Categories
мэдээ нийгэм

Захиалсан тасалбараа ННҮТ-ийн Дүнжингарав салбараас биечлэн очиж аваарай

Үндэсний их баяр наадмын тасалбарыг 2019 оны 07 сарын 08, 09-ний өдрүүдэд нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн портал www.eservice.ulaanbaatar.mn -ээр дамжуулан цахимаар захиалсан хүмүүс өнөөдөр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбараас биечлэн очиж “ХУР” Төрийн мэдээлэл солилцооны систем ашиглан хурууны хээгээр таниулан авах боломжтой. Иргэд цахимаар захиалсан тасалбараа 7 сарын 10-ны өдрийн 14:00-17:00 цагийн хооронд өөрийн биечлэн очиж авахгүй тохиолдолд тасалбарыг өгөхгүй ба тасалбарын мөнгийг буцаан олгохгүй болно.

Categories
мэдээ нийгэм

Хязаалангийн уралдаанд бүртгүүлсэн 114 үрээг уралдуулахгүй байх шийдвэр гаргажээ

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан хязаалан насны морины уралдаанд 298 хязаалан бүртгүүлснээс 184 үрээ тоосоо өргөлөө. Хязаалан наснаас 114 үрээ хасагдсан бөгөөд шүдээр болон үүлдэрлэг байдлаас шалтгаалан хасагддаг байна. Мөн зарим уяач хурдын морьдынхоо идшийг тааруулаагүй шалтгаанаар уралдуулахгүй байх шийдвэр гаргадаг аж.

Categories
мэдээ нийгэм

Польш улсын дэд сайд монгол наадам үзэхээр иржээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Бүгд Найрамдах Польш улсын Гадаад хэргийн яамны Аюулгүй байдал, Ази, Америк, Африк, Ойрхи Дорнодын бодлогын асуудал эрхэлсэн дэд сайд Мачей Лангийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр, нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн, нөгөө талаас БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кшиштоф Бойко, БНПУ-ын ГХЯ-ны Дипломат албаны асуудал эрхэлсэн Ерөнхий захирал Анджей Папиэж болон бусад холбогдох албаны төлөөлөл оролцов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Үндэсний их баяр наадмын үеэр зочилж, Монгол ёс заншил, түүх, уламжлалын баяр болох эрийн гурван наадамтай танилцаж байгаад баяртай байна. Монгол Улс, БНПУ-тай 1950 онд дипломат харилцаа тогтоосноос хойш боловсрол, худалдаа, хөдөлмөр эрхлэлт, хүмүүнлэг зэрэг олон салбарт найрамдалт харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр ирсэн. Польшийн Засгийн газрын нөхцөлт зээлийн хүрээнд “ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийн шинэчлэх төсөл”, “Гамшиг ослын үед үүрэг гүйцэтгэх хээрийн хөдөлгөөнт II шатлалын эмнэлэг” төслүүд амжилттай хэрэгжиж, дэд сайдын айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газарт гал унтраах 13, удирдлагын нэг, шуурхай албаны нэг, нийт 15 автомашиныг тоноглолын хамт олгож байгаад баяртай байна. Цаашид хоёр орны харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд нийслэлийн зүгээс бүх талаар дэмжин хамтарч ажиллах болно” хэмээсэн юм.

Уулзалтын төгсгөлд Хотын захирагч С.Амарсайхан, БНПУ-ын Гадаад хэргийн яамны Аюулгүй байдал, Ази, Америк, Африк, Ойрхи Дорнодын бодлогын асуудал эрхэлсэн дэд сайд Мачей Ланг нар Польш, Монгол Улс хоорондын эдийн засаг, худалдаа гээд бүхий л салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх болон агаарын бохирдлыг бууруулах, хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлд туршлага судлах асуудлаар санал солилцсон юм.

Categories
мэдээ нийгэм

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн төлөөлөл оролцлоо

Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх Томъёоллын дэд ажлын хэсэг өнөөдөр (2019.07.10) хуралдлаа.

