Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Филипп Мэрлин: Малчид ноолуураа өөрсдийн гар дээрээс Францын тансаг зэрэглэлийн брэндүүдэд борлуулдаг болно

Бүгд найрамдах Франц улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинтэй ярилцлаа.


-Таны хувьд Бүгд Найрамдах Франц улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын үүргийг хүлээж аваад удаагүй байгаа. Удахгүй Монгол Улсын үндэсний их баяр Наадам болох гэж байна. Монгол орон болон монголчуудын талаарх сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Монгол Улсын түүх соёлыг таних, Монгол орноор аялах, монголчуудтай танилцах, цаашлаад Монгол, Франц хоёр орныхоо хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулах нь миний эртний хүсэл байсан. Бүгд найрамдах Франц улсын ерөнхийлөгч намайг Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар томилсныг сонсоод маш их баярласан. Монгол Улс болоод миний уулзаж танилцсан монголчууд төcөөлснөөс минь ч илүү сайхан хүмүүс байсан. Азийн цээжин дэх энэ орон маш үзэсгэлэнтэй, түүх соёлын хувьд ч маш өвөрмөц. Би удахгүй Монголын их баяр наадмыг үзэх гэж байна. Энэ баяр бол монголчуудын өв соёлын бас нэгэн илэрхийлэл шүү дээ. Түүнчлэн монгол залуучуудын хандлага надад их таалагдсан. Тэд маш хөдөлмөрч, шаргуу, өөрсдийнхөө боловсролд маш их анхаарч байна. Ийм залуустай Монгол Улс хөгжих өндөр потенциалтай харагдаж байна.

-Та элчин сайдын бүрэн эрхийн хугацаандаа хоёр орны хамтын ажиллагаан дахь юунд анхаарч ажиллахаар төлөвлөж байгаа вэ?

-Улс төрийн бодлого болон үнэт зүйлийн хувьд Монгол, Франц улс ижилхэн ардчилсан засаглалтай. 1991 оноос хойш сонгосон Монгол Улсын түүхэн замнал нь энэ оронд илүү үр өгөөжтэй байгаасай гэдэг үүднээс миний хэрэгжүүлэх ажил үүнтэй илүү уялдаж байгаа. Манай улстай ижил үнэт зүйлтэй учраас бид Монгол Улсыг илүү дэмжиж, тусалсан бодлого баримталж ажиллана.

Энэ нь Франц улс гуравдагч хөршийн үүргээ биелүүлж буй хэрэг юм. Гуравдагч хөршийн бодлого үргэлжилсээр байгаа.

Монгол Улс өөрийн хөгжлийн замаа сонгосон. Тиймээс манай улс Монгол Улсыг хөгжлийн замаа улам өргөжүүлэхэд дэмжин тусалж, хамтран ажиллана. Ингэхдээ эдийн засгийн харилцаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх мөн хоёр орны улс төрийн гэрээ хэлэлцээр, боловсрол, соёлын салбар дахь хамтын ажиллагаа, иргэний нийгмийн байгууллага болон хоёр орны ард түмний хоорондох найрсаг харилцааг улам бэхжүүлж өргөжүүлэн ажиллана. Франц улс дэлхий даяар өргөн хамтын ажиллагаатай улс. Францын элчин сайдын яамнаас Монгол Улсад авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг өргөн цар хүрээтэй явуулахад илүү төвлөрч ажиллаж байна. Өөрөөр хэлбэл тодорхой салбарт хөрөнгө оруулалтыг татах болон сургалтын тэтгэлэгт хөтөлбөр гэх мэт үр дүн нь шуурхай гарах салбаруудад төвлөрч ажиллана. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Францын Парис хотод MEDEF /Францын ажил олгогч эздийн холбоо/-ны уулзалт болсон. Зөвхөн бизнесийн салбарын хүрээнд болдог тус уулзалтад миний бие Францын томоохон компаниудад Монгол Улсад хөрөнгө оруулж, хамтарч ажиллахыг уриалах зорилгоор оролцоод ирсэн.

-Монгол, Франц улс дипломат харилцаа тогтоосон түүхт 55 жилийн ой ирэх онд тохионо. Ойн хүрээнд ямар ажлууд төлөвлөж байна вэ?

-Ойн арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг одоогоор өгмөөргүй байна. Энэ тэгш ойн хүрээнд олон чухал ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Миний гол зорилго бол монголчуудтай хамтран ажиллах. Тиймээс Франц улс дахь Монгол Улсын элчин сайдын яамтай хамтран энэхүү ойг тэмдэглэх талаар голлон анхаарах болно. Өөрөөр хэлбэл Монгол Улсад манай хоёр орны хамтын ажиллагааны 55 жилийн ойг тэмдэглэж байхад Францад мөн харилцан тэмдэглэх юм. Энэ ойд зориулж соёлын салбарын төрийн байгууллагууд болон бусад хүмүүстэй хамтарч соёлын хөтөлбөр гаргахаар төлөвлөж байгаа.

-Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааг цаашид Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх боломжтой юу?

-Өнгөрөгч хоёрдугаар сард Монгол Улсын гадаад харилцааны сайд Парис хотод айлчилсан. Энэ айлчлалын хүрээнд яам хоорондын өндөр дээд түвшний уулзалтуудыг зохион байгуулсан. Уг айлчлалын дараагаас хоёр орны одоогийн болон ирээдүйн хамтын ажиллагааны талаар ярилцаж, түншлэлийн замын зураг боловсруулагдах шатандаа явж байна.

-БСШУСЯ болон БНФУ-ын Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн яам хооронд сургалтын хамтарсан тэтгэлгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлэлцээрийг 2015 онд хийсэн. Уг хэлэлцээрээс хойш жил бүр арван оюутныг тэтгэлгээр суралцуулах болсон. Тэтгэлэгт хөтөлбөрийн шаардлага, боломжууд нь юу байдаг вэ. Цаашдаа Франц улс оюутан солилцоог хэр дэмжих бол?

-Түрүүн хэлсэнчлэн Монголын залууст сурах маш өндөр хүсэл эрмэлзэл бас хэрэгцээ бий. Энэ хүрээнд одоогоор Монгол, Францын Засгийн газрын хамтарсан тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжиж байна. Энэ бол манай хоёр орны Засгийн газрын хамтарсан тэтгэлэг. Энэ нь Монголын Засгийн газар залуучуудаа Франц улсад боловсрол эзэмшихэд анхаарч ажиллаж байна гэсэн үг. Монгол Улс иргэдээ мэргэшүүлэх, боловсрол эзэмшүүлэх хэрэгцээ хамгийн өндөр шаардлагатай байгаа салбартаа нийцүүлэн уг тэтгэлгийг олгодог. Тэрхүү хэрэгцээт мэргэжлүүдийг Засгийн газар Монголд хэрэгтэй салбаруудыг сонгон судалж буй хүмүүст олгох зорилготой. Тус хөтөлбөрт хамрагдсан Монгол оюутнуудыг Францын их, дээд сургуулиуд ч маш өндрөөр үнэлдэг. Ерөнхийдөө энэ хөтөлбөр ахисан шатны буюу магистр, докторын зэрэгт олгодог тэтгэлэг. Би уг тэтгэлэгт хамрагдах хүмүүсийн тоог нэмэхээр зорьж байгаа. Жишээлбэл, Францын тал энэ жил хоёр оюутанд тэтгэлэг нэмж олгосон. Цаашид энэ тэтгэлгийн тоог нэмэгдүүлэх бүхий л боломжийг судалж, хичээнгүйлэн ажиллах болно. Мөн Францын зарим хувийн компани болон төрийн байгууллагууд сайн дураараа сургалтын тэтгэлэг олгодог, их, дээд сургуулиудын хамтарсан олон тэтгэлэгт хөтөлбөрүүд бас бий. Erasmus болон ЕХ-ны их сургуулиудын гэх мэт… Бид их сургуулиудын хамтарсан тэтгэлэгт хөтөлбөрийг мөн судалж санал солилцож байгаа.

-Хоёр талт хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болох мал аж ахуйн салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжиж байна. Тухайлбал, хоёр жилийн өмнө угсааг сайжруулах зорилгоор Франц улсаас мах сүүний чиглэлийн үхэр, сүүний чиглэлийн ямаа, ноосны чиглэлийн хонийг амьдаар импортлон оруулж ирж байсан. Өнөөдөр энэ ажил ямар явцтай байгаа вэ. Энэ салбарын хүрээнд ямар ажлуудыг хамтран зохион байгуулах вэ?

