Categories
мэдээ нийгэм

Сувилалд аав, ээжтэйгээ амарч байсан хүүхэд 00-д унаж нас баржээ

Хэнтий аймгийн Аварга тосонд гэр бүлээрээ амарч байсан зургаан настай хүүхэд модон жорлонд унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, хүүхэд сураггүй алга болсон гэж ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад мэдэгдээд эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байсан аж. Харамсалтай нь зургаан настай охиныг 00-д унаж нас барсан байдалтай байхад нь олсон байна.

Урин дулаан цаг ирж, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан энэ төрлийн харамсалтай тохиолдлууд ихээр бүртгэгдэх болсон учраас аялал, зугаалгаар явахдаа бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа дээшлүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

Шадар сайд Ө.Энхтүвшин: Үндэсний их баяр наадмын бэлтгэл хангагдлаа

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин долдугаар сарын 6-ны бямба гаригт Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт ажиллаж үндэсний их баяр наадмын бэлтгэл ажилтай танилцлаа.

-Төв цэнгэлдэхэд гэрэлтүүлэг шинээр хийсэн. Бөхийн барилдаан оройтсон тохиолдолд талбай тойрсон гэрлүүд бүрэн ажиллана. Цэнгэлдэх, сурын талбайн эргэн тойрны тохижилт, зам засварын ажил хийгдсэн. Нийтийн бие засах газрын тоог нэмсэн. Төлөвлөсөн хэмжээндээ ажиллаж чадлаа. Жил жилд бага багаар л хийхгүй бол бүгдийг зэрэг хийж боломжгүй байна. Тухайлбал, цэнгэлдэхэд борооноос хамгаалах дээвэр хийж байгаа, ирэх жил бүрэн дуусах юм гэж Шадар сайд Ө.Энхтүвшин хэллээ. Цэнгэлдэхийг тойроод өнөөдрийн байдлаар долоон барилга баригдаж байна. Жишээ нь, өнөөдөр баяр наадмын урианхай сурын харваа эхэлж байхад энд барилгын ажил ид өрнөж байна. Сурчид, наадамчдын аюулгүй байдлыг хамгаалж энэ сарын 8-наас барилгын ажлыг түр зогсооно. Наадмын талбай, машины зогсоолын талбай эрс багасч байна. Дараа дараагийн наадамд энэ том асуудал болно. Шинэ цэнгэлдэхтэй болох ажлаа шуурхайлах хэрэгтэй байгааг энэ бүхэн илтгэж байна гэж Шадар сайд ярьж байлаа.

Үндэсний бөхийн салбар хорооны хурлаас 2017, 2018 онуудад сэргээшийн шинжилгээгээр хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсон найман бөхийг энэ жилийн наадамд барилдуулахгүй гэсэн шийдвэр гарсан гэж тус хорооны нарийн бичгийн дарга Д.Жанчивдорж хэллээ. Хүй долоон худагт зургаан насны хурдан морьдын уралдаанаас гадна “Морьтон монголчууд” тоглолтыг нас насны морьд барианд ирэхээс өмнө зохион байгуулна. Долдугаар сарын 12-нд шүхрийн спортын үзүүлбэр болно. Мөн 11-12-нд “Соёлын наадам” болно гэж Хурдан морины салбар хорооны дэд дарга Ж.Болдбаатар ярилаа. Төв цэнгэлдэх орчимд хуушуурын 350, худалдааны 50 цэг ажиллана. Энэ жил хувь хүмүүст худалдаа үйлчилгээний зөвшөөрөл олгоогүй. Зөвхөн аж ахуй нэгжүүдэд олгосон байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Эрүүдэн шүүсэн гэх хэргээр Б.Хурц нарт холбогдох шүүх хурал эхлэх гэж байна

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хохироосон хэргээр ял эдэлж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэргээр Б.Хурц нарын 9 хүнийг шалгаж эхэлсэн билээ. Тодруулбал, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, ТЕГ-ын мөрдөгч О.Бархасбадь, Ч.Мөнхгал, С.Баяр, Ч.Отгонбаяр, С.Эрдэнэбат, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаяр, О.Бямбажав нар нэр холбогдсон байгаа юм. Уг хэрэг шүүхэд шилжсэн бөгөөд өнөөдөр урьдчилсан хэлэлцүүлэг нь эхлэх гэж байна. Одоогоор шүүгдэгч нарын өмгөөлөгч нар гүйцэт ирээгүй байна. Эрүүгийн хуулийн 133.1, 251.1-д зааснаар яллах дүгнэлттэйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд өнөөдөр урьдчилсан хэлэлцүүлэг болох гэж байна. Урьдчилсан хэлэлцүүлгээр шүүх хурлын товыг гаргана. Эсвэл хэргийг мөрдөн байцаалтад буцаах юм.

Categories
мэдээ нийгэм

Дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд хепатит “В” вирусын эсрэг вакцин хийж эхэллээ

“Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 11 болон 112 дугаар тогтоолоор тус тус батлагджээ. Тус хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хүрээнд хүн амыг хепатит “В” вирусын халдвараас сэргийлэх зорилгоор өнөөдрөөс нийслэлийн есөн дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд хепатит “В” вирусын эсрэг вакцинаар сайн дурын дархлаажуулалт хийж эхэллээ. Нийт гурван удаагийн тунгаар дархлаажуулах бөгөөд эхний тунг хийлгэснээс хойш нэг сарын дараа хоёр дахь тунг хийж, түүнээс дахин хоёр сарын дараа гурав дахь тунг хийнэ. Ингэснээр хепатит В вирусын эсрэг дархлаа нь 15 жилийн хугацаанд найдвартай тогтох юм. Харин тун тус бүр нь 5,000 төгрөгийн үнэтэй гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Наадмын тасалбарыг цахимаар захиалах боломжтой болжээ

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын зарим тасалбарыг Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн порталаар дамжуулан онлайнаар захиалж Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбараас авах боломжтой боллоо. 2019 оны 07 сарын 08, 09-ний өдрүүдэд 12:00 цагаас https://eservice.ulaanbaatar.mn/ порталаар хандан иргэд баяр наадмын тасалбарын төлбөрийг онлайнаар төлж худалдан авах боломжтой юм. Тасалбар худалдан авах заавар:


Ингэхдээ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зөвхөн 6, 7 дугаар секторын тасалбарыг цахимаар борлуулахаар шийдвэрлэсэн байна.


Харин НҮНТ-ийн Дүнжингарав, Мишээл, Драгон, Оргил зэрэг 4 төвөөр биечлэн очих иргэдэд тасалбарыг “ХУР” Төрийн мэдээлэл солилцооны систем ашиглан хурууны хээгээр таниулж олгоно. Ингэснээр нэг хүн олон тооны тасалбар авч дамлан худалдахыг хязгаарлах бөгөөд онлайнаар тасалбар авсан иргэд биечлэн очиж дахин тасалбар авах боломжгүй байхаар цахимжуулжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Анхны наадам

Түрүүч нь №135(6237) дугаарт

Хөтөчтэйгөө наадмын хуушуур гээчийг идэж үзэв. Манай гэрийн хуушуурыг бодвол хамаагүй жижиг атлаа гойдын гоё амттай ажээ. Миний багад хөдөөний айлууд зундаа мах иддэггүй, тараг цагаан идээгээр болгоод явчихдаг, хааяа нэг борцоор хоол хийдэг байв. Хааяа нэг осгох зэргээр золгүй байдлаар “нас барсан” малын мах идэх. Амт муутай гэж найгүй дээ. Харин ганц нэг хонь эргүүтвэл “Турахаас нь өмнө амыг бариад авна” гээд нядалбал шинэ махтай золгоно. Ямар сайндаа, махассандаа болоод “ганц нэг юм эргүүтэхгүй юм байх даа” гэж бодохдоо тулах вэ, базарваань.

Ингэж зусахдаа махаар өлдөхийг махсах гэдэг. Өнөөгийнхөн махсахыг мэдэхгүй л дээ. Ер нь махсаж байгаад амссан улаан хүнс ердийнхөөсөө 10 дахинаа байг гэхэд 9 дахин амттай шүү дээ. Наадмын хуушуур зуны махассан үед таарсан учраас амт нь бүр ч хэтийдсэн байх талтай.

Наадам дундуур хүүхдийн тэрэг анх харлаа. Залуухан гэр бүл нялх хүүхдээ гоё тэргэнд суулгаад түрчихсэн наадам үзэж явав. Гэтэл тэр зуур хэдхэн бороо хаялсан биш бүүрч сонин юм харав. Аав ээж нь нэг гаргаж ирээд, цахилгааныг нь татаад хаясан чинь яасан гээч, нөгөө хүүхдийн тэрэг чинь борооноос хамгаалсан гялгар цонхтой байсан байж таарав.

Наадмын учрал тохиол ингээд зогсохгүй. Үе тэнгийн нэг жаалтай танилцаад хаясан байгаа юм. Яаж ч танилцсан юм бүү мэд. Одонпунцаг гэдэг тэр жаал сүүлд нь концерт энэ тэр дээр шүлэг уншдаг байсан юм. Олны газар явж, айл саахалтаас ч хол газрын хүн амьтантай танилцаж байгаа нь тэр.

Оройхон хэрд бүр сонин юм үзлээ. Хорхойн чинээн жижхээн хөх машин давхиж явсан нь хүүхдийн тоглоом биш жинхэнэ эд ажгуу. Байх байхдаа, хувийн машин гэнэ. Хорвоо дээр хувьдаа тийм аугаа баялагтай хүн байдгийг анх удаа мэдэж авав. Буруу тогтоогоогүй бол өмчгүй нийгэмд хувийн машинтай жаалсан, тэр хүний нэрийг Доржсүрэн гэсэн шиг санагдана, андуурсан ч байж мэднэ.Тухайн нийгэмд нүдний гэм шиг ховор байсан хувийн машин тэнд таардаг нь бас юүч билээ.

Наадмаас үлдсэн анхны сэтгэгдэл бол “Хүн олуулаа байх тусмаа гоё байдаг юм байна. Олон хүний дунд амьдрах сайхан юм байна” гэсэн дүгнэлт. Энэ бол миний “Үүлэн дундаас нээсэн газар дэлхий”-ийн дараагаар орох их нээлт байлаа.

