Categories
мэдээ нийгэм

“Торгоны зам” раллиг энэ сарын 9-нөөс 13-ны өдрүүдэд 12 цэгээс үзэх боломжтой

Улс дамнасан раллинуудын дунд хамгийн томд зүй ёсоор тооцогдох “Торгоны зам” автомашин, мотоциклын холын зайн ралли энэ сарын 6-16-ны өдрүүдэд ОХУ-Монгол-БНХАУ-ыг дамнан зохион байгуулагдаж байгаа билээ. Тэмцээний албан ёсны нээлт өчигдөр ОХУ-ын Эрхүү хотод болж, тамирчид Эрхүү хотоос гараанаас гарч, энэ сарын 9-ний өдөр Алтанбулаг хилийн боомтоор Монгол Улсын нутагт орж ирэх юм. Улмаар Сэлэнгэ, Дархан, Хөтөл, Төв аймаг, Улаанбаатар, Мандалговь, Даланзадгад маршрутаар уралдаж энэ сарын 13-ны өдөр Гашуун сухайт хилийн боомтоор БНХАУ-руу гарч, уралдаанаа үргэлжлүүлнэ.

Монгол Улсын нутагт дэвсгэрээр уралдах үеэр авто спорт сонирхогч иргэд тэмцээнийг үнэ төлбөргүй үзэж болох бөгөөд Цагдаагийн Ерөнхий газраас дараах байршлуудад тэмцээнийг үзэж сонирхох боломжтой хэмээн үзэгчдийн хэсгийг бэлтгэсэн байна.

“ТОРГОНЫ ЗАМ” РАЛЛИГ ҮЗЭХ БОЛОМЖТОЙ 12 ЦЭГ:
  1. Сэлэнгэ аймаг Сайхан сумын 3 дугаар баг Цахир /1 дүгээр гараа/
  2. Сэлэнгэ аймаг Сайхан сумын /Хөтөл тосгон/ –
  3. Сэлэнгэ аймаг Орхон туул /Төмөр замын 42 дугаар зөрлөг/
  4. Төв аймаг Жаргалант сумын төв
  5. Төв аймаг Баянцогт сум
  6. Төв аймаг Баянцогт сум /жирмийн цагаан нуур 1 дүгээр бариа/
  7. Төв аймаг Алтанбулаг сумын /Хөшигтийн хөндий 2 дугаар гараа, бариа/
  8. Төв аймаг Бүрэн сумын төв
  9. Төв аймаг Сэргэлэн сум /Ээж хад/
  10. Дундговь аймаг /Даланзагад хотын төв/
  11. Дундговь аймаг Цагаан дэлгэр сумын төв
  12. Өмнөговь аймаг Цогтцэций сум, Мандалговь аймгийн төв

Мөн Цагдаагийн ерөнхий газраас уралдаан явагдаж буй замын орчимд аль болох хөдөлгөөн үйлдэхгүй байх, замын ойролцоо малаа хариулгагүй орхих, гэр, майхан барихгүй байх, уралдааны аюулгүй байдлыг хангаж буй алба хаагчдын шаардлагыг биелүүлэхийг анхааруулж байгаа юм.

Энэ удаагийн тэмцээнд нийт 40 улсын 97 тамирчин, 54 автомашин, 16 том оврын ачааны автомашин, 24 мотоцикл оролцохоор бүртгүүлсэн нь тэмцээний түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа юм байна. Тэмцээнд оролцогчдыг дагалдан 394 техник, 1400 гаруй хүн, 120 улсын сэтгүүлч Монголын хилээр нэвтэрч тэмцээнийг зохион байгуулж, оролцож, сурвалжлахаар мэдүүлсэн байна.


