Categories
мэдээ нийгэм

Хурдан морь унаач хүүхдүүдийг бүртгэж байна

Хурдан морь унаач хүүхдүүдийг өнөөдөр Хүй долоон худагт бүртгэж эхэллээ. Хурдан морины уралдаанч хүүхдийг бүртгэхэд тавигдах шаардлага:

  • Уралдаанч хүүхэд, уяач өөрийн биеэр ирэх
  • Хүүхдийн төрсний гэрчилгээ
  • Эрүүл мэндийн тодорхойлолт
  • Гэнэтийн ослын албан журмын даатгалын дэвтэр
  • Уралдаанч хүүхдийн карт / өмнө нь уралдаанд оролцож бүртгүүлж байсан бол тухайн картаар бүртгэнэ/
  • Эцэг, эх болон уралдаанд оролцуулж буй уяачийн утас, регистрийн дугаар
  • Хүүхдээ хурдан морь унахыг зөвшөөрсөн эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл

Хурдан морь уралдаанч хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч нь хурдан морины эзэн, уяачтай хийсэн аюулгүй байдлын гэрээ

Мөн Хүй долоон худагт Хүүхдийн Түр хамгаалах байр ажиллаж эхэллээ. Түр хамгаалах байр нь Баяр наадмын үеэр хүүхдийг эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх Түр хамгаалах байр ажиллуулах, эцэг эх, олон нийтэд сэрэмжлүүлэг өгч, эрсдэлт өртсөн хүүхдэд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлж, бага насны хүүхдүүдэд аюулгүйн бугуйвч зүүж өгөх зэрэг үйлчилгээг үзүүлнэ.

Categories
мэдээ нийгэм

Наадмын өдрүүдэд хариуцлагатай жижүүр ажиллана

Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын өдрүүдэд ажиллах дүүргийн хариуцлагатай эргүүл, жижүүр ажиллуулах тухай захирамж гаргасан юм. Баярын өдрүүдэд хүлээлгэсэн үүргийг тогтоосон хугацаанд, зохих журмын дагуу гүйцэтгэж хороод, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй байнгын холбоо тогтоон, шаардлагатай арга хэмжээг шуурхай зохион байгуулж, Нийслэлийн хариуцлагатай жижүүрт хоёр цаг тутамд мэдээлэл өгч ажиллахыг хуваарьт жижүүрүүдэд үүрэг болгов. Түүнчлэн харьяа байгууллага, хэлтэс, албадын дарга, хороодын Засаг дарга нарт баярын өдрүүдэд ажлын байрныхаа аюулгүй байдлыг хангаж, шаардлага гарвал дүүргийн хариуцлагатай жижүүрт мэдэгдэж ажиллахыг даалгасан байна.a

Categories
мэдээ нийгэм

13 настай хүү моринд чирэгдэж амиа алдсан хэрэг гарчээ

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 13 настай хүү моринд чирэгдэн нас барсан харамсалтай хэрэг энэ сарын 07-нд гарчээ. Тодруулбал хүү зуны амралтаараа хөдөө очиж амарч байсан бөгөөд мориноос чирэгдэж амиа алдсан байна. Хүүгийн хоёр бугалаганы ар, нүүр хацар орчим зулгаралттай, баруун нүд хөхөрч хавдсан байдалтай байжээ. Эл хэргийг Хэнтий аймаг дахь цагдаагийн газарт Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Categories
мэдээ улс-төр

БНХАУ-ын Дэд дарга манай улсад айлчлан ирнэ

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар БНХАУ-ын Дэд дарга Ван Чишань манай улсад айлчилна. Түүний айлчлал 2019 оны долоодугаар сарын 10-12-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд маргааш Улаанбаатарт ирэх аж.

Categories
мэдээ цаг-үе

Н.Наранбаатарын амилуулсан “Домог”

Б.Ренчиний “Бэр цэцэг” найраглалаас сэдэвчилсэн, Монгол үндэстний ардын язгуур урлагийг орчин үеийн сонгодог урлаг, балет, бүжиг, уран нугаралт, акробаттай хослуулсан “Legend” шоуны нээлт өнгөрсөн ням гаригт “Корпорэйт”-д боллоо. Аян дайнд амраг залуугаа алдсан бүсгүйн нулимс унасан газар бэр цэцэг ургасан гэх эртний домгоос сэдэвлэсэн “Legend” шоуны ерөнхий найруулагч нь Төрийн соёрхолт Н.Наранбаатар, хөгжмийн продюсераар нь “Морин хуур” чуулгын Д.Түвшинсайхан ажиллажээ.

Хайртай залуугаасаа хагацсан бүсгүйн тухай домогт ертөнцийн үүсэл, монголчуудын түүх, нүүдэлчдийн давтагдашгүй ахуй, тэр ахуйгаас төрсөн урлагийн гайхамшиг гээд бүгдийг багтаачихаж, Н.Наранбаатар найруулагч. “Уяхан замбуутивийн наран” зүгээр нэг мандаж буй нарны тухай биш ертөнцийн үүслийг хүүрнэсэн том философи шингэсэн дуу гэдгийг “Legend”-ээс мэдэрлээ. Эрдэнэцэцэг дуучныг “Зээ, уяхан замбуутивийн наран нь Энэхэн бүх дэлхий даяхнаараа Мөхдөлгүй мандсаар байдаг л билүү дээ та мину зээ” гэж цангинуулахад хажууд суух жуулчин бүсгүй нулимсаа барьж дийлсэнгүй. Уртын дууг дэлхий сонсдог, хажууд суусан жуулчин бүсгүй шиг уйлж, уярч сонсдог нь эв энгийн гаргалгаатай. Байгальтайгаа ойр аж төрдөг нүүдэлчин ахуйгаас төрсөн учраас тэр. Н.Наранбаатарын шоуг зорьж үзсэн урлагт дурлагсад энгийн хэрнээ эгэлгүй энэ үнэнийг мэдрээд гарцгаасан гэдэгт эргэлзэх зүйл алга.

Б.Шаравын “Манан”-г хөөмийлсөн үзүүлбэр үзэгчдийг дуу алдуулав. Ж.Мэндбаяр хөөмийчийн энэ үзүүлбэрээс Монголын язгуур урлаг дэлхийн сонгодогтой уусан хоршихыг мэдэрсэн. “Манан”-г төгөлдөр хуур, сонгодог хөгжмөөр амилахыг сонссоноос хөөмийгөөр ингэж амилна гэж хэн ч төсөөлөөгүй байх аа. Тэсэрсэн гоё шийдэл.

Аян дайнд үрэгдэж хайртаасаа хагацсан залуу энэлж шаналсан амрагаа тайтгаруулах гэж хун болж ирдэг хэсгийг “Номадик балет”-ын бүжигчид амилууллаа. Хунгийн дүрээр ирээд хүний дүрд хувирах хэсгийг дээлээр шийдсэн нь, элбэг уужуу дээлэн дотор хос хоёрыг уулзуулж, учруулсан нь дотно, ойрхон, гүн утгатай шийдэл болж. Н.Наранбаатар найруулагч “Амьдрал, үхлийн тухай дорныхны ойлголт өрнийхнөөс ондоог хунгийн дүрээр хайртай бүсгүйдээ ирсэн залуугаар илэрхийлсэн. Бид энэ ертөнц дээр мөрөө үлдээдэг. Хүмүүний зүрх сэтгэл ертөнцөөс явдаггүй” гэж ярьсныг Legend-ийн хунгийн бүжгээс утгаар нь мэдэрлээ.

Н.Наранбаатар найруулагч Хилийн цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжигчид,”Номадик балет”-ийн залуусыг нэг тайзан дээр бүжиглүүлчихэв. Дахиад л гайхаж биширсэн дуу алдалт, нижигнэсэн алга ташилт… Сонгодог хөгжмөөр амилсан Шаравын “Манан” хөөмийн эгшгээр амилсан шиг юм болов.

