Categories
мэдээ нийгэм

Баярын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарь

Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813 жил, Үндэсний эрх чөлөөний 108, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баярын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг Хотын Захирагчийн ажлын албанаас гаргасан байна.

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ

Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана.

Хүнсний дэлгүүр: 07 дугаар сарын 10-ны өдөр 7.00-24.00 цаг хүртэл, 07 дугаар сарын 11.12.13-ны өдрүүдэд 09.00-24.00 цаг хүртэл, 07 дугаар сарын 14-ний өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Номин холдинг” ХХК–ний салбар дэлгүүрүүд: 07 дугаар сарын 09-14-ний өдрүүдэд Чулуун овоо Номин агуулах худалдаа 08.00-23.00, 22-ын товчоо Номин агуулах худалдаа 07.00-24.00, 32-ын тойрог Номин хайпермаркет 08.30-24.00, Драгон төвд Номин хайпермаркет 07.30-22.00 цаг хүртэл ажиллана.

07 дугаар сарын 07-15-ныг дуустал “Номин”-ийн бүх супермаркетууд болон хайпермаркетууд бусад хамааралтай салбарууд амралтгүйгээр ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Алтан жолоо трейд” ХХК –ны “Сансар” сүлжээний бүх супермаркетууд: 07 дугаар сарын 09-15–ны баяр наадмын өдрүүдэд ердийн цагийн хуваарийн дагуу 08.00-24.00 цагт ажиллаж, “Сансар -6”, 22-ын товчооны зүүн талд ”Сансар-22”, Баянзүрхийн товчоо “Сансар-39”, Яармаг “Сансар -34” 06.00 -24.00 цагт ажиллана.

Баярын бүх өдрүүдэд “Сансар-9” бөөний төв 09.00-21.00 цаг хүртэл хэвийн ажиллана. 07 дугаар сарын 10-нд “Сансар -10” 09.00 -21.00 цагт ажиллаж 07 дугаар сарын 11-14-нийг дуустал амраад 07 дугаар сарын 15-нд 09:00 -21:00 цагт ажиллана. 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн бүх салбарууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Моннидер ХХК”-ний Оргил супермаркетууд: 2019 оны 07 дугаар сарын 05-наас 13-ны өдрүүдэд Тусгаар тогтнолын ордны “Оргил” 09.00-22.00 цаг, Налайх, Амгалан, Энканто, Шилтгээн, 6 буудал, Төв салбар 09.00-22.30, Сонсголон, Яармагийн Оргил салбар 08.00-22.30, Зунжин салбар 09.00-23.00 цаг хүртэл ажиллана.07 дугаар сарын 14-ний өдрөөс энгийн цагийн хуваариар ажиллана.

“Боса” ХХК-ний “Дэйли гросерс” /Daily grosers/ сүлжээ дэлгүүрүүд: Баярын өдрүүдэд 08.00-23.00 цаг хүртэл амрахгүй ажиллана.

“Миний дэлгүүр” ХХК-ний сүлжээ дэлгүүрүүд: 07 дугаар сарын 10–нд 08.00–24.00 цагт ажиллана.Баярын өдрүүдэд Нарны зам болон Нисэхийн “Миний хайпермаркет” 08.00-24.00 цаг, бүх сүлжээ дэлгүүрүүд амралтгүй ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Е -Маrt” их дэлгүүр: 07 дугаар сарын 09,10-нд 09.00-23.00 цагт ажиллана. 07 дугаар сарын 11-ний өдөр 09.00-20.00, 07 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд 11.00-20.00, 07 дугаар сарын 14,15-ны өдрүүдэд 10.00-22.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Нарантуул” худалдааны төв: 07 дугаар сарын 10 -ныг дуустал амрахгүй ажиллаж, 07 дугаар сарын 11–16-ыг дуустал амраад, 07 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хар хорин” худалдааны төв: 07 дугаар сарын 10–нд 09.00 -19.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11-15-ны өдрийг дуустал амарна. 07 дугаар сарын 16–ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Барс” 1, 2 худалдааны төвүүд: 07 дугаар сарын 10–нд 09.00 –20.00 цаг хүртэл ажиллаж, 07 дугаар сарын 11-14-ний өдрийг дуустал амарч, 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хүчит шонхор” худалдааны төв: 07 дугаар сарын 10–нд өглөө 04.00–18.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11-15-ныг дуустал амарч, 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Да хүрээ” авто худалдааны төв: 07 дугаар сарын 1.8–нд 09.00–18.00 цаг хүртэл 07 дугаар сарын 10-нд 09-15.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11-15–ныг дуустал амарч, 07 дугаар сарын 16–ны өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд: 07 дугаар сарын 10-нд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж, 07 дугаар сарын 11-15–нд амарна. 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

НИЙТИЙН ХООЛ

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ресторан, баар, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд 07 дугаар сарын 10–нд ердийн цагийн хуваариар ажиллаж, 07 дугаар сарын 11, 12-нд амраад, 07 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Тусгай захиалгат үйлчилгээтэй 1 дүгээр зэрэглэлийн ресторанууд цагийн хуваарийн дагуу ажиллана.

Үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх хоолны газрууд тухайн байгууллагынхаа ажиллах цагийн хуваарийг дагаж мөрдөн ажиллана.

АХУЙ ҮЙЛЧИЛГЭЭ

Үсчин, гоо заслын үйлчилгээний газрууд 07 дугаар сарын 10–нд 2 ээлжтэй салон 09.00 –21.00 цаг, 1 ээлжтэй газар 09.00 -17.00 цаг хүртэл ажиллаж, 07 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд амарна.

Хувцас, гутал, ахуйн электрон цахилгаан хэрэгсэл засварын газрууд болон хими цэвэрлэгээ, угаалгын газрууд 07 дугаар сарын 10–нд 09.00 –17.00 цаг хүртэл ажиллаж, 07 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд амарна.

Ахуйн үйлчилгээний бүх цэг салбарууд 07 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу явагдана.