Тус дэд ажлын хэсгийг Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Б.Батчимэг, Улсын Их Хурлын гишүүн асан, Хүний эрхийн үндэсний комиссын дарга, гавьяат хуульч Ж.Бямбадорж, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх С.Доржханд, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Д.Энхгэрэл, нарийн бичгийн даргаар Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Ж.Бямбадулам нар ажиллаж байгаа юм.

Улсын Их Хурлын удирдлагууд, Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс тус тус хүсэлт гаргасны дагуу дэд ажлын хэсгийн өнөөдрийн хуралд Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга, хэлбичгийн ухааны магистр Н.Нарангэрэл оролцов.

Улсын Их Хурлын байнгын хороод Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд хуралдаануудын явцад гишүүдээс гаргасан саналуудыг нэгтгэн томъёолж ажиллаж байгаа талаар Э.Түвшинжаргал дарга танилцууллаа. Монгол Улсын Үндсэн хуулийн үг үсэг, цэг таслал бүр нь тодорхой утга агуулгатай байдаг тул томъёолол бүрийг нарийн шүүж, ээлжит хэлэлцүүлэгт бэлтгэх ёстой учир үүн дээр хэлбичгийн мэргэжилтнүүдийн оролцоо шаардлагатай гэдгийг Улсын Их Хурлын удирдлагууд тэмдэглэж байсныг тэрбээр хэлж байв.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дараагийн шатны хэлэлцүүлэгт бэлтгэхэд санал бүрийн томъёоллын талаар санал хураалт явуулах хуулийн зохицуулалттай. Санал хураалтаар Улсын Их Хурлын нийт гишүүдийн 3/4 буюу 57 гишүүний дэмжлэг авсан тохиолдолд төсөлд тусах учир энэхүү өндөр босгыг давж Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгагдах томъёолол бүр утга агуулга, найруулгын алдаа мадаггүй байх ёстой гэдгийг дэд ажлын хэсгийн дарга тэмдэглэн хэлсэн. Цаашид Улсын Их Хурлаар төслийн томъёоллын асуудлыг нарийвчлан хэлэлцэх юм байна.

Ингээд Томъёоллын дэд ажлын хэсгийн дарга Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн энгийн болон хууль зүйн техникийн хувилбар тус бүрийг, хоёр дахь шатны хэлэлцүүлгийн явцад Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжсэн саналууд, тэдгээрийн тайлбар, үндэслэл, хэлэлцүүлгийн шатанд нээлттэй үлдээд буй найман асуудлаарх 10 заалтыг хамтад нь Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэлд хүлээлгэн өгөв.

Хэлний бодлогын үндэсний зөвлөл нь 2015 оны хоёрдугаар сард батлагдсан Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлж, нийтээр хэвшүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг болохыг Н.Нарангэрэл дарга танилцуулав. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн томъёолол, найруулгын алдаа мадаг, зөв бичгийн дүрмийг хянаж, хамтран ажиллахдаа баяртай байх болно гэлээ. Хурлын үеэр цаашид төслийн хэлэлцүүлгийн явцад Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн хамтарч ажиллах боломжийн талаар санал солилцох хүсэлтээ илэрхийлсэн.

Хэлний бодлогын үндэсний зөвлөл 2018 онд “Монгол хэлний зөв бичих дүрмийн журмалсан толь”-ийг батлан хэвлүүлж, бүх нийтээр дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулах үүргийнхээ хүрээнд Улсын Их Хуралтай хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эцсийн хувилбар дээр хамтран ажиллахаар боллоо. Мөн өнөөдрийн хүлээлгэж өгсөн төслийн эх болон бусад материалыг судалж үзээд, шаардлагатай тохиолдолд Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх Томъёоллын дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллах боломжтой гэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Хөшгийн хөндийд 16.4 МВт-ын нарны станц ашиглалтад орлоо