Categories
мэдээ нийгэм

Гудамж талбайн цэвэрлэгээний машинууд ажилдаа орлоо

Өнгөрсөн долоо хоногт гудамж талбайн цэвэрлэгээнд зориулан тусгайлан үйлдвэрлэгдсэн 20 ширхэг бага оврын машинуудыг Хотын захирагчаас Нийслэлийн Хот тохижилтын газарт хүлээлгэн өгсөн. Тэгвэл эдгээр машин механизмууд улсын дугаараа авч өнөөдрөөс Сүхбаатарын талбайгаас эхлэн хотын гудамж талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд гарлаа. Гудамж талбайг шүүрдэх, усаар чийгшүүлэх, хогийг нь соруулах үйлчилгээтэй зориулалтын эдгээр машинууд үйлчилгээнд гарснаар цэвэрлэгээ үйлчилгээний ажлын бүтээмж чанар сайжрах, ТҮК-ийн ажилтнуудын ажлын ачааллыг хөнгөвчлөх, Хотын соёлд шинэ өнгө төрх бий болох боломж бүрдэж байгаа юм.

Энэ үеэр ТҮК-ийн ажилтан М.Цэрэндондовоос тодруулга авлаа. Тэрбээр “Цэвэрлэгээний зориулалтын автомашинаа жолоодоод ажлаа явуулахад үнэхээр таатай байна. Өмнө нь би шүүр бариад гудамж цэвэрлэдэг байсан бол харин одоо жолоо бариад гудамжаа цэвэрлэж байна. Механизмаа жолоодоод ажиллах нь бидний ажлын ачааллыг багасгасан, нэг дор 5-6 хүний ажлыг хөнгөвчилж, ажиллахад амар болгож байгаа. Ийм төхөөрөмж оруулж ирсэн, бидний ажлыг хөнгөвчилж өгсөн байгууллагынхаа болон Нийслэлийн удирдлагууддаа баярлалаа. Нийслэлчүүддээ хандаж бидний ажлыг хүндэтгэж, хогоо хогийн саванд хийж хэвшээрэй, мөн автомашины жолооч нарт хандаж цонхоороо татсан тамхиныхаа ишээ бүү хаяарай, зам хогийн сав биш шүү гэдгийг ойлгоосой гэж хэлэх байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Наадмын тасалбар маргаашнаас нэгдсэн үйлчилгээний төвүүдээр зарагдаж эхэлнэ

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын тасалбарыг долдугаар сарын 8-9-ний өдрүүдэд нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний төвүүд буюу “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, “Оргил” гэсэн дөрвөн цэгээр худалдан борлуулна.

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт болон үндэсний бөхийн барилдааны багц тасалбарын үнэ урьд жилүүдийнхтэй адил буюу 16 мянга, 24 мянга гэсэн хоёр янз байна.

Ард иргэдэд нийт 6000 тасалбар худалдан борлуулна. Өнгөрсөн жил жуулчдад 2500 тасалбар худалдан борлуулсан бол өнөө жил 500-гаар нэмэгдүүлж, 3000 тасалбар борлуулахаар төлөвлөөд байна.

Автомашины зөвшөөрлийг мөн адил долдугаар сарын 8-9-нд нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний төвүүд буюу “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, “Оргил” гэсэн дөрвөн цэгээр худалдан борлуулах бөгөөд үнэ нь 10 000 төгрөг байна.

Categories
мэдээ нийгэм

Налайх дүүргийн 97 жилийн ойн их баяр наадам боллоо

Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жил, Налайх дүүргийн 97 жилийн ойн их баяр наадам өчигдөр боллоо. Баяр наадмаа тэмдэглэж буй наадамчин олондоо хандан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Энэ жилийн наадам Налайхчуудын хувьд онцлог сайхан болж байна. Учир нь та бид бүхэн өөрсдийн хөдөлмөр зүтгэл, итгэл сэтгэл, хамтын хүчээрээ спорт талбайгаа тохижуулж, Төрийнхөө их баяр наадмыг шинэ цэнгэлдэх хүрээлэндээ тэмдэглэж байгаад би баяртай байна. Мөн Нийслэлчүүд болон Налайхчуудын хувьд энэ жил бүтээн байгуулалт, хөдөлмөр бүтээл ундарсан, ирээдүйн хөгжил цэцэглэлтийн төлөө тэмүүлсэн, олон сайхан төсөл хөтөлбөрүүд өрнөж байгааг энд онцлон тэмдэглэж хэлмээр байна. Тухайлбал, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх хоёр урсгалт, дөрвөн эгнээ 20.9 км авто замын ажил эрчимтэй хийгдэж байгааг та бүхэн мэднэ. Үүний зэрэгцээ Налайхын үйлдвэр технологийн паркийн бүтээн байгуулалтын ажлууд болон хүүхэд багачуудын сурах орчныг сайжруулах, иргэд оршин суугчидаа эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх чиглэлд олон ажлууд бидний хамтын хүчээр бий болж байна. Ингээд та бүхэндээ эрүүл энх, сайн сайхныг хүсээд Налайхынхаа цэлгэр хөндийд налайтал сайхан наадацгаагаарай гэж ерөөе” хэмээлээ.

