Categories
мэдээ нийгэм

Аврагчдаас төрсөн хоёр дахь гавьяат

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 98 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, ахлах дэслэгч Х.Мөнхбат “Үйлчилгээний гавьяат ажилтан цол”-оор шагнууллаа.

Шагналыг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд гардуулан өгсөн юм.

Ахлах дэслэгч Х.Мөнхбат Онцгой байдлын байгууллагаас төрөн гарсан долоо дахь гавьяат буюу энгийн аврагчаас төрсөн хоёр дахь залуу гавьяат болж байна.

Тэрбээр Онцгой байдлын байгууллагад 11 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд 182 иргэний амь нас, ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 950.0 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.

Түүнчлэн “НИК Петровис” компанийн шатахуун тээвэрлэгч хоёр автомашин Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр тээвэр хийж яваад нуурын мөс цөмөрч осолдсон дуудлагаар 35-45 градусын хүйтэнд 47 м-ийн гүнд гурван хоног нийт 9 удаагийн шумбалт хийж, 1 хүний цогцсыг гаргасан бол хоёр автомашиныг Хөвсгөл нууранд шатахуун асгалгүйгээр татан гаргах ажиллагааг амжилттай гүйцэтгэхэд оролцсон юм.

Мөн хүчтэй цасан шуурганаар Хатгал тосгоноос 9 км-ийн зайтай “Модот булан” гэдэг газраас Хатгал тосгоны чиглэлд явж байгаад Хөвсгөл нууран дээр төөрсөн 13 автомашинтай 45 иргэнийг, нуурын мөсөн дээр баримжаагаа алдан төөрч явсан явган 8 иргэний амь насыг авран хамгаалсан зэрэг аврах ажиллагаануудад амжилттай үүрэг гүйцэтгэн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Улсын нэгдүгээр эмнэлгийн даргаар ГССҮТ-ийн захирал Т.Мөнхсайханг томилжээ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлыг үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Чулуунбаатарыг долдугаар сарын 5-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж, нөхөн томилгоог хийжээ. Тодруулбал, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Т.Мөнхсайхан томилогдсон байна.

Тэрбээр анагаах ухааны магистр, клиникийн профессор бөгөөд 2006-2016 он хүртэл ГССҮТ-д Их эмч, Үений дурангийн Нийгэмлэгийн захирал, Монголын түлэнхийн сангийн тэргүүлэгч, Олон улсын үе судлалын нийгэмлэгийн тэргүүлэгч, гишүүн зэрэг үүргийг хавсран гүйцэтгэж байжээ.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч ажлын дэд хэсгийнхэнд үүрэг, чиглэл өглөө

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил арга зүйн туслалцаагаар хангах ажлын дэд хэсэг өнөөдөр (2019.07.08) хуралдлаа.

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын хорооны 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр хойшлуулсан асуудлуудын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч Д.Лүндээжанцан ажлын Дэд хэсгийнхэнд үүрэг, чиглэл өгөв. Тухайлбал, Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд төслийн 6.1.2-т заасан байгалийн баялгийг тэгш, шударгаар хуваарилах зарчим, 28.2 буюу Улсын Их Хурлын хяналт, шалгалт, хариуцлагыг дээшлүүлэх, улс төрийн намыг чиг үүрэг, санхүүжилт, үйл ажиллагааны зарчим, Шүүгчийн хариуцлагын зөвлөл, Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн байдлыг тодорхойлох зэрэг сэдвийн хүрээнд хойшлуулсан саналуудыг ярилцаж, Ажлын дэд хэсгүүдийн хуралдаанаар нарийвчлан нухацтай хэлэлцэж, саналын томьёолол бэлтгэх чиглэл өглөө. Энэ талаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч Д.Лүндээжанцан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт танилцуулна. Ажлын дэд хэсгийн дөрөв дэх удаагийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч Д.Лүндээжанцан, Дэд ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав, Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Ц.Товуусүрэн, Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Р.Хатанбаатар, болон УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал, Хууль эрх зүйн хэлтсийн зөвлөх Ж.Бямбадулам, Ц.Болормаа, референт Б.Золбоо нар оролцов.

Categories
мэдээ нийгэм

Мэнгэтэй жагсагчид Хуульзүйн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардлаа

Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг сайдын суудлаасаа огцрохыг шаардсан иргэд”Мэнгэтэй жагсаал” хийж байна.

