Categories
мэдээ цаг-үе

Б.Гантиг: LIBRA-г цахим доллар гээд ойлгочихож болно

Bitmonex компанийн гүйцэтгэх захирал Б.Гантигтай ирэх онд Фэйсбүүкээс нэвтрүүлэх цахим мөнгөний талаар ярилцлаа. Фэйсбүүк блокчэйн дээр суурилсан либра хэмээх цахим мөнгө гаргана гэдгээ мэдэгдээд байгаа юм.


-Фэйсбүүк либра цахим мөнгийг 2020 онд хэрэглээнд нэвтрүүлнэ гэж байна. Хэрэгжих магадлал хэчнээн хувьтай бол?

-Фэйсбүүкийн хувьд сүүлийн хоёр жилийн турш валют гаргана гэсэн яриа яваад байсан. Гэхдээ сая л албан ёсоор зарлалаа. 2020 оны эхээр гаргана гэсэн төлөвлөгөөгөөрөө гаргачих байх. Либра фэйсбүүк платформын алсын харааных нь нэг хэсэг болов уу. Фэйсбүүкийн хувьд эхлээд зүгээр нэг сошиал, хүмүүс хоорондын харилцаа байсан бол одоо бидний амьдралын нэг хэсэг болчихсон. Хятадууд we-chat гэх мэтээр Азийн орнууд өөр өөрийн платформыг ашигладаг бол монголчууд фэйсбүүк идэвхтэй хэрэглэгчид. Дэлхий дээр 1.7 тэрбум хүн банкны үйлчилгээ авч чадахгүй байна гэсэн тооцоолол гарсан. Либра энэ тооцоолол дээр гарч ирэх гэж байна л даа. Үүнээс гадна банкны үйлчилгээтэй байсан ч хүн болгон банкны данс нээж чаддаггүй гэсэн асуудал бий. Фэйсбүүк хүн болгон данстай байх ёстой, банкин дээр паспортоо барьж очоод гэрээ хийгээд данс нээх шаардлагагүй, онлайнаар нэг кноп дарахад данстай болох боломжтой гэж үзэж байна л даа. Улс хооронд мөнгө шилжүүлэхэд маш бага хугацаанд маш бага зардлаар үйлчлүүлэх боломжтой байх ёстой гэсэн санаа үүний ард бий.Монголд арав хорин мянган хүн биткойн яриад оролдоод явдаг байх. Харин либра ороод ирвэл монголчуудын хоёр сая хэрэглэгчийн арван хувь нь хэрэглээд эхлэхэд л биткойн юу ч биш болно. Фэйсбүүк дээр онлайн бараагаа зардаг компаниуд зах дээр очоод либрагаар бараа авдаг болно гэсэн үг. Фэйсбүүкийн тухайд либра дээр улс орнуудаас байгууллагууд багтсан нэгдэл байгуулна, эхний зардлыг нь гаргаад 2020 оноос тусад гаргана гэж байгаа юм билээ.

-Олон улсын банк санхүүгийн томчууд либрагаас болгоомжилж байна л даа. Сүүлд гэхэд Bank of England-н тэргүүн “Хүүхдүүд хөөрхөн юм бодох юм. Ажил хэрэг болж манай санхүүгийн системд орохыг нь харъя л даа” гэж егөөдсөн дуулдсан. Ийм эсэргүүцэл либрагийн ирээдүйд нөлөөлөх болов уу?

