Categories
мэдээ нийгэм

ЭЗЭНТ ГҮРНИЙ ХААН, ИЛ ХААД БОЛОН РОМЫН ПАП НАРЫН ХАРИЛЦАН СОЛИЛЦСОН ЗАХИДЛУУДЫН АЛБАН ЁСНЫ ХУУЛБАРЫГ ХҮЛЭЭН АВАВ

Монголын Улсын гадаад харилцааны хосгүй үнэт дурсгал болсон захидал бичгүүд дэлхийн хэд хэдэн оронд хадгалагдаж байна. Эдгээрийн дунд Ватиканы нууц архивт хадгалагдаж буй Эзэнт гүрний болон Ил хаант улсын хаадын захидал бичгүүд онцгой байр эзэлдэг. Өнөөдөр ГХЯ-нд Ромын Пап IV Инноцентээс Гүюг хаанд ирүүлсэн захидал /1245.03.13/, Ромын Пап IV Урбанаас Ил хан Хүлэгүд ирүүлсэн захидал /1263.05.23/, Ил хан Абагаас IY Клеменцэд илгээсэн захидал /1268 оны зун/, Ромын пап III Николасаас Ил хан Абагад ирүүлсэн захидал /1278.04.01/, Ил хан Абагаас Ромын католик шашны элчид олгосон аян замын баталгаа үнэмлэх бичиг /1279 он/, Ромын пап IV Николасаас Ил хан Аргунд ирүүлсэн 2 захидал /1288.04.02, 1289.07.15/, Ил хан Аргунаас Ромын пап IV Николаст илгээсэн захидал /1290 онд/-уудын албан ёсны хуулбарыг хүлээн авах арга хэмжээ боллоо.


Захидлуудыг Монгол Улсаас Итали Улсад сууж байгаа Элчин сайд Ц.Жамбалдорж тэргүүтэй ЭСЯ-ны хамт олны дэмжлэгтэйгээр Ватиканы нууц архивтай албан ёсны гэрээ байгуулан ГХЯ-ны захиалгаар хуулбарлан авсан болно. Эзэнт гүрний хаан, Ил хаад болон Ромын пап нарын харилцан солилцсон захидлуудыг нэг дор хуулбарлан авсан нь манай улсын хувьд онцгой ач холбогдолтой бөгөөд тухайн цаг үеийн түүхэн харилцааг бүтэн болгон эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулах боломжийг түүхч, судлаачдад олгож байна. Эдгээр 8 захидлыг Дипломат албаны музейд байрлуулна.

Categories
мэдээ нийгэм

Олон тооны бог мал аянганд ниргүүлжээ

Image result for аянга

Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хужирт багийн Зуслан гэх газарт 9-ний өдөр 16 цагийн үед хүчтэй аадар бороо орж аянга буусан аюулт үзэгдлийн улмаас 600 бог мал, 715 бог мал аянгад ниргүүлжээ. Мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт тухайн өдрийн 19:00 цагт ирүүлжээ.

Categories
мэдээ улс-төр

Э.Эрдэнэжамъян: Цөөнх Ерөнхий сайдыг огцруулах санал тавих Үндсэн хуулийн боломжгүй болох нь

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъянтай Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар ярилцлаа.


АХНҮндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж байгаа юу. Ямар байр суурьтай байгаа вэ?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ сайжруулж хийх ёстой. Сайжруулна гэдэг нь үндсэндээ ард түмэнд, сонгогчдод өгөөжтэй байхыг хэлж байгаа юм. Эсвэл ардчилал, шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх ёстой. Харамсалтай нь МАН-ын хэлэлцэж байгаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гол агуулга аль ч сайжруулалт руу чиглэхгүй байгаа. Зөвхөн дарга нарын эрх мэдлийг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Энэ нь улс төрийн шинжлэх ухааны хэллэгээр дарангуйлал руу явж байна. Үндсэн хуульд дарга нарын сонгогдох, томилогдох хугацааг уртасгаж, өөрсдөдөө эрх мэдлийг авсан байдлаар нэмэлт, өөрчлөлт хийх юм бол үүнийг төрийн эргэлт гэж нэрлэдэг. Учир нь түмнээс асуулгүйгээр өөрсдөдөө эрх мэдлээ нэмж байна гэсэн үг. Тиймээс Монголын ардчилал бэхжих биш дарангуйллын зам руу орж байна гэж хэлж болохоор байгаа.

-Яагаад дарангуйллыг бий болгоно гэж. Энэ тухайгаа тодруулаач?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тодорхой заалтуудаар тайлбарлая л даа. Парламентад олонх болсон нам Ерөнхий сайдыг томилдог. Өнөөдөр үйлчилж байгаа Үндсэн хуулиар УИХ-ын гишүүд Ерөнхий сайд буюу Засгийн газрыг буруу үйл ажиллагаа явууллаа, улс эх оронд хор хохирол учрууллаа гэж үзвэл огцруулах нь нээлттэй. Харин одоогийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр дор хаяж 19 гишүүн огцруулах санал гаргана, гэхдээ дараагийн Ерөнхий сайдын нэрийг хамт оруулна гэж байгаа юм. Энэ нь цөөнхийн бүлгээс Ерөнхий сайдыг огцруулах санал тавих Үндсэн хуулийн боломжгүй болгож байгаа. Цөөнх буюу сөрөг хүчин дараагийн Ерөнхий сайдын нэрийг өргөн барих Үндсэн хуулийн эрхгүй болох нь. Дээрээс нь зөвхөн олонхоос Ерөнхий сайдыг томилно гэж байгаа. Цаад утгаараа 20, 30 гишүүнтэй сөрөг хүчний намын дарга Ерөнхий сайдыг томилох эрхгүй. Ерөнхий сайдын нэрийг дэвшүүлээд ороод ирэхээр Үндсэн хуулийн боломж байхгүй гэх тайлбарыг өгнө. Ерөнхий сайдын нэргүйгээр ороод ирэх юм бол “Үндсэн хуульд зааснаар дараагийн Ерөнхий сайдын нэрийг оруулах ёстой” гээд гацаачихна. Энэ зөвхөн эрх баригч намын дотоод асуудал болж хувирч байгаа. Алдаа дутагдал гаргавал сөрөг хүчин зөвхөн шүүмжилнэ. Эрх баригч намын дотоодод хөдөлгөөн гарсан ч Ерөнхий сайдыг огцруулахад хаагдмал. Эрх баригч намаасаа 19 гишүүн олоод, мөн өөрийгөө илчлээд Ерөнхий сайдыг огцруулах бөх зүрхтэй хүн энэ тогтолцоонд бараг олдохгүй. Өөрөөр хэлбэл, ялсан намын дарга парламент, Засгийн газар дээрээ байр суурьтай учраас шүүх, шүүхийн ерөнхий зөвлөлийг бүрдүүлэхэд асар хүчтэй оролцож байгаа. Цагдаа, тагнуул, шүүхийг барьж байгаа намын даргын өөдөөс “Би таныг огцруулна” гээд явах хүн байхгүй.

