Categories
мэдээ спорт

168 азарга гарааны зурхай руу хөдөллөө

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын азарганы уралдаанд нийт 228 хурдан азарга бүртгүүлсэн ч 168 азарга гарааны зурхай руу хөдөллөө. Хурдан азарга 22 км зайд уралдах юм.

Categories
мэдээ цаг-үе

Газрын холд орших ч сэтгэлд ойрхон Дагестан

Уулсын орон Дагестанд очоод ирлээ. “Мянга сонсохоор нэг үз” гэдэг сургаал үг тэнд байх хугацаанд бодлоос салсангүй. Үзэсгэлэнт байгаль, өвөрмөц соёл, зочломтгой түмэн нь эргээд заавал ирэх хүсэл төрүүлнэ. УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангийн ахалсан багийн бүрэлдэхүүнд орж, ОХУ-ын Дагестаны Каспийск хотноо болсон “Торгоны зам”, “Цайны замын дэд бүтцийн хөгжил” сэдэвт олон улсын хуралд оролцох явцад үзсэн дуулснаа эрхэм уншигчтайгаа хуваалцахыг хүслээ.

1. ТАНИЛ АТЛАА ТАНИЛ БУС ДАГЕСТАН

Дагестан гэдэг нэр “Уулсын орон” гэсэн утгатай аж. Каспийн тэнгисийг хаяалж, Кавказын уулсыг түшсэн Дагестан уртаараа 400, өргөнөөрөө 200 гаруй км газар нутагтай. Жилийн дундаж хэм зундаа +30, өвөлдөө +2, зөөлөндүү уур амьсгалтай. Ууландаа ч сүүлийн жилүүдэд бага багаар дулаарч байгаа аж.

“Уулсын орон” нэртэй ч зургаан мянга гаруй гол горхитойг нь бодохоор “Усны орон” гэсэн ч болохгүй юмгүй мэт. Хуурай газраар Азербайжан, Гүрж, Чечень, Ставрополийн хязгаар, Халимагтай хиллэнэ. Каспийн тэнгисээр дамжин Туркмен, Казахстан, Ирантай хиллэнэ. Дагестан гурван сая хүн амтай бөгөөд 96 хувь мусульманууд. Сүсэгтнүүдийн 97 хувь нь суннит. 1600-1700 орчим мечеть байдаг гэхээр бас л олон сүм хийдтэй газар юм.

Дагестан гэж тусдаа хэл байхгүй. Дагестан гэж бие даасан үндэстэн байхгүй. Дагестаны тавин мянган хавтгай дөрвөлжин км газар нутаг дээр нь авар, даргин, кумык, лезгин, цахур, ногай, агул гээд 36 уугуул, нийтдээ 102 угсаатан амьдардаг гэнэ. Орос хэл төрийн хэл, мөн эдгээр олон угсаатныг холбогч цорын ганц хэл. Уугуул 14 хэлтэн өөрийн гэсэн бичиг үсэгтэй, бусад нь бичиг үсэггүй гэж танилцуулсан. Мөн эдгээр 14 хэл тус бүрээр сонин, телевиз, радиотой гэнэ. Дагестан нийтдээ 400 орчим хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй аж.

Дагестанд олон бахархал бий. Гар урлал, хивсээрээ алдартай. Газрын тос, байгалийн хий, тоног төхөөрөмж, машины үйлдвэрлэл, барилгын материал, эрчим хүч, хүнсний үйлдвэрлэл, жимс жимсгэний аж ахуй сайн хөгжсөн. Хамгийн том давуу тал нь Оросын хамгийн өмнөд цэг дээрх усан зам, төмөр зам, агаарын зам, нефть, хийн хоолойн хүчирхэг зангилаа болж чадаж байгаад оршино. Олимпийн 22 аваргатай, алдар суу нь дэлхийд түгсэн урлаг спорт, утга зохиолын од олонтой гээд энэ ард түмний талаар бичээд байвал дуусахгүй. Гэвч энэ бүх амжилт ололтын цаана хүн л байдаг. Тэгвэл дагестан хүн гэж хэн бэ? Тэд ирсэн зочныг чин сэтгэлээсээ хүндэлдэг найрсаг зочломтгой. Тэд нэр хугарснаас яс хугарсан нь дээр хэмээн үздэг омог бардам хүмүүс. Тэд үхлээс айдаггүй, харин үхээнц дорой байдлыг жигшдэг уулын бүргэд мэт омог бардам хүмүүс.