-Нөгөө талд либраг дэмжих хэсэг бий. Мастер картаас эхлээд eBay, PayPal, Uber, Lyft, Spotify гэх мэт технологийн компианиуд либрад хамтарсан.Харин нэг ч банктай хамтарч ажиллахгүй байгаа. Тэгэхээр либраийн гол санаа бол уламжлалт банкийг орлоно. Банкны гүйгээний шимтгэлүүд гээд өдөр тутам хэрэглэдэг зүйлсийг байхгүй болгоно. Миний бодлоор фэйсбүүк яваандаа бидний хэрэглэдэг паспорт шиг л юм болно. Нэг дэлхий, нэг мөнгө гэчихээр Европын банкууд Францад шууд эсэргүүцнэ. Эсэргүүцлээ гээд үр дүнгүй. Биткойныг гэхэд өнөөдөр яаж ч чадахгүй байна. Фэйсбүүкийн либра биткойн шиг эзэнгүй, задгай биш. Ардаа компанитай болохоор хууль эрх зүйн орчиноо дагаад явах байх. Өөр нэг өнцөг бий. Либраг Францад хаалаа гээд Монголд хаана гэсэн үг биш. Монголд бол миний бодлоор явж л таарах байх. Монгол шиг улсууд либраг түлхүү хэрэглэнэ.

-Яагаад?

-Манай улсын хувьд банк санхүүгийн хөгжлөөр хойно юм шиг хэрнээ технологиороо хурдтай хөгжөөд байна. Жишээлбэл, Америкийн санхүүгийн технологийн системээс манайх хэд дахин хурдан явж байгаа. Lend.mn зэрэг хэдэн төлбөрийн аппликейшнүүд, mongol chat ,E barimt- ийн систем манайд амжилттай яваа. Ийм зүйлс жижигхэн улсад маш хурдтай хэрэглээнд нэвтэрдэг онцлог байна л даа. Үүнээс гадна манай улс ийм зүйлсийг хурдтай хүлээж авдаг онцлогтой. Ингээд харахаар либра Монголд нэвтрэхэд ямар нэг асуудал бэрхшээл үүсэхгүй.

-Фэйсбүүк хэрэглэгчид либраг яг яаж ашиглах тухай энгийнээр тайлбарлаж өгөөч..?

-Энгийнээр хэлбэл крипто валюттай ижилхэн болов уу. Тэгэхээр улс болгонд нэг хариуцагч байгууллага байж таарна. Учир нь нэг либра валют нэг доллартай тэнцэнэ гэж байгаа. Тэгэхээр доллараар баталгаажна, бүр тодруулбал доллар нөөцлөх асуудал яригдах байх. Биткойн, алт нөөцөлж ч магадгүй. Үнэ цэнэтэй зүйл нөөцлөөд нэг либра нэг доллартай тэнцэнэ гэсэн хатуу ханштай явах байх. Нэг доллараа нэг либра болгохын тулд бодит доллараа нэг газар хийх ёстой болно. Тэгэхээр ямар нэг хөрвүүлэгч арилжаа байж таарах болов уу.

-Либра гарч ирснээр фэйсбүүк төлбөртэй болох нь гэсэн яриа дэгдэж байна. Энэ хэр бодитой яриа вэ?

-Фэйсбүүк хэзээ ч төлбөртэй болохгүй. Фэйсбүүк хаагдана гэсэн шуум гарсантай л ижил зүйл. манайхны нэг шуум яваад байдаг. Фэйсбүүк төлбөртэй болно гэвэл утгаа алдана. Фэйсбүүк хангалттай мөнгө хийж байгаа компани. Хоёр тэрбум хэрэглэгчтэй фэйсбүүкийн зах зээлийг авъя гэсэн бодолтой компианууд улс болгонд бий. Жишээ нь, Монголд Солонгосын хөрөнгө оруулалттай сошиал платформууд орж ирэх гэж үзэж байна. Тэгэхээр Фэйсбүүк төлбөртэй болно гэдэг ор яриа.

-Фейсбүүк LIBRA-г ямар зорилгоор нэвтрүүлэх гээд байгаа юм бол?