Мэнгэтэй жагсагчид хуульзүйн яамны гадна талбайд эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм.

Хан-Уул дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч С.Сарангуа “Хууль зүйн яамны сайд Ц.Нямдорж над дээр нэг хэрэг үүсгэчихсэн явж байгаа гэнэ. Тэр хэргээр намайг Зөрчлийн тухай хууль зөрчсөн гээд өөрийнхөө байгуулсан 409 гэнэ үү, шорондоо хийх юм байх. Би Захиргааны хэргийн шүүхэд хандаад өнгөрсөн долоо хоногт яллаа. Учир нь Монгол Улсын иргэн Үндсэн хуулиар олгосон эрхийнхээ дагуу жагсаж, үзэл бодлоо илэрхийлсэн юм байна. Захиргааны байгууллага, Ц.Нямдорж ба түүний нөхөд, Чингэлтэй дүүргийн Засаг дарга энэ эмэгтэйн эрхийг зөрчсөн байна” гэдэг шийдвэрийг гаргасан. Тийм учраас энэ хүмүүс над дээр үүсгэсэн хэргээ татгалзаад хаахаас өөр арга байхгүй. Монголын ард түмэн энэ хүнд доромжлуулж явдаг цаг өнгөрсөн. Танихгүй хүн хүртэл Ц.Нямдоржийн эсрэг дугарахаас айдаг юм байна. Зарим нь “Чамд хилс хэрэг үүрүүлж байгаад шоронд хийнэ шүү” гэж хүртэл хэлж байна. Харин эсрэгээрээ эд нар биднээс айж явах ёстой. Хууль зүйн сайд Ц.Нямдорж надаас айж байна. Энэ хүн олон хоног элдвээрээ хэлүүлчихээд яагаад гарч ирээд тайлбар хэлэхгүй байгаа юм. Чадахгүй байхгүй юу. Монголын ард түмэндээ хандаж хэлэхэд Ц.Нямдоржоос айгаад байхаар хүн биш юм байна. Бид шударга үнэнээр амьдарч байгаа учраас биднээс айж явах ёстой гэдгийг дахин хэлье” гэсэн юм. Эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулагчид өнөөдөр албан ёсоор шүүхээс эрхээ аваад, Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг огцруулах жагсаал цуглаанаа үргэлжлүүлж байна гэдгийг хэлсэн юм. Жагсаалд оролцогчдын ихэнх нь эмэгтэйчүүд байлаа. Тэд цаашдаа ч сайдын суудлаасаа огцрох хүртэл эсэргүүцлээ илэрхийлнэ хэмээн хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл аймагт 50:100 “Энергийн төв” нээлтээ хийлээ

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Эрхэлийн хөндий Эрдэнэхайрханы өвөрт байрлах 50:100 “Энергийн төв” нээлтээ хийлээ.

Дэлхийн бөмбөрцгийн хойд өргөргийн 50 градус, зүүн уртрагийн 100 градусын огтлолцлын цэг болох тус газарт энерги байна гэдгийг анх Монгол-Японы эрдэмтэд тогтоосон байдаг. Дэлхий дээр 50, 100 градусын огтлолцол таарсан дөрвөн цэг байдаг. Үүний хоёр нь Атлантын далайд, нэг нь Канад улсын хурдны зам дээр таардаг. Эдгээр огтлолцлын цэгүүд дээр хүн саатах боломжгүй бөгөөд дөрөв дэх цэг буюу Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумд байрлах энэ огтлолцлын цэг дээр хүмүүс ирж үзэх боломжтой, тэр цэг дээр зогсох боломжтой гэдгээрээ давуу талтай юм.

Энэхүү энергийн төв нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутагт Мөрөн хотоос 30 км зайд Эрхэл нуураас хойш байрлаж байна.