Түүнчлэн хотын Захирагч айраг, түрүүнд хурдалсан соёолон насны морьдын бай шагналыг гардуулсан юм. Мөн баяр наадамд зориулан барьсан албан байгууллага, хороодын гэр, асраар зочилж, дүүргийн иргэдтэй уулзан, санал сэтгэгдлийг нь сонсов. Налайх дүүргийн 97 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар 256 бөх барилдан, зургаан насны шандаст хурдан хүлгүүд хурдалж, үндэсний сур, урианхай сур, шагайн харваагаар цэц мэргэнээ сорьж, наадамчин олноо цэнгүүллээ.



Categories
мэдээ нийгэм

Баяр наадмыг зохион байгуулах комисс наадмын бэлтгэл ажилтай танилцлаа

Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссынхон буюу Монгол Улсын шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй албаныхан төв цэнгэлдэх хүрээлэн, шагай, сурын талбайн урсгал засварын явц, наадмын бэлтгэл ажилтай танилцлаа.

Төв цэнгэлдэх орчимд энэ жил хуушуурын 350, худалдааны 50 цэг ажиллана. Нэг дүүргээс 80 худалдаа үйлчилгээний цэг гарна. Давхардсан тоогоор нийт 400 улсын байцаагч хяналт тавьж ажиллана. Энэ жил хувь хүмүүст худалдаа үйлчилгээний зөвшөөрөл олгоогүй. Зөвхөн аж ахуй нэгжүүдэд олгосон. Мөн ахуйн хийний аюулгүй байдлыг хангах тал дээр онгойлон хяналт тавьж ажиллана. Явуулын лаборатори ажиллана” хэмээн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун танилцуулсан юм.

Монгол Улсын шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин “Баяр наадмын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа. Урьд жилүүдэд Засгийн газрын нөөц хөрөнгөөс наадмын зардлыг гаргадаг байсан бол энэ жил төсөвтөө тусгаад өгсөн. Цэнгэлдэх хүрээлэнд автоматаар удирдах боломжтой гэрэлтүүлгийг бүрэн тавьсан. Цэнгэлдэхийн гадна дотор тохижуулалт, зам нөхөх, шинээр талбай барих, бие засах газрын тоог нэмэгдүүлэх зэрэг ажлууд бүгд төлөвлөгөөний дагуу хийгдсэн. Цэнгэлдэхийг тойроод долоон барилга баригдаж байгаа. Энэ барилгууд ашиглалтад орохоор машин тавих зогсоолоос авахуулаад наадам хийх талбай улам хумигдсаар байна. Цаашдаа шинэ цэнгэлдэх хүрээлэн барих ажилдаа эрчимтэй орохгүй бол болохгүй гэсэн дүгнэлттэй байна. Хаана барих вэ гэдэг дээр шийдэж чадахгүй байна” хэмээв. Үндэсний бөхийн салбар хорооны хурлаар 2017, 2018 онуудад сэргээшийн шинжилгээгээр хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсон найман бөхийн асуудал яригдаж, эдгээр бөхийг энэ жилийн наадамд барилдуулахгүй гэсэн шийдвэр гаргаад байгаа.

