Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ НЭЭЖ:

Монголчууд аа,

Дэлхий даяар тархан суурьшсан монгол туургатнууд аа,

Та бүхэнд Монгол түмний их цэнгэл – Үндэсний баяр наадмын дэлгэр мэндийг өргөн дэвшүүлье.

Өнөө жил Монголын Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108, Ардын хувьсгалын 98 жил, наашлаад Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой тохиож байна.

Түүхийн эдгээр тод тооллыг хэрэглэж хэвшсэн явдал нь бид энэ түүхээрээ бахархаж, тусгаар Монгол Улсынхаа уг үндсийг мандуулан сэргээхийн зэрэгцээ сургамж захиасыг авахын тулд юм шүү гэдгийг сануулъя. Түүх соёлоо танин мэдэхийн хэрээр хүнд эх оронч сэтгэл, үндэсний үзэл, ирээдүйн өмнө хүлээх үүрэг хариуцлага, ухаарал төлөвшил сууж байдаг. Тэр тусмаа Монголын түүх бол дэлхийн түүхийг бүтээж, энх амгаланг тогтноож явсан өвөг дээдсийн маань бидэнд үлдээсэн хамгийн том өв бахархал юм.

Наадам бол монгол бидний өвөг дээдэс, түүхт эх нутагтаа үзүүлж буй өргөн их хүндлэл, дээдсийн сүр сүлд, ивээл хүчийг хурайлсан бэлгэдлийн цогцолбор зан үйл хийгээд өнө эртнээс уламжлан авч яваа өв их соёл, хүн бүрийн чин сэтгэл, хөөр баясал илэрдэг бахархалт ёслол билээ.

Төрт ёсны их баяр цэнгэл наадмаараа түүх соёлынхоо их улбааг тодотгон дэвжээж, хүчит бөхчүүд маань уран мэхийг уралдуулан, үнэн хүчийг үзэн барилдаж, эрдэмт уяачид маань ажнай монгол морьдоо уяж хурдлуулж, мэргэн харваачид маань эрхийн эрч, хараан цэцийг сорин, түмэн олноо баясган цэнгүүлсээр байх учиртай.

“Эрийн гурван наадам” гэх нэршлээсээ эхлээд, хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сурын мэргэн харваа бол монгол эр хүний эрдэм чадал, үнэлэмж шалгуурыг тодорхойлж ирсэн эртний түүхт уламжлал ёсон. Монголчууд эр хүний энэ гурван эрдэмд түшиглэн их түүхээ бүтээж, өв соёлоо цогцлоож, гүрэн улсаа байгуулж явсан.

Монгол төрийн их наадам нь Та биднийг бие сэтгэлээрээ жинхэнэ монгол хүн хэмээн ойлгуулж, ижилсүүлдэг баяр мөн. Түүнчлэн монгол хэмээх давтагдашгүй өвөрмөц соёлтой, ялгамжтай үндэстэн болохыг илтгэдэг үйл явдал юм. Энэ баяраараа бид эртний түүхт Монголынхоо бахархлыг бадрааж, үндэсний соёлыг мандуулдаг.

Тийм ч учраас гайхамшигт Монгол наадмыг ЮНЕСКО-гийн өвд бүртгэж, “Дэлхийн соёлын өв” хэмээн тодорхойлсон юм.

Дэлхийн өнцөг булан бүрээс зорин ирсэн хүндэт зочид, жуулчид, анд нөхдөдөө тусгайлан талархал илэрхийлье. Монгол оронд тавтай морилж, монгол наадмыг таалан болгооно уу.

Эрхэм соёлт наадамчид аа,

Монгол орон, дэлхий даяар тархан суурьшсан монгол хүн бүр монгол наадмаа сэтгэл тэнүүн, бахархал дүүрэн, өлзий төгс, хувь тэгш тэмдэглэхийг ерөөе. Сайхан наадаарай.

Наадмын дараанаас 1992 онд тунхагласан Ардчилсан Үндсэн хуулийнхаа амжилт ололтыг ахиулж, алдаа дутагдлыг засах түүхэн хариуцлагатай цаг үе тохионо. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа, оршин тогтнохуйн эх үндэс болсон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажилд иргэн бүр ирээдүйнхээ төлөө анхаарал хариуцлагатай хандаж, идэвх оролцоогоо хангах нь юу юунаас чухал болохыг нийт ард иргэддээ зарлан сонордуулъя.

Өнөөгийн Та бидэнд тусгаар тогтнол, түүх соёлоо ямагт зүрхэн толт, нүдний цэцгий мэт эрхэмлэн хайрлаж явах түүхэн үүрэг буйг Монгол наадам маань сануулж байна. Бүрэн эрхт, тусгаар Монгол Улс байгаа цагт үндэсний их баяр наадам маань мөнх орших болно.