-Засгийн газрыг тогтвортой байлгахын тулд дээрх өөрчлөлтийг хийж байгаа гэдгийг хууль санаачлагчид хэлж байгаа л даа.

-Монгол болоод дэлхий дахины түүхэнд шударга байж байгаад огцорсон Засгийн газар гэж байдаггүй. Дандаа л ямар нэгэн алдаа гаргасан байдаг. Тэгэхээр Засгийн газар ямар нэгэн үндэслэлтэй байж огцордог юм. Гэтэл одоо үндэслэл байсан ч огцрохгүй болж байна. Монголын ард түмэн алдаа гаргасан, төрийн мөнгийг завшсан хүмүүсийг байлгаад байх сонирхолгүй. Бид аль болох сольж, хариуцлага тооцож чаддаг байхыг хүсч байгаа. Засгийн газар тогтвортой байна гэдэг даргыг нь хэмжээ хязгааргүй эрх мэдэлтэй, хаан байхыг зөвшөөрч байна л гэсэн үг. Тэгэхээр Монголын ард түмэн ийм сонголтыг хийхгүй байх гэж бодож байна. Ямар ч алдаа гаргасан хэзээ ч солигддоггүй Ерөнхий сайдтай байна гэдэг дарангуйллыг тогтоож байгаа хэрэг.

Мөн парламент дахь сөрөг хүчнийхээ эрх мэдлийг төсөв дээр хумьж байгаа. Засгийн газрын оруулж ирсэн төсөв дээр УИХ-ын гишүүд санал хэлэх эрхгүй. УИХ-ын гишүүн “Манай тойрог дээр ийм санал байна” гээд оруулаад ирэхэд “Чи цөөнхийн хүн учир санал хэлэх эрхгүй” гэчихнэ. Бүх саналаа Засгийн газар буюу олонхын бүлэг дээрээ хэлэлцэж байгаад ороод ирнэ. Цөөнх болсон намын гишүүд төсөв дээр ямар ч эрхгүй болж байна гэсэн үг. Үүгээрээ УИХ-ын гишүүний бүрэн эрхийг булааж байна. Үүнээс гадна намуудын санхүүжилт, намуудыг татан буулгах эсэхийг Үндсэн хуулиар зохицуулж байгаа юм билээ. Эрх баригч намын дарга таалагдахгүй сөрөг хүчнийг төсвөөр нь боомилох, хянан шалгах, татан буулгах эрхийг гартаа авч байна. Ингээд үзэхээр эрх баригч намын дарга Засгийн газрын, УИХ-ын бүрэн эрх, шүүхийг томилох, сөрөг хүчнээ татан буулгах, хэзээ ч огцрохгүй байх бүрэн эрхтэй болж байна. Энэ нь эргэлт буцалтгүй дарангуйлал руу орох зарчим болчихож байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийж байгаа хүмүүс “Бид парламентын засаглал руу явж байгаа” гэж тайлбарлаад байгаа юм.

Харин энэ нь парламентынхаа бүрэн эрхийг байхгүй болгочихож байгаа хэрэг юм. Дээрээс нь шүүгчээр ажиллаж байгаа хүмүүс шударгаар ажиллаж магадгүй гээд бодтол парламент дээрээ шүүхийн бүрэн эрхийг аваад ирсэн. Өөрөөр хэлбэл, нотлох баримт цуглуулах, гэрч дуудах зэрэг шүүхэд харьяалуулсан бүрэн эрхийг УИХ руу татчихаж байгаа юм. УИХ өөрөө нэгэнт шүүхийг томилж байгаа байгууллага болчихсон байдаг. Энэ тохиолдолд томилж байгаа байгууллагын аваад хэлэлцэх асуудлыг шүүгчид дур мэдэх эрхгүй болж байна гэсэн үг. Тэр утгаараа шүүхийг өөрийн бүрэн хараат болгож байна. Эрх баригч намын “Далайсан газар нь далд орж, далласан газар нь гарч ирдэг” л байгууллага болно. Энэ нь Үндсэн хуульд чимээгүй эргэлт хийж, Засаглалын эрх мэдлийг хуваарилах онолыг хөсөрдүүлж байгаа гэсэн үг. Онол, зарчим, шинжлэх ухааны ололтын эсрэг өөрчлөлт хийж байна. Энэ нь зөвхөн эрх баригч намд зориулагдсан хууль болчихжээ. Гэхдээ Үндсэн хууль үйлчилж эхлэхээс өмнө өөр нам ялчихвал яах уу. МАН-ынхан энэ үйлчиллийг хүсэх болов уу. Тиймээс үүнийг дотроо бодмоор байгаа юм. Үндсэн хуулийн шинжлэх ухаан дарангуйлагчгүй улс орныг бий болгохын төлөө хөгжиж ирсэн ухаан шүү дээ. Ардчилал манай улсад зохино, муу төр гарвал сольж байх ёстой, ард түмэн сайхан амьдрах хэрэгтэй гэж бодож байгаа бол ийм өөрчлөлт хийх ёсгүй. Гэтэл АНУ-д төгссөн гэж яриад байгаа Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ болоод Үндсэн хууль судлалаар мэргэшсэн туршлагатай парламентчид энэ өөрчлөлтийг хийж байгаа нь харамсалтай.

-МАХН-аас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд ямар санал хүргүүлсэн бэ?

-Бид саналаа илэрхийлсэн. МАХН-ын санал болгож байгаа Дээд хуулийн зарчмыг нэгэнт бүхлээр нь авч тавихад хэцүү байгаа бол тодорхой заалтуудыг өөрчлөхийг хүсч байна гэдгээ хэлсэн. Жишээ нь, дордуулсан долоон заалтыг эргээд хэвэнд нь оруулах хэрэгтэй. Хэдий өөрчилж байна гэж ярьж байгаа ч нэгийг нь өөрчлөөгүй. Байгалийн баялаг ашигт малтмалыг ард түмний өмчид байна гэж заагаад өгчих гэхээр “Түүнийг органик хуулиар шийднэ” гэчихэж байгаа юм.