Хүй долоон худагт зургаан насны хурдан морьдын уралдаанаас гадна “Морьтон монголчууд” тоглолтыг нас насны морьд барианд ирэхээс өмнө зохион байгуулна. Долдугаар сарын 12-нд шүхрийн спортын үзүүлбэр болно. Мөн 11-12-нд “Соёлын наадам” болно гэж Хурдан морины салбар хорооны дэд дарга Ж.Болдбаатар ярилаа.

Энэ жилийн хувьд Төв цэнгэлдэх орчимд нийт 2500 авто машины зогсоол бэлдсэн байна. Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслол, Төрийн хүндэтгэлийн тоглолтын ерөнхий найруулагчаар Үндэсний урлагийн их театрын захирал, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ерөнхий продюсерээр соёлын тэргүүний ажилтан Б.Отгонбат, хөдөлгөөний ерөнхий найруулагчаар бүжиг дэглээч, соёлын тэргүүний ажилтан Г.Ган-Очир сонгогдон ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ спорт

Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваанд Улсын мэргэн Ц.Батзориг түрүүллээ

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваа өчигдөр болж өнгөрөв. Энэ жилийн харваанд Ховд аймаг, Мөнххайрхан сумын харъяат, аймгийн ЗДТГ, “Гигант” хүнсний сүлжээ дэлгүүр, “Гүрт богд” ХХК-ийн харваач улсын мэргэн, спортын мастер Ц.Батзориг түрүүллээ. Ц.Батзориг мэргэн нь Урианхай сурын харваанд хоёр дахь удаагаа түрүүлж хошой мэргэн болж буй бөгөөд 30 сумнаас 30 оносон рекордыг эзэмшдэг билээ. Харин хоёрдугаар байранд Баян-Өлгий аймгийн Буянт сумын харъяат спортын мастер, аймгийн мэргэн Т.Одгэрэл удаалж, түүний араас Дорнод аймгийн Сэргэлэн сумын харъяат шинээр спортын мастер цолны болзол хангасан З.Золбаяр байр эзлэв. Дөрөвдүгээр байранд Завхан аймгийн Тэс сумын харъяат улсын мэргэн Б.Хатансайхан орсон бол тавдугаар байранд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харъяат спортын мастер Б.Батбаатар цэц булаалдлаа.

Categories
мэдээ нийгэм

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бэсрэг наадам болж өндөрлөлөө

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадам, цагдаагийн байгууллагын 98 жилийн ойг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн байгууллагын “Их сорилго” бэсрэг наадам энэ сарын 06-нд болжээ.

Уг бэсрэг наадамд үндэсний бөхийн барилдаанд 64 бөх барилдаж, шөвгийн дөрөвт Улсын харцага Г.Алтангэрэл, Аймгийн хурц арслан Ж.Батдорж, Улсын харцага Н.Золбоо, Аймгийн харцага Ш.Чинтулга нар шалгарчээ. Түрүү бөхөөр аймгийн хурц арслан, Дотоод хэргийн Их сургуулийн цэргийн албаны зохион байгуулалтыг дэг журмын офицер, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Батдорж, Улсын харцага, Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны дасгалжуулагч, цагдаагийн ахмад Н.Золбоо үзүүрлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Халх голын дайнд оролцож явсан ахмадуудад таван сая төгрөг олгоно

Халх голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 210 дугаар тогтоолоор ойн баярыг зохион байгуулах хороог Монгол Улсын Шадар сайдаар ахлуулан 19 хүний бүрэлдэхүүнтэй байгуулаад байгаа билээ.

Ойн хүрээнд 80 орчим ажил өрнүүлэхээр төлөвлөж, хэрэгжилтийг хангаж байна. Тухайлбал, Дорнод аймгийн Халх гол сумыг жишиг сум болгон хөгжүүлэх төсөл, “Дайчин нөхөрлөлийн замаар” сэдэвт Монгол-Оросын залуучуудын тойрон аялал зохион байгуулах, Монгол-Оросын Холбооны Улсын Зэвсэгт хүчний “Сэлэнгэ-2019” хээрийн сургууль явуулна. Мөн ОХУ-ын төрийн дээд болон Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний зочид, төлөөлөгч оролцоно. Мөн А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын бүрэлдэхүүн Монгол Улсад анх удаа уран бүтээлээ толилуулна.

