Categories
мэдээ цаг-үе

Б.Дашдондог: “THE HU” цомгийн нээлтээ Америкт хийнэ

“THE HU” хамтлагийн продюсер Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондогтой ярилцлаа.


-Аялан тоглолтоор хэдий хугацаанд хаагуур явж байна. Та яагаад түрүүлээд ирээ вэ?

-Берлинд Сьеж гэж клубт тоглосон. Нюрнбергийн “Рокинг Ринг”-эд тоглочихоод цаашаа Рокинг паркид, тэндээсээ Франц руу явж Сукасо фестивальд оролцсон. Тэгээд Лондон орсон. Англид зургаан тоглолтоо хийгээд тэр тоглолтоос нь би буцаад ирлээ л дээ. Намайг буцахад Даунлодс гэж нэртэй Английн хамгийн том фестивальд оролцсон юм. Хамгийн гол нь миний явсан шалтгаан хөгжмийн дуугаралт, тайзан дээр хамтлагийнхан маань алдаа оноо гаргах нь уу, үгүй юу гэдгийг харах, засах байсан. Түүнийг нь хэлж өгөх байсан. Би тэр үүргээ сайн биелүүлсэн.

-Монголоос хэзээ хөдөллөө?

-Зургадугаар сарын 4-нд хөдөлсөн. Одоогоор хамтлаг ирэх болоогүй, явж л байгаа.

-Та араас нь дахиж явах уу?

-Хамтлаг долдугаар сарын 8-нд эргээд ирнэ. Монголдоо байж байгаад есдүгээр сараас дахиад явна.

-Хамтлагийн фэн клубүүд их байгуулагдаж байгаа гэсэн. Хаана, хаана байгуулагдав?

-Гадаадад олон бий. Япон, Авсрали, Англи, Герман гээд олон оронд байгуулагдчихсан. Монголд албан ёсоор фэн клуб, фэн групп гээд хоёр ч байгууллага бий. Ер нь үйл ажиллагаагаа идэвхжүүлчихсэн сайн ажиллаж байгаа шүү.

-Өөрсдийн биеэр зорьж очоод тоглолт хийхээр хүмүүс хэр хүлээж авч байна?

-Хүмүүс бидний бичлэгийг харсан байлгүй. Өөрсдийн биеэр очиж тоглолтоо хийлээ. Ер нь бол маш сайн хүлээж авч байгаа. Хүлээж байгаад үздэг хүмүүс байна. Бүх тасалбар нь зарагдаад дуусчихсан байдаг гэхээр тэгээд ойлгомжтой биз дээ.

-“THE HU”-гийн клипний доор хувцас, хөгжим, хэрэглэлийг адилхан захиалгаар хийлгэж, худалдаж авъя гэсэн сэтгэгдэл их харагдсан. Та нарыг очиход ийм хүсэлт тавьж байв уу?

-Маш их асууж байгаа. Гутлыг хамгийн ихээр сонирхдог. Савхин жакетыг маш их асуудаг. Манай мерчиндайзер ажиллаж байгаа учраас тэнд “THE HU” хамтлагийн тэмдэг гарсан байна. Түүнтэй холбоотойгоор цамц, футболк гаргачихсан зарж байх жишээний. Бид тоглолтдоо зориулж гурван дуутай пянз гаргасан. Тэр пянзаа бас борлуулаад явж байгаа.

-Хамтлагийн аялан тоглолтын төлөвлөгөө 2019 оныг дуустал Европоор явна гэж байсан. Хэвээрээ юу?

-Хамтлаг долдугаар сарын 8-нд ирээд есдүгээр сард дахин явна. Тэгэхээр арванхоёрдугаар сар хүртэл ирэхгүй гэсэн төлөвлөгөөтэй. Дахиад нэгдүгээр сараас эхлээд тоглолт хийнэ. Монголдоо ирж шинэ оноо гаргаад, нэгдүгээр сараас буцахаар шийдсэн. Ирэх жилийн төлөвлөгөөнд нэг сар Монголдоо байх уу, үгүй юу тийм л төлөвлөгөөтэй байна.

-Монголдоо тоглолтоо хийж амжихгүй шууд Европоор явна гэж байгаад тоглолтоо хийчихээд явсан. Төлөвлөгөө яагаад гэнэт өөрчлөгдсөн бэ?

-Уг нь тоглож амжихгүй явах байх гэж бодож байсан юм. Гэвч цаад талаас “Олон хүний өмнө гарах учир нүүр хагарах хэрэгтэй. Тэгэхгүйгээр гэнэт 100 мянган хүний өмнө гарна гэдэг тийм амар биш. Цочирдож, сандарч магадгүй. Янз бүрийн нөхцөл байдал үүсч магадгүй гэж болгоомжлоод Монголдоо хоёр өдөр тоглолт хий” гэсэн. Тэр нь том сургуулилт болно гээд хийхээр болсон л доо. Тэгээд л хийсэн. Маш амжилттай болсон. Хүмүүс маш сайн хүлээж авсан.

-Твиттерээр “Нэгэнт гадаадад нэр хүнд нь түгчихээд байхад Элчин сайдуудын урд дууллаа. Нөгөө л улиг болсон жишиг” гэх мэтээр сөрөг сэтгэгдлүүд явж байсан. Элчин сайдын яаманд юу болсон юм бэ?

