Categories
мэдээ нийгэм

Цэцэг төвийн уулзварын замыг 16-наас хаана

Цэцэг төвийн урд уулзварыг энэ сарын 16-18-ны хооронд хаахаар болжээ.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Цэцэг төвийн уулзварын авто замын хөдөлгөөнийг 2019 оны 07 сарын 16-18-ны өдрийн хооронд хааж, Хууль зүйн яамны захиалгаар “Хурд Групп” ХХК нь дулааны шугамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Иргэд та бүхэн хөдөлгөөний эрчим ихтэй уулзварт ажил гүйцэтгэх хугацаанд бусад замыг сонгон, аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцоно уу.

Эх сурвалж: Нийслэлийн Авто замын хөгжлийн газар

Categories
мэдээ спорт

УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат аварга Н.Батсуурьт 2 өрөө байр өгөв

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө.

Энэ жилийн барилдаанд ид хав нь тэгширсэн 512 бөх барилдсанаас Увс аймгийн Ховд сумын харьяат, “Хемон констракшн” ХХК, “ТЭЦ-3” ТӨХК, Сүхбаатар аймгийн ОБЕГ-ын бөх, улсын аварга Н.Батсуурь үзүүрлэж наадамчин олноо баясгав. Тэрбээр өнгөрсөн жилийн баяр наадмын түрүү бөхөөр тодорч аварга цол хүртсэн билээ.

Улаанбаатар хот дахь Увс аймгийн нутгийн зөвлөлийн хамт олон өнөөдөр Н.Батсуурь аваргад хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн, БОАЖ-ны сайд, “Увс нуур” бөхийн галын тэргүүн Н.Цэрэнбат түүнд улам их амжилт гаргахыг хүсээд, хоёр өрөө байраар шагналаа.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд 2019 оны эхний хагас жилд гэмт хэргийн гаралт буурчээ

Нийслэл хотын хэмжээнд 2019 оны эхний 6 сард гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нийт 222212 дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 27682 буюу 11.1 хувиар буурлаа. Үүний 32146 буюу 30.4 хувийг хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага, мэдээлэл эзэлж байна.

Энэ оны эхний 6 сард Зөрчлийн болон гэр бүл хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомж зөрчсөн зөрчил нэг бүрийг шалган шийдвэрлэх ажлыг эрчимжүүлж ажилласны үр дүнд өмнөх оны мөн үетэй харьцуулахад:

  • Торгуулийн шийтгэл ногдуулсан хүн 75424 байгаа нь 22465 хүнээр буюу 42,4 хувиар, торгуулийн дүн 3 тэрбум 238 сая төгрөг болж 1 тэрбум 104 сая төгрөгөөр,
  • Эрүүлжүүлсэн хүн 36250 байгаа нь 9923 хүнээр буюу 37,6 хувиар,
  • Архины албадан эмчилгээнд 363 хүнийг хамруулсан нь 191 хүнээр буюу 2,1 дахин,
  • Баривчлах шийтгэлийг 2811 хүнд ногдуулсан нь 1514 хүнээр буюу 2 дахин,

Нийт зөрчил гаргасан 114848 хүнд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцсон нь 34093 хүнээр буюу 42,2 хувиар тус тус өссөн байна.

Үүний зэрэгцээ гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 18000 иргэнд ухуулга, нөлөөллийн ажлыг тасралтгүй зохион байгуулсанаар 780 хүн сайн дураараа архинаас татгалзах эмчилгээнд хамрагдсан байна.

Ингэснээр дээрх тооны иргэдийг дахин гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлж, олон мянган айл өрхийг айдас хүйдэсгүй, амгалан тайван, ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлж чадсан ажил боллоо.

Үүний үр дүнд нийслэлд нийт гэмт хэрэг 2880 буюу 19.8 хувь, тэр дундаа хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 14.5 хувь, хулгайлах гэмт хэрэг 2214 буюу 37.7 хувиар тус тус буурч, гэмт хэргийн илрүүлэлт 8.2 хувиар, зөрчлийн илрүүлэлт 2 дахин өссөн байна.

Мөн улсын хэмжээнд 2018 оны эхний хагас жилд бүртгэгдсэн гэмт хэргийн 72.7 хувь нь нийслэлд үйлдэгдэж байсан бол 2019 оны эхний хагас жилийн байдлаар энэ үзүүлэлт 66.2 хувь болж буурчээ.