Categories
мэдээ спорт

Б.Мөнхзаяа олимпийн эрхийн болзол хангалаа

Монголын хөнгөн атлетикийн үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер(ОУХМ) Б.Мөнхзаяа энэ оны хоёрдугаар сард Хонг Конгод болсон олон улсын тэмцээнд VI байрт шалгарахдаа 2019 оны ДАШТ, “Токио-2020” олимпод хурд сорих болзол хангасан билээ. Анх 17 насандаа эл спортоор хичээллэн, амжилтын төлөө ес дэх жилээ зүтгэж буй тэрбээр Австралид өчигдөр буюу долоодугаар сарын 7-нд болсон “Алтан зам” ангиллын тэмцээнд урилгаар оролцохдоо олимпын зай болох бүтэн марафон буюу 42 км зайд хоёр цаг, 29 минут, 18 секунд гүйж, IV байрт шалгарчээ. Б.Мөнхзаяа хэдийгээр медаль хүртээгүй ч “Токио-2020”-д өрсөлдөх болзол дахин хангаж, улсынхаа дээд амжилтыг шинэчиллээ. Тус тэмцээнд Монголын таван тамирчин хурд сорьсноос ОУХМ Ц.Бямбажав XI байрт шалгарч, энэ жил ДАШТ-д оролцох эрх авлаа. Б.Мөнхзаяа нь Риогийн олимпод анх хурд сорихдоо 72 дугаар байрт шалгарсан бөгөөд 3, 5, 10, 21, 42 км гэсэн таван зайд Монгол Улсын дээд амжилтыг эзэмшдэг. Тэрбээр 2017 онд Тайванийн марафонд түрүүлэхдээ тус тэмцээнээс алтан медаль хүртсэн Монголын анхны, Азийн хоёр дахь тамирчин болсон юм.

Categories
мэдээ улс-төр

НАМЗХ-ны шинэ ерөнхийлөгчөөр Н.Учрал сонгогджээ

Related image

МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага НАМЗХ-ны VI их хурал өнөөдөр болж байгаа. Уг хурлаар хэлэлцэх чухал асуудлын нэг нь шинэ ерөнхийлөгчөө сонгох байсан. Тэгвэл тус байгууллага шинэ ерөнхийлөгчөөрөө УИХ-ын гишүүн, нийслэлийн НАМЗХ-ны тэргүүн Н.Учралыг сонгожээ. Өмнөх ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ажиллаж байсан юм.

Categories
мэдээ спорт

Буриад сур: Н.Алтанхуяг түрүүлж, хошой мэргэн цолны болзол хангажээ

Image result for сурын бай

Тулгар төр байгуулагдсаны 2228, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 108, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баярын буриад сурын харваа өчигдөр болж өндөрлөлөө. Нийт 205 харваач цэц мэргэнээ сорьсноос Баян-Өлгий аймгийн уугуул, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний “Алдар спорт” хороо, “Жем Интернэйшнл” ХХК-ийн харваач, Буриад сурын Улсын мэргэн Н.Алтанхуяг 61/7 оноогоор түрүүлжээ.

Эрэгтэйчүүд:

  1. Баян-Өлгий аймгийн уугуул, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний “Алдар спорт” хороо, “Жем Интернэйшнл” ХХК-ийн харваач, Буриад сурын Улсын мэргэн Н.Алтанхуяг 61/7 оноогоор түрүүлж, Улсын хошой мэргэн цолны болзол хангалаа.
  2. Хоёрдугаар байрт: Баян-Өлгий аймгийн Бугат сумын уугуул, “Цамбагарав өгөөж” ХХК-ийн харваач, Буриад сурын спортын мастер З.Нямсүрэн /61/5 оноо/
  3. Гуравдугаар байрт: Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний “Алдар спорт” хороо, Жем Интернэйшнл ХХК, Монголын мэдээлэл холбоо сүлжээ ХХК-ийн харваач Х.Хүрэлтуяа /60/7 оноо/
  4. Дөрөвдүгээр байрт: Дорнод аймгийн Баяндун сумын уугуул Улаанбаатарх хот, Сүхбаатар дүүрэг, Алтан дуулга баг, “Тус дор” ХХК-ийн харваач, Буриад сурын спортын мастер Б.Пүрэвсүрэн /59/9 оноо/
  5. Тавдугаар байрт: Хэнтий аймгийн Батширээт сумын уугуул, Орхон аймаг. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Хангарьд спорт хорооны харваач, Буриад сурын Улсын мэргэн Н.Өлзийхутаг /58/1 оноо/ нар оржээ.