-Түүнийг буруу ойлгож л дээ. Элчин сайдын яаманд тоглосондоо гол нь биш. Английн хамгийн алдартай телевиз Си Эн Эн, Си Эн Эн радио, Английн алдартай сэтгүүлүүд, рок сэтгүүлүүдийн сурвалжлагч нар ирж тэнд THE HU хамтлагаас ярилцлага авсан. Биднийг дуулж өгөөч гэж хүсэлт тавьсан учраас дуулсан болохоос биш Элчин сайдын яаманд очоод тусгайлан тоглолт хийсэн хэрэг биш. Элчин сайдын яам харин бидэнд зориулж байраа гаргаж өгсөн. Монголын урлаг явж байгаа гэдэг үүднээс биднийг дэмжсэн, сайхан хүлээж авсан. Хүмүүс үүнийг ойлгох хэрэгтэй л дээ. Яахав тэгээд буруу ойлгосон хүмүүс нь түүгээрээ ойлгоно биз.


-Ойролцоогоор хамгийн олон үзэгч хаана цуглав. Хэдэн хүн үзсэн бэ?

-Хамгийн олон нь 90 мянган хүн цугласан. Түүний өмнөх тоглолтыг 75 мянган хүн үзсэн. Даунлодст 20-30 мянган хүн цугласан байх. Бусад нь бол хит лайн шоунууд. Сомарокд бас маш их хүн үзсэн. Бидний бичлэгийг үзсэн хүмүүс мэдэж л байгаа байх. Тэр том талыг битүү дүүргэсэн. Тэнд яг хэдэн хүн байсныг хэлж мэдэхгүй юм.

-Монголд тийм олон хүн цуглах боломж нөхцөл байхгүй шүү дээ. Гадаадад тэр олон хүний урд гарахад хамтлагийн сэтгэл зүй хэр байв?

-Хамтлаг бол чөлөөтэй, энгийн байсан. Гараад л цөм аваад бууж ирээд байгаа. Хүмүүс ч тэр хэрээр эмоцтой, хүлээж авч байгаа нь ч сайхан. Гараагүй байхад л HU HU HU гээд орилоод, гарсан хойно нь яах нь тодорхой. Тайзан дээр гарангуут маш сүртэй хүлээж аваад, дуусгаад орох гэхээр явуулахгүй, оруулахгүй байгаа юм чинь.

-Нэг тоглолт хэдэн цаг үргэлжилж байв?

-Хит лайн шоунууд нэг цаг хорин минут, фестивалиуд гучин минут. 30 минут перформэнс үзүүлж байгаа юм.

-Өдөр бүр 30 минутаас нэг цаг 20 минутын тоглолт хийхэд хамтлагийнхны хоолойд өөрчлөлт гарч байв уу?

-Хархирч хөөмийлдөг хүмүүс зүгээр шүү дээ. Яах ч үгүй. Мэдээж өөрсдөө тоглолтгүй үедээ гам барина. Олон шоу тоглолттой байгаа юм чинь баланс барьж тоглоно. Түүнийг анхнаас нь заагаад өгчихсөн. Хэлээд ойлгуулчихсан л даа. Тиймээс балансаа бариад яваад байхад зүгээр.

-Бүрэн бүрэлдэхүүнээрээ явж байгаа юу. Хамтлагтай дагалдаж явж буй багт ямар хүмүүс байгаа вэ?

-Хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ. Дагал-дах багт таван хүн бий. Мерчандайзерийн нэг ажилтан, дууны инженер хоёр хүн, стаж менежер нэг хүн, тур менежер нэг хүн, монгол талаас хамтлагаа хариуцаад явж байгаа нэг менежер бий.

-Аялан тоглолт хийхэд мэдээж замд их явна. Заримдаа амарч амжихгүй шууд тоглолтоо хийж байгаа байх. Хамтлагийнхан хэр ядарч байна?

-Залуу хүмүүс зүгээр шүү дээ. Сайхан байгаа. Тэр олон хүнээс эрч хүч аваад бүр ч илүү чангарч байгаа шүү.

-Наадмын үеэр Монголчууддаа зориулж тоглолт хийх үү?

-Тоглолт хийхгүй байх аа. Нэгдүгээрт, тийм төлөвлөгөө байхгүй. Хоёрдугаарт, тоглоод өгөөч гэсэн урилга ирээгүй байгаа. Тийм болохоор тоглолт хийхгүй. Бидэнд өөр хийж амжуулах ажил зөндөө бий. Түүнийгээ хийж амжуулна.

-Аялан тоглолтын үеэр хүндрэл бэрхшээлтэй зүйл гарав уу?

-Хүндрэл бэрхшээл тохиолдоогүй ээ. Бүх зүйлээ маш сайн төлөвлөж явсан. Хамтлаг Монголдоо зургаан сар маш үр дүнтэй бэлтгэлээ хийсэн. Бүгд формондоо ороод жигдрээд гоё болчихсон. Америкийн тонэр мистерүүд маань бүгд тэр хөгжим техник хэрэгслийн дуугаралт, янз бүрийн зүйлүүдийг ойлгочихсон. Тэгээд л тоглолт нэг жигдэрчихээр ерөнхийдөө болчихож байгаа юм.

-Дараагийн цомгоо хэзээ гаргах вэ?

-Есдүгээр сард шинэ цомгийн нээлтээ хийнэ. Америкт нээлтээ хийх өдөр цагийг товлоод хэлэх байх.

-Нэг тоглолтод хэдэн дуу дуулж байгаа вэ. Бүгд таны зохиосон дуунууд уу?

-Нэг тоглолтод 13 дуу дуулна. Бүгд миний уран бүтээл.

-Та хувийн уран бүтээлээ хийх үү?

-Би энэ их ажлын хажуугаар хувийн уран бүтээлээ хийж амжихгүй л дээ.

Categories
мэдээ цаг-үе

Б.Баярмаа: Наршилтаас сэргийлэхийн тулд удаан хугацаагаар наранд явахаас зайлсхийх хэрэгтэй

Арьсны өвчин судлалын үндэсний төвийн поликлиникийн их эмч Б.Баярмаатай ярилцлаа.


