Categories
мэдээ нийгэм

Авто угаалгад нэг машин угаахад 40-50 литр цэвэр ус ашигладаг

Улаанбаатар хотын гүний усны нөөц 330 мянган м3/хоног байдгаас ашиглах боломжит нөөц нь 253.7 мянган м3/хоног юм. Нийслэл хотын хүн амын өсөлт, ашиглалтаас үүдэн гүний усны нөөцийг хамгаалах, хэрэглээг бууруулах шаардлага жилээс жилд нэмэгдэж байна. Ундны уснаас бусад хэрэглээнд гадаргын ус, цэвэршүүлсэн усыг ашиглах, усны зарцуулалт багатай техник технологийг нэвтрүүлэх замаар дээрх асуудлыг шийдвэрлэх боломжтой юм.

Улаанбаатар хотын усны үйлчилгээний тариф машин угаалгын газруудад литр тутамд 1.5 төгрөг байгаа бол бохир усны үйлчилгээний тариф м.куб тутамд 1700 төгрөг байна.

Нийслэлийн Байгаль орчны газраас нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 90 гаруй авто угаалгын газруудын захирал, менежерүүдэд зориулсан авто угаалгын газруудад “Дахин ашиглах цэвэрлэсэн ус, техникийн ерөнхий шаардлага” MNS6734:2018 стандартыг нэвтрүүлэх, стандарт нэвтрүүлсэн газруудын туршлага хуваалцах уулзалт сургалтыг БОАЖЯ, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвтэй хамтран зохион байгууллаа.

2018 онд Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 170 авто угаалгын газрын захирал, менежерүүдэд зориулсан практик сургалтыг дэвшилтэт технологи бүхий хоёр угаалгын газрын материаллаг баазад тулгуурлан зохион байгуулж байсан ба сургалтын дараа угаалгын газруудад ус хэмнэх, дахин цэвэршүүлж ашиглах, технологийн шинэчлэл хийх зөвлөмж өгч, хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх үе шаттай арга хэмжээг нийслэлийн Байгаль орчны газраас авч хэрэгжүүлж байна.. Нэг автомашин угаахад дунджаар 40-50 литр цэвэр ус ашигладаг бөгөөд Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцож байгаа 400 мянга /2017 оны байдлаар/ гаруй суудлын автомашиныг нэг удаа угаахад 1.6 сая литр цэвэр ус ашиглах тооцоо гарч байна. Газрын гүний цэвэр усыг ихээр ашиглаж байгаа энэ байдлыг өөрчлөхөд дээрх шаардлагын зорилго оршиж байгаа юм. Бохир усыг бохирдолтын төрөл, хэмжээнээс нь хамааран цэвэршүүлэх олон төрлийн аргыг хэрэглэдэг бөгөөд нанотехнологийн болон электрокоагуляцийн аргыг түлхүү ашиглаж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын усны үйлчилгээний тариф машин угаалгын газруудад литр тутамд 1.5 төгрөг байгаа бол бохир усны үйлчилгээний тариф м.куб тутамд 1700 төгрөг байна. Цаашид бохир усны үйлчилгээний тарифыг шатлан өсгөх, стандартаас давсан бохир ус төвлөрсөн шугам, хүрээлэн буй орчинд нийлүүлсэн тохиолдлыг олж илрүүлэх чадавхийг бэхжүүлэх, хариуцлагыг тухай бүр тооцож, таслан зогсоож байх шаардлагатай байна гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд улстөрийн намуудаас санал ирүүлжээ

Монголын Хуульчдын холбоо болон улстөрийн зарим намаас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгахаар ирүүлсэн саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэртанилцууллаа.

Монголын Хуульчдын холбооноос Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Удирдах зөвлөлийн хурлаараа хэлэлцсэн байна. Тус холбооноос эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцлийн хүрээнд УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүний ажил үүргийг хавсран гүйцэтгэхийг бүрэн хориглох санал гаргажээ. Мөн Улсын дээд шүүх 21 шүүгчээс бүрдэнэ хэмээн тоо заасныг өөрчлөх хэрэгтэй хэмээн үзсэн байна. Тодруулбал, “Улсын дээд шүүхийн гурван танхим байгаа ч цаашид шүүгчид танхим дотроо дагнан төрөлжих асуудал гарахыг үгүйсгэх аргагүй. Иймд Улсын дээд шүүхийн шүгчдийн тоог хатуу тогтоож, хязгаарлах боломжгүй юм. Мөн одоо байгаа шүүгчдийг ямар шалгуураар хэрхэн өөрчлөх нь тодорхойгүй байна” хэмээжээ. Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН)-аас ирүүлсэн саналд, “УИХ нь 20 гишүүний саналаар хууль баталдаг, гишүүд нь улсын нэгдсэн төсвийг сонгогдсон тойрогтоо тэрбум тэрбумаар нь хувааж авахаар улайран дайрдаг. Засгийн газар нь дунджаар 1.8 жил ажилладаг. Ерөнхийлөгч нь хараат бус ажиллах ёстой шүүгчдэд томилгоогоор дамжуулан нөлөөлдөг. Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх нь шударга ёс тогтоох гэхээс илүү эзэндээ үйлчилдэг. УИХ-ын сонгууль бүрийг өөр тогтолцоогоор явуулдаг. Товчоор хэлбэл, Монголын төр хямарсан нь нэгэнт тодорхой болсон. Иймд Монгол Улсын Үндсэн хуулд нэмэлт, өөрчлөлт оруулж төрийн эрх мэдлийн хуваарилалтыг тодорхой болгохыг Хөдөлмөрийн үндэсний нам дэмжиж байна” гэжээ. Харин Монгол Ардын Хувьсгалт нам (МАХН) “байгалийн баялаг ард түмний өмч мөн” гэдэг заалтыг тодорхой болгох, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зэрэг тодорхой саналуудаар хуулийн төлийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багийнхантай уулзах хүсэлт ирүүлсэн байна. Эдгээр саналуудыг УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын багт хүргүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл нуурыг дэлхийн байгалийн өв болгох аянд нэгдэхийг уриаллаа

“Далай ээж” олон улсын эко соёлын аяны талаар зохион байгуулагчдын зүгээс өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэхүү аяныг ЮНЕСКО-д Хөвсгөл нуурыг бүртгүүлэх зорилгоор “Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн”, “Түгээмэл эрх хөгжил”, “Дөрөв дэх өнцөг”, “Захиргааны шинэ санаачилга” ТББ-ууд хамтран санаачилжээ. Олон улсын эко соёлын аян энэ сарын 5-18-ны хооронд Улаанбаатар хот, Орхон аймаг, Хөвсгөл аймгийн Мөрөн, Хатгал суманд болно. Энэ үеэр дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй найман орны зураач, дуучин, хөгжимчин, байгаль хамгаалагч идэвхтэн, хуульч зэрэг 50 хүний бүрэлдэхүүнтэй баг Хөвсгөл нуурын төлөө сэтгэлээ нэгтгэн цугларах аж.

ХӨВСГӨЛ НУУР ДЭЛХИЙН БАЙГАЛИЙН ӨВ БОЛОХ ГУРВАН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙГ ХАНГАЖ БАЙГАА

“Аянаар дамжуулан Хөвсгөл нуурыг олон улсад таниулан алдаршуулах зорилготой юм. Далай ээж дэлхийн өв болсноор байгалийн болон соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх маш том боломж. Өнөөдөр дэлхийд цэвэр усны хомстол тулгамдаж буй асуудал болсныг та бүхэн мэднэ. Цэвэр усгүйгээс болж дэлхийд өдөрт 4,500 хүүхэд нас барж байна. Манай улс ч мөн адил цэвэр усны хангалттай нөөцтэй орон ч биш. Харин Хөвсгөл нуурын нийт усны эзлэхүүн 381 км куб байдаг нь дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувьтай тэнцдэг.

Гэхдуу нуурын усанд асуудал үүсэж эхэлсэн. Хэрэв асуудал үүсээгүй бол энэхүү санаачилга гарахгүй байсан байх. Өөрөөр хэлбэл, манай улсын хамгийн их цэнгэг усны нөөцтэй нуур учраас бид хайрлан хамгаалж, одоогийн байдлаас нь дордуулахгүй байхад анхаарах хэрэгтэй байна.

ЮНЕСКО-гийн Дэлхийн байгалийн өв болоход тухайн байгалийн өв нь хосгүй, нөхөгдөшгүй, унаган байдлаа хадгалсан байх гурван шалгуур үзүүлэлт байдаг. Тэгвэл Хөвсгөл нуур нь энэ гурван шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа учраас бид дэлхийн өв болгохыг зорьсон” гэдгийг тус аяныг зохион байгуулагчдын нэг ”Хөвсгөл далайн эзэд” ТББ-ын тэргүүн Б.Баярмаа онцоллоо.