Categories
мэдээ нийгэм

Баяр наадмын өдрүүдэд 99 хүүхэд төөрчээ

Баяр наадмын үйл ажиллагаа болсон цэгүүдэд 2-12 насны нийт 99 хүүхэд төөрснийг эцэг эхэд нь хүлээлгэн өгч ажилласан тухай Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Тодруулбал, энэ сарын 10-ны Хүй долоон худагт 4 хүүхэд төөрсөн бол энэ сарын 11-нд 24 хүүхэд төөрсөн байна. Харин Төв цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 11-нд 30, энэ сарын 12-нд 10 хүүхэд төөрсөн. Түүнчлэн Сүхбаатарын талбайд болсон “Эх орноо магтан дуулъя” цэнгүүний үеэр 15 хүүхэд төөрснийг эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ.

Төөрсөн хүүхдүүдийг явуулын “Хүүхдийн түр хамгаалах байр”-нд байлгаж, хоол, ундаар үйлчилж, тайвшруулах, эцэг, эхчүүдэд зөвлөгөө өгөх, үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг, эхийн утасны дугаар бүхий бугуйвч тараах, Наадмын зохион байгуулах комисстой хамтран сэрэмжлүүлэг, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зөвлөмж, голын эрэг дагуу амарч зугаалж буй иргэдэд хүүхдийн аюулгүй байдлыг онцгой анхаарч ажиллах талаар мэдээллийг тус тус хүргэжээ.

Баяр наадмын гурван өдрийн байдлаар Хүй долоон худагт мориноос унасан 40 хүүхдэд эмнэлгийн тусламж үзүүлжээ.

Categories
мэдээ спорт

Л.Ганболдын хүрэн халзан эрлийз дунд насанд түрүүллээ

Хязаалан, шүдлэн хамтдаа уралддаг эрлийз дунд насны морьдын уралдаанд 89 хурдан хүлэг гарааны зурхай руу хөдөлжээ. АХ-ын 98 жилийн ойд тоосоо өргөж, шандас шалгахаар бүртгүүлсэн төрийн довтой хүлгүүдийг танилцуулбал:

1.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, Лхагвасүрэнгийн Ганболдын хүрэн халзан

2.Хөвсгөл аймгийн Их Уул сумын уугуул, Бямбын Мөнхбаярын хээр

3.Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул, З.Батбаярын бор

4.Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уугуул, Цогтбаярын Хүрэлтулгын хүрэн

5.БЗД-ийн Лхамсүрэнгийн Мөнхсайханы хээр тус тус түрүүлж айрагдлаа.

Categories
мэдээ спорт

Ориоль Мена шилдгээр тодров

“Торгоны зам” раллид оролцогчид уралдааны зургадугаар үе шат буюу Монголын нутаг дэвсгэр дээрх сүүлчийн үе шатыг удтал мартахгүй нь тодорхой. Үүний өмнө эхний 10-т явж байсан тамирчдаас Баасан гарагийн уралдаан өндөрлөх үеэр ганцхан хүн-Сэм Сандерлэнд тэргүүлэх байр сууриа хадгалан үлдэж чадсан юм.

Тусгай зайн тэмцээний бариан дээр жинхэнэ хэлэлцүүлэг өрнөж, өрсөлдөгчид өөр хоорондоо хэн нь, хаана, чухам юун дээр алдаж, нөхцөл байдлаас хэрхэн сугарч гарч чадсанаа ам уралдан ярьцгаасан билээ.

Нэг л зүйлийг баттай хэлэхэд, хурдны хязгаарын бүсийг гаталж дууссаны дараа мотоциклтой тамирчдын тэргүүн эгнээнийхэн алдаа гаргаж, уралдааны замаас нэлээд зүүн тийшээ буюу буруу чиглэлээр давхисан байна. Цаашдын бүх үйл явдал оролцогчид алдаа гаргаснаа хэр түргэн ойлгож, буруу маршрут сонгосныхоо үр дагаврыг хэр хурдан арилгаснаас шалтгаалан өрнөсөн бөгөөд үнэндээ “Мото” төрлийн эхний аравт яваа тамирчид буруу тооцоолж өрсөлдөгчдөдөө боломж олгосон ч нөхцөл байдлыг өөртөө ашиглаж чадсан нь цөөхөн байлаа.

Хамгийн шуурхай сэргэлэн нь заводын Red Bull KTM багийн Сэм Сандерлэнд байж таарав. Тэмцээнийг тэргүүлж явсан тэрбээр уралдааныхаа замд буцан орж, барианы газрыг чиглэн давхисан билээ. Барианы газар хүртэлх 100 км зайд Британийн энэхүү тамирчин тэргүүлж явснаа хурдаа алдаж, өмнөө гарсан Испанийн мотоциклчин Ориоль Менагаас хоёр минут хоцорсон үзүүлэлтээр тусгай замын зайг туулж өндөрлөсөн юм.