-Либра бол ашгийн бус. Биткойны ханш өсдөг бол либрагийнх өсөхгүй. Нэг доллар дээр баригдана. Өнгөрсөн жил Фэйсбүүк хувийн мэдээллийг дураараа ашиглаад байна гэсэн асуудалд орсныг олон хүн санаж байгаа байх. Хүний хувийн мэдээллийг хадгалах ёстой байтал түүнийгээ ашиглаж, компаниудад зарах, зар сурталчилгааны хэрэгсэл болгосон гэж Фэйсбүүкийг буруутгасан. Фэйсбүүк хэрэглэгчид либра ашиглаад эхэлбэл Фэйсбүүк ийм хардлагаас сална. Мөнгөгүй гүйлгээн дээр мөнгө угаалтын эсрэг олон улсын хуулийн дагуу өөрийгөө таниулах зүйлээ заавал хийх ёстой. Жишээ нь хүн рүү мөнгө шилжүүлэхэд өөрийгөө баталж байж явуулах хэрэг гарна. Фэйсбүүкээр либра шилжүүлэх болвол Фэйсбүүк тухайн хүнээс гэрийн хаяг мэдээллүүдийг нь шаардах ёстой. Гэхдээ энэ бол миний л таамаг шүү.

-Либраг блокчейн дээр суурилж гаргана гэж байгаа. Тэгэхээр Фэйсбүүк технологийн асуудлаа бүрэн шийдсэн гэсэн үг үү?

-Блокчейний хамгийн том асуудал нь биткойн дээр байдаг ачааллын асуудлаа шийдэж чадахгүй байна. Биткойн 13000 хүрч асар их гүйлгээнүүд хийгдээд эхлэхээр гүйлгээгээ шилжүүлж амжихгүй удаан болоод байгаа тал бий. Жишээ нь, ид ачааллын үеэр би хэн нэг хүн рүү нэг биткойн явуулахад шимтгэлийг нь өндөр төлж байж хурдан явуулна. Шимтгэлийг нь төлөхгүй бол удааширдаг. Блокчейнд ийм асуудал байдаг. Энэ асуудлыг одоо болтол шийдэж чадахгүй байгаа. Харин Фэйсбүүк бол үүнийг шийдсэн.

-Либра гарчихвал банкууд шахагдаад эхлэх нь ээ?

-Ер нь тэгнэ. Дэлхий дээр хил гаалиас хамаарахгүйгээр мөнгөн гүйлгээ хийдэг болох шийдэл болно. Жишээ нь, Америкийн нэг компианаас бараа худалдаж авахад шууд либра явуулаад авах боломж бүрдэнэ гэсэн үг. Либраг цахим доллар гээд ойлгочихож болно.

-Танайх Америкийн BITREX компанитай гэрээ байгуулж цахим мөнгөний арилжаан дээр ажиллаж байгаа гэв үү?

-Америкийн BITREX компанийг монголчилбол цахим мөнгөний бирж гэсэн үг. Нэлээн олон жил ажиллаж байгаа, нэр хүндтэй технологийн багтай компани байгаа юм. Монголчууд анх эдэнд хандаж биткойноо авдаг байсан. Саяхан төв дээр нь очиж уулзаад хамтарч ажиллах гэрээ хийлээ. Монголдоо нэг томоохон банктай хамтарч байна. Цахим мөнгөний төлбөрийг хэрэглэгчдэд аль болох хялбар болгохын төлөө ажиллаж байгаа. Энэ сардаа багтааж нэвтрүүлнэ. Хүмүүс биткойн худалдаж авахдаа манайх руу орж ирээд авбал олон улсын ханшаар авах боломжтой. Монголд ийм үйлчилгээ өнөөхөндөө байхгүй.

-Биткойны ханш хэд хүрээд байна?

-Энэ оны эхээр 3000 руу орсон одоо 13000 хүрсэн. Энэ бол маш сайн өсөлт. Манайхан ч биткойны арилжааны чиглэлд туршлага суусан байна. 2017 огцом өсөхөд нь шуурсан бол энэ жилийн хувьд харьцангуй өөр байна.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Стэнфордод монгол хүүхдүүдийг сургах талаар тус сургуулийн дэргэдэх Ахлах сургуулийн захиралтай уулзаж, ярилцлаа

Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг өнөөдөр /2019.07.08/ Стэнфордын их сургуулийн дэргэдэх Ахлах сургуулийн захирал Рик Соммартай Төрийн ордонд уулзлаа.