2. ЭХ ОРОНЧИЙН ЭРЭЛХЭГ ГАВЬЯА

2016 оны долдугаар сарын 10-нд Дагестаны Сергакол хэмээх суурины ахан дүүсээрээ байгальд амарч явсан хүмүүс халдлагад өртжээ. Тэдэн дунд орон нутгийн цагдаагийн дэслэгч Магомед Нурбагандов байсныг мэдсэн алан хядагчид бичлэг хийн хууль, цагдаагийн байгууллагынхныг ажлаасаа гарахыг уриал гэж шаардахад тэрээр эрс хатуу эсэргүүцэж “Работайте братья” гэж хэлээд буудуулжээ. Түүний энэ үг хожим нь Оросын тусгай албаныхны хамгийн бахархалт хэллэг болж, Оросын өргөн уудам нутаг даяар эх оронч үзлийн дуудлага болон тарсан юм. Магомед тэгэхэд 31 настай байв. Дөрвөн настай охин, зургаан настай хүү нь өнчирч, хань нь цэл залуугаараа бэлэвсэрч, аав ээж нь нэг дор гурвын гурван хүүхдээ алуулан амьдын тамд унажээ.

Орос орон тэдний баатарлаг үхлийн талаар олж мэдтэл жар хоног өнгөрчээ. Алан хядагчдын нэг бүлгийг устгах үеэр Магомед Нурбагандовын бичлэгтэй гар утас олдож, 2019 оны есдүгээр сарын 20-нд түүнд ОХУ-ын баатар цол олгох зарлигт Владимир Путин гарын үсэг зурав. Маргааш нь түүний аав ээжийг В.Путин хүлээн авч уулзахдаа “Тэр бол баатар. Яагаад гэвэл буудан алахаар заналхийлж байхад тэр болгон хүн өргөсөн тангараг, үүрэгт ажилдаа үнэнч, өөрийн ард түмэндээ үнэнч байж чаддаггүй. Зөвхөн жинхэнэ баатрууд, жинхэнэ эрчүүд үхэл рүү нүд дальдралгүй харж чаддаг. Та хүүгээ яг тийм хүн болгон хүмүүжүүлжээ” гэсэн байдаг.

Нурбагандовын түүхийг сонссон хэний ч сэтгэл догдолж, бахархал төрнө. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Монголоос явахдаа энэхүү баатарлаг хөвүүний аав ээжтэй уулзаж хүндэтгэл үзүүлнэ гэж шийдсэн аж. Баатрын эцэг Нурбаганд Магомедович монголчууд хүүг нь хүндэтгэн зорьж ирсэнд ихэд баярлав. “Маш хүнд байсан. Зовлон шаналал нурууг минь чулуу мэт дарж байсан. Ерөнхийлөгч Путин хүүгээр минь чин сэтгэлээсээ бахархаж байгааг хараад нуруун дээрх хүндээс хүнд ачаанаасаа салах мэт болсон. Ерөнхийлөгч хүүгийн минь тухай ярих үедээ нулимсаа хүчлэн барьж, богинохон зуур харцаа нууж суугаад дараа нь яриагаа үргэлжлүүлсэн” хэмээн тэрээр хуучлав. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн “Таны хүүгийн гавьяагаар монголчууд бид бахархаж байна. Зарим хүн амьд боловч үхдэл мэт амьдардаг. Харин эх орныхоо төлөө амиа өргөсөн таны хүү шиг баатрууд үхсэн хойноо мөнхөд амьдардаг” гэсэн үг Нурбаганд Магомедович төдийгүй тэнд байсан бүх хүний сэтгэлийг хөдөлгөв. Нулимстай, догдлолтой, чин сэтгэлийн халуун яриа өрнөнө. Баатрын ээж Кумсият Абдурагимновнад хандан “Баатрыг төрүүлж, өсгөж, хүмүүжүүлсэн гол хүн бол мэдээж та л байгаа. Эрчүүд бид чинь энэ талдаа их үүрэг муутай улс шүү дээ” гэж Б.Энх-Амгаланг хэлэхэд нөхөр нь “Тийм тийм. Яг үнэн” хэмээн дэмжинэ. Энэ цагийнхны эр зориг, эх оронч сэтгэлийн жишээ болсон Магомед Нурбагандовын аав, ээжтэй уулзаад салах мөчид эцэг нь монгол зочноо тэврэн удтал дуугүй зогсов. Чив чимээгүй байдал, халуун дотно тэврэлт… Сэтгэлээс хэзээ ч үл гарах дурсгалт мөч…