Эмэгтэйчүүд:

  1. Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул, Баяндун сумын Эрүүл мэндийн төвийн тамирчин Монгол харвааны Мондэ багийн харваач, Буриад сурын спортын мастерЧ.Гандаваа 59/9 оноогоор түрүүлж, Улсын мэргэний болзол хангасан байна.
  2. Хоёрдугаар байрт: Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул, Петровис компанийн харваач, спортын мастер Д.Эрдэнэтуяа /57/7 оноо/
  3. Гуравдугаар байрт: Дорнод аймгийн Дашбалбар сум, Буриад сурын Улсын мэргэн Э.Оюунжаргал /57/3 оноо/
  4. Дөрөвдүгээр байрт: Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул, Нийслэлийн 52 дугаар сургуулийн тамирчин, Монгол харвааны Мондэ багийн харваач, спортын мастер Б.Пунсалдулам /54/5 оноо/
  5. Тавдугаар байрт: Улаанбаатар хотын уугуул, Тагнуулын ерөнхий газрын Эрч спорт хороо, Петровис компани, Очирваань клубийн харваач Ю.Мөнхчимэг /53/6 оноо/ нар шалгарчээ.
Categories
мэдээ нийгэм

Э.Бөхбат: Түгжирч цаг алдалгүйгээр нийтийн тээврийн автобус сонгохыг наадамчиддаа зөвлөж байна

Үндэсний их баяр наадмын замын хөдөлгөөний зохицуулалтын талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат мэдээлэл өглөө. Тэрбээр “Үндэсний баяр наадмын үеэр төв цэнгэлдэх орчимд 2,500 тээврийн хэрэгслийн зогсоол бэлэн болсон бол Хүй долоон худагт 7,500, нөөцөд 6,000 орчим тээврийн хэрэгслийн зогсоол бэлэн болоод байна. Иргэд авто машины зөвшөөрлийн ард байгаа явах маршрутыг анхаарах хэрэгтэй. Мөн уулзварууд дээр цагдаагийн алба хаагчид ялгалт хийдэг. Уулзварууд дээр байршуулсан чигийн заалт тэмдэгүүдийн дагуу цагдаагийн албан хаагчийн ажилд хүндрэл учруулахгүй явах боломж жолооч нарт бий. Төв цэнгэлдэх орчимд зогсоолын хүрэлцээ муу учир жолооч нар Мишээл экспо, Дүнжингарав худалдааны төвийн зогсоолд машинаа тавиад, гурван минут тутамд үнэ төлбөргүй явж байгаа нийтийн тээврийн автобусаар стадионд очих боломжтой. Удаан хугацаанд түгжирч, хугацаа алдалгүйгээр авто машинаа тавиад нийтийн тээврийн автобус сонгохыг наадамчиддаа зөвлөж байна.

Соёолон насны морьд гарах өглөө Улаанбаатараас Хүй долоон худаг руу нэг чигийн хөдөлгөөнд оруулна. Харин соёолон насны морьдын уралдаан дуусахад Хүй долоон худагаас Улаанбаатар хот руу нэг чигийн хөдөлгөөнд оруулна. Мөн хотод хөдөлгөөний зохицуулалт олон хийгдэхээр байгаа. Энэ талаар цагдаагийн байгууллага хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан тогтмол мэдээлэл өгөх болно. Тиймээс иргэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг анхаарч, замаа сонгох хэрэгтэй байна.

Өнгөрсөн жил баяр наадмын өдрүүдээр 423 зам тээврийн осол бүртгэгдсэнээс 390 хүн бэртэж гэмтэж, 16 хүн нас барсан. Нас барсан 16 хүний 13 нь орон нутгийн замд хурд хэтрүүлсэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн шалтгааны улмаас нас барсан. Тиймээс замын хөдөлгөөний дүрмээ баримталж, соёлтой оролцохыг уриалж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг дээшлүүллээ

НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Гамшгаас хамгаалах сайн дурын хэсэгтэй хамтран “Үерийн аюултай үед хорооны гамшгаас хамгаалах албаны харилцан ажиллагааг зохион байгуулах нь” сэдэвт дадлага сургуулийг зохион байгууллаа. Дадлага сургуульд Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, 7 дугаар хорооны ажлын алба болон 1-16 дугаар хэсгийн гамшгаас хамгаалах сайн дурын бүлгийн нийт 110 гаруй ажилтан, алба хаагч, 5 автомашин, техник хэрэгсэлтэйгээр оролцсон юм. Энэ үеэр 7 дугаар хорооны 10, 11 дүгээр хэсгийн үерт өртөж болзошгүй айл, өрхүүдийн судалгааг гарган, анхааруулга зөвлөгөө өгч, гамшгаас хамгаалах сайн дурын бүлэг, иргэдийн үер, уснаас урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг дээшлүүллээ гэж НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.