Ноён Рик Соммар манай улсад Стэнфордын их сургуулийн дэргэдэх Ахлах сургууль болон “Гүрэн” институтийн хамтын ажиллагааны хүрээнд хүрэлцэн ирээд байгаа юм.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, манай улсын сургуулиуд Стэнфордтой хамтарч ажиллах болсонд өндөр сэтгэгдэлтэй байна гээд Монголын талаар товч мэдээлэл өгөв.

Хариуд нь ноён Рик Соммар, Монголд ирсэн нь нэр төрийн хэрэг болж байна гээд богино хугацаатай ирсэндээ сэтгэл гонсгор байгаагаа илэрхийллээ.

Тэрбээр мөн, ирэх наймдугаар сард Стэнфордын их сургуулийн Ахлах сургуулийн хөтөлбөрт Монголоос анх удаагаа хүүхдүүд хамрагдах гэж буйд баяртай байгаагаа илэрхийлээд, хөтөлбөрт хамрагдах нь хүүхдүүдэд цаашид амжилттай суралцахад том дэмжлэг болдгийг онцлов.

Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, материаллагаас илүү оюуны хөрөнгө оруулалт маш чухал болсон, хүүхдүүдэд сайн боловсрол эзэмшүүлэх үйлсэд парламентын гишүүний хувьд ч, иргэний хувьд ч ажиллаж байна. Наад зах нь байгалиа хамгаалах үзэл суртлыг хүүхэд бүрт түгээж, сургаж ажиллах шаардлагатай хэмээн санал бодлоо хуваалцлаа.

Талууд ирээдүйн элит иргэн болох хүүхдүүддээ сайн боловсрол эзэмшүүлэх нь маш чухал, үүний төлөө чадах бүх зүйлээрээ туслах ёстой гэдэгт санал нэгтэй байлаа.

Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэгийн хувьд Харвардын их сургуулийн богино хэмжээний сургалтыг дүүргэсэн, боловсролыг дэмжиж ажилладаг гишүүдийн нэг юм.

Categories
мэдээ нийгэм

Наадмын үеэр эрүүл мэндийн байгууллагууд 24 цагийн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

Үндэсний их баяр наадмаар Эрүүл мэндийн байгууллага, эмнэлгүүд ямар зохион байгуулалттай ажиллах талаар холбогдох байгуулагууд өнөөдөр мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар “Баярын өдрүүдэд Эрүүл мэндийн яам өндөржүүлсэн байдалд, 24 цагийн жижүүр гарган ажиллана. Бүх түвшний эрүүл мэндийн байгууллагад энэ чиглэлийн албан даалгавар хүргүүлсэн. Мөн Эрүүл мэндийн яам шаардлагатай тохиолдолд 32-30-02 утсаар мэдээллийг яаралтай хүлээн авч ажиллана. Гэхдээ иргэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаасаа өмнө эрүүл мэндийн хувьд эрсдэлгүй байх тал дээр хувь хүн, өрх гэрийн түвшинд бэлтгэлээ хангах хэрэгтэй. Тиймээс идэх хоол хүнс, амрах орчин, унах унаа гээд бүх зүйлээ эрүүл аюулгүй, эрсдэлгүй байлгах тал дээр анхаарахыг зөвлөж байна” гэлээ.