3. ЦАЙНЫ ЗАМ-ХАМТЫН ХӨГЖЛИЙН ЗАМ

“Цайны замын дэд бүтцийн хөгжил” нэртэй олон улсын хурал зургадугаар сарын 26-28-ны өдрүүдэд Каспийск хотод болсон юм. Энэ хурлыг Оросын олон улсын харилцааны ассоциаци (РАМС) зохион байгуулж, Орос, Монгол, Хятад гурван орны төлөөлөл оролцон эдийн засаг, хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагаагаа бэхжүүлэх талаар ярилцав.

РАМС-ын Дээд зөвлөлийн дарга, ОХУ-ын Холбооны Зөвлөлийн ЭЗБХ-ны орлогч дарга Сергей Вячеславович Калашников хэлсэн үгэндээ “Хамтын ажиллагааны хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг нь хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, дэд бүтцийн хөгжил, хамтын үйлдвэрлэл, шинжлэх ухаан, соёлын судалгаа юм” гэсэн бол өмнөд хөршийн төлөөлөгчдийн тэргүүн, Хятадын соёлын хамтын ажиллагааны нийгэмлэгийн тэргүүн дэд ерөнхийлөгч Гү Жиэ(Gue Jie) цайны зам дагасан аялал жуулчлалыг хөгжүүлэх, цайтай холбоотой музей үзэсгэлэнгийн чиглэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, соёлын салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх гэсэн гурван санал дэвшүүлж байв.

Харин Монголын талын төлөөлөгчдийн тэргүүн УИХ, ЗГ-ын гишүүн ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан цайны зам бий болох, тэр замаар дамжин Евразийн өргөн уудам орон зайд эдийн засаг, соёлын харилцаа хөгжихөд, мөн тэрхүү харилцааны аюулгүй байдлыг хангахад монголчууд чухал үүрэгтэй оролцож байсныг илтгэлдээ онцлон тэмдэглэв. Мөн өнөөгийн нөхцөл байдалд цайны зам дагасан олон улсын хамтын ажиллагаанд Монгол Улс идэвхтэй оролцохын чухлыг дурдаад Евразийг холбосон худалдаа, эдийн засаг, соёлын харилцаа, аялал жуулчлалын гол шугам Монголоор дамжих нь олон талын ач холбогдолтой гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Гурван улсыг холбосон цайны зам нь түүхэн шалгуур давсан хамгийн дөт, аюулгүй зам бөгөөд орчин цагт энэ чиглэл дагуу худалдаа, аялал жуулчлал, соёлын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх бүрэн боломжтой гэж хуралдаанд оролцогч олон хүн үзэж байв.

Ер нь цайны зам дагасан хамтын ажиллагааг хөгжүүлэх яриа хэлцэл сүүлийн үед идэвхтэй яригдаж, Орос, Монгол, Хятадын цайны зам дагуух хотын дарга нарын саммит гэж зургаан ч удаа зохион байгуулагдчихаад байгаа аж. Долоо дахь удаагийнх нь энэ онд БНХАУ-ын Юньнан мужийн Пуэр хотноо зохион байгуулагдах гэнэ.

Цайны зам ийнхүү тив дамнасан, олон улсын хөгжлийн зам болох эхлэл бага багаар тавигдсаар байна.

4. НҮД БУЛААМ ДАГЕСТАН НУТАГ

Дагестан манайхаас хэдийгээр 30 дахин бага газар нутагтай ч элсэн манхнаас мөнх цаст хайрхад, усгүй хээрээс Каспийн тэнгис хүртэл байгалийн олон өнгө төрхийг агуулдгаараа онцлог. Европ дахь хамгийн том, 262 метрийн өндөртэй “Сары-кум” хэмээх элсэн манхан эднийд бий. Жума-мечеть гэж ОХУ-ын нутаг дэвсгэр дэх хамгийн эртний мечеть бий. Энэ бол Дагестанд исламын шашин түгсэн эхлэлийн цэг юм.