Их эзэн, эцэг дээдэс Чингис хаан минь ээ. Хүлэг морьд чинь хурдан байна, хүчит бөхчүүд чинь мэхтэй байна, харваачид чинь мэргэн байна. Эх нутаг, элгэн садан монголчуудаа үеийн үед дээд тэнгэрээс ивээгээрэй.

Мөнх тэнгэрийн ивээл дор Монгол наадам эхэллээ” гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолыг үзэж сонирхож байна.

Categories
мэдээ нийгэм

Уралдаж явсан хоёр хүүхэд мориноос унажээ

Жил жилийн наадмаар унаач хүүхдүүд мориноос унаж бэртэх, эрүүл мэндээрээ хохирох асуудал гардаг. Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан өчигдөр Хязаалан, шүдлэн насны хурдан хүлгийн уралдаанаар эхэлж таван хүүхэд мориноос унасан. Золоор хүнд бэртэл авч, эрүүл мэндээрээ хохирох, амь насаа алдах зэрэг аюулаас холуур өнгөрсөн юм. Өнөө өглөө /2019.07.11/ хурдан морины Азарганы уралдаанаар үргэлжилж, хоёр хүүхэд мориноос унажээ. Хурдан морины салбар хорооны комиссын мэдээлснээр эндсэн азарга байхгүй. Тодруулбал, азарганы уралдаанаар нэг хүүхэд мориноос унасан, азарга нь хадуурсан нэг хүүхдийг тооцвол хоёр хүүхэд мориноос унасан байна. Хурдан морь уралдаж буй унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг цагдаагийн байгууллагаас Нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын газраас хамтран хяналт тавьж, зөвлөмж, тусламж үйлчилгээ өгч ажиллаж байгаа юм.

Categories
мэдээ спорт

Баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ

Image result for бөхчүүд

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны бүртгэл өчигдөр Бөхийн өргөөнд болж, нийт 512 бөх бүртгүүлжээ. Улсын наадамд Улсын дархан аварга нэг, аварга тав, арслан найм, гарьд зургаа, заан ес, харцага 16, начин 40 бүртгүүлжээ. Дархан аварга Г.Өсөхбаяр, аварга Ч.Санжаадамба, Н.Батсуурь, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, О.Балжинням нар энэ жилийн наадамд барилдана. Бөхийн барилдаанд Улсын начин 40, аймгийн арслан 11, аймгийн заан 25, аймгийн харцага 37, аймаг, цэргийн начин 80, залуу бөх 152, цэрэг 10 барилдахаар болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Гэдэсний халдварт өвчний үед илрэх шинж тэмдэг болон урьдчилан сэргийлэх аргууд

Categories
мэдээ нийгэм

Түр зуурын аадар бороо орно

Өнөөдөр баруун аймгуудын нутгаар,12-14-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 15-нд ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орж, 11-нд нутгийн төв хэсгээр, 12-нд нутгийн зүүн хагаст аагим халуун байх тул наршилт, үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутгаар үргэлжилсэн бороо, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун болон зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор 16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 22-27 градус, говийн бүс нутгаар 31-36 градус, бусад нутгаар 28-33 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 28-30 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 19 градус дулаан, харьцангуй чийг 50 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө бага зэрэг буурна.

Categories
мэдээ нийгэм

Хятад эмч нар зүрхний өвчтэй Монгол хүүхдүүдийг эмчилж байна

100 монгол хүүхдийн зүрхний өвчлөлийг анагааж буй Хятад эмч нар амрах завгүй ажиллаж байгаа гэнэ. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн төрөлхийн зүрхний өвчлөлтэй (CHD), нэр яаралтай эмчлэх шаардлагатай100 монгол хүүхдийг шинжлэх, цаашдаа БНХАУ-д үнэ төлбөргүй эмчлэх эмч нарын баг Улаанбаатарт ажиллаж байна. Энэ нь Хятадын Бүс ба Замын дагуу Хятадын Улаан загалмай нийгэмлэгээс зохион байгуулж буй хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагааны нэг хэсэг юм. Сүүлийн үед энэ төрлийн эмгэгтэй хүүхдийн төрөлт эрс нэмэгдсэн бөгөөд энэ нь агаарын бохирдолтттой холбоотой гэнэ. Агаар бохирдуулах эх үүсвэрүүд сүүлийн жилүүдэд эрчимтэй явагдаж байгаа хүн амын механик хөдөлгөөн ихэссэнээс гэр хороолол тэлж, хотын нягтрал нэмэгдсэнээс үүдэлтэй. Хот дотор шинээр баригдаж байгаа байшин барилгын хоорондын зай багасч, агаарын урсгалыг сааруулж, бохирдлын сарнилтыг саатуулж байгааг эрүүл мэндийн байгуулллага онцолж байна.