Наршилт гэж юуг хэлэх вэ?

-Наршилт гэдэг нь нарны хүчтэй төөнөсөн тусгалын нөлөөгөөр бие дулааны цохилтод орж, өөрийнхөө дулааны зохицуулгыг хийж чадахгүй болсноос үүдэж бие хямарч, хордлогод орохыг хэлдэг. Удаан хугацаанд наранд яваад бие нь ил гэмтээгүй ч гэсэн толгой эргэх, дотор муухайрах, халуурах зэрэг ерөнхий хордлогын шинж тэмдгүүдийг нарны хордлого гээд байгаа юм.

-Эдгээр шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах вэ?

-Хүйтэн бүлээн жин тавих, шингэн зүйл сайн уух хэрэгтэй. Үндсэн эмчилгээ гэх зүйл байхгүй.

-Урьдчилан сэргийлэх ямар арга зам байна?

-Нарны малгай, ус, хувцас хэрэглэлээ сайн бэлдэх нь чухал. Нарны түлэгдэлтээс нарны тосыг сайн түрхэж сэргийлнэ. Нүүр биеийнхээ, ил гарсан хэсгүүдэд өөрийн арьсны онцлогт таарсан тосыг түрхэж хэрэглэх нь зүйтэй. Ерөнхий биеийн хордлогод бол хүн удаан хугацаагаар наранд явахаас зайлсхийх нь чухал. Зуны улиралд нарны хүчтэй тусгал их байгаа үед буюу хэт халуун бүгчим өдрүүдэд нарнаас хамгаалах малгай, шүхэр хэрэглэлгүй удаан хугацаагаар гадаа байснаас бие хямарч, хордлогын шинж тэмдэг илрэхээс гадна арьс борлож, үрэвсэж түлэгддэг. Энэ нь цаашид арьсны хөгшрөлтийн явцыг хурдасгадаг.

-Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?

– Хэрэв наршсан бол хүйтэн усанд норгосон алчуураар биеэ сайтар арчиж, толгой дээрээ хүйтэн жин тавих хэрэгтэй. Мөн хүйтэн агаар үлээгчээ ажиллуулбал нэмэр болдог. Бүлээн шингэн зүйлийг ойр, ойрхон ууна. Зүрх савлаж эхэлбэл тайвшруулах үйлчилгээтэй зүрхний эм ууж, гэрээсээ гаралгүй хэвтэх хэрэгтэй. Халуурч, амьсгаадаж, дотор муухайрч, нүд эрээлжилж, бөөлжис цутгаж эхэлбэл нэн яаралтай эмчид хандах нь зүйтэй.

-Хүмүүс бага насны хүүхдээ машиндаа түгжиж орхидог нь маш их эрсдэл дагуулдаг шүү дээ?

-Тэр бол тусдаа асуудал. Битүү бөхчим агаартай, ямар ч салхигүй орчинд хүн байвал хүчилтөрөгчийн хэрэглээ буурна шүү дээ. Түүнээс хамаарч хүүхдэд бүтэлт үүсэх магадлалтай.

-D витаминыг хамгийн сайн авах хоргүй нар хэдээс хэдийн хооронд тусах вэ?

-Ер нь бол 11:00-13:00 цаг. Тэр үед хүн наранд биеэ шарж болно. 13:00 цагаас хойш биеэ шарах шаардлагагүй.

Жирэмсэн, өндөр настай хүмүүс болон хүүхдүүд наршсан тохиолдолд авах арга хэмжээ адилхан уу?

-Эмнэл зүйн шинж нь арьс, биенд адилхан шинж тэмдгээр илэрнэ. Нарны түлэгдэлт арьсан дээр илэрдэг. Түүнээс авах арга хэмжээ адилхан. Нарны SPF 50 болон 30-тай тосыг хэдэн цаг барих уу гэдгээс хамааран гадаа гарах болгондоо 2-3 цагийн зайтай тогтмол хэрэглэх ёстой л доо.

Нарны харшил гэж юу вэ?

Тэр бол тусдаа асуудал. Эрүүл хүмүүс наранд түлэгдэх өөр. Нарны харшилтай хүмүүс жаахан л гадаа явахад арьс улайж загатнана, цэврүү үүснэ. Арьсны эмгэг өөрчлөлтүүд явагдана. Нарны түлэгдэлдэлтээс тэс өөр. Тийм учраас машинд явахдаа тень тавих, малгай шилтэй байх гээд наршилтаас тэс өөр тусдаа өвчин. Зургадугаар сарын сүүлчээс наймдугаар сарын эхэн үе хүртэл нарны харшил тусах магадлал өндөрсдөг. Тэгэхээр нарны харшилтай хүмүүс нарны хэт ягаан туяаны идэвхжил ихсэхээс өмнө өөрт тохирсон эмчилгээг хийлгэх хэрэгтэй. Хэрэв нарны харшилтай болчихсон бол хурц нартай өдөр аль болох гадуур гарахгүй байж, чийглэг агаар амьсгалан, хүйтэн шүршүүрт орох нь харшлыг сэдрээхгүй байх боломжийг бүрдүүлдэг. Мөн даавуун материалтай битүү хувцас, нүдний шил, нарны шүхэр, саравчтай малгай өмсөж, өөрийгөө нарнаас хамгаалах хэрэгтэй.

Нарны харшлыг хэрхэн эмчлэх вэ?

Хүний эрүүл мэндийн онцлог, нас зэргээс хамаараад эмчилгээ өөр, өөр байна. Тиймээс юун түрүүнд мэргэжлийн арьсны эмчид хандах хэрэгтэй. Цаг алдалгүй зөв эмчилгээ хийвэл бүрэн эдгэрэх боломжтой өвчин.