Бидний хувьд Сулакийн хавцал, Чиркейн усан сан, Избербаш, Дербент гэсэн чиглэлээр аялж, Дагестаны сонин содонтой танилцлаа. Сулак голын нийт урт 169 км бөгөөд энэ гол дээр дөрвөн усан цахилгаан станц бий гэнэ. Голын уугуул нэр нь Кой су. Энэ нь “Хонины ус” гэсэн утгатай үг гэнэ. Манайхан хонийг хой гэдэг дээ. Сулакийг алдаршуулсан гол зүйл нь 53 км үргэлжлэх эгц цавчим хадан хавцал. Энэ хавцлын хамгийн өндөр цэг нь1920 м өндөр гэхээр танд хэр төсөөлөгдөж байна. Александр Дюма 1858 онд “Кавказ” номондоо “Бид хамгийн сүүлийн нуруун дээр гарч ирээд өөрийн эрхгүй морьдынхоо жолоог татацгаав. Хөл дор газар байхгүй мэт санагдана” гэж бичсэн байдаг нь чухамдаа энэ хавцлын тухай юм.

Дагестаны мусульмануудын оюун санааны лидер асан Саид-афанди аль-Чиркави-гийн уугуул нутаг Чиркейд Умард Кавказын хамгийн том усан цахилгаан станц байдаг аж. Түүнийг дагаад асар том усан сан үүсчээ. УЦС-ын ажилчдын суурин бөгөөд цагийн аясаар аяллын цэг болон өргөжиж буй Дубки тосгонд очих юм бол энэхүү усан санд моторт завиар зугаалж, нутгийн загас шаруулж, байгалийн сайханд ханатлаа амрах боломж бий.

Хоёр мянганы настай Дербент хот бол бүх Оростоо хамгийн эртний хотуудын тоонд ордог. Инженерийн болон архитектур, уран сайхны шийдлийн хувьд дэлхийн хэмжээнд загвар болох хотын нэг гэгддэг. Бербент Монголын түүхтэй ч бас холбоотой. Монгол цэргүүд 1220 онд Азербайжан талаас Дербент рүү орж ирээд эхний удаад цайзыг эзэлж чадалгүй тойрон өнгөрч, 1239 онд дахин ирэхдээ бүрэн эзэлж, стратегийн энэхүү чухал цэгт суурьшсан түүхтэй. Арвандөрөвдүгээр зуунд доголон Төмөр жанжин, Чингис-Зүчийн удам Тохтамыш хоёрын зөрчилдөөний улмаас эндхийн ард түмэн гал усны гашуун зовлонд умбаж үзсэн гашуун түүх ч бас бий.

Дербентийн нэг бахархал нь Нарны кала цамхаг. Персээр “нарны цайз” гэсэн үг гэнэ лээ. Надад бол “нарны хаалга” гэсэн монгол үг ч байж мэднэ гэх бодол төрсөн. Нарын-Кала цайзыг Оросын хамгийн үзүүштэй 100 газрын нэг гэлцдэг юм билээ.

Газрын тосны Избербаш хот Каспийн тэнгисийн эрэг дээрх амралтын хотын нэг болжээ. Махачкалагаас 65 км-т орших энэ хот 1932 онд байгуулагдсан. Хуучин нэр нь Изберг. Тэнд бид “Избербашский” гэдэг нэртэй Оростоо томоохонд тооцогддог дарс, коньякны үйлдвэрээр орсон. “Избербаш” коньяк нь тун сайн чанарынх, борлуулалт ч сайтай байдаг бололтой. “Ийз бир баш” нь кумык хэлний “Уулан дээрх мөр” гэсэн үг гэнэ. “Izberbash” нэртэй “ариун идээ” таарвал амсаад үзээрэй гэж зөвлөе.

5. КАСПИЙСК ХОТЫН ТУХАЙ ЦӨӨН ҮГ

Каспийск бол Махачкалагийн дагуул хот. Каспийн тэнгисийн эрэг дээр байрладаг. 100 мянга гаруй хүнтэй. Өвөлдөө хасах 10 хэмээс дээш хүйтэрдэггүй ч чийглэг учраас ерөнхийдөө хүйтэвтэр, зундаа бол сүрхий халуун газар. Залуучууд ихтэй, оросууд хүн амын 10 орчим хувийг нь эзэлдэг, аюул багатай тайван хот. Шашны ялгаа гаргаад байдаггүй, ерөнхийдөө хуучны уламжлалаа эрхэмлэдэг учраас охид бүсгүйчүүд нь хэт задгай хувцасладаггүй, залуус нь ахмадуудаа ихэд хүндэлдэг нь алхам тутамд анзаарагдана.