Аяны хүрээнд “Далай ээж”-ийн хүрээлэн буй орчны хог хаягдал, ариун цэврийн байгууламжаас шалтгаалсан орчны бохирдол, загас агнуур, худалдааны загасчлал, усан завь, моторт дугуй ихэссэнээс үүдсэн зорчигчдын аюулгүй байдал болон цэнгэг усанд нөлөөлж буй аюул, эрсдэл зэрэг асуудлыг олон нийт, шийдвэр гаргагчдын анхааралд хүргэх нь дараагийн зорилго нь байна. Түүнчлэн эрдэм шинжилгээний бага хурал, урлаг соёлын концерт, шоу тоглолт, уран зургийн дуудлага худалдаа, гудамжны дүрслэх урлагийн бүтээл урлах, Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-гийн Дэлхийн байгалийн өвд бүртгүүлэхийг дэмжсэн гарын үсэг цуглуулах зэрэг олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, олон улсын уран бүтээлчдийн хамтарсан тоглолтыг энэ сарын 09-нд 20:00 цагт “On and Off” продакшны байранд зохион байгуулах аж. Иймээс Хөвсгөл нуурыг дэлхийн байгалийн өв болгох аянд нэгдэхийг зохион байгуулагчдын зүгээс нийт Монголчууддаа уриаллаа.

Categories
мэдээ нийгэм

Хариуцлага алдсан ангийн захирагчийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Зэвсэгт хүчний дугаар ангиас өнгөрсөн хугацаанд их хэмжээний байлдааны сум, галт хэрэглэл алдагдан шүүх хяналтын байгууллага хэргийг шалгаж байна. Тэгвэл энэхүү хэрэгтэй холбоотойгоор Зэвсэгт хүчний 311, 345-р ангийн захирагчаар тухайн үед ажиллаж байсан бригадын генерал Л.Гансэлэмийг 2019 оны долдугаар сарын 5-ны өдрийн ЗХЖШ-ын даргын зөвлөлийн хурлаар албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргалаа. Түүнчлэн дахин галт хэрэглэл, цэргийн анги салбаруудаас алдагдсан тохиолдолд тухайн ангийн захирагчийг албан тушаалаас нь чөлөөлөх заалтыг тушаалд оруулахаар болсон талаар Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Туульч, хуурч, хөөмийч Э.Баатаржавыг Монгол Улсын соёлын элчээр томилов

Туульч, хуурч, хөөмийч Эрдэнэцогтын Баатаржавт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг Гадаад харилцааны Дэд сайд Б.Батцэцэг өнөөдөр гардуулан өглөө. Туульч Э.Баатаржав нь Монголын соёлын өвийг өвлөн тээгч бөгөөд 1995 оноос “Шанхайн эртний Ази”, “Хоолойн дуу хөөмийн олон улсын наадам”, “Бад Эзинерийн фестиваль” зэрэг олон улсын наадамд амжилттай оролцож ирсэн. Мөн АНУ-ын Веслианы их сургууль, Стэнфорд, Харвардын их сургууль зэрэг томоохон их сургуулиудад хөөмий, цуурын урлагийн талаар лекц уншиж, Монголын өв соёлыг сурталчлан таниулах, цаашлаад ЮНЕСКО-ийн соёлын өвд язгуур өвийн талаас баримтжуулан бүртгүүлэх үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмрээ оруулсан уран бүтээлч юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хөшигийн хөндий дэх Олон улсын шинэ нисэх буудлын менежментийн нээлт боллоо

Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын менежментийн нээлтийн ёслолын арга хэмжээ өнөөдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь Хөшигийн хөндийд боллоо. Олон улсын шинэ нисэх буудлын менежментийн нээлтийн ёслолын арга хэмжээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Хотын захирагч С.Амарсайхан, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Такаока Масато, Японы Зам тээврийн дэд сайд Шинохара Ясүхиро, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга, Япон Монголын хамтарсан “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК-ийн төлөөлөл нарын албаны хүмүүс оролцлоо.


Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улс манай гурав дахь хөрш орон бөгөөд ардчилсан нийгэмд шилжсэн шилжилтийн хүнд хэцүү он жилүүдэд Японы ард түмэн Монголд хамгийн их тусламж үзүүлж байсныг онцолсон юм.