Халх голын байлдаанд оролцож, эх орон ард түмнийхээ өмнө гавьяа байгуулсан цөөхөн ахмадууд үлдээд байгаа. Харин тэдгээр ахмадууддаа нэг удаагийн буцалтгүй тусламж болгон 5 сая төгрөг олгохоор төлөвлөжээ. Баярыг зохион байгуулахад зориулж Батлан хамгаалахын сайдын 2019 оны төсвийн багцад 1.3 тэрбум төгрөг суулгаад байгаа аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын домогт найрагчийн “Морин зэрэглээ”

Манай сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Дэмбээгийн Оюунтуяа нэгэнтээ “Монголын домогт их яруу найрагч” гэж Бавуугийн Лхагвасүрэн гуайг бичсэн байв. “Домогт” гэдэг үгийг би тэгэхэд их бодсон юм. “Домогт баатар Дандар” гэх мэтээр. Бавуу гуайн ганц хүү энэ тодорхойлолтод хэдийнэ багтах тэнгэрийн энгээр том хүн ажээ. Түүний “Морин зэрэглээ” номыг хүү Л.Хасар нь “Жиком пресс” компаниар хэвлүүлжээ. Их найрагчтай хамгийн сүүлд хөөрөлдөхөд ч ярьж байсан халуун дулаан амьсгал энэ номд үлдэж.

Яруу найрагч хүн гэдэг яруухан орчлонд амьсгал отголох хувьгүй “амьтад” ажаам. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом” наадмын дөрвөн удаагийн тэргүүн шагналт яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн абугайн номыг уншаад ийн бодлоо. Номыг уншаад цахимдаа “Тасархай ялгуун, танхай билигүүн… Бичсэн үг нь амьсгалах шиг билэгт хүмүүн амьд байна. Үг бүхэн нь үнэтэй, үнэн бүхэн нь жинтэй” гэж бичсэн. Үг бүхэн нь афоризм, мөр бүхэн нь сонгодог ийм ном ойрд гараагүй байх. Жишээ болгож, эрхэм мэргэн ахын нэгэн шүлгээс эшлэе!

Номын өмнө сөгдөж хэлсэн үг

“Хонины морь “номхон” цаас минь

“Хурган” шүлгийн хошуу эргүүлдэг үзэг минь

Бодлоосоо түүсэн хатсан “хомоол” минь

Богцолж ганзагалсан “хатуу” ааруул минь.

Ухааны чинь босгонд сөгдүүлсэн “боол” минь

Удаан жил намайг шаналгасан “хаан өвчин” минь”.

Энэ их сайн шүлэг биш байх. Хамгийн гол нь найрагчийн “хаан өвчин”-ий тодорхойлолт учраас үүнд нь би хайртай байгаа юм. Манай Хасар энэ номыг чамбай эмхэтгэсээн. Гэртээ хоёр ч удаа урьж арав хориод тэмдэглэлийн дэвтрийнх нь навтрагаас ном босгож буйг танилцуулсан. Бавуугийн Лхагвасүрэн гуайн энэ номын шүлэг бүхнийг, мөр бүхнийг онцолмоор ном болсон. Эх орондоо, дэлхийдээ ямар их хайртай хүн байж вэ гэхээс илүү эхнэртээ, үр хүүхдүүддээ тэнгэр мэт хайртай хүн байжээ гэх бодол төрсөн. Тэр газрын энтэй амьдарсан ч тэнгэртэй тэнгээр хүн байжээ. Шүлэг бүхнийг нь дурдвал “оюуны хулгай” болмоор. Гурван зуун хуудас эл номыг уншихад гуниг мартагдаж, тэнгэр харагдана. Тэнгэр харагдахдаа зэрэглээ үгүй тод харагдана. “Сүү эхэлсэн эжий”-гээ тэр л ганцхан саравчлан харж танина. Бид Лхагвасүрэн гуайн аав, эжийг танихгүй ээ. Аав л, эжийгээ танигдтал бичсэн монгол найрагч бол тэр. Энэ л ирмүүн, эрмэг найрагч үр л хүүхдүүддээ зориулж өчнөөн гайхамшигтай шүлэг бичсэнийг “Морин зэрэглээ”-нээс уншина биз ээ. Их найрагчийн шүлгийг эшлэхээс ч аюунам, би!