УЛААНБААТАР ХОТЫН “ШУУРХАЙ УДИРДЛАГА ЗОХИЦУУЛАЛТЫН ТӨВ”

Шуурхай ажиллагааны алба 24 цагаар тогтмол ажиллаж, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамж, нийтийн тээвэр зэрэг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харъяа байгууллага, газар, хэлтсүүдээс үзүүлж буй үйлчилгээний талаар гарсан гомдол саналыг хүлээн авч ажиллана.

Шуурхай үйлчилгээний алба – гомдол, саналыг 310005, 76111005 дугаарын утсаар тус тус хүлээн авч шуурхай үйлчилнэ.

ОРОН СУУЦ , НИЙТИЙН АЖ АХУЙ

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, түүний харъяа салбар компаний ээлжийн инженер, засварчин, цахилгаанчид 24 цагаар ажиллан, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамжийн талаарх дуудлагыг 70005454 утсаар, санал, гомдол, шуурхай ажиллагааны дуудлагыг 325595 дугаарын утсаар тус тус хүлээн авч барагдуулна.

Аваарийн шуурхай албатай 325595 дугаарын утсаар харилцана. ОСНААУГазар дээр ариутгах татуургын машин 24 цагаар дуудлага авч ажиллана.

Categories
мэдээ спорт

О.Батбилэгийн халзан азарга түрүүллээ

Image result for О.Батбилэгийн халзан азарга

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан азарга барианд ирлээ. Үндэсний их баяр наадмын азарганы уралдаанд О.Батбилэгийн халзан азарга түрүүлжээ. Н.Баттөмрийн хонгор азарга, Архангай аймгийн Хотон сумын А.Дуламсүрэнгийн хар азарга тэргүүтэй хурдан хүлгүүд айргийн тавд хурдалсан байна.

Categories
мэдээ нийгэм

“Дээлтэй монгол” наадам дэлгэр сайхан болж өндөрлөлөө

Гэрэл зургуудыг У.Уранбилэг

Монголын ирээдүй болсон хүүхэд, залууст үндэстэн ястны дээл хувцас эд хэрэглэл, ардын урлагын биет болон биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Дээлтэй Монгол” наадам уламжлал ёсоор 13 дахь жилдээ зохион байгуулагдлаа.

Тус наадмыг нийслэлийн Засаг даргын Тамгийн газар, Нийслэлийн Аялал Жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, Монгол костюмс ХХК хамтран зохион байгуулсан бөгөөд жил жилийн наадам өөр өөрийн гэсэн өнгө төрхтэй зохион байгуулагддаг.

Энэ жилийн хувьд Монголын уламжлалт тоглоом наадгай, эсгий урлал, язгуур урлаг, эртний эдлэл, Монгол бөөгийн өргөө гэрүүдийг байгуулж, иргэд жуулчдад үндэсний зан заншил, өв уламжлалаа танилцуулсан юм. Мөн ӨМӨЗО болон Тува улсаас төлөөлөгчид ирж оролцсоноороо онцлог юм.

“Дээлтэй монгол” наадамд Нийслэлийн зургаан дүүргийн иргэд төлөөлөгчдөөс гадна Бяцхан мисс ОУХБ, Нийслэлийн “Хүрээ” амаржих газар, Босоо хөх Монгол НҮТББ, Монголын Буриадын төв холбоо, Монголын Үндэсний Морьт харвааны холбоо, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Торгууд хувцас заслын компанийн төлөөллүүд оролцлоо.

Арга хэмжээний хүрээнд 1500 гаруй оролцогчид үндэсний хувцас чимэглэлээр гоёж, параданд оролцсоноос гадна тойрон бүжиг, загварын үзүүлбэрүүдийг зохион байгуулж шилдэг эрэгтэй, шилдэг эмэгтэй, шилдэг гэр бүл, шилдэг хүүхэд, шилдэг гадаад эрэгтэй, шилдэг гадаад эмэгтэй, шилдэг байгууллага, шилдэг дүүргүүдийг тодруулсан юм.

-Танай гэр бүл хэд дэхь жилдээ оролцож байгаа вэ?

-Энэ жил анх удаагаа оролцож байна. Бид Австралын Сидней хотод амьдардаг. Энд хуримаа хийхээр түр хугацаагаар ирээд байна.

-Сэтгэгдэл хэр байна вэ?

-Үнэхээр гайхамшигтай. Яг Монгол үндэстнийхээ олон төрлийн хувцас, эд хэрэглэл, соёлтой танилцаж байгаадаа маш их баяртай байна.

-Энэ арга хэмжээнд яагаад оролцох болсон бэ?

-Өнөө өглөө манай нөхөр Дээлтэй Монгол наадам болох юм байна, хоёулаа оролцъё гэхээр нь үндэсний хувцсаараа гоёод зорин ирж оролцож байна.

-Танай гэр бүл хэд дэхь жилдээ оролцож байгаа вэ?

-Сүүлийн 5 жил дараалан оролцож байна.

-Таны хувьд энэ жилийн Дээлтэй наадам юугаараа онцлог болж байна вэ?

-Нилээд өргөн хүрээг хамарч зохиогддог болсон байна.

Энэ наадамд оролцсон сэтгэгдэл хэр байна вэ?

-Монгол хүн болж төрсөндөө өөрийн эрхгүй омогшиж байна. Бид Монгол хүн болж төрснөөрөө бахархах хэрэгтэй.

Даяарчлалын зуунд хадгалагдан үлдсэн нүүдэлчдийн соёлын чухал хэсэг болох Монгол үндэстэн ястны хувцас, гоёл чимэглэлийг дэлхий нийтэд гайхуулан сурталчилдаг тус наадам сүүлийн жилүүдэд жуулчдын сонирхлыг татсан томоохон баяр болж өргөжжээ.