Хожмоо Шилүүстэй сумынхаа сургуульд орж, өөрийн гэсэн сумын “төв”, ангийн андуудтай болсноосоо хойш Отгоны наадмыг “тоох”-оо болив. Гэхдээ л зундаа хэд орно. Учир нь манай зуслангаас төрөлх сумын төв 60-70 км зайтай, харин Отгонд 10-20 км яваад л орно.

Сүүлд оюутан болсон хойноо намрын намарт Отгон орж хотын унаа олно. Отгон сумаар дайрч, Завхан голын гүүрээр гараад Баянхонгорын Гурванбулагаар дамжин Улаанбаатар хот ордог зам үүгээр дайрдаг. Тэр замыг л сахина даа. Зам сахиж унаа харна гэдэг бол өнгөрсөн үеийн л дурсамж болон үлджээ.

Ер нь унаа хүлээх ч бас зугаатай. Заримдаа үеийнхэнтэйгээ дарвиад, төвөөс зайдуухан гарч, мотоциклийнхээ дохионы гэрлийг тайлан авч, түүгээрээ “цай уух” ч явдал байна.

Ингээд л анх гэрээсээ хол явж байснаа бодоход хавьгүй боловсроод модон хайрцаг болсон тээшээ, Чулуунхүү ахынд авчирч хаячихаад, унаа хүлээгээд хэвтчихнэ. Орой тийшээ юм ирэх шинжгүй бол хөх мотоциклийг нь асааж унаал харьчихна. Дөрөв тав ирж буцсаны дараа бол эрх биш хот зүглэнэ.

Замын машинаас гадна, тус сумын уугуул хэдэн жолоочид дайгдана. Тэр үеийн тээврийн жолооч нар их чөлөөтэй. Зам харилцаа, дэд бүтэц тааруу байсан учраас хянаад, хянаад хүчрэхгүй тул тэднийг “явахаар нь явлаа гэж мэддэг, ирэхээр нь ирлээ гэж ойлгодог” байсан гэх үг ч бий. Нутгийн хэдэн жолооч сайхан цэнхэр “Зил-130” машинаа айлын гадаа сойчихоод “хот явна” гэсээр удна шүү дээ.

-Өнөөдөр явах байх гээд л машиныг бараадан өнжих боловч “Гол өгсөөд явчихлаа, маргаашаас наашгүй бололтой” гээд тарах энүүхэнд. Хэн ч тэднийг яваач гэж шаардахгүй. Учир нь “Зай байхгүй ээ” гэвэл чи өөр унаа хайж, ондоо жолоочийг тойглох хэрэг гарна. Өөр сонголт байдгийг мэдэхгүй учраас, Сансрын хүрдэнд төрөл олсон хэнбугай боловч ингэж л унаа олох тавилантай гэдэгт итгэн тайван амгалан хүлээнэ.

Ингэж байгаад нэг л гэгээн өглөө машины тэвшин дээр гарна даа. Хангай нутгийн үзэсгэлэнт байгалийг бишрэн, голдуу төвөөс зайдуу замаар ингэж аялах үнэхээр зугаатай. Их төлөв хээр хонож, оддыг ширтэн бодол мөрөөдөлд автаж байгаад нам унтахын сайхныг хэлэх үү.

Угаасаа, ачаа тээврийн жолооч хүн тээвэрлэх, улмаар ачаан дээрээ суулгах, түүнчлэн хүн ачаад чиргүүл чирэх бүгд хориотой. Гол төлөв боошигтэй цөцгийн тос ачаад, хориод хүн дээр нь суулгаж, нэмэрт нь чиргүүл хөтөлсөн жолооч нар төв замаас хол, хяналт шалтгалгүй хулгайн замаар аялах. Энэ нь аяллыг бүүр ч зугаатай болгоно.

Лүнгийн гүүрэн дээрээс өөрийн эрхгүй төв замд нийлж, автотехникийн газрын айхавтар шалгалт таардаг. Бидний дээгүүр бэрзээнт нөмрүүлэн хучиж, амьсгалах нүх гаргаад татлагаар даруулна. Гол төлөв үүрээр, цагдааг нь нойрмог байхад түүгээр өнгөрнө. Машиныг тойрон шалгаж, хүн ярилцаад, зарим нь ачаа өөд авиран товчхон үзлэг хийж байгаа нь мэдэгдэнэ. Бид ч амьсгаа даран, даван контрбанд хийж байгаа этгээд шиг түгшин хүлээнэ. Яг л тагнуултай кинонд манай талын тагнуул бухал дотор нуугдаад, Гитлерийн цэргүүд өвс рүү жадаар чичин шалгахад, гол баатар ёолох ч үгүй тэвчээд гардаг л эпизод л гэсэн үг.

Биднийг ч яахав, торгож бариад л өнгөрөх биз. Харин жолоочийг бол хулгайн тээвэр хийсэн, дүрэм зөрчсөн хэрэгт татаж, аягүй бол эрхийг нь хасч мэднэ. Тэгвэл хөөрхий ажилгүй болж, амьдралаараа хохирно. Иймээс бид “Тэр холоос энэ хүртэл машиндаа суулгасан ачит хүнд гай болохгүй юмсан” гэх сэтгэлээр л шүд зуун, жадны үзүүр чичсэн ч дуу алдахгүйгээр хатуужин, хярсаар…

Ингэж явсаар, үүр цүүрээр Эмээлтэд ирээд биднийг буулгана даа. “Хорин хоёрын товчоо”-ны шалгалтыг бид давна гэж байхгүй болоод тэр. Тэгээд машинаар бус, төмөр замаар яваа зорчигчийн дүрээр Улаанбаатарт бууж байгаа хэрэг. Тэгээд жолоочийнхоо гадаа очиж, ачаа бараагаа хүлээн авангаа, талархал болгож 100 төгрөг үлдээнэ. Тэр үед Улаанбаатар-Завханы онгоцны тийз 250 төгрөг байсан юм.

…Он жил улирсаар, Цэрэн ах, Чулуунхүү ах, Чулуунхүү ахын ээж бүгд бурхан болжээ. Отгоноос том сум, Отгоныхноос олон хүн, Отгоныхоос том наадам олныг үзсэн ч Буянт голын хөвөө, сэргэлэн дэнж дээрх анхны наадам, анхны сэтгэгдэл, бяцхан намайг томоо хамаатнаа хэмээн хүндэтгэн хүлээж авсан тэр айлыг яахин мартах билээ.

Отгон сум бол миний эр хүн болоод бие дааж аялсан холын зам, ганцаараа айлчилсан анхны хамаатан, анхны сум суурин, анхны супер маркет, анхны хүүхдийн болоод том хүний хувийн тэрэг, анхны наадам, хүний нийгмийн тухай анхны сэтгэгдэл байлаа. Миний амьдралын их замын анхны нэгэн гараа ч байлаа.

ТАВ. ТӨРӨЛ СУМ

Төрөлх сум маань Шилүүстэй. Хэрвээ та санаж байгаа бол “Өдрийн сонин”-д “Эх орон сумаас эхэлнэ” гэж нүүр байдаг. Тэр цувралыг анх эхлүүлж, “Миний Шилүүстэй” гэсэн нийтлэлийг хориод жилийн тэртээ бичиж байв.

Харин хаяа нийлсэн Отгон сумыг “миний төрөл сум” гэж ойлгож болно. Хуучин Завханы Шилүүстэй, Отгон, Цагаанхайрхан, Цагаанчулуут нийлээд Сайнноён Хан аймгийн Хушууч бээсийн хошуу (тэр байтугай Алдархааны нутаг, Улиастай өөрөө ороод) гэж байжээ. Ардын засгийн үеийн засаг захиргааны шинэчлэлээр хэд хэдэн сум болсон байдаг. Ийм болохоор хамаатан садангууд маань төрөлх сумандаа байдгаасаа дутахгүй олноороо хажуу сумандаа байдаг хэрэг.

Отгоны хүүхдүүдийн заримыг би багаас нь таньдаг, үе тэнгийнхэнтэйгээ 10 жилийн сургуулийн ахлах ангид хамт сурч, дотуур байранд цугтаа амьдарч байлаа. Хаяа нийлдэг нутгийн малчид ч намайг андахгүй. Нэгэнтээ, Отгоны төв орох гээд өглөө эрт галигуулж явтал улаан дээлтэй хүн зам тосон гүйж байв. Намайг анзаарахгүй өнгөрчихнө гэж бодсон бололтой даллаж харагдана. Бие биенээ таних зайнд ирсэн хойноо тэр хүний алхаа сааран нэг л сонин болоод, зогсчихлоо. Нэгэнт л даллаад байсан болохоор нь яваад очив. Зүс харсан тэр хүн гараа урамгүй савчсанаа,

-Чамайг гэж мэдсэнгүй дэмий баахан аахилаад гүйчихлээ. Уул нь мал сураглах гэж байсан юм. Чи ямар замынхаа хажуудахыг харах биш гэж байна.

Үнэн л дээ. Хээр хөдөө явахдаа байгалийн сайхан, хангай дэлхийн үзэмжинд бишрэн умбаад, бодол мөрөөдөлдөө автчихсан, бараг л транст орчихсон, заримдаа морь нь л замаа мэдээд явж байх. Хүмүүс “Замд чинь ийм тийм зүсмийн адуу, мал тааралдав уу” гэж асуухад хариулт байдаггүй. Нээрээ ч нэг адуу замын хажууд явж ч байсан шиг, үгүй ч шиг бодогдоод байх. Малд нүдгүй гэдгээрээ, төрөлх сумандаа байтугай бүс нутагтаа алдартай нэгэн байсан шиг байгаа юм.

1996 онд би Отгонд нэлээн удаан “ажилласан” юм. Миний бие УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт Ардчилсан холбоо эвслээс нэр дэвшиж билээ. Өрсөлдөгч маань тэр үеийн УИХ-ын дарга, хожмын Ерөнхийлөгч Н.Багабанди гуай. Би 45 орчим хувийн саналтай үлдэж, харин Багабанди гуай 50 гаруй хувийн саналтай ялж билээ. Харин Отгон суманд би УИХ-ын даргыг цэвэр ялчихсан байж уу? Тийм ээ, Отгоны Зүүн хангайд садангууд маань байдаг юм, байж ч байгаа буй за.