Оросын засгийн газрын тэргүүн Д.Медведев 2017 онд Каспийск хотыг нийгэм-эдийн засгийн тэргүүлэх бүс болгон хөгжүүлэх тухай тогтоолд гарын үсэг зуржээ. Өөрөөр хэлбэл энэ хотын өмнө ихээхэн ирээдүй бий гэсэн үг.

ОХУ-ын хувьд Каспийск стратегийн чухал хот. Өнгөрсөн оны наймдугаар сарын 15-нд ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Каспийск хотод орчин үеийн тэнгисийн цэргийн бааз байгуулна гэдгээ мэдэгдсэн. Цэргийн чухал объектууд байрладаг нь л саад болчихгүй бол аялал жуулчлал хөгжихөд маш тааламжтай газар юм.

Б.ГАЛААРИД

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын Дэд даргыг хүлээн авч уулзав

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын Дэд даргыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Улсад айлчлан ирсэн БНХАУ-ын Дэд дарга Ван Чишанийг өнөөдөр Төрийн ордонд угтан мэндчилж, уулзалт хийв.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд болж буй энэ удаагийн айлчлалд нь амжилт хүсч, ноён Ван Чишанийг Монгол Улсад тавтай морилохыг урив.

Өнгөрсөн 70 жилийн хугацаанд хоёр улсын харилцаа олон сорилт шалгууртай тулгарч, хамтын хүчин чармайлтаар тэдгээрийг даван туулж өнөөгийн Иж бүрэн стратегийн түншлэлд хүрснийг талууд санал нэгтэй тэмдэглээд, цаашид хамтын хүчин зүтгэлээр стратегийн түншлэлээ шинэ агуулгаар баяжуулан тогтвортой хөгжүүлэхийн төлөө байгаагаа харилцан илэрхийлэв.

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хоёр талын хооронд өндөр, дээд түвшний харилцан айлчлал хэрэгжиж, хамтын ажиллагааны бүхий л салбарыг хамарсан олон чухал арга хэмжээ хэрэгжиж байгааг талууд онцлон тэмдэглэв.

БНХАУ-ын Дэд дарга Ван Чишань хариу хэлсэн үгэндээ, Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, Монголын ард түмний сонгосон хөгжлийн замыг БНХАУ ямагт хүндэтгэж ирснийг тэмдэглэхийн хамт, харилцан ашигтай, хамтдаа хожсон хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн болон орон нутгийн харилцааны салбарт хэрэгжүүлэхийг хүсч байгаагаа илэрхийлэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, энэ өдрүүдэд Монголын Үндэсний их баяр наадам тохиож буйг дурдаад, БНХАУ-ын Дэд дарга Ван Чишанийг улс түмнүүдийн түүх, соёлыг сонирхон судалдаг хүний хувьд Монголын ард түмний түүх, соёл, ёс заншил, үнэт зүйлсийг шингээсэн давтагдашгүй өвөрмөц баяр ёслолыг үзэж сонирхохыг хүсэв.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНХАУ-ын Дэд дарга Ван Чишань нар уулзалтын дараа:

§ “Монгол Улсын Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн дагалдах барилга байгууламжийн төсөл”-ийн гэрээ

§ Дорноговь аймгийн Замын-Үүд сум болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот хоорондын гэрээ

§ Дорноговь аймгийн Сайншанд болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотын Дархан мянгад холбоод хошуу хоорондын гэрээнд гарын үсэг зурах ёслолд оролцов.

Энэ үеэр БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлж байгаа Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудал чиглэлийн хурдны авто замыг ашиглалтад оруулах, Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх ёслолын самбарын хөшиг нээх ёслол болов.

БНХАУ-ын Дэд дарга Ван Чишань Монгол Улсад хийж буй айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзана. Тэрээр дагалдан яваа төлөөлөгчдийн хамт Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа, Үндэсний Түүхийн музей үзэж сонирхох юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

​“Тод манлай уяач Д.Даяндэмидийн” хонгор үрээ түрүүлж наадамчин олныг цэнгүүлэв

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр Наадмын хурдан хязаалангууд барианд орж ирлээ.
Түрүү магнай: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач Д.Даяндэмидийн хонгор үрээ түрүүлж, торгон жолоогоо өргүүлсэн бол Аман хүзүүнд: Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат Д.Мөнхбатын зээрд үрээ, Аман хүзүүнд: Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат Д.Мөнхбатын зээрд үрээ.Айргийн гуравт: Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уяач Н.Баттөмөрийн хүрэн үрээ, Айргийн дөрөвт: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн уяач Т.Цогбадрахын цавьдар зээрд, Айргийн тавд: Төв аймгийн Баян сумын уугуул Х.Нямжавын хээр хурдалж наадамчин олноо баясгав. Мѳн хязаалан насны морьдын уралдаанд 298 хүлэг бүртгүүлснээс 184 нь шандсаа сорьсон байна.