Н.АМАРТҮВШИН

Т.ЛХАМСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

​Наадмын үеэр худалдаа, үйлчилгээ үзүүлэхэд хориглох зүйлс

Image result for Наадмын үеэр худалдаа

Наадмын үеэр худалдаа, үйлчилгээ үзүүлэхэд хориглох зүйлс:

  • Гар дээрээс ил задгай худалдаа, барааны төвлөрсөн худалдаа эрхлэх; согтууруулах ундаа, тамхи худалдах;
  • Майонез, өндөг, крем, хиам тэдгээрийг оролцуулсан түргэн гэмтэж муудах бүтээгдэхүүн худалдах;
  • Халаасан хоолоор үйлчлэх, нөөшилсөн бүтээгдэхүүнийг задалж худалдах, удсан хоолыг дахин боловсруулж үйлчлэх;
  • Шорлог, хуушуур, хорхог зэрэг халуун боловсруулалт хийсэн бүтээгдэхүүнийг заасан байрлалаас өөр газарт зөөж худалдах;
  • Зөвшөөрөл олгосон цэгээс бусад байршилд гэр, асар, сүүдрэвч байрлуулах;
  • Хог хаягдлыг ил задгай хаях, шингэн хаягдлыг зориулалтын цэгээс бусад газарт асгах;
  • Хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх худалдаа, үйлчилгээ эрхлэх;
  • Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 189 дүгээр тогтоолоор “0,035мм болон түүнээс нимгэн нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа үйлчилгээнд хэрэглэхийг хориглосон” уут хэрэглэх
  • Аюулгүй байдлын шаардлага хангаагүй газын хэрэгсэл хэрэглэхийг тус тус хориглоно.

Баяр наадмын үеэр хориглосон, зөвшөөрөлгүй худалдаа үйлчилгээ явуулсан тохиолдолд дараах арга хэмжээ авахыг анхааруулж байна.

  1. Төрийн хяналт шалгалтын тухай хууль 10.9.7. заалт: Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох, холбогдох бүтээгдэхүүнийг худалдах, борлуулахыг хориглох, устгах, энэ тухай олон нийтэд зарлан мэдээлэх.
  2. Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйл. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчих

3.1.Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3. Зөрчлийн тухай хуулийн 10.4 дүгээр зүйл. Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааны журам зөрчих:

1.Зөвшөөрөлтэйгөөр эрхлэх худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээг зөвшөөрөлгүйгээр явуулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.

2.Эрх бүхий байгууллагын шийдвэрээр хориглосон газар, цэгт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн заалттай юм.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Мөөеө аваргын нулимстай тэр жилийн наадам

Зураг дээр зүүн гараас С.Лхагва начин, Д.Долгорсүрэн заан, Д.Мягмар заан,

Х.Баянмөнх аварга, Д.Цэрэнтогтох аварга, Ц.Санжаа заан. 2008.07.12

Наадмын урьд орой Дан­зан ах яриад “Нөхөр минь чи, мандат асуугаад байл уу. Гэрээр ирж авах уу” гэж бай­на. Дуун дээр нь уухайн тас зөвшөөрөлгүй хаачихав. Мань хүн үндэсний их баяр наадмын бөхийн салбар ко­мис­сын нарийн бичгийн дар­га. Шөнө дүл болсон хойно тэднийд тавьж хүрлээ. Мар­гааш өглөөний мандмал нар­тай зэрэгцэн наадам эхлэх гэж байдаг. Бөхийн комиссын нарийн бичгийн даргын ажил гэдэг ар араасаа л ундарч байгаа нь дамжиггүй. Шө­нийн арваннэг, арванхоёр цагийн үед очиход сая л гэрийн бараа харж байгаа бололтой, хадмынхаа нутаг Архангайн Хотонтын айраг­наас хулаар мэлтэлзүүлсэн шигээ сууж байна. Бас болоо­гүй ээ, Дашийн Мяасүрэн гуайтай хамтарч бүтээсэн “Түшээт ханы Намхай аварга” дуугаа аялсан шигээ гоёлын­хоо дээл хувцсыг бэлдээд.

“Өнөө
жилийн наадамд хэн хэн зодоглох гэж байна даа” гэхэд, лав л Цэрэнтогтох аварга барилдахгүй сураг байна. Бөхийн бүртгэлд нэр нь алга гэнэ. Ингэж л миний бие соёлын гавьяат зүтгэлтэн Довдонгийн Данзангаас “Наад­мын ногоон талбайд ажиллах эрхтэй” гэсэн ман­дат авч, өнөө л хүчит авар­гуудтай бөхийн асарт суудал зэрэгцсэн нь тийм учиртай. Хаа нэг наадам найрын үеэр гаргаж салхи амсуулдаг саа­рал даавуун тэрлэгээ өмсөөд гарч өглөө дөө.

Төв цэнгэлдэхийн урд хаал­­гаар эртхэн шиг шуд­раад авлаа. Нээлтийн ёслол дөхүүлж, Төрийн тэргүүн үг хэлэх үед харуул хамгаалалт гэдэг чинь манийг байтугайг нь нам зогсоодог болохоор юм эртхэндээ дээр бодсон минь зөв байсан нь мэдээж. Хэлхгэр халхгар бөхчүүд нэг нэг том цүлхийсэн цүнх үүр­чихсэн өнгө өнгийн дээлээр гоёцгоожээ. Царай зүс нь хүрэн бор, ёстой л нөгөө хүрэл эрчүүд гэдэг чинь тэд байна. Аймаг аймгаараа, гал галаараа бөөгнөрөөд зогсч байв. Увсынхан Баянаа авар­гаа бараадчихсан, Баянаа аварга болохоор Мөөеөгөө хайгаад байгаа бололтой ийш тийшээ хараад л. Харц нь нэг л тогтож өгөхгүй байгаа нь илт. Арга ч үгүй юм даа, халуун залуу насныхаа ааг омог, амжилт ялалт, баяр хөөр, харамсал харуусал бүхнээ тамгалж орхисон но­гоон дэвжээнд наадмын өг­лөө аваргуудын сэтгэл на­саа­­раа уягдчихсан морь шиг л байдаг байх.