“Legend”-ийг нээлтээ хийдэг өдөр нь зорьж үзсэн олны танил эрхмүүдийн нэг бол дуучин Б.Баярцэцэг. Дуучин бүсгүй “Супер шоу болжээ. Орчин үеийн монголчууд үндэсний урлагаа хайхрахаа больсон. Язгуур урлагаасаа холдсоор байгаа залуусыг үндэсний урлагт дурлуулахаар шоу болж. Үндэсний урлаг соёлын өв маань хичнээн үнэ цэнэтэйг Legend-ээс мэдэрлээ. Үндэсний урлагийг өөр өнцгөөс, дэлхийн хэлээр харуулж чаджээ, яах аргагүй. Бүжгийн тавилтууд нь гоё санагдлаа. Балеттай хосолсон монгол бүжиг онцгой таалагдлаа. Олон төрлийн урлагийг нэг дор багцалж холбож өгсөн нь гайхалтай өвөрмөц шийдэл байна. Соёлын өв, үндэсний урлагийнхныг байх ёстой байранд нь тавьж чаджээ. Ардын урлагаа дэлхийд таниулахаар төсөл эхлүүлсэн уран бүтээлчдэдээ баярлалаа” гэж сэтгэгдлээ хуваалцав. Нээрээ л тийм, “Legend” төслийн багийнхан уран нугаралт, бүжиг, ардын дуу, уртын дуу, хөөмий гээд олон урлагийг нэг тайзнаас мэдрүүлсэн юм.

“Legend”-ийг үзэж суухад нэг л зүйл тод мэдрэгдсэн. Морьдын төвөргөөн, жаргаж буй том улаан нар, гүн хөх нуур, салхины шанхны үс ирвэгнүүлсэн үл ялиг сэрчигнээ мэдрэгдсэн. Тайзны амьтай шийдэл, язгуур, сонгодог урлагийн донжтой хослолын шид л дээ. “Корпорэйт”-ийн концертын танхимд хээр талд очсон мэт амар амгалан мэдрэмжид эзлүүлж суулаа, цаг хагасын хугацаанд. Хайртай залуудаа зориулж урласан дээлээ тэвэрч уйлж, гашуудах бүсгүйн бүжгийг харж мэлмэрүүлж, “Уяхан замбуутивийн наран”-г цангинуулахад ертөнцөөс тасарч бодлогоширч, ер үзүүлбэр бүр дээр сэтгэл догдлолтой суудлаасаа өндөлзсөн болохоор тэр үү, шоу үргэлжилсэн цаг хагасын хугацаа хорь, гучин минут шиг л санагдсан.

Н.Наранбаатар найруулагчийн “Бид дотоод нүүдлээ сэрээх цаг болсон. Нүүдэл гэдэг зүгээр л нэг оромж газар хайж яваа гэсэн өнгөц утгагүй. Монгол нүүдэл бол бодрол бясалгалын нүүдэл” гэсэн үгийг утгаар нь мэдрүүлсэн “Leg­end” шоуг гавьяат жүжигчин Б.Мөнхбаатар, дуучин Д.Үүрийнтуяа, Д.Жавхаасайхан, Х.Эрдэнэцэцэг, О.Анхчимэг, Б.Алтанжаргал, Т.Баянжаргал, Б.Баатархүү зэрэг дуучид, хөөмийч Ж.Мэндбаяр, “Номадик балет” продакшн, ХЦДБЭЧ-ийн бүжигчид, “Enkhe boys” циркийн нугараач, акробатчид тайзнаа амилуулсан юм. Энэ шоуны хөшигний ард Б.Отгонбат, Х.Соёмбо, Н.Оргилболд, Ц.Батнайрамдал, Т.Ганхуяг, Э.Эрдэнэжаргал, Г.Батчимэг нарын эрхмүүд ажиллажээ.