“Хөшгийн хөндийд 16.4 МВт-ын нарны цахилгаан үүсгүүрт станц”-ын цахилгаан үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлжээ. Эл нарны цахилгаан үүсгүүрийн станц нь жилд 18.438 тоннтой дүйцэх хэмжээний хүлэмжийн хийг бууруулах юм байна. Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт баригдаж байгаа өндөр хүчин чадлын нарны станцын барилга угсралтын ажлыг “Тэнүүн гэрэл констракшн” ХХК, “Шарп энержи солюшнс” корпораци болон “Сермсанг поуер” корпораци хамтран гүйцэтгэж ашиглалтад оруулжээ. Тус нарны цахилгаан станц нь удахгүй ашиглалтад орох шинэ нисэх онгоцны буудлаас баруун өмнө зүгт 5 км-ын зайд, төвийн цахилгаан дамжуулах сүлжээнээс 14 км-ын зайд байршдаг. “Хөшгийн хөндий 16.4 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай нарны цахилгаан үүсгүүрт станц” нь Монгол-Япон улсын Засгийн газар хоорондын Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэлийн хамтын ажиллагааны хүрээнд Хамтарсан Кредит Олгох Механизмын санхүүжилтээр хэрэгжиж байгаа зургаа дах төсөл юм. Нарны цахилгаан станцын үйл ажиллагаа жигдэрснээр жилд 18.438 т/СО2-ыг бууруулан, 23 сая КВт.цаг эрчим хүчийг үйлдвэрлэн эрчим хүчний системд нийлүүлэх бүрэн боломжтой. Дашрамд дурдахад, Монгол Улсын Засгийн газар 2030 он гэхэд нийт эрчим хүчнийхээ 30 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрээс хангадаг болох, хүлэмжийн хийн ялгаралыг 2010 оны түвшнээс 14 хувиар бууруулах зорилт тавиад буй.

Categories
мэдээ нийгэм

Цагдаа нар өндөржүүлсэн бэлэн байдлын II зэрэгт шилжин ажиллаж байна

Улаанбаатар цагдаагийн хүрээний байгууллагын бие бүрэлдэхүүн энэ сарын 9-нөөс 15-ны өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжин үүрэг гүйцэтгэж байна.

Хамгаалалтад Улаанбаатар цагдаагийн хүрээний 61 байгууллагын 4137 орчим алба хаагч баяр наадмын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах болон замын хамгаалалтад үүрэг гүйцэтгэж буй юм. Үүнд: Төв цэнгэлдэх хүрээлэнд 34 цагдаагийн газар, хэлтсийн 1408, Хүй долоон худагт 22 цагдаагийн газар, хэлтсийн 1500, нэмэгдлээр Хууль сахиулах их сургуулийн 400 сонсогч нийт 1900, Нийслэлийн ногоон байгууламж буюу зуслангийн чиглэл, жуулчид олноор зорчдог газруудын орчмын эргүүлд 628 алба хаагч тус тус ажиллаж байна.

Гэмт хэрэг, зөрчил, гомдол, мэдээллийг шуурхай шалгаж шийдвэрлэх, иргэдэд туслах, үйлчлэх зорилгоор байнгын 24 цагийн 3 пост, мөрдөн шалгах болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бүлгийг Төв цэнгэлдэх, Хүй долоо худгийн орчимд ажиллахын зэрэгцээ Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран Туулын голын Хар усан тохойгоос Сонсголонгийн гүүр хүртэл голын эрэг дагуу хэв журмын болон завьтай эргүүл ажиллуулж байгаа юм.

Харин Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худгийн орчмын 24 байршлын гадна орчныг теле хяналтын камерын хяналтад авч, иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах болон замын хамгаалалтын ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Шагайн харваанд 96 багийн 768 харваачид оролцож байна

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадам эхэллээ. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн Шагайн асарт Шагайн харвааны эхний хэсгийн тоглолт явагдаж байна. Энэ жил шагайн харваанд хичнээн харваачид оролцож байгаа талаар Шагайн холбооны дэд Ерөнхийлөгч Б.Шинэнбатаас тодруулахад: Энэ жилийн үндэсний их баяр наадмын Шагайн харваанд 96 багийн 768 харваачид оролцож байна. Харваачдаас хамгийн ахмад нь 86 настай, хүндэт харваач н.Дагвадорж. Хамгийн залуу нь Өвөрхангай аймгаас ирсэн 16 настай харваач н.Өсөхбаяр байна. Өмнөх жилүүдээс шагайн харваачид нэмэгдсээр байгаа. Өнөөдөр шагайн харвааны эхний хэсгийн тоглолт явагдаж байна хэмээлээ.

