Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нарангэрэл: Хоолны хордлогын үед их хэмжээний шингэн зүйл уух нь зүйтэй

Баяр наадмын өдрүүд өнгөрсөнтэй холбогдуулан хоолны хордлогын талаар ЭМЯ-ны мэргэжилтэн Д.Нарангэрэлтэй ярилцлаа.


-Баярын өдрүүдэд хоолны хордлогын талаар дуудлага мэдээлэл их ирэв үү?

-Эрүүл мэндийн байгууллага Үндэсний их баяр наадмын өдрүүдээр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа. Хоолны хордлогын талаар ноцтой дуудлага мэдээлэл одоогоор ирээгүй. Хүмүүс харьцангуй зөв хооллож сурч, жил ирэх тусам энэ төрлийн дуудлага мэдээлэл багасаж байна.

-Хоолны хордлого гэж юу болохыг тайлбарлаж өгөхгүй юү?

– Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн болон хоол үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн санаатай болон санамсаргүй байдлаар бохирдох, ялангуяа хүнс дамжин бохирдох нь хоолны хордлого үүсэх нэг шалтгаан болдог. Хүнс бохирддог шалтгаануудад нэгдүгээрт, өвчтэй мал, амьтан, загас, тахиа шувуу (өвчтэй, өвчин үүсгэгч тээгч)-ны мах, сүү, өндөг, мөн ариун цэврийн шаардлага хангаагүй ус. Хоёрдугаарт, хоол хүнсээр дамжих өвчнөөр өвчилсөн өвчтөн, эсвэл халдвар авсан ажилтан, өөрөө өвдөхгүй мөртлөө өвчин үүсгэгчийг биедээ тээж явдаг эрүүл нян тээгчид хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээнд ажиллах, хүнстэй харьцах хувийн ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэм муу сахисны улмаас хүнс бохирдож, улмаар хоолны хордлого, гэдэсний халдварт өвчин үүсгэдэг. Гуравдугаарт, хүнс хоолны газар нь эрүүл ахуйн шаардлагыг хангаагүй байх, хүнс хоолыг бэлтгэх, хадгалах, борлуулах технологи ажиллагаа алдагдсанаас хүнс бохирдож, хоолны хордлого үүснэ.

-Хоолны хордлого авсан үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Суулгах, дотор муухайрах, бөөлжих, гэдэс базлах, халуурах, толгой өвдөх, ядрах, өтгөн цус, цусны судал, залхагтай гарах, ам цангах, гар хөл , үе мөчөөр өвдөх гэх мэт шинж тэмдэг илэрнэ. Хоолны хордлогын үед илрэх шинж тэмдэг, хордлогыг үүсгэж буй нянгийн төрөл зүйл, бохирдлын хэмжээнээс хамааран харилцан адилгүй байдаг. Хэрэв хордлогын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмч, эмнэлгийн байгууллагад яаралтай хандах шаардлагатай.

-Хоолны хордлого авсан үед хэрхэн эмчлэх вэ?

-Ямар хордлогоос нь шалтгаалж янз бүрийн эмчилгээ хийдэг. Аль ч хордлогын үед эхлээд ходоодоо угаах хэрэгтэй. Хордлого авснаа мэдсэнээс хойш хэдий хурдан хугацаанд ходоодоо угаана төдий чинээ эмчилгээний үр дүн сайжирна. Ходоод угаах хэд хэдэн арга байдаг. Шингэн ихээр ууж бөөлжих, хаймсуурын тусламжтай ходоод угаах гэх мэт. Гэхдээ эдгээр аргууд элэгний хатууралтай хүнд аюултай. Учир нь албаар бөөлжүүлэх үед хэвлийн хөндийн даралт ихэсч түүнээс болоод цус алдаж магадгүй.

Хаймсуураар ходоод угаахад улаан хоолойн тэлэгдсэн судас гэмтэх, ходоодны шарх мэдрэх гэх мэт хүндрэл гарч болзошгүй. Хэрвээ ходоодны шархтай, элэгний хатууралтай, улаан хоолойн судас өргөссөн хүмүүс хордлого авсан бол ходоод угаах өөр арга хэрэглэх хэрэгтэй. Их хэмжээний шингэн зүйл уух нь хордлогын үед авах энгийн арга. Хэрэв химийн бодисын хордлого авсан бол уг бодисын эерэг эм, бэлдмэл хэрэглэдэг. Гэхдээ үүнийг эмнэлгийн нөхцөлд хийдэг ба гэртээ хамаагүй дур мэдэн хэрэглэх хэрэггүй. Хоолны хордлого авсан бол шингэн зүйл ихээр ууж, ходоодоо угаах хэрэгтэй. Ходоодны салстыг хамгаалах, нянгийн эсрэг эмчилгээ хийдэг. Давстай ус уух нь нянгийн эсрэг хийх хамгийн энгийн эмчилгээ. Давс нь нянгийн эсрэг үйлчилгээтэй учир жамц болон энэтхэг хүрэн давсыг усанд уусгаж болон шууд долоож хэрэглэж болно.

-Хэрхэн урдчилан сэргийлэх вэ?

– Юуны өмнө хоол, хүнсний бүтээгдэхүүн хадгалах горимыг дагах хэрэгтэй. Үүнд: 1.Хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа муудсан шинж тэмдэг байгаа эсэхийг нь сайтар шалгаж байх хэрэгтэй. Хөлдөөсөн, пастержүүлсэн бүтээгдэхүүнээс хордлого авах магадлал бага.

2.Хоолыг сайн болгож идэх хэрэгтэй. Халуунаар болгох явцад өвчин үүсгэгч бүх бичил биет устах ёстой бөгөөд ингэхийн тулд бүтээгдэхүүн нь бүхэлдээ халах ёстой. Хөлдөөсөн шувуу, мах зэргийг эхлэн гэсгээсний дараа болгох хэрэгтэй. Ингээгүй тохиолдолд бүтээгдэхүүн нь бүхэлдээ халахгүй байх эрсдэлтэй.

3.Болгосон хоолыг удаалгүйгээр идэж байх.

4.Болгосон хоолыг хадгалах шаардлага гарсан бол тохирсон дулааны горимыг дагаарай. Өвчин үүсгэгч бичил биетүүдийн хөгжил нь +60 градусаас дээш , +10 градусаас доош температурын үед зогсонги байдалд ордог. Харин +10-аас +60 градусын хоорондын горим нь хоол, хүнсний бүтээгдэхүүн хадгалахад тохиромжгүй.

5.Болгосон хоолыг дахин хэрэглэхийн өмнө сайтар халааж байх шаардлагатай. Хоол нь бүхэлдээ 70 градусаас доошгүй температур хүртэл халсан байх ёстой.

6.Түүхий болон болсон бүтээгдэхүүнийг хооронд нь холилгүйгээр тусгаарлаж байх хэрэгтэй. Тухайлбал, түүхий мах хэрчсэн хутга, “гампанзыг” болсон бүтээгдэхүүнийг жижиглэхдээ ашиглахгүй байх гэх мэт. Ингэснээрээ нян халдварлах боломжгүй болгоно.

7.Хоолыг шавьж, мэрэгч гэх мэт амьтдаас хол байлгах.

8.Зөвхөн цэвэр, эсвэл буцалгасан усыг хэрэглэж байх. Хүүхдийн хоолыг хийхдээ анхаарал, болгоомжтой байх хэрэгтэй. Мөн хальс нь ногоорсон төмсийг хүнсэнд хэрэглэхгүй байх. Соёолсон төмсийг сайтар цэвэрлэж байх хэрэгтэй. Жимсний ясны чөмгийг идэхгүй байх. Учир нь жимсний чөмөг нь ходоодонд орж задрахад синилийн хүчил гэсэн маш хортой бодис ялгардаг. Хүчиллэг хоол, хүнсний бүтээгдэхүүнийг гар аргаар хийсэн шавар сав, эсвэл цайрдсан, паалан нь гэмтсэн сав, зэс саванд хадгалахгүй байх. Гэмтсэн, шошгогүй лаазалсан бүтээгдэхүүн идэж болохгүй.

-Хордлогын үед авах анхны тусламж юу вэ?

-Юуны өмнө хүн юунд хордсоныг тодорхойлох хэрэгтэй. Үүний тулд хүний өөрийнх нь болон ойр дотныхноос нь асуух, бөөлжисний үнэр байдлыг нь ажиглах нь зүйтэй. Хэрэв хордсоноос хойш 2-4 цагаас бага хугацаа өнгөрсөн бол ходоод угаах нь хамгийн сайн арга. Үүний тулд хүнсний содын хоёр хувь уусмалыг 1,5 литрийг /тус бүрт нь цайны халбага хүнсний сода хийсэн 5-6 стакан ус/ уугаад бөөлжих хэрэгтэй. Ходоодыг бүрэн цэвэрлэхийн тулд ахин нэг удаа цэвэрлэх нь сайн гэж үздэг. Мөн идэвхжүүлсэн нүүрс уух нь сайн байдаг. Ингэхдээ 2-3 цаг тутамд дөрвөн шахмал эм ууна. Гэхдээ хоногт 12 шахмал эмнээс илүү уух хэрэггүй. Хоолны хордлогын үед өвдсөнөөс 10-12 цагийн дараа өвчтөний биеийн байдал муудаж болзошгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.


Categories
мэдээ нийгэм

Он гарсаар 49.5 мянган га ой, 250 мянган га хээрийн талбай түймэрт өртжээ

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар /долдугаар сарын 16-ны/ байдлаар Улаанбаатар хот, Булган, Баян-Өлгий, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн 43 суманд нийт 89 удаагийн ой, хээрийн гал түймэр гарчээ.

Түймрийн улмаас байгаль экологид 23.7 тэрбум төгрөг, түймрийг унтраахад 449.6 сая төгрөгийн зардал гарч, нийт 24.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Урьдчилсан байдлаар 49.5 мянган га ой, 250 мянган га хээрийн талбай, нийт 300 мянган га талбай түймэрт өртөж, 13 байшин, гурван гэр шатсан.

Түймрийн улмаас байгаль экологид 23.7 тэрбум төгрөг, түймрийг унтраахад 449.6 сая төгрөгийн зардал гарч, нийт 24.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Дээрх түймэрт Онцгой байдлын байгууллагаас 1790 алба хаагч, 186 автомашин, Хилийн цэргийн байгууллагаас 146 алба хаагч, 16 автомашин, Цагдаагийн байгууллагаас 27 алба хаагч, 2 автомашин, орон нутгаас 1887 иргэн, 245 автомашин, 35 мотоцикль, 118 морь, нийт 3850 хүн, 484 техник хэрэгсэл, 118 морьтойгоор, Зэвсэгт хүчний жанжин штабын МИ-171Е загварын нисдэг тэргээр 9 удаа хүн, хүч хэрэгслийг зөөвөрлөн ажиллажээ.

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд дөрөв, Мандал суманд нэг, Алтанбулаг суманд нэг, нийт зургаан түймэр асч байна. Баяр амралтын өдрүүдээр тус аймагт нийтдээ долоон түймэр гарснаас нэгийг бүрэн унтраасан бөгөөд дээрх зургаан түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагаас 101 алба хаагч, 8 автомашин, орон нутгаас 56 иргэн, 4 автомашин, нийт 157 хүн, 12 техник хэрэгсэлтэй түймрийн голомтод ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

​НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол энэ сарын 21-нд явагдана

Related image

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол энэ сарын 21-ний Ням гарагт “Боловсрол” телевизээр орон даяар шууд явагдана. Иргэд 2019 оны зургаадугаар сарын 1-30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2019 оны долоодугаар сарын 20-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой юм. Супер шагнал 50 сая төгрөг байна.

Categories
мэдээ нийгэм

Увс нуурын хотгорыг “Дэлхийн шим мандлын хөтөлбөр”-т бүртгүүлэх талаар санал солилцов

Увс нуурын хотгор хил дамнасан дархан газрын Монгол-ОХУ-ын хамтарсан комиссын хуралдаан Увс аймгийн Улаангом хотноо боллоо.

Хуралдаанаар Увс нуурын хотгорын хил дамнасан дархан газрыг бүхэлд нь “Дэлхийн хүн ба шим мандлын хөтөлбөр”-т бүртгүүлэх талаар ярилцлаа. Ингэхийн тулд тус дархан газарт судалгаа шинжилгээг нэгдсэн арга зүйгээр явуулах, хяналт шалгалтыг сайжруулахаар тогтов. Мөн цаашид хил дамнасан тусгай хамгаалалттай газарт аялал жуулчлалыг хөгжүүлэх, маршрут батлах талаар хэлэлцсэн байна.

Увс нуурын хотгорын хил дамнасан дархан газар байгуулах тухай хоёр орны Засгийн газар хоорондын 2011 оны тавдугаар сарын 31-ний хуралдаанаар шийдвэрлэсэн хэлэлцээрийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг зохицуулах, түүний биелэлттэй холбоотой ажлыг шийдвэрлэх үүрэг бүхий Монгол-Оросын хамтарсан Холимог комиссын хуралдааныг хоёр тал жил бүр амжилттай зохион байгуулж байна.

Энэ удаагийн 6 дахь хамтарсан хуралдаан Монголын талаас зохион байгуулсан бөгөөд БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Э.Сансарбаяр, Увс нуурын хотгорын хил дамнасан дархан газрын хамтарсан комиссын ОХУ-ын талын дарга Д.К.Балбан-Оол, ОХУ-ын ШУА-ийн Увс нуур судлалын төвийн дарга, профессор С.С.Курбатская, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн мэргэжилтэн Б.Мөнхчулуун, ШУА-ийн Газарзүй-Геологийн хүрээлэнгийн салбарын дарга, доктор Б.Оюунгэрэл, Увс нуур болон Хан хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай нутгийн хамгаалалтын захиргаадын удирдлага оролцлоо.

Хуралдаанаас мөн Увс нуурын хотгорын хил дамнасан дархан газруудын хамтарсан менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт, 2019-2020 онд хэрэгжүүлэх үндсэн арга хэмжээний хөтөлбөр, хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлав.

Categories
мэдээ нийгэм

Засгийн газар Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачлан боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэн Засгийн газрын гишүүдийн саналыг тусган төсөл санаачлагчид уламжлахаар болов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Далай ээж” олон улсын эко аян Хөвсгөл нуурт үргэлжиллээ

Манай оронд зохион байгуулж буй “Далай ээж” олон улсын эко соёлын аян энэ сарын 10-17-нд Хөвсгөл нуур, Хатгал тосгонд үргэлжилж байна.

Аянд оролцогч дотоод, гадаадын байгаль хамгаалагч, идэвхтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөлөл, дуучид, зураачид, хуульчдын баг Улаанбаатар-Эрдэнэт-Булган-Мөрөн-Хатгал гэсэн маршрутаар урлаг, соёлын тоглолт, эрдэм шинжилгээний бага хурал хийн, орон нутгийн иргэдтэй уулзан явж байна.

Төлөөлөгчид энэ сарын 10-нд Орхон аймагт сурын харваа, хурдан морины уралдаан үзэж “Наадам фестивал” зохион байгуулсан бол 11-нд Мөрөн хотод ирж урлагийн тоглолт хийгээд Хатгал тосгонд энэ сарын 12-13-нд “Далай ээж” олон улсын уран зургийн төслийн үйл ажиллагааг эхлүүллээ.

Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгүүлж, нуураа хамгаалах талаар дотоод, гадаадад анхааруулах зорилготой олон улсын “Далай ээж” эко соёлын аяны оргил ажиллагаа энэ сарын 14-нд Хөвсгөл нуурт, “Д.Сүхбаатар” хөлөг онгоцон дээр боллоо. Аянд оролцогчид “Д.Сүхбаатар” хөлөг онгоцон дээр урлагийн тоглолт хийж, нутгийн иргэдтэй хамт далай ээж нуураа хамгаалахыг уриалан уухайлсан юм. Энэхүү урлагийн тоглолтыг эко соёлын аянд оролцож буй хөөмийч Ц.Мөнгөншагай “Далай ээж”-ийн магтаалаар хөөмийлж хуурдан эхлүүлсэн юм.

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны нөөцийн 70 хувийг агуулдаг, монголчуудын хувьд “Далай ээж” гэж шүтэн хайрлаж, хамгаалдаг дэлхийн эртний нууруудын нэг юм. Гэвч нуур орчмын 100 км-т уул уурхайн ажиллагаа эхлүүлэх, төмөр зам барих, өвөл нуурын мөс цөмөрч машин живэх зэргээр нуур болон нуурын эргэн тойрныг бохирдуулах нь сүүлийн жилүүдэд ихэссэн.

Одоогийн байдлаар нуурт 30-40 машин живсэн байна. Тиймээс Хөвсгөл нуурыг хамгаалах талаар олон улсын анхааралд оруулж, улмаар дэлхийн өвд бүртгүүлэх нь чухал болсныг “Далай ээж” олон улсын эко аяныг зохион байгуулагчид үзэж байна. Энэхүү аянд найман орны олон улсын зураач, дуучин, хөгжимчин, байгаль хамгаалагч, идэвхтэн, судлаачид 25 төлөөлөл оролцож байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Ирэх долоо хоногт цэцэрлэгийн цахим бүртгэл эхэлнэ

Image result for цэцэрлэг

Нийслэлийн цэцэрлэгүүдэд шинээр элсэн орж байгаа хоёр болон тав хүртэлх насны хүүхдийн бүртгэлийг цахимаар бүртгэнэ. Цэцэрлэгийн цахим бүртгэл энэ сарын 22-ны 09.00 цагт эхэлж наймдугаар сарын 22-ны өдрийн 23.59 цагт дуусна. “Tsetserleg.ulaanbaatar.mn” гэсэн хаягаар бүртгүүлнэ. Мөн энэ хугацаанд өмнөх хичээлийн жилүүдэд элссэн хүүхдүүдийн бүртгэлийг шалгаж, баталгаажуулах юм байна. “Цахим элсэлт”-ийн үр дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагч нарын гар утсанд мессэжээр илгээнэ. Цахим элсэлт дууссаны дараа шинээр бүртгүүлсэн хүүхдийн бүртгэлийг www.tsetserleg.ulaanbaatar.mn-ийн “Шалгах” цэс рүү орж бүртгэлийн дугаараа хийж хамран сургах тойргийн цэцэрлэгтээ орсон эсэхийг шалгах боломжтой ажээ.

Categories
мэдээ спорт

Монгол Триатлоны тамирчид IRONMAN-д хурд сорилоо

Казахстаны нийслэлд 7-р сарын 14-нд болсон IRONMAN 70.3 ASTANA уралдаанд “Эрдэнэт триатлон” клубийн тамирчин, спортын мастер Чулуунсүхийн Гансүх, спортын дэд мастер Пүрэвийн Гантулга нар амжилттай оролцов. 1,9 км сэлэлт, 90 км дугуй, 21,1 км гүйлт буюу хагас ironman зайг Ч.Гансүх 5 цаг 38 минут 36 секундэд, П.Гантулга 6 цаг 31 минут 06 секундэд туулсан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Турк багш нарыг харсаар байгаад цаазын тавцанд гаргах нь монгол хүний хийх зүйл биш

Туркэд улс төрийн нөхцөл байдал солигдож, Режеп Тайип Эрдоган ерөнхийлөгч болсон. Үүний дараа 2016 онд тус улсад төрийн эргэлт хийх оролдлого гарч гурван зуу гаруй хүн нас барж, олон мянган хүн баривчлагдав. Тус улсын ерөнхийлөгч эртний анд Фетуллах Гюлленыг төрийн эргэлтийг зохион байгуулагч гэж үзсэн. Үүнээс цаад урчыг нь бид мэдэхгүй. Чухам яагаад тэд ийм дээрээ тултлаа дайсагналцсаныг янз бүрээр л мэдээлдэг. Фетуллах Гюллен АНУ-д амьдраад хориод жил болж байгаа. Гэвч Режеп Тайип Эрдоган Ф.Гюлленыг төрийн эргэлт хийхээр оролдож, алсаас удирдсан гэж үзсээр байгаа. Ф.Гюллен хэвлэлд яриа өгдөггүй бөгөөд BBC-д нэг удаа л ам нээсэн байдаг. Энэ үеэрээ Туркийн улс төрийн асуудалд ямар ч нөлөөлөл үзүүлээгүй гэж эрс няцаасан. Ф.Гюллен эрүүл мэндийн шалтгаан хэлж, АНУ руу явснаас хойш дахиж нутагтаа хөл тавиагүй бөгөөд шашны номлогч гэдгээрээ лалын ертөнцөд дэмжигч олонтой. Мөн Туркэд нөлөөллөөрөө Эрдоганы дараа ордог. Тэрээр дэлхийн 150 гаруй оронд мянга гаруй сургууль байгуулсан гэдэг. Режеп Тайип Эрдоган улс орнуудад байгаа турк сургуулиудыг хааж, багш нарыг нь баривчилж, улсынхаа бүртгэлээс хасч эхэлсэн. Тэр бүү хэл төгсөгчдийг нь ч хавчиж гадуурхаж эхэлжээ. Монголд үйл ажиллагаа явуулдаг турк сургуулийг ч Ф.Гюллентэй холбож үзсэн. Өнгөрсөн зун Туркийн томоохон хэвлэл “Сабах”-ын эхний нүүрэнд “Фетуллах Гюллений террорист сүлжээнд багтдаг сургуулиудын удирдлагуудыг баривчлах ээлжит ажиллагаа Улаанбаатарт болсон” гэж бичсэн байлаа. Үүнийгээ Монголын тагнуулын байгууллагатай хамтарч хийсэн гэжээ. Монгол дахь Турк сургуулийн багш Вейсел Акчайг хулгайлах гэсэн оролдлогыг ийнхүү бичсэн аж.

Харин бид Монгол дахь турк сургуулийг Эмпати сургууль гэж л мэддэг. Сурган хүмүүжүүлэх газар, сурган хүмүүжүүлэгчид л Монголд ажиллаж байна гэж үздэг. Монголчуудын хувьд энэ турк сургууль ямар ч хор хохирол учруулахгүй, учруулж байгаагүй, Монголын боловсролыг өөр түвшинд аваачсан, сургалтын чанартай, төгссөн хүүхдүүдтэйгээ эргэх холбоотой, араас нь санаа тавьж байдаг зэрэг урьд хожид байгаагүй сайн жишиг тогтоосон. Төгсөгчид, тэдний эцэг, эх ч тэдний сургалтын чанарт сэтгэл хангалуун байдаг. Энэ сургуулийн багш нар Монголд ажиллаад дээд тал нь 20-иод жил болсон. Хориод насандаа ирсэн тэд одоо дөч гарчихсан яваа. Туулсан амьдралынхаа талыг Монголд өнгөрөөсөн хүмүүс.

Үр хүүхдүүд нь Монголд төрсөн. Дэлхийн олон орноос турк сургуулийн захирлыг татаж аваачаад шүүж байгаа юм билээ. Манайхаас ч багш нар аваачих гэж олон удаа оролдлого хийж байгаа. Өнгөрсөн жилийн долдугаар сард Турк улсын иргэн Вейсел Акчайг гэрийнх нь гаднаас хулгайлсан талаар дээр дурдсан. Туркээс тусгай онгоц ирээд авах гэж байсан талаар уншигчид санаж байгаа биз ээ. Иргэд, тэр тусмаа тус сургуулийн төгсөгчид, тэдний эцэг, эх үүнийг мэдэж эсэргүүцэж байж зогссон. Авторитар дэглэмтэй хуучны “стан” орнуудад мөнгө өгч турк сургуулийн багш нарыг улсаас нь авч байгаа юм билээ. Бид харин турк сургуулийн багш нарыг өгч болохгүй ээ. Тэдний Монголд байх паспортын хугацаа энэ сарын 30-наар дуусгавар болжээ. Монголчуудын бусад улс орноос ялгардаг нэг зан чанар бол маш өрөвч. Нутагтаа очоод цаазын ял авах ийм хүмүүсийг бүлтийтэл барьж өгөөд явуулах нь байтугай хоттой хониноосоо гаргах хонио зааж өгөх гэж сэтгэл сэмэрдэг, зааж өгсөн бол эзэн нь санаашраад яваад өгдөг ард түмэн. Турк багш нар барьж хориод, нутаг руу нь явуулчих вий гэж бүтэн нойртой унтаж чадахгүй, бөөндөө нэгнийдээ цугларч хамт өдөр хоногийг өнгөрөөж байгаа гэсэн.

Тэднийг хэрэв өгөөд явуулчихвал бид ардчиллаасаа ухарсан хэрэг болно. Туркийн тал манай эрх баригчдад хөнгөлөлттэй зээл болох 300 сая ам. доллар амлаад байгаа. Тэр мөнгөөр манайхан гэр хороололд орон сууц барих юм ярьж байна. Турк багш нарыг барьж өгч явуулж, цаазлуулчихаад авсан мөнгөөр нь байшин барьж амьдрах хэрэг үү. Ардчилсан орнууд нутагт нь цаазын ял хүлээж байгаа иргэнийг буцаадаггүй. Швейцарь цаазын ял авсан хүнийг буцааж өгөх нь бүү хэл нутагтаа үлдээдэг. АНУ ч буцаж очоод шоронд орохоор бол ногоон карт өгдөг. Ардчилсан орнууд ийм л жишигтэй бусдаас ялгарах ялгаа ийм л байдаг. Бид Өмнөд Монголын ах дүү нарыг ч зүтгээд хүрээд ирэхэд нь буцааж өгдгөө болимоор байгаа юм. Яаж ийгээд авч үлддэг авралын орон болмоор байна. Улс төрийн ямар нэг дэглэмийг хэт дагаж ханарах нь буруу байдаг. Хэрэв Эрдоганы дэглэм солигдвол дараагийн эрх баригчид нь биднийг үзэхгүй шүү дээ. Одоогоор Туркийн хотуудын захирагчийн сонгуульд Режеп Тайип Эрдоганы талынхан ялагдаж эхлээд байна. Стамбулын захирагчийн сонгуульд Режеп Тайип Эрдоганы талын нэр дэвшигч ялагдахад сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж дахин сонгууль явуулсан ч ялагдчихсан. Энэ мэтээр дотооддоо ялагдаад байхад бид дагаж давхиад яахав. Тэдний улсын асуудал тэндээ л, бидний асуудал эндээ байя.