Тэгтэл удаа ч үгүй Мөөеө аварга цэнгэлдэхэд ороод ирлээ шүү. Хүрэн торгон дээлийнхээ хормойг үл ялиг­хан чичрүүлсхийн алхаад Баянаатайгаа уулзаж байна. Гартаа нэг чамин цүнх, нарны шүхэр ч билүү, бас нэг зүйл барьчихсан инээд алдаад “Ид үед голын цэнгэлдэхээр орж ирэхэд намсхийх шиг л болдог сон” гэх өөрийгөө болоод Баянаагаа явуулсан яриа хөөрөө дэлгэсэн шигээ зогсоно. Хоёр аваргыг тийн хөөрөх зуурт Сосорбарам, Эрдэнэ-Очир, Мижиддорж, Хайдав нарын арслангууд, за тэгээд ахмад заан, начингууд бүгд л ирж эрэмбээрээ мэнд усаа мэдэлцэж байлаа. Наад­мын нээлт дууссаны дараа бөхийн барилдааны нэгийн даваа эхлэв. Гэлэгжамцын Өсөхбаяр аварга зүүн жи­гүүрийг магнайлан 512 хүч­тэнийг түүчээлэн боссон. Тэр жил анх удаа Өсөхөө аварга зүүн жигүүрт гарсан юм. Үнд­сэндээ Өсөхөө, Сумъяа хоёр л аваргуудаас босч байлаа. Өмнөх жилүүдэд нь зүүн жигүүрийг Дашдоржийн Цэ­рэн­тогтох аварга манлайлж байсан санагдана.

Баянаа аварга тодоос тод улаан шаргал дээлээ хөглө­рүүлээд, Мөөеөтэйгээ хөт­лөл­цөөд цэнгэлдэхийн зүүн талд байх бөхийн асар буюу аваргуудад зориулсан модон саравч руу хандлаа. Би гэдэг хүн дагаад л туучихлаа. Өнөө­­дүүлтэй чинь хамт очоод суудал зэрэгцээд ав­лаа. Өврөөсөө тэмдэглэлийн дэвтэр гаргаж ирээд бас бус зүйлийг тэмдэглэхээ аядав. Юу чиг тэмдэглэх вэ дээ. Гэхдээ л хэлбэрдэхгүй юу даа. Аваргууд бол намайг албаны хүн гэж л ойлгоод байгаа. Харин би болохоор “Наад­мын ногоон талбайд…” гэх мандатаа нүүрэндээ наах нь холгүй хүзүүнээсээ пайз шиг зүүчихсэн, пээдгэр амьтан л алхаад байгаа. Бөхчүүдийн модон саравчийг манайхан мэднэ дээ. Яагаав, тэр жил Сүхбат аварга зодог тайлж бөхөд хайртай олныхоо сэт­гэ­лийг үймрүүлж, гомдоож орхихдоо Пүрэвээ засуулын хамт төрийн есөн хөлт тугнаасаа адис авчихаад Баянаа аваргын зүг ханддаг даа. Тэгээд аваргын энгэрт хацраа наагаад жаахан хүү­хэд шиг мэгшин уйлж буй дүр зургийг мэдэхгүй хүн ховор. Тэр модон саравчийг хэлээд байна л даа. Мөөеө, Баянаа аваргаас гадна Өлзий­сайханы Эрдэнэ-Очир арс­лан, олон түмнээ “том” хэ­мээн алдаршсан Цэрэн­донойн Санжаа заан, улсын начин Сэнгэдовдонгийн Лхаг­ва нарын ахмадууд сууцгаа­сан юм. Тэд бөхчүүдийнхээ өнгийг л шинжиж байсан. “Өнөө жил залуучууд л өнгө­тэй байна даа” гэсэн нь гар­цаагүй үнэн байж билээ. Тэр жил(2008 он)-ийн наадмын шөвгийн дөрөвт Б.Ганбат заан хамгийн түрүүнд ам авч байсан гэж бодохоор залуу­чууд өнгөнд гарч ирсэн нь илэрхий. До.Ганхуягийн на­чин цолтой түрүүлдэг наадам шүү дээ. Нэгийн давааны эхний дүйзүүд болох улсын цолтнууд ам бөхчүүдээ ээлж дараалан унагаж, цэргийн хүүхдүүд малгайгаа барин гүйлдэж байх зуур Эрдэнэ-Очир арслан “Хүүхээ, хоёу­лаа наадмын хуушуур олж идэх үү” гэдэг юм байна.

Өвгөн арсланг тохойлдон босч байтал Лхагва начин “манай хүүхдүүд хуушуур авчирч өглөө” гээд бор ууттай, цаасан уутандаа тос нь нэвч­сэн халуун хуушуур аваад ирлээ. Эрдэнэ-Очир арслан, Лхагва начин бид гурав мо­дон саравчнаасаа жаахан цаашилж ширэг зүлгэн дээр хөлөө жийн сууцгаагаад наад­мын хуушуурын амт үз­сэн. Лхагва начингийн хүү жүжигчин Дэмидбаатарын аавдаа авчирч өгсөн хуушуур болов уу гэж бодно. Эрдэнэ-Очир гуай “мангар аа, нааш ир. Хуушуур ид” гэж Санжаа зааныг дуудлаа. Монгол бө­хийн дэвжээнд нэгэн цагт гарч ирсэн хүчтэнүүд бол яах ар­га­гүй Эрдэнэ-Очир, Санжаа нар л даа. Өвгөн арсланг манайхан дөрвөн үеийн удам­тай бөх гэдгийг мэднэ байх. Арслангийн өвөө нь Хас гэж даншгийн цолтой бөх байсан бол аав нь Хасын Өлзийсайхан гэж төрийн наад­мын үзүүр булааж, Түвдэндорж аварга, Дор­нодын “гулзгай” Дамчаа арс­лан, Буур аварга, “аат” Лув­сан­жамц, Шаравын Ванчин­хүү нарын домог болсон хүч­тэнүүдтэй гар зөрүүлж явсан бөх юм. Эрдэнэ-Очир арслан тавин долоон онд байна уу даа, ааваараа дөрөв давж тэр жилээ улсын цолонд хүрч байсан түүхтэй.