Categories
мэдээ нийгэм

Завьт эргүүл ажиллаж байна

Нийслэлийн цагдаагийн газраас Онцгой байдлын газар, Нийслэлийн аврах ангитай хамтран “Завьт эргүүл” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс нийт 6 дуудлага хүлээн авч, усанд осолдож нас барсан 4 иргэний цогцосыг гаргаж, 2 иргэн, 2 хүүхдийн амь насыг авран хамгаалсан байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ голын усанд усанд осолдож амь насаа алдсан таван тохиолдол бүртгэгдсэнийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

Агаар чийгшүүлэх, авто зам угаах зориулалтын автомашиныг ТҮК-д хүлээлгэн өглөө

Нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу өнгөрсөн сард Хот тохижилтын газарт зам талбай угаах, шүүрдэх, хогийг соруулах зэрэг олон үйлдэлт 20 бага оврын авто техник гардуулан өгсөн. Тэгвэл өнөөдөр мөн агаар чийгшүүлэх, авто замыг өндөр даралтын усаар угаах зориулалт бүхий хоёр авто машиныг Хот тохижилтын газарт хүлээлгэн өглөө. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Иргэдийн амьдрах орчиныг сайжруулахын тулд нийслэлээс олон ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа. Хот тохижилтын газарт өмнө нь бид гудамж талбайг цэвэрлэх шүүрдэх үйлчилгээтэй бага оврын төхөөрөмжүүдийг шийдвэрлэн өгч ажилд оруулсан. Энэ нь зам талбайн үйлчлэгчдийн ажлын ачааллыг хөнгөвчилж, бүтээмжийг нэмэгдүүлсэн. Нийслэл хот агаар, орчны бохирдол, тоосжилт, хуурайшилт ихтэй байдаг. Хавар, зуны тоосжилт ихтэй, хуурай улиралд зам талбайг усалж, орчин тойрны агаарыг чийгшүүлэх үйлчилгээтэй зориулалтын автамашинй таван ширхэгийг авахаар төлөвлөсөн. Наадмаас өмнө хоёр автомашин ирснийг өнөөдөр бид Хот тохижилтын байгууллагад шилжүүлэн өгч байна. Эдгээр төхөөрөмжүүд нь замын хөдөлгөөнд оролцонгоо замаа цэвэрлэдэг, ойо орчмын агаараа чийгшүүлдэгээрээ давуу талтай. Өнөөдрөөс үйлчилгээнд гарч ажиллаж эхэлнэ. Энэ жил Хот тохижилтын газрын үйл ажиллагааг дэмжихээр дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаа. Сүүлийн жилүүдэд хот тохижилтын газарт хэдэн шүүр, хүрзнээс өөр дорвитой хөрөнгө оруулалт хийгдээгүй ирсэн. Өвөл зунгүй гуудамж талбайн дээр ажиллаж, халуунд халж, хүйтэнд даарч байдаг ТҮК-ийн хэдэн ажилчдынхөө хөдөлмөрийг хөнгөвчлөх чиглэлээр цаашид чанхаарч ажиллана” гэв. Хот тохижилтын газраас цахим тендер зарласны дагуу шалгарсан компани нь нийт таван чийгшүүлэгч машин нийлүүлэх байснаас эхний удаад хоёрыг нь хүлээлгэн өгч байгаа бол наадмын дараа үлдсэн гурвыг нь хүлээлгэн өгөх юм байна. Уг машин нь найман тонны усны багтаамжтай, агаарт усан тоосонцор үүсгэж чийгшүүлэх, даралттай усаар замын хашлага шүршиж угаах, хойд хэсэгтээ авто замыг чийгшүүлэх зэрэг олон үйлдэлтэй юм байна. Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж “Цэвэрлэгээ үйлчилгээний 20 төхөөрөмжийг Хот тоохижилтын газар үйлчилгээндээ нэвтрүүлээд ашиглаж байна. Техник, технологийн дэвшилийг хот анх удаа нэвтрүүлсэн. Энэ нь ажилчдын хөдөлмөрийг эрс хөнгөвчилж байгаа. Өнөөдрийн хүлээн авч байгаа олон үйлдэл машин нь агаар чийгшүүлэх, зам талбайг өндөр даралтаар шүршиж угаах, усалгаа хийдэг. Эдгээр автомеханизмууд хотын гудамж талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд гарч ажиллаж эхлээд байна” гэв

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалын нээлтэд оролцож, үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга өнөөдөр тохиож буй Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалыг нээж үг хэллээ.