Иймээс улс төрөөс хамаарсан геополитикийн асуудал дээр хашир, нэг бодлоготой байх нь манай улсад онох биз ээ. Монголын уран сайхны “Сэрэлт” кинон дээр “Бумаа та хоёр хэдийдээ эгч дүү болчихсон юм” гэдэг шиг Режеп Тайип Эрдоган, У.Хүрэлсүх хоёр хэдийдээ ах дүү болчихсон юм. Ардчиллаасаа ухран байж турк багш нарыг хүргүүлбэл хэзээ нэгэн цагт муу үр дагавар ирнэ гэж бодохгүй байна уу. Ийм алхам хийвэл бид ардчилсан орнуудын хавчилгад орно. Үүний дохио мэр сэр дуулдаж байна. Тэдний эрхийг зөрчиж байгаа талаар дэлхийгээр нэг анхаарал хандуулж, НҮБ, Европын холбоо ч байр сууриа илэрхийлээд байгаа. Олон улсын байгууллагаас турк багш нарыг оролдоод үзээрэй гэсэн сануулга ирсэн байна лээ. “Улаан мөнгө олдоно, улайх нүүр олдохгүй” гэсэн хуучны үг бий. Таван төгрөгөөс болж ардчиллаасаа ухарч болохгүй. Бид хэдэн хүний амийг хамгаалж хэдэн цааснаас татгалзлаа гээд хөлдөөд, өлсөөд үхчихгүй байлгүй. Зарим нэр бүхий хүмүүс хэдхэн хүний асуудлаас дипломат харилцаа чухал гэх маягийн үг хэлсэн байна лээ. Ардчилсан улс орнууд хүний эрхийг нэн тэргүүнд тавьдаг. Бид ч бас тэдгээр турк багш нарын эрхийг тэргүүнд тавибал илүү оноо цуглуулна. Европын хүний эрхийн шүүх ч турк багш нарын эрхийг зөрчиж, хулгайлбал, олон улсын шүүхэд дуудагдана гэдгийг анхааруулсан. Нэрт нийтлэлч Баабар өнгөрсөн жил турк багшийг хулгайлагдах шахах үед “Улс төрийн хэрэгтнийг баривчлан дарангуйлагчид нь хүлээлгэж өгдөг шившгийн орон болж хувирлаа даа. Мөнгийг нь өгвөл ямар ч бузар хэрэг хийхээс буцдаггүй шившгийн улс оронд бид тооцогдоно…. хэмээн твиттер хуудаснаа бичсэн байв. “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг” конвенцид манай улс 2000 онд нэгдсэн. Тус конвенцид “Эрүүдэн шүүх аюул тулгарна гэж үзэх хангалттай үндэслэл байвал оролцогч улс уг этгээдийг өөр улсад албадан гаргах, буцаах буюу шилжүүлэн өгөхгүй” гэж заасан байдаг. Нэг удирдагч мөнх биш. Бүх зүйлд цаг хугацаа бий. Нутагт нь паспортыг нь хүчингүй болгочихсон, Монголд байх хугацаа нь дууссан турк багш нар “Хэзээ биднийг албадан хүлээлэгж өгөх бол, хэзээ баривчлах бол” гэсэн айдастайгаар өдөр хоногийг өнгөрөөж байна. Тиймээс ч тэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад ханджээ. Манай дарга нар чимээгүй л байна. Аврал эрсэн турк багш нарыг хэдэн цаасаар ардчилалтайгаа хамт булшлуулчих шийдвэр гаргахгүй байх гэж найдаж хүлээе дээ.

Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зарим газар дуу цахилгаантай бороо орно

Өнөөдөр зарим газраар дуу цахилгаантай усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон aнхааруулж байна. Маргааш баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 19, 20-нд зарим газраар борооны өмнө түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 18-наас ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.