Categories
мэдээ цаг-үе

Эрдмийн гэрлийг эрхэмлэн дээдэлсэн Доржзовдынхон

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Доржзовд гэдэг айлд өнжлөө гэхээр уншигч танд танил сонсогдож байж мэдэх юм. Бичигч миний хувьд гэхэд л энэ нэр өнгөрөгч зууны наяад оноос хайртай нэгэн зохиолчийн маань нэртэй үргэлж хамт явдаг болохоор амны уншлага шахуу болсон юм. “Паанан”, “Соёо” туужийг зохиосон авьяас билэгт нэгэн гэхээр “Аа, тийм” гэж хүлээн зөвшөөрөх хүн олон байна байх. Улирагч долоо хоногийн баасан гаригт “Нарантуул” олон улсын худалдааны төвийн “Өгөөмөр” захын зүүнтээ орших “Ахмадын хороолол”-д аж төрөх Б.Доржзовд гуайнхыг зорилоо. Өмнө нь сайтар заалгасан болохоор гэрийг нь ч түвэггүйхэн оллоо. Хоёр давхрын тагтан дээрээс “Энэ шүү хө” гэх дуунаар харвал эдний дунд хүү Д.Энхтөр аж. Нуулгүй хэлэхэд миний бие Доржзовд гэдэг айлын гурван ч хүүтэй танил бөгөөд ажил мэргэжлийн хувьд ойр, сэтгэл зүрхээрээ дотно харьцаатай явж ирсэн юм. Тиймээс өнөр өтгөн эл айлын аж төрлийг мэр сэр гадарлана. Эдүгээ ерэн насны босго алхах дөхсөн гэрийн эзэн жижиг өрөөндөө хагалгаанаас саяхан гарсан ханиа халамжлан сууна. Харин бурхан тахилтай зочны өрөөнд нь таван хүү нь биднийг хүлээж байна.

Бямбын Доржзовд гуайн уугуул нутаг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум бол хань Лхамцоогийн Сугар гуай Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Баясах багийнх аж.

Доржзовд гуай Архангай аймгийн Мал эмнэлгийн техникумын анхны төгсөгч, малын эмч мэргэжилтэй нэгэн юм. Баянхонгорын Баянбулагийн Пэрэнлэйн Лувсанцэрэнтэй нэг ангид суралцаж, шүлэг зохиолоо уншилцаж Нямжав багшийнхаа хоёр талаас зүүгдэж явсан байна. Техникумд арван хоёр настай элсэж арван зургаатайдаа онц дүнтэй төгсөөд нэг дээлийн даавуу, хайрцаг ёотон, дугуй булант цайгаар шагнуулан төрсөн нутгаа зорьжээ. Тухайн үед юм ховор живэр цаг тул өдий дайны эдээр шагнуулна гэдэг их ээ том хувьд тооцогддог байж. Замдаа хүүхэд л болсон хойно хорхойсоод ёотонгийнхоо цаасан хайрцгийн буланг жаахан цоолоод ганц хоёрыг хүлхчихжээ. Гэртээ ирж бэлгээ өгсний дараа ээж нь нулимс унаган, ханцуйгаараа шудрахыг хараад “Намайг ёотон хулгайллаа гэж ээж минь гомдсон юм бол уу” гэж санаа нь зовон гэрийнхээ сүүдэрт сууж байсан нь өнөө цагт нүдний гэм болсон шударга, хүнлэг чанарын нэгэн илрэл гэлтэй. Ээж нь ийм их бэлгээр шагнуулсан онц төгсөгч хүүдээ баярласандаа нүдээ чийгтүүлж байсан нь тэр байжээ. Доржзовд хүү Бат-Өлзийдөө тэгтлээ ч удалгүй төр засгийн даалгавраар Өмнөговь аймгийн Ноён суманд малын эмчээр хуваарилагдан очжээ. Үүнээс хойш нутагтаа амралтаараа л хэдэнтээ очсныг эс тооцвол үндсэндээ 1975 онд Улаанбаатар хотод шилжин иртлээ Өмнөговь аймагт ажиллаж амьдарчээ. Тэрээр Гурвантэс суманд өрх үүсгэж, гал голомтоо бадраажээ. Зохиолч Д.Найманжин, П.Лувсанцэрэн нарын унаган багын найз Доржзовд залуу зандан насандаа өгүүллэгийн ном гаргахаар бэлдэж байсан ч андынхаа Монголын уран зохиолд цахиур хагалсан “Хаврын шувуу” өгүүллэгийн түүврийг уншаад үндсэндээ зодог тайлжээ. (Уран бүтээлтэй холбогдох эл хэсэг өвгөн бичээчийн үг биш Д.Нацагдоржийн нэрэмжит зохиолч Д.Энхболдынх гэдгийг дашрамд тэмдэглэсүгэй! Л.Б)

Зохиолч Д.Энхболд ээж Сугар, гэр бүлийн хамт. 2001 он. Чикаго хотЭэж

Б.Доржзовдынхон. 1980-аад оны эхээр

Гэрийн эзэн бие тэнхлүүн хүн юм. Тэрээр идэрхэн хоолойгоор “Тавин есөн онд Ноён сумаас Гурвантэс салж “Соёл” нэгдэл байгуулагдахад малын эмчээрээ ажиллаж эхэлсэн. Гурвантэсийн албан байгууллагын зургаан гэрийн хоёр нь манай мал эмнэлэг. Манай Гурвантэс улсын торгон хилээс жараад километрийн зайтай. Албан ажлын шугамаар Хилийн цэргийнхэндээ туслах үүрэгтэй. Хожим тавиад онд Овоотын отрядаас Замын-Үүд хүртэлх өмнөд хилийн дээсийг тогтооход оролцож байлаа” гэж товч болоод тодорхой хуучлах аж. Тэрээр малын эмчийн ажлынхаа зэрэгцээ “Хөдөлмөр”, “Үнэн”, “Залуучуудын үнэн”, “Говийн мэдээ” сонинуудад идэвхтэн бичигчээр ажиллаж, олон зуун мэдээ, сурвалжлага бэлтгэсэн нь тухайн үедээ нүүр нүүрээр хэвлэгдэж байж. Жаран нэгэн онд Өмнөговь аймгийн гучин жилийн ойгоор АИХ-ын дарга Жамсрангийн Самбуу очиход Б.Доржзовд баярын хүндэт зочноор уригдаж, буудалд тухлан, наадам үзэж явлаа гэж бахархана. Тэр үед Мандал-Овоогийн тэмээчин Жижээ гэдэг хүн БНМАУ-ын хөдөлмөрийн баатар болоход “Ахар Хоромсогын алтан соёмбот бүсгүй” сурвалжлага бичиж “Хөдөлмөр” сонинд нийтлүүлсэн байна. “Хөдөлмөр” сонины эрхлэгч нэрт зохиолч Д.Даржаа байсан гэнэ. Доржзовд гуай насны ханьтайгаа Ноён суманд тавин зургаан онд танилцаж хорол тоононы хос багана болсноос хойш найман сайхан үрийн зулай үнэрлэжээ. Ардын боловсролын тэргүүний ажилтан, алдарт эх, ардын авьяастан Сугар гуай “Зээргэнэтийн шил”, “Уяхан замбуутивийн нар”-ыг ёстой нэг торгон донж бүхий нугалаа шуранхайтай дуулахад байрных нь хөгшчүүл “Норовбанзадаас ч илүү дуулах юм” гэж шагширч байсан удаа цөөнгүй гэх. Бага ангийн багш мэргэжилтэй Сугар гуай Гурвантэс, Мандал-Овоо сумдын сургууль, Нийслэлийн 76, есдүгээр сургууль, Толгойтын 12дугаар сургуулиудад багшилж, цэцэрлэгийн эрхлэгчээр ч ажиллаж байсан сурган хүмүүжүүлэгч хүн юм.

Доржзовд гуай жаран нэгэн онд Хөдөө аж ахуйн их сургууль дүүргээд Зүүнхараагийн малын эмчээр ажиллаж байхдаа тэнд хоригдож байсан Өмнөд Монголын Дэмчигдонров вангийн армийн цэргүүд болох Эрээн Дамдин, Хандын Намхай нарт монгол ахан дүүгийн халуун сэтгэлээр хандаж байсан нь хожим хоёр улсын харилцаа найрсаж, хил нээгдэхэд уригдах шалтгаан болсон түүхтэй. Эрээн Дамдин дайн тулааны үед Японы армийн мэргэн буудагч байж. Тиймээс ч баривчлагдаж хоригдож байгаад 1955 онд нутаг буцсан юм байна. Хожим Шилийн гол аймгийн намын хорооны даргын жолоочоор ажиллаж байхдаа Доржзовдыг гэргий Сугар, Жаалхүү өвгөн, Д.Энхболд нартай урьж Эрээн, Шилийн хот, Жанчхүү, Бээжингээр зочлуулжээ. Уулаас мод бэлтгэхэд хоригдол барга цэргүүдийг ачааны машиных нь жолоотой гарыг нь гавлаж, хаазалдаг гишгүүр, тоормостой хөлийг нь дөнгөлснөөс яр шархандаа баригдаад хүн харахын эцэсгүй юм болсон байдаг байж л дээ. Доржзовд харин тэдгээр залуусын хөл, гарын хүлээсийг суллан итгэл үзүүлдэг байсан болохоор нөгөөдүүл нь үнэн сэтгэлээсээ талархдаг байснаа хожим нутагтаа урихдаа нулимс дуслуулан хуучилсан байна. Тэдний тухай тэмдэглэл бичиж сонин хэвлэлд ч гаргаж байж. Аав, ээжтэйгээ хамт Эрээн Дамдингийн урилгаар БНХАУ-д 1988 онд уригдсан зохиолч хүү Энхболд нь тэдгээр хүмүүсийн ээдрээт хувь тавилангийн тухай түүхэн роман туурвиж буй юм билээ. Хүний сайхан сэтгэл, андын гэгээн нөхөрлөлд улс орнуудын хилийн дээс ч тээг болдоггүйн жишээ энэ биз.

