Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Тогтохсүрэн: Үндсэн хуульд лоббигоор ямар нэг зүйл, заалт орох боломжгүй

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнтэй ярилцлаа.


-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг Ерөнхийлөгч хойшлуулах санал гаргасныг МАН хүлээж авсан. Ерөнхийлөгч өөрийн санал санаачилгаа тусгасан уу?

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхдээ аль болох зөвшилцөл, ойлголцол, хамтын ажиллагааг чухалчилж байгаа. Үндсэн хууль бол өөрөө хэлэлцэж батлахад босго өндөртэй. Их хурлын гишүүдийн 3/4 нь заавал дэмжих ёстойгоос гадна улс төрийн намууд, иргэд дэмжсэн байх ёстой. Одоогийн байдлаар улс төрийн 13 нам Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг хугацаа, нөхцөл байдал нь бүрдсэн хэмээн дэмжсэн. Ард иргэдийн зүгээс ч өөрчлөлт хийх хэрэгтэй гэсэн санааг хэлж байгаа. Сүүлийн арав гаруй жил гурван парламент дамжин Үндсэн хуулийн өөрчлөлт яригдсан шүү дээ. Ерөнхийлөгч болон АН-ын зүгээс Үндсэн хуульд оруулж байгаа өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хойшлуулж өгөөч ээ. Бид тодорхой саналуудаа тусгамаар байна гэх санал тавьсан. Хоёрдугаар хэлэлцүүлэг дуусах юм бол гуравдугаар хэлэлцүүлгээр шинэ санал орох боломжгүй. Учир нь 2010 онд баталсан Үндсэн хуулийн журмын тухай хуульд байхгүй. Тиймээс хоёрдугаар хэлэлцүүлгээ дуусгалгүйгээр нэгдсэн чуулганаа хийхгүй байнгын хороодын хурлаа хийсэн. Ажлын дэд хэсгүүд хуралдаж байна. Төрийн байгуулалтын байнгын хороо ирэх долоо хоногоос үргэлжлүүлэн хуралдана. Ингээд долдугаар сарын 16 гэхэд ажил үндсэндээ цэгцэрнэ. Гэхдээ Ерөнхийлөгч болон АН-ынхан долдугаар сарын 16-наас саналаа өгнө гэсэн учраас харгалзан үзэж нэгдсэн чуулганы хоёрдугаар хэлэлцүүлгийг 16-20-ны хооронд явуулахаар төлөвлөөд хойшлуулчихаад байна.

-Одоогийн Үндсэн хуулийн өөрчлөлтөд нэн тэргүүнд 2000 онд оруулсан долоон өөрчлөлтийг засч оруулж байгаа?

-Дордуулсан гэх долоон өөрчлөлтийн таван өөрчлөлтийг нь авч байгаа. Хоёр өөрчлөлтийг авах боломжгүй байгаа. Нэгдэх өөрчлөлт нь УИХ-ын гишүүд саналаа нууцаар өгнө гэж байсан. Мэдээлэл технологи өндөр хөгжсөн энэ үед саналыг нууц болгох асуудал байж болохгүй гэж үзсэн. УИХ-ын гишүүн хүн хаана ямар асуудалд санал өгч байна гэдэг сонгогчдод нь ил тод байх ёстой.

Ямар ч асуудлаар гишүүний өгч байгаа саналыг сонгогчид нь мэдэж байх ёстой. Энэ агуулгаар хандаж саналыг хаалттай байж болохгүй гэж үзсэн. Хоёр дахь нь чуулганы нэгдсэн хуралдааныг Их хурлын гишүүдийн дийлэнх 2/3 буюу 51 гишүүнээс дээш гишүүнтэйгээр хуралдахаар болж байгаа. Өнөөдөр бол нэг нам 64 суудалтай үед болчихно. Гэхдээ цаашдаа олон намаас парламент бүрдэхээр нэг нам 45-аас доош суудал авсан үед парлемант заавал зөвшилцлөөр явна. Энэ нь 1996-2000 оны хооронд шалгагдсан зүйл. Тиймээс энэ хоёрыг сэргээж чадаагүй. Бусдыг нь засч, сайжруулж оруулж өгч байгаа.

-Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хойшлуулснаар дундуур нь лобби орчих юм биш байгаа гэсэн болгоомжлол байна л даа?

-Үндсэн хуульд лоббигоор ямар нэг зүйл орох тун хүнд, боломжгүй зүйл. Нэгдүгээрт, Үндсэн хуулиар дэмжлэг авах заалт заавал 57 гишүүнээр дэмжигдэнэ. 57 гишүүнийг лоббидоно гэдэг хэцүү асуудал шүү дээ. Хоёрдугаарт, 2010 онд батлагдсан Үндсэн хуулийн журмын тухай хуулиар хууль хэлэлцдэг дэг журамтай. Энэ дэг журмаар явна. Эхлээд заавал ажлын хэсгээр хэлэлцэж, дараа нь ТББХ-оор хэлэлцэн, нэгдсэн чуулганаар хэлэлцэн эцэслэнэ. Тиймээс дундуур нь лобби амархан давхиад орчихно гэхэд тун хэцүү.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн эхийг бэлтгэхдээ ажлын хэсэг энэ бүгдээс гажихааргүй байна гэж гарын үсэг зурсан юм билээ. Гэтэл одоо дундуур нь олон өөрчлөлт орж байна гэх шүүмжлэл байна. Энэ тухайд?

-Засч, сайжруулж байгаа зүйл олон бий. Дагаж мөрдөх журмын тухай хуультайгаа нийлээд 60 орчим зүйл заалт байна. Энэнээс 20 орчим зүйл заалтын үг, үсэг, найруулгын тал дээр засч оруулах нь зүйтэй гэж ажлын хэсэг үзсэн. Үндсэн хуульд шинээр оруулж ирж байгаа зүйл байхгүй. Хөндөгдөөгүй заалтыг хөндөнө гэсэн ойлголт байхгүй. Одоо хөндөгдсөн 55 заалтынхаа хүрээнд нэмж, сайжруулж болно. Тухайлбал, 6.2 дахь хэсэгт байгалийн баялгийг ашиглахдаа тэгш шударга үндэсний аюулгүй байдлыг хангах зарчим баримтална гэдгийг дэлгэрүүлж байгаа. Ямар баялаг байх вэ, иргэн бүрт хэрхэн хүртээмжтэй байх, байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалсан байх зэрэг бүхий л зүйлийг нь тодорхой зааж өгч байна. Байгалийн баялгаас тодорхой хэмжээний хуримтлал бий болгохыг тодорхой болгож өгч байна. Энэ мэтчилэнгээр сайжруулаад явж байгаа 20 орчим заалт бий.

-Сөрөг хүчний зүгээс иргэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар хангалттай мэдээлэлгүй байна гэсэн?