Нарнаас хамгаалах тосыг яаж хэрэглэх нь зөв бэ?

Нарнаас хамгаалах тос маш олон төрөл бий. Тиймээс өөрийн арьсныхаа онцлогт тохируулан сонгох нь зүйтэй. Тослог арьстай хүний түрхэж байгаа нарны тос хуурай арьстай хүнд таарахгүй. Тослог арьстай хүн усан суурьтай тос түрхэх ёстой бол хуурай арьстай хүн чийгшил, тослогийг сайн агуулсан тос түрхэх шаардлагатай. SPF-ээс хамаараад 2-3 цаг тутам нарны тосыг түрхэж байх нь зөв л дөө.

SPF гэж юу вэ?

Энэ нь Sun Protection Factor /SPF/ буюу нарнаас хамгаалах хүчин зүйл юм. Арын тоо нь тос таныг наранд түлэгдэхээс хэр удаан хугацаанд хамгаалах чадвартай вэ гэдгийг илтгэдэг. SPF–ын тоо олон байх тусмаа төдий чинээ удаан хугацаанд арьсыг тань нарнаас хамгаална гэсэн үг.

Нарнаас хамгаалах тосыг хэрхэн сонгох вэ?

Нарнаас хамгаалах тосыг сонгохдоо SPF 15-30, SPF/ РА++ 30 гэсэн тэмдэгтэйг нь авах хэрэгтэй. Тосны зааварт бичсэн тооны хувь их байх тусам нүүрний арьсанд хортой гэдгийг ч хэлэхэд илүүдэхгүй байх. Хуурай арьсанд лосьон, харин тослог болон батга гарах хандлагатай арьсанд спиртэн суурьтай нарны тос илүү тохиромжтой.

Хэрэглэхдээ:

• Нарны тосыг 1см2 талбайд 2мг тосыг түрхэнэ

• Гэрээс гарахаас өмнө 30 минут

• Наранд байх хугацаанд хоёр цаг тутамд давтан түрхэнэ

• Усанд сэлэх, их хэмжээгээр хөлөрсөн тохиолдолд 40 минут тутамд давтан түрхэнэ. Хэрэв усны хамгаалалттай бол 90 минут тутамд түрхэж болно.

Categories
мэдээ улс-төр

Ирэх долоо хоногт УИХ Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэнэ

УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлөөс УИХ-ын хаврын ээлжит бус чуулганы долоодугаар сарын 8-наас 10-ны өдрүүдэд хуралдах ажлын хэсэг, байнгын хороодын хуралдааны хэлэлцэх асуудлын дарааллыг баталсан байна.

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

07 дугаар сарын 09-ний Мягмар гарагт:

  • Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын дэд хэсгүүдийн хуралдаан:

-Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн хуралдаан 12.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд;

-Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн хуралдаан 12.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;

-Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн хуралдаан 12.00 цагаас “В” танхимд;

-Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн хуралдаан 12.00 цагаас “Г” танхимд;

-Томьёоллын ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд;

-Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил, арга зүйн туслалцаагаар хангах ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.

07 дугаар сарын 10-ны Лхагва гарагт:

  • Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан:

-Томьёоллын ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд.

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

07 дугаар сарын 08-ны Даваа гарагт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

  • Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлт.

2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

  • Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлт.

3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

  • Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн 2019.06.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, үргэлжилнэ/.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Баттулга: Түүхийн улбаа тээсэн нэг хуудас цаас ч Монголын хойч үеийнхэнд тонн тонн алтнаас үнэтэй

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Архивын ерөнхий газарт ажиллаа. Энэ үеэрээ Төрийн тэргүүн Архивын ерөнхий газрын үйл ажиллагаа, түүхийн чухал баримтуудын хадгалалт, хамгаалалт зэрэг асуудлаар байгууллагын удирдлагуудтай уулзаж, нийт ажилчдад хандан онцгойлон анхаарах зарим асуудлаар үүрэг, чиглэл өгсөн юм.

Мөн Архивын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцсаныхаа дараа Архивын ерөнхий газрын 92 жилийн ойг тохиолдуулан: Монголын ард түмний ой санамж, үндэстэн оршин тогтнох дархлаа болсон түүх, соёл, нийгэм, эдийн засгийн бүх төрлийн түүхэн баримт, дурсгал, эх сурвалжуудыг хадгалах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлөн уламжлуулах үйлсэд оруулсан тус байгууллагын үе үеийн ажилтан, албан хаагч, судлаач, эрдэмтдийн хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж, Архивын ерөнхий газрыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа.

Зарлигийг уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Алтан гадас одонг Архивын ерөнхий газрын туганд хүндэтгэлтэйгээр зүүн өгч, баяр хүргэн үг хэлэв.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

“Эрхэмсэг хатагтай ноёд оо,

Эрхэм хүндэт архивчид аа, та бүхний энэ өдрийн амгаланг эрж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилье.

Монголчууд бид түүх уламжлал, бичиг үсгийн баялаг арвин өвтэй эртний соёлт ард түмний нэг билээ.

Суут их Чингис хаан 1206 онд Их Монгол Улсыг байгуулсныхаа дараа худам монгол бичгийг төрийн бичиг болгож, аливаа хэргийг “Хөх дэвтэр”-т тэмдэглэн үлдээх зарлиг буулган, Монголын төрийн албан хэрэг хөтлөх дэг жаягийг үндэслэснээс хойш монголчуудын албан хэрэг хөтлөлт, архивын өвийг бүрдүүлэх ажил тасралтгүй уламжлагдан хөгжсөөр өнөө үетэй золгожээ.

