Categories
мэдээ нийгэм

“The HU” хамтлагийн ахлагч Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагнуулна

Image result for The Hu

Ардын хувьсгалын 98 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагнахаар Засгийн газраас шийдвэрлэсэн байна.

Үүнд:

  1. Ц.Галбадрах “The HU” хамтлагийн ахлагч
  2. Д.Сэрдарам “Миний клуб”-ын үүсгэн байгуулагч
  3. Д.Болор-Эрдэнэ ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын ахлах референт
  4. Б.Оюунбол Туул голын сав газрын захиргааны Мэдээлэл, хяналт үнэлгээний албаны дарга
  5. Ж.Болдбаатар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа
  6. Д.Цогтжаргал Татварын ерөнхий газрын Татварын орлогын газрын дарга
  7. Л.Амарсайхан СБД дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хорооны цагдаа, цагдаагийн ахлах ахлагч
  8. Ж.Алтантуяа ХНХЯ-ны Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн
  9. О.Энхтуяа БХБЯ-ны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн
  10. Н.Баянбат Нийслэлийн ЕБС-ийн I сургуулийн багш
  11. Г.Бат Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих Төсөл хэрэгжүүлэх нэгжийн менежер
  12. Б.Дашпүрэв УУХҮЯ-ны Ашигт малтмал, газрын тосны газрын Төрийн захиргааны хэлтсийн дарга
  13. Ц.Болорчулуун ХХААХҮЯ-ны Газар тариалангийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга
  14. Г.Тойруул ЭХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн
  15. Г.Баясгалан Улсын II эмнэлгийн төв эмнэлгийн дарга
Categories
мэдээ нийгэм

​Идлэг шонхор шувууг гадаадад гаргахгүй

Related image

Ашиг олох зорилгоор идлэг шонхор шувууг гадаад улсад гаргахыг хориглосон шийдвэрийг таван жилийн хугацаагаар сунгав. Хууль бусаар барьж гадаадад гаргахыг завдах зэргээс сэргийлж ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Засгийн газрын 2013 оны 15 дугаар тогтоолоор идлэг шонхор шувууг арилжааны зориулалтаар гадаад улсад гаргахыг хориглон 2015 оноос хойш арабын орнуудын хаан, шейх зэрэг өндөр дээд хэмжээний төлөөлөгчдөд зөвхөн соёлын буюу тусгай зориулалтаар бэлэглэн гаргаж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам өнгөрсөн хугацаанд шонхор шувууг хууль бусаар гаргахгүй байх, хяналт шалгалтыг сайжруулах, өндөр хүчдэлд цохиулж хорогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллан тоо толгой, тархац, идэш тэжээлийн өөрчлөлтийг тогтоох урт, дунд хугацааны судалгаа мониторинг, хөтөлбөр хэрэгжүүлжээ. Үүний дүнд 2010 онд 6800 байсан шонхор шувуу 2018 оны байдлаар 10380 болоод байна.

Гэхдээ тоо толгойн өсөлт нь ашиг олох зорилгоор барих хэмжээнд хүрэхгүй төдийгүй, олон улсын хэмжээнд эмзэг ангилалд багтдаг шувуу учир хориглосон хугацааг сунгах нь зүйтэй гэж үзжээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг өргөн барилаа

Image result for Эрдэнэ

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Хуулийн төслийн гол агуулга нь тангаргаасаа няцсан, итгэл алдсан, хувиа хичээсэн, нийтийн эрх ашгийг умартсан УИХ-ын гишүүнд ард түмэн өөрсдөө хариуцлага хүлээлгэх буюу сонгогчид УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах санал гаргах бүрэн эрхийг хуульчлан тогтоох юм байна. Уг хууль батлагдвал Үндсэн хуульд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна…” гэсэн заалт бүрэн хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэдгийг хууль санаачлагч онцолжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Бензиний үнэ 50 орчим төгрөгөөр буурлаа

Ашигт малтмал, газрын тосны газраас авто бензин, дизель түлшний үнэтэй холбоотойгоор мэдээлэл хийлээ. Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр: “Он гарсаар дэлхийн зах зээл дэх түүхий нефтийн үнэ болон импортоор орж ирж байгаа түүхий нефтийн үнэ тонн тутамд өссөн. “А92” бензин дээр авч үзвэл гурван удаа үнэ өсөж, 180-200 орчим төгрөгөөр нэмэгдсэн. Энэ оны тавдугаар сарын сүүлээс импортоор орж ирж буй бүтээгдэхүүний үнэ буусантай холбогдуулан зургаадугаар сарын эхээр дизель түлшний жижиглэнгийн үнэ 45-50 орчим төгрөг, “А92” автобензиний литр тутмын үнэ 50 орчим төгрөгөөр хямдарсан” гэлээ.

Уул Уурхай, Хүнд үйлдвэрийн яамнаас долдугаар сард үнийн өсөлтийг буулгана хэмээн мэдээлж байсны дагуу өчигдрөөс эхлэн А92 авто бензиний жижиглэнгийн бүтээгдэхүүн болон А95 авто бензиний үнийг дахин буулгах арга хэмжээг авч байна. Өчигдрөөс эхлээд Улаанбаатар хотын ШТС-уудаар А92 болон А95 авто бензин 50 орчим төгрөг дахин буурсан. Зургаадугаар сараас хойш А92 авто бензиний жижиглэнгийн үнэ литр тутамдаа 100-110 төгрөгөө буурчээ.

Сүүлийн үед түүхий тосны үнэ буцаад өсөх хандлага ажиглагдаж байна. Өнөөдрийн байдлаар нэг баррель тосны үнэ 64 ам.долларын ханштай байна. Бид ОХУ-аас нийт бүтээгдэхүүний 95 орчим хувийг авдаг. Эхний хагас жилийн байдлаар Монгол улсын хэмжээнд 960 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан авсан. ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний үнийг тогтооход Сингапурын бирж дэх ханшаар тооцдог. Энэ бол 2018 онд ОХУ-тай 5 жилийн хугацаанд хийсэн гэрээний дагуу явагдаж байна. Сингапурын бирж дээр өдөр болгон 16 цагаас 16 цаг 30 минутын хооронд нэг баррель тосны үнэ тавигдаж, бид бүх мэдээлийг аван ажиллаж байна. Ашигт малтмал, газрын тосны газар болон Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамнаас гадаад зах зээлийн үнэ өсөж байгаа тохиолдолд зохистой түвшинд нь хянаж байна. 2019 оны тавдугаар сард дизель түлшний жижиглэнгийн үнэ 40 орчим төгрөгөөр нэмэгдсэн байсан. Үүнийг манай газраас зах зээлийн ханштай уялдаж үнэ нэмэгдсэн гэж үзэхгүй байна. Тиймээс тухайн ААН-үүдэд мэдэгдэл хүргүүлсэн. Тухайн мэдэгдэлд зах зээлтэй уялдахгүйгээр дур мэдэн үнийг нэмсэн тохиолдолд Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 6.1.9 дэх заалт, 5.2.2 дахь заалтын дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, цаашид хүчингүй болгох хүртэл арга хэмжээг авна.

Н.Саруулдөл

Categories
мэдээ нийгэм

Наадмын тасалбарыг өнөөдөр 19:30 цагаас цахимаар захиалах боломжтой

Үндэсний их баяр наадмын тасалбарыг өнөөдөр НҮНТ-ийн Дүнжингарав, Мишээл, Драгон, Оргил зэрэг 4 төвөөр “ХУР” Төрийн мэдээлэл солилцооны систем ашиглан хурууны хээгээр таниулан борлуулж байна. Ингэхдээ нэг хүнд 2-оос илүүг олгохгүй бөгөөд олон тооны тасалбар авч дамлан худалдахыг хязгаарлах, цахимаар тасалбар авсан иргэд биечлэн очиж дахин тасалбар авах боломжгүй байхаар цахим зохицуулалт хийжээ.

Наадмын тасалбарын цахим захиалга Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн портал https://eservice.ulaanbaatar.mn/-ээр өнөөдөр 19 цаг 30 минутаас үргэлжлэн явагдана. Наадмын тасалбарыг цахимаар борлуулахдаа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зөвхөн 6, 7 дугаар секторын тасалбарыг борлуулах ба нэг хүнд хоёроос илүү тасалбар олгохгүйгээр шийдвэрлэсэн байна. Иргэд цахимаар захиалсан тасалбараа НҮНТ-ийн Дүнжингарав салбараас 07 дугаар сарын 09, 10-ны өдрийн 14:00-17:00 цагийн хооронд өөрийн биеэр очиж авна уу.