“Legend” буюу “Домог” шоу энэ сарын сарын 12 хүртэл үргэлжлэх юм билээ.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Наадмын өдрүүдэд 637 автобус, 603 такси үйчилгээнд явна

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд 637 автобус, 603 такси нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллана. Мөн богино эргэлтийн 3 чиглэлд /Дүнжингарав, Мишээл экспо, Төв цэнгэлдэх хүрээлэн/ 20 автобус 3 минут тутам үнэ төлбөргүй үйлчилнэ. Дүнжингарав худалдааны төврүү 22 чиглэлийн 135 автобус, Мишээл экспо худалдааны төврүү 13 чиглэлийн 76 автобус үйлчилэхээр болжээ.

Categories
мэдээ нийгэм

​“Дотоод хэргийн их сургуулийн түүхэн замнал, хөгжлийн чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо

Дотоод хэргийн их сургуулиас санаачлан Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хамтран “Дотоод хэргийн их сургуулийн түүхэн замнал, хөгжлийн чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2019 оны 07 дугаар сарын 08-нд зохион байгууллаа.

Хуралд Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ,ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг болон ОХУ, БНСУ, БНТУ, БНСВУ-ын зочид төлөөлөгчид, гадаад, дотоодын 90 байгууллагын 250 гаруй эрдэмтэн, судлаач, профессор багш, практик байгууллагын ажилтнууд уригдан оролцов.

Хурлын үйл ажиллагааг нээж ДХИС-ийн захирал, доктор, профессор, хошууч генерал Ш.Лхачинжав, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны харьяа Сибирийн хуулийн дээд сургуулийн захирал, цагдаагийн хошууч генерал И.А.Медведев, Оросын Холбооны Улсын ДХЯ-ны харьяа Уралын хуулийн дээд сургуулийн захирал, эдийн засгийн ухааны доктор, дэд профессор, цагдаагийн хурандаа Павленков Роман Васильевич, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ардын аюулгүй байдлын академийн захирал, доктор,дэд профессор, хошууч генерал Ли Ван Тан, Бүгд Найрамдах Солонгос Улсын Чангшин их сургуулийн захирал, доктор Кан Жун Мук нар үг хэлж, хурлын ажиллагаанд амжилт хүслээ.

Дотоод хэргийн их сургууль нь 2012 оноос эхлэн ес дэхь удаагаа тодорхой тулгамдсан сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж ирсэн. Энэ удаагийн хурал нь Их сургуулийн түүхт 85 жилийн ойг угтан зохион байгуулж буйгаараа онцлог юм.

Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурлыг “Дотоод хэргийн их сургуулийн 85 жилийн түүхэн замнал, ололт амжилт”, “Дотоод хэргийн их сургуулийн хөгжлийн өнөөгийн байдал, бодлого, стратеги,” “Дотоод хэргийн их сургуулийн гадаад харилцаа, хамтын ажиллагаа” гэсэн сэдвийн хүрээнд 3 салбар хуралдаантайгаар зохион явуулж, 85 жилийн хугацаанд үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын хүний нөөцийг бэлтгэхэд олсон амжилтаа бататгаж, алдсанаа давтахгүйгээр цаашдын хөгжлийн чиг хандлагаа зөв тодорхойлох, гадаад, дотоодын ижил төстэй сургуулиудын туршлагаас суралцах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг эрдэмтэн судлаачдын оролцоотой хэлэлцэж, шийдвэрлэх гарц, арга замыг тодорхойлоход чиглэгдсэн юм.

Уг хуралд ирүүлсэн эрдэмтэн, судлаачдын илтгэлийг шүүн эмхэтгэж хэвлүүлэн,хурлын үр дүнд зөвлөмж боловсруулан хэлэлцүүлж, баталлаа.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын математикийн “SIMOC”олимпиадаас найман медаль хүртжээ

Сингапур улсад өчигдөр болсон Олон улсын математикийн “SIMOC” олимпиадад манай улсаас 7 хүүхэд оролцож, 2 мөнгө, 6 хүрэл гээд нийт 8 медаль авсан баяртай мэдээ байна. Жил болгон уламжлал болон зохиогддог олимпиадад энэ жил 19 орны 1100 гаруй сургуулийн сурагчид өрсөлдсөн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Баярын жаран хоног

-ШҮҮМЖ-


БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

Санж Баяр дурсамжаа бичих санаатай байгаа л гэж ярьж байсан. Бараг мартчихаж. Тэгсэн хэд хоногийн өмнө номоо дуусгачихлаа, НЭПКО-гоор хэвлүүлье гэсээр давхиад ирдгийн. Манай залуучууд тэр дор нь барьж аваад л нэг нь ерөнхий дизайн хийж, нөгөө нь үндсэн санааг нь товч яриулж аваад хавтасны зураг бүтээв. Редакторлохын хувьд хувааж аваад түчигнүүлж гарлаа. Ердөө маргааш нь эх бүтээх ажлаа дуусгачихжээ. Тэд ажиллахын зэрэгцээ бүгдээрээ уншчихжээ. Гялс хэвлүүлчихье гэж ярилцацгаан “Мөнхийн үсэг” хэвлэх үйлдвэртэй тохирон хоёрхон хоногийн дотор ном бэлэн болчихдог байгаа. 450 нүүртэй нэлээд зузаан ийм номыг ердөө дөрөв хоногийн дотор эхийг нь бэлдээд хэвлэн гаргаж байсан тохиолдол бидэнд байтугай Монголын түүхэнд байхгүй байх аа.

Оройд нь би өөрт ноогдох хувийг аван үдэш орондоо орон уншиж гарав. Нэг амьсгаагаар уншсаар ард нь гарч сэхээ авбал хэдийнэ нар мандаж гудамжаар машин давхилдах чимээ гарч байна. Ойрд ингэж нэг амьсгаагаар унталгүй ном уншиж нойргүй хоносонгүй. Нобелийн шагналт зохиолч Светлана Алексиевичийн “Чернобилийн наминчлал” номыг ноднин ганц шөнө уншиж дуусгасан санагдана. Тийм уншууртай сонирхолтой ном ч ховор, Гомбосүрэн гуайн орчуулга ч төгс.

Санж Баярын номын нэр “Жаран хоног, “жаран”-ы бутархай”. Хоёр үндсэн бүлэгтэй, дотроо учиргүй олон бутархай гарчигтай. Баримтат уран сайхны гэх төрөлд багтах болов уу гэх энэ бүтээл эшлэл үгүй, товъёг байхгүй. Энэ нь товъёгоос хайж зарим хэсгийг нь цоолдон унших хэрэггүй, уншвал эхнээс нь дуустал унш, үгүй бол байхалгүй юу гэсэн хүчирхийлж тунирхсан шинжтэй юм уу даа. Тиймээс ч би энд номын агуулгыг ярьж, баримтын үнэн зөвийг шүүмжлэн дэнсэлмээргүй байна. Зохиогч ч өөрөө баримт, явдал, үйлдлийг нэлээд дөхүүлж байгаад халуунаар нь орхичихсоныг бодоход уншигч бүр хувь хувьдаа өөрөө эцсийн дүгнэлтээ гаргана биз гэсэн юм болов уу. Бусдын өмнөөс дүгнэлт гаргалгаа хийж өвчигнөхөө больё, яршиг. Бүтээлийн зохиомж, хэллэг, дүрслэл, уран сайхны талаар санал бодлоо хэлье, тэгэх үү?

Баримтат уран сайхны энэ зохиол үндсэн хоёр бүлэгтэйн эхнийх нь хроник маягийн өдөр тутмын тэмдэглэл. Гэхдээ айхавтар халилтай. Өдрийн тэмдэглэл явснаа тэндээс салаалаад шал өөр дурсамж маягийн юм руу орчихно. Хоёрхон үндсэн баатартай, бусад нь дандаа замд таарах туслах дүрүүд. Тэд нэргүй ч удахгүй уншигчид танил болно. Гол хоёр баатраа нүүр нүдгүй самардаагүй, тэр байтугай нэлээд тохиолдолд өмөөрсөн, сайшаасан, ойлгох гэж хичээсэн байдал илэрхий. Зөвхөн тэдэнтэй холбоотой болоод өнгөрсөн үйл явдлыг оочин тоочин дурджээ. Хөвөнд боосон чулуу шиг энэхүү түншилтүүдэд гол цохилт бий. Тэдэнд сөргүүлж тавьсан хариу цохилт өөрийнх нь тайлбар. Эдгээр тайлбар логиктой, учир шалтгаантай, бодит баримттай. Гэхдээ логик гаргалгаагаа гол баатруудтай маргалдах байдлаар биш, өөр хөндлөнгийн тохиолдолтой холбон бичжээ.

Нацистын шоронд алагдсан Чехословакийн сэтгүүлч, утга зохиолын шүүмжлэгч, зохиолч, нийтлэлч Юлиус Фүчикийн шоронд бичсэн “Цаазын газарт бичсэн тэмдэглэл” гэж 80 орчим хэлнээ орчуулагдсан алдартай ном 50-60 жилийн өмнө монгол хэлнээ хэвлэгдсэн юм. Шоронд хоригдож байхдаа өдрийн тэмдэглэл бичиж, түүнээ дэлгэрүүлэн хальж нацизмыг эсэргүүцэж буй үзэл санаагаа уран сайхнаар илэрхийлсэн баримтат уран зохиол. Цаазын газраас бичсэн сурвалжлага нь эсэргүүцэл, гомдол, цөхрөл, уриалан дуудсан манефэст, нацизмын эсрэг сөрөлт. Энэ бүтээлийн төгсгөлийн цогтой үг “Хүмүүс ээ, би та нарт хайртай. Сэрэмжтэй байгтун!” гэсэн анхааруулга машид алдаршсан эшлэл болсон юм.

Баярын зохиолын эхний хэсэг мөн л шоронд өдрийн тэмдэглэл маягаар туурвисан байдлаараа гадаад хэлбэрийн хувьд Фүчикийнхтэй төстэй мэт боловч утга санаа нь тэс өмнөө юм. Баярын “Жаран хоног” эсэргүүцэл гомдол сөргөлт гэхээсээ ухаарал, ойлголцолд уриалсан, популизмаас сэрэмжлүүлсэн анхааруулга аятай гэлтэй. Тэнд хэнийг ч хэний ч эсрэг тухирсан юм байхгүй. Өөрийгөө ч улайм цайм өмөөрч бурууг бусдад тохох гэсэн санаа үгүй. Өөрийн үнэнийг дэлгэж үзүүлжээ гэлтэй. Хүн бүрийн эсрэг тэсрэг араншинг харьцуулж харахаар юм харин овоо бий. Зохиолд буй нэг эшлэлд “Энэ нөхөр гутлаа хулгайд алдсан гэлүү, хүний гутал хулгайлсан гэл үү, сайн санахгүй байна. Юутай ч хулгайн хэрэгт л лав орооцолдсон юмдаг” гэж бий. Баярын санаа “Би гутал хулгайлаагүй, гутлаа хулгайд алдчихаад сууж байна” гэдгээ л тайлбарлаж. “Хүний юм хулгайлах, хулгайд юмаа алдах хоёр шал өөр биз дээ?” гэж уншигчаас асууж буй хэрэг.

Дүрслэл. Хүний нүүр, хөдөлгөөн, дотор бодол зэргийг орчинтой нь холбон бичсэн дүрслэл нь маш сайн болжээ. Тэр болгон зохиолч ингэж илэрхийлж чаддаггүй юм. Монголын утга зохиолд урьд нь ингэж бичиж байсан зохиолч гэвэл С.Дашдооров, Ц.Доржготов хоёр л гэж боддог. Эл номд онцгой дүрсэлсэн баатар нь Москва дахь элчин сайдын яамны дэргэд оюутан хариуцсан түшмэл, Улаанбаатар зочид буудлын харуулын цагдаа хоёр. Дүр овойж оцойтол нааш тодрон босож ирснээр хүний жудаг, өөрийнх нь хэлээр эр хүний ёндоо гэсэн моралийн асуудал, тухайн нийгмийн араншин нүдэнд харагдтал илэрхийлэгджээ. Баатар үргэлж малилзтал инээж явдаг боловч нүд нь дандаа хорслоор дүүрэн.