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие Монгол үндэстний бахархал, сургамжаар дүүрэн агуу их түүхийн нандин өв санг хадгалан хамгаалж, баяжуулан арвижуулж олон түмний хүртээл болгож байдаг Үндэсний төв архивын үйл ажиллагаа, түүний сан хөмрөгт хадгалагдаж буй олон хосгүй үнэт баримтын дээжистэй танилцаад сэтгэл үнэхээр огшиж, эх түүх, эцэг өвгөд, ахмад үеэрээ бахархах сэтгэгдэл өөрийн эрхгүй төрлөө.

Баярлалаа та бүхэнд ээ.

Ухаант өвөг дээдэс, ахмад үеийн хуудас хуудсаар хураан цуглуулж бүрдүүлэн бий болгосон үндэсний түүхийн үнэт эрдэнэсийн санг манай үе үеийн архивчид нэр төртэйгээр залгамжлан авч хойч үедээ үлдээхийн төлөө нөр их хичээл зүтгэл гарган ажиллаж байгааг үнэлэн хүндэтгэж өнөөдөр архивын хамт олныг Монголын төр, төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагналаа. Энэ шагнал байгууллагын хамт олон, тэдний хичээл зүтгэлийг үнэлэн сайшааж байгаа төрийн сайшаал шагнал төдийгүй буурал түүх, ухаант дээдсийнхээ өмнө Монголын төр мэхийн ёсолж буй хэрэг хэмээн би бодож байна.

Баяр хүргэж амжилт хүсье та бүхэнд. Улам улам хичээн зүтгэж Монголын түүхийн баялаг хуудсыг сая саяар арвижуулаарай.

Монгол түмний төрт ёсны түүх, ард түмний амьдрал тэмцэл, зан заншил, ёс журмыг бичиглэн үлдээсэн их өв санг сахин хамгаалж, түгээн дэлгэрүүлэх нэн хариуцлагатай үүргээ төр, түмнийхээ өмнө нэр төртэй биелүүлж, төрийн хүндэтгэл хүлээсэн архивчиддаа уулзсан энэ завшааныг ашиглан дорхи хэдэн зүйлийг захиж хэлмээр байна.

Нэгдүгээрт. Үндэсний архивын сан хөмрөг нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын гэрч баталгаа, Монголын төр, ард түмний түүхийн ой санамжийн хар хайрцаг, түүх соёлын их өв учраас монгол хүн бүр түүнд гүн хүндэтгэлтэй хандаж, хайрлаж хамгаалах учиртай. Түүхийн улбаа тээсэн нэг хуудас цаас ч монголын хойч үеийнхэнд тонн тонн алтнаас үнэ цэнтэйг хүн бүр ухамсарладаг байх хэмээн би боддог. Монголын түүхийн эрт, эдүгээгийн бодот байдлыг гэрчлэх түүхийн энэ алтан өвийг хойч үе, ирээдүйд бүрэн бүтэн хүргэх үүрэг хүлээсэн хүмүүс нь архивч та нар билээ. Иймд архивч, архивын хамт олон та бүхэн энэ чухал үүргээ ажил, амьдралдаа цаг ямагт санаж, үүрэгтээ үнэнч, ажилдаа хариуцлагатай байх хэрэгтэй.

Хоёрдугаарт. Монгол Улсын Ерөнхийлөгч, төрийн тэргүүнүүд Монгол Улсын архивын албаны талаар байнга анхаарал тавьж, тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсээр ирсээн. “Архивын тухай хууль”-ийг “Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай” хууль болгон агуулгыг нь өргөтгөн, зарим заалтыг нэмэх, засаж шинэчлэх бодит шаардлага амьдралаас урган гарсан байна. Тиймээс манай архивчид архив, албан хэрэг хөтлөлтийн талаар олон жилийн түүх соёлтой бусад орны хууль тогтоомж, олон улсын стандартыг харьцуулан судлахын зэрэгцээ өөрийн орны архив, бичиг соёлын түүхэн уламжлал, архивын хууль тогтоомжийн хэрэгжилтэд гарч буй ололт, туршлагад тулгуурлан, XXI зууны шинжлэх ухаан, технологийн хөгжилд нийцсэн “Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай” шинэ хуулийн төслийг боловсруулан батлуулах чиглэлээр идэвхтэй, хөөцөлдөлгөөтэй ажиллах хэрэгтэйг цохон хэлмээр байна.

Гуравдугаарт. Архив нь өөрийн сан хөмрөгтөө хадгалж буй хуучны данс бичгээ хадгалан хамгаалахаас гадна сан хөмрөгөө шинэ шинэ баримтаар байнга, тасралтгүй баяжуулах нь чухал юм. Агуу том эзэнт гүрэн байгуулж байсны хувьд Монголын түүхийн гэрч баримт, өв сан хилийн чанадад олон газарт хадгалагдаж буй. Иймд гадаад орнуудад хадгалагдаж байгаа Монгол Улсын түүх, соёлд холбогдох архивын баримтыг илрүүлэн, эх хувь, хувь хуулбар авч үндэсний архивын сан хөмрөгийг нөхөн бүрдүүлэхэд төрийн бодлого, санхүүгийн дэмжлэг авч идэвхтэй ажиллах зайлшгүй шаардлагатай байна. Энэ ажилд зөвхөн архивын байгууллага төдийгүй төрийн бусад яам, агентлагууд ч идэвх санаачилгатай оролцож чин сэтгэл гаргах хэрэгтэйг би энд онцлон тэмдэглэмээр байна.