Categories
мэдээ цаг-үе

Э.Бямбажав: “Оюу толгой”-н гүний уурхайг барьсны дараа гэрээний асуудлыг ярих хэрэгтэй

“Оюу толгой” ордын гэрээний хэрэгжилтийг шалгах УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-ын дахь Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлээд буй. Үүнтэй зэрэгцэн “Оюу толгой” компаниас хөрөнгө оруулалтын гэрээ болон суурь гэрээг өөрчлөх боломжгүй гэдгээ мэдэгдээд байна. Энэ асуудлын хүрээнд Сангийн сайд асан Э.Бямбажавтай ярилцлаа.


-“Оюу толгой” ордын хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-ын түвшинд хөндөөд байгаа. Хамгийн сүүлд тус компанид хийсэн шалгалтын мэдээллийг УИХ дахь Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүллээ. Энэ асуудал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Оюу толгой бол Монголын ирээдүй мөн үү гэвэл мөн. 1990-1992 онд улсын төсөв бүр болохоо байж сууж байсан удаатай. Тэр үед улсын төсвийг “Эрдэнэт” үйлдвэр аварч байсан. “Оюу толгой” бол нөөц, боломжоороо Эрдэнэтээс хоёр гурав дахин илүү ашигтай. Гэрээ хэлэлцээр бүр болохоо байчихсан гэж хэлж болохгүй. Цөөхөн монголчуудыг өрөнд оруулаад үлдээх нь, хамаг юмыг аваад явлаа гэдэг нь үндэслэл багатай. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гадныхныг дээрэмчид гээд байна лээ. Би бол манайхны буруу гэж үздэг. Яах гэж тийм хэлэлцээрийг зөвшөөрсөн юм. Манайхны хүний өмнөөс юм хэлж чаддаггүй, мэдлэггүй, чадваргүйнх нь л байхгүй юу. Гэхдээ үүнийг засч болно.

-Яаж?

-Манайх одоо бол нэг сэрж ирээд л нэг зүйл засъя, дахиад жаахан байж байгаад сэрж ирээд өөр нэг зүйл засъя гэлцэж байна. Энэ маш буруу. Гүний уурхайн үйлдвэрийг барьж, ашиглалтад оруулсны дараа энэ зүйлээ ул суурьтай ярих ёстой. “За нөхөд минь, сайхан уурхай барилаа. Одоо гэрээ, хэлэлцээрээ эргэж нэг харъя. Гэрээн дээр ингээд заачихаж. Үүгээр бол бид чинь өрөнд ороод үлдэх нь байна шүү. Ингэж болохгүй ээ нөхөд өө” гэж.

-Монголын талаас хийж байгаа үйлдлээс улбаалж Рио тинто гүний уурхайн бүтээн байгуулалтыг зогсоож, санхүүжилтээ татна гэж мэдэгдэж байгаа шүү дээ?