Ард түмний тусын тулд Баялагийн сан үүсгэнэ гээд л толгой эргүүлж байна. Цаад санаа нь өнөөдрийг хүртэл гадныханд өгсөн баялагаа тэр чигт нь өгчихье, өөрсдөө авсан ашигт малтмалаа өөсрдөдөө үлдээчихье гэж байгаа хэрэг. Ард түмэнд өгөх ёстой биш билүү гэхэд “Бид татвараа төлж байгаа, татвар бол ард түмний сайн сайхны төлөө байна” гэсэн л зүйлийг хэлж байна. Ийм худал хуурмаг, залилан мэхлэх шинжтэй өөрчлөлтүүдийг хийж байна.

Categories
мэдээ нийгэм

Долоодугаар сарын 10-нд болох үйл явдал

14.00 цагт МУИС-ийн хичээлийн I байранд Түүх судлаач Халтарын Мөнхбаярын “Монгол баяр наадам түүхэн товчоо” номын нээлт болно. Утас: 88265206, 77110026, 80105206

Үндэсний их баяр наадмын хүрээнд:


Categories
мэдээ цаг-үе

О.Баярмаа: Арьсыг цоолж байгаа ажилбар болгоноос татгалзсан нь зүйтэй

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах баг

Монгол Улсад элэг шилжүүлэн суулгах 79 дэх хагалгаа амжилттай хийгдлээ. Энэ талаар Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Гастроэнтeрологийн төвийн дарга, анагаахын шинжлэх ухааны доктор, клиникийн профессор О.Баярмаатай ярилцлаа.


-Монголд элэг шилжүүлэн суулгах үйл ажиллагаа хэзээнээс эхэлсэн бэ?

-2011 оноос хойш Солонгосын Асаны анагаах ухааны төвийн багийн гишүүдтэй хамтарч төсөл хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй. Эхний жилүүдэд манай эмч мэргэжлтнүүд Солонгосын анагаах ухааны төвд суралцсан. Сургалтууд 4-5 жил үргэлжилсэн. Сургалт явж байх үед Солонгосын Асаны анагаах ухааны төвтэй хамтарч Монгол Улсад 2011 онд анх удаа элэг шилжүүлэн суулгах хагалгааг хамарч хийсэн. Эхэн үедээ 30-аад халгалгааг хамтарсан байдлаар хийсэн. 30 хагалгааны дараа монгол эмч нар бие дааж 79 дэх хагалгаагаа хийгээд байна. Найман жилийн хугацаанд дөрвөн хүүхэд, тархины үхжилттэй донороос гурван хүнд элэг шилжүүлэн суулгасан. Бусад нь элэгний В, С вирустэй хавдартай хүмүүст хагалгаа хийжээ. Одоо бол монгол эмч нар бие даагаад тус хагалгааг нутагшуулах хэмжээнд хүрчихсэн. Хавдар судлалын үндэсний төв ч ялгаагүй энэ хагалгааг хийдэг болчихлоо. Нэг хагалгааг мэс заслын, унтуулагч, дүрс оношлогооны, лабораторийн, эмгэг судлаач, эсийн шинжилгээ хийх эмч сувилагч гээд олон мэргэжилтнүүд хамтарч хийдэг.

-Монголд хийгдэж байгаагүй хагалгаа гэхээр дагаад техник технологи нь ч шинээр нэвтэрсэн үү?

-Эхлээд хүмүүс гайхдаг байсан. Манай улсын анагаах ухааны түвшин тийм ч өндөр хөгжилд хүрээгүй хөгжиж буй оронд нарийн техник технологи , мэргэжилтнүүдээс нь мэдлэг, ур чадвар, багаж тоног төхөөрөмжийн бэлэн байдал шаардсан мэс засал эмчилгээг хийнэ гэхэд хөгжингүй орны эмч мэргэжилтнүүд танайх арай болоогүй байх аа гэдэг байсан. Ер нь томоохон технологи нэвтрэхэд бусад бүхий л салбарууд даган хөгждөг жамтай юм байна гэдгийг бид ойлгосон. Жишээлбэл, элэгний хагалгаанд хэрэглэгдэх янз бүрийн багаж тоног төхөөрөмжүүд. тухайн үед Монголд байгаагүй. Эмнэлгийн тоног төхөөрөмжүүд шинэчлэгдэхэд түүнийг ажиллуулах, тохиргоо хийх, засч сэлбэх, аюулгүй байдлыг хангах техникч , инженерүүд, эмч, мэргэжилтний онолын мэдлэг хэрэглээний ур чадвар даган хөгждөг. Эрчимт эмчилгээ , мэс засал, мэдээгүйжүүлэгийн эмч мэргэжилтнүүдийн хувьд ч шинэ тоног төхөөрөмжийг ашиглах хэрэглэх зэрэгт суралцангаа ур чадвар нь нэмэгдэж байдаг. Нэг хагалгаа 15-24 цаг үргэлжлэх тохиолдол ч байна. Энэ урт хугацаанд өвчтөний амин чухал эрхтнүүдийн хэвийн үйл ажиллагааг хянаж өөрчлөлтийг засах шингэн сэлбэлт цус цусан бүтээгдэхүүн бусад нэн шаардлагатай эмчилгээг минут секундээр ч хэмжигдэх хугацаанд цаг алдалгүй хийж унтуулгын түвшинг зөв зохистой харьцаанд авч явах лабораторийн төрөл бүрийн шинжилгээнд дүгнэлт хийж хэлбэлзлийг засах, мэс засалч эмч нарын хагалгаа хийх бүрэн нөхцөл байлаар хангах, бие организмыг хэвийн хэмжээнд байлгах амаргүй ажил. Мэдээгүйжүүлэгч эмч, сувилагч нарт хамааралтай болдог. Лабораторийн хувьд ч ялгаа байхгүй. Эд нийцлийн болон эсрэг биеийн титр, дархлал дарангуйлах эмийн тун хэмжээг тогтоох, цусны бүлэгнэлийн өөрчлөлтийг харуулсан молекул генетик, дархлаа судлал, уураг, биохимийн нирийвчилсан шинжилгээнүүд хийгдэх шаардлагатай болдог бөгөөд эдгээр нарийн шинжилгээ хийх техник технологиуд орж ирэхэд энэ шинжилгээг хийх эмч мэргэжилтнүүд гадаад орнуудад суралцаж өндөр нарийн мэргэжилд суралцаж хөгждөг. Мэс засалч эмч нарын хувьд энэхүү том хагалгааг хийж суралцаж байх хугацаанд ур чадвар сайжирч бусад бүхий л хагалгааг маш сайн хийх чадвартай болдог. 2019 онд анх удаа УНТЭ ийн элэг шилжүүлэн суулгах багийн гишүүд цусны бүлэг өөр донороос элэг шилжүүлэн суулгах ажиллагааг амжилттай хийсэн. Энэ бол Монголын анагаах ухаанд цоо шинэ эмчилгээний аргыг нэвтрүүлэх суурь тавигдсан маш чухал бөгөөд донорын олдоц сонголтыг нэмэгдүүлэх онцгой ач холбогдолтой. Технологийг бид нэвтрүүлж чадлаа.