Categories
мэдээ нийгэм

Есөн хөлт цагаан тугийг наадмын зүлэг ногоон дэвжээнээ заллаа

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа болоход бэлэн болжээ. Төрийн ордонд байрлуулдаг Есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэн буюу наадмын зүлэг ногоон дэвжээнээ хүндэтгэн залж Үндэсний их баяр эхэлж буйг зарлан Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нээлтийн үг хэлж байна.

Categories
мэдээ нийгэм

Төв талбай дээр “Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүн болно

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүд долоодугаар сарын 11, 12-нд 21:00 цагт Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүн Сүхбаатарын талбайд болно. Жил бүрийн улсын баяр наадмын 11-ний орой нийслэлчүүдийг цуглуулдаг арга хэмжээ бол “Улаанбаатарын үдэш” цэнгүүн билээ. Цэнгүүнд Монголын урлаг соёлынхон ая дуугаа өргөх юм. Эх орноо хамтдаа дуулъя цэнгүүн Сүхбаатарын талбайд өнөө орой 21:00-23:00 цагийн хороонд болох бөгөөд төгсгөлд нь ёслолын буудлага буудуулна.

Categories
мэдээ улс-төр

Г.Занданшатар чөлөөт бүс, хурдны замын бүтээн байгуулалтад хамтран ажиллах санал дэвшүүллээ

Г.Занданшатар чөлөөт бүс, хурдны замын бүтээн байгуулалтад хамтран ажиллах санал дэвшүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар манай улсад айлчилж буй БНХАУ-ын дэд дарга Ван Чишанийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар БНХАУ-ын нэр хүнд бүхий удирдагчтай уулзаж, танилцаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, Бээжин хотын дарга, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Эдийн засгийн системийн өөрчлөлтийн танхимын дарга зэрэг нам, төрийн өндөр алба хашиж байх үедээ Монголын зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хамтран ажиллаж, дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн, монголчуудын сайн танил, дотнын анд нөхөр айлчлан ирсэнд баяртай байна гэлээ.

Тэрбээр “Таныг түүхчийн мэргэжилтэй, улс түмнүүдийн түүх, соёлыг ихэд сонирхон судалдаг гэж сонссон. Тиймээс та айлчлалынхаа хугацаанд Төв Азийн нүүдлийн соёл иргэншил хэмээх эртний өвөрмөц соёл иргэншлийг өнөөгийн цаг үед өвлөн түүчээлж яваа Монголын ард түмний үндэсний баяр наадмыг шимтэн сонирхоно гэдэгт итгэж байна” гэв.

БНХАУ-ын дэд дарга Ван Чишань УИХ-ын дарга Г.Занданшатарт талархал илэрхийлж, БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшугийн мэндчилгээг уламжиллаа.

Тэрбээр энэ жил Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгааг тэмдэглэж, энэ удаагийн айлчлал хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд түлхэц үзүүлнэ гэдэгт итгэж байна гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Манай хоёр улс бол мөнхийн хөрш. Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70, “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ”-ний 25 жилийн ой тохиож буй энэ жил хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд олон чухал үйл явдал, арга хэмжээ тохиож байна. 2014 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний Монгол Улсад хийсэн Төрийн айлчлалын үеэр Монгол Улс, БНХАУ-ын харилцааг Иж бүрэн стратегийн түншлэлд хүргэн хөгжүүлэхээр хоёр тал санал нэгтэй тунхагласан. Монгол, Хятадын олон талт харилцаа, хамтын ажиллагаа энэ стратегийн түншлэлийн үндсэн дээр идэвхтэй урагшлан хөгжиж байгаад Монголын тал сэтгэл хангалуун байдаг” гэв.

БНХАУ хөгжин цэцэглэж, бүс нутаг, тив, дэлхийн бодлого, хөгжилд нөлөө бүхий оролцоотой болж байгааг монголчууд анхааралтай ажиглаж байдаг гэдгийг тэрбээр тэмдэглээд, “БНХАУ хөрш зэргэлдээ улс орнуудтай тогтоосон харилцаагаа онцгой анхаарч “найрсаг дотно, чин сэтгэлээсээ, харилцан ашигтай, хамтын хүртээмжтэй байх” зарчмыг дэвшүүлэн баримталж ирсэнд бид талархалтай байдаг” хэмээн онцоллоо.