Эндээс гарах дүгнэлт нь инээмсэглэл гэдэг нь ердөө ам уруулын мурийлт аж.

Уран сайхны хэтрүүлэг. Номын хоёр дугаар хэсэг болох “Жаран”-ы бутархайд жаран жилд тохиолдсон зарим учрал, дурсамж, хөгтэй явдал, элэглэл, зовнил зэргээ цоолборложээ. Энд уран сайхны хэтрүүлэг, элэглэл, даваадуулал элбэг буй нь номыг улам уншууртай болгож чимэглэнэ. Жишээ нь, бараг л хар нялхдаа Бат-Үүлтэй компот булаацалдсан түүх илэрхий хэтрүүлэгтэй ч давс хужир нь таарсан хөөрхөн зохиомж. Тиймэрхүү явдал болох нь болсон ч чухам тэр өгүүлэмжийг ингэж зурагжуулснаар л хөөрхөн намтар болно. Диалоги нь өгүүлэмждээ маш сайн наалдаж өгсөн учир наргиантай мөртөө цаад баатрынхаа унаган ааш, төрөлх чанарыг товойлгож чадсан ажгуу. Иймэрхүү уран сайханжилт багын болон залуугийн найз нөхөдтэй нь холбоотой хөгтэй явдал, гэнэн дурсамж, наргиантай явдлуудад ховор биш таарна. Чухам ийм давс хужирын хүчээр л Дожготовын богино өгүүллэгүүд шиг, Дашдооровын Говийн өндөр шиг амттай болжээ. Гэхдээ ийм хэтрүүлэгтэй уран сайханжилт номын эхний бүлэгт ажиглагдаагүй.

Хэллэг, хэлц, зүйр, егөө. Алив утга зохиолын хэллэг бол бүтээлийг амьдруулах амин сүнсний нэг. Энэ зохиолд асар олон хурц хэллэг, егөө, элэглэл, эшлэл, зүйрлэл шигтгэжээ. Томоохон сэтгэгчид зохиолчдын хурц хэллэг, афоризмыг зөв газар нь эшлэн шигтгэсэн нь өгүүлж буй зүйлээ ончтой амьд болгож чадаж. “Би Бурхны оноо биш ч алдаа нь гэж өөрийгөө боддоггүй”, “Ажлын байр нь шорон болсон хүний тавилан амаргүй байх”, “Нохой сүүлээрээ шарвадаг болохоос сүүл нь нохойгоороо шарвадаггүй”, “Тэвчээртэй, олон нугалаатай хүн болохоороо нэг алхах гэж гурав хоног бодно”, “Эр хүн хүүхэнтэй зодолдоод ялагдвал шараа, ялчихвал тэрнээс ч дор нүдний булай болно”. Гоё хэлж байгаа биз дээ? Хөл нь хавдаад “төгрөг тавь төгрөг тавь” гэж алхахуй, байдгаараа тонгойн хоёр хонгоо ярж бүдүүн гэдэснийхээ нарийн үзүүрийг шоронгийн хуягт сонирхуулав зэрэг нь нүдэнд харагдах шиг.