Дөрөвдүгээрт. Орчин үед архивын баримтыг хадгалан хамгаалж, нөхөн бүрдүүлж, аюулгүй байдлыг хангаж буй дэлхий дахины сүүлийн үеийн ололт, технологийг тухай бүр эзэмшин, улс үндэснийхээ түүх, соёлын өв санг “Төрийн архивыг цахимжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд дижитал хэлбэрт шилжүүлж, лавлагаа үйлчилгээг ард иргэдэд алхам алхмаар ойртуулж байгааг миний бие нэн таатай хүлээн авч байна. Энэ ажил дээр орчин үеийн компьютерын программ хангамжийн өндөр мэдлэг мэргэжилтэй, чадварлаг ажилтнуудыг мэргэшүүлэн тогтвор суурьшилтай ажиллахад нь анхаарч ажиллах хэрэгтэйг та бүхэнд чухалчлан сануулж байна.

Тавдугаарт. Архив нь төрийн үйлчилгээний байгууллагаас гадна Монголын үе үеийн архивчдын хөлс хүчээр эмхлэгдэн цэгцлэгдсэн эх түүхийн судалгааны арвин нөөц бүхий атар газар юм. Энэхүү атар газрыг эзэмших нь түүхч-архивчдын эрхэм зорилт байх ёстой. “Архив судлал”-ыг жинхэнэ утгаар нь хэтийн төлөвлөгөөтэй хөгжүүлэх, мэргэжлийн мэргэшсэн дээд боловсролтой архивчдыг бэлтгэх ажлыг шинэ шатанд гаргах нь архивын салбарын тулгамдсан зорилтын нэг болжээ. Мэргэшсэн архивч бэлдэх сургалтын тогтолцоог өмнөх туршлагуудаасаа жишээ аван сэргээх нь архивын байгууллагын цаашдын хөгжилд ихээхэн тустай болох нь дамжиггүй.

Зургадугаарт. XXI зуунд дэлхий дахины архивын хөгжил цахим архивт шилжих үйл явцаар тодорхойлогдож байна. “Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологийг нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилт удаашралтай байгааг анхаарч, хөтөлбөрийн IV шатны зорилтыг цаг хугацаанд нь бүрэн хэрэгжүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй. Цаашид Үндэсний төв архивыг цахимжуулахад БНСУ-ын Засгийн газрын зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх “Архивын ерөнхий газрын цогцолбор барилгын тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хангалт” төсөл чухал ач холбогдолтой болохыг анхаарч, төслийг хэрэгжүүлэх бүхий л бэлтгэл арга хэмжээг цаг алдахгүй хангаж ажиллах шаардлага тавигдаж байна.

Долдугаарт. Өнөөгийн дэлхийн улс төрийн гадаад, дотоод үйл ажиллагаанд соёлын “зөөлөн хүч”-ний бодлого эрчимжиж байна. Архив бол үндэстний дархлааг хадгалах, төрийн санах ой болдог үндсэн хүчин зүйл мөн. “Зөөлөн хүч”-ний бодлого бол ямар нэг улс орон өөрийн оюун санаа болон хэл соёлын үнэт зүйлсийнхээ тусламжтайгаар нүдэнд үл үзэгдэж, гарт эс баригдах замаар бусад орны ашиг сонирхол, төлөв байдалд нөлөөлөх чадвар гэдгийг бид мэднэ. Зөөлөн хүчний бодлогод улсын тусгаар тогтнол, оршихуй, үндэсний онцлог, дархлаагаа хадгалахад эх хэл, эх түүх чухал болох нь дамжиггүй. Иймд манай архивын байгууллага Монголын “зөөлөн хүч”-ний хамгаалах болон довтлох бодлогыг хэрэгжүүлэх нэг гол байгууллага байх ёстойгоо ухамсарлаж ажиллах хэрэгтэйг онцлон дурдьяа.

Наймдугаарт. Цогц утгаараа иргэн бүр, байгууллага бүр улсынхаа түүхийг бүтээн бүрдүүлдэг билээ. Иймд төрийн болон олон нийтийн бүх байгууллага өөрийн архив бүрдүүлэлт, албан хэргийн ажилдаа онцгой анхаарал тавьж байх шаардлагатайг онцлон хэлмээр байна. Архив яах вэ, тэгж байгаад болно гэдэг хандлага манай дийлэнх байгууллагуудад бий шүү. Байгууллагын архивтаа хайхрамжгүй хандсанаас хожим тэр байгууллага түүхгүй болж үлдэнэ, ажиллаж байсан хүмүүс нь тэтгэвэр тэтгэмжгүй хоцорно. Монгол Улс дахь үндэсний архивын сан хөмрөг нь Монголын ард түмний амьдрал, хөгжлийн түүхийг тусгасан, эрдэм шинжилгээ, нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын ач холбогдолтой бүх төрлийн архивын баримтаас бүрддэг гэдгийг хаа хаанаа цаг ямагт санаж явах хэрэгтэй.

Эцэст нь тэмдэглэхэд, ирэх 2021 онд ХХ зууны Монголын үндэсний сэргэн мандалтын эхийг тавьж, баталгаажуулсан түүхт хоёр хувьсгал, түүхийн анхдагч олон үйл явдлын тэгш ой тохионо. Та бүхэн энэ тэмдэглэлт ойнуудыг угтан Монголын шинэхэн үеийн түүхийн судалгааг гүнзгийрүүлэхэд түлхэц үзүүлсэн шинэ баримтуудыг илрүүлэн, баримт бичгийн эмхэтгэл хэвлүүлж, судалгааны баазыг тэлсэн шинэ шинэ бүтээл туурвина гэдэгт миний бие итгэж байна. Мөн дэмжиж ажиллана.

Салхи мэт урсан өнгөрөх өдөр өдрийн үйл хэрэг сайнтай муутайгаа архивт л үлдэж ирээдүйд хүрдэг.

