Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Малыг хөлөөр нь гаргахгүй гэж малтсанаас болж 2.1 тэрбум ам.доллар алдлаа

Яг үнэндээ малыг хөлөөр нь Хятад руу гаргах нь Монголд үнэхээр их ашигтай байлаа. Тэр тусмаа гадаа гандаж, хөдөө хөхөрч явдаг малчдын амьдрал сэвхийтэл босоод ирэх боломж, үүд хаалга цэлийтэл нээгдэх байв. Мөн улс орны эдийн засагт ч хувь нэмэр болчихоор байв. Гэтэл У.Хүрэлсүхийн Засгийн газар тэр боломжийг нь үгүй хийчихлээ. Сүүлийн 20 гаруй жил Монголын хөдөө аж ахуй тэр дундаа малын махны салбарт нар гараагүй. Ямар ч шинэчлэл, ахиц дэвшил хийгдээгүй. “Хүчит шонхор” захын хэдэн ченж л малчдын хөдөлмөрөөс их хэмжээний ашиг хүртэж ирсэн. Тэд малчдаас мал, махыг нь хямд худалдаж аваад нийслэлийнхэнд тэнгэрт тулсан үнээр зардаг байдал хичнээн он дамнан үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл, монголчууд малынхаа махыг экспортолно гэдэг холын мөрөөдөл байсан. Гэтэл ашгүй урд хөршийнхөн манайхаас хонь, ямаа худалдан авч, хүнсэндээ хэрэглэхээр болсон. Бас малыг хөлөөр нь гаргахаар болж, тодорхой ажлууд хийгдэж, одоо нэг мал үнэд хүрэх нь гэж байв. Гэтэл сошиалаар нэг “Малыг амьдаар нь хил гаргах нь буруу. Буянт малаа хятадуудын хоол хүнсэнд өгч болохгүй. Мал стратегийн гол бүтээгдэхүүн шүү дээ. Арай ч дээ, У.Хүрэлсүх, Ч.Улаан хоёр хятадуудтай нийлээд Монгол Улсыг малгүй болгох гэж байна. Хятадууд ядарсан хэдэн малчны насаараа хөдөө хөхөрч, гадаа гандаж өсгөсөн малыг нь хямд үнээр худалдаж авчихаад, нутагтаа үржүүлэгт оруулж, өсгөөд хэдэн жилийн дараа бидэнд хэд дахин нэмсэн үнээр зарах гэж байгаа бодлого. Бас монголчуудыг малгүй болгох урд хөршийн далд төлөвлөгөө” гэх мэтээр эсэргүүцсэн давлагаа үүссэн. Үүний дараа нэр бүхий УИХ-ын гишүүд хэдэн төрийн бус байгууллагын тэргүүн өмнөө суулгачихаад “Малаа хятадуудад зарахгүй. Монгол малын удмын сан алдагдана” гээд л нүдэндээ нулимс цийлэгнүүлж, хоолойгоо чичрүүлэн мэдээлэл хийж попорсон.Тэднийг хэвлэлийн хурал хийсний дараа “Гэртээ тарган хонины мах идэж ирчихээд “Монгол малаа хайрлая. Хятадуудад өгч болохгүй ч гэх шиг. Тийм л малдаа хайртай юм бол цагаан хоолтон болчих. Адилхан л нядлаад идэх байж” гэж хүртэл малчид дургүйцлээ илэрхийлж байв.

Хэдхэн өдөр нийгмийн сүлжээнд малыг хөлөөр нь хил гаргахыг эсэргүүцсэн мэдээлэл ар араас нь цувруулахад л Засгийн газар буугаад өгчихсөн хэрэг. У.Хүрэлсүх Засгийн газрын ээлжит хурал дээр “Малыг хөлөөр нь хил гаргахгүй” гэж мэдэгдсэн. Үнэндээ “УИХ-ын сонгуулийн өмнө мал хилээр амьдаар нь гаргахгүй гэсэн шийдвэр гаргачихвал ард түмнээсээ очков авах юм байна” гэж тооцоолсон бололтой, ерөнхий сайд. “Малыг хөлөөр нь хил гаргахгүй байх шийдвэрийг хэнд зориулж гаргасан бэ” гэж асуувал тэр эргэлзэж тээнэгэлзэх юмгүй “Ард түмнийхээ хүсэл зорилгыг биелүүлсэн” гэж хариулах биз ээ. Гэхдээ малыг хилээр хөлөөр нь гаргах, гаргахгүй нь Ерөнхий сайд хийгээд УИХ-ын гишүүдэд тийм ч чухал асуудал биш. Тэдэнд ард түмнээс оноо авах л чухал. Сошиалаар санаатайгаар давлагаа үүсгэж, ард түмэн эсэргүүцэж байгаа мэтээр бидний өмнөөс сэтгэгдэл, пост оруулаад түүнийг нь дэмжсэн сошиалд идэвхтэй 200 хүнээс оноо авах гэсэн л үйлдэл юм. Ингээд харахаар хийх юмаа олж ядсан сошиалчид, фэйсбүүк, твиттерийн тэнэгүүд Монгол төрийн бодлогыг гаргаад ч байх шиг. Ингэж төр барина ч гэж юу байх вэ. Гэхдээ л энэ бол одоогийн манай төрийн үнэн нүүр царай. Үнэн хэрэгтээ малчид малыг махлах юм уу, амьдаар нь зарж хэдэн төгрөгтэй болох гэж л өсгөж, үржүүлж, жилийн дөрвөн улирлын турш араас нь явж байгаа. Түүнээс буянт мал гээд хайрлаж хамгаалаад байгаа зүйл огт байхгүй шүү дээ. Малчид хотноосоо хонь, ямаагаа нядлаад хотод ирэхээр гэдэс дотор, толгой шийр, нэхий, арьс нь үнэд хүрдэггүй. Арайхийж хоёр гурван мянган төгрөгөөр өгдөг.Тийм ч учраас малыг нь өндөр үнээр худалдан авахыг тэд хамгийн ихээр дэмжинэ. Тэр тусмаа амьдаар нь гаргахыг малчид хамгийн ихээр дэмждэг.Тэдэнд мал, мах нь үнэд хүрч л байвал “Хүчит шонхор”-ын ченжүүд нь авна уу, хятадууд нь байна уу хамаагүй.