-Урьд нь элэг шилжүүлэн суулгах хагалгааг гадаадад их өндөр үнэтэй хийлгэдэг байсан. Монголдоо хийхэд төлбөр мөнгөний тухайд харьцангуй хямд тусах байх?

-Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам энэ асуудалд маш их анхаарал хандуулж, элэг шилжүүлэн суулгах хагалгааны төлбөрийг төрөөс хариуцдаг болсон. Энэ нь манай ард иргэдийг санхүүгийн эрсдэлд орохоос сэргийлсэн маш чухал алхам болохын зэрэгцээ эмч мэргэжилтнүүд, техник технологийг хөгжүүлэх, сурч боловсроход ихээхэн түлхэц болж байгаа юм.

-Элэг юунаас болж өвчилдөг юм бол?

-Элэгний өвчнийг үүсгэдэг шалтгаануудыг вирусийн ба вирусийн бус гаралтай гэж ангилна. Вирусийн шалтгаанд элэг гэмтээгч А.В.С.Д.Е,ТТ гэх мэт олон вирусүүд ордог. Эдгээрээс А болон Е вирус нь элэгний архаг өвчин үүсгэхгүй, хурц хэлбэрээр илрээд өнгөрдөг. Элэгний архаг өвчин үүсгээд энэ нь цааш элэгний цирроз, хавдар үүсгэх гол шалтгаан нь B, С, D вирусууд юм. Харин вирусийн бус шалтгаанд архи, эмийн ба химийн бодисын нөлөө, таргалалт, хөдөлгөөний хомсдол, аутоиммун болон удамшлын эмгэгүүд ордог.

Вирусийн тухайд манай судлаачдын үзэж байгаагаар Монгол Улсын хэмжээнд В вирусийн халдвар 9.8 хувь, С вирусийн халдвар 8.5 хувьтай байгаа. В вирусийн халдвартай хүмүүсийн 60 хувьд нь дельта вирус хавсарсан байдаг. 2015 оноос Засгийн газрын “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн бөгөөд бид вирусийн илрүүлэг ба вирусийн эсрэг эмчилгээнд нэлээд амжилт гарсан. Үүнтэй холбоотой С вирусийн шалтгаантай элэгний цирроз, хавдрын улмаас элэг шилжүүлэн суулгах хувь буурч, одоо эсрэгээрээ эмчилгээ нь түвэгтэй байгаа В, дельта вирусийн шалтгаантай, элэгний хатуурал болон хавдартай хүмүүст элэг шилжүүлэн суулгах ажилбарууд илүү хийгдэж байна. Монголд элэг шилжүүлэн суулгасан өвчтнүүдийн 95 % нь вирусийн гаралтай элэгний цирроз, хавдартай байгаа ба үүний 90%-г нь В, дельта вирусийн хавсарсан халдвар эзэлж байгаа юм.

-“Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжсэнээр элэгний өвчлөл буурсан уу?

– Судалгаагаар Монгол Улс хүн амын 10-аас дээш хувь нь элэгний циррозтой улсын тоонд ордог бөгөөд 2018 оны Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан статистик мэдээллээр 19100 элэгний цирроз бүртгэгдсэн байна. Элэгний цирроз буюу хатуурал нь өвчлөл, нас баралтаараа хоол боловсруулах эрхтний эмгэг дотроо тэргүүлэх байрыг эзэлдэг. Мөн элэгний хавдар эрэгтэй, эмэгтэй хүнд ялгаагүй өвчлөл, нас баралтаар нэгдүгээр байрыг эзэлж, бид дэлхийн дундажаас найм дахин их өвчлөл, нас баралттай байгаа юм. Тиймээс Монгол Улсын Засгийн Газраас энэ хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, элэг гэмтээгч эдгээр вирусүүдын халдварыг яаж оношилж, эмчлэх вэ гэдэг тал дээр маш эрчимтэй ажиллаж байгаа. 2015 оны байдлаар В вирустэй 200.000, С вирустэй 200.000, В вирустэй хүмүүсийн 60%буюу 160.000 хүн дельта вирусийн хавсарсан халдвартай гэсэн судалгаа гарч энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлж байсан. Одоо иргэд маань илрүүлэгтээ харьцангуй сайн хамрагдаж, идэвхтэй халдвартай нь эмчилгээгээ хийлгээд, хяналтандаа явж байна. Гэхдээ уг хөтөлбөрийг үр дүн сайтай, бүх хүмүүст хүртээмжтэй хүргэх талаар ЭМЯ болон төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд бүгд хамтран аж:иллаж байна. Тиймээс Монгол Улс элэг гэмтээгч вирусийн эсрэг маш сайн тэмцэж буй жишиг орны тоонд орсоныг ДЭМБ тэмдэглэсэн байгаа.

-Нэгэнт вирус авчихсан бол ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Ер нь бол элэгний эмгэгийн үед өвдөх шинж тэр бүр илрэхгүй. Элэг хэмжээгээрээ нэлээн томорсон үед л аюулхай, баруун сүвээгээр унжиж өвдөх шинж илэрдэг. Ямар нэг үрэвсэл болоход тэр хэсэгт улайж, хавдаж, эмзэглэл үүсдэг шиг элэгний хурц үрэвслийн үед элгэн дээр мөн тийм өөрчлөлтүүд бий болно. Элэг хавагнаж, томорсоноос хөдөлгөөний үед унжиж өвдөх шинж илрэх бөгөөд шарласан хүүхдүүд түрүүлгээ харж хэвтдэгийн учир энэ юм. Харин элэгний архаг эмгэгийн үед хамгийн түрүүнд илрэх шинж нь маш ихээр ядрах. Байнга ядарч тамирдах, амархан сульдах, хөдөлмөрийн чадвар буурах, өдөр, шөнийн нойр солигдох, унтаад сэрсэн ч бие амрахгүй байх зэрэг шинжүүд илэрнэ. Элэгний эсийн гэмтлийн зэргээс шалтгаалж элэгний үйл ажиллагааны алдагдал хэдий хугацаанд илэрч байгаагаас өвчний тавилан шалтгаалдаг

-Урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах вэ?