-Монгол Улсын мэргэжлийн хяналтын газар болон мал эмнэлгийн хяналтын газрынхан саяхан Франц улсад айлчлаад ирсэн. Франц Улсад саяхан малын эрүүл ахуйн гэрчилгээг шинээр дахин олгосон. Уг гэрчилгээ нь МАА-н салбарт явагдаж буй төслүүд үргэлжлэх боломжийг олгож байгаа юм. МАА салбарт үйл ажиллагаа явуулж буй фермерүүд, ААН-үүдийн зүгээс энэ тал дээр Франц улстай хамтарч ажиллах сонирхол өндөр байдаг. Ирэх аравдугаар сард ЭСЯ-аас хоёр орны МАА салбарт ажилладаг фермерүүдэд зориулсан арга хэмжээ зохиохоор төлөвлөсөн. Монгол Улсын нэг том давуу тал нь Хятад гэх дэлхийн маш том хэрэглэгч улстай хиллэдэг. Тиймээс Монгол Улсыг энэ салбарын үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд нь анхаарч, Францын технологийг нэвтрүүлэхэд туслахдаа бид баяртай байх болно. Ялангуяа, сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Франц улсын шинэ технологийг нэвтрүүлэхэд дэмжиж ажиллана. Мөн дунд хугацааны зорилтын хувьд Монгол Улсад газар тариалангийн чиглэлийн аж ахуйн нэгжид туслах зорилт бий. Хоёр орны Засгийн газар хэдэн жилийн өмнөөс хүнсний тусламжийн сан байгуулж ажиллаж байгаа. Энэ хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон хувь хүмүүст үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд нь чиглэсэн бичил зээл олгодог.

-Таван жилийн өмнө “Цөмийн технологи ба дэлхий ертөнц” хэлэлцүүлгийн үеэр Францын “Арева Монгол” ХХК-ийн захирал Тьерри Плэзант “2019 оноос Монгол Улс уран олборлож эхэлнэ” гэж мэдэгдэж байсан. Энэ ажил ямар шатанд яваа бол?

-Саяхан Уул уурхай хүнд үйлдвэрлэлийн яам болон Ашигт малтмал, газрын тосны газраас стратегийн уул уурхайн бүтээгдэхүүний талаар мэдэгдэл гаргасан. Уг стратегийн бүтээгдэхүүнд уран орсон байсан. Энэ стратеги бол маш ач холбогдолтой бөгөөд Монгол Улсын эдийн засагт эерэг нөлөө авч ирэх нь тодорхой. Францын Арева компани ”Орано” болж нэрээ шинэчилсэн. Уг компани нь Монголд үйл ажиллагаа явуулж байгаа “Бадрах энержи” ХХК-ийн хувьцаа эзэмшигч. Энэ компанид Монгол Улсын Засгийн газар ч гэсэн хувь эзэмшдэг. “Орано” компани Монгол Улсын Засгийн газар болон “Бадрах энержи” ХХК болон бусад хувьцаа эзэмшигч нартай хамтран уран олборлох салбарт хамтарч ажиллахад бэлэн байгаа. Францын “Арева” компанийн хувьд Францад болон дэлхийн бусад оронд уг салбартаа ажилласан 70 гаруй жилийн туршлагатай. Казахстан зэрэг олон оронд маш олон төсөл амжилттай хэрэгжүүлсэн. Франц улсын зүгээс “Орано” компанийг энэ чиглэлээр олборлолт үйл ажиллагаа явуулахдаа Монгол Улсын эдийн засагт эерэгээр нөлөөлж, байгаль орчныг хамгаалж, цацраг идэвхт бодис, ураны аюулгүй байдал зэргийг дээд зэргээр хангаж ажиллах, туршлага хуваалцах, Монгол Улсыг шинэ чиглэлд ажиллаж эхлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж, хамтарч ажиллахад хамгийн тохиромжтой олон улсын компани гэж үзэж байгаа. Ойрын хугацаанд хэрэгжүүлэх гэж буй зорилт бол туршилтын үйлдвэрийн эхний шатны үйлдвэрлэл юм. Монгол Улсын Засгийн газар энэ салбарт аж үйлдвэрийн хэмжээнд хүрэх төлөвлөгөөгөө бий болгох боломжтой болно. Ойрын хэдэн жилдээ Монгол Улсын засгийн газар, Францын “Орано” компани болон бусад хамтран хувьцаа эзэмшигчид хэрхэн уран олборлолтыг аж үйлдвэрийн түвшинд хүргэх тухай хэлэлцэх байх.

-Францын хөрөнгө оруулалт бүхий уул уурхай, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн явц хэр байгаа бол?

-Монгол Улс Парисын гэрээг соёрхон баталж идэвхтэй оролцож байгаад бидний зүгээс баяртай байгаа. Монгол Улсад Азийн хөгжлийн банк болон Европын хөгжлийн сэргээн босголтын банкаар дамжуулан хэрэгжүүлж буй сэргээгдэх эрчим хүчний олон төсөл бий. Франц улс Азийн хөгжлийн банкны 12 дахь санхүүжүүлэгч томоохон улс, харин Европын хөгжлийн банкны хоёр дахь томоохон санхүүжүүлэгч улс гэдгийг дурдмаар байна. Тэгэхээр энэ хоёр банкаар санхүүжүүлэгдэж буй төсөлд Францын хувь нэмэр их байгаа гэсэн үг. Мөн хувийн салбарын хөрөнгө оруулалтууд бий. Тухайлбал, Францын “Энжи” компани Сайншандын салхин паркийн төсөл дээр хамтарч ажилласан. Франц улсын зүгээс Сайншандын салхин паркийн ирээдүй, цаашдын үйл ажиллагаанд анхаарлаа хандуулж байгаа. Ялангуяа санхүү, эдийн засгийн хүрээнд гарах үр дагаварт анхаарлаа хандуулж ажиллана. Сайншандын салхин паркийн төсөл дээр Европын сэргээн босголт хөгжлийн банк болон Европын холбооны санхүүжүүлэгч банк хамтарсан. Энэ хоёр байгууллага Францын санхүүжилттэй учир уг төсөлд манай улсын оролцоо мөн өндөр байсан гэсэн үг. Түүнчлэн “Акуо энержи” гэх сэргээгдэх эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг францын компанийг дурдмаар байна. Уг компани Монгол Улсад эрчим хүч хадгалах чиглэлээр хамтарч ажиллаж байгаа. Зорилго нь шинээр гаргаж авч буй эрчим хүчийг Монгол Улсын одоо байгаа чадамжинд хэрхэн нэгтгэх тал дээр ажиллаж байна.

-Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа хэр байдаг вэ. Эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх боломж бий юу?

-Манай хоёр орны эдийн засгийн харилцаанд маш том боломж бий. Би Парис хотод болсон MEDEF /Францын ажил олгогч эздийн холбоо/-ны уулзалтад очихдоо Франц улсын томоохон 25 компанид Монгол Улсын хэтийн төлөв, эдийн засгийн орчны талаар танилцуулсан. Тэдгээр байгууллагуудад Монгол Улстай хамтарч ажиллах сонирхол нэлээд байсан. Бид хүнс, хөдөө аж ахуйн салбар мөн эрчим хүч, уул уурхайн салбарын тухай ч ярилцсан. Уул, уурхай болон эрчим хүчний үйлдвэрлэлийн салбарт Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хэд хэдэн компани бий. Хэрэглэгчдэд зориулсан бүтээгдэхүүнийг ч мөн дурдаж болно. Жишээлбэл, Францын тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн, автомашин зэрэг эдийн засгийн хамтын ажиллагааны тухай ярилцсан. Мөн олон нийтэд чиглэсэн төслүүдийг орхиж болохгүй. Утаа гаргадаггүй нийтийн тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотод оруулахаар ярилцаж байна. Энэ утаагүй тээврийн хэрэгслийн санхүүжилтийг Францын засгийн газар дэмжиж ажиллахаар болж байгаа. Франц улсын элчин сайдын яамны зүгээс Монгол Улсын ноолуурыг Францын болон дэлхийн тансаг зэрэглэлийн брэндүүдэд шууд худалдах, уялдаа холбоотой ажиллуулах зорилгоор техникийн хамтын ажиллагаануудыг хэрэгжүүлэхээр зорьж байна. Зорилго нь Монгол Улсын чанартай ноолуурыг ямар нэгэн гуравдагч улсаар дамжуулалгүй шууд Францын томоохон тансаг зэрэглэлийн компаниудад нийлүүлэх боломжийг хангах техникийн хамтын ажиллагааны төслүүд дээр ажиллахаар төлөвлөөд байна.

-Өөр ямар төсөл боловсруулж байгаа вэ?