Хоёрын даваа дундаа орчихсон байх үед сарав­чиндаа ирж суулаа. Аваргууд маань мөн л наагуур цаагуур явж наадамчин олонтойгоо мэндчилж, нутгийн бөхчүү­дийнхээ өнгийг харж бахдаж яваад иржээ. Мөөеө аварга ирээд суучихсан байна. Цэ­рэн­тогтох аварга хөх ч гэмээр юм уу, ногоон ч гэмээр юм уу нэг л гоёмсог торгон дээлтэй ирчихсэн луу мэт сууж байна. Хоёрын даваанд тахимаа өгсөн залуучууд бөхчүүдийн модон асрын хажууханд ирж бай мөрийгөө авч байлаа. Хадаа аваргатай жигтэйхэн адилхан хүү Даваажав нь зодоглоод хоёрын даваанд уначихсан таахага таахага алхаад ирдэг юм аа. Элэг бүснийх нь уяа газар сул унжчихсан, хүүхэд шиг инээм­сэглэл тунаруулан ирсэн тэрээр шууд л Мөөеө аварга дээр хүрээд ирэв. Мөөеө аварга ч түүнийг хүлээгээд үг ч дуугарахгүй духайгаад сууж байв. “Даваажав аа, яав аа” гэвэл, өнөө бага Хадаа чинь толгойгоо маажаад “нэг л болж өгөлгүй уначихлаа, ах аа. Ядахад энэ баруун гуян дээр хатиг гарчихсан түүндээ зовиурлаад мэх ч хийж чад­сангүй…” гээд нэг давсны бай мөрийгөө авахаар цааш ханд­­лаа. Тэрхэн хоромд Мөөеө аварга чив чимээгүй суугаад л байлаа. Миний бие аваргатай бас ч үгүй тав гур­ван үг сольж суусны хувьд аварга яагаад чимээгүй бол­чихов гээд хартал мэлмэ­рүүлж суудаг байгаа. Хадаа­гаа боджээ. Зүрх сэтгэлдээ төрсөн үр шигээ хадгалж, хайрлаж явсан энгүй их хүчит Хадаа нь Баянаад юм уу, Цэрэнтогтох, Мөнгөн, Ган­баатар…өөр хэнд ч юм бэ дээ тахимаа өгчихөөд Мөөеө аваргынхаа өмнө гэм хийсэн хүүхэд шиг үсээ илбэсээр ингээд л ирдэг байсан болов уу. Тийм л дурсамж дурдатгал сэтгэлийг нь өвтгөж, цээжийг огшоож өөрийн эрхгүй мэл­мэрүүлэхэд хүргэсэн байх. Мань хүн ерөөс Хадааг нь өвчиж төрсөн тэр хүүгийн барилдахыг харах гэж л хоёрын давааг яс сууж хүлээ­сэн нь тодорхой. Даваажав ч байгаа аваад яваад өглөө. Мөөеө аварга ч модон саравчнаас босоод явчихсан даа.

Дөрвийн даваанд байна уу даа, Магалжав харцага, Бат­заяа начин хоёр жаахан бу­дилдаг юм аа. Чи давсан, би давсан, дахиж барилдана, барилдахгүй гээд л. Тэгтэл Санжаа заан “наад хоёрыгоо хас” гэд сүртэй нь аргагүй хашгирав. “Одооны энэ за­луу­чууд нэг л халирамтгай болчихсон. Бидний үед чинь бол аймаар л юмнуудтай даваа бүрт л тунадаг байлаа. Хэзээ ингэж маргаж байлаа даа” гээд л. Өвгөн заан үнэ­нээ л өгүүлж байна. “Тавын даваа хэдхэн мөчийн дараа эхэллээ” хэмээн бөх тайл­барлагчийн цээлхэн хоолой цуурайлахтай зэрэгцээд цэн­гэлдэх шуугиад явчихаж байгаа юм. Би гэдэг хүн амихан­даа хоёр найзыгаа л бодож суулаа. Соронзон­болд, Бямбажав хоёрыгоо. Манай хоёр нэг нь аймгийн, нөгөө нь цэргийн арслан цолтой байсан. Хоорондоо үй зайгүй найзууд. “Хор­шоо­лол” нийгэмлэгт Дамиран­гийн Баатаржав гэж хүний гар дээр анх очиж байсан хоёр. Би болохоор Бямбажавыг сайн мэдэхгүй. Харин Сорон­зоор дамжуулж түүнтэй нө­хөр­лөөд байсан үе. Тавын даваанд хэд хэдэн удаа өв­дөг­лөж, начин цолны үзүүр дээрээс атгаад алдсан хоёрыг маань өнөө жил хэн амлаж халаадаг билээ хэ­мээн аминдаа зүрхшээж л суусан. Тэгтэл өнөө хоёр золигийг чинь тавын даваанд хэн ч амлалгүй хооронд нь тунагачихдаг юм аа. Бүүр ч зүрхшээгээд явчихлаа шүү. За ямар чиг байсан нэг нь цолонд хүрэх нь ээ гэж бод­лоо. Ингээд өнөө хоёрын барилдаан Соронзон­болдын даваагаар өндөрлөж Алтай нутгийн залуу, анд нөхөр минь улсын цолны босго алхдаг юм аа. Соронзыг туг тойроод ирэхэд нь өмнөөс нь гүйлээ. Баяр хүргэлээ. Дахиад даваа бий шүү гэсэн зүйл хэлээд холд­лоо. Гэтэл өнөөх чинь зургаад өмнөх жилийнх нь наадмын түрүү бөх Хадбаатарын Мөнх­баатар арсланг, долоод Гэлэгжамцын Өсөхбаяр авар­гыг даваад заан болчихдог байгаа. Санаанд багтамгүй сайхан баяр гэж тэр байх. Зургаагийн даваанд Цэрэн­тог­тох аварга бид хоёр л өнөө модон саравч дотроос илүү­тэй өндөлзсөн шиг санагддаг. Цэрэнтогтох аварга хүргэ­нийхээ дээлийн захыг муш­гиад сууж байгаа. Хүргэн нь Д.Рагчаа гарьд л даа. Тухайн үед заан цолтой байсан. Раг­чаа зургаагийн даваанд Сүх­бат аваргын шавь Өлзий­батын Даваабаатар гэж ул­сын цолгүй залууг амласан байв. Даваабаатар Сэлэн­гийн Өсөх-Ирээдүйгээр ул­сын цолны босго алхчихаад Рагчаатай үзсэн нь тэр. Тун эвгүй барилдаантай тэрээр Рагчаа зааныг тонгорчихлоо. Ингээд начин цолыг алгасч харцага боллоо. Рагчаа тахи­маа өгчихөөд хадам аав дээ­рээ ирдэг юм аа. “Цэрэн­тогтох аварга “Та хоёр уул нь ойрхон л газардсан даа. Чи арай л эрт, жаахан яараад тахимаа өгчихөв үү” гэж бай­на. Рагчаа аргаа барахдаа “Та тэгээд хамт унасан, да­хиулъя гэж орилоод байхгүй яасан юм бэ. Одоо нэгэнт тахимаа өгчихсөн, өнгөрсөн” гэх зүйл хэлээд цааш алх­чихлаа. Царай нь гэж барай­сан л юм харагдана. Үнэндээ бүтэн жилийн хөдөлмөр тэ­гээд нурна гэдэг хэцүү л дээ. Өөр нэг сонирхолтой барил­даан нь Сумъяабазар аварга Бөхийн холбооны тэргүүн Нямдоржийн хүү Ганбаатар нарын хооронд болсон юм. Сумъяаг Ганбаатарыг амла­хад Цэрэнтогтох аварга ши­рээ­гээ шааж “Сумъяа дандаа буруу ам авах юм. Ган­баатарыг ноднин л авдаг газар байсан шүү дээ. Одоо бол барахгүй ш дээ” гэж бай­сан. Үнэхээр ч Сумъяа аварга өндөр Ганбааг бараагүй.