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалын нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газар, УИХ-ын гишүүд, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар, олон улсын байгууллагын төлөөлөгч, албаны бусад хүмүүс болон иргэд, жуулчид оролцов.

Төрийн далбааны өдрийг Монгол Улсын иргэдэд эх оронч үндэсний үзэл, хүмүүжил төлөвшүүлэх зорилгоор жил бүрийн долдугаар сарын 10-нд тэмдэглэж байхаар болсон бөгөөд 2009 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баярын энэхүү өдөр Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл, ангиуд цэргийн ёслолын жагсаал хийдэг уламжлалтай болсон юм.

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДАЛБААНЫ ӨДӨРТ ЗОРИУЛСАН ЦЭРГИЙН ЁСЛОЛЫН ЖАГСААЛЫГ НЭЭЖ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА: “Монголчууд аа,

Цэрэг эрс ээ,

Төрт ёсны их баяр цэнгэл Үндэсний баяр наадмын өмнө Төрийн далбааны өдрийг тэмдэглэдэг уламжлал үргэлжилж байна.

Дээр цэлийх Мөнх хөх тэнгэрт Монголын далбаа ашид үүрд намиран байхыг бэлгэдэн монголчууд бид энэ өдрийг баяр бахдал дүүрэн тэмдэглэн өнгөрүүлэх учиртай билээ.

Монгол бидний хувьд туг сүлд нь эртнээс нааш эр цэргийнх нь сүр хүч, элгэн түмнийх нь эв нэгдэл, эрхэмсэг төрийнх нь шударгуу ёс, тусгаар байдлынх нь бэлгэ тэмдэг байлаа.

Орчин цагийн хэлбэр, агуулгатай төрийн далбааг 1911 онд Богд хаан “Олон улсын дор цөм өөр өөрийн далбаа буй, бидний Монгол болбоос өөрөө эзэрхэг эрх хэмжээ бүхийг илэрхийлбэл зохимой” хэмээн зарлиг гаргаснаар бий болгожээ.

Хожим нь 1945 оны 7 дугаар сарын 10-ны өдөр маршал Хорлоогийн Чойбалсан БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 43 дугаар хурал дээр “БНМАУ-ын төрийн далбааны маяг, найрууллын тухай” хуулийн заалтыг шинэчлэн найруулахаар тогтсон нь Төрийн далбааны өдрийг сонгох сэдэл болсон юм. БНМАУ-ын төрийн далбааны эхийг Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Чойдог зохиож, энэ үйл явдлыг “Монгол Улс тусгаар тогтносон улс болсноо өндөр цохон тэмдэглэсэн явдал” хэмээн маршал Х.Чойбалсан тодорхойлж байжээ.

1992 оны шинэ Үндсэн хууль болон Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулиар “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн” хэмээн хуульчилж, төрийн яамд, албан газар, Төрийн цэргийн байгууллагууд далбаагаа тогтмол мандуулж, айл өрх, иргэн бүр сүслэн дээдэлж ирсэн юм.

Монгол Улсын Төрийн далбааны энэ өдөр төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын нийт офицер, ахлагч, түрүүч, байлдагч ажилтан алба хаагчид, нийт монголчууддаа халуун мэнд хүргэе.

Монгол бидний хийморь бахдал оршсон Төрийн алтан соёмбот далбаа Мөнх хөх тэнгэртээ мандан бадарсаар байх болтугай.

Дээдсийн сүр сүлд, Мөнх тэнгэр биднийг ивээг.

Ура, нөхөд өө!” гэлээ.

Энэ жилийн цэргийн ёслолын жагсаалд төрийн цэргийн байгууллага болох Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэрэг, Онцгой байдлын алба, хууль сахиулах байгууллага болох ЦЕГ, ШШГЕГ, Дотоод хэргийн их сургууль зэрэг найман байгууллагын 2000 гаруй цэргийн алба хаагч, сонсогч, байлдагч оролцлоо.