-Сая дурдсанчлан “Tогтвортой ноолуур” төсөл байгаа. Энэ төсөл нь хоёр үндсэн зорилттой. Нэг талаасаа ямааны тоо толгойг хэт өсгөж байгальд сөрөг нөлөө үүсгэлгүй бэлчээрийн зохицуулалт ноолуурын чанарыг илүү хангах. Энэ хүрээнд байгалийн сөрөг нөлөөг бууруулах буюу байгаль орчинд чиглэсэн ажлуудыг хийнэ. Нөгөөтэйгүүр малчин ноолуураа самнаад өөрийн гар дээрээс Францын тансаг зэрэглэлийн брэндэд ноолуураа шууд борлуулах боломжийг хангаж өгөх зорилготой төсөл юм.

-Энэ талын техникийн талаар тодорхой ярилцаагүй байгаа юм байна, тийм үү?

-Малчдын ноолуурыг Францын тансаг зэрэглэлийн брэнд худалдаж авна гэдэг нь ноолуурын үнэ хөөрөгдөх, ямааг түлхүү өсгөх, дотоодын ноолууран эдлэлийн зах зээлийг шахах гэсэн үг огт биш. Ноолуурын тодорхой хэсгийг гуравдагч орны нөлөөгүйгээр тэдгээр брэндүүдэд хүргэх нь энэ төслийн хамгийн гол зорилго юм.

-Хөрөнгө оруулалтын чиглэлээр хоёр орны харилцаа ямар байдаг вэ. Та энэ тал дээр ямар бодлого баримтлах вэ?

-Энэ тал дээр бодлого баримталж ажиллах хүсэл бий. Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь хоёр орны Засгийн газар, эсвэл төрийн байгууллага ярилцаж тохироод болчихдог зүйл биш. Францын хөрөнгө оруулагчид өөрсдөө шийдэх асуудал. Тиймээс бид тэдний хөрөнгө оруулалтыг хэрхэн Монгол Улс руу татах талаар ярих нь зүйтэй байх.

-Монгол Улсын эдийн засгийн орчин ямар байвал Франц улсын хөрөнгө оруулагчид биднийг сонирхох вэ?

-Эдийн засгийн бодлогын орчин хөрөнгө оруулагч нарт нааштай, таатай байх нь чухал. Мөн бодлого нь тогтвортой байх хэрэгтэй. Үүнд Монгол Улсын эдийн засгийн хэтийн төлөв чухал байр суурь эзэлнэ. Эдгээр нөхцөлүүдийг харгалзаж хөрөнгө оруулагчид шийдвэрээ гаргадаг. Жишээлбэл, сүүлийн үед уул уурхайн үйлчилгээний чиглэлээр Монгол Улсад францын хөрөнгө оруулалт нэмэгдэж байна. Монгол Улсын уул уурхайн эдийн засаг маш ирээдүйтэй салбар. Энэ салбарын төлөв хөрөнгө оруулагчдад эерэг ажиглагдаж байгаа учир Монгол Улсад хөрөнгө оруулж байгаа юм. Уул уурхайн үйлчилгээ болон олборлолтын чиглэлд хөрөнгө оруулалтууд явж байгаа. Хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр Монгол Улсын бодлогын орчин тогтвортой, таатай байвал бүр их хөрөнгө оруулалтыг татах боломжтой болох юм.

Categories
мэдээ нийгэм

Бөхчүүдийг өнөөдрөөс Бөхийн өргөөнд бүртгэнэ

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар хүчит 512 бөх барилдана. Өнгөрсөн жил Бөхийн холбооны маргааны улмаас Спортын төв ордонд бөхчүүдийг бүртгэсэн бол энэ жил Үндэсний бөхийн салбар хорооноос бөхчүүдийн бүртгэлийг Бөхийн өргөөнд хийхээр болжээ. Бүртгэл өнөөдөр, маргааш /2019.07.09, 10/ 10:00-18:00 цагийн хооронд болох юм байна. Улсын наадамд барилдах бөхчүүд цолны үнэмлэх, хоёр хувь цээж зурагтайгаа өөрийн биеэр ирж бүртгүүлэх бөгөөд бөхчүүд гэнэтийн ослын даатгалд даатгуулсан байх шаардлагатай аж.

Үндэсний их баяр наадамд өсвөрийн 128 бөхийн барилдаан болох бөгөөд барилдах хөвгүүдийг өнөөдөр Монголын хүүхдийн ордонд бүртгэж авахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

Жуулчдад зориулсан “Naadam Night” үйл ажиллагааг зохион байгуулна

Монгол орныг зорин ирэх жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд зөвхөн долоодугаар сард л гэхэд энэ жил 100 мянган жуулчин ирнэ гэсэн таамаглал байна. Долоодугаар сарын гол үйл ажиллагаа болох Монгол түмний их баяр наадмыг үзэж сонирхохоор зорин ирдэг жуулчдад наадмын билетийн хүртээмж хангалттай биш байдаг. Тиймээс энэ жил Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ хамтран зөвхөн жуулчдад зориулсан “Naadam Night” үйл ажиллагааг анх удаа зохион байгуулах гэж байна.

Энэхүү үйл ажиллагаа нь Монгол түмний наадмын нээлтийг Англи хэл дээр одот тэнгэрийн дор үзэх боломжийг жуулчдад олгож байгаа бөгөөд Монголчуудын ёс заншил, соёлыг мэдрүүлсэн өвөрмөц үйл ажиллагаа байж чадна гэдгийг зохион байгуулагчид онцолж байна. Энэ үеэр Монгол үндэстний ахуй соёл, өв уламжлалыг харуулсан үзвэр, үйлчилгээнүүд, жуулчдад зориулсан хөгжөөнт тоглоомууд гэх мэт сонирхолтой үйл ажиллагаанууд мөн амьд хөгжмийн тоглолтууд зохион байгуулна. Тус үйл ажиллагааг салбарын төрийн бус байгууллагууд дэмжин ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ үзүүлэхэд ХОРИГЛОХ зүйлс

Үндэсний их баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ үзүүлэхэд хориглох зүйлсийг хүргэж байна.

  • Гар дээрээс ил задгай худалдаа, барааны төвлөрсөн худалдаа эрхлэх; согтууруулах ундаа, тамхи худалдах;
  • Майонез, өндөг, крем, хиам тэдгээрийг оролцуулсан түргэн гэмтэж муудах бүтээгдэхүүн худалдах;
  • Халаасан хоолоор үйлчлэх, нөөшилсөн бүтээгдэхүүнийг задалж худалдах, удсан хоолыг дахин боловсруулж үйлчлэх;
  • Шорлог, хуушуур, хорхог зэрэг халуун боловсруулалт хийсэн бүтээгдэхүүнийг заасан байрлалаас өөр газарт зөөж худалдах;
  • Зөвшөөрөл олгосон цэгээс бусад байршилд гэр, асар, сүүдрэвч байрлуулах;
  • Хог хаягдлыг ил задгай хаях, шингэн хаягдлыг зориулалтын цэгээс бусад газарт асгах;
  • Хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх худалдаа, үйлчилгээ эрхлэх;
  • Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 189 дүгээр тогтоолоор “0,035мм болон түүнээс нимгэн нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа үйлчилгээнд хэрэглэхийг хориглосон” уут хэрэглэх
  • Аюулгүй байдлын шаардлага хангаагүй газын хэрэгсэл хэрэглэхийг тус тус хориглоно.

Баяр наадмын үеэр хориглосон, зөвшөөрөлгүй худалдаа үйлчилгээ явуулсан тохиолдолд дараах арга хэмжээ авахыг анхааруулж байна.

1. Төрийн хяналт шалгалтын тухай хууль 10.9.7. заалт: Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох, холбогдох бүтээгдэхүүнийг худалдах, борлуулахыг хориглох, устгах, энэ тухай олон нийтэд зарлан мэдээлэх.

2. Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйл. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчих

3.1.Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3. Зөрчлийн тухай хуулийн 10.4 дүгээр зүйл. Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааны журам зөрчих:

1. Зөвшөөрөлтэйгөөр эрхлэх худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээг зөвшөөрөлгүйгээр явуулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.

2. Эрх бүхий байгууллагын шийдвэрээр хориглосон газар, цэгт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн заалттай юм.

Categories
мэдээ улс-төр

Хоригдсон хоёр шүүгчийг суллаж, хилийн хорио тавилаа

Ерөнхийлөгч Х.Баттулга нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Тэдний хоёрыг нь өнгөрсөн лхагва гарагт цагдан хорьж, шалгахаар болсон юм. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр нарыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорих арга хэмжээг авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэхээр болсон. Тэгвэл тэдгээрт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож сулласан байна. Ингэхдээ Монгол Улсын хилээр гарахыг хоригложээ.

Categories
мэдээ нийгэм

Төв цэнгэлдэх орчмын 58 барилгын үйл ажиллагааг наадам дуустал зогсоолоо

Иргэдийн ая тухтай, аюулгүй баярлах нөхцөл бүрдүүлэх зорилгоор Хан-уул дүүргийн 15 дугаар хороо, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчмын барилгуудын үйл ажиллагааг 2019 оны долоодугаар сарын 8-16-ны өдрийг дуустал түр зогсоолоо.