хөшигийн хөндийн нисэх буудлын нээлт зурган илэрцүүд

Шинэ нисэх буудал ашиглалтад орсноор Японы шилдэг туршлагыг Монголд нэвтрүүлэх боломж бүрдэнэ, хоёр орны найрамдал, нягт хамтын ажиллагааны шинэ бэлгэ тэмдэг нь энэ буудал болно гэв. Жилд 3 сая хүртэл зорчигч, 12 мянган онгоц хүлээн авах чадалтай энэ буудлыг түшиглэн 30 мянган хүнтэй дагуул хот бий болно. Ингэснээр бүс нутгийн хөгжилд томоохон түлхэц өгнө гэж найдаж байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв.

Япон улсаас манай улсад суугаа Элчин сайд Масато Такаока үг хэлэв. Тэрээр далайд гарцгүй Монгол оронд шинэ нисэх буудал агаарын тээврийг хөгжүүлнэ. Ачаа тээвэр, аялал жуулчлалын салбарт эерэг нөлөө үзүүлнэ. Цаашлаад Монгол Улсын хөгжлийг эрчимжүүлнэ. Япон менежментийн дагуу аюулгүй, найдвартай ажиллагаа явуулна гэсэн юм.

Шинэ нисэх буудлыг Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан. Төслийн явцад нийт худалдан авалтын 30-аас доошгүй хувийг Японы талтай хийхээр заажээ. Японы Засгийн газрыг төлөөлөн тус улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага төслийн оролцогчоор хамтран ажиллаж байгаа юм.

Энэ үеэр “МИАТ” ТӨХК-ийн ОМ081 аяллын нислэгийг В737-800 агаарын хөлгөөр гүйцэтгэсэн юм. Шинэ нисэх буудлын анхны нислэгийг үйлдсэн “Боинг 737-800” агаарын хөлөг нь АНУ-д 2000 онд үйлдвэрлэгдсэн. Монгол Улсад 2008 оны тавдугаар сараас ашиглаж эхэлсэн бөгөөд нэр нь “Өгөөдэй Хаан”. Нийт 174 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай, хөдөлгүүрийн давших хүч нь 24,000 pound (per engine) үзүүлэлттэй аж.



Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

“Pop Opera Live Concert” тоглогдоно

Монголын сонгодог урлаг тэр дундаа поп опера төрлийн урлагийн тод төлөөлөл болсон хамтлагууд болон сонгодог урлагийн сор болсон дуучдын хамтарсан “Pop Opera Live Concert” долдугаар сарын 13-ны өдрийн 19:00 цагт ДБЭТ-ын тайзнаа болно.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас Улаанбаатар хотыг “Зүүн хойд Азийн бизнес, соёл, санхүү, аялал жуулчлалын төв” болгох зорилтыг дэвшүүлэн дотоод, гадаадын иргэд, жуулчдад зориулсан олон талт арга хэмжээг зохион байгуулдаг. Энэхүү зорилтын хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг томоохон үйл ажиллагаануудын нэг нь “Best Of Classics” буюу сонгодог урлагийн тоглолт юм. Энэ жилийн хувьд тус тоглолтыг поп опера хэлбэрээр зохион байгуулж байгаа бөгөөд Нюанс, Увертюра, Консонанс хамтлагууд болон сонгодог урлагийн сор болсон дуучин МУГЖ Ө.Уянга, МУСТА Т.Энхбат, МУСТА Б.Батжаргал, МУСТА Э.Анхбаяр, Э.Адъяасүрэн, Г.Энхнаран нар оролцох юм.

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жил, Нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 380 жилийн ойд зориулан зохион байгуулж буй тус тоглолтыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан УДБЭТ, “Удиртгал хөгжим” ТББ, Анир студи, “D Lights” ХХК-тай хамтран зохион байгуулна.

Энд дашрамд дуулгахад, Монгол Улсын Засгийн газраас баталсан “Сонгодог урлаг III” үндэсний хөтөлбөрийн хүрээнд нутгийн өөрөө удирдах байгууллагаас санаачилга гаргаж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор “Best Of Classics” буюу сонгодог урлагийн тоглолтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж иржээ.