ГССҮТ-ийн эмч П.Баярсайхан “Гэмтэл согог судлалын үндэсний төв баяр наадмын өдрүүдэд ч 24 цагийн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Баяр наадмын өдрүүдэд иргэд амралт зугаалганд явж, хорхог, боодог хийдэгтэй холбоотойгоор түлэгдэж, гэмтэх тохиолдолд харьцангуй их гардаг. Мөн бага насны хүүхдүүд гэмтэл, бэртэлд өртөмтгий байдаг учраас хүүхдүүддээ анхаарал сайн тавихыг зөвлөж байна” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Улсын их хурлын гишүүн З.Нарантуяа Тайванийн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын дэд сайд Li-Chiung Su тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа өнөөдөр Тайванийн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын дэд сайд Li-Chiung Su тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтаар талууд гэр бүл, нийгмийн хамгааллын чиглэлээр цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцсон юм. Тайвань нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үзүүлэлтээрээ Азидаа тэргүүлдэг байна.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг уриад “Манай хоёр улсын харилцаа эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд гээд олон чиглэлд амжилттай өрнөж байгаа ч нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагаа төдийлөн сайн биш байна. Энэ удаагийн парламент хамгийн олон буюу 13 эмэгтэй гишүүнтэй. Бид хүүхэд, гэр бүл, нийгмийн хамгааллын асуудалд онцгой анхаарч, нам харгалзахгүй нягт хамтран ажилладаг. 2016 оноос Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг батлан гаргаж, хэрэгжүүлж байна. Гэр бүл салалтын тоо их байгаа нь залуучуудын харилцаа, хандлагатай холбоотой. Гэр бүл доторх хүндлэл алдагдсанаас бие биедээ бухимдлаа гаргаж, үүнээс улбаалан гэр бүлийн хүчирхийлэл үүсэж байна. Мөн нийгмийн байдал, архидалт зэрэг нөлөөлдөг. Иймд бид залуучуудад гэр бүл төлөвлөлт, харилцаа хандлагын талаарх мэдлэг, мэдээллийг өгөх тал дээр анхаарч ажиллаж байна” гэлээ.

Тайванийн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын дэд сайд Li-Chiung Su цаг зав гарган уулзаж байгаад нь УИХ-ын гишүүн З.Нарантуяад талархал илэрхийлээд энэ удаагийн айлчлалын хүрээнд өөрийн улсын нийгмийн хамгааллын салбарын ололт амжилт, сайн туршлагаасаа хуваалцахаар Монгол Улсад ажиллаж байгаа талаараа товч танилцуулав.

Тэрбээр, “Манай улсын хувьд нийгмийн ажилтнуудыг чадавхжуулахад онцгой анхаарч ажилладаг. Өнгөрсөн онд Гэр бүлийн боловсролын тухай хуулийг баталсан. Дүүрэг, хороо бүрт нийгмийн ажилтныг ажиллуулж, залуучуудад гэр бүл болохоос нь өмнө заавал гэр бүл төлөвлөлтийн талаарх тусгай сургалтад хамрагдсан байхаар зохицуулсан. Ингэснээр залуу гэр бүлийн салалт багасна гэж үзэж байгаа. Урьд нь бид зөвхөн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийг нийгмийн үйлчилгээнд хамруулж ажилладаг байсан бол одоо хүчирхийлэл үйлдэгч нарыг албадан сэтгэл зүйн болон бусад эмчилгээ, сургалтад хамруулахад анхаарч байна. Мөн хүүхдэд багаас нь насны онцлогт тохируулан аливаа хэлбэрийн хүчирхийллийн талаарх мэдээллийг өгдөг. Хүүхдүүд өөрт болон хөрш айлд нь болж байгаа бүх мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдээлдэг болсон. Хамгийн чухал нь цагдаа, нийгмийн ажилтнууд хувь хүний мэдээллийг маш сайн хамгаалдаг байх ёстой” гээд нийгмийн ажилтнуудыг сургах, мэргэшүүлэх чиглэлд хамтран ажиллах боломжтойг тэмдэглэлээ.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа тус улсын хууль эрх зүйн тогтолцоо, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны сайн туршлагаас судлах, цагдаа, нийгмийн ажилтнуудыг мэргэшүүлэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээд төлөөлөгчдөд ажлын амжилт хүслээ.

Уулзалтад Тайванийн Гэр бүл, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга Hui-Jiuan Chien, Тайваниас Монгол Улсад суугаа Тайпэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газрын дэд төлөөлөгч Жой Янь нар байлцав

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Б.Эрдэнэхүү улсын начин цол хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Улсын начин цол олгох тухай зарлиг гаргаж, Болдын Эрдэнэхүүд улсын начин цол олголоо.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН “УЛСЫН НАЧИН ЦОЛ ОЛГОХ ТУХАЙ” ЗАРЛИГТ:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны “Сэргээшийн шинжилгээний дүгнэлттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Зарлиг болгох нь:

Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд 5 давсанд тооцож аймгийн хурц арслан Болдын Эрдэнэхүүд Улсын начин цол олгосугай” гэжээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 1, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дах хэсэг, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны “Сэргээшийн шинжилгээний дүгнэлттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 03 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Цол хасах тухай зарлиг гаргалаа.

ЗАРЛИГТ:

“…Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн улсын баяр наадын Үндэсний бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авснаас сэргээшийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн нь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон Увс аймгийн Тэс сумын харьяат Бадрахын Ганзоригт олгосон “Улсын начин” цолыг хассугай” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

40 айл орон сууцны түлхүүрээ гардаж авлаа

“Иргэдийн амьдрах орчин нөхцөл сайжруулах гэр хорооллын хөгжил” төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн тавдугаар хорооны нутаг, арьс ширний 80 айлын 10, 12 дугаар байранд амьдарч байсан айл өрхүүдэд шинэ орон сууцны түлхүүр гардууллаа.

Түлхүүр гардуулан өгөх ёслолын ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат нарын албаны хүмүүс, иргэд оршин суугчдын төлөөлөл оролцов.

Арьс ширний хэмээх 80 айлын дөрвөн блок байрыг 2015 онд нийслэлийн Онцгой байдлын газар, 2017 онд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй, галын аюулгүй байдлын стандарт, норм, дүрмийн шаардлагад нийцэхгүй болох нь тогтоогдсон байр юм. Нийслэлийн Засаг даргын 2017 оны зургаадугаар сарын 20-ны өдрийн “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг буулгаж, дахин төлөвлөн, барилгажуулах тухай” А/465 дугаар захирамжийн дагуу эхний ээлжинд 20 айлын байрыг буулган, газар дээр нь 40 айлын орон сууц барьсан юм. Тус 40 айлын шинэ орон сууцанд 10, 12 дугаар байрны 40 айлыг үнэ төлбөргүйгээр оруулж байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Арьс ширний дөрвөн байрны 80 айлын асуудлыг шийдэх үүднээс 10 дугаар байрыг дахин төлөвлөлтөд хамруулан 12, 10 дугаар байрны нийт 40 айлыг өнөөдөр орон сууцанд оруулж байна. Цаашдаа үлдсэн гурван байрыг дахин төлөвлөлтөд хамруулж, иргэдийг тав тухтай орчинд амьдруулах нөхцөлийг бүрдүүлнэ. Агаар, орчны бохирдлыг бууруулахад маш их ахиц болсон ажил. Орон сууцныхаа түлхүүрийг гардан авсан айл өрхүүддээ аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээлээ.

Categories
мэдээ нийгэм

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлаар Т.Мөнхсайханыг томилжээ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлыг үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Чулуунбаатарыг долдугаар сарын 5-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Улмаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Т.Мөнхсайханыг томилсон байна.

Тэрбээр анагаах ухааны магистр, клиникийн профессор бөгөөд 2006-2016 он хүртэл ГССҮТ-д Их эмч, Үений дурангийн Нийгэмлэгийн захирал, Монголын түлэнхийн сангийн тэргүүлэгч, Олон улсын үе судлалын нийгэмлэгийн тэргүүлэгч, гишүүн зэрэг үүргийг гүйцэтгэж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 13-нд “I UB-Seoul U Song & Dance Festival” зохион байгуулагдана

БНСУ болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жил, Сөүл-Улаанбаатар хотууд ах дүүгийн харилцаа тогтоосны 25 жилийн ой 2020 онд тохиох юм. Үүнтэй холбогдуулан Сөүл хотын зүгээс долоодугаар сарын 11-ний үдэш Д.Сүхбаатарын талбайд болох шоу тоглолтын үеэр “Гэрэлт дроны үзүүлбэр, 13-нд Сөүлийн гудамжинд хоёр орны уран бүтээлчдийн хамтарсан тоглолтоор мэндчилгээ дэвшүүлэх аж. БНСУ-ын Orange Ocean компани, Улаанбаатар хотын захиргаа, “Vitamin tree Gobi” компани хамтран үйл ажиллагааг зохион байгуулагчаар ажиллаж байгаа юм.

Эдгээр үйл ажиллагааны талаар Найруулагч, продюсер Д.Гарьд “БНСУ болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны болон Сөүл-Улаанбаатар хотууд ах дүүгийн харилцаа тогтоосны ой баярыг угтан баяр наадмын өдрүүдэд хоёр үйл ажиллагаа зохион байгуулна. Нэгдүгээрт Гэрэлт дроны үзүүлбэр долоодугаар сарын 11-ний орой болно. Энэхүү үзүүлбэр нь Улаанбаатарын үдэш тоглолтын хаалтын үйл ажиллагаа болж 01:00 цагаас эхэлнэ. Үүнийг бид гэнэтийн бэлэг болгохоор төлөвлөж байна. Тиймээс ч бэлтгэлээ хотоос зайдуу нууц газар хийж байгаа. Харин энэ сарын 13-нд Сөүлийн гудамжинд буюу Циркийн ард талын задгай талбайд “I UB-Seoul U Song & Dance Festival” гэх энтертаймэнт үйл ажиллагаа, тоглолт зохион байгуулна. Энэ нь хоёр хотын найрамдалт харилцааг бэхжүүлэх зорилготой тоглолт учраас манай залуус өргөнөөр оролцохыг уриалж байна. Тоглолын үйл ажиллагаа тухайн өдрийн 17:00 цагт эхэлнэ. Гэхдээ бүтэн өдрийн турш Сөүлийн гудамжинд олон үйл ажиллагаа зохион байгуулахаар бид ажиллаж байна. Эдгээр арга хэмжээ нь ойн баяруудыг угтан Сөүл хотоос Улаанбаатар хотод илгээж буй бэлэг юм” гэв.

“Vitamin tree Gobi” компанийн захирал Ө.Жавзандулам “Ихэнх хүмүүс наадмын эхний өдрүүдэд бөх, морио үзээд завгүй байдаг зарим нь хотоос гараад явчихдаг учраас “I UB-Soel U Song & Dance Festival”-ыг 13-ны өдөр зохион байгуулахаар болсон. Тоглолтоос гадна бүхэл өдрийн туршид Монгол болон Солонгос үндэсний хувцасыг өмсөж зураг авхуулах, янз бүрийн байдлаар хөрөг зураг зурах, Солонгос Монголын соёлын төстэй талуудыг харуулсан төрөл бүрийн тоглоомууд явуулна. Мөн өндөр шагналын сантай бүжгийн тэмцээн болно. Тиймээс залуучууд болон аялал жуулчлалаар ирсэн гадныхан их сонирхох болов уу гэж бодож байна. Тоглоом, тэмцээн бүр олон төрлийн бэлэгтэй. Бүжгийн тэмцээний бүртгэл энэ сарын 11-нийг хүртэл үргэлжилнэ. Нэгдүгээр байр 2.5 сая төгрөг, Хоёрдугаар байрт хоёр уран бүтээл шалгаруулан тус бүр нэг сая төгрөг, Гуравдугаар байрт таван уран бүтээл шалгаруулж, тус бүр 400 мянган төгрөгийн шагнал олгоно. Уг үйл явдалтай холбогдуулан Сөүл хотын ИТХ-ын Соёл урлаг, спорт, аялал жуулчлалын газрын дарга Ким Чон Воноор ахлуулсан төлөөллөгчид ирж Сөүл хотын даргын мэндчилгээг Улаанбаатар хотын удирдлагуудад хүргэж, цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар ярилцана” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Наадмаар Төв цэнгэлдэх орчимд 2500 автомашины зогсоол гаргана

Баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худаг чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүдэд А, Ж, DК, Ү, Г, улаан, ногоон М зэрэг нийт 7 төрлийн зөвшөөрлүүд олгогдоно.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчим 2500, Хүй долоо худагт 7500 автомашины зогсоол, нөөц 6000 нийт 16,000 тээврийн хэрэгслүүд зогсох боломжийг бүрдүүлээд байна.

Иргэд авсан зөвшөөрлийн ар талд байрлах маршрутын дагуу хөдөлгөөнд оролцох, ялгалт хийгдэж байгаа уулзварууд дээр байрлагдсан мэдээллийн самбаруудад заасны дагуу хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвлөж байна.

  • “А”, “ДК” ангиллын зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл – Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд байрлах “Наадам” төвийн 500 автомашины авто зогсоолд,
  • “Ж” буюу жуулчдад зориулсан зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл – Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойд талд “Говийн од” ХХК-ны зогсоолд байруулна
  • “Г” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл – ХУД-ийн “Хурд” хорооллын баруун талд байрлах “Суруго Монгол” ХХК-ны 500 автомашины зогсоолд байрлуулна.
  • “Ү” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл – “Суруго Монгол” ХХК-ны чанх урд талд 300 автомашины зогсоолд байрлуулна.

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд 637 автобус, 603 такси нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллана.

Мөн богино эргэлтийн 3 чиглэлд /Дүнжингарав, Мишээл экспо, Төв цэнгэлдэх хүрээлэн/ 20 автобус 3 минут тутам үнэ төлбөргүй үйлчилнэ. Дүнжингарав худалдааны төврүү 22 чиглэлийн 135 автобус, Мишээл экспо худалдааны төврүү 13 чиглэлийн 76 автобус үйлчилнэ гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний их баяр наадмын түрүү бөхөд “Тоёота цом” гардуулна

Олон нийтийн санал хүсэлтийг үндэслэн баяр наадмын түрүү бөхөд хүндэтгэл үзүүлэн Тоёотагийн нэрэмжит “Тоёота цом” гардуулах талаар Үндэсний их баяр наадмын зохион байгуулах ажлын хэсгийн дарга М.Эрдэнэжаргал, “Тоёота Сэйлс Монголиа” компанийн захирал Курахаши Тоширо нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

“Тоёота цом” нь шилжин явахгүй бөгөөд монгол хүний цог золбоо, хийморь лундааг тэтгэхийг бэлгэшээн тэнгэр, газрын дөрвөн хүчтэнг урласан суурин дээр буян тогтож, өсөж арвижихын бэлгэдэл болсон мөнгөн аягыг байрлуулан үндсэн цомын хэлбэрийг гаргажээ. “Тоёота Сэйлс Монголиа” компанийн захирал Курахаши Тоширо “Тоёота мотор корпораци нь Улсын баяр наадмыг дэмжиж, түнш болж ажиллаад зургаа дахь жилээ угтаж байна. Үндэсний их баяр наадмын түрүү бөхөд тусгайлан зориулагдсан энэхүү цомыг Монголдоо анхдагч, монгол дарханы урлагийн өвөрмөц бүтээл байлгахыг хичээсэн. Биднийг дэмжин ажилладаг та бүхэнд баярлалаа” хэмээв.

Мөн наадмын өдрүүдэд “Тоёота Сэйлс Монголиа” ХХК нь Сүхбаатарын талбай, Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт тусгайлан зассан “Тоёота” асрыг байршуулж наадамчин олонд наадмын шууд дамжуулалтыг үзүүлэхийн зэрэгцээ олон нийтэд замын хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдлаа хэрхэн зөв хангаж зорчих, автомашины аюулгүй ажиллагааны талаар мэдлэг, мэдээлэл түгээх үйл ажиллагааг зохион байгуулах юм байна. Тоёотагийн нэрэмжит Цом гардуулах арга хэмжээг 2019 оны долдугаар сарын 13-нд Хүй долоон худагт ёслол хүндэтгэлтэйгээр гардуулан өгөх аж.

Түүнчлэн хүүхдүүдийн аюулгүй байдлыг хамгаалах ажлын хүрээнд хурдан морины уралдаанч хүүхдүүдэд хамгаалалтын 150 ширхэг хувцас бэлэглэж буйгаа өнөөдөр баяр наадмын зохион байгуулах хорооны ажлын хэсэгт гардуулан өглөө.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэