Categories
мэдээ нийгэм

Хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдаж байжээ

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд байрлах “Дэлгэрэх” хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар хэрэглэх хугацаа нь хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулж байсныг илрүүлжээ.

18 нэрийн 56 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн акт үйлдэн хураан авч устгуулахаар Нийслэлийн Зөвлөлд шилжүүлж, илэрсэн зөрчилд Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.1 дэх заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авч хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна.
Categories
мэдээ нийгэм

Хангай хотхоноос УБЕГ хүртэлх 0,6 км авто замыг энэ сарын 28-ыг хүртэл хаана

100 айлын 1,6 км замын өргөтгөл шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Замын шинэчлэлтийн ажлын хүрээнд 32-ын тойргоос 100 айлын уулзвар хүртэлх авто замыг 3 хэсэгт хуваан хэсэгчлэн хааж, зам барилгын ажлыг хийж байгаа. Өнөөдрийн байдлаар буюу энэ сарын 15- 28 хүртэл Хангай хотхоноос УБЕГ хүртэлх 0,6 км авто замыг хаахаар төлөвлөсөн байна. Харин УБЕГ-аас 100 айлын уулзвар хүртэлх 0,7 км авто замыг энэ сарын 28-ны өдрөөс ирэх сарын 15 хүртэл тус тус хааж авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Уянга: Хүүхдээ www.tsetserleg.ulaanbaatar.mn системд хандаж бүртгүүлэх боломжтой

Цэцэрлэгийн цахим бүртгэлийн талаар Нийслэлийн боловсролын газрын Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Уянгаас тодрууллаа.


-Ирэх долоо хоногт цэцэрлэгийн цахим бүртгэл эхэлнэ. Эцэг эхчүүд хүүхдээ яаж бүртгүүлэх вэ?

-2017 онд төрсөн хоёр настай хүүхэд, мөн хамран сургах тойргийн цэцэрлэг нь 2014-2016 онд төрсөн 3-5 настай хүүхдийн шинэ элсэлт авах хяналтын тоо зарласан тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчид www.tsetserleg.ulaanbaatar.mn системд хандаж бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ эцэг эх, асран хамгаалагчид www.tsetserleg.ulaanbaatar.mn-д хүүхдийнхээ регистрийн дугаар болон баталгаажуулах кодыг оруулан шалгах товч дарснаар хүүхдийнхээ мэдээлэл рүү орно. Нэвтэрч ороход таны хүүхдийн мэдээлэл, оршин суугаа хаягийн мэдээлэл, хамран сургах тойргийн цэцэрлэгийн дугаар гарч ирнэ. Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ хаягийн мэдээллийг үнэн зөв эсэхийг шалгаад холбогдох гар утасны дугаараа оруулж, бүртгэлийн дугаар авах ногоон өнгийн товч дээр дарна. Гар утсанд нь бүртгэлийн зургаан оронтой дугаар очих бөгөөд тус дугаарыг “Бүртгэлийн дугаар” хэсэгт бичиж, бүртгэл баталгаажуулах товчийг дарснаар “Амжилттай баталгаажигдлаа” гэсэн хариу мэдэгдэл гарч ирнэ. Бүртгэлийн зургаан оронтой дугаарыг цахим элсэлтийн үр дүн гарах хүртэл хадгалах шаардлагатай.

-Цахим бүртгэлд хүүхдээ бүртгүүлж буй эцэг эхчүүд юуг анхаарах ёстой вэ?

-Шинээр элсэх аль ч насны хүүхдийн бүртгэлийн тоо нь хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд тухайн цэцэрлэгийн элсэлтийн комисс систем дээр санамсаргүй түүврийн аргаар “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагааг дурдсан хугацаанд иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулна. “Цахим бүртгэл”, “Цахим элсэлт”-ийн дараа цэцэрлэгт элсэн орсон тохиолдолд дурдсан хугацаанд цэцэрлэгийн захиргаатай гурвалсан гэрээ байгуулахын хамт хүүхдээ эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах хэрэгтэй. Тусгай, сувиллын, 24 цагийн цэцэрлэгт шинээр хамрагдах болон зорилтот бүлэгт хамаарах иргэдийн хүүхдүүдийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулахгүй. Эцэг эх, асран хамгаалагчид нь дурдсан хугацаанд цэцэрлэг дээр өөрийн биеэр очиж бүртгүүлэх ёстой. Цэцэрлэгийн үйл ажиллагааны дүрэм, журам, заавар, гурвалсан гэрээний заалтыг биелүүлэх шаардлага бас бий. Бүртгэлийн явцад байгууллага, бусад үйлчлүүлэгчдэд хүндрэл учруулахгүй, хүндэтгэлтэй хандах нь зүйтэй.

-Цахим бүртгэл хэзээ дуусах вэ?

-Шинээр элсэх хоёр болон бусад насны хүүхдүүдийн “Цахим бүртгэл” 2019 оны долдугаар сарын 22-ны 09:00 цагаас наймдугаар сарын 22-ны өдрийн 23:59 цаг хүртэлх хугацаанд явагдана. Шинээр элсэх хоёр болон бусад насны хүүхдүүдийн “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа 2019 оны наймдугаар сарын 23-ны өдрийн 10:00 цагт цэцэрлэг тус бүр дээр нэгэн зэрэг эхэлнэ. Өмнөх хичээлийн жилүүдэд элссэн хүүхдүүдийн бүртгэл шалгах хугацаа 2019 оны долдугаар сарын 22-ноос наймдугаар сарын 22-ны өдрүүдэд болно.

Шинээр болон өмнөх хичээлийн жилүүдэд элссэн хүүхдүүдтэй гэрээ байгуулах, сунгах үйл ажиллагаа 2019 оны наймдугаар сарын 26-28-ны өдрүүдэд явагдана. Тусгай, сувиллын, 24 цагийн цэцэрлэгт шинээр элсэх болон зорилтот бүлгийн, багш, ажилчдын хүүхдүүдийн бүртгэл 2019 оны наймдугаар сарын 26-28-ны өдрүүдэд, ажлын цагаар тус тус зохион байгуулагдана.

-Бүртгэл дуусахаар хүүхдээ орсон эсэхийг хэрхэн шалгах вэ?

-“Цахим элсэлт”-ийн үр дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагчдын гар утсанд мессэжээр илгээнэ. Цахим элсэлт дууссаны дараа шинээр бүртгүүлсэн хүүхдийн бүртгэлийг www.tsetserleg.ulaanbaatar.mn-ийн “Шалгах” цэс рүү орж бүртгэлийн дугаараа хийж хамран сургах тойргийн цэцэрлэгтээ орсон эсэхийг шалгах боломжтой.

-Жил бүр цэцэрлэгийн хүрэлцээний асуудал яригддаг. Энэ жил шинээр ашиглалтад орсон цэцэрлэг бий юү?

-2018-2019 оны хичээлийн жилд улс, нийслэл, дүүрэг, гадаад, дотоодын тусламжийн хөрөнгөөр шинээр зургаан цэцэрлэг, зургаан цэцэрлэгийн өргөтгөлийн барилга баригдаж, нийт хүчин чадлыг 2140–өөр нэмэгдүүлсэн, байгууллагын стандартын шаардлага хангасан есөн цэцэрлэгийн 19 бүлэгт 690 хүүхдийг, төрийн бус өмчийн 47 цэцэрлэг шинээр барьж 3183 хүүхдийг, ашиглалтгүй сул ортой ажиллаж байгаа төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор “Нэмэлт элсэлт”-ийг зохион байгуулан 1.425.0 сая төгрөгийг шийдвэрлүүлснээр 3087 хүүхдийг, зургаан цэцэрлэгт есөн гэр бүлгийг шинээр нээж 251 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулснаар хамран сургалт 80.1 хувьд хүрсэн дүнтэй байгаа.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 20-21-нд “Их хурд-8” хурдан морины уралдаан болно

Энэ сарын 20-21 өдрүүдэд Хүй долоон худагт Монголын хурдан морины олимп шигшмэл морьдын “Их хурд -8″ уралдаан болно. Гурван жилд нэг удаа болдог уралдааныг өмнөх жилүүдэд нэг өдөрт зохиодог байсан бол энэ жилээс хоёр өдөр хийхээр Монголын морин спорт уяачдын холбоо (ММСУХ)- оос төлөвлөжээ. “Их хурд-8” уралдаанд өмнөх “Их хурд” уралдааны эхний 15 байрт орсон, сүүлийн гурван жилийн хугацаанд Засгийн газрын шийдвэрийн дагуу зохион байгуулагдсан болон улсын баяр наадамд эхний 10-т хурдалсан, аймгийн наадмын айргийн тавд орсон хурдан хүлгүүд оролцох боломжтой. Уяачид уралдаанд оролцох мандатаа орон нутаг дахь ММСУХ-ны салбар хороодоор дамжуулан хүсэлт гарган авах юм байна. Наадмын удирдамжийн дагуу сум бүрээс шалгарсан “Адуучин”, “Хос сайхан морьтон”-ууд Хүй долоон хутагт ирж өрсөлдөх юм. “Шигшмэл хурдан морьдын “Их хурд 8”, Монгол туургатны морьтны өв соёлын наадам”-аар адуун өв соёлыг сурталчлах үзэсгэлэн, худалдаа, “Айраг” фестиваль, хүрээ цам, шашны зан үйл, 21 аймгийн шилдэг “Адуучин” тэмцээн, улсын хэмжээнд буюу, 9 дүүрэг, 21 аймаг, 330 сумаас оролцох “Сайхан хос морьтон” шалгаруулах тэмцээн, “Хуйрнан шуугигч” хүүхдийн барилдаан, “Гийнгоо марзай”-н улсын уралдаан жороо морины уралдаан, сонгомол морин спортын үзүүлэх тоглолт, морин циркийн үзүүлбэр үзүүлэхээр төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Сонсголонгийн хуучин гүүрийн хөдөлгөөнийг хаалаа

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321.4 у/м болон Сонсголонгийн 289.4 у/м төмөрбетон гүүрийг шинээр барих” төслийн хүрээнд шинэ гүүрийн хөдөлгөөнийг энэ сарын 05-ны өдөр нээж ашиглалтад оруулсан. Үргэлжлүүлэн хуучин гүүрийн хөдөлгөөнийг энэ сарын 16-ны өдрөөс хааж, засварын ажлыг эхлүүлж, 2 сарын хугацаанд гүйцэтгэж дуусахаар төлөвлөөд байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Лангуу дүүргээд тэрнээсээ илүү нэхсэн КЛАУС

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


Энэ бэсрэг номын ориг нэр нь “Бид сүпэрмаркэтээс илүүг хүсч байсан”. Чехүүд сүпэрмаркэт гэдгийг Улаанбаатараар нэг байдаг мухлагуудаас өөрөөр ойлгодог юм байна. Манайхаар бол их дэлгүүр л юм даа. Социалист бүх орны их дэлгүүрүүд мөн ч тарчиг байсан даа. Хамгийн гайгүй бараатай нь Чехословак, Унгар хоёр байсан санагддаг. Гэхдээ өнөөгийн Улаанбаатарын Их дэлгүүрүүдтэй харьцуулахад бараг л хоосон лангуу гэсэн үг дээ. Унгарт хүнсний хангалт гайгүй, Чехословак, Зүүн Германд сайн пиво элбэг, Болгарт жимс жимсгэнэ олдоцтой, Польшид урлаг чөлөөтэй. Социализм байгуулагчдын нэг нийтлэг шинж нь хаана нь ч махны хомсдолтой. Чанартай, загварлаг хувцас хунарыг “дэфицит” гэж нэрлэнэ, энэ нь ховор живэр гэсэн утгатай юм болов уу. Гэхдээ Зүүн Европын орнууд ЗХУ хэмээх том ахтайгаа харьцуулахад баян чинээлэг гэж жигтэйхэн. Чех гутал, румын мебель, болгар салат, польш магнетофон, герман хувцас дэлгүүрт гарахад байшин хэд ороосон оочирт дэлхийн хоёр дахь том эдийн засгийн иргэд алалдан тэмцдэг байв. Далаад оны эхээр Зүүн Германы тусламжаар Улаанбаатарт АПУ ашиглалтанд орон хэдэн төрлийн пиво үйлдвэрлэж эхэлснээсээ нэлээдийг нь Эрхүү, Улаан-Үд хавиар богооноор экспортолдог байлаа. Пиво ачсан монгол богоон ирэхийг хүлээсэн оросууд оочирлож оочирлож хэдэн шил “Боргио” аваад найрлахдаа “Хөгжингүй орны пиво нь хүртэл өөр юмаа” хэмээн хоорондоо шагшралдан шүүрс алддаг байсан гэх.

Октябрийн дараанаас большевизмын алдартай уриа нь “Бид хүн төрөлхтнийг хүчээр жаргуулна” гэж байсан. Зөвлөлтүүд дэлхийн II дайны дараа хүчээр жаргуулах олон оронтой болсныгоо ертөнцөөс тусгаарлан хорьсон. Үүнийг төмөр хөшиг гэдэг. Бараа таваар хүнсний хомсдолоор тэд “жаргах болов”. 1950 оны Зүүн Германы, 1948, 1968 оны Чехасловакийн, 1956, 1968, 1970, 1980 оны Польшийн, 1956 оны Унгарын гэсэн дараалсан олон бослого хөдөлгөөний анхдагч шалтгаан нь чухамдаа бараа таваар хүнсний хомсдол байсан юм. Тэд дайнаас өмнө ингэтлээ хомсдож байгаагүй болохоор мөнхийн өлсгөлөн хүчирхэг гүрний иргэд оросуудаас илүү мэдрэмтгий байсан байх.

1990 онд коммунизм сөнөж, хүйтэн дайн зогссоноор тэд бараа таваараар хахсан “Сүпэрмаркэтууд”-тайгаа дахин золгов. Энэ бол хангалтгүй хэмээн орчин үеийн Чех орны гол реформчдын нэг чанга дуугаар хашгирлаа. Түүнийг Вацлав Клаус гэдэг, энэ бэсрэг номын зохиогч. 1941 онд төрсөн тэрээр өдгөө 77 насыг зоогложээ. Шинэ Чехословак улсын Сангийн сайд, Чех улсын Ерөнхий сайд, Чех улсын Ерөнхийлөгч зэрэг алба хашиж байжээ. Эдийн засагч мэргэжилтэй, профессор цолтой. Уул нь эрдэм номын хүн, шинжлэх ухааны байгууллагад олон жил ажилласан. Тэрээр ердийн социалист эдийн засагчдыг бодвол Өрнөд Европт хэдэн удаа сургалтанд хамрагдаж байсан болохоор аль эрт нүд нь нээгдсэн нэгэн. 1968 оны бослогын дараа нийгэм, улс төр, эдийн засгийн хүрээлэнгүүдэд цэвэрлэгээ явагджээ. Эдгээр инстүүцэд ажиллахын тулд намын гишүүн байх ёстой гэсэн шалгуур тавив. Клаус намд элсэхээс татгалзсан учир хүрээлэнгээсээ хөөгдсөн байна. Итгэлгүй хүн гэсэн үг.

1989 онд Чехословак коммунизмаас салахад Клаус гол толгойлогчдын нэг байсан. Клаус шууд л Сангийн сайд болж социалист эдийн засгийг чөлөөт зах зээлийн тогтолцоонд тайван замаар шилжүүлэх ажлын голыг гүйцэтгэжээ. Тэрээр бүх ард түмнээ хамруулсан тасалбараар хувьчлал явуулж эхний хоёр жилийн дотор 22 мянган аж ахуйн нэгжийг хувьчилсан нь маш амжилттай болж олон түмний талархлыг хүлээсэн. Мөн коммунизмын үед нийгэмчлэн хураасан үйлдвэр заводыг жинхэнэ эздэд нь буцаан олгосны дотор дэлхийд нэрд гарсан Шкода автомашин үйлдвэр, Батя гутлын үйлдвэр багтаж байлаа. 1992 онд Чехословак улс “гэр бүл салахад” үүнийг маш энгийн соёлтой тайван найрамдалтай явуулах ажлыг ч тэр удирдсан. ЗХУ, Югослав, Молдав, Гүрж, Украины жишээн дээрээс харахад ямар аймаар зодоон болдгийг дэлхий харсан.

Чехийн улс төрийн хүчнүүд доторх барууны үзэлт бүлгийн толгойлогч тэрээр 1992-1998 онд Ерөнхий сайд байхдаа Чех улсыг НАТО-д элсүүлэх, Европын холбоонд нэгтгэх ажлыг удирдсан. Дараа нь 2003 оноос 10 жилийн турш Ерөнхийлөгчөөр ажиллажээ.

Өөрийн хүсэж мөрөөдөж байсан ардчилсан нийгэм, зах зээлийн тогтолцоонд улс орноо шилжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн, аюулгүй байдлын найдвартай баталгаа болсон НАТО-д элсүүлэх, төрөлх Европынхоо гэр бүлд эргэж багтах ажиллагааг удирдсан энэхүү баялаг намтартай хүн өнөөдөр Чехийн нийгэм, улс төр, эдийн засгийн байдалд тун сэтгэл гонсгор байна. Яагаад?

Түүний гадаад бодлогын талаарх үзэл их зөрчилтэй. Чехийг НАТО-д элсүүлэхийн төлөө үхэн хатан зүтгэсэн мөртөө тэдний Югославыг бөмбөгдсөн болон Иракт халдсаныг эрс эсэргүүцсэн. Косоваг тусгаар тогтнуулахыг хүлээн зөвшөөрдөггүй. Америкийн сансрын баймбайг Чехэд байрлуулахад дургүйцсэн. Большвизмын эсрэг зартэй тэмцэгч, 1968 онд Варшавын гэрээний орнууд Прагийн хаврыг цусаар дарсныг айхавтар шүүмжлэгч мөртөө өнөөгийн Оросыг үүнд буруутгах дургүй, өнгөрснөө мартаж ирээдүйгээ харъя гэж уриалдаг. Европын нэгдсэн тогоонд чех үндэстний соёл уламжлал заншил холилдон уусахаас их болгоомжилдог. Дэлхийн дулааралд Клаус итгэдэггүй, дулаарлын эсрэг тэмцэнэ хэмээн асар их хөрөнгө зарцуулж буй Европарламентийг тууштай шүүмжилдэг.

Бараа таваарын хомсдол байхгүй болсон, тэр байтугай илүүдэлтэй байна. Энэ бол чех хүмүүсийн хүсэж байсан зүйл мөн. Гэвч чөлөөт ардчилсан Чех улс, Чехийн ард түмэн зөвхөн лангуу дүүрэхийг л хүлээж мөрөөдөж байсан юм биш. Өөрийнхөө төлөө өөрснөө шийдвэр гаргадаг бие даасан Чех улсыг хүсэж байсан. Өөрийн иргэншил, соёл, үндэсний онцлог, зан заншил, уламжлалаа хадгалсан Чех орныг мөрөөдөж байсан. Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зовдог Чех орон л чех хүмүүст хэрэгтэй. Энэ бол Вацлав Клаусын хүсэл, чухам тийм болж чадаагүйд тэрээр гомдоллож, Чех орныг тийм болгохын төлөө уриалан дуудаад байгаа юм.

Чехословак улс олон жилийн турш Австрийн эзэнт улсын эрхшээлд байсан. 1918 онд тусгаар тогтносноор одоо л нэг өөртөө эзэн болж бие даах нь гэтэл 1938 онд Гитлер, 1948 онд Сталин, 1968 онд Брежнев чех словак ард түмнийг бие даахыг нь зөвшөөрсөнгүй. Өөрийгөө өөрөө мэдэх гэсэн оролдлого болгон нь харийн танканд бяцлуулж байлаа. Шинэ зуун гарсны дараа Европын холбоонд нэгдэж одоо л нэг бүрэн эрхт чөлөөт орон боллоо гэж үзжээ. Гэтэл Клаусын үзэж байгаагаар Чех улс өнөөдөр Брюсэлийн эрхшээлд орсон гэнэ.

Яагаад Вацлав Клаус тэгэж үзэх болсныг энэ номоос уншаарай.

Жич: Би энэ хүнийг хүндэтгэдэг, олон үзэл бодлыг нь дотроо хуваалцдаг. Гэвч түүний улаан фэн биш, зарим санааг нь амьхандаа зөвшөөрдөггүй. Харин тэрээр пост коммунист ертөнцийн нэгэн тод томруун бие төлөөлөгч гэдгийг хэн ч үгүйсгэхгүй биз ээ.

2019.5.1

Categories
мэдээ цаг-үе

Ж.Ганбаатар: Үндсэн хуульд эдийн засаг, бизнесийн орчинг дэмжье гэсэн заалт оруулах хэрэгтэй


Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатартай ярилцлаа.


-Та Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд ямар байр суурьтай байгаа вэ?

-УиХ дахь МАН-ын бүлэг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжиж байгаа. Миний хувьд тодорхой саналуудыг хоёрдугаар сараас эхлэн ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан, болон ажлын хэсгийн бусад гишүүдэд илэрхийлж байгаа. Бид Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УиХ-ын гишүүд, цэцийн гишүүд, шүүгчдийг яаж сонгох вэ гэж тогтолцооны асуудлуудыг олон талаас нь сайн ярьж чадаж байна. Үүнд онц маргаад байх зүйл алга байна. Эдгээр өөрчлөлтүүдийг хийх нь зүйн хэрэг. яахав, бид тогтолцоог 1992 оноос хойш олон байдлаар туршиж үзлээ. Тогтолцоо өөрчлөгдсөнөөрөө амьдрал сайн сайхан болчихгүй, ард иргэд ядуурлаас гарч, улс орны хөгжил урагшилчихгүй л дээ. Миний хувьд хувийн хэвшлийнхнийг яаж төрийн олон мянган дарамтаас хамгаалах вэ гэж л их бодож байна.

-Ямар саналуудыг гаргасан бэ?

-Одоогийн Үндсэн хуульд эдийн засгийг төр зохицуулна гэсэн заалт бий. Үүн дээр нэмээд төр эдийн засгийн харилцааг дэмжинэ гэсэн тодорхой өгүүлбэр байх ёстой гэсэн санааг би илэрхийлж байгаа юм. Үүний хүрээнд органик хуулиудад тодорхой өөрчлөлтүүдийг оруулж, эдийн засаг бизнесийн орчинг дэмжих ёстой.

-Тус саналуудын ач холбогдлыг та юу гэж харж байна вэ?

-Улс төр бүх салбарт хэт хамааралтай байна. Энэ саналын гол үүрэг нь хэн дуртай хүн, байгууллага бизнес эрхлэгчдийг дарамтлахаас хамгаалахад оршино. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газар гэх мэт маш гоё нэртэй байгууллагууд байгуулагдаад хөдөлмөрлөөд явж байгаа хэдийгээ татварын бус дарамтын хэлбэрээр зулгааж байна. Бизнес хийхээр хичээж явсан нэгэн арга ядаад гадаадад ажиллахыг эсвэл төрийн байгууллагад жолооч ч хамаагүй хийхийг илүүд үзэж байна. ийм байдалд бид улс орны хөгжил гэж ярих боломжгүй. Байгалийн баялгаа булаацалдсан хэдэн хүмүүс л байна. Уг нь бүгд хөдөлмөрлөөд байвал улс орны эдийн засаг өнөөдрийн байгаа хэмжээнээсээ нэмэгдэж, тэлэх бүрэн боломжтой. Финлянд гэхэд 190 тэрбум евро бүхий маш том эдийн засагтай. Эстон улс манайхаас хүн ам багатай ч эдийн засаг нь гурав, дөрөв дахин том. Тэгэхэд бид чөтгөрийн тойрогтоо л, байгалийн баялаг оллоо гэвэл тэрийг би авна гэж булаацалдаад л. Тиймээс бид эдийн засаг, бизнесийн орчинг дэмжье гэсэн заалт оруулах хэрэгтэй. Тэгж гэмээнэ бидний ирээдүйг олон зүйлээс аварна гэж үзэж байгаа юм. Бид хичээгээд бизнес эрхлэгчдийг дарамталж буй бүгдэд хяналт тавьж чадахгүй. Хэрвээ Үндсэн хуульдаа тусгаад өгчихвөл Үндсэн хуулийн Цэцэд хандаж зогсоох боломжтой. Үүнийг л би хэлээд байгаа юм.

Эдийн засгийн байнгын хорооны гишүүд ч үүнийг онцолж байгаа.

-Таны энэ саналыг байнгын хороодын хурлаар дэмжсэн үү?

-Миний саналыг аль ч байнгын хороо дэмжээгүй. Байнгын хорооны хурлаар саналыг гишүүдийн гуравны хоёрын дэмжлэгтэйгээр хэлэлцэхээр байсан. Нэг хүн дэмжихгүй байхад л саналууд унасан. Гишүүд картаа уншуулчихаад гарах тохиолдол бий. Арван гишүүний гурав нь картаа хийгээд гараад явчихвал долоон гишүүн үлдээд санал өгсөн ч санал дэмжигдэхгүй байгаа. Гуравны хоёроор нь дэмжигдэх ёстой учир нэг л хүн дэмжихгүй бол санал унана. Үндсэн хуулийг хэлэлцэх дэг нь бусад хуулиас өөр байна шүү дээ. Бусад хуулиудад арван хүний зургаа нь дэмжихэд хангалттай байсан бол одоо найман хүн дарж байж дэмжигдэх өндөр босготой байгаа. Энэ нь нэг талаараа нэмэлт санал оруулахгүй гэсэн санаа л даа.

Сайн дарга сонгогдвол, Засгийн газар тогтвортой байвал эдийн засаг, бизнесийн орчин сайжирна гэж надад тайлбарлаад байгаа л даа. Гэхдээ үүнийгээ хоёр үгээр ч болтугай Үндсэн хуульд тусгачих хэрэгтэй байгаа юм. Муу Засгийн газар тогтвортой ажиллачихвал тун эвгүй шүү дээ.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг өнөөдөр УИХ нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэнэ. Гишүүдээс гарсан зарчмын зөрүүтэй саналуудыг нэгтгэж хэлэлцэх нь мэдээж. Баяр наадам, амралт давхацсан энэ үед ард иргэдийн мэдээгүй, хүсээгүй заалтуудыг оруулчихвий гэх болгоомжлол байна л даа.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хүрээнд саналууд гарч байгаа учраас өнөөдрийн хэлэлцэж байгаагаасаа өөрчлөгдөх боломж байхгүй. Тэр бол хэтэрхий хардаж байгаа хэрэг гэсэн үг л дээ. Ер нь ч тэгээд ард түмнээр хэлэлцүүлэх нь зүйтэй гэх саналыг УИХ-ын дийлэнх гишүүд гаргаж байгаа. Гэхдээ ард түмнээс ерөнхий асуулт асууж магадгүй юм шиг байна лээ. Үндсэн хуульд орж буй нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж байгаа юу, үгүй юү гэх мэтээр асуух бололтой. Нэгдүгээр хэлэлцүүлгийн дараа гишүүд тойргууддаа ажилласан. Баянгол дүүрэгт УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, А.Ундраа болон миний бие ажиллалаа. Бүх хороогоороо явсан. Дараа нь нэгдсэн уулзалтуудыг Үйлдвэрчний соёлын төв ордонд хийсэн. Ард иргэд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж байна. Иргэдийн зүгээс Ерөнхийлөгчийг нийт ард түмнээс сонгох нь зөв гэдэг байсан бол одоо буруу гэж байна. Үг хэлж хэлж байгаа иргэдийн 90-ээд хувь тийм саналтай байна лээ шүү. Энэ нь иргэд олон шатны сонгуулиудаас залхжээ гэдгийг л харуулж байгаа юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр аймаг, нийслэлийн сонгуулийг хийхгүй гэж байгаа нь тун сайшаалтай.

-Хотын эрх зүйн байдлыг тодорхой болгох зохицуулалт орж байгаа. Энэ нь хэр зөв шийдвэр юм бэ?

-Аймаг, дүүргийн хот болох боломжийг нээж өгч байгаа. Бусад улс орнуудад хотуудын санхүүжилтийг газрын болоод үл хөдлөх хөрөнгийн төлбөр бүрдүүлдэг. Орон нутгийн үйлчилгээний газрууд нь ч тусдаа такстай байдаг. Энэ бүрээс хотын татварт нь тодорхой хэмжээний хөрөнгө цугладаг. Ийм тогтолцоо бий болсон тонхиолдолд хотууд бий болох нь зөв. Харин улсаас үргэлж татаастай байх юм бол тун бэрх. Хот болсноор төрийн байгуулалтын бүтэц, зарлага нэмэгдэх нь ойлгомжтой шүү дээ.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шүүхийг улс төрөөс хараат бус болгоно гэж буй. Энэ өөрчлөлтийг хийж чадах уу?

-Шүүх засаглал, УИХ-ын гишүүдийн хариуцлага, гүйцэтгэх засаглалын эрх мэдэл, Ерөнхийлөгчтэй холбоотой заалтуудыг би 100 хувь дэмжиж байгаа. Яахав иргэдийн зүгээс шүүгчид, Цэцийн гишүүдийн ажиллах хугацааг хэт урт байна гэдгийг хэлж байгаа юм.

-Төсөв хэлэлцэх үед УИХ Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зарлагын шинэ төрөл нэмэхгүй байхаар хуулийн төсөлд тусгагдсан. Уг зохицуулалттай холбоотой гишүүд янз бүрийн л байр суурь илэрхийлж байна. Таны хувьд?

-Төсөв батлах нь УИХ-ын гишүүдийн нэн тэргүүний эрх. Тус саналыг М.Энхболд гишүүн гаргасан шиг санаж байна. Энэ асуудлыг олон талаас нь их л сайн бодох ёстой.

-Гүйцэтгэх засаглалыг тогтвортой болгох хүрээнд цөөнгүй зохицуулалтууд орохоор байгаа. Энэ тухайд?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсанаар Ерөнхий сайд маш өндөр дархлаатай болох нь. Ерөнхий сайдыг огцруулахаар бол дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг хамтад нь оруулж ирэхээр байгаа юм. Намын дарга хүн Ерөнхий сайд болдог. Намын дарга өөрийгөө огцруулахаар намын хурлаа хийнэ гэж байх уу. Миний бодлоор лав ийм зүйл байхгүй. Байхгүй гэж үзсэн учраас энэ зохицуулалтыг хийсэн байх. Энэ нь бараг зөв байх. Нэг сонгогдсон Ерөнхий сайд нь бүрэн эрхийнхээ хугацаанд ажиллах боломж бүрдэнэ.

-Давхар дээлийг бүрэн тайлах нь зөв гэдэг саналыг зарим УИХ-ын гишүүд гаргасан байна лээ.

-Давхар дээлийг нэг мөсөн тайлах нь зөв гэж боддог. УИХ-ын гишүүд давхар дзээлгүй байна гээд Үндсэн хуульдаа тусгачихвал УИХ-д янз бүрийн аргаар орж ирж, сайн, муу зүйлүүд хийдэг хүмүүсийн тоо ч цөөрнө байх. Тиймээс энэ саналыг миний хувьд дэмжинэ. Харин Ерөнхий сайд нь УИХ-ын гишүүн байх хэрэгтэй. Тэрээр хуралдаандаа оролцоод хийсэн ажлууддаа тайлбар өгөх нь зөв. Ерөнхий сайд нь УИХ дотор юу болж байгааг мэдэхгүй, бичгээр харьцаад байж болохгүй.

-Энэхүү Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсанаар хамгийн багадаа 20, түүнээс цаашхи хугацаанд манай улсын нийгэм, эдийн засгийг зөв зүйтэй зохицуулж чадах уу?

-Хөгжингүй улс орнуудад хуулийг нэг мөр ойлгодог. Би гэдэг ойлголтоо авчихсан, төлөвшчихсөн гэсэн үг. Бид ч гэсэн нэгэнт л энэ хуулиа баталсан бол нэг мөр ойлгох ёстой. Улс орон хөгжихгүй байгаа нь Үндсэн хуулийн буруу биш. Түүн дээр байгаа үг, өгүүлбэрийг мушгин гуйвуулдаг, буруу тийш нь залдаг, хуулийг өөрийнхөөрөө тайлбарладагтай холбоотой. Ийм байж болохгүй л дээ. Манай улсад хууль хангалттай байна. Харин үүнийг гүйцэтгэх, биелүүлэх нь хамгийн чухал.


Categories
мэдээ цаг-үе

Хошууч М.Ням-Очир: Сумын хэсгийн төлөөлөгчөөр 17 жил ажиллаж байна даа

Цагдаагийн сургууль төгссөн ихэнх залуус суманд хэсгийн төлөөлөгчөөр ажиллаад аль болох төв суурин газар бараадахыг илүүд үздэг нь нууц биш. Тэгвэл эсрэгээр төв суурин бус, харин ч сум, орон нутаг руу тэмүүлэхийг хүсдэг алба хаагчийн нэг бол хошууч М.Ням-Очир. Тэрбээр сумын хэсгийн төлөөлөгчөөр 17 жил ажиллажээ. Эрүүгийн цагдаагийн албаны түүхт 85 жилийн ойн баярын өдрүүдэд түүнтэй ярилцлаа. Тэрбээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын хэсгийн төлөөлөгч юм.


-Та цагдаагийн байгууллагатай ажил амьдралаа холбосон дурсамжаа хуваалцахгүй юу. Цагдаагийн байгууллагад дөрвөн жил өдрийн ангид суралцаж төгсөөд, таван суманд хэсгийн төлөөлөгчөөр ажилласан алба хаагч цөөхөн болов уу?

-Би 1998 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын гуравдугаар 10-н жилийн сургуулийн Далайцэрэн багштай 10б ангийг төгсөж цагдаагийн дээд сургуулийн элсэлтийн шалгалт өгөөд тэнцэж ороод 1998 оны долдугаар сарын 23-ны өдөр Орбитод карантинд гарч байлаа. Би Цагдаагийн дээд сургууль байхад нь элсэж ороод Цагдаагийн академи болон өргөжсөн байхад нь төгсөж Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт томилогдон Сэлэнгэ аймгийн Хушаат сумаас хэсгийн төлөөлөгчөөр ажлын гараагаа эхэлсэн. Энэ суманд би хэсгийн төлөөлөгчийн ажил ямар хүнд байдаг, бас ямар их хүндтэй, иргэдийг өөрөөрөө хүрээлүүлсэн алба болохыг мэдэрсэн юм. Би тэндээс ханьтайгаа учирч том охиноо хүлээн авч аав болсон. Миний сайхан дурсамж бас залуу насны минь алдаа ч гэсэн энэ суманд хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн үеэс эхтэй юм.

-Таны илрүүлсэн хэргийн тухай нийтлэл манай сонинд гарч байсан юм билээ. Энэ ямар хэрэг вэ?

-Нэг өглөөний ярианд ирээд суутал урьд шөнө нь гурван айлд хулгай орж их хэмжээний эд зүйл алдагдсан хэрэг гарсан байлаа. Тасгийн даргаас эрүүгийн төлөөлөгч д/ч Батхуяг шалгаж шийдвэрлэ гэлээ. Батхуяг багш маань тэр өдөржингөө бид хоёрыг дагуулж Сайхан сумын Хөтөл хотын бүх байрны подвалийг шалгаж хулгайлсан зүйлийг нуусан байрыг олсон. Тэр шөнөжин хүйтэн подвальд отолт хийж бүлэг зэвсэгтэй хулгайч нарыг барьсан юм. Тэр тухай “Өдрийн сонин”-д хэвлэгдэж би сонингийн нийтлэлээ барьж очоод дадлагын тайлангаа онцсайн хамгаалж билээ. Тэгэхэд би хэрэг илрүүлнэ гэдгийг бодитоор мэдэрч ойлгох шиг л болсон юм. Одоо ч гэсэн би Батхуяг даргаас мэдэхгүй, чадахгүй зүйлээ асууж лавлаж ярьдаг хэвээр байгаа.

Намайг хэсгийн төлөөлөгчөөр томилогдсоноос гурван сарын дараагаас буюу 2002 оны есдүгээр сарын нэгнээс эхлэн Монгол Улсад шинэ Эрүүгийн тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль хэрэгжиж эхэлсэн нь цоо шинэ зүйл байлаа. Шинэ хуулийг хэрэглэж эхлэх, түүнд тохируулан ажил үүргээ явуулах, дээрээс нь сумын Засаг даргаас цалин хангамжаа авдаг байсан сумын цагдаа, хэсгийн төлөөлөгч босоо санхүүжилттэй болсноор ажиллах орчин боломж маш тааруу болж эхэлсэн юм. Дараа нь цагдаагийн байгууллагаас алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх олон ажил зохиож, хууль эрх зүйн орчинг сайжруулснаар өнөөдөр хэсгийн төлөөлөгчөөр ажиллахад хүндрэл бэрхшээл бага байна. Суманд хэсгийн төлөөлөгчөөр ажиллахад хамгийн гол нь хувь хүний өөрийнх нь идэвх зүтгэл чармайлт чухал юм шиг санагддаг.

-Суманд хэсгийн төлөөлөгчөөр ажиллах нь төв суурин газар ажиллахаас онцлогтой байх. Хөдөө ажиллах хүнд байсан уу. Хэр удаж байж идээшсэн бэ?

-Би хөдөө мал дээр өссөн болохоор суманд ажиллах хэцүү байгаагүй ээ. Цөөхөн хүн амтай суманд хууль сахиулна гэдэг хамгийн хэцүү байдаг. Миний хувьд 17 жил хэсгийн төлөөлөгчөөр ажилласан байна. Энэ бол бага хугацаа биш. Ажилласан жилүүдээ эргээд харахад миний ажилласан сум бүрийн иргэдийн ам яриа, надад хандаж байгаа хандлага их сайн байдаг юм. Суманд хэсгийн төлөөлөгчийн ажил албыг хашихад дандаа магтуулаад хүндлүүлээд байна гэж байхгүй. Сөрөг талууд бас байгаа. Миний ажил хүн бүхэнд сайхан санагдахгүй болохоор хуулийг зөрчдөг, буруу сэтгэлтэй хүмүүс дунд би хамгийн муу хүн нь шүү дээ. Тийм болохоор ажиллаж байгаа байгууллагынхаа нэр төрийг иргэдийнхээ дунд өндөрт өргөж явахыг хичээж явна даа.

-Сумын хэсгийн төлөөлөгч нь аймгийн цагдаагийн газрын дэд дарга бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн даргынхаа шууд удирдлагаар ажилладаг. Суманд ажиллахад сурах юм их байдаг. Таны хувьд?

-Хэсгийн төлөөлөгч цагдаагийн ажилтан гэдэг бол сумандаа хамгийн том хуульч нь шүү дээ. Тухайн сумын бүхий л иргэд зөвхөн сумандаа гарсан хэрэг гэлтгүй, хот хүрээнд байгаа хүү, охин маань ийм асуудалд холбогдсон байна, төлөөлөгчөө энэ ямар учиртай юм бол, тэнд тэгээд хохирчихлоо, хаана хандахаа мэдэхгүй байна гэх зэргээр асуудаг. Бүр хүүхэд үрчилж авах гэсийн хууль зүйн зөвлөгөө өгөөч гээд л цуварч өгнө дөө. Тэр болгонд зөвлөгөө өгөөд хуулийнх нь заалтыг хэлж туслаад гаргахад настай хүмүүсийн хүндлэлийг хүлээж байдаг. Тийм болохоор хамгийн гол нь хүнтэй харилцах харилцаа л чухал юм. Нэг л хүний сэтгэлд сайхан дурсамж үлдээсэн бол тухайн иргэн цагдаагийн ажлын хүндрэл бэрхшээлийг ойлгож аль болох туслахыг хичээж байгаа нь мэдэгддэг. Хохирсон, итгэх итгэлээ алдаж цагдаагийн байгууллагад хандаад цагдаагийн тусламж үйлчилгээг аваад баярлаж талархсанаа илэрхийлж байгаа иргэнийг хараад би хийж буй ажилдаа сэтгэл хангалуун болдог.

-Анх хэсгийн төлөөлөгч болоод ханьтайгаа танилцсан гэсэн. Ханийнхаа талаар хуучлахгүй юу?

-Эхнэр бид хоёр амьдраад бас 17 жил болж байна. Хэсгийн төлөөлөгчийн эхнэр байна гэдэг ер нь амаргүй. Шилжин суурьшсан сум болгонд дагаад л очно. Хүн танихгүй. Ажил байхгүй шинэ газар очоод дахиад л шинэ хамт олонтой учирна. Тэр дунд орж ажиллана гэдэг чинь эмэгтэй хүний хувьд маш их тэсвэр шаарддаг юм байна лээ. Ялангуяа сумдын сургууль дотор жалга довны үзэлтэй хүмүүс олон байдаг. Тэр дунд орж ажиллана гэдэг хэцүү байдаг. Энэ бүгдийг даван туулж миний дэргэдээс холдоогүй эхнэртээ их баярлаж явдаг даа. Миний ээжийн ээж болох эмээ маань 85 настай. Дархан хотод энх тунх амьдарч байна. Ховд аймгийн Мянгад суманд миний хамгийн том нагац ах Нямаа маань үр хүүхдүүдийн хамт амьдарч байгаа даа.

-17 жил бол багагүй хугацаа. Энэ албанд зүтгэхээр шинээр томилогдож байгаа залууст таны хэлэх зөвлөгөө их чухал байх?

-Үнэхээр 17 жил хэсгийн төлөөлөгчийн ажил албыг хашна гэдэг амархан биш байлаа. Гэхдээ муу муухай зүйлээсээ илүүтэй надад сайн сайхан зүйлийг их авчирсан даа. Тийм болохоор би хэсгийн төлөөлөгч гэдэг ажил, албан тушаалдаа үнэхээр дуртай. Хүмүүс намайг чи хөдөө сумандаа зэвэрлээ, одоо төв бараадах болоогүй юу гээд их асуудаг. Би цаг нь болохоор өөр ажилд очих байх гэж бодож явдаг. Сүүлийн үед шинэ залуу хэсгийн төлөөлөгчөөр томилогдож ажиллаж байгаа залуучууд, дүү нар маань хамгийн их алдаж байгаа зүйл нь хөнгөн хийсвэр байдлаасаа болдог юм шиг санагдсан. Тэвчээргүй, шантрамтгай байна. Тийм болохоор шинэ ажил албаа хашиж байгаа дүү нартаа хандаж ажлыг шантралгүй, ул суурьтай хийх нь чухал шүү гэж хэлье дээ.

-Таны ажил алба, амьдралдаа баримталдаг зарчим, хэлэх дуртай үг юу вэ?

-Би зөв л бодолтой, зөв үйлдэлтэй явахыг хичээдэг. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг үгийг хэлэх дуртай. Энэ дашрамд, хурандаа А.Энхбат даргатай Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын хамт олон, мөн дэд хурандаа Б.Ганхуяг даргатай Мандал суман дахь сум дундын цагдаагийн хэлтсийн эрүүгийн цагдаагийн хэсгийн хамт олондоо тусалж дэмжиж явдагт баярлалаа, та бүхэндээ эрүүгийн цагдаагийн албаны түүхт 85 жилийн ойн баярын мэнд хүргэе. Мөн эрүүгийн албанд ажиллаж байсан үе, үеийн ажилтан алба хаагчдадаа бүгдэнд нь эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

О.ДАШ

Categories
мэдээ цаг-үе

Наадмаар усанд осолдож амиа алдах тохиолдол буурахгүй байна гэв

Үндэсний баяр наадам өргөн дэлгэр боллоо. Одоо ч олон түмэн нутаг усаараа хэсч, баярлан цэнгэж, амарч зугаалсаар байна. Гэвч наадмын өдрүүдэд гамшиг ослын улмаас олон зуун хүн эрүүл мэндээрээ хохирч, мөн амь насаа алдсан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Онцгой байдлын байгууллага энэ сарын 11-16-нд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажилласан байна. Энэ хугацаанд төв болон орон нутгийн албад аюулт үзэгдэл, ослын 34, обьектын гал түймрийн 18, ой хээрийн түймрийн долоо, нийт 59 удаагийн дуудлагаар ажиллаж 28 иргэнд тусламж үйлчилгээ үзүүлж, аюулгүй байдлыг хангажээ. Наадмын өдрүүдэд иргэд голын эрэг дагуу амарч, зугаалж яваад голын усанд осолдож, амь насаа алдах тохиолдол нэмэгдэх хандлагатай байна гэж албаныхан мэдээлэв. Энэ өдрүүдэд нийслэлийн зургаан дүүрэг, долоон аймаг, суманд усны ослын 13 тохиолдол бүртгэгдэж, 14 хүн амь насаа алдсан байна. Үүний гурав нь хүүхэд байжээ. Гол усны осол ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байгааг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулсан.