-Элэг гэмтээгч вирусийн талаар иргэдэд зориулсан сургалт, эрүүл мэндийн боловсрол олгох хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаагийн дүнд иргэд маань нэг үеэ бодвол В, С, Д вирусийн талаар тодорхой хэмжээний ойлголттой болж байна. Юуны түрүүнд вирусийн халдварын илрүүлгийн шинжилгээнд хамрагдах ёстой. Өөрөөр хэлбэл В, С вирусийн халдвартай байна уу, үгүй юу гэдгээ нэгдүгээрт үзүүл. Хэрвээ байхгүй бол В вирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдах хэрэгтэй. В вирусийн эсрэг вакцин хийлгэвэл В вирусийн халдвараар өвдөхгүй, В вирусгүй бол дельтагийн халдвар авахгүй гэсэн үг. Манай улс 1991 оноос төрсөн нярайд 24 цагийн дотор В вирусийн эсрэг вакцинжуулалт хийдэг болсон. Тэгэхээр гурван удаагийн тунгаа бүрэн тариулсан хүүхэд В вирусээр өвдөхгүй байх нь. Харин 1990 оноос өмнө төрсөн хүмүүс сайн дурын вакцинжуулалтад өөрсдөө очиж хамрагдах ёстой. Зарим хүмүүс нэг, хоёр удаа хийлгэчихдэг. Өөрийгөө элэгний өвчлөлөөс бүрэн хамгаалахын тулд гурван тунгаа заавал хийлгэх хэрэгтэй. Дараа нь цусан дахь вакцины титрийг хянаж байх шаардлагатай. Элэг гэмтээгч В, С, дельта вирусүүд бүгд цусаар дамжин халдварладаг. Тиймээс аль болох арьс, салстынхаа бүрэн бүтэн байдлыг хангаж байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл арьс, салстыг цоолж байгаа ажилбар бүр халдварын эрсдэлийг дагуулдаг. Чих цоолох, шивээс хийлгэх, гоо сайхан, шүд, эмэгтэйчүүд, мэс заслын ажилбарууд, тарилга, цус, цусан бүтээгдэхүүн хийлгэх зэрэг нь бүгд цусаар дамжих халдварын эрсдэлийг нэмэгдүүлнэ. Тиймээс эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг бүрэн баримталсан, нэг удаагийн багаж хэрэгсэл хэрэглэдэг газруудаар үйлчлүүлж, шаардлагагүй тарилгаас татгалзах зэрэг нь халдвараас сэргийлэх арга хэмжээ болно.

-Цусны бүлэг өөр донороос анх удаа элэг шилжүүлсэн гэсэн. Жирийн хагалгаанаас өөр байх?

-Хүний биед байгаа цусны бүлэг бүр маш олон төрлийн антиген буюу эсрэг төрөгчтэй байдаг. Тиймээс ижил бүлгийн цустай донороос элэг шилжүүлэн суулгадаг. Дэлхийн аль ч улс оронд донорын хүрэлцээ муу байдгаас элэг шилжүүлэхээр хүлээж буй хүмүүсийн 5-10% нь нас бардаг байна. Тиймээс донорын хүрээг өргөтгөхийн тулд тархины үхэлтэй донороос, цусны бүлэг өөр донороос элэг шилжүүлэх технологиуд дэлхийд нэвтэрчээ. Элэг шилжүүлэх эмчилгээний өмнө цусны өөр бүлэгтэй донороос ирэх олон төрлийн эсрэг төрөгчүүдийн эсрэг үүсэх реципиентийн дархлааг дарангуйлах эмчилгээг хийдэг.

Бид энэхүү эмчилгээний бэлтгэлийг БНСУ-ын Асан Анагаах Ухааны Төвийн протоколын дагуу эмийн болон цусны сийвэнг бүрэн солих аргаар хийсэн бөгөөд хагалгаа маань ч амжилттай болсон. Дэлхий дээр цусны бүлэг өөр донороос элэг шилжүүлэх хагалгааг хийдэг цөөхөн төвийн нэг болж бүртгэгдэж байгаа нь маш том амжилт юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Чулууны Чинбат: Аавынхаа хийлч, удирдаач мэргэжлийг өвлөсөндөө бахархдаг

Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч, нэрт удирдаач Ж.Чулууны хүү урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Ч.Чинбаттай уулзаж ярилцлаа.


-Ардын жүжигчин Ж.Чулуун гуайг Монголын ард түмэн авьяаслаг хөгжимчин, гайхамшигтай удирдаач гэдгээр нь сайн мэднэ. Та аавынхаа тухай яриач?

-Манай аавын гарал үүсэл, өвөг дээдэс Ховдын Эрдэнэбүрэний улс байдаг. Өвөөг маань Жамьян гэдэг. Хүүхдүүд нь Эрдэнэбүрэнээсээ наашлаад Ховдын төвд голдуу төрсөн. Аавыг гэхэд зарим нь Жаргалантынх, зарим нь Буянт сумынх гээд байдаг. Манайхан Эрдэнэбүрэний өөлдүүд л дээ.

-Жамьян өвөөгийнхөө талаар аль хэр мэдэх вэ?

-Манай өвөө нутагтаа хэлмэрч, хуурч нэртэй байсан хүн. Багаасаа өнчин өрөөсөн өсөж, жин тээж явахдаа орос, хасаг, хятад хэл сурсан учир хэлмэрч Жамьян гэдэг байж. Шинжаанаас янз бүрийн улс амьтан хөлхсөн цаг төр үймээнтэй үед өвөө маань аймгийн Аюулаас хамгаалах яаманд бичээч-хэлмэрчээр ажиллаж байсан юм билээ.

Ж.Чинбат аав, хүү хоёртойгоо

-Чулуун гуай эцэг эхээс хэдүүл вэ?

-Зургуулаа гэдэг юм. Ууган ах Буянтогтох нь Эвлэлийн ажилтан, зохиол бичдэг хүн байж. Цэргийн чуулга Жанжин клубт байх үед анх уран сайхны удирдагчаар очсон байдаг. Тэнд нэг их удаагүй, хөдөө бригадаар явж ирсэн орой нь баривчлаад цаазалчихсан юм байна лээ. Өвөө энэ зовлонг даалгүй нас бараад, эмэг ээж маань том хүүхдүүдээ дагаад аавыг аваад хотод орж ирсэн гэдэг. Аав арван нэгэн настай байсан юм билээ. Аав хорин найман оны хүн шүү дээ. Гучин есөн онд эгчтэйгээ Бөмбөгөр ногоон театрт ажилд орж байж.

-Эгч нь алдартай бүжигчин хүн байх аа?

-Алимаахүү гэж гавьяат жүжигчин, бүжигчин хүн л дээ. Тэр үеийн мундагчуул аавыг шалгаж авсан байдаг. Намсрайжав гуай, Чойдог гуай, аав эд нарыг шалгаж аваад дагалдан хөгжимчин болгосон. Намсрайжав гуай хуучраа бариад, Чойдог гуай морин хуураа тоглоод, аав ёочингоо хөгжимдөөд тоглодог байж. Багш нь солгой Баяр, Дашдэлэг гуай эд байж. Бид Дашдэлэг гуайг Маамаа гэдэг байсан. Би тавин нэгэн онд төрсөн. Маамааг бид сургуульд орохоосоо ч өмнө мэднэ л дээ. Манай аавын бас нэг эмээ нь юм байх гэж бид ойлгодог байсан. (инээв. сур) Тэр үеийн улс тийм сайхан ойр дотно байдаг байлаа. Дараа нь ойлгоход аавын маань ёочингийн багш байсан юм билээ. Аав маань Жамьян хуурч, Билэгийн Дамдинсүрэн, Мөрдорж гуай нарын том хүмүүсийн дэргэд өсөхдөө хөгжим заалгаж хөл тавьсан хүн байхгүй юу.

-Аргагүй л алтан үеийн хүн юм аа?

-Дөчин хэдэн оноос Оросын жүжигчид манайд ирж тоглох үеэс “Сонгодог хөгжим манайд хэрэгтэй юм байна” гээд, улсаас ч бас урлагийг хөгжүүлэх мундаг бодлого явуулж эхэлж дээ. Зөвхөн ардын язгуур урлагаар хол явахгүй юм байна, цаашдаа сонгодог урлаг манайд хэрэгтэй юм байна, сурах хэрэгтэй гэж санаа авсан байдаг юм. Улаан-Үд, Эрхүүгийн симфони оркестр манайд ирж тоглолт хийсэн байдаг. Тэгэхэд Смирнов гуай ирж багшилж байсан. Бүжгийн багш, драмын багш, зураачид зэрэг хэдэн мундаг орос ирж монголчуудын урлагийн суурийг тавилцлаа шүү дээ. Тэр үеэс эхлээд ардын хөгжмөө сольж европ хөгжим тоглож сурсан. Дашдулам гуай шанз тоглож байснаа альт хөгжим бариад, Цэвэлмаа эгч хуучир тоглож байснаа хийл тоглоод, Цэрэндолгор эгч бас хийл бариад, Намсрайжав гуай волторн хөгжим тоглодог болцгоосон. Ингэж манай алтан үеийнхэн чинь бүгд давхар хөгжим эзэмшээд эхэлсэн. Тавин нэгэн он хүртэл суралцаж байгаад шинэ Хөгжимт драмын театр ашиглалтад ороход өөрийн гэсэн оркестртой болсон байдаг.

-Өнөөгийн их урлагийн суурь тавигдаж дээ?

-Аавтай минь зэрэгцэж ажиллаж байсан алтан үеийн бүх л хүмүүс зөвхөн Азид ч биш, дэлхий даяар Монголыг таниулах урлагийн ертөнцийнхний түүчээ болж дээ.

-Аав тань анх хэний шавь болж хөгжим тоглож сурсан юм бол?

-Ардын жүжигчин Яасай гуай бий шүү дээ.

-Ховдын театрынх даа?

-Яасай ах, аав хоёр чинь хоёул Ховдын сургуулийн дөрвөн жилийн л боловсролтой хоёр. Тэд “Бид хоёр чинь дөрвөн жил сурсан шүү” гэж их бахархдаг байсан.

-Бодвол тэр үеийнхний жишгээр ЗХУ-д суралцсан байлгүй?

-Үгүй ээ. Аав маань гадаадад ерөөсөө сураагүй. Жаран хэдэн онд Прагад мэргэжил дээшлүүлэх курст л нэг суусан хүн шүү дээ.

Аав, ээж хоёр минь

-Таны ээж ямар мэргэжилтэй хүн байна?

-Ээж маань багш мэргэжилтэй Должинсүрэн гэж хүн. Бага ангийн багш л даа. Багшийн сургууль төгссөн. Гуравдугаар сургуульд багшилдаг байсан. Ээжийн уг нутаг Сэлэнгэ гэдэг ч Төв аймгийн Сэргэлэн суманд өссөн байдаг. Аав, ээж хоёр маань Сүхбаатарын талбай дээр нэг баярын үеэр танилцсан юм билээ. Танилцаад гэр бүл болоод дөчин есөн онд Үзмээ эгч маань төрсөн. Үзмээ эгч Москвад Театр урлагийн сургуулийг нүүр хувиргагч мэргэжлээр төгссөн. Олон кинонд нүүр хувиргагчаар ажилласан даа. Эгч одоо гавьяаныхаа амралтанд суусан. Олон хүүхэдтэй хүн бий. Миний доор хоёр эрэгтэй дүү байдаг. Үнэнбат дүү маань Хөгжим бүжгийн сургууль төгссөн, төгөлдөр хуурч хүн л дээ. Дүү маань ослоор бурхан болчихсон юм. Монголын хамгийн анхны төгөлдөр хуурын засварчин мэргэжлийг орос мэргэжилтнээр заалгасан хүн байлаа. Улсын цирк, урлагийн байгууллагад ажиллаж байлаа даа.

-Отгон дүү тань хэн билээ?

-Баярбат маань Политехникийн дээд сургуулийн Авто-инженерийн ангийг төгссөн. Бид ингээд дөрвүүлээ юм.

-Аав тань хаана хаана ажилласан байдаг бол?

-Аав насаараа л Дуурийн театрт ажилласан хүн. Сүүлд тэтгэвэрт гарахдаа Улсын филармонид хоёр гурван жил ажилласан. Дандаа удирдаач, уран сайхны удирдагчаар ажилласан.

-Чулуун гэж ганц удирдаач л Монголд байдаг юм байна гэсэн ойлголт хүмүүсийн тархинд суучихсан байсан үе бий байх шүү?

-Одоо сайхан сайхан удирдаачид олон байна аа. Залуучууд гарч ирж байна. Аавын удирдаач болсон нь сонин тохиол байдаг.

-За, яаж болсон байх юм?

-Аавыг бага залуу байх үед Билэгийн Дамдинсүрэн гуай, жижиг Лувсаншарав гуай хоёр л удирддаг байж. Тавин хэдэн онд манай уран бүтээлчид анх удаа урагшаа явж. Буцах дөхөөд тоглолт дуусах тийшээ хандаж байтал бригадынхны ихэнх нь халуурдаг айхавтар ханиад хүрч л дээ. Нөгөөдүүлийг чинь ямар өвчин тусчихав гээд хөл хорио энэ тэр тогтоосон чинь хамгийн түрүүнд Дамдиа гуай маань халуун ханиад хүрчихсэн байжээ. Тэгээд сүүлийн тоглолт болох үед “Чулуун чи удирд” гэж аавыг анх гаргасан байдаг юм. Тэгж аав анх удирдаачийн палка барьж удирдсанаас хойш удирдаач болсон нь авьяастай хүн болж таарч байгаа юм.