Т. Лхамсүрэн

Categories
мэдээ нийгэм

Наадмын хуушуур 1500 төгрөгийн үнэтэй байна

Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр эхэллээ. Хүй долоо худаг болон Төв цэнгэлдэхэд наадмын хуушуур 1500 төгрөгийн үнэтэй. Харин айраг нэг аяг нь 2000 төгрөг бол кока кола 1500-2000 төгрөгийн үнэтэй байна. Наадмын хуушуурны үнэ нэмэгдсэн шалтгааныг худалдаачид тайлбарлахдаа махны үнэ нэмэгдсэн хэмээж байлаа.

Categories
мэдээ цаг-үе

​УДЭТ-ийн жүжигчин Г.Номуун: Наадам дөхөөд ирэхээр хурим маань санаанд ороод сайхан байна

Сайн байна уу. Наадмын нээлт болох гээд тун завгүй байгаа бололтой. Энэ их ажлынхаа хажуугаар цаг гарган уулзаж байгаад баярлалаа. Жүжигчин Г.Алтангэрэл та хоёр өнгөрсөн жилийн наадмын нээлтээр монгол түмнийхээ өмнө гал голомтоо бадраасан. Энэ талаар яриагаа эхлэх үү, өргөн дэлгэр сайхан хурим болсон доо?

Наадам дөхөөд төв цэнгэлдэх хүрээлэн рүүгээ орж ирэхээр хуримаа хийж байсан үеийнхээ мэдрэмжийг ахин мэдэрч байна. Манай ажлынхан “Та хоёр ойгоо хийх үү” гээд л байгаа, бүх хүний л сэтгэлд үлдсэн наадам болж өнгөрсөн. Амьдралын маань хувьд хамгийн чухал өдөр. Энэ жил дахиад төрийн их баяр наадмынхаа нээлтэнд оролцох гэж байгаадаа баяртай байна.

Наадмын нээлтэн дээр хуримаа хийх саналыг анх хэрхэн авч байв?

Өнгөрсөн жилийн наадмын ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар ажилласан. Жүжигчдийн хурал хийдэг “17 дугаар” өрөөнд бүх жүжигчдээ оруулаад найруулагч маань “Энэ жилийн наадмаарбэр гуйх болон хуримлах ёсон дээр тулгуурласан үйл явдал гарахаар зохиол бичигдсэн байгаа. Энэ жилийн наадмын нээлт хоёр гол дүртэй. Гол дүрүүд маань наадмынхаа төв талбайд хуримаа хийнэ” гээд хэлсэн. Би гол дүрийн жүжигчнийх нь нэрийг сонсоогүй байхдаа бэлгэшээгээд л, ямар гоё үйл явдал вэ гэж бодож байлаа. Гэтэл найруулагч маань “Гол дүрийн жүжигчдээр нь жүжигчин Алтангэрэл болон түүний гэргий Номуун нарыг сонголоо” гэж хэлсэн . Найруулагчийн хэлэхийг сонсоод “Хөөх ямар гоё юм бэ” гээд л дуу алдаж байлаа. Зургаадугаар сарын дундуур найруулагч маань тэгж хэлсэн. Тэрнээс хойш бид хоёр хуримаа хийх үү, яах уу гээд л бодсон доо. Нэлээн ярилцсаныхаа дараа ер нь хуримаа хийе гэж шийдсэн. Манай гэр бүлийн найзууд “та хоёр ийм гоё боломжийг алдаж болохгүй” гэж зөвлөж байлаа. Тэгээд 20 хоногийн дотор наадмынхаа бэлтгэлийн хажуугаар хуримынхаа бэлтгэлийг хийгээд хуримаа хийсэн дээ. Маш том боломжийг олгосон найруулагчдаа баярлалаа.

Хүүхэд насны тань хамгийн сайхан наадам хэзээнийх байсан бэ?

Бага байхад наадмын нээлтийн утга санаа нь юу байна гэх мэт зүйл боддоггүй байлаа. Наадам болгон л сайхан байсан. Наадмын нээлтэнд дараалан 4, 5 жил оролцож байгаа. Наадмын нээлтэнд оролцсон жил бүхэн л сэтгэлд хоногшсон байна.