Үүнд:

  1. Хурд группийн захиалгаар баригдаж буй Цэнгэлдэх хотхон,
  2. Академи хороолол,
  3. Хүннү 222 хороололын барилгууд,
  4. “Мон-Аса” ХХК-ийн захиалгаар баригдаж буй 21 давхар оффис үйлчилгээний барилга,
  5. “Суруга девелопмент” ХХК-ийн захиалгаар баригдаж буй Суруга центр 2 төслийн барилга, Хобби сургуулийн захиалгаар баригдаж буй ерөнхий гүйцэтгэгч “Бат дөрвөн баганат” ХХК Хобби сургуулийн цогцолбор 8 блок барилга,
  6. “Эрчимт сүлжээ зам” ХХК-ны захиалгаар баригдаж буй ерөнхий гүйцэтгэгч “Дельта констракшн” ХХК 7 блок 16 давхар Токио таун төслийн барилга,
  7. “Нарантуул трейд” ХХК-ийн захиалгаар баригдаж буй 11 блок 172 айлын орон сууц SS garden цогцолборын барилга,
  8. Донгхун глобал ХХК-ийн захиалгаар баригдаж буй ерөнхий гүйцэтгэгч “Бүти” ХХК-ны 4 блок, Хасвилл хотхоны 2 дугаар ээлжийн барилга, Боловсрол соёл шинжлэх ухааны яамны захиалгаар баригдаж буй ерөнхий гүйцэтгэгч Жунсон ХХК 920 хүүхдийн 130 дугаар сургуулийн барилга,
  9. Тайм констракшны захиалгаар баригдаж буй 16 давхар 5 блок ерөнхий гүйцэтгэгч Титан тару констракшн Сити молл цогцолборын барилга,
  10. Алтай холдинг ХХК-ийн захиалгаар баригдаж буй Имарт дэлгүүрийн барилга,
  11. “Сонгдо монголиа” ХХК-ийн захилгаар баригдаж буй 20 давхар 1 блок худалдаа үйлчилгээний барилгууд зэрэг 14 байршилд 12 захиалагчтай 58 блок барилгын үйл ажиллагааг түр зогсоох, зогсох үеийн аюулгүй ажиллагааг хангах талаар мэдэгдэл хүргүүллээ гэж нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.
Categories
мэдээ соёл-урлаг

Ц.Нацагдорж: Хөгжим өөрчлөгдөж байгаа учраас Playtime ч гэсэн өөрчлөгдөх ёстой

Амьд хөгжим, залуучууд, бүтээлч сэтгэлгээ, инноваци, ногоон хөгжил – Монголын ирээдүйн төлөө! уриатай “PLAYTIME-2019” олон улсын хөгжмийн наадам өнгөрсөн амралтынг өдрүүдэд болж өнгөрлөө. Энэ жилийн хөгжмийн наадам 3 хоногийн турш Гачууртад байрлах “Монгол Шилтгээн”-д долдугаар сарын 5,6,7-ны өдөр болсон юм. Наадмыг таван тайз, гурван асарт олон төрлийн сэдвийн хүрээнд үйл ажиллагаагаа зохион байгууллаа.

-Playtime Stage

Энэхүү тайзан дээр амьд хөгжмийн чиг хандлагыг тодорхойлогч дотоодын болон гадаадын хамтлагууд тоглодог хамгийн том тайз юм. Энэ жилийн хувьд энэхүү тайзан дээр The Colors, Magnolian, Ice top, Nisvanis, Loigang, Rec On, Sunset Rollercoaster /Taiwan/, Dabda /Korea/, The Wedding Present /UK/, OmniSight /Japan/, Yo La Tengo /USA/ гэх мэт хамтлагууд тоглолоо.

  • Waldotent буюу “Тайвшралын хөндий” асар

“Тайвшралын Хөндий” сэдвийн хүрээнд дуу чимээнээс түр холдож, амарч, алжаалаа тайлах боломжийг энэхүү асар олгосон юм. Асарт Sofar Sounds амьд хөгжмийн цуврал тоглолт, Ulaanbaatar Passport-оос зохион байгуулдаг “Чимээгүй үдэшлэг”, “Түргэн болзоо”, Иога, чихэвчтэй бясалгал зэрэг сонирхолтой үйл ажиллагаанууд боллоо.

Мөн “Тайвшралын хөндий”-д “Хувцас дахин засварлах” байгаль орчинд ээлтэй төслийн хамт олон хүрэлцэн ирсэн ба тэдэнтэй хийсэн ярилцлагаа хүргэж байна.

Энэ үеэр Re-Designed Төрийн Бус Байгууллагын үүсгэн байгуулагч Ц.Оюунаас сэтгэгдлийг нь сонсов.

-Яагаад Playtime фестивалд нэгдэх болсон бэ?

Амьд хөгжим, залуучууд, бүтээлч сэтгэлгээ, инноваци, ногоон хөгжил – Монголын ирээдүйн төлөө! бол Playtimeхөгжмийн наадмын уриа. Дэлхийн цэвэр усыг хамгийн ихээр бохирдуулж буй салбаруудын гуравдагч нь загварын салбар юм. Тэр утгаараа дахин хувцас худалдан авах биш дахин засварлах нь байгальд ээлтэй юм. Бидний хийж буй ажил, энэ хөгжмийн наадмын уриа хоорондоо уялдаж байгаа учраас энэхүү наадамд нэгдсэн.

-Шинээр хувцас худалдан авах биш дахин сэргээж, засварлаж өмссөнөөр ямар давуу талтай вэ?

-2050 он гэхэд дэлхийн цэвэр усны нөөц эрс багасна гэж эрдэмтэд таамаглаж байна.Одооноос бид үйлдэл хийж эхлэхгүй бол болохгүй. Загварын салбар их ус хэрэглэдэг.Тэр дундаа улирал болгон коллекц гаргах, түүнийгээ маш хурдан зардаг, олон тоогоор үйлдвэрлэх гэх мэт нь байгальд маш хортой. Дэлхийн цэвэр усны нөөцөөс их хэрэглэж байна гэсэн үг. Бид өөрсдийнхөө өмсөх дуртай хувцаснуудыг өмсмөөр байдаг гэтэл хуучирчихсан ч юм уу, жаахан тиймэрхүү болчихсон байвал түүндээ өөрийнхөө мэдрэмжийг буулгаад дахин засварлаж болно. Ингэснээр эдийн засагт маш их хэмнэлттэй. Илүү гарсан мөнгөө өөрийнхөө сурч боловсроход зарцуулах боломжтой. Байгаль дэлхийд ч ээлтэй. Залуучууд жаахан ч гэсэн эерэг үйлдэл хийгээд, өөрсдийнхөө төлөө хөдлөөсэй гэдэг үүднээс бид ажиллаж байна.

Re-Designed Төрийн Бус Байгууллагын үүсгэн байгуулагч И.Урангоо “Дан ганц хувцас гэхээс илүү бид хөвөн даавуун материалыг маш олон зүйлд ашигладаг. Зөвхөн хувцас л гэж хараад байдаг. Жишээ нь хуучирсан цамцыг эвдээд тор хийгээд тэрийгээ дахиад 2-3 жил ашиглаж болно. Байнга нэг удаагийн уут, тор авч мөнгөө үрэхгүй. Заавал загварыг нь өөрчлөх гэхээсээ илүү хувцсаа харж байгаад юу дахиж хийж болохоор байна, өөр ямар шийдэл байна гэдгийг анзаарах хэрэгтэй.Монгол улсын иргэн бүрт тренд дагаж биш өөрийнхөө мөн чанарт тохирсон, өөрийнхөөрөө байж хувцаслах тал дээр бид туслах зорилготой.

-Наадамтай холбоотой сэтгэгдлээ хуваалцана уу?

Мэдээж залуучууд маань хөгжилдөж, цэнгэж баяртай сайхан байгаа нь харагдаж байна. Гэхдээ сэтгэл эмзэглэж байгаа ганц зүйл нь өглөө бостол талбай дүүрэн пластик савнууд байсан. Хаях ёстой юм шиг тэр чигээр нь хаячихсан. Хуванцар сав байгальд ямар хор хөнөөлтэйг хүмүүс маш сайн мэднэ. Магадгүй дараа жил Playtime-д ирэхдээ өөрсдийнхөө аягыг авч ирээд шар айргаа уудаг ч юм уу ямар нэгэн байдлаар иймэрхүү зүйл рүү шилжихгүй бол жаахан асуудалтай байна. Дараа жил ийм уриалга гаргасан ч болно шүү дээ.

-Баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье!

  • Fire and Naaglihats stage

Энэхүү 2 тайзанд бүжиглэж стрессээ тайлах, электро хөгжмийг мэдэрч болно. Энэ жил энэхүү тайзнууд дээр Anu Dol, Txako /Japan/, Bilguudei, Blazej Malinowski /Poland/ Bodikhuu, Onra /France/, Tolouse Low Trax /Germany/ монголын болон гадаадын шилдэг DJ нар хүрэлцэн ирсэн юм.

  • La Vieen Rose асар

Тус асарт “Өөрчлөлтийн төлөө бүтээлч яриа” сэдвийн хүрээнд олон үйл ажиллагаа зохион байгуулагдсан юм. Ингэснээр Playtime наадам нь зөвхөн шилдэг уран бүтээлчдийн амьд тоглолтыг танилцуулаад зогсохгүй бүтээлч залуусыг дэмжиж хөтөлбөрийн дагуу “La Vie En Rose” асарт “Ногоон амьдралын хэв маяг”, “Бүтээлч Сэтгэлгээ ба Инноваци”, “Монголын ирээдүйн хөгжлийн дүр зураг” гэсэн гурван сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг, ярилцлага өрнөсөн юм.

  • Асрын онцлох зочиноор уригдсан Playtime хөгжмийн фестивалын үүсгэн байгуулагч, захирал Ц.Нацагдоржийн яриаг хүргэж байна.

Тэрээр “Хүн аягүй их зүйлийг хуваалцах хэрэгтэй. Би өөрөө хөгжмийг бусадтай хуваалцах дуртай. Тамираагийн микс гээд нэвтрүүлгийг 20 жил хийж байна. Гэхдээ HiFi радио гэж эхлээд дараа нь Тамираагийн микс болон өөрчлөгдсөн. 20 жилийн турш залуучуудыг гоё хөгжим сонсох тал дээр ажиллаж байна. Тэр ч утгаараа Playtime-ийг хийдэг. Шинэ залуу монгол хамтлагуудыг хүмүүст хүргэх, гадаадын гоё гоё хамтлагуудыг хүргэхийг хичээдэг. Ихэнх Монгол хамтлагууд 2000-аад оноос хойшхи хамтлагууд бүгдээрээ Playtime-аар дамжиж гарч ирсэн. Би бүгдэнд нь ямар ч ялгаагүй ах шиг ханддаг. Хамгийн их таалагдсан хамтлаг бол The Lemons, A sound 2 байсан. Ямар нэгэн зүйл сэтгэлээр байх ёстой. Би хамтлагийн гишүүдээ хүчлэхийг хүсдэггүй. Нэг гэрээ хийсэн ч гэсэн гэрээ чинь тэгж байна ингэж байна гэж шаардахгүй. Тэр хүн явмаар байвал явж, ирмээр байвал ирж болно. Яагаад Playtime ийм амжилттай болж байгаа вэ гэхээр үндсэндээ цаана нь ямар нэгэн бизнес мөнгөний тооцоо байхгүй. Энэ зүгээр л сэтгэл, хөгжим. Суурь нь өөрөө гоё.

Playtime нь амьд хөгжмийн наадам гэдгээрээ алдартай. Энэ жил ирж буй хамтлагуудыг харахад Ice top, Ginjin and Loigang гэх мэт hip hop хамтлагууд иржээ. Яагаад энэ хамтлагуудыг урих болсон бэ?

-Анх Pop хөгжмийг доош нь хийгээд л зөвхөн рок гээд л. Дараа нь цаг хугацаа өнгөрөх тусам хөгжмийг ямар нэгэн жанраар нь ялгаварлаж болохгүй юм байна гэдгийг ойлгосон. Яагаад гэвэл тэр хөгжмийн урсгалын түүх чиний хувь хүний түүхээс хамаагүй илүү баялаг. Зохиолын дуу ч ялгаагүй. Тэрийг сонсдог, сонсдоггүй тухайн хүний л сонголт. Сонсдоггүй хүн нь тухайн урсгалыг сонсдог, тухайн урсгалаар уран бүтээлээ туурвидаг хүмүүсийг хүндлэх хэрэгтэй. Hip Hop бол маш том урсгал. Цаг хугацаа өөрчлөгдөж байна. Бид 2019 онд амьдарч байна. Рок гэдэг хөгжим 1990-ээд он биш болсон. Billie Eilish 16 настай охин Billboard-ийг тэргүүлж байна. Тэр хүүхдийн илэрхийлж байгаа хөгжим нь бүх юмны нэгдэл. Харахад металаас хүнд юм шиг хөгжим нь болохоор электро, поп орчихсон байх жишээтэй. Өөрөөр хэлбэл шинэ үеийн хүүхдүүд шал өөр учраас цаг нь тэрийгээ дагуулаад явж байгаа. Хөгжим өөрчлөгдөж байгаа учраас Playtime ч гэсэн өөрчлөгдөх ёстой. Гэхдээ ганцхан шалгуур байна. Тэр нь сайн хөгжим байх ёстой. Урсгал хамаагүй. Icetop-ийн илэрхийлэл жинхэнэ хип хоп. Тэд 40 хүрч байгаа залуучууд. Тэдний хип хоп гэсэн сэтгэл, монголоо гэсэн сэтгэлийг би үнэлдэг. Монголчууд үнэлэх ёстой.

  • New wave stage буюу Шинэ давалгаа тайз
  • Энэхүү тайзан дээр монголын амьд хөгжмийн талбарт шинээр мэндэлж буй хамтлагууд гардгаараа онцлогтой. Энэ жилийн хувьд 8 хамтлаг гарсан нь Хараацай, Andromedia, Uudee’s band, The Shom, ApamTatt, The Vintage, Karmantic, B.L.M.D байлаа.
  • Lendmn Loves music асар

Playtime наадмын стратегийн түншээр ажиллаж буй “Lendmn” санхүүгийн байгууллагын хамт олон “Lendmn Loves Music” нэртэй асар заслаа. Тэдний асарт авьяаслаг DJ нарын гайхалтай сетийг сонсож, домогт Камертон хамтлагийн тоглолтыг үзэж, пянз цуглуулагчидтай уулзалт хийж, цагийг зугаатай өнгөрүүлсэн юм.


Н.Саруулдөл

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дур зоргын мал аж ахуйг хоригломоор байна

Монгол Улс 80 сая малтай гэх өгүүлбэрийн цаана дур зоргын буюу нүүдлийн мал аж ахуй гэсэн том асуудал бий. Манай улс дур зоргын нүүдлийн мал аж ахуйтай. Малынхаа тоо толгойг өчнөөн саяар нэмлээ гэж бахархан мэдээлж, эдийн засагт нэмэртэй аштай юу даа гэж олзуурхан боддог нь яг нарийндаа буруу хандлага. Шууд хэлэхэд дэлхийд манай мал аж ахуй гоё харагддаггүй. Ямар сайндаа л олон улсын байгууллага малынхаа тоог 2030 он гэхэд 37 сая болгож бууруул гэж зөвлөхөв дээ. Малаа бууруул гэж шахаад байгаа нь цаанаа том шалтгаантай. Дэлхийн дулааралд нөлөөлдөг хүлэмжийн хийн ялгаралд үйлдвэрийн утаа, элдэв бохирдлоос гадна мал сүрэг ордог учраас олон улсын байгууллага ингэж зөвлөөд байгаа юм. Цэнхэр гаригийнхны санааг зовоосон бас нэг асуудал бол цөлжилт. Хатуухан хэлэхэд Монголын 80 сая мал бэлчээр талхагдуулж цөлжилт үүсгэдэг “хэргийн эзэд”. Яг нарийндаа хэдэн арван саяар тоологддог мал сүрэг маань уул уурхайгаас илүү хадаргаатай, хорлонтойг олон тоогоор нотолж болно. Том уурхай болох Эрдэнэт ч юм уу Багануурын олборлолт явуулсан талбайг хэмжээд үзвэл тус бүрдээ таван километр хүрэхтэй үгүйтэй талбай л гарна. Малчдаас ялгаатай нь уул уурхайн олборлолтын дараа ашиглалт явуулсан компани нь нөхөн сэргээлт хийдэг. Стандартаа мөрддөг том уурхайнуудын хувьд бүр олборлолт явуулах газрынхаа өнгөн хөрсийг хуулж аваад хадгалдаг. Тухайн газарт ямар ургамал ургадаг, яг тэр бүтэц, экосистемийг нь алдагдуулахгүйн төлөө ийм арга хэрэглэдэг юм. Олборлолт дууссаны дараа өнөө хадгалсан хөрсөө хучиж, нөхөн сэргээлт хийж нов ногоон тал болгосон жишээ өчнөөнөөрөө бий.