Долоогийн даваа шувт­рахад зүүн баруун жигүүрийг магнайлж боссон Өсөхөө, Сумъяа аваргууд үзэгчдийн суудалд хэдийнэ шилж­чихсэн, Доржсамбуу гарьд, Мөнхбаатар арслан, Баяр­жавхлан гээд дээгүүр барил­дах бөхчүүд бүгд тахимаа өгчихсөн байлаа. “Хүн бүр л Ганбатын наадам боллоо доо” гэж шагшиж байв. Үнэн­дээ тэгж бодохоос ч өөр арга­гүй байв. Наймын даваанд Ганбат (тухайн жил заан цолтой байлаа) шинээр заан цолны болзол хангаад бай­сан До.Ганхуяг, Нямдоржийн Ганбаатар, Баттулгын Сорон­зонболд нараас ам авч бай­гаа юм. Төв цэнгэлдэхийн баруун урд талын асраас Ганбатыг ам авахаар гарын даа нарын зүг хандахад Эрдэнэ-Очир арслан “Ган­хуягийгаа аваарай” гэж хоо­лой мэдэн орилж байлаа. Түүнийг нь Ганбат заан ан­заа­раагүй байх. Балжаа аварга “Шавьдаа ам авахыг зөвлөнө” гээд босоод явчихав. Төрийн наадмын наймын даваанд ам авна гэдэг үнэндээ амаргүй нь мэдээж. Өндөр даваанд ам авахын зовлонг ахмадууд яс махаараа мэднэ. Балжаа аваргыг гарын даа нар дээр очиж амжаагүй байтал Ган­бат ам аваад эргэчихэв. Бал­жаа аварга ч ирээд суу­дал­даа суулаа. Ганбат хэнийг авав гэхэд, Ганбаатарыг ав­чээ гэлээ. Ахмадууд “ээ бу­руудсан даа” гээд л шогш­роод явчихлаа. Ганбат заан Ганбаатар гарьдад тэгэхэд нэг их эвгүй татуулж амаа барьсныг наадамчид мэднэ ээ. Ингэж л Монголын алдарт аваргуудтай хамтдаа суудал зэрэгцэн ардын хувьсгалын наян долоон жилийн наад­мыг үзэж билээ. Дөнгөж сая­хан л мэт санагдаж байв ч даруй таван жил болсон бай­на шүү.


Categories
мэдээ нийгэм

Бага насны хүүхдийг төөрөхөөс сэргийлэх зорилгоор бугуйвч зүүж өгч байна

Баяр наадмын үер бага насны хүүхдийг төөрөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн цагдаагийн газраас эцэг, эх, асран хамгаалагчын утасны дугаар бичих зориулалт бүхий бугуйвч зүүж өгч байна.

Categories
мэдээ нийгэм

“Цэцэг төв”-ийн уулзварыг энэ сарын 16-18-ны өдөр хаана

Чингэлтэй дүүргийн I хороо, “Цэцэг төв”-ийн уулзварын авто замыг энэ сарын 16-18-ны өдөр хаана. Энэ хугацаанд Хууль зүйн яамны захиалгаар “Хурд Групп” ХХК дулааны шугамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэх аж. Иймд хөдөлгөөний эрчим ихтэй уулзварт ажил гүйцэтгэх хугацаанд бусад замыг сонгон, аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцохыг нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн байгууллагууд баяр наадмын үеэр 24 цагийн бэлэн байдалд ажиллана

Эрүүл мэндийн сайд А/317 тушаалын дагуу ЭМЯ болон холбогдох байгууллагуудад 24 цагаар жижүүр ажиллах бөгөөд нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүд, дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, дотор, шүдний кабенитууд, Шүд эрүү нүүрний төв 10-15 цагийн хооронд ажиллана.

Эрүүл мэндийн яамны 11-323002, Нийслэлийн эрүүл мэндийн газрын 11-320981, ХӨСҮТ-ийн 100 дугаарын утас ажиллаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэнэ.

Баяр наадмын үеэр бороо хур элбэг, 25 хэмээс дээш халах тул үер усны аюул, наршилт, хоолны хордлогот халдвараас сэргийлэх талаар дараахь зөвлөмжийг хэрэгжүүлэхийг анхааруулж байна.





Categories
мэдээ цаг-үе

Т.Ган-Эрдэнэ: Маршал Х.Чойбалсан шилийг цайрдаж толь хийх, нүүрсийг нэрээд нефть гаргах даалгавар өгч байсан

ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Т.Ган-Эрдэнэтэй ярилцлаа.


-Саяхан болж өнгөрсөн ЭЕШ-д химийн хичээлээр шалгалт өгсөн төгсөгчдийн оноо хангалтгүй байсан талаар мэргэжлийн хүмүүс ярьж байна. Залуу үеийнхний мэдлэг, чадвар салбарын хөгжилд чухал нөлөөтэй болов уу?

-Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын химийн дүн тааруу байгаатай санал нийлнэ. Математикт, физикт ч тааруу дүнтэй өгсөн байна лээ. Энэ бол туйлын харамсалтай мэдээ. МУИС жил бүр химийн олимпиад зохион байгуулдаг. Мөн дунд сургуулийн сурагчид, дээд сургуулийн оюутнууд химийн олон улсын олимпиадад оролцож эхэлсэн. Энэ бол оюутан, сурагчдын химийн боловсролыг дээшлүүлэх, гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэгтэй. Эдгээр уралдаан тэмцээнд оролцож байгаа цөөн тооны оюутан, сурагчид сайн дүн үзүүлдэг, сайн оролцдог ч нийтээрээ ийм сул байгаа нь бүр харамсалтай байгаа юм. Ер нь хими хөгжихгүйгээр улс орон хөгжихөд хэцүү. Бид одоо химийн том аж үйлдвэргүй ч энэ салбартаа мэдлэгтэй, чадвартай байх нь хамгийн чухал. Ирээдүйд химийн том, жижиг үйлдвэрүүдтэй болох нь гарцаагүй. Үүнд одооноос бэлдэх хэрэгтэй. Химийн ангийг төгсч байгаа хүүхдүүд судалгааны байгууллага, үйлдвэрийн лаборатори, эсвэл технологи боловсруулдаг газарт, эмнэлэг, сургуульд ажилладаг. Манай химийн мэргэжил эзэмшиж төгсөж байгаа хүмүүст ажлын байр хангалттай байдаг юм билээ. Хэрэв сайн мэргэжилтэн бэлтгэгдээд байвал манай орны химийн шинжлэх ухааны ололт амжилтыг ашигладаг ажлуудын үр дүн дээшилнэ гэсэн үг. Чанартай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэнэ, үйлчилгээ, оношилгоо, эмчилгээ ч үр дүнтэй болно, бүх шатны сургуулиудын багшлах боловсон хүчин ч чадалтай, чадвартай болох сайн талтай. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын ерөнхий түвшин муу байгаа нь үнэн боловч мэргэжилтэн болоод их, дээд сургуулийг төгсөж байгаа хүүхдүүдийн ихэнх нь харьцангуй сайн чадвартай, мөн зорилготой байгааг хэлэх ёстой. Нөгөө талдаа жишээлбэл эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагынхан бид өөрсдөө тэр хүүхдүүдийн хүсэл сонирхол, ур чадварыг дээшлүүлэх хэмжээний багаж, тоног төхөөрөмж, сайн чанарын урвалж бодисоор хангаж чадахгүй байгаа нь бас нэг харамсалтай явдал болно. Манай улсын хувьд шинжлэх ухаандаа зарцуулдаг мөнгө бага. Бидний хэрэглэдэг урвалж бодис тааруухан, муу талдаа. Ер нь түүхий эд муу байвал бүтээгдэхүүн муу байна гэдэгтэй адилхан шинжлэх ухааны салбарынхан тухайлбал бид бас бэлтгэлтэй байх хэрэгтэй байгаа юм.Ингэж сайн эрдэм шинжилгээний ажилтан бэлтгэх ажлыг сайжруулах гэхээр өнөө л хөрөнгө санхүүжилтийн асуудал гараад ирдэг юм л даа. Гэхдээ хамгийн гол зүйл бол энэ салбарт бэлтгэгдэж байгаа залуу үеийнхэн мэдлэгтэй, чадвартай байвал салбарын болон улс орны хөгжил тэр хэрээр дээшилнэ.

-Химийн шинжлэх ухааныг амьдралд ойртуулж ойлгуулъя гэвэл та юу гэж тайлбарлах бол. Мэдээж бидний өдөр тутмын амьдралын бүхий л үйл явц, хэрэглээ химитэй холбоотой?

-Химигүйгээр хүний амьдралыг төсөөлшгүй. Та бидний идэж, ууж, эдэлж хэрэглэж байгаа бүх зүйлс химитэй холбоотой. Хими бүхэлдээ бараг туршилтын шинжлэх ухаан. Өнөөдөр Монгол Улсын химичид бид амьтан, ургамал, эрдсийн гаралтай түүхий эдийг судалж, найрлага, бүтцийг тогтоогоод дараа туршилтын үр дүндээ үндэслэн тэдгээрийг ашиглах технологи боловсруулах чиглэлийн судалгааны ажил хийдэг улс. Монгол Улсад орчин цагийн химийн шинжлэх ухааны үүсэл саяханых. Нэг сонин жишээ дурдахад Маршал Х.Чойбалсан шилийг цайрдаж толь хийх, нүүрсийг нэрээд нефть бүтээгдэхүүн гаргах даалгавар өгч байсан гэсэн үг яриа байдаг. Яг системтэйгээр судалсан он жил бол 1961 оноос ШУА-ийн харьяанд Химийн хүрээлэн байгуулагдсан үеэс эхтэй.

-Химийн талаарх энгийн иргэд хамгийн анхан шатанд ямар мэдлэгтэй байх ёстой вэ?

-Одоо үед манайх сонин хэвлэл, радио телевизээр бараа материалыг сурталчилахдаа химийн найрлагагүй гэдэг. Энэ бол худлаа зүйл. Угтаа бид болон бидний эргэн тойронд байгаа бүхий л зүйл Менделеевийн үелэх системийн 100 гаруй элементээс бүрдсэн байдаг. Харин хүний эрүүл мэндэд хортой, байгаль орчинд халтай бодис ороогүй гэж хэлбэл өөр. Бас ургамлын гаралтай бүтээгдэхүүн сайн гэдэг. Ургамал чинь дотроо хортой нь ч олон. Тэр болгоныг хэрэглэж болохгүй. Дээр хэлснээр химигүй зүйл гэж байхгүй тул яалт ч үгүй энэ талаарх зөв ойлголттой байх нь чухал.

-Яг зөв. Усны тухайд бас янз бүрийн ойлголт байдаг. Цэвэршүүлсэн ус эрүүл мэндэд сайн гэж үзэж байхад нөгөө талд эрдэс минералтай ус илүү гэх юм. Үүний ялгааг хэлж өгөхгүй юу?