Энэ жил яаж наадах гэж байна?

Өглөө наадмынхаа нээлтэнд орчихоод л хуушуураа идэх байх. Тэгээд гэр бүлээрээ агаарт гарна даа.

Залуу үеийн төлөөлөл болсон олны танил гэр бүл гэдэг утгаараа хүмүүс та хоёроос үлгэр жишээ байхыг шаарддаг байх?

Бид хоёр өөрсдөдөө хатуу шаардлагыг тавьдаг. Цаг барих ёстой, үүрэг даалгавар авсан ажлаа хариуцлагатайгаар цаг хугацаанд нь хийдэг байх ёстой гэсэн шаардлагуудыг тавьдаг даа.

Та чөлөөт цагаараа ихэвчлэн юу хийдэг вэ?

Ихэвчлэн л театр дээр цагийг өнгөрөөдөг учраас бид хоёрт чөлөөт цаг ховор гардаг. Өглөөнөөс орой хүртэл бэлтгэлтэй байдаг болохоор жаахан зав гарвал гэр бүлдээ цаг зарцуулахыг хичээдэг. Гэр бүлтэйгээ агаар салхинд гарч, хүүхдүүдийнхээ төлөвшилд анхаардаг даа.

Жүжигчин мэргэжлийн хамгийн сайхан зүйл нь юу байдаг юм бэ?

Хүн болгон л өөрөөр хариулах байх л даа. Нэг бүтээлийн дүр аваад тэр дүр дээрээ ажиллахын тулд бүхий л сэтгэл зүрх, хүч чадлаа дайчлан асар их хүч хөдөлмөр зарцуулаад үзэгчдэд бүтээлээ үзүүлсэний дараа алга ташилт авах мөч, үзэгчдэдхүлээн зөвшөөрөгдсөн мэдрэмж л гоё байдаг.

Таны бүтээсэн дүрүүдээс өөрт тань хамгийн их таалагддаг дүр юу вэ?

Би театрт ороод 5, 6 жил л болж байна. Залуу хүний хувьд маш азтай, олон сайхан дүрдээр ажилласан. Эмэгтэй жүжигчин болгоны хүсэл мөрөөдөл Жулиеттагийн дүрд дээр ажиллалаа, одоо ч ажилласаар байгаа. Энэ бол хэзээ ч мартагдашгүй. Бодит хүний дүр дээр ажиллана гэдэг маш их хүч хөдөлмөр шаарддаг. Энэ утгаараа Их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн “Жаргаагүй нар” жүжгийн Пагмадуламын дүр маань сэтгэлд дотно байдаг. Дүр болгон л өөр өөрийн гэсэн онцлоготой.

Дэлгэцийн уран бүтээлд тоглох саналууд их ирдэг байх?

Дэлгэцийн уран бүтээлд тоглох саналууд нилээд ирсэн. Сая нэг уран бүтээлд тоглосон удахгүй нээлтээ хийнэ. Наадмын үйл ажиллагаа дууссаны дараа дахин нэг уран бүтээлд тоглох гэж байгаа.

Наадмын нээлтэнд оролцох гээд их л завгүй байгаа байх. Энэ их ажлын хажуугаар хүүхдүүдээ яаж зохицуулж байна даа?

Бид хоёрын мэргэжлийг гэр бүлийнхэн маань маш сайн ойлгодог. Тиймээс хүүхдүүдийг маань өвөө эмээ, ах эгч нар нь хардаг даа.

Ярилцсанд баярлалаа. Танд уран бүтээлийн амжилт хүсье, сайхан наадаарай.

Баярлалаа. Хотол олноороо сайхан наадаарай.

номуун алтангэрэл хурим зурган илэрцүүд

У.ЧИНЗОРИГ

Categories
мэдээ нийгэм

Тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн үед хэрхэн ажиллах талаар сургалт хийлээ