Малын тоо толгой хэт өссөнөөс болж манай улсын бэлчээрийн 70 гаруй хувь нь ургамлын нөмрөг, бүтэц бүрэлдэхүүний хувьд доройтсон гэх тоо дуулддаг. 25.2 сая га бэлчээр талхлагдаж доройтсон, малын хөлөөс чөлөөлж, зайлшгүй нөхөн сэргээх шаардлагатай есөн сая орчим га бэлчээр бий гэсэн тоо бараг арван жилийн өмнө сонсогдож байсан. Сүүлийн үед бэлчээрийн дайсан ямааны тоо толгой огцом өсч байгаа болохоор энэ тоо нэмэгдсэн нь ойлгомжтой. Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт” хөтөлбөрөөс 2011-2014 онд судалгаа хийсэн удаатай. Тэр судалгаагаар Архангай, Булган, Төв, Сэлэнгэ, Дундговь аймагт бэлчээр үлэмж доройтон хамгийн их талхлагдсан гэх дүгнэлт гарч байсныг санаж байна. Саяхан даа, бэлчээрийн нөөц боломждоо тохирсон малтай аж төрье гэвэл 51.6 сая малаас илүү гаргаж болохгүй гэсэн судалгаа зөвлөмжийг дотоодын эрдэмтэд гаргаж л байсан. Хонин сүргийг багасгаж хоёр хонинд нэг ямаа гэсэн харьцаатай өсгөх ёстой гэсэн зөвлөгөө ч сонсогддог. Хамгийн олон мянгаттай Булган, Архангай, Өвөрхангай, Хэнтий, Төв аймгуудад 100 га бэлчээрт ногдох малын тоо 2-4 дахин хэтэрсэн гэсэн статистикийг ч энэ дашрамд онцолъё. Сүүлийн үед 200-гаас дээш малтай өрхийн тоо нэмэгдэж байгаа юм билээ. Мянгат малчин шалгаруулдаг, аль болох олон малтай байхыг засаг нь, салбарын яам нь бодлогоо болгоод суухаар олон малын төлөөх уралдаан гаараад байна л даа.

Малчид зуны цагаар ус бараадаж, бүр голын эх дагаад буучихдаг. Эсвэл нуур бараадаад шавчихна. Малаа ус руу шууд тууна. Тэгээд л тэр хавийн гол нуур малын хөлд улаанаараа эргэж, хүн уухын аргагүй бохирлогддог. Уг нь голоос холгүй услах цэг байгуулаад усалчихад болохгүй юмгүй. Давж барахааргүй хэцүү ажил лав биш. Малаа, малчдаа гэдэг сэтгэлгээтэй нийт олонхын хувьд хатуу үг мэт санагдаж мэдэх ч байгаль экологи талаас нь харахаар шүүмжлэхгүй орхих аргагүй хэцүү ахуй Монголын мал аж ахуйгаас жигтэйхэн тод харагддаг. Мал нь ус, бэлчээр сүйтгэж, малчид нь ил задгай бие засахаас эхлээд ер нь л хэцүү дээ. Гол дагаж зуссан айл тэр хавийн байгалиа хэцүүхэн болгочихоод намаржаа руугаа нүүдэг нь нүдний өмнө байгаа бодитой үнэн.

Монгол малын махыг гадныхан авдаггүй нь эрүүл мэндтэй нь холбоотой. Вакцинд тэр бүр хамруулдаггүй, ямар өвчинтэй байгааг нь хянаж үзэх мал эмнэлгийн тогтолцоо сул гээд өчнөөн шалтгаан бий. Дахин онцлоход ямар өвчтэй нь мэдэгдэхгүй мал сүргээ голоос шууд усалдаг ийм малчид дэлхийд ховор. Байгалиа боддог, иргэдийнхээ эрүүл мэндэд анхаардаг улсуудын хувьд төсөөлөлд нь багтахгүй ахуй. Голын хажууханд тусад нь услах хэсэг байгуул гэхээр хэт хээнцэр, амьдралаас тасархай сонсогдож магадгүй. Гэхдээ дэлхий нийтээрээ цөлжилт, дулаарал, экологийн бохирдлын эсрэг хамтраад дуугарч тэмцдэг болсон энэ цагт тавих ёстой шаардлага, гаргах учиртай санаачилга.

Малаа цөөлж, чанаржуулах, аажимдаа фермер рүү шилжих талд онцгой анхаарах ёстойг баталсан иймэрхүү жишээ яривал дуусахгүй. Товчхондоо Монголын байгаль ганц малчдынх биш, гурван сая монголчуудынх, бүр цаашлуулж сэтгэвэл хэдэн тэрбумаараа амьдарч буй дэлхийн иргэдийнх. Хүлэмжийн хийг бууруулахын төлөө нэг дээвэр дор нэгдэж дэлхийгээрээ тэмцээд яваагийн учир энэ л дээ. Түүхий нүүрсний хэрэглээгээ тана, ногоон эдийн засгийг хөгжүүл гэж улс орнууд бие биенээ шахаад байгаагийн шалтгаан нь ерөөсөө энэ. Монголчууд байгалиа цэвэр, аюулгүй байлгах үүргийг дэлхийн өмнө хүлээсэн улс орнуудын нэг. Тийм учраас л олон улсын байгууллага малынхаа тоог бууруул гэж шахаад байгаа юм.

Тэгэхээр малаа суурин болгохоос өөр сонголт алга. Бүр тодруулж хэлбэл фермержмээр байна, улсаараа. Ийм олон малыг байгалиа сүйтгэн байж өсгөж үржүүлчихээд өгөөжийг нь тултал хүртээд байна уу гэвэл бас үгүй. Махыг нь хангалттай хэмжээгээр экспортолж чадахгүй байна. Түүхий эдийн хувьд бүр ярих ч юм биш. Ямар ч үнэ цэнэгүй, хаягдал болж, байгаль бохирдуулаад дуусдаг. Өлөнг нь л хиамын үйлдвэрт ашигласан болоод аж төрж яваа.

Уг нь Ч.Улаан сайдын малыг хөлөөр нь экспортлох санаа хэрэгжсэн бол нэмэртэй шийдвэр болох байсан юм. Монгол малын мах бэлчээрийн учраас жинхэнэ органик гэж ирээд ярьдаг л даа. Үнэхээр тийм давуу талтай бол экспортлоод доллар олсон шигээ амьдрах л байсан. Монголын малын мах стандарт хангадаггүй, өвчтэй, өөх ихтэй гэх мэт өөлөх шалтгаан харин олон дуулддаг. Тийм ч учраас хоёр хөрш рүүгээ багахан гаргах хэмжээнд махны экспорт хязгаарлагдаж байгаа. Хөлөөр нь гаргасан бол ядаж л түүхий эд нь хог болж хаягдахгүй давуу талтай. Малын тоо толгойгоо цөөлж чанаржуулах зүг рүү хөтлөхөөр шийдвэрийг салбарын сайд нь гаргасан ч засаг нь дэмжсэнгүй л дээ, харамсалтай нь.

Дур зоргын мал аж ахуйд анзаарахаас аргагүй бас нэг том асуудал байна аа. XIII зууны үеийнхээс өөрчлөгдөж гавиагүй мал аж ахуй монголчуудыг хэзээнээс залхуу байлгах шалтаг суурь болсоор ирсэн. Өөрөө бэлчээд идээшилдэг малтай монголчуудад өдөржин хөлсөө дуслуулах шаардлага байдаггүй гэсэн онцлог бий. Малчид өдөрт үсрээд дөрвөн цагийг л малын ажилд зарцуулаад, үлдсэн хугацаанд нь гараа эвхээд суучихдаг нь мөн л үгүйсгэх аргагүй үнэн. Хөдөлж хөлсөө дуслуулахгүй, мах, тос голдуу хүнстэй учраас урт насалдаггүй шиг санагддаг. Малчдын насны тухайд гүтгэж гөрдөөд бичсэн хэрэг биш л дээ. УИХ нь малчдын наслалтад ийм асуудал бийг хүлээн зөвшөөрч тэтгэврийн насыг нь наашлуулсан шийдвэр гаргасан удаа бий.

Тэгэхээр дур зоргын мал аж ахуйгаас татгалзъя, өндөр татвартай болгоё. Малчдаас малын хөлийн татвар авдаг болъё. Ингэвэл наад зах нь бэлчээрийн талхлагдлыг шийднэ. Цаашлаад яривал тоог биш, чанарыг шүтдэг малчидтай болох давуу талтай. Нэг малаас 1000 төгрөг гээд хураагаад эхлэхэд л наад зах нь “Чанаргүй олон малтай байхаар чанартай цөөн болгоё” гээд фермержээд эхэлнэ.

Ер нь дэлхий даяар мал аж ахуйгаа ингэж л хөгжүүлж байна. Цөөхөн тооны, чанартай малыг л нэгдүгээрт тавьдаг. Байгальдаа хал багатай, ухаалаг мал аж ахуй руу дэлхийн хөгжилтэй, хөгжиж байгаа улсууд аль хэдийнэ шилжчихсэн. Фермерийн аж ахуйд хүн жинхэнэ хөдөлмөрлөдөг, хөлсөө дуслуулсныхаа хэрээр ахиу мөнгө олдог. Суурин соёл иргэншлийг анзаарах нь ээ, мал аж ахуй нь эрчимжсэн фермер л байдаг. Ингэж байж л суурьшмал иргэд мал аж ахуйтайгаа зохицож аж төрдөг юм. Давтаад хэлэхэд манай дур зоргын мал аж ахуй суурин иргэншилтэй зөрчилдөөд байна. Улсаараа л малаа дагаж амьдрахгүйгээс хойш байгальдаа хал багатай, чанартай цөөхөн малтай, эдийн засгийн өндөр ашигтай мал аж ахуйг л хөгжүүлмээр байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуан Гуайдо Венесуэлийн эрх баригчидтай хэлэлцээр хийнэ

Венесуэлийн Засгийн газар, сөрөг хүчинтэйгээ ирэх даваа гаригт Барбадост хэлэлцээ хийхээр тохиролцжээ. Хэлэлцээрийн зорилго нь улс төрийн тогтворгүй байдлыг арилгах аж. Тэд өнгөрсөн тавдугаар сард Ослод уулзсан ч хэлэлцээр амжилтад хүрээгүй өндөрлөсөн юм.

Сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо “Ямар ч хэлэлцээр хямралыг зохицуулахад чиглэх учиртай. Бид социалист намынханд цаг хожих боломж өгөхгүй. Венесуэлийг Мадурогийн ноёрхлоос гаргахын тулд чөлөөт сонгууль явуулах хэрэгтэй” гэж мэдэгдсэн байна.

Мөн тэрээр өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт CNN-д ярилцлага өгөхдөө “Венесуэлд дарангуйлал тогтсон. Энэ дарангуйллыг устгаж, иргэдийнхээ зовлонг эцэс болгохын төлөө хэлэлцээр хийхээр болсон” хэмээн онцолж байв. Венесуэлийн сөрөг хүчний намын эрх баригчдын Мадурогийн Засгийн газрын төлөөлөгчидтэй хийх уулзалтыг Норвегийн талаас зуучилж байгаа аж. Уулзалтын үеэр хоёр талын харилцаа шинэ түвшинд хүрч магадгүй гэж шинжээчид үзэж байна. Дашрамд дурдахад сөрөг хүчний намын удирдагч Хуан Гуайдо энэ оны нэгдүгээр сард өөрийгөө Венесуэлийн түр ерөнхийлөгчөөр зарласан юм.

Түүнийг 50 гаруй улсын Засгийн газар Венесуэлийн хууль ёсны удирдагч хэмээн хүлээн зөвшөөрөөд байгаа бол Николас Мадурог ОХУ, Хятад тэргүүтэй улсууд дэмжиж байна.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ цаг-үе

Х.Нямбаатар: Дордуулсан долоон заалт гэдэг ч яг ямар заалтуудыг өөрчилснийг өнөөдөр санаж байгаа хүн ховор байна

УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, дордуулсан долоон заалтын талаар ярилцлаа.


-Да.Ганболдыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн ч Ерөнхийлөгч долоон удаа буцаасан байдаг. Эрх баригч нам Ерөнхий сайдаа томилж чадахгүй энэ нөхцөл байдлыг 2000 оны Үндсэн хуулиар өөрчилсөн нь авууштай санагддаг. Тэгэхээр дордуулсан долоон заалт гэж тэр чигт нь харлуулах нь зохимжгүй юм шиг.

-Дордуулсан долоон заалт гэж бид 19 жил ярилаа. Гэвч яг ямар заалтуудыг өөрчилснийг санаж байгаа хүн өнөөдөр ховор. Мэдээж тухайн үеийнхээ нийгэм, улс төрийн нөхцөл байдал, төрийн үйл ажиллагаа тасалдаж, гацаж байгаа зэргээс үүдэн эрх баригчид Үндсэн хуульд тэдгээр өөрчлөлтүүдийг оруулсан. Эдгээр өөрчлөлтүүдийг хийх хамгийн том үндэслэл нь олонх болсон нам, эвсэл Ерөнхий сайдаа ч томилж чадахгүй байсантай холбоотой гэж хардаг. Энэ үеэс хойш олонх болсон нам, эвслийн бүлэг Ерөнхий сайдыг томилдог болж ямар ч байсан төрийн үйл ажиллагаа тасалдалгүй, гацалгүй өнөөдөртэй золгож байна.

Долоон өөрчлөлтийн хүрээнд Ерөнхий сайдад нэр дэвшигчийг заавал зөвшилцөж УИХ-д оруулж ирэх тухай асуудалд цэг тавьж байгаа. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайдыг огцруулахдаа дараагийн нэр дэвшигчийг хамтад нь оруулж ирж буй. Энэ заалт нь Засгийн газрыг аль болох тогтвортой байлгахад чиглэсэн зохицуулалт.

-Дордуулсан гэх долоон заалтын хүрээнд нууц санал хураалт явуулдаг байсныг ил болгож өөрчилсөн. Эсрэг талдаа саналаа худалдах явдал гараад байсан учраас ийн өөрчилсөн гэдэг. Харин ил байхаар намын дарга, Ерөнхий сайдын барьцаанд ороод байна гэж шүүмжлэгдэх болсон. Үүнийг хэрхэн зохицуулж байгаа вэ?

-УИХ-ын гишүүд саналаа илээр гаргаж болно. Гэхдээ УИХ-ын тухайн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол нууц санал хураалтаар асуудлыг шийдвэрлэх боломжтой.

Дордуулсан долоон заалтыг өөрчлөх хүрээнд УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний үүргийг давхар гүйцэтгэх эсэхийг нэг талд нь хагалж өгч байна. Чуулганаар батлагддаг хуулийн босгыг өндөрсгөж байна. Чуулганы хуралдааны тоог нэмэгдүүлж байна. Долоон заалтаас нэг заалтыг огт хөндөөгүй. Тэр нь бүлэг байгуулсан нам, эвсэл УИХ-ын дэд даргатай байх тухай асуудал юм. Дэлхий нийтийн парламентын чиг хандлагад ийм зохицуулалт бий. Иймээс үүнийг дахин хөндөх шаардлагагүй гэж үзсэн.

-Төсөв хэлэлцэх үед УИХ Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зарлагын шинэ төрөл нэмэхгүй байхаар хуулийн төсөлд тусгагдсан. Энэ нь төсөв батлах өөрийн эрх үүргээсээ татгалзсан хэрэг болж байна уу гэх шүүмжлэл байна?

-Үүнд УИХ төсөв батлах чиг үүргээсээ ухарч байгаа зүйл огт байхгүй. Мэргэжлийн Засгийн газрын боловсруулсан тооцоо судалгаа, үндэслэл бүхий төсвийг УИХ-ын гишүүд дур зоргоороо нэмэхийг хориглож өгч байгаа юм. Аливаа улс орон өөрийн гэсэн хөгжлийн төлөвлөгөөтэй байдаг. Үүнд тохирсон жил бүрийн төсвийн хуваарилалт оновчтой байх ёстой. Төлөвлөгөөнийхөө дагуу төсвөө зохиож үүнийг нь УИХ баталдаг байя гэсэн санаа юм. Ингэж чадаагүйгээс болж төсвийн мөнгөөр бедон тарааж байсан тохиолдол ч бий. УИХ-ын гишүүн тойрогтоо бидон тараахын тулд төсвийг нэмэгдүүлж болохгүй. Энэ бол хөгжил биш, муу туршлага. Уг заалтаар үүнийг л хориглож өгч байгаа юм.

-Үндсэн хуулийн 6.2 дээр байгалийн баялаг бол ард түмний өмч гэж тодотгож өгсөн гэж буй. Үүнийг тодруулаач?

-Үндсэн хуулийн 6.2-т Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтална гэж оруулж өгсөн. Байгалийн баялгийг захиран зарцуулахдаа ард түмэнд өгөөжтэй байдлаар ашиглах гэсэн агуулгатай зохицуулалт хийсэн юм.

-Шүүх эрх мэдлийг хараат бус, хариуцлагатай байлгах хүрээнд тодорхой зохицуулалтууд орж байна. Дээд шүүхийн шүүгчийг арван хоёр жилээр сонгохоор болж буйд та ямар байр суурьтай байна вэ?