“Хөвгүүд голдуу тэрсхэн олон хүүхэд төрүүлж өсгөхөд хэцүү байв уу” гэхэд өвгөн буурал хариу өгөлгүй инээвхийлэв. Харин хүү Д.Энхтөр нь “Гурвантэсд байхад манай шуудайтай борц аргалын пин дээр овоо том юм харагддаг байж билээ” гэж байна. Идшиндээ нэг тэмээ, өрөөл адуу, бүтэн үхэр, арваад бог хүнсэндээ төхөөрдөг, гурилыг тав зургаан шуудайгаар нь базаадаг байсан гэхээр үр хүүхдүүддээ ямархан хайртай эцгийн зангарга харагдах биз. Монголын үндэсний телевиз байгуулагдсаны хойтон жил буюу жаран найман онд Доржзовд гуай “Хөдөлмөр” сонины найрууллын уралдаанд тэргүүн байр эзэлж шагнуулсан найман зуун төгрөг дээрээ “Мах комбинат”-ын шөнийн ээлжинд ажиллаж олсон хөдөлмөр өдрийн хөлсөө нэмэн байж 1600 төгрөгөөр “Темп” хэмээх зурагт авч байсныг эдүгээ тавь жар хүрцгээсэн хөвгүүд нь баяртайгаар хүүрнэж сууна. Эднийхнийг анзаарч байхад үрээ гэх аав ээжийн халуун хайр, үүсэл удмаа гэх үр хүүхдийн дулаан сэтгэлийн хайр үнэртэнэ. Бурханых нь гүнгэрваанд гэхэд мөөжийсөн хоёр монгол гутал тавиатай. Бус айлуудыг бодвол эрээн мяраан элдэв хөрөнгө тавилга сэлтэд таашаалын жолоо залаад байдаггүй нь илт. Яриа хөөрөөг нь сонсож суухад хүний төлөө гэх халуун сэтгэл, эрдмийн гэрэлд шүтсэн гэгээн хүсэл мэдрэгдэнэ. Хоёр хөгшний бурхан тахилын шүүгээнд “Бурхан багшийн сургаал” номтой хүүгийнх нь “Өвс ногоо аниргүй” өгүүллэгийн түүвэр өрөөтэй харагдана. Орчин үеийн залуусын хэлж, бичдэгээр энэ л ёстой “хайр юм аа”. Доржзовд гуай дотоодын сонин хэвлэлийн идэвхтэн сурвалжлагч байснаас гадна “Москвагийн радио”-гийн үнэнч сонсогч, үргэлжийн харилцагч идэвхтэн бичигч байжээ. Мандал-Овоо суманд аж төрж байхад нь “Кругозор” хэмээх голдоо цэнхэр хальсан пянзтай орос сэтгүүл ганцхан айлд хаяглагдаж ирдэг байсан нь эднийх. Хүүхдүүд нь ч тэр л сэтгүүл, тийм л гэгээн пянзуудаар баярхаж, бахархаж ухаан суусан нь ирээдүйн мэргэжил мэргэшилд нь нөлөөлөө биз ээ. Доржзовд гуай хэдий өндөр настай ч одоо ч сонин хэвлэл захиалж уншдаг, нийгмийн идэвх сайтай “хэнхэг уншигч” гэнэ. Ямар сайндаа л шуудангийнхаа хайрцгаас тэвэр дүүрэн сонин сэтгүүлээ авчихаад автобусанд бариулгүй явж байж жолооч болгоомжгүй тоормос гишгэснээс болж гэмтэж байх билээ. Тэрээр МАХН-д 1958 онд гишүүнээр элссэнээс хойш нам солиогүй аж. Үүнийгээ “МАХН-ыг Х үсэгтэй байхад нь элссэн. Дөрвөн үсэгтэй намдаа л үнэнч хүн би” гэж хөөрхөн хөөрлөөд авав. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ч өвгөнийг хүндэлж шинийн нэгэнд ирж золгодог аж. Хүүхдүүдийнх нь яриагаар одоо амьдарч буй Ахмадын хорооллын таван давхар байруудыг Б.Доржзовдын хөөцөлдсөнөөр Н.Энхбаяр дарга төрөөс төсөвлөж бариулжээ. “Та хүүхдүүддээ ямар сургаал хайрладаг вэ” гэхэд “Зөв л юм бичих хэрэгтэй. Буруу юм ерөөсөө бичиж болохгүй” гэдэг гэсэн нь үр хүүхдээ боддог сэтгэдэг хүн болгож өсгөж торниулсан аргагүй л бичиг номын сэхээтэн хүний амнаас гарах үг мөн ажээ.

Ээж Сугарынх нь эвлүүлж наасан гэр бүлийн зургийн цомог

Б.Доржзовд гуай таван Энх хүүтэйгээ. 2019.06.28

Д.Энхболд, Д.Энхтуяа нар Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Золжаргалын хамт

Б.Доржзовд өвөө хайртай зээ охин Есүйгийн хамт

Доржзовд гуайн ууган хүү Д.Энхбаяр. Юмны түрүүнд дуугараад байлгүй, нүдээрээ инээмсэглэн даруухаан суух энэ ахынхаа тухай дүү Энхтөр нь “Дууны шүлгийн их мастер, агуу их яруу найрагч Загдын Түмэнжаргал наад хүнийг чинь Энхболд ахаас ч том зохиолч болох байсан хүн гэж үнэлдэг байсан юм даа” гэж ахаараа бахархах сэтгэлээр өгүүлж байна. Тэрээр МУИС-ийн Утга зохиолын нэгдэлд явж байхдаа “Шаргал үст Наташа” энэ тэр гэсэн шүлэг өгүүллэгүүд бичиж шуугиулж байсан нь үнэн аж. Энхболд зохиолч ч ахынхаа эл бүтээлийг уншиж, сэтгэл нь хөдөлж явснаа өгүүлж байна. Энхбаяр геологийн анги төгсөөд дорнын говийн Хажуу-Улаанд хуваарилагдаж очиж ажиллаж байгаад Намын дээд сургуулийг 1980 онд төгсөн Зүлэгтийн уурхайн намын үүрийн даргаар ажилласнаас хойш “уран бүтээл баяртай” болжээ. Тэглээ гээд алдсангүй, насаараа уурхайн байгууллагад хариуцлагатай алба хашиж, Монгол-Оросын хамтарсан “Монросцветмет” нэгдэлд хэлтсийн даргаар ажиллаж байгаад гавьяаны амралтандаа суужээ. Дорноговьд ажиллаж байхдаа соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Лувсангийн Одончимэдтэй шүлэг найргаа харилцан уншиж нөхөрлөж явлаа гэх. Энхболд зохиолчийн наргиснаар эдний Энхбат, Энхболд, Энхбаяр гурав нь “цөллөгийнх” гэнэ. Учрыг асуувал зохиолч Пүрэвжавын Баярсайханы нэг өгүүллэгт гардагчлан эмээ өвөөгийн “тавиул”-ууд аж.

Эдний хоёр дахь хүүг Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналын хоёрдугаархыг Чимэдийн Энхээгийн дараа авсан, их зохиолч Д.Нацагдоржийн болон Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч Доржзовдын Энхболд гэхээр манай уншигчид андахгүй. Түүний “Буйлс дахин цэцэглэнэ” тууж, өгүүллэгийн ном 1989 онд хэвлэгдсэн даруйдаа уншигчдыг үнэхээр байлдан дагуулж байв. За, тэгээд өдөр тутмын сонины хуудсаар анх уншигдсан алдарт “Паанан” тууж нь ерэн долоон онд ном болж хэвлэгдэхэд уншигч, шүүмжлэгчид ёстой нэг гал дээр тос нэмэх шиг халуун дулаан сэтгэгдлээр хүлээж авсан. “Паанан” бол Монголын уран зохиолд үзэгдэл болсон тууж. Лавтай, гурав дөрвөн удаа дахин хэвлэгдээд байгаа. Тиймдээ ч монгол судлаач Рената Баувегийн орчуулгаар герман хэлнээ хэвлэгдсэн эл тууж испани, итали гээд дэлхийн олон орны уншигчдын гар дээр удахгүй хүрэх гэж байгаа дуулиантай. Энхболд зохиолч бол жирийн нэг цагийн гарз, цаасны дайсан болсон бичээч биш. “Хүн байхад юу хэрэгтэй вэ” нийтлэлийн ном нь гэхэд л “Эдмон” компаниас зарласан эсээ бичлэгийн номын төрөлд шалгаран шинэ мянганы босгон дээр хэвлэгдэж байв. Монголын радиод сэтгүүлчээр ажиллаж байхдаа ч олон сайхан нэвтрүүлэг найрууллаа сонсогч түмэнд хүргэсэн. Зах зээл эхлүүт ганзагын наймаанд мордож гахай ч үүрч явсан Д.Энхболд АНУ-ын Чикаго хотод 2003-2014 он хүртэл гэр бүлийн хамт аж төрсөн. Тэнд ч зүгээр байлгүй “Казиног номхотгосон түүх” түүхэн детектив роман бичсэн нь шуугиан тарьж, оны шилдэг номоор шалгарч байсныг санаж буй байх. Энхболд хайртай ээжийнхээ нүдийг өвдөхөд ертөнцийн нөгөө бөөрөнд урьж аваачин дэлхийд алдартай эмнэлэгт үзүүлж шинжлүүлж явсан ачлалт хүү. Түүний “Өвс ногоо аниргүй” өгүүллэгийн номын баяр 2016 онд болоход ээж нь ирж баярласан сэтгэгдлээ илэрхийлж байсныг санаж байна. Монголын үндэсний радио телевизийн хамт олонд “Доржзовдын омголон” хэмээн нэрлэгдсэн авьяас билэгтний тухайд товч дурдахад ийм. Төрийн соёрхол авах магадлал хамгийн өндөр гэж судлаачдын үнэлдэг зохиолч Д.Энхболдын “Соёо” туужаар соёлын гавьяат зүтгэлтэн, найруулагч Баярцагааны Баатар агсан 1991 онд “Соёо” дэлгэцийн хар цагаан кино хийсэн нь Москва, Берлин, Японы Фукуоко, Хонконг, АНУ-ын Сан-Диегогийн кино наадмуудаас шагнал хүртэж, “Азийн соёлын сан”-д орж хадгалагдах болсон нь монгол түмний бахархал яах аргагүй мөн. Түүний “Паанан” туужаар МҮОНТ-ийн найруулагч Энхбаяр кино хийсэн ч банкны барьцаанд алдаж, олны хүртээл болгож завдалгүй бурхан болсон гэдэг. Д.Энхболд МҮОНТ-ийн 56 ангит “Хоймор өнжсөн нар” киног бас зохиосон юм.