Эрүүл мэндийн сайдын “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 11 дүгээр албан даалгаврын дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын А/86 дугаар тушаал батлагдсан билээ. Энэ хүрээнд НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагуудад дэмжлэгт хяналтыг хийлээ. Түүнчлэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн үед халдварын голомтонд хэрхэн ажиллах, тусгаарлах өрөөний бэлэн байдал болон хариу арга хэмжээг шуурхай гүйцэтгэх талаар гардан сургалтыг зохион байгууллаа. Тус ажлын хүрээнд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн үеийн бэлэн байдал, багийн томилгоо, халдварт өвчнийг мэдээлэх журам, сэжигтэй өвчтөнийг тусгаарлах, халдвар хамгааллын дэглэм баримтлах заавар, эрсдлийн үнэлгээ хийх арга аргачлал, тарваган тахлын 1 дүгээр зэрэглэлийн хувцас өмсөж, тайлах дараалал, сорьц тээвэрлэх гурван савалгаат зарчим, урьдчилан сэргийлэлт, голомтын хариу арга хэмжээг зохион байгуулах, тарваган тахлын дархлаажуулалт, анхан шатны бүртгэл, дархлаажуулалтын дараах урвал хүндрэлийн тандалт сэдвүүдээр бодит тохиолдлоор жишээ авч, дадлага сургуулилтыг хийсэн байна. Манай улсын 15 аймгийн 137 сум тарваган тахлын байгалын голомттой бөгөөд есөн аймгийн 25 сумдад хүний өвчлөл гарах эрсдэлтэй “А” зэрэглэлд хамаарагддаг байна. Энэ оны дөрөвдүгээр сард Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд тарваганы эд эрхтэнг түүхийгээр нь хэрэглэсний улмаас хоёр хүн тарваган тахлын үжил хэлбэрээр өвчилж, нас барсан нь тухайн өвчин улиралчлал хамаарахгүй гарах өндөр эрсдэлтэйг харуулж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчид дөрвөн ажлын хэсгийн саналыг танилцууллаа

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил арга зүйн туслалцаагаар хангах дэд хэсэг өнөөдөр (2019.07.10) хуралдлаа. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч Д.Лүндээжанцан даргалж, Төрийн байгуулалтын байнгын хорооны референтүүд, дэд ажлын хэсгийн гишүүд оролцлоо.

Ажлын дэд хэсгийн гишүүд Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсэг, Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсэг, Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсэг, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгүүдээс гарсан саналын томьёолол тус бүрийг эхийг баригчид танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч Д.Лүндээжанцан ажлын дэд хэсгүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллын хүрээнд нэг бүрчлэн хэлэлцсэнийг үзэж танилцаад зарим үүрэг даалгаврыг ажлын дэд хэсгийн гишүүдэд өглөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Анх удаа өвдөг, түнхний үе солих мэс засал амжилттай хийлээ

Хөвсгөл аймагт Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс Хөдөө орон нутагт гэмтэл согогийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах төслийг хэрэгжүүлж эхэллээ. Төслийн хүрээнд орон нутгийн эмч нарын чадварыг дээшлүүлэх, орон нутагт байгаа эмчлүүлэгчид Улаанбаатрыг зорих урсгалыг багасгах, хугацаа алдалгүй эмчилгээ хийлгэх нөхцөлийг бүрдүүлэн орчин үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай үзүүлэхэд төслийн зорилго оршиж байна. Хѳвсгѳл аймгийн Нэгдсэн эмнэлэгт анх удаа өвдөг, түнхний үе солих мэс засал амжилттай хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ГССҮТ-ийн захирлын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгч н.Галбадрах, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд, ЭМГ-ын дарга М.Үүрийнбаяр, Нэгдсэн эмнэлгийн дарга С.Чагнаадорж нар оролцлоо. Төслийн нээлтийн үйл ажиллагааг нээж Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл үг хэлэн 160 сая төгрөгийн өртөгтэй CRMаппаратыг Орон нутгийн хөгжлийн сангаас гаргаж нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг хийх бүрэн боломжтой болж байгаад удирдлага, хамт олонд талархал илэрхийлж байлаа.

Categories
мэдээ спорт

Шүдлэн: Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Д.Ганзоригийн хар үрээ түрүүллээ

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр Наадмын шүдлэн насны морьдын айргийн тавд хурдалсан хүлгүүд:

Түрүү магнай: Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Д.Ганзоригийн хар үрээ. Уралдаанч хүүхдийн дугаар 29.

Аман хүзүү: Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын хар үрээ. Уралдаанч хүүхдийн дугаар 717.

Айргийн гурав: Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат Г.Баттулгын зээрд халзан үрээ. Уралдаанч хүүхдийн дугаар 509.

Айргийн дөрөв: Завхан аймгийн харьяат Улсын алдарт уяач Б.Баярдоржийн хар үрээ. Уралдаанч хүүхдийн дугаар 301.

Айргийн тав: Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат О.Амгаланбаатарын хээр алаг үрээ. Уралдаанч хүүхдийн дугаар 282.