-Тэгэх юм бол манайд л муу болно. Яг амьдрал дээр “Оюу толгой” мэтийн том уурхай чинь бусдыг уриалан дууддаг юм. Гадаадын хөрөнгө оруулагчид “Рио Тинто” чинь Монголд ашиг байна гээд хөөцөлдөөд яваад байна. Энэ том нөхөр ингэж байгаа юм чинь Монголд зэсийн үйлдвэрлэл рүү оръё, сэргээгдэх эрчим хүчийг сонирхъё” гэлцдэг. Ингэж уриалан дууддаг. Гэтэл “Рио Тинто”-г түүнийг хөөгөөд явуулчихаар “За ингэж алдаг юм бол болъё доо. Хятадад юм уу, Энэтхэгт хийе” гээд л холдчих эрсдэлтэй. Одоо Энэтхэгт гэхэд том, том уурхай руу гадны том хөрөнгө оруулагчид хошуурч байна. Бидний үед хөрөнгө оруулалт олох асуудал үнэхээр хүнд байсан. Монголбанк, арилжааны банкуудыг гурван сая, таван сая ам.долларын зээл ол гэхэд олдоггүй байсан. Одоо бол амар болсон шүү дээ. Зовох юм байхгүй. Уг нь толгойгоо зөв ажиллуулж, хөрөнгөө зөв хуваарилж чадвал Монгол Улс богино хугацаанд хөгжих боломж дүүрэн байгаа юм.

-Та “Оюу толгой”-н гэрээг засч болно гэлээ. Харамсалтай нь хэдхэн хоногийн өмнө “Оюу толгой” компанийнхан тайлангаа тавихдаа энэ асуудлыг хөндөж, гэрээг засах боломжгүй гэлээ. Цаашид хэрхэх вэ?

-Аливаа асуудлыг түүхийгээр нь тавина гэдэг ийм л үр дүнд хүрнэ. Хүний дургүйг хүргэж байгаа хэрэг. Уг нь бид энэ асуудлаа дотооддоо маш сайн боловсруулж бэлдчихээд хэзээ тавих вэ гэдгээ бодох ёстой байсан юм. Улс орны хар хайрцагны бодлого гэдэг тэр. Харамсалтай нь өнөөдөр Монголд алга болсон. Ю.Цэдэнбал даргын үед хар хайрцагны бодлого үнэхээр мундаг, ямар асуудлыг хэзээ, хэнд, хэний үед тавих вэ гэдгийг нарийн шийддэг байсан. Жишээ нь, Горбачёвын үед юу ярих вэ, Брежневийн үед юуг хөндөх вэ гэдгийг тооцдог байсан. Гэтэл манайд бол өнөөдөр хэн дуртай нь улс орны чухал асуудлыг ярьдаг болж.

-Та Эрдэнэт үйлдвэрийг бүтээн байгуулах гэрээг анх үзэглэж байсан хүмүүсийн нэг. Эрдэнэтийн орд газарт хийгдэж байсан гэрээнд Монгол Улс хэрхэн оролцож байв?

-Бид чинь тэр үед оросуудаас эхэлж ТЭЗҮ шаардана. ТЭЗҮ бол эдийн засгийн үзүүлэлт, технологийг тодорхой болгочихож байгаа юм. Технологийн хүмүүсээс “Үүнээс өөр технологи дэлхийд алга уу?” гэсэн. Тэд “Байхгүй” гэлээ. Нэгэнт технологио тогтсон бол эдийн засгийн тооцооллыг хийгээд яаж харилцан ашигтай байх талаар ажиллах шаардлагатай болж байгаа юм. Гэрээний төслийн үед эргэж, буцаж ярих зүйл их байсан. Жишээ нь, үйлдвэр барихад тэр үед рублийг бид 4.44 төгрөгтэй тэнцүүлдэг байсан. Түүгээр нь тооцоход зэсийн үйлдвэрт алдагдал гарах нь гэж Оросын тал мэдэгдээд зөрүүнд рублийг 6.60-аар тооцоод “Та нар валют олж байгаа юм чинь валютыг урамшуул, төсвийн татаас өг” гэдэг юм. Түүнийг нь бид эхний үед нь дэмжье гэж шийдсэн. Үйлдвэрээ ч барьсан. Эхний үед Монголын талаас жаахан татаас өгч байгаад л болиулсан. Үнэхээр одоо Эрдэнэт 300 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж байна. Одоо Эрдэнэтийг ашиггүй гэж ярих юм бол тэр шиг тэнэг, худлаа зүйл байхгүй. Эрдэнэт Монголд ашиг өгч ирсэн, цаашдаа ч өгнө. “Оюу толгой” бол үүнтэй л ижил юм.