-Үндсэн хуулийн анхны хэлэлцүүлэг хийсний дараа бүх гишүүд орон нутагт, тойрогтоо ажиллалаа. Ажиллах явцад иргэдийн нэг хэсэг нь мэдээлэл сайтай байна. Ялангуяа Үндсэн хууль баталсан, төр захиргааны байгууллагад ажилладаг, хууль шүүхийн байгууллагад ажилладаг, аймаг сумдын иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажилладаг хүмүүс сайн мэдээлэлтэй байна. Цаашид иргэдэд мэдээллийг хүртээмжтэй хүргэх зайлшгүй шаардлага бий. Хоёрдугаар хэлэлцүүлэг долдугаар сарын сүүлээр дуусахаар Их хурал шийдвэрээ гаргана. Гуравдугаар хэлэлцүүлэг рүү орохоор болбол дахиад 10 хоног тойргууддаа ажиллана. Ард нийтийн санал асуулга явуулахаар тогтвол хоёр сар үргэлжилнэ. Ингэхээр иргэдэд мэдээлэл өгөх хугацаа хангалттай байгаа.

-Иргэд Үндсэн хуульд ямар санал санаачилгыг тусгах нь зүйтэй гэж үзэж байна вэ?

-Хэд хэдэн чухал санал гаргасныг бүлгийн хурал дээр хэлэлцэн зарчмын хувьд дэмжсэн. Нэгдүгээрт, иргэдийн зүгээс хариуцлагыг сайжруулах талаас ярьж байна. Тиймээс УИХ-ын гишүүнийг эргүүлэн татдаг болох саналыг түлхүү хэлж байсан. Бид бүлгийн хурлаараа хэлэлцээд 39 дүгээр зүйлд Их хурлын гишүүнийг эргүүлэн татдаг болох заалт оруулж өгсөн. Эргүүлэн татах нөхцөл бүрдсэн, үндэслэлтэй гэж Үндсэн хуулийн Цэц үзсэн тохиолдолд эргүүлэн татна гэж оруулсан. Энэ өөрийнх нь органик хуулиар зохицуулагдана. Харин гэмт хэрэгт холбогдсон бол эрүүгийн хуулиараа явна. Мөн иргэдээс сонгуулийн тогтолцоотой холбоотой зүйлийг ярьж байна. Сонгуулийг тогтолцоо гэдэг үг орсноор цаашдаа пропорцианаль тогтолцоо болоод холимог тогтолцоо руу орох нь.

Ингэснээр сонгогч гишүүнийг бус нам сонгодог болох нь гэж шүүмжлэлтэй хандаж байсан. Намын бүлэг ярилцаж байгаад сонгуулийн тогтолцоо гэдэг үгийг авах хэрэгтэй юм байна гэж үзсэн. Одоо Үндсэн хуульд байгаа шууд сонгоно гэдэг зарчмыг баримтлах ёстой гэх агуулгаар үндсэндээ мажоритор тогтолцоо дээрээ тогтсон. Ингэхээр сонгогч зөвхөн гишүүнийг сонгоно.

-Гишүүд зарчмын ямар саналууд гаргаж байна вэ?

-Гишүүдийн зүгээс олон санал гаргасан. Давхар дээлтэй холбоотой асуудлыг гишүүдийн зарим хэсэг нь дөрвөн гишүүнээр хязгаарлая гэж байгаа. Зарим нь Ерөнхий сайдаас бусдыг нь больё гэж байгаа. Аль болохоор бид ажлын хэсгийн санал руу ярьж байна. Долоон байнгын хороо хуралдаж 68 зарчмын зөрүүтэй санал гарсан. Энэ саналыг дэд хэсэг дээр нэгтгэх, томьёоллыг цэгцлэх, гишүүдтэй нь уулзаж ойлголтуудаа нэгтгэх чиглэл рүү ажиллаж байна.

Categories
мэдээ цаг-үе

“Хүүхдүүд түүнийг сонгодог”

\ШҮҮМЖ\

“Шарга даага” дэлхий тамгалах цагаар О.Сундуй бид хоёр уран бүтээлээрээ танилцав. Түүний зохиолоор бүтээсэн энэ кино хэдийнэ хилийн чанадад танигдаж хэд хэдэн олон улсын наадамд улсаа төлөөлж Монголоо таниулаад авлаа. Тэр цагаас түүний номуудыг уншаад бүтээлийнх нь нууцад нэвтрэхийг зорьсон юм. Учир нь бид нэлээд хэдэн уулзалтад хамт явсан. О.Сундуйн шүлгүүдийг хүүхдүүд “биднийх” хэмээн өмчирхөж зохиолч нь шүлгээ уншихад танхимаараа, сургуулиараа дагаж уншаад байдаг юм билээ. Хүүрнэл зохиолыг нь хүртэл уран уншаад хөгжилдөөд, инээлдээд байх юм. Дөрөө харшуулж яваа нөхдийнхөө тухай цагт нь дуугаръя хэмээн түүний “ШҮЛЭГЧ ХҮҮХДҮҮД” гэсэн номыг сонгон барьж авлаа.Уншиж эхлэнгүүт бөөн хүүхдийн шуугиан дунд орсон дадлагын багш лугаа болоод явчихав. Шаагьсан олон хүүхдийн яриа хөөрөө чихэнд минь сонстож, зүрх сэтгэлд минь санаа бодлоо шивнэнэ. Чухам тэр зохиолч О.Сундуй гэж хэн ч юм, хаа ч байгаа юм бэ, бүү мэд. Ингэж О.Сундуй бяцхан баатруудынхаа дунд намайг төөрсөн янзага шиг хаячихаад “бултчихдаг” байгаа. Ийнхүү би хүүхдийн сэтгэлийн ертөнцөөр аялж, зөвхөн тэдний “хөөр баяр”, “хүсэл мөрөөдөл”, “хайр энэрэл”, “багачуудын өхөөрдөл”-ийг мэдэрч, “найз нөхөд”-ийн “наргиатай явдал”, “нандин дурсамж” -ийг сонсож, “уран сэтгэмж” -ээр амьсгалж “ухаарал бодрол”-д умбаж байнам. Дээрх хашилтанд хийсэн холбоо үгнүүд бол зохиолчоос номынхоо агуулгыг багцалсан томьёолол. Тэгэхлээр энэ номын хөндсөн асуудал ердөө л энэ. Өөрөөр хэлбэл хүүхдүүдийн эргэцүүлэл, романтик бодол, тэдний адал явдал, алиа хошигнол.

Хүүхдийн шүлэг үйл явдлаар сүлэлдэн тэдний сонирхлыг татаж уран сэтгэмжийн ертөнц рүү дагуулдаг. Энэ чанар О.Сундуйн шүлгээс тод харагдана. Хүүхдийн зохиолч О.Сундуйн уран бүтээлийн параметр энэ байна.

НЭГЭН ЗҮЙЛ

Шүлэг яруу найрагт уран санаа гэж нэг юм байдаг. Хүнээр бол тэр нь сүнс нь юм. Сүнсгүй хүн гэвэл үхдэл болно. Сүнсгүй шүлэг гэвэл юу болох вэ? Толгой холбосон хэдэн өгүүлбэр л болно биз дээ. Яагаад? Уран санаагүй учраас.

Маш олон хүн, тэр тусмаа хүүхдийн зохиолчид уран саналга, сэтгэмжгүй зүгээр л нэг үйл явдал бичсээр л байна. Ялангуяа шинэ залуу бичигчид. Харин О.Сундуй үйл явдлыг уран сэтгэмжтэй холбож чадсан байна. Өөрөөр хэлбэл их л хүүхдэд ойр мөртлөө ухаанд буумгүй торгон санааг олж яруу болгожээ. “Зуны нар мөхөөлдсөнд дуртай”” шүлэгт:

“Амттайхан мөхөөлдсийг минь

Алтан нар долоочихлоо.

Харсаар байтал хайлуулаад

Хамтдаа бид идчихлээ “ гэсэн бол

“Аварга том нуур үүснэ дээ” шүлэгтээ:

Урсах мөрөн шиг шаагьсан ус

Уулсын хормойд шингэсэн байна

Уул талыг аварга хүчтэн

Угаасан цамц шиг мушгиж орхивол

Арвин их ус гоожиж

Аварга том нуур үүснэ дээ” / тус номын 8 дугаар хуудас/ гэж урнаар хийсвэрлэн сэтгэсэн бол, “дүүгийн алга жаахан учраас жижигхэн алим тавьсан ч жигтэйхэн том харагдана”, “аавын том гараар чихэр тосвол ай даа мөн сайхан” гэх мэтээр бидний өдөр тутмын амьдралд харагдаад байдаг энгийн зүйлээс хэний ч санаагүй санааг гаргаад ирж байна. Энэ бол ихээхэн эрэл хайлтын үр дүн, сэтгэлгээний үр жимс гэдгийг тэр болгон мэдэхгүй биз ээ. Насаараа шүлэглэчихээд найман мөр шинэ санаа олоогүй найрагчид байдгийг нуух юун. О.Сундуйн урлах эрдмийн гол нууц энэ. Харин хоёр дахь нууц нь: Нэг санааг лавшруулан сэтгэж нөгөө санааг гаргах. Энэ нь нэг шүлгэнд хоёр санаа оруулаад байгаа юм биш. Өмнөх санаагаа удаах санаагаар улам эрчимжүүлж өгдөг тал байна.

“Сүүдэр нь ч халуун

Зуны нар

Сүүтэй мөхөөлдсөнд

Дуртай юм даа” гэж утгын туйл /кульминаци/ хийсэн бол бүр цааш нь лавшруулж, ”сэрүү татаад сайхан байгаа даа” гэж уянгын гажилт /лирическое отступление/ хийсэн байна.

“Цонхон дээр

Зургаа үлдээгээд

Цасан охин

Үүрээр буцлаа” гэж “ Цасан охин хэзээ ирдэг вэ?” /тус номын 11 дүгээр хуудас/ шүлгийг төгсгөж болох л байсан. Гэтэл цааш нь үргэлжлүүлээд,

“Сэмхэн түүнийг

Харчихъя гэтэл

Сэрж чадалгүй

Өглөө болгочихлоо” гэж сэтгэхүйн хууралт хийж санаагаа гүнзгийрүүлсэн байна. Тус номон дахь хоёр дахь олз нь энэ. “Бэлэг”,””Хаантан болно”, “Нуугдлаа шүү” “Муурын зулзага” зэрэг олон шүлгэнд энэ урлах арга ажиглагдана.

НЭГЭН ЗҮЙЛ

Аливаа зохиол бүтээлийн эн тэргүүний зорилго нь уншигчдын оюун санаанд нөлөөлж ямар нэгэн сэдэл / мотиваци/ төрүүлэхэд байдаг. О.Сундуй энгийн зүйл, ерийн амьдралаас уран санааг ургуулан гаргаж хүүхдүүдэд ухаарал хайрладаг уран бүтээлч юм. Үйл явдлаар дамжуулан заавал нэг сургамж хэлэх гээд байдаг нь ажиглагдана. “Хамгийн эртэч нь ээж” шүлэгтээ: Хамаг ажлаа цэгцлээд хамгийн сүүлд унтаж, хамгийн эрт босдог гэдгийг хүүхдүүдэд сануулж, ”хийж чадах бүхнээрээ ээжийгээ баярлуулж, чанга тэврэн магтуулмаар байна” гэж чин хүслээ тунхаглаж, “ямар гоё амттай зайрмаг вэ энэ чинь яг ингэж бодтол ээжид алга” гэж ухааруулан мэдрүүлж, хоолоо булаалдах бор шувуудын тухай “Бусдын өгсөн хишгийг

Булаалдахгүй идэж сур гээд

Цонхон дээр биччихвэл

Зодолдохоо тэд болих бол уу” гэж дүрсгүйтэн бодож, романтикаар мөрөөдөх мэтээр шүлэг бүрт заавал нэг сургамж ухаарал дайх жишээтэй.

Хүүхдийн шүлэг тэдний дотоод ертөнцөд оршдог сэтгэл хөдлөлөөр дүүрэн байдгийг энэ номоос харж болно. Ингэхдээ уран яруу дүрслэлийн аргуудыг чадамгай хэрэглэжээ.

НЭГЭН ЗҮЙЛ

О.Сундуйн уран бүтээлийн тайзыг эзэгнэсэн нэг гол баатар байдаг. Тэр баатар маань ерөнхийдөө нэргүй. Тэгсэн мөртлөө амьд, хөдөлгөөнтэй, сахилгагүй, элдэв юмыг санаандаа зохион найз нөхдөө даажигнан цаашлуулж явдаг. Тэр гол баатар маань зарим үед олон янзын дүрд хувирна.

“Атгаалжин хар мангасыг

Арван хөлтэй ганцхан толгойтой зурна

Оюун ухаангүй мангаст

Олон толгой хэрэггүй гэнэ” Бас хөлөөрөө биш толгойгоороо явцгаая, тэгвэл гутал урагдахгүй гэнэ. Энэ санаачилгатай хүүхэд бол Дэлдэй.

“Догшин лууг чихдэж мордоод

Долоон өдөр ниссэн,

Олон лууг тэнгэрт бэлчээгээд

Од түгтэл хариулсан жаал бол Лувсан, аймаар том нохой архирч дайрахад нь арвын хувинтай усаа ам руу нь хийчихсэн самбаатай эр бол Боролдой, үхэр шиг том хулгана үүдээр гараад зугтахыг харсан Ганаа, заан шиг том муур залгихаар араас нь хөөлөө гэж залгуулж зохиосон нь Зандраа. Хүүхдүүд иймэрхүү юм ярьдаг, дэгс нь дэгс боловч хүүхдүүдийн сэтгэлд ургасан уран сайхны дүрслэл юм.

Ийм баатрууд О.Сундуйн зохиолд бий. Үүнд хүүхдүүд дуртай бөгөөд хил хязгаарт нь тултал томруулан сэтгэлийнхээ баатрыг босгодог. Энэ дүрүүдийг нэгтгэн үзвэл уран сэтгэмжээр бүтсэн нэгэн цогц ойлголт болох бөгөөд их энгүүн, бүр таньдаг хүүхэд шиг, магадгүй уншигч жаалууд өөрсдөө ч юм шиг тийм дотно баатрууд байдаг юм.

О.Сундуйн зөн мөрөөдлийн шүлгүүд нь бодит ертөнцийг харуулахыг оролдох бус харин үнэнд ойрхон хийсвэр сэтгэлгээний ертөнцийг бүтээхэд оршдог болов уу гэж бодогдоно. Хийсвэрлэл уран сэтгэмжийг хослуулах нь уншигчдыг өөртөө татах зохиолчийн нэг арга болдог аж.

Ямар нэгэн мэдээлэл технологийн хамааралгүйгээр хүүхдийн сэтгэлийг хөдөлгөх сэдэв, дүрслэлийн аргыг О.Сундуй нээн олдог.

“Болжмор болжмор

Ирлээ, ирлээ.

Бургасны мөчирт

Буулаа,буулаа.

Туяхан мөчрүүд

Дээшээ доошоо

Дуучин шувууд

Дүүжин даажин.” / Номын 24 дүгээр хуудас /. Энэ шүлгийг уншихад болжморууд цацсан будаа шиг үсэрч буугаад байх шиг хөнгөхөн хэмнэл сонсогдоно. Үүнийг уншсан хүүхэд сэтгэл нь хөдөлж модны мөчирт шувуу сууж уу, үгүй юу гээд гараад гүйнэ. Эсвэл өөрөө ч бас дүүжин даажин тогломоор санагдана биз. Манай зохиолчдын “Дүүжин даажин” гэсэн нэлээд шүлэг бий дэг. Энэ шүлэгт бор шувуу, мөчир хоёроор дүүжин даажин хийчихдэг, сонин л зохиомж юм. Тус номонд орсон ”Баавгай найзын баяр”, “Ганган зараа”, “Аав хүү хоёр”, “Шударга чих” “Дөрвөн сарын нэгэн” зэрэг олон шүлгүүд өнөөгийн хүүхдийн оюуны цангааг тайлах, хэрэгцээг хангах нийгмийн захиалгат бүтээл болж чаджээ.

Зарим найрагчид шүлгээ бага зайд хээ хуар шиг нягт урладаг бол О.Сундуй найрагч орон зайгаа тэлж задгайруулан дүрсэлдэг нь уншигчдаа өөрийн шүлгийн орон зайд чөлөөтэй байлгаж уртаар санаа алдах мэт мэдрэмж цацдаг аж.

НЭГЭН ЗҮЙЛ:

Орчин үеийн уншигчид электроник цахим технологийн ачаар 20, 30 жилийн өмнөх үеийн уншигчдаас илүү ихийг мэддэг болсон. Тэдний анхаарал сонирхлыг татах шүлэг зохиол бичих түвэгтэй ажил гэдэг нь ойлгомжтой. Энд л зохиолчийн ажигламтгай байдал, гярхай шинж, уншигчдын хэрэгцээг мэдрэх чадвар чухал байдаг юм байна.

Зохиолч О. Сундуйн шинэ ном хүүхдийн амьдралын хөгжилтэй түүхүүдийг уншигчдад дэлгэж, сонирхолтой үйл явдлаар дүүрэн шүлгийн баатруудтай уулзах боломж олгож, уншигчдыг уран сэтгэмжийн гайхамшигтай ертөнцөд хөтлөн аваачиж байна. Энд түүний “Алтан нарыг бялуу шиг хуваавал”, “Луу унасан Лувсан”, “Наргиантай зүйрлэл”, “Аймаар том нохой”, Хорвоо дэлхийг хувиргаж чадна” зэрэг шүлгүүд хамаарна.

“Ягаан шилээр чи хар даа

Яг л үлгэрийн орон шиг байна уу?

Байшин бүхэн ягаан

Барьсан шүхрүүд ягаан . .

Улаан шилээр хар даа

Уйтгартай атлаа нууцлаг байна уу?

Тэртээх үүлс улаан

Тэнгэр бас улаан . .” “Хорвоо дэлхийг хувиргаж чадна” /тус номын 63 дугаар хуудас/ шүлэгт: Өнгийн шилээр тоглож байгаа хүүхийн яриа боловч түүний бодол санаа юмс үзэгдлийг танин мэдэж буй ухаарал нэвт шингэсэн байна. Зохиолын баатар маань үлгэрийн орныг ягаан байдаг гэж боддог байх нь. Нээрэн үлгэрийн орон гэж байдаг бол ягаан ч байж болох юм шүү. Надад тийм зөн совин татаж байна. Ингэж л хүүхдүүд, томчуудын бодоогүй юмыг боддог улс даа. Улаан өнгийг уйтгартай гэж үзсэн байна. Тийм ээ улаан өнгө хүнд өнгө, тийм хүнд юмны ард нууц байдаг юм.

НЭГЭН ЗҮЙЛ

Түүний шүлгүүдийн өөр нэгэн сүнслэг чанар нь хошигнол, хошигнолоор дамжуулсан ухаарал юм. “Залхуугийн мөрөөдөл” / номын 44 дүгээр хуудас / шүлэгт:

“ . . . Хичээл тараад тоглох сайхан

Хэдэн цаг дураараа сайхан

Гэртээ ороод амрах сайхан

Гэдсээ подойтол илэх сайхан

Зурагтаа асаагаад үзэх сайхан

Зугаатай тоглоом интернэт сайхан” гээд цааш нь

Оройн хоолоо хамтдаа иднэ

Одод түгж шөнө болно

Номоо дэлгэтэл нойр хүрнэ

Нойрмоглож суутал унтах болно . . . ” гэж хошигножээ. Ёгтлол, егөөдлийн аргаар хэлсэн үг хүүхдийг юм бодуулж ухаарал төрүүлдэг. Тэр санаа нь “Хэрвээ өдрийг сунгаж орхивол хиймээр л байна даа, бүх даалгавараа” гэсэн мөрөнд шингэжээ.Тийнхүү багачуудыг егөөдөж, бяцхан шоглоод авсан “Дөрөвдүгээр сарын 1”, Сурлагын дэвтэр” гээд олон шүлэг байна.

НЭГЭН ЗҮЙЛ

О.Сундуйн эзэмшилд байгаа “атар” бол томоохон туульсийн зохиол байж болмоор. Учир юун гэвээс түүний “Тохомын чинээ газар”, “Хонгор унага” ,“Толь”, “Тавын А –ийн Дондог” гэсэн шүлгүүдийг бэсрэг найраглалд хамааруулж үзвэл зохистой. Бэсрэг найраглалууд нь язгуур монгол санаатай, сургамжтай, шүлгийн дотоод хэмнэл, өрнөл, тайлал их цэгцтэй болсон байна. Судлаач Ж.Мэндээ уг номын талаар бичсэн үгүүлэлд “Сундуй бол хүүхдийн ертөнцөд бүтээл туурвилаараа амьдарч буй уран бүтээлч” гэсэн үг хэлээд түүний зохиол зөвхөн хүүхдэд, бүр бага насны хүүхдэд зориулагдсан гэх мессэжийг уншигчдад өгөөд байна. Тиймээ, О.Сундуйн шүлгүүдийг тэгж хэлж болно. Гэхдээ О.Сундуйн хүүхдийн гэх шүлгүүд нь хүүхэд үүхэдгүй уншмаар бүтээл зонхилох юм.

“Сайн сайхан бүхнийг бусдаас аваад

Саруул орчлонд түгээнэ гэдэг

Эрдэмтэй атлаа харамлаж суудаг

Энгүй ухаантнаас хавьгүй илүү” эдгээр үгс аравтай байтугай наятай өвгөнд ч сургаал биш үү.

“Нутгаа санасан шувуу бүхний

Нулимс гэмээр яргуй дэлгэрлээ” ямар уран дүрслэл, ямар яруу уянга вэ?

“Онож төрсөн энэ л нутгаа

Орхиж ширгээгүй Нүдэн булаг

Гантай зуны халуунд ч

Газарт шургаагүй өгөөмөр булаг” гэж онож төрсөн нутаг гэдэг шигээ яасан онож хэлсэн үг вэ. Эдгээр шүлгүүдэд хүүхдийн, том хүний гэсэн хана босгох шалтгаан алга. Гэхдээ л Оюунбадамын Сундуй бол олон бяцхан уншигчдаа орхиж яваагүй, тэдэнд зүрх сэтгэлээ зориулсан хүүхдийн зохиолч, зуугийн талыг насалсан ч зууртаа ширгээгүй билэг авьяас юм. Энэ авьяас төрмөл юм гэдгийг түүний “төрүүлсөн” ном бүхэн нотлох ажгуу.

О.Сундуйн “Шүлэгч хүүхдүүд” номонд уур уцаар, бухимдал, гуниглал ер алга. Харин хөгжилтэй, санаачилгатай, амьдралын баяр хөөр бялхсан дэврүүн дүрүүд гарч байгаа нь өнөөгийн нийгмийн хямрал, бухимдалтай энэ бараан өдрүүдэд хүүхдийн хүмүүжил төлөвшилд эерэг сайн нөлөө болохуйц бүтээл болжээ.

Эцэст нь дүгнэн хэлэхэд зохиолч О.Сундуй амьдралыг гаднаас нь тоочин, хүүрнэн дүрслэх хэв шинжийг огоорч хүүхдийн дотоод сэрэл мэдрэмж, зөн совин дээр тулгуурлан бодит ахуйгаас алсалж уран сэтгэмжийн ертөнц рүү уншигчдаа дагуулж байгаа нь ОЛОЛТ, НЭЭЛТ, ҮР ЖИМС бөгөөд хүүхдүүд О.Сундуйг сонгон унших шалтгаан буюу.

Л.САМБУУ \МЗЭ-ийн шагналт зохиолч\

Categories
мэдээ цаг-үе

Лионель Месси: Дэлхийн цом гэдэг чинь бүх хөлбөмбөгчдийн дээд мөрөөдөл юм

Амнаас нь хоёр өгүүлбэр ховорхон “унадаг” Лионель Месси Аргентины Tyс Sports хэмээх спортын сувагт дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Түүний ярилцлагыг товчлон хүргэе.


Энэ жилийг овоо гайгүй ядарч өнгөрөөлөө. Бие хаа уг нь зүгээр л дээ. Харин сэтгэл зүйн хувьд уналтад орчихож. Ялангуяа улирлын сүүлчийн хэдэн долоо хоног буюу Аваргуудын лигээс хасагдсаны дараа байхгүй ээ. Урьд өмнөхөө бодвол энэ жил харьцангуй бага хугацааг талбайд өнгөрүүлсэн тул Америкийн цомд тоглох чадвартай болчихлоо.

АМЕРИКИЙН ЦОМД ХЭР ЗЭРЭГ АМЖИЛТ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

Бүх том тэмцээний өмнө ямар сэтгэл зүйн бэлтгэлтэй байх ёстой вэ, тийм л хэмжээнд байна. Аргентины шигшээ баг их залуужсан. Тэдний хувьд уг тэмцээн анхных нь том тулаан. Харин бид урьд өмнөх шигээ лидер биш гэдгээ мэднэ.

АХЛАГЧИЙН ТУУЗЫН ТАЛААР

Анх тэр туузыг аваад(ДАШТ-2010) юу ярих ёстойгоо мэдэхгүй хэсэг алмайрсан. Хувцас солих өрөөнд болсон үйл явдал л даа. Хоорондоо холбоос үгүй дэмий балай үг хэлээд л. Одоо овоо хугацаа өнгөрчихөөд байхад л би бага ярьдаг хэвээрээ. Мэдээж сайхан сэтгэл сэргээсэн илтгэл том тэмцээний өмнө залууст хэрэгтэй л дээ. Гэхдээ бүгд үүрэг даалгавраа ойлгочихсон байхад илүү зүйл би нуршаад яах ч билээ, тийм ээ.

АРАВ ГЭСЭН ДУГААРТАЙ ЦАМЦ

Арав дугаарыг өмсөж яваа хүмүүс нь онцгой болгодог юм. Түүнийг Марадона, Роналдиньо чимж явлаа. Хэрвээ Агуэро түүнийг авна гэвэл яах уу гэж үү. Тэгвэл би түүнд хүн бүрт өөрийн номер бий гэж хариулна.

ГЕРМАНЫ ШИГШЭЭ БАГТ “ДАШТ-2014”-ИЙН ФИНАЛЬД ЯЛАГДСАНЫ ДАРАА

Дэлхийн цом гэдэг чинь бүх хөлбөмбөгчдийн дээд мөрөөдөл юм. Тэр жил туйлын мөрөөдлөө биелүүлэхэд сөөм дутсан шүү. Ямар сайхан баг манайд байсан гээч. Бөөн шижигнэсэн авьяаслаг залуучууд яг оргил үедээ ирчихсэн байлаа, тэр үеийн Аргентины шигшээ баг. Зай үлдээхгүй, гоол алдахгүй гэдэг суурь зарчимтай байсан. Довтолгооны талаар ярих ч юм биш. Хэн нь ч хэзээ гоол оруулах боломжийг ганцаараа босгох боломжтой гээд л. Тэгтэл Кун гэмтчихсэн. Тэгээд схемээ өөрчлөх шаардлага гараад. Мөнгөн медаль зүүгээд “Алтан дагина” цомын хажуугаар хүрч чадахгүй алхах шиг аймшиг байхгүй юм билээ.

ПЕПБОЛ ХҮНИЙ ДЭЭД ХҮН. ТҮҮНИЙ АЧААР КОБИ, ФЕДЕРЕРТЭЙ ЗУРГААТАТУУЛСАН

2008 онд Барса намайг Бээжингийн олимпод явуулахгүй гээд. Хүн бүхэн олимп гэдэг гайхамшиг гээд ярьдаг байсан тул би тун их очмоор байсан юм. Харин Пеп Барсагийн удирдлагатай баахан ярилцаж байж гэмээнэ намайг дагаад тусгай элч явна, тэр хүн нь миний биеийн байдлыг тогтмол хянаж эгзэгтэй үед талбайд гаргахгүй гэсэн заалттайгаар суллаж байлаа шүү дээ. Өө тэнд бол гайхамшигтай байсан. Дэлхийн шилдгүүд цугларчихсан. Макдональдст сууж байгаад Коби, Федерер, Надаль нартай зургаа татуулж байна гэхээр гайхамшиг байгаа биз. Итгэхийн аргагүй.