Доржзовдын амгалан хэмээх гуравдугаар хүү нь бол Д.Энхтөр. Телевизийн салбарт энэ нөхөр гучаад жил ажиллаж байгаа зураглаач. Хүнтэй их нийцтэй эл залуу МҮОНТ-ийн Хүүхдийн редакци, Теле кино үйлдвэрт гэрэлтүүлэгч, дууны найруулагчаас ажлын гараагаа эхэлж “Миний ард түмэн” цуврал нэвтрүүлэг бэлтгэсэн нь үзэгчдийн таашаалд хүрсэн. Ерээд оны эхээр төрийн шагналт нийтлэлч Б.Цэнддоо “Малыг малчдад” нийтлэлээрээ “Хөдөлмөр” сонины оны тэргүүн шагналыг хүртэхэд Д.Энхтөр авсан зургуудаараа эл шагналыг хамт хүртэж байсан түүхтэй аж. Доржзовд гуайн гэр бүлээс төрийн дээд шагнал “Алтан гадас”-аар энгэрээ мялаасан таван хүн байгаа гэнэ. Үүгээрээ ч их бахархдагаа нуусангүй. Яагаад гэвэл тэд хийсэн бүтээсэн юмтай учраас баяр ёслолоор одонгоо зүүж зургаа даруулах дуртай гэв. Биднийг ийн хөөрөлдөж суутал эдний дөрөв дэх хүү орж ирэхэд “За, манай тэмцэгчийг танина биз дээ” гэж бүгдээрээ ам амандаа шуугилдав. Тэгэхнээ, мань эр “Эрс шинэчлэл” хөдөлгөөний тэргүүн Энхбат мөн байна аа. Энэ нөхөр Дархан хотын Политехникумыг цахилгаан техникч мэргэжлээр дүүргэж Аймгуудын эрчим хүчний нэгдэл, Сэргээгдэх эрчим хүчний шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд засварчин, бригадын дарга, гадаад худалдааны “Экспорт импорт” нэгдэлд ажиллаж байгаад цагаан морин жилийн хувьсгалаас хойш хувиараа аж ахуй эрхлэн, 2005 онд “Эрс шинэчлэл” хөдөлгөөнийг байгуулалцсан МУИС-ийн Хууль зүйн сургуулийг дүүргэсэн эрх зүйч нэгэн аж.

Эдний сэтгүүлч хүү Д.Энхтүвшин бид эртнээс дотно андууд юм. Энхтүвшин мань мэттэй л их нээлттэй харьцдаг болохоос ах нарынхаа дэргэд бол амаа үдүүлсэн даруулгатай нөхөр томоотой гэгч сууж байх юм аа. Эндээс би Доржзовд гуайн хүнээр хүн хийх аав хүний агуу ухааныг гайхаж суулаа. Энхтүвшин Толгойтын 12 дугаар сургуулийг дүүргээд Улиастайн цэргийн анги, Төв аймгийн Баянчандманьд гурван жилийн цэргийн алба хаахдаа “Мандухай цэцэн хатан” кинонд дүрээ мөнхөлж тогложээ. Ардын баатар Мянхайг цаазаар авах гэж байхад алхаж яваа Мандухай хатны ард залуугийн төрх нь дэлгэц дүүрэн гараад өнгөрдөг гэж байна. Тэрээр 1988 онд цэргээс халагдаад Техникийн их сургуулийн геологийн ангийг дүүргэж, Геологийн төв лабораторид чулуу дээжлэгчээр ажиллажээ. Нэгэн үе Солонгос улсад ажиллаж амьдарч байгаад эх орондоо ирж “Цог” сэтгүүл, “Ардчилал”, “Монголын мэдээ”, Өглөөний сонин”-д сэтгүүлч, улс төрийн албаны даргаар ажилласан байна. Анд маань сэтгүүл зүйн “Амьдралын амт шимт”, “Эргэн дурсагдах он жилүүд” зэрэг хөрөг тэмдэглэл, хөөрөлдөөн, нийтлэлийн дөрвөн ч номоо хэвлүүлэхээр бэлтгээд буй аж.

Энхтүвшингийн охин Монголжин АНУ-д их сургууль төгсөж Санфранциско хотын банкинд ажиллаж байгаа бол охин Тунгаамаа нь СУИС-д сурч байгаа гэнэ. Охин Д.Энхмандахын хувьд Швейцарь улсад ажиллаж амьдардаг бөгөөд одоогоор өндөр настай аав ээжээ асран халамжлахаар хүү, охин хоёртойгоо хамт эх орондоо ирээд байгаа юм байна. Гадаадад олон жил болсон гэхэд ундтай устай, ажилсаг гавшгай бүсгүй юм. Аавынхаа таягийг ч нэг дөхүүлж өгч, ээжийгээ өндийлгөн хувцаслаж зургийг нь авахуулах энэ тэрд эрчүүдээс илүү энэ л охиных нь зөөлөн гар, ялдам ааш тус дөхөмтэй байгаа нь анзаарагдсан. Тэр ч бас ах нартайгаа адил уран бүтээлч болох л нэгэн байж. Учир нь тэр Хэвлэлийн хүрээлэнгийн Сэтгүүл зүйн дээд курсийг төгссөн мэргэжлийн сэтгүүлч боловч Монголдоо ажиллаж амжилгүй барууны орны иргэн болж одсон ажээ.

Доржзовд хэмээх эл айлынхнаас магадгүй олонд хамгийн их танигдсан байж мэдэх нэгэн бол Д.Энхтуяа. Монголын сайхан бүсггүйчүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог эл бүсгүй Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Германы Карлсроугийн олон улсын сэтгүүлзүйн их сургуулийг дүүргэж, МҮОНТ-ийн “Үдшийн хэмнэл” студийн нэвтрүүлэгчээр ажлын гараагаа эхлэн, “Ийгл”, “NTV” телевизүүдэд мэдээний албаны дарга, УИХ-ын даргын Хэвлэл мэдээллийн албаны дарга, МҮОНТ-ийн захирал зэрэг алба хашсан байна. Тэрээр одоо өөрийн үүсгэн байгуулсан “TV2” сувгийн захирлаар ажиллаж буй аж. Айлын эрх охин тэрээр харин биднийг очих үеэр цаг зав муутай учир ирж завдахгүйгээ ах эгч нартаа утсаар уламжилсан юм. Тэрээр Монголын үндэсний телевизийн захирлаар ажиллахдаа хийсэн гол ажлуудын нэг нь 16 мм-ийн кино төслийг Голланд улсын мэргэжлийн байгууллагатай хамтран гүйцэтгэснээр манай уран бүтээлчид баримтат урын сангаасаа чухал хэрэгтэй дүрст бүтээлийг цаг алдалгүй, үнэ төлбөргүй эш татаж хэрэглэх алтан боломж нээгджээ. Доржзовд гуайн отгон хүү Д.Тэрбиш 40 дүгээр сургуулийг алтан медальтай төгсөж, “Их засаг” сургуулийг дүүргэсэн тавилгын “Гүнжийн орд” компанийн захирал нэгэн аж. Долоон Энхийг отголж төрсөн эл эрхэм чухал хуралтай учир аавындаа хараахан ирж амжаагүй юм. Бичиг номын ураг садан болсон энэ гэр бүлийнхэн сумын номын сангаас ч баялаг номтой аавынхаа хар, шар хоёр авдрыг уудалж Монголын болоод дэлхийн сонгодог зохиолчдын бүтээлээр оюун тархиа цэнэглэж ирснээрээ бахархах дуртай юм билээ. Энхболд зохиолч гэхэд нэг сонгодог зохиолчийн романыг уншиж долоо хоног хичээлээ тасалж байсан хөгтэй түүхээ хүүрнэж байсан. Ийм нэгэн зөв гэгээн үйлтэй өнөр өтгөн айлд өнжлөө. Буянтай хоёр хөгшнийг охин Энхмандах нь хүүтэйгээ, дүү Тэрбиштэйгээ хамт асарч, ах эгч нар нь ажлын ая дангаараа ирж очин бужигнацгаадаг байна.

Categories
мэдээ цаг-үе

А.Даваахүү: Бид зуны гурван сард 100 удаа тоглоно

Үндэсний Урлагийн Их Театр жил бүр жуулчдад зориулан “Дэлхийд гайхагдсан Монгол урлаг” тоглолтыг хийдэг. Энэхүү тоглолт сэтгэлд хоногшсон аялгуу эгшиглүүлж, Монгол бүжгийн чуулбарт омогшин баясч, Уяхан замба тивийн наран дор хатадын хоолой цуурайтан Жороон жороо хөлөглөсөн залуус Сэрсэн талд 33 говио магтахуй цаг дор үзэгчдийг аваачдаг билээ. Сүүлийн хоёр жил уг тоглолтыг найруулж буй ҮУИТ-ын ерөнхий найруулагч А.Даваахүүтэй ярилцлаа.


-Энэ жилийн тоглолт өмнөх жилүүдийнхээс юугаараа онцлог байв?

-Аливаа юм үргэлж шинэчлэгдэн дэвшиж байх ёстой. Тэр тусмаа урлагийнхан зогсолтгүй урагшилж, байнга шинийг эрэлхийлж байх учиртай. Ингэснээр бид залуу хойч үеийн үзэгчдээ бэлдэж байгаа юм. Энэ жилийн хувьд үе үеийн найруулагчдын бүтээлээс сорчлон авч тоглолтдоо оруулсан нь илүү онцлог байна. Мөн хулсан хуурын хамтлаг тоглож байгаа. Хөгжмийн зэмсгүүдийг илүү сонин содон байдлаар үзэгчдэд таниулахыг хүсч байна. Тэр дундаа үлээвэр хөгжмийг аргаль, янгир, гунан үхрийн эврээр тоглож байна. Эдгээрийг би сэдсэн юм биш, монгол ардын бүтээсэн давтагдашгүй содон урлагийн бүтээлүүдийг үе үеийн найруулагчид мөнхөлж үлдээсэн.

-Тоглолтыг хэдэн удаа ямар зохион байгуулалттайгаар тоглож байна вэ?

-Гадаад дотоодын үзэгчдийн нүд, сэтгэлийг баясгасан энэхүү тоглолт маань өдөр бүр 18:00 цагаас ҮУИТ-т тоглогдож байгаа. Бид зуны гурван сард 100 удаа тоглоно. Баяр наадмын үеэр бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглоод, түүнээс хойш үзэгчдийн байдлаас шалтгаалан хөтөлбөртөө өөрчлөлт оруулдаг юм. Түүнчлэн, үзэгчдэдээ тааламжтай байлгах үүднээс шинэчилсэн зохиомжит найруулгаар тоглож байна даа.