Categories
мэдээ нийгэм

Налайхын авто замын далангийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр /2019.07.04/ Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлын явцтай танилцаж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өглөө. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Нийт 20.9 км авто замын далангийн ажил одоогоор 60 хувьтай, шинэчлэл, өргөтгөлийн ажил 25 хувийн гүйцэтгэлтэй байна. 37 хоолой хийхээс 15 нь бэлэн болсон. Хоолойны ажлууд төлөвлөсөн графикийн дагуу явж байна. Ойрын үед бороо хур ихтэй уулархаг газар үер их бууж байгаа учраас ганц, хоёр өдөр хүлээх асуудал гарч байна. Цаашдаа бороо хур гайгүй байвал алдсан хугацаагаа нөхөөд хугацаандаа ажлаа дуусгах бүрэн боломжтой” гэж ярьсан юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Замын ажлыг төлөвлөсөн хугацаанд хурдан шуурхай, чанартай хийж гүйцэтгэх шаардлагатай. Ямар нэгэн шалтгаанаар ажил зогсох ёсгүй. Мөн аюулгүй байдлыг хангаж, ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажилла” гэдгийг онцолж хэлэв. Энэ зам нь хоёр эгнээ байсныг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилж байна. Замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилснээр алслагдсан дүүргийг нийслэлтэй холбох, Монгол Улсын төвийн бүсийн авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, зорчигч тээврийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг хангах зэрэг олон талын давуу тал бий болох юм.

Categories
мэдээ нийгэм

Цаасан сонины борлуулалт өмнөх оноос гурван хувиар өсчээ


Хэвлэлийн хүрээлэнгээс Монголын хэвлэл мэдээллийн салбарын статистик мэдээлэл бүхий “Монголын хэвлэл мэдээлэл – Өнөөдөр” 2019 оны тайланг хэвлэн нийтэлж, салбарын хөгжлийн чиг хандлагын талаар мэдээлэл хийлээ.

Судалгааны мэдээллээс харахад сүүлийн таван жилд уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо жил бүр буурч байсан бол 2018 онд өмнөх оноос 14-өөр өсчээ. Цаасан сонины борлуулалтын тоо өмнө жилээс 3 хувиар өссөн бол сэтгүүлийн тоо өссөн ч борлуулалт 7 орчим хувиар буурсан байна. Радиогийн долоо хоногийн нэвтрүүлгийн дундаж цаг хорин цагаар, телевизийнх хоёр цагаар тус тус багасчээ.

Мэдээллийн сайтын тоо өнгөрсөн жилтэй харьцуулахад 9-өөр нэмэгдэж 2019 оны эхний байдлаар 109 мэдээллийн сайт тогтмол ажиллаж байна. Уламжлалт мэдээллийн хэрэгсэл буюу сонин, сэтгүүл, радио, телевиз цахим аргаар агуулгаа цацах, сурталчлах, захиалга авах зэрэг нь эрчимжиж байна. Үүнд ялангуяа фэйсбүүк чухал үүрэг гүйцэтгэж байна. Тухайлбал уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслийн 50 гаруй хувь өөрийн албан ёсны фэйсбүүк хуудсыг ажиллуулж, мэдээллээ түгээн, сурталчилж, хэрэглэгчидтэй шууд харьцаж байна.

Хэвлэл мэдээллийн салбарт 4700 орчим хүн ажиллаж буйн тал хувийг сэтгүүлч, редактор эзэлж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллагсдын 50 гаруй хувь нь телевизийн салбарт ажиллаж байна. Орон нутагт сэтгүүл, сонин хоёрын тоо тус бүр нэгээр буурсан үзүүлэлттэй гарчээ. Орон нутгийн сонины борлуулалт нийт сонины борлуулалтын 9 хувийг эзэлж байсан бол энэ нь өнгөрсөн жилийнхээс 3,6 хувиар өсчээ.

Н.ЭНХЖИН

Categories
мэдээ нийгэм

Наадмын тасалбарыг 16-24 мянган төгрөгөөр худалдана

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын тасалбарыг нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний төвүүд буюу “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, “Оргил” гэсэн дөрвөн цэгээр худалдан борлуулна. Наадмын тасалбарыг долоодугаар сарын 8-9-ний өдрүүдэд борлуулна. Ард иргэдэд 6000 тасалбар худалдан борлуулах бол жуулчдад 3000 тасалбар олгоно. Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт болон үндэсний бөхийн барилдааны багц тасалбарын үнэ урьд жилүүдийнхтэй адил буюу 16 000, 24 000 гэсэн хоёр янз байх юм. Өнгөрсөн жил жуулчдад 2500 тасалбар худалдан борлуулсан бол өнөө жил 500-гаар нэмэгдүүлж, 3000 тасалбар борлуулахаар төлөвлөөд байна. Автомашины зөвшөөрлийг мөн адил долоодугаар сарын 8-9-нд нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний төвүүд буюу “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, “Оргил” гэсэн дөрвөн цэгээр худалдан борлуулах бөгөөд үнэ нь 10 000 төгрөг байна.