-Шүүх эрх мэдлийг улс төрөөс хараат бус байлгах нь хамгийн чухал. Шүүгчийг одоогоор Ерөнхийлөгч томилж байгаа. Цаашид Шүүхийн ерөнхий зөвлөл гэх бие даасан байгууллага байгуулаад тэрхүү байгууллага нь бүх шатны шүүгчээ томилно. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд шүүгчдэд тавигддаг насны болон ажил мэргэжлийн шаардлагыг ч нэмэгдүүлж өгч байгаа. Одоогийн хуулийн зохицуулалтаар анхан шатны шүүхийн шүүгчээр 25 настай хүн томилогдох боломжтой байна. Эхнэр, нөхөр хоёр гэр бүлээ цуцлах, хүүхдээ хэн асран хамгаалах, хүүхдийн тэтгэмж тогтоох, хамтын өмч хуваарилалт хэрхэх зэргийг нэг шүүгч дангаараа шийдвэрлэдэг. Хэрэв 25 настай шүүгч томилогдвол тухайн шүүгч энэ асуудлыг дангаараа шийднэ. Харин түүнд иймэрхүү асуудлыг шийдвэрлэх амьдралын туршлага бий юү. Үүнийг харгалзан шүүгчийг хамгийн багадаа 30 нас хүрсэн иргэн байх ёстой гэж зааж байна. Мөн ажилласан жилийг гурван жилээр нэмэгдүүлнэ. Давж заалдах шатны шүүхийн шүүгчийг анхан шатны шүүхэд тухайн чиглэлээрээ зургаагаас доошгүй жил ажилласан, шүүн таслах туршлагатай хүн байна гэж тусгасан. Улсын Дээд шүүхийн шүүгчийн гуравны хоёроос доошгүй нь шүүн таслах туршлагатай, 40 нас хүрсэн хүнийг нэг удаа 12 жилээр сонгохоор өөрчилж байгаа. Өнөөдөр бүх насаар сонгодог хуулийн зохицуулалттай байгаа. Үүнээс үүдэн нэг компанийн халаасанд орсон гэх мэт гажуудал гарч байна. Бүх насаараа учраас эргэж хариуцлага тооцдог систем алга гэсэн шүүмжлэлийг дагуулаад байгаа юм. Энэ нөхцөл байдалд үндэслэн шинэ томьёолол орж ирж байна.

Мөн шүүгчдэд хариуцлага тооцдог Шүүгчийн хариуцлагын зөвлөл гэх бие даасан байгууллагыг байгуулна.

-Эдгээр өөрчлөлтүүдийн хүрээнд цөөнгүй органик хуулиудад өөрчлөлт орж таарна. Одоо ч маргаан дагуулсан байгаа Шүүх эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт орох уу?

-Тийм. Өөрчлөлт орж буй зүйл, заалт бүртэй холбоотой органик хуулиуд шинэчлэгдэнэ.

-Хотууд бий болох боломжтой болж байна. Үүнд таны байр суурь ямар байна вэ?

-Нутгийн захиргааны байгууллагыг бэхжүүлэх, нутгийн удирдлагыг боловсронгуй болгох чиглэлээр тодорхой дэвшил гаргасан. Орон нутагт улстөржилтийг багасгах үүднээс баг, хорооны Засаг даргыг томилдог болохоор оруулж ирж байгаа. Сум, дүүргийн Засаг даргыг ард иргэд өөрсдөө сонгодог болъё гэж байна. Энэ нь хотууд үүсэх эрх зүйн үндсийг бий болгож байгаа юм. Бид цаашид хотуудтай болох хэрэгтэй. Монгол Улсын хэмжээнд зөвхөн Улаанбаатар хот л үйл ажиллагаа явуулж байна. Цаашид улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хоттой болох шаардлагатай. Тэдгээрт нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийг шилжүүлж өгөх том дэвшил гаргаж байгаа. Хотууд өөрсдөө захирагчаа сонгодог, өөрийн удирдлагатай, дүрэмтэй байя гэсэн зохицуулалтууд орж ирж байна. Нутгийн удирдлагыг боловсронгуй болгох хүрээнд орон нутгийн өөрөө удирдах ёсны зарим байгууллагуудад сонгуулийн давхардлыг арилгая гэсэн анхны төсөл явж байна. Олон давхардалтай төлөөлөгчдийн сонгууль, урамшуулал зэргийг хасах зүйл, заалт орж ирж байгаа.

-Дүүргийн Засаг даргыг ч мөн иргэдээс сонгох нь ээ?

-Дүүрэг цаашид хот болно гэсэн зохицуулалтыг барьж байгаа. Хот бүр өөрийн удирдлагын тогтолцоог бүрдүүлж, тусдаа татвар хураамжаа бүрдүүлдэг, төлөвлөлтөө хийж, үүнийхээ дагуу хөгжлөө тодорхойлдог чиглэлийг баримтлах агуулгатай. Дүүргүүд хэрэв хот болбол дүүрэг гэдэг засаг захиргааны нэгжид хуулиар харьяалуулсан чиг үүргүүдийг хот болсонтой холбогдуулж шилжүүлэх ийм зохицуулалтыг бий болгохоор зорьж байгаа. Дархан, Эрдэнэт мөн аймгийн төвүүд бүгд хотын статуст шилжих боломжтой болно. Өмнөговийн уул уурхайг түшиглэсэн томоохон сумдад орон нутгийн зэрэглэлтэй хот байгуулах, тэдгээрийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжүүдийн чиг үүргүүдийг шилжүүлэх, цаашид орчин цагийн хотууд болох суурийг Үндсэн хуулиар тавьж байгаа.

-Сумын Засаг даргыг иргэдээс сонгосон ч Аймгийн Засаг дарга нь огцруулах, томилох эрхтэй байна гэсэн зохицуулалт хэвээр байгаа юу?

-Энэ заалт дээр томилохгүй байхаар өөрчилсөн. Засаг дарга хуульд захирагдахгүй, дур зоргоороо авирлаад, хууль зөрчөөд байгаа тохиолдолд ард түмнээс сонгогдсон гээд огцруулахгүй байж болохгүй. Иймээс органик хуулиар огцруулах зохицуулалтыг оруулж өгье, огцруулсан тохиолдолд нөхөн сонгууль зарлаж дараагийн хүнийг сонгоё гэдэг байдлаар зохицуулалт хийсэн.

-Ерөнхийлөгч зургаан жилээр нэг удаа сонгогддог болох зохицуулалт орж байна.Энэ зохицуулалт орсноороо одоогийн болон өмнөх Ерөнхийлөгчид дахин Ерөнхийлөгчөөр сонгогдох боломж нээгдэх үү?

-Түүнийг дагаж мөрдөх журмын хуулийн төслийг нарийн хэлэлцээгүй байгаа. Одоогийн журмын хуулиар 2025 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлье гэсэн зохицуулалттай байна. Дагаж мөрдөх журмын хуулийн төслийг бүрэн хэлэлцэгдэж дуусах үед энэ тухай илүү дэлгэрэнгүй ярьсан нь дээр болов уу.

-Сөрөг хүчний зүгээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг эсэргүүцэж байгааг та хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Үндсэн хуулийн тухай асуудал хэлэлцэж байхад нөхөртэйгөө маргаж байгаа мэт авирлаж болохгүй. Үндсэн хууль гэдэг ирэх 20,30 жилийн хөгжлийг тодорхойлох бодлогын баримт бичиг юм. 2016 оны сонгуульд ялагдсан бол ялагдсан. Сөрөг хүчний үүргээ санал өгөх гэх мэт зохих хэлбэрийн дагуу биелүүлэх хэрэгтэй. Нөхөртөө туньж буй эхнэр шиг авирлаж болохгүй. Бүлэггүй болчихсон юм бол гишүүнийхээ хувиар саналаа өгөх хэрэгтэй.

-Сонгуулийн тухай хуулиас тогтолцоо гэдэг үгийг авсантай холбоотойгоор сөрөг хүчний эсэргүүцэл нэмэгдсэн гэдгийг ч хэлэх хүмүүс байна л даа?

-Тогтолцоо гэдэг үгийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөс авъя гэж үзэж байгаа. Миний хувьд энэ үг байх ёстой гэж үзэж байгаа. Энэ зөвхөн 2024 болон 2028 онд хэрэгжих хууль биш. Тиймээс хоёр салаа утгатай хуулийн боломж байх хэрэгтэй. Дараагийн 10, 20 жил сонгууль жижиг мажоратор тогтолцоогоор явбал манай орны эдийн засаг дийлэх эсэх нь эргэлзээтэй. Мөн хөгжлийн том бодлогууд орхигдох магадлалтай. Тиймээс зөвхөн өнөөдрийг харж шийдвэрлэж болохгүй .