ДУНД ХҮҮ МААНЬ ЗААВАЛ БАРСАГИЙН ЭСРЭГ БАЛИШИГЛАДАГ

Маттео дандаа Барсагийн эсрэг хашгирна гээч. Сая Ливерпүүлд хожигдоход улаануудын галзуу фэн болчихсон. Тээр жил Валенси биднийг хожиход бас тэднийг дэмжээд уур хүргээд байсан. Тэр бүү хэл Реал гоол оруулахад баярлаад байгаа юм даа. Түүнээс болоод нэг хэсэг Мессигийн хүү Реалыг дэмждэг гээд бичээд байгаагүй юу. Угтаа намайг л цаашлуулж байгаа нь тэр. Харин том хүү их чимээгүй.

АЛСЫН ЦОХИЛТ

Анх хаалттай цохилтыг яаж амжилттай гүйцэтгэх вэ гэдгийг Альфио Басиле зааж сургасан юм. Цохих үедээ хөлөө сулла гээд л. Рикельмег сайн хар, төв рүүгээ хэтэрхий хүчтэй цохиод байна гэх мэтчилэн чухал зүйлс олныг заасан даа.

ТАЛБАЙГААС АНХ ХӨӨГДСӨН ТАЛААР

Тэр бол 2005 онд болсон үйл явдал. Унгарын шигшээ багийн эсрэг тоглох гээд талбайд гараад 47 секундын дараа улаан хуудас аваад хөөгдөж байлаа.

Бэлтгэсэн

Д.БАТ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Б.Батцэцэг: Арьс цайх өвчнийг дэлхий нийтэд хүний хөдөлмөрлөх явцад нөлөөлдөггүй гэж үздэг


Арьс цайх өвчний эсрэг дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ талаар Арьсны өвчин судлалын үндэсний төвийн эмчилгээ эрхэлсэн захирал Б.Батцэцэгтэй ярилцлаа.


-Арьс цайрах өвчин үүсэх шалтгаан юу вэ?

-Арьсанд милланин будагч бодис үүсгэгч эсийг ямар нэгэн эсрэг бие устгаснаар үүсдэг дархлааны эмгэг юм. Дэлхий нийтэд 1-2 хувь нь өвчилпөг. Өвчилсөн гурван хүн тутмын нэг нь удамшлын гаралтай байдаг бол түүнтэй төстэй шинжийн архаг цусны дутагдал гэх мэт өөр нэгэн дархлалын эмгэгээс үүдэн бий болдгийг тогтоогоод байна. 2017-2018 онд АӨСҮТ-өөр 900 хүн эмчлүүлсэн.

-Илрэх шинж тэмдэг нь юу вэ?

-Арьсны өнгө цагаан болж өөрчлөгдөх нь хэдэн сар, жилийн туршид бага багаар илэрнэ. Цагаан өнгийн толбонууд биеийн аль ч хэсэгт гарч болдог бөгөөд ихэвчлэн нүүр гарт гардаг. Зарим нэг тохиолдолд үсний уутанцрын өнгөнд нөлөө үзүүлж тухайн хэсгээс цагаан үс ургах тохиолдол гарна. Арьс цайрах эмгэг туссан зарим өвчтөнүүдийн бүх бие цайрах тохиолдол ч их байдаг.

-Ямар эмчилгээ хийх вэ?

-Өвчний үе шат, шалтгаанаас болж эмчилгээ өөр өөр байдаг. Уг өвчнийг Аутоплазма буюу тухайн өвчтөний цусыг авч өөрт нь буцаан тарих эмчилгээг гурван сарын турш хийлгэхээс гадна шарлагын курс эмчилгээ хийлгэхэд эдгэрнэ. Биеийн аль ч хэсэгт гарч болно. Сүүлийн хоёр жилд бид лазер эмчилгээгээр эмчилдэг болсон. Удахгүй мэс засал хийх эмчилгээ хийх зорилготойгоор эмч мэргэжилтнүүдээ бэлтгэж байна.

-Арьс цайх өвчний эмчилгээ хэр удаан үргэлжилж үр дүн нь гардаг вэ?

-Хүн бүрийн арьсны онцлогоос их шалтгаалдаг. Зөвхөн нүүрний нэгээхэн хэсэгт арьс нь цайсан бол эмчилгээ хугацаа богино байна. Биеийн 95 хүртэлх хувь, 70-80 хувь нь цайралттай бол удаан хугацааны, 4-6 сарын эмчилгээ шаардагддаг. Харамсалтай нь олонх хүний биеийн ихэнх хэсэг, 70-80 хувь нь цайралттай байх юм.

-Манайхан арьс цайх өвчнийг тоодоггүй, анзаардаггүй болов уу. Арьс хуурайшин цахлайтахтай андуураад байх шиг санагддаг?

-Арьс цайх өвчин ганцхан өдрийн дотор үүсчихдэггүй. Эхлэхдээ хэд хэдэн янзаар илэрч болно. Ихэнхдээ тэр хэсгийн арьс ягаарч эсвэл улайж тэр хэсэгтээ загатнаж эхэлдэг. Хүмүүс заримдаа арьсаа цайж байгааг ч анзаардаггүй. Арьс хуурайшиж цахлайтах ихэвчлэн хүүхдэд тохиолддог. Цахлай хэсэг газартаа цайж эхлэхээс гадна арьс нь хуурайшсан бага зэргийн хайрстай байдаг. Харин арьс цайх өвчин эхлэхдээ цахлай шиг хуурайшдаггүй. Хэрвээ хүүхдэд тань ямар нэгэн тууралт гарч эхэлсэн л бол яаралтай эмчид хандан үзүүлэх хэрэгтэй.

-Арьс цайх өвчнөөр өвчилсөн бол юуг анхаарах ёстой вэ?

-Арьс цайх өвчтэй хүмүүс, ялангуяа хүүхдүүд сэтгэл зүйн хүнд дарамтад ордог. Тэр тусмаа 7-13 насныхан. Манайд эмчлүүлж байгаа хүүхдүүдийн ихэнх ээж, аавууд “манай хүүхэд их сэргэлэн болоод хичээлдээ сайжирсан” гэж баярлан ярьдаг.

Арьсны өвчнийг эмчилнэ гэдэг давхар амьдралын чанарыг нь сайжруулж, өөртөө итгэх итгэл, бусдаас дутахааргүй нийгмийн харилцаанд ороход нь тусалж байна гэсэн үг. Дээр нь арьс цайх өвчнийг эмчлэхгүй удаан явснаар харшил, бөөрний дутагдал гэх мэт олон хүнд өвчин үүсэх суурь болдог. Зүгээр нэг гоо сайханд сөрөг, зовиур шаналгаагүй өвчин гэж тайвширч болохгүй.