-Гадаадын жуулчид болон монголчууд тасалбараа хаанаас ямар үнэтэй худалдаж авах вэ?

-Тасалбарыг манай кассаас худалдан авах боломжтой. Монголчууддаа 25000 төгрөг, гадаадын жуулчдад 35000 төгрөгөөр тоглож байгаа. Энэ тоглолтод маш олон хүний цаг зав, зүрх сэтгэл шингэсэн учир үзэгчдийг уйдаахгүй гэдгийг амлах байна. Огшоож догдлуулсан, гайхаш төрүүлсэн үзүүлбэрүүдээр дүүрэн байх болно.

-Тоглолтын бэлтгэл ажилд ямар нэгэн бэрхшээл тулгарав уу?

-Нэгт, бидний бэлтгэл сайн байвал бэрхшээл учрахгүй. Уран бүтээлийнхээ бодлогод анхаарал хандуулан тоглолтын тайз, гэрэл, хувцас хэрэгслийн тухай хүртэл бид багаараа ярилцаж, өвөрмөц шийдлийг эрэлхийлдэг. Хоёрт, маркетинг сайн байх шаардлагатай.

-Та бүжигчин мэргэжилтэй ч найруулагчаар ажиллаж байгаа. Энэ тоглолтыг анх удаагаа найруулав уу?

-Тийм ээ, би бүжигчин хүн. Ээж маань Монголын хүүхдийн ордонд 41 дэх жилдээ хөгжмийн багшаар ажиллаж байна. Миний аав, МУГЖ Ц.Алтангэрэл энэ театрын бүжигчин байлаа. Би мэдээ орсон цагаасаа л урлагийнхны дунд өссөн дөө. Манай гэрт дандаа урлагийн хүмүүс зочилдог байсан. Манайд урлагийн тухай яриа өрнөж, шүүмжилж, урлагийн шинэчлэлийн талаар л яригддаг байлаа. Анх 1992 онд аавыгаа дагаж дагалдан бүжигчин болсон юм. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг үгийг санаж явсаар энэ зэрэгт хүрсэн дээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард театрынхаа ерөнхий найруулагч болоод энэ тоглолтын найруулагчаар ажилласан. Энэ жил ч гэсэн язгуур урлагаа дэлхийд сурталчлан таниулах зорилго өвөрлөн ажиллаж байна.


-Тоглолтод аргийг хөгжмийн зэмсэг болгож ашигласан нь үзэгчдийн сонирхлыг татсан нь лавтай. Аргаар хөгжимдөх санаа яаж төрөв?

-Бид бол нүүдэлчин ард түмэн. Тэр ч утгаараа урлагаас нь хүртэл ахуй байдал нь нэвт үнэртдэг. Гадны оронд литавры гээд төмрөөр бүрчихсэн бөмбөр байдаг. Тэгвэл бид яагаад аргийг цараар бүрээд хөгжимдөж болохгүй гэж? Адилхан хонхорхойтой, адилхан авиа багтааж чаддагаараа онцлогтой. Ер нь энэ бүхэн бидний ахуй амьдралтай л холбоотой. Ийм өв их соёлтой оронд төрж өссөнөөрөө бид бахархах учиртай.

-Залуучууд ардын урлагаа үзэж сонирхож байна уу?

-Миний эмзэглэж явдаг асуудлуудын нэг нь энэ. Залуучууд ер нь урлагийг ойлгож үздэггүй. Тэр дундаа язгуур урлагийг үзэхгүй байна. Ардын дуу хуураа ойлгохгүй юм. Энэ бол эмгэнэл шүү дээ. Бидний Монгол гэж омогших хамгийн гол зүйл нь дэлхийд дахин давтагдахгүй язгуур урлаг маань юм. Нөгөө талаараа бид технологийн эринд амьдарч байна. Тэгэхээр залуучууд техникийн дэвшил ашигласан, шинэлэг зүйлд илүү шимтдэг болж л дээ. Язгуур урлагийг орчин үеийн хэлбэрт оруулж, этник тал руу нь хөгжүүлбэл залуусын таашаалд нийцэх нь лав. Гэхдээ манай Үндэсний Урлагийн Их Театр бол тэгэх газар биш. Бид үндэсний урлагаа ямар байсан яг тэр хэвээр нь хадгалж дараагийн үедээ дамжуулах үүрэгтэй.

-Монгол урлагийн гайхамшгийг харуулахын тулд олон ястны онцлогийг хэрхэн тусгасан бэ?

-Үндэсний урлагийн их театр гэж тодотгоод байгаагийн учир энэ шүү дээ. Ястнуудын онцлогийг харуулж, тэдний соёлыг магтан дуулахгүй юм бол “үндэсний” гэх тодотгол байхын хэрэггүй. Энэ өв соёлыг түгээн дэлгэрүүлэх нь бидний үүрэг. Жуулчид манай орны онгон дагшин байгаль, эвдэгдээгүй нүүдэлчин ахуйг үзэх гэж л зорьж ирдэг. Тиймээс бид эдгээр хүмүүсийн нүдийг нээж, тэдний үзэж чадаагүй, мэдрээгүй ахуйг урлагаар дамжуулан хүргэх нь чухал. Ястнуудын ялгааг биелгээ тод томруун харуулдаг. Хувцас, зүүсгэл, хөдөлгөөн нь хоорондоо эрс ялгаатай байдаг. Биелгээ нь өдөр тутмын үйлдлийг харуулсан байдаг учир гадныхан гэлтгүй монголчуудад ч сонирхолтой санагддаг байх.

-Гадны зочид ямар үзүүлбэрийг илүү сонирхож байна?

-Тэд ихэнх үзүүлбэрийг үзээд гайхширдаг л даа. Уран нугараачдыг хараад их гайхна. Уртын дууг нүдээ аниад сонсох нь олонтаа. Хүнийг нь харахгүйгээр гайхамшигтай хоолойн цараа, уянгалаг аялгууг нь сонсож тайвшрах шиг санагддаг. Өгүүлэхүйн эрхтнээс гарч байгаа хөөмэй, шахаа, хархираа, исгэрээг хүний хаанаас нь гараад байгааг тайлах гэж, мэдэх гэж зорьж ирэн үзэж байна. Бидний энэ урлаг дэлхийн хаана ч давтагдахгүй. Мөн бид шинэ бүжгүүдийг дэглэж олны хүртээл болгож байна.

-Найруулагчийн хувьд монгол ардын урлагийг шинэ шатанд гаргасан бүтээл хийх бодол бий юу?

-Тэгэлгүй яах вэ. Хамгийн чухал зүйл бол урагшилж, байнга шинийг эрэлхийлэн шинэчлэгдэж байх явдал юм. Ингэхийн тулд байнга судалгаа, эрэл хайгуул хийж, шинэ зүйлийг туршиж үзэх хэрэгтэй л дээ. Миний ард байгаа 200 гаруй уран бүтээлчид ч ингэж ажиллаж байгаа. Сайн сайхан бүхэн хамтын хүчээр бий болдог. Миний хувьд байхгүй зүйлийг бий болгох гэж улайрахаас илүү чаддаг зүйлээ сонгодог болгохыг зорих нь өгөөжтэй гэж боддог. Бид дэлхийн сонгодог бүтээлүүдийг монгол ардын хөгжмөөрөө тоглож байна. Энэ бол дэвшиж, шинийг сэдэж байгаа хэрэг шүү дээ. Энэ нь ч үзэгчдийн таашаалд нийцдэг юм.

Б.ОЮУНГЭРЭЛ

Categories
мэдээ цаг-үе

“Нүүрсний” Дондов

ЗХУ-ын уурхайд дадлага хийж байгаа нь. 1961 он

“Нүүрсний Дондов” гэж салбарынхан нь дотночилдог эрхэм нийтлэлийн маань гол дүр. Ажилладаг салбар нь овог нь шахуу болчихдог ийм хүмүүс хуруу дарам цөөн л дөө. “Нүүрсний Дондов” маркшейдер мэргэжилтэй. Маркшейдер бол уул уурхайг авч явдаг үндсэн мэргэжлүүдийн нэг, “Уул уурхайн нүд, чих” гэгддэг мэргэжил. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, өдгөө “Эрдэнэт”-ийг удирдаж буй Х.Бадамсүрэн, “МАК”-ийн Б.Нямтайшир гэх мэт уул уурхайд тод мөртэй олны танил хүмүүс маркшейдер байдаг нь цаанаа ийм шалтгаантай.


ДЭЛХИЙН УУРХАЙНУУДАД АЖИЛЛАСАН МОНГОЛ ОЮУТАН

Уул уурхайн өмнөө барьдаг томчуудыг бэлтгэсэн Ленинградын Уул уурхайн сургуульд анхны Ерөнхийлөгчтэй тохой залган суралцаж явсан энэ эрхэм оюутан ахуйгаасаа дэлхийн уурхайнуудад ажиллаж эхэлсэн ховор намтартай. Нэлээд хэдэн жилийн өмнө уулзаж байхад ЗХУ-д уурхайд ажиллахдаа нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрээ үзүүлсэн нь санаанаас гардаггүй юм. “Трудовая книжка” гэсэн саарал өнгийн жижигхэн дэвтрээс 1961 оны тавдугаар сарын 22, 1964 оны зургадугаар сарын 2 гэсэн тэмдэглэгээ харж билээ. 1961 он гэдэг нь Дондовын нэгдүгээр курсээ төгссөн жил. 19-хөн настай монгол хүү Эстоны Сланцын уурхайд газрын гүнд чулуу малтагч, хүрзчин гэсэн орон тоон дээр хагас жил ажиллаж байж. Харин хоёрдугаар курсээсээ уурхайн захиалгаар мэргэжлийн ажлаа хийгээд эхэлж. Дэлхийд гэж яригддаг өнгөт ховор металлын газрын гүний уурхайд ажиллаж явсан цаг хугацаа Д.Дондовын оюутны жилүүдэд бий. Донбассын нүүрсний далд уурхай, Хойд Осетид Садоны хар тугалгын далд уурхай, Сибирийн алтны уурхай гээд оюутны ширээний араас босоогүй байхдаа ажилласан уурхайнуудынх нь нэрс хэний ч анхаарлыг татахаар. Ажиллахад хүнд нөхцөлтэй далд уурхайн ажилд оюутан цагаасаа мэргэшинэ гэдэг хэрийн уурхайчны давах даваа биш. Садоны хар тугалгын цайрын уурхай гэхэд л орох гол ам нь далайн түвшнээс 1600 метрт өргөгдсөн боловч уурхайн доод цэг нь далайн түвшнээс 1200 метрийн доор, хүдэр олборлох ажлын байр нь 30 хэмийн халуунтай байж. Ийм орчинд ажиллана гэдэг амар даваа биш.