Хууч. Олон жилийн өмнө гэнэтийн ослоор нас барсан Лувсанцэрэн гэж нэг мундаг зохиолч байлаа. Голдуу богино өгүүллэг бичнэ, хачин сайхан хуучилна. Нэг хүнд ийм олон сонин явдал тохиолддог юм байх даа гэж гайхмаар. Гэвч хууч бол заавал өөрт тохиолдсон явдал байх албагүй л дээ. Цэндийн Дамдинсүрэн гуай их сайхан хууч хөөрдөг байсан. Сүүлийн үеийхнээс Жаргалсайхан, Баярсайхан нар гоё сонин хууч дэлгэдэг байсан. Баярын өгүүлэх хууч яриа бас маш содон. Монголын шинэ үеийн утга зохиолд гэхээ больё, юутай ч автобиограф гэгдэх өөрийн дурсамжийн төрөлд “Жаран хоног” шинэ үзэгдэл болжээ. Эндээс үүдэн НЭПКО хэвлэлийн газрын бид өөрийн дурсамжийн цуврал цааш цувуулахаар шийдлээ. Цуварлын нэр “миний зуун”. Үүний логог “Жаран хоног” номын шилэн дээрээс харж болно. Багабанди, Бат-Үүл, Энхсайхан, Энхтүвшин, Энхбаяр, Энхболд-Миеэ, Очирбатууд, Элбэгдорж, Даш-Ёндон, Гомбосүрэн, Бямбасүрэн, Гончигдорж, Да.Ганболд… гээд олон гэрч нарыг урьж байна. Бүгдээрээ л шинэ зуунаа уриалсан түүчээнүүд.

Утга зохиол ч бай, шинжлэх ухааны аль ч салбарт бай, ер нь спорт урлагт ч урьд нь огт дуулдаж байгаагүй этгээд гэнэт цорсхийн гарч ирээд цөм цохиод эхлэхээр атаархал зэвүүцэл төрүүлдэг нь бараг л физикийн хууль даа. Дурсамжаа тэрлэсэн биш нийгмийн сүлжээгээр нэр нүүрээ нуусан хараал зүхэл үерийн ус шиг цутгаж байна. Зарим нь ч улаандаа гарч атаархлаа нууж хаалгүй илэрхийлнэ. Гэвч тэд зайлуул ядарсан байна билээ. Үндэслэлгүйгээр үзэн ядна гэдэг нь үндэслэлтэйгээр атаархаж буйн илрэл. Хэн нэгэнд атаархана гэдэг өөрийгөө дорд нэгэн гэж үзэж буй хэрэг. Атаархал бол байр сууриа солилцъё гэсэн гомдол. Атаач хүн аятайхан оршуулганд хүртэл атаархдаг. Атаач хүний хамгийн том гомдол бол өөрт нь хэн ч атаархдаггүй.

Адгийн шаарууд чамайг насан туршдаа мартаж чадахгүйгээр шаналан зовж хорсохуйц нэр төртэйгөөр амьдралыг туулах хичнээн сайхан гээ.

2019 оны 07 сарын 6

Categories
мэдээ нийгэм

Маргааш “Дээлтэй Монгол” наадам болно

Нийслэлийн Соёл урлагийн газар, Аялал жуулчлалын газар, нийтийн тээврийн газраас “Улаанбаатарын үдэш”, “Дээлтэй Монгол” наадмын талаар мэдээлэл өглөө. Тухайн наадмын бэлтгэл ажил 90 хувьтай байна. “Дээлтэй Монгол” наадам маргааш болно. 13 дахь жилдээ болж буй энэ наадмын онцлог нь ОХУ-ын Буриад, БНХАУ-ын Өвөрмонголоос хүмүүс ирж байгаа аж. Мөн аж ахуйн нэгжүүдийн үндэсний хувцастай жагсаал болно. Түүнчлэн Монгол хувцастай жуулчин шалгаруулах юм байна. Энэ жилийн наадамд хүүхдийн байгууллагууд мөн түлхүү оролцож байгаа аж. “Улаанбаатарын үдэш” цэнгүүний тухайд тус цэнгүүн 11, 12-нд болох гэнэ. Цэнгүүний дараа иргэдийг нийтийн тээврээр үнэгүй зорчуулах юм байна. Иргэд цэнгүүний дараа нийслэлийн Нийтийн тээврийн газраас зохицуулсан гурван байрлалаас чиглэлийнхээ автобусанд суух аж.