Categories
мэдээ нийгэм

Төмөр зам дахь цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна

Үндэсний их баяр наадмын өдрүүд эхэлж, аялал зугаалга, амралтын улирал болж байгаатай холбогдуулан Төмөр зам дахь цагдаагийн газраас төмөр замын гармын ойролцоо оршин суудаг айл, өрхүүд аюултай бүсэд малаа хариуллагатай байлгахыг анхааруулж, олон хоногоор хол аян замд гарахдаа хөрш айлдаа болон ойролцоох цагдаагийн хэсэг, хэлтэс, хэсгийн байцаагчдаа мэдэгдэхийг сэрэмжлүүлэн мэдэгдэх хуудас тараан ажиллажээ. Мөн галт тэрэгний осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгч, холбогдох хуулийн заалтыг тайлбарлан таниулсан байна. Иймд иргэд та бүхнийг галт тэрэгний ослоос урьдчилан сэргийлж, малаа хариулга маллагаатай байлгаж, хотол олноороо гэмт хэрэг, зөрчилгүй сайхан наадахыг Төмөр зам дахь цагдаагийн газраас анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

Нөхөн сэргээх тусламж үйлчилгээ 2030 чуулга уулзалт болж байна

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас зохион байгуулж байгаа “Нөхөн сэргээх тусламж үйлчилгээ 2030” Дэлхийн II дахь удаагийн чуулга уулзалт Щвейцарын Холбооны Улсын Женев хотноо өнөөдөр эхэллээ.

2017 оны 2 сард ДЭМБ, түүний гишүүн улсууд, Олон улсын бусад байгууллага болон мэргэжлийн салбар холбоодууд оролцсон “Нөхөн сэргээх тусламж үйлчилгээ 2030” сэдэвт Анхдугаар чуулга уулзалтыг зохион байгуулсан ба уг уулзалтаас Нөхөн сэргээх тусламж үйлчилгээг эрүүл мэндийн тогтолцооны салшгүй хэсэг болохыг хүлээн зөвшөөрч, улс орнуудын Нөхөн сэргээх тусламж үйлчилгээний чадавхийг бэхжүүлэх амлалт үүргийг хүлээлгэсэн байна.

Түүнээс хойш 2 жилийн дараа дээрх чуулга уулзалтын мөрөөр улс орнуудад хийгдсэн үйл ажиллагааны талаар сонсож, цаашид нөхөн сэргээх тусламж үйлчилгээг хөгжүүлэн бэхжүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг үүрэг болгох зорилготойгоор энэхүү 2 дахь удаагийн чуулга уулзалт зохион байгуулагдаж байгаа юм.

Манай Улсын хувьд 2016 онд Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийг шинээр батлуулахдаа Нөхөн сэргээх тусламж үйлчилгээг хуульчилсан ба тэрчлэн Эрүүл мэндийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай зэрэг үндэсний хууль тогтоомжид эл тусламж үйлчилгээний зохион байгуулалт, санхүүжилт зэргийг тогтоож өгсөн билээ. Мөн ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүсийн хорооны 2018 оны чуулганаас “Номхон Далайн Бүсийн Нөхөн Сэргээх Тусламж Үйлчилгээний Хүрээ” баримт бичгийг баталсан ба уг баримт бичгийн хүрээнд манай улсын нөхөн сэргээх тусламж үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдалд үнэлгээ хийлгэх ажил хийгдэж байгаа юм. Уг үнэлгээний ажлын хүрээнд нөхөн сэргээх үйлчилгээний засаглал, хууль эрхзүйн орчин, эрүүл мэндийн мэдээллийн тогтолцоо, санхүүжилт, хүний нөөц болон эрүүл мэндийн технологи гэсэн 5 үндсэн бүрэлдэхүүн хэсгээр үнэлгээ хийгдэж байгаа ба үнэлгээний үндсэн дээр Бүх нийтийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулах зорилтын хүрээнд Нөхөн сэргээх тусламж үйлчилгээг Анхан шатны тусламж үйлчилгээний багцад хамруулах, улмаар тусламж үйлчилгээний бүх шатлалд чанартай тусламжийг хүртээмжтэйгээр үзүүлэхэд шаардлагатай хүний, санхүүгийн, технологийн хэрэгцээ шаардлага, нөөцөө тодорхойлж авах зорилготой юм. Чуулга уулзалтад Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн, ЭМЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа нар оролцож байгаа ба Чуулга уулзалтыг даргалж байгаа ДЭМБ-ын Халдварт болон Халдварт бус өвчний асуудал эрхэлсэн Орлогч ерөнхий захирал Др. Рен Мингхуй-тай уулзаж Монгол Улсын Засгийн Газраас нөхөн сэргээх тусламж үйлчилгээг бэхжүүлэх талаар 2018 оноос хойш хэрэгжүүлж байгаа зарим үйл ажиллагааны талаар танилцаж ярилцав. Чуулга уулзалт 8-9-ний өдрүүдэд болох ба чуулганы 2 дахь өдөр “Нөхөн сэргээх тусламж үйлчилгээг бэхжүүлэх арга хэмжээ”-нүүдийг тодорхойлж улс орнууд энэ чиглэлээр өөрийн үндэсний түвшинд үйл ажиллагаа хэрэгжүүлж амлалт авах юм.