Манай улс Хятад руу мах гаргах торгон үе нь өнгөрсөн хавар байлаа. БНХАУ-д Африкийн гахайн мялзан өвчин тархсаны улмаас сая орчим гахайгаа устгасан юм. Хятад дэлхийн гахайн махны хэрэглээний хагасаас илүү хувь буюу 700 сая гахайг жилд гадаадын зах зээлд нийлүүлдэг. Гэтэл мялзан өвчнөөс болж гахайн махаа идэж чадахгүйд хүрсэн. Тэгээд ч зогсохгүй дэлхийн зах зээлд нийлүүлэх боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл, махны эрэлт маш их үүсч, дэлхийн олон орон Хятад руу мах нийлүүлэх гэж хошуурсан. Энэ далимаар Хятадын махны хэрэглээг хонины махаар орлуулах бүрэн боломж, энэ төрлийн үйлчилгээний цонх манайханд онгойсон гэсэн үг. Тодруулбал, БНХАУ-ын Засгийн газар ч өнгөрсөн хавар хэдэн сая тонн мах манайхаас худалдаж авах шийдвэр гаргасан. Гэтэл яг энэ үед нь сошиалын тэнэгүүд солиорч гарсан. Засгийн газар ч тэдний үгэнд ороод малыг хөлөөр нь гаргахыг хорьчихсон. Бодит байдал дээрээ энэ нь гавьяа байгуулах биш гай болсон, малчдад. Тэртэй тэргүй нядалгаанд оруулах малаа хилээр гаргаад байж болох л байсан. Үүндээ харин Засгийн газар дорвитой анхаараад үржилд оруулах боломжгүй стандартыг ягштал бариад л эр малаа гаргаж болох байв. Тэгсэнсэн бол толгой шийр, нэхийнээсээ эхлээд үнэд хүрээд ирэх л байлаа. Нэхий, толгой шийр нь дахин боловсруулалт, нэмүү өртөг шингээх бүтээгдэхүүн боловсруулж чаддаггүй Монголд ямар ч хэрэггүй. Өөр нэг зүйл нь нядалгаанд зориулсан мал “Эмээлт” зэрэг түүхий эдийн хэдэн зах дээр жилийн дөрвөн улирал хатдаг. Монголчууд буянт мал гэж ярих дуртай. Тэгсэн мөртлөө үр ашиг шимийг нь хүртэж байгаа хэдэн малаа хятадуудаас илүү зовоож тарчлаадаг. Хэдэн өдрөөр хашаалчихаад өвс идүүлэх нь битгий хэл ус уулгахгүй төмөр хашаанд хорьчихдог. “Муу нүүрэндээ үстэй малыг хэдэн хоног ч хорьсон яадаг юм. Өвс, ногоо идүүлээд ус уулгачихвал чацга баас нь дийлдэхгүй” гэж хээв нэг хэлчихээд л зогсож байдаг. Үүнийг манай хятадуудад малаа зарахгүй гэж дөвчигнөөд байгаа хүмүүс огт мэддэггүй, анзаардаггүй. Анзаарахыг ч хүсдэггүй байж мэдэх юм. Эмээлтэд зарж болж байгаа малыг Эрээнд амьдаар нь аваачаад зарахад ямар ч ялгаа байхгүй. Харин ч гадаадад илүү үнэ хүрнэ. Хэрвээ малыг хөлөөр нь экспортолсон бол салбарын сайдын “Засгийн газрын 318 дугаар тогтоол гараад хэрэгжиж байгаа. Энд малыг амьдаар нь гаргах, тэр дундаа үржлийн бус эр хонь, ямааг гаргаж болох талаар чиглэл өгсөн байдаг. Нөөцийн 20 хүрэхгүй хувийг амьдаар гаргана гэж тус тогтоолд тусгасан” гэсний дагуу жилд 14 орчим сая толгой бог малыг өмнөд хөршид худалдах боломжтой байж. Толгой нэг бүрийг хамгийн багадаа 150 ам.доллараар зарлаа гэхэд бид жилд 2.1 тэрбум ам.доллар олох байв. Ийм зах зээлийн мэдрэмжгүй, поп популизм хөөсөн засаг төрийн бодлого явуулаад баймааргүй байна. Монгол Улс мал аж ахуйн орон. Тиймээс дэлхийн зах зээлийн махны салбарт гол тоглогч улс болох ёстой. Ингэхийн тулд малаа хөлөөр нь гаргах нь хамгийн зөв алхам. 70 сая малтай улс үржлийн бус малаа амьдаар нь гаргахгүй байна гэдэг аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэж байгаагаас ялгаагүй зүйл. Хүчтэйхэн цасан шуурганаар хэдэн мянгаараа үхчихдэг нүдний хөрөнгө шүү дээ.


Categories
мэдээ цаг-үе

Ард түмний “Хавай” Аварга тосонг оготноос салгах төр засаг байна уу

Амралт зугаалгын цаг ирэхэд манай дээд баячууд Америкийн Хавайг зорьдог бол дундчууд нь Хайнань руу тэмүүлдэг. Харин эгэл ард түмэн маань Аварга тосонг зорих нь уламжлал болсон. Тийм ч учраас Аварга тосон бол Монголын Хавай гэж хэлэхэд болно. Үүнийг батлах мэт Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг, Аварга тосон рашаан сувиллыг зорих иргэдийн цуваа үл тасрах аж. “Танайд өнжье” буланг бэлтгэхээр өглөө хөдөлсөн бид Налайх хүртэлх замд цаг орчим тонгочив. Зам нь борооны усаар угаагдаж, мөлийсөн ч хурц ирмэгтэй хад чулуунууд ёрдойн гарч иржээ. 5-6 км яваад л дугуй нь хагарсан, эсвэл ямар нэг зүйл нь эвдэрсэн машинтай таарах нь тээврийн хэрэгсэлд хэр халгаатай байгаа нь харагдах биз ээ.

Налайхаас хар зам руу гарахад тоос шороо сарниж, орчныг анзаарах сөхөөтэй болов. Зуншлага сайхан болж байна. Тал хөндийгөөр шимтэй ногооны униар суунаглаж, уяан дээрээ хурдан хүлгээ сойсон айлууд тавтай сайхан налайж, нарны шаргал туяанд илбүүлсээр борлож, тараг сүүнд гэдэс нь цондойсон хүүхдүүд шалдан гүйлдэх аж. Тэд жаргалтай байгаа нь лавтай. Наадам хаяанд ирснийх ч тэр үү, хөдөө талыг зориход сэтгэл уужирч, дуу аялмаар болох нь сайхан. “Яараад яахав дээ” аяны хүрээнд зам дээр цагдаагийн эргүүл гарчээ. Тэд хурд хэмжиж, 80 км-ээс дээш хурдтай явсан бол зогсоож сануулга өгөх, харин 100 км давсан жолоочид “банга” хүртээж байна. Цагдаа нар толгой даваад уруудсан хэсэгт зогссон тул олон жолооч хурдтай орж “гэндэнэ” лээ. Гэхдээ яараад яахав дээ. Бид 80 км цагийн хурдтай давхихад дөрвөн цагийн дотор л зорьсон газраа хүрчихэж байна. Сонирхолтой нь Хэнтий орохтой зэрэгцээд хар замаар хулганууд гүйлдэх нь нэмэгдэх аж. Цааш Дэлгэрхаан руу дөхөхөд нөгөө хэдэн саарал оготно бэлчиж байна. Нэлээн хэдэн хулгана дайрч нүгэл үйлдсэн нь гарцаагүй.

Хотоос гарч 260 орчим км давхиад засмал замаас бууж хооллож аваад цааш шонгийн мод дагасан замаар 45 км яваад Аварга тосонд хүрч байна. Хэд хэдэн гэр гуанз ажиллаж, хуушуурыг мянган төгрөгөөр борлуулах аж. Манайхан ч яахав хээгүй, гүндүүгүй юм. Харин гадаадын жуулчид тэр хавиар бужигнах оготноас ихээхэн сэжиглэдэг гэнэ. Үнэхээр ч нэг хэсэг газарт метр хүрэхгүй зайтай нүхнүүд ухаж орж гарч гүйлдэх аж. Хүнээс айж ичихээ ч больсон бололтой, энэ “нөхөд”. Шонгийн модоо дагаад яваад бай гэсэн нутгийн тогоочийн захиасыг санаж цааш хөдөллөө. Эх, эцэг тогоруу үр төлөө энхрийлэн байх нь байгалийн үзэмжтэй хосолж ер бусын амар амгаланг мэдрүүлнэ. Цаана хөх уулс сүглийнэ. Гэвч хур борооноор өнгөө засч байгаа энэ сайхан нутгийг саарал оготнууд хөндийлж байна. Зарим нь бүр улаан зам дээр үүр ноохойгоо ухаж байв.

Аварга тосон рашаан сувиллын наана 200 орчим метр газар шавар шавхай ихтэй юм. Дэлгэрхааны ногоон талаар дур мэдэн давхиж ирсэн жолооч нар энд нэг цуваанд орж тосгон руу орох хаалганы гадаа дугаарлана. Тиймээс олон автомашины “хөлд” хөрс нь суларч бороотой үед шавар шавхай болдог аж. Замыг нь засахаар нэг удаа ч болов гар хүрч байгаагүй бололтой. Харуулын шовоохой босгож, олс татсан хэсэгт мөнгө хураагч сууна. Нэвтрэхэд 5000 төгрөгийн тасалбар авч байна. Үүнийгээ зам ашиглаж, хог хаясны төлбөр гэж тайлбарлав. Дахин лавлахад “Энэ мөнгөөр чинь бид байгалиа хамгаалдаг юм” гэж байна лээ. Наахна Аварга нуур цэлийнэ. Цэнгэг уст нуур гэнэ. Зарим үед гадаадын жуулчид уурга шидээд зогсож байдаг юм. Тэгэхээр загас жараахай байгаа байх аа хэмээн нутгийн залуу тайлбарлаж байна. Тосон нуур ч холгүйхэн юм. Нуурын урд хөтөлд багахан тосгон үүсчээ. Тосон нуурыг тойруулж хашаа татаж, иргэд нэвтрэх гурван хаалга гаргаж, харуулын пост байрлуулжээ. Нуур руу ороход 500 төгрөг хураадаг юм байна. Мөнгө хураагч залуу “Ах 500 төгрөгөө өгөөрэй. Нуурын усанд орох эсэх нь хамаагүй шүү. Хаалгаар орсон л бол 500 төгрөг өгөх ёстой” гэв. Энэ мөнгийг хаанаас хураадаг вэ. Өдөрт хичнээн тасалбар тасалж байна. Энэ мөнгөө эргээд юунд зарцуулдаг юм бэ гэсэн олон асуулттай хамт 500 төгрөгөө сарвайв. Залуу “Үүдээр орж ирэхэд хураадаг 5000. Мөн энэ 500 төгрөгийг Дэлгэрхаан сумын захиргаанаас хураадаг. Би өдөртөө 100 тасалбар тасалчихдаг юм. Наадмын үеэр, дараа нь тасалбарын борлуулалт эрс нэмэгдэнэ” гэж тайлбарлав. Мэдээж энэ мөнгийг Аварга тосон нуурыг хамгаалахад зориулдаг тухай хэллээ.

Нөгөө саарал оготнууд чинь нуурын эргээр аль эрт тухалжээ. Ганц, хоёр метрийн зайтай нүхнүүд ухаж, тэр хооронд жирийлгэх. Заримдаа хөл дороос гэнэт гарч гүйн цочооно. Томчууд ч яахав айж эмээх нь бага юм. Харин хүүхдүүдийг ёстой нэг айлгаж байна. Ялангуяа, охид оготно хэмээн орилж, аав ээжийг сандаргана. Харин зарим сахилгагүй хөвгүүд хулганы араас чулуу барьж хөөцөлдөж байгаад эцэг, эхээрээ зэмлүүлэх юм. Оготны ухаж сэндийчсэн хэсгээр өвс ногоо гандаж, багассаныг анзаарвал энэ “нөхөд” хамаг үндсийг идчихдэг нь илт. Нуурын эргийн элс рүү дөхөхөд хэд хэдэн оготно үхсэн байв. Зарим нь илжирч мууджээ. Сэг зэм нь нуурын усанд орж, элдэв өвчин тараах эрсдэл өндөр байна.

Өглөө сэрүүн байсан тул нуурын эргээр хүн цөөтэй байлаа. Өдөр халаад ирэхэд хүн нэмэгдэж, нарлаж хэвтэх газаргүй болдог гэнэ. Хүмүүс ихэвчлэн нуурын урд, зүүн хэсгээр нарлана. Харин хойд хэсгийн эргээр шавар ихтэй. Нуурын эргээр 40-50 минут алхахад бүтэн тойрдог. Тэр хавиар хар, шар шавар зардаг хүүхдүүд цөөнгүй байв. Гялгар уутанд савласан 500 гр орчим шаврыг 3000 төгрөгөөр үнэлж байна.

Бид нуурын урд орших тосгон руу зорилоо. Энд рашаан сувилал, бариа засал, гэр түрээс, дэлгүүр зэрэг бүхий л чиглэлийн үйлчилгээ үзүүлдэг 200 орчим газар бий. Иргэд ирээд рашаан сувилалд хэвтэж болно. Гэр, байшин түрээслээд өөртөө эмчилгээ хийх, эсвэл амарч болно. Гэрийн түрээс 30 мянга, харин байшин 60 мянган төгрөгөөс эхэлж байна. Хөргөгч, зурагт зэрэг хүний хэрэгцээг хэрхэн бүрдүүлснээс хамаарч түрээсийн үнэ хэлбэлзэнэ. Харин рашаан сувиллуудын хувьд нэг өдрийн төлбөр 90-95 мянга. Энэ нь өндөр сонсогдох ч эмчлүүлэгчдийн цуваа үл тасрах аж. Ихэвчлэн хар шавраар эмчилгээ хийдэг. Хамгийн эмгэнэлтэй нь тосгоныг тойроод нөгөө үлийн саарал оготно өөрсдийн “тосгон”-оо байгуулжээ. Хүнээс дайжих нь бүү хэл, байр гэрт нь хүртэл орогнох болжээ. Энэ талаар амрагчдаас асуухад “Оготно арай их байна. Өмнө нь ирэхэд ийм байгаагүй. Хүнээс ч айхаа больж. Шөнө байшин дотор гүйлдээд тухгүй юм. Хамгийн гол нь эрүүл ахуйн талаас элдэв халдварт өвчин тараах вий хэмээн эмээж байна” гэв. Хэд хэдэн сувилал орж үлийн цагаан оготны талаар тодруулж, эрүүл ахуйчтай нь уулзахыг хүссэн боловч амжилт олсонгүй. Сувиллуудад эмч л гэж байхаас эрүүл ахуйч гэж байхгүй. Эмч нарын хувьд эмчилгээгээ л ярина. Оготно бидэнд хамаагүй хэмээж байна. Тосгоноор хөндлөн гулд хэссэний эцэст нутгийн уугуул Ш.Энхбат гэж хүн энэ нуурын тухай хамгийн сайн мэдэх хүний нэг гэж олон хүн зөвлөсөн юм. Иймээс нутгийн залуугаар зам заалгаж нуурын хойно нутаглах Ш.Энхбатынхыг зорилоо.

Ш.Энхбат нуурыг тойрч олон жил нутагласаар иржээ. Анх 1954 онд Цэгмэд гэж хүн нуурын эмчилгээний чанарыг анх нээж, олон нийтэд танилцуулжээ. Бадарч хэмээх шинэ төгссөн эмч анх ирж ажиллахад Ш.Энхбат гуай шавар шавхайг нь зөөж, туслахын үүрэг гүйцэтгэж байсан аж. Тэрээр 40 гаруй жил ажиллажээ. Нуурын домгийг сийрүүлбэл нэгэн хөл муутай чавганц малынхаа араас явж байгаад санаандгүй нуурын шаварт бүсэлхий хүртэл зоогджээ. Ингээд тусламж эрэх хүнгүй өдөржин шаварт зоогдож, бүрий унах алдад нэг морьтой хүн азаар таарч татаж гаргасан байна. Чавганц гурван хоног хэвтэж, дөрөв дэх хоног дээрээ хөл дээрээ босчээ. Зүгээр ч босоогүй. Бүр эрүүл саруул болсон байна. Ингэж нуурын шавар анагаах увдистайг мэджээ. Нутгийн учир мэдэх хүний захиснаар дан хар шавраар дагнаж эмчилгээ хийлгэх нь буруу гэнэ. Хар шавар өвчнийг нааш нь татдаг. Харин шар шавар эдгээдэг байна. Хар шаврыг гурав хоног, шар шаврыг 7-14 хоног тавих ёстой аж. Хар шавар нь үе мөч, бөөр нурууны өвчин анагаахад сайн. Шар шавар нь хоолойн ангина, бамбай булчирхай, нарны харшил зэрэг олон өвчнийг анагаахад сайн аж. Шавар тавиад 15-20 минут болоод угаах ёстой. Хар шаврыг нуурын усанд угааж болохгүй. Зөвхөн шар шаврыг нуурынхаа усанд угаана. Хэрэв гэртээ аваачиж хэрэглэх бол заавал буцалсан усаар угаах ёстой аж. Яагаад гэвэл шавар хөхөөд хүний шар үсний нүхийг онгойлгосон байдаг. Тийм учраас түүхий усаар угаах юм бол шар үсний нүхээр халдвар орж арьсны өвчин дэлгэрэх аюултай аж. Үүнтэй холбоотойгоор нуурын ус руу үлийн цагаан оготно орж үхэж байгаа нь халдвар тараах эрсдэлтэй байна. Оготно нуурын эрэг рүү дөхөөд хужираас болж үхдэг аж. Үүнийг байнга цэвэрлэж байхгүй бол илжирч, муудсан сэг зэм нуур руу орж, усыг бохирдуулах эрсдэлтэй. Улмаар олон зуунд хүнд халдвар тараахаар байна.

Нуурын ус жил ирэх бүр татарч, өөрийгөө цэвэрлэх чадваргүй болж байгааг нутгийн иргэд ярьж байна. Социализмын үед хонхор дүүрч, халгин цалгидаг байжээ. Одоо тогооны хонхорт байгаа өрөм мэт болж багассан тухай хэлж байв. Усны түвшин багасч байгаагийн нэг шалтгаан нь рашаан сувиллын газрууд худаг гаргаж байгаатай холбоотойг иргэд хэлсэн. Одоогоор 40 орчим худаг байгаа. Гүний усыг зарим үед зүлэг усалж байна гээд хэдэн цагаар урсгадаг байна. Энэ нь гүний усанд нөлөөлж, улмаар нуурын түвшин буурахад нөлөөлж байна гэв. Энэ янзаар явбал 20 хүрэхгүй жилийн дараа нуурын ус ширгэж үгүй болох эрсдэлтэйг иргэд хэлж байлаа. Мөн нуурын ундарга бохирдож байгаа тул ирэх жилээс хааж цэвэрлэх ажил хийнэ гэсэн төлөвлөгөөтэй аж. Гэхдээ энэ олон жуулчны бааз, сувиллын газрын ашиг орлого хаагдах тул хэрхэхийг хэлэхэд хэцүү хэмээж байв.

Дэлгэрхааны тал, Аварга тосон рашаан сувиллаар бэлчих үлийн цагаан оготно 2-3 жилийн өмнөөс эрс өсчээ. Үүнийг хярс, үнэг, мануул цөөрсөнтэй холбон тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, хүн зоны хөлөөс дээрх амьтад дайжсанаар үлийн цагаан оготно дураараа дургих боломж бүрджээ. Тэдэнд дайсан гэж алга. Уг нь сумаас устгах зорилгоор айлуудад хор тарааж өгсөн гэнэ. Тэрийг нутгийнхан буудай гэж нэрлэнэ. Буудайг цацсан боловч амжилтад хүрээгүй байна. Нэг ямаа хувин дүүрэн буудай идэхэд эзэн нь халаглаж “Хор идчихлээ. Маргаашаас хэтрэхгүй үхнэ дээ” хэмээжээ. Гэтэл нөгөө ямаа нь үхэх нь бүү хэл, хүний урманд муужраагүй байна. Тэгэхээр ямаа муужруулаагүй хор үлийн цагаан оготно устгана гэж байх уу хэмээн тоглоом шоглоом хийж сууна. Аварга тосон өөрийн онцлогтой. Эмчилгээний том төв юм. Шар шавран эмчилгээнд ороход хүний шар үсний нүх онгойж түүгээр халдвар орох эрсдэлтэй байдаг тул дээд зэргийн гам сахих шаардлагатай байдаг аж. Гэтэл үлийн цагаан оготно хажууханд нь бэлчиж, шар өвчний үүр уурхайг тээж байна. Хэрэв энэ амьтан өвчин тарааж эхэлбэл Монголын Хавай болсон Аварга тосон сүйрлийн ирмэгт ирэх болно. Иймд төр засаг үлийн цагаан оготнотой тэмцэж, Монголын Хавай болсон Аварга тосонг аврах цаг иржээ. Дашрамд дурдахад, нуурыг тойроод нэг ч бие засах газар алга. Иргэд нуурын зүүн хойно орших багахан зэгсэнд орж “Морь хардаг” нь анзаарагдсан. Мэдээж энэ нь хөрсийг бохирдуулж байгаа нь гарцаагүй. Түүнчлэн, нуурын усанд дотуур хувцсаа савандаж угааж суугаа ухамсаргүй иргэнтэй ч таарсан. Мөн нуурын эх дээр майхан барьж, тухлах иргэд ч олон байв. Тэднийг хөөж, шаардлага тавьдаг хүн гэж алга. Нуурын хойноос шавар олборлох хүүхдүүдэд ч хараа хяналт алга. Уг нь сумаас хурааж байгаа 5000, 500 төгрөгийн хураамж энэ бүхэнд зориулагдах ёстой мэт. Ядаж нуураа тойруулаад ганц боловч био жорлон байрлуулчихаж болдоггүй юм байх даа.

Г.БАТЗОРИГ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Монголчууд дотоодоосоо гурил, төмсний хэрэгцээгээ хангаж байна

2019 ОНД УРГАМЛЫН ТОСНЫ ТАРИАЛАЛТ ТӨЛӨВЛӨСНӨӨС БАРАГ ГУРАВ ДАХИН НЭМЭГДЖЭЭ

Энэ жил 361 мянган га-д үр тариа, үүнээс 337 мянган га-д улаанбуудай, 15.5 мянган га-д төмс, найм шахам мянган га-д хүнсний ногоо, 82 мянган га-д тосны ургамал, 36 мянган га-д тэжээлийн ургамал нийтдээ 500 гаруй мянган га-д тариалалт хийлээ.Тариалалтад 337 мянган га улаанбуудайн талбайг хамруулснаар нийт тариалсан талбайн 75.6 хувь буюу 250.6 мянган га талбай хээрийн соёололтоор онц, сайн үнэлгээтэй байна. 2019 онд төлөвлөсөн улаанбуудайн тариалалт найман хувиар буурсан ч, тосны ургамлын тариалалт бараг гурав дахин нэмэгдэж тэжээлийн ургамлын тариалалт 12, бусад үр тарианы тариалалт төлөвлөснөөс 26 хувиар нэмэгджээ. Сүүлийн жилүүдэд Монгол Улс гурил, төмсний дотоодын хэрэгцээгээ өөрсдөө хангаж байна. Өнгөрсөн онд хүнсний нарийн ногооны хэрэгцээний 45 хувийг дотоодоос хангасан бол энэ жил 50 гаруй хувийг дотоодоос хангах аж. Мөн ирэх жилийн тариалалтад зориулж 390 шахам мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэхээр төлөвлөснөөс одоогийн байдлаар 125 мянган га-д уриншийн нэгдүгээр боловсруулалт хийгээд байна.

ТАРИАЛАНЧИД 11 МЯНГАН ТЕХНИКЭЭР 500 ГАРУЙ МЯНГАН ГА-Д ТАРИАЛАЛТ ХИЙЖЭЭ

Тариалалтад зүтгэх хүчний трактор 3230, үр тарианы үрлүүр 2254 хөрс боловсруулах техник 5424, төмс, хүнсний ногооны үрлүүр 498 ажиллаж тариалалтын ажлыг 14-21 хоногт багтаан гүйцэтгэв. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны А-127 дугаар тушаалаар “Усалгааны тоног төхөөрөмж, усалгааны хоолой олгох түр журам”-ыг батлуулан уг журмын дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын Усалгааны тоног төхөөрөмж олгох тухай 2019 оны А-107 дугаар тушаалаар баталсан хуваарийн дагуу усалгааны тоног төхөөрөмж, усалгааны хоолойг зээлээр олгох ажлыг Тариалан эрхлэлтийг дэмжих сантай хамтран 2019 оны дөрөвдүгээр сараас эхлэн зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар 15 аж ахуйн нэгжид 2175 га талбайг услах хүчин чадал бүхий 50-100 га-ийн 34 ширхэг бороожуулагчийг зээлээр олгон угсарч, суурилуулан усалгаа хийж байна.

ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ТЕХНИК ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ЗЭЭЛ ЖИЛИЙН ХОЁР ХУВИЙН ХҮҮТЭЙ

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих төслийн хүрээнд” 165-750 морины хүчтэй 180 ширхэг трактор, хадлангийн 40 иж бүрдэл, даршны комбайн 34 ширхэг, таримал тэжээл үйлдвэрлэлийн зориулалттай 20 иж бүрдэл техникийг тус тус нийлүүлж өнөөдрийн байдлаар нэг сая ам. долларын үнэ бүхий трактор, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийг 10 хувийн урьдчилгаатай, долоон жилийн хугацаатай олгож байна. Мөн дээрх төслийн 16.9 сая ам долларын хөрөнгөөр 50-125 га-ийн том оврын бороожуулагч болон 1-25 хүртэлх га талбайг услах хүчин чадал бүхий бага, дунд оврын усалгааны тоног төхөөрөмжийг нийлүүлснээр өнөөдрийн байдлаар 2.4 мянган га талбайг услах хүчин чадал бүхий 35 ширхэг бороожуулагчийг 7-12 жилийн хугацаатай, жилийн хоёр хувийн хүүтэйгээр аж ахуйн нэгж, иргэдэд зээлээр олгоод байна.

ТАВАН АЙМАГ ТУС БҮР 560 ТОННЫ НОГООНЫ ЗООРЬТОЙ БОЛЖ, ТАРИАЛАНГИЙН ТАЛБАЙГ ХАШИХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛНЭ

Польшийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх Хүнсний ногооны үйлдвэрлэл, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх төслийн 10.2 сая еврогийн хөрөнгөөр төмс, хүнсний ногоо үйлдвэрлэлийн зориулалттай 11 нэр төрлийн 544 ширхэг техникийг нийлүүлэх, Хэнтий, Ховд, Төв зэрэг таван аймагт тус бүр 560 тонн багтаамжтай хүнсний ногооны зоорь байгуулах, Төв аймагт төмсний цардуулын үйлдвэр байгуулах ажлыг зохион байгуулж байна. “Жимс, жимсгэнэ” хөтөлбөрийн хүрээнд Монгол оронд бага тархацтай жимс жимсгэний суулгацыг нэмэгдүүлэх арга хэмжээг зохион байгуулж байна.

Тариалангийн талбайн хөрсний үржил шимийг мал амьтнаас хамгаалах зорилгоор талбайг хашаажуулах ажлыг үргэлжлүүлэх ажлыг зохион байгуулж байна.

ЗАСГИЙН ГАЗАР ЦААШИД ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ТАЛААР ЯМАР БОДЛОГО БАРИМТЛАХ ВЭ?

-Байгаль цаг уурын өөрчлөлтөд дасан зохицсон, дэвшилтэт техник, технологийн шинэчлэлийг эрчимтэй, иж бүрэн нэвтрүүлж, нутагшуулах,

-Таримал ургамлын үрийн чанар хангамжийг сайжруулах, шинэ таримлын үрийн нөөц бүрдүүлэх, таримлын зохистой сэлгээг нэвтрүүлэх,

-Тариалангийн талбайн эзэмшилт, ашиглалтыг сайжруулах, хөрсний үржил шимийг хамгаалах бордоо, ургамал хамгааллын бодисын зохистой хэрэглээг төлөвшүүлэх замаар хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах,

-Дараа оны ургацыг шийдвэрлэх гол хүчин зүйл болох уринш боловсруулалтын ажлыг технологийн хугацаанд чанар сайтай гүйцэтгэх, шаардагдах шатахуунаар тасалдалгүй хангах, ургац хураалтын бэлтгэлийг эртнээс хангах зэрэг болно.

-Тариалангийн салбарт ОХУ, Беларусь, Польш, Герман, БНХАУ-ын техник, тоног төхөөрөмжийг сонгон нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх замаар өндөр хүчин чадлын техникийн шинэчлэлийг 80 хувьд, дунд болон бага механикжуулалтын түвшинг 60 хувьд хүргэж шинэчлэх,

-Тэг болон цомхотгосон хөрс боловсруулалтын ажлыг үйлдвэрлэлд эрчимтэй нэвтрүүлэх, тариалангийн талбайг хашаажуулах, улмаар ойн зурвас байгуулах ажлыг эхлүүлэх,

-Усалгаатай тариалангийн талбайн хэмжээг 80 мянган га-д хүргэж ашиглалтыг сайжруулах, нэгжээс хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлж тогтворжуулах, байгалиас хараат байдлыг бууруулах,

-Тариалангийн хөрсний үржил шимийг хамгаалах, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, ургамал хамгааллын цогц арга хэмжээ, зохистой дадлыг нутагшуулах зэрэг болно.


Categories
мэдээ цаг-үе

М.Ивээл: НҮБ-ын индэрээс илтгэл тавих байтугай, босгыг нь давах миний хувьд мөрөөдөл байсан

НҮБ-ын индэр дээрээс залуу үеийн төлөөллүүд илтгэл тавьсан. Тус илтгэлд Монгол Улсаа төлөөлөн оролцсон М.Ивээлтэй ярилцлаа.


-Өөрийгөө танилцуулна уу?

Өдрийн сонины уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Мөнхбаатар овогтой Ивээл гэдэг. АНУ-ын Висконсин мужийн их сургуулийг эрх зүй судлал болон олон улс судлал гэсэн мэргэжлээр суралцаж төгссөн.

Эрх зүй дотроо хүний эрх, эрх чөлөөний сэдвүүдэд түлхүү анхаарлаа хандуулж, цаашдаа хүний эрхийн хамгааллын чиглэлээр илүү их зүйл хийж ажиллахыг хүсдэг.

-Англи хэлийг хаана сурсан бэ?

-Англи хэлийг амжилттай бие даан суралцахад аав минь их чухал үүрэг гүйцэтгэсэн. Хэл сурах чухлыг багаас минь ойлгуулж, их дайчлуулж хамгийн сайн гэсэн хэлний дамжаанд явуулдаг байсан. Миний хувьд англи хэлийг Монголдоо, дунд сургуулиасаа эхлэн хичээлийнхээ хажуугаар хэлний дамжаанд суун, бие даан давтсаар сурсан л даа. Гэхдээ хэлний сургалтад хэдэн удаа явахаас илүүтэйгээр өөрийн суралцах тэмүүлэл, өөрийгөө дайчлан бие даан суралцах чадвар маш чухал гэдгийг өөрийн туршлагаас ойлгосон.

-НҮБ-д ямар шалгуураар тэнцэж илтгэл тавив?

-НҮБ-ын индэр дээрээс илтгэл тавих байтугай НҮБ-ын босгыг давж үзэх миний хувьд мөрөөдөл байсан. Энэ мөрөөдөлд хүрэх зам мэдээж тийм амар байгаагүй. Оюутан байх хугацаандаа суралцахын хажуугаар Олон Улсын хүний эрхийн хамгийн хүндтэй байгууллагуудын нэг “Amnesty International”-ийг сургууль дээрээ удирдан ерөнхийлөгчөөр нь ажиллаж хүний эрхийн мэдлэг, мэдээллийг түгээх шугамаар хэд, хэдэн үйл ажиллагаа, кампанит ажил явуулж оюутнуудад болон олон нийтэд хүрч ажилласан. Мөн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийг хамгаалах (CASDA) төвд сайн дураар ажиллаж оюутныхаа дипломын ажлыг “Mонгол Улс дахь хүний эрхийн хохирогчдод үзүүлэх хуулийн хамгаалалт” сэдвээр бичиж хамгаалсан юм. Хүний эрхийн чиглэлээр оюутан байх хугацаандаа хийсэн ажил, гаргасан хичээл зүтгэл, хүсэл эрмэлзлийг минь ойлгон АНУ-ын Висконсиний Их Сургуулийн багш Dr. Khalil Dokhanchi анх НҮБ-ын харьяа Хүний Эрхийн олон улсын Залуучуудын дэд хуралд Монголоо төлөөлөн оролцох саналыг тавьж өргөдлөө явуулахыг санал болгосон. Би уг саналыг туйлын баяртайгаар хүлээн авч өргөдлөө явуулахад НҮБ хэдэн шаардлага тавьсан юм. Түүнд нь, хүний Эрхийн чиглэлээр хийсэн ажлын тайлан, баримт нотолгоо, зураг дүрслэлийн хамт хавсаргах, өөрийг нь тодорхойлсон хоёр багшийн захидал, НҮБ-ын индэр дээрээс тавих илтгэл (бичгээр) гэх шаардлагууд байсан л даа. Эдгээр гол шаардлагуудыг хангасан олон орны төлөөлөл залуучуудын илтгэл дундаас хэдхэн илтгэлийг шалгаруулсан юм билээ. Түүнд нь миний илтгэл багтсанд туйлын ихээр баярлаж явдаг.

Викинсон мужийн Сенатын хамт

-Урьд нь илтгэл тавьж байв уу?

-Дунд сургуульд байхаасаа л илтгэх урлагт суралцаж, энэ төрлийн тэмцээнүүдэд идэвхтэй оролцдог байсан. Дунд сургуулийн илтгэлийн тэмцээнд II байр, “Шинэ Монгол” ахлах сургуулийн илтгэлийн тэмцээнд III байр тус, тус эзэлсэн. Мөн оюутан байх хугацаандаа хийсэн судалгааны ажлаа танилцуулан муж дамжин сургууль, муж, улсын хэмжээнд илтгэл тавьсаар ирсэн л дээ. Хийсэн судалгааны ажлаа Висконсин мужийн Сенатад хүртэл танилцуулан ярилцсан юм. Нийт 80 гаруй илтгэлээс 20 орны төлөөлөл залуус НҮБ-ын индэр дээрээс илтгэлээ тавихаар шалгарсан.

-Сандрах, догдлох мэдрэмж төрсөн үү?

-Эх орноо төлөөлж НҮБ-ын индэр дээрээс илтгэлээ тавих завшаан надад тохиосонд туйлын ихээр баярлаж догдолж хүлээж авсан. Харин яг илтгэл тавих мөчид сандрах нь харьцангуй бага байсан. Илтгэлээ зөв, цэгцтэй, ойлгомжтой тавихад хамаг анхаарлаа төвлөрүүлсэн дээ.

-Өөрийгөө тавьсан шалгуурт нь тэнцэнэ гэдэгт хэр итгэлтэй байв?

-Миний хувьд энэхүү дэд хуралд оролцож өөрийн адил хүсэл эрмэлзэл, зорилго тэмүүлэлтэй олон орны залуу төлөөллүүдтэй уулзаж, тэдэнтэй хамт ярилцаж, тэдний гайхалтай түүхүүдээс суралцаж, тэдний дунд эх орноо төлөөлөөд оролцож байгаа минь л хангалттай нэр төрийн хэрэг гэж бодож байснаас илтгэл тавьж оролцох минь дэд зорилго байгаагүй. Илтгэл минь шалгарсанд миний хувьд гэнэтийн мэдээ байсан.

-Ирээдүйн зорилгоо хэрхэн тодорхойлох вэ?

-Ирээдүйд хүний эрхийн хуульч мэргэжлээр ажиллахыг хүсдэг. Яахын аргагүй Монгол оронд маань хүний эрхийн ойлголт дутмаг, хүний эрхийн хохирогчдыг хамгаалах хуулийн хамгаалалт дутуу санагддаг. Цаашдаа Монголдоо хохирогчдын эрхийг хамгаалж, нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст тусалж, хуулийн хамгааллыг сайжруулж ажиллахыг хүсдэг. Мөн хүний эрхийн боловсролыг илүү олон хүнд түгээж, хүн бүр эрхээ мэддэг байхыг зорилгоо болгон ажиллаж энэ чиглэлээр юу хийх талаар төлөвлөгөө гаргаад явж байгаа.

-Илтгэлийн сэдэв?

-Илтгэлийн маань гол сэдэв бол хүний эрхийн талаарх өөрийн минь үзэл бодол. Оюутан байхдаа хийсэн зарим кампанит үйл ажиллагааны талаарх танилцуулга. Мөн Монгол Улсад маань хүний эрхийн зөрчилд ямар хүмүүс ихээр өртөж байгаа талаар зарим асуудлуудыг илтгэлдээ хөндөж ярьсан.