Мөн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа улам бүр гүнзгийрэн өргөжиж, олон тооны, томоохон бүтээн байгуулалтын төслүүд дэх хамтын ажиллагаа бодитой биелэн хэрэгжиж байгаад Монголын тал сэтгэл хангалуун байгааг тэмдэглэв.

БНХАУ-ын дэд дарга Ван Чишань хоёр орны харилцаа 70 жилийн хугацаанд тодорхой сорилтуудыг туулж, амжилттай хөгжиж байгааг тэмдэглээд, “Бид шинэ гараа, шинэ боломжуудын өмнө байна. Боломж нөөцөө сайн ашиглаж, Иж бүрэн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулах нь чухал юм” гэж онцоллоо. Тэрбээр улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, хууль тогтоох байгууллагуудын харилцааг хөгжүүлэн, төрөө засах, хууль тогтоох ажлын туршлагаа харилцан солилцох, худалдаа, эдийн засгийн харилцаанд боломжоо сайн ашиглах замаар илүү үр дүнд хүрэх, ард иргэд, байгууллага хоорондын харилцааг хөгжүүлэх, хүмүүнлэгийн солилцоог идэвхжүүлэх зэрэг асуудлуудыг хөндөж ярилаа.

Ноён Ван Чишань Хятадын онцлогтой социализм шинэ эриний гараанд гарч, хөгжлийн өндөр хурдцаас өндөр чанарт шилжих, нийлүүлэлтийн бүтцэд өөрчлөлт хийж, дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийх замаар өндөр технологи, иннновацийг эзэмшсэн улс орон болох зорилтыг хэрэгжүүлж байна. БНХАУ тогтвортой хөгжих нь дэлхийн улс орнуудад, түүний дотор Монгол Улсад ч сайн нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна гэв. Түүнчлэн “Бүс ба зам” зэрэг хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн стратегиа уялдуулж, шинэ амжилтад хүрэх нь хоёр орны эрх ашигт нийцнэ гэдэгт итгэж байна гэв. УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын үеэр худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаанд худалдааны болон худалдааны бус саад хязгаарлалт байхгүй байх нь чухал гэдгийг тэмдэглэлээ.

Тэрбээр УИХ-аар гэрээг нь соёрхон батлахаар төлөвлөж буй Замын-Үүд-Эрээний эдийн засгийн хамтарсан чөлөөт бүсийн асуудал болон Алтанбулаг-Замын-Үүдийн олон улсын хурдны замын бүтээн байгуулалтад хамтран ажиллах, БНХАУ-ын Ардын банктай хийсэн Монголбанкны своп хэлцлийн төлбөрийг хөгжлийн зээл, концесс зэрэг боломжтой хэлбэрээр дээрх замын бүтээн байгуулалтад ашиглах саналыг анхааралдаа авахыг Дэд дарга Ван Чишэнээс хүслээ.

Ноён Ван Чишань своп хэлцлийн төлбөрийг бүтээн байгуулалтад ашиглах саналыг хоёр орны Төвбанк харилцан ярилцаж шийдэх боломжтой гээд, хилийн бүсийн боомтуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь бодит амьдралаас урган гарч байгаа зорилт учраас хоёр тал чухалчлах ёстой гэдгийг онцлон тэмдэглэв.

УИХ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ нийгэм

Х.Баттулга: Их эзэн Эцэг дээдэс Чингис хаан минь ээ, Эх нутаг элгэн саднаа үеийн үед дээд тэнгэрээс ивээгээрэй

Image result for Наадам

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадам эхэллээ. Үндэсний их баяр наадмыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ.

“Үндэсний баяр наадмын дэлгэр мэндийг өргөн дэвшүүлье. Өнөөдөр Тулгар төр байгуулагдсаны 2228, Их монгол улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой тохиож байна. Түүх соёлоо танин мэдэхийн хэрээр үүрэг хариуцлага, ухаан сууж байдаг юм.

Монгол төрийн их наадам та бидний бие сэтгэлээрээ Монгол хүнээрээ бахархах баяр мөн. Энэ баяраараа үндэснийхээ соёлыг бадруулдаг. Дэлхийн өнцөг булан бүрээс зорин ирсэн жуулчид зочиддоо тусгайлан талархсанаа илэрхийлье. Дэлхий даяар тархан суурьшсан Монголчууд минь сайхан наадаарай. Мөн Монгол Улсын тусгаар байдал бүрэн эрхийн баталгаа болсон Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуульд хувь нэмрээ оруулах хэрэгтэй.

Их эзэн Эцэг дээдэс Чингис хаан минь ээ, Эх нутаг элгэн саднаа үеийн үед дээд тэнгэрээс ивээгээрэй. Хөх тэнгэрийн ивээл дор Монгол наадам эхэллээ” гэв.