М.Энх-Амгалан, хотын дарга С.Амарсайхан, зам барьсан БНХАУ-ын компанийн удирдлагууд оролцож тууз хайчлан үг хэлцгээв.

Элчин сайд шинэ зам хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоор нээгдэж байгааг бэлгэшээгээд энэ зам нийслэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ гэж найдаж байгаагаа илэрхийлэв.

Үүний дараа Зам тээврийн хөгжлийн сайд М.Энх-Амгалан үг хэлэхдээ энэ онд 458 метр төмөр бетон гүүрийг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа, мөн Завхан аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбоно гэж байлаа.

Удахгүй шинэ нисэх буудлын менежментийн гэрээг үзэглэх ёслол болно.

Categories
мэдээ нийгэм

Ч.Алтанхуяг: Хөнгөлөлттэй эмийг 20-80 хувь бууруулан олгож байгаа

Эрүүл мэндийн яамнаас хөнгөлөлттэй эмийн олголтын талаар мэдээлэл хийлээ. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг:


2018 онд хөнгөлөлттэй эмэнд 37,8 тэрбум төгрөг зориулж байсан бол 2019 онд төсөв хасагдан 33,5 тэрбум төгрөг болсон. Үүнээс нийслэлд 52,3 хувийг төсөвлөдөг. Үлдсэн нь орон нутагт. Эмийн үнэд ямар зүйлсийг баримталдаг вэ гэвэл зориуд тохиолдох өвчний үед эмийг 80 хүртэлх хувиар хөнгөлдөг. Үүнд ахмадуудын хэрэглэдэг эмүүд орно. Урт хугацаанд хэрэглэгдэх эмүүдийг 60, халдварын эсрэг эмийг 30-50, 0-5 настай хүүхдийн эмийг 50-80 хувиар хөнгөлөн олгодог. 2018 оны нэгдүгээр сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн эмийн жагсаалтад нийт 812 эм худалдааны нэршилтэй байдгаас 638 нь эмийн жагсаалтад бий. 0-5 насны хүүхдэд зориулсан 174 эм байдаг. Эдгээрийн хөнгөлөлтийн хувь хэмжээ 20-93 хувь. Эрүүл мэндийн даатгалын сан 2018 онд 800 гаруй эмийн сантай гэрээгээр эмийн хөнгөлөлттэй үнээр хамтран ажиллаж байсан. Энэ онд 1026 болж нэмэгдсэн. Бид иргэдэд эм хэрэгтэй үед нь өөрт ойр байгаа эмийн сангаас шаардлагатай эмээ хөнгөлөлттэй үнээр авах боломжийг бүрдүүлэхийн төлөө эмийн сангүй сум, хороонд судалгаа явуулж, сонгон шалгаруулалт зарлан гэрээ хийж ажилласан. Эрүүл мэндийн даатгалын системд өнгөрсөн онд цахим системийг нэвтрүүлэн ажилласан. Мөн цахим жорыг шинээр нэвтрүүллээ. Энэхүү цахим жорыг нэвтрүүлснээр хаана, хэн гэдэг иргэн ямар эмчээс ямар онош тавиулан, ямар эм бичүүлсэн, тэр эмээ аль эмийн сангаас хэдэн төгрөгөөр авсан гэдгийг бүрэн хянах боломж бүрдсэн. Цахим жор нэвтэрснээр хөнгөлөлттэй эмийн олголтыг бүрэн хянах болсон. Ингэж шинэчилснээр шаардлагагүй бичилт, буруу зөрүү зүйл урьд нь байсныг бүрэн хяналтдаа аваад байгаа. Үүний үр дүнд хүртээмж сайжирч байна. Цахим системдээ түшиглэн бид цаашид аль эмийг хэдэн хувь болгож ихэсгэх багасгах, хүртээмж ямар байна, иргэдэд аль эм илүү хэрэгцээтэй байна гэх мэт судалгааг тооцож гаргасны үндсэн дээр оношилгоо, эмчилгээний удирдамж шаардлагад нийцүүлэн, зарим хөнгөлөлтийн хувь хэмжээнд өөрчлөлт оруулах, зах зээлд шинээр нэвтэрсэн дэвшилтэт эмүүдийг оруулах, зах зээлд нэвтрэхээ больсон эмүүдийг хасах гэх мэтээр эмийн жагсаалтад өөрчлөлт оруулах асуудлыг үндэслэл тооцоо судалгаатайгаар хийнэ.

-Хөнгөлөлттэй эм авахаар эмийн сан руу очиход санхүүжилт дууссан гээд байдаг. Энэ асуудлыг яаж зохицуулах боломжтой вэ?

-Түрүүн хэлсэн 1026 эмийн сангуудаар хөнгөлөлттэй эм зарагдаж байгаа. Энэ эмийн сангуудын хүчин чадлаас хамаараад эмийн өсөх үнэ өөр өөр байдаг. Жишээлбэл, нийслэлд 433 эмийн сан байгаагийн төсвийг ангилаад харвал 20 сая хүртэлх төсөвтэй 173, 60-80сая төгрөгийн төсөвтэй 44, 80-100 сая төсөвтэй, 47, 100-аас дээш саяын 20 эмийн сан гэх мэтээр ангилсан. Бага төсөвтэй буюу шинээр даатгагдсан эмийн сангуудын төсөв үнэхээр эхний хоногтоо дуусчихдаг. Гэтэл томоохон эмийн сангууд төсвөө сардаа барьдаг. Хөнгөлөлттэй эм нь дуусаагүй эмийн сангуудын мэдээллийг манай байгууллагаас лавлаж болох жишиг тогтоод явж байгаа. Хэрэглэгч өөрт ойр байгаа эмийн сангуудын аль салбарт хөнгөлөлттэй эм байна. Аль салбарт эм нь дууссан байна гэдэг мэдээллийг өгчихдөг. Түүнчлэн иргэн өөрөө манай байгууллагын цахим вэб сайт, цахим шуудантай холбогдон өөрт ойр салбарын эмийн мэдээллийг харах боломжтой болсон. Манай байгууллагын олон нийттэй харилцах 70101128 болон emd.gov.mn хаягаар тодруулж болно.

-Лозартан гэдэг даралт бууруулах эм хөнгөлөлттэй эмийн жагсаалтад бий юу?

-Байгаа.

-Уг эмийг үйлдвэрлэж буй улс хүний биед хортой хэмээн буцаалтаар татаж байгаа гэсэн мэдээлэл байна. Манай улсад мэдэгдсэн зүйл байгаа юу?

-Одоогоор тийм мэдээлэл ирээгүй. Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт тийм мэдээлэл ирвэл манайд мэдэгдэнэ. Мэдээлэл ирээгүй учраас манайд хандаагүй байх.

-Хэрэв үнэн бол худалдаанаас яаж татах вэ?

-Буцаан татах ажлыг манайх хариуцахгүй учир мэдэхгүй бна.