Тэгвэл Сэм Сандерлэнд яагаад хурдаа хасав аа? Магадгүй, энэ нь тактикийн алхам байсан байж болох. Өмнөө нэг эсвэл бүр хоёр өрсөлдөгчөө гаргаснаар Сандерлэнд дараагийн үе шатны уралдаанд гарааны илүү ашигтай байр эзэлнэ гэж тооцоолсон уу? Гэтэл хоёр минутын алдагдал гэдэг түүний хувьд том хохирол. Сандерлэндийн алдааг давтсан тамирчдыг бус харин энэ алдааг давтаагүйг нь нэрлэе. Тэд бол заводын баг Hero Motorsports-ын тамирчин Ориоль Мена, “хувиараа оролцогч” гэгдэж буй Польшийн тамирчин Адам Томичек нар байв.

Categories
мэдээ нийгэм

Зөөврийн болон шугамын худгууд баяр наадмаар ажиллах хуваарь

Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газар нь нийслэл Улаанбаатар хотын нийт хүн амыг унд ахуйн усаар хангаж, гарсан бохир усыг нь татан зайлуулах эрхэм зорилготой ажиллаж байна. Улаанбаатар хотод нийт хүн амын 60 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг. Тус хэсэгт цэвэр усыг зөөврөөр болон шугамаар түгээж, 228339 хэрэглэгчдийг унд ахуйн усаар хангаж байна. Үндэсний их баяр наадмаар ажиллах ус түгээх байрны цагийн хуваарийг хүргэж байна.


Categories
мэдээ нийгэм

Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Сэлэнгэ мөрөн Хялганат сум орчимд усны түвшин 80 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 35 см, Ховд гол, Увс нуур, Хархираа зэрэг голууд 5-20 см нэмэгдэж, үерийн түвшинг даван үерлэж байна. Иймд:

  • Голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх,
  • Хөдөө орон нутгийг зорих иргэд бэлтгэл бэлэн байдлаа сайн хангаж, замд гарах,
  • Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа өндөр сонор сэрэмжтэй байх,
  • Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнээ бүртгэдэг байх,
  • Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, ялангуяа хүүхдүүд янз бүрийн хийлдэг завь, хийлдэг гудастай усанд орж эргээсээ холддог, энэ нь усанд осолдох шалтгаан болж байна.
  • Борооны үед гол мөрний усны түвшин нэмэгдэх учраас баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж үер усны аюул болон усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Categories
мэдээ нийгэм

“Эх орноо хамтдаа дуулья” цэнгүүн хоёр өдөр үргэлжлэв

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүрээнд иргэд, наадамчин олондоо зориулан жанжин Д.Сүхбаатарын талбайд урлагийн томоохон үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг билээ. Энэ жилийн Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулья” цэнгүүний хоёр өдөр үргэлжиллээ. Цэнгүүнийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нээж, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын дарга Э.Содномжамц нар оролцов.

Цэнгүүнийг нээж, Хотын Захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Та бүхэнд Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье. Жил бүрийн энэ үдэш Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулья” цэнгүүнийг нийслэл Улаанбаатар хотынхоо төв талбайд зохион байгуулж ирсэн уламжлалтай. Монгол түмний их баяр наадам маань ЮНЕСКО-гийн “Соёлын биет бус өвийн жагсаалт”-д бүртгэгдсэн нь дэлхийн олон улсын жуулчид, судлаачдын сонирхлыг татаж, Монгол наадмыг үзэж сонирхохоор ирдэг жуулчдын тоо жил бүр өссөөр байна. Энэ жилийн цэнгүүний онцлог нь залуучуудын сонсох дуртай олон арван уран бүтээлчид өөрсдийн уран бүтээлийн сороороо хоёр өдрийн турш төв талбайд нийслэлчүүддээ, наадамчин олондоо зориулан тоглох юм. Та бүхэн маань хотол олноороо сайхан наадаарай” хэмээлээ.
Энэ жилийн Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүнд Харанга хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн болон рок попын одод, “Яг түүн шиг”, “Voice”, “Авьяаслаг Монголчууд” шоуны шилдэг оролцогчид ая дуугаа өргөж байна. Мөн БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Top line” хамтлаг уг цэнгүүнд оролцлоо. Шоу тоглолтын үеэр Сөүл-Улаанбаатар хотууд ах дүүгийн харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд Сөүл хотын зүгээс 100 гэрэлт дроны үзүүлбэрээр бэлэг барисан юм.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын ээлжит бус чуулган Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэнэ

УИХ-ын ээлжит бус чуулган ирэх долоо хоногт буюу долоодугаар сарын 16-19-ны өдрүүдэд хуралдаж Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэнэ. Тодруулбал долоодугаар сарын 16-ны мягмар гарагийн 10:00 цагаас Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлт, Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх саналаа илэрхийлнэ.

Харин долоодугаар сарын 17-19-ний лхагва, пүрэв, баасан гарагийн 10:00 цагаас УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн 2019 оны зургаадугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл”-ийн хоёр дахь хэлэлцүүлэг өрнөнө.