Далд уурхайд хөлсөө дуслуулж явсан монгол оюутны зураг Ленинградын их сургуулийн хүндэт самбарт гарч байсан гэдэг. Гадаад оюутныг анх удаа, тэгж ихээр онцгойлсон түүхийг сонирхоход “Онцоос өөр дүн авдаггүй болохоор л тэгсэн биз” гэж хэлээд хөгжилтэй инээж билээ. Ангийнхаа 50 оюутнаас ганцаараа улаан дипломтой төгсч, сурлагаараа цойлохоос гадна дадлага хийлгэхээр томилсон далд уурхайнуудад дажгүй ажиллаад ирснийг нь ч харгалзаа биз ээ.

Намын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, СнЗ-ийн дарга Ж.Батмөнх Багануурын уурхайн үйл ажиллагаатай танилцаж байгаа нь, зүүн гар талаас Д.Дондов. 1984 он

ГҮНИЙ УУРХАЙГААС “БРАКЛАГДСАН” НЬ

Гүний уурхайд дөрөв, таван жил дараалан дадлага хийж хар бор, нарийн ширийнийг нь мэдэрчихсэн шижигнэсэн залууг эх оронд нь ямар алба хүлээж байсан нь тодорхой. Бүрэнцогтын гянтболдын гүний уурхай. Хорь дөнгөж гарч яваа инженер залуу 1965 оны дүн өвлөөр, арванхоёрдугаар сарын 25-нд шуудангийн ил машин дээр суугаад Бүрэнцогтын уурхайг зорьж байж. Сансрын техник ид хөгжиж байсан тэр үед Бүрэнцогтын уурхайгаас гянтболд (вольфрам) гэх чухал хэрэгцээтэй ховор металл олборлодог байсан юм. Вольфрамыг хиймэл дагуулын бүрхүүл, хатуу хальсанд хэрэглэдэг гэдгийг уншигчид андахгүй. Хуучин нийгмийн үед төрийн онцгой анхааралд байсан ховор металлын уурхайд анхны монгол инженерээр томилогдож ажилласан Д.Дондов хэдэн жилийн өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Бүрэнцогтын уурхай Намын Төв хороо, Засгийн газрын өдөр тутмын хатуу хяналтад байлаа. Бүтээгдэхүүнийг нь ЗХУ авна. Тэр үед экспортод гардаг уул уурхайн бүтээгдэхүүн вольфрамаас өөр байгаагүй. Тийм нөхцөлтэй уурхайд гурван жил ерөнхий маркшейдерээр ажилласан” хэмээн онцолсон удаатай. Ослоос болж далд уурхайд ажиллах аргагүй болсон түүхээ ч сонин хэвлэлээр хуучилсан байдаг. Бүрэнцогтын уурхайд ажиллах үедээ уулын ажлын гологдлыг арилгах үүрэг аваад ажиллаж явахдаа осолджээ. 250 метрийн гүн 12 цагийн турш нурангид дарагдаж амь наана, там цаана болж байж. Хагас өдөр нурангид дарагдсан маркшейдерийг хойд хөршид хамт сурч байсан ангийх нь хоёр аварч байжээ. Ингээд л өөрийнх нь хэлснээр “Гүний уурхайгаас браклагдаж ил уурхайн хүн болсон” түүхтэй.

ШАРЫН ГОЛЫГ БОСГОЖ, БАГАНУУРЫГ БҮТЭЭСЭН ОН ЖИЛҮҮД

Маркшейдер Д.Дондовын томилолт авсан хоёр дахь уурхай нь Шарын гол. Суга, гар хоёр таягтай залуу ашиглалтад ороод удаагүй уурхайн ерөнхий маркшейдерээр ажиллаж эхэлжээ. Монголын нүүрсний том уурхайнуудын нэгд тооцогддог Шарын голын уурхайд тэрээр ерөнхий маркшейдерээр дөрвөн жил, ерөнхий инженерээр дөрвөн жил ажиллаж байв. Чухам эндээс л Д.Дондов гэж уурхайчны амьдрал нүүрстэй холбогдсон юм. Түүний нүүрсний салбарт 55 жил ажилласан түүх эндээс эхлэлтэй. Ойрын овоолгыг байгуулснаар илчит тэрэгний эргэлтийн хугацааг хоёр дахин багасгасан, нүүрс хүлээж авч, ачих задгай агуулах байгуулснаар жилд 200 мянган тонн нүүрс илүү борлуулах боломж бүрдүүлсэн, уурхайн хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэх үндэслэлийг боловсруулж хэрэгжүүлсэн гэх мэт анхны гэсэн тодотголтой цөөнгүй ажлыг Шарын голын уурхайд хийсэн гэж нүүрсний салбарынхан онцолдог.

Залуу инженер Шарын голын уурхайн эхний жилүүдийн түүхийг бичилцэж, хөл дээр нь босгож өгчихөөд “будаг нь ханхалсан” Багануурыг зорьж байж. Будаг нь ханхалсан гэж зүгээр ч нэг тодотгосонгүй. Улаанбаатарчуудыг эрчим хүч, дулаанаар хангадаг станцуудын нүүрсийг нийлүүлсээр яваа Багануурын уурхайн, Багануур дүүргийн бүтээн байгуулалт тухайн үед дөнгөж эхлэх гэж байв. 1979 оны аравдугаар сард түүнийг Багануурын уурхайн даргаар ирэхэд түр уурхай жилдээ 170 мянган тонн нүүрс олборлодог байв. Уурхай Багануурын хөндийд бүтээн байгуулалт эхэлсэн жил томилогдож очигсдоос уурхайнхаа түүхэнд тод бичигдэж үлдсэн хүмүүсийн нэг нь Д.Дондов. Түүний намтарт Багануурын уурхайн анхны дарга гэсэн тодотгол дурайдаг. Тухайн үед Багануур дүүргийн бүтээн байгуулалтын бүх л ажлыг уурхай хүлээж авч байсан түүхтэй. Тэрээр дүүргийн бүх объектыг хүлээж авах Монголын хэсгийн даргаар ажиллаж байв. Багануурын уурхайн иж бүрэн цогцолбор, Багануур хотын бүтээн байгуулалтыг гадас хатгахаас дуустал нь удирдсан энэ эрхэм цахилгаан хөдөлгүүрийн засварын үйлдвэрийг Монголд анх удаа санаачилж ажиллуулж байж. Экскаваторын жижиг, том бүх л хөдөлгүүрийг хойд хөршид засуулдаг байсныг Монголдоо хийж эхэлсэн нь Багануурын уурхайн хувьд том дэвшил болсон гэж энэ салбарынхан өнөө ч ойр зуураа олзуурхан ярьцгаадаг. Түүний санаачлан хөөцөлдөж ажил болгосон Орос-Монголын хамтарсан “Цахим” үйлдвэрт Монголын уул уурхайн бүх үйлдвэрүүдээс гадна Улаанбаатар төмөр замын төрөл бүрийн хүчин чадалтай цахилгаан хөдөлгүүрийг засварлаж эхэлсэн түүхтэй. Энэ үйлдвэр өдгөө жилдээ 2000 гаруй хөдөлгүүр засварлаж, тэрбумуудаар үнэлэгдэх засварын ажил хийдэг.

Улаанбаатарыг цахилгаан, дулаанаар таслахгүйн тулд нүүрсээр зай чөлөөгүй нийлүүлэх ёстой гэсэн даалгавар авсан Багануурын уурхайн эхний жилүүдийн түүх өнөөгийн бидэнд содон дуулддаг. Хэдэн жилийн өмнө дөө, Д.Дондов дарга “Багануурын уурхайн том зааланд инженерүүдэд 40 гаруй ор засчихсан, хоол бэлэн өгнө. Унт амар, дуудлага гарвал гар гэсэн системтэй ажиллана. Цагаан сар хориотой байсан үе. Ерөнхий инженер нь жолооч нараа ажилд гаргах гээд очиход нүүрс зөөдөг белазын жолооч нар гэртээ найрлаад сууж байна. Золгох ёсон байна, золгоно, тэгээд л ажилдаа гарна шүү дээ” гэж хуучилж билээ.

А.БЕЛИНКИН: Д.ДОНДОВ НАР БОЛ ЗАМААСАА ГАРДАГГҮЙ ХҮЧИРХЭГ МОРЬД

Монгол Улсын зөвлөх инженер Д.Дондовын тухай бичвэртээ дурдахгүй орхиж боломгүй нэг хүн бий. Тэр нь ОХУ-ын уул уурхайн инженер Анрий Белинкин. Монголыг цахилгаан, дулаантай залгуулж яваа Багануурын бүсэд нүүрсний томоохон орд байж магадгүй гэсэн сонирхолтой дүгнэлтийг анх Зөвлөлтийн уул уурхайн мэргэжилтэн Анрий Белинкин хийж байсан юм. Энэ хүний ачаар Эрдэнэтийн орд дээр хайгуул хийж дуусгаад нутаг буцах гэж байсан “Зарубежгеологи”-ийн ангийг Багануур дээр хайгуул хийлгэх шийдвэрийг хоёр улсын Засгийн газар гаргаж байж. Багануурт “Зарубежгеологи”-ийн анги хайгуул хийгээд томоохон хэмжээний нүүрсний давхарга байгааг илрүүлж, 1977-1980 оны хооронд буюу гуравхан жилийн дотор уурхайн эхний ээлжийг ашиглалтад оруулсан үйл явдал өнгөрсөн түүхэнд бий. Белинкинийг дэлхийн анхааралд хэдийнэ орсон Таван толгойн “автор”-уудын нэг (Таван толгой ордын ТЭЗҮ-ийг хийж байсан хүн) гэдгээр нь хөрөнгө оруулагчид андахгүй. Товчхондоо нүүрсний салбарынхан, бүр цаашлуулж хэлбэл Монгол Улсын тухайд А.Белинкин 1971-2005 он хүртэлх Монголын нүүрсний ил уурхайн түүхийг бүтээлцсэн том гавьяатан. Харин Д.Дондов гэж хүний хувьд Анрий дотны анд, мэргэжил нэгт найз нь. А.Белинкин найзынхаа тухай “Би хуучин анд найзууд Д.Дондов, Р.Сундуй нартайгаа байнгын холбоотой байдаг. Тэд бол замаасаа гардаггүй хүчирхэг морьд” гэж хэлсэн нь бий. Энэ өгүүлбэр А.Белинкиний Монголын нүүрсний уурхайн түүхийг нэг бүрчлэн сонирхолтойгоор өгүүлсэн “Монголын нүүрсний салбарын ил товчоон” номын төгсгөлд бий. Нүүрсний салбарт хагас зуунаас илүү хугацаанд зүтгэсэн он жилүүдийг нь оноод хэлчихсэн зүйрлэл санагддаг.