-Усыг цэвэршүүлэх ёстой. Гэхдээ цэвэршүүлсэн усан дотор хэрэгтэй эрдэс минерал зайлшгүй байх шаардлагатай. Тэр бүхнийг нь шүүчихвэл зүгээр нэрсэн ус болчихно. Ийм ус хүн удаан хугацаагаар хэрэглэж болохгүй. Уснаас бид хэрэгцээтэй эрдэс бодисуудыг авч байх ёстой. Манай орон бол харьцангуй цэвэр устай орны тоонд ордог.

-Манайх нефтийн үйлдвэр барьж эхлээд байна. Бас нүүрсний томоохон ордуудыг ашиглаж байгаа. Эдгээр нь химийн салбартай салшгүй холбоотой биз?

-Ер нь химийн үйлдвэр хөгжиж байж улс хөгждөг юм гэнэ лээ. Манайд бол химийн үйлдвэр хэрэгтэй. Химийн аж үйлдвэрийн гол түүхий эд бол нефть, нүүрс. Манай хүрээлэн дээр ч энэ талын судалгаа хийдэг. Монгол Улс нүүрсний асар их нөөцтэй орон. Нүүрсийг хийжүүлж, шингэрүүлэх асуудалд анхаарч байна. Нүүрсийг угаах гэдэг чинь баяжуулалтын нэг хэлбэр. Угаасан нүүрс түлэхэд л одоогийнхоос хамаагүй бага утаа гарна.

Манай засгийн газар нефть боловсруулах үйлдвэр барьж байгуулж байгаа нь химийн аж үйлдвэр бий болоход бас нэг том алхам. Би түрүүн хэлсэн химийн тэр дотроо полимерийн химийн үйлдвэрийн гол түүхий эд бол нефть гэсэн. Тийм учраас нефть боловсруулах үйлдвэрээс дагалдан гарах завсарын бүтээгдэхүүн ашиглаад олон бүтээгдэхүүн хийж болно. Жишээлбэл асфалть, хуванцар, резин гэх мэт.

-Тухайлбал, танай хүрээлэн ямар шинэ бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Манай хүрээлэн олон лабораторитой. Бид чиглэл чиглэлээрээ судалгаа хийж байна. Манай судлаач эрдэмтэд олон улсын магадлан итгэмжлэгдсэн сэтгүүлүүдэд өгүүлэл хэвлүүлдэг. Энэ бол нэг үзүүлэлт. Нөгөө талд хими амьдралд ойрхон учраас технологийн судалгаа хийдэг. Инновацийн бүтээгдэхүүн гаргадаг гэсэн үг. Жишээ нь, нүүрсний химийн лабораторийнхон гэхэд гумины бордоо хийсэн. Нүүрс бол органик түүхий эд. Манай оронолон жил эрдэс бордоо хэрэглэсэн. Гэтэл энэ нь тийм ч сайн үр дүнтэй арга биш болоод байгаа. Хөрсөө хэт их давсжуулснаас соёололт, ургалтад муугаар нөлөөлөх болсон. Тиймээс нүүрсээр бордоо хийх нь илүү тохиромжтой. Мөн нүүрснээс гаргаж авсан бүтээгдэхүүнээр цэвэрлэх байгууламж, жорлонгийн үнэрийг дарж байгаа. Манай хүрээлэнд Технологийн инкубатор гэсэн нэгж байдаг. Энэ инкубаторт ЭМ технологи ашиглан микроорганизм агуулсан биобордоо хийж байна. Түүнээс гадна арьс ширнээс коллагены гидролизат гарган авч байгаа. Үүнийг гоо сайхан, хүнс, эмчилгээний зориулалттай биологийн идэвхт бүтээгдэхүүний түүхий эдийн зориулалтаар ашигладаг. Арьс, яс, холбогч эдийн нөхөн төлжилтийг эрчимжүүлэх, ус хумсны ургалтыг сайжруулах үйлчлэлтэй биологийн идэвхт бүтээгдэхүүний үндсэн болон нэмэлт түүхий эд болгон ашиглах боломжтой.

-Дэлхийн химийн шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт амжилтаас дурдаач?

-Энэ бол асар том сэдэв. Жишээ нь, би уураг судалдаг хүн. Хими, анагаахын шинжлэх ухааны салбарт олгодог Нобелийн шагналтны олонх нь уураг судлаач нар байдгийг сонирхуулж хэлмээр байна. Суут эрдэмтэн Энгельс “Амьд биесийн оршин тогтнох үндэс нь уураг” гэж хэлсэн байдаг. Та бидний бие организмд байгаа бүхий л урвалыг уураг зохицуулдаг. Энэ зохицуулалт алдагдахаар хавдар, бусад элдэв өвчин гарч байгаа юм. Орчин үеийн шинжлэх ухааны хэрэглээний талын жишээ дурдахад химийн шинжлэх ухаан, анагаахын шинжлэх ухаан болон бусад олон шинжлэх ухаантай хамтын хөгжилийг ашигласан томоохон ололт амжилтын үр дүнд 3D принтингээр эд эрхтнийг ч хэвлэдэг болоод байгааг хэлж болох юм. Элэг, зүрх, бөөр принтерлэнэ гэж үзэж байгаа юм билээ. Энэ нь ч биелэх байх гэж би итгэдэг. Өнөөдөр Израилийн шинжлэх ухааны салбарын эрдэмтэд гэхэд хулганы зүрхний хэмжээний зүрх хэвлэчихээд байна. 3D принтинг сэдвээр ШУА дээр манай Монголын эрдэмтэн судлаач нар саяхан хэлэлцүүлэг зохион байгууллаа. Манай залуус 3D принтингээр юм юм л хэвлээд эхэлсэн байна. Энэ бол том ололт.

Б.ЭНХЗАЯА

Б.АМИНА

Categories
мэдээ нийгэм

11-нд нутгийн төв хэсгээр, 12-нд нутгийн зүүн хагаст аагим халуун байна

Related image

Өнөөдөр баруун аймгуудын нутгаар,12-14-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 15-нд ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орж, 11-нд нутгийн төв хэсгээр, 12-нд нутгийн зүүн хагаст аагим халуун байх тул наршилт, үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар аадар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Хэнтэйн уулархаг нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-17 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна.