Categories
мэдээ нийгэм

“Цэцэг төв”-ийн уулзварыг өнөөдрөөс эхлэн гурван хоног хаана

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо, “Цэцэг төв”-ийн уулзварын авто замын хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн гурван хоног хааж байна.

Энэ хугацаанд ХЗДХЯ-ны захиалгаар “Хурд групп” ХХК дулааны шугамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэх юм. Иймд хөдөлгөөний эрчим ихтэй уулзварт ажил гүйцэтгэх хугацаанд зорчигч, жолооч нар бусад замыг сонгон, аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцохыг нийслэлийн Авто замын хөгжлийн газраас анхааруулав.

Categories
мэдээ нийгэм

Ослын улмаас нийслэлд найман хүн гэмтэж, орон нутагт нэг хүн амиа алджээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өчигдөр нийт 168 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 95 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа.

Ослын улмаас нийслэлд 8 хүн гэмтэж, орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна.

Гэмтэж бэрсэн 8 хүмүүс жолооч болон зорчигч хэлбэрээр хөдөлдөөнд оролцож байсан бол нэг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсны улмаас онхолдож гэмтсэн байна.

Нийт гэмтсэн хүний 4 нь хүүхэд бөгөөд зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байхдаа гэмтэж бэртсэн байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 47 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу арга хэмжээ тооцжээ.

Сэрэмжлүүлэх зорилгоор ноцтой зам тээврийн ослын дурьдвал:

  • 2019 оны долоодугаар сарын 15-ны өдөр СХД-ийн 15 дугаар хороо Өнөр хорооллын гудамж, нэгдүгээр хорооллын 23 дугаар байрын хойд замд Nissan X-Trail маркийн автомашины жолооч Б нь, Тоёота приус маркийн О, Honda Insight маркийн Г, Honda Civic маркийн А жолоочтой автомашинуудтай мөргөлдөж, зорчигч 28 настай, эмэгтэй О, 13 настай, эрэгтэй Х, 11 настай, эмэгтэй А, 4 настай, эрэгтэй Т, 1 сартай, эмэгтэй А, 58 настай, эмэгтэй У нарын 6 хүн гэмтсэн.
  • 16 цаг 47 минутын орчимд Сүхбаатар аймаг Сүхбаатар сумын 5-р багийн нутаг “Хөтөл нуур” гэх газар /Аймгийн төвөөс Баруун тийш 65 км-т/ шороон замд Тоёота Prius автомашин онхолдож, 36 настай, эрэгтэй Т нас барж, зорчигч 34 настай, эмэгтэй Б, 4 настай, эрэгтэй Б нарын 2 хүн гэмтсэн хэргийг Сүхбаатар аймгийн цагдаагийн газар шалгаж байна.
Categories
мэдээ нийгэм

Долоодугаар сарын 16-нд болох үйл явдлууд

09.00 цагт ХНХЯ-нд “Гэр бүлийн зөрчил шийдвэрлэх үйлчилгээний чадавхи бэхжүүлэх нь” сургалт эхэлнэ. Утас: 99272967

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Жюү жицүгийн Азийн АШТ-ий зохион байгуулагч нар тус тэмцээний талаар мэдээлнэ.

12.00 цагт “Хьюндай Элэватор” цамхагт Монголын морин спорт, уяачдын холбооноос “Их хурд 8” уралдаан, “Монгол туургатны морьтны өв соёлын наадам”-ын талаар мэдээлнэ. Утас: 77335544

Төрийн ордонд

10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

15.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы хуралдаанд​ оролцоно

Image result for х.баттулга

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10:00 цагт эхлэх товтой. Чуулганаар хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Хэлэлцэх асуудлын жагсаалтад Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлт багтжээ. Уг дүгнэлтэд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн заалт Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзжээ. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы хуралдаанд оролцож, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх саналаа танилцуулна. Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 02-нд УИХ-ын дарга Г.Занданшатарт илгээсэн албан бичигтээ, “Ардчилсан Үндсэн хуулийн амжилт ололт, алдаа дутагдал ил байна. Амжилтыг ахиулж, алдааг засах нь Монголын төр, ард түмний үүрэг мөн, арга зам нь хуульдаа өөрчлөлт оруулж, сайжруулах гэдэгтэй маргаж буй хүн алга. Нөхцөл байдал ийм байхад долоо хэмжих асуудлыг нэг хэмжиж хэрхэвч болохгүй гэдгийг онцгойлон сануулъя. Миний бие нийт ард түмнээс сонгогдсон төрийн тэргүүний хувьд Улсын Их Хурлаар хэлэлцүүлж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг албан бусаар олж авч, зохих хэмжээнд судалж танилцлаа. Авууштай зүйл ч байна, алдаатай зүйл ч байна. Иймд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг баяр наадмын өмнө яаран сандран хэлэлцэх бус наадмын дараа нухацтайгаар хэлэлцэх шаардлагатай байна. Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх чуулганд биечлэн оролцож, саналаа тусгайлан илэрхийлнэ” хэмээсэн юм.

Categories
мэдээ цаг-үе

О.Мөнхсайхан: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шүүх бүхэлдээ нэг хүнээс хараат байдгийг болиулж “шударга бусын хонгил”-ыг нураана

-АВЛИГЫН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ЗАРИМ ХҮМҮҮС ӨӨРСДИЙГӨӨ ХЭЛМЭГДСЭН МЭТ МЭДЭГДЭЛ ХИЙЖ “АРД АЮУШ”-ЫН ДҮРД ХУВИРАХЫГ ОРОЛДОЖ БАЙНА-

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх чиг үүрэгтэй Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой дэд хэсгийн ахлагч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхантай ярилцлаа.


-Шүүхийн шинэчлэл гэж өмнөх Ерөнхийлөгчийн үед хүчтэй ярьж байсан. Одоо ч шүүхийг тойрсон шүүмжлэл тасрахгүй байна. Уг шинэчлэлийн үр дүн ямар байна?

-1992 оны Үндсэн хуулиар хараат бус, шударга шүүх эрх мэдлийг бэхжүүлэх замаар хүн бүрийн эрх, эрх чөлөөний баталгааг хангахыг зорьсон. Шүүгч нь хүний амьдралын хамгийн чухал асуудлын хувь заяаг эцэслэн шийдвэрлэхдээ маргагч талуудын хэн нь эрх мэдэлтэй, мөнгөтэй, танил талтай вэ гэдгээр бус, харин хэнд нь илүү нотлох баримт, хууль зүйн үндэслэл байна вэ гэдгээр нь шийдвэрлэнэ гэсэн үг. Өнгөрсөн 27 жилд шүүхийн шинэчлэл үе шаттайгаар хийгдэж ирсэн. Сүүлийн 10 жилд жирийн иргэдийн шүүхэд итгэх итгэл тодорхой хэмжээгээр нэмэгдсэн талаарх Сант маралын судалгаа байна. Мөн Монгол Улс адил гараанаас гарсан буюу доогуур дундаж орлоготой бусад 30 улстай харьцуулахад эхний гуравт багтаж байна. Гэвч бизнес эрхлэгчдээс авсан асуулгаар шүүх хараат бусаар ажиллаж чадахгүй хэвээр байхаас гадна Дэлхийн өрсөлдөх чадварын индекс дэх үзүүлэлтээр 140 улсаас 113-т жагсаж сүүл мушгиж байна. Олон нийтийн анхаарал татсан хэргүүдийг хянан шийдвэрлэж буй байдал ч зарим талаар эргэлзээ төрүүлж байна. Эдгээрийг нэгтгэн дүгнэж хэлбэл, жирийн иргэдтэй холбоотой хэргийг шийдвэрлэхэд ахиц дэвшил байгаа ч ихээхэн мөнгөн дүнтэй эсхүл улс төрийн том ашиг сонирхол хөндсөн хэргүүдийг шүүх шударгаар шийдвэрлэж буй эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ байсаар байна. Хэрэг маргааныг шударга бусаар шийдвэрлэх энэ эрсдэлийг “шударга бусын хонгил” гэж хэлээд байгаа юм. Үүнийг далимдуулж авлигын гэмт хэрэг үйлдсэн зарим хүмүүс өөрсдийгөө хэлмэгдсэн мэт мэдэгдэл хийж иргэдийн дунд “Ард Аюуш”-ын дүрд хувирахыг оролдож байна. Энэ мэтэд бодитой хандаж, ялгаж зааглаад шударга бусын хонгил үүсэх эрсдэлийн шалтгааныг тодорхойлох, гарц шийдлийг олох нь юу юунаас чухал байна.

-Шударга бусын хонгил яаж үүсээд байгаа юм бол?

-Манай Ерөнхийлөгч Үндсэн хуульд заасанчлан Засгийн газарт чиглэл өгөх, ҮАБЗ-ийг тэргүүлэх, улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг УИХ-тай зөвшилцөж томилох гэх мэт гүйцэтгэх эрх мэдэл рүү орсон бүрэн эрхүүдтэй. Хууль тогтоох эрх мэдлийн хүрээнд ч хууль санаачлах, хориг тавих гэх мэт бүрэн эрх бий. Мөн Монгол Улсын бүх шүүхийн шүүгчийг, мөн Дээд шүүхийн шүүгчдийн нэр дэвшүүлсэн шүүгчийг ерөнхий шүүгчээр нь томилдог. Гэтэл Үндсэн хуульд байхгүй маш олон бүрэн эрхийг 2000 оноос хойш үе үеийн Ерөнхийлөгчийн үед нэмж, хуулиар баталгаажуулсан ч буцаагаад хасаж чаддаггүй. Тухайлбал, Ерөнхийлөгч П.Очирбатын үед бүх шүүхийн ерөнхий шүүгчийг томилох, Ерөнхийлөгч Н.Багабандийн үед Хүний эрхийн үндэсний комиссын гурван гишүүний нэгийг нэр дэвшүүлэх, Шүүхийн ёс зүйн хорооны бүрэлдэхүүнийг томилох, Ерөнхийлөгч Н.Энхбаярын үед АТГ-ын дарга, дэд дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг нэр дэвшүүлэх, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед шүүгчдийг шилж олох үүрэгтэй Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, бүх гишүүнийг томилох бүрэн эрхийг Төрийн тэргүүнд тус тус хуулиар олгосон. Ерөнхийлөгч Х.Баттулга ч шүүхэд нөлөөлөх эрх мэдлээ нэмэгдүүлээд амжсан. 2019 оны хавар Ерөнхийлөгчийн тэргүүлдэг ҮАБЗ-өөс үндэслэл огт дурдахгүйгээр зөвлөмж гаргахад Монгол Улсын ямар ч шүүгчийг түдгэлзүүлэх, аль ч шүүхийн ерөнхий шүүгч төдийгүй улсын ерөнхий прокурор, түүний орлогч, АТГ-ын дарга, дэд даргыг огцруулах боломж бүрдсэн. Энэ хуулиар хариуцлага алдсан шүүгч, бусад албан тушаалтныг түдгэлзүүлж болох ч шударгаар, хараат бусаар ажиллаж буй шүүгчид “хэлмэгдэх,” үүнийг урвуулан ашиглаж нөлөөлөх эрсдэл үүссэн. 1992 онд Ерөнхийлөгч шүүгчийг зөвхөн томилдог байдаг бол одоо тэднийг сонгон шалгаруулах, түдгэлзүүлэх, хариуцлага тооцоход нөлөөлөхүйц эрх мэдэлтэй болчихжээ. Ерөнхийлөгчид Үндсэн хуульд заагаагүй маш олон бүрэн эрхийг хуулиар нэмээд өгчихсөн нь төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцлийг ноцтой алдагдуулах болсон.

-Нэмэлт, өөрчлөлтийн төслөөр Ерөнхийлөгчид овоолсон эрх мэдлийг задлах уу?

-Одоогийн энэ өөрчлөлтөд Үндсэн хуульд заасан үндсэн бүрэн эрхийнх нь хүрээнд Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрх хуулиар олгож болно гэж бичжээ. Ерөнхийлөгч Үндсэн хуульд заасан бүрэн эрхээ л хэрэгжүүлдэг болно. Үндсэн хуульд заагаагүй ч хуулиар олгосон бусад бүрэн эрхийг нь хасна. Шүүхэд зүй бусаар нөлөөлөх эрсдэлийг хаах олон заалт төсөлд тусгагдсан. Тодруулбал, шүүгчид тавигдах шаардлагыг өндөрсгөх, шүүгчийн томилгоог улс төрөөс хараат бус болгох, шүүгчийн хариуцлагыг дээшлүүлэх агуулга төсөлд тусгагдсан. Тэгэхээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөөр шүүх бүхэлдээ нэг хүнээс хараат байдгийг болиулж “шударга бусын хонгил”-ыг нураана

-Шүүгчид тавигдах шаардлагыг өндөрсгөх, томилох бүрэн эрхийг тодорхой болгох өөрчлөлт яагаад оруулах болов?

-Шүүгчийн томилгоонд улс төрийн нөлөө ордог гэх шүүмжлэл гарч ирсэн. Өнгөрсөн 27 жилд үе үеийн Ерөнхийлөгчид ШЕЗ-өөс шилж олоод нэр дэвшүүлсэн хуульчийг ямар ч үндэслэл хэлэлгүйгээр шүүгчээр томилохоос татгалзаж байсан. Үүнд улс төрийн шалтгаан байсан гэж харддаг. Мөн урвуулан ашигласан тохиолдол ч гарсан. 2013, 2015 онуудад шүүхийг шинээр зохион байгуулах үед шүүхийн нэр, бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Монгол Улсын анхан болон давж заалдах шатны шүүхийн бүх шүүгчдийг чөлөөлж томилох саналыг ШЕЗ гаргасан. Бүгдийг нь чөлөөлсний дараа буцаагаад томилох ёстой байсан ч нийт 13 шүүгчийг томилоогүй орхичихсон нь шүүгчийн хараат бус байдалд халдсан явдал болсон. Эдгээр шүүгчид янз бүрийн алдаа дутагдал гаргасан тул томилоогүй гэх тайлбарыг хожим хийсэн нь үндэслэл муутай. Үнэхээр ёс зүйн зөрчил гаргасан бол Шүүхийн ёс зүйн хороонд, авлигын асуудал байсан бол АТГ-д тус тус шилжүүлэн шалгуулах ёстой байсан.

Тиймээс, шүүгчид тавих шалгуурыг өндөрсгөх, томилгооны журмыг тодруулах нь зөв гэж үзсэн. Төсөлд Монгол Улсын иргэнийг анхан шатны шүүхийн шүүгчээр хуульчийн мэргэжлээр таваас доошгүй жил ажилласан, гучин нас хүрсэн хүнийг томилно. Давж заалдах шатны шүүхийн шүүгч нь тухайн шүүн таслах ажлын төрлөөр дагнан анхан шатны шүүхэд зургаагаас доошгүй жил шүүгчээр ажилласан байна. Улсын дээд шүүхийн шүүгчээр хуульчийн мэргэжлээр арван таваас доошгүй жил ажилласан, 40 хүрсэн иргэнийг томилно гэж байгаа. Шүүгчид тавигдах бусад нарийвчилсан шаардлагыг хуулиар тогтооно. Энэ шалгуурыг хангасан нэр дэвшигчийг шүүгчээр томилох шийдвэрийг ШЕЗ гаргана. Ерөнхийлөгч энэ шийдвэрийг хүлээн авснаас хойш хорин нэг хоногийн дотор батламжлах ёстой. Үнэхээр Үндсэн хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзвэл Ерөнхийлөгч шүүгчийг батламжлахаас татгалзаж болно. Гэхдээ заавал үндэслэлээ нийтэд тайлбарлах ёстой. Харин хамгийн маргаантай хэргийг хяналтын журмаар шийдэж эцэслэдэг, хуулийг тайлбарлан хөгжүүлэх гол чиг үүргийг хэрэгжүүлдэг гэдэг утгаар нь Улсын дээд шүүхийн шүүгчийг арван хоёр жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилох, ингэхдээ ШЕЗ томилгооны сонсголд оруулж, томилох шийдвэрээ УИХ-д танилцуулж, Ерөнхийлөгчид хүргүүлнэ.

-Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийг томилох шийдвэр гаргахаар болжээ. Тэгвэл энэ зөвлөлийн талаар ямар зохицуулалт орж байна вэ?

-Үндсэн хуулиар шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах зорилгоор шүүгчдийг хуульчдаас шилж олох зэрэг ажлыг эрхэлдэг Шүүхийн ерөнхий зөвлөлийг байгуулсан. Гэвч энэ чухал байгууллагын бүрэлдэхүүн, томилох журмыг Үндсэн хуульд заагаагүйгээс УИХ дахь олонхын үзэмжид хаягдсан.Улмаар ШЕЗ-ийн гишүүдийг гурван шатны шүүхийн шүүгч тус бүр нэг, Хуульчдын холбоо нэг, хууль зүйн яам нэгийг тус тус нэр дэвшүүлдэг ч бүгдийг нь Ерөнхийлөгч томилдог болсон. ШЕЗ-ийн гишүүд дотроосоо даргыг нь нэр дэвшүүлдэг ч мөн л Ерөнхийлөгч томилдог болчихсон. ШЕЗ тавхан гишүүнтэй болсноор хоёр гуравхан хүн шүүхтэй холбоотой чухал шийдвэрийг хаалттай хүрээнд гаргахад хүрсэн. Ерөнхийдөө 27 жил ШЕЗ-ийн бүрэлдэхүүнийг байн байн өөрчилж залгамж чанар, тогтвортой байдлыг нь алдагдуулж байсан төдийгүй янз бүрийн байдлаар аль нэг талаас зүй бусаар нөлөөлөх боломжтой байдлаар хуулиар өөрчилж урвуулан ашиглах эрсдэлийг үүсгэж ирсэн. 1991 онд НҮБ-ийн шинжээчид Монгол Улсад өгсөн зөвлөмждөө шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүн, түүнийг томилох журмыг Үндсэн хуульдаа зааж өгөхгүй бол шүүхийн хараат бус байдал бэхжиж чадахгүй шүү гэж хэлж байсан нь үнэн байсныг бид амьдралаараа туулж хохирлыг нь амслаа.

Франц, Итали, Испани зэрэг улсад шүүхийн зөвлөлийн бүрэлдэхүүнээ Үндсэн хуульдаа тусгаж царцаадаг. Тиймээс, Шүүхийн ерөнхий зөвлөлийг яаж бүрдүүлэх талаар Үндсэн хуульд оруулахаар төсөлд заасан. ШЕЗ нь арван гишүүнтэй байна. Гишүүд дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэгэн бүрэн эрхийн хугацаанд ажиллана. ШЕЗ-ийн даргыг гишүүд дотроосоо сонгохоор заасан нь мөн л бие даасан байлгахад зориулагдсан. Арван гишүүний тав нь шүүгч байхаар төсөлд тусгасан. Энэ нь ШЕЗ дахь улс төрийн зүй бус нөлөөллийг сааруулж, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын нэг баталгаа. Үлдсэн таван гишүүн нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан хүмүүс буюу шүүгч биш байна. Мэргэжлийн өөр ажил эрхэлдэг гишүүдийг оруулж буй нь шүүгчийн хариуцлагыг дээшлүүлэх, тал талын төлөөллийг хангах зорилготой. Ард түмнээс сонгогдсон төлөөллийн байгууллага болох УИХ шүүгч биш таван гишүүнийг томилно. ШЕЗ дэх шүүгч бус таван гишүүнийг УИХ томилж байгаа нь эрх мэдлийг хуваарилах, хяналт тэнцлийг хангах зорилготой юм. Учир нь, ШЕЗ-өөс шүүгчдийг томилох шийдвэр гаргаж Ерөнхийлөгчид тэдгээрийг батламжлуулахаар хүргүүлнэ. Тиймээс ШЕЗ-ийг бүрдүүлэхэд Ерөнхийлөгчийг оролцуулбал шүүх эрх мэдэлд хэт нөлөөлөл үүсэх эрсдэлтэй.

-УИХ-аас ШЕЗ-ийн таван гишүүнийг томилоход улс төрийн нөөлөл орох вий гэсэн шүүмжлэл гарч байсан. Энэ талаар Ажлын хэсгийн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны түвшинд хэрхэн авч үзсэн бэ?

-Төсөлд УИХ хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар ШЕЗ-ийн таван гишүүнийг томилохоор заасан нь УИХ дахь олонх дангаараа түрий барьж томилох бус харин цөөнхтэй зөвшилцөж хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг гаргах шалгарсан механизм юм. Үүгээрээ хэт улстөржилтийг хазаарлана. УИХ санал хураахаасаа өмнө эдгээр таван нэр дэвшигч дээр томилгооны сонсгол заавал хийх учраас үнэхээр хууль зүйн өндөр мэргэшилтэй, хараат бусаар ажиллах хүн мөн эсэхийг маш сайн хэлэлцсэний эцэст шийдвэрлэнэ гэсэн үг. Гэхдээ, УИХ-ын холбогдох байнгын хороо ШЕЗ-ийн таван гишүүнийг нэр дэвшүүлэхээр заасантай холбоотой шүүмжлэл гарсныг Төрийн байгуулалтын байнгын хороо хүлээн авч, “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн гурвыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо, нэгийг Засгийн газар, нэгийг мэргэжлийн холбооноос тус тус нээлттэйгээр нэр дэвшүүлэх”-ээр заах Ажлын хэсгийн саналыг дэмжсэн. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэхэд иргэний нийгмийн оролцоог хангах, улстөржилтийг бууруулахын тулд ШЕЗ-ийн шүүгч биш таван гишүүний нэгийг мэргэжлийн холбоодоос нэр дэвшүүлэх нь зүйтэй. ШЕЗ-ийн бүрэлдэхүүнд Засгийн газраас нэр дэвшүүлсэн нэг хүнийг томилох нь шүүхийн төсөв, бодлогын асуудлыг бодитой шийдвэрлэх, дэмжлэг авахад тустай. УИХ-ын холбогдох Байнгын хорооноос нэр дэвшүүлсэн гурван хүнийг ШЕЗ-ийн бүрэлдэхүүнд томилох нь шүүхийн төсөв, шүүхтэй холбоотой бодлогын асуудал, хууль тогтоомжийн нэмэлт, өөрчлөлтийг батлахад шийдвэрлэх үүрэгтэй мэргэжлийн Байнгын хорооны төлөөллийг хангаж, шүүх эрх мэдлийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулна. ШЕЗ-ийн шүүгч биш гишүүдийг нэр дэвшүүлэх ажиллагааг хэт улстөржүүлэхгүйн тулд УИХ-ын холбогдох Байнгын хороо, Засгийн газар, мэргэжлийн холбооноос нэр дэвшүүлэх ажиллагаа нээлттэй, ил тод байхаар заахаар төсөлд тусгах санал гараад байна.

-Шүүгчийн хариуцлагыг дээшлүүлэх талаар төсөлд хэрхэн тусгагдсан бэ?

-27 жилд Монгол Улсад Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийг шилж олох, шүүхийн төсөв, бодлого, менежментийг бүрэн мэдэхээс гадна шүүгчийн сахилга, хариуцлагын асуудал руу ордог маш өргөн эрх мэдлийг төвлөрүүлж авсан. Жишээлбэл, ШЕЗ шүүгчийг түдгэлзүүлэх, огцруулах, чөлөөлөх саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлдэг, шүүгч хавсарч үл болох ажлыг эрхэлсэн эсэх, нэг жилийн дотор сахилгын зөрчил дахин үйлдсэн эсэх зэргийг шийддэг. Мөн, шүүгчид сахилгын шийтгэл хүлээлгэх тогтолцоо өнгөрсөн хугацаанд гурван удаа өөрчлөгдөөд байна. 1993-2002 онд Шүүгчийн сахилгын хороод шүүгчид сахилгын шийтгэл хүлээлгэдэг байсан. Эдгээр хороод нь дан шүүгчдээс бүрдсэн байсан учраас шүүгчдээ хаацайлж хэт өмгөөлдөг, хариуцлага тооцож чадахгүй болсон гэж шүүмжлэгдсэн. 2002 онд Шүүхийн сахилгын хорооны гишүүдийн олонхыг шүүгч биш хөндлөнгийн хүмүүсээр бүрдүүлж Ерөнхийлөгч томилдог болсон. Ингэснээрээ хариуцлага тооцох нь ихэссэн ч уг хорооны шийдвэр шүүхийн хяналтаас гадуур байсан тул шүүгчийн хараат бус байдлыг эрсдэлд оруулсан. 2012 оноос Шүүхийн ёс зүйн хороо гэж нэрийг нь өөрчлөн шинээр байгуулсан. Ингэхдээ хууль зүйн яамнаас, гурван шатны шүүхийн шүүгчдээс, Хуульчдын холбооноос тус бүр гурван хүнийг нэр дэвшүүлж Ерөнхийлөгч томилдог болов. Тус хорооны гишүүдийн саналаар даргыг мөн л Ерөнхийлөгч томилдог. Одоогийн энэ тогтолцоог өөрчлөх хэд хэдэн хуулийн төсөл боловсруулагдсан байна. Эндээс харахад шүүгчийн хариуцлагын тогтолцоог байн байн өөрчилдөг, залгамж чанарыг нь алдагдуулдаг байдал үүссэн. Ингэхдээ шүүгчийн хариуцлагыг сулруулж эсхүл шүүгчийн хараат бус байдлыг хэврэгшүүлж байжээ.

ШЕЗ-д төвлөрсөн эрх мэдлээс шүүгчийн сахилгатай холбоотой хэсгийг нь салгаж өөр бие даасан байгууллагад хариуцуулахын зэрэгцээ Үндсэн хуульд зааж тогтворжуулна, шүүгчийн хариуцлагыг нэмэгдүүлнэ. Шүүгчийг түдгэлзүүлэх, огцруулах болон бусад шийтгэл ногдуулах шийдвэр гаргах Шүүгчийн хариуцлагын зөвлөлтэй болъё гэдэг санаа орсон. Тэдгээрийн гурав нь шүүн таслах ажлын туршлагатай хуульч, гурав нь хууль зүйн эрдэмтэн, гурав нь иргэдийн төлөөлөл байна. Ийм тал талын төлөөллийг хангасан, хөндлөнгийн бүрэлдэхүүн нь ноцтой сахилгын зөрчил гаргасан шүүгчийг зүгээр өнгөрөөж нийт шүүгчдийн нэр хүндийг унахаас сэргийлнэ. Иргэдийн амьдралын хамгийн чухал асуудлын хувьд заяаг шийддэг шүүгч ийм эрх мэдлийг хэрэгжүүлэх итгэлийг дааж байна уу гэдгийг нь хөндлөнгөөс харьж, шаардлагатай бол зохих шийтгэл ногдуулна гэсэн үг. Гэхдээ энэ эрх мэдлийг урвуулан ашиглаж шүүгчийн хараат бус байдалд халдахаас сэргийлэхийн тулд шүүгчид хариуцлага тооцсон шийдвэр шүүхээр хянагдах боломжтой байх ёстой. Тиймээс Шүүгчийн хариуцлагын зөвлөлийн шийдвэрийг хууль зүйн талаасаа ноцтой алдаатай гарсан гэж үзвэл Улсын дээд шүүхэд гомдол гаргах нь нээлттэй. Гэхдээ Дээд шүүхийн шүүгчид хариуцлага тооцсон Шүүгчийн хариуцлагын зөвлөлийн шийдвэрийг Дээд шүүх нь өөрөө хянахаар өөрсдийгөө хамгаалах уу, энэ төслөөр шүүгчийн хариуцлагын тогтолцоог үнэхээр үр нөлөөтэй болгож чадах уу гэж УИХ-ын гишүүдээс асууж, тодорхой санал дэвшүүлсэн.

-УИХ-ын гишүүдийн саналаар төсөлд ямар өөрчлөлт орохоор яригдаж байна вэ?

-УИХ-ын гишүүд болон олон нийтийн саналыг хүлээж аваад хариуцлагын зөвлөл, Дээд шүүхийн шүүгчийн асуудал, шүүгчийн асуудлыг шийдэхэд буцаад шүүгч дээрээ хянуулна гэдэг бол үр нөлөөг муутгах эрсдэлтэй. Тиймээс өөр хөндлөнгийн бүрэлдэхүүнээр хянуулах хэрэгтэй. Шүүгчийн хариуцлагын зөвлөл нь шүүгчийн хариуцлагыг үр нөлөөтэй ногдуулж чаддаг байх хэрэгтэй. Шүүх Хариуцлагын зөвлөлийн шийдвэрийг хянадаг байх юм бол шүүх нь шүүгчээ хамгаалдаг гэдэг ийм шүүмжлэл тасрахгүй, арилахгүй байх. Хэдийгээр хариуцлагын зөвлөл бодитойгоор ажилласан ч гэсэн тийм хардлага үргэлжлэх ийм бодитой нөхцөл байна. Тиймээс, Шүүгчийн хариуцлагын зөвлөлийн шийдвэрийг Үндсэн хуулийн 16.4 буюу шударга шүүхээр шүүлгэх эрхээ зөрчигдсөн гэж үзсэн, Үндсэн хуулийн 49.1-д заасан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ хараат бус бие даасан байдлаар хэрэгжүүлэх энэ боломжийг хөндлөө гэж үзсэн ийм хоёр үндэслэлээр Үндсэн хуулийн Цэцийн түвшинд хянуулах боломжийг нээж өгөх байдлаар тусгах юм. Энэ саналыг Ажлын хэсэг гаргаж, Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжээд байна. Ерөнхийдөө хариуцлагын зөвлөлийн есөн гишүүний тодорхой төлөөлөл нь шүүгчдээс сонгогдоно гэж харж байгаа, органик хуулиар. Энэ бол хараат бус байдалд халдах эрсдэлийг бууруулна. Мөн, Цэцийн мэргэжлийн болон хараат бус байдал нь дээшлэхээр төсөлд тусгасан. Үүний зэрэгцээ Улсын дээд шүүхээс 1/3 нь нэр дэвшдэг учраас шүүгчийн хараат бус байдалд халдах эрсдэлийг хязгаарлана. Тодорхой зарчмын шаардлагаар Үндсэн хуулийн 49.6 дахь хэсэгт Шүүгчийн хариуцлагын зөвлөлийн шийдвэрийг Цэц хянахаар оруулбал энэ заалт нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт учраас Үндсэн хуулийн 66 дугаар зүйлтэйгээ нэг түвшинд үйлчилнэ, зөрчилдөхгүй.


Categories
мэдээ цаг-үе

Наадмаар бага насны хүүхдүүд амиа алдсан ноцтой ослууд гарлаа

Баяр наадмын өдрүүд буюу энэ сарын 10-14-ний өдрүүдэд улсын хэмжээнд Тээврийн цагдаагийн алба нийт 963 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 589 дуудлагыг хүлээн авч шалгажээ. Бүртгэгдсэн осол, хэргийг өнгөрсөн оны баяр наадмын өдрүүдийн нөхцөл байдалтай харьцуулахад бүртгэгдсэн осол 27.5 хувиар өссөн байна. Орон нутгийн замд буруу тээвэрлэлт, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу гүйцэтгэх, хэт ядарсан үедээ болон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос гарсан бол 85 гаруй хувь нь буюу тэргүүлэх шалтгаан нь хурд хэтрүүлснээс, үүний улмаас онхолдох, мөргөлдөх хэлбэрээр гарсан байх ба хүүхэд амь насаа алдсан хэргийн гол шалтгааныг буруу тээвэрлэлт эзэлж байна. Наадмаар гарсан ноцтой ослоос дурдвал энэ сарын 11-ний өдөр гарсан ослуудын хувьд БЗД-ийн 22 дугаар хороо Доржийн гудамж, “Шунхлай ШТС”-ын урд замд “Toyota Prius” маркийн автомашины жолооч П явган зорчигч Б-г мөргөж амь насыг нь хохироосон. Баянхонгор аймаг, Өлзийт сум Баяндөхөм гэх газар шороон замд “Hyundai Porter” автомашины жолооч А нь Б жолоочтой мотоцикльтой мөргөлдөж, мотоциклийн жолооч Б нас барсан байна. Дорноговь аймгийн Айраг сум “64-р зөрлөг” гэх газар асфальтан замд “Toyota Pre­mio” автомашины жолооч Н нь Б жолоочтой мотоцикльтой мөргөлдөж, зорчигч С нас барсан байна. Ховд аймаг Алтай сум Цагдуултай бураат гэх газар шороон замд амины УАЗ маркийн автомашин онхолдож, жолооч Т нас барсан.

Энэ сарын 12-ны тухайд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутаг Овоот гэх газар асфальтан замд “Toyota Co­rolla” маркийн Э жолоочтой автомашин онхолдож, зорчигч 21 настай эмэгтэй, таван настай эрэгтэй, 10 настай эмэгтэй нарын гурван хүн нас барж, жолооч, хоёр зорчигч гэмтжээ. Энэ сарын 13-ны тухайд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Гүн цэнгэлэг гэх газар шороон замд “Toyota Prius” маркийн О жолоочтой автомашин нь аяллын майхан мөргөж, майхан дотор байсан долоон сартай эмэгтэй, зургаан сартай эмэгтэй нарын хоёр хүүхэд нас барж, гурван хүн гэмтжээ. Энэ сарын 14-ний тухайд Чингэлтэй дүүрэг Хайлаастын гудамж, Согоотын тоот хашааны гадна замд “Lexus 470” маркийн автомашины жолооч Д нь явган зорчигч нэг нас зургаан сартай хүүг мөргөж амь насыг нь хохироосон. Мөн Архангай аймаг Тариат сум Далай толгой гэх газар асфальтан замд” Toyota Axio” маркийн автомашин онхолдож, жолооч Б нас барж, зорчигч У гэмтсэн байна. Хөвсгөл аймаг Алаг эрдэнэ сум Эрхэлийн хөндий гэх газар асфальтан замд “Honda Crossroad” автомашины жолооч Х нь “Toyota Prius” маркийн О жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч 29 настай эмэгтэй нас баржээ.

Categories
мэдээ цаг-үе

Дамбын Төрбат: Агуу их Дашдооров “Аав чинь манай суманд байдаг” гэж хэлж билээ


Төрийн соёрхолт зохиолч, яруу найрагч Дамбын Төрбат “Улаан жигүүр”, “Хүслийн тодотгол”, “Зүрхний цомнол”, “Зүрхэн тарни” яруу найргийн, “Хүн төрхийн унаган чанар”, “Сайхан төрөхийн зовлон” нийтлэлийн, “Тэнгэрийн соёрхол” арван хоёр боть, “Харц хатан”, “Амьдралын улаан шугам”, “Дурлал загварын ордон”, “Ялагдаагүй ганцаардал” жүжиг, “Ирж яваа цаг”, “Тэнгэрийн сахил”, “Алт амилах цаг”, “Алиа салбадай”, “Бүсгүй завилгаа”, “Харанхуй засаг”, “Халаасны өрөө”, “Танихгүй сэтгэл”, “Шадар ван-1, 2”, “Чин ван Ханддорж-1, 2, 3” кино зохиол туурвисан уран бүтээлч юм.

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн соёрхолт зохиолч, яруу найрагч Дамбын Төрбаттай Шаргаморьт дахь зуслангийн гэрт нь очиж бүтэн өдөржин хөөрөлдсөн билээ. Бидний яриа баяртай, гунигтай, бас сайхан хүмүүсээ дурссан халуун нулимстай, ер нь үнэн сэтгэл зүрхнээс ундарлаа. Төрбат найрагч тэртээ тавин таван онд Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Төгрөг хэмээх газар эхээс мэндэлснээс хойш авьяас билгийн моринд ч дөрөөлж, аж төрлийн буулганд ч зүтгэж, газар дээрх ганц бурхан эжийгээ алдчихаад дээшээ тэнгэр хол явсан үе бий гэнэм. Хүн бүхний амьдралд л ийм юм тохиодог биз. Бид тэгэхдээ хүний амьдралын дандаа бараан бүхнийг түүгээд яриад байсангүй. Өөрөө ч өөдрөг хүн болохоор тэмээний бурантгийг тэр зүгт тэгтлээ ч нэг их залаад байсангүй. Мань хашир зурагтаар гараад байдаг мундаг тогооч нараас дутуугүй гал тулгачин хүн юм. Ус тос, давс хачрыг сайхан тааруулангаа яриагаа урсгалаа. Монгол Улсын төрийн шагналт яруу найрагч Очирбатын Дашбалбарын шавь гэдгийг маань мэдэх учраас тэрээр тэнгэрт одсон андаа дурсаж “Манай Дашбалбар галыг унтраалгүй бадраадаг, хүнийг их асааж чаддаг хүн байж дээ. Яг ний нуугүй хэлэхэд манай үеийнхнийг ганц бадрааж, асааж урагшлуулдаг хүн чинь Балбар байж дээ хө. Бавуугийн Лхагвасүрэн ахаас би их “айна”. Айх хүнтэй байна гэдэг гайхамшиг. Ах минь тэгтэл тэнгэр бурхандаа явчихлаа гэснээ “Шүрээ эгч нь чи бидэнд алим жимс бас бус юм үлдээсээн” гээд ширээгээ заслаа.


-Та Дашбалбар найрагчтай наяад оны нэгэн үеийнхэн. Цаадахь чинь омголон зантай хүн болохоор тан шиг төрийн цагдаад “дургүй” л байсан байлгүй?

-Манай Дашбалбар чинь их энгийн хүн байсан юм ш дээ. Чи мэдэх байлгүй дээ.

-Ерэн найман онд хонхны баяраар маань манайд ирэхдээ нээрээ такси энэ тэр ч гэлгүй алхаад ирж байсан юм байна шүү…

-Одоо цагт тогтуун, тохитой улс их болжээ. Бидний үе их сайхан байсан. “Залуучуудын үнэн” сонины 1979 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн Майн баярын дугаар дээр O.Дашбалбар бид хоёрын шүлгүүд зурагтай хэвлэгдэж байлаа. (Олон жил сонин хэвлэлд ажилласан болохоор ч тэр юм уу, цаасан баримтыг барьж үзэж үнэмших гээд байдаг нэгэн гэм бидэнд бий. Тэр маягаараа л “Тэр сонин танд байх уу” гэсэн биш харин ч нэг баахан сонины үдээс унших хэрэг гарсан даа. Сур.) Манай Балбар Хотын эвлэлийн хороонд ажиллаж байсан үе. Их хөлөрдөг залуу байсан. Их халуунд улаан ноолууран цамц өмсчихсөн залуу анх ирж, бид хоёр танилцаж байсан.

-Зөвлөлт холбоот Улсаас тракторын сургуулиа дүүргээд ирчихсэн байсан үе нь үү?

-Тэр үед Хотын эвлэлийн хороонд ажиллаж байсан. Шаравын Сүрэнжав гуай олж ирээд ёстой нэг алт эрдэнэ олчихсон юм шиг баярлаж байсан үе л дээ. Миний шүлгүүд “Залуучуудын үнэн” сонины ерөнхий эрхлэгч Ж.Дашдондог гуайд байлаа.

-Төрийн шагналт хүүхдийн зохиолч Жамбын Дашдондог гуайд уу?

-Ээ дээ. Бид хоёр нас ойролцоо үе тэнгийн хоёр залуу болохоор сайхан үерхсээн. О.Дашбалбарын маань “Комсомол” тэргүүтэй шүлгүүд гарч байлаа. Үүний дараа наймдугаар сарын 31-нд утга зохиол судлаач, шүүмжлэгч С.Билэгсайхан багш товчхон өмнөх үг бичээд миний таван шүлгийг “Утга зохиол, урлаг” сонинд тавьж өгсөн. Миний зураг тавигдаагүй ч тухайн үедээ сайн шүлэг гарлаа гэж шуугьж байсан. 1980 оны “Цог” сэтгүүлд Дэмбээгийн Мягмар багшийн өмнөх үгтэй миний долоо, найман шүлэг гарснаар утга зохиолд хөл тавьж байлаа.

-Та чинь ер нь анхнаасаа л Монголын авьяас билгийн тэнгэр нөхдөөр амгайвчлуулаад, замчлуулаад явчихсан юм биш үү?

-Наян оны хавар Зохиолчдын хорооны коридорт явж байхад Бэгзийн Явуухулан гуай “Чи Төрбат уу, нөхөр минь , ороод ир” гэхээр нь өрөөнд нь ороход “Чиний ном наян хоёр оны хэвлэлийн төлөвлөгөөнд орсон. Номоо сайн бэлдээрэй. Редактор томилно. Тэрийг дараа нь жич хэлнэ” гэхэд хөл газар хүрэхгүй л баярлаж байлаа. Харамсалтай нь би тэр агуу хүнтэй тэгэхэд л ганцхан удаа уулзсан даа. Үүний дараахан Б.Явуухулан гуай бурхан болсон. Явуухулан гуайг бурхан болсны хойно Дэндэвийн Пүрэвдорж багш залгаад “Чиний “Улаан жигүүр” номын редактораар дэлдэн Бадарчийг томиллоо. Очиж шүлгээ үзүүлээрэй” гэлээ.

-Дэлдэн Бадарч гэж Монгол Улсын ардын уран зохиолч, төрийн шагналт яруу найрагч Пунцагийн Бадарч гуай биз?

-Өө, тийм. Тэгж л миний “Улаан жигүүр” ном гарч байлаа даа.

-Ойрд Бадарч найрагчтай уулзав уу?

-Бадарч ахын төрийн шагналын найрыг соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Цоодолын Хулан бид хоёр хөтөлсөн. Их сайхан найр боллоо. Бадарч багш миний амьдралд олон баяртай мэдээ сонсгосон хүн. Юмны ерөөл гэж байдаг юм шиг байгаа юм.

-За, ямар ерөөл байв?

-Пүрэвдорж багш “Дэлдэн Бадарч чиний редактор шүү” гэж хэлэхэд би шүлгүүдээ Түмэнбаяраар шивүүлсэн.

-Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Цэрэнтулгын Түмэнбаяр мөн дөө?

-Тэр үед Түмэнбаяр Улсын архивын бичээч байсан. Миний шүлгүүд дал наяад орчим нимгэхэн ном болж байлаа. За, тэгээд яахав, утга зохиолын дугуйлангийнхаа эрхлэгч Д.Даваашарав гуайгаар Бадарч багшийн гэрийг заалгаж аваад очлоо. Багшийнх Мэргэжилтний 20-ийн цаана нэг давхар байранд амьдарч байсан юм. Даваашарав гуай “Цүнхэндээ юмтай очоорой” гээд хоёр шил архи авч өгч байлаа. Тэр үеийн хүний чанар ямар ч сайхан байсан юм. Надад яг үнэндээ мөнгө байгаагүй. Тэр хоёр шил архиа Дундговьд хуульчаар ажилладаг ахынхаа үлдээсэн хуучин цүнхэнд хийгээд “Номоо үзүүлэх гэсэн юм аа” гэсээр одооны энэ их том найрагч Пунцагийн Бадарчийнд очиж байлаа даа.

-Ээ, гэгээн минь гэж…

-Тэр чинь 1980 оны арваннэгдүгээр сар юм. Бадарч гуай гучин есөн оны Халх голын дайны жил төрсөн гэдэг чинь дөч гаруй насандаа ид сайхан явж байж. Тэгээд миний номыг ойр зуур үзэж байгаад “За, би дахиад үзье. Алсдаа болох байлгүй дээ” гээд цааш нь тавьчихлаа. Тэгснээ “Чи цагдаа хүн үү. Одоо миний хүү сургуульд л орох хэрэгтэй дээ” гэлээ.

-Нөгөө хоёр “юм”-аа гаргаагүй хэрэг үү?

-Тэр үед нь би авчирсан зүйлээ яаж гаргахаа мэддэггүй. Босох гэж байснаа болиод цүнхээ үзүүлж “Багш аа, энд нэг юм байгаа” гээд нөгөө хоёр юмаа үзүүллээ. Тэгсэн “Өө, энэнээсээ эхэлдэг байхгүй юу” гэдэг юм. (Хоёул инээв. сур) Удалгүй Ичинноров эгч орж ирээд “Энэ нөгөө шүлэг бичдэг хүү Төрбат уу. Би шүлгүүдийг нь харсан. Сайхан шүлэгтэй хүү дээ” гэлээ. Ингэж л миний анхны ном гарч байсан даа. Тухайн цагт ном гаргана гэдэг бүтээлээ өгнө, төлөвлөгөөнд орно, хэвлэгдэнэ гээд олон шат дамждаг байсан даа.

-Уран бүтээлийн ажил ч аль ч цаг үед “зөөлхөн боорцог” байгаагүй байх аа?

-“Улаан жигүүр” маань 1980 онд анх төлөвлөгөөнд орж, 1983 онд хэвлэгдэж байсан. Номоо хэвлэгдтэл л нэрийг нь зүүдэлж, хүлээж байлаа даа. Хэвлэгдэх номын жагсаалт гэж гарна. Тэрнээс номынхоо нэрийг байн байн харна аа. Их хүлээсээн. Тэгэхэд Б.Лхагвасүрэн ахын “Уянгын тойрог” ном зэрэг гарсан. Хоёр цэнхэр ном зэрэг гарсаан. Б.Лхагвасүрэн ахын ном шуугиан тарьсан. Миний номын талаар хүмүүс ам сайтай. Ингээд байж байтал С.Эрдэнэ гуай дуудлаа. Тэр үед би Их сургуульд орчихсон амьдрал минь дээшилсэн үе байсан ч ижий минь бурхан болчихсон ганцаараа болсон үе байсан. Залуу зохиолчдын зөвлөлийн эрхлэгч С.Эрдэнэ гуайн дуудсанаар oчтол “Анхны номын баяр хийнэ ээ” гэдэг юм. Гэхдээ манай улс хийгээд байдаггүй” гэхэд нь би “Юу бэлдэх вэ” гэж асуулаа. Тэгсэн Эрдэнэ гуай жуумалзаад “1983 оны хоёрдугаар сард цагаан сарын өмнө юм уу, хойно болно шүү” гэж хугацаа заагаад “Хэдэн гожин бэлдэнэ шүү дээ” гэлээ. Ламжавын Мягмарсүрэнгийн “Урины шувуу”, Д.Төрбатын “Улаан жигүүр” гэсэн хоёр номын баяр хийлээ. Битүү зохиолчид суучихсан. Дожоогийн Цэдэв дарга зүрхний хагалгаанд орчихсон, ирээгүй. Орлогч дарга Доржийн Гармаа гуай байсан. Эрдэнэ баавай удирдаад. Тэгж Бадарч багш миний анхны номын баярт мэдээг сонсгосон. Тэрүүгээрээ миний хань Шүрээ бид хоёр зөндөө юм авсаан.

-Юу юу авав?

-Хөргөгч авсан. Зурагт авсан. Нэг диван авсан. Шүрээ маань Барилга архитектурын хяналтын хороонд ажилладаг байсан юм. Тэндээс гэр өгөөд. Миний муу ээж бид хоёрын дөрвөн ханатай гэр чинь бүрээс, туурга ч байхгүй, хэцүү байсан юм шүү дээ. Муу эжий минь дөрвөн жил хэвтэрт байсан юм.

-Ээ, хөөрхий…

-Би чинь нэг цагдаа. Цалин мөнгө хомс, хариугүй л амьтан. Ёстой нэг хоногийн хоолтойгоо л явсан. Эжий минь наян нэгэн оны найман сарын 18-нд бурхан болсон юм. Ах нь бас болоогүй ээ, “Улаан жигүүр” номынхоо өмнө “Сарны гэрэл мэт цагаахан сүүгээ хөхүүлж

Нарны туяа мэт гэгээхэн хайраа ивээсэн эжийнхээ дурсгалд зориулав!” гээд биччихсээн. Ижий өнгөрөхөд би хоёр л баяр дуулгасан л даа. Нэг нь “Хүүгийн чинь ном гарах боллоо” гэж хэлсэн. Нөгөө нь зургадугаар сард элсэлт өгөөд МУИС-д тэнцчихсэн. Энэ хоёр баяраа хэлсэн юм.

-Ээж нь тухайн үед хэдтэй байв?

-Миний 25-ны жил шүү дээ. Бас л хатуу л өнгөрч байв. Ээж маань 73-тай байсан юм уу. Би чинь ижийнхээ дөчин есний жил дээр гарсан, бас их орой төрсөн хүн шүү. Аав минь их залуухан хүн байсан байна лээ. Саяхан бурхан болсон байх. Наян хэд хүрч байж бурхан болсон. Аав, ээж цуг амьдраагүй ээ. Аав тэр Дэлгэрхангай сумын хүн. Би аавтайгаа их хожуу уулзсан. Агуу их Дашдооров л надад “Танай аав чинь манай суманд байдаг юм байна лээ ш дээ” гэж хэлсэн. “Тракторын жолооч Буддорж гэдэг хүн” гэж. Тэгээд би сүүлд золгож барьж, тэр хүн бас манайд ирж “Хүү минь, энэ тэр” гэж л байсан. Тэгээд яахав дээ, дэргэд нь өсөөгүй, хажууд нь байгаагүй болохоор хүний хүн шиг санагддаг л юм билээ.

Үргэлжлэл бий

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Шинэ аварга төрсөн сайхан наадам боллоо” хэмээн өгүүлжээ

Үндэсний их баяр наадмын өдрүүдийн сонин хачныг дуулахаар хүлээн сууж буй уншигчдадаа “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн хүрч байна.


Нэг, дөрөв, 13 дугаар нүүрнээс бөх, морь, сур харваа, шагайн харвааны тэмцээн хэрхэн болж өнгөрсөн, хэн хэн яаж барилдсан тухай, хэний морь хурдалсан талаар уншиж сонирхоорой.

Баяр наадмын өмнөхөн төрөөс нэлээд олон хүнийг цол, тэмдэг, одонгоор шагнаж урамшуулсан билээ. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын албаны залуухан аврагч, ахлах дэслэгч Х.Мөнхбат онцгойгоос төрсөн долоо дахь гавьяат болжээ. Энэ хэцүү бөгөөд нэр хүндтэй албанд хэрхэн амь дүйн ажилладаг талаараа хүүрнэсэн сонирхолтой ярилцлагыг нэг болон 11 дүгээр нүүрнээс уншаарай.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Ганбаатартай Үндсэн хуулиийн нэмэлт өөрчлөлтийн талаар ярилцлаа. Нэг, хоёрдугаар нүүрнээс уншиж сонирхоорой.

“Өдрийн сонин”-ы гол бичлэгээр энэ удаад нийтлэлч Ц.Баасансүрэнгийн “Шинэ аварга төрсөн сайхан наадам боллоо” нийтлэл гуравдугаар нүүрт хэвлэгдлээ.

Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар МУИСийн Хууль зүйн сургуулийн
профессор, хууль зүйн
доктор О.Мөнхсайхантай
ярилцлаа. Гурав, тавдугаар нүүрнээс унших боломжтой.

Монгол Улсын төрийн
соёрхолт, соёлын гавьяат
зүтгэлтэн, зохиолч,
яруу найрагч Дамбын
Төрбаттай хийсэн ярилцлагын үргэлжлэлийг 12 дугаар нүүрэндээ хэвлэлээ, уншиж сонирхоорой.

“Эмч” нүүрэнд хоолны хордлогын тухай эмчээс тодруулсан яриа зөвлөгөөг болон айргийн шим тусын талаар бэлтгэн нийтэллээ.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Чингис хаан одонт, Төрийн соёрхолт Б.Шарав таалал төгслөө

Related image

Хөгжмийн ноён оргилын нэг, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Чингис хаан одонт, Төрийн соёрхолт Б.Шарав таалал төгсөж, Монголын хөгжмийн урлагт нөхөж баршгүй гарз тохиолоо. Түүнийг Монголын хөгжлийн урлагийн сор бүтээл туурвисныг нь өндрөөр үнэлж Хөдөлмөрийн баатар цолоор шагнасан билээ.

Б.Шарав нь 1952 оны арванэгдүгээр сарын сарын 13-д Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төржээ. Тэрбээр 1972 онд Улаанбаатар хотын “Багш нарыг бэлтгэх сургууль”-ийн хөгжмийн багшийн анги,

1983 онд ОХУ-ын Екатринбург хотод УРАЛ-ийн хөгжмийн дээд сургуулийн Хөгжмийн зохиолчийн ангийг тус тус дүүргэсэн юм.
1972-1975 онд Улаанбаатар хотын 1-р 10 жилийн дунд сургууль Хөгжмийн багш
1983-1986 онд Хөгжим бүжгийн коллежид Хөгжмийн онолын багш
1986-1987 онд Дуурь бүжгийн эрдмийн театрт Хөгжмийн зохиолч
1997-1998 онд Ардын дуу бүжгийн улсын чуулгад Концертмейстер, Найрал дууны багш
1998-2001 онд Монголын хөгжмийн зохиолчдын хороод Нийтийн дуу, Дан хөгжмийн зөвлөлийн эрхлэгч
2001-2002 онд Дуурь бүжгийн эрдмийн театрын Уран сайхны удирдагч
2002-2004 онд Дуурь бүжгийн эрдмийн театрт Хөгжмийн зохиолчоор тус тус ажиллаж байлаа.
1986 онд Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн шагнал
1992 онд Монгол Улсын Төрийн шагнал
2002 онд Монгол Улсын урлагийн гавъяат зүтгэлтэн
2005 онд “Чингис хаан” одонгоор тус тус шагнагдсан.

Түүний туурвисан “Сэрсэн тал”, “Сэтгэлийн эгшиг”, “Гэгээн алсад одох юмсан” зэрэг олон арван бүтээл ард түмний сэтгэлд эгнэгт хоногших хосгүй бүтээлүүд билээ.

Categories
мэдээ спорт

“Зүүн бүсийн хурд-2019” наадам 27-28-нд Дорнод аймагт болно

“Зүүн бүсийн хурд-2019” наадам энэ сарын 27-28-нд Дорнод аймагт болно. Түүнчлэн тус наадмын хүрээнд Ардын хувьсгалын 98 жилийн ой, Дорнод аймаг байгуулагдсаны 88 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх юм.