Сайн нь арвидан зузаарч, саар нь арилан гээгдэх болтугай

Монголын архивчид та бүхний ар гэр тань амгалан тайван, аж жаргалтай, ажил хөдөлмөр тань амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.

Амжилт хүсье та бүхэндээ, баярлалаа” гэв.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Архивын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцлаа.

Үндэсний архивын газар нь төрийн 36 архив буюу нийслэл, 21 аймаг, салбарын 4, төрөлжсөн 10 болон тэдгээрийн хөмрөг үүсгэгч байгууллагын архиваас бүрдэн ажилладаг байна.

Тус архивт 1600 орчим хөмрөгт 1.3 сая гаруй хадгаламжийн нэгж хадгалагдаж байгаа бөгөөд нийт баримтын:

  • 76 хувийг цаасан суурьтай,
  • 14 хувийг кино, гэрэл зураг, дуу дүрсний,
  • 10 хувийг 1932 оноос хойшхи барилгын зураг төслийн баримт эзэлдэг байна.

Мөн жилд дунджаар 200 мянга гаруй баримтыг иргэд, байгууллагад ашиглуулж, байгууллагуудаас 25 мянга гаруй баримтыг нөхөн бүрдүүлэлтээр төрийн архивт хүлээн авч, 21 мянга орчим иргэн, аж ахуйн нэгжид архивын лавлагаа олгон, 25 мянган хуудас баримтыг сэргээн засварлаж, архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр мянга гаруй албан хаагчийг сургалтад хамруулдаг байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга байгууллагын үйл ажиллагаатай танилцах үеэрээ VIII Богд Жибзундамба хутагтын архивын баримт, гэрэлт зургийн үзэсгэлэн, лавлагаа, үйлчилгээний болон сэлбэн засах, сэргээн шинэтгэх зэрэг төвийн үйл ажиллагаатай танилцаж, дэлгэрэнгүй мэдээлэл авлаа.

Архивын ерөнхий газарт 1700 онд Манжийн хаанаас олгосон Халхын өндөр гэгээн Занабазарын шиншиглэсэн алтан нөхөөстэй Халхын Очирбатын Түшээт ханы тамга, Манж Чин улс, Хаант Орос улсын хооронд хил хязгаараа бататгасан гэрээ, Монгол Улс байгуулагдсаныг Англи, Франц, Бельги, Голланд зэрэг 9 улсад албан ёсоор зарласан бичиг, Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит анхдугаар таван жилийн төлөвлөгөө, Монгол Улсын анхны эдийн засгийн үндсэн бодлого зэрэг түүхэн чухал олон мянган баримт бичиг хадгалагдаж байна.

Categories
мэдээ улс-төр

Энэ сарын 10-нд “Төрийн далбааны өдөр”-ийг тэмдэглэнэ

Наадмын урьд өдөр буюу долдугаар сарын 10-нд Төрийн далбааны өдрийг тэмдэглэдэг уламжлалтай. Энэхүү үйл ажиллагааг 2009 оноос эхлэн зохион байгуулсан бөгөөд энэ жил арав дахь жилдээ зохиох гэж байна.

Иргэдэд эх оронч үзэл, хүмүүжил төлөвшүүлэхэд энэхүү өдрийн зорилго чиглэгддэг бөгөөд энэ үеэр цэргийн хүрээний анги нэгтгэл ёслолын жагсаалаар алхдаг уламжлалтай. Энэ жилийн цэргийн ёслолын жагсаалд Зэвсэгт хүчнээс Хуурай замын болон Агаарын цэргийн командлал, ҮБХИС болон Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл ангиудын бие бүрэлдэхүүн алхах аж. Харин шөнийн парадын бэлтгэлийн жагсаалыг энэ сарын 7, 9-ний өдрийн үүрээр жанжин Д.Сүхбаатарын талбайд хийх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Урианхай сурын харваагаар Монгол наадам эхэллээ

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, үндэсний их баяр наадам өнөөдөр Урианхай сурын харваагаар эхэллээ. Жил бүрийн наадмын салхийг хагалдаг уламжлалт урианхай сурын харваанд зөвхөн эрэгтэй харваачид оролцдог бөгөөд урианхайн уламжлалт “хавчаахай” ба эвэр нумаар 350-450гр жинтэй зангидсан суран байг онодог. Сум нь 90-100 см урт, 1.1-1.3 см хөндлөн голчтой, 50-60гр жинтэй байдаг. Эрийн гурван наадмын хүчит бөх, сур харваа, хурдан морь нь эрт дээр үеэс уламжилж ирсэн түүхтэй. Үүн дотроос сурын харваа нь зөвхөн тэмцээн бус Монголын өв соёл, уламжлал, зан заншлыг хадгалж ирсэн онцлогтой юм.

Categories
мэдээ нийгэм

Б.Марал өсвөр үеийн Азийн аварга болов

Чөлөөт бөхийн 2019 оны өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Нур-Султан хотод эхэллээ.

Эхний өдөр охидын 40, 46, 53, 61, 69 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаан боллоо. Манай улсаас 2017 оны Саори Ёшидагийн нэрэмжит ОУТ-ий аварга, “Монгол туургатан” хүүхдийн спортын наадмын хошой мөнгөн медальт, энэ жилийн өсвөр үеийн улсын аварга “Женко” клубийн тамирчин Батцоожийн Марал 61 кг-ын жингийн шигшээ барилдаанд Узбекистаны Лайло Собироваг 8:0-ээр ялан алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр Монголын охидоос өсвөр үеийн Азийн АШТ-д түрүүлсэн долоо дахь тамирчин болж байна. Манай бусад бөхчүүдээс 53 кг-д “Женко” клубийн тамирчин Б.Хулан хүрэл медалийн төлөөх барилдаанд БНХАУ-ын бөхөд ялагджээ.