Тэгэхээр арьс цайхаар өвчилсөн хүүхдийг сэтгэл санааг нь тайван, өөдрөг байлгаж, өөртөө итгэх итгэлийг нь байнга өсгөх, стрессээ тайлах хоббитой болгохоос гадна сайн унтуулж амраах хэрэгтэй. Мөн гар утас цахилгаан соронзон долгионоос хол байлгах нь чухал.

-Эмчилгээний төлбөрийн хувьд эрүүл мэндийн даатгалын сангаас гарах уу?

-Эмчийн үзлэг зөвлөгөөг эрүүл мэндийн даатгалаас төлнө. Эмчилгээний хувьд хувь хүнээс өөрөөс нь гаргадаг. Арьс цайх өвчний онцлог гэж бий. Дэлхий нийтэд хүний хөдөлмөрлөх явцад нөлөөлдөггүй. Хөдөлмөрийн чадвараа алддаггүй гэж үздэг. Дэлхийн аль ч улс оронд арьс цайх өвчнийг хувь хүн өөрөөсөө эмчилгээний зардлаа гаргадаг. Одоогийн монголчуудын амьдрал ямар байдалтай байгаа билээ. Эмчилгээгээ тарамдуулах тал бий.

Categories
мэдээ нийгэм

Амиа хорлохыг завдсан согтуу эмэгтэйг онцгойгийнхон аварчээ

Согтуурсан үедээ тагтнаас үсэрч амиа хорлохыг завдсан эмэгтэй Онцгой байдлын алба хаагчид эсэн мэнд буулгажээ.

Тодруулбал Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, барилгын 4 дүгээр давхрын тагтнаас эмэгтэй хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага 2019.07.04-ний өдрийн 06:09 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 7 км замыг туулан 06:18 цагт очиж, тус байрны 4 дүгээр давхарт оршин суугч иргэн Э /48 настай, эмэгтэй/ тагтнаас зүүгдэн үсрэх гэж байсныг гэрийнх нь хаалгыг эвдэн орж тухайн иргэнийг тагтнаас буулгаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Уг эмэгтэй архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас дээрх үйлдлийг хийхийг завджээ.

Categories
мэдээ нийгэм

Баярын өдрүүдээр 637 автобус үйлчилнэ

Наадмын баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн 93 чиглэлд том оврын 612, туслах дөрвөн чиглэлд бага оврын 10, зуслангийн гурван чиглэлд тав, шөнийн тээврийн үйлчилгээний гурван чиглэлд 10 автобус нийт 637 автобус үйлчилгээнд ажиллана. Долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орох наадамчдад зориулж “Мишээл экспо төв” рүү нийт 13 чиглэлийн 76 автобус, “Дүнжингарав худалдааны төв” рүү 22 чиглэлийн 135 автобус үйлчилнэ. Мөн 10, 11, 12, 13-ны өдрүүдэд “Амгалан”-гаас “Давааны өртөө” хүртэл Рейлбус 2000 төгрөгөөр явах аж. Түүнчлэн “Төв цэнгэлдэх хүрээлэн” орчмын гурван түр зогсоолоос таксийн үйлчилгээг Нийслэлийн тээврийн газартай гэрээтэй ажилладаг 11 аж ахуйн нэгжийн 380 такси иргэдэд хүргэнэ.

Categories
мэдээ нийгэм

МУ-д Үндэсний оношилгоо, эмчилгээний төв нээгдсэнээр хорт хавдрыг эрт үед нь оношлох боломжтой боллоо

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу “Эксим” банкны хөнгөлөлттэй зээлээр баригдсан Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо. Дэлхийн жишигт нийцсэн барилга байгууламж, улсын хэмжээнд үйлчлэх орчин үеийн тоног төхөөрөмж бүхий Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, баяр хүргэлээ. Тэрээр “Өнөөдөр Үндэсний оношилгоо, эмчилгээний төв шинээр нээгдэж Монгол Улсын эрүүл мэндийн салбарт нэгэн онцгой үйл явдал болж байна. Улс орон хөгжихийн тулд ард түмэн эрүүл байх ёстой. Эрүүл байхын тулд бидний байнга ярьж, шүүмжилдэг оношилгооны асуудал чухал. Эрт оношлуулж байж эрт эмчлүүлнэ. Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн дарга Г.Баясгалан энэ төвд олон хүн эмчлүүлж, эрүүл болох болтугай гэсэн бэлгэдлийн сайхан үг хэллээ. Үүнийг давтаж хэлье. Нээлтийн ажиллагаанд оролцож байгаа мөн энэхүү төслийг эхнээс нь дуустал гар бие оролцсон та бүхэнд дахин баяр хүргэе. Нээлтийн ажиллагаанд амжилт хүсье. Энд буй тангараг өргөсөн олон эмчийн ажлын орчин сайжирч байгаад маш их баяртай, сэтгэл хөдөлж байна” гэлээ.

Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийг түшиглэн Үндэсний оношилгоо, эмчилгээний төв ашиглалтад орж буй нь Монгол Улсын эрүүл мэндийн системийг шинэ шатанд хүргэх, хорт хавдрыг эрт шатанд оношлох, бүх нийтийн эрүүл мэндийг сайжруулах, гадаадад эмчилгээ хийлгэхээр явж байгаа иргэдийн урсгалыг багасгах ач холбогдолтой юм.

Энэхүү төслийн хүрээнд нийт 15,600 м2 ашигтай талбай бүхий таван давхар эмнэлгийн барилга баригдсан бөгөөд хүлээн авах, дүрс оношилгооны төв, цөмийн анагаах ухааны тасаг, лабораторийн тасаг, дурангийн оношилгоо, эмчилгээний тасаг, ариутгал халдваргүйтгэлийн тасаг, мэс заслын тасаг, мэдрэлийн мэс заслын тасаг, эрчимт эмчилгээний тасаг, эмчилгээний хоол зүйн тасагтайгаар үйл ажиллагаа явуулах юм. Эдгээр тасгуудад 25 сая ам.долларын өртөг бүхий 215 нэр төрлийн нийт 1,870 ширхэг эмнэлгийн тоног төхөөрөмж суурилуулжээ.

Тухайлбал, Монгол Улсад анх удаа дүрс оношилгооны хосолмол технологи бүхий Позитрон Эмиссон Томографи болон тухайн аппаратын ажиллагаанд шаардагдах цацраг идэвхит эмийг үйлдвэрлэн гаргах 9.6 MeV хүчин чадалтай циклотрон, дагалдах төхөөрөмжүүдийн хамт ашиглалтад орж байна. Энэ нь хавдрын оношилгоонд нэн чухал төхөөрөмж бөгөөд хорт хавдрын үсэрхийллийг эрт үед оношлохоос гадна булчирхайлаг эрхтний үйл ажиллагааг оношлох чадамжтай юм байна.

Түүнчлэн, иргэдэд нэн шаардлагатай байгаа ангиограф буюу судсан дотуурх мэс заслын технологи нэмэгдсэнээр харвалт, шигдээсийн чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой болж байгаа юм.