Categories
мэдээ нийгэм

Гурвалжингийн гүүр, Ажилчдын соёлын ордон орчмын нийтийн тээврийн 16 чиглэлд өөрчлөлт орно

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын Улаанбаатар хотын дулаан хангамжийн 11г, д магистраль ф800 мм-ийн голчтой шугамыг ф1,000 мм-ийн голчтой болгон өргөтгөх барилга угсралтын ажлыг хийх гэж буй.

Үүнтэй холбогдуулан долоодугаар сарын 13-ны өдрийн 05:00 цагаас долоодугаар сарын 16-ны өдрийг дуустал Баянгол дүүргийн дөрөв, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гурвалжингийн гүүрний уулзварын урд талын авто замын хөдөлгөөнийг хаахын зэрэгцээ Хан-Уул дүүргийн хоёр, гуравдугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 19 дүгээр хорооллын автобусны буудлын гүүрэн гарцны зүүн талаар дулааны шугам сүлжээний нэвтрэх сувгийг долоодугаар сарын 13-ны өдрийн 00:00 цагаас долоодугаар сарын 16-ныг дуустал авто замын хөдөлгөөнийг хааж, сэтэлгээ хийх юм.

Иймд дээрх гудамж замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний дараах чиглэлүүдэд өөрчлөлт орж байна.

  1. Ч:18А “Гурав, дөрөвдүгээр хороолол – Ард кинотеатр – ТЭЦ3”
  2. Ч18Б “Гурав, дөрөвдүгээр хороолол – ТЭЦ3 – Цэцэг төв”
  3. Ч:24Б “ТЭЦ4 – Гурав, дөрөвдүгээр хороолол – Гандан”
  4. Ч:44 “Нарангийн гол – ТЭЦ3 – Дүнжингарав худалдааны төв”
  5. Ч:45 “Ган хийц – ХМК – Зайсан”
  6. Ч:54 “Яармаг – 10-р хороолол – Гурав, дөрөвдүгээр хороолол – Зурагт – Баянхошуу”
  7. Х:О6 “Өлзийт хороолол – 120 мянгат”, Х:О7 “Туул тосгон – Биокомбинат – 120 мянгат”
  8. Ч:7 “Нисэх – МУБИС – Ард кинотеатр”
  9. Ч:10 “Ганц худаг – Сансар – Баянмонгол хороолол – Мишээл экспо /Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төв”
  10. Ч:32 “Улиастай – Баянмонгол хороолол – ТЭЦ3”
  11. Ч:34 “Шархад – Сансар – Ард кино театр – ТЭЦ3”
  12. Ч:50 “БММЗ – Улаанхуаран”, Ч:53 “Яарман – МУБИС”
  13. Ч:56 “Архивын ерөнхий газар – Буянт Ухаа-2 хороолол – 120 мянгат”
  14. Ч:58 “Гурав, дөрөвдүгээр хороолол – БММЗ”
  15. Ч:61 “Офицеруудын ордон – МУБИС – 120 мянгат – Алтай хотхон – Мишээл экспо”
  16. Ч:69 “Зунжин худалдааны төв – ТЭЦ3”.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.

Categories
мэдээ нийгэм

Гол, усны осол иргэдийн анхаарал болгоомжгүй байдлаас шалтгаалж байна

Онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер ус, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлэн ажиллаж байна.

Тухайлбал, голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг зохион байгуулж, гол, мөрөн, нуурын дагуу усанд орохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ байрлуулах, голын эрэг дагууд амарч зугаалж байгаа иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх зэрэг ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа юм.

НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл” арга хэмжээг 9 дэх жилдээ зохион байгуулан ажиллаж байна. 06 дугаар сарын 10-аас эхлэн үүрэг гүйцэтгэж байгаа “Завьт эргүүлийнхэн” нийт 9 хүний амь насыг гол усанд осолдохоос нь урьдчилан сэргийлж авран хамгаалсан.

Улсын хэмжээнд он гарсаар 07 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 13 аймгийн 27 сум, нийслэлийн 5 дүүрэгт нийт 50 удаагийн усны осол гарч, 41 хүн амь насаа алдсан байна. Үүний 36 нь том хүн, 5 нь хүүхэд байгаа юм. Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна.

Иймд:

– Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,

– Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,

– Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,

– Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

100 айлын зам засварын ажлыг эрчимжүүлэх чиглэл өглөө

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн 11, 12-р хороо, Цагдаагийн гудамж, 100 айлын 1.6 км авто замыг энэ сарын 1-ээс эхлэн хэсэгчлэн хааж шинэчлэн засварлахаар болоод байна.Эхний ээлжинд долоодугаар сарын 1-10-ны хооронд 32-ын тойргоос Хангай хотхоны хойд уулзвар хүртэл 300 м замыг хааж засч шинэчлэхээр төлөвлөн ажиллаж байгаа. Хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр уг зам дээр ажиллаж зарим үүрэг даалгавар өглөө.

Зам засвар, шинэчлэлийн ажил удааширч байгаа шалтгааны талаар Драгон бридж ХХК-ийн ерөнхий инженер Г.Цолмон “Ажлын зураг дээр гурван төрлийн асуудал гарсан. Ажлын зургийн 0-500 хүртэл дагуу огтлолыг сонгож зурахдаа ажлын хар өндрөөс автоматаар 7 см өндөр өгөөд гаргасан нь газрын уклоноо төлөвлөлтийн түвшин зохиогоод зурсан нь асуудал болсон. Хоёрдугаарт хөндлөн огтлолын болон дагуу огтлолын зурагнууд ерөнхий төлөвлөгөөний зурагтайгаа зөрүүтэй байгаа нь бас асуудал болсон. Гуравдугаарт усны байгууламж хийгдэх ажил дээр нэг хэв маягийн хөндлөн огтлол сонгоод мянгын цагирган хоолойг 1.5 метрийн гүнтэй булж хийхээр төлөвлөсөн байсан. Геодези, усны барилга байгууламжийн газраас гаргасан саналын дагуу ус зайлуулах хоолойг 1.8 метр болгохоор дахин зураг өөрчлөгдсөн. Шинэ зургийн дагуу ажиллаж байна. Мөн хуучин усны байгууламж нь эвдэрсэн байдалтай гарч ирсэн. Тиймээс анхны мэдээлэлтэй зөрснөөс мөн хугацаа алдах шалтгаан болсон” хэмээн тайлбарлав.

Өнөөдрийн байдлаар 3000 м орчим авто замын хашлагын 80 хувийг хуулж, талбайн цэвэрлэгээг хийгээд байгаа аж. Гурван газар ус зайлуулах байгууламжийн цооногийг ухаж гаргасан. Талбай дээр найман машин, механизм, дөрвөн инженер техникийн ажилчин, 25 туслах ажилтан ажиллаж байгаа аж.

Төлөвлөгөөний дагуу барилгын ажил явсан бол 32-ын тойргоос Хангай хотхоны хойд уулзвар хүртэл 300 м замыг энэ сарын 10-нд нээгээд үргэжлүүлэн долоодугаар сарын 14-28-ны хооронд Хангай хотхоны уулзвараас Улсын бүртгэлийн газар хүртэл, долоодугаар сарын 28-аас наймдугаар сарын 15 хүртэл Улсын бүртгэлийн ерөнхий газраас 100 айлын уулзвар хүртэл хэсэгчилж хааж засч, шинэчлэх ерөнхий төлөвлөгөөтэй байна.