Өнөөдөр хөвгүүдийн 65, 71, 80, охидын 43, 49, 57, 65, 73 кг-ын жингийн барилдаан болно.

Categories
мэдээ нийгэм

Эрсдэлийн хянан магадлагааны баг 8-р сард ирнэ

Монголын хүнсчдийн холбооны удирдлагууд өнгөрөгч сарын сүүлээр БНХАУ-д сүү сүүн бүтээгдэхүүн экспортлох хүсэлтэй 10 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа. Энэ үеэр БНХАУ-ын Гаалийн Ерөнхий Газрын Экспорт импортын хүнсний аюулгүй байдлын газраас Монголын сүү, сүүн бүтээгдэхүүний гарал үүсэл, үйлдвэрлэл, хяналтын тогтолцоотой газар дээр нь ирж танилцах эрсдэлийн хянан магадлагааны баг 8-р сард хүрэлцэн ирэх болсныг мэдэгдэв. Дээрх баг нь Монгол улсын хяналтын байгууллага болон лабораторийн үйл ажиллагаатай танилцан мал амьтны хорио цээр, эрүүл мэнд, үхэр, хонь, ямааны ферм, БНХАУ-д сүү, сүүн бүтээгдэхүүн нийлүүлэх үйлдвэр, аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийхийн зэрэгцээ үнэлэлт дүгнэлт өгч БНХАУ-ын Гаалийн Ерөнхий Газарт бүртгэж зөвшөөрөл олгох юм.

Categories
мэдээ нийгэм

Сонсголонгийн гүүрийн хөдөлгөөнийг нээжээ

Сонсголын гүүрийн хөдөлгөөнийг өчигдөр /2019.07.05/ нээлээ. Туул гол дээгүүр, Сонсголонгийн хуучин гүүртэй зэрэгцүүлэн шинээр барьсан гүүрний барилгын ажлыг Улсын баяр наадмын өмнө дуусгасан нь энэ юм. Ийнхүү 289.4 метр урт, хоёр эгнээтэй гүүр ашиглалтад орсноор Улсын баяр наадмын өдрүүдэд замын ачаалалгүй, наадамчин олон шинэ, хуучин хоёр гүүрээр саадгүй зорчих боломж бүрдэж байна.

Сонсголонгийн гүүр нь нийслэлийн авто замын сүлжээний босоо тэнхлэгийн гол замын сүлжээ болох Сонсголонгийн 5.5 км авто замд байрлах бөгөөд хотын төвлөрлийг бууруулах Яармагийн дэд төвийн бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх, үйлдвэрлэлийн бүс, олон улсын шинэ нисэх онгоцны буудал руу зорчих хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлж, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг сайжруулах чухал ач холбогдолтой байгууламж юм.

Шинэ гүүрийн барилгын ажлыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 2018 оны тавдугаар сарын 1-ний өдөр эхлүүлж, барилгын ажлыг үндэсний үйлдвэрлэгч “Гангүүр” ХХК богино хугацаанд гүйцэтгэжээ.

Categories
мэдээ нийгэм

Ахмадуудад “Насны хишиг”-ийг нь олгож байна

Жил бүрийн цагаан сар болон үндэсний баяр наадмын өмнө 65 нас хүрсэн ахмадуудад “Насны хишиг” олгодог билээ. Энэ жил 160 гаруй мянган ахмадад “Насны хишиг” хүртээхээр тооцож, улсын төсөвт 22.5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ жилийн насны хишгийг өнгөрсөн тавдугаар сарын 20-ноос эхлэн олгожээ.

Тодруулбал, хуульд заасны дагуу 65-69 настай ахмад настанд 50 мянга, 70-79 настай бол 80 мянга, 80-89 настай бол 150 мянга, 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөг жилд хоёр удаа олгодог. Хэрэв анх удаа “Насны хишиг” авч буй ахмадууд гэрээтэй банкинд эхний удаа өөрийн биеэр очиж авах шаардлагатай. Ингэхдээ шинээр данс нээлгэх эсвэл тухайн банкин дахь өөрийн дансаараа “Насны хишиг”-ээ авах хүсэлт гаргаснаар дахин банкинд очих шаардлагагүй юм.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  • Ахмад настан эсвэл түүний итгэмжлэгдсэн этгээд нь насны хишиг авах хүсэлтээ оршин суугаа сум, хорооны халамжийн мэргэжилтэнд гаргаж өгнө. Насны хишиг авах хүний иргэний үнэмлэх эсвэл улсын бүртгэлийн лавлагаа авч очно.
  • Ял эдэлж байгаа болон цагдан хоригдож байгаа ахмад настны мэдээллийг хорих анги байрлаж байгаа аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллагад хүргүүлж, насны хишиг нэрийн дансанд нь шилжүүлнэ. Мөн итгэмжлэгдсэн этгээдээр дамжуулан авах бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ангийн дарга итгэмжлэл олгоно.
  • Гадаадад оршин суугаа иргэний насны хишгийг хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газрын итгэмжлэл, тодорхойлолтыг үндэслэн итгэмжлэгдсэн этгээдэд олгоно.
  • Арилжааны банк нь ахмад настан бүрт Насны хишиг авах нэрийн данс үнэ төлбөргүй нээнэ. Мөн энэ мөнгийг олгохдоо ямар нэг шимтгэл авахгүй.
  • Насны хишиг авах ахмад настан хүсэлт гаргавал тухайн банкин дахь өөрийн данстай холбож болно. Энэ зохицуулалтыг тухай иргэн өөрөө хүссэн тохиолдолд зохицуулах боломжтой.