Categories
мэдээ спорт

Бөхийн төрлүүдийн өсвөр үеийн Ази тивийн АШТ эхэллээ

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /UWW/-ны бөхийн төрлүүдийн өсвөр үеийн 2019 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Казахстаны Нур-Султан хотод эхэлж байна. Ази тивийн АШТ-ий чөлөөт бөхийн төрөл гурван өдөр үргэлжилнэ. Тэмцээний хуваарийг /Монголын цагаар/ танилцуулж байна.

Долоодугаар сарын 5

11:30-12:00 – Охидын 40, 46, 53, 61, 69 кг эмчийн үзлэг, жин үзэлт

13:30-17:00 – Охидын 40, 46, 53, 61, 69 кг урьдчилсан болон хагас шигшээ барилдаан

17:15 – Хөвгүүдийн 65, 71, 80, охидын 43, 49, 57, 65, 73 кг жингийн сугалаа

20:00-22:30 – Охидын 40, 46, 53, 61, 69 кг-ын жингийн шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа

Долоодугаар сарын 6

11:30-12:00 – Хөвгүүдийн 65, 71, 80, охидын 43, 49, 57, 65, 73 кг жингийн эмчийн үзлэг, жин үзэлт

13:30-17:00 – Хөвгүүдийн 65, 71, 80, охидын 43, 49, 57, 65, 73 кг урьдчилсан болон хагас шигшээ барилдаан

17:15 – Хөвгүүдийн 45, 48, 51, 55, 60, 92, 110 кг жингийн сугалаа

20:00-22:30 – Хөвгүүдийн 65, 71, 80, охидын 43, 49, 57, 65, 73 кг жингийн шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа

Долоодугаар сарын 7

11:30-12:00 – Хөвгүүдийн 45, 48, 51, 55, 60, 92, 110 кг эмчийн үзлэг, жин үзэлт

13:30-17:00 – Хөвгүүдийн 45, 48, 51, 55, 60, 92, 110 кг жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан

20:00-22:30 – Хөвгүүдийн 45, 48, 51, 55, 60, 92, 110 кг жингийн шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа

Categories
мэдээ улс-төр

Монголын улаан загалмай нийгэмлэгийг “Алтан гадас” одонгоор шагналаа

Монголын улаан загалмай нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 80 жилийн ой, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны 100 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Монголын улаан загалмай нийгэмлэгийн 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус байгууллагыг “Алтан гадас” одонгоор шагнах зарлиг гаргасан юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

“Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Улаан загалмай нийгэмлэгийн 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах, гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулах, гамшигт өртсөн иргэдийн эрүүл мэнд, амь насыг авран хамгаалах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, нөхөн сэргээх үйлсэд оруулсан тус байгууллагын үе үеийн ажилтан, албан хаагч, сайн дурын ажилтнуудын хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж, Монголын улаан загалмай нийгэмлэгийг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнасугай” гэжээ.

Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа өнөөдөр гардуулж, баяр хүргэн үг хэллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДЭД ДАРГА Г.БАЙГАЛМАА ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:

“Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,

Монголын улаан загалмай нийгэмлэг үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ой, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны 100 жилийн ойг тохиолдуулан Монголын улаан загалмай нийгэмлэгийн гишүүд, дэмжигчид, энд хүрэлцэн ирсэн гадаад, дотоодын хүндэт зочид, ахмад буурлууд, хүүхэд залуучууд Та бүхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс болон хувиасаа баярын мэнд хүргэе.

Хүмүүнлэг үйлсийг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлж, энх тайвныг дэмжих, гамшгийн аюулд өртсөн иргэдийн амь нас, амьжиргааг хамгаалах, эмзэг байдлыг бууруулахын төлөө тууштай, идэвхтэй ажилладаг олон улсын Улаан Загалмайчдад талархал, хүндэтгэл илэрхийлж байна.

“Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай” хуулийг 2016 онд Улсын Их Хурлаас шинэчлэн баталсан. Энэ хуулиар Монголын улаан загалмай нийгэмлэгийн статусыг Үндэсний хүмүүнлэгийн байгууллага болгон хуульчилж, төрдөө нэмэлт хүч болж ажиллах чиг үүргийг нь тодорхойлсон юм.

Хууль батлагдсанаас хойших хугацаанд Монголын улаан загалмай нийгэмлэгийн үйл ажиллагааны хүрээ өргөжин тэлж, Төр-Улаан загалмайн хамтын ажиллагаа сайжирч, гамшгийн үед хариу авах арга хэмжээ нэмэгдэж байгаа нь сайшаалтай.

Монголын улаан загалмай нийгэмлэгийн 80 жилийн ойг тохиолдуулан Үндэсний их баяр наадмын босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, хүмүүнлэгийн үйлсээрээ улс орны эдийн засаг, нийгэм, хүмүүнлэгийн салбарт 80 жилийн турш онцгой хувь нэмэр оруулсан тус нийгэмлэгийг төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнасныг гардуулан өгч байгаадаа баяртай байна.

Цаашид Монголын улаан загалмай нийгэмлэг гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийг дэмжих, сайн дурын авлагагүй цусны донорын хөдөлгөөнийг өрнүүлэх, нийгмийн эмзэг байдлыг бууруулах чиглэлээр илүү өргөн хүрээтэй ажиллана гэдэгт итгэж байна.

Та бүхэнд баяр хүргэж, ажлын их амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Сайн үйлс бүхэн түгэн дэлгэрэх болтугай” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

“Уран жолоодлого-Ур чадвар” тэмцээний шилдгүүд тодорлоо

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирал, НИТХ-ын төлөөлөгч Г.Төмөрбаатарын санаачилгаар нэгтгэлийн 586 жолоочийг хамруулсан “Уран жолоодлого-Ур чадвар” тэмцээн зохион байгуулж шилдгүүдийг шалгаруулжээ. Тус тэмцээний зорилго нь нийтийн тээврийн жолооч нарын замын хөдөлгөөний дүрэм, хууль эрх зүйн мэдлэг, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, сурган чадавхижуулах, сахилга хариуцлагыг дээшлүүлэхэд оршдог. Жолооч нараас хууль эрх зүй, замын хөдөлгөөний дүрэм, нийтийн тээврийн стандартаар шалгалт авснаас гадна жолооны дадлагын талбайд 90 градус ухрах, буудлын карманд орох, дан болон хос туг сүлжих, цагираг шилжүүлэх зэргээр ур чадварыг нь сорьжээ. Зургаадугаар сарын 24-нөөс эхэлсэн тэмцээн 2 шаттай явагдаж хэсгүүдээс 21 жолооч шалгаруулж аваргын төлөө өрсөлдсөн байна. Нэгдсэн дүнгээр II баазын жолооч Н.Мөнхдэлгэр тэргүүн байр, I баазын жолооч Б.Уранбат дэд байр, I баазын жолооч Д.Ууганбаяр гуравдугаар байр тус тус эзэлжээ.