-Илтгэлийг тань сонссон хүмүүс хэр дэмжиж байна?

залуусын түүхээс суралцах зүйл нь барагдашгүй.

-НҮБ-ын индэр дээрээс илтгэл тавих үед юу бодогдож байв?

-Би хэр баргийн өөрийнхөө хийсэн үйлдэлд сэтгэл ханаж, өөрөөрөө бахархаад суугаад байдаггүй. Их сургуульд дипломын ажлаа хүний эрхийн сэдвээр өдөр шөнөгүй бичиж, сургууль дээрээ ямарваа нэг үйл ажиллагаа зохион байгуулах үеэр бэрхшээлүүд гарна. Тэр үед хааяа хэний, юуны төлөө, яагаад энэ зүйлсийг хийгээд байгаа талаар өөрөөсөө асууж, өөртөө эргэлзэх үе тулгарна. НҮБ-ын индэр дээрээс илтгэл тавих үед хамгийн их бодогдсон зүйл гэвэл өчүүхэн ч гэсэн хийсэн ажлууд минь хий хоосон, үнэлэмжгүй, үр дүнгүй зүйлс байгаагүй юм байна. Харин мөрөөдлийг минь биелүүлэх эхлэл байж

зэрэг Дэлхийн энх тайвны удирдагчдын хэлсэн үгнээс иш татаж байсан бөгөөд үүнээс Mahatma Gandhi-ийн хэлсэн “The best way to find yourself is to lose yourself in the service of others” буюу “Өөрийгөө олох хамгийн зөв зам бол бусдын төлөө өөрийгөө гээх” хэмээх эшлэл миний сэтгэлд илүү хүрсэн. Хүн бусдын төлөө амьдарч, бусдад тусалж амьдарснаараа өөрийгөө хаяж, өөрийгөө умартаж байна гэж боддог. Яг үнэндээ хүн өөрийгөө таньж мэдэж, амьдралын утга учир, итгэл тэмүүллээ бусдад туслах үйл хэргээс олж авдаг.

-Илтгэх урлаг заасан багш, сургуулийнхаа талаар ярихгүй юу?

-Би Улсын тэргүүний XIII сургуульд есдүгээр анги хүртлээ суралцаж байх хугацаанд илтгэх, мэтгэлцэх урлагт хөл тавьж

талаасаа би өөр орны соёл түүхийг мэдэх дуртай, сониуч зантай учраас Америк улсад илүү татагдсан байх.

-Гэр бүлээ танилцуулаач. Танайд илтгэл тавьдаг хүн бий юу?

-Мэдээж байлгүй яахав. Гэр бүл минь хамгийн нандин хүмүүсээс бүрэлдсэн миний нэгдэл, миний хамгийн том дэмжлэг. Боловсрол эзэмшихээр АНУ-д хөл тавих үүдийг нээж өгсөн аав, ээжийн хүч хөдөлмөр, хайр энэрэл, надад итгэх итгэл найдвар яахын аргагүй зориг, хүч авах нөөц, цааш тэмүүлэх шалтгааныг хайрладаг. Аавыг минь М.Мөнхбаатар, ээжийг минь Ц.Цэрэнмядаг гэдэг. Хоёулаа хүний их эмч, дүрс оношлогооны чиглэлээр мэргэжлээрээ 20 гаруй жил ажиллаж яваа эмч хүмүүс. Аав, ээжээрээ би үргэлж бахархаж, тэдний хайр энэрэлд өсч торниж яваа би өөрийгөө их азтайд тооцож, хувь тавиландаа баярлаж явдаг. Гэр бүлээс аав минь илтгэл түлхүү тавьж, олон нийтийн өмнө үг хэлэх шаардлагууд их гардаг.

-Өөрийгөө зоригжуулахдаа хэлдэг үг тань юу вэ?

-“Хүсэл эрмэлзлээ тээж явахад миний ард бүхэл бүтэн хорвоо тэр хүслийг минь биелүүлэхээр хамт эргэж байдаг” гэх үг надад их урам зориг өгдөг.

-Өөрийнхөө үеийн залууст уриалан хэлэх зүйл байна уу?

-Яг одоогоор залуучууд Хүний Эрхийн Төлөө Олон Улсын төрийн бус байгууллагын Монгол дахь төлөөллийг хариуцаж ажиллах үүргийг аваад ажлын төлөвлөгөөгөө эхлүүлээд явж байгаа. Хамгийн гол нь Хүний Эрхийн боловсролыг ерөнхий боловсролын сургуулийн ын сурагчдад болон залуу үедээ илүү амар аргаар, илүү хурдан түгээж ажиллахыг эрхэм болгож байна. НҮБ-тай хамтран уг төрийн бус байгууллага нь хэрэгцээт бүх гарын авлагаар хангаж, уг гарын авлагууд нь аль хэдийнэ Монгол хэл дээр орчуулагдсан байсан. Надтай адил хүсэл эрмэлзэлтэй залуусыг гар нийлэн хамт ажиллаасай гэж хүсч байна. Дор бүрнээ өөрчлөлтийг эхлүүлж, өрөөлд туслахыг эрхэм болгож, хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм бий болох боломжтой гэдэгт итгэж, энэ нийгмийг бүтээлцэхэд бага гэлтгүй хувь нэмрээ оруулаасай гэж залуу үеэсээ хүсч байна.


Categories
мэдээ нийгэм

Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

Ус цаг уур орчны шинжилгээний газрын мэдээгээр маргаашнаас буюу долдугаар сарын 15-аас 17-ны хооронд баруун аймгуудын ихэнх нутгаар, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орох бол долдугаар сарын 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орохыг анхааруулж байна. Борооны өмнө салхи түр зуур ширүүсэх аж.

Мөн Сэлэнгэ мөрөн Хялгант сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 80 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 35 см, Хөвсгөл уулсаас эхтэй Үүр, Алтай нуруунаас усжих Ховд, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см, Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум орчимд усны түвшин 35 нэмэгдэж, үерийн түвшинг даван үерлэж байна. Иймээс голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуй нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх, хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Самбо бөхийн “Мазаалай” дэлхийн цомын тэмцээн болж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Самбо бөхийн холимог багуудын “Мазаалай” дэлхийн цомын анхдугаар тэмцээн Буянт-Ухаа спортын төв ордонд болж байна. Тус тэмцээнд спортын самбо бөхийн эрэгтэйчүүдийн 68кг, 74кг, +100кг, эмэгтэйчүүдийн 48кг, 56кг, 68кг, байлдааны самбын төрөлд 62кг, -90кг, +90кг-д тус тус 9 хүний бүрэлдэхүүнтэй багаар халз өрсөлдөж байна.

Тэмцээний хамгийн сонирхолтой тулаан ОХУ, Монголын багуудын хооронд явагдан Оросууд 6:3-ийн харьцаатай ялалт байгууллаа. ОХУ-ын багт Елена Бондарева дэлхийн гурван удаагийн аварга, дэлхийн цом, европын тоглолтын аварга Марина Мохаткина дэлхийн зургаан удаагийн аварга, европын хошой аваргаУали Куржев дэлхийн хошой аварга, европын аварга, Артём Осипенко дэлхийн долоон удаагийн аварга, европын гурван удаагийн аварга, европын наадмын аварга гэсэн бүрэлдэхүүнтэй оролцож байна.