-Та ч аавынхаа удирддаг, хийл тоглодог мэргэжлийг өвлөсөн хүн дээ?

-Би аавынхаа мэргэжлээс хийлийг нь ч, удирдаачийг нь ч авсан л даа. Үүгээрээ их бахархдаг юм.

-Аав чинь ямаршуухан зантай хүн байв?

-Уурладаггүй, маш зөөлөн хүн байсан. Хүүхдүүдээ зодож занчина гэж байхгүй. Тэр үеийн хүүхдүүд эцэг эхээсээ жавтий хүртдэг л байсан. Тэгэхэд аав ерөөсөө биднийг зодож байгаагүй. Хэл үгээрээ хүнийг барьчихна. Өөрийнх нь байгаа байдал их сайхан. Тэр хүндлэлээс ч болдог юм уу аавыгаа аль болох уурлуулахгүйг хичээж, үймүүлдэггүй байсан. Гэртээ хийлээ тоглоно. Ганцхан өрөө байртай. Аавыг тоглохыг хараад хийлч болъё гэж бодсон шиг байгаа юм. Хөгжим бүжгийн сургуульд Лувсаншарав гуайн Халиунсүрэн, Хайдав гуайн Төмөрбаатар, Жамьян гуайн Баярсайхан, би, Намсрайжав гуайн Бүтэнбаяр гээд урлагийнхны хүүхдүүд бүгд орсон доо.

Categories
мэдээ цаг-үе

Н.Батцэнгэл: Иргэд эд зүйлсээ алдчихаад цагдаад бүртгүүлдэггүй нь хулгайчдыг өөгшүүлдэг

Нийслэлийн цагдаагийн газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газар, “Улаанбаатар смарт карт” компани хамтран нийтийн тээврийн 93 чиглэлд үйлчилгээ үзүүлдэг, 28 аж ахуйн нэгжийн 1200 гаруй автобусыг бүрэн камержуулжээ. Ингэснээр автобусны камерууд нэг сүлжээнд холбогдож байгаа юм. Мөн аппликэйшнээс хянах боломж бүрдэж байна.

Энэхүү аппликэйшнийг энгийн иргэн ашиглахгүй. Зөвхөн цагдаагийн байгууллага, нийтийн тээвэр үйлчилгээний газар, тухайн автобус баазууд ашиглах юм байна. Ингэснээр халаасны хулгай болон бусад төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд ач холбогдолтой болж байгаа ажээ.

Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Эрүүгийн мөрдөгч, ахмад Н.Батцэнгэлээс зарим зүйлийг тодрууллаа.


-Халаасны хулгайн гэмт хэргийн 18 орчим хувь нь автобусанд үйлдэгддэг гэсэн судалгаа байсан. Энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт одоогоор хэдэн хувьтай байна вэ?

-Халаасны хулгайн гэмт хэргийн илрүүлэлт өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 39 хувиар өссөн байгаа. Тухайн үед халаасны хулгай гаарах хандлагатай байсан учраас Нийслэлийн цагдаагийн газраас урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулснаар халаасны хулгайн гэмт хэрэг 60 хувиар буурсан байна.

-Камер байршуулснаар ямар үр дүн гарна гэж тооцоолж байна?

-Бүх автобусыг камержуулснаар халаасны хулгайн гэмт хэргийн гаралтыг бууруулах үүнээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, жолооч нарын үүрэг хариуцлагыг дээшлүүлэх зэрэг олон асуудал шийдэгдэх ач холбогдолтой. Мөн нэгдүгээр эгнээгээр зорчсон, автобусны буудал дээр зогсож хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслүүдийн зөрчлийг давхар илрүүлэн хянаж, торгуулийн арга хэмжээ авна. Камерыг авто тээврийн улсын байцаагч нар өдөр бүр хянаж ажиллана. Шалгагч нар давхар ажиллаж бэлэн мөнгөөр зорчих зөрчилд хяналт тавина.

-Бүх чиглэлийн автобусанд суурилуулсан уу?

-Улаанбаатар хотод ажлын өдрүүдэд 970 орчим, амралтын өдрүүдэд 650 орчим автобус үйлчилгээнд явж байна. Нийтдээ 1226 автобусанд суурилууллаа. Автобус бүрт дөрвөн ширхэг камерыг суурилуулсан.

-Автобусны камеруудтай холбогдсон аппликэйшний талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Эрх бүхий байгууллагын ажилчид аппликэйшн ашиглаж автобусны камерыг гар утаснаасаа хянах боломжтой. Камерын бичлэг 15 хоног хадгалагдана. Иргэн автобусанд эд зүйлсээ алдсан бол яаралтай цагдаагийн байгууллагад хандах шаардлагатай. Улмаар цагдаагийн байгууллага цаг алдалгүй хяналтын камерыг шүүж үзнэ. Ингэснээр автобусан дахь халаасны хулгайч гишгэх газаргүй болж байгаа юм. Цаг алдахгүй цагдаагийн байгууллагад мэдэгдэхэд хулгайлагдсан эд зүйлсийг олоход илүү хялбар болно гэсэн үг.

-Камерыг хэдэн жил ашиглах боломжтой вэ. Камер суурилуулсан автобус хэрэглээнээс гарлаа гэхэд дараагийн автобусанд суурилуулж болох уу?

-15 жилийн эдэлгээтэй. Хэдэн ч автобусанд сольж суурилуулж болно.

-Томоохон аж ахуйн нэгж худалдааны төвүүдэд царай таньдаг камерыг суурилуулсан. Энэ камерын тухайд царай таних боломжтой юу?

-Одоогоор үгүй. Цаашдаа хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдвэл илүү боловсруулах боломжтой. Одоогийн байдлаар Хархорин худалдааны төв дээр л царай таньдаг камер суурилуулсан байгаа.

-Автобусанд эд зүйлээ алдсан иргэн камер яаж шүүлгэх вэ?

-Эхлээд цагдаагийн байгууллагад хандана. Өргөдөл гаргасны дараа цагдаагийн байгууллага яаралтай арга хэмжээ авч ажиллана.

-Цагдаа нар сэжиг бүхий, бүртгэлтэй этгээдүүдийг зүс мэддэг ч гар утсаа алдсан иргэдийн хохирлыг барагдуулахад хойрго ханддаг гэх шүүмжлэл байдаг шүү дээ?

-Иргэд эд зүйлсээ хулгайд алдчихаад цагдаагийн байгууллагад бүртгүүлэлгүй өнгөрөх тохиолдол олон. Энэ нь өөрөө халаасны хулгайчдыг өөгшүүлээд байдаг талтай. Энэ төрлийн гэмт хэргийг өмнө нь илрүүлэхэд хүндрэл гардаг байсан л даа. Гудамжны камер, автобусны буудлуудын камерыг шүүнэ гээд ажиллагаа их байсан. Зарим нь тэр бүр шаардлага хангахгүй байх тохиолдол бий.

Одоо автобусанд халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэгдэхэд камерууд нь нэгдсэн сүлжээнд холбогдсон учраас шүүгээд ямар сэжигтэй этгээдүүд тухайн цаг мөчид автобусаар үйлчлүүлсэн нь тодорхой болно. Гэмт хэрэг үйлдсэн байж болох этгээдийг олж илрүүлэхэд шуурхай байдал хангагдана гэсэн үг. Ер нь технологийн дэвшлийг энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаанд ашиглаад эхэлсэн. Камераар хэргийг түргэн шуурхай илрүүлэх ажиллагаа явагддаг. Нийтийн тээврүүд бүрэн камержуулагдлаа. Нийтийн тээвэрт үйлдэгдсэн гэмт хэргүүд баримт болон бичигдэж үлдэх болж байна. Иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ аливаа асуудал гаргахад таны үйлдэл баримт болж үлдэх нь гэдгийг ойлгох хэрэгтэй.

Categories
мэдээ улс-төр

“Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх” төслийг хэрэгжүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн үндэсний байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран “Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх”, “Мэдээллийн технологийн шинэлэг шийдлээр хөдөө аж ахуйн өртгийн сүлжээний үр ашиг, мөрдөн мөшгөх тогтолцоог сайжруулах”-төслийг хэрэгжүүлнэ. Энэхүү төслийн баримт бичигт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа нар гарын үсэг зурлаа.

“Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх төсөл”-ийн хүрээнд бог болон бод малын гарал үүсэл, шилжилт хөдөлгөөн, үржил селекци, эрүүл мэндийн мэдээллийг бүртгэх, хянах үндэсний хэмжээний мэдээллийн системийг хөгжүүлж нэвтрүүлэх бол “Мэдээллийн технологийн шинэлэг шийдлээр хөдөө аж ахуйн өртгийн сүлжээний үр ашиг, мөрдөн мөшгөх тогтолцоог сайжруулах төсөл”-ийн хүрээнд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлох мөрдөн мөшгөх тогтолцоог блокчейн технологиор дамжуулан бүртгэх, хянах боломжийг судлан турших юм.

“Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх” төсөл ”Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Уянга, Баянгол, Гучин ус зэрэг 4 суманд хэрэгжүүлэх бөгөөд нийт 190,0 мянган малыг ялган тэмдэглэж, бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулан орон нутгийн махны үйлдвэртэй хамтран 2019 оны 06 дугаар сараас 2020 оны 02 дугаар сар хүртэл үргэлжилнэ. Мал, малын гаралтай бүтээгдэхүүний нөөц, хангамж, чиг хандлагыг тодорхойлох, тэдгээрийн чанар аюулгүй байдалд бүртгэлээр дамжуулан хяналт тавих боломж бүрдэнэ.

Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын үр ашиг, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, малын эрүүл мэндийн хяналтыг сайжруулах, экспортын чиг баримжаатай болгон хөгжүүлэх, хүнсний аюулгүй байдлын хяналтыг сайжруулах, хүн амыг эрүүл хүнсээр хангах зорилготой юм. Эдгээр төсөл нь буцалтгүй тусламжийн техник туслалцааны төсөл юм.

Categories
мэдээ нийгэм

ЕБС-ийн гэрчилгээг “Боловсролын салбарын мэдээллийн систем”-ээс шууд хэвлэдэг болжээ

Энэ жил төгсөж буй сурагчдын суурь боловсролын 42140 гэрчилгээ, бүрэн дунд боловсролын 17222 үнэмлэхийг Боловсролын салбарын мэдээллийн системээс хэвлэн олгожээ. Өөрөөр хэлбэл, өнгөрөгч хичээлийн жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн 9, 12 дугаар ангийг төгсөгчдөд боловсролын баримт бичгийг сургууль дээр нь “Боловсролын салбарын мэдээллийн систем”-ээс шууд хэвлэн олгодог болсон байна. Ингэснээр гэрчилгээ, үнэмлэхийг гараар бичих, бичилтийн техник алдаа гарах эрсдэл арилж, бичилт хийх, баталгаажуулахад зарцуулах хугацаа, явдал чирэгдэл, зардал багассан, багшийн ачааллыг бууруулсан зэрэг олон давуу тал бий болжээ. Мөн боловсролын баримт бичгийн эх хувийг цахим хэлбэрээр мэдээллийн санд хадгалдаг болсноор тухайн баримтад хэвлэгдсэн QR кодыг ашиглан лавлагааг түргэн шуурхай авах боломжтой болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Раллиг дагаж явсан машинууд мөргөлдөж хоёр эрэгтэй хүнд бэртэж, нэг эмэгтэй нас барлаа

“Торгоны зам” авто раллид оролцогчид өнөөдөр Алтанбулаг боомтоор нэвтэрч, манай улсад уралдаанаа үргэлжлүүлж байна. 14:00 цагийн байдлаар 34 орны 729 зорчигч, 342 тээврийн хэрэгсэл манай улсад нэвтэрсэн байна. Мотоцикл, автомашинууд Сэлэнгэ аймгаас гарч Төв аймгийн нутагт бариандаа орохоор уралдаж байгаа юм. Гэтэл тэмцээний үеэр уралдааныг дагаж явсан хоёр автомашин Сэлэнгэ аймгийн Баруун хараа сумын нутаг байрлах хоёрын даваа гэх газрыг дайран өнгөрч байхдаа мөргөлджээ.

Ослын тухай тодруулбал, Мото ралли уралдааныг дагаж явсан зохион байгууллагчдын авто машин осол гаргасны улмаас хоёр хүн хүнд бэртэж, нэг эмэгтэй зорчигч газар дээрээ нас баржээ. Тус осолдсон автомашинууд нь монгол улсын дугаартай байсан бөгөөд нэг машин дотор /Тоёота Alpart маркийн/ тэмцээнийг зохион байгуулагч гэх Япон улсын таван иргэн, нөгөө автомашин /Тоёота Приус маркийн/-д манай улсын гурван иргэн зорчиж явсан талаар эх сурвалж мэдээлж байна. Ослын үеэр манай улсын хоёр иргэн хүнд бэртэл авч, нэг эмэгтэй зорчигч /манай улсын иргэн/ газар дээрээ нас баржээ. Яг одоо дээрх ослын газарт цагдаагийн байгууллагын алба хаагчид шуурхай ажиллаж байна.