Categories
мэдээ нийгэм

Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр анги шинэ байрандаа орлоо

НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр анги шинэ байрны нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Тус анги нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 114 дүгээр тогтоолоор байгуулагдаж, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ байртай болоод байна.

Ингэснээр зуслангийн ногоон бүс болох Гоодой, Шарга морьт, Баянбулаг, Санзай, Их, Бага баян, Шадивлан, Зуун мод, Майхан толгой, Гүнтийн зуслан болон Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд 55 мянган ард, иргэдэд болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг шуурхай хүргэх боломж бүрдлээ.

Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа нарын албаны хүмүүс оролцож, ангийн үйл ажиллагаатай танилцлаа гэж нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Цэцэг төвийн уулзварыг хоёр хоног хаана

Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Цэцэг төвийн уулзварын авто замын хөдөлгөөнийг 2019 оны 07 сарын 16-ны 23:00 цагаас 07-р сарын 18-ны өдөр хүртэл хааж, Хууль зүйн яамны захиалгаар “Дабль пирамид констракшн” ХХК нь дулааны шугамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Иргэд та бүхэн хөдөлгөөний эрчим ихтэй уулзварт ажил гүйцэтгэх хугацаанд бусад замыг сонгон аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэв

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 57 хувийн ирцтэйгээр 12 цаг 53 минутад эхэлж, Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэв.

Үндсэн хуулийн цэц 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Тавдугаар зүйлийн 4, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн байна. Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ тус хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон юм.

Ийнхүү Үндсэн хуулийн цэц Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд … нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.” гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Төр нь … аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг тус тус зөрчсөн байна хэмээн дүгнэжээ. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд … нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.” гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчөөгүй байна гэжээ. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд … нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.” гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалтыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус түдгэлзүүлсүгэй гэжээ.


Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг хэлэлцсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ц.Гарамжав нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан. Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун Үндсэн хуулийн цэцийн энэхүү дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдэг байр суурийг илэрхийллээ.

Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн юм. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гурвалжингийн гүүрийг өнөөдөр нээнэ

Related image

Шугам сүлжээний засвартай холбогдуулан Гурвалжингийн гүүрийг авто замын хөдөлгөөнийг түр хугацаанд хаагаад байгаа. Нийслэлийн авто замын хөгжлийн газраас энэ талаар “Цэцэг төвийн уулзварыг ХЗДХЯ-ны захиалгаар “Хурд групп” ХХК дулааны шугамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэж байна. Мөн шугам сүлжээний ажлын хүрээнд Гурвалжингийн гүүр орчмыг авто замын хөдөлгөөнийг өчигдрөөс эхлэн хаасан бөгөөд өнөөдөр орой гэхэд уг гүүрний хөдөлгөөнийг нээнэ. Харин 120 мянгат орчмын гүүрэн гарцны ойролцоо борооны улмаас ус нэвчсэн учраас шугам сүлжээний ажил хийгдэж байна. Уг замыг ирэх Баасан гаригт хэвийн байдалд нь оруулахаар зорьж байгаа”гэжээ. Дээрх уулзварт ажил гүйцэтгэх хугацаанд зорчигч, жолооч нар бусад замыг сонгон, аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийг дахин боловсруулах цогц үйлчилгээний төв байгуулна

Сүүлийн жилүүдэд Монголын автотээврийн салбарын хөгжил хурдацтай өсөн нэмэгдэж, энэхүү хэрэгцээг ханган ажиллах нь тус салбарын гол үүрэг юм. Гэвч үүний зэрэгцээ автотээврийн хэрэгслийн ашиглалтаас үүдэлтэй хүн ам хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг үр дагавар ихээр бий болж байгаа нь улс орон бүрийн анхаарал татсан асуудлын нэг болоод байна.

2018 оны байдлаар манай улсад 1 сая орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэйгээс 30 хувь нь 20 ба түүнээс дээш жилийн насжилттай, жилд дунджаар 3000 гаруй тээврийн хэрэгсэл ашиглалтаас хасагдаж байна. Судалгаагаар агаарын бохирдлын 10 хувь нь автотээврийн хэрэгслээс үүдэлтэй гэж тогтоогдсон байдаг. Улсын бүртгэлд бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн 65 орчим хувь нь жил тутам автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт хамрагдаж байгаагаас харахад үлдэж буй 35 орчим хувь нь ашиглагдахаа больсон тээврийн хэрэгсэл гэж үзэж болох юм. Ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгсэл болон ашиглалтын улмаас үүсч буй хог хаягдлыг устгах, дахин боловсруулах тухай зохицуулалт, үйлдвэрлэл байхгүйн улмаас ашиглалтаас хасагдсан автомашин, дугуй, аккумулятор, ашиглагдсан тос, масло, хөргөлтийн шингэн гэх мэт хог хаягдал нь агаар, хөрсний бохирдлыг бүрдүүлэгч нэг эх үүсвэр болж байдаг.

Автотээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хог хаягдлын менежментийг сайжруулах, хог хаягдлыг ангилах, дахин ашиглах, ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийг дахин боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор Зам, тээврийн хөгжлийн яам, Солонгос улсын хөрөнгө оруулалттай “Монгол авто ресаикл парк” ХХК-тай хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг байгуулаад байна.

“Монгол авто ресаикл парк” ХХК-ийн ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийг дахин боловсруулах цогц үйлчилгээний төв нь Улаанбаатар хотын “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”-д баригдах бөгөөд барилгын ажлыг 2019 оны 9 дүгээр сараас эхлүүлэн 2020 оны эхний улиралд багтаан барилгын ажлыг дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийг дахин боловсруулах цогц үйлчилгээний төвийн үйл ажиллагаа эхлэхээр 50 орчим ажлын байр шинээр бий болох юм. Тус төв нь жилдээ 5000 гаруй ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийг цуглуулах, задлах, ангилах, сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах гэсэн чиглэлээр сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан, үйл ажиллагаагаа явуулах юм. Тус төв ашиглалтад орсноор жил бүр ашиглалтаас хасагдаж байгаа тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлаас шалтгаалан тодорхой үнийн дүнгээр иргэдээс худалдан авч тухайн тээврийн хэрэгслийг бүрэн устгаж, дахин боловсруулах үйл ажиллагаагаа явуулах юм.

Санамж бичгийг байгуулснаар автотээврийн хэрэгслийн ашиглалтаас үүдэлтэй агаар, орчны бохирдлыг бууруулах, ашиглалтаас хасагдаж буй автотээврийн хэрэгслийг дахин боловсруулах, хамтран ажиллах байгууллага хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагаа сайжрах юм.

Categories
мэдээ нийгэм

Он гарсаар нийт 64 удаагийн усны осол гарч, 55 хүн амь насаа алджээ

gol-us.jpg

Баяр наадмын амралтын өдрүүдээр иргэд голын эрэг дагуу амарч зугаалж яваад голын усанд осолдож амь насаа алдах тохиолдол нэмэгдэх хандлагатай байдаг. Үүнтэй холбогдуулан төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагыг усны ослоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан, амарч, зугаалж буй иргэдэд гол усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж, сэрэмжлүүлэг хүргэн ажиллалаа.

Энэ өдрүүдэд нийслэлийн зургаан дүүрэг, 7 аймаг, суманд усны ослын 13 тохиолдол бүртгэгдэж, 14 хүн амь насаа алдсан байна. Үүнээс гурав нь хүүхэд, 11 нь том хүн байгаа юм.

Түүнчлэн улсын хэмжээнд он гарсаар 07 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 13 аймгийн 27 сум, нийслэлийн 5 дүүрэгт нийт 64 удаагийн усны осол гарч, 55 хүн амь насаа алдсан байна. Үүний 47 нь том хүн, 8 нь хүүхэд байгаа юм.

Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна.

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай бороо орно.

Борооны өмнө зарим газраар салхи түр зуур 14-16 м/с хүрч ширүүснэ. 18-наас ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 21-26 градус дулаан байх төлөвтэй байна.

Иймд:

  • Голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх,
  • Хөдөө орон нутгийг зорих иргэд бэлтгэл бэлэн байдлаа сайн хангаж, замд гарах,
  • Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа өндөр сонор сэрэмжтэй байх,
  • Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,
  • Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, ялангуяа хүүхдүүд янз бүрийн хийлдэг завь, хийлдэг гудастай усанд орж эргээсээ холддог, энэ нь усанд осолдох шалтгаан болж байна.
  • Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдэх учраас баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж үер усны аюул болон усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Categories
мэдээ нийгэм

Он гарсаар 89 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ

tuimer-zurag.jpg

Улсын хэмжээнд 2019 оны 07 дугаар сарын 16-ны байдлаар нийслэл Улаанбаатар хот, Булган, Баян-Өлгий, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн 43 суманд нийт 89 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч урьдчилсан байдлаар 49593.8 га ой, 250839.2 га хээрийн талбай, нийт 300433 га талбай түймэрт өртөж, 13 байшин, гурван гэр шатсан.

Дээрх түймэрт Онцгой байдлын байгууллагаас 1790 алба хаагч, 186 автомашин, Хилийн цэргийн байгууллагаас 146 алба хаагч, 16 автомашин, Цагдаагийн байгууллагаас 27 алба хаагч, 2 автомашин, орон нутгаас 1887 иргэн, 245 автомашин, 35 мотоцикль, 118 морь, нийт 3850 хүн, 484 техник хэрэгсэл, 118 морьтойгоор, Зэвсэгт хүчний жанжин штабын МИ-171Е загварын нисдэг тэргээр 9 удаа хүн, хүч хэрэгслийг зөөвөрлөн ажилласан.

Түймрийн улмаас байгаль экологид 23.756.583.804 төгрөг, түймрийг унтраахад 449.663.142 төгрөгийн зардал гарч, нийт 24.206.246.946 төгрөгийн хохирол учирсан байна.

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд дөрөв, Мандал суманд нэг, Алтанбулаг суманд нэг, нийт зургаан түймэр асч байна. Баяр амралтын өдрүүдээр тус аймагт нийтдээ долоон түймэр гарснаас нэгийг бүрэн унтраасан бөгөөд дээрх зургаан түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагаас 101 алба хаагч, 8 автомашин, орон нутгаас 56 иргэн, 4 автомашин, нийт 157 хүн, 12 техник хэрэгсэлтэй түймрийн голомтод ажиллаж байна гэжОнцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотоос Дарханы чиглэлд нийт 15 цэгт хэсэгчлэн хаана

Related image

“Улаанбаатар-Дархан” чиглэлийн 204.11 км хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажил эхэлж байгаатай холбогдуулан 2019 оны долоодугаар сарын 15-наас эхлэн уг авто замыг улсын ашиглалтад оруулах хүртэл хугацаанд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаагаад байна.

Энэ үеэр жолооч нар түр замаар хөдөлгөөнд оролцоно. Авто замын ажлыг гүйцэтгэхдээ Улаанбаатар хотоос Дарханы чиглэлд нийт 15 цэгт хэсэгчлэн хаана. Тус чиглэлд зорчиж буй тээврийн хэрэгслүүд авто замын хөдөлгөөн хаасан тухайн хэсэгт авто зам дагуух түр замаар хөдөлгөөнд оролцож, бусад хэсэгт үндсэн замаар тээвэрлэлтийг гүйцэтгэх юм.

Авто замын хөдөлгөөнийг 22-ын товчооны Дархан чиглэлд салдаг уулзвараас эхлэн хаасан тул Улаанбаатар хот доторх буюу Баруун зүгт иргэд зорчихдоо 5-н шар Толгойт-Орбит-Тахилтын замаар явж шинээр баригдсан түр зам руу нийлэх ба түр зам нь төмөр замын хойгуур явж төмөр замын 384 дүгээр км-ийн гарамын орчим Баруун туруунд хүрнэ.

“Булган, Хөвсгөл, Орхон” аймгийн чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүд 22-ын салдаг уулзвараас Лүн сумаар дайран Булган аймгийн Дашинчилэн сумаар хөдөлгөөнийг үргэлжлүүлнэ. Иймд иргэд та бүхэн дээрх чиглэлүүдэд зорчихдоо батлагдсан замналын дагуу замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган тээвэрлэлт хийхийг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

НМХГ: 610 зөвшөөрөлтэй цэгт байнгын хяналт тавьж, 229.5 кг муудсан мах хурааж устгалд оруулжээ

Image result for НМХГ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас наадмын өдрүүдэд хяналтын 38, чиглэлийн 400 улсын байцаагч хордлого, халдвараас урьдчилан сэргийлэх, түүхий эд, бүтээгдэхүүн нь чанар, аюулгүй байдлын шаардлага хангаж буй эсэх, ажилчдын эрүүл мэнд, ажлын байрны цэвэрлэгээ, үйлчилгээ, халдваргүйтгэлийн байдалд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилган, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна. Хүй долоон худагт хуушуурын 160, худалдааны 50 цэг, Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуур, худалдааны 400 цэг, нийт 610 зөвшөөрөлтэй цэгт байнгын хяналт тавьж, нийт 229.5 кг муудсан мах хурааж устгалд оруулжээ. 17 аж ахуйн нэгж ил задгай гал түлж, үйл ажиллагаа явуулж байсан зөрчлийг таслан зогсоожээ.

Categories
мэдээ нийгэм

Зах худалдааны төвүүд ажиллаж эхэллээ

Томоохон сүлжээ дэлгүүрүүд болон зах, худалдааны төвүүд өнөөдрөөс цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэллээ.

“Нарантуул” худалдааны төв: Энэ сарын 11–16-ныг дуустал амраад, 17-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хар хорин” худалдааны төв: Энэ сарын 11-15-ны өдрийг дуустал амарна. Энэ сарын 16–наас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Барс” 1, 2 худалдааны төвүүд: Энэ сарын 10–нд 09.00 –20.00 цаг хүртэл ажиллаж, 11-14-ний өдрийг дуустал амарч, 15-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хүчит шонхор” худалдааны төв: Энэ сарын 11-15-ныг дуустал амарч, 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Да хүрээ” авто худалдааны төв: Энэ сарын 11-15–ныг дуустал амарч, 16–ны өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд: 11-15–нд амарна. 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.