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай бороо орно. Борооны өмнө зарим газраар салхи түр зуур 14-16 м/с хүрч ширүүснэ. Маргааш ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20, өдөртөө 26-31, бусад нутгаар шөнөдөө 12-17, өдөртөө 21-26 градус дулаан байх төлөвтэй байна.

Түүнчлэн, бороо хур элбэг ч зарим нутагт хэт халсны улмаас түймэр гарч байгааг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа. Одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн хэд хэдэн суманд түймэр дэгдэж байна.

ЖИЛДЭЭ 110-120 ХҮН УСАНД ОСОЛДОЖ БАЙНА

ОБЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Зун амралт зугаалгын цагаар онцгой байдлын албанд ирж байгаа дуудлагын хэдэн хувь нь үер, усны осолтой холбоотой байна вэ?

-Ер нь зуны улиралд онцгой байдлын албанд иргэдээс ирдэг дуудлагын 90 орчим хувь нь үер усны аюул, усны осолтой холбоотой байдаг. Энэ жил ч мөн адил байна. Жилдээ 110-120 хүн усанд осолддог. Он гарсаар энэ сарын 16-ны байдлаар 13 аймгийн 27 сум, нийслэлийн таван дүүрэгт нийт 64 удаагийн усны осол гарсан. Нийт 55 хүн усанд осолдож, амь насаа алдаад байна. Үүний найм нь хүүхэд байсан. Зуны улиралд үер усны аюул маш их гардаг тул Онцгой байдлын албанаас албаны өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажилладаг. Энэ хүрээнд гол усанд осолдохоос урьдчилан сэргийлэх, голын эрэг дагуу амарч байгаа хүмүүст сэрэмжлүүлэг хүргэх зэрэг ажлыг зохион байгуулж байна. Мөн нийслэлийн хэмжээнд завьт эргүүл арга хэмжээг ес дэх жилдээ зохион байгуулж байгаа. Хар усан тохойгоос Биокомбинатын гүүр хүртэл голын эрэг дагуу амарч зугаалж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ажиллаж байна. Мөн голын эрэг дагуу усанд орохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ байрлуулсан.

-Усанд осолдож амь насаа алдаж байгаа нь иргэдийн болгоомжгүй байдалтай ихэвчлэн холбогдож байна уу?

-Тийм. Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхиж байна. Голын эрэг дагуу явуулж, тоглуулдаг. Мөн зугаалж байгаа иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ сэрүүцэх зорилгоор усанд орж байна. Ингээд усанд хөл алддаг. Түүнчлэн, бага насны хүүхэд хийлдэг завь, гудастай усанд орох нь нэмэгдсэн. Гэтэл энэ нь эргээсээ маш хурдан холддог. Энэ үед усанд осолдоход, аврах ажиллагаа үзүүлэхэд хэдийнэ оройтсон байдаг талаар аврагчид анхааруулж байна. Мөн томоохон голуудын хүчтэй урсгалтай эрсдэлтэй хэсэг, тохойд гар утсаараа сэлфи хийх гэж байгаад усанд унаж, амиа алдсан тохиолдол гарсан. Ном уншиж сууж байгаад эргээд харахад хүүхэд нь голд орчихсон байх жишээтэй. Энэ мэтээр иргэдийн санамсаргүй болгоомжгүй байдлаас болж хохирох тохиолдол элбэг байна.

-Гол, усанд осолдох тохиолдол хэдэн сараас буурч эхэлдэг вэ?

-Завьт эргүүлийг зургадугаар сарын 10-наас есдүгээр сарын 10 хүртэл гаргаж байна. Энэ жил усархаг аадар бороо их орлоо. Наадмын өдрүүдэд гэхэд 15 хүн гол усанд осолдсон. Үүний гурав нь бага насны хүүхэд байсан. Иймд иргэд амралт аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай байж, нэгнийгээ хаана, хэнтэй байгааг байнга бүртгэх хэрэгтэй. Мөн баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих ёстой. Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, ялангуяа, хүүхдэд янз бүрийн хийлдэг завь, гудастай усанд оруулснаар эргээсээ холддог. Энэ бүхнийг анхаарах хэрэгтэй.

-Энэ жил бороо хур элбэг орж буй ч зарим нутагт түймэр дэгдэж байгаа гэсэн. тухай тодруулахгүй юу?

-Өнгөрсөн хавар усархаг бороотой, үертэй байсан хэдий ч зарим аймагт хэт халалтын улмаас ой хээрийн түймэр гарах эрсдэл үүссэн. Он гарснаас хойш энэ сарын 16-ны байдлаар нийслэл, Булган, Баян-Өлгий, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн 43 суманд нийт 89 удаагийн ой хээрийн түймэр гарсан. Түймэрт 300 мянга гаруй талбай өртөж, 13 байшин, гурван гэр шатсан. Одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Алтанбулаг суманд зургаан түймэртэй байна. Онцгой байдлын байгууллага орон нутгийн иргэдтэй хамтраад түймрийг түргэн шуурхай унтраахаар ажиллаж байгаа. Түймэр гарсан голомт нь хүн хүч хүрэх боломжгүй, хөвд, мод ихтэй. Тиймээс машин явах бололцоогүй байна. Энэ нь түймрийг шуурхай унтраахад хүндрэл учруулж байгаа. Хэт халалтын улмаас, мөн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, ил гал түлэх, галаа бүрэн унтраалгүй явах зэргээс үүдэж ой хээрийн түймэр гарах эрсдэл учирч байгааг анхаарах нь зүйтэй.

Г.БАТЗОРИГ

Categories
мэдээ нийгэм

Гурвалжингийн гүүрний уулзварын урд талын авто замын хөдөлгөөнийг нээлээ

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын Улаанбаатар хотын дулаан хангамжийн 11 г, д магистраль ф800 мм-ийн голчтой шугамыг ф1,000 мм-ийн голчтой болгон өргөтгөх барилга угсралтын ажлыг хийх гэж буй.

Үүнтэй холбогдуулан долоодугаар сарын 13-ны өдрийн 05:00 цагаас долоодугаар сарын 16-ны өдрийг дуустал Баянгол дүүргийн дөрөв, 4, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гурвалжингийн гүүрний уулзварын урд талын авто замын хөдөлгөөнийг хаагаад байсан.

Тэгвэл өнөөдөр зам засварын ажил дуусч товлосон хугацааны дагуу Гурвалжингийн гүүрний уулзварын урд талын авто замын хөдөлгөөн нээгдсэн байна. Тиймд жолооч та бүхэн тухайн замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байна.