Тэмцээний шагналын сан 80 мянган ам .оллар бөгөөд түрүүлсэн багт 30 мянга, үзүүрлэсэн багт 20 мянга, III байрт шалгарсан 2 багт тус бүр 10 мянган ам долларын мөнгөн шагнал, цом гардуулна.

Анхдугаар тэмцээнд Монгол, ОХУ, Беларусь, БНХАУ, БНСУ зэрэг улсын тамирчид оролцож байна

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөөдрөөс эхлэн хүнсний томоохон дэлгүүрүүд ажиллаж эхэллээ

Хүнсний томоохон дэлгүүрүүд өнөөдрөөс эхэлж хэвийн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж байна.

Тодруулбал, “Номин холдинг” ХХК-ийн салбар дэлгүүрүүд: 07 дугаар сарын 14-ний өдрүүдэд Чулуун-Овоо Номин агуулах худалдаа 08.00-23.00, 22-ын товчоо Номин агуулах худалдаа 07.00-24.00, 32-ын тойрог Номин хайпермаркет 08.30-24.00, Драгон төвд Номин хайпермаркет 07.30-22.00 цаг хүртэл ажиллана.

07 дугаар сарын 15-ныг дуустал “Номин”-гийн бүх супермаркетууд болон хайпермаркетууд бусад хамааралтай салбарууд амралтгүйгээр ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Сансар” сүлжээний бүх супермаркет: 07 дугаар сарын 15-ны баяр наадмын өдрүүдэд ердийн цагийн хуваарийн дагуу 08.00-24.00 цагт ажиллаж, “Сансар -6”, 22-ын товчооны зүүн талд “Сансар-22”, Баянзүрхийн товчоо “Сансар-39”, Яармаг “Сансар -34” 06.00 -24.00 цагт ажиллана.

Баярын бүх өдөр “Сансар-9” бөөний төв Өнөөдөр амарч байна. 07 дугаар сарын 15-нд 09:00 -21:00 цагт ажиллана. 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн бүх салбар ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Оргил супермаркетууд: 07 дугаар сарын 14 буюу өнөөдрөөс эхлэн энгийн цагийн хуваариар ажиллаж байна.

“Боса” ХХК-ийн “Дэйли гросерс” /Daily grosers/ сүлжээ дэлгүүрүүд: Баярын өдрүүдэд 08.00-23.00 цаг хүртэл амрахгүй ажиллана.

“Миний дэлгүүр” ХХК-ийн сүлжээ дэлгүүрүүд: Нарны зам болон Нисэхийн “Миний хайпермаркет” 08.00-24.00 цаг, бүх сүлжээ дэлгүүрүүд амралтгүй ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Е -Маrt” их дэлгүүр:07 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд 10.00-22.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Нарантуул” худалдааны төв: 07 дугаар сарын 11-нээс 16-ныг дуустал амраад, 07 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хархорин” худалдааны төв: 07 дугаар сарын 11-нээс 15-ны өдрийг дуустал амарна. 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Барс” 1, 2 худалдааны төвүүд: 07 дугаар сарын 11-нээс 14-ний өдрийг дуустал амарч, 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хүчит шонхор” худалдааны төв: 07 дугаар сарын 11-нээс 15-ныг дуустал амарч, 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Да хүрээ” авто худалдааны төв: 07 дугаар сарын 11-нээс 15-ныг дуустал амарч, 07 дугаар сарын 16–ны өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд: 07 дугаар сарын 11-нээс 15-нд амарна. 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

НИЙТИЙН ХООЛ

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ресторан, баар, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Тусгай захиалгат үйлчилгээтэй 1 дүгээр зэрэглэлийн ресторанууд цагийн хуваарийн дагуу ажиллана.
Үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх хоолны газрууд тухайн байгууллагынхаа ажиллах цагийн хуваарийг дагаж мөрдөн ажиллана.

АХУЙ ҮЙЛЧИЛГЭЭ

Үсчин, гоо заслын үйлчилгээний газрууд 07 дугаар сарын 11-нээс 15-ны өдрүүдэд амарна.
Хувцас, гутал, ахуйн электрон цахилгаан хэрэгсэл засварын газрууд болон хими цэвэрлэгээ, угаалгын газрууд өнөөдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж байна.

Ахуйн үйлчилгээний бүх цэг салбарууд өнөөдрөөс буюу 07 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж байна

УЛААНБААТАР ХОТЫН “ШУУРХАЙ УДИРДЛАГА ЗОХИЦУУЛАЛТЫН ТӨВ”

Шуурхай ажиллагааны алба 24 цагаар тогтмол ажиллаж, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамж, нийтийн тээвэр зэрэг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харъяа байгууллага, газар, хэлтсүүдээс үзүүлж буй үйлчилгээний талаар гарсан гомдол саналыг хүлээн авч ажиллана.
Шуурхай үйлчилгээний алба гомдол, саналыг 310005, 76111005 дугаарын утсаар тус тус хүлээн авч шуурхай үйлчилнэ.

ОРОН СУУЦ, НИЙТИЙН АЖ АХУЙ

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, түүний харъяа салбар компаний ээлжийн инженер, засварчин, цахилгаанчид 24 цагаар ажиллан, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамжийн талаарх дуудлагыг 70005454 утсаар, санал, гомдол, шуурхай ажиллагааны дуудлагыг 325595 дугаарын утсаар тус тус хүлээн авч барагдуулна.

Аваарийн шуурхай албатай 325595 дугаарын утсаар харилцана. ОСНААУГазар дээр ариутгах татуургын машин 24 цагаар дуудлага авч ажиллана.

Categories
мэдээ нийгэм

Усанд живж байсан хүүхдийг наймдугаар ангийн сурагч аварчээ

Энэ сарын 11-нд хоёр хүүхэд усанд живж байсныг хүүхэд аварсан сайхан мэдээ байна.

Тодруулбал “Тэмүүжин Өрлөг” сургуулийн наймдугаар ангийн сурагч Ж.Тэмүүжин энэ сарын 11-нд Тэрэлж мойлтын тохой туул голд живж байсан хүүхдийг 2.5 м гүнтэй усанд шумбан орж амь насыг нь аварчээ.

Categories
мэдээ нийгэм

Хэнтий аймгийнхан Э.Оюунболдод таван өрөө байр бэлэглэв

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 512 хүчтэн зодоглосноос Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Улсын арслан Энхтөгсийн Оюунболд түрүүлж, Улсын аварга цол хүртсэн билээ. Ийнхүү тэрбээр Хэнтий аймгаас төрсөн 10 дахь аварга цолтон болов. Тэгвэл Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөөс шинэхэн аваргадаа “King tower” хотхонд таван өрөө байр бэлэглэжээ.

Categories
мэдээ нийгэм

Баярын өдрүүдэд 13 мянган иргэн эмнэлэгт ханджээ

Наадмын өдрүүдэд улсын хэмжээнд 606 эх амаржиж 313 хүү, 293 охин мэндэлжээ.

Эрүүл мэндийн байгууллагад 13118 иргэн хандсанаас эмнэлэгт хэвтэх шаардлагатай 3172 иргэнийг хэвтүүлж тусламж үзүүлж байна. Түргэн тусламжийн дуудлагаар 4572 иргэнд хүрч үйлчилсэн байна. Амралтын өдрүүдээр нартай байгаас гол усанд осолдох, зам тээврийн ослын дуудлага зонхилж байна