Тэр номонд Д.Дондовын тухай бас нэг хэсэг бий. Белинкин “Монголын нүүрсний салбар үүсч хөгжихөд миний мэдэхээр асар их хувь нэмэр оруулсан Монголын удирдах ажилтнуудыг дурдмаар байна. П.Очирбат, Д.Дондов, М.Пэлжээ, Д.Содном, Ч.Хурц, Жигмэд-Очир, Ж.Сосор, Ж.Хишигт, Н.Батаа, Ж.Батмөнх, Д.Майдар, С.Батхуяг, Р.Сундуй, Ж.Жамьян, О.Цогхүү, Т.Нямхүү, Б.Мягмаржав, Д.Эрдэнэбат, Б.Сайнхүү, Б.Жигжид, Д.Дамбапэлжээ, С.Батжаргал нар юм. Монголын удирдах ажилтнуудыг албан тушаалын дэс дэвээр биш, харин нүүрсний салбарын үүсэл хөгжилд оролцсон дэс дарааллаар нь би жагсаасан юм” гэж онцолсон байдаг. “Нүүрсний” Дондовыг нүүрсний салбарт хийсэн ажилтай, хэлэх үгтэй гэдгийг нь үүнээс илүү тод томруунаар яаж нотлохов.

Ленинградад тохой залгаж суусан ангийн анд П.Очирбат нь ч “Уурхай дагасан соёлын өв” номондоо “Доржийн Дондов” гэж гарчиглаж байгаад үгээ хэлсэн байдаг. Анхны Ерөнхийлөгч номондоо “Дондовын удирдах ажилтны авъяас бүтээлч удирдах ур чадвар Багануурын уурхайн дарга байсан он жилүүдэд гайхамшигтай тодорсон. Монголын хамгийн том, өвөрмөц технологитой, төмөр замын болон авто тээвэр хосолсон тээврийн системтэй, асар их хүчин чадалтай алхагч экскаватор бүхий тээвэргүй системтэй ил уурхайн даргаар ажиллаж байв. Зөвхөн Шарын гол, Багануурын уурхай төдийгүй Монголын нүүрсний аж үйлдвэрийн салбарт санаа тавьж, Монгол Улсын түлш эрчим хүчний цогцолборын хөгжлийн төлөө төрийн бодлогыг томьёолох, хууль эрх зүйн зохицуулалтыг оновчтой болгох талаар үзэл бодлоо тод илэрхийлж, хэрэгжүүлэхийн төлөө тууштай зүтгэж, өргөн цар хүрээтэй ажилладаг удирдах ажилтан хүн. Уулын инженер Дондов Таван толгойн ТЭЗҮ-ийг боловсруулсан А.Белинкинтэй хамтран Таван толгойн коксжих нүүрсний ордыг ашиглах оновчтой горимыг сонгох талаар иж бүрэн судалгаа хийж, дүгнэлт саналаа боловсруулж УИХ-д өргөн мэдүүлж байсан юм” гэсэн үнэлгээ дурайж байна.

Сонирхуулж хэлэхэд Монгол нүүрсийг анх удаа экспортолсон уурхай бол Багануур. 1988 онд хамгийн их буюу дөрвөн сая 53 мянган тонн нүүрс олборлож байсан Багануурын уурхай тэр үедээ Владивостокийн цахилгаан станцуудад нэг сая тонн нүүрс экспортолж байж. Багануурын уурхай хойд хөршид нүүрс экспортолж байх тэр үеийн уурхайн дарга нь Д.Дондов юм. Тэрээр 1979-1992 онд энэ уурхайг удирдсан нь “Нүүрсний Дондов” гэх тодотголын том шалтгаан болсон гэдэгт эргэлзэх зүйл алга.

САЙДААС БАГШ…

Багануурын уурхайн дарга нараас хамгийн анх аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол хүртсэн энэ эрхэм зургаан сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай нүүрсний уурхайг хүлээлгэж өгөөд салбарын яамны орлогч сайдын албан тушаалд томилогдож байв. Тэрээр хоёр жил сайдаар ажиллаад багшаар ажиллах болсон юм. Уул уурхайн салбарт мэргэжилтэн бэлдэх нүсэр ажлын хажуугаар Улаанбаатар дахь Багануурын уурхайн төлөөлөгчийн газрын дарга, Багануурын нүүрсний уурхайн харьяа Орос, Монголын экскаваторын цахилгаан хөдөлгүүр засварын “Цахим” ХК-ийн ерөнхий захирал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нүүрсний газрын үйлдвэр техникийн хэлстийн дарга зэрэг ажлын хавсран хийж байж. Уурхайчин болох залууст номын дуу сонсгосон жилүүддээ ч нүүрсээр амьсгалсаар ирснийг нь сая дурдсан жишээнүүдээс харчихаж болж байна.

Өдгөө ч энэ эрхэм ШУТИС-д уул уурхайн багшаар ажилладаг. Найзууд нь “Уул уурхайгаар дүүрэн Д.Дондовын шавь нар бий” гэцгээдэг нь зүгээр нэг хөнгөн хошигнол биш. 400 хол давсан шавь, хоёр доктор, 31 магистр төрүүлж, 10 гаруй сурах бичиг бичсэн эрдэмтэнд хаяглахаас аргагүй үг. Боловсрол, уул уурхайн салбарынханд ШУТИС-д уул уурхайн инженер маркшейдерийн мэргэжилтэн бэлдэх суурийг тавьсан гэдгээрээ хүлээн зөвшөөрөгддөг энэ эрхэм “Уул уурхайн нүд, чих” гэгддэг маркшейдеруудыг гучаад жилийн турш бэлдэж, сургасаар яваа юм. Ингээд харахаар Д.Дондов гэдэг багшийн шавь нар Монголын уул уурхайг чиглүүлж залж яваа нь нүдэн дээр ил харагдаж буй бодитой үнэн л дээ. Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан, техникийн ухааны доктор, ШУТИС-ийн хүндэт профессор, зөвлөх инженер Д.Дондов өнөөдөр ч нүүрсний салбартаа ажиллаж, нүүрсээр амьсгалж явна. Өнгөрсөн жил гэхэд л Анрий Белиникиний “Монгол нүүрсний салбарын ил товчоон” хэмээн сүрхий зузаан номыг орчуулаад олонд хүргэчихсэн. Монголын нүүрсний ордуудын талаар товч тодорхой, ил дэлгэрэнгүй өгүүлсэн энэ ном ирэх жилүүдэд уул уурхайн салбарын том хөтөч болохоор үнэ цэнэтэй билээ. Ингээд ч зогсохгүй нүүрсний салбарт тэргүүлэх ач холбогдолтой Багануур, Эрдэнэс Таван толгой, Шивээ-Овоо зэрэг уурхайнуудын ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллаж байгаа нь өдий хүртэл нүүрсээр амьсгалж яваагийн үгүйсгэх аргагүй тод жишээ л дээ. Нийтлэлийн маань гол баатар Д.Дондов АИХ-ын депутатаар сонгогдож, Монголын төрийг түшилцэж явсан нэгэн гэдгийг энэ дашрамд онцолъё.

Г.ИДЭРХАНГАЙ

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Малыг хөлөөр нь гаргахгүй гэж малтсанаас болж 2.1 тэрбум ам.доллар алдлаа” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Малыг хөлөөр нь гаргахгүй гэж малтсанаас болж 2.1 тэрбум ам.доллар алдлаа” хэмээн өгүүлжээ.

“Допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүд наадамд барилдахгүй” хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт бичжээ.

Б.Пүрэвдорж: Амьд мал гаргахаа больсон гэж ард иргэдэд худлаа мэдээлж, цаагуураа нууц ажиллагаа явуулж байна хэмээн “Цаг үе” нүүрт ярьжээ.

Х.Баттулга: Түүхийн улбаа тээсэн нэг хуудас цаас ч Монголын хойч үеийнхэнд тонн тонн алтнаас үнэтэй гэж “Улс төр” нүүрт бичжээ.

Х.Нямбаатар: Дордуулсан долоон заалт гэдэг ч яг ямар заалтуудыг өөрчилснийг өнөөдөр санаж байгаа хүн ховор байна гэж “Улс төр” нүүрт ярьжээ.

Дэлхийн ноолуурын зах зээлд”Louis vuitton”-той өрсөлдөх суурь нь “Монголын хаан ширхэгт” гэв хэмээн “Эдийн засаг” нүүрт бичсэн байна.

Ард түмний “Хавай” аварга тосонг оготноос салгах төр засаг байна уу хэмээн “Танайд өнжье” нүүрт бичжээ.

Улсын начин Д.Жанчивдорж: Х.Баянмөнх аваргатай хоёулхнаа наадмын бэлтгэлд гардаг байлаа хэмээн “Наадам айсуй” нүүрт ярьжээ.

“Монголчууд дотоодоосоо гурил, төмсний хэрэгцээгээ хангаж байна” хэмээн “Цаг үе, үйл явдал” нүүрт бичжээ.

Luxury аяллын баг хар өнгийн Боинг онгоцтойгоо Монголд саатаад буцлаа хэмээн “Сонин хачин” нүүрт бичжээ.

М.Ивээл: НҮБ-ын индэрээс илтгэл тавих байтугай, босгыг нь давах миний хувьд мөрөөдөл байсан хэмээн “Цаг үе, залуус” нүүрт ярьжээ.

Солонгос, Японы үл ойлголцол хурцдаж магадгүй байна хэмээн “Дэлхийн мэдээ” нүүрт өгүүлжээ.

“Цагаан цайны тус” хэмээн “Энэ өдөр” нүүрт өгүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